Categories
мэдээ нийгэм

“Багануурын цахилгаан станц” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой найдвартай ажиллагаа болон Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах мөн импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах зорилгоор Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болоод байна. Концессын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарсан. Улмаар түүний төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм. Концессын гэрээний хугацаа 25 жил байна. Концесс эзэмшигч нь концессын гэрээ байгуулагдсанаас хойш цахилгаан, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, санхүүжилтийн гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлийн үнэлгээг хийлгэн баталгаажуулж барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж.Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын бондын эх үүсвэрээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ

Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм.

Лхагва гараг бүр болдог “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус ажлын хэсгийн ажлын явцтай танилцаж, цаашид ямар арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар ярилцлаа. Уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Барилга, Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцлоо.

Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон.

“Тэтгэврийн сан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж олон жил явлаа. Ирээдүйдээ хэрэглэхээр төлсөн мөнгө нь өнөөдөр дуусч байна. Маргаашийн үүц гэж төлсөн мөнгийг нь өнөөдөр бусдад зарцуулчихдаг энэ буруу эргэсэн хүрд нэг л өдөр гацна. Өнөөдөр өмнөхөөсөө олон хүн ажил хийж, шимтгэл төлж байна. Ирээдүйд өнөөдрөөс илүү олон тэтгэврийн насныхантай болно. 30, 40 жил төлсөн мөнгөө хэрэглэе гэхэд нь төр засаг “Байхгүй ээ” гэж хэлэх нөхцөл байдал үүснэ.

Тэтгэврийг улсын төсвөөс нэмэх гэж, зөрүүг арилгах гэсээр 25 жил боллоо. Чанарын үр дүн гарсангүй. Ёроол нь онгорхой шуудай мөнгө өсгөх нь битгий хэл хадгалдаггүй энэ тогтолцоог цэгцэлж байж асуудлыг шийднэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Тиймээс асуудлыг хурааж хойшлуулалгүй ирээдүйгээ харж өнөөдөр шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн тогтолцоог энэ хэвээр үргэлжлүүлэх юм бол сампингаар тоо бодож, хот хооронд сумын холбоон дээрээс утсаар ярьж байгаатай адил болно” гэлээ.

“Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд бүртгэсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нөгөө талаас нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бий болно” гэж ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ хэллээ.

“Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг. Засгийн газраас шийдэхээр зорьж буй энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүйг тэрбээр онцолж байна.

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Ингэхдээ зарим өөрчлөлт хийнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байна” гэж Барилга, Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ.

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх ажлын бэлтгэлийг шуурхай хангах, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтад оролцсон сайд нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар эрс сэрүүсч, шороон шуурга шуурна

Энэ сарын 2-ноос баруун болон төвийн нутгаар, 3, 4-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар 12-14 м/с, 3, 4-ний өдөр говь, талын нутгаар16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүсэхийг ОБЕГ -аас анхааруулж байна. Үүнд:

-Огцом хүйтэрч, цасан болон шороон шуургатай тул шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх Хол газар явахдаа цаг агаарын мэдээг анхаарч судлах хэрэгтэй

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах

-Дулааралттай холбоотойгоор зарим голуудын ус эргээсээ хальж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч гарам, гарц, гүүртэй газраар тээвэрлэлт хийх, цас, ус, шаварт саатахаас болгоомжлох

-Нойтон цас ахиухан хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөн өрнүүлнэ

Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр болжээ. Модыг зөвхөн тарих биш ургуулах энэ хөдөлгөөнд Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах аж.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх юм байна. Эхний үе шатанд нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үед модоо нөхөн тарьж, усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөжээ. Уг хөдөлгөөнийг Ойн тухай хуулийн дагуу хуримтлуулсан хөрөнгө болон ”Байгаль хамгаалах сан”, “Цэвэр агаар сан”-гийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг тээврийн систем болон хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийг хөгжүүлэх нь сэдэвт форум боллоо

