Categories
мэдээ спорт

Халз барилдаанд харцага цолтнууд түрүүллээ

МҮБХ, “Хамаг монгол” студи хамтран зохион байгуулсан шилдэг харцага, начингуудын халз барилдаан өнөөдөр боллоо. Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бест буйдан”-гийн хамт олон ажиллажээ.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн жинхэнэ гал гарсан барилдаан, хурц өрсөлдөөн дунд өрнөсөн энэ барилдааны ялагчаар улсын харцага Ө.Бат-орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын бүрэлдэхүүнтэй харцагуудын баг тодорлоо.

БАРИЛДААНЫ ОНООЛТ

1-р тойрог 4:2

1.Ө.Бат-Орших у.х -Л.Цэрэнтогтох у.н

2.Т.Өсөх-Ирээдүй у.х -Б.Амарзаяа .н

3.А.Цацабшир у.х – Р.Пүрэвдагва у.н

4.Ц.Содномдорж у.х –Э.Энхбат у.н

5.Б.Пүрэвсайхан у.х –Л.Лха-Очир у.н

6.Э.Оюунболду.хТ.Баасанхүү у.н


2-р тойрог 4:2

1.Ө.Бат-Орших у.х –Т.Баасанхүү у.н

2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Л.Цэрэнтогтох у.н

3.А.Цацабшир у.х Б.Амарзаяа у.н

4.Ц.Содномдорж у.х –Р.Пүрэвдагва у.н

5.Б.Пүрэвсайхан у.х –Э.Энхбат у.н

6.Э.Оюунболду.х–Л.Лха-Очир у.н


3-р тойрог 3:3

1.Ө.Бат-Орших у.х –Л.Лха-Очир у.н

2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Т.Баасанхүү у.н

3.А.Цацабшир у.х –Л.Цэрэнтогтох у.н

4.Ц.Содномдорж у.х Б.Амарзаяа у.н

5.Б.Пүрэвсайхан у.х –Р.Пүрэвдагва у.н

6.Э.Оюунболду.х–Э.Энхбат у.н


4-р тойрог

1.Ө.Бат-Орших у.х –Э.Энхбат у.н

2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Л.Лха-Очир у.н

3.А.Цацабшир у.х –Т.Баасанхүү у.н /Л.Лха-Очир/

4.Ц.Содномдорж у.х –Л.Цэрэнтогтох у.н

5.Б.Пүрэвсайхан у.х –Б.Амарзаяа у.н

6.Э.Оюунболд у.х –Р.Пүрэвдагва


5-р тойрог

1.Ө.Бат-Орших у.х –Р.Пүрэвдагва у.н

2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Э.Энхбат у.н

3.А.Цацабшир у.х –Л.Лха-Очир у.н

4.Ц.Содномдорж у.х –Т.Баасанхүү у.н /Б.Амарзаяа у.н/

5.Б.Пүрэвсайхан у.х –Л.Цэрэнтогтох у.н

6.Э.Оюунболду.х /Б.Пүрэвсайхан/–Б.Амарзаяа у.н


6-р тойрог 5:1

1.Ө.Бат-Орших у.х –Б.Амарзаяа у.н

2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Р.Пүрэвдагва у.н

3.А.Цацабшир у.х Э.Энхбат у.н

4.Ц.Содномдорж у.х –Л.Лха-Очир у.н

5.Б.Пүрэвсайхан у.х –Т.Баасанхүү /Р.Пүрэвдагва/

6.Э.Оюунболд у.х /Ц.Содномдорж/Л.Цэрэнтогтох у.н

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар Чингисийн талбайн хоёр талын замыг түр хугацаагаар хаана

06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахтай холбогдуулан өглөөний 11 цагаас 14 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр Чингисийн талбай орчмоор 14 үнэгүй зогсоолын талбай ажиллах бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд 5 зогсоолын талбай үнэ төлбөргүй ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Гахайн махан хуурга

Орц:

Гахайн гол мах – 200 гр

Ногоон алим – 50 гр

Сонгино – 50 гр

Сармис – 1 ш

Коньяк – 20 гр

Алим жүүс – 50 гр

Ургамлын тос – 30 гр

Томат паста – 10 гр

Чинжүү – 95 гр

Брокли – 25 гр

Хаш – 17 гр

Хулуу – 17 гр

Давс – 3 гр

Перец – 2 гр

Төмс – 85 гр

Сүү – 20 гр

Масло – 5 гр

Хийх арга:

Гахайн гол махыг давтаж бэлэн болгоод гурав хувааж амталсан гуриланд өнхрүүлнэ. Дараа нь тостой хайруулын тавганд хагас болтол нь шарна. Ногоон алимаа сармис хэлбэртэй нимгэн хэрчинэ. Сонгино, сармисаа жижиг хэрчиж бэлдэнэ. Чинжүү, хулуу, хашийг жижиг дөрвөлжин хэрчинэ. Төмсөө чанаж, бэлтгээд, нухаж бэлдэх хэрэгтэй. Масло, сонгино, ногоон алим болон сармисаа нэмж бага зэрэг паста хийж хуурна. Брэнди эсвэл коньяк хийж дөл гаргаад алимны жүүс хийж хоёр удаа бага зэрэг ширгээгээд хүрэн соус бага зэрэг нэмээд хоол бэлэн. Амталсан төмс болон ногоо, ногоон сонгиноор хачирлаарай.

Цагаан бөмбөлөг салад

Орц:

Өндөг – 3 ширхэг

Дарсан өргөст хэмх- 20г

Ногоон өргөст хэмх – 20гр

Майонез – 20гр

Шанцай – 15гр

Гич – 5гр

Давс – 2гр

Перец /нунтаг/ – 2гр

Гүнждийн үр – 3гр

Лууван – 20гр

Хийх арга:

Өндгөө чанаж хөргөөд хальслана. Шанцай, дарсан ногоон өргөст хэмхийг нарийн хэрчиж, өндгөө сармисны хумс хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэлдсэн бүтээгдэхүүнээ давс, перец, гич, майонезаар амталж бэлэн болгох хэрэгтэй. Салат навчаа жижиглэн тасдаж бэлдээрэй. Таваглахдаа гүнждийн үр цацвал илүү амттай болно.

Наполеон торт хийх жор

Орц: (6 ХҮН)

-250г масло

-2 стакан гурил

-Нэг ширхэг өндөг

-2х/х нимбэгний шүүс

-1/2 стакан хүйтэн ус

Крем:

400г молоко

200г масло

200г самар

Хийх арга:

1. Хагас стакан усан дээр нимбэгний шүүс нэмээд өндөгтэй хамт хутгана.

2. 250 г масло дээр шигшсэн гурил нэмээд хутгаар маслоо жижиг хэсэг болтол зүснэ. Үүн дээрээ өндөгтэй усаа нэмээд зуурна.

3. Бэлэн болсон зуурмагаа есөн хэсэгт тэнцүү хуваагаад бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн гурилаа уутаар бүтээгээд нэг цаг хөргөгчинд амраана.

4. Одоо кремээ хийнэ. Самраа уутанд хийгээд элдэнэ.

5. Зөөлөн болтлоо гэссэн маслыг хөвсгөр болтол нь миксердээд молокогоо нэмнэ.

6. Бөөрөнхийлсөн есөн ширхэг гурилаа тус тусад нь элдээд сэрээгээр хатгана. Тус тусад нь 180С-т 10-15 минут шаргал өнгөтэй болтол нь шарна.

7. Хөрөхөөс нь өмнө дугуй хэвэнд зүсээд авна. Зүсэхэд гарсан үйрмэгээ дахин үйрүүлээд тортны чимэглэлд хэрэглэнэ.

8. Тортоо өрөхдөө есөн ширхэг гурил дунд нь кремээ зузаан түрхэнэ. Дунд нь самар хийж болно. Эцэст нь үйрмэгээрээ чимэглээрэй.

Бэлтгэсэн С.АРИУН

Categories
мэдээ нийгэм

Авто машингүй өдрийг ирэх долоо хоногт тэмдэглэнэ

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.

Энэ жилийн “Автомашингүй өдөр“ ирэх зургаадугаар сарын 06-нд тохиож нийслэлийн хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг 07.00-19.00 цагт хязгаарлах гэнэ. Дашрамд, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах юм байна.

Мөн энэ өдөр нийслэлийн иргэдийг авто машинаасаа татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчихыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийдэд цэвэрлэгээ хийжээ

Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж өчигдөр Гандантэгчинлэн хийдэд их цэвэрлэгээ хийжээ.

Монголын бурхан шашны их сургуулийн эчнээ ангийн лам оюутнууд, бурханы шашны төрийн бус байгууллагын сүсэгтнүүд их цэвэрлэгээнд оролцсон байна.

Тодруулбал, оюутнууд, Гурван эрдэнэ сүсэгтний холбоо, Жавзандамба төв, Асрал төв, Таны буянд даган баясая төв, Олон улсын буддист нийгэмлэг, Их майдар төсөл, Бакула ринбүүчий сан болон энгийн сүсэгтнүүд цэвэрлэгээнд нэгдэн Гандантэгчинлэн хийдийн ойр орчимд их цэвэрлэгээ хийж, хур хогийг цэвэрлэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Болдбаатар: Олимпийн 17 төрөлд тамирчдаа бэлтгэж байна

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатартай ярилцлаа.

-Ирэх жил сонгууль дуусч залгаад 2016 оны олимп болно. Тэгэхээр энэ жил манай тамирчид олимпод орох эрх авахаас эхлээд өндөр хариуцлага шаардаж байгаа. Салбар яамнаас хэрхэн анхаарч байна вэ?

-Ерөнхий сайдаар тэргүүлүүлсэн олимпод бэлтгэх Үндэсний хороо хуралдаж ажлын хэсэгбайгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Ажлын хэсэг олимпын урьдчилсан бэлтгэл сургуулилтыг хаана, ямар газар хийх вэ гэдгээс эхлээд шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах зэрэг өндөр хариуцлага шаардсан тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжин ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар чөлөөт, жүдо бөх, боксын тамирчид олон улсын тэмцээнд оролцон олимпийн оноо цуглуулахаар явж байна.

-Ирэх жилийн олимпийн хэдэн төрөлд өрсөлдөх зорилготой байгаа вэ?

-Үндэсний шигшээ багийнхан олимпийн 12 төрөл, паралимпийн таван төрөл нийт 17 төрөлд тамирчид бэлтгэж байна. Бэлтгэл хийж буй бүх төрөлдөө эрх авахыг зорьж байгаа. Чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гэсэн үндсэн дөрвөн төрлөөрөө эрх авах бүрэн боломжтой. Мөн хүндийн өргөлт, таеквондо, хөнгөн атлетик, байт харваагаар эрх авах боломжтой гэж урьдчилсан байдлаар харж байна.

-Бразилд олимп болох учраас мэдээж хүндрэл гарна. Бэлтгэл хийхээс эхлээд цагийн зөрүү гэх мэт асуудлуудад яаж анхаарах вэ?

-Бразил улс манайхаас 14 цагийн зөрүүтэй. Энэ ньсул тал байж болох юм. Бусдаар бол сайн талтай. Тухайлбал, Олимпийн наадам Бразил улсын өвлийн улиралд зохиогдоно. Энэ үеэр тухайн улсад дундаж температур 20 хэмийн дулаан байдаг. Энэ нь манай орны зуны улирлын цаг ууртай ижил түвшинд байна гэсэн үг. Харин 14 цагийн зөрүүг арилгаж, тамирчдыгбиологийн хэвийн байдалд оруулахын тулд тэмцээн болохоос 14 хоногийн өмнө тухайн улсад очих байх шаардлагатай байдаг. Нэгцагийн зөрүүг гаргахад нэг хоног зарцуулах хэрэгтэй гэдгийг олон улсын эрдэмтэд баталчихсан. Иймээс дээрх хүндрэлүүдийг шийдвэрлэх боломжтой. 2020 оны Зуны олимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотод болно. Үүнтэй холбогдуулан Япон улсын хоёр мужаас бидэнд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэд Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг Япон улсын хоёр муж үнэ төлбөргүй байрлуулжбэлтгэж өгье гэсэн байна. Тухайн хоёр мужийн нэгийг манай яамны чиглэлээр нөгөө мужийг Асашёорюү Д.Дагвадоржийн зүгээс албаны хүмүүсийг бидэнд танилцуулж зуучилж өгсөн юм. Хэрэв энэ ажил биеллээ олбол Риогийн олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг нь Япон улсад хангуулах боломж бүрдэнэ.

-Санхүүжилтийн тухайд асуудал ямар байна?

-УИХ, Засгийн газраас шигшээ багийн тамирчдыг санхүүгийн хувьд маш сайн дэмждэг.50 сая төгрөг байсан төсөв нэмэгдсээр 2008 онд 1.8 тэрбум төгрөгт хүрч манай улс анхны олимпийн аваргаа төрүүлсэн. 2014 оны байдлаар шигшээ багт дөрвөн тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилсан. Харин 2015 онд 6.6 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан. Учир нь энэ жил тамирчдын хувьд Олимпийн эрх авах, оноо цуглуулах зэрэг чухал ач холбогдолтой байдаг. Одоогоор улсын шигшээ багийн 158 тамирчин спортын 17 төрлөөр багш дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Ер нь 50-60 жилийн өмнө нэвтэрсэн спортуудаар ир­гэд хичээллэх юм. Шинэ спортын төрлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ямар ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гэсэн үндсэн дөрвөн төрөл дээр нэмэгдээд хүндийн өргөлт, хөнгөн атлетик, таеквондо, байт харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэдэг тамирчидхүч түрэн орж ирж байна. Тэднийг төр засгаас дэмжиж үндэсний шигшээ багийн спортын төрөлд багтааж улсаас бодлогын хувьд дэмжээд, судалгаа хийгээд явж байна. 2005 онд Үндэсний шигшээ багт спортын дөрвөн төрлөөр41 тамирчин бэлтгэдэг байсан бол 2015 оны тавдугаар сарын байдлаар спортын 17 төрөлд 158 тамирчин бэлтгэж байгаа юм. Цаашид топ дөрвөн төрөл гэхойлголт үгүй болж бусад бүх төрлөөрманай тамирчид өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой болоод байна.

Л.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Жамьян: Миний хөгжмийг өнгөөр илэрхийлбэл цэнхэр өнгөтэй

Монгол Улсын болон Тува улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьянтай ярилцлаа.

-Багаасаа л хөгжимд дуртай хүүхэд байв уу?

-Намайг багад хөдөө сумдаар урлагийн бригадууд их явна. Зурагт байхгүй үзэх юм бага. Хааяа Соёлын төвд кино гарна, үндэсний радиогоо чагнана. Тийм хүмүүст урлагийн баригад ирнэ гэдэг хачин том баяр. Хүлээж авах гэж сумаараа оволзоно. Тэр үед би баян хуураар ганц нэг ая тоглочихдог сумандаа бол додигор эр байлаа. Урлагийн бригад ирээд явах бүрд урлагийн хүн болно гэсэн хүсэл оволзоно гэж жигтэйхэн.Хөгжмийн хүн болоход нөлөөлсөн зүйл гэвэл урлагийн бригад л гэнэ дээ. Би бүр хоёрдугаар ангиасаа баян хуур тоглож сурсан юм. Нагац ах маань Тэс сумын соёлын төвд кино механикч. Нэг өдөр өрөөсөн талынх нь товчлуурууд уначихсан нэг муухан баян хуур олоод ирлээ. Барьж үзэх гэхээр “Улсын юм унагаад эвдчихнэ” гэж хавьтуулахгүй. Ажилдаа явсан хойгуур нь оролдож байгаад радиогоор эгшиглэдэг “Би чамд хайртай” дууг тоглоод сурчихлаа. Нэг өдөр сургуулийнхаа баян хуураар сурсан аянуудаа тоглоод сууж байтал багш ороод ирсэн. Ингээд л сургуулийнхаа “хөгжимчин” болсон хэрэг.“Задгай цагаан” зэрэг хөгжмүүдийг тоглоод сурчихсан сумынхаа ганц хөгжимчин байлаа. Залуу багш нар оройн бүжгэнд намайг хөтөлж аваачаад хөгжим тоглуулна. Тарангуут хүргэж өгнө. Сургуулийнхаа баян хуурыг өмчлөөд авсан юм шиг л эзэмшдэг байлаа.

