Categories
мэдээ нийгэм

Орон нутагт гал түймрийн гурван дуудлагатай байв

Өчигдөр гал түймрийн гурван дуудлагатай байжээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Ханжаргалан”-гийн 7 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-н амбаар шатаж байсныг есөн аврагч унтраажээ. Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн задгайд иргэн Д-н хураалттай байсан өвс шатаж байсныг унтраасан байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны 10 дугаар орцын жижүүрийн өрөөнд эд зүйлс шатаж байсныг мөн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгайчид facebook-ээр “захиалга” авдаг байжээ

“Тоёота Приус” маркийн автомашины толь, дугуйг хулгайч нар хамгийн ихээр онилдог болох нь судалгаа, шалгалтын явцад тогтоогдоод буй юм. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газраас дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран энэ төрлийн гэмт хэрэг, хулгайн эд зүйлсийг худалдан авагч ченжүүдийг нь илрүүлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор “Толь” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан аж. Энэ арга хэмжээний үр дүнд тээврийн хэрэгсэл ашиглан автомашины дугуй, толь хулгайлдаг 45 үйлдэлтэй гурван бүлэг этгээдийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлжээ. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй 2-3 бүлгийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Бидэнд олдсон мэдээллээр тэдгээр бүлгийн нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, нөгөө нь Баянгол, Сонгинохайрхан дүүргээс, гурав дахь нь тус дүүргээс гадна Баянзүрх дүүргийн нутагт байрныхаа гадаа орхисон автомашинуудыг тонодог байснаа хүлээгээд байгаа аж. Нэг бүлгээс л гэхэд 30 гаруй үйлдэл тогтоогджээ. Дээрх гэмт этгээдүүд фэйсбүүкийн “Приус” маркийн автомашин эзэмшигчдийн группэд нэгдэж, тийм машины эд зүйл авах зарыг нь харж байгаад хулгай хийж, зардаг байсан гэнэ. Гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг худалдаж авсан хүмүүсийг ч хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж “Хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд өөрсдөө хохирч, цаашлаад хариуцлага хүлээнэ” гэдгийг анхааруулсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Женерал моторс”-ын ажилтнаас “Рио”-гийн захирал болсон Сэм Уолш

Рио тинто” группийн номер нэг хүн учраас Сэм Уолш дэлхийн эрхэм. Саяхан Монголд ирээд буцсан түүнийг уншигчдадаа танилцуулъя. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчгэдэг утгаараа тэр аль хэдийнэ монголчуудын анхааралд орсон хүмүүсийн нэг.

Сэм Уолш 1949 оны арванхоёрдугаар сарын 27-нд Австралийн Миддл Брайтонд төржээ. Дунд сургуулиа тэндээ төгсөөд Мельбурний их сургуулийг зорьж. Одоо “Рио тинто” группын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Лондонд эхнэр Лианнтайгаа амьдардаг. Бен, Каролин, Том гэсэн гурван хүүхэдтэй. Дөрвөн ач, зээгийн өвөө.

Тэр аав, ээжээс тавуулаа. Багадаа христийн шашинтай айлын хүүхдүүдтэй адил долоо хоног бүр сүмд явдаг байж. Скаутын идэвхтэй гишүүн, төгөлдөр хуур, бүрээ дажгүй тоглочихдог хүү байжээ. 15 настай байхад ньаав нь хүндээр өвдөж, олон удаагийн хагалгаанд орсны эцэст зүрхний шигдээсээр нас баржээ. Тэр хожим нь “Аавыг нас барахад бүх зүйл өөрчлөгдсөн. Миний ээж чек огт бичиж үзээгүй, тооцооны хуудастай ч харьцаж чаддаггүй байсан. Тиймээс бүхнийг хийхээс аргагүй болсон доо. Гэрийнхээ санхүүг хариуцаж, эцэстээ гэр бүлээ толгойлох болсон. Хүн маш их зүйл алддаг, аавыгаа алдвалтэр мундаг хүний санаа, зөвлөмж гээд бүхнийг алддаг гэдгийг би тэр үед яс махандаа тултал ухаарсан. Алдвал дахиж хэзээ ч буцааж авч чадахгүй зүйл гэж байдаг гэдгийг мэдэрсэн. Өнгөрсөн амьдралаа эргээд бодоход намайг хэтэрхий эрт гүн хавцал руу шидсэн юм шиг санагддаг. Гэхдээ би хөл алдаагүй ” гэж дурссан нь бий.

Сэм Уолш Мелбурьний их сургуулийг Худалдааны чиглэлээр төгссөнийхөө дараа General Motors-д дадлагын ажилтнаар орж ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 20 жилийн турш автомашины салбарт ажилласан гэсэн өгүүлбэр намтарт нь бичээтэй бий. Тэрээр General Motors болон Nissan Australia-д томоохон албан тушаалууд хашсан нэгэн. “Рио Тинто”-д ажиллаж эхэлсэн үе нь 1991 он. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох “Рио тинто”-д тэрудирдах түвшний олон алба хашсан. Австрали, Канад, Гвиней, Энэтхэг зэрэг орнуудад ажиллаж томоохонд төслүүдийг удирдаж байсныг намтраас нь харж болно. Түүнийг урлагт элэгтэй гэдгийг нь ойр хүрээнийхэн нь андахгүй. Төсөл хэрэгжүүлж байсан улсууд нь ч урлагт хайртай энэ эрхмийн дэмжлэгийг авсан нь цөөнгүй. Жишээ нь тэр Пертэд амьдрарч байхдаа Баруун Австралийн урлагийг ихэд дэмжсэн байдаг.

“Рио тинто” хоёр жил дараалан 22 тэрбум ам.долларын алдагдалд орсон хүнд хэцүү үедээ түүнийг захирлаар томилсон юм. Сэм Уолш “Рио”-г удирдахаасаа өмнө группынхээ төмрийн хүдрийн бүлгийн захирлын албыг хашиж байж. Төмрийн хүдрийн бүлгийг тэргүүлж байхдаа Баруун Австралийн Пилбарад уурхайн амжилтыг урьдчилан харж чадсан гэж группынхэн нь үнэлдэг. Ажиллаж байх үед нь “Рио”-гийн төмрийн хүдрийн бизнес цэцэглэж, группын цэвэр ашгийн 80 хувийг эзэлж байж.

