Categories
мэдээ соёл-урлаг

Монголд анх удаа олон улсын электро хөгжмийн наадам болно

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа олон улсын электро хөгжмийн наадам “Eco Asia Music Festival” болох гэж байна. Тус наадамд ирэх сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцох аж.

Фестивалын хүрээнд соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой юм байна. Мөн фестивалиас олсон орлогын тодорхой хувийг цөлжилт явагдаж буй газруудад мод тарих, нутгийн иргэдэд туслахад зарцуулах аж.

Наадамд оролцох уран бүтээлчид:

Rank 1 /Нидерланд/

Daishi Dance /Япон/

Gary Caos /Итали/

Jack Holiday /Швейцарь/

Robotronica Live /Швейцарь/

Luca Cassani /Итали/

Miss Nine /Герман/

Kill FM /Швед/

SOLAII /БНСУ/

Ventrock /БНСУ/

DJ Rell /БНСУ/

Tenashar /Сингапур/

DJ R2 /БНСУ/

DJ Bong Koo /БНСУ/

ChicAngel /БНСУ/

Mikael /БНСУ/ 

Categories
мэдээ нийгэм

Дугуйгаар аялагчдыг үнэгүй тээвэрлэнэ

“Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь хоёр үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр шат нь өнөөдрөөс ирэх сарын 28-ны өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалга, хоёрдугаар үе шат нь 12 дугаар сарын нэгнээс гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ гэсэн төрлүүдээр явагдана.

“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн нээлт өнөөдөр 11.00 цагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно. Дугуйн аялал, зугаалгаар эхэлж буй хөтөлбөр долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хэрэгжих юм. Энэ өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс ирэх сарын 28-ны ням гаригийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10.00  цагаас оройн 20.oo цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд автобус явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Барилгын коллежийн хичээлийн жилийн нээлтэнд оролцоно

УИХ-ын дарга З.Энхболд жил бүрийн 09
дүгээр сарын 01-ний өдөр шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцдог
уламжлалтай. Тэрбээр энэ жил Барилгын Политехник коллежийн “Эрдмийн
баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн
нээлт ирэх даваа гаригийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.

УИХ-ын даргын зочлон очих Барилгын
Политехник коллежийн хувьд анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд
22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар 1960 онд дөрвөн салбар 540
оюутантай Барилгын техникум болгон өргөжүүлсэн түүхтэй. Барилгын
Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд
мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт
явуулдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш 50 гаруй жилийн хугацаанд нийт
8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын
нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн
гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр
бүтээлтэй ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Цэцээ гүн” орчмын хогийг цэвэрлэжээ

Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчид жил бүр Богд хан уулын оргил буюу “Цэцээ гүн”, “Хийморийн овоо”, Манзуширын хийд  орчмын хогийг цэвэрлэдэг байна.

Энэхүү уламжлалын дагуу их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 150 орчим сонсогч, албан хаагч өчигдөр Богд хан уулын “Цэцээ гүн”-ий орчмын хогийг цэвэрлэжээ. Энэ удаагийн цэвэрлэгээгээр 120 орчим шуудай хогийг цэвэрлэсэн ба энэ нь өнгөрсөн жилүүдээс харьцангуй бага хог гарсан гэж тус сургуулийн албан хаагч ярив.

Тус сургуулийн сонсогчид “Цэцээ гүн” орчмын хогийг цэвэрлэсний дараагаар олс татах, уулын оргил булаалдах, хээрийн цай чанах, хөгжөөнт буухиа гэсэн дөрвөн төрлийн тэмцээнээр уралджээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөр дахин хэрэгжинэ

Нийслэлийн Цагдаагийн газар, НИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг өнгөрөгч долоодугаар сарын 1-ний өдрөөс энэ сарын 25-ныг хүртэл хэрэгжүүллээ.

Өнөөдөр ЦЕГ-ын Цагдаа, олон нийтийн төвд “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болж, дээрх байгууллагын удирдлагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 44 чиглэлд  үүрэг гүйцэтгэсэн 88 оюутан цагдаа нар оролцлоо.  Оюутан цагдаа нар 186 цаг ажилласан ба 600 гаруй мянган төгрөгийн цалин  урамшуулал авсан байна. Энэ жилийн “Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн учир тус хөтөлбөрийг ирэх жил хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ цар хүрээгээ өргөжүүлэн нийт 200 оюутныг хамруулахаар төлөвлөж буй юм байна.

“Оюутан цагдаа” хөтөлбөрийг жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн. Оюутан цагдаа нар үүрэг гүйцэтгэсэн хугацаандаа 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоожээ.  Хөтөлбөр хэрэгжихээс өмнө оюутнуудад жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлагийн хичээлийг мэргэжлийн багш нар заасан билээ.

Categories
мэдээ спорт

Манай тамирчид хүрэл медаль хүртлээ

Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 48 дахь удаагийн тэмцээн Макао улсад энэ сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдрүүдэд хурал, семинар үргэлжилсэн бол өнөөдрөөс тэмцээн албан ёсоор эхэлж байгаа юм.

Манай улсын дөрвөн тамирчин өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр гарснаас 55 кг-ын жинд өрсөлдсөн Ч.Мянганбилэг, 65 кг-д оролцсон Л.Саруулбат нар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэй бодибилдингийн 49 кг-ын жинд н.Гансаруул дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Энэ удаагийн ААШТ-д 30 орны тамирчид өрсөлдөж буй аж. Маргааш манай тамирчдаас эрэгтэй фитнесст  н.Хүсэлтүвшин, эрэгтэй бодибилдингийн 70кг-д н.Дорж, 75 кг-д н.Сумьяа, 80кг-ын жинд н.Ганзориг нар өрсөлдөнө. Харин эмэгтэй модель 160 см-т  н.Насанбуян, н.Оюунгэрэл нар 165 см-т н.Саруул тайзан дээр гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд нийтийн шинэ үйлчилгээг цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна

Нийслэлийн Тээврийн газраас зорчигч 500 төгрөгийн тасалбар худалдан авсан тохиолдолд өдрийн турш хэчнээн ч автобусаар зорчсон дахин тасалбар авахгүй байх шинэ үйлчилгээг 10 хоногийн хугацаатай туршиж байгаа юм. Тэгвэл энэ үйлчигээ билетээр зорчдоггүй ахмадууд хийгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төдийлөн нөлөөлөхгүй байгаа ч автобуснаас олон дахиж бууж, сууж дамжих асуудалд шүүмжлэлтэй байгаа юм.

Харин нийтийн тээврээр их үйлчлүүлж ажлаа амжуулдаг, угаасаа л гэр ажлынхаа хоорондоо автобус дамждаг иргэдэд энэ үйлчилгээ ихэд таалагдаад байгаа юм.

Автобусныхаа чиглэлийг л мэддэг байхад энэ үйлчилгээ иргэдэд хэрэгтэй зөв зүйл хэмээх иргэд ч олон байна.

Цаашлаад Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэхэд ихэнх нь нийтийн тээврийн салбарт туршилтаар хэрэгжүүлж байгаа шинэ үйлчилгээг сайшааж байна гэжээ.  Түүнчлэн, Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, судалгаа хийсэн байгаа.

Судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь таалагдаж байгаа ч,  чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж хүрэх газраа хүрч байна хэмээсэн байна.

Юутай ч туршилтаар ийм үр дүнд хүрээд байгаа ч хэрхэн шийдэх нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлээс шалтгаалах юм.

Магадгүй маргааш энэ туршилтын сүүлийн өдөр болж ирэх даваа гарагаас иргэд хуучин маршрутаараа явж эхэлж ч болох юм. Эсвэл энэ туршилтаа цааш үргэлжлүүлж ч мэдэх юм.

Дашрамд хэлэхэд, автобусны жолооч, кондукторууд өөрсдийн хувийн ашиг сонирхолын үүднээс энэ туршилтад ихэд бухимдалтай хандаж байгаа. Үүнийг зарим иргэд ч онцлоод байна. Учир нь зарим автобусны жолоочид хүн авахыг бодохгүй, автобусны буудлаасаа хэтэрч зогсож барих асуудлууд гарсаар байгаа юм. Тиймээс хэрэв туршилтыг цаашид хэрэгжүүлэхээр болвол нийтийн тээврийн жолооч, кондукторуудыг ч хохироохгүй талаас нь бодолцож, тэд ч иргэдэд 100 хувь үйлчилж чаддаг байх нь чухал юм.

Categories
мэдээ улс-төр

В.Путины айлчлал 6 цаг үргэлжилнэ

Ирэх сарын эхээр Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.Путин манай улсад төрийн айлчлал хийнэ. Түүний айлчлал 6 цаг үргэлжлэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа ч  яг хэдний өдөр, хэдэн цагт ирнэ гэдгийг  одоогоор нууцалж байна.

В.Путины айлчлалаас манай улс ихээхэн зүйлийг хүлээж байгаа юм. Тухайлбал, транзит тээвэр, төмөр замын царигийн асуудлаас гадна Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.  Мөн ОХУ-руу зарим нэрийн хүнс тэр дундаа мах экспортлох асуудлыг хөндөх аж. Түүнчлэн, айлчлалаар нийгэм, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд ч хийгдэх талаар албаныхан ярьж байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс онлайн эрх чөлөөг хангуулах үүрэг хүлээсэн ч жиргээчээ шоронд хорьчихлоо

Дэлхий  цахим ертөнцөөр амьсгалж байна. Манайд ч хүн бүр онлайнаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж. Ийм ч учраас Монгол Улс НҮБ-ын дэргэдэх “Онлайн эрх чөлөө” эвслийн гишүүн орон болсон юм. Одоогоор 23 орон уг эвсэлд нэгдээд буй. Эвсэлд нэгдэн орсон улс болгон нэг, нэг жилээр эвслийн хурлаа даргалдаг уламжлалтай. Өнгөрсөн хавар Эстони улсын нийслэл Таллинн хотноо болсон “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хурлаас дараагийн хурлыг манайхыг зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Хуралд оролцогч гишүүн орнууд санал нэгтэйгээр V бага хурлын даргаар Монгол Улсыг сонгосон гэж байгаа. Энэ эвслийн хурлыг даргалан явуулах боломж тийм ч амар олдохгүй. Өндөр шалгууртай нь мэдээжийн хэрэг. 

Онлайн ертөнцөд иргэний эрх чөлөөг хэрхэн хангаж байгааг хамгийн гол шалгуураа болгодог. Интернэтийн орчин дахь эрх чөлөөг эрхэмлэдэг дэлхийд нэр хүндтэй энэ  байгууллага иргэддээ цахим эрх чөлөөг өгч чадсан гэж Монгол Улсад  2014-2015 онд даргалах эрх олгосон юм.  Эвслийн хүрээнд зохион байгуулагдах бүхий л ажилд манай орон манлайлан оролцож, онлайн эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаагаа олон улсын төлөөлөгчдөд тайлагнах үүрэгтэй. Харамсалтай нь жиргээч Ц.Батад тохиолдсон явдлыг харвал огт өөр дүр зураг харагдаж байна. Бид онлайн эрх чөлөөг хангах зарчмаасаа ухарч олон улсад шившгээ тарих нь байна. Монгол Улсын иргэн интернэт орчинд эрх чөлөөгөө боомилуулж, улмаар нийгэмд ажиллаж, амьдрах эрх чөлөөгөө хасуулсан тухай эвслийн гишүүн орнууд дуулбал мэл гайхах байх даа. Ингээд ч зогсохгүй  олон улсад ичгэвтэр байдалд орох нь гарцаагүй. Тийм л байсан юм бол “Онлайн эвсэл”-ийг даргалах хэрэг юунд байсан юм бэ. 

Иргэн Ц.Батыг интернэт ертөнцөд эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө шоронд хорьчихлоо. Хорих хорихдоо төрийн эрхийг барьж яваа Засгийн газрын гишүүнийх нь хатгаас, нөлөөгөөр ийм шийдвэр гарлаа. Зам тээврийн сайд А.Гансүх иргэн Ц.Батыг твиттерт жиргэснийх нь төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болгочихлоо. Жиргээч Ц.Бат бол нисэхийн салбарын мэргэшсэн ажилтан. Тиймээс салбартаа болж бүтэхгүй байгаа бусармаг явдлууд болон сэтгэл эмзэглүүлсэн зүйлсээ онлайн ертөнцөд чөлөөтэйгөөр олонтой хуваалцдаг байж. Үүнийхээ хариуд ажил, орлого, албан тушаалаараа  хохирч, эцэст нь эрх чөлөөгөө хасууллаа.

 А.Гансүх сайд түүний 5700 жиргээнд гомдож, хуулийн байгууллагад хандсанаар асуудал ингэж шийдэгдсэн юм. Харин Ц.Бат Эрүүгийн хуулиар шийтгүүлж, шоронд 100 хоног хоригдох ял аваад байна.  Ардчилсан чөлөөт нийгмийн хуулийг ийнхүү АН-аас сонгогдсон Засгийн газрын гишүүн маань зөрччихлөө. Ц.Батын эгч болох Спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл энэ санаатай үзэл бодол нэг байгаа юм. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Онлайн ертөнцөд хүмүүс ярьж байгаа шигээ л бичдэг. Хүн өдөрт 10 юм уу 20 өгүүлбэрээр яриарай, тэрнээс дээш яривал шийтгэнэ гэдэггүй биз дээ. Гэтэл дүүг маань 5700 удаа жиргэсэн байна гээд эрүүгийн ял оноолоо. Дүү маань жиргээнд А.Гансүхийг гомдоохоор тийм зүйл бараг байгаагүй. Энэ бол ардчиллаас ухарсан явдал. Ц.Батад тохиолдсон явдлыг ардчилсан орнууд маш их гайхна. Бүгд Ц.Батыг өмөөрнө, А.Гансүхийн үйлдлийг ойлгохгүй. Төрийн дархлааг иргэд хэзээ ч унагаадаггүй юм. Ц.Батаа мянга твиттерт жиргээд, түүн шиг мянган Батаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд төрийн дархлаа алга болохгүй. Төрийн дархлаа чинь иргэдийнхээ эрх чөлөөнд байдаг юм. Ц.Батаа харин шоронгоос гарсан байвал төр дархлаатай болно” гэсэн юм. Юутай ч “Онлайн эрх чөлөө” эвслийн гишүүн орнуудын төлөөлөл манай оронд ирэх нь гарцаагүй. Тэд Монгол Улсад цахим ертөнц хэрхэн оршин тогтнож байгаад дүн тавих учиртай. Уг эвслийн гол зорилго нь онлайн орчин дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих явдал. Үүнийхээ хүрээнд иргэн бүр онлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Энэ эрх нь өөрийн гэсэн хэм хэмжээгээр хамгаалагдсан байхаас гадна хүний эрх онлайн байдлаар зөрчигдсөн тохиолдолд туслах зорилготой.  Ардчиллыг эрхэмлэгч алсын АНУ-д гэхэд жиргээг шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн хуультай. Ирэх оны тавдугаар сард манай улсад зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвсэлд оролцохоор гишүүн орнуудын төлөөлөгчид ирнэ. Тэднийг ирэхэд бид Ц.Батад авсан арга хэмжээгээ юу гэж тайлбарлах вэ. Уг нь эрх чөлөөг нь ханга гэж даргалуулсан болохоос онлайнд эрх чөлөөгөө хангасан хүнийг барьж хорь, тэр байтугай эрүүгийн ял хүлээлгэ гээгүй биз дээ. Бид Монголдоо онлайн хурал зохиох эрх авчихаад твиттерт жиргэж байгаа хүнийг хорьчихлоо. Хурал эхлэх тэр цагт дэлхийн цахим эрх чөлөөг эрхэмлэгчид Монгол Улсад ямар үнэлгээ өгөх бол. Монголын нэр хүндийг олон улсад унагах бас нэг том шалтгаан нь эрхэм сайд А.Гансүхийн гомдлын дагуу Монгол Улсын иргэн Ц.Батад үзэл бодлоо илэрхийлж жиргэснийх нь төлөө өгсөн эрүүгийн ял болно гэдэгт эргэлзэх юм алга.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана

Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо үргэлжилсээр байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг-ын жингийн барилдаанууд болон эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан явагдана.

Манай бөхчүүдээс -100 кг-ын жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр “Трактор Арена” цэнгэлдэхийн татамид Казахстаны бөх Раков Максимтай эхний барилдаанаа хийнэ. Мөн +100 кг-ын жингийн ангилалд манай тамирчин Б.Тэмүүлэн хүч үзэх юм. ДАШТ-ний барилдаанууд манай цагаар 13.00 цагт эхэлнэ.