Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар өнөөдөр Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хуралдаж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн уулзалтаа ажил хэрэгч болгох үүднээс 2014 онд олсон ололт амжилт, бусад аймгуудад дуулгамаар туршлага, 2015 онд хийх гол ажлаас нь яриулж, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хурлыг нээж хэлсэн үгэндээ “Жил бүхэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Хурлын дарга нар уулзаж ажлаа ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг ажил хэрэгч болгохын тулд та бүхний яриаг сонсоё. 2014 онд хийсэн хамгийн онцлог, бусад нь мэдээсэй гэж хүсч байгаа ажлаа яривал зүгээр. Мөн 2015 онд хийх шаардлагатай гэж үзэж байгаа хамгийн их анхаарал татсан ажлаа ярья. Дундуур нь би байр сууриа илэрхийлье” гэлээ. Ингээд аймаг, нийслэлийн Засаг дарга ажлаасаа танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Өнгөрсөн 2014 онд бидний хийсэн тэргүүлэх гол ажил гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлт байлаа. Өнөөдрийн байдлаар 24 байршилд 34 компани энэ ажлыг эхлүүлж, зарим газар хороолол баригдаж, эхний орон сууцууд ашиглалтад орсон. Бараг Гиннесийн номд орохоор амжилттайгаар ажил явсан.

Анхаарах зүйл гэвэл УИХ-аар 2015 оны төсөв хэлэлцэх үеэр орон нутгийн эрх мэдэл маш хумигдмал байгаа нь тодорхой болсон. УИХ юу гэж хүссэнээр орон нутгийн эрх хэмжээ тогтоогдож байгаа ноцтой байдал УИХ дээр харагдсан. Улс төрийн шүүмжлэлээ орон нутаг руу чиглүүлж үйл ажиллагаа явуулсан. Хэмнэсэн дүр эсгэж орон нутгийг зольсон. Ямар ч санал солилцсон зүйлгүйгээр төсвийг дураараа шийдсэн.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ:

– Архангай аймаг 2014 оныг бодит үр дүнгийн жил болгон зарлаж аймаг, сумдад төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлдэг боллоо. Ахуйн үйлчилгээг нэг цэгийн болголоо. Нэг сум-нэг брэнд бүтээгдэхүүн гэсэн ажил өрнүүлж байна. 2015 онд “Иргэн таны төлөө” гэсэн уриатай ажиллаж байна гэлээ.

Архангай аймаг ажилгүйдлийг амжилттай шийдсэн байдлаараа улсдаа тэргүүлж байгааг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байлаа.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен:

-Манай аймагт ажлын байр бий болгох, ЖДҮ хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Баян-Өлгийд ажилгүйдэл их байгаа тул үүнд анхаарч ажилласан. 2014 онд шинээр 1600 хүн ажлын байртай болсон. Ажилгүйдэл 0,5 хувиар буурсан. Мөн гэмт хэргийн гаралтыг 17 хувиар буурууллаа. Баяр ёслолыг архигүй тэмдэглэх ажлыг эрчимтэй зохион байгууллаа. Аймгийн төв, сумдын ерөнхий төлөвлөлтийг шинэчиллээ. Анхаарах зүйл гэвэл орон нутгийн төсөвт онцгой анхаарах шаардлагатай байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр Баян-Өлгий аймаг ажилгүйдлийн түвшнээр улсдаа нэгд орж, нийт иргэдийн 23 хувь нь ажилгүй байгаа аж. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бүрэн олгогдсон эсэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лавласан юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармены хариулснаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө өнгөрсөн жил 70 хувь нь олгогдож, 30 хувь нь олгогдоогүй байна. Энэ 2015 онд 4,5 тэрбум төгрөгийг тус аймгийн орон нутгийн хөгжлийн санд тусгажээ. Өмнө нь 7,2 тэрбум төгрөг тусч байсан юм байна.

Увс аймгийн Засаг дарга Цэндсүрэн:

-Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, эргэлтэд оруулах, хуримтлалын асуудалд анхаарч ажиллалаа. Иргэдийн хадгаламж өссөн. “Их наяд” гэсэн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Бяцхан санхүүч” гэсэн дэвтэр гаргаж хүүхэд багачуудыг бага наснаас нь арвич хямгач байдалд сургаж байна. Мөн “Санхүүч ээж” гэсэн цуврал гаргана. “Гудамж”, “Орон сууц” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний 30 хувийг өгөөгүй байна. 10 тэрбум төгрөгө өгөхөөс 7 тэрбумыг өгсөн гэв.

Categories
мэдээ нийгэм

Азотын давхар ислийн агууламж хүлцэх хэмжээнээс их байна

Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.01.26-02.01-ны байдлаар тоймлон хүргэж байна.
Агаар бохирдуулагч үндсэн 4 бодисын өнгөрсөн 7 хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн их агууламж 01.30-нд Толгойт орчимд 0.073 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1,8 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их агууламж 01.31-нд Телевиз орчимд 0.23 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 11,5 дахин их, Том ширхэгт тоосонцор (PM10)-ын хамгийн их агууламж 01.31-нд Телевиз орчимд 474.03 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 4,7 дахин их, Нарийн ширхэгт тоосонцор(PM2.5)-ын хамгийн их агууламж 01.29-нд Толгойт орчимд 411.68мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байна гэж Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямар уужим юм бэ, НАРАН ХҮНИЙ СЭТГЭЛ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал ахын маань “Монголын тал нутаг” дууны шүлэгт “Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл” гэсэн сайхан мөрүүд бий. Яг энэ гайхалтай бахдал шигээр “Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл” гэж шагширмаар санагдаад байх юм. Мэдээж, энэ нь сүүлийн үед шуугиан болж байгаа Японы сумо дахь үе, үеийн дээд амжилтуудыг монгол хөвгүүн эвдсэн тэр үйл явдлаас үүдэлтэй хэрэг л дээ.

Японы түүхэнд Тайхо аваргын тамгалсан 32 удаагийн түрүүг Монголын Хакухо эвдэж 33 болголоо. Одоо цаана нь байгаа цөөхөн хэдэн рекордыг монголчууд ч эвдэнэ гээд уухайлж, буухиалж байна. Мэргэжлийн сумогийн сүүлийн дөрвөн их аварга нь монгол хүн болчихсон. Японы бөхчүүдээс хамгийн сүүлд Ваканохана 1998 онд 66 дахь их аварга болж өөрөөс нь дөрвөн жилийн өмнө энэ цолыг хүртэж байсан дүүтэйгээ 2003 оныг хүртэл барилдаж байсан билээ. Тэдэнтэй зэрэгцэн Хавай арлын бөхчүүд сумог эзэгнэж дараагаас нь монголчууд “азаргалж” эхэлснээс хойш Японы бөхчүүдэд өөрсдийн үндэсний спортдоо ид хаваа гайхуулах боломж ер гарсангүй. Одоо Мэргэжлийн сумод 67 дахь аварга нь Хавайн Мусашимару тэгээд 68, 69, 70, 71 гээд бүгд монголчууд байна. Нийт барилдаж байгаа бөхчүүдийн бараг тэн хагас нь Монголын бөхчүүд байгаа гэхэд хилсдэхгүй. Үндсэндээ сумогийн соёлыг харийнхан тэр дундаа монголчууд эвдэж байна.

