Categories
мэдээ цаг-үе

Баруун хязгаарыг тохинуулж, хилийн зурвасыг тогтооход гар бие оролцсон Монголын анхны армийн генерал

Монголын анхны бөгөөд цорын ганц армийн генерал болох Монгол Улсын баатар Батын Дорж 1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Тэрээр 15 настайгаасаа сумандаа адуу маллаж, тариа ногоо тарихаас авахуулаад сумынхаа захиргаанд зарлага хүртэл хийж байжээ. Цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараа эхэлжээ. 

Морьт дивизийн Бага даргын сургуульд элсэн суралцсанаасаа хойш дөрөвхөн жилийн дотор нэгдүгээр морьт хороонд сумангийн дарга болжээ. Харин 1939 оноос буюу 25 настайгаасаа Ардын цэргийн нэгдүгээр морьт дивизийн дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны даргын хариуцлагатай албанд дэвшин томилогджээ. Энэ үед Халх голын дайны хүндхэн сар өдрүүд тохиож байсан учраас тус дивиз цэрэгт шинээр татагдагсдыг богино хугацаанд цэргийн эрдэмд дадлагажуулахын сацуу Халхын голд байлдаж буй анги, салбаруудын бие бүрэлдэхүүнийг шинэчлэх үүрэг байлаа. 1940-1941 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга, 1941-1948 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхэлсэн дэд сайд, орлогч сайд, 1952-1953 онд МАХЦ-ийн тавдугаар тусгай морьт бригадын дарга, 1953-1956 онд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч даргаар ажиллаж байжээ. 1956-1959 онд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, 1959-1961 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1961-1963 онд БНАСАУ-д, 1963-1966 онд БНАГУ-д, 1966-1968 онд ХБНСЮУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын албыг хашиж байжээ. Эх орондоо буцаж ирүүтээ 1978 оныг хүртэл Батлан хамгаалах яамны сайд, 1978 оноос Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажилласан билээ. Эдгээр албан тушаалыг хаших хугацаанд түүнд БНМАУ-ын баатар цол, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Лениний одон, Эх орны дайны хоёрдугаар зэргийн одон,  Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр ч удаа тус тус шагнуулж байжээ. Хашсан албан тушаал, гавьяа шагналууд нь төр улсдаа хэр үр бүтээлтэй ажилласныг гэрчилнэ. 

Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа ЗХУ-тай хамтарч, орчин үеийн мото буудлагын хэд хэдэн тусгай анги нэгтгэлүүдийг байгуулж, орчин үеийн техник хэрэгслээр хангах, анги нэгтгэлүүдийг байгуулан, олон улсын жишигт хүргэх нүсэр ажлыг Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсан гардан зохион байгуулж байжээ. Армийн генерал Б.Дорж Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа баруун хязгаарыг тохинуулж, Оспаны хасгийн дээрэмчдийн удаа дараалсан дайралтуудыг няцаан, улсынхаа дархан хилийг тэр хэвээр нь хадгалж үлдсэн гэдгээрээ баатар цолоор шагнагдсан. 

Армийн генерал, хөдөлмөрийн баатар Б.Дорж агсны мэндэлсний 95 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд энэ үеэр түүний дурсамж үзэсгэлэнг олонд танилцуулсан юм. Тус үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, дүрэмт хувцас, гэрэл зургуудыг олны хүртээл болгож байсан. Энэ үеэр цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвай “1940 онд Монголын цэргийн даргаар томилогдон, Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргааныг шийдвэрлэхэд толгойлон оролцсон билээ. Тодруулбал улсын хил тогтоох хамтарсан комиссын Монголын талын хэсгийн даргаар Б.Дорж гуайг томилсон гэдэг. 1940 оны хавраас жил дамнан Буйр нуурын умард эргийн Улаан ганга хэмээх газраас Нөмрөг голын өмнө орших амралтын уул хүртлэх 215 км газарт улсын хилийг тогтоож, 132 хилийн багана босгосон түүхтэй. Энэхүү тогтоосон хилийн шугам нь 300-аад жилийн өмнө буюу 1734 онд тогтоосон хилийн зурвастай үндсэндээ нийцсэн. Энэ нь хожим 1962-1964 онд Улсын хилийн шугамыг газар дээр нь дахин тогтоох эрх зүйн суурь болж өгсөн. 1940-1949 оны хооронд 1800-аад удаагийн хилийн зөрчил халдлага гарч байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ үед хил хамгаалах бодлогыг зайлшгүй шинэчлэн сайжруулах шаардлагын дагуу 1943 онд шинэ журам, дүрэм батлан гаргасан. Үүний дагуу хилийн цэргийн байгуулалтыг шинэчилж, хилийн манаа, пост, застав, бэлтгэл хүч, отряд хэмээх тогтолцоог бий болгож, шинэ техник хэрэгслийг нэвтрүүлсэн. Б.Дорж сайдын хэрэгжүүлж, армийн түүхэнд ул мөрөө тод үлдээсэн, цэргийнхний дунд одоо ч сайнаар дурсан яригддаг нэг гол зүйл бол анги, салбарт ажиллаж бай­гаа офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ алхмуудыг хийсэн явдал. Үүнийг дараах үеийн сайд нар үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн билээ. Чухамдаа Б.Дорж генералын үед цэргийн албаны нэр хүнд эргэн сэргэж, офицер, ахлагч нарт  удаан жилийн нэмэгдэл олгох, одон, медалиар шагнах журам боловсронгуй тодорхой болж, цалин хангамж мэдэгдэхүйц сайжран, цэргийнхэнд зориулсан орон сууцны хорооллууд хот, хөдөөд баригдаж эхлэн, олон зуун офицер, ахлагч нар өөрийн гэсэн тохилог орон сууцтай болж эхэлсний дээр анги, салбар болгон хугацаат албаны цэргийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх, түүний дотор тохилог гал зуух, соёлын төв гэх мэт цэрэг дайчдын ахуйг сайжруулахад чиглэсэн олон зүйл хийгджээ. Б.Дорж генерал дадлага, туршлагатай сайн зохион байгуулагч, жинхэнэ цэргийн жанжин байсны зэрэгцээ хүний төлөө ихээхэн анхаарал халамж тавьдаг, залуу хүмүүсийг ахиж дэвших, амьдрах ухаан, туршлага суухад нь бүх бололцоогоор тусалдаг хүн байсан нь цэргийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хүчтэй түлхэц болсон юм.” гэсэн юм.  

Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсны ач хүү Б.Баяраа “Миний өвөө үймээн самуун, дайн дажинтай түүхийн эгзэгтэй цаг мөчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрхэт байдлыг хамгаалахын төлөө их хувь нэмэр оруулсан цэргийн гарамгай жанжин гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас Монгол Улсын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал хэмээх хүндэт цолыг олгосон гэж боддог. Баруун хязгаарын хилийн зурвасыг шинэчлэн тогтооход монголын талын төлөөлөгчдийг ахалж байснаас гадна хасаг, гоминданчуудаас эх орноо хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргасан гэж би бахархдаг. Халхын голын дайнтай зэрэгцээд Гоминданы түрэмгийлэгч, Хасагийн дээрэмчид Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн хилийг удаа дараа зөрчин хилийн анги салбарууд руу довтолж, тэр хавийн иргэдийн мал хуй, эд хогшил зэргийг дээрэмдэн зарим тохиолдолд бүр амь насанд нь хүрдэг байсан гэдэг. Чухам энэ үед зүүн өмнө зүгт Японы эсрэг, баруун, баруун өмнөд чиглэлд гоминдан хасгийн дээрэмчдийн эсрэг нэгэн зэрэг тулалдаж, хүч тарамдах аюул нүүрлэжээ. Миний өвөө баруун хязгаарын асуудлыг шийдвэрлэхдээ улс төр дипломат аргыг, цэргийн ажиллагаатай амжилттай хослуулж чадсаны үр дүнд 1943 оны намар “Хасгуудтай  БНМАУ-ын эсрэг дээрэм тонуул хийгүй байх” амлалт авснаас гадна гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг хүч хавсран тэмцэх хэлэлцээрт хүрсэн гэдэг. Гэсэн хэдий ч гурав дөрөвхөн жилийн дараанаас хасгууд дахин гоминдантай нэгдэн дахин хил орчим халдан довтлох нь нэмэгдэж эхэлж. Гэсэн ч нөхцөл байдлыг зөв дүгнэж, халдлага бүрт нь хариу цохилт өгч, баруун хил орчмын газруудад сайтар бэлтгэгдсэн цэргүүдээр хамгаалуулсны үр дүнд хилийн зөрчлийг дайн болгочихолгүй намжаасан гэдэг. Өвөө маань үр ач бидэндээ “Чин үнэнээр байвал үхэр тэргээр туулай гүйцнэ. Эгэл үнэн, энгийн даруу амьдарвал аз жаргал чамд өөрөө ирнэ” гэж сургадаг байсан. Өөрөө зөв сайхны оргил, үлгэр жишээ байж дээ. Хэлэсэн үг, хийсэн үйлдэл бүр нь амьд домог болон үлдэж дээ” хэмээн өвөөгийнхөө тухай хүүрнэсэн юм.  

Батлан хамгаалах яамны сайд Л.Болд “Харийн түрэмгийлэгчид, тэд­ний гар хөл болсон Оспаны дээрэмчидтэй хий­сэн цус асгаруулсан олон тулалдааныг гардан зохион байгуулж, домог болсон дуун¬даа гардагчлан цагийг товчлон тэнгэрээр ирж, техник хүрэхгүй бэрх газарт тэнгэрээр ч одож, цэрэг дайчдаа ялалт өөд удирдан залж, баруун хязгаарыг төвшитгөн бэхжүүлснээрээ 1930-1940 оны хүнд¬хэн сорилын жилүүдэд түүхэн гавьяа байгуулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж, “Улсын баатар” цолоор шагна­жээ. Тийм ч учраар тэрээр Монголын зэвсэгт хүчний түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал байх бүрэн эрхтэй цэргийн нэрт зүтгэлтэн” хэмээн тодотгон хэлж байсан удаатай. 

Түүний Монгол орны бүрэн эрхэт тусгаар тогт¬ноход оруулсан хувь нэм­рийг нь хойч үеийнхэнд үлгэрлэн сануулах үүднээс Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Ховд аймгийн Үенч сумдад хөшөө дурсгалыг нь босгон мөнхжүүлсэн гэдэг. Мөн нийслэлийн арван­гуравдугаар хорооллоос Цайз зах хүртэлх өргөн чөлөөг түүний нэрэмжит болгосноос гадна “Монгол Улсын баатар хилчид” цогцолборт хөргийг нь гантиг чулуун дээр урлаж, байршуулсан нь хүртэл бий. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Наадмаар Дүнжингарав, Мишээл экспо, Дунд голоос үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ.

Үүнд: 83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн байна.

7 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана.

Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсох 121 автобус үйлчилгээнд явна.

 Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд нийт  21 автобус  надамчин олонд “ үнэ төлбөргүй” үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой болж байгаа юм.

Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус,  11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.

 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд “үнэ төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна. Нийтийн тээвэр 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийн  хуваариар ажиллана.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

ФИФА-гийн түнш компанийн захирлыг баривчилжээ

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсныг мөрдөн шалгах ажлын хүрээнд ФИФА-гийн түнш компанийн захирлыг Бразилын цагдаагийн газар баривчилжээ.

Рио-де-Жанейрогийн “Match Hospitality” зочид буудлаас  Рэй Уиланыг дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА-гийн албаны хүмүүс баривчилсан байна. Тэд мөн тус зочид буудалд байрлаж байсан аж.

ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсан 11 хүнийг тус улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилж, олон улсын гэмт бүлэглэлийг тараасан билээ. Тэднийг тасалбар хууль бусаар борлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Цагдаа нарын мэдэгдсэнэр, тус гэмт бүлэглэл дөрвөн ДАШТ-ий үеэр хууль бусаар тасалбар борлуулж, тоглолт тус бүрээс 90 сая доллар олж байсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Өгсүүр газар амьдардаг гэр хорооллынхон автозамтай болно

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар өчигдөр  Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллоор явсан байна. Тэндхийн  автозам, дэд бүтэц байгуулах нэгдсэн төлөвлөлттэй  танилцаж, баталгаажуулахаар өглөөний 06.00 цагаас эхлэн ажиллажээ. Тэд “Гудамж” төслийн хүрээнд гэр хорооллыг хотын төвтэй дэд бүтэц, хатуу хучилттай замаар холбохоор зорьж байгаа юм байна.  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын дэнжээс Хамбын овоо, Хайлаастын эцсийн буудал, Улиастайн чиглэлд уулын бэлээс оргил хүртэл нь суурьшсан айл өрхүүдэд зориулан хатуу хучилттай зам тавих гэнэ.  

Я.ЦЭЦЭГ

Categories
гадаад мэдээ

БНСУ-д 52 монгол гэр барьжээ

“Sewol” хөлгийн ослын 74 дэх өдөр буюу энэ сарын 28-нд сураггүй бологсдыг усан доогуур хайх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй боллоо.

Өнөөдрийн байдлаар онгоцны ослоор 293 хүн амь үрэгдэж 11 хүн сураггүй болсонд тооцогдож байна. 435 хөлөг онгоц, 20 нисэх онгоц, 1149 хүн дайчлан ослын газрын ойролцоох эргийн дагуу эрлийн ажил хийж байгаа ба ослын газраас хойд зүгт дөрвөн километр орчим зайд далайн уснаас нэг хүрэм олдсон байна. Пэнмуг боомтод барьсан 52 ширхэг монгол гэрийн дээгүүр сүүдрэвч татаж, Жиндогийн спорт танхимд сураггүй бологсдын ар гэрийнхэн болон сайн дурын багийн гишүүдэд эрүүл мэндийн үзлэг явуулж байна. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Германы баг Бразилийг хожлоо

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээн түүхэндээ ийм олон гоолын зөрүүтэй хожигдож байсан удаагүй. 

Тоглолтын 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээлээ. Германы шигшээ багаас 23 дахь минутад Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Бразил ердөө долоон минутад дөрвөн гоол алдчихав. Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоолоо. 

Тоглолтын хоёрдугаар хагаст Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулсан юм. Харин 90 дэх минутад Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийг авчирлаа. Бразилчуудын хувьд довтлогч Неймар гэмтсэн учир довтолгоо нь урагш ахихгүй, хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас тоглоогүй учир хамгаалалтдаа маш том алдаа гаргаж байлаа. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан наадмын садаануудаас санал болгоход

Наадамчид хамаг анхаар¬лаа морь, бөх рүүгээ хандуул­чихдаг болохоор уг баярын дэг жаягийг найруулагчид тэр болгон хэл аманд өрт¬дөггүй. Аливаа найр наадам төгөлдөр баймааж хотол олны сэтгэл ханамж дүүрэн “Сайхан наадлаа” гэлцдэг. Түлэнхий түүхий хуушуур идүүлж болохгүй. Ганц харах гэж ирсэн бөх нь эхний даваануудад өвдөг шороодож, таньдаг морь нь айрагдаагүй гонсгор явж байхад ядаж хуушуур нь бухимдал төрүүлэхүйц их үнэтэй, ховор бол үзэгчид баяр биш бусад өө сэвүүдийг нь гоочлоод эхэлдэг.

Баярын уур амьсгалыг бүр­дүүл­дэг дэгэнд өөрчилмөөр хэдэн санаа байна. Үүнд бөхийн барилдаан дундуур тавьдаг уртын дуу гэгч чихний чийр нэн ядаргаатай. Ардын дуу болохоо алдсан сайхан зохиолын дуу, сайн дуучид зөндөө бий шүү дээ. Ямар гээч уртын дуу нь юм бүү мэд. Толгой өрөмдөөд авах шиг ян ян гэсэн нэгэн хачин авиаг аль ч наадам дээр дахин дахин тавиад л байдаг даа.

Бөхийн засуулыг аль болох авсаар¬хан биетэй, хөл хөнгөн хүнээр сонгомоор. Үзэгчид төдийгүй зурагт таглаад пээ¬дийгээд хөшчихдөг мануу­хайнууд мөн ч их уур барна даа.

Телевиз үзэгчдэд зориулж давсан бөх болгоны тугаа тойрч дэвж байгаа хэсгийг бүрэн харуулж өгмөөр байна. Тэр бас их гоё ш дээ. Мөн морь бөх тайлбарлагчид ам хуурайгүй чалчдагаа жаа­хан хазаарлаж заримдаа мик­рофоноо талбай руу хандуулж амьд чимээг хүргэмээр…

Ж.ГАНГАА

Categories
нэг-өгүүлбэрээр

Бразилийн мафийнхан ба шагчид хөлбөмбөгийн тоглолтын тасалбарыг дамлан зарж одоогийн байдлаар 90 орчим сая ам. долларын ашиг олсон хэмээн тус улсын цагдаагийн газар тодорхойлж байна.

Categories
нэг-өгүүлбэрээр

Бразил-2014 ийн үеэр нийтдээ 736 хөлбөмбөгчөөс 1000 орчим сэргээшийн шинжилгээ авсан бөгөөд бүгд эсрэг дүнтэй гарсан хэмээн ОУХХ мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

9 хөлт цагаан тугийг залах бэлтгэлдээ гарчээ

Богд уулын энгэр Шажин хурахын аманд  баяр наадмаар 9 хөлт цагаан туг залах бэлтгэл хийгдэж байна.  Найман шарга морь,  Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдсэн хоёр цагаан морь бэлтгэлдээ гарчээ.  Энэ жил   энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицерууд туг зална. Олон жил туг залсан морьд үүргээ сайн мэддэг. Харин шинэ морьд бааж, шээх гэх мэтээр “асуудал” үүсгэдэг. Наадам дөхөхөөр Морьдыг Туул голд угааж өнгийг нь сэргээдэг. Ингэхдээ тусгай шампунь хэрэглэдэг байна.  Их тугч Д.Хашхүү зургаа дахь жилдээ бэлтгэлд гарчээ. Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэн гэрэл зургийн сурвалжлагаа толилуулж байна.