Categories
мэдээ соёл-урлаг

“Ted 2” кинонд Лиам Нисон, Морган Фримен нар тоглоно

Жүжигчин Лиам Нисон, Морган Фримен нар “Ted 2” хэмээх инээдмийн киноны зураг авалтад оролцсон байна. Тодруулбал тус киноны найруулагч, зохиолч Сет Макфарлейн “Өчигдөр Лиам Нисон, өнөөдөр Морган Фримен. #Ted2-ийн хувьд муугүй долоо хоног болж байна шүү” хэмээн лхагва гарагт twitter хуудсандаа бичжээ. 2015 оны 6-р сард үзэгчдийн хүртээл болох тус кинонд нэр дурдагдсан одуудаас гадна Марк Уолдберг, Аманда Сейфрид нар тоглох бөгөөд 2012 онд гарсан эхний ангийнх нь орлого $549.4 саяд хүрч байсан юм.

Нисон энэ оны эхээр Макфарлейн, Сейфрид нартай хамт “A Million Ways to Die in the West” кинонд тоглож, эсрэг дүр бүтээжээ. Гэхдээ тус кино үзэгчдийг төдий л татаж чадаагүй ба 5-р сард нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо $17.1 саяын орлого олсон нь Ted киноны $54.5 саяын орлогыг гүйцээгүй юм. Нисон одоогоор “A Walk Among the Tombstones” кинонд хувийн мөрдөгчийн дүр бүтээж байгаа бол Taken киноны 3-р анги ирэх онд нээлтээ хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин борлуулагчдын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр задгай талбайд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” А/980 дугаар захирамж гаргасан. Мөн энэ ажлыг хурдасгах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тухай 29 дүгээр тогтоол гаргасан юм. Тогтоол, захирамжийн дагуу цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1-ний дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэн, шилжүүлнэ.

Харин дээрх шийдвэртэй холбоотойгоор автомашин борлуулагчид “Худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дэмжиж байгаа ч өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай байгаа” гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Тиймээс ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр “Авто худалдааны төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хурлаар бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа тухай нарийвчилсан мэдээлэл авч, энэ асуудлаар 9дүгээр сарын 29 буюу ирэх даваа гаригт дахин борлуулагчидтай уулзана” гэлээ.

Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтаар автомашины худалдааны төвийн дулааны цэг, цахилгаан, оношилгооны төв, цайны газар, 00 зэргийг ашиглалтад оруулна гэдгийг тус цогцолборын удирдлагууд мэдээлж байгаа юм.

Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэсэн тооцоо байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд “ЭЗЭН-100”-ийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан ирэх сарын гурванд хуралдана. Энэ хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудынхаа талаар мэдээлэл хийхээ УИХ-ын даргад албан ёсоор мэдэгджээ.

Ерөнхий сайд мэдээллээ эдийн засаг, бизнес эрхлэлт, уул уурхайн салбарыг дэмжих, хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэрийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, төгрөгийн ханшийг тогтворжуулж, үнийн өсөлтийг сааруулах чиглэл, гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон аж үйлдвэрлэл, улсын төсөв, хөнгөлөлттэй зээл гэсэн сэдвүүдэд төрөлжүүлж, 100 ажлын талаар мэдээлэл өгөх юм байна. Үүнээс гадна олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, зарим сайдын асуудлыг ч нэгдсэн чуулганд танилцуулах юм.

Categories
мэдээ спорт

“Урамтай шатар” ахмадын шатрын тэмцээн боллоо

Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг ахмадын шатрын тэмцээн есдүгээр сарын 27-нд боллоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Лхагва, эмэгтэйчүүдэд Д.Соёлмаа нар түрүүллээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэй

1-р байр ОУШХМ Ж.Лхагва
2-р байр ОУМ Л:Мягмарсүрэн
3-р байр СМ Д.Ламжав
4-р байр ДМ Д.Амгалан
Тусгай байр СМ С.Мөөмөө

Эмэгтэй

1-р байр СМЭ Д.Соёлмаа
2-р байр ДМЭ Д.Сэржмядаг
3-р байр СМЭ Б.Бүжинлхам тус тус шалгарлаа.

Categories
мэдээ спорт

Б.Түвшинбат хүрлийн төлөө тулалдана

“Инчён-2014” Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Түвшинбат тулалдлаа. ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт гоц мөргөөд шөвгийн 16-д Катарын тамирчинг 3:0-ын харьцаагаар хожиж, хүрэл медалийн төлөө тулалдахаар ийнхүү шалгарлаа.

Хэрэв Б.Түвшинбат 2013 оны дэлхийн аварга Елеусиновыг ялвал Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын чуулганд үг хэлэв

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий Бага хурлын 58 дугаар чуулган Вена хотноо боллоо. Тус чуулганд оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид Канадын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй уулзаж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр манай улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн гүйцэтгэж буй үүрэг үлэмж болохыг тэмдэглэсэн байна.

Манай улс Агентлагтай болон бусад гишүүн улс оронтой хамтран энэ чиглэлээр дотоодын, бүсийн цаашлаад олон улсын чадавхийг нэмэгдүүлж, аюулгүй байдал, хамгаалалтын горимыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байдгаа илэрхийлэв.

Мөн өдөр төлөөлөгчид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газартай уулзаж, манай оронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц байдлыг дүгнэн ярилцав.

2013-2014 онд манай улс 10 төсөл, үүнд цацрагийн хамгаалалт, дозиметрийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цөмийн салбарт техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан сургаж бэлтгэх малын гоц халдварт өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадваржуулахаас гадна цацраг туяажуулсан вакцин үйлдвэрлэх, хавдрын эсрэг эмчилгээнийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байгааг сайшааж байв.

Энэ үеэр манай улс 2015-2020 онд Агентлагтай хамтран хэрэгжүүлэх орны хамтын ажиллагааны хөтөлбөр (Country Program Framework)-ийн төслөө гардуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Наранцацралтаараа бахархдаг Дундговийн 10-ын “Б” ангийнхан

2010.08.12

Дундговь аймгийн төвийн арван жилийг 1975 онд төгсөгчид Ж.Наран­цацралтаараа бахархдаг. Эв нэгдлээ онцолдог юм билээ. Эдний ангийн 36 сурагч, 36 ертөнцтэй. 10-ын “Б” ангиас Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт төр­сөн юм. Нийслэлийн Баян­гол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Барилга хот бай­гуу­лалтын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Ц.Ганхүү, ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын захирал Л.Дугаржав нарын олны танил төгсөгчидтэй.

