Categories
мэдээ спорт

Хоккейчид маргааш Тайваний багтай тоглоно

Азийн “Челленж Кап-2015” хоккейн тэмцээнд оролцож байгаа Манай шигшээ баг Арабын Нэгдсэн Эмират улсын багтай хоёр дахь тоглолтоо хийж 6:1-ийн харьцаагаар хожигдсон. Тэмцээний ганц гоолыг Ган-Очир хийсэн байна. АНЭУ-ын шигшээ баг хоёр дахь хожлоо авснаар Монголын баг Тайванийн багтай маргааш тоглохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

338 мянган га талбайд тариалалт хийнэ

Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015 онд дотоодын хэрэгцээг буудай, төмсөөр бүрэн, хүнсний ногоогоор 55 хувь хангах зорилт тавьжээ. Тариалалт ирэх зургадугаар сарын 15-наас эхлэх бөгөөд наймдугаар сарын 15 хүртэл 2-3 удаа боловсруулах аж. Энэ жил 338.000 га талбайд уринш бэлтгэх ажээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас энэ онд ургамал хамгааллын 434 тонн бодис, 500 тонн бордоо нийлүүлэхээр болжээ. 30 хувийн урьдчилгаа авч, үлдсэн хэсгийг буудайгаар төлүүлэх гэрээгээр ургамал хамгааллын бодисыг тариаланчдад олгох аж. Улсын хэмжээнд 48.000 тонн үрийн буудай шаардлагатай байгаагийн 42.200 тонныг тариаланчид өөрсдөө нөөцөлсөн бол ТЭДС-д 1900 тонн байгаа юм байна. Мөн 5700 тонн дизель түлш шаардлагатай байгаагийн 2700 тонныг ТЭДС-гаас олгох нь. Ингэхдээ төлбөрийн 50 хувийг урьдчилгаа болгон авч, үлдэх хэсгийг ургацаас төлүүлэх нөхцөлтэй гэнэ. Тэгвэл техник тоног төхөөрөмжөө засаж эхэлсэн, ирэх сарын 15-нд дуусгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагаас “Согтуу” нэгдсэн арга зохион байгуулна

Энэ өдөр Монгол улсад Зэвсэгт хүчин үүсгэн байгууллагдсны 94 жилийн ойн баяр болж байгаатайгаар албан байгууллага, аж ахуй нэгж, хамт олон найз нөхдөөрөө нийлж архидан согтуурах, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд өртөх гэмтэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүд нилээдгүй гардаг. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх , хэрэв та зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол дуудлагын жолооч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эрүүл хүнээр тээврийн хэрэгслээ жолоодуулах, биеэ авч явах чадваргүй үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ өдөр “ Согтуу” нэгдсэн арга зохион байгуулан явуулна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын 500 алдартан оролцсон “Цагаан эсгийн ёслол” өнөөдөр болно

Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагааг ҮДБЭЧуулгын хамт олон энэ сарын 2015 оны 3 сарын 18-нд буюу өнөөдөр 17:00 цагаас театрын өмнө талбайд зохион байгуулагдана.

Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт МУСГЗ Д.Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан зохион байгуулагдаж буй уламжлалт ёс заншилаа эрхэмлэн цав цагаан эсгий дээгүүр эрхэм зочид нь алхаж, цагаан идээгээр хүндэт зочдоо дайлж угтах тус арга хэмжээний үеэр ҮДБЭЧуулга, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар хотын музей нарын хамтарсан уран зураг, фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэх ажээ.
“Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох эрхэм зочдын нэрсийг танилцуулъя.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
Богд хааны дүрд МУАЖ Д.Самбуу
Дондогдулам хатан МУГЖ.Д.Ширмэнтуяа
Сүндэряа дүр: МУГЖ.С.Эрдэнэцэцэг
Дархан Барайшир дүрд: дуучин Э.Чинчулуун
Уран бүтээлийн багийн төлөөллүүд :
Цомнолыг бичсэн Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарчзохиолыг бичсэн
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат
Хөгжмийн зохиолч МУСТА М.Бирваа ,
ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, ерөнхий зураач Д.Ганболд,
Төрийн захиргааны байгууллагуудын төлөөллүүд
МУ-Ерөнхийлөгчийн тамгийн газар дарга П.Цагаан
МУ-н Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
Хууль зүйн сайд Дорлигжав
Театр, урлагийн байгууллагуудын дарга нар
ҮДБЭЧуулгын дарга Г.Цоггэрэл
УДЭТ- захирал УГЗ.Д.Цэрэнсамбуу
УДБЭТ-н захирал Н.Мөнхзул
ЦДБЭЧуулгын захирал Хурандаа УГЗ. Гансүх
Циркийн захирал Х.Пүрэвбадам
МУАЖ. П.Зангад
МУГЖ. Тунгалаг
Түүхийн эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан байгууллагууддын төлөөлөл
Эрдэм шинжилгээний ажилчид ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор,профессор О.Батсайхан
Монгол улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Борын Пунсалдулам ,
МУИС-н Монголын түүхийн тэнхим багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа
Улаанбаатар музейн захирал С.Цацралт
Урчуудын эвлэлийн хорооны дарга Төмөрбаатар
“Улаанбаатар” их сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, СГЗ.Д.Цэдэв
Драмын урлагийн төлөөлөл
МУАЖ. П.Цэрэндавга,
МУАЖ. Б.Мэндбаяр
МУАЖ. Н.Сувд
МУАЖ. Мягмарнаран
МУАЖ.Сарантуяа
Дуурийн урлагийн төлөөлөл
МУАЖ. А.Долгор
МУАЖ. Б.Жавзандулам
МУАЖ. Г.Хайдав.
Хөгжмийн зохиолчдын төлөөлөл
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга УГЗ. Б.Бямбабаяр
МУ –н Төрийн хошой шагналт, Н.Жанцанноров
МУ-н Төрийн шагналт УГЗ-н Б.Шарав
МУ-н Төрийн шагналт Бирваагийн Мөнхболд
Кино урлагийн төлөөлөл
МУГЖ.Г.Уранчимэг
Жүжигчин P.Анхням
Жүжигчин Б.Амарсайхан
Найруулагч нарын төлөөлөл
МУАЖ Б.Мөнхдорж
Төрийн соёрхолт Н.Наранбаатар
УГЗ. Б.Баатар
УГЗ. Доктор,проф Н.Ганхуяг
Найруулагч СТА. Түвшин
Рок попын төлөөлөл
Зууны манлай эстрадын дуучин МУГЖ. С.Сарантуяа
Улаанбаатар телевизийн ерөнхий захирал, УГЗ. Л.Балхжав
Төрийн соёрхолт Д.Сосорбарам
Чингис хаан хамтлагД. Жаргалсайхан
Харанга Х.Лхагвасүрэн
Номинталс Т.Дэлгэрмөрөн
Харсарнай хамтлагийн С.Амармандах
Мисс болоод топ моделиудын төлөөллүүд
Топ модел Э.Одгэрэл
Топ модель Бадамгэрэл
Мисс Т. Батцэцэг
Мисс Ч.Содтуяа
Хошин урлагийн төлөөлөл
Мөрөөдлийн театрын Г.Эрхэмбаяр
Маск продакшн Мөнхсайхан
Х түц МУГЖ. И.Одончимэг
Эрхэм элч С.Лхагвасүрэн
Бизнесийн төлөөллүүд
Алтай констракшн захирал Р.Бат-Эрдэнэ
МСS захирал групын захирал Ж.Оджаргал
Номин холдинг групын ерөнхийлөгч Ш.Баярсайхан
Жигүүр гранд группын ерөнхийлөгч Д. Баттөр
Макс групын ерөнхийлөгч Д.Ганбаатар
МАК захирал захирал Б.Нямтайшир
Мобиком группын захирал захирал Дэвид Холидэй
Скайкел компаний захирал Д.Болор
Жич: “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид, сурвалжлагчид та бүхэн зохион байгуулах комиссын 88023954, 89070887, 89076064 дугааруудад холбогдож мандатаа аваарай.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан шагнал гардууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, Батлан хамгаалах сайдын тушаалаар “Дайчин алдар – I, II медаль”, “Эх орны төлөө – I, II, III хүндэт тэмдэг”, НИТХ-ын хүндэт үнэмлэх, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн жуух бичгээр нийт 23 хүнийг шагналаа. Уг арга хэмжээд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцов.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмны Монгол цэргийн өдөр болон Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, НИТХ, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж байгаадаа баяртай байна. Өнөөгийн нийслэлийн удирдлагууд цэрэг, батлан хамгаалахын ажил үйлсийг дэмжиж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ ч үүднээс нийслэл, дүүргийн цэргийн штаб, анги нэгтгэлүүд хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа. Цаашид цэргийн үйл ажиллагаа уламж өргөжин сайжирна гэдэгт итгэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулна

Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд тохирч ургах чадвартай тэжээлийн ургамлыг нутагшуулж, малчид, фермерүүдийн идэвхи оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх зорилготой.

Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд орших Улиастайн аман дахь Баянголын ам гэсэн 2 байршилд хэрэгжих бөгөөд 2015-2020 он хүртэл үргэжлэх юм.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/190 дүгээр захирамж гаргаж, “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг зохион байгуулах Удирдах хороо болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус баталлаа. Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбалыг огцруулах хувилбаруудыг ЗХУКН-ын Төв хороо арван жил хэлэлцсэний эцэст эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн

Түүхийн ухааны док­тор Н.Цэ­рэн­тэй хөө­рөлд­лөө. Тэрбээр Улс тө­рийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэнгийн тусла­хаар ажиллаж байсан юм. Төв хорооны аппаратад 20 гаруй жил байж, Ю.Цэдэн­бал агсныг гэрийн хорионд очиход нь Москвад Монго­лын Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд түүхийн ил, далд баримтын гэрч болсон эрхэм билээ.

Та цагаан сарын өм­нө манай сонинд илгээ­сэн нийт­лэлдээ “Ю.Цэдэнбал агс­ныг огцруулсан хуйвал­дагчдыг нэрлэнэ” гэсэн. Тиймээс тэр талаар тантай хөөрөлдөхөөр ирлээ.

-Танайх ч нэхэл хатуутай сонин л доо. Тиймдээ, бие организмын тэжээл болсон өглөөний цайны араас мэдлэг, оюуны тэжээл болж “Өдрийн сонин” эрэмбэлэгдэх эрхээ аваад удаж байна. Монгол, Зөвлөлтийн хуйвалдагчдын алинаас нь яриагаа эхэлбэл танай уншигчдад ойлгомжтой байх бол.

Ю.Цэдэнбал агсны эсрэг Зөвлөлтийн тал хуйвалдаанд оролцсон гэдгээс эхэлмээр байна?

-Төр эргүүлэх салхи Москвагаас эхэлж сүүлдээ Монголын төрийг нураах шуурга болтлоо ширүүссэн баримт бий шүү дээ.

Аливаа юмс, үзэгдлийн цаад утга учир, үнэн худлыг баримт илчилдэг болохоор түүхэн баримтыг нэр эзэнтэй, цаг хугацаатай нь өгүүлэх болно. Ю.Цэдэнбалыг МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халах асуудлаар ЗХУКН-ын Төв хорооны аппарат, тасаг хэлтсүүдэд янз бүрийн хувилбар боловсруулсан. Улмаар далаад оны дунд үеэс Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөн, Улс төрийн товчооны хурлуудаар олон удаа хэлэлцэж байжээ.

Заримыг нь жишээ болгооч?

-ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев социалист орнуудын удирдагч нэг бүрийн тухай судалгааны материал Улс төрийн товчооныгишүүдэд тарааж танилцуулсны дотор Ю.Цэдэнбал нэгэнт нэр хүндгүй болж, хүн бүхнийг залхааж байгаа тухай тааруухан дүгнэлт оржээ. Уг асуудлыг Улс төрийн товчооны хурлаар 1976 оны хоёрдугаар сард хэлэлцэхэд Улс төрийн товчооны гишүүн, БХЯ-ны сайд Устынов Улаанбаатар дахь өөрийн төлөөлөгчийн газрын мэдээллийг нэмж танилцуулаад “Цэдэнбалыг солих хэрэгтэй. Тэр удирдаж чадахгүй байна. Байдлыг гартаа барьж чадахгүй байна” гэсэн боловч бусад дарга нар дэмжээгүй өнгөрөөж.

Монгол дахь ЗХУ-ын төлөөлөгчийн газруудын нэг үндсэн ажил нь Ю.Цэдэнбал, түүний гэргий Филатоваг мөрдөн, мөшгиж төвдөө мэдээлэхэд чиглэж байж. Тэд төвдөө ямар их мэдээлэл өгч байсныг Д.Шинкаров, Ш.Г.Надиров нарын ном уншсан манайхан сайн мэдэж байгаа.

1983 оны арваннэгдүгээр сард А.А.Громыко нарын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан Монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг Улс төрийн товчооны хуралд оруулан хэлэлцүүлжээ. Тэр бичигт “МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр, өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй. Тиймээс Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт Төв хороонднь гардуулах шаардлага бий болж байна. Түүнд Ардын их хурлын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё” гэжээ. Улс төрийн товчоо энэ асуудлыг хэлэлцээд дахин судлан үзэж, энэ ажилд Зөвлөлтийн Монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг А.А.Громыко болон бичиг зохиогч бусад хүмүүст даалгасан байдаг. Гэхдээ тодорхой юу хийхэв үүнийг хэрхэн хийхэв гэж К.В.Русаков өөрөөсөө болон хуралдаанд оролцогчдоос асуусан ч уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй байна. Гэхдээ “Бидний оролцоотойгоор, гэхдээ мэдэгдэхгүйгээр” гэж ярилцсан байдаг.

Цааш нь юу болсон бол?

-Төв хорооны Улс төрийн товчооны олон улсын асуудал эрхэлсэн комиссын удирдагчаар хавсран ажиллаж байсан А.А.Громыко 1984 оны хоёрдугаар сарын 3-нд Төв хорооны Зөвлөгөөнийг удирдаж, Монголын асуудлыг хэлэлцсэн байна. Монгол дахь Элчин сайд Павлов УАХХ-ны төлөөлөгч Радченко нар “Ю.Цэдэнбалыг яаралтай өөрчлөх хэрэгтэй” гэсэн. Харин Улс төрийн товчооны гишүүн В.М.Чебриков асуудлыг илүү гүнзгий судалж, Улс төрийн товчоонд нь Лувсангомбо, Намсрай нарыг оруулж, Майдарыг өөрчилсний дараа улс тунхагласны 60 жилийн ойг өнгөрүүлж байж шийдвэрлэх санал тавьжээ. А.А.Громыко “Ямар нэг эрс яаруу, сандруу арга хэмжээ авах хэрэггүй. Ирэх нэг, хоёр сарын дотор, юуны өмнө нөхөр Павлов, Радченко нар тодорхой, идэвхтэй мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж, шаардлагатай материалыг нягтлан бэлтгэх хэрэгтэй. Улс төрийн товчоог эрүүл саруул хүчээр (Лувсангомбо, Намсрай) сэлбэж, Майдарыг товчооноос гаргах боломжийг судлах хэрэгтэй гэжээ.

А.А.Громыко нарын өнөөх дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёр дахь бичгээ 1984 оны дөрөвдүгээр сарын 28-нд Улс төрийн товчоонд оруулжээ. Тэр бичигт Ю.Цэдэнбал ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэсэн түрүү­чийн саналаа илүү дэлгэ­рэн­гүй үндэслэлтэй нотолсон байна. Ю.Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын Төв хороо арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. Улс төрийн товчооны тогтоолд зохиогчдын саналыг сайшааж, хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд Төв хороо, ГЯЯ, УАХХ-ны цөөн тооны хариуцлагатай ажилтныг татан оролцуулсан байдаг.

ЗӨВЛӨЛТӨӨС БҮХ ТАЛААР ХАРААТ, ХАМАГ ЮМАА ТЭДНЭЭС ГУЙДАГ ОРНЫ УДИРДАГЧ ДОТРОО ХИЧНЭЭН БУХИМДАВЧ ИЛЭРХИЙ ЭСЭРГҮҮЦЭЖ, ДУРГҮЙЦЭЖ ЯАЖ ЧАДАХАВ

Өрнөж байгаа дээрх асуудлуудын талаар Ю.Цэдэнбал агсан ажиг сэжиг авч байсан болов уу. Хэрвээ мэдэж байсан бол дургүйцлээ илэрхийлэх ч юмуу, ямар нэг эсрэг үйлдэл хийж байв уу?

-Зөвлөлтийн зарим удирдагчийн ийм хандлагад манай дарга бухимдаж явдгийг гэрчлэх баримт байна аа. Гэхдээ Зөвлөлтөөс бүх талаар хараат, хамаг юмаа тэднээс гуйдаг орны удирдагч дотроо хичнээн бухимдавч илэрхий эсэргүүцэж, дургүйцэж яаж чадахав.

Цэдэнбал дарга нэгэн удаа Крымд амарч байх үедээ, чухам юунаас болсныг бүү мэд оройн хоолон дээр хоёр хундага тогтоогоод өөртэй нь итгэлтэй дотно байсан ЗХУКН-ын Төв хорооны Монголыг хариуцсан тасгийн ажилтан Ш.Г.Надировт “Та нар Монголыг мэдэхгүй шүү дээ, монголчуудыг мэдэхгүй. Маш өнгөцхөн хардаг хүмүүс. Та нар яахаараа ийм ихэмсэг байдаг юм бэ. Та нар монголчуудыг хоцрогдсон ард түмэн мэтээр үздэг” гэжээ. Ямаагаа тоглоомын орос резинен ямаанаас хямд худалддаг гэх мэт шүүмжлэл байнга дагуулдаг Зөвлөлт, Монголын хилийн худалдааны тэнцвэргүй байдлыг өөрчлөх асуудлаар 1983 оны аравдугаар сард болсон хоёр орны үнийн хорооны хэлэлцээр дээр Цэдэнбал дарга Зөвлөлтийн Үнийн хорооны даргад хандаж “Танайхыг юм бүхэн дээр дуурайж чадахгүй. Манай нөхцөл байдал өөр” гэж хатуу үг хэлсний ачаар хэлэлцээр манай талд маш их ашигтай туссан тухай манай Үнийн хорооны дарга байсан Д.Бямбасүрэн бичиж байсан.

Ю.Цэдэнбал агсны энэ мэт дургүйцэл Зөвлөлтийн удирдлагын сонорт хүрсэн л байж таараа.

Зөвлөлтийн тал дургүйцлээ бас л илэрхийлсэн байх даа?

-1977 онд Т.Живковын урилгаар манай дарга Болгарт амрахаар очих замдаа Крымд саатаж, Брежневтэй уулзахаар тохиролцсон юм байна. Гэтэл Ю.Цэдэнбал агсныг Крымд бүтэн 10 хоног хүлээлгэсний эцэст Брежнев арайхийж уулзсан байдаг. 1974 онд манайд хоёр дахь удаагаа айлчлахдаа монголчуудыг найрсаг дотно харьцаа, дөлгөөн сайхан төрхөөрөө баясгаж, өгөөмөр их бэлгээрээ баярлуулж байсан Брежнев дарга ийнхүү зангаа хувиргасан нь араасаа асуулт дагуулсан билээ.

Бас нэг жишээ хэлье. Брежневийг залгамжилсан Зөвлөлтийн нэгдүгээр хүн Ю.В.Андропов “Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг хэрнээ, цаагуураа биднийг сайн фермийн саалийн үнээ л гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч байтугай Империалист хэмээн ад үздэг. Тэр биднийг сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хэрнээ юу ч хийж чадаагүй” гэж хэлсэн байдаг.

Брежневийн хийж чадаагүйг тэдний залгамжлагч М.Горбачев чадаж Цэдэнбалыг огцруулсан байх нь ээ?

