Categories
мэдээ цаг-үе

Сонгодог дуурь, балетын үндсийг монголчууд тавьсан гэж үү?

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор С.Соронзонболд нэг удаа “Монголын найрал хөгжмийн сэтгэлгээ XIII зуунд хөгжлийнхөө оргилд хүрч, Европын сонгодог дуурь, балетын үндэс суурийг тавьж, XX зуунд тэдгээрийг дахин сэргээсэн юм” гэж хэлэхэд нь манайхан юмыг заримдаа хэтэрхий даваадуулах юм даа гэж бодож билээ. Гэхдээ энэ үзэл бармт­лалыг Европын эрдэмтэн бас хөндсөн байдаг гэж тэрбээр хэлсэн юм. Монголын соёлын түүхийн ботиудыг харж байхад Хубилай хааны ордонд 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр байсан тухай зэрвэсхэн мэдээлсэн байдгаас өөр энэ талаар ямар ч тодорхой баримт сэлттэй ном зохиол тааралдаж байсангүй л дээ. Тэгээд л гайхаж, дотроо шоолонгуй сонсоод өнгөрсөн хэрэг. Гэхдээ Соронзонболд гуайн өөрийнх нь зарим бүтээлүүдээс бидний өдөр тутам сонсч дадсанаас их өөр эгшиглэгээний ой санамж сонсогдоод байдгийг санаад судалгааны номыг нь олж уншсан юм. “Монголын хөгжим-XIII зуун” гэдэг нэртэй ном. Бидний жирийн сонсогчид тэмдэглэгээ тэмдэгтүүдээс нь авахуулаад хөгжмийн онолын нарийн ширийнийг нь ойлгохгүй ч ингэхэд тэр 500 хүнтэй оркестр нь ямар байсан юм бэ, энэ уртын дуу чинь яагаад хүний сэтгэлийг тэгтлээ их ховсоддог юм, хөгжим яг хаанаас эхлэн дуугарч хүний зүрх сэтгэл, уураг тархинд тийм хүчтэй үйлчилдэг юм бол гэхчлэн бодогддог сониуч зантай хүмүүст их сонирхолтой ном л доо. Энэ номд жишээ нь, Бетховен, Моцарт хоёр хөгжмийг хэрхэн мэдэрдэг байсан тухай өөрсдийнх нь захианаас иш татсан нь:

