Categories
мэдээ нийгэм

“Хэрэглэгч тантай хамт” өдөрлөг болно

ШӨХТГ төрийн бус байгууллагууд, компаниудтай хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “Хэрэглэгч тантай хамт” өдөрлөгийг маргааш Тусгаар тогтнолын талбайд болох ажээ. Энэ өдөрлөгт үүрэн холбооны оператор компаниуд, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид, ОСНАУГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцоно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж буй өргөдөл гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны м2, СӨХ-ны үйл ажиллагаа, үүрэн телефон операторын компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд давамгайлдаг бол үлдэж буй хувь нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн байдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.30.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой агаад нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, төслийн урьдчилсан судалгаа хийхээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг 2011 он хүртэл хэрэгжүүлжээ. Харин ажлын цар хүрээ ихтэй, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэхүү төслийг салбарын бодлоготой уялдуулж санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 6-8 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, манай Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1.5 хувьтай байна. Харин хөрөнгийн эх үүсвэрийн зээл нь 20 жилийн хугацаатай, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм гэдгийг дурдав.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэлэв. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд энэ нь нөхцөл сайтай, нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төсөл учраас дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн цаашид зээл тусламжийн нөхцөлийг сайн харж, хүү багатай, хөгжлийн зээл авахад анхаарах, зээлийн удирдлагыг сайжруулж зөв менежментэд оруулах хэрэгтэйг анхааруулж байлаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслийн тухайд энэ онд гадаад зээлийн ямар нэг асуудал байхгүй, зураг төсөв зэрэг тодорхой зардлыг нийслэлийн төсвөөс гаргана. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас гаргах 57 сая ам.долларын хөрөнгийг нийслэл хариуцах юм гэдгийг тодотгов. Ер нь аль болох хөгжлийн чиглэлтэй хөнгөлөлттэй зээл авах замаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч, олон улсын банк санхүүгийн зарим байгууллагад хүсэлтээ гаргаад байгаа. Засгийн газар 2016-2018 оны дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Өрийг хэрхэн төлж барагдуулах схемийг Засгийн газрын тогтоолоор батлахаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ төсөл хэрэгжсэнээр хотын замын түгжрэл 30-40 хувиар багасч, нийтийн тээврийн сүлжилдэх хөдөлгөөний эрчим 60, зорчигч урсгал 25-30 хувиар нэмэгдэж, нийтийн тээврийн автобусны хурд 15-20 км/цаг болно гэсэн тооцоо гарсан. Төслийн хугацаанд нийтдээ 151 автобус авна, энэ ажлыг олон улсын нээлттэй тендерийн аргаар шалгаруулах юм гэсэн хариулт өгөв. Мөн нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нэмэлт тодруулга өгсөн юм.

Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжсэнээр санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Дараа нь Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. Бодлогын баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Байнгын хорооны гишүүдээс бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16, найруулгын чанартай 18 санал гаргасныг тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Тухайлахад, “ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын хэмжээг өсгөх замаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх”, “ойг нөхөн сэргээх, ойжуулах, таримал ойг худалдан авах зардлыг дэс дараатай нэмэгдүүлэх”-ээр тусгалаа. Мөн “түймрийн хор хөнөөлийг сурталчлах ажлыг эрчимжүүлж, түймрийг зогсоох шороон зурвас, ойн халз зурвас гаргах зэрэг бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн түймэртэй тэмцэх материаллаг баазыг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх”, “ойн түймрийн аюул бүхий үед эргүүл гаргах, түймрийг илрүүлэхэд сансрын хиймэл дагуул ашиглах, цахим харилцаа, үүрэн холбооны сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулж, түймрийг шуурхай илрүүлж, унтраах” зэрэг заалтыг төсөлд нэмж оруулахаар болов.

Төслийн хавсралтын 2.1 дэх заалтыг “Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход бодлогын зорилго оршино” гэж өөрчлөн найруулахаар болов.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үе шаттайгаар буюу эхний үе шатыг 2015-2020 онд, хоёр дахь үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх юм байна. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 5 санал гаргасан байна. Гэвч төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймээс холбогдох байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар шийдвэрлэснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан дөрвөн жил гаруйн хугацаанд хоёр орны харилцаанд томоохон ахиц дэвшлүүд гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Юуны өмнө хоёр талын харилцааны түвшин хоёр удаа ахисныг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2011 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бол өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Богино хугацаанд харилцааны ийм өндөр түвшинд хүрсэн нь том амжилт гэдгийг онцлов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад түүхэн ач холбогдол бүхий төрийн айлчлал хийснийг дурдлаа. Энэ үеэр хоёр орны харилцаанд чухал шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосныг онцоллоо.

Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа нь зөвхөн хоёр талаар хязгаарлагдахгүй. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар өнгөрсөн намар түүхэнд анх удаа гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Гурван талын хамтын ажиллагааны байнгын яриа, хэлэлцээний механизмыг бий болгосныг түүхэн ололт хэмээн тэмдэглэв. Гурван талын уулзалт энэ оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо болох ШХАБ-ын орнуудын уулзалтын үеэр дахин үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлэв.

Эдгээр онцлох чухал үйл явдлууд Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан үеэр болж өнгөрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэллээ.

Элчин сайд Ван Сяолун Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, тааламжтай цагтаа БНХАУ-д Төрийн айлчлал хийх урилгыг уламжлав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ санаачилга болон НҮБ-аас баталсан Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг БНХАУ сайшаан дэмжиж байдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ван Сяолунд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөснөөр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ улс-төр

Цахим ярилцлагад Ж.Батсуурь гишүүн оролцлоо

Улсын Их Хурлын гишүүдийн орон нутагтай цахимаар холбогдож ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.04.30/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхимд” боллоо.

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн ярилцлагад Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, аймгуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Хөтөлбөрийн дагуу цахим ярилцлагын эхэнд “аймгийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын тухай” сэдвийн хүрээнд Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар товч мэдээлэл хийв.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, орон нутгийн төсвийн орлого эхний 4 сарын байдлаар 94 хувьтай байна. Орон нутагт одоогоор санхүүгийн хүндрэл гараагүй ч төсөвт төвлөрүүлэх орлого 78.6 хувьтай байгаа нь цалин болон түүнтэй адилтгах орлогын татвар энэ сард тасалдсантай холбоотой байна. Энэ нь Төмөр замын ажилчдын цалингийн татвар 430 сая төгрөг төлөгдөөгүйгээс шалтгаалсан. Мөн хилийн боомтоор орж гарч буй тээврийн хэрэгсэл, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй ААН-ээс манай гол орлого бүрддэг. Эдийн засгийн агшилттай холбоотойгоор импортын хэмжээ багасч, тээврийн хэрэгслийн орж гарах урсгал цөөрснөөр 200 гаруй сая төгрөгөөр, уул уурхайн байгууллагын үйл ажиллагаа зогссоноос усны төлбөр, байгаль орчны татварууд зэрэг орлогууд мөн тасалдаад байна гэв.

Тус аймгийн хувьд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн санд 10,4 тэрбум төгрөг батлагдсанаас 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж 2.5 тэрбумын санхүүжилт хийгдээгүй өдийг хүрсэн аж. Мэдээллийн дундуур аймгийн Засаг дарга, уг сангаас санхүүжүүлж Хамрын хийдэд аялал жуулчлалын бүс байгуулах зорилгоор 260 сая төгрөгийг цахилгаан, эрчим хүч тавиулахад, Сайншанд суманд 165 хүүхдийн цэцэрлэгийн барилга эхлүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн ажлуудыг ААН нэгжүүдээр хийлгэсэн ч өнөөг хүртэл санхүүжилт нь зарцсан байдалтай байгаа тул ажил нь хийгдчихсэн ААН-н нэгжүүдийн өрийг өгөх асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүссэн юм.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, 2015 оны 1-р улирлын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 104 хувийн гүйцэтгэлтэй байна гээд зарлагын зохих санхүүжилт хийгдсэн, санхүүгийн хувьд хүндрэл багатай байна гэв. Харин орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн хувьд 1.9 тэрбумын санхүүжилт тасарсныг энэ оны санхүүжилтээр хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын явцын хувьд он дамжин хийгдэж байгаа Соёл амралтын хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай, хоккейн талбайн ажил эхэлсэн 6 сарын 15-наас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 2015 онд улсын төсвөөс эрх нь шилжиж ирсэн 3 ажил, аймгийн орон нутгийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн 25 бараа, ажил үйлчилгээ зэрэг нийт 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 60 бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулж тендерийг 100 хувь цахимаар зарлахаар төлөвлөөд хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх худалдан авалтыг 6 сард зохион байгуулж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд зарлагдах ёстой тендерийн 36.7 хувь нь зарлагдсан ажээ.

Мөн тэрээр, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа канад цэцэрлэгийн барилга санхүүжилт хийгдээгүйгээс зогссон байгаа хэмээн мэдээлэлдээ дурьдсан.

Мэдээллийн дараа Ж.Батсуурь гишүүн, уг ярилцлагад Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яамны ажилтнуудыг урьж оролцуулж байгаа тухай хэлээд аймгуудын удирдлагын асуултад холбогдох ажилтнуудаар хариулт өгүүлж, орон нутагт тулгамдаад буй асуудлын талаар сонсож, асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцов.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь сонгогдсон тойргийнхоо удирдлагуудтай холбогдож орон нутгийн өнөөгийн санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл солилцох явцад аймгуудын удирдлагын санал болон санхүүжилтын талаарх асуултад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Сангийн яамны Эдийн засгийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл, Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нараас тайлбар авч санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Categories
мэдээ нийгэм

Таван толгойн хувьцаатай холбоотой иргэдээс санал авах ажил үргэлжилнэ

Ж.Батзандан гишүүн өнөөдөр Чингэсийн талбайд иргэдээс санал авлаа. Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор ийнхүү иргэдээс санал авч байгаа ажээ.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар заасан билээ. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг хориглосон заалт байдаггүй тул Засгийн газрын уг тогтоолын тодорхой заал хууль зөрчиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15 хувийг эзэмшээд байгаа Монгол Улсын 2.1 сая иргэний 2.1 тэрбум ширхэг, 553 ААН-ийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол Улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт 16-р зүйлийн 16.3-р заалт компанийн тухай хуулийн 34-р зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлаж байна хэмээн мэдэгдсэн юм.

Эрхэм гишүүн усан бороог үл ажиран суугаа бололтой. Иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтэй сонсч, ярилцахад сайхан байна хэмээж байлаа. Ж.Батзандан гишүүн маргааш ч бас иргэдээс санал авна гэсэн.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Эрхэм гишүүд танаа . . . ХОНОГ ХУГАЦАА ТООЛЖ ЦЭРГИЙН АЛБА ХААХАА БОЛЬЁ

Саяхан хуучин танил маань утасдаж Сонгино дахь цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа хүүг минь цэргийн албанаас халагдуулж өгөх асуудлаар хөөцөлдөж өгөөч гэж байх юм. Учрыг нь лавлавал хүү минь идэж уучихаад хийх ажилгүй зүгээр хэвтээд байх хэцүү юм. Очиж хэдэн ямаагаа самнаж тав, арван төгрөг авъя гээд байна гэх юм.

Бас Төв аймгийн цэргийн ангид алба хааж байгаа садангийн дүүгээ эргэж очиход тэрээр “8 сараар халагддаг цэргүүдэд намайг оруулаад өгөөч, уйдаад байна, Би онц сурлагатан, онц буудагч сурах юмаа сурчихлаа одоо яах юм бэ” гэж бардамналаа.

Иргэн, цэргийн байлдагч хоёрын энгийн энэхүү яриа өчүүхэн зүйл юм шиг боловч яах аргагүй олон нийтийн санал гэж үзэж болохоор байна. Ялангуяа Төрийн батлан хамгаалах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байгаа өнөө үед бүр ч чухал байж магад. Энэ удаагийн УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан Хамгаалах Яамнаас өргөн барьсан Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс нь Батлан хамгаалах асуудлыг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, иргэдийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг сайжруулах, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадвар үр ашгийг дээшлүүлэх боломжтой сайн бодлого болжээ хэмээн дэмжиж байна.

Мэдээж энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх явцад улам чанаржиж, олон нийтийн дэмжлэгийг авна гэдэгт найдаж байна. Энэ салбарт олон жил зүтгэж яваа судлаачийн хувьд зарим асуудлаар нь саналаа илэрхийлэхийг хүслээ.

