Categories
мэдээ нийгэм

АЭХ-ныхон БНХАУ-д айлчлав

БНХАУ-ын комунист намын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл болох тус холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн Барилга Хот Байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, СБД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүн Л.Нармандах, АЭХ-ны Хяналтын хорооны дарга, ЧД-ийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Э.Бадамгарав, АЭХ-ны нарийн бичгийн дарга Н.Рэгдэнгарав нар ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үед хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн, хамтран туршлага солилцож, бие биенээ дэмжин ажиллах тухай хэлэлцсэн юм.

Төлөөлөгчдийг бүх Хятадын комунист намын эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Зихао Донгхуа хүлээн авч уулзан “Та бүхнийг намрын сайхан цагт манай оронд саатаж буйд таатай байна. Танай манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Саяхан манай улсын тэргүүн Ся Зяньпин танай оронд айлчилан хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хятад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын харилцаа батжих нь хоёр орны хамтын ажиллаагаа, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Бид ч үүний төлөө идэвхитэй ажиллахад бэлэн байна.” хэмээн онцолсон байна.

Тус уулзалтын хүрээнд хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллага харилцан туршлага солилцох, эмэгтэйчүүдийг мэргэшүүлэх, технологийн дэвшил ашиглах, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, шинэ бизнес нээх, улс төр нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг сургалтуудыг харилцан зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ганга нуурын чуулган”-ны тойм

“Ганга нуурын чуулган-2014” түүх соёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ес дүгээр сарын 21-23-нд зохион байгуулсан. Уг чуулганд төслийн багийнханаас гадна эрдэмтэн докторууд, зохиолч яруу найрагч, урлаг уран сайхан, хэвлэл мэдээллийн төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд гэх зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон ба Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга ёс заншлыг сэргээх зорилгоо биелүүлж чадсан томоохон арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж байна.

Сүхбаатар аймгийн Дарьгангын 6 сум болох Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэр сумууд тус бүр өөрсдийн соёлын өвийг нэгтгэн бүртгэж авч Дарьганга нүүдэлчин ахуйг харуулсан үзэсгэлэн гаргажээ. Мөн Дарьганга ардын авъяастнуудын тоглолт, Хүн чулуун хөрөг, Алтан ургийн олдворуудын талаарх эрдэмтдийн ярилцлага, Дарьганга урлал давтагдашгүй хийц мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адууны соёлоо үзүүлсэн нь ард иргэдийнхээ уугуул соёл руугаа хандах хандлага хийгээд урам зоригийг сэргээсэн үйл явдал болов.

Өргөний голын хөвөөнөө “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх уламжлалт хэлхээ тоонот гэр бүхий айл нүүх ёсыг бүрэн хэмжээгээр үзүүлсэн ба шинэ нутаг сонгон гэр барих, нүүдэл тосох ёс, Дарьганга шавар зуух барих, шинэ нутагт идээ тахил өргөх, цай чанах, шимийн архи нэрэх ёс зэргийг толилуулсан юм.

Нүүдлийн шувуудын диваажин болсон газрын нүдэн Гангануурыг хамгаалах зорилгоор нуурын эхэнд 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг тавьж үрэл, бургас, улиас зэрэг 500 мод тарьсан ба хойшид Дарьгангад аялан зорчиж буй хүн бүрийг мод тарьж эх болсон байгалиа хамгаалахад уриаллаа.

Мөн Дарьганга эхнэрийн 60 иж бүрэн хувцас, янзаган хүрээ бүжгийн 60 хувцас, “Дарьганга өв” каталоги хийгдэж, мартагдаж байсан Дарьганга морин хуурын татлагыг 33 хүүхэд залууст зааж сурган, Дарьгангыг магтан дуулсан дуу шүлэг зохиогдон, уран дархчууд нь олон сайхан мөнгөн урлалыг шинээр бүтээх зэрэг олон үйл явдал өрнөв. “Гангануурын чуулган – 2014”-ийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью ЖуулчинТурс” компани, Соёл яруу найргийн академи хамтран зохион байгуулсан аж.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Л.Чинбат:Урт нэртэй хууль явж явж тодорхой хэсэг хүнд зориулж хийсэн хууль

“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын тариаланчийн зовлон, жаргалын тухай яриаг “Өдрийн сонин”-д нийтэлсэн. Энэ удаа түүний богино хугацаанд барууны стандарт хангасан мах экспортлох гарц, бизнес эрхлэгчид учирдаг дарамт, алт, үнэт зүйлийн тухай илэн далангүй ярианы үргэлжлэлийг хүргэж байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд “Монголоос мах авмаар байна” гэсэн. Мах экспортлох ирээдүй хэр байна?

-Манайх мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ямар л боломж байна түүнийг хийж байгаа. Дэлхий тэгж явж байна. Бид түүнийг копидож байгаа. Манайх Канад, АНУ, Францаас манайтай төстэй юмыг нь авч өөрийнхөө хөрсөн дээр буулгаж яваа. Мал аж ахуйн хувьд энэ хүмүүсийн ярьж байгаа шиг маргааш Орос руу мах гаргах хүнд. Аливаа юманд стандарт гэж байх учиртай. Манай малын мах ямар стандарттай юм бэ гэдгийг тогтоох ёстой. Путин мах гарга гэж байгаа ч гаргатал зай бий. Тэгэхийн тулд манайхан ажиллах ёстой. Мал нь эрүүл байх ёстой.

-Толгой дараалан вакцинжуулвал өртөг өндөр тусах уу?

-Малаа эрүүлжүүлэхийн тулд бэлчээрээ эрүүлжүүлэх ёстой. Задгай явж байгаа малыг бүгдийг эрүүлжүүлж чадахгүй. Голомт нь салахгүй байгаа. Үүнийгээ эрүүлжүүлээгүй цагт мах гаргах хэцүү. Малаа цөөлөхийн тулд төхөөрөөд байх ёстой юм шиг ярьдаг. Манай мах Оросын хувьд консервнд л тохиромжтой байдаг. Консерв хийгээд цэргийн хүнсэнд явдаг.

-Бэлчээрийн мал аж ахуйгаас илүү эрчимжсэн мал аж ахуй экспортонд тохиромжтой гэсэн үг үү?

-Европ хүмүүсийн хүнсний стандарт шаардлагыг хангах хэрэгтэй. Хамгийн гол нь манай мал өвчингүй гэдгээ нотолсны дараа л манай мах үнэд хүрнэ. Монголын бэлчээр эрүүл, мал нь эрүүл байвал манай мах үнэд хүрнэ. Одоо бол партизан маягийн аргаар л жаахан мах гаргаж байна. Дэлхийн зах зээлд гаръя гэвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Малаа бордох хэрэгтэй. Бордохын тулд тэжээл хэрэгтэй. Тэжээл бэлтгэхэд талбай хэрэгтэй. Боломж бий. Мах экспортлохын тулд хамгийн боломжтой гарц гэвэл Европоос залуу мал оруулж ирээд тэжээгээд, тодорхой хугацааны дараа буцаагаад зарах боломж бий. Малыг ийм хэлбэрээр Орос, Хятад руу гаргах боломжтой. Ийм малын мах стандарт хангана. Монголд эрчимжсэн мал аж ахуйн эрүүл бүс гэж бий болгоод Европоос мал оруулж ирэх хэрэгтэй. Орос, Хятад руу Европоос мал оруулахгүй байгаа. Монгол руу оруулж байна. Энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн зуны хугацаанд мал оруулж ирээд, тэжээгээд, буцаагаад намар нядлаад махыг нь гаргачихна. Зургаа, долоон сарын ажил хийчихээд сууж байвал боломжтой. Энэ бол богино хугацааны гарц. Хүмүүс мал олширлоо гэдэг. Үнэн хэрэгтээ манайхаас үхрийн мах л авна. Үхэр нь цөөхөн. Хэрэв Орос руу гаргавал нэг жил гаргаад л дуусчихна.

-Уг нь бэлчээрийн малын мах илүү чанартай, амттай гэж монголчууд боддог?

-Монгол мал зун нь жаахан таргалж ирээд, буцаагаад өвөлдөө тарга хүчээ алддаг. Нас нь өндөр болоод мах нь хатуурдаг. Гадаадад бол 24 сарын доторх махыг л иддэг. Түүнээс дээшхи махыг нохойн хоолонд явуулдаг. Бид болохоор томруулж байж иддэг.

-Танайхан ямар чиглэлийн мал оруулж ирж байна?

-Манайх мах, сүүний чиглэлийн үхэр аль алиныг нь оруулж ирж байна.

-Монгол мал ихтэй мөртлөө махаа өндөр үнээр авч байна. Цэвэр сүү ууж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манайд сайхан сүүний үйлдвэрүүд байна. Ганцхан Монголоос сүү авъя гэхээр ямар ч сүү нь шаардлага хангахгүй байна шүү дээ. Анхдагч сүүгээ үйлдвэрлэдэг сүүний фермер нь бий болох ёстой. Сааж байгаа сүү нь хүний гар дамжихгүй байх учиртай. Манай сааж байгаа сүү нь, хэвтэж байгаа хэвтэр нь бүгд бохир байна. Тийм фермүүдийг байгуулж болно. Гэхдээ Улаанбаатарын эргэн тойронд биш. Фермүүд тэжээлдээ ойрхон байх ёстой. Сүүний үхэр тэжээлээр л явдаг. Одоо систем нь буруу учраас мах, сүү үнэтэй байна. Монголын дотоодын хэрэгцээг хангах асуудал биш. Ганцхан бодлого буруу учраас цөөхөн ченжийн гараар үнэтэй болоод байна.

-Мах сүүгээ Улаанбаатар руу тээвэрлэхэд зардал их биш гэж үү?

-Тэр бол асуудал биш. Таван төгрөгийн зардал нэмэгдсэн ч цэвэр сүү орж ирнэ. Фермерийн аж ахуй байгуулах туршлага манайханд дутаж байна л даа.

-Төрийн гарыг ийм юман дээр харах ёстой юм уу. Төртэй төргүй хувийн хэвшлийнхэн хийх юм биш үү?