Эдний ангийнхан таван жил тутамд уулздаг. 35 жилийн ойгоор нь уулзалтад ирэх ёстой 31-ээс 29 нь ирсэн гэхээр бас л өндөр ирцтэй байгаа биз. НМХГ-т ажилладаг Д.Ганбат Наранцацралтаа эхэлж дурсав. Л.Дугаржав “Наяа Ганбаттай их ойр. Үргэлж хамт явдаг. Ганбаа гээд хир халдаадаггүй байсан юм” хэмээн тайлбарласан л даа. Үргэлж хамт явдаг найз нь өөд болоход нь хүртэл хамт байж. Хамт явсан хоёр нь газар дээрээ өөд болсон ч Д.Ганбат харин сайн биетэй байсных уу, ус уух хувьтай байсан ч юм уу амьд үлдсэн юм билээ. Түүний хүндхэн дурсамж ийм. “2007 оны аравдугаар сард Засгийн газар бужигнаад яаж огцруулах, хэрхэн бүрдүүлэх асуудал яригдаж байсан. Манай хүн оройдоо хот орох ёстой гээд байсан. Очингуутаа уулзах улсууд байгаа” гэсэн. Олон хүн биднийг үдэж өгсөн дөө. Нааяа машиндаа суугаад, бүсээ зүүгээд удалгүй хурхираад эхэлсэн. Жолооч бид хоёр юм яриад явсан юм.

Сургуулийн “Алтан намар” спартакиадад 9б-гийн оролцогчид. 1973 оны намар

Даваан дээр зогсох гэж байхад нэг өндийж ирснээ “Та хоёр төөрөөд байгаа юм уу” гэсэн. “Юу гэж төөрөх вэ дээ” гэж жолооч нь хариуллаа. Төв аймаг өнгөрөөд явж байтал замаас гарчих шиг болсон. Зам руугаа орлоо гэж бодтол би өөрөө ухаан алдчихсан байж. Нам гүм давхиад байсан, машинтай мөргөлдсөн шүргэлдсэн юм байгаагүй гэж Д.Ганбат ярина лээ. Харин тэр ухаан ороод “Хөөрхий Наранцацралт гишүүн өөд болчихож” хэмээн сувилагч нар ярихыг сонсчээ. Д.Ганбат эмнэлэгт хоёр сар, гэртээ зургаан сар хэвтээд хөл дээрээ боссон байна. Жаахан гунигтай дурсамжаар эхэлсэнд уучлаарай. Эдний ангийнхны бахархал нь байсан болохоор өөр арга байсангүй. Л.Дугаржав найзынхаа нэрийг өөрийнхөөрөө мөнхжүүлэхээр шийдэж, тухайн үед төрсөн дүүгийнхээ зээ охинд Наранцацралт гэдэг нэр хайрлажээ. Ахынхаа хүүгийн хүүд бас ийм нэр өгчихсөн гэж байгаа. Ж.Наранцацралт найз нартаа олон сайхан дурсамж үлдээжээ. Ерөнхий сайд болсных нь дараа 10-ын “Б”-гийнхэн “Их тэнгэр”-т зочилж, дээдсийн амьдралтай танилцсан удаатай.

“Манай ангийнхан 36 хүүхэд төгссөнөөс 23 нь дээд сургуульд, арав нь Зөвлөлтөд, түүнээс зургаа нь Москвад суралцсан” гэсэн статистикийг Л.Дугаржав хэлэв. Тэрбээр ангийн хоёр докторын нэг. Л.Дугаржав түүхийн шинжлэх ухааны доктор харин Ж.Наранцацралт газар зүйн ухааны доктор байлаа. Л.Дугаржав аравдугаар ангиа алтан медальтай төгссөн ганц нь. Ангийн дарга бөгөөд Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Л.Дугаржавын 1974 оны XI сард бичсэн “МХЗЭ-ийн гишүүдээс Ленинч тайлан авсан дүнгийн тухай сонсгол” гэсэн баримт өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Түүнд тэмдэглэснээр бол:

Л.Амгалан: Улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний гар бөмбөгийн мөнгөн медальтан, сагсан бөмбөгийн хоёрдугаар зэргийн тамирчин сургуулийн хөгжмийн ба зээрэнцэг шидэлтийн аварга хэмээн бүртгэжээ. Ангийн найз Д.Ганбат нь ангийн шар охиноо “Спортоор хичээллэдэг учраас эрэмгий чанартай” гэж тодорхойлсон. Д.Сарантуяа, Л.Амгалан хоёрыг ангийнхаа мисс байсан гэж эрчүүд нь ярьдаг юм билээ. Ангийн хөөрхөн охин Д.Сарантуяа МУИС-ийн Газарзүйн ангид элсэн суралцсан. Дээд ангийнхаа залуутай ханилж, нэгдүгээр курстээ хүү төрүүлсэн болохоор эдний ангийн хамгийн анхны ээжээр тодорчээ. Харин нэг ангийнхны хамгийн олон хүүхэдтэй ээж Л.Цэцэгмаа. Тэрбээр таван хүү, хоёр охин төрүүлсэн алдарт эх. Хамгийн гэснээс хамгийн олон жил төрд алба хашсан номинацид Р.Болд тэргүүлсэн. Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар 25 жил ажилласан түүнийг ангийнхан нь “Зууны манлай тамгын дарга” гэдэг юм билээ. Зургаан Засаг даргын нүүр үзсэн Тамгын газрын дарга гэж байгаа. Нэг газарт он удаан ажилласнаараа бол Л.Дугаржав мань эрийн дараа орох вий. Ж.Наранцацралтыгаа Ерөнхий сайд болоход нь зөвлөхөөр нь ажилласныг эс тооцвол мань эр Г.В.Плехановын академи үүсгэн байгуулагдсан цагаас энэ сургуультай холбоотой яваа. “Сэрэлт” кинон дээр Бумаагийн хэлдэгчлэн “Монгол талаасаа нэгдүгээр хүн” дээ. “Путин Монголд ирэхдээ манай сургуулийг үнэлсэн” гэж Л.Дугаржав бахархлаа. Монголд айлчлах үеэрээ хойд хөршийн Ерөнхийлөгч “Улаанбаатарт ОХУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит эдийн засгийн салбар амжилттай ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ дурдсанд тэр сэтгэл хангалуун хоцорчээ. 2012 онд В.Путины зарлигаар Л.Дугаржавыг ОХУ-ын төрийн том шагнал Пушкины медалиар шагнасныг бас сайрхаж амжлаа. Ангийнхан дунд нь лав ийм медаль авсан өөр хүн байхгүй дээ.

МХЗЭ-ийн үүрийн дарга Л.Дугаржавын “хар данс” үргэлжилж байна.

Сайн хэмээн магтагдсан Д.Зоригт гэхэд л “Сургуулийн хөдөлмөрийн хоёр удаагийн аварга, хонь хяргалтын сургуулийн аварга” гэх мэтээр тэмдэглэгджээ. Ш.Галбаатар “Таван онцын эзэн, зуны амралтаар 186 хонь хяргаж, хөдөө аж ахуйд тусалсан” л гэнэ. Л.Бямба мөн л таван онцын эзэн агаад зуныхаа амралтаар 2000 литр сүү сааж, 3000 кг хадлан хадаж, 2000 зоодой хийжээ. Тэр үеийн хөдөлмөрийн үнэлэмж өвөрмөц байж дээ.

Ангийн багшаа шавь нар нь их дурсах юм. Л.Данзмаа багш нь орос хэлний багш өөрийн найман хүүхдээс илүү ангийнхаа хүүхдүүдийн төлөө зүтгэсэн хүн гэнэ. Түүний хань Цэдэнжав нь ангийнхны уулзалт болохоор багшаас нь илүү баярладаг. Ангийнхан зочлоход тэр тогооноос уяатай суудаг, ангийн махаар дайлдаг заншилтай. Хүргэн болоогүй байхдаа цагдаа байсан, ангийн хэдэн банди нарыг торгож явсан түүхтэй. Д.Ганбат мөнөөх түүхийг сөхөв. “Нааяа, Болд бид гурав есдүгээр ангид байхад гудамжинд явж байгаад морь харах хэрэг гарав. Шонгийн мод руу сарьтал хоёр цагдаа явж байснаа хүрч ирээд “Та нар яахаараа гудамжинд морь хардаг улсууд вэ, дагаад яв” гэсэн. “Та нарыг гурав гурван төгрөгөөр торгоно” гэнэ. Бидэнд мөнгө байсангүй. Болдын халааснаас үрчийсэн арван төгрөг гарав. Цагдаа нарт хариулж өгөх нэг төгрөг байсангүй. Хэн хамгийн түрүүлж шээсэн гэхээр нь Болд “Би л шээсэн болъё” гэлээ. Түүнийг нэг төгрөгөөр нэмж торгосон гэв. Хожим мөнөөх цагдаа багшийн нөхөр болжээ. Нөгөөдүүл уулзахаараа түүнээс монжуулсан нэг төгрөгөө нэхэж, бөөн инээд болдог байж.

Д.Ганбат ангийнхны онигоог өнгө оруулж ярихдаа гарамгай. Ангидаа төдийгүй сургуульдаа биеийн тамирын од байсан тэрбээр допинг хэрэглэсэн түүхээ ярив. Сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөхжээ. “Бусад ангийнхан глюкоз гэдэг юм уугаад байна” гэсэн мэдээлэл ирж. Ангийн багш нь мөнөөхийг хаанаас авдгийг мэддэг болж таарав. Том том ампултай глюкозноос нэг нэгийг уугаад тэмцээндээ оров. Одоогийнхоор бол допинг хэрэглэсэн ухаантай. Тэмцээнд түрүүлснийгээ мөнөөх ууж идсэн хүч тамир сэргээгчтэйгээ холбож тайлбарлаад, маадгар хоцорчээ.

Аравдугаар ангид байхдаа “Ангиа тохижуул” гэсэн үүрэг авч. Тухайн үед албан тасалгааг фанер юм уу модоор өнгөлдөг моод дэлгэрч байжээ. Ангийн хөвгүүд аптекийн хашаанд байсан олон фанеран хайрцгийг тоочиглов. Орос жинхэнэ гоё фанер байж. Тууя гэтэл багш нь явж өгдөггүй. Арайхийж багшийгаа явангуут, үдшийн бүрийгээр аптекийн хашаа руу харайжээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг бол энэ удаа эсрэгээрээ өрнөв. Хайрцган дотор байсан эм, тариа элдэв зүйлсийг гаргаж хаяад авдрыг нь аваад арилжээ. “Еэ горьгүй” гэж одоо томоожсон хойноо Д.Ганбат халаглав. Майн баярын өдөр таарч, мөнөөх түүхий эдээ өнгөлж зүлгээд, ангиа доторлож орхижээ. Мебель шиг жигтэйхэн сайхан харагдаж байж. Харин хөвгүүд хаанаас фанер олж авсныг хэн ч сонирхоогүй гэнэ лээ.

Нэг ангийнхан ангидаа хонож өнжин хичээлээ давтдаг байж. Нэг ангийнхны эв нэгдэл хичээлээ хамт давтахаар хязгаарлагдахгүй. Р.Болдынхоо сайн байсан охиныг эргүүлээд байсан тарваган малгайтай этгээдийг хөвгүүд нь нийлж байгаад хашраахаар болж. Харин харуй бүрийд нөгөөх этгээдийг барьж аваад, чулуу шидэцгээх үедээ өөрсдийгөө онож, хөгөө чиржээ. Зодооны тал дээр гавихгүй нөхөд байж дээ.

“Манай ангийнхан бүгд сайн яваа” гэж Л.Дугаржав илтгэв. Ц.Ганхүүгээ тэр “Дундговийн Засаг дарга болох хүн” хэмээн магтлаа. Ангиараа нийлж, PR-ийг нь хийх нь л дээ, янз нь. Суусан газраасаа шороо атгадаг сүйхээтэй эр гэнэ дээ, цаадах нь. Ц.Ганхүү нь морьтой монгол эр. Улсын их баяр наадмын Хурдан морины комисст олон жил ажилласан даа.

Нэг ангийнхан аравдугаар анги төгсөнөөс хойш 40 жилийн ой нь 2015 онд тохионо. Л.Дугаржавыг Москвад нэгдүгээр курсийн оюутан байхад ангийн багшаас нь ийм нэгэн захиа иржээ.

-Багш нь захианы чинь төгсгөлд 10-ын “Б” гэж хараад сэтгэл маш сайхан болж байна. Та нарыгаа төгсгөөд 23 сурагчаа дээд сургуульд оруулчихаад эхний бахархал төрсөн. Бас одоо яаж ажиллаж амьдарч байгаагаар чинь мөн л бахархах болно. Манай анги ямар сайхан хамт олон байлаа. Хүн арван хуруу тэгш байх тохиолдол ховор боловч та нөхөд ер нь долоон хуруу тэгширч байсан байх аа. Та нар шиг хамт олныг дахиад багш нь төгсгөө ч үү үгүй ч үү гэж бодож явдаг юм… хэмээн бичсэн байна лээ.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Ерөнхийлөгчид загнуулах нь МоАХ-ны даргын хувьд сандрах зүйл биш

-Төмөр замын царигийн асуудал анхаарал татсан сэдэв хэвээр байна. Та бол нарийн царигийг эсэргүүцдэг. Царигаа тавиад төмөр замаар экспортоо бушуу хийж эхэлмээр байна шүү дээ?

-Нарийн цариг тавьж болохгүй ээ. Үүнийг тэр нэвтрүүлэг дээр маш тодорхойгоор Монгол Улсын төрийн бодлого эрлийзүүдийн бодлого боллоо гэдгийг хэлсэн. Үнэн шүү дээ. Үнэн зүйлийг гаргаад тавьсныг хүмүүс үзсэн. Тавантолгойг бид хоёр сая 900 мянган иргэндээ хувьцаа болгоод өгчихсөн байгаа. Та хувьцаа эзэмшдэг үү.

-Монголчууд хувьцаатай болсон гээд л бөөн сенсаци болж байгаад сураг алдарсан.

-Таны сонгосон хүмүүс чинь л Их хурал дээр хаалттайгаар царигийг шийдэх гэж байна. Энэ бол гэмт хэрэг. Хуйвалдаан мөн үү. Эд нар хүчиндээд нарийн царигийг дэмжээд явах байх л даа. Тэглээ гээд энэ улс орон баяжихгүй. Улам л өрөндөө баригдана. Тажикийн жишээг хар л даа.

-Таныг захиалгат нэвтрүүлэг хийж хүмүүсийг эрлийз, хурлийзаар нь дуудлаа гэж хүчтэй шүүмжилж байгаа. Манай улс Үндсэн хуулиндаа яс, үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан байдаг. Та заавал тэгж хэлэх шаардлага байсан юм уу?

-Түүхээс аваад үзэхээр урд хөрштэйгээ бид байнга бэлчээрийн маргаантай байсан. Тэр түүх одоо гэнэт алга болно гэж байхгүй. Хятадын номлол нь Хонконг, Макао, Тайвань, Ар Монгол. Энэ бол нууц юм биш. Ерөнхий боловсролынхоо сургуульд газрын зураг дээр Монгол гэж байхгүйгээр заадаг. Тайвань ч гэсэн газрын зурагт нь байдаггүй. Хятадын дарга Энэтхэгт айлчлахад өөдөөс нь жагсаал зохион байгуулаад зогсч байна. Тэр оронд ардчилал байна гэсэн үг. Гэтэл манайд тэр нь хаана байна. Бидний түүхийг мартуулж, мартагнуулж байсан. Харин 1990 оноос хойш түүхээ сэргээж байгаа. Аль болох бид түүхээ сайн ярьж байх хэрэгтэй л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч нэвтрүүлэг гаргалаа гээд санаа нь зовоод намайг дуудаж загнаа л биз. Ерөнхийлөгч загнаж байг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид загнуулах нь МоАХ-ны даргын хувьд сандраад байх зүйл биш.

-Хятадын даргын айлчлалын үеэр цувааг нь сөрөөд гурван хүн гүйж яваа зураг цахимаар цацагдсан. Нэг нь та мөн үү?

-Тийм ээ. Би өглөө болгон гүйдэг.

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг манай сонины даваа гаригийн дугаараас уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бат-Үүлийн Чулуудай: Би Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн өвөр дээр эрхэлж өссөн хүү

“Удам судар” булангийн энэ удаагийн зочноор Бат-Үүлийн Чулуудай уригдлаа.

-Өөрийг тань Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг Сэнгийн Эрдэнийн ач хүү гэдгийг хүмүүс мэднэ байх. Өнөө жил Эрдэнэ баавайн 85 насны ой тохиож байна. Эрдэнэ гуайг ард түмэн зохиол бүтээлээр нь мэднэ. Харин өвөө, ач хүү хоёрын хооронд ямархан харилцаа байв гэдэг нь хүмүүст сонин байх болов уу?

-Өвөө намайг дэндүү их эрхлүүлдэг байсан. Авна гэсэн болгоныг минь авч өгдөг, бусад ач нараасаа надад л аминчилж үгээ хэлдэг байлаа. Юм л болбол гэртээ дуудна. Гарынхаа буузыг хийж дайлна. Гурилыг нь нимгэхэн элдчихсэн, жижиг хэмжээтэй өвөөгийн гарын буузны амттайг яана. “Өвөө нь буузаа хийчихлээ. Миний хүү хүрээд ир” гэнэ. Хичээлдээ явахаасаа өмнө өвөөгийнхөөр дайрч цай унд уугаад явдаг байжээ. Тэгэхээр би гэдэг хүн Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн өвөр дээр эрхэлж өссөн азтай хүү юм. Та хэллээ, Эрдэнэ гуайг зохиол бүтээлээр нь ард түмэн мэднэ гэж. Үнэхээр өвөөгийн минь үргэлжилсэн үгийн тансаг бүтээлүүдийг уншаагүй хүмүүс ховор байх шүү. Дунд сургуулийн сурагч наснаасаа л “Өвгөн шувуу”, “Наран тогоруу”, “Оготнын нүхэн дэх сувд”, “Малын хөлийн тоос”, “Хулан бид хоёр” гээд зохиолч судлаачдын сонгомол хэмээн үздэг бүтээлүүдийг уншсан. Хүмүүсийн сэтгэлд ойр байдаг өгүүллэгүүдээс гадна кино зохиолууд гэж гайхмаар юм байна. “Алтан өргөө”, “Эх бүрдийн домог” гээд л. Сүүлд “Сэрүүн дуганын мөхөл” киногоо бичсэн.

-“Би бол Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн өвөр дээр эрхэлж өссөн хүү юм” гэлээ. Өвөр дээр нь эрхэлж өссөн хүүд өөр сонин сайхан дурсамжууд зөндөө бий дээ?

-Өвөө минь намайг сургуулийн босго анх алхуулсан. Наян долоон онд нэгдүгээр сургуульд хөтөлж аваачаад л, захиралд нь тушааж байсан. “Энэ миний ач хүү байгаа юм. Танай сургуульд сургая” гэж захиж билээ. Өвөөтэйгээ хөдөө их явдаг байжээ. Одоо бодох нь ээ, говийн бүх аймгуудаар явж газар усны сайхныг үзсэн байна. Эрдэнэ өвөөгийн зохиолууд, тэмдэглэл нийтлэлүүд нь яагаад тийм уран тансаг, үг хэллэгийн хувьд гайхамшигтай, өнгө зураглал нь зүгээр л байгалийн зураг тэр чигээрээ харагддаг нь амьдралынхаа турш аяны замд явсантай нь холбоотой болов уу. Уул усны сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрч, байгаль дэлхийтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдон сэрэл мэдрэмжээрээ бүтээлээ туурвидаг байсан болов уу. Их л багад юм даг, бас л өвөөгөөсөө зүүгдээд баруун Алтайг зорьсноо мартдаггүй. Ээж хайрханд, элсэн дундуур давхиж хатаж үхэхээ алдан очиж байсан сан. “Өвөө минь ам цангаад байна” гэнэ. Тэгэхэд “Миний хүү үүнийг идчих” гээд чихэр өгнө. Өнөө чихэр чинь амны цангаа арилгах биш бүр ам завааруулаад улам дордуулах нь мэдээж шүү дээ. Энэ мэт өвөөтэйгээ явсан аян замуудыг хэлж яаж барахав.

“Сувдан сондор” гээд түүх, өв соёлын дурсгалт газруудаар олонтаа явсан аялал бий. Эл бүгдээс харахад өвөө маань зөвхөн зохиолч, үгийн мастер төдийгүй Монголын томоохон зүтгэлтэн байсан. Занабазарын тухай роман бичиж, өв соёлыг нь хадгалахын төлөө олон зүйл хийснийг хүмүүс мэднэ. Мөн Мэгжиджанрайсиг шүтээнийг босгоход Соёлын сангийн тэргүүлэгчийн хувьд маш их үүрэг гүйцэтгэсэн дээ. Сүүлд тэмдэглэл нийтлэлүүдийг уншиж байхад олон зүйл бодогдож байлаа. Хүний амьдралын ахархан хугацаанд ямар их зүйл амжуулж, үндэсний утга соёлын сан хөмрөгт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгээ вэ гэж эрхгүй бодогддог.

-Эрдэнэ баавай юуг аминчилж хэлдэг байсан бол?

-Намайг Лондонд оюутан байхад өвөө минь захидал явуулдаг байлаа. Би ч өвөөдөө хариу захидал их бичнэ. “Өвөөгийн хайрт хүү Чугу минь сайн уу” гэх халуун сэтгэлийн үгтэй захидлууд хадгалаастай бий. Саяхан бид өвөөгийн зохиолуудыг хорин боть болгож гаргалаа шүү дээ. Тэдгээр ботиудын нэг нь буюу “Миний эх орон-мини тоонот”-д нэг захидлыг нь оруулсан. Гадаад хэл, ялангуяа англи хэл сайн сурахыг аминчилж захидаг байлаа. Тэрхүү захидалдаа өөрөө хэл сурч, мянга хүртэлх тоо тоолчихоор болж буйгаа бичсэн байж билээ. “Чи бол Монголдоо нэр нүүртэй өвөө, аавын хүү шүү. Бага залуугаасаа амьдралын зорилготой явна шүү” гэдгийг мөн сануулдаг байсан. Энд сонин болгож хэлэхэд, өвөө минь надад гурван зүйл үлдээсэн. Нэг нь Батноров хийцийн хуучны эмээл. Миний бие тэрхүү эмээлийг ажлынхаа өрөөнд тохоостой байлгадаг. Харах бүртээ өвөөгөө санадаг. Хэт хутга, зэс аяга нь гэрт байдаг. Эр хүнд байх ёстой гэж эмээл, хутга, аяга үлдээсэн байлгүй.

Өвөө хаая хааяахан балгана. Тэр үед нь эмээ, аав хэн нь ч хэлээд нэг их үг авахгүй. Харин миний үгийг авна. Түүнийг нь эмээ мэдэх учир намайг гэртээ дуудаж өвөөд үг хэлүүлнэ дээ. “Та юундаа уугаад байдгийн, наад бие хаагаа бодооч” гэж загнана. Тийн хэлэхэд өвөө чимээгүй сууж байна. Миний өөдөөс нэг ч үг хэлж эсэргүүцэхгүй. Нэг удаа уучихсаных нь маргааш очоод өвөөд зэм хүртээлээ. Чимээгүй л хэвтээд байна. Тэгснээ “Миний хүү өвөөгийнхөө хөлийг бариадах даа” гэдэг юм. Би хөлийг нь барьж өгөнгөө бас л загналаа. Тэгтэл харин өөдөөс “өвөөдөө хоёр пиво авчирч өгөх боломж байна уу” гэдэг юм. Би эмээ рүү хартал, илт дургүй байна аа. Тэгэхээр нь “чадахгүй ээ” гэчихсэн. Дараа нь “хоёр пиво аваад өгчихдөг ч байж дээ” гэж бодоод өвөөгөө өрөвдөж билээ. Өөрөө зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн байсан. Гучин долоон оны буриадуудыг хоморголон хэлмэгдүүлж, ид дунд насны залуухан бүсгүйчүүд нялх хүүхдүүдээ тэврээд хоцорсныг өвөө минь нүдэндээ нулимстай дурсдаг байсан. Тиймдээ “хар нялхаасаа би бүсгүйчүүдийг өмөөрөх сэтгэлтэй болсон” гэж хэлдэг байж билээ.

-“Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ” гэж Шаравын Сүрэнжав гуай шүлэг шиг хэлдэг. Эрдэнэ баавай үнэхээр л ус нутгаа сэтгэлээ бэтгэртэл санаж, үүнийг настолгия буюу нутаг санахын өвчин хэмээн тодорхойлсон байдаг. Бүх л зохиолын Сэрүүн Галттай, Онон мөрөн харагддаг. Үүнийг өгүүлдгийн учир өвөөгийнхөө нутагт хамт очиж байв уу гэж асуух гээд л?

