Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан билээ. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллажээ. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажилласан.

Энэ хугацаанд татвараа төлөөгүй авто тээврийн хэрэгсэл бүхий жолооч нарт Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон байна.

Categories
мэдээ нийгэм

1-6 насны хүүхдүүдэд зориулсан шинэ тоглоомууд угсарчээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк жил бүрийн энэ өдөр ачааллаа дийлэхгүй болдог. Эцэг эхчүүд бяцхан үрсээ тоглуулах гээд хүүхдийн паркад дугаарлан зогсож, өдрийн талыг барах нь энүүхэнд. Үүнийг дагаад паркийн тоглоом үнэтэй байна, ажилтнууд нь хурдан шуурхай үйлчлэхгүй байна гэх гомдол гардаг.

Тэгвэл ямартай ч энэ жилийн хүүхдийн баяраар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын үнэ нэмэгдээгүй ажээ. Тус компани сүүлийн таван жил үнээ нэмээгүй гэдгийг ч ажилтнууд нь хэлж байсан. Зургадугаар сарын 1-ний өдөр дугаарлан зогсохгүйн тулд өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдээ паркад тоглуулж, нэг хүслийг нь биелүүллээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөрөө эхлүүлжээ.

Тавдугаар сарын 29-нөөс энэ сарын 4-нийг дуустал багачуудад зориулсан жүжиг, үзүүлбэр, шоу тоглолт болох юм байна. Түүнчлэн 1-6 настай хүүхдэд зориулсан хүслийн галт тэрэг, нархан, жаргалтай бамбарууш, тулаант машин, хурдны машин, 12 жил зэрэг тоглоомыг шинээр суурилуулаад буй аж. Эдгээр тоглоом нь морин тойруулга, мөргөлддөг машиныг бодвол бага насны хүүхдүүдэд ганцаараа тоглох боломжийг бүрдүүлж өгчээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Манайхан хүүхдийн баяр хэмээн нэрлэж заншсан энэ өдөр уг баярыг дүүрэгт бүрт зохион байгуулахаар болсон. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар нь Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк байдаг. Тиймээс хүүхдийн паркийн тоглоомын үнийг хүргэж байна.

Тухайлбал,

-Саран савлуур 5000 төгрөг

-Дельфин 5000 төгрөг

-Агаарын дугуй 5000 төгрөг

-Аймшгийн байшин 5000 төгрөг

-Мөргөлддөг машин 5000 төгрөг

-Галзуу хулгана 6000 төгрөг

-Мэлхий үсрэлт 5000 төгрөг

-Морин тойруулга 5000 төгрөг

-Гинж 5000 төгрөг

-Алсын харагч 5000 төгрөг

-Динозавр 5000 төгрөг

-Тойрог зам 6000 төгрөг

-Сансрын хөлөг 5000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Эдгээрээс гадна багцын хөнгөлөлт буй аж. Өөрөөр хэлбэл, 10-25 мянган төгрөгийн багц авсан тохиолдолд 3-10 тоглоом тоглох боломжтой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ

Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлье.

Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 2.2 тэрбум гаруй хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө хүн бүхэн “За” гэж хэлэхийн тулд энэхүү өдрийг манай улс 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ жил Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 25 жилийн ой, Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тус тус тохиож байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын төр, засгаас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол эзэмшүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж, хүүхэд бүр нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж ирлээ.

Монгол Улсын Их Хурал 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж байсан бол өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хуралд өргөн баригдсан “Хүүхдийн эрхийн тухай” болон “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн орчин эрчимтэй өөрчлөгдөж байгаа нь цаашид нийгмийн бүх суурь тусламж, үйлчилгээг хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй хүргэх, хүүхэд багачуудын үндсэн эрхийг хүндэтгэж, бүх хүрээнд бүрэн дүүрэн хангахын төлөө бодлоготой, эрч хүчтэй ажиллахыг шаардаж байна.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хүүхэд бүр элэг бүтэн, энх тунх, аз жаргалтай амьдарч, эрдэм боловсролтой сайн хүн болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

МХЕГ сэрэмжлүүлэг хүргүүлэв

Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг иргэд Та бүхэнд анхааруулж байна. Үүнд:

-Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх

-Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх

-Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал муудсан

-Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн

-Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал

-Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт, үнэртэй байх ёстойг анхаарах

-Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах

-Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторид аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх

-Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундаа худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэх, тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундаа худалдан авч хэрэглэхгүй байх

-Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүр дэх хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх

-Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

-Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн бол худалдаж авахгүй байх

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол, хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чухал алхам юм.

Categories
мэдээ нийгэм

1000 хүүхдийг баярлуулав

belegҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан “Монгол ээжийн баяр” урлаг соёлын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр зохион байгуулав. Мөн ээжүүд болон хүүхэд багачуудын дунд хөгжилтэй тэмцээн уралдааныг зохиолоо.

Энэ арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009”-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар “Miss Wold Mongolia 2014”-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг нар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Сумынхаа эмээ, өвөөд аргал түүж өгсөн жаалууд