“Рио”-гийн захирлаар ажилласан эхний жилдээ л гурван тэрбумын алдагдалтай ажиллаж байсан компанийг 3.7 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг компани болгож чадсан чадварлаг удирдагч. Өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан компанийн жилийн тайланг сонирхоход Сэм Уолш 9.1 сая ам.долларын цалин авсан гэсэн тоо дурайж байна. Түүний 2012 онд олсон орлого нь 6.3 сая ам.доллар. Орлогоо 44 хувиар өсгөсөн гэсэн үг. Харин Сэм Уолшийн өмнөх захирал Том Албаниз 6.7 сая ам.долларын цалин авч байж. Компанийн зүгээс “Сэм Уолш бидний таамаглаж байснаас илүү ажиллалаа. Тэр өнгөрсөн жил зардлаа хоёр тэрбумаар багасгана гэж амласан. Амласандаа хүрч зардлыг 2.3 тэрбум ам.доллараар багасгачихлаа. Хайгуул болон хөгжлийн зардлыг 750 сая ам.доллараар бууруулна гэсэн. Гэтэл нэг тэрбум ам.доллараар бууруулж чадлаа. Хөрөнгийн зардлыг 17.5 тэрбум ам.доллараас 13 тэрбум болгож бууруулна гэж амласан. Мөн л зорилгодоо хүрлээ” хэмээн дүгнэсэн нь бий. “Рио”-гийн зүгээс түүнтэй гурван жилийн гэрээ байгуулсан юм.

Сэм Уолш дэлхийд хоёрт жагсдаг уул уурхайн компанийн захирлынхаа хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Их хорийн уулзалтын үеэр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах АНУ, Хятадын хоорондын хэлэлцээрийг найрсгаар хүлээн авсан байдаг. Нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг шийдвэрлэх гол түлхүүр нь технологийн дэвшилд анхаарах гэж тэр үздэг. “Манай группсүүлийн таван жилд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 25 хувиар бууруулсан” гэж тэрээр мэдэгдэж байв. “Рио” 100 сая ам.долларыг нүүрсхүчлийн хийг бууруулах ажилд зарсан гэх статистик бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвлийн хүлэмжний гүзээлзгэнэ, өргөст хэмхний ургац хураалт эхэлжээ

Энэ удаад “Өдрийн сур­валж­лага“-аа Төв аймгаас бэлтгэлээ. Тус аймгийн төвөөс урагш дөрвөн километрийн зайд Нисэх гэх газарт “Атрын шим” компанийн хүлэмжүүд байрладаг. Одоогоор өв­лийн хоёр хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, цагаан лууван, тарвас, сонгино зэрэг ногоонууд тариалж байна. Зуны хүлэмжүүддээ тарих ногооны үрсэлгээнүүдээ ч хий­гээд дуусчээ. Энэ сарын эхээр гүзээлзгэнээ, цэргийн баярын үеэс өргөст хэмхээ хурааж эхэлжээ. Монголчуудын хувьд жилдээ ганц удаа ургац хураан авч, эртийн ногоогоо зургадугаар сарын сүүлчээс хоол хүнсэндээ хэрэглэж эхэлдэг. Харин өвлийн хүлэмжтэй болсноор гуравдугаар сард эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан шүүслэг өргөст хэмх, амтат гүзээлзгэнэ амтална гэдэг сайхан явдал гэж “Атрын шим” компанийн захирал Д.Хү­рэл­баатар ярилаа. Төв аймгийн Зуунмод хот БНСУ-ын Ганвондо мужтай харилцаатай учир төслийн шугамаар тус улсаас ногооны үрнүүдээ авдаг юм байна.

“Атрын шим” компанийн хүлэмжинд ургаж байгаа өргөст хэмх, улаан лооль, хулуу, чинжүү, тарвас, гүзээлзгэнэ, сонгино, шар, цагаан лууван, цоо байцаа, навчит ногоо зэрэг арав гаруй нэр төрлийн нарийн ногоо бүгд Солонгосын дээд зэрэглэлийн үрээр тарьсан гэдгээрээ онцлог.

Д.Хүрэлбаатар захирлын гэргий Т.Баярхүү нь аймгийнхаа агрономичоор олон жил ажиллахдаа төмс хүнсний ногооны тариалалтыг хариуцдаг байж. Зах зээл гарч хувиараа төмс хүнсний ногоо тариалж компани байгуулж 2005 оноос хүлэмжний аж ахуй эрхэлсэн гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд өвлийн анхны хүлэмжээ хүлээн авч тариалалтаа эхэлсэн бол цагаан сарын дараагаар хоёр дахь хүлэмжиндээ тариалалтаа хийжээ. Өнөө жил өвөл харьцангуй дулаан байсан учир тариалалт хэвийн, санаснаар нь байгаа гэж агрономич Т.Баярхүү ярьж байлаа.

Өвлийн эхний хүлэмж ашиглалтад оронгуут болц богинотой гэдгээр нь бууцай, юцай тариалаад хураагаад авчихсан байна. Тэгээд дараа нь улаан лооль тариалсан нь ирэх тавдугаар сарын эхээр ургацаа өгөх юм байна. Өвлийн хоёр хүлэмж нийлээд 1000 метр квадрат талбайтай. Эднийх өвлийн хүлэмжнээс гадны зуны хэд хэдэн хүлэмжтэй юм байна. Жилдээ дунджаар 60-70 тонн ургац хураадаг гэнэ.

Өвлийн хүлэмж ажиллуулахад температураа хянаж, тохиргоог нь хийх нь хамгийн чухал. Бага оврын зуухтай учир хүлэмжүүдээ нүүрсээр халаана. Шөнөдөө хоёр удаа галладаг бол зарим хүйтэн үед өдөртөө галлах тохиолдол бий гэсэн. Хүлэмжинд ногоо тарихад температурыг нь тохируулчихвал ногоо өөрөө ургачихна. Эднийх өвлийн хүлэмжгүй байхдаа зуны хүлэмжинд өргөст хэмх тариалаад зургадугаар сарын аравдаар эхний ургацаа хураадаг байж. Гэтэл өвлийн хүлэмжтэй болсноор гурван сарын өмнө өргөст хэмх хураан авч байна. Тарваснууд нь долдугаар сарын дундаас хойш боловсорч гүйцэх гэнэ. Өргөст хэмхээ кг-ыг нь 5000 төгрөгөөр, гүзээлзгэнээ кг-ыг нь 35-40 мянган төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм байна. Халаалтын зардал их байгаа учир гүзээлзгэнийн үнэ харьцангуй өндөр сонсогдож байгаа ч дулаараад ирвэл 20-25 мянган төгрөг болгож хямдруулах аж.

