Энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болох юм байна. Өдөрлөгт Хууль зүйн яам, харьяа агентлаг, байгууллагууд нь оролцох аж. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр өргөдөл, гомдлоо өгч, газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой юм байна.
Month: September 2014
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хувь хүний нууцын тухай
хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд
аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал
хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн 4
дэх заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр
зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван
зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт мөн Арван
есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус
зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн
маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 2014 оны
9 дүгээр сарын 10-ны өдрийн 9.30 цагаас эхэлнэ гэж Үндсэн хуулийн цэцийн
хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2014-09-02
“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа гэнэ.
Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлэх цогц хөтөлбөрт нүүдлийн шувуудын гайхамшиг болсон Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулж, мод тарих, гол усаа аргадах, шашин урлагын зан үйлийг нуурын хөвөөнд зохион байгуулж, Дарьганга уламжлалт соёлыг харуулсан сумдын нүүдлийн үзэсгэлэн, Дарьгангын түүх соёл, мөнгөн урлал, байгаль экологийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, уул усандаа зориулсан дуу хуурын тахил, Дарьганга адууны соёл, Жаахан шарга дуугаар бэлгэ дэмлэг болгосон урлагийн тоглолт, Дарьгангын түүх соёлын дурсгалт газруудаар хийх аялал зэрэг олон үйл явдлуудыг багтаажээ.
“Ганга нуурын чуулган” соёл, аялал жуулчлалын өдрүүдийг жил бүрийн намрын дунд сард Ганга нуурын орчимд төвлөрөн, нийт Дарьганга нутгийг хамруулан зохион байгуулах гэнэ.
Хөтөлбөр хээр тал нутгийн өглөөн наранд цай сүүнийхээ дээж өргөх Наран тахилгаар эхэлж, Ганга нуурыг аргадах, хун шувуудыг урих шашин соёлын зан үйл, Ганга нуурын эко системийн хамгаалалт, ойн зурвас байгуулах ажлаар өндөрлөх юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тун удахгүй манай оронд айлчилна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайтай хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсан юм.
-Та хэдээс хэдэн онд Элчин сайдаар ажиллаж байсан билээ. Тэр үед манай хоёр орны харилцаа ялангуяа эдийн засгийн салбарт ямар байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Би 2004-2009 онд Элчин сайдаар ажилласан. Энэ үед Оросын томоохон компаниуд Монгол орныг нэлээд сонирхох болсон юм. Яагаад гэвэл чухам энэ үед тэд нэлээд хүчирхэгжиж гадаад зах зээлд ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болж ирсэн бөгөөд нөгөө талаасаа гэвэл Монголд гадны томоохон компаниудад санал болгох Таван толгой, Оюун толгой, Асгатын орд зэрэгтэй холбоотой төслүүд боловсрогдож бэлэн болоод байлаа, мөн эдгээртэй холбоотой дэд бүтэц шинээр барих асуудал ч бас гарч ирсэн. Энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийд өндөр байсан, Хятадын аварга зах зээл ойрхон зэрэг нь бас мэдээж нөлөөлсөн биз. Оросын бизнесмэнүүд Монголыг ихэд сонирхож байсны жишээ гэвэл 2007 онд Улаанбаатарт Монгол-Оросын эдийн засгийн бизнес форум зохион байгуулахад Оросын төр, хувийн хэвшлийн бизнесийн 200 орчим төлөөлөгч хэд хэдэн онгоц хөлөглөн ирж оролцож байлаа.
Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед хоёр талдаа өндөр дээд хэмжээний айлчлал 10 гаруй удаа болсон. Зөвхөн 2009 онд л гэхэд манайд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Ерөнхий сайд В.В.Путин, Холбооны Зөвлөлийн Дээд танхимын дарга С.М.Миронов, Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар айлчлан ирж билээ.
-Хоёр орны харилцааны өнөөгийн түвшин, байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Улс төр, батлан хамгаалах, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, соёл, боловсролын зэрэг салбарт маш сайн байгаа гэж хэлэх байна. Гадаад харилцаа, батлан хамгаалах чиглэлээр уулзалт, айлчлалыг байнга хийж төрөл бүрийн хамтарсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Боловсролын салбарт гэхэд манайхаас жил бүр 1500 гаруй хүүхэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэдний их, дээд сургуульд суралцахаар явж байна. Тодотгон хэлэхэд манайх тэтгэлгийн хамгийн өндөр квоттой орон юм.
Онцгой анхаарах салбар гэвэл худалдаа-эдийн засгийн салбар байна. Манай улс ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хиллэдэг тул тэдэнтэй зөв харилцах нь манай орны хөгжил, цаашдын хувь заяатай холбоотой маш чухал асуудал. Монгол Улс хоёр хөрштэйгээ найрсаг, стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоогоод байгаа хэдий ч эдийн засгийн салбарт тэдэнтэй тэнцүү харилцаж чадахгүй байна. Жишээ нь, манай экспортын 90 гаруй хувь БНХАУ-д оногдож байхад ОХУ-д ердөө хэдхэн хувь оногдож байна. Гадаад худалдаанд ийм байх нь бас байж болох асуудал гэж үзэж болох боловч хамгийн гол нь сүүлийн жилүүдэд Оросын талаас манайд оруулсан хөрөнгө оруулалт Хятадынхаас хэдэн арав дахин бага байгаад үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойшхи 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл байхгүй байна. Шинэ төмөр зам барих, уран олборлох, боловсруулахад хамтарч ажиллахаар ярьж ажил болгож эхлүүлэх талаар В.В.Путин, Д.А.Медведев нарын 2009 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан хэдий ч аль алиныг нь бодитой ажил болгоогүй байгаа.
-Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалын үеэр эдгээр асуудлыг ярилцаж тодорхой тохиролцоонд хүрч, олон баримт бичгүүдэд гарын үсэг зурах байх. Энэ талаар та бодлоосоо хуваалцахгүй юу?
-Мэдээж айлчлалын үеэр эдгээр асуудлыг ярилцаж таарна. Гэхдээ Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлал БНХАУ-ын дарга Си Жиньпинийхтэй адил төрийн өндөр хэмжээний айлчлал биш богино хугацаатай ажлын айлчлал учир эдийн засгийн хамтын ажиллагааны шинжтэй баримт бичгүүдэд гарын үсэг зурж амжихгүй л болов уу.
Энэ айлчлалын үеэр гарын үсэг зурах гол баримт бичиг нь олон жил яригдсан харилцан визгүй зорчих болон реадмисс (өөрийн иргэдийг нутагтаа эргүүлэн татаж авах)-ийн тухай хэлэлцээр байх болов уу гэж би ойлгож байна. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсноор эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагаа идэвхжих нь дамжиггүй. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа онцгой өргөжинө гэдэгт итгэлтэй байж болно.
За тэгээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал Халхын голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойн үеэр болж байгаа нь уламжлалт харилцаа хэвээр хадгалагдан үлдсэнийг харуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
-Нээрээ харилцан визгүй зорчих тухай асуудал олон жил яригдсан байх шүү. Яагаад ингэж удсан юм бол?
-Бодох асуудал олон бий л дээ. Жишээ нь, манайхаас хэдэн зуу дахин их хүн амтай хоёр дахь хөрш маань бас харилцан визгүй зорчих асуудал тавибал яах вэ гэдэг ч юм уу. Эдгээр асуудлыг ярих, тохироход мэдээж цаг хугацаа хэрэгтэй биз дээ.
-Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудал руугаа эргэн оръё. Уул уурхайд Оросын талын сонирхол ямар байдаг юм бол?
-Ер нь Орос орон байгалийн асар их баялагтай гэдгийг санах хэрэгтэй. Экспортын бүтцийг нь аваад үзвэл байгалийн хий, нефть, нүүрс, мод давамгайлдаг. Иймд тэднийд ураныг эс тооцвол манайхаас авах уул уурхайн бүтээгдэхүүн бараг байхгүй. Ураны хувьд гэвэл Оросын ураны илрүүлсэн гол нөөц нь манай Дорнод аймгийн хилийн залгаа нутагт байдаг бөгөөд энэ нөөц нь дуусах дөхөж байгаа учир өмнө нь ашиглаж байсан Мардайн уурхайг сэргээн хамтран ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл тодорхой учир шалтгааны улмаас түүнийг Оросын талтай хамтран ашиглах бололцоогүй болоод байгаа юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бодож байна.
Таван толгойн нүүрсний ордыг яагаад сонирхоод байгаа юм бэ гэхээр анх төмөр зам хамтран барихтай холбогдож энэ асуудал хөндөгдсөн юм. Одоо манай төр, засгаас гарах шийдвэрийг хүлээсэн байдалтай байгаа.
-Төмөр замын асуудлаар Оросын тал ямар бодлого баримталдаг вэ?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар 2009 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд хоёр Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Уг Тунхаглалд “Тээврийн дэд бүтэц, ураны болон ашигт малтмалын бусад орд газрыг ашиглах салбарын хамтарсан төслүүдийг зохих ёсоор урагшлуулах шаардлагатай”-г тэмдэглээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (“УБТЗ” ХНН) нийгэмлэгийг далайцтай шинэчлэх, түүний дотор “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны зургадугаар сарын 6-ны өдрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу шинэчлэн байгуулах нь хамтын тулгамдсан зорилт” гэж тодорхойлоод Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирсон бөгөөд энэ зорилгоор “Дэд бүтцийн хөгжил” гэдэг хамтарсан компани байгуулсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдсэнгүй.
“Улаанбаатар төмөр зам” нь Орос, Хятад гэсэн хоёр аварга зах зээлийг холбоод зогсохгүй ойрын хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Хятадыг Европтой холбож байна. Иймд бид “Улаанбаатар төмөр зам”-аа хос замтай болгож цахилгаанжуулах ажлаа яаралтай хийж транзит тээврээ нэмэгдүүлж чадвал том уурхайнуудаас илүү ашиг олохоос гадна Евроазийн геополитик, тээврийн интеграцид өөрийн орны байр суурийг бэхжүүлж авна гэдгийг бодох хэрэгтэй юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай нутгаар дамжин өнгөрөх ачааг ойрын хугацаанд жилд 40 сая тонн, алсдаа 100 сая тонн ч хүргэх бололцоотой юм билээ.
-Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр их хэмжээний байгалийн хий нийлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Хийн хоолойг манай улсын нутгаар тавих асуудлын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд манай хоёр хөршийн эдийн засгийн харилцаа маш идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн 2013 онд хоёр орны худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байсныг 2020 он гэхэд, өөрөөр хэлбэл ердөө зургаан жилийн дараа 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий авах гэрээнд гарын үсэг зурлаа. ОХУ байгалийн хийн томоохон ордуудыг ашиглах “Сила Сибири” гэдэг нэртэй төслийг эхлүүлж байгаа бөгөөд 2017 он гэхэд Эрхүү хүртэл хийн хоолой тавихаар төлөвлөөд байна. Хэрэв Эрхүү хот хүртэл хийн хоолой тавигдах юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар Хятад хүртэл тавих асуудлыг яг одоо ярих цаг нь мөн. Ер нь Монгол Улсын баруун болоод зүүнээр гэсэн ойролцоо урттай хоёр маршрут яригдаж байгаа. Баруун маршрут нь байгалийн саад бэрхшээлээс гадна дархан цаазтай газар болон улс төрийн хувьд тогтворгүй Шиньжаан-Уйгурын нутгаар өнгөрөхөөр байгаа тул нэлээд эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Иймд бид манайхаар хоолой тавих нь ашигтай гэдэг үндэслэл, аргументаа зөв гаргах нь чухал. Хийн гол хэрэглэгч нь Бээжин болоод түүний ойр орчмын район гэж үзэх юм бол манайхаар тавих нь хоёр дахин илүү дөт учир зардал нь мөн тэр хэмжээгээр хямд байхын дээр хоёр дахин хурдан тавих боломжтой. Хамгийн гол нь манайх Украинтай адил хийн том хэрэглэгч (манайхаас хүн ам нь 15 дахин их, хими, металлургийн аж үйлдвэр хөгжсөн) биш учраас манай тал транзит тээврийг саатуулах асуудал гаргахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манай нутгаар хийн хоолой тавих нь бидэнд ямар ашигтайг энд дурьдах нь илүү биз ээ.
-Нефтийн хоолойн хувьд та юу гэж хэлмээр байна?
-Нефтийн хоолойн хувьд гэвэл Оросын талаас манайхаас хоолой тавьж Хятадад нэгэнт нийлүүлээд эхэлчихсэн тул Монголын нутгаар дахин шинээр хоолой тавих магадлал багатай болов уу гэж бодож байна. Харин тодорхой хэмжээний нефть төмөр замаар зөөвөрлөж байх санал тавьж магадгүй юм.
-Хоёр орны гадаад худалдааны тэнцвэргүй байдлын талаар та дээр хэллээ. Манайхаас экспортолдог бүтээгдэхүүнд Оросын тал татвараа бууруулах бодлого байгаа болов уу?
-Манайх ОХУ-аас өөрийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүний дийлэнхийг авдаг. Жилдээ нэг сая гаруй тонн бүтээгдэхүүн авч түүндээ 1.5 тэрбум орчим ам.доллар төлдөг юм билээ. Авч байгаа өөр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй бага. Нөгөө талаасаа бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн нийлээд 100 сая ам.долларт ч хүрдэггүй. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий. Оросын талд хэрэгцээтэй савхин, ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах хүсэл байвч энэ төрлийн бүтээгдэхүүнд оногдуулдаг тэдний татварын хэмжээ өндөр байдаг. Үүнийг бууруулах талаар олон жил ярьж байгаа ч харамсалтай нь тодорхой үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Татварыг бууруулах талаар цаашид үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ өртөг шингэсэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар бас эрэлхийлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Оросоос шатахууны хараат байдлаас гарахын тулд өөрсдөө түүхий нефть авч боловсруулна гэж ярьдаг. Энэ талаарх таны бодол?
-Би эдийн засагч биш. Гэхдээ хар ухаанаар бодоход эргээд түүхий нефтийн хувьд хараат байдалд орно биз дээ. За тэгээд нефть боловсруулах үйлдвэр өөрөө өндөр өртөгтэй, дээр нь нефть болоод бензин, дизель зөөх хэдэн мянган вагон, хадгалах сав хэрэгтэй. Бас тэгээд одоогийн төмөр зам маань ачаалал даах уу, ажиллах боловсон хүч нь хаана байна гээд олон асуудал гарна. Ер нь нефть боловсруулах үйлдвэрийг орд газрын ойролцоо эсхүл далайн боомт, нефть хоолойг түшиглэн барьдаг юм билээ. Энэ тухай Баабар гуай бичсэн санагдана. Иймээс ер нь ашигтай эсэхийг сайтар бодох нь зүйтэй байх.
-Өөр ямар чиглэлээр, ямар төсөл дээр Оросын талтай хамтарч ажиллах бололцоотой гэж үзэж байна?
-Оросын талд дээрх асуудлуудаас гадна бас цоо шинэ чиглэл, төслүүдийг санал болгох хэрэгтэй. Жишээлэхэд Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барина гэж бид яриад байгаа, энэ цогцолборын ямар нэгэн томоохон обьектод хөрөнгө оруулах, хамтран ажиллахыг санал болгож болох юм. Хэрэв хайгуул амжилттай болбол Хятадад нийлүүлэх зорилгоор манайд нефтийн хайгуул хийхийг санал болгож болно. Нефтийн хайгуулын талаар Оросын компаниуд ихээхэн туршлагатай тул сонирхож магадгүй. Эрхүү муж эрчим хүчний илүүдэлтэй байдаг учраас манай нутгаар дамжуулан Хятад руу эрчим хүч дамжуулах шугам тавих асуудлыг нэлээд ярьдаг. Мөн манайх ч хэд хэдэн дулааны цахилгаан станц шинээр барих төсөл эхлүүлэх гэж байгаа учраас Орос-Монгол-Хятадыг холбосон цахилгаан дамжуулах шугам тавих асуудлыг сэргээж идэвхтэй ярих хэрэгтэй. Энэ мэт өөр төслүүдийг санал болгож болно л доо.
-Хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна?
-Өнөөдөр манай хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцааг идэвхжүүлж шинэ шатанд гаргах асуудлыг хөндөж ярих таатай нөхцөл бүрдээд байна. Украины асуудлаас болоод барууны зарим оронтой харилцахад тодорхой хэмжээний саад, бэрхшээл учирч байгаа тул хойд хөрш маань Азийн орнуудтай, ялангуяа БНХАУ-тай харилцаагаа идэвхжүүлэх бодлого баримталж байна. Энэ нөхцөл байдлыг бид ашиглаж хойд хөрштэй харилцах идэвхтэй бодлого явуулах хэрэгтэй бөгөөд үүнийг мэдээж манай тал анхаарч байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ
“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл
үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол
Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний
ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн
байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны
өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр
хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?
-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл
болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол
бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”
киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан
хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр
наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх
киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд
яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг
нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг
нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын
бүтээл.
-Таны
хувьд энэ удаа ямар дүр бүтээв?
-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн
хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно.
-Кинонд
яг юуны тухай өгүүлэх вэ?
-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг.
Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран
оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг
хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар
өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн
ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал
нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.
