Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр даргыг АТГ-т дуудсан

Сар шинийн өмнөхөн эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад АТГ-ын ажилтнууд ирж саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар дөнгөж сая тус намын байранд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Манай намын даргыг өчигдөр АТГ-аас н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр гэх хоёр залуу ирж саатуулсан. Мөн тэд ирэхдээ 2015 оны 02 сарын 27-ны өдөр буюу өнөөдөр 15 цагаас АТГ-т ирэх Зарлан дуудах бичиг өгсөн. Ямар шалтгаанаар дуудаж байгаагаа хэлээгүй. Намын даргаа маань энэ үеэр өмгөөлөгчгүйгээр ямар ч Зарлан дуудах бичиг авахгүй гэдгээ хэлсэн. Мөн дуудсан шалтгаанаа мэдэхгүйгээр очихгүй гэдгээ ч хэлсэн. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн байсан хүнтэй ингэж харьцаж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж ч болохоор нийгэмд бид амьдарч байна.

Ардчилал нэрээр хүнийг хэлмэгдүүлж, эрхийг нь зөрчих үйлдэл улам бүр нэмэгдэх болсныг хэдхэн хоногийн өмнө болсон өлсгөлөн зарласан иргэдийг албадан саатуулсан бичлэгээс харагдаж байгаа.

Н.Энхбаяр дарга өнөөдөр 15 цагаас МАХН-ын төв байрандаа манай намд итгэл үзүүлсэн 350 гаруй шинэ гишүүндээ батламж гардуулах арга хэмжээнд оролцоно. Тиймээс АТГ-ын дуудсан цагт очих боломжгүй гэдгийг хэлмээр байна. Гэм буруугүй гээд Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлчихсэн хүнээс АТГ дахиад ямар мэдээлэл авах гээд байгааг мэдэхгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Охины араас зул өргөх ёслол үйлдэнэ

Дөрөвхөн настай балчир охиноо яргалан амь насыг нь хөнөөсөн хэрэг монголчуудыг цочирдуулав.

Төрсөн эцэг болон хойт эхийнхээ тамлалд таван өдөр ухаангүй байгаад амиа алдсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, мөн гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг татах зорилгоор монголчууд зул өргөх ёслолыг зохион байгуулах гэж байна.

Зул өргөх ёслол хоёрдугаар сарын 28-ны 18:00 цагаас Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд болох аж.

Жагсаалыг твиттерт арилжаа судлаач нэрээр жиргэдэг залуу санаачилсан бөгөөд энэ үйлдлээрээ гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, мөн түүнтэй хатуу тэмцэхийг нийгэмд уриалах зорилготой аж.

Энэ үйлсэд нэгдэхийг хүссэн хүмүүсийг хөөргөдөг зул бус энгийн зул, эсвэл лаатай ирж оролцохыг жагсаал зохион байгуулагчид сануулж байна.

Мөн “Ээж бүхний дуу хоолой” нэртэй 8000 гаруй ээжүүдийг нэгтгэсэн фейсбүүк группээс “Цагаан цуглаан” арга хэмжээг Чингисийн талбайд 2014.02.28-ны 18:00 цагт зохион байгуулахаар болж, зөвшөөрлөө авсан байна.

Хэрэв энэ талаар өнөөдөр л дуугарахгүй бол гэр бүлийн хүчирхийллийг дэмжсэн хэрэгтэй ялгаагүй юм. Тиймээс олон хүн энэ ёслолд оролцож, дуу хоолойгоо хүргэхээр болжээ.

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан мянга мянган хүүхдүүд, гэр бүлийн золиос болж байгаа бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө хэрэв та дуу хоолойгоо хүргэмээр байгаа бол эл жагсаалд нэгдээрэй.

Та өнөөдөр л гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхгүй бол цоожтой хаалганы цаана эцэг, эх төрөл төрөгсдийнхөө гарт тамлагдаж, амиа алдах хүүхдийн тоо нэмэгдсээр байх юм.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэв

Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийг боловсруулан гарын үсэг зуржээ. Энэхүү хамтын хэлэлцээрт геологи, уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал зэрэг салбарын ажиллагсдын өмнө тулгамдсан олон зүилииг тусгажээ. Мөн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тоггоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384 мянган төгрөгөөр тогтоохоор өмнөх хэлэлцээрээр тохирсоныг үргэлжлүүлэн мөрдөх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн буруу хооллолттой 10 орны тоонд Монгол оржээ

Эрдэмтэд дэлхийн улс орнуудын хүн амын хоол хүнсэнд судалгаа явуулж, хамгийн ашигтай хүнс хэрэглэдэг, мөн буруу хооллодог, түргэн хоол их хэрэглэдэг орнуудын жагсаалтыг гаргажээ.

