Эртнээс нааш Эрдэнэ толгойн байцаан өнгөрүүлэх застав буюу эдүгээгийн Замын-Үүдийн хилийн боомтын гал голомт бол хэдийнээсээ бузрыг хааж, буяныг оруулдаг эх орны маань алтан босго билээ. Ази, Европыг холбосон алдарт торгоны зам, цайны зам мөнөөхөн замын үүдээр орж ирж Жанжин Чойроор дамжин баруун Европт хүрдэг. Монголчуудыг гадаад ертөнцтэй XX зуунд холбосон төмөр зам ч мөн л эдийн засгийн чөлөөт бүс болсон Замын-Үүдээр дайран гардаг.
Дорнын говиос Монгол эхэлдэг гэж нэг сайхан дуу байдаг…
Сайншандад нүүрс, хүдэр, зэс угааж боловсруулан нэмүү өртөг үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк барьж байгуулах засгийн газрын хөтөлбөр сүүлийн үед яригдах нь бүдгэрч харин ч долоо найман боомтоор Хятад руу нарийн төмөр зам тавьж нүүрс, алт, зэсээ хямдханаар боловсруулалгүй гадагшаа зөөх тухай дээр доргүй маргалдах болов. Эх орон сумаас эхтэй, төр засаг айл өрхөөс эхтэйн учир би нутагтаа тэр боловсруулах том үйлдвэрийг бариасай, улс орны маань сан хөмрөг арвижаасай, улсын маань төсөв алдагдалгүй болоосой гэж Дорноговь аймгийн санхүүгийн хэлтэст арван зургаан жил орлого хийгээд татварын байцаагчийн алба хашиж явсны хувьд шинэ шинэ үйлдвэрүүдийн тууз хайчлах тэр баярт өдрийг тэсэн ядан хүлээдэг хүний нэг. Хөдөө орон нутагт улсын төсвийн сэжүүр дээр хэдэн жил суусны хувьд үндэсний том үйлдвэргүйгээр улс орны хөгжлийн тухай, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлын тухай бодохын ч хэрэггүй гэдгийг басчиг бага зэрэг гадарлана.
1949 онд байгуулагдсан Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр Монгол Улсын бензин шатахууны гуч гаруй хувийг хангаж кокс, мазут, бензин, дизелийн түлш үйлдвэрлэж Дорноговь аймгийн төсвийн гол эх үүсвэрийг бүрдүүлж байсан цаг саяхан. Хэдийгээр Оросын цагаан хааны үеийн шахам хоцрогдсон технологи, нэрэх байгууламжтай байсан ч нэг литр А-76 бензиний жижиглэн худалдаалах үнэ нь нэг төгрөг 42 мөнгө байлаа. Улсын маань цөөхөн хүнд үйлдвэрүүдийн нэг Дорнын говийн цохьлох зүрх болсон тэр нефтийн үйлдвэрт Орос, Монгол, Казак олон үндэстний 2000-аад хүн ажиллаж, арваад мянган хүн аж төрж байлаа. Гэтэл газрын тосоо гадагшаа зөөснөөс хойш “Зүрх сэтгэлийг булаасан Зүүнбаян хот ” гэж дуулдаг байсан тэр сайхан хот эдүгээ балгас болоод олон арван жилийн нүүр үзлээ. Сайншандын аж үйлдвэрийн парк , цогцолбор сүндэрлэн босох тэр өдрийг улс гүрний маань маргааш хүлээж байна.
Говьд усны асуудал хүнд, боловсруулах үйлдвэрт нүүрс хүдэр угаахад усны хэрэгцээ их, гэвч үүнийг шийдэх хялбар арга бий.
XIII жарны цагаагчин төмөр тахиа жил буюу 1801 онд Хэрлэн мөрөн савнаасаа халин урд зүгт газрын намыг даган олон хоног урссан их ул мөр үлдсэн түүх байдаг.
Зураглаваас:Хэрлэн мөрөн саваа халин Баян эрхт уулын сав газраас буюу Үзүүр толгойн баруун суга хавиас эхлэн Малхын талын зүүн урд сэжүүр, Цагаан тэмээтийн холхи, Цайдмын хөндий уруудан Жарангийн талыг дамжин Уртын болон Өнгөтийн гол, Айрагийн ар говь, Гашууны говь, Муруйн говь, Тэрэгтийн хөндий, Агь, Хөх ус уруудан Алтгана, Бор хошуу, Хадан хошууны голоор урссаар Булан, Сайн усны говь хүрсэн ай сав эдүгээ буй. Манай төр захиргааны ахмад ажилтан Дорноговь аймгийн дарга байсан Лувсангийн Ишдоржийн ээжийн эмэг эх Хандсүрэн гэдэг хүн:
-Хадан хошууны голоор Хэрлэн мөрөн олон хоног урсан голын хоёр эргийн хүмүүс өөр хоорондоо уулзаж чадахгүй хоёр сар болсон тухай дурсан ярьдаг байжээ. Иймд хавар, намрын шар ус, борооны үерийн усыг хуримтлуулах, нөөцлөх цөөрөм Хэрлэн мөрний эрэг дагуу олныг барьж гадаадад сохор зоосны ашиггүй алддаг тэр их усыг насосоор өртөөлөн татаж, турбагаар Сайншанд руу аваачих бүрэн боломжтой мэт санагдана. Анх Оюу толгойн гэрээнд гадаадынхантай гарын үсэг зурж байхдаа С.Баярцогт сайд юу гэж уран гоёор донгодож байлаа. Гэтэл одоо юу болов.
Нөгөө нэмүү өртөг үйлдвэрлэх Сайншандын боловсруулах үйлдвэрүүд юу болов. Нутгаа санаж, нулимсаа арчин арчин байж шүлэг, зохиол бичиж суудаг сампингийн нягтлан бодогч миний бие энэ мэт зүйлээр тархи толгойгоо гашилган санаа зовж сууна.
Сампингийн эрхи цөөхөн ч гэлээ
Сансрын оддыг багтаадаг юм
Тоо гэдэг хязгааргүй ч
Толгой дотор багтдаг юм.
Манай санхүүгийн сургуулиас Ерөнхий сайд асан Д.Содномыг оролцуулахгүйгээр Сангийн Яамны үе үеийн 9 сайд, Их зохиолч, яруу найрагч Бэгзийн Явуухулан, Цэгмэдийн Гайтав Төрийн шагналт Доржийн Гармаа, Соёлын гавъяат зүтгэлтэн Ишдоржийн Цэрэнжамц нар төрсөн. Ер нь бага залуу наснаасаа тоотой ноцолдсон хүний толгойны эргээ эрт гардаг гэдэг үг бий.
Сайн ч бай муу ч бай уран бүтээлч хүнд долоо дахь найм дахь нь үгүй юмаа гэхэд зургаа дахь мэдрэхүй гэж нэг юм байдаг юм .
Манай гурван залуу сайд С.Баярцогт , Л.Гансүх, Д.Зоригт нарыг Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж байхыг би анх хараад энэ гурав ч эх орныхоо томоохон уурхайг тавиад туучихлаа даа гэж бодож суусан маань хэдэн жилийн дараа үнэн л байсан.
Одооны УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа газрын хуульд 60-100 жилээр гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд газар эзэмшиж цаашдаа сунгуулж болох тухай заалт байгаа зэргийг харгалзан үзвээс монгол орны газар нутгийн ихээхэн хэсэг урт хугацаагаар гадаадынхны мэдэлд очих аюул нүүрлэж байгаа нь тодорхой болж байна.
Монголд нэгэнтээ хөрөнгө оруулсан гадаадын хүмүүс зардлаа нөхөж ашгаа олчихсоны дараа өөрийн гараар барьж босгосон үйлдвэр, хот тосгоноо зүгээр нэг орхичихоод дүрвэсэн юм шиг нэг л өдөр яваад өгөхгүй нь ойлгомжтой. Арав, хорин жилийн дараа нялхсыг угтаж, настнаа үдсэний хойно Монголын нутаг, газар шороог өөрийн төрж өссөн эх орноо гэх гадаадын уугуул иргэд цөөнгүй төрнө.
Тэд Монголд босгосон өмч хөрөнгөндөө эзэн болно. Ингээд бодохоор Өмнөговь зэрэг аймгуудын нутаг нь Монголын газрын зураг дээр байвчиг гадаадынхны нутаг болно. Энэ бүхнийг үл өгүүлэн өнгөн хөрсний болон гүний усны нөөц багатай, өвс бэлчээр сийрэг тачир, эмзэг хөрстэй говь нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад усны асуудлыг шийдвэрлэх хамгийн ашигтай хувилбар нь Орхон, Хэрлэн голуудыг говь руу татах төлөвлөгөө юм.
Энэ хоёр голыг говь руу урсгавал ус нь тасарч, газар шурган алга болно гэж зарим хүмүүс болгоомжилж байж магадгүй. Тэгвэл хаврын цасны шар ус, зун, намрын борооны улиралд энэ хоёр гол бүтэн жилд урсдаг усныхаа бараг 60 орчим хувийг ганц, хоёрхон сарын дотор гадагшаа алддаг тухай эрдэмтэн мэргэдийн тооцоо байдаг. Эдүгээ Монгол Улс ус, салхи хоёроо цахилгаан энерги болгож үндэснийхээ үйлдвэрт ашиглах цаг хэдийнээ болсон.
Аль болгон цаасан дээр үйлдвэр, завод босгож, аль болгон жил бүр арав хорин тэрбум төгрөгөөр хөрсний шинжилгээ хийж, бонд, зээлийнхээ мөнгийг ийш тийшээ цацах вэ. Эхлээд дээрх голуудын сав газраар усан сан байгуул! Дараа нь үйлдвэрүүдээ барь.
Усныхаа асуудлыг төгс төгөлдөр шийдчихсэн цагт үйлдвэр байгуулах мөнгө, хөрөнгө оруулагчид хоёр хар аяндаа өөрөө ороод ирнэ. “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэж яруу найрагч Лхамжавын Лувсандоржийн хэлсэн нэг сайхан үг бий. Орхон, Сэлэнгэ хоёр Байгаль далайн 50-60 хувийг, Халхын гол, Хэрлэн хоёр Манжуурын Далай нуурыг тус тус тэтгэдэг гээд бодохоор дэлхийн цэвэр цэнгэг усны 30 гаруй хувийг агуулдаг Байгаль далай Монголын гол мөрнүүдээс үүсч буй болсон ажээ. Жилд бид ийм их усыг гадагш алдаж байхад Монголын гурван их говьд нүдээ хөлөртөл цангасан адуу мал, зээр гөрөөс худгийн хагссан онгоц сахин, малчид маань суганыхаа булчирхайг цочтол хэдий болтол ховоо татан зогсохсон билээ. Орхон, Хэрлэнг өмнийн говь руу татахгүйгээр өнгөн хөрсний юм уу гүний усаар хамгийн багаар бодоход зуун жил боловсруулах үйлдвэрийг ажиллуулна гэвэл Бор хөөвөрийн говь байтугай Дорноговь аймаг гандаж гундан цөлжих болно. Гар худгууд ширгэж, ховоо татаж мал усалдаг тэр цаг мартагдана. Мал, хүнгүй усны гачаалд орж, үүл, бороо холдож, тоос шороогоор амьсгалдаг Өмнөговийн эмгэнэл давтагдана. Эрэг нь усаа хашиж эзэн нь юмаа мэддэг цаг ирэв гээд хамаагүй хөдөлж болохгүй ээ. Ноён Итгэлтийн хэлээр “Нэгийг зараад аравыг олохгүй юм бол наймаа хийх ямар хэрэг байна.” Хэрлэнг говь руу татвал олон аймаг сумын нутгийг хамарч олон мянган хүн, малыг унд усаар хангах сайхан цаг ирнэ. Ховоо татдаг олон хүний гар амарч, олон малын гол дэвтэнэ.
Голын эрэг, ай савд байгуулсан усан санд хавар, намартаа их хэмжээний ус хуримтлуулж чадваас голын түвшин хэзээ ч дундардаггүй, урсгал нь саардаггүй болохыг Араб хийгээд Казакстан бага Азийн жишээнээс бэлээхэн харж болно. Ундны байтугай ахуйн хэрэглээний саарал усны асуудал дэлхийн хүн төрөлхтөний толгойны өвчин болсон энэ цаг үед гүний цэвэр цэнгэг усаар нүүрс, хүдэр угаана гэдэг гэмт хэрэг.
Эцэг эхийн үйлдсэн нүглийн цус, үр хүүхдийнх нь толгойд үсэрдэг тавилантай учир тэнгэр бурхан, лус савдаг бид нарыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үхэж үгүй болсон хойноо ч тэнэг юм хийсний төлөө үр ачтайгаа есөн үеэрээ олон амьтны хараал иднэ.
Гар утас, угаалгын машин, тоос сорогч хүртэл ухаалаг болсон энэ цаг үед агуу их ухаантан хэмээгч хүмүүс та бид дан мөнгө бодолгүй, агаар ус, газар шороогоо хайрлах ёстой бус уу.
Учир иймд он жилийн уртад эрэг гольдролоо өөрчлөөгүй ч хэзээч эргэж ирэхгүйгээр эх орноо орхин, улсын хил даван оддог Орхон Түшээ мөрөн, Хэрлэн хатан ижий голуудаа дорнын их говьд уринхан, урсганхан авчрах тэр баярт өдрийн ерөөлийг олон түмэн ард та бүхэндээ талбин ёсолж, доорх гурван бадаг шүлгээр мялаалга өргөе.
Хэрлэнгийн согоо хаврын үдэш
Хэтийн булагт гүйж л ирдэг
Баян Толбын овоог тахихад
Баастын талд бурхад чуулдаг аа
Хүүхэд нь унасан ч орхиод явдаггүй
Хүлэг сайн мориндоо би хайртай
Хүний газраас ижий шиг дууддаг
Хүй цөглөсөн талдаа би хайртай
Эр, эм хоёр өвс тэврэлдэнхэн
Эрхлэнхэн ургадаг
Туулайн тал мину
Энгэрийг чинь түшин
зүүрмэглэн жаргахдаа
Эмээ, өвөө болж зүүдэлдэг
Өлзийт хайрхан мину…
Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,
Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын ДОГМИД
2014 оны долдугаар сарын 1-ний билэгт сайн өдөр