-Логик утгаараа тийм.

Монгол-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх үйлсэд ам хэлээрээ биш ажил үйлсээрээ хагас зуун жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан гэгддэг Ю.Цэдэнбалд Зөвлөлтийн зарим удирдагч хүйтэн хандах болсны цаад учир нь юу бол?

-Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж Зөвлөлтийн удирдагчид нэг бус удаа шахалт үзүүлсэн юм билээ. 1973 онд Брежнев, Цэдэнбал хоёр Крымийн хойгийн урд эрэгт амралтын газар уулзаж ярилцжээ. Брежнев “Цагийн өмнө Т.Живковтой сайхан ярилцлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд ХБНУ-ын эрхтэйгээр Болгарыг оруулах болсон тухай БКН-ын Төв хороо шийдвэрлэснийг надад мэдэгдлээ” гээд Ю.Цэдэнбалд ямар сэтгэгдэл төрүүлснээ мэдэхийг хичээсэн бололтой харцаа тогтоон ажиглажээ. Төв хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев нарын зэрэг хамт байлцсан олон хүний сэтгэл маш өндөр, бүүр догдолж хөөрсөн байдалтай харагдаж гэнэ. Гэтэл Ю.Цэдэнбал огт өөр зүйл ярьж, Брежневийн мэдэгдэлд огтхон ч хариу бариагүй гэдэг.

Мөн Москва орчмын Барвихид амарч, эмчлүүлж байсан Ю.Цэдэнбалд социалист орнууд бүх талаар ойртон нягтрахад зориулж авах зарим арга хэмжээний тухай Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолыг 1975 онд Ш.Г.Надиров гардуулжээ. Таван хуудас тэр тогтоолыг Ю.Цэдэнбал дарга хоёр дахин уншаад уг баримт бичгийн дээд булан дээр “БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалсан нөхцөлд” гэж бичсэнийг Ш.Г.Надиров номондоо дурсчээ.

Манай нам үүнээс өмнө ЗХУ-тай ойртон нягтрах зорилго дэвшүүлсэн юм. 1976 онд намын 17 дугаар их хуралд тавьсан илтгэлдээ Ю.Цэдэнбал ЗХУ-тай бүх талаар, эдийн засгаар, хэл, соёлоор ойртон нягтрах тод томруун зорилт дэвшүүлэхэд “Хүргэн хүү Монголыг хадамдаа бэлэглэх нь. Тусгаар тогтнол дуусаа” гэж манай саарал ордны шивнээ явж байв.

Ойртон нягтрах зорилт монголчуудыг айлгаж байхад Москва баярлаж байлаа. 1976 оны наймдугаар сарын 24-ний оройн зоог дээр Төв хорооны хэлтсийн орлогч О.Л.Чуканов, Элчин сайд Павловский нар “Танай намын 17 дугаар их хурал дээр Зөвлөлттэй бүх талаар ойртон нягтрах тухай таны дэвшүүлсэн зорилт олны анхаарлыг их татаж байна. Хамгийн ач холбогдолтой нь ойртон нягтрах тодорхой замыг зааж өгсөн явдал мөн” хэмээн талархаж байжээ. Ю.Цэдэнбал даргын энэ мэт тактик Монголыг өөртөө нэгтгэх их гүрний дээрэнгүй санаархлыг тогтоон барьж харин өөртөө лай хураасаар байв.

Манайд өнгөлздөг байсан Мао нэгэн удаа “Цэдэнбал Орост хайртай хэмээн донгодохын хэрээр Монгол хоногийн хоолтой золгодог” гэж шоглосон тухай яриа байдаг. Хоёр их гүрний дунд эв зүйгээ олох гэж Ю.Цэдэнбал үйлээ үзэж байхад хажуудах авгай нь хүртэл хатгаж зовоодог байсан.

1978 оны зун Цэдэнбал Югославд амраад буцах замдаа Крымд хоногложээ. Хамт салхилж явсан Ш.Г.Надиров Цэдэнбал Филатова хоёрын нэгэн ярианы гэрч болсноо номондоо тэмдэглэж үлдээсэн байдаг. “Тито ёстой эр хүн, хэний ч гар хардаггүй, хэнээс ч хараат бус, өөрийнхөө замаар явж байна. Тийм болохоор түүнийг тоож, хаа сайгүй Москва ч хүндэлж байна. Хэрвээ чи Тито шиг байсан бол чамд өөрөөр хандах байсан даа. Элэг бариад байхгүй л байсан байх” гэж Филатова хэлэхэд Цэдэнбал ундууцсан янзтай “Чи ингэж яах нь вэ дээ” гэсэн нь номонд нь бий.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Г.Өнөрбаяр: Ардчилагчид хэвлэлийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий халдаж байна

Манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчин муудаж, үнэний төлөө тэмцсэн сэтгүүлчдийг хорих хуулийн төсөл бэлэн болжээ. Энэ талаар сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны доктор Г.Өнөрбаяртай ярилцлаа.

Та сүүлийн хоёр жил хагасын хугацаанд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин муудлаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг дампууруулах бодлого явагдаж байна” гэж сануулах болсон. Энэ дүгнэлтээс яриагаа эхлэх үү?

-Хөгжин цэцэглэж байсан хэвлэл, мэдээллийн салбар сүүлийн хоёр жил хагасын хугацаанд уруудан доройтлоо. Сэтгүүлчид маань тив дэлхий, гадаад ертөнцөөс эхлээд улс орны нийгэм, эдийн засаг, малчны хот, шорон гяндан хүртэл явж ард түмний хүсч байгаа бүхий л мэдээллийг дамжуулдаг. Улс орны салбар бүрт ололт амжилт, асуудал бэрхшээл байгааг ил тодоор харуулж ирсэн. Харамсалтай нь өөрсдийнх нь салбар нуран унаж эхэлснийг олж харахгүй байна.

Шууд жишээ хэлэх үү?

-Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн хямралын гол буруутан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж Н.Алтанхуягийн Засгийн газар дүгнэсэн. Хоёрдугаарт, “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ байгуулахыг хориглосон. Гуравдугаарт, телевизүүдийг дампууруулах зорилгоор эфирийн 50 хувь нь Монгол контент байна гэсэн хууль санаачилсан. Дөрөвдүгээрт, facebook, twitter, youtube гэх мэт сошиал сүлжээг эрх баригчид өөрсдийн үйл ажиллагаанд нийцүүлэх зорилгоор “Цахим сүлжээг журамлах тухай” хуулийн төсөл санаачилсан, Тавдугаарт, Эдийн засгийн өршөөлийн хуульд авлигачдыг бичсэн сэтгүүлчдийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэж заалт оруулсан, Зургадугаарт, нилээд хэдэн сайтын үйл ажиллагааг хаасан, Долдугаарт сүүлийн хоёр жилд сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэх үйл явц огцом нэмэгдсэн, Наймдугаарт мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм гэх мэт бичлэгийн төрөл зүйлийг төлбөртэй болгохыг хориглосон Зөрчлийн хуулийг өргөн барьчихлаа. Есдүгээрт сэтгүүлчдэд эрүү үүсгэж хорих хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Аравдугаарт хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй, шийдвэрийн дагуу шууд явуулах хуулийн төсөл санаачилсан гээд үй түмэн зүйлийг дурдаж чадна л даа. Энэ бүхнийг өргөн утгаар нь дүгнээд, том зургаар нь харвал Монголын сэтгүүл зүйн салбарыг сууриар нь, системээр нь хорлох ажиллагаа явагдаж байна.

Бас сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт холбогдсон сэтгүүлчдийн тоо өссөнбиз дээ?

-Сэтгүүлчдийг хорих цагдах, торгох ажиллагаа эрчимжлээ. 2005-2012 оны хооронд буюу долоон жилийн хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн нэр төр сэргээхтэй холбоотой эрүүгийн 37 хэрэг гарсан. Гэтэл сүүлийн хоёрхон жилд 21 сэтгүүлчийг ялласан тухай саяхан news.mn сайт мэдээлсэн. Энэ бол сэтгүүлчдэд түгшүүрийн харанга дэлдэж байгаа тоон үзүүлэлт.

Та сая сэтгүүлчдийг бичсэн мэдээ, нийтлэл, ярилцлагынхаа төлөө төлбөр авахыг хориглосон хуулийн төсөл яригдаж байгаа гэж дурдсан. Энэ ямар хуулинд байгаа зохицуулалт вэ?

-Цагаан сарын өмнөхөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ хоёр хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой маш ноцтой заалтууд тусгагдсан. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т “мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна лээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг төлбөртэй мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм хийж болохгүй ээ гэж хориглож байгаа хэрэг. Ардчилагчид маань хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий дураараа халдаж байгаагийн нэг илрэл юм. Үүнээс ч илүү ноцтой заалт бас бий.

Тухайлбал?

-2014 оны төгсгөлд ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар гэгч сонин, сайт, сэтгүүлч гурваас 300 сая төгрөг нэхэмжилсэн. Хамгийн сонирхолтой нь уучлал гуйсан мэдээг дангаар нь сониныхоо нэгдүгээр нүүрт нэг сарын турш нийтлэх, сайтыг эхний онцлох мэдээ буландаа уучлал гуйсан мэдээг нэг сарын турш гаргах, сэтгүүлчийг “Генерал Д.Энхбаатараас уучлалт гуйж байна, миний буруу” гэсэн өгүүлбэрийг бичсэн нийтлэлийнхээ мөрийн тоогоор бичиж нийтлэх гэсэн шаардлага тавьсан юм. 100 гаруй жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн түүхэнд битгий хэл дөрвөн зуу гаруй жилийн настай дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд ийм даварсан нэхэмжлэл байсан гэж өнөөг болтол уншаагүй л дээ. Ардчиллыг Монголд нутагшуулсан гэж бахархах дуртай энэ хүний ийм нэхэмжлэлтэй агаар нэг хуулийн төсөл УИХ-д ороод ирж байгаа нь бүүр ч анхаарал татаж байна. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 10.4.1-т “сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч. Хувийн өмчийн үйл ажиллагаанд төр шууд хутгалдан орж байна. Бас дуртай шийдвэрээ гаргуулчихаад түүнийгээ сэрэмжлүүлэх зар сурталчилгаа нэрээрхүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна. Хэрэв гал ус, байгалийн гамшгаас олон нийтийг сэргийлсэн мэдээллийг хэлж байгаа бол түүнийг хуульчлах шаардлага байхгүй. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө хамгийн түрүүнд дамжуулж ирсэн. Ийм зүйлийг хуульчилдаг улс орон гэж байхгүй.

Тооцооны нэгж гээд та юу ярьчихав. Торгуулиа тооцооны нэгжээр хийдэг болох юм уу?

-Эдийн засаг хямраад торгуулиа хүртэл ам.доллартай уялдуулан төлдөг болох гээд байна. Өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр уялдуулдаг байсан даа. Саяхнаас Засгийн газраас өргөн барьсан хуулиудад зөрчил гаргагчийг тийм хэмжээний тооцооны нэгжээр торгоно гэсэн заалтууд явж байна лээ. Энэ том маргаан болох байх. Учир нь манай улсын хуулиар Монголдоо аливаа торгууль, худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх ёстой. “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулиар тооцооны нэгж гэдгийг “аливаа үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байх үнийн саналыг хэлнэ” гэж заасан байдаг л даа.

Шинээр өргөн бариад байгаа Эрүүгийн хуулинд туссан гүтгэх гэсэн зүйл ангийг өөрчлөх санаачилга гаргасан хүний нэг нь та. Энэ зүйл ангийг Эрүүгийн хуулиар биш иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна уу?

-Олон улсын жишиг нь тийм юм. Гүтгэх гэдэг бол гэмт хэрэг биш. Тийм учраас НҮБ-ын хүний эрхийн хороо Монгол Улсын иргэний болон улс төрийн эрхийн фактуудад дүгнэлт хийгээд зөвлөмж ирүүлсэн байдаг. Уг зөвлөмжид сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар хорихгүй байхыг тусгасан юм. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд аливаа зөвлөмжийг сонсох л ёстой. Гүтгэхийг гэмт хэргийн хүрээнд биш зөрчлийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэх нь нэг талаасаа ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх эрх чөлөөг хязгаарлах хөшүүрэг болж байгаа юм. Нөгөө талаасаа дарга нар, албан тушаалтнууд ард түмнийхээ эсрэг тэмцдэг, сэтгүүлчдийг гүтгэсэн гэдэг эрүүгийн зүйл ангиар нухчин дарж авч байгаа юм. Үр дүнд нь ард түмний, хяналтын дуу хоолой алга болно гэсэн үг. Ийм нөхцөлд авлига, шударга бус үйлдэл, дарангуйлал цэцэглэж, эрх мэдэлтнүүд хожиж энгийн иргэд хохирно. Шударга ёсыг сахин биелүүлэх ёстой хууль нь шударга бус үйлдлийг өөрөөсөө төрүүлэх гээд байна. Хууль шударга бус ёсны зэвсэг байж болохгүй.

Гүтгэх гэдгийг Эрүүгийн хуулиас аваад хаяхыг улс төрчид зөвшөөрөхгүй байх. Тэгвэл ямар гарц байна?