-Очиж байсан. Өвөөтэйгээ хамт Онон мөрнөөс нь аршаалан хүртэж, шөнийн тэнгэр дор оддыг нь харж явлаа. Ер нь өвөөтэйгээ өвсөн дээр зэрэгцэж хэвтээд шөнийн тэнгэр ширтэх, оддын туяаг харах сайхан. Тийн хэвтэхэд олон зүйлийн талаар хэлдэг сэн. Ус нутагтаа очоод мэлмэртлээ уйлна. Бага байхдаа түүнийг нь сайн ойлгодоггүй байж дээ. Юунд ингэж мэгшин уйлдаг юм бол гэж гайхдаг байж билээ. Сүүлд зохиол бүтээлийг уншиж байхдаа өвөөгөө ус нутгаа тэгтлээ их санадгийг ойлгосон. Цээжин цаана нь зангирсан зүйл яваад байдаг байж дээ. Бага балчиртаа ааваасаа хагацсан, аавыг нь нүдэн дээр нь баривчлаад аваад явсан, ээж дүү нартайгаа бүртийтэл үлдсэнийг нь “Хар хун шувуу” зохиолоос нь уншаад өөрийн эрхгүй уйлж байлаа. Мөн хэлмэгдүүлэлтийн тухай бичсэн “Хойд насандаа учирна” гэж роман байна. Уг зохиолыг миний бие бас л нүдэндээ нулимстай уншиж дуусгасан. “Хойд насандаа учирна” зохиолын талаар төрийн шагналт Д.Сосорбарам, соёлын гавьяат зохиолч Г.Аким, Г.Аюурзана гээд олон хүн бахархаж бичсэн байдаг. Тэр дундаас Баабар нийтлэлчийн бичсэнийг би уншаад өгье. “…Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан монгол омгорхол багтаж ядан чихэлдэх аж… ” гэж бичсэн байдаг юм. Маш их хөдөлмөрч хүн байсныг нь манай ээж хэлдэг. Ээж өвөөгийнд бэр болж ирээд удаагүй байж л дээ. Би гэдсэнд байсан үе юм уу даа. Өглөө таван цагийн алдад л өвөөгийн бичгийн машин тог тог хийгээд эхэлдэг байсан гэнэ. Тэгээд ээж, хадам аавыгаа босчихоод байхад цайг нь чанаж өгөлгүй хэвтээд байлтай нь биш гээд өвөөтэй хамт л босдог байсан байгаа юм.

-Ер нь өвөөгийнхөө зохиолоос сэтгэлд ойр байдаг нь ямар бүтээлүүд бол?

-За даа, бүх л зохиолоос нь бичгийн хүний өндөр соёл, монгол үгийн давтагдашгүй чанар, уран тансаг өнгө, зураглал, аялгуу эгшиг бүгд л мэдрэгддэг. Тиймдээ л Монголын үргэлжилсэн үгийн зохиолын сонгодог төлөөлөгч гэж хэлэгддэг байх. Миний хувьд бусдын ижил зохиолуудад нь дуртай. “Хайрын нарсан төгөл”, “Өвгөн шувуу”, “Хулан бид хоёр”, “Малын хөлийн тоос” гээд дахин дахин уншаад баймаар зохиолууд нь байна. Хүмүүсийн тухай бичсэн хөрөг нийтлэлүүд мөн л гайхмаар. Өвгөөдэй Дамдинсүрэн гуайн тухай бичсэн “Диваажинд суугаа Өвгөөдэйд” гэх хөргийг уншаад мөн л баахан уйлж билээ. Өвөөгийн “Хөх хулгана жил” анхны туужийг нь ариутган шүүж гаргасан хүн Дамдинсүрэн гуай юм билээ.

Манайхыг Хөвсгөлийн Ринченлхүмбэд байхад өвөө эргэж тойрдог байсан. Тэгэхэд би бага байсан.

-Хэдэн оны үед Дархадын хотгорт байлаа, танайх чинь?

-1982-1985 оны хооронд Ринченлхүмбэд байсан юм. Би гэдэг хүн дархад аялгатай болчихсон хооё гэж хэлээд амьтны инээдийг хүргэдэг байж билээ. Одоо бодох нь ээ өвөө, аав ээж биднийг эргэж очихоос гадна зохиол бүтээлийнхээ санааг л дотроо бодож явжээ. Тэнд байгаа хүмүүсийн ахуй амьдрал, аж төрөлтэй танилцаж явжээ. Өнөө л Монгол нутгийнхаа сайханд уярч явдгийнх нь нэгэн илрэл болов уу. Ринченлхүмбэд аав физик математикийн багш, ээж орос хэлний багшаар ажиллаж байсныг хүмүүс гадарладаг байх. Өвөө “Хүү минь сайн уу” гэж их асуудаг байсан гэдэг. Тэгээд л яваад очно. Ринченлхүмбийн онгоцны буудал дээр аав, ээж, өвөө бид дөрвийн зогсож байгаа нэг зураг байдаг даа. Би уйлчихсан, аавд тэврүүлээд зогсож байдаг, тэр чинь наян гурван он юм. Миний бие гурван нас л хүрч байсан үе. Хөл даараад уйлсан юм билээ. Тийн очихдоо өвөө цаатны тухай тэмдэглэл бичсэн байдаг. “Алдарт Шишгэдийн алаг хөндийд очлоо. Сартай шөнө Цагаан нуурын хөвөөнд очиход сая хадаалж байгаа мөс нь холуур нисч яваа тийрэлтэт онгоц шиг урхиран хүнгэнэнэ. Тэртээ өмнө этгээдэд Дэлгэр хан уулын гурвалжин цагаан оргил цайвалзан, баруунаа цаатны нутгийн их тайга хүглийн харагдана” гээд гайхмаар зурагласан нь бий.

-Эрдэнээ гуай зохиолчийн хувьд аваргаас гадна хүнийхээ хувьд сайхан нэгэн байжээ. Сүрэнжав, Бадарч, Цоодол, Нямаа, Лхагвасүрэн, Галсан, Аким, Догмид, Мэнд-Ооёо, Пүрэв гээд бүгд л өнөөдөр Эрдэнэ баавайгаа дурсч, хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ санагалзах нь бий. Чимид, Явуу, Гайтаваа ямар гайхалтай бичсэн байдаг билээ. Нөхөрлөлд үнэнч хүн байж дээ?

-Өвөөг хаана ч очсон бүгд хүндэтгэнэ. Тэр бүгдтэй дотно сайхан ярилцана. Явуухулан гуай, Гайтав гуай, Чимид гуай нэртэй зохиолчидтой шадар явсныг мэдэх хүмүүс нь сайн мэдэх учир би юу хэлэх билээ. Тэдний нөхөрлөл бол надаас өмнө юм даа. Харин өвөөгийнхөө өвөр дээр эрхэлж байх үед гэрээр нь орж гарч явсан хүмүүсийг мэднэ. Гавьяат барилгачин С.Цэвээн гуай, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж гуай гээд найз нар нь ирнэ. Тэд бол ёстой нөгөө хар багынх нь нөхөд. Хэлмэгдүүлэлт, өнчрөл хагацал гэдгийг яс махаараа мэдэрсэн хүмүүс. Сүүлд өвөө минь тэр хоёр найзтайгаа Сэрүүн дуганыхаа нээлтэд очиж байлаа. Цэвээн гуай хааяа өвөөгийнд ирж, өвөөг уучихсан үед нь энерги эмчилгээ гээд гараараа алсаас илж, өвөө түүнд нь баахан баясдаг сан. Сэрүүн дуганых нь нээлт гэснээс аавын том эгч Байгаль, аавын хоёр дүү болох Батбаяр, Батхүү нарынхаа ах нартай, тэдний үр ач нартай үндсэндээ Сэнгийн Эрдэнэ гэж хүнээс салбарлсан хүүхдүүд нь жилийн жилд өвөөгийнхөө нэрэмжит Биндэрийн сургуулиар очиж, хөшөөнд нь сүслэн мөргөж, Сэрүүн Галттайд нь очиж, буурийг нь эргэдэг.

-Наян таван насных нь ойг тохиолдуулан “UBS” телевизтэй хамтарч “To be or Not to be” театрчилсан шоуг зохион байгуулахаар болсон. Үндсэндээ уг шоуны оролцогчид Сэнгийн Эрдэнийн зохиолуудаар өрсөлдөнө. Үүнд товч тайлбар өгөхгүй юу?

-Өвөөгийнхөө наян таван насных нь ойг үр бүтээлгүй өнгөрөөгөөд яахав гээд олон юм бодсон л доо. Тэгээд “UBS” телевизтэй ярилцаад “To be or Not to be” театрчилсан шоуг Сэнгийн Эрдэнийн зохиол бүтээлээр хүргэвэл ямар вэ гэсэн шийдэлд хүрсэн. Балхаа захирал маш таатай хүлээн авсан. “Эрдэнэ сан” гэж бий шүү дээ. Бид хүнд үлдэцтэй, олонд хүртээмжтэй зүйл хийе гэж бодсоны үндсэн дээр “UBS”-ийнхэнтэй хамтарсан. Уг шоунд сонирхсон хүмүүс бүгд оролцог, Монголын залуу үе Эрдэнэ гэж ямар зохиолч байсныг мэдрэг, ард түмэнд дахин шинээр танилцуулаг. Наадмыг өрсөлдөөнтэй, урлагийг үнэ цэнэтэй болгох үүднээс шагналын санг өндөр болгож байгаа. Үндсэндээ түрүүлсэн оролцогч хоёр өрөө байрны эзэн болно. Авьяасаараа өнөөдөр байр аваг л дээ. Улсын наадамд цол авсан залуудад нутгийн зөвлөл нь шууд л байр, машин өгч байна.

Тэгэхэд урлагийн хэмжүүр ямар түвшинд байгаа билээ. Үүнийг өөрчлөе гэсэн үүднээс зориг гаргаж байр өгч, шагналын санг өндөр болгож байгаа. Гэхдээ бас яриа хөөрөө гарсан байна лээ. Бат-Үүл хотын дарга учир аавынхаа нэрэмжит наадын ялагчид байр өгнө гээд л улстөржүүлсэн байна лээ. Эгэл жирийн аавын хүү авьяасаараа орон байртай болог л дээ. Нэг маань ч орох оронтой болно гэдэг сайхан биз дээ. Магадгүй энэхүү тэмцээнээс дэлхийн хэмжээний од төрөхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Ингэж л бид зорьж байгаа. Цаашдаа Монголын соёл урлаг, утга зохиолд “Эрдэнэ сан” их олон ажил хийхээр бодож байна. Зөвхөн өвөөгийнхөө бүтээлийг мөнхлөөд зогсохгүй Нацагдорж, Явуухулан гээд Монголын сонгодог зохиолчдын бүтээлийг мөнхлөх, олонд сурталчилах ажилд хөрөнгө хүч зарна. Энэ бол Сэнгийн Эрдэнэ өвөөгийнхөө өмнө хүлээсэн бидний үүрэг юм. Тэгж л бодогдож байна даа.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх гурав хүчээ нэгтгэснээ зарлав бололтой

Урд эгнээнд Зүүний хүчний холбоог тэргүүлэгчид

Зүүний хүчний холбоо хоёр өдөр хуралдлаа. Энэ холбоог МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх тэргүүлдэг. Зүүний хүчний холбооныхон өөрсдийгөө төрийн бус байгууллага гэдэг ч МАН доторх далд фракциудын л нэг. 2012 оны сонгуульд нам нь ялагдаж, У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзаж, улс төрд сураг алдарсантай хамт энэ холбоо алга болсон гэхэд хилсдэхгүй. Харин энэ намраас сэргэж, “амь” орж эхэлснээ тэд зарлах шиг боллоо. Учир нь МАН-ынхан эрх барьж явсан хуучин цаг шигээ үүдэндээ цагдаагаар мануулах шахам байж хаалттай чуулав.

Ингээд Зүүний хүчний холбооны бага хурлын гишүүдийг шинэчилж, тоог нь 301 болгосон байна. Удирдах зөвлөлийн гишүүдийг цөмийг нь өөрчилж. Хуучин хүмүүсийнх нь оронд УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаа, Хөрөнгийн биржийн дарга байсан Х.Алтай нарыг сонгожээ. Тэднийг Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэлцдэг. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажилласан О.Одбаяр, мөн л Сү-гийн үед Гадаад харилцааны сайдад томилогдож явсан Д.Цогтбаатар нарын хүмүүс У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлд багтжээ. Тус холбоо өмнө нь байсан олон дэд ерөнхийлөгчөө хоёр болгож цөөлсөн байна. “Бишрэлт”-ийн Б.Ундармаа гэхээр хүмүүс мэдэх байх. Тэр бол нэг дэд ерөнхийлөгч нь. Түүнийг Сү.Батболдын фракц гэдгийг намынхан нь андахгүй. Нөгөө дэд ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонгожээ. С.Баяр, У.Хүрэлсүх, Сү.Батболд нараар “овоглож” явдаг эрхмүүд нэгэн бүл болж, Зүүний хүчний холбоо гээчийг хүчирхэгжүүлэхээр нийллээ гэдэг нь нэгэнт ил болов бололтой. Үнэндээ 2012 оны сонгуульд нам нь ялагдаж бүгд гудамжинд гарчихсан. Дээрээс нь нам дотроо М.Энхболдын хотын фракцид шахагдаж, хэн ч биш болцгоосон учраас С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх гурав хүчээ нэгтгэж байгаа нь энэ гэнэ. Ардын намынхан дунд ч ингэж үзэх хүн олон байна лээ. Зарим эх сурвалжийн хэлснээр тэр гурав 2016 оны сонгуульд хүч хавсарч, намаа ялалтад хүргэх зорилготой. Мөн намын даргын ажлыг У.Хүрэлсүхийн гарт атгуулах цаад санаатай. Үүнийхээ эхлэлийг тавьж Зүүний хүчний холбооны хурлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн гэлцэж байна. Гэхдээ хуралд ирнэ гэсэн С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нар өчигдөр үзэгдээгүй. Харин оройн 18.00 цагт эхэлсэн хүндэтгэлийн хүлээн авалтад нь тэд иржээ.

Эх сурвалжийн мэдээлс­нээр өчигдөр У.Хүрэлсүх холбооныхондоо хандаж үг хэлэхдээ ийм утгатай зүйлүүд ярьжээ. “УИХ-ын гишүүнээсээ яагаад татгалзсан шалтгаанаа үнэндээ намын анд нөхөд та нарт ч олигтой тайлбарлаж чадаагүй. Олон нийт ч гайхсан байх. Намайг худлаа шалтгаан хэлж, алга боллоо гэдэг тайлбарууд ч хөвөрсөн болов уу. Та нар ч гэсэн сая “Яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзсан юм. Нийгэм улам харгис хатуу, ард түмэн өлөн зэлмүүн, амьдрал ядуурлаа. Харамсалтай нь энэ бүхнийг цэгцлэх аавын хүү байсангүй. Та хөдлөөч. Өнөөдрийн хурлаа хаалттай хийдэг нь ямар учиртай юм. Та ийм аймхай, ичимхий болчихсон юм уу. Нөгөө зориг чинь хаачаав” гэж надад хэлж байна. Тийм учраас хариулъя. УИХ-ын гишүүнээс татгалзсан эхний шалтгаан бол мэдээж ар гэрийн асуудалтай холбоотой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг бий дээ. Яах аргагүй эхнэр маань хорт хавдар туссан. Тиймээс надад гэрээ засч байж төрөө засах шаардлага тулгарсан юм. Жагсаалын цэрэг байхаас минь тоож, олон сайхан хүүхдийн минь ээж болсон гэргийгээ түшиж тулж, хань болох шаардлага үүссэн учраас гишүүнээс татгалзсан. Харин одоо эхнэр минь бүрэн эдгэсэн. Дараагийн шалтгаан бол мэдээж намтай хамаатай. Яалт ч үгүй би “МАХН-ын нэрийг МАН болгосны дараа сонгуульд ялагдвал хариуцлагыг нь үүрнэ” гээд хэлчихсэн хүн. Тиймээс хэлсэн амандаа хүрэхийг хичээсэн юм. Яахав хүмүүс хариуцлага хүлээх байсан юм бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө татгалзахгүй яагаав гэх байх. Гэхдээ нэгэнт ард түмэн итгэл үзүүлж, сонголтоо хийсэн учраас би төрөө хүндэтгэж, сүлдэндээ мөргөж, адис авчихъя л гэж бодсон. Хувьсгалт гэдэг үгийг авсан нь ялагдах шалтгаан болоогүй. Энэ үгийг авахсан гэж тун олон удаа надад хэлж байсан хүн өөрөө бүтээсэн бүхнээ нураасан учраас ялагдсан. Энэ намын итгэлээр төрийн бүх өндөр сэнтийд гарсан хүн өөрөө бүтээснээ нурааж улс төрийн хямрал бий болгосон. Өнөөдөр бид Ху намын хулгайчид гэж адлагдахгүй байна. Дэлхий ч коммунист нам гэж ойлгохгүй байна.

Би дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийнхнийг дэмжиж ойлгодог. Тэр утгаараа жирийн сэтгүүлч байсан Уянга гэдэг эмэгтэй парламентын танхимд орж ирсэнд нь баярлаж байлаа. Тэр утгаараа Д.Сарангэрэл гэдэг эмэгтэйг УИХ-д оруулъя гэсэн юм. Зарим хүмүүс надад тухайн үед “Зүгээр хоёр жилийн чөлөө авчихаач” гэж зөвлөж байлаа. Гэхдээ Д.Сарангэрэлийг мэргэжлийнхээ салбарт хариуцлагатай ажиллаж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга зэрэг алба хашиж байхад нь элдэв амлалт өгч, гуйж байж намдаа авч ирсэн удирдлагын хувьд амлалтаа биелүүлсэн хэрэг. Ер нь бол улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих ёстой, тэгж байж эрчүүдийн хатуу бодлогыг зөөллөнө шүү дээ. Миний УИХ-ын гишүүнээс татгалзсан шалтгаан ийм л байлаа. Харин одоо би хаашаа ч явахгүй. Байран суурин эндээ ажиллана” гэжээ. Зүүний хүчний холбооны хурал дууссаны дараа төлөөлөгчид цөм гадаа зургаа татуулав. Энэ үед У.Хүрэлсүхээс ярилцлага авахаар бид тал талаас нь шалгааж, чангаасан боловч тэрээр ийм л үг унагасан юм.

У.Хүрэлсүх: БИ ИРЧИХСЭН Л БАЙГАА БИЗ ДЭЭ

-Та өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын талаар юу хэлэх вэ?

-Манай ерөнхий нарийн бичгийн даргаас асуучих.

-Танаас л хариулт авмаар байна. Та Зүүний хүчний холбооны хуралд үг хэлэхдээ улс төрд ирж байгаагаа зарласан юм уу?

-Та нар чинь юу асуугаад байгаа юм бэ. Би ирчихсэн л байгаа биз дээ. Дараа сайхан тухтай ярилцлага өгье за юу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