Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Москвагийн гудамжинд Оросын сөрөг хүчний тэргүүн алууллаа

Өнгөрөгч шөнө Оросын сөрөг хүчний томоохон лидер ,“РПР Парнас” намын үүсгэн байгуулагч, Ярославль мужийн Думын гишүүн Борис Немцов Москва хотын төв гудамжуудын нэг болох “Большой Москворецкий мост”-оор алхаж яваад буудуулж амь насаа алдлаа. Түүнийг 23-н настай Украинаас ирсэн Анна хэмээх бүсгүйтэй цуг гүүрэн дээр алхаж явах үед цагаан өнгийн хөнгөн тэргээс бууж ирсэн залуу дөрвөн удаа буудаж амийг нь хороогоод зугтсан гэж РИА Новости мэдээлж байна.

Борис Немцов 1959 онд төрсөн, ерээд оны үед Нижегород мужийн амбан захирагчаас ОХУ-ын ерөнхий сайдын орлогч хүртлээ дэвшин Б.Ельцингийн залгамжлагч болох хүн гэтлээ яригдаж байсан нэгэн бөлгөө. Түүний эхнэр Раисагийн хэлснээр бол Немцовыг сүүлийн үед ална, хорооно хэмээн хэн нэгэн заналхийлж байсан бололтой. Москва хотын цагдаагийнхан энэ хэргийг ойрын хугацаанд илрүүлнэ хэмээн амлаж байна.

Б.Хулан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мянганбаяр дампуурвал монголчууд уул уурхай руу зүглэх нь цэглэх биш үү

Аль ч улс оронд үндэсний хэмжээний томоохон компаниуд нь дампуурахад хүрэх тохиолдол байдаг. Гэхдээ дампууруулдаггүй юм. Төр засаг нь бодлогоор дэмжээд босгоод ирдэг юм. Зээлийн нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийж сэхээнэ. Мөн хувьцаа гаргаж тус компани дахь төрийн зэмшлийн хувь хэмжээг бий болгодог. Тэр бүү хэл ард түмний дунд аян өрнүүлж үндэсний томоохон группээдэмнээд явсан гайхамшигтай түүх ч бий. Эдгээрээс хамгийн ойрын үеийн тод жишээг дурдъя гэвэл АНУ-ын дэлхийд алдартай “Женерал моторс” компани (англи товчлол нь GM) байна. 2009 оныг хүртэл “Женерал Моторс” корпораци гэгддэг байсан нь 1908 онд байгуулагдсан нэршил нь. Дэлхийн 157 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 220.000 ажиллагсадтай томоохон автомашин үйлдвэрлэгч. Гэвч ямар ч аварга компанийн үйл ажиллагаа доголдож дампуурахад хүрдгийг тэд харуулсан. 2009 он гаруут “Женерал Моторс”-ийн худалдаа Европт 7,4 хувиар бууж эхэлснээр шууд алдагдал хүлээж эхэлсэн. Ингээд 2009 оны зургадугаар сарын 8-ны өдөр тус компани дампуурлаа зарлахаа мэдэгдсэн юм. Дэлхий дээрх манай мэтийн улс орны иргэд “Ингээд агуу Женерал моторс дууслаа” хэмээсэн. Харин америкчууд бол тэгж хараагүй. Ердөө нэг сарын дараа нь буюу 2009 оны долдугаар сарын 10-нд АНУ-ын засаг захиргаанаас үндэсний энэхүү том компанидаа тусламж үзүүлэхээ мэдэгдсэн болой. Энэ үед GM компани нь 4.3 тэрбум долларын алдагдалд орсон байжээ. Засгийн газрынхаа дэмжлэгийг авсан тэд 2010 он гэхэд компанидаа зохион байгуулалт, бүтцийн бүрэн шинэчлэл хийсэн. Одоо “Женерал моторс” компанийн 61 хувийг АНУ-ын Засгийн газар эзэмшдэг. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа, үе шаттайгаар төрийн зүгээс хувь эзэмшлээ бууруулсаар бие даах бүрэн чадавхитай боллоо гэсэн үед нь 100 хувь хувьд нь шилжүүлнэ. Тус компанийн 220.000 ажилтных нь 70.000 нь Америкийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. АНУ-ын 300 сая хүнтэй. Монгол Улс гурван сая хүнтэй. “Монгол газар” компани 1000 ажилтантай. Зүгээр л тоон харьцуулалт шүү. Америкийн Засгийн газарт 70.000 иргэнийх нь ажлын байр чухал. Монголын Засгийн газарт ч мөн адил 1000 иргэнийх нь ажлын байр чухал гээд цаашилбал нийгэмд баялаг бүтээж байгаа үндэсний хэмжээний үйлдвэрлэгчээ дампууруулах нь тухайн улс орны хувьд шившиг юм байна л даа. АНУ-ын Засгийн газраас “Женерал моторс” компаниа ийнхүү дэмжсэнээр GM-ын зүгээс богино хугацаанд амжилттай хувьцаа гаргасан, мөн Хятад дахь борлуулалт нь огцом нэмэгдсэн байдаг. Одоо тус компанийн 2014 оны санхүүгийн тайланг харахад тус оны зургадугаар сарын байдлаар цэвэр ашиг нь 320 сая ам.доллар байна. Зээл авах чадавхи нь хязгаарлалтгүйгээр, бэлнээр 1,4 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөө төрийн эзэмшлийн 61 хувь нь таван хувиар буурах хэлэлцээрийг Засгийн газартайгаа хийгээд эхэлсэн байна. Үндэсний компаниа хүнд үед нь ингэж л авч гардаг юм байна.

Гэтэл манайхан өнөөдөр яаж байна вэ, “Монгол га­зар” дампуурах нь, Ц.Мянган­баяр дампуурах нь” гэсэн чимээнээр бах тав нь ганц ханаж, нийтээрээ хөөрцөглөн дэвэргэж, цахим ертөнцөөр тэр эрийг ёстой нэг зүхэж байна. Өөр улс оронд бол бид­нийг тэжээдэг, татвараараа биднийг авч явдаг саалийн том үнээ минь өнгөрөх нь хэмээн сандарч, төр засаг юутай хээтэйгээ санаа тавьж, дэмжиж тусладаг байхад шүү. “Женерал моторс” компанийг Засгийн газраас дэмжих болжээ гэсэн шийдвэр долдугаар сарын 10-ны өдөр цацагдахад тус компанийн салбарууд байдаг хотын иргэд гудамжиндаа гарч, бид наадмаар яаж баярладаг билээ, яг түүн шиг баярлан хөөрч тэмдэглэсэн гэдэг. Оюун сэтгэлгээний ямар хол зөрүү байна вэ. Монголын уул уурхайн компаниуд модоо бариад байдаг, ар хударгаар нь гадны уул уурхайн компаниуд баяжаад байдаг. Тэднийг зүхэх гэсэнгүй л дээ, Монголд л хөрөнгө оруулагчид. Зүгээр л тэдний анзаанд очиж, хөдөлмөрлөж, баялаг бүтээж байсан Ц.Мянганбаяр гэж залуу эдийн засгийн нэгэн том давалгаанд хөл алдлаа. Яагаад монголчууд минь та нар дээрээс нь дэвслээд байгаа юм бэ. Ямар ааш аягтай, ямар хүн байдгийг нь үнэндээ мэдэхгүй юм. Гэхдээ өмөөрөл төрөөд байна. Монголчууд бид бүгдийн сүүлийн хорин жилд харж байснаар бол Ц.Мянганбаяр захиралтай “Монгол газар” компанийн хамт олон нийгмийн түүчээнд Монголын бүх салбарынхныг чирч явсан. “Камертон” хамтлагийг ивээн тэтгэдэг л гэнэ, сумод баахан хүүхэд явуулсан нь одоо олон улсад нэртэй бөхчүүд боллоо л гэнэ, үндэсний бөхийнхөн ч түүний ивээлд өсч бойжсон. Дээр нь бүх нийтээрээ тавлаад байгаа хүүхнүүдийн асуудал байна. Амьдралд хөлөө олох гэж яваа, загварын ертөнцөд нүүр царай болох гэсэн хүсэл тэмүүлэлтэй, насанд хүрсэн бүсгүйчүүд шүү дээ. Насанд хүрсэн бүсгүй хүн хэнийгээ сонгох нь өөрийнх нь эрх. Хүн шиг амьдралтай л болцгоосон. Ц.Мянганбаярын тэр их дэмжлэгийн хаялга нь өнөөдөр манай бүсгүйчүүд дэлхийн мисс болох шахаж байна. Энэ мэтээр ивээл тэтгэлгийг нь авсан олон хүмүүс одоо хэдүйнэ Монголын нийгэмд танигдсан нэр нөлөөтэй, алдар цуутнууд болжээ. Одоо тэд юу бодож сууна. Туслах юмсан, дэмжих юмсан гэж бодож байгаа байх. Тийм бол Ц.Мянганбаяр захиралдаа, “Монгол газар” компанидаа тусла, хөдөлгөөн өрнүүл, хөрөнгө оруул. Ингэдэг жишиг олон улсад бий. Та нарыг хүмүүс харж байгаа. Харж байгаа дээр нь нэр төр, алдар цуугаараа нийгэмд эерэг сайхан уур амьсгалыг бүрдүүлж “Монгол газар” компанийг босгож ир. Тэгэхгүй бол Монголыг тэжээж ирсэн саалийн нэг сайхан үнээ чинь чилээрхэж эхэллээ. Энэ компани, энэ хүн л та бүгдийг амжилтад хүргэсэн, алдар хүндийн оргилд аваачсан. Гэхдээ “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг доошоо орчихлоо гэж бодохгүй байна. Харин чиг “Монгол газар” компанийн хамт олны зүгээс дампуурлыг зарласнаар бүхнийг шинээр эхлэх боломжтой гэж үзэж байгаа байх.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөнд осолдохоос сэрэмжлүүлэв

Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Иймд иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр явахгүй байж, баталгаат зам, гүүрээр зорчин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

МХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр Б.Буман-Учрал сонгогдлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурлаар ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөө сонголоо. МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатарыг сонгосон бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд П.Болд 23, Б.Буман-Учрал 22, н.Ганхүү 7 санал авсан байна. Нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналыг хэн ч аваагүй учраас хамгийн олон санал авсан Болд, Б.Буман-Учрал нарын хооронд дахин санал хураалт явуулснаар МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгууль дахин санал хураалт хийж Б.Буман-Учрал 28, П.Болд 23 санал авчээ. Ингээд ОУХМ Б.Буман-Учрал МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурийг суллах үгүйг маргааш шийднэ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харъяа хорих 461 зүгээр ангид саатуулаад байна. Түүнийг 72 цагийн хугацаанд саатуулах зөвшөөрлийг АТГ-ынхан шүүхээс авсан бөгөөд маргааш үргэжлүүлэн хорих уу эсвэл суллах уу гэдгийг шийдэх юм. Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 265.2-т буюу төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

АБГББХ-оо ажлаа тайлагнав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонын дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна. Уг хуулиар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхтэй холбогдох тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр зохицуулсан байна. Уг зохицуулалттай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох талаар өөрчлөлт оруулжээ.

Мөн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлуулсан. Үүнд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт протокол”, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцийн нэмэлт, өөрчлөлт. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенц, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенц, ”Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрүүд багтаж байна.

Монгол Улс энэ онд хэд, хэдэн оронтой дипломат харилцаа тогтоохоор болсон. Тодруулбал, Уганда улс, Руанда улс, Холбооны Микронез улс, Гаити улс, Кирибати улс, Экваторын Гвиней улс, Чад улс, Маврики улстай дипломат харилцаа тогтоох тухай зэрэг асуудлыг УИХ-д оруулж батлуулжээ.

Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг гаргуулан судлах, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгүүлжээ. Түүнчлэн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан аж. Уг хуралд Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, МУИС, Азийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөлөл оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг авто жагсаал болно

“MVM CLUB”-ийн зүгээс гишүүд болон дэмжигчдээ энэ сарын 28-ны бямба гаригийн 17:00 цагт “SKY” их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” тайван авто жагсаалд нэгдэхийг уриалсан байна. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм. Мөн цаашлаад иймэрхүү үйлдлийг таслан зогсооход иргэдийн дуу хоолойг нэгтгэн ,хүчирхийлэлд өртөгсөд болон хүчирхийлэгчдэд хатуу анхааруулга өгөх зорилготой юм байна. Одоогоор энэхүү үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн тоо 5000 гараад байна гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

Пол Жорж бэлтгэл хийж эхэллээ

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Индиана Пэйсзэрс” багийн довтлогч Пол Жорж өнгөрөгч намар гэмтснээсээ хойш анх удаа олны өмнө багийнхантайгаа хамт дэлгэрэнгүй бэлтгэлд оролцож өөрийгээ эргэн ирэх дөхөж буйг зарлалаа.

Өнгөрөгч намар Испани улсад зохиогдсон сагсан бөмбөгийн ДАШТ-д бэлдэж байх үедээ хөлийнхээ дунд чөмгийг хугалж асар хүнд гэмтсэн Полыг зарим мэргэжилтэнгүүд энэ жил “орноосоо босохгүй” гэх нь холгүй таамаглаж байсан билээ. Түүнгүйгээр багийнх нь амжилт хүртэл уруудаж ноднин жил бүсийнхээ аваргын төлөө тоглож байсан баг өнөөдөр Дорнод конференцийн 11-т жагсаж плей-оффт багтах эсэх нь эргэлзээтэй болтлоо уруудсан бөлгөө.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

МЗХ гуравдугаар сарыг “Спортлог” сар болгон зарлалаа

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сарыг “Спортлог” сар хэмээн нэрлэж үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлоод байна.
Ийнхүү гуравдугаар сарыг “Спортлог” сар болгосон зорилго нь залуу хүн бүрийг спортоор хичээллэхэд уриалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, оюуны болон бие бялдрын хөгжлийг хослуулан хөгжүүлэх, амьдралын зөв хэвшил дадал бий болгоход нөлөөлөхөд оршиж байгаа юм.
Спортлог сарын хүрээнд спортыг дэмжигч “И юу? О юу? ” аяныг улс орон даяар салбар нэгжүүдээр өрнүүлэх, сошиал медиа хэлбэрээр залуучуудыг спортод уриалах, ажлын байран дахь “Өглөөний дасгал” аянг өрнүүлэх, “Залуучуудын спортын хороо”-г аймаг, дүүрэгт шинэчлэн зохион байгуулах, хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэн сурталчлах, “Спортын салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах, “Спортын клуб”-уудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, “SF” буюу “Student fitness” хөтөлбөрийг хэрэгжүүлж оюутан залуучуудыг өргөнөөр хамрагдахад дэмжих, “Унадаг дугуйн аюулгүй ажиллагаа”-ны хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргах гэх мэт олон олон ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.
Ингэснээр залуу хүн бүр эрч хүчтэй залуу насандаа спортоор тогтмол хичээллэх, спортын салбарт тулгамдаж буй асуудлыг судлан олон нийтэд хүргэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахад анхаарах, спортын ач тусыг хэвлэл мэдээллийн салбар болон сошиал медиа ертөнцөөр таниулах, эрүүл идэвхтэй амьдралын хэвшлийг бий болгоход чухал түлхэц болох юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнчлэн яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл гурав, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга, төлөвлөгөө, тайлан зэрэг нийтдээ давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаанаас нийт 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол гаргасан тухай дурдав. Мөн тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо намрын ээлжит чуулганы хугацаанд гурван удаа хуралдаж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэснийг хэллээ.
Тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан юм. Түүнчлэн намрын чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт протокол”, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцийн нэмэлт, өөрчлөлт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенц, лон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенц, ”Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах, нэгдэн орох тухай зэрэг 13 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулжээ.
Мөн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, МУИС, Азийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол-практикийн хурлыг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөллийг оролцуулж зохион байгуулсныг онцлов. Энэхүү онол-прктикийн хурлын илтгэлүүд болон хурлаас гаргасан зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна.