Categories
мэдээ нийгэм

Дуучин Оюунтүлхүүрт Японы Засгийн газраас өргөмжлөл хүртээнэ

Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  өргөмжлөл хүртээхээр боллоо.  Тэрээр 14 настайгаасаа наран улсад уран бүтээлээ хийж, 200 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан байна. Мөн түүний “Цаасан шувуу” дуу нь Японы бага сургуулийн  сурах бичигт багтжээ. Энэ нь түүний  олон жилийн хөдөлмөр бөгөөд түүнийг ийнхүү Японы Засгийн газар үнэлэхээр болсон байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдлаа

Газын зурвас нутагт байдал улам ээдрээтэй болсон тул НҮБ-ын Аюулгүй зөвлөл яаралтай хуралдлаа. Өнгөрсөн шөнө болсон хуралдаанаар Палестин болон Израилийн талд хандан галыг даруйхан зогсоох тухай тунхаг бичиг гаргахаар болжээ. Өчигдөр ХАМАС бүлэг болон Израиль нь харилцан довтолсон бөгөөд нөхцөл байдал улам ээдрээтэй болсонд бие биеэ буруутгасаар байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Эбола вирустай тэмцэх үүднээс Либери хилээ хаалаа

Эбола вирусийн халдварыг газар авхуулахгүйн тулд Либери улс өчигдрөөс эхлэн хилээ хаах шийдвэр гаргалаа. Уг вирусын халдварын улмаас одоогийн байдлаар  660 хүн нас бараад байгаа юм. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй эбола вирус нь Африкийн орнуудад нэлээд хурдтайгаар тархсаар байна. Гвиней, Сьерра-Леоноос гадна  хэдхэн хоногийн өмнө Лагос улсын нэгэн иргэд халдвар авсан тухай мэдээлсэн юм. 

Одоогоор уг өвчний эсрэг вакцин байхгүй бөгөөд халдвар авсан хүмүүсийн 90 хувь нас бардаг аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Украйнд суралцдаг оюутнуудын анхааралд

Украин Улсын Донецк хотноо суралцаж буй оюутнуудыг өөр
хотуудад шилжүүлэн суралцуулах тухай шийдвэрийг
Украины Боловсролын яамнаас гаргажээ.Энэхүү шийдвэртэй холбогдуулан тус
хотноо суралцдаг ба одоо эх орондоо амарч буй монгол оюутнуудыг Киев дэх
Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай доорх хаягаар яаралтай холбоо барихыг зөвлөж
байна.

Цахим шуудан: consulmo@nbi.com.ua
Утас: (380-44) 371 65 26, (380-67) 209 10 71

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга амрав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч байгаа аж. Хотын дарга ирэх сарын 4-нийг хүртэл амарна. Түүнийг амрах хугацаанд хотын  ажлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа түр орлон гүйцэтгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэ төлбөргүйгээр элэгний вирусын шинжилгээ авна

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн хепатитын өдөр. Энэ өдөр “Оном сан” Төрийн бус байгууллага, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Халдвартын тэнхимтэй хамтраад ард түмэнд элэгний хепатит вирусын талаар таниулах сурталчилгаа явуулах гэж байна. Үйл ажиллагаа нь өнөөдөр 12.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбай дээрээс эхлэх ажээ. Мөн ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасгийн хажуугийн сургалтын танхимд 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй элэгний вирусын шинжилгээ авч элэгний хатуурал цирроз хавдартай иргэдэд зөвөлгөө өгөх гэж байна. Монгол орон даяар элэгний хепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр төсөл ажлыг эхлүүлэн HCV HBsAg вирустай иргэдийг эрт оношлож хяналтанд оруулах, эмчилгээд хамруулах мөн элэгний вирустай иргэдийг бүртгэн авч эмчлэх зорилгоор 151103 тусгай дугаараар бүртгэж авч байгаа ажээ. Иргэд энэхүү дугаарт өөрийн овог нэр, нас хүйс регистрийн дугаар ямар вирүстэй вэ гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой.

Манай оронд тойм тоогоор 300 гаруй мянган хүн архаг хепатитын халдвартай амьдарч байгаа төдийгүй ихэнх хүмүүс халдвартай болохоо мэддэггүй гэсэн баримт байна.

