Categories
мэдээ эдийн-засаг

Бидний аврал гадаадын хөрөнгө оруулалт мөн үү ҮҮ?

Монгол Улсын хөгжил хүн бүрт хамаатай билээ. Өнөөдөр эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэж байна.

Юуны өмнө монголчууд бид гадаадын хөрөнгө оруулалт гэж чухам юу болох талаар нэгдсэн ойлголттой байх нь хамгаас чухал юм. Хэрэв бид гадаадын хөрөнгө оруулалт гэж яг юу гэдгээ өөр хоорондоо ярилцаж зөвшилцөхгүй бол магадгүй тэр орон зайг гадны зээл зуучлагч нар хөрөнгө оруулалт нэрийн дор бидэнд өндөр хүүтэй арилжааны зээл шахах, биднийг өрөнд оруулах, эсхүл Монгол Улсын тогтвортой хөгжилд нэмэргүй үйл ажиллагаа эрхлэх гэх мэт бидний хяналтаас гадуур олон зүйлийг хийж болзошгүй.

Хөрөнгө оруулалтын нийтлэг ойлголт бол хүн өөрийн хуримтлалаасаа, өөрийн мөнгөө урт хугацааны төсөлд, харилцан үр ашигтай байдлаар хөрөнгө оруулахыг хэлж байгаа гэлтэй. Харин нэг газраас бага хүүтэй зээл аваад нөгөө газар өндөр хүүтэй өгөхийг хөрөнгө оруулалт биш “зээл зуучлагч” гэвэл зохистой. Хамгийн гол нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг өөрсдөө зохицуулж чаддаг байхад хамаг учир байгаа юм.

Өнөөдөр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт л эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн хандлагатай байж, ард иргэдэд ойлгуулж байгаа билээ. Тиймээс хөрөнгө оруулалтад зориулж татварын хөнгөлөлт үзүүлэх, хуулиа өөрчилж өгөх гээд ямар л таатай нөхцөлийг бүрдүүлж болж байна түүнийг бид хийж байна. Эрдэмтэдийн судалгаанаас харахад хэрэв бид зөвхөн хөрөнгө оруулалт татахын тулд ингэж бүхнээ найр тавьж өгвөл ТӨСӨӨЛЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг юмыг бий болгодог юм байна. Ингэснээр эдийн засгийн хөгжил, технологийн дэвшилт, ноу-хау авчирдаггүй талаар олон улсын эрдэмтэн Кожо Елпаала дүгнэн хэлсэн байдаг. Харин тэрээр ингэж хөрөнгө оруулалтад тааруулж хууль дүрмээ өөрчлөхын оронд “үйлдвэрлэлийг дэмжсэн стратеги бүхий бодлого”-ыг сайтар боловсруулж хэрэгжүүлэх ёстойг хөгжиж буй орнуудад анхааруулсан.

Энэ хүрээнд бусад орны жишээнээс дурьдвэл Раванда, Афганистан, Ангола, Мозамбик, Либер зэрэг орнууд хөрөнгө оруулалт татахын тулд бүх л ТААТАЙ нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Гэсэн ч тэдгээр улсын төр тогтворгүй, эдийн засаг хямралтай, захиргаа нь ачаалалтай, хүнд суртал ихтэй, авлигатай, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсаар л байна.

Яагаад?

Яагаад гэвэл тэд гадаадын хөрөнгө оруулалт нь улс орны хөгжлийн нэгээхэн л хэсэг гэдгийг ойлгоогүйд оршиж байгаа юм. Тэд хөгжихийн тулд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт, гадны мөнгөн дээр л найдсан. Ингэж төсөөллөөр хөрөнгө оруулалтад хандах нь бодит байдлыг хэсэгхэн хугацаанд сайн халхалж өгдөг байна. Ер нь бол ядуу буурай, хөгжих гэж байж хөгжсөн орнуудын үндэстэн дамнасан корпорациудад, хөрөнгө оруулагч нарт татварын хөнгөлөлт олгох нь бид сул дорой гэдгээ улам баталгаажулж байгаа бөгөөдэнэ нь “ядуу нь баянаа тэтгэж” байгаа хэрэг болох юм.

Энэ яагаад ийм байна вэ?

Энэ нь зөвхөн уул уурхайн салбарт л хөрөнгө оруулалт хийхийг эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдыг татвал үүсдэг нөхцөл байдал. Түүхээс сөхвөл Африкийн колончлолын зуунд зөвхөн байгалийн баялаг олборлох зорилготой олон уурхайн компаниуд байгуулагдсан байдаг юм байна. Тэдний ажиллах арга барил бол “scoop and ship” буюу “ухаад ЗӨӨ” гэдэг загвар. Энэ загвар нь улс орныг зах зээлээ нээлттэй болго, Засгийн газрын оролцоог бууруул гэж зөвлөдөг. Ингэж хөрөнгө оруулалт татна гэдэг худлаа гэдгийг НҮБ-ын Худалдаа Хөгжлийн байгууллагаас судалсан байдаг.

Тэгвэл яах ёстой вэ?

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг тооноос чанарт шилжүүлэх шаардлагатай. Хэрэв бид зөвхөн хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийн төлөө явбал хөгжлийн хамгийн доод түвшинд гацдаг жамтай. Харин хөрөнгө оруулалт бизнесийн буюу ашгийн шинжтэй, улсын буюу нийтийн эрх ашгийн шинжтэй гэж хоёр ангилаад алинд нь төр, засаг давуу эрхтэй оролцох, алийг нь зохицуулж дэмжиж өгөх, алийг нь сэрэмжлэн анхаарах, хориглох ёстойгоо мэддэг байх нь чухал. Жишээлбэл, Монгол Улсын хөрөнгө оруулалт 2012 оныхтой харьцуулбал 9 дахин буурсан гэж тоймчид ярих болсон ч угтаа энэ нь 9 дахин их байхдаа Монгол Улсад тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй байна. Үүнд, иргэдийн амжиргаа сайжрах, баян ядуугийн ялгаа арилах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн бодит өсөлт бий болох зэрэг чанарын асуудлууд багтана.

Хоёрдугаарт, профессор Ийстэрлейн хэлснээр “homegrown” буюу “гэртээ ургуулсан” байх арга. Үүнд, дотоодын нөхцөл байдлыг мэддэг, дотоодын бодлого гаргагч, эрдэмтэн, судлаач нар өөрсдөө дотоодын үйлдвэрлэлийн бодлогоо боловсруулахын чухалыг онцолсон байдаг. Тэгэхээр гадны “төлөвлөгч”, зөвлөхүүдийн үгийг сонсох биш өөрсдийгөө үнэлэх, өөрсдөө хийх явдал юм. Хэрэв гадныхны үгээр явбал хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн ч зүгээр л ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ УЛС болж хувирна. Учир нь хөгжил өндөр улс өөрийн орны улсын эрх ашиг, хувь заяаг үндэстэн дамнасан корпорацийн эрх ашигтай ухаалаг байдлаар нягт уяж өгдөг. Ингэснээр тэдний эрх ашиг гүйцэлдэж байвал улсын эрх ашиг гүйцэлдэж байна гэсэн үг болох нь. Тиймдээ ч Монгол Улсад Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр ирж зөвлөгөө өгөх, Пийбоди компанийг сурталчилж АНУ-ын элчин сайд ажиллах зэрэг үйлдлүүдээс харж болно.

Үүнийг тэд яаж хийдэг вэ?

Үндэстэн дамнасан корпорацийн хөрөнгө оруулалт дангаараа хөрөнгө оруулалт мэт ажилдаггүй байна. Тэд Монгол Улсад орж ирээд компанийхаа алсын хараа, стратегийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ТОГТОЛЦООГ бий болгоно. Мөн өөр хоорондоо харилцан хамаарал бүхий СҮЛЖЭЭГ үүсгэнэ. Ингээд өөрийн бий болгосн тогтолцоондоо, сүлжээндээ дур зоргоороо ажиллах, оруулж ирсэн хөрөнгө оруулалтаа, мөнгөө буцаагаад урсгаж гаргах зэрэг үйлдлийг дураар хийснээр тухайн улсын эдийн засаг хямрах, нэг компаниас хараат болох зэрэг сөрөг үр дагаварууд ажиглагддаг байна. Үүнийг олон улсын хэмжээнд “Boost and Bust” буюу эхлээд дэлгэрч хөгжөөд дараа нь сүйрч унахыг илэрхийлжээ.

Өөр нэг арга нь тухайн улсыг зөвхөн түүхий эд хангагч болгох явдал. Үүнд уурхайгаас хилийн боомт хүртэл засмал зам, төмөр зам барих. Ингэснээр ухаад зөөнө. Ямар ч дотоодын бизнес эрхлэгчид хоорондын холбоо үүсэхгүй, дотоодын эдийн засаг хөгжихгүй, улмаар улсын хөгжлийн асуудал бүр ч яригдахгүй орхигддог байна. Үүнийг “татварын диваажин”, “бохирдлогын диваажин”, “хөдөлмөр эрхлэлтийн диваажин” зэрэг доогтой нэр хоч өгч хийдэг байна. Татварын диваажин гэдэг бол хөрөнгө оруулалтын төлөө татвараа тэглэх, урт хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх, бусад бизнес эрхлэгчдээс тусгайлан татварыг нь бууруулж өгөх зэрэг үйлдлүүд багтах бол бохирдлогын диваажинд байгаль орчны стандартаа бууруулах, уул усаа хайрлахгүй байх, мөн хөдөлмөр эрхлэлтийн диваажинд дотоодын ажилтныг дураар халах, боолын хөдөлмөр хийлгэх, хөдөлмөрчдийн эрхэнд халдах, Үйлдвэрчний эвлэлийг буруугаар ашиглах зэрэг үйлдлүүд багтдаг байна.

Үүнтэй холбоотой Дэлхийн банк гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх судалгааг хийжээ (Gorg and Greenway 2004). Энэхүү судалгааны хүрээнд 40 орныг хамруулснаас 6 нь гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг эерэгээр хүртэж харин 28 орон нь сөрөг үр дагавартай байдлаар гарсан байна. Хамгийн сонирхолтой нь эерэг гарсан 6 орон өндөр хөгжилтэй улсууд байсан ба харин 28 сөрөг үр дагаварыг амссан улсууд нь ядуу буурай, хөгжиж буй, алслагдсан орнууд байжээ. Энд юу хэлээд байна гэхээр өөрсдийн тогтвортой хөгжлийн бодлого нь тодорхой, түүндээ тохируулж гадаадын хөрөнгө оруулалтыг залдаг, бүх юмны шийдэл нь хөрөнгө оруулалт биш гэдгийг ойлгосон, гадаадын хөрөнгө оруулалтыг тооноос илүү чанарт чухалчилдаг улс орон л эерэг үр дүн бий болгохыг харжуулж байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж амжилттай хэрэгжүүлэх вэ?

Эрдэмтэн Жон Пэйжийн судалсанаар Зүүн өмнөд Азийн орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлсэнд тооцогддог юм байна. Энд бид гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татах гэж ярьсангүй, харин хэрэгжүүлэх буюу өөрсдөө залж чиглүүлэх талаар ярьж байна. Тэдний амжилтын нууц нь гадаадын хөрөнгө оруулалтыг бидэн шиг эдийн засгаа хөгжүүлэх, орлогын тэгш хувиарлалт хийх гэж биш харин иргэдээ өндөр орлоготой болгох, баян ядуугийн ялгаа заагийг арилгах гэсэн иргэдийн амжиргааг сайжруулах чанар дээр анхаарсанд гол амжилт оршиж байгаа юм. Үүнийг ямар бодлогоор, яаж зохицуулсаныг бид судлах нь зүйтэй болов уу. Харин ийм бодит зүйлээс хол байлгадаг төсөөллийн хөрөнгө оруулалтыг бий болгоход нео-либералчлалыг түлхүү ашигладаг гэдгийг эрдэмтэд дүгнээд үүнийгээ Америкдаа Вашингтон консенсус гэж нэрлэдэг талаар дурджээ. Энэ нь дотоодын зах зээлээ дэлхийн зах зээлд НЭЭЛТТЭЙ байлгах, үнэ тарифаа буулгах, гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар хамгаалах, хөнгөлөлт үзүүлэх, таатай нөхцөлийг бүрдүүлэх, экспортыг илүү дэмжих зэрэг зааварчилгааг өгч иржээ. Гэтэл бусад орнууд эдгээр зөвлөмжүүд нь өнөөдөр ухаалаг алхамууд мөн үү гэж асуух болсон.

Гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд:

  • 1.Гадаадын хөрөнгө оруулалт эцсийн шийдвэр биш, зөвхөн хэрэгсэл
  • 2.Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого нь дотоодын хөгжлийн бодлоготой хамт явах ёстой
  • 3.Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд биднийг “өөрсдөө хувь заяагаа өөрийн гартаа авах” орон зайг өгөхийг анхааруулсан

Эцэст н хэлэхэд бодлого уул уурхайг дэмжих биш, уул уурхай биднийг яаж дэмжих вэ гэдэгт чиглэх ёстой.

Хэрэв ядуу буурай орнууд байгалийн нөөцөөрөө дэлхийн олон орны үйлдвэрлэлийг олон зуун жилээр тэтгэж ирсэн юм бол одоо бид өөрийн байгалийн баялаг, нөөцөөр тэдний амжилттай хэрэгжүүлсэн “өөртөө найдах” үйлдвэрлэлийн стратегийг өөрсдөө хэрэгжүүлэх цаг нь ирсэн биш гэж үү???

Categories
мэдээ нийгэм

Малын хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 5 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өчигдөр гал түймрийн гурван дуудлагатай байв

Нийслэлд гал түймрийн гурван дуудлагатай байв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Сонгино”-ын 29 дүгээр гудамжийн 344 тоотод иргэн О-н байшин шатаж байсныг Аврах, гал унтраах 30, 65 дугаар ангийн 16 албан хаагч ажиллаж унтраажээ. Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 32 дугаар хорооны “Хайрхан”-ы 9 дүгээр гудамжийн 171 тоотод иргэн В-н 2 амбаар шатаж байна байсныг аврагчид унтраажээ. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”-ын 3 дугаар гудамжийн 575 тоотод иргэн Д-н байшин байсныг мөн унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэдэд дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлнэ

Хилийн боомтын тухай хууль 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр хилийн чанадад зорчиж буй өөрийн орны иргэд, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдаж байсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн бусад орнуудын жишгээр Immigration буюу цагаачлалын байгууллага нь улсын хил нэвтэрч буй зорчигчдын бичиг баримтад хяналт тавих тогтолцоонд шилжиж, хил хяналтын байгууллагуудын чиг үүргийн давхардал арилсан байна.

Байгууллагын хэмжээнд мөрдөж байсан 126 журмаас эрх зүйн үндэслэлгүй хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож, төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг дахь газрын дарга, мэргэжилтнүүдэд өгчээ. Ингэснээр хил дээрх үйлчилгээ шуурхай болж, виз олголт нэмэгдэн улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2013 онд 14 хувь, 2014 онд 16 хувиар тус тус өсгөсөн байна.

Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тээвэр хийж буй том оврын автомашины жолооч нарыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хурууны хээгээр хил нэвтрүүлж, БНСУ-ын Койка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй E-Immigration төслийн хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Буянт-Ухаа боомтоор зорчигчдыг 14-18 секундын хугацаанд цахим гарцаар улсын хил нэвтрүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт картаар үйлчлэх болоогүй

Иргэд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар үйлчлүүлнэ гэсэн мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Гэвч албаныхан өнөөдөр цахим картаар үйлчлүүлж амжихгүй гэдгийг хэлж байна. Тиймээс энэ сарын 15-наас нийтийн тээвэрт цахим картыг туршиж эхлэхээр болсон байна. Тав, зургадугаар сард тоног төхөөрөмжүүдийг нийтийн тээвэрт суурилуулах ажлыг зохион байгуулах аж. Ингэснээр наадмын дараагаас энэ үйлчилгээ бүрэн нэвтэрч иргэдэд цахим карт олгох ажлыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцаж, 500 цэгт цахим карт цэнэглэх төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн байна. Харин ахмад настанууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хороноосоо картаа авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Марафон” гүйлтийн бүртгэл эхэллээ

“Найрсаг-Улаанбаатар” хөтөлбөрийн нэгдсэн төлөвлөгөөнд багтсан “Улаанбаатар-Марафон-2015” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нд буюу өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Онлайн бүртгэл www.ub-marathon.ub.gov.mn цахим сайтаар явагдаж байна. “Улаанбаатар-Марафон-2015” олон улсын гүйлт ирэх тавдугаар сарын 23-ны бямба гарагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн этгээд баригдлаа

Өчигдөр өглөө 06 цаг 30 минутын үед Доноговь аймгийн Сайншанд суман дахь “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, үл таних нэгэн залуу баг зүүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан байна. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн хэсгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн байна

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас орж ирсэн түймрийн нэг хоногийн дараа унтраалаа

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг “Шивэртийн Ам” гэдэг газар энэ сарын 30-ны өдөр түймэр гарчээ. Сумын төвөөс 60 км-ын зайтай тус газарт ОХУ-ын хилийн 857-859 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ой хээрийн түймэр орж ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн нэг алба хаагч, Аврах ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 103 иргэн, нийт 126 хүн ажиллаж өчигдөр түймэр унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д монгол эмэгтэй түлэгджээ

БНСУ-ын Кимпо хотод гуравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00.50 цагт монгол эмэгтэй галд түлэгдсэн хэрэг гарчээ. Эмэгтэйн биеийн 80 орчим хувь нь түлэгдэн, эмнэлэгт маш хүнд байгаа аж. Галыг санаатай тавьсан байж болзошгүй гэж сэжиглэн нэгэн монгол залууг шалгаж байгаа гэнэ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодруулахад “Тус улсад ажилладаг манай улсын нэг иргэн түлэгдэж, нөгөө нь хэрэгт сэжиглэгдсэн нь үнэн. Монголд байгаа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Эмнэлэгт сахих хүн хэрэгтэй байгаа учраас ар гэрээс нь хүн яаралтай явуулахад бид туслалцаа үзүүлнэ.

БНСУ-д манай улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Иргэд маань янз бүрийн хэрэг, зөрчилд орох нь их байдаг” гэв. Түлэгдсэн эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр Орхон аймгаас ирж, Консулын газрын удирдлагатай уулзах аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудаас 57 машин хураажээ

100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг, том оврын автомашиныг хураан авч, 2007 онд Засгийн газраас гаргасан 349 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг Ерөнхий сайд энэ оны нэгдүгээр сард ТӨХ-нд өгсөн. Уг тогтоолоор бол төрийн байгууллагуудыг хот дотор том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг (100 км-т 16 литрээс их) суудлын машин хэрэглэхийг хориглосон юм. ТӨХ энэ тогтоол, шийдвэрийн дагуу ХХААЯ, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, зарим их, дээд сургуулиас 57 автомашин хурааж аваад буй аж. Бусад яам, агентлагууд машинаа өгөөгүй байна.

Сангийн яам “Патрол” маркийн машинаа “Хаан давхар даатгал” ХК-д балансаас балансад, ЗТЯ, БОНХАЖЯ машинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэргээр зөрчил гаргажээ. МУБИС-ийн захирал 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөг гаргуулан, 2013 онд үйлдвэрлэсэн “Лексус 570” маркийн машин худалдан авчээ. Гэтэл сургуулийн захирал том оврын машин унах эрхгүй байдаг аж.

Уг машиныг нь хураан авахаар МУБИС-ийн захиралд ТӨХ-ноос албан бичиг явуулсан ч биелүүлээгүй, дуудахад биечлэн ирэлгүй байсаар хоёр сарын хугацаа өнгөрсөн гэнэ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ТӨХ, Замын цагдаагийн газрын ажилтнууд хамтран, 9551 УБА улсын дугаартай машиныг нь албадан хураажээ. Засгийн газрын дээрх тогтоолд “Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоногт (баярын болон долоо хоног бүрийн амралтын өдрийг оролцуулан) дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хот дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашиныг ажлын хоногт дунджаар 70 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэнэ” гэж заасан.