Хархорин сумын “Орхон” цогцолборын тавдугаар ангийнхан аргал түүх үедээ Үүрээ багшаараа энэ зургийг авахуулжээ. Саяхны нэг нартай өдөр хүүхдүүд сумынхаа хөгшчүүлд аргал дөхүүлж өгсөн гэнэ. Х.Үүрцайх багш “Тавын гурван бүлэг аргал түүх гэж уулын хяраар ёстой нэг явж өгсөн дөө. Гучаад шуудай аргал түүчихээд Дондог өвөө, Нямаа эмээгийнд очино гэж шуугилдаад жигтэйхэн юм болсон. Хүүхдүүдийнхээ айхавтрыг тэр үед илүү мэдэрсэн шүү. Аргал дөхүүлээд өгчих хүнгүй, ядарсан хөгшчүүлийг үнэхээр нарийн судалж олсон байсан. Сумын төвөөс өчнөөн зайтай айлыг хүртэл судалж мэдээд очиж тусалсанд нь сэтгэл хөдөлсөн гэж. Нэг эмээ бүр дэлгүүр рүү гүйж, ууттай чихэр тараагаад хөл газар хүрэхгүй баярласан. Чихэр нь дутчихсан чинь эмээ сандраад бөөн юм болсон. Хүүхэд их хөөрхөн. Буцаад дэлгүүр рүү гүйхэд нь чихрээ авах гэж хүлээгээд зогсоод байгаа юм даа” гэж хэлээд хөгжилтэй инээв. Х.Үүрцайх багш “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн нийгмийн ажилтан, номын санч, “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийн гол зохицуулагч гээд өчнөөн албатай. “Ес зүйт хүүхдийн есөн дадал”-ыг 5-8 дугаар ангийн сурагчдад хэрэгжүүлсэн чинь итгэмээргүй олон өөрчлөлт гарсан гэнэ. Тэр өөрчлөлтийн нэг нь саяны явдал. Өмнө нь эмээ, өвөөдөө ус дөхүүлэхээс залхуурч тоглоом хөөдөг байсан тавдугаар ангийн багачууд сумынхаа хөгшчүүлд тусалдаг болтлоо өөрчлөгджээ. Эдний сургуульд мэндэлдэггүй хүүхэд байхгүй гэнэ. Зарим нь бүр мэндэлснийх нь хариуд дуугараагүй багш нараа захиралдаа хэлж байгаад мэндтэй устай болгосон гэж байгаа. Эхэндээ мэндлүүлж сургах гэж жүжиг тавихаас наагуур юм болж. Бие биеэсээ ичиж зугатаагаад, мэнд мэдэхдээ амаа дарж, инээдээ барьж ядаад хөгтэй агшнууд өчнөөн гэнэ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор ёс зүйн загвар сургууль, аймгийн тэргүүний,улсын шилдэг гээд олон тодотголтой юм билээ. Хэрэгжүүлж байгаа “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг нь саяхнаасбусад сумынх нь сургуулиуд сонирхоод эхэлчихэж. Сурагчдынх нь сурлагаэрс сайжирсан учраас сонирхсон хэрэг. “Орхон” цогцолборынхон олимпиадад өмнөх жилээсээ амжилттай оролцсон, бага ангийнхан нь үг үсгийн алдаагүй жирийлгэдэг болцгоосон, өмнө нь эзгүй дүнсийдэг номын сангийн танхимөдөржин хүүхдээр дүүрэн өнжих болсон гээд өчнөөн гоё жишээг Үүрээ багшаас сонслоо. “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагаас ивээн тэтгэж сумын хэмжээнд хэрэгжүүлжээ. Энэ жил хэрэгжиж дуусах гэнэ. “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн О.Туяа “Манайхыг байгууллага гэхээр нэг их том газар гэж ойлгож магадгүй. Гэр бүлийн хүрээнд л ажиллуулдаг. Манай хүн байгууллагынхаа тэргүүн нь. Гол ажлаа нугалдаг хүн нь би. Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн бид найзууд. Найзын маань дэмжлэг их шүү. Сэтгэлийнхээ дуудлагаар эхлүүлсэн ажил байгаа юм. Эдийн засаг талаасаа тухайн үедээ мөнгө гараад өнгөрнө. Үүнээс илүү кайфыг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээсээ авдаг. Хүүхдэд нэг төрсөн тод мэдрэмж насан туршид нь хадгалагдаж үлддэг.Хархорины 300 хүүхдийн ядаж 30 нь ёс зүйн хувьд мундаг төлөвшинө гэж бодохоор сайхан санагддаг” гэж бодлоо хуваалцав. Гэр бүлийнхээ орлогоос илүүчилж хэрэгжүүлдэг хөтөлбөр нь “Орхон” цогцолборын дунд ангид бүрэн утгаараа хэрэгжжээ. Нийслэлийн зарим сургуулиас тодорхой ангиуд сонгон авч хэрэгжүүлдэг юм билээ.

“Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөр их энгийн юм. Зөв хувцаслалт, зөв хооллолт, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх, хүндлэх, талархах, уучлах, ширүүн үг хэлэхгүй, худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн дадлуудыг жагсаасан өнгөтэй хүснэгт хүүхэд бүрд тараагаад өгчихдөг юм байна. Ард нь тус бүрд нь хүснэгтэлсэн долоо хоногийн гаригуудтай. Зөв хувцасласан өдрөө “би чадсан” гэсэн бичигтэй ногоон смайл наана. Арай амжаагүй бол шар өнгийн“би хичээсэн”, зөв хувцаслаагүй бол улаан өнгийн “би оролдсон” гэсэн бичигтэй смайлууд наана. Хүүхдүүд долоо хоногийн турш өөрийгөө үнэлсэн смайлуудыг наах даалгавартай. Хүснэгтний хамгийн сүүлийн нүдэнд аав, ээж нь хүүхдээ үнэлнэ. Аав, ээжүүдэд ийм даалгавар өгчихөөр өмнө нь хүүхдээ анхаардаггүй байсан томчуудын идэвх ч сэргээд ирсэн гэнэ. Тавын “б”-гийнхний өөрсдийгөө үнэлсэн хүснэгтийг сонирхлоо. “Би оролдсон”, “Би хичээсэн” гэсэн смайлууд өчнөөн. “Би чадсан” гэсэн смайл ч цөөнгүй харагдав. “Хүүхдүүд ийм үнэнч. Эхний долоо хоногуудын хүснэгтийг хар даа. Улаан, шар, ногоон өнгө алагласан байгаа биз. Дараа, дараагийн долоо хоногоос ногоон нь ихэссэн байгаа” хэмээн Х.Үүрцайх багш ярилаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлсэнд нь багш нар аав ээжүүд их олзуурхаж байгаа гэнэ.

Тавын “б”-гийн М.Сувдаа охин хажуугийнхаа дэлгүүрийн бухимдангуй харилцдаг худалдагчид эхэндээ их дургүй байж. Хөтөлбөр хэрэгжих явцад ууртай эгчийг ойлгож харилцдаг болжээ. “Би тэр эгчтэй уучилж харилцдаг болсон. Тийм ачаалалтай ажилладаг юм чинь уурлахаас яахав дээ” гэж хэвлүүхэн гэгч нь ярьсныг Үүрээ багш өхөөрдөн ярина лээ. Сувдаагийн ангийн С.Зундуй-Ёндон “Би өмнө нь мэндэлж хүндэлдэггүй, малгайгаа авдаггүй их дэггүй байсан. Одоо зүгээр. Би өмнө нь бусадтай ярьж байхдаа их харааж зүхдэг байсан. Одоо бол тэгж аймаар хараадаг байдлаасаа арай дээрдсэн “ гэж ирээд сэтгэгдлээ бичээд явуулчихаж. Тавын “б”-гийн Б.Номин-Эрдэнэ “Би өмнө нь дүрэмт хувцас өмсөх дургүй, эрээн мяраан хувцас өмсдөг байсан. Харин одоо дүрэмт хувцсаа өмсдөг сурагч болсон” гэж ирээд өчнөөн урт сэтгэгдэл бичжээ. Г.Жавзанпагма охин “Би өмнө нь чипс, хийжүүлсэн ундаа зэргийг их иддэг байсан. Одоо бол эд нарыг идье ч гэж боддоггүй” гэжээ. Ер нь хүүхэд бүр л хийжүүлсэнундаа, бэлэн гоймон, чимпс идэхээ больсон гэж бичсэн байна лээ. Нэг хүү бүр “Өглөө хичээлд явахад аав, ээж босохоосоо залхуураад идэх юм хийж өгдөггүй. Юм идэхгүй гарч болохгүй гэдгийг ойлгосон болохоор буцалсан ус уугаад хичээлдээ явдаг” гэж бичсэн харагдав.

“Ес зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөр хэрэгжсэн нь сургуулийн нийгмийн ажилтны ажлыг хөнгөвчилсөн гэнэ. Өмнө нь хүүхдүүдийг болохгүй юм хийх бүрд нь өрөөндөө авчирч шүүгч маягаар ажилладаг байсан нийгмийн ажилтан одоо тэгэхээ больжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтных нь оролцоо өндөр юм билээ. “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын О.Туяа ирэх намраас нийгмийн ажилтнуудыг сургах аргаар сургуулиудад хөтөлбөрөө түгээх бодолтой байгаа гэсэн. Тэрээр “Бурханы шашин 2550 жилийн түүхтэй.Сэтгэл судлалын 2550 жилийн түүхтэй шашин. Та өөрөө өөрийнхөө аврал, хүний дотоод сэтгэлээс бүх юм шалтгаална ч гэдэг юм уу, үзэл онол зөв бодлоор төлөвшдөг, буруу үзэл төлөвшвөл үйлдэл буруу болно гэх мэт сэтгэл судлалын асар том үзэл баримтлал байгаа юм. Дан ганц шашин гэдэг талаас биш ухаанаас нь санаа авч хялбаршуулаад нийгмийн ажилтнуудад ойлгуулъя гэж бодож байгаа. Бясалгал гэхэд л асар их ач холбогдолтой. Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал оюун ухааныг амраадаг гэж шинжлэх ухаан нотолчихсон” хэмээн ярилаа. Хархорины сурагчид хичээлийнхээ үеэр анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал хийдэг аж. Тогтож өгөхгүй гүйж харайдаг хүүхдүүдэд хүртэл өөрчлөлт гарч байгаа гэнэ.

О.Туяа “Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал бол бясалгалын анхан шат. Уураг тархи өдөр, шөнөгүй ажилладаг. Унтсан ч оюун ухаан амардаггүй. Зөвхөн амьсгал дээр нь төвлөрүүлчихээр ямар ч бодол төрөхгүй, уураг тархи амардаг. Ийм дасгал хийгээд эхэлсэн хүүхдүүд өмнө нь анзаардаггүй байснаа анзаардаг болдог. Тусалъя гэж огт боддоггүй байсан нь тусалъя гэж бодож эхэлдэг” гэж ярилаа.“Орхон” цогцолборын Энхтуяа захирал сургуулийнхаа олон нийтийн арга хэмжээний үеэр сурагчидтайгаа хамт анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал хийдэг гэсэн. Энэ хөтөлбөрийг онцгойлж дэмждэг хүмүүсийн нэг аж.

О.Туяа санаачилж хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө өгөөжийг “Дээрэнгүй хандаж, хүнтэй мэндэлдэггүй, уучилж чадахгүй бол хэн ччамайг хүндэлж харилцахгүй гэхээр сайхан харилцах ёстой юм байна гэсэн бодол хүүхдэд төрдөг. Сайхан харилцаатай, бие чинь эрүүл байлаа ч мэдлэггүй бол юм хийж бүтээж чадахгүй гэдгийг тайлбарлаадөгчихөөр бие, хэл, сэтгэл гурав хүнийг бүрдүүлдэг цогц зүйл гэдгийг хүүхэд ойлгодог. Энэ талаас нь хялбарханаар хэлж өгсөн нь манай хөтөлбөрийн давуу тал” гэж энгийнээр тайлбарласан. Үүрцайх багштай өдрийн хугас яриа өрнүүлэхэд байсгээд л “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг сургуулийнхаа бусад сургуулиудад түгээх “брэнд” хэмээн онцолж байлаа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ нийгэм

Хамгийн олон хүүхэдтэй хороо “Эх үрсийн баяр”-аа тэмдэглэлээ

huuhedӨнгөрсөн сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо “Эх үрсийн баяр”-аа тэмдэглэв. Тус дүүргийн 1-р хорооны хувьд 10 мянга гаруй иргэдтэйгээс 2000 орчим нь хүүхэд тул дүүргийнхээ хамгийн олон хүүхэдтэй хороонд тооцогддог байна.

Энэ арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг, ХУД-ийн удирдлагууд, Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг дарга Б.Болд оролцож хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Хүүхэд, багачууддаа зориулан циркийн үзүүлбэр, 52-р сургууль, 53, 67-р цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд, багачуудын урлагийн тоглолт, амьд хөгжмийн хамтлаг, дуучид, дугуй, ролькны үзүүлбэр, хөгжөөнт хөлбөмбөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан байна

Мөн сагсан бөмбөг, гүйлт, дугуй, ролькны уралдаан, цардмал замын зураг, Олон улсын шатрын холбооны их мастер Ч.Хүрэлбаатар 20 хүүхэдтэй зэрэг тоглох шатрын тэмцээн, түргэн идэлт, АХА зэрэг тэмцээн, уралдаанд бяцхан тамирчдынхаа авхаалж самбаа хурд хүчийг сорьжээ.

huuhed

Categories
мэдээ цаг-үе

Амралтын олз

Гуравдугаар улирлын амралт эхэлж хөдөө гэртээ хариад хийх ажил ч үгүй, хэдэн гэрийн хооронд гүйгээд л, амттай шимттэй юм олж үмхээд л, ер нь нилээн хүндлэгдсэн амьтан хэд хонолоо. Нэг өглөө их гэрт, эмээ ээжтэйгээ энэ тэрийг ярьсан шиг хэвлүүтэн байтал шонгийн тэнд “Дамираан чи хаана байна аа” гэх чимээ гарав. Аавын дууг сонссон би дороосоо юм хатгуулсан мэт огло үсрэн бослоо. Аав морио эмээллэчихсэн юманд явах гэж байгаа шинжтэй харагдана. Шогшоод очтол аав,

-Би адуунд явлаа. Хоёр гурав хоног бараагий нь харсангүй. Юу болж байдаг юм бол. Тэнгэрийн янз ч олиггүй болох нь. Чи гэр сахинаа. Тэр хул үрээгээрээ мордоорой. Хамгийн гол нь үхэр… Хоёр ч тумай гунж тугаллах дөхчихсөн байгаа. Сарман гунж бол өнөө маргаашгүй болж билээ. Түүний эх нь шилэрдэг гэмтэй юм. Үр нь дуурайсан байхаа ядахгүй. Чи түүнээс битгий нүд салгаарай. Хэрэв чи түүнийг шилэргэчихвэл шууд л зуслангаад очоорой. Тэнд буханд гарсан юм. Тийшээ л явна… Мэдэв үү гэснээ үгийн хариу сонсолгүй нэг муухай харчихаад эргээд явчихлаа.

Би дуугүй л хойноос нь хараад зогсож байтал аав мордоод явснаа эргэж хараад “Юугаа хийгээд эргүүтээд байгаа юм бэ. Үхэр рүүгээ мордооч” гэж ташуураа занган хашгираад хойт толгой дээгүүр даваад явчихав. Би ч айсандаа, гэрт ч буцаж оролгүй, үхэр рүү явав. Үхэр маань тэрүүхэн булан дэрсэнд харагдана. Олонх нь хэвтэж байна. Аавын захиснаар нөгөө гунжийг нь харвал, хэвтэж байснаа намайг үзмэгц босон харайгаад сармайтал харж байна. Би морио тушчихаад, бөөн дэрсний нөмөрт суугаад тамхиа татаж эхлэв. Би л томчуулын маягаар хэлж байгаа болохоос өнөөх нь жинхэнэ тамхи биш, туулайн баас юм. Нагац ах өхөөрдөөд пийсүү ногоон соруултай жижигхэн ганс бэлдээд, эгч хоргойны өөдсөөр хавтага оёод өгчихсөн болохоор туулайн баас татахдаа би томчуулаас дутуугүй гэж л бодно. Харин ааваас тас нууж, үхтлээ айна. Ээж аль цагийн мэдээд аавд хэлснийг нь би мэдэхгүй л айгаад байсан юм билээ. Аав намайг сургуульд орохын урьд жил нэг өдөр худаг дээр хонь усалж байснаа “Аав нь гансаа гэрт орхичихож. Алий миний хүү ганс тамхиа өгөөч” гэж пал хийтэл асууж билээ. Би ухаан алдталаа айгаад “Бай… байх… гүй” гэсэнд, аав “За битгий золиг оргиод бай. Ламсүрэн та хоёр хуйвалдаад туулайн баас татдагийг чинь аль цагийн мэднэ. Аав нь багадаа татаж байсаан. Айхтар ходоодоор дамжчихсан, угаасаа өвсний үндэс юм болоод биед зүв зүгээр юм билээ. Харин би цэрэгт очоод туулайн баас олж чадахгүй, улаан тамхинд орж буруудсан. Харин миний хүү тамхи битгий татаарай, шал дэмий шүү. За алий тамхиа” гээд гараа сарвайв. Би хулчганасаар гансаа гаргаж өгвөл аав, энэ чинь тамхи татсан болохгүй л дээ гэж голсоор авч билээ.

Энэ бүхнийг бодоод туулайн баас татаж хөлсөө гаргаж суухдаа, хааяа нэг нөгөө гунжийг харна. Нэг харахад босчихсон байснаа, төдхөн хэвтчихсэн байна. Тэгснээ босоод дэрсний сор хэл ороон сөрмөж байснаа дорхноо хэвтсэн байна. Тэр л босож, хэвтэж байхаас бусад үхэр налайтал хэвтээд тавтайяа хивж байхыг харахад дэрсний нөмөрт жаахан унтмаар санагдана. Сайхан зүүрмэглэх аядаж байтал манай зүүн хар толгой дээр нэг морьтой хүн гарч ирээд, буусан ч үгүй тэрхэндээ жаахан эргэцэж байснаа, над руу ирэх янзтай наашаа чиглэн явж байгаад гэнэтхэн, манайх руу давхичихав.

Би, энэ хүний байдал ч мань Хөх л байхаа даа. Манайханд буучихаад, намайг үхэр дээр яваа гэхээр хүрээд ирэх байх. Эндээ хүлээж л байя гэж бодсон хэр нь очмоор хорхой хүрээд болдоггүй. Сарман гунж руу нэг харлаа. Хээвнэг, хивээд л хэвтэж байна. Харьчихаад ирэх хооронд энэ муу хаачаа л гэж бодоод гэр рүүгээ давхичихлаа. Гэрийнхээ урд толгой дээр гараад очвол, мань Хөх мордох гээд шонгоос морио тайлж байснаа, намайг хараад болив бололтой, нэг харахнаа, манайхаад явж байна. Би улам яарав. Энэ Хөх гэдэг бол үеийнхнийх нь өгсөн хоч. Нэр нь Дашдэндэв гэдэг, надаас гурав дөрвөн насаар ах. Багийн даргын дүү эдний эмээ ээжийн хуурай хүү учраас түүний тусаар сургуульд суугаагүй юм гэж томчуул ярихыг сонссон л юм. Үнэн худлыг мэдэхгүй. Юу ч гэсэн сургуульд суугаагүй, том хүний маяг үзүүлэн тамхи татаж, тогооны нэрмэл балгаж суудагсан. Энэ мэтийг бодмоглон яарч хариад, морио хальт мөлт уясан болоод гэртээ яаран орвол мань эр, манай баруун хойморт завилан суучихсан, тамхи нэрж харагдана. Намайг харуут хэлхгэр өврөө суйлаад, даавуунд боодолтой юм гаргаж надад өгөхдөө “Ажаа, ээж хоёр өгч байна лээ. Яах гэсэн юм бол доо. Шалавхан сургуулиасаа гарч ирээд хэдэн хонио маллаг гэхгүй л байгаа юм даа” гээд тамхинд шарлачихсан хэдэн тагжгар шүдээ шазайлган хөхрөв. Би хэзээнээс айл аймаг байж дассан Цэвээн, Тогтох гэдэг хоёр эмгэн гараа гаргаж хийсэн тос даасан сайхан шар хурууднаас элтэж идээд найз хархүүгийнхээ аманд орчих шахан байтал ээж “Миний хүү, өнөөх үнээгээ мартаагүй биз” гэж сануулав. Би ч огло үсрэн босов. Мань Хөх ч “Цугтаа мордъё” гэв.

Бид хоёр энэ тэрийг ярьсаар манай үхэр байсан газар хүрч очвол бараа туруу ч алга. Би сандрахдаа “Өнөө муусайн мялан чинь алга” гэсэнд найз маань “Тэр хаачдаг юм. Урд хонхор руу л ороо биз” гэж хээвнэг хэлж байна. Давхиад урд дэл дээр гарвал, түүний хэлснээр манай үхэр харагдаж байна. Хамгийн түрүүнд сарман гунж санаанд ороод харвал алга шиг санагдав. Би мориод авиран, найзаасаа түрүүлээд үхэр дээрээ очвол нөгөө муу гунж чинь нээрэнгээсээ алга. Үхрээ хэд тойрч үзээд байдаггүй.

-Өнөөх чинь алга. Шилэрчихжээ дээ.

-Зун хаана байлаа танайх.

-Урсагын баруун дэнж дээр.

-Тэгвэл тэр чинь буханд гарсан газар руугаа явсан хэрэг. Шалавхан тийшээ явъя. Хоёул тугаллачихаас нь өмнө хөөгөөд ирье.

Ингэж хэлээд Дашдэндэв маань морио баруун тийш эргүүлэв. Би ч дагалаа. Тэнгэр нилээн янзгүй бүүдгэр саарал үүл нүүгээд хөх салхи үлээнэ. Бид хоёр Урсага руу яаран давхив. Усны зүүн толгой дээр гараад ийш тийш харвал, манайхны зуслангийн дэнж дээр ганц мал бөртийж харагдана. Дашдэндэв, надаас түрүүнд түүнийг харсан янзтай “Муу хог чинь, тэнд байна. Яасан бухсаг хог вэ. Тугаллахдаа хүртэл түүнээс анадаг байна” гээд түрүүлээд давхив. Бид яаран яаран очиход, үнээ маань тугаллачихсан, чөчийсөн хар тугал босож ядан шургачиж, эх нь нялх үрийнхээ хальсыг долоолж харагдана. Найз маань “Бадиагийн хар бух таалчихаж” гээд буун харайсаар дөхөж очвол сарман гунж улаан нүдээ эргэлдүүлэн хамраараа хуухиран дайрч шов хэврээ сүвээнд нь шигтгээд шидэхэд бэлэн байна. Найз маань “За яахав. Энэ ингэж байг. Хоёул адсага шир, эсгий навтас ч бол хайя. Уг нь морин дээр дүүрээд явчихаар юм. Чи бид хоёрын хэнийх нь ч морь дүүрүүлэхгүй. Муусайн адсага шир олж дээр нь тавиад дамжлаад, үгүй бол чирээд явахыг бодъё” гэв. Хоёул энүүгээр тэрүүгээр, хонхор хотгороор нилээд хайж байж, нэг тэмээний хатсан хөм оллоо. Өнөөхөө авчраад харвал, нөгөө муу тугал чинь чичрээд хариугүй осгох янзтай байна. Харах нь ээ нимгэн хөвөнтэй дээлтэй найз маань ч тугалаас дээрдэх юмгүй даарч холчгонож байх юм. Намайг үхэрт явахад ээж “Миний хүү хувцсаа зузаал” гээд эргэхэд нь би хавар болчихоод байхад үстэй дээл өмсгөх нь гэсэн шиг дүргүйлхэж байтал ээж минь эгчийн зузаан хүрмийг бариад гарч ирж билээ. Миний царайг харсан найз “Ээ мөн сайхан эд байна. Өмс өмс” гэж билээ. Дотроо дургүй өмссөн энэ хүрэм намайг дулаан явуулснаар барахгүй нялх тугалын аминд орох учиртай байж.

Би хөвөнтэй хүрмээ тайлаад, тугалаа хучаад, цулбуураар даруултал найз минь чирээд явав. Хоёр морио хөтлөөд би дагалаа. Харин нэг гайхалтай нь, өнөө сарман үнээ чинь, тугалыг нь юманд боогоод явахад яах ч үгүй, хааяа нэг хамраа дуугаргачихаад л, улаан нүдээ эргэлдүүлэн дагаад явж билээ.

Бид хоёр тугалаа ээлжилж, заримдаа хоёул нийлж чирсээр, одоогийн хэмжээгээр арав гаруй хилоомээтр газар яваад манай гэрийн барааг харж билээ. Нохой боргох чимээгээр эгч гарч харснаа буцаад орчихлоо. Төдөлгүй ээж эгч хоёр минь, хормойгоо өшигчин гүйсээр бид хоёрыг тосон ирэв.

Гэрт оруулсан хойно нялх тугал чичрээд байхаар нь ээж, нэрмэл архинд шар тос хийж халаагаад цутгаад өгчихөв. Тугал гэрийн хаяанд бэгцийн зогсож байснаа, дулаацсан янзтай халуун зуухнаас эхлээд, гэр доторхийг том алаг нүдээ эргэлдүүлэн хараад сулхан мөөрөв. Бодвол, “Би амьд шүү” гэж эхдээ дуулгаж байгаа бололтой.

Тугалтай цуг, шар тос нь хайлмагтсан нэрмэл уусан Дашдэндэвийн маань дуу бас наашилж “Энэ мөн ачтай сайхан идээ шүү” гэсэнд бидний бараанаар манайд цугласан айл хунарын хүүхэн чавганц нар хөхрөлдөв. Халуун зуухны хойно хонины азарган нэхий дээлэнд хучаатай хэвтэж байгаа миний ч инээд хүрч, хүмүүсийг дагаад хөхөрч байлаа. Дашдэндэв зэвүүрхсэн янзтай

-Та нар инээж хөхөрч байна. Уйлж урвайхад амархан байсан шүү. Би үнээ тугаллачихсаныг хараад айчихсан. Энэ хүйтэнд тугалыг нь осгоочихгүй юмсан гэж аргаа барсан шүү. Хэрэв энэ тугалыг осгоосон бол юу болох вэ. Энэ айлын буяныг ёстой бузарлах байсан даа… гэсэнд ээж

-За юун ч сүрхий юм гэв. Мань эр

-Хөөе та юу гэж байгаа юм. Танайх шиг үхэртээ хайртай айл энэ Хорин, Зуутын хонхорт өөр байхгүй. Айл малдаа хайртай л байдаг. Тэр дундаас танайх гойд. Танайх өвөл нэг үхэр идшинд хэрэглэдэг. Тэгсэн хэр нь өөрийнхөө зэлнээс барьдаггүй. Хэрэв өөрийн үхрээс хэрэглэх бол айлтай солих юмуу, хүнээс худалдаж авдаг. Ерөөсөө танайх үхрийнхээ зэлний дэргэд цус гаргадаггүй. Нэг удаа Сүрэн гуай “Сүргийнх нь дэргэд мал нядлах муу, мал өсдөггүй” гэж байсан. Тэр их учиртай үг гэж би бодоод л байдаг юм гэв.

-За за магтаал чинь болно. Аягүй бол амнаас ам дамжаад хар цагаан хэл ам хүрнэ, яршиг цаашаа… гэж ээжийг хэлсэнд Дашдэндэв,

-Үнэн юм чинь хичнээнхэн хэл ам хүрдэг юм бэ бурхан өршөөтүгэй гээд тооноор тэнгэр харснаа, би чинь тэмээ хураах ёстой. Орой болж байна явъя… гээд зүүн ор руу харсанд, миний өмсөж байгаад, тугал хучсан хүрэм нүдэнд нь туссанд Дуламжавынхүрэм ч өнөөдөр хүн, мал хоёрт ач тусаа үзүүллээ… гэсэнд ээж,

-ЭнэДашдэндэв чинь нүцгэн шахуу яваа юм байна шүү дээ. Тэр охины хүрмийг зад татчихнаа. Алив яваад Бадиагийнхаа шинэ хүрмийг аваад ир… гэсэнд эгч шурхийв. Төдөлгүй эгч маань, өнгийг нь утаж борлуулаад, шар өнгийн зосоор ланз хээ тавьчихсан нэхий хүрэм бариад орж иртэл, ээж “Дашдэндэвт өг” гэв. Мань эр, өөртөө жаахан элбэгдсэн хүрмийг хэдэрч үзсэнээ,

-Энэ буян үүний чинь хүчинд хэдэн тэмээгээ олж аваад харья… гээд өндөлзсөнд эмээ ээж,

-Тэгж үз хүү минь, оройтчихно шүү. Мэдээтэй яваарай гэж захив.

Мань хүн, над руу нэг хяламхийснээ “За баяртай. Сургуульдаа сайн яваарай” гэчихээд гарав.

Би нэхий дээлээр хучаатай унтаж байснаа, духан дээр хүйтэн гар хүрэхэд нь сэрлээ. Аав, миний толгойг дарж үзээд “Энэ мааньдаарчихаа юу” гэсэнд ээж “Өнөө сарман гунж чинь хөдөө тугаллачихаад, ашгүй муу Хөх таарч авчиралцаад” гэхчилэн товчхон хэлэв. Аав орж ирээд анзаараагүй байсан юм байлгүй. Баруун урд хаяанд хэвтэж байгаа тугал хараад ухасхийн босож хоншоор, магнайг нь ханцуйгаараа зөөлхөн илсэнээ, сүүлийг нь сөхөж хараад “Манайүхэр өсөх нь ээ” гээд инээснээ, над руу ирж, дахин толгойг минь дарж үзээд “Энэ маань салхи авчихаа шив дээ. Халуурч байна. Алив жаахан архи халаагаатах. Ороолт хийхээс” гэж ээжид хэлээд миний бүх биеийг барьж, дарж илж үзээд,

-Энэ маань, хоёр гурван жил сууринд сууж, халуун байранд пэгнэж байгаад бүр хүүршчихээ шив дээ. Уг нь ч Урсгын хойт дэнж дээр хөл нүцгэн таваргаж өссөн л хүүхэд юмсан. За одоо яая гэхэв. Ийм болох цаг нь ирсэн юм байгаа биз… гэтэл ээж “Энэ болох уу?” гээд шанагатай халаасан архиа өмнө нь барив. Аав хуруугаа дүрж үзээд “Болноо. Хар даавуу аваад ир” гэв. Ээж төө илүүхэн өргөн, хоёр тохой хэрийн урт байх гэмээр хар далимба аваад ирэв. Аав архинд даалимбыг дүрж нэвтлээд, халуун чигээр нь миний цээжийг ороогоод “Эгчийнхээ орон дээр цаагуур нь унт” гэв.

Нойрон дунд эгч “Битгий тийчлээд байгаач” гээд хэд сүрхий ёворсныг л муухан мэдэж билээ. Их хөлөрсөн хэрэг. Нэг мэдэхнээ, өглөө болчихсон, үхэр тугал мөөрөлдөж, хүүхэн чавганц нар, хүүе хайя болж байв. Хуучин шигээ босон харайгаад л нүцгэн гадаа гарах гэсэнд “Юм нөмрөхгүй юү” гэж аав зандрав. Айхдаа, би унинд хатаах гээд өлгөсөн дээл байх шиг болохоор нь шүүрч авч нөмрөөд гарч шээж байвал ээж минь, сарман гунжийг саагаад тугалыг нь тавьж өгч байгаа харагдана. Хар тугал сүүлээ моодгонуулан халуун сүүгээ хөхөж байхад эх нь над руу хараад эвшээж байна. Мал эвшээхэд монгол хүн бэлгэшээдэг л юм чинь, би ч бас энэ амьтан, алаг үрээс минь салгаж амьдын хагацал болгосонгүй гэж бидэнд баярлаж байгаа ч юм бил үү гэж бодлоо. Гэрт орж ирсэнд аав мушилзаад “Энэ чинь нойрмоглоод хээгээ алдах нь ээ. Тэнд өлгөөтэй байсан муу таар нөмөрчихсөнийг нь хараач” гэснээ хуруу даран нэг юм тоолж эхлэв. Тэгж байснаа “Юу вэ энэ чинь. Миний хүү чинь хоёрхон хоноод явах нь байна шүү дээ. Цөөхөн хоног гэртээ байсан ч гэсэн миний хүү, тугалын гарзгүй амарлаа. Энэ ч миний хүүгийн амралтын олз мөөн”… гэтэл ээж тэндээс “Чи бидхүүгээ юугаар гийгүүлэв дээ” гээд инээсэнд аав “Арав хоног ч гэсэн сургуулийн дотуур байранд тэмээний булуу мэрүүлээгүйдээ” гээд, айхтар үг хэлж мадаллаа гэсэн янзтай нүдээ ирмэсэнд ээж,

-Энэ ямар тэнд ганцаараа байгаа биш.Олон аавын хүүхэд тэндбулуугаа хэмэлнэ үү, боорцогоо иднэ үү, хамаа байхав даа гээд аавыг хэлэх үггүй болгов. Аав тамхиа нэрж сууснаа “За байз, энэ хоёр хүүхдэд чинь ямар морь унуулдаг юм билээ” гэсэнд тэндээс эгч “Хөнгөн хөлтэй л юм унана. Бөөн сүүлт хээр энэ тэрийг унахгүй, олны газар хашин морьтой явахад ичмээр байдаг юм” гэж тэрхэндээ намжирдав. Аав охиноо нэг хяламхийснээ, охиныгоо энэ хооронд явгалчихгүй юм унуулнаа гэж аргадсан өнгөөр хэлэв.

Би гэгч хөөрцөг амьтан, сургуульдаа явна гээд хэдэн гэрийн дундхарайлгаж байтал явах өглөө болов. Аав зулбан зээрдийг, наадамд уядаг хүрэн морины хамт авчраад эмээллэчихсэн байна. Эгч маань, хэрдээ л гоёж гоодож байгаа бололтой, үс гэзгээ угааж самнаад л, үнэртэн цацаад л байна. Ээж, үсийг нь самнаж суухдаа ам нь хөдлөөд л байна. Бодвол, сумын төвд очоод биеэ яаж авч явахыг захиж байгаа биз гэж бодогдоно. Надад л олон таван юм хэлж үглэхгүй нь шиг байна. Ам лангайвал үглэж яншдаг юм чинь энэ удаа нэг өнжихөөр дөө гэсэн шиг бодож байтал нохой боргож хоёр талаас морьтой хүн ирж явна гэж гадаа хүмүүс ярих сонсогдоно. Би дотроо ашгүй, ингээд л мордоод явчихъя гэж бодож байлаа. Тэгтэл нэг танихгүй хүн ороод ирэв. Түүнийг аяганы амсар зуугаагүй байтал зүүн хотны нэг хүн орж ирэв. Хол ойрын хоёр эрэлчин мал сураглаж яваа бололтой. Аавыг эдэнтэй ярих хооронд гараад явчихъя гэж бодож байтал аав гаръя гэж над руу нүд ирмэв. Аав босох зуураа ирсэн хүмүүст “Та нар цай цүү ууж бай. Манай хоёр хүүхэд юманд явж байгаа юм. Би гаргаж өгчихөөд ирье” гэв. Аавыг түрүүлээд алхаж байхад нь би, сайн яваарай гээд хацар дээр үнсэхээс хэтрэхгүй нь дээ гэсэн шиг бодож явлаа. Аав шон дээрээс миний морийг хөтөлж ирээд

-За миний хүү номоо сайн үзээрэй. Тэгээд алив юман дээр үеийнхнээсээ илүү гардаггүй юмаа гэхэд, дутдаггүй юм шүү гээд баруун хацрыг минь үнсээд зүүн хацрыг нь ирэхээр нь үнсэнээ гэнгүүт морины цулбуурыг атгуулчихаад гэр рүүгээ алхав. Ээж минь нэг гартаа шанагатай сүү барьчихсан, охиноо дагуулчихсан өөдөөс нь гараад ирэв. Эгч нялуун зантай юм чинь гүйж очоод ааваар үнсүүлж л харагдана. Би ээжийгээ хүрээд ирэхээр нэг муу алиалахчаа болж “Ээж минь та, хүний, өөрийн яасан олон амьтны хойноос сүү өргөж байнаа” гэсэнд ээж инээмсэглээд,

-Миний өргөсөн цай, сүүний дээж хүүгийн минь өмнө цагаан зам татуулдаг л гэж боддог шүү. Алив нааш ир, үнсье гээд ханцуйгаараа амаа арчаад дөхөв. Би ч яахав, ээждээ хааяа хэгжүүрхэвч хэрэг дээрээ эрх хурга л юм чинь ухасхийгээд л элгэнд нь шигдэв. Ээж минь “Сайн яваад, сайн эргээд ирээрэй” гээд бидний явах зүгт дээжээ өргөж л байна. Намайг ээжид хоргодоод байхаар эгч “Хөөе явъя” гэж яарууллаа. Миний зэвүү хүрсэн шиг, энэ сум руу их яардаг юм шүү дээ. Суман дээр яаж явахыг нь ээж сайн захисан л байгаадаа гэсэн шиг бодогдоно. Тэгтэл ээж над руу хараад “За миний хүү аавынхаа захисныг хичээж яваарай” гэж сануулаад дээжээ бас л өргөв. Тэрүүхэн хооронд би, юу захилаа гэсэн шиг эргүүттэл аавын “Алив талаар миний хүү, үеийнхнээсээ түрүүлэхгүй ч гэсэн битгий хоцор” гэсэн үг нь нүдний өмнө дурайгаад ирлээ.

Х.ЗАНДРААБАЙДИЙ

2014 он

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд төв цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулав

Эх үрсийн баярыг угтаж Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар сургуулийн 11в ангийн сурагч Б.Нармандах санаачлан хүүхдийн оролцооны байгууллагын сурагчид, найз нараа уриалж аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэж, хог хаягдлыг түүж, сандал сүүдрэвч зэргийг будсан байна. Тэдний ажлыг дэмжиж Сайншанд сумын ЗДТГ-аас хүүхдүүдэд хоол хүнс авчирч өгсөн бол Хот тохижилтын газраас шаардлагатай будаг, багаж хэрэгслээр хангажээ. Өсвөр насны хүүхдүүд төв цэцэрлэгт хүрээлэнгийнхээ тохижилтын ажлыг дуусгаж, өнөөдөр хүлээлгэн өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн үзвэр үйлчилгээний нэгдсэн хуваарь

huuhed

Өргөө 1 кинотеатр

13.40 18:10 Содура

10.40 12.40 14.40 16.50 19.00 23.15 Гурван найз яасан байх нь уу?

16.00 20.30 23.00 Хар сувдны нууц

17.40 20.10 22.40 Галзуу макс хилэнт зам

21.00 22.30 Ар хударга

10.30 11.00 13.10 15.30 Дийлдэшгүй 108 баатар /VIP/

11.00 12.40 15.15 17.50 20.25 Tomorrow land /VIP/

Өргөө 2 кинотеатр

11.00 12.40 Содура

10.40 13.20 15.00 15.25 Гурван найз яасан байх нь уу?

17.00 Хар сувдны нууц

15.40 18.10 20.35 23.00 Галзуу макс хилэнт зам

19.00 21.15 23.30 Ар хударга

11.20 13.30 Дийлдэшгүй 108 баатар /VIP/

17.30 20.05 22.40 Tomorrow land /VIP/

Тэнгис кинотеатр

10.30 12.40 15.00 17.30 Tomorrow land

10.30 12.40 14.50 17.00 19.20 Дийлдэшгүй 108 баатар

23.20 Love clinic /+18/

18.10 20.10 Содура

13.10 20.40 Avangers age of Ultron

10.40 13.50 15.20 17.10 21.20 22.30 Хар сувдны нууц

10.50 11.50 13.00 16.00 19.10 21.35 23.30 Гурван найз яасан байх нь уу?

Соёмбо кинотеатр

11.50 13.00 16.00 Дийлдэшгүй 108 баатар

12.20 15.00 17.00 19.00 21.00 Гурван найз яасан байх нь уу?

13.50 19.40 Содура

14.00 17.50 19.50 21.30 Хар сувдны нууц

15.50 18.00 21.50 Ар хударга

Hunnumall

14.00 Монгол циркус

Улсын драмын эрдмийн театр

10.00 12.00 “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн мюзикл драмын жүжиг

20.00 “Бүүвэй” уянгын драмын жүжиг

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

14.00 16.00 “Эрх цагаан унага” жүжиг

Хүүхэлдэйн театр

10.00 “Үлгэрийн баатрууд” парад

12.00 14.00 “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг

VIVA CITY хороолол

16.00 “Нугасны муухай дэгдээхэй” – Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид

АСА цирк

11.00 14.00 17.00 “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

11.00 14.00 17.00 “Бонгын аялал” тоглолт

Монголын хүүхдийн ордон

14.00 Баярын тоглолт