Монгол хүнийхээ сэтгэлгээгээр япончуудын байр суурин дээр өөрсдийгөө тавиад үзвэл үнэндээ Наран улсын иргэдийг ойлгож чадахгүй юм аа. Хэрэв бидний үндэсний спортоор тэр дундаа монгол бөхийн дэвжээн дээр маань япончууд ирээд томорч байвал бид яах бол. Япон байтугай тува, өвөрмонгол бөх ирээд ганц даваадахвал бөөн юм болцгоодог биз дээ. Хил даваад ирэх байтугай зүлэг ногоон дэвжээн дээрээ халх, ойрадаараа хуваагдчихдаг. Сүүлийн жилүүдэд Увсын бөх баараггүй түрүүлэх боллоо. Увсын тэр хотгороос хэн нь ч байж магад, түрүүлэх бөх л тодроод байна гэж магтаал матаасын хооронд ярилцацгаана. Баруун аймгийн бөх түрүүллээ, манай нутгаас байдаггүй, эсвэл манайхан тэдэн начин, харцагатай одтой барилдлаа гээд сүйд болохыг нь харахаар хөмөрсөн тогоон дотроо мөн чиг хэцүү амьдарч байгаа маань батлагдана. Үнэндээ ч бид тэнгэр шиг том газартай мөртлөө, тогоондоо багталцаж ядсан давчуу сэтгэлгээндамьдарсаар ирлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн ярилцлагадаа “Гадныхан манай зочломтгой занг нь гайхдаг байсан бол одоо тийм биш болох гээд байна. Японд анх жижигхэн шар хүү очиж байсан Хакухо сумо бөхөөр хичээллэн бүх цаг үеийн рекордыг эвдлээ. Япончууд 33 түрүү авчихаад байхад нь яаж хандаж байна. Үндэсний үзэл байх ёстой. Гэхдээ манайхны гаргадаг шиг биш. Хүчтэй монгол хүн болох ёстой” хэмээн онцолсон. Үнэхээр бид харь элгийн гэж алаг зөрүү үздэггүй, элэгсэг зочломтгой гэдгээрээ алдартай үндэстэн байсан. Энэ алагчлан үзэж байгаа хандлага бол бидний уламжлалт ёс, соёл яавч биш. Монголчууд хүртэл англи хэл сурахдаа хамгийн түрүүнд шахам “hospitable” хэмээх үгийг сурдаг нь өөрсдийгөө бусдад танилцуулахдаа хэрэглэх гэдгийнх байлаа. Монголчуудыг зочломтгой гэж харийнхан онцолдог болохоор өөрсдөө ч үүндээ итгэж, дараагийн хүмүүст ярих гэж энэ үгийг толь бичгээс хардаг байв. Гэвч өнөөдөр зочломтгой, найрсаг элэгсэг гэж энэ үгээр гадныханд өөрсдийгөө танилцуулахад итгэх болов уу даа. Монголчуу­дын зочломтгой, элэгсэг найрсаг зан чанар бүр алсарч алга болжээ. Монголын радиод япон хэлний мэргэжилтнээр ажиллаж байсан өвгөн мэргэжилтнийг зэрлэгээр хороож, худалдаа наймаа хийж он жилүүдийг үдсэн хятад хүмүүсийг алж, амьдралын мөр хөөж ирсэн вьетнам залуусыг дээрэлхэж байна. Сүүлийн хоногуудад вьетнам залуучуудыг монгол охидтой наргиж, элдэв янзын хоол идэж тансаглаж байна гээд баахан үзэн ядацгаалаа. Ёстой дөрвөн мөчөө салж унатал ажил хийж олсон мөнгөөрөө нохойгоо шараад иднэ үү, лаа луувангаа иднэ үү хамаагүй баймаар. Гэвч тэднийг мөнгө олж, найр хийлээ гэж ихээхэн дургүй байна аа. Үнэндээ тэгж дургүйцэж, үзэн ядаад байгаа хүмүүс бол тэдэн шиг нүдээ нээмэгцээ ажлаа бодож сэрдэггүй, хувхай хоосон, ажилгүй залхуу нөхөд л байгаа. Тэгээд яаж амархан мөнгө олох вэ, хаанаас хулгай хийх вэ гэж санааширна.

Тэгээд ажил хийгээд мөнгө олж, түүгээрээ найр наадам болж, хажуудаа сайхан бүсгүйчүүдийг суулгаж байгаа хэнийг ч болов үзэн ядна. Харийн тэднийг үхэж байсан төлөг гээд бүр үзэх ч үгүй. Ийм л үзэл санаа бидний дунд их болжээ. Улс төр хийж, бодлого тодорхойлох гэж байгаа хүмүүс нь хүртэл гадны хүмүүсийг үзэн яддаг хийрхэлд автаж, түүгээрээ нөгөө хэддээ таалагдахыг хичээнэ. Угаасаа нөгөө хэд нь ингэж хүсээд байгаа учраас болохгүйг нь мэдэж байсан ч дүр эсгэсээр. Энэ сэтгэлгээгээрээ гадны хөрөнгө оруулагчид муу, гадны банк хуурамч, гадныхантай түншилж ерөөсөө болохгүй гэж дээр доргүй ярих болов. Гэтэл япончууд асуудалд яаж хандаж байгааг бид тодоос тод харцгааж байна. Япончуудын хувьд сумо нь бусад тэдэнтэй хамаардаг бөхийн барилдаанаас ч тэс өөрт тооцогддог билээ. Япон хэлэнд хүндэтгэлийн хэлбэрт ашигладаг о авиаг сумогийн өмнө хэрэглэдэг, бүр сумочдын жин нэмэхэд хэрэглэдэг гэх шөлийг хүртэл чанко-о гэцгээж байгаа дуулддаг. Бас их аваргын бүс нь бурхан зүүдэг хэлхээс байдаг, бас их аварга хүн япончуудын хувьд бурхан гэцгээдэг. Гэтэл өөрсдийнхөө бурхнаа мэт боддог их аваргууд нь даруй харийнхан болчихоод байхад хүртэл тэд өөрөөр хандаж байна. Их аварга Асашёорюүг дарамталж зодог тайлахаас аргагүйд хүргэсэн гэж манайхан ярьцгаадаг. Бас Хакухог 33 давчихаар нь сануулга өглөө гэцгээж байна. Засуулууд шударга бус хандсан талаар Хакухогийн шүүмжлэлийг наана, цаанатай хүлээж авсан зүйл байгаа л байх. Гэхдээ л япончуудын хувьд сумо нь юу билээ, гэтэл тэр сумог нь монголчууд ямар болгочихоод байгаа билээ, тэр бүгдийг дааж, тэсч бас уужим ухаалаг хандаж байгаа энэ япон хүмүүс гайхалтай юм. Улсын наадмын түрүүг нь дараалаад япон хүн авах байтугай Увсынхан авчихаар үхчих гээд байдаг улсууд шүү дээ. Бид өөрсдийгөө нэг харж, хүний нутгийн хүмүүсийг харьцуулж нэг харж баймаарбайна аа. Улс төрд гарч байгаа хүмүүс нь ч гадныхныг үзэн ядаж байвал монгол хүн, эх оронч харагддаг гэсэн бодлоо өөрчилмөөр байна. Ямар бачуу юм бэ, Азийн цээжинд тархсан монголчууд,ямар уужим юм бэ, алгынхан чинээ арал дээр амьдардаг, наран хүмүүс.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Арева”-гийн санхүүжүүлэх мал эрүүлжүүлэх төсөл олон асуултад хариулт авчирна гэдэгт хүмүүс итгэж байна

Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг “Арева” компани Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэхээр 18 жил өнгөрч байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ компани байгаль дээрх ураны хүдрийг олборлож, цөмийн реакторт ашиглах хүртэл боловсруулдаг компани гэдгийг нь хүмүүс мэднэ. “Арева” групп нь нийт цахилгаан үйлдвэрлэгчдийн ашиглаж буй цөмийн түлшний гуравны нэгийг үйлдвэрлэдэг гэхээр ямар том зах зээлийг эзэлдэг вэ гэдэг нь тодорхой болох биз ээ. Гэвч Францын энэ компани Монголд салбараа нээн “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийг байгуулсан ч үйл ажиллагаа нь бусад орнуудад явдаг шигээ жигдэрч чадахгүй байгаа гэлцдэг. Магадгүй энэ нь монголчуудын уран гэхээр цөмийн хор хөнөөл, хог хаягдал гэж шууд ургуулан бодож, болгоомжлон ханддаг байдалтай ч холбоотой байж болох юм. Одоогоос хоёр жилийн өмнөөс тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим малчин мал нь уранаас хордож үхсэн талаар гомдол гаргах болсон билээ. Хэдийгээр Засгийн газраас томилсон нарийн мэргэжлийнхнээс бүрдсэн багийнхан тус аймагт ажиллаад “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай хамаагүй гэж тогтоосон ч үл итгэгчид байсаар л байгаа юм. Үнэхээр ураны олборлолттой холбоотой мал хуй нь хордож үхэж, магадгүй хүн амын эрүүл мэнд доройтож байна уу. Эсвэл өөр төрлийн өвчнөөр малын хорогдол гарч байгааг бид хамаатуулж ойлгож байна уу. Энэ бол олон хүний мэдэхийг хүсч байгаа асуулт. Дорноговь аймгийн удирдлагууд энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавьсныг “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн зүгээс хүлээн авч нэгэн төсөл хэрэгжүүлэхээр болсныг нь сурвалжилсан юм.

“Арева Монгол” компани Улаанбадрах сумын нийт дөрвөн баг мөн Зүүнбаян багт хоёр жилийн хугацаанд малын эрүүл мэндийг сайжруулах төслийг санхүүжүүлэхээр болж байна. Энэхүү төсөл нь нэлээд их хэмжээний буюу 1.3 тэрбум гаруй төгрөгийн төсөл гэхээр аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэхдээ энэ төсөл нь яригдаад байдаг асуудал үнэхээр бүс нутагтаа өндөрт тооцогдох малын өвчлөлтэй нь холбоотой юу эсвэл уул уурхайн асуудалтай холбоотой юу гэдгийг нэг мөр болгож, тодорхой болгож өгөх учраас хаа хаанаа нэн чухал билээ. Хэрэв малын өвчлөлтэй холбоотой байсан бол энэ нутаг орны хүмүүс мэргэжлийн эмч нарын тусламжтай малын өвчлөлийн тухай ойлголттой болж, бас малаа ч эрүүлжүүлж, махаа ч үнэ хүргэж зарах боломжтой болохоос эхлээд ашиг тус нь их юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сайншандад болсон уг төслийн нээлтийн ажиллагааны үеэр ийм төсөл эхлүүлж байгаад талархалтай байгаагаа тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон мал эмнэлгийнхэн, малчид илэрхийлж байсан билээ. Тэдний хувьд учир нь ойлгогдохгүй энэ асуудлыг тодорхой болгох нь чухал, заавал аль нэг компанийг буруутгахдаа биш харин малын хорогдол юутай холбоотой байдгийг л мэдмээр байна гэцгээж байсан юм. Хэдийгээр энэ төслийг “Арева Монгол” компани санхүүжүүлэх ч хэрэгжүүлэх байгууллага нь хараат бус мэргэжлийн байгууллага байна гэдгийг тэд онцолж байлаа. Энэхүү том төслийг 120 гаруй хувийн мал эмнэлгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” (МНХМЭДХ) хэрэгжүүлэх болж байгаа юм. Тэд бас мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсноо энэ үеэр мэдэгдэж байв. Уг төслийн хүрээнд нэг франц, хоёр монгол эмч Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай ажиллана. Тэд 24 сарын турш, 24 цагаар малчдад үйлчлэх гэрээтэй аж. Хэрэв малд нь ямар нэг асуудал гарвал шууд дуудлагаар эмч нар нь ирж үзэхээс гадна угаалга тарилгыг тогтмол хийж байх гэнэ. Өөрөөр хэлбэл, малыг ямар цаг хугацаанд яаж эмчилж, ариутгаж угааж байдаг стандартыг хэвшүүлэх юм байна. Үнэндээ ерээд оноос хойш мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэнээр энэ салбар уналтад орсон гэлцдэг. Малчид төрөөс зайлшгүй хийдэг вакцин тарилгыг хийлгэхээс өөрсдөө мөнгө төлөөд хийх ариутгал, угаалгыг болж өгвөл алгасах болсон. Үнэндээ албан бус сайн дурынх болчихоор малчид хойш сууж, нөгөө талд нь малын өвчлөл нэмэгдсээр ирснийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл энэ үйлчилгээг нь үнэ төлбөргүй болгож, малчдын бүр мартчихсан хашаа хороонд нь ариутгал хийдэг уламжлалыг нь сэргээвэл олон зүйл тодорхой болно хэмээн малын эмч нар үзэж байгаа юм билээ. Бас энэ төслийн гол зүйл нь малчдад малын эрүүл мэнд, арчилгаа эмчилгээний талаар сургалт явуулж, уг төсөл дууссан ч нутаг орны хүмүүс өөрсдөө малаа эрүүлжүүлээд аваад явчих хэмжээний болгоход ач холбогдол нь оршино хэмээн “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант ярьж байлаа.

Мөн тэрбээр “Хоёр жил хэрэгжих энэ төсөл малчдын амьжиргаанд хувь нэмрээ урт хугацаанд оруулсаар байхыг бидний зүгээс хүсч байна” гэж байсан. Үнэхээр ч орон нутгийн удирдлагууд мал нь эрүүлжээд ирвэл малын махны чанар, сүү сааль, ноос ноолуурын гарц нэмэгдэж малчдын амьдралд хэрэгтэй, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулаад хүмүүсийн маань амьжиргаанд хэрэгтэй гэж байсныг онцлохоос аргагүй. Уг нээлтийн үеэр цугларсан зарим хүмүүстэй ярилцаж байхад “Сүүлийн хэдэн жил Улаанбадрахын мал хордож үхэж байна гэж баахан сенсацлаад мах ч зарагдахаа байсан. Хэрэв энэ төсөл хэрэгжиж бодит байдлыг харуулбал аль аль талдаа хэрэгтэй байна” гэцгээж байсан. Түүнчлэн уг арга хэмжээнд зориулсан үдийн зоогт Улаанбадрахын махаар хийсэн шорлог, хуушуурыг багтаасан бөгөөд монгол, францгүй бүгд л идэж байсныг хэлэхээс аргагүй. Нутгийн зарим иргэдээс “Мал хордож үхээд байдаг юм бол махыг идэх нь зөв үү” гэхэд “Мах нь зүгээр ээ. Дотор эрхтэн нь харин онцгүй болчихсон байдаг” гэж байв.

Улаанбадрахын малчдын ярьж байснаар бэлчээр дээрээ байж байгаад үхсэн зарим малын дотор гэдэс тэр дундаа уушиг нь авах юмгүй болсон байдаг ажээ. Бас сэмжнээс нь атгын чинээ бугласан идээ гарч байсан удаа ч бий гэнэ. Тэд малын ямар нэг өвчин үү, эсвэл урантай холбоотой байна уу гэдгийг л бид мэдчихмээр байна гэцгээж байсан билээ. Тэд малын паразит өвчлөл хаа сайгүй байдгийг нуухгүй байлаа. Энэ төслийн хүрээнд мэргэжлийн гадаад, дотоод мэргэжилтнүүдээс бүрдсэн “Мал эмнэлгийн оролцооны нэгж”-ийнхэн мал эмнэлгийн тусламжийг малчдад үнэгүй өгч, малын өвчнийг оношлохоос гадна дээжийг цаг тухайд нь нарийн мэргэжлийн лаборатори руу илгээж, өвчлөлийн хяналтын үр дүнгээ улирал тутам танилцуулж байх ажээ.

СОНГОГДСОН ХҮМҮҮСИЙГ СУРГАЖ МАЛ ЭМНЭЛГИЙН СЕРТИФИКАТТАЙ БОЛГОНО

Энэ төслийн талаар “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны дэд захирал Ц.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Дээхнэ үед малын эмч, малын эмчилгээ сувилгаа чухалд тооцогддог байсан ч сүүлийн үед энэ асуудал бүр хаягдсан гэдэг. Энэ үнэн үү?

-Хуучин цагт малын эмч, малчин, мал бол хоорондоо салшгүй уялдаатай гэдэг байсан ч зах зээлийн үед нэг хэсэг энэ зарчим алдагдсан нь үнэн. Харин сүүлийн үед мал эмнэлэг, малын эрүүл ахуйн асуудлыг мэргэжлийн хүнээр дамжуулж хийлгэх нь малын чанар, түүхий эдийн гарц, чанартай холбоотой гэдгийг малчид мэддэг болж эхэлж байна. Тэр ч утгаараа бидэнд хандаж хамтран ажиллах болсон.

-Танай байгууллага Дорно­говийн энэ бүс нутагт судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүн яаж гарав. Үнэхээр малын өвчлөл их байна уу?

-Бид энэ төсөл хэрэгжихээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийсэн. Тэгэхэд Улаанбадрах сум, Сайншандын Зүүнбаян баг бусад аймаг сумдтай харьцуулахад паразит болон малын бусад өвчлөл их байгаа нь ажиглагдсан. Паразитын гаралтай өвчлөл, ургийн гажиг бас өндөр байна.

-Бас уушигны гаралтай өвчлөл их гарч байгаа гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?

-Уушгины гаралтай өвчлөл зөвхөн энд гардаг биш. Зарим аймгуудад бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр энэ бүх өвчлөл юутай холбоотой талаар бидний хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн үр дүнд тодорхой болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

-Малчид, компани аль, аль нь бодит байдал тодроосой гэж хүсч байгаа байх л даа. Гэхдээ энэ төслийг “Арева” санхүүжүүлж байгаа учраас тэдний талд шийдвэр гарчих вий гэсэн хардлага байна л даа?

-Манай байгууллага бол хараат бус мэргэжлийн байгууллага. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага ч бас хараат бус. Бидний аль алиных нь ёс зүйн дүрэмд үүнийг заагаад өгчихсөн байдаг. Бид аль нэг талд бус харин мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллана гэдэгт итгэж болно.

-Малчид сүүлийн үед мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагад хандахын оронд өөрсдөө дур мэдэн малаа эмчилдэг болсон гэдэг. Энэ хэр ноцтой вэ?

-Мэргэжлийн хүмүүст хандахаас аргагүй. Малыг туулгаж тарих цаг нь хавар 3-4 сар, намар 9-10 сар байх жишээтэй. Нутаг орны байдлаас болоод өөрчлөгдөх нь ч бий. Дур, дураараа зах дээрээс хямд эм авч малдаа хэрэглээд явах нь малын эрүүл ахуйн байдлаас эхлээд хүнсний аюулгүй байдалтай ч холбоотой. Малчдын энэ байдалд анхаарахгүй бол хот хөдөөгүй хүмүүсийн хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэх юм. Энэ төслийнхөө хүрээнд бид малчдад боловсрол мэдлэг олгох тал дээр анхаарч ажиллана. Төсөл дууслаа ч малчид мэдлэгжиж үлдэх нь тун чухал. Бид малчны бүлэг байгуулж, бүлэг бүрээс сонгогдсон малчдад цуврал хичээлүүдийг заана. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн мал эмнэлгийн үйлчилгээний нэг сарын тусгай сургалтын сертификатын хөтөлбөрт суралцсанаар малчид малын эмчийн удирдлагаар тус тусын бүлэг дээрээ ажиллах юм.

-Нутгийн хүмүүс паразит өвчлөл их байдаг талаар хэлж байна. Малчин Д.Норсүрэн гуай ч паразитгүй мал гэж юу байхав гэж байна л даа?

-Тэгж ойлгож нь буруу. Паразит бол малын хорогдолд бодитой нөлөөлдөг хүмүүсийн эрүүл мэндэд ч холбоотой өвчлөл.

-Танайх бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ, ганц­хан эмийг л төлбөртэй өгнө гэж байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэн байдаг болохоор энэ суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн секторын бизнест халдчих юм биш биз?

-Бид хувийн эмнэлгийн үйл ажиллагаанд саад болох биш харин дэмжлэг болж ажиллана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд ажлын хөлсийг нь өгч хамтарч ажиллах юм.

-Эм нь ямар эм байх бол?

-Олон улсад хүлээн зөвшөө­рөгдсөн сайн чанарын эмийг боломжийн үнээр хүргэнэ.

БИД ИЙМ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ӨГӨӨЧ ГЭСЭН САНАЛЫГ ГАРГАСАН

Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзоригтой ярилцлаа.

-Танай Улаанбадрах сумыг сүүлийн хэдэн жил хордсон малтай, ураны хор хордлогод орсон гэж ойлгох хүмүүс бий болсон. Яг байдал ямар байгаа юм бэ?

-Зарим малчны мал хорогдож нэлээд асуудал болж байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Хүмүүс Францын энэ компанийн үйл ажиллагаатай холбож ярьж байсан учраас тухайн үедээ Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан. Гэхдээ уг ажлын хэсгээс “Арева”, “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоогүй гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт ард иргэдийн дунд ийм болгоомжлол байгаа учраас бид хүмүүсийнхээ эргэлзээг нэг мөр болгох нь зөв гэж үзээд малын асуудлыг тодорхой болгох санал тавьсан юм. Хоёр талаас багагүй хугацаанд ярилцсаны үр дүнд өнөөдрийн гэрээг үзэглэх арга хэмжээ болж байна.

-Танай суманд малын өвчлөл үнэхээр байгаа юу. Махыг нь идэхэд болох уу?

-Манай сум орон нутагт малын уушгины өвчлөл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг эмнэл зүйн талаас нь ялгаатай авч үзмээр юм байна лээ. Ийм өвчин ганц манайх гэлтгүй байдаг юм билээ. Үүнтэй холбоотой малын мах хордсон уу гэвэл би зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжид уушиг, дотор махыг нь идэхгүй бусдыг нь идэхэд ямар ч асуудалгүй гэжбайдаг.

-Уушгины өвчлөл нь танайхаас өөр газар байдаг уу?

-2013 оны тайлангаас харахад энэ өвчлөл Баян-Өлгий, Төв, Булган аймагт бас бүртгэгдсэн байна лээ. Сүүлийн үед тархаад байгаа өвчин гэж Мал эмнэлэг хариуцсан төв лабораторийнхонтой уулзах үед хэлж байсан л даа. Манай аймгийн хэмжээнд ч бас бүртгэгдсэн өвчин.

-Танай хүмүүстэй уулзаж байхад мал яг юунаас болж үхээд байгааг л мэдмээр байна гэж байна л даа. Үүнийг нь иргэддээ тодорхой болгож өгөхийн тулд ямар алхам хийж байна вэ?

-Үүнийг тодорхой болгохын тулд өнөөдрийн энэ ажлыг бид эхлүүлж байгаа юм. Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан өвчлөлүүд, паразитын асуудал давхар гарч ирсэн л дээ. Хоёр жилийн турш малын өвчлөлийн тохиолдол бүр дээр ажиллаж, шинжилгээ хийх энэ төслийн хүрээнд бүх зүйл тодорхой болно гэж найдаж байгаа юм.

-Мэргэжлийн байгуул­лагууд ажиллах ч санхүү­жилтийг нь энэ компани гаргах болгохоор эцсийн үр дүнд хүмүүс итгэх болов уу. Манайхан бас хартай хүмүүс шүү дээ?

-Тийм хардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ саналыг өөрсдөө тавьсан. Танайтай хамаатай ч байсан, хамаагүй ч байсан ийм төсөл хэрэгжүүлмээр байна. Харин олон улсын хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ шүү гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хүрээнд “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” нь цаашаа олон улсын байгууллагаа урьж авчирсан байгаа юм. Аль ч байгууллагынх нь дүрэмд хараат бус ажиллах талаар заасан байдаг юм билээ. Тиймээс бид итгэж байгаа. Ер нь нэг нэгэндээ итгэж сурах хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талаас бид малчдадаа үүнийг хэлж ойлгуулах ч хэрэгтэй.

-Энэ төсөл хэрэгжих нь зөвхөн танай сум орон нутгийнханд хэрэгтэй гэлтгүй малын ариутгал, эрүүл мэндийн байдлаасаа болоод гадаад зах зээлд гарч чаддаггүй манайханд стандартыг авчрах сайн талтай юм гэж харагдаж байна л даа…

-Би бас ингэж бодож байна. Мал эрүүлжсэнээр малын гаралтай түүхий эдийн гарц нэмэгдэж, цаашлаад малчдын амьжиргаа, орлого нэмэгдэх сайн талтай гэж харж байна. Энэ төслийн нэг чиглэл нь малаа эрүүлжүүлэхээс гадна малчдаа сургах зорилготой. Улаанбадрахын бүх малчин иргэдэд малын дуудлага үнэгүй, сургалт үнэ төлбөргүй авна бас шинжилгээ оношилгоо нь үнэгүй гэж байгаа. Өвчний онош нь тодорчихвол малд өгөх эмээ өөрсдөө хариуцана, бусад нь үнэгүй гэж байгаа шүү дээ.

-Өмнө нь ямар байдаг байв. Мал өвдлөө гэхэд малчин хэрхдэг юм бэ?

-Мал өвдөхөд суманд байх хувийн хэвшлийн эмнэлэгт ханддаг. Дуудлагын хөлсөө авна, шинжилгээнд явуулбал өртөг зардлыг нь гаргуулдаг байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр манай сумын мал эмнэлэг уг төслийнхөнтэй хамтраад санхүүжилтээ аваад явах юм. Бид ингэж ажлыг нь холбож өгсөн.

-Угаалгаас эхлээд олон зүйл үнэгүй байх нь ээ. Танай суманд нэг малын угаалгын хөлс хэд байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд нэг малын угаалгын төлбөр 250 төгрөг байдаг юм. Хуучных шиг албадан бус болохоор угаалгах хүмүүс байна, үгүй нь байдаг байсан. Харин одоо Аргалант багийн 30 000 мал дээр үлгэрлээд үзүүлэх учраас үр дүн нь хүмүүсийн нүдэнд бодитоор харагдах байх аа.

-Малчид маань энэ төсөлд хэр дуртай байна вэ. Магадгүй ажил удаад гээд дургүй байна уу?

-Үгүй ээ. Дуртай байгаа. Энэ бол тэдний хүсч байсан ажил юм.

Зүүнбаян багийн Засаг дарга Х.Отгонбаяр “Би хувьдаа “Арева”-гийн төсөл хэрэгжиж, нутаг оронд маань үр өгөөжээ өгөөсэй гэж бодож явдаг хүн. Гэхдээ мал өвчилж, хорогдох явдал гараад байгаа учраас ард иргэдийнхээ адил санаа зовних болсон. Тэгэхээр энэ төсөл хэрэгжиж, хүмүүст мэдээллийг үнэн зөв өгөхөөр болж байгааг нь чухал гэж бодож байна” гэж үгээ хэлж байв. Ер нь уг арга хэмжээний үеэр цугларсан олон хүнтэй санал солилцож байхад “Бидэнд мал юунаас болж үхэж байгааг л мэдэх нь чухал байна. Үнэндээ энэ компанийн үйл ажиллагаанаас, ураны нөлөөгөөс болчихсон гэх баримт нотолгоо бидэнд байхгүй. Гэхдээ мал үхэх явдал мэр сэр гарч байна. Сүүлийн үед харьцангуй багассан ч гэсэн малын хорогдол гардаг. Үүний шалтгааныг л олоод өгчихөд болно. Энэ төсөл бидний асуултад, санаа зовж байдаг зүйлд маань хариулт авчирч өгнө” гэдэгт итгэж байна гэж байсан билээ. Тэгэхээр энэ нутаг орны хүмүүсийн учир шалтгааныг нь мэдэх гэсэн хүсэл, малын өвчлөл өндөр байгаа бүс нутгийнхны эрэлт хэрэгцээ бас гадаадын энэ компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шаардлага гэсэн олон огтлолцол дээр уг төсөл хэрэгжиж эхэлж байна. Мэргэжлийн эмч нарын үйл ажиллагаа, нарийн лабораторийн үр дүн бидэнд асуудлыг тун удахгүй тодорхой болгож өгөх биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Сайншанд-Улаанбаатар2014.11.26

Categories
мэдээ цаг-үе

Э.Хатанболд: Ерөнхийлөгч бид хоёр утсаар хэсэг ярилцсан. Намайг ирж уулзаарай гэсэн

Манай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас мэдээлж байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманднэгдүгээр сарын 24-нд 08:27 цагт төрсөн. Монголын гурван сая дахь иргэн болж хорвоод мэндэлсэн бяцхан охины аавыг Энхтүвшингийн Хатанболд, ээжийг нь Ганбатын Аззаяа гэдэг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржэнэ сарын 28-ны аргын тооллын морь цагт “Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр төрөх эмнэлэгт 1992 онд төрсөн Э.Хатанболд, Г.Аззаяа гэх залуу гэр бүлийн анхны хүүхэд Монголын гурван сая дахь иргэнээр тодорлоо” гэжмэдэгдсэн билээ. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын гурван сая дахь иргэнийг зарласан даруйд Өмнөговь аймгийн төвд амьдарч байгааЭ.Хатанболдын гэр рүү хөдөлсөн юм.

Өчигдөр 09:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжин охины гэрт очлоо. Хашааных нь үүдэнд олон машин эгнээд зогсчихсон байгаа харагдав. Хашаанд нь олон айл байдаг аж. Х.Монголжин охины ээж Г.Аззаяагийн эмээ, аав болон хамаатан садангууд нь нэг хашаанд аж төрдөг юм байна. Хашааны баруун талаасаа хоёр дахь дөрвөн ханатай гэр Э.Хатанболдынх. Бид ч зорьсон айлынхаа гэр рүүяваад орлоо. Гэрийн хойморт Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин гэх 50 гаруй насны эр сууж байв. Харин хажууд нь Г.Аззаяагийн аав Ганбат сууж байлаа.

Мөн охины аав Э.Хатанболд гэрийнхээ хойморт улаан даавуун дээл өмсчихсөн сууж байх аж.Улаанбаатар хотоос сурвалжлагч нар ар араасаа цувраад ирчихжээ. Сэтгүүлчид Э.Хатанболдыг тойроод суучихсан асуултаар “бөмбөгдөж” байв. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утсаар юу гэж ярьсан бэ” гээд л нэг нь асууж байна. Харин Э.Хатанболд камерийн өмнө суучихсан сандарч байгаа бололтой түгдэрч байснаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна. Э.Хатанболдоо чамд болон танай гэр бүлийнхэндхалуун баяр хүргэе. Танай охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон шүү” гэж ярьсан. Би ч сандраад олигтой зүйл ярьж чадаагүй” гэж товчхон хариулав. Дараагийн сэтгүүлч “Хүүхэдтэй болсноо яаж мэдсэн бэ” гэхэд “Манай Азаа бөөлжөөд” гэснээ “Үгүй, дотор нь муухай оргиод байна гэж хэлээд л анх мэдсэн” гэж хариулах. Энэ мэт асуултууд ар араасаа цуварсаар байв.

Тэгсэн гаднаас 70 гаруй насны болов уу гэмээр эмээ орж ирсэн нь Г.Аззаяагийн эмээ М.Эрдэнэзул гуай байв. Хүмүүстэй мэнд мэдээд “Хотод охинд зориулж том лам нарном хурж байгаа гэнэ. Зул барьж, сүү өргөе” гэв.

Залуу хосын гэр өчигдөр үдээс хойш хүний хөлд дарагдах болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнийг зарлаад хэдхэн минут ч болоогүй байхад аймгийн төвийн иргэд Э.Хатанболдын гадаа цугларсан аж. Хүмүүс “Гурван сая дахь иргэнийг харна” гээд л гэрийнх нь гадаа бөөнөөрөө зогсчихсон байсан гэнэ. Бүр сүүлдээ аймгийн цагдаа нар ирж цугларсан иргэдийг тараажээ.

Ханхонгор сумаас Э.Хатанболдын хамаатан садан иржээ. Мөн Мандал-Овоо сумаас Г.Аззаяагийн төрөл садан ч ирцгээсэн гэнэ. Тэд аймгийн телевизийн мэдээг үзээд л яарч сандралдан нааш хөдөлцгөөсөн байна. Хосууд ширээ дүүрэн тавгийн идээ засжээ.Орж ирсэн зочин болгонд хул дүүрэн мэлтэлзүүлэнингэний хоормог өгөх аж. Зүүн орон дээрээ Х.Монголжин охин унтаж, ээж нь охиноо хараад хажууд нь сууж байв.

ЕРӨНХИЙЛӨГЧ ОХИНД МИНЬ МОНГОЛЖИН ГЭСЭН НЭР ӨГСӨН

Телевизийн сэтгүүлчид ярилцлагаа авч дууссан бололтой эхнээсээ гарч явсаар зочид цөөрөв. Тэгсэн Э.Хатанболд охиныхоо төрсний гэрчилгээг авахаар аймгийн бүртгэлийн газар руу явахаар боллоо. Бид ч түүнтэй хамт гэрээс гарлаа. Ингэж Э.Хатанболдтой уулзалдав.

– Гурван сая дахь иргэний аав болсон чамд болон танай гэр бүлд баяр хүргэе?

-Баярлалаа. Сүүлийн хэд хоног үнэхээр сайхан байна. Бид хоёрын анхны хүүхэд маань Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо шүү дээ. Эхлээд гурван сая дахь иргэн төрөх талаар ямар ч мэдээлэл байхгүй явсан юм. 24-ний өглөө гэнэт өвдөөд эмнэлэгт очсон. Эхнэр маань дөрвөн цаг гаруй өвдөж байж төрсөн. Охинтой болсон гэж дуулаад зөндөө баярласан. Хөөрхөн охинтой боллоо гэж бодохоор өөрийн эрхгүй л баяр төрөөд байсан. Хэнтэй адилхан хүүхэд байгаа бол, хурдхан л харах юмсан гэж бодогдоод байдаг юм билээ. Тэгээд гэртээ очиж шөл авчрахаар явж байхдаа эхнэр рүүгээ “Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа” гэж мессэж бичсэн.Тэгсэн “Хөөрхөн охин төрүүлж өглөө шүү” гэж хариу бичсэн. Нэг хоноод л манай хоёр эмнэлгээс гарсан. Охиноо гарч ирэнгүүт нь баруун хацар дээр нь үнссэн чинь өөрийн эрхгүй л уйлсан. Их гоё үнэртэй, жижигхэн улаан хүүхэд байсан. Бас миний том хамрыг дуурайсан юм шиг харагдаад байгаа. Хүмүүсийн хөлд дарагдаад охинтойгоо тухтай ч эрхэлж чадахгүй л байна.

– Уржигдарл охиноогурван сая дахь иргэн гэдгийг мэдсэн үү?

-Тиймээ. Өчигдөр (уржигдар) мэдсэн. Эхлээд манай том ах Э.Шинэхүү утасдаж “Хүмүүс хотод танай хүүхдийг гурван сая дахь иргэн болсон гэж яриад байна” гэж хэлсэн. Би ч тухайн үед арай үгүй байлгүй гэж бодоод итгээгүй юм. Тэгсэн нэг яамны сайд ярьсан. Дахиад өөр нэг яамны сайд ярьсан. Тухайн үед сандраад нэрийг нь мэдэж чадаагүй юм. Тэгсэн 14:00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний утас руу залгасан. Баяр хүргээд, бид хоёр хэсэг утсаар ярилцсан. Намайг ирж уулзаарай гэж хэлж байна лээ. Тэгээд охинд миньнэр өгч болох уу гэхээр нь эхнэр бид хоёр “Болно. Та манай охинд нэр өгчих” гэсэн чинь Монголжин гэдэг нэр хайрласан. Зүүдлээд ч байгаа юм шиг их сонин мэдрэмж төрдөг юм байна.Их л баярлаж догдолсон хүн байна. Үнэхээр л их хувь заяа юм даа. Энэ олон хүүхдээс намайг аав болгож хорвоод мэндэлсэнохин минь Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо шүү дээ.

– Охиндоо та хоёр Сэлэнгэ гэж нэр хайрласан байсан юм биш үү?

Тийм ээ. Гэхдээ манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад Ерөнхийлөгчийн өгсөн нэрээр нэрлэхээр шийдсэн. Эмээ “Төрийн минь сүлд өршөө. Төр хүүхдийг нь харж байхад Монголжин гэдэг нэрийг нь өг гэсэн юм. Тэгээд л Монголжин нэрийг өгсөн гэв.

ӨРХИЙН ЭМЧИД ЗАГНУУЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛД АЛБАН ЁСООРБҮРТГҮҮЛЛЭЭ

Э.Хатанболд бид хоёр машинд ийн ярилцаж явсаар өрхийн эмнэлэг дээр ирлээ. Өрхийн эмчээр нэг хуудсан дээр тамга даруулах юм. Бид хоёр өрхийн эмнэлэг рүү яваад орлоо. Эмчийн өрөө рүү давхиад орсон чинь “Тамга нь олдохгүй байна. Цаанаа хүлээж бай” гэжэмч хэллээ. Бүр бид хоёрыг аашлах шинжтэй шүү. Бид үүдэнд нь нэлээд хүлээв. Тэр хавиар явсан хүмүүс Э.Хатанболдыг таниад сүйд болох аж. “Гурван сая дахь хүүхдийн аавд баяр хүргэе” гээд ирж гар барих. Тэгсэн нөгөө ааш муутай эмчид хэн нэг ажилтан хэлсэн бололтой юм. Төд удалгүй “Өрөөндөөдуудаж оруулаад баяр хүргээд сүйд боллоо. Бүр нөгөө алга болсон гээд байгаа тамгаа ширээнийхээ нүднээс гаргаж ирээд цаасан дээр нь дарж өглөө. Бид хоёр ингэж өрхийн эмнэлэг дээр хэсэг саатаад аймгийн Улсынбүртгэлийн хэлтэст очсон юм. Өрхийн эмнэлэгт саатаад цайны цаг болж байхад нь яваад очжээ. 201 номерт шинэ төрсөн хүүхдийг бүртгэж байлаа. Гэхдээ Э.Хатанболдыг таниад шууд бүртгэж авсан юм. Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх биднийг хүлээн авч уулзав. Э.Хатанболд гэрлэлтийн баталгаагаа үзүүлээд охиныхоо төрсний гэрчилгээг албан ёсоор авав. Э.Хатанболдод улсын бүртгэлийн ажилтнууд баяр хүргэлээ. Ингэж Монгол Улсын гурван сая дахь иргэн Мэргэн гэх ургийн овогтой Э.Хатанболдын Монголжин албан ёсоор Монгол Улсад бүртгэлтэй боллоо. Манай сурвалжлах багийнхан ч Х.Монголжинг улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцсондоо ихэдбэлгэшээсэн юм аа.

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх “Манай бүртгэлийн хэлтэст сард дунджаар 130-150 хүүхэд шинээр бүртгүүлж байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингийн аав, ээж хаанахын хүмүүс вэ гэдгийг сонирхох хүн олон байна. Аав Э.Хатанболд нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Ээж Г.Аззаяа нь Мандал-Овоо сумынх гэдгийг албан ёсоор хэлж байна” гэлээ.

Ингээд бид бүхэн эргээд гэр рүү нь хөдлөв. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас Хатанболдынд олон хүн оруулж, гаргахгүй гээд тэр хавийн хөл хөдөлгөөнийг эрс багасгажээ. Төрөөд хэдхэн хонож байгаа жаахан охиныг харж, тэвэрч, үнсэх гэсэн хүмүүс ханиад томуу хүргэчихэж магадгүй хэмээн ийн сэргийлэх нь зүй юм. Э.Хатанболд бид хоёр гэрт нь хамт орлоо. Х.Монголжин ээжийнхээ мөөмийг хөхчихөөд унтаад өгчээ. Г.Аззаяа ээжийгээ дуурайсан сүү сайтай болж магадгүй шинжтэй байгааг эмээ М.Эрдэнэзул нь хэлэв.

“ОХИНЫГ МИНИЙ ГЭДСЭН ДЭЭР ГАРГААД ТАВЬСАН ЧИНЬ ИХ ЧАНГААР УЙЛСАН”

Ингээд Г.Аззаяагаас ээж болсон сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр “Хордлого өгч эхэлсэн цагаас л хэвлийд минь бүрэлдэж байгаа үр минь гэх сэтгэл төрж, хайрлаж эхэлдэг юм билээ. Нэгдүгээр сарын 24-ний04:00 цагийн үед гэнэт өвдсөн. Тэгээд эмнэлэгт очсон. Аймаар их өвддөг юм билээ. Тэгээд 08:27 цагт охин минь төрсөн. Охиныг минийгэдсэн дээр гаргаад тавьсан чинь их чангаар уйлсан. Охиноо хараад, чанга уйлахыг нь сонсоод дагаад уйлсан. Аймаар өвдөж байсан өвдөлтөө ч мартаж, мэдрэхгүй болоод хүүхдээ хараад баймаар санагдаад байсан. Их жижигхэн улаан хүүхэд харагдсан. Тэгээд л хүүхдээ амлуулж гал уургийг нь хөхүүлсэн. Тэгж байтал Хатнаа “Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа”гэсэн мессэж бичсэн байсан. Ингээд л бид хоёр гурвуулаа болоод л амьдарч байна даа” гэлээ. Монголчуудыг олуулаа болгож, олон болгох гэж ирсэн Х.Монголжин охинд цөөнгүй хүн бэлэг амлаад байгаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

“Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа “Баянзүрх” их дэлгүүрт гарч эхэллээ. Үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Урлаг гоо сайхны төв” төрийн бус байгууллага, “Баянзүрх” их дэлгүүр хамтран зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм. “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилэх аж.

Categories
мэдээ улс-төр

ХХААЯ-ны удирдлагууд хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

ХХАА-н сайд Р.Бурмаа, Дэд сайд Б.Батзориг Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. 2013 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус бирж нь малчид, үйлдвэрлэгчдэд зах зээлийн мэдээллийг нь ил тод болгож, бодит үнэ тогтоох нөхцөлийг бүрдүүлэн бизнесийн үйл ажиллагааных нь зардлыг бууруулах зорилготой. Энэ ч үүднээс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотоодод төдийгүй гадаадад зах зээлийнх ханшаар худалдаалдаг болох олон ажил төлөвлөөд буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд гэхэд нийтдээ 971,4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

ХХАА-н сайд энэ өдрийн арилжааны цанг цохьсноор худалдаа эхэлсэн юм. Тус биржийн захирал Ж.Эрдэнэбат “Бирж байгуулагдсанаас хойш малчид биржээр малынхаа ноос ноолуурыг арилжаалах сонирхолтой болсноос арьс ширээ ч худалдаалах хүсэлтэйгээ илэрхийлэх болсон. Өмнө нь, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүйгээс нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй байсан. Малчид, үйлдвэрлэгчдийн харилцаа алдагдан, түүхий эдийн дамын худалдаа газар авч, үйлдвэрлэгчид түүхий эдээр дутагдах, малчдын орлого тогтворгүйтэх, нийгмийн баталгаа нь алдагдах, түүхий эдийн чанар муудах, үнэгүйдэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсч байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биржийн үйл ажиллагааг малчид, үйлдвэрлэгчид эерэгээр хардаг болсон” гэлээ.

Тус бирж нь ирэх оноос арьс түүхий эд цаашлаад улаанбуудай арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Дашрамд, энэ сарын 29-ний байдлаар тус бирж 11 удаа арилжаа зохион байгуулж, 557,2 тн ямааны завод ноос, 11 тн ямааны ноолуур, 662 тн хонины ноос, 26 тонн тэмээний ноос арилжиж, нийт 13,7 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сард хамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээний дагуу БНСУ-ын Руйсанса корпораци Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн нөөцтэйгээр буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээлгэн өглөө.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат , Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бүн, Монгол дахь Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бүн, Хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон холбоо”-ны тэргүүн Б.Жаргал болон Улаанбаатар хотын 7 дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, 140 өрхийн эмнэлгийн эмч, менежерүүд оролцлоо.


Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тус тоног төхөөрөмжөөр хангаснаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ачаалалыг багасгах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, анхан шатны үзлэг оношлогоог түргэн шуурхай хийж, иргэд нэг цэгт төвлөрөн үйлчлүүлэхээс гадна өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд уг сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр үзлэг оношлогооны хариугаа авах, хянах боломжтой болно. Энэхүү тоног төхөөрөмжийн нийт өртөг 493.300 ам долларын үнэтэй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өглөгч охин одтой, шарагчин тахиа өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 2. Сумъяа гариг. Билгийн тооллын 14. Өглөгч охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 08.10 цагт мандан, 17.40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цагнь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-ООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
  • “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Соёлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд;
  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

02 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

  • “Тэтгэврийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд.

02 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

  • Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан, мэдээллийг танилцуулах уулзалт 09.00 цагаас “В” танхимд;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

02 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх тухай төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: