Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 7, 14-ний бямба гаригуудад зорчих зохицуулалт хийсэн.

Үүний дагуу өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Мөн ирэх хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гаригуудад зорчих юм. Харин автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны 2 дугаар сарын 1, 8, 15-ны ням гаригуудад өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулахаар болсон.

Мөн дугаарын хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулахаар зохицуулсан.

Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолт болж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт” Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Мөн энэ үеэр ур чадвар, баг, холын зайн шидэлт болон спрайт слэйм данк шоу арга хэмжээнүүд болох юм.

Бүх оддын тоглолтын баруун бүст холбон тоглогч Крис Лоусен (Сентоза арслангууд), хамгаалагч Т.Санчир (Мадимос шонхрууд), довтлогч О.Ууганбаяр (Танан гарьд), хүчний довтлогч С.Өрнүүнбилэг (Эрдэнэдрийлинг Ригс), төвийн тоглогч Ф.Холмс нар гараан гарах бол Зүүн бүст холбон тоглогч О.Сэргэлэн (Хасын хүлгүүд), хамгаалагч Ц.Азбаяр (Танан гарьд), довтлогч Г.Цэнгүүнбаяр (Мадимос шонхрууд), хүчний довтлогч Б.Билгүүн (Хасын хүлгүүд), төвийн тоглогч Т.Акол (Хасын хүлгүүд) нар багтжээ.

Харин сүүлийн өдөр буюу маргааш Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглох ажээ.бСагсан бөмбөг сонирхогч, үзэгчдэд зориулсан автобусны цуваа “Скайтел”-ийн төв байрны урдаас 12.00 цагт хөдлөх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хэвшүүлж сайжруулахад маш их хүчин чармайлт хэрэгтэйг биеэрээ мэдэрсэн

Манай зарим томоохон эмнэлгүүдэд 1998 оноос Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн төслүүд хэрэгжиж эхэлсэн. Тухайн тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах талаарх олон сургалт дадлагыг Япончууд өөрсдөө явуулж ирсэн юм. Түүнчлэн эмнэлгийн сувилахуйн ухаан, арга ажиллагаагаараа дэлхийд өндрөөр үнэлэгддэг Японы сувилагч нар Монголын хөдөө орон нутагт ажиллаж өөрсдийн туршлагаасаа хуваалцсан билээ. Тэдний нэг Миюүки Хоригүчи Жайка олон улсын Байгууллагын хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд Монголд ирсэн бөгөөд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт мэргэжлээрээ хоёр жил ажиллаж эрүүл мэндийн салбар тэр дундаа орон нутгийн эмнэлгийн сувилагчдад өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй хуваалцсан нэгэн аж. Тэрээр энд ажилласныхаа дараа ч монгол сувилагчдыг Японд урт, богино хугаацаагаар ажиллуулан, мэргэжлээ дээшлүүлж туршлага хуримтлуулах боломжийг эрэлхийлэхийн сацуу олон зүйлийг санаачлан хэрэгжүүлж байгаа нэгэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнийг Улаанбаатар хотод ирэх үеэр нь уулзсан юм.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-1986-1989 онд Японы сувилахуйн их сургуульд суралцаж дүүргэсний дараагаар Хоккайда мужийн Саппоро хотын эмнэлгийн түлэнхий болон нүдний хавсарсан гэмтлийн тасагт өнөөг хүртэл ажиллаж байна. Америкт хэсэг хугацаанд мэргэжил дээшлүүлсэн.

-“Жайка” олон улсын байгууллагын шугамаар та манайд ирж ажилласан гэсэн. Яагаад заавал Монголыг, бүр орон нутагт ажиллахаар сонгох болов?

-Жайка олон улсын байгууллагаас сувилагч нарыг Азийн хөгжиж байгаа улс орнууд руу томилолтоор ажиллуулдаг л даа. Мэдээж тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд шүү дээ. Хэрэв шалгууртаа тэнцвэл хаана ажиллахыг маань “Жайка”-гаас хэлж өгдөг. Харин намайг Монголд, тэр дундаа Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт ажиллуулахаар хуваарилсан юм. Удаан хугацаанд ажилласан эмнэлэг, дассан орчноосоо шал өөр газарт ажиллах нь сувилагчийнмэргэжилд минь туршлага нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Наад зах нь гэхэд Эрдэнэтийн эмнэлэгт Саппоро хотын эмнэлгийнх шиг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж хүрэлцээтэй биш л дээ. Ийм нөхцөлд өөрсдийн уламжлалт аргаар өвчтөнөө үзэж, оношоо тавьж, ажиллаж байсныг биеэрээ харсан. Харин монгол сувилгач нарт хэлж сануулж хурдан хэвшүүлэх зүйл байсныг нөхрийн ёсоор хэлэхийг оролдож байв.

-Тухайлбал?

-Цалин хангамж нь бусад салбартай нь харьцуулахад ч дэндүү бага. Монголд авч байгаа цалингаараа амьдрахад нэлээд бэрхшээлтэй санагдсан. Өвчтөнтэй сэтгэл зүрхээрээ ажиллахад хүн ар тал, цалин мөнгөндөө санаа зовохгүй байх хэрэгтэй л дээ. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ бус, оромдсон маягаар ажиллаж байсан сувилагч цөөнгүй байсан. Цалин бага учраас өвчтөний ар гэрийнхний гар цайлгаж өгсөн мөнгө, эд зүйлсийг авахгүй гээд яах билээ. Эмнэлэгт өвчтөнийг асруулах гэж сувилагч ажиллуулдаг. Гэтэл өвчтөнөө асрахгүй байж ажлынхаа хажуугаар элдэв бараа таваар ажилчдадаа зарж гүйгээд эсвэл оймс, элдэв зүйл нэхээд, хатгамал оёод суучихаж болохгүй биз дээ. Үнэнийг хэлэхэд ч заримдаа “энэ чинь эмнэлэг мөн үү” гэж бодогдох үе байсанл даа. Японд бол сувилагч хүн нэг хором ч зүгээр суудаггүй учраас ажилдаа хандах дээрх назгай үйлдлүүдэд нь анхнаасаа шүүмжлэлтэй хандсан. Монгол эмнэлгийн дарга, тасгийн эрхлэгчид нь надаас суралцахыг сувилагчдад үүрэг болгосон учраас миний хэлж зөвлөснийг их анхаардаг байсан. Наад зах нь ажлын цагаар бохь зажилж, босон суун үргэлж утсаараа яриад хэрэггүй, дэлхий дахинд тэгдэггүй юм гэдгийг ойлгуулсан. Хэлний бэрхшээл байсан ч хэдхэн сарын дараа хамт ажиллагсадтайгаа төвөггүй ойлголцдог болсон. Монгол хэл сурах надад амаргүй байсан ч би сурах гэж чармайсан. Миний ажилласан эмнэлэгт сувилагчийн тоо хүрэлцээтэй харин сувилагчдын ажиллах хөшүүрэг нь дутагдалтай байсан.

Монголчууд маш элэгсэг дотно, зочломтгой ард түмэн. Би тэдэнтэйгээ ойртож, зайлшгүй хэрэгтэй зүйлээ ойлгуулахын тулд ар гэрийнхэнтэй нь дотносож чармайлт гаргаснаар миний ойлгуулах гэж байгаа зүйлийг хүлээж авах, хандах нь хүртэл дээрддэг юм билээ.Харамсалтай нь эдгээрийг хэвшүүлэхэд маш их хүчин чармайлт хэрэгтэй байлаа. Эмнэлэг дээр өвчтөнийхөө гар хөлийг байнга угааж, эм тариаг нь хийхэд монгол сувилагч, өвчтөнүүд ихэд гайхаж байсан. Энэ бол сувилагч асрагч хүний заавал хийх ёстой л ажлуудын нэг. Японд ийм л байдаг. Монголд сувилагч нарын ажлын хуваарь хэт замбараагүй юм шиг санагдсан. Шалаа арчаад гүйж явснаа хоол зөөгөөд, тэгснээ тариагаа хийгээд явж байх жишээтэй. Сувилагч хүн өвчтөнөө л асраад, тариагаа л хийх ёстой.

-Эмнэлгийн орчин нөхцөлөөс гадна, монголчуудын соёл иргэншил, амьдралын хэв маягийн хувьд анзаарсан сонин содон зүйлс гэвэл?

-Японд эмнэлэгт үзүүлэхээр ганцаараа явдаг. Харин Монголд дандаа гэр бүлийнхээ нэг гишүүнийг албатай юм шиг дагуулж эмнэлэгт ирэх юм. Энэ нь эмнэлгийн ачааллыг нэмж үйлчилгээг хүндрүүлээд байгаа юм. Гэхдээ монголчууд гэр бүлийн халуун харилцаатайгаас гадна бие биенээ гэсэн чин сэтгэлтэй юм гэдэг нь эндээс харагдаж байсан л даа. Түүнээс гадна нэг зүйл хэлбэл, Монгол хүн аливаад зоривол маш бүтээлтэй ханддаг сайхан чанартайг ойлгосон. Энэ нь цаг уур, хоол хүнстэйгээ ч нэг талаар холбоотой байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ танайх шиг төгс биш учраас дундаж наслалт богино гэх өнцгөөс харах хүмүүс цөөнгүй. “Тогоон” дотор нь орж ажилласан хүний хувьд энэ тал дээр юу гэмээр байна?

-Дундаж наслалтаараа Япон дэлхийд дээгүүрт ордог ч эрүүл хүмүүсийн дундаж наслалт гэвэл арай өөр статистик үзүүлэлт гарна. Өөрөөр хэлбэл эрүүл, өндөр настай хүн гэсэн үг. Өндөр настангуудын дийлэнх нь асрамжинд орж, зөвхөн эмчилгээгээр амь зогоодог. Угтаа бол биологийн эрүүл наслалтаар дундаж наслалтыг тогтоодог байвал зүгээр.

-Цагаан сар, наадам зэрэг үндэсний баяр, бууз, хуушуур, борцтой шөл зэрэг үндэсний хоол хүнс танд ямархуу санагдсан бэ?

-Монгол уламжлалт баяр наадам ёс заншлыг дээд зэргээр хүндэлдэг.Би үндсэндээ монгол хоолоор дагнадаг байсан шүү.

Тэр хэзээний танил дотно болсон Монголынхоо хүйтэн өвлөөр ирээд долоо хоноод буцлаа. Японоос зузаан нэхий куртка, малгай ороолтоо аваад гарчээ. Тэрээр Монголд ирэнгүүт 1-р эмнэлгийн нүдний кабинет болон тасгаар, Эрдэнэтийн эмнэлгээрээороод гарчээ.

Японы эмнэлгүүдэд сахарын өвчний улмаас хөл гараа тайруулсан өвчтөнүүд нэлээд бий. Тийм хүмүүст өдөр тутмын амьдралаа хэрхэн авч явах, ялангуяа хоолны дэглэмээ хэрхэн баримтлах талаар уйгагүй зааж сургах шаардлагатай байдаг. Хүмүүс ойлгоод гүйцэтгээд, хэвшээд ирэхээр л сувилагч бид их урамшиж баярладаг даа.Цаашлаад, хүмүүст хараагаа хамгаалж сайжруулахын тулд алс холын юм үргэлж харж байхыг хүртэл зөвлөх явдал байдаг шүү хэмээн тэр ярьж байсан юм.

Миюүкиг Эрдэнэтэд хоёр жил ажиллах хугацаанд Япон дахь гэр оронд нь гачигдал гарч, улмаар аав нь 70 гаруйхан насандаа бурханы оронд одож түүний хувьд хүнд цохилт болжээ. Гэр орныхон нь монгол руу буцаад яахав дээ, бидний ийм байдал чамайг улам ядраана гэж байж. Харин би Монголд нэгэнт эхэлсэн ажлаа заавал дуусгана гээд буцаад ирсэн гэж нулимс цэлэлзүүлэн ярьж суугаа япон бүсгүйн ярианаас зорилгоо эрхэмлэхяпон хүний эрхэм чанар нь харагдаж байлаа.

Япон эмнэлэг-сувилгааны албаны элч төлөөлөгч Миюүки нь хөгжилтэй орны сувилахуйн арга, эмчилгээний технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаад нутаг буцахдаа “Монгол сувилагчдын мэргэжлийг Японд хэрхэн дээшлүүлж болох бол” гэсэн чин санаа өвөрлөөд харьжээ. Филиппин, Вьетнам, Индонез, Малайз зэрэг орны сувилагчдыг Японд дагалдан ажиллуулж, мэргэжлийн үнэмлэх олгох сургалтанд хүртэл хамруулдаг юм байна. Зарим нь тэндээ Японы эмнэлэгт хэсэг хугацаагаар ажилладаг гэнэ. Дээрх ажиллагаа нь хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжих ёстой юм билээ. Миюүки үүний төлөө ухаанаа уралдуулж, Монголд зориуд нэг ирж асуумж судалгаа цуглуулж материал бүрдүүлснийгээ өөрийн мэргэжил дээшлүүлэх сургалтын илтгэлд хөндөж, хэлэлцүүлсэн байгаа юм.

Миюүки Жайкагийн томилолтоо дуусгавар болгоод буцахынхаа өмнө эмнэлэгт зайлшгүй хэвших ёстой зүйлийн жагсаалт, цаашлаад орчин үед эмнэлэгт гаргаж болохгүй сувилагч нарын үйлдэл, зан харилцааны санамжийг ЭМЯ-ны Сувилахуйн албанд бичиж үлдээгээд түүнийгээ эмнэлгүүдэд түгээхийг өөриймсөгөөр хүсэмжлэн орхисон ажээ. Эгэл жирийн сувилагч энэ эмэгтэй манайд хоёрхон жил ажиллахдаа анагаахын салбарын гогцоо асуудлуудыг ийнхүү хөндөөд, ид хүйтнээр Хялгантад өвөлжиж буй монгол эмээ, өвөө хоёрыгоо эргэж амжсанаар халуун итгэл сэтгэл тээн нутаг буцсан билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

​өнөөдөр АПЛ-ийн 23-р тойрог эхэлнэ

Өнөөдөр найман хос тоглолтоор Английн Прьемер Лигийн 23-р тойрог эхэлнэ. Мэдээж эдгээр тоглолтууд дотроос Челси-Ман. Сити гэх тулаан бусдаасаа онцгой байж анхаарал татах нь зүйн ёс билээ. Учир нь энэ хоёр баг одоогийн байдлаар хүснэгтийг тэргүүлж яваа бөгөөд тэд гурван онооны төлөө бус зургаан онооны төлөө тоглож буй гээд хэлэхэд хилсдэхгүй буй заа. Дээр нь олон жилийн туршид Челсигийн бэлгэ тэмдэг болон гялалзаж байсан Ф.Лэмпард анх удаа төрөлх талбайдаа өөр багийн өмсгөлтэй гарч Ман.Ситигийн ялалтын төлөө зүтгэх гэж байна. Өнөөдрийн тоглолтын оноолтыг танилцуулья:

20:45 Халл – Ньюкасл

23:00 Сток Сити – КПР

23:00 Ливерпүүл – Вест Хэм

23:00 Кристал Пэлас – Эвертон

23:00 Ман.Ю- Лестэр

23:00 Сандерлэнд – Бөрнли

18:00 Вэст Бромвич – Тоттенхэм

20:30 Челси – Манчестер Сити

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Америкийн ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Жастин Каплад холбогдох хэргийг шүүж, шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд 2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О. Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гаднын удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гаднын шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.

Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг шаардлага хүргүүлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүлжээ. Тэрбээр Ч.Сайханбилэг сайдад илгээсэн мэдэгдэлдээ “Шинээр байгуулагдсан Засгийн газар Төрийн албан хаагчдыг олноор цомхотгож, халж эхэллээ. Төрийн албан хаагчид намуудын наймаанд өртөх учиргүй” гэж онцолж, цаашид халаа сэлгээ хийхгүй байхыг шаардсан байна.

Харин УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн шаардлагадаа Ерөнхий сайдыг халаа сэлгээ хийлгэхгүй байхыг анхааралдаа авахыг хүсчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүд хасах 30 хэмийн хүйтэнд хонож өнжин дугаарлав

Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд 209 дүгээр цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа билээ. Энэ цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүд өчигдөр оройн 20:00 цагаас эхлэн гадаа -30 хэмийн хүйтэнд хонон байж дугаарлаж байна. Урьд шөнө гэхэд л цэцэрлэгийн гадаа 160 гаруй эцэг, эх дугаарлан хоносон. Машинтай хүмүүс цэцэрлэгийн гадаа дугаараа алдахгүйн тулд ээлжилж байсан бол машингүй нь бусдын машинд 10 мянган төгрөг төлж дулаан хоносон тухай эцэг эхчүүд хэлж байна.

Шинээр ашиглалтад орж байгаа 209 дүгээр цэцэрлэг нь 240 хүүхдийн багтаамжтай. Бага бүлэгт хоёр настай 72 хүүхэд, дунд бүлэгт гурван настай 72 хүүхэд, ахлах бүлэгт дөрвөн настай 48 хүүхэд, бэлтгэл бүлэгт таван настай 48 хүүхэд бүртгэж авах ёстой юм. Харин Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд статистик тоогоор цэцэрлэгийн насны 931 хүүхэд байдаг аж. Тэднээс 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байгаа юм байна. Энэ тухай бидний бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншина уу.

Categories
мэдээ спорт

Ази тивийн шилдэг баг удахгүй тодорно

Австрали тивд нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн наадаж байгаа хөлбөмбөгийн тивийн цомын тэмцээн дуусах дөхөж байна. Нийтдээ 16 баг оролцон тоглосоор өнөөг хүрэхэд шилдэг дөрөв нь үлдсэн бөгөөд тун сая Ирак ба АНЭУ-ын багууд хүрэл медалийн төлөө тоглож ялагчаа тодруулав. Энэ тоглолтод Эмиратын арабчууд өрсөлдөгчөө 3:2-ын харьцаагаар буулган авч 16 дахь удаагийн Азийн цомын хүрэл медалийн эзэд болцгоолоо. Маргааш Өмнөд Солонгосын шигшээ баг нутгийн эзэн Австралийн шигшээтэй аваргын төлөө тоглох болно.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Налайхын Засаг даргыг АТГ-т шалгуулна гэжээ

Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг хууль бусаар газар олгосон, жилийн дотор 40 шахам удаа гадаадад аялсан, гэнэт хөрөнгөжсөн зэрэг шалтгаанаар АТГ-т шалгуулахаар болсон дуулдав.

Налайхын ИТХ оны өмнө хуралдахдаа 56 хувийн саналаар Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах шийдвэр гаргаж байсан юм. Уг шийдвэрээ хотын даргад өргөн мэдүүлсэн боловч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс тус дүүргийн ИТХ болон нийслэлийн МАН-аас яаралтай шийдэж өгөхийг хүсчээ.

Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа 2016 оны олимпийн эрхээ авчээ

Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 25-нд Хонконгт болсон байна. “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа энэ тэмцээнд 42 км 195 метрийн зайг 2.38.48 цагт туулж, IV байрт оржээ. Ингэснээр Рио де Жанейрогийн олимпод оролцох болзлыг хангажээ.

Дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зай буюу марафоны төрөлд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.

Харин олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2 цаг 40 минутаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй гэсэн заалт ёсоор ОУХМ Б.Мөнхзаяа 2016 оны олимпод хурд сорих эрхтэй болжээ.