Хамгийн зөв холлолттой 10 орон

1. Чад

2. Сьерра-Леон

3. Мали

4. Гамби

5. Уганда

6. Гана

7. Зааны ясан эрэг

8. Сенегал

9. Израиль

10. Сомали

Хамгийн буруу хооллолттой 10 орон

1. Армен

2. Унгар

3. Бельги

4. Чех

5. Казахстан

6. Беларусь

7. Аргентин

8. Туркменистан

9. Монгол

10. Словак

Үүнээс гадна түргэн хоол, ашиггүй хүнс ихээр хэрэглэдэг улсуудын жагсаалтыг гаргажээ.

1. Азербайжан

2. Словак

3. Чех

4. Бельги

5. Хятадын Хейлунцзян муж

6. Исланд

7. Беларусь

8. Литва

9. АНУ

10. Орос

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сингапурын нислэгийг цуцлахаас аргагүй

МИАТ компани олон улсын долоон чиглэлд нислэг үйлдэж байгаагаас хоёр чиглэлд нь алдагдалтай ажилладаг ажээ. Тиймээс Улаанбаатар-Сингапурын чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэрийг саяхан Төрийн өмчийн хороо/ТӨХ/-ны дарга гаргасан байна. МИАТ компанийнхан өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Сингапур руу нисч эхэлсэн бөгөөд манай онгоц Улаанбаатараас Сингапур нисэхдээ Бээжингээс зорчигч нэмж авах, Сингапураас Улаанбаатарт ирэхдээ мөн Бээжинд зорчигч буулгах тавдугаар эрхийг давхар авсан юм. Энэхүү эрхийг хүссэн бүхэнд өгдөггүйгээс гадна холбогдох албаныхан жил гаруйн турш хөөцөлдөж байж арайхийн олж авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Соёлын төв өргөөг нэгтгэх ажлыг эхлүүлжээ

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд төсөв хэлэлцэх үеэрээ Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг ажлыг эхлүүлэх захирамжийг хотын дарга гаргажээ. Тиймээс эхний ээлжинд ажлын хэсэг гарч хоёр байгууллагын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн тайланд судалгаа хийж үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөх талаар санал боловсруулж эхэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ганбаатар МХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурал “Соrporate” зочид буудалд болж байна. Тус хуралд 21 аймаг, нийслэл дүүрэг, клубүүдээс сонгогдсон 52 төлөөлөгч оролцож буй.

Дөнгөж сая Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болж, МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар 29 санал, МХБХ-ны Дэд ерөнхийлөгч асан, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ 22 санал авсан байна. Саналын дүнд ийн А.Ганбаатар МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.

Санал хураалтад хөлбөмбөгийн клубууд болон орон нутгийн 52 төлөөлөгч оролцсон бөгөөд 52 саналын нэг саналыг хүчингүйд тооцож, 51 саналыг тоолж, дүнг гаргажээ.

Categories
мэдээ спорт

​“Европын Лиг”-ийн шилдэг 16 баг шалгарлаа

Өнгөрөгч шөнө Европ тивийн хөлбөмбөгийн ногоон талбайнуудад ач холбогдлоороо хоёрт жагсдаг “Европын Лиг”-ийн тоглолтууд явагдаж шилдэг 16-н багаа шалгарууллаа. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр доорх багууд дараачийн шатанд шалгарч байна. Эдгээрийг зарлавал: «Зенит», Москвагийн «Динамо», «Рома», «Эвертон», «Брюгге», «Наполи», «Вольфсбург», «Торино», «Днепр», «Динамо»К, «Фиорентина», «Аякс», «Бешикташ», «Интер», «Вильярреал», «Севиль» гэх багууд жагсана. Дараачийн шатны сугалааг өнөөдөр 20.00 цагаас явуулах бөгөөд УЕФА-гийн санаачлагаар Орос болон Украины багуудыг хооронд нь тааруулахгүй байдлаар зохицуулах юм билээ.

Б.Хулан

Categories
мэдээ спорт

А.Сүхбат, А.Энхтуул нарын шатрын халз тулаан тэнцээгээр өндөрлөв

Өчигдөр орой Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын “5D Fitnes club”-д Их мастер А.Энхтуулын урилгаар тэдний дунд “CrossFit Chess” буюу шатрын халз тоглолтын нэгэн сонирхолтой өрсөлдөөн боллоо.

Өөрөөр хэлбэл, “CrossFit Chess” нь олон улсад хүчний спортын тамирчин болон оюуны спортын тамирчид өөр хоорондоо хүчний дасгал хийнгээ шатар нүүдэг нэгэн сонирхолтой төрөл юм.