Элгийг сонгомлоор гэмтээдэг есөн төрлийн  вирус байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь A, B болон C вирус юм. Сүүлийн жилүүдэд Е, D хепатит мөн тохиолдож байна.  А, Е хепатит нь архагшдаггүй.  B, C, D вирус  нь элэгний архаг үрэвсэл улмаар  элэгний хатуурал,  элэгний хавдар зэрэгт хүргэдэг. Та дэлгэрэнгүй мэдээллийг eleg.mn сайтаас аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгосын акул компани Монголд цахилгаан станц барина

БНСУ-ын  KEPCO манай улсад цахилгаан станц барих болсныг koreatimes.co.kr цахим хуудсанд мэдээлсэн байна.Тус компанийн болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногийн эцсээр санамж бичигт гарын үсэг зурсан аж. Талууд гурван сарын дараа хамтран ажиллах, эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийн талаар зөвшилцөх юм байна. KEPCO компанийн зүгээс энэ талаар  “Монголын эрчим хүчний салбарт нэвтрэх чухал ач холбогдолтой санамж бичиг байгууллаа. Мөн бусад төсөлд хамтран ажиллах боломж олгох юм” гэж онцолжээ. KEPCO компани  станцын ТЭЗҮ-ийг удахгүй хийж эхлэх бололтой. Гэрээ байгуулах хугацааг товлон хэлэх боломжгүй гэнэ.  Дээрх станц нь 200 мВт-ын хүчин чадалтай байх нь. Станцад чулуужсан түлш ашиглана гэсэн мэдээлэл байна. KEPCO нь станцын барилга үйлдвэрлэлээр дэлхийд зургадугаарт ордог аж. 

Categories
гадаад мэдээ

Sewol онгоцноос амьд үлдсэн сурагчид үгээ хэлнэ

473 зорчигч тээвэрлэж явсан Өмнөд Солонгосын  Sewol усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд  живсэн юм.Ослын улмаас 294 хүн амь насаа алдсаны ихэнх нь хүүхдүүд байсан билээ. Өнөөг хүртэл 10 хүн сураггүй байгаа. Энэ ослоос  амьд гарсан сурагчид өнөөдөр анх удаа болох шүүх хуралд мэдүүлэг өгөх юм байна. Хөлгийн багийн ахмад болон бусад гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй. Үлдсэн 11 гишүүнийг ажил үүргээ хайхрамжгүй биелүүлсэн, далайн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

13 мянган загийн суулгац тариалжээ

Оюутолгой компанийнхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гүний хоолойд ирэх наймдугаар сарын дундаас эхлэн хоёр сарын хугацаанд загийн бортоготой суулгацын гурав дахь тариалалтаа хийхээр төлөвлөжээ. Заган ойн нөхөн сэргээлтийн эхний шатанд 2013 оны намар Гүний хоолойн 6.34 га талбайд 10677 ширхэг бортоготой тарьц суулгажээ. Эдгээр тарьц өвлийг өнөтэй давж, 80 орчим хувийн ургалттай байсан аж. Тиймээс өнгөрсөн хавар ноднингийн талбайдаа 2170 ширхэг заг нөхөн, 2860 ширхэгийг нэмж тарьсан байна.

Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Ургамлын судалгааны багийн ахлах ажилтан Б.Алтанцэцэг “Загийн үрсэлгээ бэлтгэх, тарих, арчлах ажил хугацаа их шаардана. Эхлээд загийн үрийг байгалиас түүж, цуглуулан замбага болон бусад хог хольцоос нь цэвэрлэж, хатаадаг. Тарих бортогоо өвлийн улиралдаа амжуулан бэлтгэдэг. Эдгээр ажлыг арваннэгдүгээр сарын дундаас эхлэн хоёрдугаар сар гэхэд бэлэн болгоно. Ингээд 4-5 сард ил талбайд бортогоо байршуулж, үрээр тарьж эхлэн, хоёр зун, нэг өвлийг өнгөрөөгөөд бортогоноос нь гарган шилжүүлэн тарьж байна” гэлээ.

Нөхөн сэргээлт хийхдээ тухайн газрын гадарга болон ургамлын бүрхэвч, түүнд түшиглэсэн экосистемийг унаган төрхөнд нь аль болох ойртуулах зорилгоор ийнхүү заг тариалж байгаа юм. Загийн ой нь элс тогтоож, тухайн орчиндоо бусад ургамал ургах нөхцөл болдог төдийгүй мал сүрэг, зэрлэг амьтдын идээшлэх, амьдрах таатай орчин бүрдүүлдэг.

Онцлоход, Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани  болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай

“Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр, засаг, Монголбанк тоглож байна. Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртэй тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх ААН-үүдийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар байгаа ард иргэд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын иргэд маш их бухимдаж байна. Ийм байдлыг харсаар, мэдсээр байж онцгой, яаралтай бодлогын арга хэмжээ авахгүй, найр наадам хийсээр байж таарах уу? Ийм нөхцөлд “Ханшийн уян хатан байдал”, “Зах зээлийн өөрийн тохируулга” гэх мэт бодит байдлаас тасархай, сурах бичгийн хүрээний хийсвэрлэлт, симуляцийн ертөнц, вакум орчинд л тохирох юм яриад хүлээгээд сууж таарах уу?

Долоо хоногтоо нэг интервенц хийсэн болж тэр нь хувийн хэвшлийн хэрэгцээг хангах гэхээсээ илүү хэдэн арилжааны банкны   спекулятив дуршлыг хангах нэмэгдүүлэх суваг болж валютын нөөцөө  гөвж дуусгах замдаа шуудрахыг үр дүнтэй бодлого, хариу урвал гэж үзэх хэрэг үү?

Оны эхний хагасын статистик харж тайвшрах, эдийн засаг гайгүй байгаа юм байна гэж төөрөлдөх /cetirius the other things being equal- бусад нөхцөлүүд нь ижил тэнцүү байх үед/ гэсэн зөвхөн эдийн засгийн сурах бичигт л байдаг зарчмаар эдийн засгаа харах, инерцээрээ явж ирсэн, тэр нь одоо шавхагдаж буй хувийн хэвшил, бодит эдийн засаг нь байхгүй болвол гинжин урвалаар дампуурах эрсдэлтэй санхүүгийн сектороо олж харахгүй байх… энэ үйл явц үргэлжлээд л байх уу? Ийм байдлаар үргэлжлээд байвал эдийн засгийн хүрээнээс халин гарч нийгмийн бухимдал ширүүсэх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх  эрсдлийг төр, засаг харахгүй байна гэж үү? 

Монголын эдийн засаг онцгой хүнд нөхцөлд орж байна. Ийм нөхцөлд тохирсон бодлогын онцгой хариу урвал, арга хэмжээ хэрэгтэй байна. Онцгой байдлын эсрэг эс үйлдэл хийгээд сууж таарахгүй. УИХ-ын дарга санаачлан санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг нээлттэй, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчийн оролцоотойгоор хуралдуулах шаардлагатай  байна. 6-12 сарын дотор хэрэгжих валютын ханшийн зах зээлийн онцгой, стандарт бус дэглэмийг түр хугацаагаар тогтоох, ханшийн зөрүүгээс ашиг олох  спекулятив шинжтэй зах зээлийн авир төрхийг хязгаарлах гэх мэт арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. МҮХАТанхим  урьд өмнө нь олон улсын практикт байдаг, онцгой нөхцөлд хэрэглэж болох арга хэмжээнүүдийг санал болгох байсан. Тэдгээрийг судалж ярилцаж зөв арга зам, зөв шийдлүүдийг гаргах шаардлагатай байна. 

Монгол Улсад тогтвортой эдийн засаг, тогтвортой бизнесийн орчин, гадаад орчин сайжрахыг хүлээж суух биш дотоод нөөц бололцоогоо дүүрэн ашиглах бодлогын яаралтай, үр дүнтэй хариу арга хэмжээ, цогц шийдэл хэрэгтэй байна. Наадмаа дуусгацгаая, намрын ажлаа хийцгээе.

МҮХАТ