Өнгөрсөн гуравдугаар сард Куала-Лумпур-Бээжингийн чиглэлд нисч яваад сураггүй болсон Малайзын”Боинг777″онгоцыг дахин хайх ажлыг дахин эхлүүллээ. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эхлүүлжээ.Хайгуулын ажилддуу авиа хэмжигч төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай хөлөг онгоц оролцож байгаа юм.Өчигдөр GO Phoenix хайгуулын хөлөг онгоц 1800 километр газар хайгуул хийжээ. Эрлийн ажлыг удирдаж байгааАвстралийн тээврийн аюулгүй байдлын агентлагийн тэргүүн хэлэхдээ “Энэ эрлийн ажлыг Малайз болон Австрали улс санхүүжүүлж байгаа учир алга болсон онгоцны байршлыг зайлшгүй олж тогтоох болно” гэжээ. 239 зорчигчтой явсан Боинг777 онгоц нь өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга болсон юм.Австралийн албаныхан онгоц сүйрэх үедээ автомат жолоодлогтойбайсан гэсэн таамаглалдэвшүүлсэн бөгөөд Австралийн баруун хойд хэсэг болох Перт хотын ойролцоо Энэтхэгийн далайд осолдсон байж магадгүй гэнэ.Өмнөх хайгуулын ажил 4 сарын өмнө зогссон бөгөөд 110,000 ам дөрвөлжин талбайд далайн гүний судалгаа шинжилгээний ажил хийсэн юм.
Month: October 2014
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран Нарантээл ХХК – ний санхүүжилтээр “Номоор нээе” төслийг ирэх 12-р сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Хорих ангид хүмүүжигч ном уншиж эдлэх ялын хоногоо бууруулах хүмүүнлэг иргэний төсөл юм байна. Нэг ном уншиж эдлэх ялын хоногоосоо 5 хоногийг хасах буюу нэг сард 2 ном уншиж нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлэх ажээ. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд шагналын хоног олгох юм байна.
Төсөл 2 үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдана. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм.
ШШГЕГ – ын харъяа төвлөрсөн 25 хорих анги үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ оны 3-р сарын байдлаар нийт 6400 орчим хүмүүжигч, нийт хүмүүжигчдийн 89.9%нь бичиг үсэг тайлагдсан буюу төсөлд 5.800 орчим хүмүүжигч хамрагдах боломжтой аж.
Номоор нээе төсөл нь хууль эрх зүйн зохицуулалт хийгдсэнээр хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах, шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ – т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн I үе шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсанаар төсөл бүрэн хэрэгжих юм байна.
Тайландынхаан 86 настай Пхумилон Адульядет мэс засал хийлгэн цөсөө авахуулсан байна. Өнгөрсөн баасан гаригт тэрээр эмнэлэгт хэвтэж өчигдөр ордондоо буцаж иржээ. Засгийн эрхийг хүчээр авч Засгийн газрыг тэргүүлэх болсон Прают Оча-Чан хааны эмнэлэгт байхад нь эргэсэн байна. Тайландын хаан Пхумилон Адульядет нь 1946 онд хаан ширээнд заларсан юм.
Ю.Дэлгэр
Шведэд энэ долоо хоног Нобелийн шагналын эзэд тодорч эхэлснээр Нобелийн долоо хоног эхлэх юм. Өнөөдөр анагаах ухааны салбараас уг шагналыг авах хүн тодорно. Энэ удаад уг шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад Ромын пдап Франциска , НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Үндэсний аюулгүй албаны ажилтан асан Э.Сноуден, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар оржээ.
Ю.Дэлгэр
Н.Энхбаярыг Солонгосын иргэн болсон гэх мэдээлэлтэй холбогдуулан МАХН-ын дарга удирдлагууд сая хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан гэх мэдээлэл худлаа. Энэхүү ташаа мэдээллийн талаар тодорхой хариу өгөхийг хүсч, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандсан” гэлээ.
М.МӨНХ
МАН-ын Шинэчлэлийн хороо, “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн хамтран Чингисийн талбайд өнөөдөр тайван жагсаал хийв. Тэд өнгөрсөн долоо хоногоос “Засгийн газар болон Засгийн газрын тэргүүн ажил үүргээ хийж чадаж байна уу” гэсэн асуултаар бүх нийтийн санал асуулгыг авч эхэлсэн юм. Судалгаанд нийслэлийн есөн дүүрэг, 11 аймгийн нийт 5130 хүн хамрагдсан гэнэ. Өнөөдрийн тайван жагсаалаар дээрх судалгааныхаа дүнг танилцуулснаас гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан аравдугаар сарын 13-ны 10:00 цагаас өмнө өөрийн хүсэлтээр, Монгол эр хүний ёс жудгийг харуулж албан тушаалаасаа огцрохыг шаарджээ. Хэрэв заасан хугацаанд суудлаасаа буухгүй бол дараа дараагийн тэмцлийн үйл ажиллагаанд орно гэсэн байна.
Улсын филармони 43 дахь жилийн улирлын нээлтээ энэ сарын 30, 31-нд Соёлын төв өргөөнд хийх нь. Морин хуурын чуулгынхан дэлгэцийн сор болсон бүтээлүүд болох “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Гладиатор” зэрэг киноны хөгжмийн зохиолыг үндэсний хөгжмөөр эгшиглүүдэг “Playing Love” цуврал тоглолт толилуулдаг бол симфони найрал хөгжмийнхөн мөн “Cinema night” зохион байгуулдаг юм.Тэгвэл энэ удаа Морин хуурын чуулга, Симфони найрал, “Баянмонгол чуулга” хамтран 30-нд киноны хөгжмийн үдэш зохион байгуулахаар болжээ. Харин 31-нд Улсын филармонийн бүх уран бүтээлчийн нэгдсэн тоглолт болох гэнэ. Тус филармонийнхон “Хөгжим бүх нийтийн боловсролд” зорилгот хөтөлбөр энэ жилээс хэрэгжүүлэхээр болсноо тохиолдуулан дээрх хоёр тоглолтыг нэг тасалбарын үнээр буюу 20 мянган төгрөгөөр үзэх боломж олгожээ.
“Хүүхэлдэйн театр” багачуудаа хүлээж авахад бэлэн болжээ. Тус хамт олон 66 дахь жилийн үзвэрээ энэ сарын 11-нд нээнэ. Мөн хүүхэд багачууддаа зориулж “Хүүхэлдэйн театртай танилцаарай багц жүжгүүдийн аян”-г зохион байгуулах болсноо дуулгасан юм. Багц бүхэн өөр,өөрийн сонголт, онцлогтой аж. Энэ нь 1-7 насныханд зориулсан “Хүүхэлдэйн жүжгийн сар” болон наймаас дээш насныханд зориулсан “Хүүхдийн жүжгийн багц юм”. “Хүүхэлдэйн жүжгийн багц”-д багачуудын сайн мэдэх “Долоон дэлбээт цэцэг”, “Болдоггүй бор өвгөн”, зэрэг жүжиг багтсан бол “Хүүхдийн жүжгийн багц”-д “Лусын хааны охид”, “Одноос төрсөн ханхүү” зэрэг жүжиг багтжээ. Тус хамт олон энэ оныг дуустал багц жүжгүүдээ 50 хувь хямдруулж, гэнэтийн бэлэг барих гэнэ. Мөн цэцэрлэгийн насны багачуудаа марталгүй мини театрыг байгуулж, цэцэрлэгт нь очиж тоглолт зохион байгуулахаар болжээ.
АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ.Энэхүү тэмцээнд оролцож байгаа манай бөхчүүд одоогийн байдлаар дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 килограммын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, Т.Түвшинтүлга 70 кг-д барилдсан гавъят тамирчин Г.Мандахнаран нар түрүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн эзэн болов. Харин эмэгтэйчүүдийн 61 кг-ын жинд С.Цэрэнчимэд алтан медаль хүртсэн бол 48кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медалийн эзэд болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн байна. Тэмцээн өнөөдөр дуусна.
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо маргаашнаас эхлэн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо. Буудлагын оюутны шигшээ багийн бүрэлдэхээнд Э.Даваахүү, Н.Цэрэнтогтох, О.Төгөлдөр, Т.Баярцэцэг, О.Янжинлхам, Ө.Өлзийням, Б.Сувд-эрдэнэ, М.Түвшинжаргал, Г.Нандинзаяа, Х.Бямбабаатар нарын арван тамирчин багтаж байна.Тэд өнөөдөр АНЭУ-ыг зорьж байгаа юм. Баг тамирчдыг МОХ-ны Ерөнхийлөгч, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан ахлан, дасгалжуулагчаар гавъяат дасгалжуулагч Х.Ундралбат нар ажиллах юм байна. Монголын оюутан буудагч нар 2003, 2008,2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцон алт дөрөв, мөнгө хоёр, хүрэл дөрөв буюу нийт 10 медаль хүртжээ.Энэ удаа олон тамирчин оролцож байгаа учир медалийн тоогоо нэмэхээр зорьж байгаа гэдгийг дасгалжуулагч Ч.Ундралбат онцлов.