Нэгэн зүйл: Салбар, салбарын эрх ашгийг хөөцөлдөж амбийцлахгүйгээр батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх цаг нэгэнт болжээ. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо нь нийтлэг эрх ашиг, хуулийн зохицуулалт, удирдлагыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын газар зэрэг байгууллагууд нэгдмэл нийтлэг хуультай, удирдлагатай байх нь цөөхөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд нэн чухал болох нь саяхан зүүн аймагт гарсан түймрээс эхлээд олон зүйл дээр харагдаж байгаа төдийгүй бодит амьдрал шаардаж байгааг хэлэх юун.

Нэгэн зүйл: Энхийг сахиулах хүчинд үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн цэрэгт суурилсан дайчилгааны хангалттай нөөц бүхий бэлтгэл хүчинтэй, орчин үеийн зэвсэг техникээр иж бүрэн хангагдсан үүрэг гүйцэтгэх чадвартай чадварлаг зэвсэгт хүчинтэй байх өнөөгийн бодлогыг улам баталгаажуулах шаардлагатай байгаа юм. Зэвсэгт хүчний хөгжлийн зураглалыг 2040 он хүртэл гаргаж, жил жилээр нь хийх ажил, гарах үр дүнг тооцоолж ямарч Засгийн газрын үед хөдлөшгүйгээр хэрэгждэг байхаар хуульчлан баталгаажуулахыг хэлж байна.

Нэгэн зүйл: Өнөөдөр дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэдэг цэргийн албыг хугацаат цэргийн алба, дүйцүүлэх алба, мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах болон гэрээт цэрэг гэх мэт хэлбэрээр явуулж байна. Эдгээр асуудлыг нухацтай судалж эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Миний энд хэлэх гээд байгаа зүйл бол цэргийн албыг хоног хугацаагаар нь хэмжиж тооцоолж байгаа явдал юм.

Цэргийн алба 5 жил байхад хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Янжмаа гуай эмээл нь хувхайрч, эм нь сувайрлаа хэмээн үзэж 3 жил болгож байсан бол их зохиолч С.Удвал гуай 3 жилийн албыг 2 жил болгох санал гаргаж хуульчлан баталгаажиж байв.

Тэгвэл бидний хэсэг эрдэмтэд 2 жилийн албыг 1 жил болгох санал дэвшүүлж цэргийн эрчимт сургалтын туршилтыг Өмнөговь аймаг дахь цэргийн ангид явуулж баталгаажуулан БХЯ, ЗХЖШ-д илтгэж байлаа. Ингээд 1992 оноос 1 жилийн цэргийн албатай болсон.

Би энэ судалгааныхаа ажлыг эрчимжүүлж цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практикийн асуудлаар доктор, шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалж, Төв аймгийн цэргийн ангид 100 хүнтэй туршилт явуулж цэргийн сургалтыг эрчимжүүлэх цэргийн сургалтын шинэ чиглэлийг бий болгосон. Энэ ажилдаа өнөөгийн цэргийн сургалтын 1 жилийн хөтөлбөрийг 3.5 сарын дотор эзэмшиж суралцах бүрэн бололцоотой гэдгийг баталж цэргийн албыг 6 сар болгох санал, зөвлөмж дэвшүүлж байлаа. Бидний яриад байгаа цэргийн эрчимтэй богино хугацааны вакумжуулсан сургалтын тогтолцооны Швейцарь загварыг Украйнчууд хэрэглэж эхэллээ. Энэ ч байлдаж байгаа орны хувьд санамсаргүй тохиолдол биш байх. Ийм загвар Швейцариар зогсохгүй Израйль, Америкийн цэргийн тодорхой хэсэгт ч хэрэглэж байна.

Ингэж хугацаат цэргийн албаны хугацаа 5, 3, 2, 1 жил гэх мэтээр нийгмийнхээ хөгжлийг дагаж багaсаж ирсэн нь тохиолдлын хэрэг биш хөгжлийн зүй тогтол юм. Цэргийн албыг хоног, хугацаагаар хэмждэг хэвшмэл хуучирсан тогтолцоот сэтгэлгээнээсээ салахыг биднээс шаардаж байгаа хэрэг.

Энэ нь бидэнд юу хэлж байна гэвэл бид цэргийн албыг хоног хугацаа тоолж хаадаг биш цэргийн тодорхой мэргэжлийг цаг хугацаатай уралдаж, сургалтын хугацаа хэмнэж, өөртөө үр дүнтэй, өгөөжтэй байхаар хаахыг олон нийт хүсэж байгааг судалгаа, туршилтаар нотолж илэрхийлж байгаа юм.

Нэгэн зүйл: Шашны ёс зүй болон элдэв шалтгаан биш шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлж хаах нь 2 жилийн хугацаатай цэргийн штабт бүртгүүлээд хааяа цэргийн штабын офицеруудад загнуулсан шиг байж байгаад өнгөрч байгаа цэргийн алба байна. Уг нь дүйцүүлэх алба хааж буй хүн 470 гаруй цагийн цэргийн сургалтанд хамрагдаж 180 хоног үүрэг гүйцэтгэж тодорхой ажил хийх ёстой. Хийх ажил олдохгүй бол цэргийн штабын офицерийн хүүхдийг харсан шиг, ясли, цэцэрлэгээс авсан шиг л байж байна. Ингэж дүйцүүлэх байдлаар цэргийн алба хаах нь учир утгаа алдаж хэнд ч хэрэггүй “арын хаалганы, авлига цэцэглүүлэх алба” болж байна гэж олон нийт шүүмжилж байгаатай санал нэг байна. Иймээс дүйцүүлэх журмаар цэргийн алба хаасан болдог энэ хэлбэрдлийг зогсоомоор байгаа юм.

Нэгэн зүйл: Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хааж буй өнөөгийн байдал нь амьдралд нийцэхгүй зөвхөн хуулиар биш үзэмжээр шийдэх бололцоог олгож байна. Цэргийн алба хаалгүй 26 нас хүрсэн бол нэг хугацаат цэргийн жилийн зардал болох 4.4 сая төгрөг төлөх ёстой боловч оюутан байсан, цэргийн татлагад орсон байдлаар нь хөнгөлж 600.000-1.000.000 төгрөг төлөөд өнгөрөх жишээтэй. Энэ нь өнөөгийн нөхцөлд цэргийн албыг завших нэг нөхцөлийг хуулиар бий болгож байна. Улмаар бүх нийтээр цэргийн алба хаах үндсэн хуулинд заасан иргэний журамт үүрэг болох цэргийн алба хаах үүргээ “оронцоглон ацаглаж” байгаа хэрэг болод байна.

Үнэхээр ийм хууль хэрэгжиж байгаа бол Турк улсын жишээгээр 10- саяас дээш төгрөг тушаагаад цэргийн албыг хаасан болох нь илүү шударга ёсонд нийцнэ. Цэргийн албыг дүйцүүлэн биеэр болон мөнгөн төлбөрөөр хаадаг энэ хуулийг өөрчилж “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр цэргийн алба хаадаг шинэ төрөл бий болговол батлан хамгаалах салбартаа, хувь хүндээ ч өгөөжтэй гэж үзэж байна.

Нэгэн зүйл: Монол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарч Батлан Хамгаалахын сайд, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны сайд нарын хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Цэргийн ерөнхий бэлтгэл болон цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт явуулж цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр оюутан залуусыг бэлтгэж байна. Энэ сургалтанд хамрагдсан оюутан цэргүүдийг хугацаат цэргийн албан хаагчдаас илүү сайн сургагдсан гэж цэргийнхэн болон олон нийт үзэж байна.

Сургалтын бүлгийн багшлах бүрэлдэхүүнийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах сургалт зохион байгуулж, цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 сурах бичиг боловсруулан гаргаж гарын авлага болгон нийт багш, оюутнуудад өгч ямар ч дэвтэр харандаагүй зөвхөн сурах бичиг ашиглан дадлагажих журмаар цэргийн вакумжуулсан эрчимт сургалтын модуль блокын сургалтын арга зүйгээр явуулж байгаа юм.

Түүнчлэн Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарын гаргасан санал, албан ёсны хүсэлтийг үндэслэн энэ удаад Говьсүмбэр аймгийн техникийн коллежийг түшиглэн цэргийн ерөнхий бэлтгэл сургалт явуулахаар болж тусгай багш томилон туршилтын журмаар (нийт 50 гаруй оюутан залуусыг хамруулан) сургалт явуулж эхлүүллээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн асуудлаар нийт багш, эцэг, эх, оюутан залуусаас дэмжиж, бас оролцохоо илэрхийлэх зэргээр 100 гаруй санал хүсэлт ирээд байгаа ба судалж үзэхэд “Оюутан цэрэг” хөтөлбөр нь цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд ашигтай, хүнд наалдацтай, залуусын хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Жишээлбэл: МҮИС-ийн захирал Б.Мөнхбат: Бид энэ хөтөлбөрийг их дэмжиж байгаа. 2014 онд 35 оюутан хамруулахад тэд маш өөрчлөгдсөн бөгөөд хичээл сургуульд хандах хандлага нь төлөвшсөн байна. Иймээс бид энэ жил 100 гаруй оюутан хамруулж байгаа ба цаашид цэргийн тусгай тэнхим байгуулж ажиллах саналыг БХЯ-нд тавиад байна.

МУБИС-ийн Оюутны албаны дарга н.Анужин: Энэ хөтөлбөр залууст их сайнаар нөлөөлж байна. Хамрагдсан залуус үг сайн сонсдог, дуулгавартай, гүйцэтгэх чадвартай, мэдлээ гээд гүйгээд байдаг болсон нь бусад оюутнууддаа сайнаар нөлөөлж байна. Сурлагандаа ч амжилт гаргаж эхэлсэн. Бид байр танхимаар боломжоороо дэмжинэ. Оюутнууд жаахан өлссөн гэж ярьж байна лээ.

МУИС-ийн оюутан Т.Цэнд-Аюуш: Би “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Би “Оюутан цэрэг” хөтөлбөр гэсэн Facebook шинээр ажиллуулж байгаа. Би бас цэргийн баяраар “Оюутан цэргүүд” гэсэн бие даасан үдэшлэг өөрийн сургууль дээрээ сайн дурын үндсэн дээр зохион байгуулахад багш, оюутнууд их сайхнаар дэмжин хүлээн авсан. Оюутан цэрэгт хамрагдсан 100 гаруй залуус тамхинаас гарч нилээд нь илүүдэл жингээ их хассан шүү. Ер нь хүний төлөвшилд их хэрэгтэй юм байна лээ. Оюутан залууст хэрэгтэй “Оюутан цэрэг” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид хууль эрх зүйн үндэслэлийг улам боловсронгуй болгох хэрэгтэй юм шиг байна лээ гэх мэт бидэнд олон сайшаасан санал, хүсэлт оюутан залуус, багш, иргэдээс ирсээр байна.

БХЯ, ЗХЖШ, БХИС болон энгийн их, дээд сургуулийн удирдлага хөтөлбөрийг зохион байгуулах туршлагатай болсон төдийгүй олон нийт, оюутан залуус дэмжиж байгаа нь хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байгаа төдийгүй 2015 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1100 гаруй оютутан залуус 7 их сургууль дээр амжилттай хичээллэж байна.

Дараагийн шатны цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтыг 2015 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулсан хээрийн сургалтын төвд явуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Ер нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтыг олон шат дараалалтайгаар жил дараалан сунжруулж богино биш хугацаагаар зохион байгуулах нь нэлээд хүндрэл чирэгдэлтэй болох талтай. Хэрэв ингэж сунжирвал их цаг хугацаа зарцуулж, зардал өртөг 3 дахин өснө. Түүнчлэн оюутнууд 3 жил дараалан цэргийн сургалтад хичээл сургууль, дадлагын ажлаа таслан хөтөлбөрт хамрагдах боломжгүй болох юм. (2 дугаар курст танилцах дадлага, 3 дугаар курст мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлага зуны улиралд явагддаг төдийгүй ажил хийж сургалтын төлбөрөө хийх гээд оюутан залуус амрах завгүй байдгийг хэлэх хэрэгтэй).

Одоогийн мөрдөж байгаа хуулиар дээд сургуульд суралцаж буй оюутан залуусыг цэргийн албанд татахгүй чөлөөлж байгаагаас дээд сургууль төгсөгчид бараг цэргийн алба хаахгүй байна.

Монгол төрийн уламжлалд дээд сургууль төгсөгчдийг цэргийн алба хаалгах янз бүрийн арга хувилбарыг хэрэглэх бололцоо олгож байжээ. Тухайлбал 3 жилийн хугацаат цэргийн албатай байх үед энгийн их, дээд сургуулиудад цэргийн тэнхим ажиллаж цэргийн бэлтгэл сургалт явуулан төгсөх ангид нь 45 хоногийн хугацаатай цэргийн сургалтад хамруулж бэлтгэл офицер цол олгож байсан туршлага байгаа. Түүнчлэн дээд боловсролтой хүнийг офицерийн мэргэжил дээшлүүлэх дамжаанд 45 хоног суралцуулж офицер болгон цэргийн албанд авдаг. Мөн цэргийн алба 2 жил байхад дээд боловсролтой хүн нэг жилээр цэргийн алба хаах журамтай байв. Тэгвэл өнөөдрийн бидний “Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөр бол 4 сарын хугацаанд цэргийн ерөнхий бэлтгэл 96 цаг, цэргийн мэргэжлийн бэлтгэл 560 цагийн хөтөлбөрөөр бэлтгэл офицер биш зөвхөн дайчилгааны нэгдүгээр бэлтгэл цэргийн үүрэгтэн байлдагч бэлтгэж байгаа нь цэргийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж байгаа оюутан залуус нийт 4 сар 14 кредит, 656 цаг вакумжуулсан эрчимтэй сургалтаар цэргийн хэрэгт суралцаж, буудагч-тасгийн дарга гэсэн цэргийн бага мэргэжил эзэмшиж байгаа бөгөөд хугацаат цэргийн албан хаагчийн нэг жилийн хугацаанд 864 цагийн сургалтын хөтөлбөрийн 80 хувийг хангаж байгаа юм. Мөн албаа 8 сарын хугацаанд үлгэр жишээ хаан халагдаж байгаа цэргийн сургалтын хөтөлбөрүүдийг бүрэн хангаж байгаа учраас цэргийн жинхэнэ алба хаасанд тооцон, дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байх боломжтой гэж үзэж байна.

Ингэснээр хөтөлбөрт хамрагдсан оюутнууд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа тул цаашид Дайчилгааны тухай хуулийн 29.1.2 дахь заалтын дагуу 50 нас хүртэл 3 жил тутам 1 удаа 1 сарын хугацаатай цэргийн анги, байгууллагад дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтанд 8 удаа 8 сар хамрагдах юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний цэргийн журамт үүргээ биелүүлэх боломжтой болж байгаа юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд шинэчлэгдэн боловсруулагдах Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хуулинд иргэний их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуус сайн дурын үндсэн дээр 4 сараас доошгүй хугацаагаар цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамрагдан цэргийн мэргэжил эзэмшсэн нь нотлогдсон тохиолдолд түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож дайчилгааны нэгдүгээр зэр­гийн бэлтгэл үүрэгтнээр бүрт­гэж болно гэсэн хуулийн заалт оруулж өгөхийг оюутан залуус эрхэмлэн хүсч байгаа юм.

Шинжлэх Ухааны Доктор, Профессор, Хурандаа

Гэрэлийн МЯГМАРЖАВ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдын хуурамч дүрэмт хувцас багачуудад заналхийлж байна

Манай улс ерөнхий боловсролын сурагчдынхаа дүрэмт хувцасыг шинэчилж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа. Шинэчлэгдсэн загвараар батлагдсан дүрэмт хувцасыг 2013 оноос эхлэн сурагчид өмсч байна. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгч болох долоон компани дүрэмт хувцсыг стандартад нийцсэн, эрүүл мэндийн шаардлага хангасан цэвэр хонины ноосон хөвөн даавуун материалаар хийхээр болсон. Ингэхдээ нэгдсэн нэг загвараар урлан, албан ёсны цэгүүдээр худалдаалдаг билээ. Намар болохоор дүрэмт хувцасны борлуулах цэгүүд ачааллаа дийлэхээ байдаг. Хэрэглэгчдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулжхувь хүмүүс урд хөршөөс хуурамч сурагчийн дүрэмт хувцас оруулж ирэн хямд үнээр борлуулж байгаа аж. Өнгөн талаас нь харахад, ялгагдахын аргагүй ч урд хөршөөс оруулж ирсэн эдгээр дүрэмт хувцас хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ноцтой нөлөө үзүүлж болохоор байгаа гэнэ. Тодруулбал, дүрэмт хувцасыг шатаахад хар өнгөтэй, хатуулаг зүйл болж хувирчээ. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Categories
булангууд мэдээ цаг-үе

Сэвжидийн Сүхбаатар: “Жалам хар”-аар гран при аваад ирэхэд аав минь духан дээр үнсэж билээ

Дэлхийн бүжигчдийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар шавь нарын хамт “Жааз ба модерн” бүжгийн концерт Улсын филармонийн тайзнаа найруулан тавьж үзэгчдэд хүргэв.

Дэлхийн бүжигчдийн өдрийн хүрээнд та орчин үеийн бүжгийн концертыг найруулан тавьж үзэгчдэд хүргэж байна. “Жааз ба модерн” бүжгийн тоглолтын гол концепц нь юу байна вэ?

-Хүн төрөлхтний өөрс­дийнх нь амьдрал, мөнхийн хөдөлгөөнийг бүжгийн хэл илэрхийлдэг учраас Дэл­хийн бүжигчдийн өдөр гэж бий болгож тэмдэглэх болсон болов уу гэж би ойлго­дог. Монголчууд бид хүн төрөлхтний мөнхийн хөдөлгөөн дээр түшиглэсэн бий биелгээ, уламжлалт бүжгийн дэгийг бүтээж энэ хорин нэгдүгээр зууныг хүртэл удамшуулан үргэлжлүүлж ирсэн ард түмэн. Монголд бид энэ өдрийг тэмдэглээд арваад жил болж байна. Өнөөдөр миний шавь нар өсөж дэвжээд бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч концертын найруулагч болтлоо өөрсдийгөө хөгжүүлж иржээ. Эд нар маань өнөөдөр жааз модерн гэдэг орчин үеийн бүжгийн нэг урсгалыг хөгжүүлж явна. Энэ тоглолтыг санаачлан хийж байгаа уран бүтээлч бол ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч Хашхүү. Хашхүү хэдхэн жилийн өмнө ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг найруулагч-бүжиг дэглээчээр төгсч ирсэн. Түүнтэй хамтарч ХБК-ийн бүжгийн багш Цэцгээ, Энхбаатар гээд бүжиг дэглээч ийм авьяаслаг залуучууд энэ уран бүтээлийг хамтарч хийе гэсэн санал дэвшүүлээд бид хамтдаа дэглэлээ. Энэ бүтээлийг хийснээрээ ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бү­жиг­­­чид зөвхөн ардынхаа бүжгийг бүжиглэх төдийгүй дэлхийн үндэстэн бүхний ардын уламж­лалт бүжгийг дэглэх, бүжиглэх авьяас чадалтай уран бүтээлчид гэд­гээ харуулж байна. Уламж­лалт монгол болон дэлхийн бусад үндэстнүүдийн өөрийнх нь өвөрмөц ардын урлагаас орчин үеийн урлагт шилжсэн тэр урсгалыг өнөө­дөр хөгжүүлж, дэглэж, бүжиглэж Дэлхийн бүжигчдийн өдөрт Монголын бүжигчид мэнд­чилгээ дэвшүүлж байгаа нэгэн өвөрмөц тоглолт болж байна.

Дэлхийн бүжигчийн энэ өдөр ардын бүжгийг мэргэжлийн бүжиг болгож дэглэн найруулсан монгол бүжгийн загалмайлсан эцэг Сэвжид гуайг дурсахгүй өнгөрөх аргагүй. “Сэвжид” сангийн сүүлийн үеийн сонин сайхнаас та хуваал­цахгүй юу?

-“Сэвжид” санг Амармандах гэдэг хүү маань удирдаж ажиллуулдаг. Бид бол гишүүд нь гэх юм уу даа. Сэвжид багшийнхаа уламжлал болсон хүүхдийн гоцлол, цөөхүүл бүжигчдийн уралдааныг хоёр жил тутамд Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран хийдэг. Энэ жил мөн Дорноговь аймагтайгаа хамтарч 12 дахь удаагаа уралдааныг зохион байгууллаа. Үүнд 21 аймгаас авьяаслаг хүүхдүүд ирж оролцохоос гадна нутаг нутгийнхаа өвөрмөц зан заншлыг харуулсан, хүүхдийн сэдэвтэй, байгалийн сэдэвтэй өөрсдийн дэглэн зохиомжилсон бүжгүүдээрээ оролцсон. Мөн Сэвжид багшийн нэрэмжит мэргэж­лийн гоцлол болон хамтлаг бүжигчдийн уралдаан бол­дог. Энэ уралдаан өнөө жил болох байсан ч хойшлогдлоо. Энэ жил аавын минь мэн­дэлсний 99 жилийн ой тохиож байгаа юм. Үүнд шавь нар маань өнөөдрийн энэ тоглол­тоороо бас бэлэг барьж байгаа юм. Ирэх намар бид Сэвжид багшийнхаа концертыг сэргээж тоглоно.

Таны уламжлалт сонгодог дэгийг үзэгчид сайн мэднэ. Энэ удаа та модерн бүжгийн тавилтыг дэвшүүлэхдээ юуг онцолж байна вэ?

-Модерн гэдгийг гүн бодол сэтгэхүйн урлаг талаас нь харах хэрэгтэй. Бид ардын уламжлалт үндэсний бүжгэн жүжгүүд дээрээ, бас зарим бүжигтээ модерн хэлбэрийг аль хэдийнэ хийчихсэн байдаг юм. Үүнийг манайхан сайн анзаарч мэддэггүй. Тэгээд модерн гэдэг үгээ хөөгөөд байдаг. Ардын уламжлалт заншлаа агуулсан бүжигтээ суурилж, хөдөлгөөнөө баяжуулж орчин үед хурдыг нь, үймээнийг нь тусган харуулж байна. Ер нь үндэс­ний уламжлал дээрээ модерн, сэтгэхүйн бүжгийн урсгал нь хөгжиж байгаа юм шүү дээ. Сэтгэхүйн гүн бодлыг өгүүлэхийн зэрэгцээ, жааз стилийн өөрийнх нь уян зөөлөн аясыг хадгалсан, тэр бүжгээр чухам юу өгүүлж байгааг үзэгч давхар өөрөө боддог, хүний сэтгэхүйг хөгжүүлэх гэсэн ийм л бүтээл хийлээ л дээ.

Их бүжиг дэглээчийн мэндэлсний 99 жилийн ой энэ жил, 100 жилийн ой дараа онд тохиож байгаа юм байна. “Адуучин залуус”, “Саальчин”, “Жалам хар” гэхчлэн Монголын урлагийн брэнд болсон олон арван бүтээлүүдийг нь өнөөдөр залуучууд хэр бүжиглэж байна вэ?

-Их эгзэгтэй бөгөөд эгдүүтэй асуулт байна. Бид өмнө нь Хүннүгийн үе, эзэн Чингэсийн үе гэж ярих эрхгүй үе байлаа шүү дээ. Одоо ярьж болдог болчихсон байна. Энэ үеийн тухай аав маань бүжиг дэглэж болдоггүй байлаа. Гэтэл миний үед болдоггүй ч гэсэн Хүннүгийн үе, эзэн Чингэс хааны үе, бурхан шашны сэдэвтэй бүжгийг дэглэж эхэлсэн. Үүгээрээ би өөрийнхөө онцлогийг бий болгосон. Дараа нь би шавь нараа өөрсдийнхөө хүч, үзэл бодлоор бүжгээ дэглэж найруулах үзлээр хүмүүжүүлсэн. Гэтэл энд нэгэн зүйлийг мартаж байна. Түүхээ эргэж харж байх, мартаж болохгүй гэдгийг социа­лизмын үед мартуулсан. Өнөө­­­дөр капитализмын үед бас мартуулах гэж бай­­на. Энэ бүхэн хүний чанар­­тай холбоотой болж. Алтан үеийнхний дэглэсэн бүжгүүдийг, жишээ нь тэр “Саальчинг”, “Адуучин залуус”-ыг хэзээ ч мартаж болохгүй. Ямар ч зуунд саальчин бүсгүйчүүд байсаар байна. Хүн төрөлхтөн сүүгээ уугаад байж байна. “Ээрүүлт” гэж бүжиг байна. Ээрүүлээ ээрээд ноосоо гаргаад хэзээд бид ноолуураа өмсөөд л амьдарна. Адуучин мөнхийн мөнхөд байж л байна. Ямар ч эрин үед тэр адуучин залуугийн хүч хөдөлмөр, бүсгүйчүүдийнх нь исгэсэн айраг, тараг цэгээг бид уугаад л сууж байна. Гэтэл тэр уламжлалт бүжгүүдийг өнөөдөр мартуулж байна. Үндэсний дуу бүж­гийн эрдмийн чуулгад энэ бүжгүүдийг тоглуулахаа болиод удаж байна. Хааяа хааяа аргагүйн эрхэнд ганц хоёр удаа тоглолтдоо оруулж байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зөвхөн 2-3-хан бүжгийг хүнд таниулах гэж албан хүчээр бий болгож тоглуулж байна. Энэ бол маш их гуниг. Сүхбаатарыг болиг.