“Хотын шийдэл” төслийн хүрээнд JCI Монгол байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яам, “Зам тээврийн хүрээлэн” ТББ, “ITS Korea”, Норвегий улсын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран “Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форум боллоо. Тус форум нь тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлсэн бусад орны туршлага, манай улсад үүсээд байгаа хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар хамтран хэлэлцэх, шийдлийг олох зорилготой юм.
Форумын хүрээнд Монгол улсад тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, ITS технологийн Монгол улс дахь хөгжил, БНСУ-ын тээврийн ухаалаг систем ирээдүйн чиг хандлага, Ухаалаг карт болон Нийтийн тээвэр, Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга зам, Ногоон тээвэр ба төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга зам зэрэг асуудлаар оролцогч талууд илтгэл тавьсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтсээс Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тусгай замын автобус /BRT/ төслийн талаар танилцуулга хийж, олон улсын болон дотоодын экспертүүдтэй санал солилцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаан бурхан өвчнөөс ингэж сэргийлнэ

Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол Улсын хэмжээнд 290 бүртгэгдсэнээс 93 тохиолдол батлагдсан бөгөөд нийслэлд 81 тохиолдол бүртгэгсэн. Иймд Улаан бурхан өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:
Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.
Илрэх шинж тэмдэг:
Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эхний буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.
Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.
Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг. Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна.
Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.
Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:

  • Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно
  • Ховор тохиолдолд элэг дэлүү томроно
  • Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ
  • Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно
  • Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ
  • Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно

Өвчний ангилал:
–Хөнгөрүүлсэн улаан бурхан: урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
–Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
–Насанд хүрэгчдийн улаан бурхан: хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.
Хүндрэл:
5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
–Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
–Дунд чихний үрэвсэл
–Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеээс багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүнрэл үүсгэнэ.
–Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/
–Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
–Менингоэнцефалит
–Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.
Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
–Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
–Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
–Витамин эмчилгээ хийнэ. /+А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/ Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
Амны хөндийг буцалсан ус, 2 хувийн содын уусмалаар зайлуулна
Нүдийг 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяаналтад эмчлүүлнэ.
Урьдчилан сэргийлэлт:
–Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
–Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
–Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.
Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.
Мөн www.nccd.gov.mn www.ubhealth.mn сайтуудаас мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ асуудлаар захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.БАТ-ЭРДЭНЭЭС тодруулга авлаа.
-Нийслэлийн Засаг дарга А/230 дугаар захирамж гаргаж анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд Улаанбаатар хотруу оруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн талаар танилцуулахгүй юу?
-Улаанбатар хотод тулгамдаж байгаа хүндрэл, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж маш их бохирдолтой усыг Туул голруу шууд цутгаж байгаа үйл явц юм. Энэ асуудлаар ч иргэд бидэнд багагүй гомдол ирүүлж, зохих хууль, журмын дагуу хяналт шалгалтыг явуулдаг. 2012 оны УИХ-ын 74 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллага явуулдаг Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар болсон. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд бүгд Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж байгаа.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэлээс нүүлгэж шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн энэ удаагийн шалгалтаар зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн угаагаагүй бохир ноосыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэр юм. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгана гэж бид тооцож байна.
-Уг шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж ноосоо хаана угаах вэ гэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Улаанбаатар хотод ноосны чиглэлээр ажилладаг байсан зарим үйлдвэр хөдөө орон нутагт шилжин ажиллаж байна. Одоогоор 12 аймагт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Харин төрийн бодлого, чиглэлийг дэмжихгүй, эсэргүүцэж хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 аж ахуйн нэгж байна. Нийслэл энэ чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал, хүсэлтийг авдаг. Тэдний хэлж буйгаар хотоос гараад ажиллах бүрэн боломжтой байна гэж байгаа. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрийн аймагтаа болон ойролцоо аймагтаа очиж ноосоо угаалгаад хотруу оруулах боломжтой.
– Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ямар газрууд хангаж ажиллах вэ, цаашид зөвхөн ноос гэлтгүй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил хэрхэн үргэлжлэх вэ?
-Бодлогын хувьд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахйн газар, хяналтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тавьж ажиллана. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газар хөдөө орон нутгаас нийслэлрүү орж буй гол замууд дээр пост гаргаж шалгалт хийнэ. УИХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж бүх үйлдвэрийг шууд гаргах боломжгүй тул төрлөөр нь ангилан тооцоо, судалгаа хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд ч боломж олгох замаар нүүлгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нар энэ сард татвараа төлнө

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчлэсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 4,9-өөр төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжаа төлөх нэг цэгийн үйлчилгээний зарим байршил, цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэв хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс /Иргэд/

БЗД-ийн 26-р хороо ДҮНЖИНГАРАВ худалдааны төв

2015.03.17-05.31

Ажлын өдрүүдэд 09.00-18.00 Амралтын өдрүүдэд 10.00-17.00

9

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс /ААНБ, хуулийн этгээд/

БЗД-ийн 13 дугаар хороо, Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

10

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

11

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

12

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

13

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

14

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

15

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголт энэ сарын 20-ноос өмнө дансанд орно

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авч байгаа иргэд дансанд нь хэзээ мөнгө орох талаар хүлээлттэй байна. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр эхний ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хүлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр дансанд орох юм байна. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийнх үүний дараа шийдэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ажил эхлэх цагийн хуваарийн өөрчлөлт үр дүнтэй байна гэлээ

Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 тоот захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтад 65 их дээд сургууль, 151 Ерөнхий Боловсролын сургууль, 279 цэцэрлэг, 472 төрийн байгууллага, нийт 967 төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг хамрагдав. Үүнээс 14 их дээд сургууль цагийн хуваарийг зөрчиж байна.

Цагийн хуваарийг зөрчин ажиллаж байгаа сургуулиуд холоос явдаг оюутан ихтэй, оюутны хичээл хоцролт их болсон тул хичээлийн хуваариа өөрчилж 08.00 цагаас орж байна, нийслэлээс тогтоосон бүсээс гадна байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлөхгүй, оюутнуудаас санал авсны дүнд хуучин цагийн хуваариа өөрчлөөгүй, хотын төвөөс хол байдаг учир хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй гэсэн тайлбарыг өгчээ.

Мөн Боловсролын байгууллагын багш, ажилчид, эцэг эхчүүд зэрэг нийт 11409 хүнээс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авав. Судалгаанд хамрагдсан иргэдийн 66.9 хувь нь ажил эхлэх, дуусах цагийн хуваарийн өөрчлөлт нь үр дүнтэй байна гэсэн бол 54.6 хувь нь цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар замын түгжрэл буурсан, 53.7 хувь нь нийтийн тээврийн ачаалал багассан гэжээ. Харин хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөхөд цагийн хуваарийн өөрчлөлт нь хүндрэлтэй байгаа эсэх талаар судалгаанд оролцогчдын 50.3 хувь нь ажил эхлэх цаг, 45.8 хувь нь ажил тарах цаг хүндрэлтэй байна гэжээ.
“Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн ачааллыг өмнөх үетэй харьцуулан судлав. Ажлын 10 хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга, зорчигч урсгалын судалгаа болон автобусны зогсоол дээрх ачааллыг судлахад:
Ажил эхлэх тарах үеийн цагийн хуваарьт өөрчлөлт орох захирамж гарахаас өмнө хийсэн зорчигч урсгалын судалгаагаар өмнөх онд өглөөний 07:00-08:00 цагийн хооронд 1 тээврийн хэрэгсэл 152 зорчигч тээвэрлэсэн бол захирамж гарснаас хойш хийсэн судалгаанаас үзэхэд 135 зорчигч тээвэрлэж автобусны зорчигч дүүргэлт өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан бөгөөд ажил эхлэх үед зорчигч багтахгүй байх асуудал багассан эерэг үзүүлэлттэй байна. Энэ нь өглөөний оргил цагийн үргэлжлэх хугацаа уртасч, нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ачаалал жигдэрснийг илтгэж байна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.