-Зөвшөөртөл тэмцэх хэрэгтэй. Сэтгүүлчид үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө, ард түмэн мэдэх сонсох, дуулах эрхийнхээ төлөө тэмцээд түүнийгээ олж авах ёстой. Үнэний төлөө тэмцэж байгаад хоригдсон хүмүүсийг “Эрх чөлөөний хоригдол” гэсэн томьёолол байдаг. Ийм хоригдол манай улсад байж болохгүй. Тийм учраас гүтгэх гэсэн зүйл ангийг Эрүүгийн хуулиас авч хаяхын төлөө “Эрх чөлөөний хоригдол байж болохгүй” санаачилга өрнүүлж байна. Олон сэтгүүлчид нэгдлээ. Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонины холбоо, Сайтын холбоо, Телевизүүдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэйшнл гэх мэт төрийн бус байгууллагууд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Сэтгүүлчид маань хүчээ нэгтгэж байж Эрүүгийн болон Зөрчлийн хуулинд туссан дээрх даварсан заалтуудыг алга болгохын төлөө явах ёстой. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслийг сүйрүүлж байгаа тогтолцооны төлөө тэмцэх цаг болсон. Бүгдээрээ нэгдэж чадвал амжилтад хүрнэ. Нэгдэж чадахгүй бол ээлж дараалан дампуурлаа зарлана, торгуулна, дарамтлуулна, үйл ажиллагаагаа зогсоолгоно, шоронд явцгаана.

Гүтгэлээ гэдэг зүйл ангийг судлаад үзэхэд ихэнх тохиолдолд албан тушаалтнууд гомдол гаргасан байдаг. Тэгэхээр ард түмний өмнөөс албан тушаалд очиж байгаа бол ард түмнийхээ үгийг сонсдог, шүүмжлэлийг даадаг байх ёстой. Тэр шүүмжлэл нь хэрээс хэтэрч гүтгэлэг боллоо гэж үзэж байгаа бол тайлбар хийгээд иргэний шугамаар гомдол гаргах эрхтэй. Үнэхээр хүн гүтгэсэн бол сэтгүүлчид торгуулиад, уучлал гуйгаад, буруу үйлдэл хийснээ уншигчдадаа зарлаад, залруулаад явах ёстой. Харин үзэл бодол байр сууриа илэрхийлснийхээ төлөө шоронд орж болохгүй. Ардчиллын ийм жишиг, соёлыг л бид нутагшуулах гээд чадахгүй байна шүү дээ.

Сүүлийн хоёр жилд хэвлэл мэдээллийн орчин муудлаа гэдгийг та олон баримтаар нотолж ярилаа. Яагаад ийм байдалд хүрэв?

-Чөлөөт хэвлэл гэдэг бол чөлөөт ард түмэн, чөлөөт ардчиллын оршин тогтнохын эх суурь гэж үздэг. Харамсалтай нь ардчиллын суурь тулгуур болсон тогтолцоог ардчилагчид нь хоёрхон жил хагасын хугацаанд л сүйрүүлчихлээ шүү дээ. АН 25 жилийн өмнө амлаж гарч ирсэн үнэт зүйлсээсээ салбар бүрт ухралт хийж байна. Би зөвхөн мэдээллийн салбарыг л ярьж байна. Ард түмнээ итгэл үнэмшилтэй байсных нь төлөө яллах дээрээ тулж хүндэрлээ. Ардчиллын суурь тулгуур салбараа ийм байдалд хүргэж байгаа хүмүүс бусад салбарт яаж хандах нь тодорхой шүү дээ. 25 жилийн өмнө ардчилал ярьж гарч ирсэн ах нар өнөөдөр ардчиллынхаа мөн чанарыг ойлгоогүй байна. Эсвэл онцгой эрх мэдэлд хүрч онцгой самуурсан байна. Энэ самуурлаас нь салгахад, ойлгуулахад сэтгүүлчид их үүрэг гүйцэтгэх учиртай.Эрх мэдэлд хүрэхдээ ардчиллын төлөө байсан. Эрх мэдэлд хүрснийхээ дараа ардчиллынхаа эсрэг болон хувирч байгаа үйлдэлтэй эвлэрч болохгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жавзанпагма: Дуудлаганд явсан машин цасанд хий эргээд явахгүй болохоор нь дээлээ тайлаад дугуйн доогуур нь хийж байлаа

Яаралтай дуудлага аваад багийн төвөөс яарч сандарсан хүмүүс мотоцикльтой гараад давхидаг. Замын ховилд гуядуулаад шороон зам дээр ойчих их хэцүү. Хөл гараа шалбалж, бэртэж гэмтдэг. Харин цасан дээр харуулдаад ойчих нь зөөлөн унадаг. Бэртэл гэмтэл ч авахгүй шүү дээгэж Хануй багийн бага эмч Ч.Жавзанпагма, Д.Батмөнх нар ярив. Хануй баг мянга гаруй хүн амтай. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл, төрөлт нэмэгдэж, хөдөөгийн мал­чид хятад мотоцикль уна­даг болсноос хойш ослын дуудлага өдөр бүр гардаг болжээ. Энэ талаар эрүүл мэндийн салбарт 20 га­руй жил ажиллаж байгаа Ч.Жав­занпагма эмчтэй ярилцлаа.

Багийн эмнэлэг ажил­лахаа болиод гурван жил болж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Манай багийн эмнэлэг хаагдаад гурван жил болж байна. Уг нь манай багхүн ам их болохоор эмнэлэгтэй байсан юм. Төсөв мөнгө нь дээрээс шийдэж өгдөг, эмнэлэгтээ хүн хэвтүүлж эмчилгээ сувилгаахийдэг байлаа. Тэгсэн манай сумын эмнэлэгт төсөв мөнгө бага ирдэг болсноос үүдээд багийн эмнэлэгт төсөв мөнгө огт олгогдохгүй болчихсон. Үүнээс болоод олон жил ажилласан багийн эмнэлгийнхээ хаалгыг барилаа. Одоо эмнэлгийн барилгыг хоёр хуваагаад нэгэнд ньхүүхдийн цэ­цэрлэг оруулчихсан. Хүйтний улиралд түлэх түлш, хэрэглэх бусад зүйл байхгүй болохоор сумын эмнэлгээс ирсэн эм тариагаа гэрээрээ хадгалж байна. Бусад сумын эмч нар бид хоёр шиг баг дээрээ байрлахгүй. Сумынхаа эмнэлэгт байрладаг. Хануй багийн хувьдсумын төвөөс 100 гаруй километр алслагдсан. Хөдөөнөөс холын дуудлага ирлээ гэхэд хамгийн түрүүнд багийн эмчид ханддаг. Багийн эмч очиж үзээд сум руу дуудлага өгдөг юм. Ингээд сумын эмч нарзуу гаруй километрийн цаанаас наашаа гарах болдог. Цаг хугацаа их алдаж байгаа юм. Өвчтөний биеийн байдал маш хүнд, эмч нарыг ирэх гэсээр байтал эвгүйдчих гээд ер нь л хүнд хэцүү үе олон гарч байна даа.

Танай багийнхан хэлж байна лээ. Манай багийн эмч нар унаа тэрэг, мөнгө төгрөг гэж байхгүй. Нутгийнхаа хүмүүсийг гуйгаад л холын дуудлаганд явдаг гэж байсан?

-Багийн эмч нарт унаа тэрэг гэж байхгүй. Шатахууны төсөв мөнгө огт байхгүй. Гэтэл багийн төвөөс 30 гаруй километр зайд өвөлжиж байгаа айл яаралтай түргэн тусламжийн дуудлага өгдөг. Эрүүл мэндийн салбарын иргэдэд үйлчлэх хамгийн ойр байгууллага нь багийн эмч. Мотоциклиос унаад цус алдаад байна. Хурдан ирэхгүй бол болохгүй байна. Яаралтай хурдан ир” гээд л яарч сандарсан хүмүүс утсаар ярьдаг. Бид чинь тангараг өргөсөн эмч хүмүүс шүү дээ. Сумын төвтэй утсаар холбогдчихоод гэртээ суугаад байлтай нь биш. Эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тариагаа аваад л гардаг. Багийн төвийн машин, мотоцикльтой хүмүүс дээр очоод гуйдаг. Нутгийн хүмүүс болохоор гуйх болгонд явж өгдөг. Гэхдээ дуудлаганд явж байгаа хүмүүст хэцүү байдаг. Хол газарт явахаар машин нь усаар явна гэх биш, бензин тос их ордог. Тэр болгоны цаана гуйсан хүний халааснаас мөнгө гардаг. Багийн төв дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдрал ахуйг сайн мэддэг. Тийм болохоор мотоцикльтой хүмүүсийг ихэвчлэн дуудлаганд гуйдаг. Сая гэхэд цасан шуурга нүүр нүдгүй шуураад эргэн тойрны зүйлс огтхарагдахгүй шөнөөр 30 гаруй километрийн зайд өвөлжиж байгаа айлаас нэг эмэгтэй цус алдаад байна гэсэн дуудлага ирсэн. Багийн төвөөс мотоцикльтой гараадявлаа. Шуурга хүчтэй болохоор замдаа зөндөө олон удаа унасан. Цасан дээр харуулдаад ойчиж байгаа болохоор бэртэж гэмтэх нь бага. Хайрцагтай эм тариагаа хагалчихгүй гээд нэг гартаа бариатай чигтээ унаж байгаа юм. Сүүлдээ хэсэг төөрч явсааросгох дээрээ тулж байгаадайлаа олсон. Айлдаа яваад ортол өөдөөс айж сандарсан хүмүүс “Яасан удаан ирдэг юм бэ. Энэ хүн амь насаа алдах юм бол чи хариуцах юм байгаа биз дээ” гээд загнаж гарлаа. Цус алдсан эмэгтэй хувхай цагаан царайтай болчихсон. Хамаг цусаа юүлчихсэн байсан. Цус алдсаны улмаас гурван давхар гудас нэвтэрчихсэн байгаа юм. Анхан шатны үзлэгээр савны гадуур жирэмслээд тэр нь хүндэрч цус алдчихсан болох нь тодорхой болсон. Бага эмч анхан шатны тусламж үзүүлэх болохоос биш мэс засал хийх, нарийн мэргэжлийн эмч нарын хийдэг ажилбар хийх эрхгүй. Хийж болохгүй гээд хуулиндаа хүртэл заагаад өгчихсөн байдаг. Гэхдээ хүний эрдэнэт амь нас чухал шүү дээ. Яах ч арга байхгүй. Цус алдаад байгааг зогсоохын тулд мэс ажилбар хийж байгаа юм. Савны гадуур жирэмсэн болж хүндэрч, цус алдсан эмэгтэйн амь насыг аварч чадсан. Хэрэв сумын эмч, аймгаас эмч ирэхийг хүлээсэн бол тэр эмэгтэй амь насаа алдах нь тодорхой байсан. Дуудлаганд машинтай явсан чинь цасанд хий эргээд явдаггүй. Өмсөж явсан дээлээ хүртэл тайлаад дугуйн доогуур нь хийж өгөөд газар ахиулж байсан. Гол үертэй байхад хүртэл ус руу зориглоод л орно шүү дээ.

Саяхан нэг эмэгтэй гэртээ төрөөд та хоёрыг банга хүртсэн гэж сонссон?

-Яаралтай дуудлагаар очдог. Анхан шатнытүргэн тусламж үзүүлээд сум руу авч явах ёстой. Гэвч шороон замаар 70 гаруй километр явснаас 30 километр шороон замаар яваадзасмал замдаа нийлээд аймгийн төвийн эмнэлэгт очсон нь шулуун байдаг. Иргэд өөрсдөө сум руу биш аймагт очмоор байна гэдэг. Тэгэхээр шууд л аймагт хүргэж өгдөг. Манай багийн нэг эмэгтэй жирэмсэн болсон юм. Эмчийн хяналтад байж байгаад төрөх дөхөөд ирэхээр нь аймгийн төвд албан ёсоор хүргэж өгсөн юм. Тэгсэн аймгийн эмнэлэгт хоёр хоног хэвтээд гурав дахь хоног дээрээ гэртээ харьж хононо гээд хүрээд ирчихсэн байсан. Тэгсэн тэр шөнөдөө өвдөөд эхэлсэн байсан. Шөнө дуудлага ирсэн. Яваад очтол жирэмсэн эмэгтэйн ус нь гарчихсан. Юу юугүй л төрөх гэж байсан. Гэрт нь төрүүлж болохгүй гээд Эрүүл мэндийн сайдын тогтоол гарчихсан. Гэвч яах ч аргагүй гэрт нь эх барьж авсан.Олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж, энэ багийнзалуусын ихэнхийг эх барьж авсан болохоор ямар нэгэн хүндрэл гараагүй. Эх, хүүхдийг эсэн мэнд аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Сүүлийн жилүүдэд бага эмчийн орон тоо их гардаг болчихсон. Бага эмчээр сурах хүүхдүүд ч байхгүй болчихсон байна. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй болоод байгаа.

Багийн эмнэлэг хаагдсанаас болоод гэрээ эмнэлэг болгох, өвчтөн хүртэл хэвтүүлдэг болсон гэсэн үү?

