Маргааш Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчсэн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдаж байсан “Доржзодов”, “Алтгангэрэл” болон “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дээж, хувилбарыг Тусгаар тогтнолын талбайд 10.00-14.00 талбайд залж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, сонирхуулах аж.
Month: July 2014
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Айна Юнайтед Трейдинг” ХХК-тай хамтран 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. Өнөөдрөөс ирэх сарын 04-ны өдрийг хүртэл үзэсгэлэн худалдаагаар жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий бэлэг дурсгал, бүтээгдхүүнийг борлуулах аж.
Үзэсгэлэнд тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 10 иргэн уран хатгамал /зүү ороосон, задгай, битүү, хэрээсэн/ бусад төрлийн хатгамал, арьсан урлал, дээл, хувцас, малгай бүтээлүүдээрээ оролцож байгаа аж.
Энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдварт боом өвчин гарсан. Зөвшөөрөлгүй буусан айлын мал боом өвчнөөр өвчилж, улмаар хүнд халдварласнаар тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тэгвэл уг хорио цээрийн дэглэмийг татан буулгажээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсэн байна. Мөн нийслэлийн Мал эмнэлгийн газраас бүх малд эмнэлзүйн үзлэг хийжээ. Үзлэгээр сэжигтэй мал илрээгүй учраас хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.
Энэ сарын 31-ний өдөр Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийдээс бусад сүм хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт залах аж. тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд бий болгох үүднээс ийн дэлгэж буй аж.
Мөн энэ өдөр Монголын үндэсний номын сангаас “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дэлгэж, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх станцуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байгаа аж. Энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 04-ний өдрүүдэд явагдах уг арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс хамтран зохион байгуулж буй.
“Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-нд улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг 120 гаруй агуулахаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх 5 станц хамрагдаж байгаа аж. Шалгалтын явцад агуулахын сав, тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуу, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Хяналт шалгалтын үр дүнг Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайдад танилцуулан хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай шалгалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэх юм байна.
БНХАУ-ын Шинжаан-Уйгарын автономит дүүрэгт бас нэгэн аймшигт хэрэг гарлаа. Үл таних этгээд Таджикистаны хилтэй ойролцоо орших Яркан хотын цагдаагийн хэсэгтт халдаж 13 хүнийг хороосон байна. Хохирогчид бүгд хан үндэстэн аж.
Одоогоос ур хэргийн талаар тодорхой мэдээлэл алга.
Ю.Дэлгэр
Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ослоос амьд үлдсэн сурагчид өчигдөр Ансан хотод болсон багийн гишүүдийн шүүх хуралд оролцож мэдүүлэг өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Ослын улмаас 300 гаруй зорчигч амиа алдаж өнөөг хүртэл 10 зорчигчийн цогцос олдохгүй байгаа юм.
Хятадын “Синьхуа” агентлагийн уламжилж буйгаар ослоос амьд үлдсэн Данвоны ахлах сургуулийн зургаан эмэгтэй сурагч эхний ээлжинд мэдүүлэг өгч бусад сурагчид шүүх хуралд хөндлөнгөс оролцжээ. Зургаан сурагчийн тав нь шүүхийн танхимд мэдүүлэг өгсөн бол нэг сурагч тусгай өрөөнөөс видеогийн тусламжтайгаар мэдүүлэг өгчээ.
Мэдүүлэг өгсөн бүх сурагчид осол гарах үед хөлгийн ахмад чанга яригчаар “Данвоны ахлах сургуулийн сурагчид хөдөлж болохгүй. Онгоц хажуу тийшээгээ хазааж байна. Хэрвээ амьд үлдэхийг хүсч байгаа бол байрнаасаа бүү хөдөл” гэж хэлснийхээ дараа чанга яригчаа унтраасан. “Бид тэр үед ахмадын үгэнд орох нь зөв гэж бодсон учир байрнаасаа огт хөдлөөгүй. Хөлөгт их хэмжээний ус орж ирсэн ч бид ахмад болон багийн гишүүдэд эцсээ хүртэл итгэсэн” хэмээн хариулжээ.
Харин танхимд байсан сурагчид хөлгийн багийнхан биднийг живж байхад амиа бодож зугтаасан хэмээн орилцгоосон гэж “Yonhapnews.co.kr” мэдээлэв.
Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 55 см, Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн Чойбалсан хот, Онон гол Дадал сум орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан байна. Түүнчлэн Туул гол Лүн сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэжээ. Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа аж. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Аялалд гарахдаа баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
-СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ НЭГ УДААГИЙН ЗҮҮ Ч АЛГА-
Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед хүн өвдөх эрхгүй болсон мэт. Өнгөрсөн амралтын өдөр Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч н.Гэрэлсүрэн, н.Нараа гэх хоёр эмч “Сарын сүүл болохоор манай эмнэлэгт эм тариа байхгүй. Гаднаас тариа ав” хэмээн өвчтнүүддээ загнан бүх эм тариаг нь гаднаас авахуулж тэр ч бүү хэл нэг удаагийн зүү тариурыг хүртэл авахуулсан байна. Учрыг нь асуусахад дээрх хоёр эмч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг ёс бус үгээр дайрч доромжилон “Тэр Удвал сайддаа хэл” хэмээн эмч хүнд баймгүй мэргэжлийн ёс зүйн алдаа гаргажээ. Энэ бүхнээс харахад Монголын эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар хэмжээнд хүрсэн нь тодорхой байна. Мэдээж алтан гартай эмч нарын ачаар хүнд өвчнөөсөө ангижирч, эрүүл тунх амьдарч буй олон иргэд байгааг хэлэхгүй өнгөрвөл хэтэрхий шударга бус явдал болно. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндээр тоглосон эмч нарт хариуцлага хүлээлгэсэн нь хэр олон билээ. Хүнд суртал нь хэрээс хэтэрсэн, алдаанаас нь болж насан турш тахир дутуу болж үлдсэн хохирогч дэндүү олон гэдгийг бид мартаж болохгүй ээ. Нэг үеэ бодоход энэ салбарт санхүүжилт нэмэгдэж, эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан. Гэсэн ч хүнд суртал, өнгө мөнгөнд шунасан эмч нарын цөөнгүй хувь нь хувийн амбиц, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн ажиллах болсон гэдгийг иргэд шүүмжилэн ярьдаг.
Ардчилсан, хүмүүнлэг нийгэмд монголчууд бид амьдарч байна гэж ярих дуртай. Гэтэл энэ нийгэм нь ард түмнийхээ төлөө юу хийж байна. Бид хөлсөө урсгаж олсон мөнгөнийхөө багагүй хэсгийг “Буруу харж уйлан зөв харж инээн” татварт төлдөг хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүртэх эрх нь хамгийн доод төвшинд буй. Эрүүл мэндийн салбарын доройтол Эрүүл мэндийг толгойлж буй сайд болон ёс зүйгүй эмч нартай шууд холбоотой гэдэгтэй олон хүн маргахгүй биз ээ. Бид Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж буй иргэн Д-гийн хүүтэй утсаар холбогдож зарим нэг зүйлийг тодруулж асуулаа.
-ЭМ, ТАРИАГАА ГАНДНААС ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ “ЭМНЭЛГЭЭС ГАР” ГЭЖ ХӨӨЖЭЭ-
-Таны ээж хэд хоногийн өмнө дүүргийхээ эмнэлэгт хэвтсэн юм бэ?
-Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа нэг л биш. Миний ээж улсад 30 гаруй жил ажиллаж байгаад өнгөрсөн жил насандаа суусан хүн. Харъяалалынх нь дагуу өнгөрсөн дөрөв дэхь өдөр эмнэлэгт хэвтүүлсэн чинь нэг ч тариа, эм өгөөгүй. Өнөөдөр өглөө /VII.28/ том эгч дүүргийн эмнэлэг дээр очоод “Эмнэлэгт тав хоночихоод байхад яагаад нэг ч эм, тариа байдаггүй юм бэ” гэсэн чинь Гэрэлсүрэн, Нараа гэх хоёр эмч “Та нар баян цатгалан байж яах гээд улсын эмнэлэгт хэвтээд байгаа юм. Ээжийгээ хувийн эмнэлэгт хэвтүүл” гэж загнаж. Энэ хоёр эмч манай ээжийг элдвээр доромжилж “Хэл амтай балиар бүдүүн авгай” гэж хэлсэн байна. Эмч хүн ингэж болохгүй биз дээ.
-Та өөрөө Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай биечлэн уулзсан уу?
-Би өдөр очоод /VII.28/ Нараа гэдэг эмчтэй нь уулзаад “Ямар эм, тариа авахыг хэлээд өг. Бид нар аваад өгье” гэтэл “Та нар хоёрын хооронд зүйл дээр ямар их хэл ам гаргадаг юм бэ. Амьдралын боломжгүй хүмүүс эм тариагаа зүгээр авч ирээд хийлгэдэг” гэж байхын. Уг нь бид нар чинь эрүүл мэдийн үйлчилгээ авах гэж татвар төлдөг биз дээ.