Бетховен “Та нар яаж хөгжим зохиодог тухай асууж болно. Аливаа хөгжмийн санаа уриагүй дуудаагүй байхад сэтгэлд буугаад ирнэ. Эдгээрийг би байгаль орчинтойгоо харьцаж байхдаа олж мэдэрнэ. Миний оюун ухаанд ноотолж тэмдэглээгүй л болохоос биш хөгжмийн эгшгүүд хүрхрээ мэт нүргэлдэг” гэжээ. Харин Моцарт нь “Өглөө юм уу үдэш бодолд автагдан зугаацах, нойр хүрэхгүй сэтгэл сэвэлзэх үед янз бүрийн аялгуу санаанд маш түргэнээр эргэлддэг. Хаанаас ямар замаар ирдгийг би огтхон ч ойлгодоггүй. Харин тэдгээрээс өөрт таалагдах аялгууг сонгож, улмаар түүнийгээ засаж боловсруулна. Хэрвээ хэн нэгэннадад саад болохгүй бол миний сэтгэлд хөгжим гал шиг бадардаг” гэж нэгэн захиандаа бичсэн байдаг гэнэ. Одон орончид олон жилийн ажиглалтынхаа дүнд Санчир гариг хөгжмийн авиа эгшгийн дохиоллыг дэлхийд илгээж байдгийг тогтоожээ. Ингэж тогтоосныхоо үр дүнд тэд С.Бах өөрийн прелюди, фуга тэргүүт 24 зохиолынхоо нэгийг нь Бархасбадиас ирүүлсэн 25 цагийн мэдээллийг боловсруулан хураангуйлж бичсэнийг тогтоосон зэрэг олон сонирхолтой ишлэлүүдийг энэ номд өгүүлжээ. Одоо XIII зууны өвөг дээдсийнхээ найрал хөгжмийн сэтгэлгээг уг номоос эргээд сонирхъё. Хубилайгаас өмнө Мөнх хаан 1252 онд “Хөгжмийн хороо” гэж байгуулж байсан бол Хубилай 1260 онд асар том найрал хөгжмийг байгуулж түүнээ “Их хөгжмийн яам” гэж нэрлэжээ. Тэр нь 550 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, тэр олон зуун хөгжимчнийг хэрхэн удирдахыг хүртэл заасан дэг жаягтай байжээ. Жишээ нь, бүрэнхийд яаж удирдах, гэгээтэйд яаж удирдах, харуй бүрийд зулын гэрэлд яаж удирдах гэхчилэн тийм нарийн. Юан улсын үед өмнө зүгийн чийглэг уур амьсгалтай газар морин хуурын царны арьс суларч хөг алдагддаг байсан учир тухайн газар орны цаг агаарт тохиромжтой хөгжмийн зэмсгүүдийг сонгож, төрийн ёслолын зохиолуудыг тоглуулдаг байжээ. Оркестрын­хоо дуугаралтыг тэнцвэржүүлэхийн тулд эзэлсэн улс орнуудынхаа хөгжмийн зэмсгүүдийг өөрийн үндэсний хөгжимтэй хослуулж, өргөжүүлснээр 550 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олон улсын Их найрал хөгжмийг бий болгосон байна. Ингэснээр хөгжмийн зохиолчид, удирдаачид, бүжиг дэглээчид, найруулагчид маш нарийн дэг журам, онолын дагуу ажиллаж монгол хөгжмийн сэтгэлгээг шингээсэн хэдэн зуун бүтээлийг шинээр зохион туурвижээ. Тэдгээр нь 1-84 ангитай зохиолууд байсан бөгөөд найрал хөгжмийн удирдаачийг “дохиурчин”, хөгжмийн зохиогчдыг “эгшиг зохиогч” гэдэг байсан байна. “Хубилай хааны ордны хөгжмийн зэмсэг дотор нэг, гурав, тав, долоо, ес, 14 чавхдастай ятга байсан гэх зэргээр эх сурвалжуудад янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Тиймээс тэр үеийн Монголын хөгжмийн хөг тогтолцоог гурав, тав, долоо, есөн чавхдастай төрийн ятганаас тодруулах бололцоотой. Тэр байтугай, ятгыг монгол хөг ая данд нийцүүлэн бүтээгээгүй гэж үзэх үндэс харагдахгүй байгаа юм. Энэ оркестрын гол цөм нь ятга байсан” гэсэн дүгнэлтийг С.Соронзонболд гуай энэ номдоо хийсэн байдаг. Энэ номд өрнө дорнын судлаач эрдэмтэд хөгжмийн ая эгшгийн үүслийг өөр өөрсдийнхөөрөө хэрхэн үздэг тухай товчхон өгүүлсэн байхаас гадна зохиогч монгол хөгжмийн сэтгэлгээг ойлгохын тулд түүхэн баримт мэдээлэл, уламжлалт хөгжим, монгол домог, монголчуудын дүрслэх урлаг дахь хээ чимэглэлийн урлагийг нарийн судлах шаардлагатай гэж үзсэн байсан… Энэ ном их эртний баримтуудыг гаргаж тавьсан учраас уншихад зарим талаар төвөгтэй юм шиг боловч их сонирхолтой ном шүү.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Цэргийн эмч нар буюу хээрийн мэс заслын ангийнхан

Анагаахын дээдэд 36 жилийн өмнө Цэргийн тэнхим байгуулж байжээ. Яагаад ийм тэнхим байгуулах болов гэхээр 1979 онд Варшавын гэрээний орнууд цэргийн кадар офицеруудыг өргөтгөн зохион байгуулах шийдвэр гаргасан түүхтэй. Уг шийдвэрийг үндэслэн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор МУИС, Анагаах ухааны дээд сургууль болон бусад их, дээд сургуулиуд дээр Батлан хамгаалах яамны офицеруудыг өргөтгөн зохион байгуулж эхэлжээ. Үүний дагуу анагаахын эмчилгээний факультетэд 1979, 1980, 1981, 1982 онд жилд 25 эмчийн элсэлт авч нийт 100 цэргийн эмчийг “Цэргийн тусгай эмнэлгийн зохион байгуулалттай мэргэжилтэн”-ээр төгсгөжээ. 1981-1987 онд суралцан төгссөн ангийнхныг нь энэ удаад “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Ангийн дарга, хурандаа Р.Даваадорж “Манай анги дэгжин сэргэлэн охидоор дүүрсэн анагаахын сургууль дотор зөвхөн хөвгүүд суралцдаг “Цэргийн” гэх тодотголтой содон анги байлаа. Ангийн багшаар Цэргийн тэнхимийн Тактикийн багш гялалзсан шинэхэн дэслэгч Г.Баатархүү ажилладаг байв. Манай ангийнхан эхэндээ сайн гэж цөөхөн дуудуулж байсан ч яс сайт яван чангардаг гэгчээр анги ахих тусмаа хичээлдээ сайжирч төгсөх ангийнхаа шалгалтдаа курстээ толгой цохиж байлаа. Манайхан их шооч хөгжилтэй залуучууд байлаа. Баруун монгол аялгуутай Д.Цээпил нэг удаа биеийн тамирын хичээл дээр ХБХБ гэж багшийн хэлснийг ойлголгүй мань эр “Ке багш аа, КаБаКаБа гэсэн чинь юу гэсэн үг вэ” гэж биднийг нирхийтэл инээлгэж байх вэ дээ” хэмээн дурсан ярина.

Тэрээр “Он цагийн урсгал, оюутан цагийн гэгээн мөрөөдөл, мэдэхийн төлөөх тэмцэл чармайлтын дунд олон шалгалт шүүлэг, даваа нугачаанд унаж бүдчин ялан дийлсээр 25 оюутнаас 13 нь хүний их эмч гэсэн эрхэм алдрыг хүртэн шинэхэн дэслэгч болцгоон Батлан хамгаалах яамны мэдэлд хуваарилагдан очиж байсан мөч саяхных юм шиг л санагддаг юм” гэлээ. Р.Даваадорж хурандаа сургуулиа төгссөнөөс хойш 28 жилийн хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хам­гаа­лах үйлсэд тогтвор суурьшилтай ажиллаж цэргийн гэх тодотголоо орхиогүй яваа нөхдөөрөө бахархдаг нэгэн.

Дэд хурандаа Л.Дашцэрэн ангийнхныхаа нэрийг жирий­тэл нь биччихээд “Ангийн андуудын минь нэрийг орхив доо. “Анхны алхам” дээр гардаг шиг “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэж гомдоллох хүн гарах вий” хэмээн хошигнолоо. Н.Даваа­дорж, Д.Цээпил, Б.Мөнх­жаргал, О.Бат, Б.Доржпүрэв, Г.Гансүрэн, Ч.Гүрбазар, М.Болдбаатар, А.Амгаланбаатар, Ж.Жанчив, Р.Хишигжаргал, Х.Бямбаа, Л.Батсүх, Б.Энхжаргал, С.Энх­бурам, Р.Даваадорж, Ж.Алдаржав, Л.Гансүх, Б.Батсүх, Л.Дашцэрэн, Б.Баасандорж, С.Хүрэлсүх, Н.Батбилэг, Н.Батхуяг, С.Отгон­баатар нар цэргийн эмчийн ангид 1981-1987 онд нэг ангийнхан хэмээн дуудуулж, одоо ч бие биедээ дотно сэтгэлээр хандсаар яваа найзууд.

Оюутны зуны ажлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд орон сууц барьж, олон сайхан намрыг САА-д тариа хураалтанд оролцож бусад ангийнхантай хамт дуулалдан цэнгэлдэж шуугиантай явсан он жилүүд эдэнд бий. Эрчүүл болохоор тоглоом хатуу, биендээ хоч өгч, нөхөрсөг шог шүлгээр “цаашлуулна”. Тэр зангаа одоо ч тавьсангүй. ЭМШУИС-ийн 65 жилийн ойд зориулсан “Алтан гагнуур” номонд нэгнээ шоглохоо бас л мартаагүй аж. А.Амгаланбаатарыгаа,

“Хэнтийн Өмнөдэлгэр сумаас уяатай

Хорь Буриадын хэнхдэг задгай хархүү

Авицена эмнэлгээ алдарт хүргэх

Алсын хараатай бизнес хүү” гэсэн бол С.Энхбурамыг,

“Тугал нүдэн хөөрхөн Бурам

Туурга тусгаарласан эзэн Бурам

Номиун эмнэлгийн босс Бурам

Номыг дээдэлсэн эрхэм Бурам” гэжээ. С.Хүрэлсүхийгээ,

“Нүдээ аньж үзээгүй боксчин

Зүүдээ манах завгүй жижүүрлэнэ

Сэхээн амьдруулахын эмч Хүрлээ

Сэтгэл сайтай хүндтэй залуу” гэж түүнийг шүлэгт оруулсан бол өнөө Д.Цээпилийгээ,

“Күнээ корвоод Цээпил нэртэй

Ковд нутагтаа нэртэй эмч

Ка Ба Ка Ба Цээпил минь уу

Кентэй ч зүйрлэшгүй эрийн кугаркай” гэчихсэн байна. Л.Дашцэрэнг харин,

“Диско Дашка хоёр нэгэн цагт

Дэнжийн мянгыг хотолзуулж явлаа

По улсад мэргэжил дээшлүүлж

Мо улсдаа комиссын дарга боллоо” гэжээ. Энэ мэтээр нэг нэгэндээ дөрвөн мөрт олныг зориулжээ.

Анагаахын сургуулийнхан гэхээр 25 шижигнэсэн залуу жирийтэл сууж байхад хэн ч гайхна. “Юу вэ, баахан харчуул” гээд л харсан хүн болгон гайхдаг байж. Цэргийн хээрийн мэс заслын ангийнхан болохоор бусад ангийнхнаас өөр л дөө. Гэхдээ бусад курсийнхэнтэйгээ тун чиг элэгсэг. Дээд доод ангийнхан гэлгүй цэргийн мэс заслынхан бүгд л нэг ангийнхан юм шиг биендээ хандана. Хичээл дээр сууж байхад гэнэт түгшүүр өгөөд аль нэг цэргийн анги дээр аваачаад бэлтгэл хийлгээд бай буудуулаад эхэлнэ. Цэргийн хүн бол цэргийн л хүн. Бүтэн зургаан жилийн турш анагаах ухааныг судлангаа цэргийн эрдэмд суралцсан, байнгын бэлтгэлд байсан эрчүүл. Дайн байлдааны үед шархадсан цэргүүдээ хаана яаж нуух, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, шархадсан цэргээ хүнд хөнгөнөөр нь хэрхэн ялгаад яаж хааш аваачиж хоргодуулах вэ гээд л бүгдийг онол, практик хослуулж заалгана. Хээрийн хамтарсан сургуулилтад оролцож дайн байлдааны үеийн орчинд орчихно. Энд тэнд бөмбөг тэсэрч дэлбэрч, нүүр нүд рүү шороо тоос орж, чих дөжрөм дуу чимээн дунд шархтанаа үүрээд гүйнэ.

Зун нь амарна гэж үгүй. Хээрийн сургуулилтад гарчихна. Намар нь намрын ажилд дайчлагдана. Есдүгээр сарын хоёрон гурван гэхэд ажилд яваад аравдугаар сарын сүүлчээр цаснаар л хотод орж ирдэг байж.

Төмс хураалтын үеэр эдний ангийн 25 харчуулыг нэг хоёроор нь салгаад л таваас зургаан эмэгтэй оюутныг дагуулаад талбай руу оруулчихна. Ганц эрэгтэй нь газраа гишгээд охид нь төмс хураана. Зах нь харагдахгүй төмсний талбай руу ороод л “Хэзээ дуусна даа” гэж санаа алдах ч дэргэдээ байгаа охидоосоо санаа зовоод ядрахаа умартан зүтгэнэ. Охидоо майхан, дулаан амбаартаа оруулцгаагаад өөрсдөө цементэн шалтай агуулахад унтана. Агуулахын тааз өндрийг хэлэх үү, жавар хургана. Хананы банзны завсраар цас хялмаалан орж ирнэ. Энэ үед ерөнхийдөө төмсөө хурааж дуусч таарна. Тэгээд л Улаанбаатарын зүг жолоо залцгаана. Ийм намрыг зургаантаа үзсэн болохоор эдний ангийнхны хувьд намрын ажил бол нандин дурсамжийнх нь цөм нь ч байж мэднэ. Төгсөлтийнхөө20 жилийн ойгоо 2007 онд сайхан хийжээ. Гэтэл ангийнхан нь “Хорвоогийн жамаар цөөрсөөр байна. Уулзах цагаа ойртуулцгаая” гэснээр төгсөлтийнхөө 25 жилийн ойг амжилттай зохион байгуулжээ. Цэргийн эмч нар буюу хээрийн мэс заслын ангийнхан биенээ “Оковны найзууд” гэцгээдэг юм байна. Оковны найзууд бүгд ажил төрөлтэй, өөрийн гэсэн бизнестэй болсон болохоор тэр бүр уулзаад байж амждаггүй ч утсаар байнга холбоотой байдаг гэсэн шүү.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд зорчиж байна” наалт наагаарай