-Завханы Тэс сумын ганц хөгжимчин байжээ дээ?

-Тэр үед Завханд байгаагүй л дээ. Увсын Зүүнхангайн бага сургуульд сурч байсан юм. Аав маань жолооч, сантехнекч, мужаан. Аавын ажлыг дагаад Зүүнхангайд амьдарч байсан хэрэг.

-Урлагийн чигийн сургуульд их сонин тохио­лоор орсон гэж сонссон юм байна?

-Долдугаар ангиа төгсөөд “Хүн эмнэлгийн техникум”-д явах ёстой хүн Улиастайд очлоо. Цаанаа бол урлагийн хүн болчих санаатай. Тэгээд яагаад ч юм аймагтаа үйлдчихлээ. 1964 онд 14 настай хүү аймгийн төвийн Соёлын ордонд туслах ажилтнаар хоёр жил гүйсэн дээ. Тэгээд хотод ирлээ. Сургуулийн хуваарь энэ тэр аваагүй, урлагийн хүн болох бөөн хүсэлтэй нөхөр Багшийн их сургуулийн шатаар өгсөөд явж байлаа.Хажуугаар хөгжмийн зохиолч П.Дагважамц багш зөрдөг юм.

Нэг их гоё өндөр цагаан хүн. Багадаа баримтат кинон дээрээс харсан болохоор танимхайраад “Дагважамц багшаа би Багшийн их сургуульд ормоор байна. Хөгжимчин болмоор байна” гэчихлээ. Хуваарьгүйг минь сонсоод “За хө чи нэг хөгжим тоглоотох” гэж байна. Д.Лувсаншарав гуайн “Би чамд хайртай” дууны аяыг тоглолоо. Сонсчихоод захирлынхаа өрөөнд дагуулаад ордог юм. Өчнөөн юм болж байж сургуульдаа оюутны тэтгэлэггүйгээр оруулахаар боллоо. П.Дагважамц багш арыг нь даана гэж байж сургуульд оруулж байлаа. Багшийн их сургуулийн хөгжмийн ангид гурван сар сураад “Хэнтийн өндөр ууланд”-ыг тоглоод сурчихлаа. Үндсэн оюутнуудаас ахисан шатны юм үзээд байхгүй юу. Тэгж байгаад тэр өвөлдөө хоёрдугаар курст дэвшин суралцаж, тэтгэлгээ авдаг болсон. Дөрвөн жил сурах ёстой Багшийн их сургуулийн хөгжмийн ангийг гурван жил сураад Д.Сүхбаатарын цалинтай онц сурлагатан оюутан төгсч байлаа. Тэр үеийн 180 төгрөг чинь их мөнгө байлаа шүү дээ.

-Танай ангиас чинь олон хөгжмийн зохиолч төрсөн байх аа?

-Яг мэргэжлээрээ бол бид чинь соёлын ажилтан, дунд сургуулийн хөгжмийн багш нар. Гэтэл манай ангийн өчнөөн хүүхэд хөгжмийн зохиолч болчихсон. Ямар сайндаа манай хэл уран зохиолын багш “Та нар чинь бүгдээрээ хөгжмийн зохиолч болох гээд байгаа юм уу. Нэртэйгээр нь хөгжмийн зохиолчийн анги гэчихмээр юм уу” гэж цаашлуулж байхав. Манай ангиас гэхэд таван гавьяат төрсөн.

-Та С.Батсүх, У.Далантай гээд нутгийнхаа гавьяат дуучдын олонд хүрсэн сайхан дуунуудын хөгжмийг бичиж өгсөн хүн. Хэдий үеэс зохиолын дууны хөгжим бичих болов?

-Би нэлээд хожуу дууны хөгжим бичсэн юм. Нутагтаа Хөгжим бүжгийн коллежтэй болох гэж олон жил зүтгэсний хүчинд баруун аймгийн хөгжим бүжгийн авьяастай хүүхэд залуусыг заавал нааш нь авч ирэх шаардлагагүй болгосон. Ийм хэмжээний Хөгжим бүжгийн коллеж Улиастайд байна.

Миний хувьд Тува улсад гурван жил хөгжмийн багшаар ажилласан. Улиастайн коллеждоо арван жил захирлын алба хашсан. Хүүхдүүдтэйгээ бужигнасаар байтал нас талийж өгсөн. Багш хүний хөгжил зогсдоггэж үнэн юм шиг санагддаг. Хүүхдүүдтэйгээ наана цаана гээд явахаар хөгжим зохиол хийх зав ч гардаггүй юм билээ. Харин 2000- аад оноос хойш нэлээд хэдэн дууны хөгжим хийсэн. Би мөрөөдөх, хөгжим бичих, уянгалах дуртай хүн. Миний хөгжмийг өнгөөр илэрхийлбэл цэнхэр өнгөтэй юм шиг санагддаг.

-Та залуугаасаа л хөдөө рүү зүтгэсэн хүн. Гэтэл одоо хотод суурьшиж байгаа юм байна. Яагаад Улаанбаатар руу яваад ирэв ээ?

-Тэр үед хөдөө явахгүй бол нэг л болж өгөхгүй байсан юм. Миний найз Х.Билэгжаргал гэдэг хөгжмийн зохиолч байлаа. Тэр маань Свердловскт дээд сургууль төгссөн. Би Ленинградад суралцаж байсан юм. Бид бараг нэг жил сургуулиа төгссөн байх. Сургуулиа төгсөөд ирсний дараа Соёлын яаман дээр тааралддаг юм. Тэгэхэд надад “Чи хотод үлдчих. Хөдөө яваад юм хийж чадахгүй ээ. Хөдөө болдоггүй байхгүй юу. Би хотод үлдлээ. Чи энд юмаа хий. Энд оркестр, дуучид, радио, телевиз байна. Эргэн тойронд чинь уран бүтээлчид байна” гэж хэлж байсан. Соёлын яамны уран бүтээл хариуцсан хэлтсийн дарга нь Ц.Нацагдорж гэдэг хүн байлаа. Тэр хүн ч гэсэн “Чи энд үлд. Манай яаманд нэг орон тоо байна” гэсэн ч нэг л боломгүй санагдаад хөдөө явчихаж билээ. Тэгээд тэндээ 45 жил уран бүтээлээ туурвиж, ажиллаж амьдарсан даа. Одоо бол амьдрал шаардаж байна. Хүүхдүүд бүгд энд ирчихсэн. Төрөл садангууд бүгд хот руу шилжсэн. Хүмүүстэй найзалж, нөхөрлөөд, хааяа нэг хундага юм татчихаад, дуугаа хийгээд явж байтал нэг л мэдэхэд 60 гарчихаж. Хүүхдүүд наашаа ир гээд байх юм.

Аргагүйн эрхэнд Улаанбаатарт ирлээ. Хэдийгээр би хөдөө ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан ч нийслэлд намайг таньдаг хүн олон байдаг юм байна. Таксинд суусан ч таньж байна. Энэ бол миний уран бүтээлийн ач. Миний шавь С.Батсүх энд “Очирваань уулын холбоо” гэдэг холбоо байгуулсан. Эхэндээ Завханы уран бүтээлчид харьяалагддаг байсан бол одоо Монголын уран бүтээлчид хамтарч байна. Хааяа тэнд очдог юм.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аав, ээж, би циркчин” шоу үргэлжилж байна

-ХҮҮХЭД БҮРТ ЦИРКИЙН ҮЗҮҮЛБЭР ХИЙХ БОЛОМЖ ОЛГОЖЭЭ-

Эх үрсийн баярыг тохиолдуулан “Circus Khadgaa” цирк, Хөгжим бүжгийн коллежийн циркийн тэнхимтэй хамтарсан явуулын циркийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна. Тэд энд хоёр дахь жилдээ тоглож байгаа аж. Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр оро­ход “Аав, ээж, би циркчин” шоу үзүүлбэрийн зурагт самбарууд энд тэндгүй хараг­дана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно бос­госон томоо гэгчийн дугуй цагаан асарт циркчид үзүүлбэрээ толилуулж байгаа аж. Үдээс өмнө биднийг очиход циркчид бэлтгэлээ хийж байсан юм. Биднийг очиход Хөгжим бүжгийн коллежийн циркийн ангийн төгсөх дамжааны оюутнууд “Устай аяга” үзүүлбэрээ давтаж байлаа. ХБК-ийн багш Х.Ганболд биднийг асарт орж ирснийг анзаарах сөхөөгүй хүүхдүүддээ заавар өгнө. Тэрээр “Наад олсоо дээш нь шидээд нуруугаа урагш бага зэрэг хотойлгож өг. Зүүн хөлөө урагш, баруун хөлөө ард нь тавь. Олсоо дээш шидчихээд байрнаасаа битгий хөдөл. Олсоо бууж ирэнгүүт голоос нь атгаж ав. Агаарт эргэлдэж байсан эрчийг нь алдуулалгүйгээр гар дээрээ тосч аваад эргүүлэхгүй бол ус чинь асгарна шүү” гээд хүүхдүүдийн барьсан хоёр үзүүрт нь устай аяга бэхэлсэн олсыг өөрөө эргүүлж байгаа аятай гараа толгой дээрээ хөдөлгөж байгаа харагдав. Тэрээр “Циркийн үзүүлбэрийг өдөр бүр давтаж байхгүй бол сурсан эрдэм “Сугаар гарахад амархан шүү дээ. Энэ бол гадаад хэл сурах, машин жолоодож чаддаг болохоос тэс ондоо. Ялангуяа тоглолтын үеэр шаргуу давтах хэрэгтэй. Би олсон дээр агаарын гимнастик хийж чаддаг болчихсон юм чинь хэд хоног амарч байгаад эргээд бэлтгэлдээ оръё гэвэл дахиад эхнээс нь суралцах хэрэгтэй болдог. Бүр агаарын гимнастик хийх нь бүү хэл олс үзүүлбэрийг дээрээ ч тогтож чадахгүй. Тэгээд ч бид үзэгчдийн өмнө алдах эрхгүй. Давт, давт, бас дахин давт гэдэг зарчмаар сургуулилтаа хийхээс аргагүй” гэсээр биднийг угтсан юм.

ХБК-ийн төгсөх ангийн оюутнууд болон “Circus Khadgaa” циркийн залуу уран бүтээлчид хөндлөн олс дээрх агаарын гимнастикийн гайхамшгийг хүүхдүүдэд мэдрүүлж байгаа аж. Устай аягыг олсны хоёр үзүүрт бэхлээд дусал ч ус асгалгүй агаарт болон гар дээрээ жонглёрдож эргүүлэхээс гадна ганц дугуйт унадаг дугуйг жийнгээ толгой дээрээ олон аяга давхарлаж явах зэрэг үзүүлбэрүүдийг толилуулах аж. Саяхан Германд зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн манай хос уран нугараачид ч явуулын циркт үзүүлбэр үзүүлнэ. Явуулын циркийнхэн хүрэлцэн ирэхээс гадна аварга могойн содон үзүүлбэрийг ч мөн хөтөлбөртөө багтаажээ. Хүүхдүүдийн шимтэн үзэх дуртай давхиж буй морин дээрх тэнцвэрийн үзүүлбэрээ ч мөн толилуулах аж. Тоглолтыг хүүхдүүдийн эчнээ танил Гонжий, Погжий хэмээх алиалагчид хөтлөн явуулж байгаа гэнэ. Улаан хамартай, намхан тарган Погжий, өндөр туранхай Гонжий нар хүүхдүүдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохиохоос гадна өөрсдийн элэг хөшөөм олон үзүүлбэрийг бэлджээ.

“Circus Khadgaa” циркийн захирал Ч.Хатанбаатар “Хүүхдийн баярыг тохиолдуулан манай циркийн хамт олон циркийн сургуулийн оюутнуудтай хамтран “Аав, ээж, би циркчин” шоугаа толилуулж байна. 20 гаруй циркчид оролцохоос дийлэнх нь залуу, шинэ уран бүтээлчид. Бид циркийн үзүүлбэрийг үзэгч хүүхдүүд, аав ээжтэйгээ хийж үзэх боломж олгож байгаараар маш онцлог. Тийм ч учраас “Аав, ээж, би циркчин” гэж нэрлэсэн юм. Манай шоуд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр давхиж буй морин дээрх тэнцвэрээ олж, аварга могойг хүзүүгээрээ ороож, яг л циркчин шиг үзүүлбэр хийж болохоороо онцлог. Циркийн үзүүлбэрийг хэн нь чадварлаг хийж чадахаараа хүүхдүүд хоорондоо өрсөлдөнө. Ялагч нь мэдээж шагналтай. Тэгээд ч циркийн уран үзүүлбэрийг дэргэдээс нь хараад сууж байгаа хүүхэд бүрт “Би үүнийг хийгээд үзх юмсан” гэсэн хүсэл оргилж байдаг. Тэр их хүслийг нь биелүүлэх боломжийг нь бид олгож байна. Баярынх нь өдрөөр хүүхдийн хүслийг биелүүлэхээс том бэлэг гэж юу байх билээ” гэсэн юм.

Зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус тоглолтын хүүхдийн тасалбар 5000 төгрөг бол томчуудынх 8000 төгрөг. Өнөөдөр 19.00,21.00 цагаас тоглох бол маргааш 15.00, 18.00, 21.00 цагаас тоглох юм байна. Харин хүүхдийн баяраар болон зургадугаар сарын 2-ны өдөр 12, 15, 19 цагаас тоглох гэнэ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Геологичдын алхны чимээ Алтайн хязгаараас сонстож эхэллээ

Монгол, Чехийн хамтарсан геологичид Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгийг судлахаар ажилдаа гараад тав хонож байна. Тэд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш мартагдах шахаад байсан геологичийн алх цүүний хангинах чимээг дахин сэрээж 1:50000-ны масштабтай геологийн зураглал, геохимийн эрлийн ажлыг гүйцэтгэх зорилготой. Мөн Монгол Алтай-50 талбайд ерөнхий эрэл хийж Монголын мэргэжилтнүүдийн мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг ч зохион байгуулах гэнэ. Өмнө нь геологичид цэг тус бүрдээ таван километрийн зайтай судалдаг байсан бол энэ жилээс эхлэн таван зуун метрийн зайтай торлолоор судалгааг явуулахаар болжээ. Ингэснээр газрын гүнд байгаа ганц ч орд орхигдож үлддэггүй сайн талтай. “Уул ус ухаж төнхлөө, лус савдаг сэрээлээ” гэж нэг хэсэг хийрхсээр хөгжлөө сааруулж, эдийн засаг нь мөнхийн хасах руу гүйх болсон монголчуудад энэ ажил сайн мэдээ болон ирж байна. Өмнө нь буюу 1957 оноос хоёр орны хамтарсан экспедиц Монгол орны зүүн, төв, хангайн бүсийг судалж Эрдэнэтийн зэсийн, Хэнтийн хүдрийн, Онгон хайрханы гянт болдын, “Чулуут цагаан дэл”-ийн жоншны гэх мэт олон ордыг нээн илрүүлсэн нь өнөө ч ард түмний бор хоногийг залгуулан сайхан түүх болон үргэлжилж байгаа.

Харамсалтай нь 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж юм бүхэн чөлөөтэй тавигдахад шинжлэх ухаан хумигдаж, бурангуй ёс дийлэн энэ салбар уналтад ороод байв. Үүн дээр нэмэх нь улс төр орж хайгуулын лицензийг ч хэрүүлийн бай болгон дайсан шиг үзэх болсон. Үүний үр дүн гэвэл “Хангай дэлхийн минь сахиусыг шар толгойтой бэдрээчүүд хөндчихлөө” хэмээн залбирч байгаа улс үндэстэн 21 дүгээр зуунд монголчуудаас өөр хаана ч байхгүй болж хоцров. Монгол, Чехийн хамтарсан экспедицийнхний араас ч ийм үг чулуудаж очсон нутаг орных нь ард иргэд янз муутай угтах хандлага өнгөрсөн тавхан өдөрт цухалзаж эхэлжээ. Хайгуулын өрөм тавих нь уяаны шон босгохтой, алх цүү хангинуулах нь аргамжааны гадас зоохтой дүйхүйц уршиг дагуулдаг. Харин хүртэх ашиг нь тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Уяаны шон дээр унааны морио сойхоос өөрийг хийдэггүй бол өрөм тавиад олсон орд улс орны хувь заяаг шийддэгийг хүн бүр л мэднэ. Зөвхөн нэг судалгаанд амьдралынхаа 10-20 жилийг зарцуулж үр дүнг нь улс үндэстэн тэр аяараа хүртдэг геологийн салбарынхныг бид л ойлгохгүй үлдэх шинжтэй. Геологичид Монгол орныг ухаж төнхөөд, монголчуудыг муриад голын цаана гарчихсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Тэдний гишгэсэн газар бүр хөгжин цэцэглэж байдгийг Дархан, Эрдэнэтийн жишээнээс бэлхнээ харж болно. Бид геологичдын тусаар Эрдэнэтийг нэг жаранд, Оюу толгойг нэг зуунд идэхээр үүцэлж ашиг шимийг хүртэж эхэлчихээд байна.

Уг нь монголчууд ийм байгаагүй. Монгол оронд 80-аад жилийн өмнө геологи хэмээх шинэ нэршил дуулдаж геологичид гэх хүмүүс анх хөл тавихад бидний өвөг дээдэс халуун цай, тавгийн идээгээ бариад угтаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Хамгийн бүдүүлэг харанхуй гэж цоллогдож байсан Монгол түмнийг геологичид, палентологичид, археологичид соён гэгээрүүлсэн гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л байх. Хот айлын ойролцоохон хайгуулын экспедиц буудаллаад явахад аав нь ангийн буу, алсын дуран, үр хүүхэд нь үсэг нүдэлж, унших номтой, гэрийн эзэгтэй аятайхан хоолны жортой, улс орон алт зэсийн том ордтой үлддэг байсан гэдэг. Хот айлын хүүхэд багачууд ч геологичидтой уулзаж ярилцахын тулд, дэлхий нийтийн сонин сайхныг сонсохын тулд цурам хийлгүй хоноод өглөө эрт хонио эргүүлэнгээ алхны дуу хангинан буй тэр л газарт давхиж хүрдэг байлаа. Монголын нэр хүндтэй олон ч зохиолчийн хүүрнэл, ном зохиолд хонь хариулж байгаагаа умартан геологийн экспидец дээр өнжөөд аавдаа загнуулж байсан тухай дурдагдсан байдаг даа. Шинэ сонин юм бүр геологичдын богцноос Монгол айлд үлддэг байж. Хүн төрөлхтөн бодож, сэтгэж эхэлсэн тэр л цагаасаа байгаа орчноо танин мэдэхийг эрмэлзэж геологич гэх мэргэжлийг бий болгосон учраас хавь ойрын хүмүүс ч тэдний хийж байгаа ажлыг хамгийн ихээр сонирхох нь зүй ёсны хэрэг биз. Тэд дэлхийн үүсэл, газрын давхарга, царцдас, хурдас чулуулгийн гарал үүсэл, бүтэц, тогтоц, физик, химийн шинж чанар тэдгээрийн хувьсал өөрчлөлт, эрдэс бодис, сариналыг судалж хүмүүсийн гайхширч байгаа бүх зүйлд хариулт хайж явсаар өнөөгийн хөгжилд хөтөлж ирсэн.

Харин манай улс нэг хэсэгтээ хайгуул, геологи гэдэг нэрийг хэлэхээс аль болох цэрвэж, хийж бүтээх, судалж шинжлэхийг хойш тавьж явлаа.Харин одоо хуучны сайхан үеийг санагдуулж, том ордуудын тоог нэмэхээр Монгол Чехийн геологичид баруун аймгуудад очоод байгаа нь энэ ажээ. Алтайн хязгаарын айл өрхүүд энэ зун хайгуулын алхны чимээнд хөгжил дэвшил, шинэ техник технологиудтай танилцсан шигээ зусах бололтой. Чех, Монголын хамтарсан экспедицийнхний ажил сонгууль дөхсөн үеийн улс төрөөс хол байж, эх орноороо популизм хийгсдийн хараанаас ангид үргэлжлэн үр дүнд хүрээсэй.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Б.Амарсанаа хүүгийн аз жаргал

Баасан гариг Б.Амарсанаа хүүгийн хувьд онцгой ач холбогдолтой өдөр байлаа. Энэ өдөр хүүгийн төрсөн өдөр төдийгүй сургуулийнхан түүнд онцгойлон хүндэтгэл үзүүлсэн юм. Учир нь хүү саяхан Тайваньд болсон Зүүн Азийн тусгай олимпоос хүрэл медаль хүртсэн. Нийслэлийн 70 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Б.Амарсанаа, “Билэг оюун” сургуулийн 10б ангийн сурагч Г.Бямбасүрэн нараар аав ээж ах дүү хамаатан садан, сургуулийнхан нь төдийгүй олон монгол хүн бахархаж буй. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг уг олимпод тэд Монголоо төлөөлж амжилттай оролцоод ирсэн юм. Тэд уг тэмцээнд боче хэмээх шинэ төрлийн спортоор өрсөлдөөд, зохион байгуулагч орны тамирчдыг 6:0-ээр буулгаж авсан гэнэ. Боче нь талбайн голд байрлуулсан цагаан бөмбөг рүү өөрсдийн өнгийн бөмбөгийг өнхрүүлэн төвд хамгийн ойрхон зогсоож чадсан нь ялагч болдог спорт юм байна. “Боче спорт хүүхдийн мэдрэмжийг сайжруулж, орон зайн баримжаатай болгохоос гадна тэнцвэрийг хөгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төдийгүй бусад хүүхдүүдэд ч ач тустай гэж 70 дугаар сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл хэлсэн. Тэрбээр сургууль дээрээ энэ спортыг хөгжүүлэхийг хүсч байгаа юм байна. Б.Амарсанаа хүүгийн ээж Д.Гэрлээгээс хүүгийнх нь талаар тодрууллаа. “Хүү чинь оюуны чадвар тун бага. Гурван настай хүүхдийн дайтай” гэж эмч нар түүнд хэлжээ. Тийм болоод ч тэр үү Б.Амарсанаа хүү хамаатан садныхаа багачуудтай тоглох дуртай аж. Б.Амарсанаа хүүгийн хувьд уншиж бичих сурах нь амаргүй даваа ч бие бялдрын хөгжил сайтай учраас спортод амжилт үзүүлж яваа. Хүү мөн Монголынхоо тусгай олимпод оролцож, 50 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль авсан гэнэ. Тэр бас сургуулийнхаа сагсны секцэнд явдаг.

Боче хэмээх шинэ спортод монголчууд амжилт гаргах боломжтой нь харагдсан ч дасгал сургуулилт хийх боломж хомс, тусгай зориулалтын талбай шаарддаг онцлогтой юм байна. Гэсэн ч хүүгийн эмээ өвөө, гэрийнхэн ньтуслаж дэмждэг аж. Б.Амарсанаа хүүг аутизмтай гэдгийг гэрийнхэн нь өнгөрсөн жил л мэджээ. Солонгосоос ирсэн эмч нарт үзүүлж байж л оношоо бүрэн тогтоолгосон гэнэ. Хүүгээ нэг л болохгүй байгааг ойлгосон ээж нь багш нартай нь уулзаж, эмч нарт хандаж, төрийн бус байгууллагаас ч мэдээлэл авч эрэл хайгуул хийсээр өнөөг хүрчээ. Хүүхдүүдийг Тайвань руу эцэг эхчүүд нь өөрсдийн зардлаар авч явсан гэнэ. Монголын Тусгай олимпийн хорооноос Б.Амарсанаа хүүгийн ээж рүү утасдаж, ийм тэмцээнд оролцох уу хэмээн лавлахад “Би хүүтэйгээ оролцох боломжтой. Олдсон боломж болгоныг ашиглана” гэж хэлсэн аж. Хүүгийнхээ төлөө бүхнийг хийдэг ээжтэй болохоор Б.Амарсанаа жаргалтай яваад эргэлзэхгүй байна.

Аутизмтай гэж өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг оношилдог. Хэрэв Б.Амарсанаа хүүд өөрийнх нь дуртай орчинг бүрдүүлж өгч чадвал хүү аз жаргалтай амьдарна. Өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг өөрчлөх, засахгэж оролдохын оронд орчин тойронд нь байгаа хүмүүсийг, амьдрах орчныг нь түүнд зохицуулж өөрчлөх нь хялбар гэж зарим мэргэжилтнүүд үздэг юм билээ. Хэрэв түүнд хөгжих боломжийг олговол Б.Амарсанаа хүү эх орныхоо нэрийг гаргаж чадна. Хамгийн чухал нь Б.Амарсанаа хүү, түүнтэй адил оюуны бэрхшээлтэй олон хүүхэд жаргалтай амьдраасай билээ. Ойлгож, мэдэрч, дэмжиж чадах хүмүүс ойр тойронд нь олон байгаасай хэмээн ерөөе.

Б.ЯНЖМАА