– Сүүн дээр төрийн дэмжлэг байх ёстой. Тэр тусмаа манайх шиг улсад төрийн дэмжлэг хэрэгтэй. Сүүний чиглэлийн фермийн ажлыг төрөөс дэмжиж байж босгож ирдэг. Сүү үйлдвэрлэж байгаа хэсгийг стандартын дагуу хийх учиртай. Стандартын бус хэдэн зуун жижиг фермер байснаас стандартын шаардлага хангасан хэдхэн фермер байх ёстой. Төр анхдагчаар үүсгэх ёстой. Сүү хөгжихийн тулд махны чиглэлийн тугалыг аваад тэжээдэг, сүүний охин тугалыг аваад тэжээгээд, үнээ болгодог дамжлага тус бүр системтэйгээр хөгжиж явдаг. Түүнээс биш нэг хүн бүгдийг хийх аргагүй. Сүү сааж байгаа хүн сүүгээ л саах ёстой. Үнээгээ солъё гэхэд үнээ зардаг компаниас дараагийн үнээгээ авна. 50 үхэр сааж байсан бол тэднийгээ нядалгаанд өгөөд, ахин 50 үхэр оруулж ирээд саагаад явах учиртай. Тэр 50 үхрээс 20-30 литр сүү гардаг л байх ёстой. Дагнасан аж ахуйн нэгжүүд мэндлэх ёстой юм. Түүнээс биш манайхан бүгдийг нь хийх гээд байвал сайжрахгүй. Бид ойр хавийн ийм бизнес хийж байгаа хүмүүст сурсан мэдсэн бүхнээ чадахаараа хэлж байна.

-Ноу хаугаа нуудаггүй гэсэн үг үү?

-Юуг нь нуудаг юм. Бид ч гэсэн гаднаас копидож оруулж ирсэн юмаа дараагийн хүнд өвлүүлэх нь гол. Төрийн бодлого зөв биш бол бид нар дор нь мянган юм хийх гэж зүтгээд нэмэр байхгүй.

-Алтны том компаниуд зөндөө л байдаг. Та яагаад мах, сүү хүнс бэлтгэх ажил руу яваад орчихсон юм бэ?

-Нэгдүгээрт би малчин, тариачин гаралтай хүн. Бага байхад манай аав, өвөг эцэг бүгд л тариа тарьж, мал маллаж байсан. Хоёрдугаарт бизнест хөл тавиад гадаад ертөнц ямар байгааг харсан, манайх ямар байгааг харсан. Тэр үед ерээд онд биднийг хамгийн их эмзэглүүлж байсан юм бидний идэж байгаа хүнс байсан. Тэр үед ёстой Хятадын нохойноос дор юм идэж байсан. Тэр үед манай найз нар ярьж байгаад гурил, будаа, мах сүү, хүнсний ногоо гэсэн таван зүйл дээр хийе гэсэн. Монголчуудыг монгол хүн л тэжээнэ. Байшинд өссөн хүмүүс хөдөө очиж бизнес хийхгүй. Улсын дотоодын хэрэгцээний 10-20 хувийг үйлдвэрлэдэг болно гэж зорилго тавьсан учраас би энэ салбарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2001 оноос хойш зүтгэлээ. Гурилаа хийчихлээ. Махны

2-3 хувийг үйлдвэрлэж байна. Сүүн дээр надаас шалтгаалаагүй. Сүүний ферм хийх газрын зөвшөөрөл өгөхгүй 7-8 жил болж байна.

-Яагаад тэр вэ?

-Төр засгаас л асуу.

-Мөнгөтэй хүмүүс юм болгоныг чаддаг гэж хүмүүс боддог. Танд бас хүчрэхгүй юм байна аа?

-Би улстөржөөд явдаггүй. Хэн нэгнийг дарамталж хийх ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Манайх Сэлэнгийн найман суманд яг адилхан хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Мал маллаад, тариа, хүнсний ногоо тариад эхэлсэн. Тэр сумдаас 2-3 нь дэмжээд бусад нь дэмжихгүй байгаа юм. Дэмжсэнд нь хөрөнгө оруулаад, дэмжихгүйг нь хаяад явсан. Явсаар байгаад Цагааннуур, Түшиг суманд үлдэж байна. Зарим сумынхан “Малаа аваад яв” гээд хөөхөөр нь гарсан. Найман суманд фермийн аж ахуй хөгжсөн бол ямар байхав.

-Бизнес эрхлэгчдэд бухимдах үе байдаг гэдэг. Танд ч гэсэн хоёр гараа алдалж байгаад хашгирмаар үе байдаг уу?

– Байна аа байна. Бизнесийн тэр олон асуудлын тодорхой хувийг манай хүмүүс үүрдэг. Сая гэхэд л манай будаатай машиныг явуулахгүй зогсоочихлоо л гэнэ. Хүмүүс чи яаж даагаад байгаа юм гэдэг.

-Та авилга өгдөггүй юм уу?

-Авилга өгөх гэж би ажил хийгээгүй шүү дээ.

-Бизнесийнхэн улс төрд ороод байх юм. Би өөрөө улс төрд ороод энэ бүхнийг залруулая гэж бодогдох үе байдаг уу?

-Өдий хүртэл бизнесээр явчихаад үлдсэн амьдралаа тэгж буртаглаад яахав дээ. Гэхдээ ч тэвчээр барагдах үе их л байна шүү дээ. Чи сонссон л байх. Миний нэг барилгын асуудал яригдаад байгаа. Миний буруу нэг ширхэг ч байхгүй. Гэтэл гурван жил зогсоож байна. Э.Бат-Үүл буулгах байшингийн жагсаалтанд оруулчихаад нэг хэсэг хүмүүс надаас мөнгө нэхдэг. 2001 онд нийтийн дуудлага худалдаагаар Герман элчингийн урд нэг давхар байшинг худалдаж авсан. Тэр байшинг худалдаж авсан ч газрынхаа гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар долоон жилийн дараа өгсөн. Тэр хооронд нь хажуу талд нь нэг орон сууцны байшин, сургууль хоёр барьчихаж байгаа юм. Газрын гэрчилгээгүй болохоор би тэрэн дээр шүүхдэх эрх үүсэхгүй байгаа юм. Би тэр байшинг худалдаж авахад нэг байшинг хоёр хуваагаад, 44 м.кв нь төрд үлдсэн. Тэр хэсгийг нь би дахиад худалдаад авчихгүй юу. Хажуугийн байшинд нь бойлуур байсан. Тэр бойлуурыг энэ рүү оруулах ёстой гэж хүмүүс хотын захиргаатай муудалцсан. Хотын захиргааны ерөнхий менежер Бат гэж байсан. Бат дуудаж уулзсан юм. “Танайх энэ байшингаа буулгаад, хурдхан шиг бойлуур оруулах хэрэгтэй байна” гэсэн. Байшин бария гэхээр зураг батлуулах есөн жорын ажил ундарсан. 2009 онд бэлэн болго гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр нь би “Та нар зөвшөөрөл авахад тусла” гэсэн. Проткол үйлдээд, гэрээ байгуулахаар нь би нэг давхар байшингаа долоон сая төгрөг өгөөд нураалгасан. Зургаа хийлгэж явах хооронд нэг өдөр нөгөөдөх дээр чинь байшин барьж байна гэсэн. Хүрээд ирсэн чинь байшин бариад зогсч байна. Хамгаалалтын алба аваад, тэднийг хөөж гаргаад шүүхдсэн. Хотын захиргааныхан дахиж уулзаад “Энэ хүмүүс дураараа юм хийлээ. Улсын төсвөөс бид энд бойлуурын төсөв батлуулчихсан юм” гэсэн. “Хэрэв энэ газар юм барих гэж байгаа бол бид хэн хэнээсээ зөвшөөрөл авах ёстой. Нэг ханаар хиллэж байгаа юм чинь та нар надаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Дахиж сууж ярилцаад “Чи байшингаа барь” гэсэн. Би подволдоо бойлуурынх нь өрөө гаргаж өгөхөөр болсон. 2011 оны 9-сарын 11 гэхэд ажилд оруулах ёстой гэсэн. Би байшингаа бүрэн босгоогүй ч бойлуурыг нь ажилд оруулсан. Э. Бат-Үүлийн хамаг ажлыг хөөцөлдөж өгдөг нэг өвгөн байдаг. Тэр л “Чи энэ байрнаасаа гурван өрөөг надад өг. Тэгвэл асуудлыг шийднэ” гэсэн. Би “Үгүй” л гэсэн. Би яахаараа хуруу ч хөдөлгөөгүй хүнд мөнгө өгөх ёстой юм. Тэр өвгөн бүх цахилгаан, ус таслуулсан. Эхлээд шүүхэд өгөхдөө талбай томсгосон гэх мэтээр яриагүй юм байхгүй. Хамгийн сүүлд “Эднийх энд газийн бойлуур барьчихсан дэлбэрэх гээд байна” гэсэн. Бүтэн жил шүүхээр яваад мэргэжлийн хяналтынхан “Газийн бойлуур байхгүй байна” гэсэн. Шүүх хуралдаа ирэхгүй ахиад нэг жил болсон. Ингээд гурван жил авч байна. Нийслэлийн шүүх хурал манай талд гарсан л даа. Би энд гоё төсөл хэрэгжүүлэх гэж байсан. Хотын төвд дөчөөд айлын орон сууц бариад, яг хажуу талын нурах гэж байгаа орон сууцны айлуудыг шилжүүлж оруулаад, хуучныг нь буулгаад 16 давхар бариад буцаж оруулахаар бодсон юм. Тэр айлууд хүүхдийн цэцэрлэг, сургууль, ажлаасаа холдохгүй байж байгаад байшиндаа орчихно. Ийм юм хийе гэж бодож байсан. Тэгээд тэр төслийг зогсоосон. Тэгэхэд банкнаас авсан таван сая долларын зээл одоо болтол надад тээр болоод л явж байна. Тэр барилга дуусаагүй. Тэгсэн мөртлөө би банкны хүү төлөөд байдаг. Энэ хүмүүс бизнест ямар хор учруулж байна вэ. Хэрэв би тэрнээс өөр өмчгүй байсан бол өдийд шоронд орчихсон байгаа. Гараараа юм хийж үзээгүй хүмүүсийн харгай. Ингэж саад болоогүй байсан бол хямралаас өмнө байшин бариад, хэдэн ч хүн орон сууцанд орчих байлаа. Би гол анхаарлаа газар тариалан, мал аж ахуйдаа тавиад бусад юмандаа оролцож чадахгүй байгаа л даа.

-Сая Засгийн газрын нэг шийдвэр гарсан. Гацууртын ордод төр хувь эзэмшинэ гээд?

-Нэр нь манайх ч хамаа байхгүй. Орд нь манайх байж байгаад ерэн хэдэн онд Канадын компанид лицензээ шилжүүлээд өгчихсөн. Орд олох юм бол хүдрийг нь зөөх л гэрээтэй. Тэр үед үндсэн орд толгойд багтдаггүй байлаа шүү дээ. Бид чадахгүй гэж бодоод лицензээ өгчихсөн. Тэгэхэд эд нар ордыг нь хайгаад олчихсон л доо. Бид энд үндсэн орд байгаа гэж баараггүй мэдэж байсан хэрнээ лицензээ өгчихсөн.

-Хүдрийг нь зөөх тийм ашигтай юм уу?

-Тэр орд 10 жил ажиллавал би арван жил ажилтай байна л гэсэн үг.

Газар тариалангаас бусад бүх юман дээр зардал нэмэх нь ашигтай байдаг.

-Та алтны бизнес эрхэлдэг хүн хэр алтан эдлэлтэй вэ?

-Би бөгж ч, цаг ч зүүдэггүй.

-Та алтнаас олсон мөнгөө газарт хийгээд байдаг юм уу?

-Манайх алт байхгүй. Урт нэртэй хуулиар бүгдийг нь хураагаад авчихсан. Урт нэртэй хууль явж явж тодорхой хэдэн хүнд зориулж хийсэн хууль. Хураагдсан лицензийн арван хувь нь манайх. Бусад нь хугацаа нь дууссан, хэнд ч хэрэггүй болсон лицензүүд. Яг үйлдвэрлэл явуулаад ид ажиллаж байхад манай лицензүүд хураагдсан. Цаг нь болсон бол тэр л биз гээд нэг их юм ярилгүй хураалгасан. Хүмүүс намайг алтнаас олсон мөнгөө газар тариалан руу хийлээ гэж боддог. Миний олборлосон алтнаас 10-20 дахин олборлосон компани зөндөө. Тэр мөнгө хаачсан, юу болсон. Би бол тийм биш. Над шиг банкны өндөр зээлтэй хүн магадгүй байхгүй. Алтнаас ажиллаж байх үедээ ашиг олсон уу олсон. Тэр үедээ давуу тал байсан. Тоног төхөөрөмж илүү байсан, техникийн мэдлэгийн давуу тал бий. Гадны хүмүүсийн итгэлийг дааж байсны үр ашиг гарсан. Ирж тусалсан гадны хүмүүс хэрэглэж байсан хямд тоног төхөөрөмж олж өгч байлаа. Хамгийн том эх үүсвэр ганзагаас олсон мөнгө. Би ганзагаас олсон мөнгөө зөв байршуулж чадсан гэж л боддог. Хүмүүст зээлүүлж тухайн үед банкны орлогоос илүү мөнгө хүүгээрээ олдог байсан. Уурхай байгаагүй бол байсан хэдээ газар тариаланд хийгээд зогсох байсан. Банкууд хөдөө аж ахуйн компанид зээл өгдөггүй. Уурхай байсан болохоор л бид зээл авч байсан юм. Одоо бид өөрсдөө өөрсдийнхөө амийг тээх гэж амь тэмцэн явж байна.

-Монголын баяуудыг жагсаасан чинь та дээгүүр орсон харагдсан?

-Худлаа худлаа. Миний мэдэхийн надаас илүү мөнгөтэй ч бичигдээгүй зөндөө улсууд байна. Ихэнх нь улстөрийнхөн эзлэх байх. Яг бизнес эрхэлж байгаа улсууд дандаа л өр зээлтэй байгаа шүү дээ.

Б.Янжмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр Солонгосын иргэн болсон уу?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д суурьшаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр эрүүл мэндийн шалт­гааны улмаас тус улсад эмч­лүүлж байгаа гэх мэдээлэл бий. Харин түүнийг БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, гэр бүлийнхээ хамт тэндэхийн иргэн болсон талаар үндэсний өдөр тутмынх нь хэвлэлүүд мэдээл­жээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Солонгосын иргэн болох хүсэлт тавиад байсныг нь хүлээн авлаа гэж бичиж байна.

“ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙСАН ХҮН УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ ХҮСЧ БАЙГАА НЬ АНХНЫ ТОХИОЛДОЛ”

Солонгосын үндэсний өдөр тутмын хэвлэл болох “Жунганг Илбу” сонины өчигд­рийн буюу даваа гаригийн дугаарт “Төрийн тэргүүн манай улсаас орогнол хүсчээ” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгд­сэн байна. Уг нийтлэлд “Мон­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, бурхны үнэнч шавь Намбарын Энхбаяр, Ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ манай улстай онцгой найрамдалт харилцааг хадгалж ирсэн бөгөөд саяхан БНСУ-д орогнохоор боллоо. Н.Энхбаяр нь 2012 оны Ерөн­хийлөгч байх үедээ улсын өмчийг гэр бүлийн өмчдөө шилжүүлсэн хэргээр хоёр жил зургаан сарын ял авч байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалт­гаанаар өнгөрсөн оны наймдугаар сард өршөөлөөр сул­лагдсан. Үүний дараахнаас Солонгос улсад оршин сууж эмчлүүлж байсан юм. Тэгвэл Н.Энхбаяр нь саяхан гэр бүлийн хамтаар тус улсын иргэншлийг авлаа. Монгол Улсын хэвлэлүүд түүнийг дахин баривчлагдахаас зайлс­хийж, БНСУ-д орогнолоо хэмээн дүгнэж байгаа юм байна” гэжээ.

Мөн Солонгосын “Өглөөний сонин”-д “Энхбаяр Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч саяхан манай улсад орогнох болсон гэж мэдээлж байна. Гадаадын улс төрийн хэрэгтэн(дайсан) Солонгос улсад орогнож байгаа нь анхных юм. Энхбаяр нь 2005-2009 он хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тэр үедээ төрийн өмчийг (үйлдвэр болон зочид буудал) зэргийг гэр бүлийн өмч болгосон хэргээр баривчлагдсаны дараа өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлд багтсан юм. Энхбаяр нь энэ оноос эхлэн БНСУ-д эмчилгээ хийлгэж, гадаадтай харилцаа холбоотой байсан, гэр бүлийн хамт саяхан БНСУ-д оршин тогтнох болсон байна” гэжээ. Энэ тухай мэдээлэл өчигдөр Солонгосын бүхий л өдөр тутмын хэвлэлүүд хийгээд телевизүүдийн өглөөний нэвтрүүлгээр цацагдлаа.

МАХН-ЫНХАН БНСУ-ЫН ЭСЯ-НД ХАНДЛАА

Н.Энхбаярыг БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, гэр бүлийнхээ хамт тус улсын иргэн болсон талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан МАХН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тэд Солонгосын хэвлэлүүдээр гар­сан мэдээллийг эрс ня­цаалаа. Улмаар ташаа мэ­дээлэл гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандаж, тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Энэхүү мэдээлэл ор үндэсгүй тухай, өөрийнх нь баттай эх сурвалжаас авалгүйгээр хэвлэлээр гарсан мэдээллийг засаж залруулах асуудлаар анхаарал хандуулахыг хүс­сэн. Улмаар уг мэдээллийн цаад эх сурвалжийг тодруу­лаад албан хариу өгөхийг шаарджээ. МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Н.Энхбаяр дарга намаа удир­даж байгаа. Бид са­нал бодлоо солилцож, на­мын үйл ажиллагаагаа танилцуулж байгаа” гэв. Тэрбээр өчигдөр өглөө намын даргатайгаа холбогджээ. Солонгосын хэвлэлд гарсан мэдээллийг Н.Энхбаяр үгүйсгэж, ард түмэнд үнэн зөв ойлголт өгөхийг намын удирдлагууддаа захижээ. Ингэхдээ “Ийм зүйл огт байхгүй. Би Монголдоо очих юмсан. Монголчуудтайгаа уулзаж, Монголынхоо сэрүүн агаарт биеэ тэнхрүүлэхийг хүсч байна. Энэ мэдээлэл бол гүтгэлэг. Миний нэр төрд халдсан явдал. Солонгосын сайтуудад бичсэнчлэн улс төрийн орогнол хүссэн, өөр бусад аргаар Солонгос улсад үлдэх гэсэн ямар нэгэн санаа зорилго хүсэл байхгүй” гэж хэлсэн байна. Ер нь Н.Энхбаярын ойр дотнынхон хийгээд МАХН-ынхан уг асуудлыг улс төрийн явуулга гэж харж байгаа юм. Тэдэнд уламжилсан эх сурвалжууд “Н.Энхбаяр даргатай хол­боотой мэдээллүүд Монголын улстөрчдөөс гаралтай. Ес­дүгээр сараас эхлэн гарсан” гэжээ. Тиймээс МАХН-ын­хан гүтгэлэг, гүжирдлэгийг зогсоохын төлөө явахаа дуулгалаа.

Н.ЭНХБАЯР ИРГЭНШЛЭЭ СОЛИХ АСУУДЛААР МОНГОЛЫН ТАЛД ХАНДААГҮЙ

БНСУ давхар иргэншил­тэй байхыг хүлээн зөв­шөөр­­­дөггүй аж. Харин 18 хүртэлх насныханд энэ хууль үйлчлэхгүй юм байна. Харин насанд хүрсэн даруйдаа аль нэг иргэншлээ сонгодог байна. Тэгэхээр Н.Энхбаяр Солонгосын иргэн болохын тулд Монгол Улсын иргэншлээсээ татгалзах учиртай. Иргэншлээ солих асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын талд хандсан эсэхийг Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас лавлахад “Н.Энхбаяраас иргэний харьяаллаа өөрчлөх ямар нэгэн хүсэлт ирээгүй. Зарим улс давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн онцгой тохиолдолд буюу тухайлсан хүний давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх тохиолдол байдаг. Тиймээс БНСУ давхар иргэншил хү­лээн зөвшөөрдөггүй байлаа ч онцгой тохиолдолд за­­рим хүнийг давхар иргэн­шилтэй байж болно гэж шийдэхийг үгүйсгэхгүй юм” гэ­лээ. Гэхдээ Монголын тал ч давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй тул Н.Энхбаяр хоёр улсын давхар иргэншилтэй болох боломж бараг үгүй болохыг албаныхан тайлбарлав.

МАХН-ын дарга Н.Энхбая­рыг улс төрд алба хашиж байх жилүүддээ эрх мэдлээ урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан, хээл хахууль авсан зэрэг хэрэгт бу­руутган шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон би­лээ. Түүнд Ерөнхийлөгч ууч­лал үзүүлснээр эрх чөлөөтэй нэгэн болсон. Тун удалгүй БНСУ-ыг зорьсон юм. Өнгөрсөн зун түүнийг эх орондоо ирэх гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Наадмаар Далай ламтай хамт ирнэ гэх ч мэдээлэл байв. Гэтэл дахиад түүний холбогдсон хэрэг сөхөгдсөн. Ийм тохиолдолд Н.Энхбаяр хэрэв Солонгосоос иргэншил хүссэн байлаа гэхэд хувь хүнийх нь хувьд түүнийг буруутгах аргагүй юм. Хэн ч гэсэн эрх чөлөөтэй байж, нийгэмд ажиллаж амьдрахыг хүснэ. Түүний оронд өөр хэн нэгэн байлаа ч тэнэг хүн л биш бол шоронд орох гээд Монголд ирэхгүй шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Ард түмэн рүү хүрэх мөнгийг нэмж, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна

Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Төсвийг өргөн барилаа. Өнөө жилийн төсвийн онцлог нь юу вэ?

-Төсөв гэдэг улс төр, эдийн засгийн бодлогын төвлөрсөн тоон илэрхийлэл юм. Тэр тусмаа хязгаарлагдмал хөрөнгө санхүүгийн боломжийн хүрээнд амьдралыг залгуулах, хөгжил жолоодох бодлогыг тодорхойлсон баримт бичиг. Тиймээс төсвийг нухацтай анхаарч, ойлгох учиртай. Төсвийг бодлогыг нь уншаад, тоог нь бодоод, хооронд нь нэгтгэж дүгнэсний эцэст хүн ойлгоно. Ингэхгүйгээр захаас нь ишилж яриад хэн ч ойлгохгүй. Тэгэхээр төсөв гэдэг бодлого юм чинь өөрийн гэсэн философи, зарчим, шалгуур үзүүлэлт, хэрэгжих механизм, хариуцлагын шинжийг агуулсан цогц бодлого гэсэн үг л дээ. Энэ бүгдийг харж чадвал төсвийг ойлгодог.

-Тэгвэл ямар филосо­фитой төсөв өргөн барив?

-Энд гурван зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт санхүүгийн эрхийг анхан шатны нэгж рүү шилжүүлж байгаа философитой төсөв. Цаашилбал төсвийн төвлөрлийг сааруулж байгаа хэрэг. Ямар нэгэн шинэ технологийг ашиглахын тулд туршилт, тохируулга хийдэг дээ. Төсвийн хүрээнд эрх шилжүүлэх шинэ технологийг 2013 оноос туршиж, тохируулга хийсэн. Харин одоо зүгшрүүлж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна. Энэ нь орон нутгийн Хөгжлийн санд төвлөрүүлэх мөнгө хэд дахин нэмэгдсэнээр илэрч байгаа. Мөн орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх бололцоог ихээхэн нээж өглөө. Орон нутаг өөрөө хариуцах боломжтой зарлагыг мөн хариуцууллаа. Тиймдээ ч орон нутагт олгох төсвийн хэмжээ өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдэнэ. Дов довон дээрээ эзэн гэдэг шиг тухайн нутагтаа орлогоо ч бүрдүүлдэг, бүрдүүлснээ ч өөрөө зарцуулдаг тэгээд хариуцлагаа хүлээдэг эрхийг нь шилжүүлж байгаа ийм л төсөв. Энэ хүрээндээ барьж байгаа нэг зарчим нь гэвэл хэн хүчин чармайлт гаргана түүнийг нь улс дэмжинэ. Орон нутаг нэг төгрөг олчихвол улсаас 1.5 төгрөг нэмж өгнө. Тэгэхээр орон нутгийн олж байгаа орлогоос зарцуулах эрх нь 2.5 дахин нэмэгдэж байгаа биз.

Хоёрдугаар философи нь ард иргэдийн амьжиргааг түлхүү анхаарах. Өнгөрсөн онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляфийн түвшинтэй уялдуулж нэмсэн. Ингэхдээ бодитой нэмэлт болгохын тулд олон түмэнд зарлалгүй, үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Энэ нь үр дүнгээ өгсөн учраас үргэлжлүүлээд цалин тэтгэврийн хэмжээг мөн л 2.5 дахин нэмж байгаа. Инфляцийн өсөлттэй уялдуулаад өгч байгаа мөнгөө 2.5 дахин өсгөлөө. Энэ нь инфляцийн өсөлтийг хаана. Тэгээд цаана нь бага хэмжээний нэмэгдэл болно гэсэн үг. Нийт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн үг.

Харин энэ төсвийн гурав дахь философи нэг төсөвтэй болох. Ингэснээр дотоод, гадаадад төсвийн талаар нэгдсэн ойлголт, шалгууртай болно гэсэн үг. Бодлого зөв байна, эрсдэл хяналтад орлоо, нэг хэлээр ярьж байна, нэг үзүүлэлтээр дүгнэж байна гэсэн үг. Ийм зорилтыг шийдэхэд зориулж боловсруулагдсан төсөв. Ингээд бид бүх түвшиндээ хэвшсэн ойлголт, арга барил, үйл ажиллагаагаа өөрчлөх шаардлагатай болж байгаа юм.

-Яаж?

-УИХ-аас, хэлэлцэж баталдаг процессоосоо эхлээд өөрчлөгдөх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэхдээ Их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг төсөвтэй хамт өргөн барьсан. Тэр нь УИХ дээр төсвийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж баталдаг даа. Эхлээд бодлогыг нь сонсоод хүлээж авдаг. Тэгэхээр одоо энэ хэлэлцүүлгийг явуулаад төсвийн орлого, нийт зарлага, тэнцэл, хөрөнгө оруулалтыг зөвшөөрч баталдаг болъё гэж байгаа. Энэ хүрээнд төсвөө хэлэлцэж сайжруулдаг байхаар болж байна гэсэн үг. Эс тэгвээс зарлагаа нэмээд, орлогоо хийсвэрээр нэмдэг. Эсвэл төсвийн алдагдлаа нэмдэг хуучин практикаасаа салах хэрэгтэй байгаа. Гол нь төсвийн үр ашгаа нэмэгдүүлэх өөрчлөлт юм л даа. Энэ бол хүн бүрийн ярьдаг АНУ-ыг төсвөө баталдаг зарим.

-Гишүүдийн мөнгө гэж байхгүй болохын зэрэгцээ тойргийнхоо бүтээн байгуулалтад хөрөнгө төсөвлүүлэх эрхгүй болно гэсэн үг үү?

-Саяын ярьсны цаана УИХ-ын гишүүд бид өөрсдөө өөрчлөгдөх шаардлагатай байгаа юм. Объект нэг бүрийг задалж баталдаг. Ингэхээр сумын соёлын төвийн хөгжмийг хүртэл УИХ дээр батлах шаардлага гардаг. Одоо болиод бөөн дүнгээр нь орон нутагт өгөх гээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдлаа гэх мэтээр асуудал цухалзана байх. Гэхдээ тойрог руугаа мөнгө татах амбицийг нь дарах санаа юм. Ер нь УИХ-ын гишүүн ард түмний элч болохоос биш аймгийн Засаг дарга биш. Аймгийнхаа төсвийг барьчихаад яаж ахиухан мөнгө хуваарилуулах вэ, хэрхэн хэдэн төгрөг суулгах вэ гэж л хөөцөлддөг нь үнэн. Тэгээд эцэст нь би ийм ч хөрөнгийг татаж, тэр ч объектыг барьж өгсөн гэж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг. Гишүүний мөнгө гэдэг гажуудсан буруу арга энэ бүхнээс л үүдэлтэй. Тэгэхээр гишүүд өнөөдрөөс цааш орон нутагт хэдий хэр хөрөнгө очив, үнэхээр ард иргэдийн хүсэн хүлээсэн зүйлд зарцуулж чадсан байна уу гэдэгт л хяналт тавих, үр дүнг нь сайжруулах үүрэгтэй болж хувирч байгаа.

-Тэгвэл ирэх оны төсвийн орлого нь ямар хэмжээнд байх юм. Өнөө жилийн орлого тасалдлаа гээд л шуугицгааж байна?

-Ирэх жилийн орлогыг төлөвлөхдөө бид таван зарчим барьсан. Нэгдүгээрт нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон. Тэнцвэржүүлсэн журам гэдгийг жишээлбэл стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн манай улсад зэс, нүүрс л байгаа. Зэс, нүүрсний дэлхийн өнөөдрийн үнээс ихээхэн доогуур буюу өмнөх гурав, ирэх гурван жилийн прогнозыг харгалзан үзэж жигнэсэн дундаж үнээр тооцож байгаа. Зэс, нүүрсний үнийг яг хэдээр авснаа санахгүй байна. Гэхдээ дэлхийд зэс, нүүрсний үнэ жигнэсэн дундаж үнэ хүртэл буухад төсөв савлахгүй гэсэн үг. Өмнө нь ингэж авалгүйгээр өнөөдрийнхөө үнээр тооцоход сарын дараа ханш буурч төсөв савалдаг. Хоёрдугаарт төсвийн орлогыг бүрэн дайчлахыг хичээлээ. Урд онуудад төсвийн орлого төлөвлөгөөгөөр их өндөр тавьж, тодотголоор жаахан бууруулж жинхэнэ гүйцэтгэлийг харахаар түүнээсээ хамаагүй доогуур байдаг. Ийн нэлээд ул суурьтай тооцоод өмнөх жилээс 900 гаруй тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрүүлэхээр тооцож байна. Ингэснээр нийт төсөв долоон их наяд болно. Гуравдугаарт татварын тогтвортой орчинг хадгална гэж үзэж байгаа. Улсын төсөв дээр бид нэг ч татвар нэмэхгүй. Харин орон нутагт эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор татварын уян хатан нөхцөлтэй байх эрхийг нь засаглалд нь өгнө. Жишээлбэл хүн амын орлогын албан татвар интервальтай. Бид хамгийн доод интервалиар нь бодож орлогыг нь өгчихнө. Тэгээд та бүхэн ард иргэдтэйгээ зөвлөж, хэрэгцээ шаардлагадаа уялдуулаад үүнийгээ өсгөе гэвэл болно гэж байгаа. Нийслэлд ч тэр татварын эрхийг нь өгч байгаа. Мөн томоохон төсөл, арга хэмжээнд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд технологи оруулж ирвэл татвараас чөлөөлнө. Томоохон улсын чанартай төсөл хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт хийх үед нь буюу хоёр хүртэл жилээр татварыг нь хойшлуулна. Дөрөвдүгээрт өмч хувьчлалын орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Төрийн өмчийг эзэнтэй болгох санаа. Улсын төсвөөс хөрөнгө оруулчихаад дуусгаж чадаагүй төсөл байна. Өнөөдөр 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт асуудалтай байна. Үүнийг худалдъя, хувьчилъя гэж байгаа. Тавдугаарт уламжилж авсан ачаагаа оновчтой хэлбэрээр хөнгөвчлөх. Жишээ нь Оюу толгой, Таван толгой. Урьдчилгаа төлбөрийг нь өгвөл 900 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болно. Тэгэхээр 900 тэрбум төгрөгийг гаргаж төлөх боломжгүй учраас бид төлөх татвараас нь суутгах гэх мэтээр ярилцаж тохирохоор болж байх жишээтэй.

-Харин зарлагаа яаж тооцож байгаа юм бол?

-Бид төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн. Хэмнэлтийн горимын үед зарлагыг огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчмыг баримтална гэж бай­гаа. Энэ нь төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн байгууллагыг ши­нээр нэмэгдүүлэхгүй байх, захиргааны болон удирд­лагын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, гэнэтийн халагдлын тэтгэмжийг нэмэхгүй байх, салбаруудын бэлэн мөнгөний амлалт нэмэгдүүлэхгүй байх. Бас бууруулах таван зорилт байна. Энд гадаад дотоод томилолт, бараа ажил үйлчилгээ худалдан авах зардал, шатахуун тээвэр, гэрээт албан хаагчдын тоог, татаас алдагдал нөхөх, ажил үүрэг бүтцийн давхардлыг багасгана. Дараа нь тэвчих таван зорилт бас байна. Юуг тэвчих вэ гэвэл ирэх онд эд хогшил худалдан авах, авто машин, албан контор, үр дүн муутай төсвийн зардал буюу ивээн тэтгэлт, ой тэмдэглэхийг тэвчинэ.

Бас байнга хасч танаад байхгүй нэмэгдүүлэх таван зарчим байна. Үүнд цалин тэтгэврийг, хөрөнгө оруулалтын үр дүнг дагаж бий болж байгаа зардал үйлчилгээ, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж буй үйлчилгээ, орон нутгийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг, цэцэрлэг, сургууль, эмийн зардлыг нэмэгдүүлнэ. Амьдралд буюу ард түмэн рүү шууд хүрэх зардлыг нэмж төр, захиргааны аппарат, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна гэж байгаа нь энэ. Ингээд дүнг тоогоор нь авч үзэхэд өмнөх жилээс нэг их наяд төгрөгөөр зардал нэмэгдэнэ. Шууд хэлбэл 2015 оны төсөвт 900 гаруй тэрбум төгрөгөөр орлого нэмж нэг их наяд төгрөгөөр зарлагаа нэмж долоон их наядад орлого, зарлагын тэнцэл ойртож ирсэн.

-Төсвийн алдагдал ДНБ-ий хэдэн хувьтай байх бол. Хоёр хувиас өндөр байвал Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудал яригддаг байх аа?

-Төсвийн гол шалгуур бол төсвийн алдагдал юм. Энэ удаа төсвийн бүтцэд их том өөрчлөлт орсон. Ингээд төсвийн алдагдал долоон хувьтай орж ирнэ. Төсвийн гадна байсныг чөлөөлж уламжлалт бүтцээрээ авч үзвэл хоёр хувьдаа барина. Бодлогын өөрчлөлтөөр ингэж өндөр тоо гарч байгаа юм. Цаашид тогтвортой бууруулах замаар хоёр хувьд хүргэхийн тулд гурваас дөрвөн жил шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад төсвийн гадна баахан мөнгө гарсныг хүмүүс гадарлаж байгаа. Төсвийн орлого нь хүрэхгүй, хөгжилд мөнгө хэрэгтэй учраас Хөгжлийн банк байгуулаад мөнгө олж ирээд зарцуулаад байсан. Гэтэл Хөгжлийн банкны мөнгө төсөвт ороогүй хэрнээ дотоодын төсвөөс ч их хэмжээгээр эргэлдээд байдаг.

-Хуулийн заалтыг нь хэрхэх юм бэ?

-Хоёр хувиас доош байна гэсэн хуулийн заалттай. Тийм заалттай учраас тодорхой хугацаанд өөр дэг мөрдөхөөр хуулийн өөрчлөлт оруулж байгаа.

-Тэгвэл энэ онд хэдэн төгрөгийн өр, зээлийн хүү төлөх юм бэ?

-Ирэх оны хувьд зээлийн төлбөр үйлчилгээ ямар нэгэн хэлбэрээр төсөвт дарамт болохгүй. Нийт дүнгээрээ 500-гаад тэрбум төгрөгийн төлбөр хийнэ. Долоон их наяд төгрөг дотор энэ нь нэг их дарамт биш гэсэн үг. Харин ачаалал хэзээ үүсэх вэ гэвэл 2018 онд бий болно. Үүнд хэрхэн бэлдэх вэ гэдэг л байгаа юм.

-Өрийн босго хуулиараа 40 хувь байх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны төсвөөс гадуурх өр төсөвт орохоор бас л хуулийн заалтыг зөрчих нь ээ?

-Мэдээж өрийн босгыг давж байгаа. Тиймээс Өрийн удирдлагын хуулийг өргөн барьсан. ДНБ-ий 70 хувь болгоё гэсэн санаа байгаа даа. Төсвийг ингэж үзэхэд тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдээ хангасан, хоорондоо уялдаж балансжсан ийм л байгаа. Мэдээж хязгааргүй хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэх боломж байхгүй. Жаахан бүсээ чангалж явна.

-Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал ч төсвийн хүрээнд яригддаг. Ирэх онд энэ хүрээнд асуудлыг яаж ярих бол?

-Төсвийн гадуур байсан эх үүсвэрүүдийг төсөвт оруулснаар хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хуучин зөвхөн төсвөөс хуваарилснаар дүгнэдэг байсан бол бол “Чингэс” бонд, Хөгжлийн банк, улсын төсөв, орон нутаг гээд бүгд хөрөнгө оруулалтад тооцогдох болж байна. Ингээд дүгнэхэд өмнөх дөрвөн жилээс гурав дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Бүтээн байгуулалт ирэх жил нэлээд эрчимжинэ.

-Ам.доллараа хэдээр бодож авч байна вэ. Өнгөрсөн жилийн төсвийн гол маргаан ам.долларын ханштай холбогдож байсан?

-Төсвийн тооцоонд оруулахдаа Эдийн засгийн хөгжлийн яамтай ярилцаад энэ оны дундаж ханшаар тооцон авч байгаа. Оны эцэст 1750 орчим төгрөгт очих байх.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэнэ гэж байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал л даа. Ерөнхий сайд танхимтайгаа зөвлөж байгаад саналаа оруулсан. Энэ саналаар Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яамыг нэгтгэж байгаа юм биш. Сангийн яаманд Эдийн засгийн хөгжлийн яамны тодорхой чиг үүрэг шилжиж ирж байгаа. Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, хот байууглалтын яамд бол нэгдэж байгаа. Ийм зааг бий.

-Тэгэхээр та яамаа тэр­гүүлж үлдэнэ гэсэн санааг хэлээд байна уу?

-Ерөнхий сайд л мэднэ дээ.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Багын багштай багачуудын талаар хөөрөлдөж өнжлөө

Багачуудыг ном эрдэм сургаж, зөв хүн болгож төлөв­шүүлэхэд багшаас багагүй сэтгэл, мэдлэг, ур чадвар, авьяас билэг шаардагдах нь гарцаагүй. Өөрт байгаа бүхнээ хүний бяцхан үрсийг сургахад зориулж чадаж байж “Багын багш” хэмээн өргөмжлөгддөг биз ээ. Ийм өргөмжлөлийг хэдийнэ хүртэж, сурагч, эцэг эхчүүдийн хүндлэлийг дааж яваа Х.Нарантуяа багштай багачуудын эв дүйг олж сургах арга барилынх нь талаар ярилцаж өнжлөө. Түүнийг багш нар “Багын Нараа” гэдгээр нь анддаггүй юм билээ. 93 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Х.Нарантуяаг “Өдрийн сонин”-ы хоймор дахь “Танайд өнжье” буландаа урьсан нь Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөртэй холбоотой.

Нараа багш баасан гаригийн 13.30 цагт нийслэлийн удирдлагуудаас шагнал гардаж авах учраас өглөө эрт гэрт нь зочиллоо. Гэрийн эзэн Ч.Батцогт ханийнхаа баярт зориулж бялуу, чихэр, жимс тэргүүтнээр ширээ засчээ. Нараа багш цай аягалангаа “Үдээс хойш баярын арга хэмжээтэй гээд та нарыгаа арай эрт дуудчихав уу даа” гэж зовонгуй асууна. Гэргийнх нь баярын өдөр учраас Ч.Батцогт гуай гал тогоонд эзэн суусан бололтой, зууш бэлтгээд завгүй. Эзэгтэй бид хоёрын яриа багш нарын баярын тухай дурсамжаас эхлэв. “20 настай үе. Багш болсон жилээ энэ баярыг энгийн л өдөр гэж боддог байлаа. Тэгтэл шат дагаад сурагчид зогсчихсон баяр хүргээд л, тэднийхээ дундуур нь алхахад маш их айж, Төрийн ордны Ёслолын танхимд алхаж байгаа мэт сүрдмээр санагдаж билээ. Тэр өдрөөс хойш 35 жил багш нарын баярын өдөр хүүхдүүдтэйгээ баярлаж, хамт олонтойгоо догдолж байна” гээд социализмын үед сүртэй тэмдэглэдэг байснаа, зах зээл эхэлсний дараахь хэдэн жилд хүмүүс боловсролыг биш наймааг чухалчилдаг болж, багш гэдэг мэргэжил үнэ цэнгүй байх үед энэ баяр хамт олны хүрээнд л өрнөдөг байсан. Сүүлийн хэдэн жилд багшийг хүндэлдэг болсон талаар ярилаа. “Баярын хурал дээр эцэг эхийн зөвлөлийнхөн орж ирээд талархал илэрхийлэхэд л багш нар цэлмээд явчихдаг юм шүү дээ” гэж ярихад л догдолж байгаа нь мэдрэгдэх юм. Баярын хуралдаа өмсөх гоёлын даашинз, үсээ яаж янзлуулах гээд эмэгтэйчүүдийн дотно шивнээгээ ч бид хоёр алгассангүй.

СУРАГЧТАЙГАА ДЭЭС ТОГЛОЖ БАЙГААД НАМЫН ДАРГАД ТООГДОВ

Нараа багшийг мэргэжлээ сонгоход аав нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний аав Б.Хоролтогоо хуульч, эдийн засагч, багш мэргэжилтэй хүн байжээ. Тэднийх 13 хүүхэдтэй өнөр айл учраас хүүхдүүдээ өсгөх үүрэг ээжид, харин гэрийн төсөв санхүүг зохицуулах үүрэг аавд ноогддог байж. Тиймээс ч аав нь багшлахынхаа хажуугаар давхар ажил хийдэг байсныг мэргэжлийг нь өвлөсөн охин дурсана. Ажлынхаа талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг, тэднийгээ гэрийн ажилд сургахдаа өөрөө үлгэр үзүүлдэг гэх мэтчилэнгээр Нараа багш аавыгаа дурсахдаа нүд нь гэрэлтээд л явчих юм билээ. Тэрбээр айлын дунд охин. Эгч, дүү хоёр нь өөртэй нь тэрсхэн учраас гэрийнхээ ажил хийхдээ нэгэнтэйгээ барьцдаг байсан юм уу даа. Нэг өдөр аав нь цаасан дээр гурвуулангийнх нь нэрийг бичиж, униндаа өлгөөд өдөрт хэн, ямар ажил хийснээр нь дүн тавьж, сарын эцэст урамшуулал олгох болсны дараа охид гэрийн ажилд мундаг сайн болсон гэдэг. Нэг өдөр аав нь “Ангийн маань хүүхэд намайг түшиж зогсож байгаад унтчихсан. Аав ээж нь ирж автал хоёр цаг өвөр дээрээ унтууллаа” гэж ярихыг сонсоод бяцхан охин нь “Хүний хүүхэд өвөр дээрээ унтуулаад байхдаа яахав дээ” гэж харамлаж, бас ойлгоогүй өнгөрсөн гэдэг. Хожим 16 настайдаа аавынхаа ярьсныг захидал болгож бичээд багш нарын баяраар уншихад сургуулийн захирал нь “Энэ хүүхэд багш болох сэтгэлтэй нөхөр байна” гэж үнэлжээ. Түүнээс хойш л аав шигээ багш болно гэдэг бодол салахаа больж. Багшийн сургуулийн ганц хуваарийг багш нарынхаа “Энэ багш болох чин хүсэлтэй нөхөр” гэсэн дэмжлэгийн хүчээр авч Багшийн сургуульд орсон Х.Нарантуяа ажлын гараагаа V сургуульд түр ажиллах болзолтойгоор эхэлсэн гэдэг. 20 настай залуу багш гуравдугаар ангийг дааж авсан эхний өдрөө сурагчидтайгаа дээс тоглож байгаад МАХН-ын даргын хараанд өртөж “Хүүхдийн төлөөх сэтгэлтэй” гэж үнэлэгдэж байсныгаа дурсаж ярихдаа “Ямар юмных нь сэтгэл байх билээ. Өөрөө адилхан хүүхэд байсан учраас л цаг нөхцөөж байсан нь тэр биз” гэж үгүйсгэх янзтай. Дааж авсан ангиа амжилттай төгсгөөд сургуульдаа үлдэх эрхтэй болж V сургуульдаа 17 жил ажиллахдаа ажлын үзүүлэлтээр ч, эцэг эхчүүдийн үнэлгээгээр ч сайнд тооцогддог байж. Дараа нь урилгаар Гоц авьяастнуудын буюу 93 дугаар сургуульд багшлахаар очиж байжээ. Тэр үед Гоц авьяастнуудын сургуулийн багш нэр хүндтэйгээс гадна, цалингийн нэмэгдэл авдаг байсан үе.

“Мэргэжилдээ дурласан л бол ажлыг аяндаа сайн хийдэг юм билээ” гэхэд нь зөрүүлээд “Хүний олон хүүхдийн төлөө сэтгэл гаргах ч яггүй байх шүү” гэчихлээ. Тэгэхэд Нараа багш инээж байснаа “Нарийн яривал, эхний арван жилд түүн шиг худлаа юм байхгүй. Эргээд харахад хүүхэд дотор орно гэдэг огт өөр юм билээ. Хүүхэд дотор ороод, тэднийхээ төлөө ажиллах сэтгэлтэй болсны дараа хүүхэд харахаар л өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг. Эхний арван жилд ангидаа орсон хүүхдийг бүртгээд л явуулдаг байсан бол одоо “Энэ хүүхэд надтай холбогдож байгаа юм шүү” гэж чин сэтгэлээсээ хайрлаж, хардаг болчихсон. Тийм хандлагатай байхад аяндаа тэр хүүхдийн төлөө өөрийнхөө зориулж чадах бүхнийг зориулдаг болчихдог” гэв. Зөөврийн компьютерээс Нараа багшийн хичээл зааж байгаа хэд, хэдэн бичлэгийг сонирхож үзлээ. Бичлэг үзэж суухад нэг л дулаан, хүүхэд бүр ээж аав руугаа харж байгаа мэт багшдаа дотно байгаа нь мэдрэгдэх юм. Бусад багш нарт үлгэр болгож үзүүлэхийн тулд Нараа багшийн хичээлийг дүрсжүүлдэг юм байна. “Залуу байхад ийм бичлэг хийсэн бол бэлтгэж бэлтгэж, жүжиглээд өнгөрөөх байсан биз. Харин одоо өдөр бүр хүүхэдтэйгээ яаж ажилладаг түүнийгээ л хийж байгаа нь энэ” гэж тайлбарлаад “Эхний жилүүдэд дурсамж хичээлээ бэлтгэж байгаад автоматаар заачихдаг байсан, харин одоо хүүхдүүдтэйгээ уйлан хайлан бага ангийнхныхаа дурсамжаа ярилцдаг болсон байна лээ” гэж нэмэрлэв. Хүүхдүүдээ хэдхэн хором шуугилдахад бид “Толгой эргэлээ сүйд боллоо” гэцгээдэг дээ. Тэгвэл Нараа багш эсрэгээрээ чимээгүй оргиод байвал толгой нь өвддөг болчихсон нь мэргэжлийн онцлог гэлтэй.

ХҮНИЙГ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХИЙН УЧИР

Нараа багштай ярилцаж суухад “Сайн анги” гэдэг үг давтагдаад байхаар нь “Та бага ангийнхныг юугаар нь сайн гэж дүгнэж байна вэ” гэхэд “Сайн хамт олон л бүрдүүлвэл аяндаа болчихдог юм. Хоёрдугаар ангиасаа эхлээд л хүүхдүүд нэгийгээ ховлох, муулах гээд эхлэнэ. Ингээд задарч эхлэх үед ховыг нь хүлээж авахгүй, болохгүй байгаа хүүхэдтэй тусад нь уулзаж ярилцаад эхлэхээр нэгийнхээ мууг үзэх шаардлагагүй болчихдог. Нэгнийхээ мууг анзаарч, түүнийгээ бусдад ярих шаардлагагүй болчихоор аяндаа хичээлдээ анхаарлаа хандуулаад явчихдаг юм” гээд өөрийнхөө арга барилыг ярилаа. Зарим багш нар сурагчийнхаа сурлагад анхаараад хүмүүжлийг нь орхигдуулснаас болж амьдралд хөл тавиад алдах, эндэх тохиолдол гардаг гэнэ. Онц авахын төлөө бүхнээ зориулсан хүүхэд бусад хүмүүжлээ орхигдуулах тал байдгийг ч бодолцох шаардлагатайг ярилаа. Багаасаа л хамт олон гэдгийг мэдэрсэн, бусаддаа атаархаж, жөтөөрхөж өсөөгүй хүүхдүүд насан туршдаа тийм л байдаг гээд “Номин талст” хамтлагийн Хаазааг жишээ болгов. Хаазаа Нараа багшийн шавь. Тэдний ангийнхан жил бүрийн цагаан сараар багшдаа золгодог гэсэн. Багштайгаа уулзах бүрдээ “Загасны мах яалаа багшаа” гээд инээдэм болдог гэнэ. Тэр нь ийм учиртай. Хаазаа дунд ангид орсныхоо дараа хичээл орж байхад хөвгүүдтэйгээ нууцаар загасны дарсан мах багагүй идэж. Загасны мах нууцаар иднэ гэж юу байх билээ. Үнэр нь ангиар нэг тарахгүй юу. Анги даасан багш нь дөнгөж төгссөн залуу бүсгүй байсныг ч хэлэх үү. Гомдож, уйлаад сүйд болж. “Хангэрэл (Хаазаа) чи яв. Бага ангийнхаа багшийг дуудаад ир” гэж. Хаазаа эмээж, эмээж Нараа багшийгаа дуудсан юм уу даа. Тэгээд Хаазаагийн ангийнхан багынхаа багштай зогсож байгаад залуу багшаар нэг их загнуулсан гэдэг.

Хүүхдийг зөвхөн онц сургахын төлөө биш харин хүн болгож төлөвшүүлэхийн тулд тулж ажиллах, авъяасыг нь хөгжүүлэх арга барил 93 дугаар сургуулиас гаралтайг олон багш ярьдаг. Одоо боловсролын салбарт үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа шинэчлэл л дээ. Тиймээс ч багш бид хоёрын яриа хүүхдийг хөгжүүлэх арга барил руу шилжээд нарийн ширийн рүү нь орчих нь тэр. Хүн болж төлөвших гэж байгаа амьтдыг онц сайнаар нь үнэлээд уралдуулаад байх нь сайн арга биш. Тэнгэр, газар шиг зөрүүтэй хүүхдүүдийг хооронд нь харьцуулж, үнэлэх боломж ч байхгүй. Харин зөв хүн болгож төлөвшүүлэх нь багшийн гол үүрэг гэдгийг ярианаас нь ойлголоо. Багш гэдэг хичээл заах биш, хүнтэй ажиллах хүн гэдгийг л ойлгоод дараа нь ажлаа хийх ёстойг Нараа багш чухалчлав. Нэг ангийн 40 хүүхэд, түүний цаана 80 эцэг, эх нийлээд 120 хүнтэй ажиллаж байж сая хүнээр хүн хийдэг гэдгийг өөрийнхөө арга барилыг жишээ болгож ярихыг сонсоод багшийн ажил яггүй юм даа гэж бодож суув. “Аав ээжүүд “Манай хүүхэд сурлагадаа хэр байна” гэж хамгийн түрүүнд асуудаг. Миний арга барил бол сурлагынх нь талаар биш яаж хамтрах талаар ярилцаж ойлголцдог. Тиймээс ч долоо хоног бүр эцэг, эхчүүдийн цуглаан хийхэд хүүхэдтэйгээ харилцах арга барилаа хүртэл нэгтгээд авчихдаг” гэлээ. Бага ангийнхан аав, ээждээ ярьдаггүй нууцаа багштайгаа хуваалцдаг, бас гэртээ болсон үйл явдлыг багшдаа “ховлодог” гэдгийг бид мэддэг. Нараа багш нь ч хүүхдүүдтэйгээ олон нууцтай. Нэг удаа гэрийнхээ даалгаврыг хийгээгүй сурагч “Аав согтуу ирээд. Бид айгаад” гэж ярихдаа уйлчихаж. Нараа багш тэр сурагчийнхаа ээжтэй ярилцаж байгаад эцэг эхийн хуралд аавыг нь суулгаж дөнгөжээ. Тэр хурал дээр архи хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар багагүй ярьж. Дараа нь аавтай нь тусгайлан уулзахдаа хүүг нь магтаж, өөрийг нь дуурайсан учраас мундаг байгаа юм гэх мэтчилэн ярилцжээ. Түүнээс хойш аав хүүдээ илүү анхаарал хандуулж, архинаас хөндийрсөн гэнэ.