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч нарт автомашин дээрээ “Хүүхэд зорчиж байна” наалт наахыг уриаллаа. Монголын залуучуудын холбоо, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар хамтран “Хүүхэд зорчиж байна” аяныг санаачлан хэрэгжүүлж байсан. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 20 хүртэл хэрэгжүүлсэн аяны хүрээнд гурван төрлийн наалтыг автомашин дээр байрлуулж, сошиал медиагаар сурталчилгаа хийсний дүнд зам тээврийн осол өмнөх үеийнхээс 16.4 хувиар буурсан байна.Сурагчдын хичээл, цэцэрлэг амарсан энэ улиралд зам тээврийн осол ихэсдэг тул энэхүү аянг дахин үргэлжлүүлэхээр болсон байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд Чингисийн талбай орж автомашины татвараа төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан.

Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.

Татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 01-нээр дуусна. Хуулийн хугацаа дуусахад 02 хоног үлдлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал даргаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Ажлын хэсгийн даргаас өгсөн үүргийн дагуу тавдугаар сарын 30,31-ний өдөр буюу бямба, ням гарагт Чингисийн талбайд төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулахаар боллоо.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллана. Татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, 06 дугаар сарын 01-нээс хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Паркийн тоглоомын үнэ 4000-6000 төгрөгийн үнэтэй байна

Хүүхдийн баяраар “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн тоглоомын үнэ ханш 4000-6000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь анх үйл ажиллагаагаа эхлэхэд тогтоосон үнэ аж. Мөн үйлчлүүлэгчид багцын карт 10000-25000 төгрөгөөр худалдан авбал нэг тоглоомыг 2500 төгрөгөөр тоглох боломж бүрдэж байгаа юм. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” энэ онд 5,5 га талбайг шинээр ашиглалтад оруулж уралдааны машин, 12 жилийн тоглоомыг шинээр байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулагдаж байна

Хүүхдийн баярыг тохиолдуулан “Мишээл экспо”, “Аса цирк”, Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Хүннү молл” их дэлгүүр, “Вива сити” хороололд дотоодын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа аж. “Мишээл экспо”-д “MOTHER AND CHILD EXPO – 2015” үзэсгэлэн худалдаа болж байна. Эдгээр үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол ээжийн баяр” болж байна

“Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 10.00-21.00 цагт “Монгол ээжийн баяр” арга хэмжээ болж байна.

Арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр, ээжүүд болон хүүхэд багачуудын дундах хөгжилтэй тэмцээн уралдааныг зохион байгуулах юм байна.

Энэхүү арга хэмжээ нь “Монгол ээж” гэх сайн үйлсийн төслийн нээлт болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гар дээрээс наймаа хийгчдийг торгожээ

Баянгол дүүргийн Засаг дарга Хархорин захын ор чимд гар дээрээс худалдаа хийхийг таслан зогсоох захирамж гаргажээ. Энэ дагуу дүүргийн цагдаагийн II хэлтэс, 20 дугаар хорооны Засаг дарга, ажлын алба, Хархорин захын захиргаатай хамтран ажиллажээ. Ингэхдээ 63 иргэнтэй биечлэн уулзаж, хууль зөрчихгүй байх мэдэгдэл өгчээ. Мөн зөрчил гаргасан 34 хүнийг 125,000 төгрөгөөр торгосон байна.

Мөн чанарын шаардлага хангаагүй гар дээрээс шорлог худалдаалж байсан хоёр иргэний тэргийг хураан авч дүүргий орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ яармагийн эхний хэсэг 2016 онд ашиглалтад орно

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа.

“Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэж байна. Төслийн 1 үе шат нь нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ба 1-р хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, 2-р хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, 3-р хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаа юм байна.

“Шинэ яармаг” цогцолборт ирээдүйд гэр хорооллын иргэд амьдрах боломжтой бөгөөд ажил олдохгүй байгаа залуучууд болон аль ч насныхан тухайн МСҮТ-д суралцаж, шинэ яармаг төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниудаас ажлын байраар хангагдах боломжтой юм. Ажлын байртай болсон иргэд энэ хороололдоо орон сууцанд орж, ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлж өгчээ.

“Шинэ яармаг” төсөл хэрэгжүүлэгч нь БНХАУ-ын “Экспорт-Импорт банк”-тай гэрээ байгуулж, эхний ээлжинд 195 сая ам.долларын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр хоёрдугаар ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг гэр хороолол ихтэй дүүргүүдэд хэрэгжүүлэх дараагийн санхүүжилтийн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтыг шийдвэрлэж өгөхөөр гэрээ байгуулсан байна.

“Шинэ яармаг” төсөлд 10000 гаруй хүн ажлын байраар хангагдах бөгөөд 100 хувь монгол ажилтнууд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

“Шинэ яармаг” цогцолборын зураг төслийг боловсруулахдаа монгол айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдсанаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн байна. 2016 оны 2-р улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар Монголын үндэсний барилга угсралтын компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгч тал танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр МСҮТ-д ажилгүй иргэдийг 45 хоног сургаснаар барилгын нарийн мэргэжлийн ажилтан болж чадах эсэхийг тодруулж байлаа. “Дельта констракшн” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэчимэг хариулахдаа, ирэгдийг сургалтад суулгаж, 3 сар дагалдуулан ажиллуулж, дахин шалгалт авсны үндсэн дээр ажлын байраар хангадаг тухай дуулгаад эхний ээлжийн суралцагч нарыг 6-р сарын 3-аас авч эхлэхээр төлөвлөж буйгаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга мөн төр хувийн хэвшлийнхэн ажлаа хооронд нь уялдуулан хийж байгаа үлгэр жишээ төслийн нэг гэдгийг онцлоод Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дэлхийн нэрд гарсан архитекторууд Улаанбаатар хотыг хараад хөгжих гэж байгаа, төлөвлөлтөө хийж байгаа газар маш олон шийдлээр төлөвлөлт хийгдэх боломжтой. Гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд оролцьё гэдэг хүсэлт тавьдаг талаар хэлж байсан. Бид бүх айлаа орон сууцанд оруулна, байшингаа өөрсдөө барина. “Буянт ухаа”-1,2 хорооллыг барьсан шиг “Шинэ яармаг” хорооллыг монголчууд өөрсдөө барихаар төлөвлөсөн байна. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг барилгаа өөрсдөө барина, хямдхан барьсан байрандаа өөрсдөө амьдрана. Цаашид Яармагийн дэнжийн 970 га талбайг бүхэлд нь барилгажуулахад нийслэлийн гэр хорооллын тодорхой асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ төслийн гол онцлог бол бага хүүтэй мөнгөөр, ажиллах явцдаа сурч, сурч дуусаад цалинтай золгож байна гэлээ.

2014-2017 оны хугацаанд хэрэгжих “Шинэ яармаг” төслийн барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр “Анаграм” ХХК, “CGGC Mongolia” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр “Дельта констракшн” ХХК буюу түүний туслан гүйцэтгэгч 40 гаруй монголын компаниуд ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргыг “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн явцтай танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

“Шатар ухаан-2015” тэмцээн хойшлогдлоо

Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу агсны нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээн энэ сарын 30-31-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод болохоор товлогдоод байсан билээ. Гэсэн ч тус аймгийн төвд улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа гэсэн ЭМСЯ-ны зөвлөмжийн дагуу тэмцээнийг зохион байгуулагчид тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Дашрамд сонирхуулахад Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулж байгаа аж.