Categories
мэдээ нийгэм

“Аэро Монголиа” Өмнөговь аймгийн Ханбогд сум руу тогтмол нислэг үйлдэж эхэллээ

Өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн агаарын тээв­рийн түүхэнд нэгэн шинэ хуу­дас нээлээ. Учир нь “Аэро Монголиа” компани Өмнөговь аймгийн Ханбогд сум руу анхны тогтмол нислэгээ үйлдсэн явдал юм. Өмнө нь Ханбогд сум руу нислэг үйлддэг байсан ч “Оюутолгой” ажилчдад зориулсан захиалгат нислэг байдаг байлаа. Тэгвэл одоо “Аэро Монголиа” компани Ханбогд сумын “Ханбумбат” нисэх буудалд долоо хоногт хоёр удаа газардаж орон нутгийн иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэхүү “Ханбумбат” нисэх буудал нь Ханбогдын сумын төвөөс 40 орчим км-ын зайтай бол “Оюутолгой” ХХК-ийн уурхайгаас найман км зайтай юм байна. Ийнхүү тогтмол нислэгтэй болсноор Ханбогд сумын иргэд болон ойролцоох Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд мөн “Оюутолгой” ХХК-ийн ажилчид Улаанбаатар хотруу төвөггүйхэн хүрэх бололцоотой болж байгаа юм. Тодруулбал нутгийн иргэдийн ярьж буйгаар Ханбогд сумаас Улаанбаатар хот хүртэд 660 гаруй км замыг арав гаруй цагийн турш машинаар туул­даг байсан тухай ярьсан. Суудлын машин 40-50 мян­ган төгрөгийн ханштай иргэдэд үйлчилдэг ч олон цаг шороон замд машинд сэгсчүүлнэ гэдэг амаргүй байсан талаар малчид ярив. Харин тогтмол нислэгтэй болсоноор ердөө 1.30 минут агаараар яваад Улаанбаатар ирж, очиж байгаа нь тэдний хувьд цаг хэмнэхээс гадна тав тухыг хангасан явдал боллоо. Орон нутгийнхан “Хөдөөний бид чинь цай уухын зуур хот хүрээ орж оюутан хүүхдээ эргэж тойрчихоод, гурил будаагаа дөхүүлээд ирэх нь байна ш даа” хэмээн их л олзуурхан ярьж байсан. “Аэро Монголиа” компани Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50″онгоцоор үйлчилж байна. Тасалбарын үнэ талдаа 187 мянган төгрөг юм билээ.

“Ханбумбат” нисэх буудлыг “Оюутолгой” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн өөрсдийн ажилчдыг тээвэрлэх бус орон нутгийн дэд бүтэцэд мөн дэвшилт гарган хамтарч ажиллахыг зорьсон гэнэ. “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэл хариуц­сан дэд захирал Айвен Вел­ла “Манай компани төрийн байгууллагуудтай олон удаа хэлэлцэж, энэ бүс нутгийг хөгжүүлэх, холбогдох бүхий л хууль дүрмийг сахин ажил­лах хүсэл эрмэлзлээ батлан хариулсны эцэст энэхүү дэл­хийн түвшний нисэх буудлыг барих албан ёсны зөвшөөрөл авч байсан. Хоёр жилийн өмнө бид энэхүү хөө­рөх, буух зурвасыг барьж эхлэхдээ өнөөдрийн энэ өдрийг мөрөөдөж байлаа. Бидний зорилгыг биелүүлэхэд тусалсан “Аэро Монголиа” компанид баярлалаа” гэв. Энэхүү нисэх буудал нь орон нутагтаа хамгийн томд орох аж. Түүнчлэн орон нут­гийн нислэгээс гадна шаард­ла­га­­тай бол олон улсын томоохон нислэгийг ч хүлээн авах чадалтай гэсэн.Нисэх буудлын барилгын ерөнхий дизайн нь бөөрөнхий монгол гэртэй төстэй юм билээ. “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Ханбогд чиглэ­лийн тогтмол нислэг долоо хоногийн лхагва, бямба га­ригт хуваарьтай бөгөөд авиа компанийн зүгээс та­салбараа энэ сар дуустал өндөр настнуудыг 50, орон нутгийн иргэдийг 30 хувь хөн­гөлжээ. Ийн тогтмол нислэг­тэй болсноор жуулчдын тоог нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж нутгийн удирдлагууд үзэж байна.

Д.СҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Б.Сэр-Од IV байрт шалгарлаа

Азийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өндөрлөж байна. Улаанбаатарын цагаар 08.00 цагт эхэлсэн тус тэмцээнд 19 тамирчин гараанаас гарснаас Бахрайны тамирчин Али Хасан Манбүүб 2:12:38 цагийн амжилтаар түрүүлсэн бол Японы тамирчин Матцумура, Каваучи нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар барианд орж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Тэрээр 30 км-ээс эхлэн уралдааныг тэргүүлж байсан бөгөөд сүүлийн хоёр км-т арын тамирчдад баригдсанаар медалиас мултарлаа.

Мөн Б.Гантулга 2:20:54 цагийн амжилтаар IX байрт шалгарсан бол дөрвөн тамирчин замаа дуусгаагүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Оргосон сэжигтнүүд Залаатын аманд 23 хоног бүгжээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар өнгөрсөн сарын 4-нд оргосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрынхан Б.Амарбаясгаланг есдүгээр сарын 29-нд, Э.Вантөмөрийг маргааш нь баривчилсан билээ. Оргосон сэжигтнүүд 20 гаруй хоног хаана юу хийж явсныг албаны болон албан бус эх сурвалжуудын мэдээллээр тоймлон хүргэе.

ОРГОХООР БЭЛТГЭЖ БАЙЖЭЭ

Э.Вантөмөр залилан хийсэн, бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт холбогдож гүйцэтгэх ажиллагааны дагуу цагдан хоригдсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.2, 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр шалгаж байсан юм. Харин Б.Амарбаясгалан нь хулгайн гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдаж байжээ. Б.Амарбаясгалан нь өмнө нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан учраас Эрүүгийн хуулийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан аж. Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарыг ойролцоо хугацаанд цагдан хорьсон аж. Мөн хорих ангийн гуравдугаар давхарт хамт хоригдож байжээ. Тиймээс 461 дүгээр ангид орж танилцсан гэж үзэж байгаа аж. Оргох санааг Б.Амарбаясгалан гаргасан гэх албан бус мэдээлэл бий. Улмаар тэд оргохоор хувцас, хэрэглэх зүйлсээ бэлтгэж байсан бололтой. Эргэлтээр ирсэн хүнээрээ хутга авахуулснаа хорих өрөөнд нууж, зузаан хувцас бэлтгэж байсан бололтой.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг айлчлах үеэр нийслэлийн хорих ангиудад өндөржүүлсэн хамгаалалт авсан. Энэ хамгаалалтыг буусны дараа оргохоор төлөвлөж байснаа хэрэгжүүлсэн бололтой. Есдүгээр сарын 4-ний үүрээр хуяг унтаж байх зуурт хөнжлийн даавуугаараа нарлагааны сараалжин төмрийг ороож гагнаасыг нь салгасан бололтой юм. Дараа нь даавуугаараа зүүгдэж гуравдугаар давхраас бууж оргосон мэдээлэл байгаа. Тэд оргохоор гэтэж явахдаа хутгатай байсан нь камерт үлдсэн байдаг. Есдүгээр сарын эхээр нийслэлд дулаан байсан. Гэтэл Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар давхар өмд, цамц өмсөж, дулаалсныг бодоход хорих ангиас гараад шууд уул руу явахаар төлөвлөж байсан нь илт байна. Тухайлбал, Б.Амарбаясгалан хоёр ноосон цамц давхарлаж, давхар өмд өмссөн байжээ. Э.Вантөмөр мөн хоёр давхар цамцтай. Хоёулаа хавар, намрын гуталтай байсан аж.

ЗАЛААТЫН АМАНД НҮХ УХАЖ, УРЦ БАРЬЖЭЭ

Тэд үүрээр оргохдоо, уул руу ортол өөрсдийнх нь талаар мэдэхгүй гэж таамаглаж байжээ. Тиймээс ч оргосон даруйдаа Яармагийн гүүрээр гарч Их тэнгэрийн ам өнгөрч, Залаатын амаар Богдхан уул руу орсон аж. 461 дүгээр хорих ангиас Залаатын ам хүртэл 10 гаруй км бий. Явган хүмүүс арван км алхахад багагүй хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Бас очоод идэх хоол хүнс замаараа бэлтгэсэн гэнэ. Оргохоор бэлтгэж байхдаа багагүй мөнгө хадгалсан нь үүнээс харагдаж байна. Ямар ч байсан Яармагийн гүүрээр гарч Их тэнгэр рүү явж байхад Богд уулын шинэ замыг засч байсан зам ангийнхан байсан аж. Гэхдээ оргодлууд халимаг үстэй учраас хүмүүст анзаарагдахгүй байсан бололтой. Тэгээд ч эрлийнхэн оргосноос хойш хоёр хоногийн дараа оргодлуудын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож, зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, гудамж талбайд наасан байдаг. Тиймээс оргосон хоёр нөхөрт уулын аманд хүртэл ямар ч саад байгаагүй бололтой юм. Залаатын ам руу нэлээд гүнзгий орж нүх ухаж, оромж бэлтгэсэн байна. Тэндээ бүгж, эрлийн ажиллагаа саармагжихыг хүлээж байсан бололтой юм. Оромжиндоо хийн буу, сүх, хутга зэргийг хадгалж байсныг баригдсаных нь дараа эд мөрийн баримт болгон авчээ. Тэгэхээр оргосныхоо дараа ойрын хүмүүс рүүгээ холбоо барьж зэвсэг авсан бололтой. Мөн хоёулаа гар утастай байсан аж. Хулгайн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан Б.Амарбаясгалан оргож явахдаа гар утас, мөнгө хулгайлсан байж магадгүйг цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Богдхан уул дархан цаазтай. Ам бүрт нэг байгаль хамгаалагч ажилладаг. Залаатын аманд ажилладаг байгаль хамгаалагч өглөө, оройд ажлын байраа эргэдэг талаар ярьсан. Гэхдээ оргодлуудын талаар ямар нэгэн сэжигтэй зүйл олж мэдээгүй аж. Хэрвээ оргодлуудыг барьсан, байгаа газрыг нь мэдсэн бол амь насанд нь аюултай нөхцөл үүсч мэдэхээр байжээ. Учир нь оргодлууд хийн буу, сүх, хутгатай байсан талаар өмнө дурдсан.

ЭРЭЛ

461 дүгээр хорих ангиас хоёр сэжигтэн оргосны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрэл хийж байсан. Ажлын хэсэг нийслэл болон орон нутгийн 30 шахам чиглэлд эрэн хайх ажиллагаа хийж байжээ. Нийслэлд баар, цэнгээний газар, цахим тоглоомын газруудыг хараандаа авч, байнгын хяналтад байлгаж байсан аж. Мөн ар гэрийнхэнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байжээ.

Үүнээс гадна оргодлуудын талаар баттай мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагнал олгох зар тараагаад байсан юм. Зарын дагуу 300 гаруй мэдээлэл ажлын хэсэгт ирсэн аж.

Хоёр сэжигтэн мөрдөн байцаагдаж байхдаа гэрийн хаягаа буруу мэдээлсэн байна. Тухайлбал, Э.Вантөмөр Хан-Уул дүүргийн 14 хорооны … тоот хаягт гэж бүртгүүлсэн аж. Уг хаягийн дагуу очиход заасан гудамж, тоотод нь айл байдаггүй болж таарчээ. Б.Амарбаясгалан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны … тоотод амьдардаг гэж бүртгүүлсэн ч тэр хашааг хоёр жилийн өмнө огт өөр айл худалдаж авсан нь тодорхой болжээ. Эхнэр, хүүхэд нь ч бүртгүүлсэн хаяг дээрээ байдаггүй нь эрлийн явцад тодорхой болжээ. Тиймээс гүйцэтгэх ажиллагааны дагуу гэр, бүлийнхнийг нь олж хяналтандаа авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр оргодлуудын нэг нь холын хамаатны эрэгтэй дүүгээрээ дамжуулан гэрийнхэнтэйгээ холбоо барьж байсан бололтой. Холбоо барьж эхэлсэн үеэс нь буюу хэд хоногийн өмнө эрлийн ажлын хэсгийнхэн тэднийг ууланд бүгсэн байх таамаг мэдээлэл авч байжээ. Гэхдээ аль ууланд бүгсэнийг нь мэдэх боломж байгаагүй аж. Тиймээс хотод орж ирэхийг нь анаж байжээ.

ХООЛ ХҮНС, ДУЛААН ХУВЦСАА БЭЛТГЭХ ГЭЖ ОРЖ ИРЭЭД БАРИГДЖЭЭ

Оргосон хоёр нөхөр Залаатын аманд 23 хоносон байна. Цаг агаар тогтуун байсан учраас тэдэнд бэрхшээл нэг их байгаагүй бололтой юм. Холын хамаатнаараа дамжуулж гэр бүлийнхнээсээ нэг, хоёр удаа хоол хүнс авахуулсан гэх мэдээлэл ч байна.

Харин өнгөрсөн бямба гаригийн шөнө цас орж, хүйтрэхэд нүхэнд амьдрах боломжгүй болжээ. Тиймээс ням гаригийн өглөө хоёулаа хот руу явсан байна. Оройхон хотод орж ирээд хоёулаа салж, тус тусдаа танилындаа хоносон бололтой. Даваа гаригт шинэ Бөмбөгөрт очиж магадгүй гэх мэдээллийг эрлийнхэн авчээ. Тиймээс Бөмбөгөр хавийг хяналтандаа авсан аж. Оройхон Б.Амарбаясгалан Бөмбөгөр худалдааны төвд ирэхэд нь эрлийнхэн бүслэж баривчлахад бэлтгэж байжээ. Улмаар 18.05 цагт түүнийг Бөмбөгөр худалдааны төвийн баруун хаалган дээр баривчлахад зугтахыг оролдсон гэнэ. Б.Амарбаясгалан баригдсаныхаа дараа Э.Вантөмөрийгөө хаана байгааг мэдэхгүй гэж хэсэг мэлзсэн байна. Ажлын хэсгийнхэн түүнийг дагуулж Залаатын ам дахь оромжинд нь үзлэг хийж, эд мөрийн баримтуудыг авчээ. Улмаар гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Б.Амарбаясгалан Э.Вантөмөртэй утсаар яриулж нэгдүгээр хорооллын орчимд уулзуулахаар болсон аж. Э.Вантөмөр мягмар гаригт товлосон цагтаа нэгдүгээр хорооллын хоёрдугаар байранд очоод баригджээ.

ОРГОСОН УЧРААС ЯЛ ДЭЭР НЬ 5-10 ЖИЛ НЭМЭГДЭХ БОЛОЛТОЙ

Б.Амарбаясгалан давтан хулгай хийсэн хэргээр шүүгдвэл 10-15 жил хоригдох хуулийн зүйл ангиар шалгуулж байсан. Харин Э.Вантөмөр залилангийн хэргээр шүүгдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай байсан. Мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэрэгтээ гурав хүртэлх жилийн ял сонсох хуулийн зүйл ангиар шалгуулж байсан. Одоо үүн дээр нь цагдан хорих ангиас оргосон гэх гэмт хэргийн зүйл анги нэмэгдэх аж. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох хэргийг давтан буюу бүлэглэж, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Тариа хураалт, өвлийн бэлтгэл, хуримын сар эхэлж байхад юун Инчён

БНСУ-ын Инчён хот­ноо Азийн спортын XVII их наадам болж байна. Энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх уг наадамд Азийн 45 орны 9500 тамир­чин 36 спортын төрлөөр өрсөлдөж бай­на. Манай улсын 234 тамирчин спортын 24 төрөлд хүч сорьж байгаа юм. Монголын тамирчид эхний өдрөөс л одтой байж медалийн буухиагаа таслахгүй явж байна. Өчигдрийн байдлаар дөрвөн алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медальтайгаар 15 дугаар байрт жагсч байлаа. Энэ удаагийн наадмыг БНХАУ-ын баг 126 алт, 80 мөнгө, 62 хүрэл медальтайгаар тасархай түрүүлж байна. Харин араас нь зохион байгуулагч БНСУ 54 алт, Япон 37 алт, Казахстан 15 алт, Иран 14 алтан медальтайгаар тус тус нэхсээр.

БНСУ-ын хувьд зохион байгуулагч, талбайн эзэн гэдгээрээ энэ удаагийн наадмыг хошуучлах гэж янз бүрээр үзэж байгаа бололтой. Ер нь ч тэгдэг л дээ. Жижиг, том байна уу хамаагүй тэмцээн л бол тэмцээн. Зохион байгуулж байгаа газар нь аль болох тухайн тэмцээндээ тэргүүлчих санаатай л байдаг.

Монголчууд Инчёноос медаль хүртлээ гэх сай­хан мэдээг “Жүдочдын хоолноос бохир зүйл гарчээ” гэх хачирхмаар мэдээ сэлт дагалдсан нь тухайн үед эвгүй л бай­лаа. Гэсэн ч монголчууд тиймэрхүү явцуу зүйлд нэг их ач холбогдол өгдөггүй учир тэгэсхийгээд өнгөрөөсөн юм. Тэгтэл дараа нь манай далбааг буруу байрлуулсан нь монголчуудын эгдүүг төрүүлэв. Гэсэн ч бид уурсан хилэгнэсэнгүй, энэ чинь зүгээр наадам шүү дээ. Хүмүүс андуурч, эндүүрээ л биз.

Манай багийг ахалж байгаа Б.Бат-Эрдэнэ авар­га тэргүүтэй нөхөд дипломат ёсоорАзийн наадмыг зохион байгуулах хороонд ноот бичиг явуулж, болж буй үйл явдалд албан ёсны тайлбар хүссэн. Ноот бичгийн хариу ч ирсэн.Уг бичигт солонгосчууд болсон явдалд харамсч байгаагаа илэрхийлж, цаашид ийм алдаа дутаг­дал гаргахгүй гээд хоёр орны найрамдалт харилцаа, Азийн ард түмнүүдийн эв нэгдлийн төлөөх энэхүү наадмыг үлдсэн хугацаанд хүчин чармайлт гарган зохион байгуулахаа хичээнгүйлэн бичжээ.

Ингээд болсон явдал намжлаа гэтэл тэгсэнгүй. Манай боксчдыг оноогоор илт дарж, өрсөлдөгчөө хөл дээрээ тогтохгүй болтол нь зодсоор байтал ялалтыг нөгөө талд өгсөн нь хэний ч дургүйцлийг төрүүлж “Энэ Солонгосчууд чинь яасан олиггүй, шударга бус улс вэ” гэсэн дохиог дэлхий нийтэд өгчихлөө.

Японы арлыг шуу­гиулж, монгол эрийн хий­морь жавхааг дэлхийд цуурайтуулсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж болж буй явдалд эмзэглэж байгаагаа илэрхийлэн, цахим ертөнцөд үгээ илэр­хийлснийг япон­чууд олж уншаад хэв­лэл мэдээллийн хэрэгс­лүүд нь цохон тэмдэг­лэж байна. Японы мэдээл­лийн хэрэгслүүд “Солонгосчууд Монго­лын боксчдыг арай хэт­рүүл­жээ. Спортыг оршин тогтоодог шударга бай­дал солонгосоор дуусч байна уу” гэж олон улсад дамжуулж байна.

Манай хойд хөршийн­хөн ч энэ бүхэнд анхаарал хандуулж солонгосчууд монголчуудын ялалт, амжилт бүрийг хэрхэн дарж, нууж байгааг дэлхий нийтэд уламжилжээ.

Гэтэл Өмнөд Солон­госчууд зөвхөн Монголын баг биш Энэтхэг, Иран, Казахстан зэрэг улсуудын багуудад ч эвгүй зан гаргаж, зарим тоглолт тэмцээн дээр шударга биш байдал гаргаад байна.

Монголчууд бид БНСУ-тай үүх түүхээрээ ч, орчин цагт ч тэр ямар нэг сэжмээр холбогд­дог. Тэнд манай олон мянган залуус ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Энд ч олон зуун солонгос­чууд ажиллаж амьдран сууж байна. Уг нь бие биеэ үгүйсгэх улс биш л. Үнэндээ монголчуудын хэдэн хувь Инчёны наа­дамд анхаарал хандуул­сан бол оо. Нэг их тоо гарахгүй л болов уу. Яагаад гэвэл манай тамирчид олимп, дэлхийн аваргаас медалийг ихэрлүүлж, алаглуулаад авчихдаг болсон болохоор ард түмний хувьд зөвхөн олимп, дэлхийн аваргын дэвжээ л хамгийн үнэ цэнтэй мэт болчихсон.

Н.Төгсцогтод зохих ялалтыг өгөөгүй нь тэнд байсан монголчуудын дургүйцлийг төрүүлсэн нь мэдээж л дээ. Рингнээс хэдхэн алхмын зайнаас тоглолтыг нүд салгалгүй ширтэж байсан хүний сэтгэл хөдлөл юугаар ч илэрхийлшгүй сай­хан бас эгзэгтэй бай­даг. Тэгээд яах вэ дургүйцлээ илэрхийлээд ганц хоёр ундааны сав шидчихэж. Гэтэл үүний хариуд солонгосчууд “Тэгээд байвал танай багийг наадмаас хасна” гэж “томорчээ”. Үүгээр ч зогсохгүй БНСУ-ын зүгээс Монголд байгаа нутаг нэгтнүүддээ хан­дан “Та нар орой үдэш ресторан, бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудамжаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа дал­далж, нүдний шил зүү” гэж анхааруулжээ. Ийм анхааруулга гаргасныг дуулаад хичнээн монгол инээсэн гэж санана.

Бидний хувьд Солон­го­сын соёл заншил, хоол ундыг ойлгон хүлээж авцгаасан. Яагаад гэвэл бид нэг дэлхий дээр амьдран суугаа л улс шүү дээ. Яахав нэг тэмцээн дээр тэд тамирчнаа ялуу­лах гэж хичээгээд олимп, дэлхийн аваргын медальтай, барууныхныг 17-хон насандаа байлдан дагуулчихсан шавилхан боксчин залууд ялалт өгөхгүй гээд оноог нь дараа л биз. Тэрийг дэлхий нийт бүгдээрээ л харсан. Солонгосчуудыг бид ажилсаг, хөдөлмөрч хичээнгүй хүмүүс гэж ойлгодог. Бидэнд байхгүй сайн чанарууд тэнд бий, бий. Бас бид тэднийг эх оронч хүмүүс гэж боддог. Монголчууд бид ингэж л солонгосчуудыг эерүү боддог. Тэгтэл нэг багахан тэмцээнээс болж тэд нэр төрөө унагаан байж улайрч байгаа нь харамсалтай. Н.Төгсцогт рингнээс бууж ирээд хэл­лээ ш дээ “Надад нэг медаль дутаад байсан юм. Тэр нь Азийн наад­мын медаль л даа. Бусад нь бүгд байгаа. Медальтай л харьюу гэж бодсон юм. Гэхдээ яах вэ. Шударга үнэн ялах биз” гээд. Монгол хүнд жудаг гэж нэг зүйл байдаг юм. Тэр нь энэ.

Монголчууд урьсан зочноо хоймортоо суул­гаад, хоол ундны дээжээ өргөн барихдаа цайнд нь өндгөө ч дүрэхээс цээр­лэдэг тийм ариун ёс заншилтай талын уужим сэтгэлтэй хүмүүс. Азийн наадамхан төдийд тамирчныхаа оноог даруулж, хоолоо бузарлуулчихаад уурлаж босч ирдэг мунхаг улс биш ээ. Яагаад гэвэл бид түүхийн янз бүрийн нугачаа зовлонг туулан өнгөрүүлэхдээ элдэв саадыг туулаад л гарчих­сан, гарч чаддаг. Олимп, ДАШТ-д оноогоо даруулах байтугай, медалиа ч луйвардуулаад хоосон ирж ч байсан удаатай.

Гуулин улсын андууд­даа хэлэхэд Монголын баг тамирчдын маань хувьд Инчёны наадам бол хуваарьт ёсны дагуу л оролцож байгаа ээлжит нэг тэмцээн нь. Монголчууд бүгдээрээ шуугилдаад л ажил төрлөө алдан байж энэ наадмыг үзээд байгаа юм алга. Тариа хураалт, өвлийн бэлтгэл, найр хуримын үе эхэлж байхад юун, Инчён. Зав алга. Тийм болохоор Монголд байгаа солонгосчууд минь өмнө нь манай оронд яаж амьдардаг байсан бэ, яг тэр хэвээрээ л байгаарай. Бид наадам төдийхөнд хөөрөөд байдаггүй. Яагаад гэвэл долдугаар сар гараад л манай орны өнцөг булан бүр, тосгон болгонд иймэрхүү наадам зөндөө болдог юм.

Эх оронч байна гэдэг олон медаль авчирснаар хэмжигддэггүй. Харинулс орныхоо нэрийг дэлхийн дайдад бүтэн, бүрэн авч явахыг хэлдэг гэж бид ойлгодог оо.

Д.ГАНСАРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хар” тусмаа хар их

Үндэстэн бүхэнд дуртай үйлдэл бий. Монголчууд найр наадамдаа дуртай нь үнэн. Өөр дуртай юм бас бий. Солонгосчууд кимчидээ, япон­чууд сушиндээ, америкчууд гурилд хавчуулсан махандаа дуртай шиг бид бэлэн “бэлэн хардалт”-д ухаангүй дуртай.

Яагаад бидний сонголтод нэр дэвшигчийн сайхан чанаруудаас илүүтэйгээр өрсөлдөгчийнх нь сул талууд чухал байдаг вэ? Сайхан мэдээнээс илүү саар мэдээг бид илүү санадгийн учир юу вэ? Уул уурхайг хөгжүүлж улсаа өөд татах, шударга ёсыг төлөвшүүлэх сайхан үйлсийн горонд улсын уурхайг идэж байна, энэ сайд авлига авч сууна, тэнд манай улсыг хятадад худалдаж байна гэвэл олон түмэнд ойлгомжтой тусдаг.

Зөвхөн бид ч юмуу, ерөөсөө нүүдэлчид тэгдэг ч юмуу, учрыг олох гэж толгойгоо зовоож байснаас бэлэн зэхээний дүгнэлт аваа л хэрэглэвэл амар санагддаг. Дүгнэлт гэдэг бол итгэхэд зориулагдсан зүйл болохоос биш шалгахад зориулагдсан юм биш. Гэхдээ ямар ч дүгнэлтийг асуултаар сорьж болдог.

Болсон үйл явдлын талаар мэдээлэл дутмаг үед хүн яадаг вэ гэхээр, “хэрвээ энэ хүний оронд би байсан бол яах вэ” гэсэн асуулт өөртөө тавьдаг юм гэсэн. Тэгээд гарсан хариултаар нь дутуу мэдээллээ нөхөөд дүгнэлт гаргадаг гэж байгаа. Үүнийг Эрнандо Сото их ёжтойгоор “ихэнх эдийн засагчийг “морь судлаад ир” гэхээр,бэлчээрт очиж адуу ажиглахын оронд өрөөндөө орж аваад “хэрвээ би морь байсан бол яах вэ” гэж бодоод суучихдаг” хэмээн егөөдсөн байдаг.

Тэхээр хэрвээ уул уурхайг шийдэх эрх мэдэл, улсын хөрөнгийг захиран зарцуулах боломж бидний хэн нэгэнд ирлээ гэхэд “идэж уухаас татгалзахгүй” учраас л дээрх дүгнэлтийг амархан гаргаж байгаа хэрэг. Хэрвээ бид ард нийтээрээ идэж шамшигдуулахгүй хүмүүжилтэйсэн бол “арай ч үгүй байлгүй, даанч тэгмээргүй юм даа” гэхчлэнгийн эргэлзээ юуны түрүүнд төрөх байсан шүү дээ. Хэрвээ хэн нэгэн бусдаас “хар”-тай байгаа бол тэр өөрөө цаг үргэлж бусдыг “араар нь тавихад бэлэн” явдаг гэсэн үг. Учир тэрээр “хэрвээ би тэнд байсан бол…” гэж бодож үзсэний эцэст л хардах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэрэг.

Өнөөдөр нийгмээ болж бүтэхгүй өнгөөр нь цоллон байгаа бүхнийг, бүтээх босгох үйлсээс сүүдэр нуранги үхэн хатан хайгчдын үнэн царайг “хэрвээ энэ нөхөр өөрөө тэнд байсан бол яах вэ” гэж бодоод нэг хараарай. Хариулт нь таны сэтгэл зүрхэнд тэр дороо харван орж ирнэ дээ.

Ер нь бол хүсэл мөрөөдлөө бодит байдалтай харьцуулахад үргэлж л гологддог.Ямар ч тохиолдолд “өнөөдөр” тааруу санагддаг.Ирээдүй урдаас нь тосч яваа өсвөр үеийнхэнд “маргааш илүү сайхан” санагдана. Амьдралын ард гарч яваа ахмадуудад “өчигдөр л илүү байсан” шиг төсөөлөгдөнө.

Өнөөгийн их хурал, Засгийн газар ямар ч тааруу л санагдаж байгаа. Ер нь ноднин уржнан, арван жилийн өмнө ч таа­руу санагдаж бай­сан. Арван жилийн дараа ч гэсэн ямархан нэг юмаараа таарамжгүйлбайх болно. Ард түмэндээ “муухайдсан” засаг төр тогтож чаддаггүйн нэгэн адил улс орондоо гоёдсон засаг бас насладаггүй.

Бидний хэр зэрэг ардчилж чадаж байгаа, аль хэр сонголт хийж дөнгөж байгаагийн илэрхийлэл нь өнөөгийн манай УИХ, Засгийн газар.Юу бидэнд таалагдаагүй, бас юунаас салахтайгаа болсны үзүүлэн нь өмнөх сонголтууд. Бид засаг төрдөө муухайдаагүйн нэгэн адил, УИХ-д суугаа 76 этгээд Монголдоо гологдоно гэж үгүй. Нэг айлын хүүхдийн нэг нь лам болж буяны мөр хөөж, нөгөө нь морины наймаа хийж, золигийн нэг нь айлын мал гулсуулаад ачигдах нь байдаг шиг парламент хэмээх “ард түмний бичил цуглуулга”-д гэгээрэх хүсэлтэй, наймаанд дуртай, хажуу хавиргынхаа дэл сул юмыг тэсгээдэггүй зантайн аль аль ордог. Энэ нь нийт үндэстний зан чанарын тусгал гэж ойлгогддог. Энэ тусгалыг төр жолоодох бүлгээс эхлээд шоронгийн камерт хүртэл ажиглаж болдог.

Чухам ийм учраас “Нямдоржид хичнээн дургүй байлаа ч, түүнийг сонгуулиас өөр замаар парламентаас гаргана гэвэл эсэргүүцэх,Элбэгдоржийг төчнөөн хүндэлдэг ч төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарна гэвэл сөрөн зогсох” итгэл, үнэмшилтэй байдаг.

Чухам ийм учраас л өнөөгийн сонгуулийн тогтолцооны гажгийг хараад бөөлжис цутгадаг ч гэсэн “Зөвлөлт Холбоот улсаас хэдэн хүн ирээд МАХН-ын бүгд хурал хуралдуулж нам төрийн удирдагчийг сольж өгөөд буцдаг өчигдөртэй зүйрлэх юмгүй шударга болоод ариун” гэж сүсэлдэг.

Чухам ийм учраас бидэнд хамгийн зохимжтой удирдлага бол өдөр болгон чичүүлж суугаа, буух өдөр буцах хугацаатай энэ л хэсэг. Хэн нэгэн “сайн хүн” энэнээс өөр газарт байгаа бол энэнээс өөр газарт байх учиртай болоод л тэр. Энэ үнэнийг зууны тэртээд билиг авьяаст Ярослав Хашек бээр цагаан цайлган цэрэг Швейкийн үгээр бидэнд гэрээслэн үлдээсэн нь “юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” ажгуу.

Бид яагаад өнөөдөр байгаа бүхэндээ сэтгэл дундуур хандаж, маргаашийн илүү сайныг нэхнэ вэ? Өнөөдөр гэдэг бол өчигдрийн “гэрэлт маргааш” лшүү дээ. Харин “гэрэлт маргааш” гэдэг маргаашийн “сэтгэл дундуур өнөөдөр” төдийгүй нөгөөдрийн арай гэж салсан “өчигдөр” л байх болно гэдгийг бодож байсан уу? бид.

2010 оны 3 сарын 4

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд “Мэдээллийн ил тод байдлын карт”-тай болно

“Ил тод байдал сан” ТББ-аас Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн 6 дүүргийн төр, захиргааны байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдал” төслийн хүрээнд боловсруулсан “Мэдээллийн ил тод байдлын карт” ба цахим сайтын загварын эхний хувилбарыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, цахим сайт хариуцсан ажилтнууд, “Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ийн гишүүд, судлаач, иргэдийн төлөөлөл оролцлоо.

“Ил тод байдал сан” ТББ нь төр захиргааны байгууллагуудын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилготой юм. Ийм ч учраас төрийн байгууллагуудын мэдээлэл хэр зэрэг ил тод байгаа талаар тухайн газрын албан ёсны вэб сайтад судалгаа хийжээ. Ингэхдээ, мэдээллийн нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжтэй болон үр ашигтай байдал, агуулгын хувьд хэр зэрэг ойлгомжтой байна вэ зэрэг шалгуур үзүүлэлтийг тусгасан байна. Үүнд ихэнх төрийн байгууллагуудын цахим сайтад дарга нарын дэлгэрэнгүй танилцуулга, удирдлагуудтай холбоо барих утасны дугаар байдаггүй, сайтад хэрэгцээтэй мэдээлэл ховор, ихэнх нь уриа лоозонгийн шинжтэй, сайтад байгаа мэдээлэл ашиглагдахааргүй болж хуучирсан, шинэчлэл муутай гэх зэрэг дутагдалууд байгаа талаар шүүмжлэлттэй хандаж байна. Гэхдээ зарим нэг төрийн сайтын мэдээллийн ил тод байдал нэлээд нээлттэй тал руу хөгжиж байна гэж дүгнэн Нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны вэб сайт болох www.ulaanbaatar.mn -г онцолж байсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг Дарга болон НИТХ-ын тогтоол, тушаал, захирамжийг цаг тухайд нь сайтдаа байршуулж, гадаад руу томилолтоор явсан албан тушаалтны төсвийг дэлгэрэнгүй танилцуулж байгаа нь өмнө нь гарч байгаагүй дэвшилттэй зүйл болж, мэдээллийн ил тод байдлын соёл аажмаар нэвтэрч байгаагийн жишээ хэмээн онцоллоо.

Одоогоор Нийслэл болон дүүргүүдийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны дарга нарт “Ил тод байдлын карт”-ыг бөглөж өгөхийг хүссэн албан бичгийг явуулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр иргэд нийслэлийн удирдлагуудын дэлгэрэнгүй танилцуулга болон ажил үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг олон улсын форум болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн /IRI/-тэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг 10 дугаар сарын 06, 07-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох ажлыг шат ахиулах, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд Авлигийн эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах, Авлигын эсрэг Олон улсын Академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхамыг эхлэх гол зорилготой тус форумаар чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн үзэл баримтлалыг сонсож, туршлагаас нь хуваалцахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг даргын урилгаар форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Харьяа газруудын дарга нар, Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар оролцохоос гадна гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, Гадаад улс орноос Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 төлөөлөгч оролцоно.

Энэ удаагийн чуулганаас Улаанбаатарын тунхаглал, Улаанбаатар хотын Авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөний саналууд гэсэн томоохон баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа юм. Форумын үндсэн илтгэлийг “Авлигад Хяналт Тавих -Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, авлигын эсрэг нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тавих бол Төр ба нийгмийн уялдаа холбоо, Газар хувиарлалт ба өмчийн бүртгэл, Худалдан авах ажиллагаа, Тусгай зөвшөөрөл гэсэн үндсэн 4 сэдвийн дор салбар хуралдааныг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нар өнөөдөр баяраа тэмдэглэнэ

Дэлхийн багш нарын өдөр аравдугаар сарын 5-нд болдог. Тиймээс монголын багш нарын баярыг ч энэ өдөр хамтад нь тэмдэглэхээр болсон. Харин аравдугаар сарын 5-ны өдөр ням гаригт тохиож байгаа болохоор багш нар өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Багш нарын баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ ” Багшаа алдаршуулъя” сэдвийн дор 14. 00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын санаачилгаар индексээр тогтоож, шалгарсан ЕБС, цэцэрлэгийн багш нарт мөнгөн урамшуулал олгоно. Энэ жил нийслэлээс багш нарт 324.5 сая төгрөгийг урамшуулал олгож байгаа юм. Багш нарт мөнгөн урамшуулал олгох ажлыг дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцох ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Намрын чуулган нээлтээ хийгээд хоёр хонож байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 11.00 цагт эхэлнэ. Үүний өмнө 09.00 цагт УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно. Намын бүлэг, эвслүүдийн хуралдааны дараа Төрийн байгуулалын байнгын хороо хуралдах юм байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” ÓÈÕ-ûí 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсëèéã õýëýëöýõ ýñýõèéã øèéäíý. Тус байнгын хороо уг асуудлыг хэлэлцсэний дараагаар нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэх ажээ. Ийнхүү тус байнгын хороо Засгийн газрын бүтцийн асуудлаар 13.00 цагт хуралдаж, анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх хуваарь гарсан байна.

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаа тайлагнах юм. Үргэлжлүүлээд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр

Аргын тооллын 10 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 9, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин хонь өдөр. Өдийн наран 9 цаг 11 минутад мандан 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдөв үйлд хянамгай хандаж, биеэ энхийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвал эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулхад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.