“Атрын шим” компани шинэ ногоонуудаа аль болох ченжүүдийн гарт өгчихгүйгээр ард иргэддээ бөөний үнээр шууд хүргэх бодолтой байдаг гэсэн. Ургац арвижаад ирэхээр аймгийнхаа төвд ногооны мухлагаа ажиллуулаад ард иргэддээ ногоогоо бөөний үнээр нь зардаг юм байна. Харин Улаанбаатар хотод хаана л зах зээл байна тэнд нь аваачаад бөөний үнээр өгдөг гэнэ. Гэхдээ “Мерикури”, “Саруул” захад голдуу ногоогоо нийлүүлдэг юм байна. Хүлэмжинд ургадаг ногоо түргэн муудах хандлагатай байдаг учир ургацаа хураангуут шууд хэрэглэгчдэд нь хүргэдэг шуурхай үйл ажиллагаа хэрэгтэй. Гэвч манайд ийм үйлчилгээ хараахан үгүй. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид зүдэрч тарьсан ногоогоо өөрсдөө ачиж яваад энд тэнд бөөний үнээр өгчихдөг болохоор ашиг гэж нэг их шалихгүй. Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо нийслэл хотод ногоочдынхоо ногоог борлуулдаг нэгдсэн худалдааны төв гаргаж өгөхийг харьяа яамнаас хүссэн гэнэ. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хувьд ногоогоо яаж ийгээд тарьж ургуулчихдаг ч авсан ургацаа борлуулах, худалдан авагчдад хүргэх систем байдаггүйд сэтгэл дундуур байдаг гэсэн.

Т.Баярхүү агрономич “Би гучин жил агрономичийн ажил хийлээ. Хүн чинь их давруу сэтгэлтэй юм билээ. Би анх ил талбайд ногоо тариад болдог л байсан. Гэтэл хүлэмжийн аж ахуй эрхэлснээсээ хойш болбол хүлэмжинд ногоо тарьж, хүлэмжээ өргөжүүлье гэсэн бодолтой болчихсон. Ил талбай болон хүлэмжинд ургаж байгаа ногоог хооронд нь харьцуулшгүй. Хүлэмжинд байгаа ногоо бол таван одтой зочид буудалд, тансаг орчинд ургаж байгаа. Харин гадаа ургаж байгаа ногоо шөнийн хүйтэн, өдрийн аагим халуун, хаврын хуурай салхинд өртөөд үнэндээ ядран байж ургадаг юм. Хүлэмжинд байсан ногоог гадаа суулгачихвал салхинд ханарч унаад өнгө зүсээ алдчихдаг. Байцаа, сонгино гээд гадаа ургадаг ногоог харахаар өрөвдөлтэй санагддаг. Манай нөхөр бид хоёр чинь үр хүүхдүүдээ гэхээсээ илүүтэй энэ хэдэн ногоондоо санаа тавина. Манай ногоочид ч ялгаагүй ажилдаа сэтгэлтэй ханддаг” юм гэж ярилаа. Эдний компани ногоочин, агрономич, захирал, сахиул, борлуулагч гээд нийт 12-уулаа. “Арвин их ургац хураан авч, Монголдоо юм хийхсэн гэж боддог юм. Заавал гадны ямар нэг улсын хараат болохгүйгээр өөрсдөө ногоогоо тарих боломж байна. Монголчууд хүлэмжиндээ ногоо ургуулаад сурчихвал хятадаас ногоо оруулж ирээд байх шаардлагагүй болно. Хүлэмжийн аж ахуй хөгжчихвөл гурван сая иргэнээ өвөл, зунгүй эрүүл ногоогоор хангахсан гэж их хүсдэг юм. Энэ бол миний мөрөөдөл юм шүү” хэмээн Т.Баярхүү агрономич өгүүлээд “Хүлэмжинд ногоо тарих их урамтай. Ялангуяа манай орон шиг нартай, нарлаг оронд хүлэмжийн аж ахуй их тохиромжтой” гэлээ.

“Атрын шим” компанийн байгуулсан өвлийн хоёр хүлэмжийг сонирхох гэж манай орны өнцөг булан бүрээс ногоочид ирж байгаа гэнэ. Зарим нь утсаар ярьж зөвлөгөө авч байгаа аж. Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар, Дундговийнхон энд ирж хүлэмжтэй нь танилцсан бол Багануураас хэдэн хүн удахгүй ирж зөвлөгөө авахаа мэдэгдсэн бол Хэнтий аймгаас ч ногоочид утсаар холбогдсон гэнэ.

Эдний нэг тарвас дунджаар долоон кг хүрдэг гэнэ. Зарим хүмүүс утсаар ярьж, зарим нь хүлэмжинд нь хүрч ирээд тарвас хураах үеэр төдөн кг-ыг авна шүү гэж захиалчихаад явдаг гэсэн. Аманд оронгуутаа хайлдаг, амттай тарвас тарьдаг нууцаа ердөө л Монголын шимтэй хөрс шороотой холбоотой гэж байлаа.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

“Монос” дээд сургууль өргөжин, Монголын анхны Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль боллоо

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал, доктор, профессор Л.Цэрэндуламтай ярилц­лаа.

-“Монос” дээд сургууль нь Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон тухай сонслоо. Хэзээ ийм шийдвэр гараа вэ?

-Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 80 тоот тушаалаар ийм шийдвэр гарсан. Энэ оны 3 сарын 25-наас эхлэн “Монос” дээд сургууль нь Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болж байна.

Их сургууль болсноор чухам ямар өөрчлөлтүүд гарахвэ? Ямар давуу талтай юм бол?

-Нилээн хэд хэдэн чухал өөрчлөлтүүд гарна.Хамгийн гол нь гэвэл зөвхөн “Монос” дээд сургууль өргөжиж буй төдийгүй Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Монгол улсад анх удаагаа үүсэн байгуулагдаж байгаа юм.

Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсноор Эм зүйн шинжлэх ухааны цаашдын өсөлт, хөгжилтөнд томоохон нөлөө үзүүлж, хөгжлийн бааз суурь нь болно гэж харж байгаа. Манай сургууль болон Эм судлалын хүрээлэн, “Монос” Эмийн үйлдвэр гурав хамтраад Эм зүйн Шинжлэх Ухааны их сургууль болж өөрчлөгдөж байна. Ингэснээр үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ хосолсон цогц нэгдлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Жишээлбэл манай сургуулийн багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажилд түлхүү оролцох боломж нь нээгдэнэ. Бид эм судлалын хүрээлэндээ судалгаа, шинжилгээний ажлаа явуулаад , судалгаа шинжилгээний ажлынхааүр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө төлөвлөж буй ажлуудаа хэрэгжүүлэхэд илүү дөхөм болно. Үүний зэрэгцээгээр эм судлалын хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд манай сургуульд багшилна.Товчхондоо бол бидний хамтын ажиллагаа хөгжинө. Мөн сургалтанд ашигтай шийдлүүд гарахад дөхөм болно. Ер нь сүүлийн үед олон улсын хэмжээнд төгсөгчиддөө мэргэжлийн онолын мэдлэгээс гадна практик чадварыг түлхүү эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Жишээлбэл: АНУ–ын Эм зүйн сургуулиуд онол дадлагын хичээлийн харьцааг 50:50 хувьтай болгох зорилт тавьж байгаа. Тэгэхээр бид ч гэсэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн сургалтаа чиглүүлж буй нь энэ бөгөөдманай оюутнууд эмийн үйлдвэр дээр яг гардан очиж, танилцах, хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа юм. Мөн манайх гадаадын нэр бүхий их, дээд сургуулиудтай хамтран 3+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Их сургууль болсноор гадаад харилцааны чиглэлд ч томоохон ахиц гарах юм.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль яг хич­нээн мэргэжлээр сургалт явуулж байна вэ?

-ЭЗШУ-ны сургуулийн бүрэл­дэхүүнд байдаг “Монос” сургууль нь одоогийн байдлаар эм зүйч мэргэжлээр 5 жилээр сурган, төгсгөж байгаа. Мөн эрүүл мэндийн эдийн засаг руу чиглэсэн нягтлан бодох бүртгэлийн ангид 4 жил сургаж байна. Уламжлалт анагаах ухааны сургууль маань уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр оюутан 6 жи­лээр сургажбайна. Эмийн үйлдвэрийн инженер, технологийн ангийг Монгол улсад анх удаагаа нээсэн байгаа. Эмийн үйлдвэрийн инженер, технологийн анги маань Солонгос улсын Олон улсын их сургуультай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Оюутнууд маань энд 3 жил, Солонгост 2 жил сураад хоёр орны дипломтай төгсөх бүрэн боломтой. Бид саяхануг сургуулийн бүх материаллаг баазтай нарийвчлан танилцахын сацуу эндээс очиж буй оюутнуудаа байранд үнэгүй суулгах , эхний6 сарын дараа ажиллах эрх олгох, сургалтын төлбөрөөс 18-20 хувь хөнгөлөх зэрэг гэрээнүүдийг хийгээд ирсэн. Одоо зөвхөн оюутнууд маань сайн сурах, Солонгос хэлийг сайн эзэмших лүлдэж байна. Манай оюутнууд маань ч сайн суралцаж байгаа. Нэг жил Монголдоо сурч буй оюутнууд маань гэхэд л одоо Солонгос хэлээр чөлөөтэй ярьж байна.

Танай төгсөгчдөөс ажлын байраар хангагдах явдал хэдэн хувьтай байдаг юм бэ?

-“Монос” дээд сургууль байгуулагдсанаас хойш ажлын байраар хангагдах явдал маш өндөр хувьтай байж ирсэн. Өнгөрсөн онд гэхэд л нийт төгсөгчдийн 98 хувь нь ажлын байраар хангагдсан. Үлдсэн хувь нь жирэмсний амралт юм уу хүүхдээ асрах гэх мэт шалтгаанаар л хамрагдаагүй байдаг. Түүнээс ор ажлын байргүй хүн байдаггүй. Ажлын байр маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Манай төгсөгчдийн 25-30 хувь нь зөвхөн “Монос”-доо ажилд ордог. Үлдсэн оюутнуудын хувьд Монгол улсын томоохон эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн сүлжээнүүд, үйлдвэр, эмнэлгүүдэд ажиллах боломжтой. Зарим компаниуд манай оюутнуудыг эртнээс судалж, тэдний сургалтын төлбөрийг төлж, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж байна.

Хаврын элсэлтийн шалгалтууд тун удахгүй эхлэх гэж байна. Нэг үеэ бодвол охид, хөвгүүд маань нарийн мэргэжил эзэмшихийг эрмэлздэг болжээ. Та эм зүйн салбарт 40 шахам жил ажилласан хүний хувьд эм зүйч мэргэжлийг сонирхож буй сурагчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Би анх 10 жилийн сургууль төгсөөд хуульч болъё гэж боддог байсан. Гэхдээ химийн багшийнхаа зөвлөсний дагуу эм зүйч мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжлийг сонгосноороо үргэлж бахархаж явдаг. Яагаад гэвэл эм зүйч мэргэжил дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн 11-д явдаг юм. Нөгөө талаар хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэдэг. Эмч хүн эмгүйгээр зэвсэггүй дайчинтай адил гэдэг. Тэгвэл эмзүйч хүн эмч нартаа сайн чанартай зэвсгийг бэлдэж, зөв хэрэглүүлэхгүй бол болохгүй гэдгийг дандаа санаж явах хэрэгтэй.

Сүүлийн үед энэ салбар маш их хөгжиж байна. Ингэхдээ биотехнологи, нанотехнологи талруугаа түлхүү хөгжиж байгаа. Дэлхийн эмийн зах зээл 2020 он гэхэд 1.5 триллион долларт хүрэх төлөв байгаа.Улс орнууд биотехнологийн үйлдвэр олноор байгуулж байна. Ялангуяа хөгжлийн төв нь Зүүн Өмнөд Азид төвлөрөх прогноз гарсан байна билээ. Ингээд бодохоор ирээдүйн эм зүйчдэд асар их боломж нээгдэж байна. Нөгөө талаар манай ард түмэн эм зүйн асар их баялаг өвтэй. Монголынхоо газар шороонд ургасан ургамал, эрдэс, малын эд эсийг ашиглаад дэлхийд гайхагдсан эм бүтээх боломж байгаа шүү. Энэ сайхан боломжийг ашиглаж, мэргэжлээ зөв сонгоорой, сонгосон мэргэжлээ сайн эзэмшээрэй, сайхан Монгол орныхоо хөгжлийг бүтээсэн эзэд нь байгаарай гэж залуучууддаа хэлье.

М.ГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малтай байсан бол Сибирийг цатгах байлаа

Нээрээ, малтай байсан бол Оросыг үгүй юм гэхэд Сибирийг цатгах байсан юм. Өмнөх жил нь 45 сая, өнгөрсөн арванхоёрдугаар сард 52 сая толгой мал тоолуулсан монгол хүн байж ийм утгагүй зүйл яриад гэх хүмүүс гарч магад юм. Үнэндээ, бид 52 сая толгой малаасаа жилд 8-9 сая толгой малыг нь хүнсэндээ хэрэглэж, 250 орчим мянган тн мах үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангачихдаг. Гэхдээ мал аж ахуйн орон гэж өөрсдөөрөө сайрхдаг малч монгол үндэстэн бид махаараа хоёр хөрштэйгөө үгүй юм гэхэд, мах гаргаж байсан уламжлалтай Орос руу, энэ гүрний нэгээхэн хэсэгт нь мах гаргаж, наймаа хийж чадахгүй бол ямар хэрэг байхсан билээ. Сүүлийн үед Оросын Сибирийн иргэд махны бараа харахгүй уджээ гэгдэх болов. “Орост махны үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ навс уналаа” гэсэн яриа бидэнд нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Мэдээж, энэ бүс нутагт хөдөө аж ахуйн тусгай бодлоготой, өөрсдийн хэрэгцээний мах махан бүтээгдэхүүн хийдэг томоохон үйлдвэрүүдтэй. Гэхдээ л махны хэрэгцээ ямагт байсаар. Алс Дорнодынхон Москва орчмын баячууд шиг үнэтэй мах хэрэглэж чадахгүй ч, боломжийн үнээр мах авч идэхийг ямагт хүсч байдаг. Ямартай л, Улаан-Үдийнхэн визгүй зорчоод ирж байгаа монголчуудыг “Яаж ийгээд хэдэн кг мах оруулаад ирэхгүй. Танай махны амт сайхан, авахын тулд бид байгаагаа гүвнэ ш дээ” гээд ярьж байхав. Оросууд өөрсдөө үхэр ихтэй ч гаднаас ихээхэн хэмжээний үхрийн мах импортолж авдаг. Гэхдээ түүнийгээ бүр тив алгасан, Өмнөд Америкаас голдуу авч байна. Бразил, Аргентин, Уругвай тэгээд Австралиас худалдан авч байна. Импортын 90 хувь нь Латин Америк, 3,5 хувь нь Австралиас авдаг гэсэн тоо бий.

Дэргэд нь дутахгүй сайхан амт чанартай, үнэ хямд Монголын зах зээл байхад тэр холоос идэх хоолоо зөөсөөр. Москвагийн дэлгүүрүүдэд кг үхрийн мах бараг 50 ам.доллар хүрсэн гэж дуулдах юм. Өнгөрсөн хавар Австралиас авах үхрийн мах дээр хориг тавьснаас болж кг нь 23 ам.доллар байснаа 45 ам.долларт хүрсэн мэдээлэл явж байсан. Тэгэхээр кг мах бараг 100 мянган төгрөг гэсэн үг шүү дээ. Бидний хувьд махтай, малтай гээд л байдаг. Гадагшаа гаргаж мөнгө олох мах нь ч, мал нь ч үгүй юм даа.

Бидний 50 гаруй сая малын дийлэнх нь бог мал. Бараг 46 сая орчим нь хонь, ямаа. Тэгэхээр бидэнд махны экспортод гаргах мал бараг алга. Тэмээ, адууны мах идэх, идэхгүй улс орнууд их учраас хамгийн таваарлаг мал бол яах аргагүй гагц үхэр болдог. Харин манай үхрийн тоо толгой 3.4 сая. 2013 онд 2.9 сая байснаа бодвол овоо өсчээ. Энэтхэг 200 сая хол давсан үхрээрээ дэлхийд тэргүүлдэг бол, Бразилд 180 сая, Хятадад 100 гаруй сая орчим үхэр бий. Үхрийн махны эскпортоороо АНУ, Бразил, Европын холбоо, Хятад, Аргентин улсууд тэргүүлнэ. Үхрийн махны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог АНУ-ын Калифорнид хар тарлан үнээнүүд нь хар шоргоолж шиг бэлчиж явдгийг тэнд очсон хүмүүс мэднэ дээ. Улс орон бүр өөр, өөрийн онцлог, арга барилаар энэ бизнесээ тэлж өргөжүүлж ирсэн байдаг. Тэр дундаа Аргентины махны худалдаа, мах боловсруулах уламжлал алдартай. Аргентин үхрийн махаараа орлого олж, үүнийг өөрийн брэнд болгох тал дээр үнэхээр ажиллаж чадсан гүрэн гэгдэж байна. Үнэндээ үхэр бол Латин Америкийн уугуул амьтан ч биш. 1536 онд Испанийн колоничлогчид анх аваачиж, өсгөж үржүүлсэн мал юм билээ. Гэтэл энэ улс үхрийг үржүүлж, махны чиглэлд ажил болгожтавь гаруй сая үхэртэй болж чадсанаар дэлхийн улс гүрнүүдэд энэхүү үхрийн махаа борлуулж мөнгө олж чадаж байна. Харин бид хэдэн зуунаар мал дагаж амьдарсан, мал аж ахуйн орон гээд байдаг мөртлөө хөрш хавийнхандаа зарж борлуулаад мөнгө болгочих үнхэлцэгт чихсэн үхрийн чинээний мах ч байхгүй сууж байх жишээтэй. Нөгөө хүн амын тоондоо харьцуулаад бодохоор хөөр төрүүлээд байдаг тоо томшгүй олон сая малын маань 89 хувь нь хонь, ямаа юм байна. Таваарлаг бус, тоо толгой их учраас хүн хүч, хөдөлмөр хөлс их зарцуулдаг амьтад. Монголд мах, махан бүтээгдэхүүний нөөц их боловч сүргийн бүтцэд маань экспортын чиглэлийн үхэр, адууны тоо бага. Хонь, ямаан дээр дотоодын нөөц их ч үүнийгээ худалдаалах гадаад зах зээлээ олж чадаагүй, гарц нь бусад орны малын махнаас бага. Угаасаа махны чиглэлээр төрөлжсөн үүлдэр угсаа байхгүй гэхэд хилсдэхгүй. Дэлхийн хонь, ямааны тоо 1.7 тэрбум, үхрийн тоо 1.3 тэрбум гэсэн харьцаатай байна. Харин манайд бараг 90 хувь нь бог мал.