-Манай багийнхан, ойролцоо багийн иргэд ухаан алдчихсан, цус алдсан гэх мэт биеийн байдал тааруу хүмүүсээ багийн эмнэлэг хаагдсанаас хойш шууд л манайд аваад ирдэг. Өвчтөнийг гэртээ оруулаад л эмчилгээ хийдэг. Өөр сонголт байхгүй юм чинь. Геологийн нэг ажилтан өнгөрсөн зун гараа төмөр алханд бяц цохичихсон ороод ирсэн. Цусыг нь тогтоох гэж оролдож байх хооронд манай гэр, ор хөнжил гээд л нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Цусыг нь тогтоож өгөөд аймгийн төв рүү аваад явсан. Тэр хооронд манай нөхөр цусыг нь цэвэрлэсэн байна лээ. Өндөр-Улаан сумын эмнэлгийн Хануй багийн салбар нэртэйгээр эмнэлэг ажиллаж байхад цус харвасан хүмүүс олон ирж эмнэлэгт хэвтэж байсан. Тэгсэн Архангай аймагт Хануйгийн эмч нар харвасан хүнд сайн гэсэн яриа гарсан байдаг. Саяхан цус харвасан хүнийг аймгийн эмнэлгээс гарахад манайд аваад ирсэн тохиолдол гарч байсан. “Та л сайн эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээгээд өг” гээд гуйгаад байгаа юм. Хэлж тайлбарлаад ч нэмэр байдаггүй. Гэртээ дөрөв хоног хэвтүүлээд буцаасан шүү дээ. Энэ мэт багийн эмчид хүндрэл бэрхшээлтэй зүйл олон тулгардаг. Хануй багт Өндөр-Улаан сумынсалбар эмнэлгээ эргүүлээд нээх хэрэг­тэй байна.

ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛААРАА 1500 БАГААС 26-Д ШАЛГАРЧЭЭ

Хануй багийнхан хонин жилийг ерөөл бэлгэ дэмбэрлээр дүүрэн угтаж байгаа гэдгээ хүн бүр л ярьж байв. Хоёр жилийн өмнө багийн хурдан морь сонирхдог, морь уядаг залуус нийлээд “Хануйн хүлэг” гал байгуулсан гэнэ. Гал байгуулагдаад жил бүрийн хаврын тэргүүн сард болдог улс, бүсийн хурдан хүлгүүд тоосоо өргөдөг “Дүнжингарав” уралдаанд хоёр азарга дээгүүр давхижээ. Багийн Засаг дарга А.Батдэлгэр тэргүүтэй уяач нар Б.Барбаатарын хээр азарга, Г.Бадамжунай нарын халзан азаргыг аваад очсон гэнэ. Уралдаан шинийн 4-нд болно гээд азаргануудынхаа уяа сойлгыг тааруулаад очсон байна. Тэгсэн хойшлоод, уяа бага зэрэг алдагджээ. Гэхдээ халзан азарга нь 8-т давхиж, хээр азарга нь 20 гаргаад ирсэн байна. Эрлийз азарга уралдаагүй бол айрагдчих боломж байсан гэнэ. Мөн мянга гаруй хүн ам­тай энэ баг өнөө жил 87 мянга гаруй мал тоолуулжээ. Архангай аймгийн багуудаас хийж бүтээсэн ажлаараа хоёрдугаар байрт орсон байна.

Мөн улсын хэмжээнд 1500 гаруй баг байд­гаас уг шалгуураар байр эзлүүлэхэд 26 дугаар байрт орж, анх удаа ийм өндөр үнэлгээ авч, амжилт гаргаад байгаа гэнэ. Энэ талаар багийн дарга А.Батдэлгэр “Манай баг хонин жилийг чамлахааргүй амжилттай угтаж байна. Өнгөрсөн жил манай баг цахилгаантай холбогдсон. Гэрэл цахилгаантай болсон болохоор баг маань илүү сайн хөгжих байх гэж харж байгаа. Бидний цаашдын зорилго нь Хануй багаа Монгол Улсын жишиг баг болгох. Энэ талаар ч хийж бүтээх ажил их байгаа” гэж ярьж байв.Хануй багийн нутгаас Азид хоёрт ордог томоохон буган чулуун хөшөө бүхийтүүхийн хосгүй үнэтдурсгалт газар, Ромын эзэн хааны үеийн эдэлж хэрэглэж байсан гэгдэхсүйх тэрэг, аяга гэх мэт зүйлс олдсон байна. Хануй багийн иргэд монголчуудын ор тас мартаад байгаа нэгэн сайхан ёс уламжлалыг хэвээр нь хадгалж байна лээ. Залуус хоорондоо насан туршийн андбололцож, хоорондоо морь солилцдог. Бүр анд бололцсон талынхаа аав, ээжийг талын “Талын аав, Талын ээж” гэж хүртэл дуудаж байна лээ. Хоорондоо эв найрамдалтай байх. Андгай тангараг өргөж анд нөхөр бололцох уламжлал Хануй багийнханд хадгалагдан үлджээ.

Ой модоор бүрхсэн өндөр хөх уулсын дунд оршиххануй бригадын төвөөс нар жаргах гэж байхад нийслэл хотын зүг хөдөллөө. Бригадын төвийн хэдэн цагаан байшин цасан дундаас бүртэлзэн ард хоцров оо.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

Банк дээрэмдсэн залуугийн хамсаатан байж болох нэгнийг саатуулжээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Капитрон банкны “Sunday” тооцооны төвд буутай этгээд орж 20 орчим сая төгрөг дээрэмдсэн тухай бид мэдээлж байсан билээ. “Мартын 8”-ны өмнөх орой 20.31 цагтболсон энэ хэргийн сэжигтэнг орон даяар эрэн сурвалжилж байгаа билээ. Одоогоор сэжигтэй, сэжигтэн орогносон байж болзошгүй газруудыг шалгажирж буй мэдээллүүдийг мухарлаж буй талаар ажлын хэсгийн эх сурвалж хэлэв.Сэжигтний хамсаатан байж болох залууг саатуулжээ. Тэрбээр хэрэг гардаг өдөр сэжигтэнтэй хамт явж байсан гэнэ. Үүнийг нь нотлох баримт гудамжны камераас олдсон аж. Хамсаатан гэх залуу харин “ Сэжигтнийг гэмт хэрэг хийх гэж байсныг мэдээгүй, хаана байгааг нь мэдэхгүй” хэмээн мэдүүлсэн гэнэ. Энэ хэргийн сэжигтнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас ажлын хэсэг гарган эрэн сурвалжилж байгаа юм байна.

Сэжигтнийг харсан хүн байвал цагдаагийн шуурхай албаны 102 болон 93214400, 99085204 дугаарын гар утсанд яаралтай мэдэгдэхийг хуулийн байгууллагаас анхаарууллаа.

Г.ОНОН