-Киноны
зураг авалтыг хаана авсан бэ?
-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл
явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг
Улаанбаатар хотод авсан.
-Зураг
авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?
-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад
олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад
манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй
хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар
“UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй
зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг
цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран
бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн
гэж хэлэхэд таатай байна.
-Кино
хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны
аяыг хэн бичсэн бэ?
-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах
бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар,
дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё
дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ,
өвөрмөц санагдаж байгаа.
-Жүжигчид
кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?
-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа
ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг
авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие
оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо
зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан.
Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.
-Залуу
уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад
төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?
-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд
продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс
шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс
би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн
гэж боддог.
-Нэг
нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр
өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?
-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа
уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.
-Та
ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг
тийм ч амаргүй байсан болов уу?
-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ
миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад
л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад
байхгүй.
-Одоо
таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?
-Охин. Одоо гурван сартай.
-Ээж
болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар
л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.
-Таны
нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх
байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?
-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг
зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг.
Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд
би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л
байна.
-Кино
хэзээ нээлтээ хийх билээ?
-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”,
“Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн
бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.
Д.ДАВААСҮРЭН
Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгааны талаар мэдээлэл хийхээр болжээ. Уг мэдээлэл НМХГ-ын хурлын зааланд болно. Манай улсад Орифлейм, Хербалайфаас эхлээд хэд хэдэн компанийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа билээ.
Зам тээврийн сайд А.Гансүхийг твиттерээр гүжирдсэн гэх хэргээр Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс зуун хоногийн баривчлах ял өгсөн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө ял авсанд Ц.Батын ойр дотныхон төдийгүй жиргээчид бухимдалтай байгаа. Инженер Бат ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандахаар болсон аж. Давж заалдах хугацаа нь дуусаагүй байгаа гэнэ. Ц.Батын өмгөөлөгчид бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлтгэж байгаа юм байна.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сүүлийн гурван жилийн байдлаар судлахад зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор хот хоорондын болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ. Уг самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй” гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд 3 х 6 метрийн хэмжээтэй хоёр талт зурагт ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд харах боломжтой байдлаар байршуулж энэ талаар орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилжээ.
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав 2014 оны наймдугаар сарын 26-28 ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо болсон “Евро-Азийн орнуудын Ерөнхий прокуроруудын зөвлөлдөх уулзалтанд амжилттай оролцоод ирлээ. “Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаан дахь прокурорын үүрэг, улс орны дотоодын арга туршлага, олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт тус хуралдаанд нийт 9 орны Ерөнхий Прокурорууд болон ОУ-ын Прокурорын Холбооны Ерөнхийлөгч Ярош Герхард, Европын Холбооны Прокуроруудын Зөвлөлийн Ерөнхийлөгч Мура Антонио нар оролцсон байна. Хүн худалдаалах, цагаачлуулах гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын үүрэг, бүрэн эрх, хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар худалдаалахын эсрэг прокурорын үйл ажиллагааг боловсронгуй болгох, гэмт хэргийн шинж чанартай олсон мөнгийг ил болгоход прокурорын үүрэг зэрэг сэдвүүдээр санал солилцжээ. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав хуралдааныг санаачлан зохион байгуулж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхий Прокурор газар болон Ерөнхий Прокурор эрхэмсэг ноён Ю.Я. Чайкад талархаад саналаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Шадар сайд Занг Гаоли нар хичээлийн шинэ жилийн өдөр Якут мужид ажиллажээ. Хятад улс руу 30 жилийн хугацаанд дөрвөн их наяд шоо метр байгалийн хий нийлүүлэх төслийн эхний шатны бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд оролцсон нь энэ аж. В.Путин энэ арга хэмжээний үеэр “Сибирийн эрчим хүч төслийн хийн хоолой нь бидний гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх чадамжийг батлахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно ” хэмээн онцолжээ. Харин Шадар сайд Занг Гаоли уг төслийн бүтээн байгуулалтын ажилд хоёр орны зүгээс 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгджээ. Зүүн Сибирээс Хятад улс руу 3968 км хоолой татснаар дэлхийн хамгийн том байгалийн хий дамжуулах сүлжээ үүсэх юм. Якут мужийн Чаяндискы хийн талбайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 20 гаруй тэрбум ам.доллар аж. Төслийн ган хоолой ханган нийлүүлэгчээр ОХУ-ын тэргүүлэгч компани ТМК ажиллахаар болж.