Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэлсэн. Одоогоор УИХ дахь Ардчилсан нам болох МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон МАН-ын бүлэг хуралдаж байна. Намын бүлгүүд хуралдаж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад санал авах ажиллагаа эхэллээ

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн
хуулийн зургадугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын
даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно
гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар
комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны
зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг
нийтэд зарласан.  Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа
ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг 4
хүн хангагдсан бөгөөд хууль, эрх зүй,ерөнхий эрдмийн шалгалт өгч, дараахь хоёр нэр дэвшигч шалгарлаа.

  • Чойжанцангийн Болдбаатар
  • Дамбийнямын Цэрэндорж

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын
даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон
шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар
төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр
дэвшигчдийн хураангуй мөрийн хөтөлбөрийг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ,
Үндэсний шуудан сонины 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд
дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршууллаа. Тухайн албан тушаалын сонгон
шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс
өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын санал асуулгад идэвхтэй оролцож, нэр
дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгөөрэй. Таны саналыг энэ сарын 08-ны өдрийг дуустал www.ulaanbaatar.mn сайтаар авна. Та саналаа өгөхдөө тус сайтын баруун хэсэгт
байрлах санал авах баннертай танилцаарай. Санал авах ажиллагааг шударга байлгах
зорилгоор мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А,
Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Харин сонгон шалгаруулалтад нэг үнэлгээ
болох нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны
өдөр /ням гараг/ UBS телевизээр 21 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Сирийн хэт даврагчид эмэгтэйчүүдийг цаазлав

Сирийн хойд хэсэгт орших Курд үндэстний бүс нутагт “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид долоон эрэгтэй, гурван эмэгтэй хүний толгойг авсан гэж хянагчид мэдээлэв. Сири дэхь хүний эрхийн ажиглагч Рами Абдулрахман амиа алдсан тэдгээр хүмүүс хэт даврагчдын эсрэг тууштай тэмцсэн Араб, Курд үндэстнүүд байсан гэжээ. Туркийн хилийн ойролцоох Кобане суурингаас баруун зүгт 14 км-ийн зайтай газар уг аймшигт хэрэг гарсан байна. “Исламын улс” бүлэглэлийнхэн өөрсдийнх нь эсрэг олон улсын цэргийн ажиллагаа хүчээ авч буйтай зэрэгцэн энгийн иргэдийг айлган сүрдүүлж, өшөө авах болжээ. Тиймээс Сирийн газрын тосны ордуудыг буцаан авч, хэт даврагчдыг устгахаас илүүтэй иргэдийг хамгаалах нь чухал байгааг мэргэжилтнүүд сануулав. 

Categories
мэдээ нийгэм

Хятад иргэнийг албадан гаргахаар болжээ

Өнгөрсөн мягмар гаригийн  12:40 цагийн орчим Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хойно баригдаж байсан “MCS” компанийн барилгад гал гарсан. Тэр үеэр тус барилгад ажиллаж байсан хятад иргэд гарч зугатсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас шалгахаар авч явсан юм байна.   Тэгвэл тэдгээр хятад иргэд бизнес ангиллаар орж ирсэн атлаа өөр чиглэлээр ажиллах гэж байсан нь илэрчээ. Тиймээс тэднийг Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барьлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн   Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэтхэгийн тамирчин медалиа буцааж өгснийхөө төлөө 500 ам.доллараар торгуулахаар болжээ

Сүүлийн өдрүүдэд “Инчён-2014” Азийн наадамтай холбоотой олон таагүй мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.

 Энэтхэгийн тамирчин Лайшрам Сарита Дэви Эмэгтэйчүүдийн боксын 57 килограммын жинд БНСУ-ын тамирчин Пак Жинатай өрсөлдөж тоглолтын туршид илт давуу ялалт байгуулсан боловч шүүгчдийн зүгээс Солонгосын тамирчинд ялалтыг өгсөн юм.

 Сарита Дэви өчигдөр медаль гардаж авах үеэрээ шүүгчийн энэхүү шударга бус байдлыг эсэргүүцэж медалиа буцааж өгсөн нь Азийн наадмыг зохион байгуулагч Солонгосчуудыг сандаргаад зогсохгүй, олон улсад шуугиан тариад байгаа аж.

Тэрбээр медаль гардуулах ёслолын дараа сэтгүүлчдэд “Би медаль авахыг хүсээгүйдээ энэ бүхнийг хийсэн юм биш. Би боксын карьераа үргэлжлүүлэхийн тулд, шударга ёсны төлөө медалиа Солонгосын тамирчинд өгсөн. Мэдээж би хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Гэхдээ намайг медалиа буцааж өгөөд тайзнаас буухад Энэтхэгийн албаны хүмүүсээс хэн нь ч бидэнтэй ирж уулзаж, тайтгаруулаагүй. Би яг одоо эх орондоо буцаж очоод бяцхан үрээ тэврэхийг юу юунаас илүү хүсэж байна” хэмээн ярьжээ.

Энэтхэгийн нэгэн сайтад Сарита Дэвигийн энэхүү үйлдлийг үзэгчид хийгээд, онлайн ертөнц бүхэлдээ дэмжиж байгаа ч Олон улсын сонирхогчдын боксын холбоо, Азийн Олимпийн Зөвлөл үүний эсрэг байр суурьтай байгаа тухай бичжээ. Түүнчлэн Монголын тамирчин Н.Төгсцогт болон Энэтхэгийн тамирчин Сарита Дэви нар өрсөлдөгчөө илт давуу ялж байсан эцсийн мөчид шүүгчид Солонгосын тамирчдад ялалт өгснийг шүүмжилсэн байна.

 Олон улсын сонирхогчдын боксын холбоо тэргүүн Дэвид Фрэнсис “Энэ бүхнийг Энэтхэгийн тамирчин, тэдний багийнхан зохион байгуулалттайгаар хийсэн нь харагдаж байна. Түүнийг медалиасаа татгалзаж байгааг харах харамсалтай байлаа” гэжээ.

 Мөн Олон улсын боксын холбооноос Сарита Дэвиг энэхүү үйлдлийг ёс зүйгүй хэмээн үзэж 500 ам.доллараар торгохоор болсон гэжээ. Харамсалтай нь Энэтхэгийн тамирчин уг төлбөрийг төлөх мөнгө байгаагүй бөгөөд түүний дасгалжуулагч болон нэгэн Энэтхэг сэтгүүлч торгуулийг төлөхөд нь тусалсан аж.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнгөрөгч сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийгээд байгаа билээ. Бээжингийн гудамжны зам засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд цаг агаарын байдал хүндрэхгүй бол энэ сарын 6-нд нээх юм байна. Харин гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаар” төслийнхөн сэтгүүлчидтэй уулзлаа

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа, цаашид хийх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд нарын албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчидтэй  зангиагүй уулзалт хийлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэр хорооллын 185 мянган  айл өрхийн 70 хувь нь бүрэн  шаталттай  сайжруулсан зуух худалдан авсан бол энэ жил 80-аад хувь нь хангагдах гэнэ. Өөрөөр хэлбэл ирж буй халаалтын улиралд 16  мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь нийт өрхийн 80 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Улаанбаатар Цэвэр-агаар төслийн хүрээнд өнгөрөгч 2013 онд гурван  зорилтот өрхийн хоёрыг нь төсөлд хамруулж, 45 мянган өрхийг сайжруулсан зуухаар ханган, зорилтынхаа 60 хувийг биелүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 28  мянга гаруй айл өрхөд зуух хүргэх, суурилуулах, сургах ажлыг хийжээ. 

Categories
редакцийн-нийтлэл

Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж мөнгөө өсгөх боломж иргэдэд нээгдэж байгаа

Эдийн засагч Л.Бямбаагаас  хөрөнгө оруулалтын сангийн талаар тодрууллаа.

      
Монголд хөрөнгө
оруулалтын сан ажиллах хууль эрх зүйн орчин хэр сайн бүрдэж байна гэж та боддог
вэ. Хөрөнгө оруулалтын сангийн хууль дагасан журмууд хэзээ гарах бол?

      
Монголд энэ чигийн хууль эрх
зүйн орчин өмнө нь бараг байхгүй байсан гэж хэлж болно. Харин өнгөрсөн оны аравдугаар
сарын эхээр Монголд анх удаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан
нь том дэвшил болсон. Одоо Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журмуудыг
боловсруулж байна. Эхний хоёр, гурван журам бэлэн болсон. Тэгэхээр ерөнхийд нь
дүгнэвэл эрх зүйн орчин бүрэлдэж байна гэж үзэх байх.

      
Хөрөнгө оруулалтын сан
байгуулах зайлшгүй шалтгаан, хөрөнгө оруулалтын сантай байхын давуу тал
таныхаар юу вэ?

      
Товчхондоо бол компаниуд
санхүүжилтийн нэмэлт, удаан хугацааны эх үүсвэртэй болж байгаа. Өмнө нь зөвхөн
банкны зээлээр санхүүждэг байсан бол одоо шууд өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулалт
татах боломжтой боллоо гэж ойлгож болно. Энэ нь санхүүжилтийн шинэ хувилбарыг
нээж өгөхөөс гадна санхүүжилтийн зардлыг бууруулах сайн талтай. Ард иргэдийн
хувьд  хөрөнгө оруулалтын шинэ сонголт
бий болгож байгаа. Өөртөө байгаа хөрөнгөөр нэгдэх боломжтой  гэсэн үг. 
Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хамтран хөрөнгө оруулалт хийж,
оруулсан хөрөнгийнхөө өгөөжөөс хүртэх боломж нээгдэж байгаа.

      
Иргэд хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалтын санд өгч
өгөөжийг нь хүртэнэ гэдэг том давуу тал л даа. Хүмүүсийн хувьд хөрөнгө
оруулалтын санд хөрөнгөө хийхэд ямар нэг эрсдэл бий юу?

      
Сангаар дамжуулж хөрөнгө
оруулалт хийх нь иргэдэд хэд хэдэн давуу талтай. Заавал өөрөө зах зээлийг
ажиглаж, дүн шинжилгээ хийхгүйгээр цагаа хэмнэх сайн талтай. Нөгөө талаар
мэргэжлийн үйлчилгээ авч байгаа нь онцлох давуу тал. Иргэдийн оруулсан хөрөнгө
оруулалтыг тархаан байршуулдаг. Ингэснээр эрсдлийг бууруулж байгаа юм. Нэг
компанийн хувьцааг авбал тухайн компанийн хувьцаа унахад л хөрөнгөнд нь эрсдэл
учирна. Харин хэд хэдэн компанид тараан байршуулвал ийм эрсдэл гарахгүй. Хуримтлал
нь инфляцид идэгдэх, эсвэл валютын ханшны савалгаанаас болж буурах эрсдэл  иргэдийн хувьд гардаг. Харин санд нэгдэх замаар
хөрөнгө оруулалт хийвэл мэргэжлийн багийн үйлчилгээ авч олон талын эрсдлээ хаах
боломжтой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд нэгдэн хөрөнгөө оруулсан иргэдэд
ямар нэг эрсдэл байхгүй гэсэн үг.

Бид гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж их  ярьдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалалтын ард
хөрөнгө оруулалтын сангууд байх нь түгээмэл. Сангийн хөрөнгө оруулагч нь энгийн
иргэд л байдаг шүү дээ.

      
Хөрөнгө оруулалтын сан
байгуулах ажил ямар явцтай байгаа вэ?

      
Одоогоор хөрөнгө оруулалтын сангийн менежементийн
компанийн тусгай зөвшөөрөл авсан цөөхөн аж ахуйн нэгж  байна.

      
Хөрөнгө оруулалтын сан
байгуулах сонирхол ер нь хэр байна?

      
Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сонирхол нэлээд
байна. Гэхдээ журмууд нь дөнгөж л батлагдаж байгаа болохоор бэлтгэл ажлаа л
хийж байгаа болов уу.

      
Хөрөнгө оруулалтын сан
ямар процессоор яаж ажиллах бол?

      
Сангийн хувьд эхлээд нэгж эрх буюу хувьцааг хөрөнгө
оруулагчдадаа санал болгоно. Ингэхдээ сангийн хөрөнгө оруулалтын хугацаа,
эрсдэл, хөрөнгө оруулах актив, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг бүх мэдээллийг
багтаасан сангийн танилцуулга гэж баримт бичгийг боловсруулна. Тэгээд
боловсруулсан баримт бичгээ хөрөнгө оруулагчдадаа танилцуулна. Баримт бичгийг
нь хүлээн зөвшөөрч байгаа бол санд нэгдэж болно гэсэн үг. Сангаас хийгдэх
хөрөнгө оруулалтыг сангийн менежер гүйцэтгэнэ. Менежерийн хувьд  сангийн үр ашгийг  тогтмол мэдээлэх үүрэг хүлээнэ. Олсон бүх
ашгаа буцаагаад хөрөнгө оруулагчдадаа хуваарилж өгнө.

      
Монголд үйл ажиллагаа
явуулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын ажил хэр урагштай явж байгаа бол?

      
Одоогоор яг Монголд бүртгэлтэй сангууд бол алга байна.
Харин гадаадад бүртгэлтэй сангууд Монголын хувьцаа, үл хөдлөх, хөрөнгө
оруулалтын бусад активт хөрөнгө оруулсан жишээ зөндөө бий. Гадна бүртгэлтэй болохоор
гүйцэтгэлийн мэдээллийг нь  авах
боломжгүй. Сангийн менежер, юунд хөрөнгө оруулсан, ямар сан зэргээс хамаараад
өгөөжийн хувь хэмжээ нь ялгаатай байдаг юм.

      
Хөрөнгө оруулалтын санг
амжилттай ажиллуулахын тулд төр, хувийн хэвшлээс зайлшгүй хийх учиртай ажил
гэвэл та юуг онцлох вэ?

      
Төрийн зүгээс бодлогоор дэмжиж
өгвөл сайн. Мэдээж орчныг бүрдүүлэх, зохицуулалтын орчныг хангах, хөрөнгө
оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн ач холбогдлыг ойлгуулах чиглэлийн
ажлуудыг хийх ёстой. Мөн улсын хувь оролцоотой баялгийн сан үүсгэн байгуулах
санаа ч олон жил яригдаж байна. Төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа хөрөнгө
оруулалтын сангийн загварыг ашиглах боломжтой. Харин хувийн хэвшлийнхэн мэргэжлийн
мэдлэг, мэргэшилдээ анхаарах, хөрөнгө оруулагчийн итгэлийг хэрхэн олох тал дээр
түлхүү ажиллах ёстой болов уу.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын тээврийн бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.

Мөн өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Тиймээс энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд өнөөдөртөө багтан хуралдаж, дараа нь байнгын хороогоор хэлэлцэж, асуудлыг шуурхайлах талтай байна.

Учир нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулжээ.