Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Валютын ханшийн хөөрөгдлийг зогсоохын тулд стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-МҮХАҮТ-аас
ам.дол­ларын ханшийн хөөрөгд­лийг зогсоох тухай гэсэн гарчигтай мэдэгдэл гарга­лаа.
Монгол банкны зүгээс  импортлогчдоос бусдад
нь буюу олонхид валютын ханш сөргөөр нөлөөлсөн юм алга гэж байгаа шүү дээ?

-Валютын ханшийг хөөрөг­дөх үйл явцыг зогсоох талаар мэдэгдэл гаргасан.
Гаргахаас өөр аргагүй байна л даа. Хүнсний болон хүнсний бус барааны үнэ сүүлийн
хэдэн сарын турш валютын ханшийн нөлөөгөөр яаж өссөнийг хүн бүр мэдэж, мэдэрч байгаа.
Зарим хариуцлагатай томоохон албан тушаалтан хэлсэн байна лээ. Хөдөөнийхөнд, үйлдвэрлэгчдэд
мэдрэгдэхгүй байгаа гэж. Үүн шиг худлаа үг байхгүй. Хөдөөнийхөнд валютын ханш шууд
нөлөөл­дөггүй юм гэхэд орон нутагт очиж байгаа бараа үйлчилгээний үнэ ямар байгаа
билээ. Өмнө нь өчнөөн хямд авдаг байсан бүтээгдэхүүнээ өнөөдөр асар үнэтэй авч байгаа.
Энэ бол валютын ханшийн хөөрөгдлийн нөлөө­лөл. Экспортлогчдод нөлөөлөхгүй байж болно
л доо. Гэхдээ энэ бол цөөнхийн асуудал. Монгол Улсын томоо­хон экспортлогчдод нөлөө­лөөд
эхэлчихсэн. Яг үнэнийг хэлэхэд банкуудад л эерэг нөлөө үзүүлж байгаа. Үүнийг үгүйсгэх
аргагүй. Дахин хэлэхэд Монголын ард түмэнд, бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж байна.
Ийм эгзэгтэй үед эс үйлдэл хийгээд байна. Манай мэдэгдэлд байгаа. Зах зээлийнхээ
зарчмаар уян хатан байна, өөрийн тохи­руулга хийгдэж байна гэдэг бол сурах бичигт
байдаг зүйл. Ийм юм дэлхий даяар дүүрэн бий.

Гэхдээ бодит амьдрал дээр өөр хэрэг шүү дээ. Эдийн засгийн бодит
амьдрал дээр хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудаж байна.

-Валютын
ханш өсөлтийн графиктай яваад нэлээд хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд болоод
л байсан, одоо жаахан тэвччихэд л болно гэх хүн ч байна?

-Нэг хэсэг инерциэрээ явсан юм. Явсаар байгаад инерци нь шавхагдаж
байна. Ийм тохиолдолд бид найр наадам гэж амраад, ганц Монгол банкны амыг хараад
сууж таарахгүй. Уг нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг юм. Монголын
санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах үүрэгтэй зөвлөл. Валютын зохицуулалтын
тухай хуульд валютын ханш монгол төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж,  эдийн засгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж болохгүй
гэсэн чиг үүрэг бий. Импорт сайндаа биш, орлуулснаараа биш, импорт хийх  асар үнэтэй болсон. Дээр нь банкны зээлийн орчин
муу байгаа. Ийм үед  импорт хийх утгагүй болж
таарна. Тэгэхээр юмны үнэ өсөх нь тодорхой. Энэ нь макро түвшинд тусахдаа урсгал
дансны хасах зөрүүнийх нь хэмжээ  хумигдаад
ирж байгаа юм. Үүнийг өөрийн тохируулгаа хийж байна гэж тайлбарлаад эхэллээ л дээ.
Ийм сурах бичгийн, вакум ертөнцийн, симуляцийн ертөнцийн юм яриад байж таарахгүй.
Бодит амьдрал руу  нүдээ нээж харах цаг болсон.

-Санхүүгийн
тогтвортой байдлын зөвлөлийг цаг алдалгүй хуралдуулах ёстой гэсэн үг үү?

-Яг тийм. Энэ хуралд УИХ-ын гишүүд, бизнес эрх­лэгч­­дийг оролцуулах
хэрэг­тэй. Валютын ханшийн  хөөрөгд­лийг яаж
зогсоох вэ гэдэг талаар ярилцах шаард­лага тулгараад байна.  Ханшийн зөрүүгээр ашиг олох сэдэл санаа, авир
төрх банкуудад үүсээд байна. Ченжүүдэд ч ялгаагүй. Цөөхөн хэдэн хүнд ашигтай, олонхид
нь хортой тусдаг эдийн засгийн  бодлого явагдаж
таарахгүй. Үүнийг эс үйлдэл гэж хэлээд байгаа юм. Эс үйлдэл гэдэг нь үйлдэл хийхээсээ
ч илүү хортой. Өөрөөр хэлбэл ард түмний худалдан авах чадвар улайм цайм муудаж,
хувийн хэвшил улам бүр доройтож, өрсөлдөх чадвар, бизнес хийх боломж нь өдөр ирэх
бүр  хумигдаад байхад ийм юм ярьж болохгүй.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлө­лийн хуралдаанаар валютын ханшид нөлөөлж байгаа
бүх хүчин зүйлийг ярьцгаая. Одоо бол чөлөөтэй хөрвүүлээд байна. Долоо хоногт нэг
удаа интервенц гэж хийж байгаа. Тэгж худалдсан долларыг нь хэдэн банк  авдаг. Нөгөөдүүл нь интервенцээр авсан дол­ла­рынхаа
нэг хэсгийг  харил­цагчдад өөрсдөдөө ашиг­тайгаар
өгчихөж  байна. Үлд­сэн хэсэг нь хуримтлалд
нь ороод жилийн эцэст валютын ханшийн зөрүүгээс 
үндсэн бус үйл ажиллагааны зөрүү гээд их хэмжээний ашиг олж байна. Үүнийг
зүгээр хараад сууж болохгүй.

-Таны
яриаг сонсоод бай­хад эдийн засаг “амар­сан” энэ үед ам.доллар   1860 гараад явчихсны цаана ашиг хайгчдын хөөрөгдөл
нууг­даж байна гэсэн ойлголт төрлөө?

-Дамын хүчин зүйл их тодорхой байна. Та бод л доо. Долоо хоногт нэг
интервенц хийж байна. Доллар авч байгаа нь арилжааны дөрөв, тавхан  банк. 2013 оных нь балансуудыг хараарай. Бүгд
нэмэх тэмдэгтэй. Нэг ч хасах тэмдэг байхгүй. Дамын ашиг хонжоо олох авир төрх арилжааны
банкуудад үүсчихсэн байна гэсэн үг. Арилжааны банкуудын болон төрийн өмчит үйлдвэрийн
газруудын валютын хан­шийн зөрөөгөөр олсон ашгийг өөрсдийнх нь хүчин чармайлтаар
олсон ашиг биш гэж үзээд татварын хэлбэрээр төсөвт авч,  тогтворжилтын сан байгуулж  хуримтлуулах ёстой. 

-Олон
улсын байгуул­лагууд валютын ханшийн өсөлт дээр ямар зөвлөгөө өгч байна?

-Нарийн нюанс, хувийн хэвшлийн бодит байдлыг харгалзахгүй дүгнэлт
хэлж байна.  “Танайх өндөр өсөлт­тэй байсан,
тийм учраас бүтээн бай­гуулалт их явагдсан, бүтээн байгуулалт нь  импорт шаардсан, шаардсан импорт балансыг сөрөг
болгосон, сөрөг болгосон учраас валютын нөөцөөсөө зарж байна.

Ийм сүлжээ яваад байна. Тийм учраас мөнгөө багасга, мөнгөнийхөө бод­логыг
хатууруул” гэсэн онош тавьж эм бичиж өгөөд байна л даа. Үүнд нь манай хүмүүс үнэмшээд
байх юм. Ингэвэл хувийн хэвшлийг улам бүр сөхрүүлнэ. Хувийн хэвшил сөхөрвөл үйлдвэрлэл
үйлчилгээ улам муудна. Тэгвэл хомсдол үүснэ. Өөрөөр хэлбэл үнэтэй бараа зах зээл
рүү гарч эхэлнэ. Инфляцийг өсгөнө гэсэн үг. Энэ тохиолдолд валютын ханш валютын
нөөцийг гөвөх эрсдэлтэй.

-Валютын
ханшийн хөө­рөгд­лийг зогсоохын тулд яг ямар арга хэмжээ авах ёстой гэж танхимаас
үзэж байна вэ, сая та банкуудын валютын зөрүүнээс олсон ашгийг төсөвт авах хэрэгтэй
гэж ярилаа. Үүнийгээ тод­руулаач?

-Стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй. Зургаан сараас нэг жилийн
дотор валютын дотогшлох урсгал нэмэгдэх бодлогын арга хэрэгсэл өөрөө ажиллаж эхлэх
хүртэл түр зуурын хугацаанд валютын ханшийн тусгай дэглэм тогтооё. Доллар тэдээс
илүү байж болохгүй гэж уяхгүй. Тодорхой коридор байж болно. Эсвэл валютын зээлийг
хумиж болно. Валютын зээл, төгрөгийн зээл хоёрын тухайд Төв банкны зүгээс арга хэрэгслээ
ашиглаж банкуудыг төгрөгт ашигтай байхаар үйлдэл хийлгэх бодлогын алхам байж болно.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд багтдаг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн
яамны субьектууд нийлээд төсвийн урсгал дансыг хумих талаас ажиллах арга байна.  Хөрөнгө оруулалтын хувьд үр ашиг муутайг нь гацаах,
зогсоох арга хэмжээ авах гарц бий. Хамгийн гол нь хувийн хэвшил рүүгээ илүү мөнгө
өгөх хэрэгтэй.  Жижиг дунд үйлдвэрлэгчдийн
зээлийн хүүг бууруулах зэргээр бизнесийн орчныг бүрдүүлэх ажлууд байж болно. Дээр
нь таны сая тодруулахыг хүссэн банкуудын үндсэн бус үйл ажиллагаанаас олсон, валютын
ханшийн зөрүүгээс олж байгаа нэмэх тэмдэгтэй ашгуудыг төсөвт татварын журмаар авах
асуудал байна. Татвар гэж авсан валютыг тогтворжуулалтын санд хийх боломжтой. Тогтвор­жуулалтын
санд хийсэн мөн­гөөрөө шаардлагатай үед нь валютын ханшийн зах зээлийг тогтворжуулах
алхмууд хийж болно. Зүгээр л олон улсын байгууллагуудын зөвлөгөөг дагаж, сурах бичгийн
хүрээнд сэтгэхгүйгээр хийх ажлууд энэ мэт өчнөөн бий.  Эдийн засгийнхаа судасны лугшилтыг сайн мэдэр.
Амьсгалыг нь чагна. Бид ийм утгатай мэдэгдэл л гаргасан. УИХ ээлжит бус чуулганыг
наймдугаар сарын хорьдоор хийх байх. Энэ үеэр валютын ханшийг ярих хэрэгтэй.

-Эдийн
засгийн эрчим­жүүлэх зуун хоногт валютын ханшийн талаар ийм тийм юм хийнэ гэж ороогүй
санагдах юм?

-Ерөнхий л юм оруулсан. Тухайн үед би хэвлэл мэдээл­лээр тодорхой
саналууд  хэлж байсан. Тусгаагүй. Үр дүнд
нь өнөөдөр валютын ханшийг тогтоон барьж чадахгүй байна.

-Зуун
хоногоор валютын ханшин дээр ямар ч арга хэмжээ авсангүй өсгөчихлөө гэсэн үг үү,
тодорхой арга хэмжээ аваад хүчрэхгүй байгаа юм биш үү?

– Энэ тогтоолын төслийг анх санаачлагч нь би. Анхны нэр нь эдийн
засгийг идэвхжүүлэх, сан­хүү­гийн тогтвортой байдлыг хангах талаар УИХ-аас авах
арга хэмжээ гэж байсан. Дараа нь Засгийн газар оруулахаар болж эдийн засгийг эрчимжүүлэх
болж хувирсан. Сүүлдээ бүр 100 хоног гэсэн тоо гараад ирсэн. Харин бидний санаа
бол оны эцэс хүртэл, он өнгөрөөд эхний гурван сар болтол эдийн засгийг валютын ханш,
инфляциас эхлээд төрөл бүрийн арга хэмжээгээр идэвхжүүлэх байсан. Эдийн засаг идэвхжинэ
гэдэг нь хувийн хэвшил идэвхжинэ гэсэн үг. Хувийн хэвшил идэвх­жих нь нэг тал. Нөгөө
талд хэрэглэгчдээ идэвх­жүүлэх учиртай. Үүн рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг онцолсон.
Зуу хоногийн арга хэмжээ эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утга руу орчихоор эдийн
засгийн өндөр өсөлтийг алдахгүй юмсан, тогтоогоод барихсан гэсэн чиг рүү хандсан
заалтууд багтсан л даа. Ингээд эдийн засаг идэвхжихгүй. Инфляци гэхэд оны эцэст
зоолттой хоёр оронтой тоонд байна. Тэгэхээр хүмүүс эдийн засаг сэргэнэ гэж нэг их
хүлээх хэрэггүй. Н.Алтанхуягийн буруу ч биш. Засгийн газрын алдаа ч биш. Үнэнийг
хэлэхэд УИХ-ын буруу. УИХ сайн чиглэл өгч чадаагүй. Засгийн газарт тодорхой удирдамж
өгөөгүй. Валютын ханшин дээр ямар ч тодорхой юм байхгүй. Инфляцийг хүчин зүйлүүдээр
нь задлан шинжлээд энэ чиглэлээр ийм арга хэмжээ ав гэсэн юм байхгүй. Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийнхөө хүрээг өргөтгөөд механизмаа өөрчил гээгүй. 

-Валютын
ханшийг зах зээлийн бус арга хэрэглэн барьж болохгүй, ингээд сүйрсэн улс олон бий
гэсэн тайлбар байна. Энэ дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хаана сүйрсэн улс байна, тийм жишээ би мэдэхгүй. Мөнгөний бодлого,
валютын ханшийн бодлого, төсвийн бодлого гурвыг маш сайн хослуулж хийж болно. Гэхдээ
нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Монголд валютын ханш барих нь зөвхөн Төв банкны асуудал
биш. Валютын ханшийн бодлого, мөнгөний бодлого хоёр бол хос морь. Гэтэл Төв банк
үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд инфляцид нөлөөлөх хэдэн  бүтээгдэхүүн дээр баахан мөнгө зарцуулаад зохицуулах
гэж оролдлоо. Урт, богино хугацаанд явуургүй арга. Нийт бизнесийн орчин, бизнес
эрхлэх санхүүгийн орчныг сайжруулах хэрэгтэй. Тийм учраас зээлийн хүүг бууруулах
асуудлыг яамдын хооронд биш УИХ дээр ярих ёстой. Энэ мэтээр макро талаас нь харах
цаг ирсэн. Хийсвэр утгаар нь, онолын үүднээс авч үзээд, тэрийгээ эдийн засгийн өсөлттэй
холбоод байх шаардлагагүй.

Олон улсын валютын сан их зөв юм хэлдэг. Монголын эдийн засгийн хүндрэлтэй
байдлыг тэд эдийн засгийн хэт тэлэлттэй холбосон. Үнэн. Эдийн засгийн тэлэлтийн
бодлого үр ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг санхүү­жүүлэхэд чиглэвэл  буруу тэлэлт болно.  Тийм учраас мөнгөний бодлого аядуу байдлаар явж
байг. Төсвийн бодлого дээр илүү анхаарах хэрэгтэй. Валютын ханшийнхаа бодлого дээр
саяын хэлсэн стандарт бус арга хэмжээг зургаан сараас нэг жилийн хугацаатай авах
ёстой. Ингэж хослуулбал үр дүн гарна.

-Төв
банкнаас “Импор­тоор бараа оруулж ирж зар­даг хэдэн нөхөд л асуу­далд орж байгаа,
тэд бараагаа оруулж ирэхээ байвал үндэсний үйлдвэр хөгжинө, гаднаас авдаг бүтээг­дэхүүнийг
эндээ үйлдвэрлэдэг болно” гэсэн утгатай  тайлбарыг
удаа дараа өгч байгаа.  Энэ хэр бодитой тайлбар
вэ?

-Зарим хүмүүс худалдааны биз­нес мөхнө биз гэсэн утгатай юм ярьсан
байна лээ. Үйлдвэрлэгчдэд ямар ч эрсдэл байх­гүй гэдэг бол худал зүйл. Мөхөхөө хүрвэл
бүгд мөхнө. Эдийн засаг чинь хоорондоо холбоотой, уялдаатай бай­даг эд. Худалдаа
наймаа, үйлчилгээний сектор хүнд байна. Уул уурхайн бус экспортоо дэмжих санхүүгийн
хөшүүрэг нь хаана байна. Энэ чиглэлээр төр, төв банк, арилжааны банк нь юу хийж
байна. Маш тодорхой ийм асуудлуудыг гаргаж тавьж, яг энэ чигээр Монгол банк, Засгийн
газар хамтарч ажиллах хэрэгтэй. Би яг одоо Төв банкны тухай хууль, Валютын зохицуулалтын
тухай хуулийг уншаад сууж байна. Банкны тухай хуулийг харж байна. Засч сайжруулах
зүйл зөндөө харагдаж байна. Санхүүгийн тогтвортой байд­лын зөвлөл хуралддаг л гэсэн.
УИХ-тай яаж холбогддог нь тодор­­хойгүй. Ямар үр дүнтэй арга хэмжээ авсан нь ойлгомжгүй.
УИХ яагаад оролцдоггүй юм бол гэсэн асуулт байна.

-Инфляци
хоёр оронтой тоо руу орохгүй гээд байгаа шүү дээ?

-Монгол банк валютын ханшийг ганцаараа шийдэж амжихгүй. Инфляцийг
тогт­вортой байлгаж чадахгүй. Монгол банкны мөнгөний бодлогын үйл ажиллагаанаас
болоод инфляци нэг оронтой тоонд орох онолын ч үндэслэл байхгүй. Практик үндэслэл
бүр ч байхгүй.

-Эдийн
засгийг эрчим­жүүлэх арга хэмжээний хүрээнд тодруулж асуух нэг асуулт байна. Эдийн
засгийг идэвхжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хийх ёстой алхам гэвэл та юуг онцлох
вэ?

-Валютын ханш гэдэг зүй­лийг л хамгийн түрүүнд онцгой дэглэмд оруулах
хэрэгтэй байна. Инфляцийг удирдаж чадахгүй байх түвшин рүү оруулчих гээд байна.
Морины явдлаар бол инфляци эхлээд шогшиж байсан. Сүүлдээ цогиж эхэлсэн. Одоо давхиж
байна. Эцэстээ жолоогоо алдах эрсдэл рүү орох гээд байна. Тэр нь гурван орон тоо.
Хоёр оронтой тоо руу ороод 12 биш бүр 32 хувь болчихвол яах вэ. Ноднингоос хойш
тавь, жаран хувь өсчи­хөөд байна. Гэтэл цалин хөдлөхгүй байгаа. Эхлээд Засгийн газ­­рын
зардлыг багасгах хэрэг­­тэй. Сүүлийн үед дэн­­дүү их данхайчихлаа. 1996 оноос хэрэгжүүлэгч,
тохируулагч агентлаг гэсэн Шинэ Зеландийн моделийг туршсан. Одоо тохируулагч, хэрэгжүүлэгч
агентлагаа боливол яасан юм. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг УИХ-д мэдээлэлгүйгээр
шууд байгуулах хуулийн орчин бай­на. Үүнийг болимоор байна. Иймэрхүү байдлаар урсгал
дансан дээр эрс шийдэмгий өөрчлөлт хийчих ёстой. Ингэж байж л төрийн албан хаагчдын
цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг ярих хэрэгтэй.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Солонгос эмч нар хүүхдүүдэд зүрхний мэс засал хийжээ

df0b8542cc2fd310a51e1ebcce83351ebigБНСУ-ын
Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11
хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины
нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт
ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр,
хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман
сувилагч иржээ.

    Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд
гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд
зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй
байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушигны артерийн атрези,
ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний
хэм алдагдалтай зэрэг оноштой байв.

Долдугаар сарын 29-ний
өдрийн байдлаар хоёр хүүхэд эмнэлгээс гарч, дөрвөн хүүхэд эмчилгээний
тасагт, нэг хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн
эмчлүүлж байна. Өмнөд Солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар мөн
Монголын хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй
хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин А.Ганчимэг кино зохиол бичжээ

“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Зүрхээр наадагч” кино ирэх сард олны хүртээл болохоор болжээ. Энэ кинонд 200 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг, Азийн топ модель О.Мөнхдалай нар тоглосон юм. Киноны зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн байна. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Заавал ч үгүй зургаан насны морь уралдуулж, бөх барилдуулах ёстой юу?

Энд тэндгүй ерэн жилээр ёстой нэг гулгиж байна. Сумынхаа түүхт ойг хүлээж цөхсөн хүн зон, эцэг өвгөдийнхөө нутагт элгэмсэг бодол өвөрлөж очсон олон сэтгэлийн цэнгэл эдлэлгүй яахав. Наадам гэдэг сайхан. Тэр дундаа сумын наадам бүр чиг сайхан. Харин энэ олон “90”-үүдийг анзаарч байх нь ээ, нэг зүйл бодогдлоо л доо. Сумынхаа ойд гээд байгаа бүхнээ тавиад туучихсан хүмүүс гаднаас ирсэн хэдэн луйварчин бөхчүүд, эм тариа мөнгөний хүчээр уралдаж байгаа морьдын тоосонд л дарагдаад өнгөрдөг. 

Бөхчүүд барилдах нь хуурамч юм аа гэхэд, наадамчин олонтой нэг удаа ч болов нүүр дүүрэн инээмсэглэж мэндэлдэг билүү. Алхайж шалхайсан, хөмсөг юугаа атируулсан, олноос нуугдсан, түмэнд нэр нүүрээ барсан хүмүүс шиг байдаг биз дээ. Тийм хүйтэн, шунаг шунахай сэтгэлдээ дийлдсэн нөхдийн “жүжиглэх”-ийг үзэн баясч суугаа түмнээ харахад гунигтай. Тэгвэл сумынхаа ойгоор нэр цуутай оддыг нутаг усандаа уриад домог болсон дуучдын ая дууг сонсож, шинэ залуу хамтлаг, гэрэл гэгээ болсон бүсгүйчүүдтэй нь зураг хөргөө авахуулж, зохиолч найрагчдын тарни мэт шүлгийг өөрсдөөр нь уншуулж баярлавал ямар вэ. Хөлстэй хэдэн адгуус, хөлстэй хэдэн харцуулыг харан баясахаас л лав дээр санагдаад байх юм.  Мэдээж, наадам гэдэг утгаараа ургаж яваа шижигнэсэн залуусыг барилдуулж, заавал ч үгүй зургаан насны гэлтгүй уяа нь ханасан соёолонгийн давхилыг харчихаад урлаг, соёл, спортын өөр олон уралдаан тэмцээн зохиож хүүхэд хөгшидтэйгөө дэлгэр сайхан наадацгаая.        

      Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шашныг өмөөрөхүй (II)

Баабар ингэж өгүүлэв

БУДДАГИЙН СУРГААЛ

Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрөлхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрөлхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн. 

Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ. Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу. 

Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрлэжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.

Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгөө ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрөлхтнийг аварна гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхан өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэн гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ.  

ТӨВДИЙН БУДДИЗМ

Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ.  Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дэх нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авлига. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авлигаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхарга үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй. 

Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.

Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очно гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачилна, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.

1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авлигач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад – Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.

МОНГОЛД БУДДИЗМ ИРСЭН НЬ

Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз?  Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвддөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь! 

МОНГОЛ МАЯГИЙН БУДДИЗМ

Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.

Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой.  Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болшгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав.  Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүглийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуульдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.

Шашны энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.

2009.2.1    

Categories
мэдээ нийгэм

“Буян-Ухаа-2” хорооллын барилгын ажил 20-иод хувьтай явагдаж байна

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 17 хувьтай үргэлжилж байгаа аж.  Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийжээ. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа ороод байгаа аж. Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд зөвлөхөө өмгөөлж, хатуу тэмцэхээ илэрхийлэв

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн
Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж
эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхийг өнгөрөгч шөнө
гурван хүний хамтаар баривчлан саатуулжээ. Л.Гансүхийг  Шинэчлэлийн
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа
иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшсан
байж болзошгүй гэдэг шалтгаанаар буруутган шалгаж буй аж. 



Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр Л.Гансүхийг баривчилсныг эрс эсэргүүцэж, хатуу тэмцэхээ мэдэгдлээ.
Мэдэгдэлд ийнхүү бичжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Н.АЛТАНХУЯГИЙН МЭДЭГДЭЛ

Шинэчлэлийн
Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний
үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган
төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд
бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.
“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд
зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо
өндөр байсан юм.
Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг
зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн
хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг
ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар,
хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий
сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол
Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж
эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар
мэдэгдэж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр харагчин туулай өдөр

Өнөөдөр аргын тооллын 7 сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. 

Categories
гадаад мэдээ

Ослын газар руу шинжээчдийн оруулахаар боллоо

Украины зүүн нутгийг мэдэлдээ аваад буй Оросын талыг дэмжигчид Нидерланд болон Австралийн шинжээчдийн “Боинг 777”онгоц осолдсон газар руу нэвтрүүлэхээр боллоо. Энэ тухай Донецкийн бүгд найрамдах улс гэгчийн Ерөнхий сайд А.Пургин мэдэгдэв. Тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсаар байгаа тул олон улсын шинжээчид ослын газар очих боломжгүй байсан юм. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ард иргэдээ олигтойхон хооллохыг зөвлөв

АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгчид өчигдөр мэдэгдэл хийлээ. Түүндээ Хойд Солонгосын эрх баригчдад хандан дэлхий дахиныг цөмийн зэвсэгээр сүрдүүлэхийн оронд ард иргэдээ олигтойхон хооллохыг зөвлөөд “Хойд Солонгосын ард иргэдэд хэрэгтэй зүйлийг хийх цаг нь болсон. Эрх баригчид нь олон түмнээ хооллож, боловсрол олгоход илүү их цаг зориулж, бүх хүч чадлаа дайчлах  болсон” гэв. Үүний өмнөх өдөр БНАСАУ-ын Цэргийн улс төрийн зөвлөлийн тэргүүн мэдэгдэл хийхдээ АНУ нь Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгож байна хэмээн буруутгасан юм. Үүний хариуд Пентагоны албан ёсны төлөөлөгч ийнхүү мэдэгдэл хийжээ. 

Ю.Дэлгэр