Тэд итали өргөөр өрж, 10 минутын түргэн тоглолт хийсэн. Шатрын нүүдлээ гүйцэтгэсний дараа дасгалын төхөөрөмж дээр очиж, зохих хугацаат болон тоот дасгалаа гүйцэтгэн улмаар дасгалын дараа шатрын нүүдлээ эргэн нүүх байдлаар өрсөлдсөн нь ихээхэн сонирхол татаж байсан юм. Тэдний тоглолтыг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шатрын олон улсын Их мастер П.Жигжидсүрэн шүүн явууллаа.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Олон улсын мастер П.Жигжидсүрэнгийн

Оюуны спортоор үргэлж хичээллэж, байнга толгойгоо ажиллуулж байдаг Их мастер А.Энхтуулын хувьд 10 минутын түргэн тоглолтын дундуур “гэдэс таталт”-ын төхөөрөмж дээр 100 гаруй сунайлт хийж, таван минутын турш гүйж, мөн гүйлтийн зам дээр тоглолт эхлэхээс өмнө бие халаалтыг таван минут хийсэн юм. Их мастер эдгээр дасгалыг хийгээд шатраа тоглохдоо ихээхэн ядарсан нь ажиглагдаж байлаа.

Харин Дархан аварга А.Сүхбатын хувьд илүү ачаалалтай дасгалуудыг торохгүй хийж, турникны сунайлт, өгсүүр горим дээр тохируулсан дугуй жийх зэргийг гүйцэтгэсэн ч ядарсан шинжгүйгээр шатрын нүүдлээ хийж, үргэлжлүүлэн дасгалаа гүйцэтгэж байв. Тэдний тоглолтын цаг минут, “идэлт”-ийн тоо, чанар зөрүүгүй шахам үргэлжилсээр эцсийн мөчид тэнцээгээр өндөрлөсөн юм.

Тоглолтын дараа шатрын олон улсын Их мастер, шүүгч П.Жигжидсүрэнгийн саналыг сонслоо. Тэрээр “Аварга Сүхбат, анх бага залуу байхдаа миний шатрын клуб дээр ирж суралцаж байлаа. Ер нь манай бөхчүүд бол “шаггүй” шатарчид байдаг. А.Сүхбатын хувьд сайн шатарчин. Харин А.Энхтуул маань гарцаагүй олон улсын хэмжээний мэргэжлийн хүн мөнөөс мөн. Энэ хоёр зүгээр ширээний ард суугаад өрсөлдөх нэг хэрэг. Харин “CrossFit Chess” төрөл бол тэдний хүчийг тэнцүүлж өгч байгаа бөгөөд оюуны болон хүчний спортын тамирчид нэг зүйлээр өрсөлдөхөд хамгийн тохиромжтой, сонирхолтой төрөл юм” хэмээн өгүүллээ.

Мөн энэ үеэр Дархан аварга, А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нарын сэтгэгдлийг сонссон юм. А.Сүхбат аварга “Би удахгүй Азийн шатрын холбоонд ажиллахаар хилийн чинадыг зорих гэж буй Их мастер А.Энхтуул дүүгийнхээ хүсэлтээр энэхүү шатар болон дасгал хосолсон төрлөөр анх удаа өрсөлдлөө. Миний хувьд арав гаруй настайгаасаа л даамаар эхэлж, дараа нь шатар сурч өдий хүртэл тоглож яваа хүн. Манай бөхийн бүлийнхэн дунд мундаг шатарчин олон бий. Тэднийгээ хожиж, хожигдож байдаг даа. Би аливаа өрсөлдөөнд зөвхөн “ялах” гэдэг сэтгэлзүйтэй байдаг хүн. Харин энэ өрсөлдөөнд хэдий хичээсэн боловч тэнцлээ” гэсэн юм.

Монгол Улсаас гурав дахь удаагийн шатрын Олон улсын Их мастер болсон А.Энхтуулийн хувьд “Дархан аварга маань “шаггүй” шатарчин гэдгийг мэдэж авлаа. Би ирэх сарын эхээр АНЭУ-ыг зорихынхоо өмнө Монголдоо нэг халз тоглолт хийе гэж бодоод хэд хэдэн эрхмийг урьсан юм. Харин А.Сүхбат аваргын хувьд саналыг маань дуртайяа хүлээн авч тоглосонд их баяртай байна. Ер нь биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулж бэлтгэл хийх гэдэг их үр өгөөжтэй байдаг” гэв.

Ийнхүү шатрын нэгэн сонирхолтой төрөл болох “CrossFit Chess”-ээр өрсөлдсөн Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нарын шатрын халз тулаан тэнцээгээр өндөрлөсөн нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Тэд дараа дахин “CrossFit Chess”-ээр өрсөлдөж, тэнцээгээ хагална гэв.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулав

Ирэх 2016 онд Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ.

Тус нийслэлийн дэд ажлын хэсэг нь ACEM-ийн дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй байх аж. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар ажиллах юм байна.