Энэ байгаа малаараа бид Алс Дорнодын хязгаарын нэг хотын хүмүүсийн хэрэглээг хангаж чадах уу гэдэг асуудал ч яригдана. Харин үхэртэй бол өөр хэрэг. Махны гарц ихтэй энэ амьтан бэлчээрлэх тал нутаг байвал үржээд байдаг гэлцдэг. Гэтэл манайд чинь сая шатаад сүйд болоод байсан Мэнэнгийн тал, наашлаад Төв аймгийн урдах тал, тэгээд Баянхонгорын тал гээд энд тэндгүй л тал байна. Аргентинчууд гэхэд л мөнгө олж өгөөд байгаа энэ их үхрээ Пампас талдаа өсгөөд авсан байдаг юм шүү дээ. Сибирийн ой тайгад мал бэлчээрлүүлээд, таван хошуу мал үржүүлээд байх боломж муу. Дээрээс нь хүйтэн уур амьсгалд амьдардаг хүмүүс мах идэж, байгалийн шалгарлаараа үлдэх ёстой болж таарна. Тэгэхээр нэгэнт бидэнд зах зээл нь байна. Юун уул уурхай, гадны хөрөнгө оруулалтыг хүлээж суух. Харин ч бид зах зээлээ мэдэрч, энэ чиглэлд ажиллаж эхэлбэл боломж их байна. Хөрш зэргэлдээ улс орнууд, айл өрхүүд хажуу хавийнхаа нөхрийн юу байхгүй, юунд дуртайг мэдэж түүнийг нь хийж зарж мөнгө олдог энгийн наймааны зарчим байдаг. Маниас бусад үүнийг мэдчихээд хэдэн зуун жилээр толгойгоо гашилгаж, хөлсөө урсгаж одоо түүгээрээ мөнгө олж байхад монголчууд бид л үүнийг бодолцохгүй толгой дээгүүр хийсээд байвал дэндүү харамсалтай. Гэхдээ хоцорно гэдэг ор байхгүйгээс дээр гэдэг. Дахиад хэдэн зуун жил энэ хэв маягаараа яваад байлтай биш. Мэдээж, бэлчээр талхлах, бэлчээрийн хомсдол гээд үүснэ. Олон улсын жишгээр нь фермерийн аж ахуйн чиглэлд, хашаад, тэжээлийг нь өгөөд махны чиглэлийн хэдэн үхэр өсгөөдөхвөл манайх шиг газар дорхноо бөндийгөөд ирэх вий. Хамгийн гол нь манайханд зовлон болж байдаг халдваргүйжүүлэлт, ариун цэврийн асуудлаа эхнээс нь тун цэгцтэй зохицуулах хэрэгтэй болж таарна. Үүн дээрээ л анхаарч чадвал дэлхийд монгол малын мах шиг амттай, органик нь ховорт тооцогдох болов уу. Оросын Алс Дорнодынхон хэзээнээс монгол махны амтанд дуртай. Харин манайхаас хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй, цаад талын бодлого лобби ч байдаг биз албан ёсных болохгүй байгаагаас биш ард иргэдийн дунд дээрээс мах, бараа таваарын солилцоо байсаар ирсэн. Ямартай л “Буриад самгадын салтааны мах амттай” гэсэн үг хойдынхонд байв гэж дээ. Жаахан бүдүүлэг сонстож байгаа ч Хөвсгөлийн Ханх зэрэг хойд хилийн боомтуудаар орж гарч байгаа буриад эмэгчүүд том дээл өмсөөд хөлийнхөө завсар хонины гуя хийгээд гардаг юм байна л даа. Бага гэлтгүй манайхаас хямд бас амт сайтай махыг хойд хөршийнхөн авах сонирхол байдаг гэдэг инээдтэй ч энгийн үнэн энэ юм. Тэгэхээр бид заавал энд тэндээ зүүлгээд байлгүйгээр борлуулалт хийж, мөнгө олох боломжоо ашиглах хэрэгтэй. Манай малчид амьдрал болж байна гэхээрээ хотод хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлж, ганц өрөө байшин авч тэднийгээ суулгахаа бодоод байх юм. Хөдөө гэртээ ДДЭШ-ийн антенн, хөргөгч бас жип машин авчихвал сэтгэл ханачихна. Гэтэл дүн өвлөөр халуун оронд очиж амарч, хөдөө аж ахуйн томоохон үзэсгэлэнгүүдэд өөрсдийнхөө мөнгөөр очиж оролцоод, шинэ бараа бүтээгдэхүүн, технологи патентийг худалдан авч мал маллагаандаа хэрэгжүүлдэг тийм чинээлэг малч монголчууд хэрэгтэй байна шүү дээ. Үүд хоймрын балчир сэтгэлгээнээсээ хальсан холч ухаан малчдад хэрэгтэй байна. Малчид ч гэлтгүй бид бүгдээрээ уул уурхайгаас өөр салбараас мөнгө олж чадна гэдэгтээ итгэх сэтгэлийн, сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй болжээ. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, махны чиглэлд ямар боломж байгааг тал бүрээсээ судалмаар байгаа юм. Энэ чиглэлд ажилладаг, ажиллахаар төсөл төлөвлөгөөгөө баталсан газруудаа дэмжиж, бусдыг ч үүнд татан оролцуулах нь чухал. Хэрэв тэгж чадвал Сибирийнхэн гэж тэр чигтээ махассан улс байна. Араб руу ч хонины махаа зөв боловсруулж, халал мах буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр технологиор бэлтгээд гаргахад ч том зах зээл байна. Хамгийн гол нь зөв харж, зөв тооцоолж бас цаг алдалгүй энэ ажлаа эхлэх хэрэгтэй байна. Түүнээс өнөөдөр байгаа тавин сая мал маань зүгээр л нэг хийрхсэн тоо болчихоод байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг АН-ын 85 хүнд ажлаа өгөх мэдэгдэл өгчээ

-ТӨР АЛБАН ХААГЧДАА НОХОЙ ШИГ ГУДМАНД ГАРГАЖ БАЙНА-

Н.Алтанхуягийг огцорсны дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар тодроход олон хүн “Арай ч дээ” хэмээн шогширч байсан. Гэхдээ дээрх асуудлыг “Шийддэг нам нь шийдсэн байхад түүнийг буруутгаад яах ч билээ” гээд өнгөрсөн гишүүд олон. Гэтэл сүүлийн үед МАН-ын гишүүдийн зайдагнасан яамдаас 50-60 хүн халагдаж байна гэх мэдээ тасралтгүй үргэлжилсээр. Өмнө нь БОНХАЖ-ын яамны 50 шахам хүн халагдсан. Харин өнгөрсөн баасан гаригт аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрын дарга 31, улсын харьяаны 50 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 44, улсын харьяа коллежийн 10 хүн, нийтдээ 85 хүн ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл хүлээн авчээ. МСҮТ-ийн ажлаа алдаагүй зургаан азтай захирал бол С.Чинзоригийн өмнөх сайд Я.Санжмятавын ажил дээр нь үлдээсэн захирлууд. Халагдаж буй бүх албан тушаалтнууд Я.Санжмятав сайдын томилсон ажилтнууд. Шийдлийн Засгийн газраас тэдний ажлыг шалгах нь бүү хэл, яамны нэг ч ажилтан уулзаагүй аж. Өнөөдөр тэд ажлаа хүлээлгэн өгөх товтой. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгэж явсан тэд нэг өдөр ажилгүй болох нь. Тэдэнд ямар нэгэн ажил амлаагүй, дээр нь “түр үүрэг гүйцэтгэгч” гэсэн тодотгол нь гэнэт халагдсаны хэдэн сарын мөнгө авах боломжийг ч хааж байна.

Чадлынхаа хэрээр төрдөө зүтгэчихээд шинэ сайддаа ажлаа үнэлүүлэх нь бүү хэл бараагаа ч харуулж амжилгүй нохой шиг гудманд хөөгдөж байгаа эдгээр албан хаагчид ямар буруутай вэ. Ном журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөөд, зохих сайд нь тушаал гаргаад тэд албандаа орсон. Аль нэгэн байгууллагад жижүүр хийх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаад, ажилд орсон тушаалаа гардаад ажилдаа ордогтой яг адилхан үзэгдэл. Гэтэл тушаал гаргасан нарийн бичиг нэрийн ч юм уу, он сарын ч юм уу алдаа гаргачихаж. Шинэ ирсэн дарга түүнийг нь мэдээд ажлаас халж болох уу. Дээрх албан тушаалтнуудад ийм л юм тохиолдож байна. Тэднийг баталгаажуулах ёстой төрийн нарийн бичиг гэдэг хөөний гар хүнийг баталгаажуулах нь бүү хэл өөрөө ч баталгаажаагүй нөхөр байж. Энэ нь шинэ сайд “хууль биелүүлэх” нэрээр төрийн түшээдийг хоморголон халах шалтаг болсон гэнэ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан долоон хүн сонгон шалгаруулалт зохион байгуулна. Мэдэгдэл авсан албан хаагчдын үзэж буйгаар ялах этгээдүүд аль хэдийнэ тодорсон. Бүгд МАН-аас тавигдах нь тодорхой аж. Ажлаа алдаж байгаа зарим албан хаагчидтай уулзахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогттой уулзсан боловч шинэ сайдыг дэмжсэн хариу өгчээ. Тэдэнд сонгон шалгаруулалтад орох боломж бий. Гэхдээ дахин томилогдоно гэдэг итгэл бага. Шүүхээр заргалдах боломжтой ч, 21 хоногийн хугацаанд явагдах сонгон шалгаруулалтад заргалдагч этгээд оролцох боломжгүй аж. Өчигдөрхөн ламтай, намтай, Монгол дахь ажилгүйдлийг устгаж, хөдөлмөрийн зах зээлийг хөл дээр нь босгоно хэмээн зүтгэж явсан эдгээр түшмэд хүнийг бүү хэл өөрсдөө ажилгүй болчихоод сууж байна. Нөгөө сонгуулиар амиа тавьж ах, дүү нартайгаа муудалцан хэдэн төгрөгөө хандивлаж зүтгэсэн нам нь алга. Шударга ёсыг тогтоодог шүүхэд нь ч хандах боломжгүй. Намаа эмтлэн бутарган байж зүтгүүлж Ерөнхий сайд болгосон Ч.Сайханбилэг нь ч нэмэр алга. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л дээрх албан хаагчдад тохиож байна. Харамсалтай нь төрийнхөө, намынхаа өгсөн даалгаврыг биелүүлэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэдэнд ажил олгогч нь “Гудманд гар” гэдэг тушаал буулгаж байна. Өмнө нь намууд хоорондоо хэмлэлцэж л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж хахир хатуу, хүйтэн цэвдэг хандаж байсан тохиолдол гарч байсангүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарт яамдыг нь хувьчилж өгөөгүй бол ингэж дураараа дургих учиргүй. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх нь зөв боловч, тэр өөр намын гишүүдийг хэлмэгдүүлэх эрхтэй гэсэн үг биш. Сайд С.Чинзориг өөрөө хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож байсан нь саяхан. Харин эдгээр албан хаагчид хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоогоогүй байна.

Энэ үйл явдалтай зэрэгцээд “Зөөлөн эх”-ийн гэх тодотголтой хэргийг олон нийт сөхөх болов. 2004 оноос шуугиан тарьсан уг хэрэгт тухайн үеийн НХХ-ийн сайд Ши.Батбаяр болон одоогийн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын нэр холбогдож байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед С.Чинзориг дэд сайдаар ажиллаж байсан. Төрийн яамнаас Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөл авсан “Зөөлөн эх” ТББ-ын Б.Цэрэндэжид түүний талийгаач нөхөр хоёрт ажиллах хүч гаргах зөвшөөрөл олгосон атлаа дараа нь ямар ч шалтгаангүйгээр цуцалснаас үүдэн залилан болж хувирч, Б.Цэрэндэжид 8.6 жилийн хорих ял, нөхөр нь 10 жилийн хорих ял сонссон. Шоронд Б.Цэрэндэжидийн нөхөр нас барж гурван хүүхэд нь өнчирч үлдсэн харамсалтай хэргийг монголчууд одоо ч ярьцгаадаг. Гэтэл саяхнаас Хөдөлмөрийн яам Япон руу ажиллах хүч гаргах талаар ажил хэрэг санаачлаад гадагшаа дотогшоо холбоо харилцаа тогтоогоод эхэлсэн сурагтай. Үүнийг сонссон хүмүүс “Дахиад арваад жилийн өмнөх шиг юм болж ямар айл нь гал голомтоо самруулах бол доо” хэмээн болгоомжилж байна.

Хөдөлмөрийн яам гэдгийг энгийнээр ойлговол ард иргэдээ аль болох ажилтай байлгаж, цалин хөлсний захад хүргэхийг хичээдэг төрийн байгууллага гэж ойлгож болно. Гэтэл үзэл бодол, намын харьяаллаар нь хүмүүсийг бөөн бөөнөөр нь ажилгүй болгож байгаа нь Хөдөлмөрийн сайд С.Чинзориг үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчиж байна гэж үзэгсэд олон байна. Хөдөлмөрийн сайд энэ үйлдлээрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ч зөрчөөд байгаа аж.

Х.БАТТӨГС

Д.САРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хаа сайгүй п…

Бидний багад хараал хэлэх нь бүү хэл ахмадын өмнүүр гарах, буруу харьцах зэрэгт эцэг, эхчүүд загнадаг байсан. Хараал хэлбэл нусаа сугартал алгадуулна. Одоо хэн нэг нь хүүхдийн нусыг сугартал алгадвал багагүй асуудал үүснэ. Гэхдээ хараал хэлэх нь алгадуулахаас хавьгүй муу зүйл гэдгийг настнууд маань хэнээр ч заалгахгүй ойлгоно. Нус сугарсан хохирогч өөр хэн нэгэнд ховловол үлдэгдэл нуснаасаа салахаас өөр шан үлдэхгүй. Гэтэл өнөөдөр п… гэдэг орос хараалыг хаа сайгүй сонсож байна. Автобусны жолоочоос эхлээд, орцны жижүүр, зоогийн газар, оюутны хотхон гээд хараал сонсохгүй газар алга. Манайд 1980-аад онд дэлгэрсэн энэ хараалын утгыг ойлгочихвол хэлэх хүн бараг устах болов уу гэж бодож байна. Гэвч утга тайлбарлах шаардлага алга. Харин хараал хэлж байгаа залууст хэлэх үг байна. Хараана гэдэг нь эр зориг ухааны илрэл биш. Зүгээр л хүмүүжилгүй хүний үйлдэл. Бүр нарийн яривал “Эцэг, эх маань намайг хүмүүжүүлжчадаагүй” гэсэн тунхаглал. Магадгүй та бүхнийг эцэг эх чинь тэнгэрээс харж байгаа бол тэднийг хилэгнүүлсэн үйлдэл. Багш нар, эцэг эхчүүд хүчээ нэгтгээд зүтгэвэл энэ ч нэг их давшгүй даваа биш л дээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажил хийнэ

СХД-ийн оюутнууд гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажил хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хотын иргэн-Хотын соёл” болзолт уралдаан зарласан. Уралдааны нээлтийн ажиллагаа Их засаг олон улсын их сургуулийн хурлын зааланд боллоо. Нээлтэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, СХД-ийн Засаг дарга М.Чинболд, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, Их засаг олон улсын их сургуулийн захирал, Оюутны зөвлөлийн дарга нар, оюутнууд оролцлоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “21-р зуунд Монгол орныг, нийслэлийн хөгжил дэвшлийг удирдан явах хүмүүс бол оюутан залуус та бүхэн. Та бүхний нийслэлээ гэх сэтгэл, олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн үзэл бодол, өөрийн амьдарч буй орчныг сайжруулахын төлөө хэлж буй үг, хийж байгаа ажил бүхэн хамгаас илүү чухал болоод байна. Хэн нэгэн дарга шийдвэр гаргаж бусад нь тэднийг биелүүлэхийг хүлээхээс илүү иргэд олон нийт, оюутан залуус өөрсдөө санаачилга гарган амьдарч буй орчноо сайжруулдаг болох хэрэгтэй. Ардчиллыг хэрэгжүүлэх хамгийн гол зам бол бүх шатанд харилцан ойлголцдог, уялдаа холбоотой нэг хэсэг хүний эрх ашгаас илүү нийтийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг байх чухал” гэсэн юм.

Харин оюутнууд “Нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтад өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан оролцох гэж байгаадаа баяртай байна. Залуус бид хамгийн наад зах нь хогоо гудамжинд ил задгай хаяддаггүй соёлд суралцах хэрэгтэй. Монгол улсын иргэний хувьд оюутнууд эрхээ эдэлдэг шигээ, үүргээ ч ухамсарлан олон нийтийг уриалан дуудаж шинэ санал санаачилга гарган ажиллах болно. Хоггүй цэвэр орчинг бүрдүүлж чадвал иргэдийн үзэл бодолд эрс өөрчлөлт хийж чадна” гэдгийг хэлж байлаа. Энэхүү уралдааны хүрээнд залуус амьдрах орчноо сайжруулах шинэ санал санаачилга гаргаж, гэр хорооллын иргэдэд хандсан бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их морь одтой, улаагчин хонь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 1. Буд гариг. Билгийн тооллын 12. Их морь одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 06.41 цагт мандан, 19.19 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур ханд. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах,лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.