-Би өнөөдөр /VII.28/ Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Хажидмаатай уулзахад 20 сая төгрөгний эм тариа татсан гэж хэлсэн.
-Үгүй, үгүй ямар ч эм тариа байхгүй наад эмнэлэгт чинь. “Эмнэлэгт нь ганцхан тариа байна. Энэ тариаг хийлгэвэл хийлгэ эсвэл боль” гэж манай ээжид эмч нар нь хэлсэн байна. Би өнөөдөр ээж дээрээ очиж шаардлагатай бүх эм тариаг нь авч өгсөн. Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэг удаагийн зүү тариур ч байхгүй байна. Эмнэлэг эм, тариа болсон гэж анхнаасаа учирлаж хэлсэн бол бид ойлгоно биз дээ. Гэтэл тариагаа авахгүй бол “Эмнэлгээс гар” гээд хөөж байна шүү дээ.
-Ямар тариа юм бол та мэдсэн үү?
-Ээжид хийх гээд байгаа тариа нь зүрхний тариа гэнээ
-Таны ээж ямар өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэж байгаа билээ?
-Манай ээж зүрхээр биш бөөрний уйланхайтай гэсэн оношоор дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Цаашид хүндэрвэл хорт хавдар болох аюултай гэж бүх шатны шинжилгээгээр тогтоогдсон. Бид өгөх ёстой бүх шинжилгээг нь өгсөн. Миний ээж жаахан тарган л даа тэгээд бөөр нь уйланхайтай болсон юм. Гэтэл энэ эмнэлэг миний ээжээр тоглож байгаа юм шиг бөөр нь өвдсөн хүнд зүрхний тариа хийх гээд байхын. Би аргаа ядаад бичлэг хийж фэйсбүүк сүлжээнд байршууллаа. Намайг бичлэг хийж байхад миний ээжийг түлхээд унагаасан. Намайг юм хэлэхээр “Чи тэр Бат-Үүл, Алтанхуяг, Удвалдаа хэл” гээд хүн рүү дайраад энэ эмч нарт мэргэжлийн ёс зүй гэж огтхон ч алга.
-Биднийг сурвалжлага бэлтгэхээр Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиход эмнэлэгийн дарга нь шуурхай хурал зарласан байсан?
-Аргагүй шүү дээ. Би өчигдөр шөнө /VII.27/ өнөөдөр /VII.28/ Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаагийн гар утас руу зогсоо зайгүй мессеж бичсэн юм чинь. Улсын эмнэлэг нь эмчилгээ сайтай болов уу гэж л дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Бид нар яаж ажиллаж улсын татварыг бүрдүүлдэг билээ дээ. Ингэж болохгүй биз дээ.
-Ш.ХАЖИДМАА: МАНАЙ ЭМНЭЛЭГ 20 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЭМ, ТАРИАНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА-
Харин Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Хажидмаа бидэнд дээрх асуудлаар ийм хариулт өглөө.
-Танай эмнэлэгийн Нараа, Гэрэлсүрэн гэх хоёр эмч өвчитнүүддээ “Сарын сүүл болсон учраас эмнэлэг эм, тариагүй байна эмчилгээгээ гаднаас худалдаж ав” гэж загнаад байна гэхийн та мэдсэн үү?
-Бид одоо наад асуудлаар чинь эмнэлгийн бүх тасгийн эрхлэгч нарт шуурхай хурал заралчихаад сууж байна.
-Танай эмнэлэгт хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байгаа вэ. Эм, тарианыхаа нөөцийг дуусчихсан юм уу?
-Манай эмнэлэгт 166 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өглөө чанар шалгагч бүх эм, тариаг шалгаад шаардлагатай бүх газарт нь хувиарласан. Манай эмнэлэгт 20 гаруй сая төгрөгийн эм, тарианы нөөц байна гэх хариултыг бидэнд өгч шуурхай хурал руугаа орсон юм.
М.АМАРЖАРГАЛ
ОХУ-ын Алтайн хязгаарт хүчтэй мөндөр орсноос нэлээд хохирол учруулсан байна. Орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдсэнээр маш том мөндөрүүд нь байшингуудын цонхыг хагалжээ. Тодруулах юм бол 290 орон сууц, 37 байгууллагад нэлээд хохирол амссан байна.
Ю.Дэлгэр