Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа

Намрын уянга, ухаарал, дуурслыг нэвт шингээсэн Мөрдорж гуайн уг дууны ая аялгуунд шувуудын цуваа шиг шаргал өдрүүд ар араасаа зэллэн ирдэг билээ л. Цаг хугацааны хөнгөн гуниг хөндүүрхэн аястай тунгалаг улиралд хүмүүн гэгч сэтгэл зүрхнийхээ дотоод чинад руу улам тэмүүлж, дурсамж дурдатгалынхаа сайханд буй биеэрээ булхах шиг болдог. Хөхүүртэй айраг уруул чимчигнүүлэн исч, хөдөө хээр уртын дуу алсраад, шарга манхан уулсын хормойгоор адуу мал налайн зээ татсан ухаа хонгор өдрүүдийг бурхны бэлэг гэж бодохоос аргагүйд хүрдэг юм. Нэг санах нь ээ, уртхан налгар ч юм шиг, эс бөгөөс огтоос богино ч юм шиг энэхүү зурвасхан цаг мөчид халуу шатсан зуны сарууд хэдийнэ үүл шиг нүүн одож, сэр сэрхэн салхи үлээсэн сэрүүн бумбын орон алгаа дэлгэдэг. 

Жимс ногооны болц нь бо¬ловсорч гүйцэн хаашаа л хар­на арааны шүлс асгаруулам бөн­жигнөнө. Зуны наранд хахарч гашуурсан айраг хамар сэтлэм сэнхийгээд, улцайж нялцайгаад болдоггүй өрөм хуруу зузаан дарайхыг нь яана. Шар сүү болсон тараг аяндаа өтгөрч бүрэлдээд ца¬гаан элэг огтлоод тавьчихсан мэт гайхам сайхан. Гоо үзэс­гэлэнгээ бахдуулж биш­рүүл­сэн байгаль дэлхий шим шүүсээ татахынхаа өмнө байгаа бүхнээ дэлгэж тавьдаг нь учиртай л биз. Уул толгодын бараа хонгортон бүгээнтээд, улмаар алтран шаргалтаж хүүсхэн хүүсхэн салхины намиргаанд хүмүүний амьдрал бөмбөрөөд ч байх шиг.  

Ийм нэг сэтгэлийг шинэт­гэсэн улирал Мөөеөгийн “Галуун цуваа хөвөрсөн, голын ус нь мэлтэгнэсэн, ганган байгаль хосолсон, гоёхон намрын өнгө…”-тэйгээ ирж байна даа. Намрын тухай дуу олон чиг бий. Гэвч тэр бүгдээс аварга Мөрдоржийн хөгжим, Цэрэндэндэв билүү дээ, нэр нь үл мэдэгдэх жолоочийн шүлгийг нь ундруулсан эл дууны бадаг нугалаанд эрхгүй сэтгэл далавчлаад, тариан түрүү сугсарсан хөндий дээгүүр аяны шувууд адил зэллэх шигт болдог бүлгээ. Адарсүрэнгийн хоолойгоор хоногшсон дуу юм. 

Тэр тухай Адуучийн Басхүү “Гэнэт хашааны хаалга нээгдээд Адараа ах сэвхийтэл ороод ирэв. Орж ирж байгаа нь бас л хийморьтой харагддаг сан. Ээж аав хоёроос манай хүн айна. Ээж хүний эх л болсон хойно, гэргий хүүхдээ хаяад хаагуур яваад байгаа юм, архи дарс уугаад байна уу гэж зэмлэлээ. Тэгтэл жаахан хулгаснаа “Аав ээж хоёр минь уучлаарай” гээд “Хүү нь дөнгөж сая Монголын ард түмэн хэзээд ч мартахааргүй, зуун дамжин дуулагдах нэгэн бүтээлийг радиод бичүүлчихээд ирлээ. Ялангуяа намар цагт миний энэ дууг дуулж хүмүүс намрын сайхныг сэрж мэдэрнэ дээ” гэж байсан сан. Тэр нь “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа” гэсэн дуу. Уг дууг дуулуулах гэж төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Адараа ахыг эрж сурч хайсан юм билээ. Өөр дуучнаар эхлээд дуулуулж л дээ. Гэхэд өвгөн “Та нар миний дотроо бодож амилуулсан намрын өнгийг илэрхийлж чадахгүй байна. Үүнийг ганцхан Адараа л чадна. Би түүний хоолойд зориулж бичсэн юм шүү” гэж  хэлж байсан гэдэг” хэмээн дурссан нь бий. Ингэж Мөрдоржийн “Алтан намар” Адараагийн хоолойгоор олны сэтгэлийг долгилуулж, дуучны өөрийнх нь хэлснээр зуун дамжигдах ерөөлийг олж  шүү. 

“Галуун цуваа хөвөрсөн…” гээд эхлэхээр яалт ч үгүй Хөшөөтийн голын минь халиун шаргал намар санаанд бууна. Сав л хийвэл бодол оюунд ургаад цээжин цаана хөндүүрлэн, хөвсөлзүүлээд ирдэг нь оюутан болох жилийн намар юм даа. Хоёр мянга нэг оны наймдугаар сарын хорин тавны орой ижий аав минь ууган хүү намайгаа эрдмийн аянд мордуулахаар үдэж, гол усныхныгаа хүүхэд хөгшидтэй нь цуглуулж найр наадам үүсгээд, ханагар өвгөд хоймор эзэлсэн хайлган тэр үдшийг яахин мартах билээ. 

Маргааш өглөө хотын унаанд дөрөөлөхийн өмнөхөн аав, хаяа хаяагаа дэрлэн буусан хот айлаа гүүн зэл, үнээн зэлтэй бүгдийг нар зөв гурвантаа тойроод ирэхийг хэлж унаган хүлэгт минь мордуулж билээ. Холын холд одох гэж буйгаа тэгэхэд л анзаарч, хоёр нүднээсээ нулимс сувдруулан явахдаа Хөшөөтийн голын намрыг сэтгэл зүрхнийхээ гүнээс мэдэрсэн сэн. Уул ус минь энхрий дотно санагдаж, голын хойно урд багширсан адуу мал намрын хонгор наран дотор налайгаад, зэлтэй унага мөр мөрөө дэрлэн зүүрмэглэж, бага балчраас жалга довных нь чулуугаар тоглож өссөн Гозгорын тэртээгээс элгэмсэг зөөлөн салхи сэвэгнэн, Баянхангай хайрханы наагуур униар хөөг татаад үлгэрийн мэт санагдаж байсан сан. “Хүний дээдтэй учирч, уулсын сайхныг үзэж яваарай” гээд аав минь хоцорсон доо. 

Намрын сарууд надад ийм л дурсамж дурдатгалын цэнхэр сэвэлзээтэй ирдэг билээ. Багын юм мартагдана гэж үгүй сэн. Сумын төвийн ёотон цагаан байшингуудын дунд ижий ааваа санагалзан нус нулимстайгаа холилдон суусан халтар жаалыг будааны тэрэгтэй ах нар “53”-ынхаа тэвшин дээр “шидэж” олон ч удаа гэрт минь хүргэсэн дээ. Нэлэнхүйдээ амуу тариа асгарсан том тэрэгний тэвшин дээр салхи сөрөн дарцаглаж, гол усаа өгсөн намрын хонгор өдөр гэртээ очих сайхан. Шөнө орой хэдийд ч яваад очиход уяа дүүрэн морьд, гэр дүүрэн хүн угтдаг билээ. Тэгээд л айраг найрын дугараа эргэж, өнөө л Адараагийн “Алтан намар” эгшиглээд хяруу унасан намрын буурал өглөө айлын ах нартай адуунд мордохын бахтайг хэлээд яах вэ. Уулсын орой бууралтсан намрын өглөө адуунд мордоход ухаан санаа сийрэгхэн болдог нь дамжиггүй. Цантай хулсан уурга, хазаарын суран жолоо гар хайраад улмаар хурууны өндөг чимчигнээд ирэхэд биеийн эд эс бүхэлдээ сэрэх шиг болдог юм. 

Хайлган хөх үдшээр уулсаа халиаж суух сайхан. Ертөнцийн жам ёсыг эргэцүүлж, өөрөө өөрийгөө танихын эхлэл тавигдах шиг болдог. Өвгөн цохионых нь сүглийлдсэн орой он жилүүдийн дуртгал шиг санагдана. Улирах ца¬гийн аясаар өвсөн толгой жимбүүрдэн исгэрч хэн нэг­нийг санаж эгээрэхийн бодлогошролд умбуулж орхи¬но. Тийм дээ, намар бол дурсан саналзахын, дуулан гэгэлзэхийн, амраглан хайр¬лахын, ариусан гэгээрэхийн улирал юм. Их, Бага Арцын ам, Хэц өндрийнхөө ноёлог уулсын энгэр ташаагаар адуу хураах гэж манарган туучихдаа Нацагдорж, Явуу, Пүрэвдорж, Ширчинсүрэн, Сэр-Одын намрын шүлгүүдийг уншиж явжээ. 

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа…” гэх Явуугийн бодлогошрол ухаарал, за тэгээд л Нацагдоржийнхоо сэтгэл бөмбөрүүлсэн найргийн мөрүүдээс асгаруулж, Пүрэвдорж гуайн  “…Алтан наранд хэлхсэн юм шиг

Ангир шар өдрүүд ар араасаа цуварч

Айраг, найр хоёроо барж ядсан

Ай даа, мөн урт намар байж шүү

Удахгүй өвөлжөөнд танайтай цуг айлсана гэхээс

Уулын толгой будраасай гэхэд будрахгүй

Усны шувууд буцаасай гэхэд буцахгүй

Уртын дуу шиг уянгалсан урт намтар…”-т нь сэтгэл татагдан явж дээ. Одоо эргээд  дээрх шүлгүүдээс уншихуйд Их Арцын уулсын магнаг тэргүүнийг  илбэсэн салхин сэрчигнээ мэдрэгдэж, унасан морины минь хөлс амтагдах шиг болдог сон.   

Манайх Дэлгэрийн буурал шанаанд буусан тэр намрын саруудыг мөн л мартдаггүй ээ. Гэмтсэн унаганыхаа хөлийг эмчлэх гэж ижийтэйгээ хоёул нарийн шаргал дэрсэн дундуур өдөржин алхалж, унагаа зөөлөн зөөлөн гишгүүлж явсан эмзэг уясуухан цаг юмсан. Дэлгэрийн нууранд хичнээн ч төрлийн шувууд цугласан юм бэ. Тэргэл цагаан сартай үдэш гүүгээ тавихаар оройн сааманд гарахад түмэн зүйлийн шувууд ганганалдан чуулаад сэтгэл зүрхийг хилийн торгон утас шиг жингэнүүлж орхино. Ёстой л нөгөө наран тогорууд цээжинд хошуурсан намар гэдэг нь тэр байлгүй.   

Шувууд чуулсан намрын орой зэгс шагшуурга исгэрэхийг чагнаархан нуурын хаяа дэрлэн унтах шиг жаргал үгүй. Тооноор мэлтийсэн сарны туяа асгараад, түрүүхэнд бүлээд орхисон хөхүүртэй айраг чим чим шуугин исч, тариа будааг нь хураасан хөндийд цагаан шаргал солоом хөглөрөн, тэр зүгт адуу мал үүрсэн янцгаалдана. Аавынхаа тэрлэгийг өрөөлдөж нөмрөөд өглөө эртээ адуунд мордохоор хэвтэхэд өнөө “Алтан намрын өнгө” чинь голын шуугианаас, нуурын тэртээгээс, саахалтынхны хот айлаас дуурьсаж л байна шүү дээ.

Тэр жил Сэлэнгийн Алтан¬булагт алба хааж байсан дүүгээ зорихдоо Сайханы хөтөл дээрээс Орхон, Сэлэнгийн бэлчирийг сэтгэл догдлон харж ой шугуйнх нь шаргал халиун намарт уусч явлаа. Нимгэн цагаан үүлс хошуурсан намрын тунгалаг шөнө гол мөрөн уулсаа ороон эмжээрлэн урсахыг харах бас л сайхан. Нарийн хонгор салхи нь найргийн мөрүүд шивнэлээ гэдэг шиг. Аанай буурал найрагч Пунцагийн Бадарчийн хэлсэнчлэн 

“Сонгинын шар шугуй

Солонгын долоон өнгөтэй

Сор мөнгөн намартаа

Согоо уйдам салхитай…” байдаг биз ээ. Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Эрдэнэ баавайнхаа Ононгийн намрыг мөн л үзэж нүд баясан явснаа үл мартнам. 

“…Би Альпийн нурууг үзсэн. Оройных нь цас зунаар хайлж уул тэр чигээрээ ус болоод гоожиж байдаг юм билээ. Үнэхээр сайхан байгаль сэтгэл догдлуулдаг юм. Тэгэхдээ би тэр уулыг Хүүлээ шигээ ер хайрлах сэтгэл төрөөгүй. Хүүлээгээ харах бүрт энэ л бодогддог доо” гэж Мягаа эрхлэгч бичсэн нь бий. Нээрээ л орчлон ертөнцийн хаанаас ч хүмүүний үр нутгийнхаа уулсад, нутгийнхаа намарт сэтгэл хоргоддог ажгуу. Амьдрахуйн сайхныг бэлэглэж, алдаа оноо, цэнгэл баяр, уйтгар гунигийг төрүүлэн хэнийг ч болов гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн ус голын намар шиг үнэт эрдэнийг хаанаас ч олохгүй болов уу. Халуут сэтгэлээр цэнгэн, хайр энхрийллээр нэгнээ мөрөөдөн байдаг ч хатуу өвлийн буулгыг мэддэгтээ хадлан бордоогоо бэлдэж, тариа ногоогоо хурааж, хулгана хүртэл хөеөгөө цуглуулан  нүргэлсэн их симфони эгшиглэлээ гэдэг шиг намрын бүхий л хөдөлгөөн дунд хүмүүний амьдрал өрнөнө. Намрын уулс гүн их бодлогошролд автаад дотоод хүчээ бид бүхэнд өгдөг болохоор л цээж хөндүүрлэн татагдаж, сэвшээ хонгор салхинаас нь тарнийн шидийг мэдэрдэг биз ээ. “Амуу тариа найгасан, арвин сүрэг налайсан, айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” ч жинхэнэ утгаараа гэрэлтэн байна даа. Удаа ч үгүй хяруу мөнгөрөн цавцайж, уяа цэрвэнд сойлттой морьд бөн бөн чичирч, усны шувууд ганганан буцаад улс амьтны сэтгэл дэнслээд ирнэ дээ. 

Н.ГАНТУЛГА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол математикчдыг дэлхийд үнэлүүлсэн АРДЫН БАГШИЙНХ

Чадраа гуай ШУА-ийн ерөнхийлөгч 
байхдаа “Тасганы овооны өнөө муу арваннэг чинь сүрхий болчихож. Тэнд ер нь
юу болоод байна аа” гэж гайхаж байсан гэдэг. Найман жилийн 11 дүгээр сургууль математик,
физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, сурагчид нь олон улсын олимпиадад шил дараалан
медаль авчихсан учраас ШУА-ийн ерөнхийлөгч тэгж гайхсан хэрэг. Энэ удаа өнжихөөр
зорьсон айл маань “өнөө муу арван нэг”-ийг сүрхий болгосон Ардын багш  Маамынх.

Бэлдсэн шавь нар нь математикийн олон улсын олимпиадаас медаль шүүрээд
ирдгээрээ улсдаа зартай, гоц хүүхдүүдийг анги алгасуулах шийдвэр гарахад том нөлөө
үзүүлсэн, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийг анх удаа
байгуулсан гэж ирээд яривал энэ эрхмийн боловсролын салбарт хийсэн ажил өчнөөн.
“Шинэ үе” дунд сургуулийн захирал энэ эрхмийг математикийн Маам гэдгээр нь мэдэхгүй
хүн үгүй. Ямар сайндаа л сургууль байгуулсан чинь шавь нар нь, шавь нарынх нь танилууд
хүүхдүүдээ дагуулаад ирэхэв. Сургуулийнх нь сурагчдын жараад хувь ийм шалтгаанаар
ирсэн гэсэн. Маам багшийнх сургуулийнхаа яг хажуугийн байрны дөрвөн өрөө сууцанд
төвхнөөд удаж байгаа гэнэ. Зуун хорьд амьдарч байгаад ийшээ нүүж иржээ. Биднийг
ороход гэрийн эзэгтэй, гэрийн эзэн хоёр “Сургууль эхлэхийн өмнөх өдрүүдэд манайх
гэдэг айл бужигнана шүү дээ” гэсээр угтав.

Эзэгтэйг цай, хоол базаах зуур зочны өрөөнд тухлангаа  гэрийн эзэнтэй нутаг ус, удам судрын яриа хөөрөө
үүсгэв. Маам багш Завхан аймгийн Сонгино сумын уугуул аж.  “Би уг нь Пэлжээ гэдэг хүний хүүхэд.  Үнэнбилэг гэдэг нь өргөж авсан аавын минь алдар.
Нэг сонин нь надад хэн ч нэр өгөөгүй. Хүн бүр намайг  маамаа гэж өхөөрддөг байж л дээ. Тэгээд л Маамаа
гэдэг нэртэй болчихсон. Сургуульд ороход хүүхдүүд шоолно гээд Маамаагаа Маам болгож
өөрчилсөн” хэмээн яриагаа эхлэв. 1964 оноос хойш багшилж байгаа аж. 52, 18, 11 дүгээр
сургуульд ажиллаж байсан тухайгаа баахан ярив. Тулж ажилласан сургуулиуд нь гэнэ.
Зургаан жил багшлаад л хичээлийн эрхлэгч, менежер, захирал гээд явчихаж. Гэхдээ
хичээлээ бол заасаар байж. “Дал гарсан хэрнээ шохой бариад хичээлээ заагаад явж
байгаа Ардын багш ганцхан байгаа” гэж эзэгтэй ярианд оролцов. Гэрийн эзэгтэйг Цэрэндолгор
гэдэг юм байна.  Маам багштай нэг нутгийнх,
бүр нэг багийнх гэнэ. Баян Нямаа гэдэг хүний үр сад аж. Тэд гэрлээд хагас зуун өнгөрчээ.

 

АМЕРИК ЦЭРГИЙН ДЕСАНТ БУУЛГАСАН ЗАХИРАЛ

Арваннэгдүгээр сургуулийн захирал болсон түүх нь сонирхол татав.
Яармагийн 34 дүгээр сургуулийн захирлаар гурван жил ажиллачихаад Хотын боловсролын
газарт математикийн сургалттай тусгай сургууль байгуулах хүсэлтээ уламжилсан гэнэ.
Өнөөдүүл нь ч дэмжиж 11 дүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай
болгожээ. Ойр хавийнхаа сургуулиас тоондоо сайн 
хүүхдүүдийг сонгон авч хичээллээд хоёрхон жилийн дотор улс даяар нэртэй сургууль
болсон гэнэ.  Хүүхдүүд нь олон улсын математикийн
олимпиадаас медаль авч тухайн үедээ шуугиан дуулиан болж байж. Хүүхдүүдийнх нь мундгийг
гайхсан АНУ-ын Элчин сайд Жонсон Америкийн цэргийн тусгай десант буулгаж сургуулийнх
нь заалыг барьж өгсөн гэж байгаа. “Их л сонин явдал болсон гэж дуулддаг. Америк
цэргүүдээр спорт заалаа бариулсан тэр үйл явдлаа нэг сайхан яриад өгөөч” гэтэл
“Тэр үед гадаадаас мөнгө орж ирэх төвөгтэй байсан. АНУ ганцхан батлан хамгаалахын
шугамаар харилцаатай. Жонсон сайдыг ирдгийн хавар сургуулийн заал барьж өгнө гээд
баахан цэргийн дарга нар ирдэг юм. Америкаас мөнгө орж ирсэн тул заал барьж өгнө
гэнэ. Элчингээсээ асуутал Америкийн Ази Номхон далайн цэргийн флотоос Батлан хамгаалах
яам руу мөнгө шилжүүлсэн гэж байна. Яамныхан 
хариуцаж бариулсан ч цонх нь цантаад болдоггүй. Элчингээ ахиад дуудлаа. Үнэхээр
тааруу болж гэж толгой сэгсэрч байгаад явлаа. За тэгээд нэг их удалгүй Америкийн
цэргийн десант буудаг юм. Нэг их том онгоцтой. Монголд тийм том онгоц анх удаа л
буусан нь тэр болов уу. Өнөө онгоцондоо барилгын бүх багаж, материалаа хийчихсэн.
Эндээс тоос, шавар, элс энэ тэрээ л авсан байх. Цэргүүд нь гэж хачин гоё ногоон
эрээн хувцастай. Урт түрийтэй үддэг гуталтай. За тэгээд өнөө цэргүүд чинь манай
сургуулийн спорт заалыг барьж эхэлсэн дээ. 
Би өнөөдүүлээ манаж хянадаг ажилтай” гэж байна. Америк цэргийн гоё хувцас,
гутлыг нь манай залуус сонирхоод байж л дээ. Гадаадаас ирсэн цэргүүдийг харах гэж
тэр хавиар эргэлдэх болсон охид ч цөөнгүй байж. Ингээд л захирал манаанд гарсан
хэрэг. Арваннэгдүгээр сургуулийг хоёр жилийн өмнө нураахад өөрийнх нь бариулсан
улаан тоосгон суурьтай төмөр хашаа, Америк цэргүүдээр бариулсан спорт заал нь хэвээр
үлдсэнийг бэлгэшээж байгаа гэнэ. “Цаашид ашиглах юм байна гэсэн бодолтой байгаа
шүү” гэж байна.

 

ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНГИ АЛГАСУУЛДАГ

БОЛГОСОН НЬ

“Шинэ үе” сургуулиа байгуулсан түүх нь ч санамсаргүй гэмээр тохиолдол
болж. 2002 онд амралтаа авчихаад хотын захиргааны хажуугаар өнгөрч явахдаа гэнэт
л сургуулийн газар хүсч ормоор санагдсан гэнэ. 52 дугаар сургуульд хүүхдүүдээ олимпиадад
бэлддэг байхад нь тухайн үеийн хотын дарга 
М.Энхболд нэгдүгээр сургуулийн сурагч байсан аж. Сайн багш гэдгийг нь мэддэг
хотын мэр сургууль барих газар гуйхад нь уриалгахан тусалжээ. Сургуулиа хүн гуйж
бариулсан  үеийн түүхээ ярьж байтал эхнэр
нь гал тогооны өрөөнөөс “Амжилтаа ярихгүй юм уу. Нөгөө Алтанцог, Энхболдыг…” гэж
байна. Маам багш нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа “Чи ярьж өг тэгвэл” гэж цаашлуулж
инээдэм болов. Эзэгтэйг өнөөхөө хэл гэж сануулах бүрд л гэрийн эзэн иймэрхүү хошин
үг унагах юм.  Тэрээр “Би ингэсэн тэгсэн гэж
ярих ч халуун шүү” гэсээр  яриагаа үргэлжлүүлэв.  Маам багш 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн
сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын
тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг
дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг
ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ. Шавь нараасаа
Энхболдыг онцолж байна. Математикт авьяастай хүү 32 дугаар сургуульд наймаа төгсөөд
есдүгээр ангидаа 52-т шилжиж ирсэн аж.  Маам
багш хайртай шавийнхаа талаар “Энхболдод ес, арвынх нь хичээлийг заагаад аравдугаар
ангийн олимпиадад оруулсан чинь хотын аварга болчихлоо. Анги ахиулсан гээд хэл ам
болсон л доо. Дараа нь олон улсын олимиадаас медаль аваад ирэхээр аргагүй хүлээн
зөвшөөрч байгаа юм. Тэр үед би хичээлийн эрхлэгч. Тийм сайн хүүхдээ аравт нь суулгаад
дахиад уралдаан тэмцээнд оруулж сургуулийнхаа нэрийг гаргаж болох байсан л даа.
Гэхдээ тэгээгүй. Ээжтэйгээ амьдардаг хүүд нэг жил ч гэсэн хэрэгтэй. Тэгээд их сургуулийн
Содном багш дээр очлоо. Гэрчилгээгүй гээд авдаггүй. Боловсролын сайд дээр яваад
орлоо. Тэр үед Дашцэрэн гэж  математикийн
хүн сайд байсан болохоор төгсөлтийн гэрчилгээ асуудалгүй шийдэгдэж Энхболдыгоо их
сургуульд оруулсан түүхтэй. Дээд сургуулиа хугацаанаас нь өмнө төгсөх гэтэл Төв
хорооноос бусад хичээлээ судал гээд зөвшөөрдөггүй. Энхболд маань сүүлдээ төгсөх
курстээ багшилж байлаа. Төгсөнгүүт нь Москвагийн аспирантурт явуулах гэтэл хоёр
жил ажиллаж байж бол гээд мөн л халгаасангүй. Ажиллаж байгаад хойшоо явлаа. Тэнд
очоод бүр гялалзсан. Москвагийн их сургуулийн багш нар тавьсан илтгэлийг нь  нээлт хийсэн илтгэл болж байна гээд алга ташаад  сүйд байсан. Даанч нэг их урт наслаагүй дээ” хэмээн
дурсамж сөхөв.

Сонирхуулж хэлэхэд Маам багш Энхболдоос үүдэж боловсролын салбарт
нэг шинэчлэлийг анх удаа хийсэн юм билээ. Гоц сайн хүүхдийг анги алгасуулах шийдвэр
гаргуулах гэж нэлээд зүтгэжээ. Ерээд оноос анги алгасч болохыг албан ёсоор хүлээн
зөвшөөрсөн гэнэ. Боловсролын салбарт хийсэн бас нэг шинэчлэлээ анхны тусгай сургууль
байгуулсан явдал гэж тайлбарлав. 11 дүгээр сургуулийг хэлсэн хэрэг.

Шавь нарынх нь тоог сонирхтол цаасан дээр тоо бодож сууснаа “Лав
4000 гарчээ” гэж байна. Эрдэмтэн шавь нарынхаа тоог алджээ.  “Монос”-ын Хүрэлбаатар, академич Бэгзээс эхлээд
жагсаавал барагдахгүй шинжтэй. Аль нэгийг нь хаячихаар “Багш миний нэрийг хэлсэнгүй”
гээд сүйд болдог гэнэ. Улстөрчдөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын
гишүүн Бурмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, Боловсролын сайдаар
ажиллаж байсан Ё.Отгонбаярыг онцолж байна. 
Урлагийнхнаас хамгийн мундаг яваа нь дуучин Ариунаа гэнэ. За тэгээд хөдөлмөрийн
баатар шавь гэвэл Цэнд-Аюуш, Бямбажав, Ганчимэг гээд өчнөөн нэр жагсаахаар юм билээ.
Дэлхийд гэж яригдах хүн ч шавь нар дунд нь байгаа гэж бахархав. Америк, Азийн их
сургуулиудад хичээл зааж байсан, одоо Европт багшилж байгаа  Отгонбаярыгаа нэрлэв. УИХ-ын гишүүн, Хотын дарга
байсан Ц.Баасанжав багшдаа ойр шавь нарын нэг. Дотно холбоотой, байнга л тусалж
дэмжиж явдаг аж.

 

СУРАГЧДАА ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ ШӨНӨЖИН ТОО БОДДОГ БАГШ

Хоол бэлэн болжээ. Гуляш идэх зуур гэрийн эзэгтэй дуугүй суусангүй.  “Манай хүний шавь нар салбар бүрт л амжилттай
яваа. Маам багшийн чинь нэг онцлог ёстой хүний төлөө шүү дээ. Тэр үед конкурст бэлдэнэ
гэж том ажил болдог байлаа. Манайх 120-д. Маам багшаар бэлдүүлнэ гээд дарга нар
хүртэл хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулна гээд шөнө унтахгүй бэлдэнэ.
Би том өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаад өгнө. Өнөө хэд гал тогооны өрөөнд шөнөжин суугаад
бодлого бодчихно. Конкурс эхэлдэг өдөр Маам хүүхдүүддээ анхаарал тавина гэж жигтэйхэн.
За тэр маань гараад ирлээ яасан, ямар бодлого ирсэн гээд гүйчихнэ. Чехэд элчингийн
тэрэг барьж байсан Сэнгээгийн эхнэр бүр сүүлд “Маам багшийг бодохоор санаа зовоод
байдаг юм. Хүүхдээ тэгж бэлдүүлж өчнөөн гоё сургуульд оруулчихаад баярлалаа гээд
хэдэн төгрөг өгөхөө ч мэдэхгүй. Албатай юм шиг л явдаг байж” гэж билээ. Манай Маам
ийм л хүн” хэмээн ярихад гэрийн эзэн дуугүйхэн инээмсэглэнэ.

Сургуулиа байгуулах үед хэдэн шавь нь  “Маам багшаа, бид танд өртэй шүү. Тусламж хэрэгтэй
бол та бусад шавь нартаа дуулгаарай” гэхэд “Би ямар мөнгө гуйх гэж шавь нараа сургасан
уу. Бүтвэл бүтэг байвал байг” гээд халгаагаагүй гэнэ. Зэрэг цолтой өчнөөн сайн багштай,
улс, нийслэлийн шилдэг сургууль хэр нь төлбөрөө нэмье гэж огт дуугардаггүй гэнэ.
Гэрийн эзэгтэй сургуулийнхаа санхүүг хариуцдаг учраас хааяа төлбөрөө нэмэх санал
тавихаар “Би төлбөрөө нэмэхгүй. Энэ хэдэн сэхээтний хүүхдүүдийг хэн сургах вэ. Эрдэм
шинжилгээний ажилчид, их сургуулийн багш, төрийн албан хаагчид байна. Эдэнд тийм
өм цөм мөнгө хаана байхав” гээд халгаадаггүй аж. Эзэгтэй сургуулийнхаа санхүүг барихаас
гадна сурагчдын автобус, дүрэмт хувцас, цайны газрын эрүүл ахуй, сургуулийн доторх
соёл гээд хариуцдаггүй ажил үгүй бололтой. Маам багш “Манай сургуулийн соёл сайн
шүү. Арваад жил болсон гэхэд хана нь тэр хэвээрээ. Өнөөг хүртэл ямар ч будаг хүргээгүй.  Хулгай гэж огт байхгүй” гэснээ  “Манай сургуулийн удирдлагууд их сайн. Заавал
бичээд өгөөрэй, манай дэд захирал О.Идэрсайхан гэж мундаг залуу бий. Ур чадварын
уралдааны гурван удаагийн аварга, улсын хоёр удаагийн аварга” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөг сонирхлоо. Нэг ханандаа битүү ном өрчихөж.
Дан тооны чигийн ном харагдав. Шавь нар нь гадагшаа яваад ирэхээрээ л нэг ном авчирч
өгдөг гэнэ.  Компьютер тавьсан ажлын ширээгээ
“Гаднаас мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй газар” гэж байна. Бичгийн ширээний
эсрэг талын  ханын шүүгээнд бурхан тахилаа
залжээ. Далай багштай авахуулсан зургаа их л нандигнан залжээ. Бурхан тахил залсан
шүүгээний доод талын тавиурт хүндэтгэн байрлуулсан  цагаан зааныг Энхболдын ах Алтанцог дурсгажээ.
Хайртай шавийнхаа дурсгасан зүйлийг нандигнаж явдаг гэнэ.  Ном өрсөн шүүгээний дээд талд өчнөөн шагнал өржээ.
Энд  Ж.Батмөнх гэсэн гарын үсэгтэй Засгийн
газрын хүндэт жуух ч байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан шагнал авснаа их
л онцгойлж байна. Тэргүүний ажилтны улаан хавтастай үнэмлэх дээр  “Ардын боловсролын яамны үзлэгээр амжилттай дүн
үзүүлж ажилласан явдалд…” гэсэн өгүүлбэрийг зүгээр ч нэг бичээгүй гэнэ. 52 дугаар
сургуульд очсон жил нь яамнаас үзлэг иржээ. Хажуу хавийн сургуулиуд нь үзлэгт уналаа
гэсэн түгшмээр мэдээ ирээд байж. Үзлэгийнхэн ч ирж гэнэ. Шалгуулсан сурагчид нь
бүгдээрээ зуу авчихаж. Маам багшийн амжилт нь 100, чанар нь 90 хувь гэж гарчээ.  Үзлэг ахалсан дарга  “Ийм юм гэж хаана байдаг юм. Тест задарсан юм
биш үү” гээд дахиад шалгасан чинь мөн л 100 гэсэн үнэлгээтэй гараад ирж. Шалгалтын
дараа өнөө хардсан дарга дээр очоод “Хүүхдүүдийг маань ахиад шалгах уу” гэж асуутал
“Битгий донгос, явж үз” гэж бухимдан хэлж байжээ. 1972 онд авсан тэргүүний ажилтны
тэмдэг нь Хятадад хийлгэсэн  эд гэнэ. Уртаа
гэгчийн шруптэй, төрийн далбааны цэнхэр улаан хосолсон ромбо хэлбэрийн тэмдэг харагдав.

Зочны өрөөний ханын шүү­гээний дээд тавиурт дурс­галын үгтэй мөнгөн
аяганууд өржээ. Ардын багш авдаг жил нь салбарынхаа яамнаас дурсгасан мөнгөн аягыг
зааснаа “Эдэлж хэрэглэхдээ дургүй, харж байх хүсэлтэй” гэж байна. Зочны өрөөний
ханандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас гавьяат багш цол хүртэж байгаа
үеийн зургаа өлгөжээ. Хажууд нь Н.Багабанди Ерөн­хий­лөгчөөс Ардын багш цол авч
байх үеийнх нь зураг  харагдана.

 

ГУЧ НАРАА “МОНГОЛ ХҮН БОЛГОХООР” АМЕРИКААС АВЧИРЧЭЭ

Маам багшийнх хоёр охин­­той юм байна. Том нь Ленинградад суралцаж
ирснээсээ хойш  Хавдар суд­ла­лын үндэсний
төвд ажилласан гэнэ. Ээж нь “Инженер эмч хийдэг” гэж тодруулав. Элэг бөглөхөөс эхлээд  энэ эмнэлэгт ашигладаг бүх л чухал аппаратуудыг
мэддэг хүн бололтой. Хүргэн нь мөн л эмч. Одоо хувиараа бизнестэй аж. Аав нь ууган
охиноо “Миний охин нэг газ­раа удаан ажилласан болохоор ажилдаа гаршсан, шагнал
урамшуулал сайн авдаг” гэж магтав. Бага охин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг
төгсөөд Татварын газарт өнөөдрийг хүртэл 
ажиллаж байгаа юм байна. Том охиных нь хүү Америкт гэр бүлтэйгээ амьдардаг
гэнэ. Зээ хүүгийнхээ гурван хүүхдийг “монгол хүн болгох” гэж саяхнаас авчирчээ.
Гуч нар нь хагас бүтэн сайнаар ээжийнхээ аавынх руу явчихдаг гэнэ. Бусад өдөрт нь
Маам багшийнд бужигнадаг аж. Том нь Чингүүн, 
хоёрдугаар анги. Харин  дундах нь Нинжин,
нэгдүгээр анги. Өвөөгийнхөө “Шинэ үе” сургуулийн сурагчид гэнэ.  Маам багшийг “Манай хэд анх ирээд хэлгүй хэцүүдсэн.
Дунд охин яриа ойлгохгүй болохоороо уйлаад унана. Том нь их сэргэлээн. Чалчаа талдаа
болохоор монгол хэлээ их түргэн сурсан. Саяхан өө, “энэ тэнэг” гэж байна лээ. Тэгэхээр
монгол хэлийг муу, сайнгүй сурсан болж таараад байгаа юм. Эхлээд дүүдээ орчуулах
маягийн юм болно. Хоёулаа бол англиар шулганаж өгнө. Одоо бол холиод л давхиад байна”
гэж хэлээд инээхэд  эхнэр нь “Саяхан би Чингүүнд,
сайн сурч өвөө шигээ мундаг хүн болоод сургуулийнхаа захирал болоорой гэсэн чинь,
“Тэгнээ, би захирал болно харин Нинжин таны өрөөнд суух уу” гэж байгаа юм даа. Дүүгээ
бас дарга болгох нь” гээд хөгжилтэй инээв. Эзэгтэйг “Манай хүүхдүүд ер нь банк,
санхүү чигийн улс болж байна. Нэг нь ч багшийн мэргэжил сонгоогүй. Чингүүн маань
харин яах бол” гэхэд Маам багш “Би хашраачихсан шиг байгаа юм. Хүүхдэд конкурсын  давтлага өгөхөөр шөнө их богино. Хэдхэн тоо бодоод
сууж байхад л нар манхайчихна. Шөнөжингөө тоо боддог муу ажил байна гэж бодоод л
халгасан байх”  гээд хүд хүд инээв. Энэ хооронд
зэгтэй яаралтай ажилтай гээд гарч одов. Том охинтойгоо багш нарынхаа өрөөг гоёх
шкаф сонгох гэж байгаа аж.

Маам багшаас гэр бүлийнх нь нандигнаж явдаг зүйлийг сонирхоход “Хоёр
юм бий. Гэртээ номтой байхсан гэж боддог. Харин манай гэрийн хүн цэвэр байхсан гэж
хичээдэг” гэж байна.  “Үр хүүхэд, ач зээ,
гуч нар гэрт байхад их сайхан. Хоёулаа байхад бол ер нь хэцүү шүү дээ. Зун амрахдаа  би тийм тааламжтай байдаггүй. Хүүхдүүдийнхээ дунд
орчихоор бие хөнгөрөөд, энд тэнд юм өвдөхөө болиод ирнэ шүү дээ” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Эзэгтэйг гарсны дараа хагас цаг орчим яриа хөөрөө өрнүүлсний эцэст
гэрийн эзэн ажлынхаа өрөөний Очирваань хайрханы зургийг үзүүлэх юм болов. Гэрээс
нь дөнгөж гараад л ажил нь. ”Шинэ үе” сургууль хичээлийн шинэ жилдээ ид бэлдэж байв.
Хоёр давхар, дотоод зохион байгуулалт сайтай юм. Тасалгааны цэцэг хаа сайгүй. Зарим
цэцгээ хүүхдүүдээрээ арчлуулахаар гэр рүү нь өгөөд явуулсан гэхээр битүү цэцгэн
дунд л өнждөг бололтой.

Найман зуу гаруй сурагч энд бужигнадаг юм байна. Үүнээс ч илүүг авах
боломжтой ч ийм хязгаар тавьдаг гэнэ. Маам багш ”Олон байх чинь хоёр  талтай. Нэгдүгээрт сургалтын чанар муудна. Хоёрдугаарт,
энэ хөгшин чинь ямар шуналтай хүн бэ гэж ярина. Багш нь ийм ярианаас жаахан айдаг”
хэмээв. 

Багш нарынхаа зургийг зэрэг цолтой нь бичээд ханан­даа өлгөх гээд
бэлдчихэж. “Гадаадад явж байхад багш, эмч нарын зургийг зэрэг цолтой нь бичээд өлгөсөн
байдаг юм билээ. Хүмүүс зурагнаас нь харж байгаад эмч, багшаа сонгодог. Тэр жишгийг
нэвтрүүлж байгаа юм” гэж тайлбарлав. Зурагнуудыг нь сонирхоход зэрэг, цолгүй багш
гэж алга. Сайн багш нарыг цуглуулж чаддаг турш­ла­га­тай нь ярианаас нь илт. Маам
багш дээхэн үед яаманд байцаагч хийх үедээ аймгуудын аль сайн гэсэн багш нарыг хот
руу татаад бангадуулсан удаатай  гэж байгаа.

Бага охин нь сургууль дээр ирчихсэн засварын ажилд туслаад завгүй
харагдана. “Захирал Монгол Улсын Ардын багш Ү.Маам” гэсэн хаягтай өрөөнд орлоо.
Хоймор хэсэгт нь Отгонтэнгэрийн фото зургийг хүндэтгэн залжээ. “Хайрханы орой ингэж
бүрэн харагдах нь ховор шүү. Голдуу дээгүүр нь үүл манан бүрхэж бай­даг. Номтой
лам нар ирээд ном уншихаар дорхноо цэлмээд, алга болчихно. Би бас том лам аваачиж
үзсэн. Тэр үед хайрханы  дээр их том үүл байсан
ч өнөө ламыг ном  уншингуут алга болсон. Хайрхан
сайн үйлстэй, сайн энергитэй хүнийг андахгүй” гэж байна. Шүтэж явдаг хайрханых нь
зургийг сонирхоод Маам багшийн сургуулиас гарахад нар жаргаж байлаа. 

 Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зогс, шинэ оюутан

Хичээлийн шинэ жил эхэлж нийс¬лэлд түм түжигнэж, бум бужигнаж байна. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, авто зам дээр хүн машин сүлэлдэж эхэлдэг үе. Нийслэлийн замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос сэр­гий­¬¬лэхийг сануулж, эцэг эх­чүүд бага насны хүүхдээ гараа­саа салгахгүй сур­гуульд нь дөхүүлнэ. Замын цагдаагаас гадна сургуулийн ойролцоо сайн дурынхан замын хөдөлгөөн зохицуулж багачуудыг ослоос хамгаалаад байгаа. Ногоон гэрэл, цагаан шугамаа цэцэрлэгтээ заал¬га¬чихсан жаалуудын зарим нь аав ээжийгээ чирэх шахам гарц руу дөхөж яваа нь ч харагдана. Ингэхээр багачууд маань ямар ч бай­сан явган хүний гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарчихаад байгаа хэрэг. Багачуудаас илүү анхаарах хэрэгтэй томчууд бас байна аа. Тэд бол хөдөөнөөс ирсэн шинэ оюутнууд. Андашгүй дээ, улаан хацартай, тоом¬жиргүй байдалтай нөхдүүд зам гарахдаа яг л хөдөө тал­¬даа яваа мэт аашилна. Цэцэрлэгтээ бүү хэл сургуульдаа ч ногоон гэрэл, цагаан шугам заалгаагүй тэдэнд юун гарц. Бушуухан замын нөгөө талд хүрэхийн тулд чигээрээ гүйчихдэг. Жил бүр цөөнгүй шинэ оюутан ингэж гүйж яваад зам тээврийн ослын хохирогч болдог талаар албаныхан ярьсан. Тэднийг хохирогч болгохгүйн тулд хотын амьдралд дасч, замаар сүлжих олон машины учрыг олтол бүгд багшилъя. Гарцгүй газраар зам гарах гэж байгаа нэгийг нь гарц руу дагуулаад явахад нэг их цаг алдахгүй. Таны гараас зүүгдэж яваа хүүхдээс тань ялгаа юун. Бас жолооч та “Хөдөөний …” гэж загнаж сандаргахын оронд түр зогсоод аядуухнаар гарц заагаад өгчих.  

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Categories
мэдээ спорт

“Өөрийгөө ялах” гүйлтийн улсын аваргууд тодорлоо

Өнгөрсөн амралтын
өдрөөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс “Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн
гүйлтийн тэмцээний гараагаа эхлүүлсэн тамирчид өчигдөр 10:00 цагт барианд орж
иржээ.

Тэмцээнийг “Шри Чинмойн” марафоны баг, Нийслэлийн БТСГ, Монголын хэт холын
марафон гүйлтийн холбоо, Үндэсний С
оёл Амралтын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион
байгуулсан байна. Тэмцээн 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50 -аас дээш
гэсэн насны ангилалд тамирчдыг шалгаруулсан бөгөөд тухайн насны ангилалд 12 ба
24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан гүйгчид нь ялагч болсон байна.
Тэмцээний зам нь 500 м-ийн тойргоор явагдсан бөгөөд хяналтын тойргийн шүүгчид,
улсын зэрэгтэй шүүгчид бүтэн өдрийн турш ажиллажээ. Ингээд 12 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд “Худалдаа
хөгжлийн банк”-ны ажилтан Н.Баттулга 95 км гүйж, 35-49 насны эрэгтэй ангилалд
УБТЗ-ын замын
II ангийн “Замчин” спорт клубийн тамирчин Т.Лхагвасүрэн 73
км гүйж, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд “Шри Чинмойн” марафоны багийн
тамирчин С.Ганхүү 73.5 км гүйж тэргүүн байр эзэлсэн байна. Харин 35-49 насны
эмэгтэй ангилалд БЗД-ийн иргэн Б.Баярмаа 80 км гүйж, 50-аас дээш насны эмэгтэй
ангилалд Ц.Оюунсүрэн 75 км  гүйж
тэмцээний тэргүүн байруудыг эзэлжээ.  Түүнчлэн
24 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд
СХД-ийн иргэн П.Отгонбаатар 162.5 км гүйж, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд “Эрдэнэт”
үйлдвэрийн тамирчин Б.Оюунбаатар 80км гүйж тэргүүлсэн байна. Тэгвэл 35-49 насны
эмэгтэй ангилалд БГД-ийн иргэн С.Оюунгэрэл 112 км гүйж, 50-аас дээш насны
эмэгтэй ангилалд БЗД-ийн иргэн Б.Баярсайхан 101 км гүйцгээж тэмцээний тэргүүн
байруудыг эзэлж алтан медаль хүртжээ. Тэмцээний явцад гүйгчдийн биеийн байдал,
эрүүл мэндийг эмч нар тодорхой цагийн интервалаар хянасан бөгөөд иллэг бариа
хийх сувилагчид ажиллажээ. Мөн гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх
хоол тэжээлээр тогтмол үйлчилсэн аж. Тус тэмцээн нь нийтийн биеийн тамирыг
дэмжиж хөдөлгөөний дутагдлыг багасгах зорилготой бөгөөд энэ жилээс эхлэн олон
улсын стандартын дагуу Соёл спорт аялал жуулчлалын яамнаас тус тэмцээний төрөлд
тамирчдад улсын зэрэг цол олгохоор болжээ. 


Categories
мэдээ спорт

Эмэгтэй баг III байрт шалгарлаа

Ази
тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 48 дахь удаагийн тэмцээн
өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд Макаод зохион байгуулагдаж өндөрлөв. Азийн 30
орны шилдэг тамирчид өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид амжилт
дүүрэн оролцлоо. Манай улсын эмэгтэй тамирчид багаараа гуравдугаар байрт,
эрэгтэйчүүд багаараа тавдугаар байрт шалгарсан байна.

Тэмцээний
эхний өдөр 55 кг-ын жинд өрсөлдсөн Ч.Мянганбилэг, 65 кг-д оролцсон Л.Саруулбат
нар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэй бодибилдингийн 49 кг-ын жинд н.Гансаруул
дөрөвдүгээр байрт шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Харин
тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй модель 160 см хүртэлх ангилалд өрсөлдсөн
С.Насанбуян алтан медаль хүртэж, Азийн аварга болов. Мөн 70кг-д
Г.Дорж шагналт V байр, 75кг-д н.Сумьяа шагналт IV байр, эмэгтэй модель
165см хүртэлх ангилалд н.Саруул, эрэгтэй фитнесс төрөлд н.Хүсэлтүвшин нар
мөнгөн медаль зүүлээ. Мөн өдөр эмэгтэй модель 160 см хүртэлх ангилалд
Б.Оюунгэрэл шагналт IV байр, бодибилдинг 80 кг-д Э.Ганзориг гуравдугаар байрт
шалгарсан амжилтыг үзүүлэв. Тэмцээний сүүлийн өдөр тайзан дээр гарсан
н.Энхцацрал, эмэгтэй модель 165см дээш ангилалд, Г.Жамц Атлетик бодибилдинг
170см + 3 кг-д, Ж.Нурлан 85кг-д өрсөлдөж гурвуулаа хүрэл медалийн тавцанд
зогссон байна.

Онцгой байдлынхан хүн амины ноцтой хэрэг нуун
дарагдуулжээ

Онцгой
байдлын ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын
шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай агуулах өнгөрөгч сарын 14-ний өдөр
шатаж, хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсныг тус газрын удирдлагууд нуун
дарагдуулж байжээ. Тус
салбарт үрийн нөөцийн хэсгийн механикчаар
ажиллаж байсан  “Н”   гэгч амиа
алдсан бөгөөд “Н” нь шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байснаас гадна
аюулгүй ажиллагааны заавартай танилцаж, гарын үсэг зураагүй байсан гэх. х

Зарим эх сурвалжийн ярьж буйгаар бол гал гарч, дэлбэрэлт болоогүй, үсрэлт болж ойролцоо байсан
1974 оны залуу амиа алдсан гэх мэдээлэл байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад гурван сурагчийн амийг хороожээ

БНХАУ-ын Хубэй мужийн Шиян хотод сурагчид руу халдсан хэрэг
гарчээ. Тусхотын нэгэн дунд сургууль руу үл таних этгээд халдсан байсан. Гартаа
хутга барьсан гэмт этгээд сурагчдад халдсаны улмаас гурван хүүхэд нас баржээ.
Мөн найман сурагч, нэг багш нэлээд хүнд гэмтэл авсан тухай мэдээллээ. Гэмт
этгээд үүний дараа сургуулийн цонхноос үсэрч амиа хорложээ. Зарим эх сурвалжын
мэдээлж байгаагаар гэмт этгээд нь сурагчдийн нэгнийг нь аав байсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Соёондын аманд өдөрт 150 хүн газраа тэмдэглүүлж байна

Газар өмчлөхөөр хамгийн олон хүн хүсэлт гаргасан Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам нь хотын баруун товчоо болох 361 дүгээр гарам өнгөрөөд баруун эргээд байдаг. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох энэ хэсэгт нийт 4189 иргэнд газар өмчлөхөөр төлөвлөсөн билээ. Эдгээр хүмүүст газар олгох ажлыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулжээ. 

Баасан гаригийн байдлаар 4189 иргэний 2900 орчим нь өргөдлөө гаргасан байжээ. Таван байршилд иргэдийн газрыг тэмдэгжүүлэх геодизийн компаниуд тодорсон бөгөөд өнгөрсөн долоо хоногоос Соёондын аманд “Гео-Экспресс” компани шалгарч тэндээ байрлан ажиллаж эхэлжээ. Тэд бараг хоёр сар орчим байрлаж иргэдийн газрыг баталгаажуулах гэнэ. Тэд өдөрт 150 орчим иргэний газрыш тэмдэгжүүлэж байгаа гэнэ. Иргэн газраа тэмдэгжүүлэхэд 38 мянган төгрөг төлж байна. Геодизийн компанид мөнгөө төлөөд газраа тэмдэглүүлээд, харъяа дүүргийнхээ Газрын албанаас гэрчилгээгээ авах юм байна.

Хотын төвийнх шиг дахин төлөвлөлт хийхгүйгээр нэгмөсөн сайн төлөвлөлттэй орчин бий болгох гэнэ. Ингэснээр  Соёондын аманд газар авч буй 5000 орчим хүний ар гэр бүл гээд  20 орчим мянган хүний амьдрал төвлөрөх бололтой.

Categories
гадаад мэдээ

Украины талд олзны цэргүүдийг шилжүүлэн өгчээ

Өөрийгөө зарлан тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсын цэрэг Украины талд 220 олзны цэргийг шилжүүлэн өгсөн тухай мэдээлжээ. Украины зүүн хэсэгт орших Донецк мужийн Старобрешево хотын ойролцоо болсон тулалдааны үеэр салан тусгаарлагчид Украины үндэсний гвардийн хоёр танк, хоёр хуягт тэрэг устгаж, 198 цэргийн албан хаагчийн зэвсгийг хураасан байна. Салан тусгаарлагчид сүүлийн хэд хоногт өрнүүлсэн давшилтын ажиллагааны үеэр Донецкийн мужийн Ореховка, Шелковая, Протока суурингуудыг эргүүлэн чөлөөлж, Фабричное, Петро-Николаевка суурингийн захад бэхлэлт хийж амжсан тухай “РИА-Новости” агентлаг мэдээлэв.

Украины арми болон өөрийгөө зарлан тунхагласан Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсын салан тусгаарлагчдын хооронд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 2.5 мянган хүн амь үрэгдэж, зургаан мянга гаруй хүн шархдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мисс Н.Ану “World bikini model international 2014” тэмцээний дэд байрын шагнал хүртжээ

БНХАУ-д   зохион байгуулагдсан “World bikini model international 2014” тэмцээнд манай улсаас мисс Н.Ану оролцсон билээ. Тэрбээр дэлхийн 48 орны бүсгүйчүүд оролцсон энэхүү тэмцээнд тун амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Энэхүү тэмцээний тэргүүн байрын эзнээр Словак улсын гоо бүсгүй тодорсон бол гуравдугаар байрт Албаниас оролцсон бүсгүй шалгарчээ. Отгон мисс Н.Анугийн хувьд тус тэмцээний  ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналыг мөн хүртсэн байна.

Categories
мэдээ спорт

Т.Батчимэг зургаа дахь өрөгтөө тэнцлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа их мастер Т.Батчимэг зургаа дахь өрөгтөө Армены их мастер Даниелиан Элинатай тоглож, тэнцсэн байна.Тэрбээр тэмцээний тав дахь өрөгт БНХАУ-ын шатарчин Жу Венжунтай тоглож мөн тэнцжээ. Ингэснээр манай шатарчин хоёр хожил, дөрвөн тэнцээтэйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр долоо дахь өрөгт БНХАУ-ын шатарчин Зао Шүетэй оюуны цэц сорино.