Х.Нарантуяа багш бол найм, долоо, зургаан настнуудыг нэгдүгээр ангид хүлээж авсан боловсролын бодлогын хэд, хэдэн үеийг өнгөрөөсөн гэдгээрээ арвин их туршлагатай. Тиймээс ч найман настай нэгдүгээр ангийнхан, зургаан настай жаалуудын ялгааг асуув. Бие, бялдрын хувьд ялгаа маш их мэдрэгддэг гэнэ. Үүнээс гадна нийгмээ дагасан ялгаа маш их анзаарагдаж байгааг багш ярилаа. Социализмын үед бүх зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Мэдээлэл бага, хүн бүр мэдээллээр цангачихсан байдаг учраас багшийн хэлснийг л тэр чигээр нь хүлээж авдаг байж. Хүүхэд том хүний ярианд оролцож болохгүй гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлэхийг нь хүртэл хаачихдаг байсан учраас тэр үеийн хүүхдүүд ичимхий, дорой байсныг ч нуусангүй. Харин одоогийн зургаан настнуудыг нүдний цангаа тайлагдчихсан. Мэдээллийн хэрэгсэл, интернэтээс мэдээллээ аваад ханачихсан хүүхдүүд багшаас нарийн учрыг нь асуух, тайлбарлуулах сонирхолтой байдаг аж. Тиймээс ч зургаан настай жаалууд хорин хэдэн жилийн өмнөх найман настнуудаас сэтгэхүй талдаа хамаагүй илүү гэнэ. Харин биологийн онцлогийн хувьд социализмын үеийн олон хүүхэдтэй, ясли цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд борогдуу одоогийн тав, зургадугаар ангийнхан шиг байсан бол одоогийн зургаан настнууд хэтэрхий нялхамсуу, бүхнийг аав ээжээрээ хийлгээд сурчихсан байгаа нь анзаарагддаг болжээ. Хүүхдийнхээ гутлыг тайлж, нүүрийг нь угааж өгч эрхлүүлсээр байгаад хэтэрхий нялхамсуу болгосон нь сэтгэлгээ, бие даах чадварт нь сөргөөр нөлөөлж байгааг нь ярианыхаа дундуур эцэг, эхчүүдэд анхаарууллаа.

Нараа багш энэ хичээлийн жилд зургаан настнуудыг хүлээж авсан. УИХ-ын гишүүн Г.Уянгын хүүхэд тэдний анги гэнэ лээ. “Зургаан настнууд ямар хөөрхөн гээч. Анхаарал нь ердөө хэдхэн минут төвлөрнө. Тэр үед нь л хичээлээ ойлгуулах ёстой. Зарим нь ангидаа ирээд уйлна, хичээлээ хийж байгаад унтчихна. Хөгжилтэй зүйл өдөрт хэдээрээ тохиолдоно. Тийм сайхан энерги дунд байгаа хүн хөгширдөггүй юм билээ” гээд бяцхан сурагчдынхаа хөгжилтэй явдлыг ярьж өглөө. Багш ангийнхандаа “А” үсэг зааж өгчихөөд нэг сурагчаас “Энэ ямар үсэг билээ” гэж асуутал гайхаж, гайхаж “Та мартчихсан юм уу. А шүү дээ” гэж хариулсан гэдэг. Анзаараад байхад Нараа багш хүүхдүүдээ ярихдаа илт сэргээд явчих юм. Тэгснээ үе, үе нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. “Хүүхдүүдээрээ захидал, зохион бичлэг хийлгэх их дуртай. Захидлыг нь цуглуулж байгаад бага ангиа төгсгөхөд нь ном болгож дурсгадаг. Тэр захидлуудыг нь уншихад ямар сайхан мэдрэмж төрдөг гээч” гэж ярихдаа нулимсаа арчих аж.

НАЙМААНД ДӨРГҮЙ, БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГҮЙ ЭЗЭГТЭЙ

Нараа багш ажлынхаа талаар, шавь нарынхаа тухай яриад байвал нэг өдөр хангалтгүй санагдав. 35 жил багшилж, зургаан зуу гаруй хүүхдэд “А” үсэг заасан багшид арвин их туршлага, ярьж хөөрөх зүйл их байлгүй яах билээ. Хань нь “Манай хүн их яриа. Хүүхдүүдийнх нь тухай яриад байвал нүд нь сэргээд л явчихна” гэх юм. Ч.Батцогт гуай жолооч мэргэжилтэй. Контенинтал зочид буудалд ажилладаг аж. Танилцаж, дотноссон үе рүү яриа хандуулбал, бүр бага нас руу нь яваад оччихно. Учир нь тэр хоёр нэг гудамжинд тоглож өссөн хоёр. Хожим нэг нь цэргээс, нөгөө нь Багшийн сургууль төгсөж ирээд дотносож гэр бүл болсон гэдэг. Тэднийх дэрсхэн өссөн гурван хүүтэй. “Манай хадмууд Говь-Алтайн хүмүүс. Намайг дархан бэр гээд хир халдаахгүй. Манай хүн ч их тайван. Гэртээ дөрвөн эр хүний дунд, ажил дээрээ түмний олон хүүхдийн дунд жаргаж яваа эмэгтэй гэж өөрийгөө боддог доо” гэх далимдаа ханиа магтаад авав. Долоон жилийн өмнө том хүү нь банкнаас 150 сая төгрөг зээлж дэлгүүр ажиллуулъя гэхэд “Тийм их мөнгийг яаж төлдөг юм бэ” гэж уулга алдаад хоцрогдсоноороо дуудуулж байсан гэдэг. Одоо том хүү нь өөрийн гэсэн бизнесээ босгочихсоныг ярихдаа “Бид хоёр ч өртэй л бол дууссан гэдэг сэтгэхүйтэй хоцрогдсон хүмүүс юм билээ” гээд инээв. Дунд хүү нь эхнэр, хүүхэдтэйгээ Канадад, бага нь эндээ бизнес эрхэлдэг гэнэ. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан болохоор хоёулхнаа нам гүм байдаг янзтай. Ширээн дээр нь “Хаан төрийн нууц”, “Ногоон нүдэн лам”, “Хөх судар”, “Онцгой эрх”, “Манан будан”, “Тавилан” романууд өрөөстэй. Хоёр том хүү нь нэг, нэг охинтой. Том ач нь хааяа ирж нар гаргадаг. Бага ачийгаа санаад сүйд болж байгаагаа ярина. Ач нарынхаа зургийг ширээн дээрээ өржээ. Нөхөр нь зураг даруулах дургүй болохоор гэр бүлийн зураг байхгүй гэж учирлах юм. “Зах зээл эхэлсний дараа дэрсхэн өсч яваа гурван хүүхэдтэй. Өмсөж зүүх, идэж уух нь хэцүү. Төрийн алба цалин багатай хэцүү л байлаа. Наймаа хийе ч гэж бодож үзсэн” гээд 500 мянган төгрөгийн зээл аваад Эрээн рүү явахдаа “Еэвэнгийн сар”-ыг мэдэлгүй очоод шатсан тухайгаа инээдэм болгож ярив. “Бид хоёр шиг хүн наймаанд дөргүй юм билээ. Олон эцэг, эхтэй харьцаж байсан наймаа хийж чадна гэж бодсон ч бараагаа сурталчлахаар худлаа яриад байгаа юм шиг санагдаад болдоггүй юм билээ” гэв. Зусландаа байшин барьж, хүүхдүүдэд давтлага өгдөг болсноо “Зуны амралтаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ давтлага авъя гэдэг. Тэднийгээ гэртээ суулгаад давтлага өгдөг байлаа. Тэгтэл нэг сурагчийн маань ээж “Зуслангаас хүүхдээ зөөхөд хэцүү байна. Та зуслан дээр өдөр өнжүүлэх ажиллуулаач” гэхээр нь зээл авч байгаад зуслан дээрээ байшин барьж авлаа. Одоо зээлээ төлчихсөн. Зуны улиралд хүүхдүүдэд давтлага өгөөд овоо хэдэн төгрөг олчихдог болсон. Бизнес сэтгэлгээгүй хүн хүний хэлснээс л санаа авах юм байна” гэлээ.

Энэ мэтчилэн ярилцаад сууж байтал Нараа багшийн шагнал авах цаг боллоо. Тэрбээр заах арга барилаараа нийслэлд тэргүүлжээ. Тиймээс Бөхийн өргөөнд очиж Нийслэлийн удирдлагуудаас өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Дараа нь хамт олонтойгоо баяраа тэмдэглэхээр явсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэнхэг тусах хэмээх идэхийн төлөө амьдрагсад

Улсаа бар болтол хөг­жүүлсэн ард түмнүүд өөртөө нэгэн сорви үлдээжээ. Тэр сорви ул мөрөө арилгах гэж төдийлөн хичээдэггүй агаад ерөнхийдөө зөнд нь хаясан мэт санагддаг. Япон, Солонгос, Хятад, Орос үндэстнүүд маш их өлсөж амьдардаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд увуу цувуугаар өлсгөлөнгийн проблемээсээ нэн тэргүүнд салж, улс орон нь хөгжин дэвшиж, гэдэс цадсан ч сэтгэл нь цадаагүй хэвээрээ бяцхан дутагдалтай. Ялангуяа манай дорнынхон өөр зуураа “Будаагаа идэж амжсан уу?, будаа олж идэж чадав уу?” ч билүү тийм сул үгнүүд байнга ярьцгаадаг нь бидэнд их анзаарагддаг. Турж үхсэн амьтны сүнс л гэж ийм байдаг байх гэмээр.

Том том дайны хөлд хамгийн их нэрвэгдэж байсан Оросын ард түмний хувьд арга ч үгүй юм даа. Идэж уух юм, түлээ түлшээ мөн ч сайн базаана даа. Харин шавар оромжинд шахалдсан суурин тариачдын зүдүү уламжлалыг бодвол нүүдэлчид идэж уухын төлөө төдий л ач холбогдол өгч байсангүй. Хожим дэлхийн II дайны дараагаас монголчуудын амьдралын чиг хандлага өөрчлөгдөж өвөлд зориулсан идэж уухын их аянд хамрагдацгаасан. Нүүдэлчид өрнө дорно аль алиныг нь дуурайж суурин амьдралд шилжицгээсэн боловч баялаг хурааж хөрөнгөждөг нийгэмтэй учраагүй харамсалтай явдал өнө удаан үргэлжилсэн билээ. Тэгсэн мөртлөө гэм халгүй хүнс тэжээлийн асуудал дээр зориудын хомсдол нүүрлэж түүнийг нь ч олигтой шийдэж чадалгүй олон он жилийг өнгөрөөжээ. Яваандаа нийт ард түмэн зөвхөн идэхийн төлөө амьдарсаар байгаад таардаг боллоо. Одоо ч олон хүний сэтгэхүйд “Мөр бүтэн гэдэс цатгалан” бол болоо гэх хандлага байсаар л байна. Саяхан болтол ихэд өлсөж явсан хангуг хүмүүс тэр бяцхан хонхроосоо бялууртлаа хүнсээр хангах асуудлыг дор нь шийдээд цаашид нийт ард түмэн нь зөвхөн идэхийн төлөө биш хөгжлийн дараагийн алхамдаа орцгоосон. Эртээ урьдын мартагдаад буй хаа нэг их бага хэмжээгээр өвлөгдөн үлдсэн хамтдаа хооллох, идэж уух сэдэл нь өнөөдөр хөгжлөө дагаад эрүүл мэнд эмчилгээний чиг зорилготой, үгүй ядаж тансаг зоог сонирхох гэж л ресторанд очдог болжээ. Тэгвэл угийн ходоод хоосон зовлонгоосоо эрт ангижирсан өрнийнхөн, барууныхан хэзээний баян хоосонгүй өлөв долов хийхээ больж алив зочинтойгоо “цай ч үгүй царай ч үгүй” харьцаад сурчихсан нь олон юман дээр анзаарагддаг. Аяга кофе өмнөө барьчихаад өчнөөн жил уулзаагүй нөхөртэйгээ юм яриад суугаад байдаг кинонууд бишгүй үзсэн. Манайхан болохоор “Алив хоол цай, хонь гарга, ид уу, амьтан муу хэлнэ…” гээд эхэлдэг. Нийгэм улс төрийн бухимдал уур хилэнг намжаахын тулд төр засаг ард түмнээ тайтгаруулахын тулд байсгээд л баяр ой тэмдэглэж, гурил будаа, шөлний хонь бэлэглэцгээдэг. Монгол ёс заншилд хүүхэд хооллох, насанд хүрэгсдэд зориулан хүлээн авалт зохиохоор нийтээр ихэд баярладаг ба том буянд тооцогддог. Хожим хариуд нь ходоодоороо сонгуулийн санал хураалтанд оролцож ямааны хорхог үнэгүй идүүлсэн хүний төлөө саналаа өгцгөөх нь энүүхэнд аж.

1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үе үнэндээ хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн юм. Жил гарангийн турш улсын дэлгүүрт давснаас өөр хүнсний бараа үзэгдэхээ болиход олон хүн сэтгэл санаагаар унаж, уур хилэн нь бадарцгаасан. Харин түүнээс ч ноцтой сургууль соёл, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дампууран хаалгаа барихад ашгүй ажил хий гэж зовоохоо болилоо гээд баярлалдсан гээч. Өнөө цагийн эрх баригчид, улс төрчид сайн нэр зүүх аргаа амархан олцгоосон. Тэр нь ердөө л хэн илүү их ууж идэх асуудал дээр санаа тавьсан, бодлого боловсруулсан нь хожиж байна. “Буян”-гийн Жагаа “Бүсээ чангалаад ажил хий” гэж хэлээд сонгуульд нарим ялагдаж байхад Гүндалай анх бие дааж нэр дэвшиж байх үедээ нэг сарын турш тогоо дүүрэн хоол чанаж орж ирсэн болгонд үнэгүй аяглаж өгсөөр байгаад ардчилсан хүчнээс ганцаараа ялчихаж билээ.

Хөдөлмөрчид цалин мөнгөө шаардан ажил хаях, жагсаал цуглаан зохиоход төдийлөн цочрохгүй. Харин хоолноос татгалзаж өлсгөлөн зарлалаа гэвэл сандралдаад явчихна. Улс орны стратеги, аюулгүй байдал, хөгжлийн олон тулгамдсан асуудлуудыг бүхэлд нь тоймлоод ажиглаад байхад нэн тэргүүнд мах, сүү, гурил будаа, чихэр жимсэнд хамаг анхаарлаа хандуулцгаадаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Хүмүүсийг жаахан өлсөөгөөд ажил хийлгэж, сургалт боловсролд дайчлах юм бол хоолтой газар бараадаад гэр орноо, эх орноо ч хаяж мэднэ шүү.

Орон сууц, засмал зам, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйг дараагийн ээлжинд орхиод давын өмнө мал аж ахуй, газар тариаланг бүх л улс төрийн хүчнүүд хөхиүлэн дэмжиж өндөр оноо авцгаалаа. Залгуулаад сургуулийн хүүхдүүдэд үдийн цай үнэгүй өгч баярлуулав. Эрээнээс төрөл бүрийн эрүүл эсэх нь чухал биш хүнснүүдийг зөөн цутган цатгаж өгсөн чинь дэлгүүрүүд идэх юмаар дүүрч бялхаад, шил шилээ дарсан гуанз цайны газрууд нээгдэн тоогоо алдав.

Африкийн хэд хэдэн оронд дандаа л тохиолддог тэр өлсгөлөн гээч юм манай эх орон хийгээд бидний эргэн тойронд сэтгэл зовоохоор хурц асуудал биш баймаар л харагддаг. Өнөөдөр яаж турахав, жингээ барьчих арга юу байна гэсэн шинэ проблем нийгмийн бүх л давхаргынханд хамаатай болчихлоо. Одоо идэж ууж ханасан бол цаашдаа хамаг олсон ашиг орлогоо хоолонд зарцуулдгаа багасмаар байгаа юм. Монгол үндэстэн намхан нуруутай, навтгар хамартай атлаа маш их таргалсан, гүзээ ихтэй болцгоожээ. Хот хөдөөгүй тааралдах таних танихгүй хүн бүр эр эмгүй лухайн бүдүүрснийг хэн ч хараад нөгөө ядуурал чинь тэгээд хаана байгаа юм гэж асуух дээрээ тулаад байна. Цайллага баяр ёслолгүй өдөр гэж байхаа больж ширээ дүүрэн салат, бууз, айраг, архи пивоор өдөржин нэгнийгээ шахаж бордон тэрнийгээ жаргаж байна гэж тун айхтар эндүүрцгээх юм даа. Энүүхэн зуур хотоос гараад Тэрэлж орчим ороод салхинд гараад ирэхийн хооронд түрүүвчинд байгаа мөнгөнийхөө ихэнхийг замдаа хүнсний дэлгүүрээс идэх юм хиам аваад дуусгачихаж байгаа юм. Тэгээд зорьж очсон газар дээрээ ирэнгүүтээ хоолоо бэлдээд, хоолоо идэх гэсээр байтал өдөр өнгөрч буцах болчихож. За тэр архи дарсыг бол энэ удаа ярилгүй өнжөөд байгаа ш дээ. Ингэхэд бид яах гэж юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохоо байх нь.

Монгол Улсыг хөгжүүлэх нэн тулгамдсан ажил төрөл гэж юу байна гэвэл төр засаг, олон нийт бүх нийтээрээ Өмнөговь явцгааж Оюутолгой, Таван толгой дээрээ очицгоон, төмөр болон засмал замаа бушуухан барих, эрчим хүч газрын тосоо үйлдвэрлэх, зэс, төмрөөс баяжуулсан боловсруулсан бүтээгдэхүүн гаргах, эдгээртэй хамаатай төрөл бүрийн дадлага туршлага, сургалтууд л ид өрнөж баймаар юм. Мах, гурил, төмс гурваа бэлдэж байгаа нь энэ гээд улс орон даяар аль өнгөрсөн хоёр гуравдугаар сараас эхлэн дуулиан татуулан одоо төдөн хувьтай, цавуулаг нь, цаг агаар нь, ингэчихлээ гээд бусдад огт хамаагүй дэмий юм ярьцгаагаад хөдөөгүүр тэнээд ажил хийдэг албан тушаалтан олдохоо байлаа. Цаад эцсийн зорилго нь жижигхээн ашиг сонирхол, шалихгүй улс төр л яваа. Ургацын далай, мал өвөлжилт хэмээн шоудацгааж буй нь Хотол олныг доромжилж идэхийн төлөө амьдарч байгаа мэт харагдуулж байна. Орчин цагийн хүний идэж уудаг хүнс тэжээлээ улс орнууд тоотой хэдхэн фермер компанидаа даатгаад орхичихсон харагддаг. Бусад уламжлалт мал аж ахуй, газар тариалан, ан агнуур, шувуу галууны тухайд бол тухайн үндэстний хобби, урлаг жуулчлалын чиглэлээр хөгжүүлдэг болохоос бидэн шиг амь амьдрал нь ч биш юм билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг

“Өртэй хүн өөдөлдөггүй” хэмээх үг ул болжээ. Телевизээр урсч буй “Гадаадад бол зээлтэй хүнийг ажилд авах дуртай байдаг” гэсэн үг чих дэлдийлгэв. Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг. Саяхан манайдаа нэртэй нэгэн бизнес эрхлэгч “Хүмүүс намайг их баян хүн гэж боддог. Харин би өрийнхөө хэмжээгээр нэлээд дээгүүрт орно шүү” гэж ярьсан юм. Үнэхээр далайцтай ажиллаж байгаа хүн өр тавихаас айдаггүй аж. Олон орны хувьд орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл гэдэг хүмүүсийг шударгаар ажиллаж амьдрахыг нөхцөлдүүлж байдаг юм билээ. Зээлгүй хүн, хөрөнгөгүй хүнд алдах юм байхгүй. Дургүй нь хүрвэл ажлаа хаяад талийж орхино. Харин моргейжийн зээлтэй хүн байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан байж гэмээнэ баталгаатай ажилтай, зээлээ төлөх боломжтой. Сингапурт хүмүүс бүгд байр орон сууцтай бол бослого тэмцэл гарахгүй гэж ярилцдаг гэнэ лээ. Юутай ч “Өртэй хүн өөдөлдөг” гэсэн сургалт хүртэл бий болчихож. Танил залуу “Байрны зээл өгдөг бол утга учиртай ажилламаар байна” гэж ярив. Хариуд нь “Өнөөг хүртэл утга учиртай ажиллаж чадаагүй бол хэн чамд байрны зээл өгөх юм бэ” хэмээн шооллоо. Үнэндээ “Олон жил үр бүтээлтэй ажиллалаа” гээд хэр олон хүн зээл авч чадсан юм бол доо. Төрөөс хүн амынхаа төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлж чадвал олон олон асуудлыг шийднэ дээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

“Баянзүрх хайрхны хишиг” барилдаан болно

МҮБХ-ноос зохион байгуулж буй “Дөрвөн уулын хишиг” барилдаан тэгш тоотой саруудад болдог билээ. Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан ирэх ням гаригт буюу аравдугаар сарын 12-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнөө болно. Уг барилдаанд энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглоно. Бөх үзэгчдээс хагас саятан 2-г, азтан үзэгч 2-г тус тус тодруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Далай ламын монголчуудад зориулсан айлдвар болно

Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос эхлэн зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. 2014 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар боллоо. Анхлан энэхүү номын айлдварыг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт санаачлан Далай багшид айлтгаснаар монголчууд жил бүр Дармасала хотноо зорин ирж Далай багшийн монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол сүнчой”-д суудаг сайхан уламжлал тогтлоо. Жил бүр мянга гаруй монголчууд энэхүү номын айлдварт суудаг бөгөөд “Монгол сүнчой”-г зохион байгуулагч “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас энэхүү номонд явж буй сүсэгтнүүддээ зориулан МИАТ компанитай хамтран шууд нислэгийг гаргаж байгаа болно. Энэхүү номын болон шууд нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас ирж авна уу. Холбогдох утас: 88084223, 96000181, 88687823

И-майл: mongol_sunchoi@yahoo.com

Сайт:www.dalailamamongolsunchoi.mn

Хаяг: “Этүгэн” зочид буудлын 3 давхар /Төмөр замын вокзалын чанх ард/