Та ч өөр хэн ч насаараа бүжиглэхгүй нь мэдээж шүү дээ?

-Сүхбаатарын дэглэсэн бүжгийг бүжиглүүлэхгүй байж болно оо. Сүхбаатарт атаархсан бол энэ асуудал биш. Энэ агуу гүн ухааны, алтан үеийнхний дэглэсэн бүжгүүдийг тоглохыг болиулна гэдэг нь цаанаа нэгэн атаархал жөтөөрхөл, авьяасгүй хүмүүсийн санаар­хал явж байна гэж би ойлгож байгаа юм. Энийг би шууд хэлж байна.

Ардын бүжгийг мэргэж­лийн болгож театрт оруулж ирсэн тэр хэдэн бүжиггүйгээр ҮДБЭЧ өөр ямар өв соёл ярих юм бэ. Тэгээд ч ердөө нэг чуулгын биш үндэстний өв. Өв соёлоосоо сорчлон хаячихаад цоо шинэ юм хийлээ гэхэд хэр хол явах гэж?

-Өнөөдөр манайхан агуу Нацагдаржоо ярихаар дургүйцэж байна. Тэгсэн мөртлөө Английн Шекспирийг шүтээд, Шекспирийн зохиолыг бид дэглэж найруулж байна гэж ярьж байна. Агуу Нацагдоржийг Шекспиртэй зүйрлэж зөвхөн нэг жишээ татаж байна л даа, би. Яагаад монгол хүн монгол хүндээ атаархаад байдаг болчихов оо. Нэгэндээ дэндүү атаархдаг. Нэгэнт бүтээчихсэн өвийг алдарсан хойно нь дахиж бүтээх боломжгүй. Монголын урлагийн хөгжлийн бодлого зөв явж байна уу, буруу явж байна уу гэдэг асуудал өнөөдөр маш эгзэгтэй байгаа. Та Сэвжид гэж асуусан учраас аав минь тэр үеийн бүжиг дэглээчдийн нэгэн төлөөлөл учраас тэр хүнээр төлөөлж би ярилаа. Мөн бусад бүжиг дэглээчдийн бүжгүүд, хөгжмийн зохиолчдын хөгжмүүд, яруу найрагчдын зохиолууд үлдэх ёстой. Энэ бүгдийг үгүй хийнэ гэдэг бол монгол угсаатан мөнхөд үлдэх, уламжлалаа мэдэх, дэлхийд таниулах жинхэнэ өв соёлоо үгүй хийж байна гэсэн үг. Тэр бүжгүүдтэй хамт үндэстэн ястныхаа хувцасны гайхамшигт соёлыг алдаж эхэлж байна. Өнөөдөр бид модерн бүтээл хийж байна. Энэ чинь зөвхөн орчин үеийн урсгал. Тэгвэл жишээ нь, халх бүжгийн хувцсыг европ хувцасны элементүүдтэй холиод нүцгэлээд гараад ирвэл ямар харагдах вэ. Баяд бүжгийн дээл цэгдэгийг оростой хольчихвол ямар соёл үлдэх вэ. Энэ уламжлалт зан заншлынхаа агуу үнэт зүйлсийг муу муухай байна, хоцрогдсон байна гэж голдог, хойш тавьж авдранд нь ялзруулдаг ийм л үе эхлэх гээд байна уу гэж би харж эмзэглэж байна. “Монголын мэндчилгээ” гэж бүжиг байдаг. “Хадагтай мэндчилгээ”, “Цацал” гэж Сэвжид багшийн дэглэсэн бүжгүүд байдаг. “Цацал” гэдэг бүжгийг Лувсаншарав гуайн хөгжмөөр, Үржнээ гэдэг агуу зураачийн эскизээр, “Хадагтай мэндчилгээ”-г Чойдог гуайн хөгжмөөр, Доржпалам гуайн эскизээр бий болгочихсон, уламжлал болоод үлдчихсэн. Гэтэл энэ бүжгүүдийн хувцсыг сольж өөр хувцас өмсгөөд арай жаахан өөрчлөнгүүтээ зохиогчийг нь солиод тавьчихсан явж байна.

Хэрэв тийм бол урлагт байж болшгүй, ёс зүйгүй явдал монгол бүжгийн ертөнцөд байгаа юм байна. Урлагийг хүн төрөлхтөн ариун гэгээн гэж үзэж, театрыг ариун сүм гэж үзсэн хэвээрээ байна?

-Зохиогчийн эрхийг эвдсэн ийм юмыг хэн хэлэх ёстой вэ. Судлаач шүүмжлэгч нар хэлж байх ёстой. Тэд нар нь манайд алга. Гэтэл Орос, Хятад уламжлалаа ямар гайхамшигтай авч үлдэж байна вэ. “Багт бүжиг” гэж байдаг. Цамын бүжиг. Энэ бүжгийг би олон удаа дэглэж найруулсан. Гэхдээ би хэзээ ч Сүхбаатарын дэглэсэн цамын бүжиг хэлж байгаагүй бөгөөд хэлдэггүй. Тухайн үед нэр нь үл мэдэгдэх бүжиг дэглээч дэглээд үлдээсэн байна шүү дээ. Одоо цамыг би дэглэсэн гэх үү. Би бол хэзээ ч тэгэхгүй. Ийм ёс зүйн хэм хэмжээ уламжлал ч алдагдаад эхэллээ. Эцэст нь хэлэхэд, уламжлалыг авч үлдэх, тэр дэг жаягийг авч үлдэх сэтгэгчдийг манай улс бэлдэхгүй байна. Тийм шүүмжлэгч сэтгэгчид өнөөдөр алга. Хүн “зөвхөн би өөрөө л болж байвал” гэдэг асуудалд өнөөдөр хэтэрхий их төвлөрөөд байна. Хүн өөрөө өөрийгөө гэх зах зээлийн хандлага тодорхой хэмжээнд байх ёстой. Гэхдээ буруугаар халдварлавал монгол үндэс­тэнд нөлөө муугаар тусна. Монгол бол цагаачдын орон биш шүү дээ. Өөрийн гэсэн түүх, уламжлалаа авч үлдэх гэж олон мянган жил тэмцэлдэхдээ тэм­цэж өнөөдрийн энх амгалан амьдралд хүрсэн улс үндэстэн.

Монголын хөгжмийн зохиолчдын бичсэн үндэс­ний бүжгийн хөгжмүүд үнэн­дээ гайхамшигтай. Та бүжиглэж байхдаа тэдгээ­рээс хэний хөгжимд илүү дуртай байв?

-Анх би Хөгжим бүжгийн дунд сургуульд очоод Г.Долгорсүрэн гэдэг багшийн гар дээр монгол бүжгийн анхны “а” үсгийг заалгасан юм. Тэнд Дамдин гэдэг багшаар “Хултай биелгээ” гэдэг бүжгийг заалгаж байв. Дараа нь би агуу “Жалам хар” гэдэг бүжгийг заалгаж бүжиглэсэн. Ёстой л түүгээр би морин дээрээ мордож дэлхийгээр аялсан. “Жалам хар” гэдэг бүжгийг бүжиглэснээр аав минь намайг хөлийг минь дөрөөнд хүргэж өгч, ээж минь дөрөөг минь сүүгээр мялаасан.

-“Жалам хар”-ыг танд хэн заасан бэ?

-Сандагдорж, Лхамжав гэж багш нар маань заасан юм.

Зохиогч нь таны аав. Тэр бүжгийг бүжиглэхэд аав тань хэрхэн үнэлсэн бэ. Хөгжмийг нь зохиосон Э.Чойдог гуай ч юм уу?

-Анх намайг энэ бүжгийг бүжиглэхэд аав мэдээгүй л дээ. Хөгжим бүжгийн сургуульд байхдаа анх бүжиглэсэн юм. Чуулгад ирээд бүжиглэж байтал Анастасия Ивановна Цэдэнбал Филатова гуай тоглолт дээр харж л дээ. Тэгээд энэ бүлтгэр нүдтэй залууг голд нь бүжиглүүлбэл зүгээр юм биш үү гэж санал хэлсэн юм байна лээ. Тэгээд дөрвөн хүн бүжиглэдэг бүжгийг гурван хүн бүжиглэдэг болгоод голд нь намайг бүжиглүүлсэн юм. Дөрвөн хүн бүжиглэдэг анхных нь эскизийг ардын зураач Доржпалам гуай хийсэн байдаг юм. Дараа нь гурван хүн болгоход голынх нь цагаан морийг би бүжиглэдэг болж, эскизийг нь ардын зураач Ядамсүрэнгийн Үржнээ хийсэн юм. Миний хоёр талд ахмад бүжигчин Сандагдорж багш, Лхамжав багш хоёр маань хоёр жигүүр болж бүжиглэж байлаа. Дараа нь 1973 онд Дэлхийн залуучууд оюутны аравдугаар их наадам Германы Берлин хотод болоход би Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, одоогийн гавьяат жүжигчин Зоригоо, бас нэг бүжигчинтэй гурвуулаа оролцож “Жалам хар”-аар гран при шагналыг нь авчирч байсан. Тэгж дэлхийн шүүгч нарт үнэлүүлж медалийг нь зүүж ирэхэд аав минь намайг үнсэж хүлээж авсан юм. Тэгэхэд нь би аав минь одоо л намайг үнэлж байна даа гэж бодож байв. Өмнө нь үнэлж байлаа ч хэлэхгүй, аргагүй дэлхий үнэлээд ирэхэд нь духан дээр минь үнсэж, зохиосон бүжиг хийсэн бүтээлдээ баярлаж, хүү нь тэр үнэлэгээг аваад ирсэнд нь аавын минь сэтгэл баяссан байх аа. Би өөрөө ч их баярлаж, сэтгэлд үлдсэн тохиол тэр юм.

-“Жалам хар”-ыг хэдэн онд зохиосон юм бэ?

-1969 онд зохиосон бүжиг.

Н.ПАГМА

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.04.30/ өргөн барилаа.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлага мөн урган гарч байгааг хууль санаачлагч тайлбарлав. Энэ хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ. Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллага нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр бий болгожээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: 12 мянга гаруй иргэн бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон

Долоо хоног бүр болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, тухайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах болон нийгмийн хамгааллын чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тус яамнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн гол ажлуудын нэг бол хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь шилжүүлэх тогтолцоонд орсон явдал гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцоллоо. Хүүхдийн мөнгийг дэвтэргүйгээр олгож байгаа нь иргэдэд сар бүр банкинд очиж дугаарлах хүндрэл, чирэгдлийг арилгасан үр дүнтэй ажил болсон. Хүн амын 35 хувийг эзэлдэг 960 300 шахам хүүхдэд сар бүр 20 000 төгрөг олгож байгаа бөгөөд 2014 онд хүүхдийн мөнгөнд зориулж 228,9 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсанаар 579 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлж, 436 мянган иргэн баталгаажилтын хуудсаа авсан байна. Энэ хууль хэрэгжсэнээр 24 мянган иргэн шинээр тэтгэвэр авагчаар бүртгэгджээ. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан 12,7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн батлууллаа. Энэ хууль хэрэгжиснээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжтой болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох 500 мянга хүртлэх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүжээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 58 мянган төгрөгөөр тогтоожээ. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг өргөн бариад, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ төсөлд тэтгэврийн насыг нэмэх тухай ямар ч заалт байхгүй гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.

Аливаа улс оронд тэтгэврийн зээлийг хуулиар зохицуулдаг. Манайд тийм хууль байхгүй. Тэтгэврийн зээл авч байгаа ахмадуудын 70 орчим хувь нь хүүхдийн сургалтын төлбөр төлөх, машин, орон сууцны зээлд хандивлах зэрэгт зарцуулж байна. 10 гаруй хувь нь л эмчилгээ хийлгэх, сувилалд явах зэрэгт зарцуулахаар авсан байгаа. Тэтгэвтийн зээлийг зохицуулсан хууль зайлшгүй шаардлагатай гэж салбарын сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.