Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын хатгамалч үзэсгэлэнгээ дэлгэнэ

БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 1-5-ны хооронд дэлгэгдэх юм байна. БНАСАУ-ын Уран хатгамлын төвийн хатгамалчдын урласан бүтээлийг хальтхан харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаа бүхий уран хатгамлын бүтээл болох нь мэдэгддэг аж. Энэ нь Солонгосын үндэсний урлаг гэнэ.  БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй юм. Тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ дэлгэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Голууд олон жилийн дунджийг давж үерлэжээ

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 55 см, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн түүнчлэн Чойбалсан хот, Онон гол Дадал сум орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байна. Туул гол Лүн сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна. Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Ус цаг уур, орчны хүрээлэн   

Categories
мэдээ нийгэм

Залуу монгол судлаачдын сургалт маргааш эхэлнэ

МУИС-ийн дугуй танхимд маргааш 10:00 цагт гадаадын залуу монгол судлаачдыг бэлтгэх, монгол судлалыг хөгжүүлэх зорилгоор зохион явуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль” сургалтаа эхлүүлэх гэж байна. Нийт найман орны 45 судлаач сургалтад оролцох юм байна. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцох аж.  

Categories
мэдээ нийгэм

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замыг энэ онд ашиглалтад оруулна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллаад ирлээ. 2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан юм.

 Ийнхүү өнгөрсөн оноос эрчимжсэн Дорнодын замын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар танилцлаа. Энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Дорнодын замын 145 км нь ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.

 Хэнтий, Дорнодыг холбох замын бүтээн байгуулалтыг өмнө нь дангаараа хариуцаж байсан “Насны зам” компани өнгөрсөн онд авсан 143 км замын ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа тул гэрээг нь цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх замыг гурван гүйцэтгэгчид хуваан хариуцуулахаар болж, Зам тээврийн яам, Хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Бүтэн таван жил сунжирсан Дорнодын замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Алжирын онгоцны ослыг шалгаж эхлэв

Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоос Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан Алжирын агаарын тээврийн компанийн онгоц өнгөрсөн пүрэв гаригт Мали улсад осолдсон. Ослыг мөрдөн шалгах ажлыг Франц болон олон улсын мэргэжилтнүүд Мали улсад эхлүүлжээ. McDonnell 83 онгоцны хар хайрцаг Мали улсын зүүн хойд хэсэгт орших Госси мужаас олдсон билээ. Хар хайрцганд дүн шинжилгээ хийх зорилгоор Францын эрх баригчдад хүлээлгэн өгөх юм байна. Онгоцны сүйрлийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ч хэд хэдэн таамаг дэвшүүлээд буй. Сахарын цөлд хүчтэй шуурга болж, эргэн тойрон харагдахгүй байсан учир чиглэлээ өөрчлөх хүсэлтийг тус онгоцноос ирүүлсэн байна.  Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц чиглэлээ өөрчилсөн нь ослын шалтгаан болсон гэсэн таамаг байна.

Categories
мэдээ нийгэм

Хакүхо өнөөдөр ирнэ

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёд түрүүлж,  30 дахь түрүүгээ хүртээд буй их аварга Хакухо өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дахь Их аварга Хакүхо 70 дахь аварга Харүмафүжитэй /10-5/ барилдаж давснаар долдугаар сарын башёг 13 ялалтаар тэргүүлсэн билээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү амжилтаараа домогт их аварга Чиёонофүжи (31), Тайхо (32) нарын ард бичигдэж байгаа аж. 

Categories
гадаад мэдээ

Францад онгоцны ослоос болж гашуудал зарлав

Мали улсын хойд нутагт Air Algerie  компанийн агаарын хөлөг сүйрсэнтэйгээр холбоотой гурав хоногийн гашуудлыг Францад зарлаад байна. Төрийн бүх байгууллагад гашуудлын далбаа өлгөсөн  байна. Алжирийн онгоцны сүйрлээр Францын 54 иргэн амиа алдсан юм.  Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Гадаад хэргийн яаманд  амь үрэгдэгсдийн ар гэрийнхний 150 орчим хүнийг хүлээн авч уулзан сайд нарынхаа хамт тэдний асуултанд хариу өглөө. Буркина-Фасогоос  Алжир руу нисч байсан  онгоц нислэгийнхээ 50 минутын дараа  сүйрсэн юм. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Хамгийн их магадлалтай хувилбар нь онгоц аянгын бүсэд орсон гэх таамаглал гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баттулгыг цагдан хорьсныг буруушааж байна

INFO.MN сайтын ерөнхий эрхлэгч С.Баттулгад Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа 32 цаг цагдан хорьсон байна. 

С.Баттулга эрхээ хамгаалуулахаар МСЭ-д хандан гаргасан хүсэлтдээ “С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдан намайг хориулах үндэслэл болгож хэлсэн зүйл нь “Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа” гэх материал байлаа. Тэрхүү сэрэмжлүүлгийг бид сайтдаа байршуулсан нь үнэн. Гэвч Б.Зориг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн намайг тэрхүү сэрэмжлүүлгийг бичсэн эсэхийг нотолж тогтоогоогүй байж надад таслан сэргийлэх арга хэмжээ авч Ганцхудагт 32 цаг хорьсон нь шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг гэрчлэх ноцтой үндэслэл юм” гэжээ. 

Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм. 

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж үзэх нь өөрөө гэмт үйлдэл гэдгийг дээрх шийдвэрийг гаргасан этгээдүүдэд МСЭ сануулж байна. Сэтгүүлчийн мэргэжил нь онцгой мэргэжил бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдлэгч газар бүхэнд сэтгүүлчийг цагдан хорих нь буруу гэж үздэг, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтаар шийддэг, Монгол улс ч бас энэ жишиг рүү тэмүүлж байгаа үед шудрага үнэнийг дээдлэх ёстой хуулийн байгууллагын зүгээс ийм алхам хийж байгааг МСЭ эрс буруушааж байна. 

МСЭ нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөн тохиолдолд дангаараа болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч анд нөхөд, олон улсын нөлөө бүхий байгууллагуудтай хамтран  тэмцсээр ирсэн бөгөөд энэ удаад сэтгүүлч С.Баттулгаас гадна нэр бүхий хэд хэдэн сэтгүүлчийн эрх зөрчигдөж болзошгүй байгааг анхааралдаа аваад байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

2014.07.28

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Bank of China-гийн төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ

Bank of China-гийн салбар Монголд байгуулагдана гэсэн мэдээлэл цацагдаж буй. Өмнө нь тус банкны төлөөлөл Улаанбаатарын эдийн засагчдын клубынхэнтэй уулзахдаа банкныхаа салбарыг байгуулах хүсэлтийг Төв банкинд тавьснаа онцолж байсан. Харин энэ удаа хэвлэлээр байр сууриа илэрхийлжээ. Хятадын банкны Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Шинжун “Хятадын банк маш том банк. Харин монголын зах зээл жижиг. Иймд олон хүн монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж болгоомжилж байна. Би энэ талаар олон газар ярьж байна. Бид монголын банкуудтай өрсөлдөхөөс илүү хамтарч ажиллана. Мөн уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдэд л зээл олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох, хадгаламж төвлөрүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд нийт 1500 гаруй салбартай. Эдгээрт 10 мянга орчим хүн ажилладаг гэж би дуулсан. Хэрэв бид салбараа байгуулах зөвшөөрөл авбал зөвхөн Улаанбаатарт салбараа нээнэ. Мөн манай ажилчдын тоо 40-өөс хэтрэх ёсгүй гэж заасан. Тэгэхээр бид монголын банкуудтай өрсөлдөх ямар ч боломжгүй… Монгол бол тусгаар тогтносон улс. Гадны ямар ч байгууллага үүдээ нээхэд өөрийн хууль тогтоомжийн дагуу хяналт тавих эрхтэй” хэмээн ярьжээ. 

 Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк гэх мэт хууль сахиулах, гадны байгууллагуудыг хянах олон байгууллага бий. Хууль зөрчлөө гээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгох буюу гэрчилгээг нь ч хураах эрхтэй. Тийм болохоор Хятадын банк орж ирснээр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөнд нэвтрэх вий гэж санаа зовох шаардлага байхгүй юм.

-Туушин компанид олон улсын сүлжээ зочид буудлын нэг салбарыг барихад та бүхэн зээл олгоход би хувьдаа талархалтай хүлээж авсан. Учир нь ганц буудал баригдахгүй. Аялал жуулчлалын олон улсын стандарт дагаад нэвтэрнэ. Жуулчдын тоо ч өснө. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга наадмын өмнө ил захидал бичин, “Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байхад зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аварга банкийг Монгол руу дуудаж байгаа болов уу” гэсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би энэ талаар шууд тайлбар, хариулт өгөх боломжгүй. Энэ бол мэдээж эмзэг асуудал. Монголын улстөрчид бүгд л өөрийн саналыг илэрхийлэх эрхтэй. Хятадын банк байгуулагдаад 100 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид өөрсдийн зарчмаа баримтлан ажиллаж ирсэн. Энэ нь бид тухайн улс орны дотоод үйл хэрэг болон улс төрд оролцохгүй гэсэн зарчим юм.

-Умард Солонгосыг эдийн засгийн эрхшээлдээ оруулан, хяналтандаа хэдийнэ оруулсан гэж жишээ татдаг. Энэ бодит мэдээлэл үү?

-Би монголын зах зээлийн талаар л судалж байгаа болохоор энэ талаар  сайн мэдэхгүй юм.

-Хятадын банкны зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулахгүй юу. Хугацаа, хүү, зээлийн дээд хэмжээ ямар байдаг вэ. Харилцагчдад өөр ямар шаардлага тавьдаг вэ?

-Хятадын банкны улс орон бүр дэх  салбарын зээлийн бүтээгдэхүүний шаардлагууд харилцан адилгүй байдаг. Тухайн төслөөс мөн олон зүйл шалтгаалдаг.

-Тэгвэл та ойролцоо тоо хэлэх боломжтой юу?

-Тодорхой хэлэх боломжгүй ч монголын арилжааны банкуудын дундаж хүүнээс доогуур. Зээлийн хугацаа төслийн хэрэгжих хугацаанаас шалтгаалах бол зээлийн дээд хэмжээг тухайн компаний санхүүгийн чадамж тодорхойлдог.

-Ер нь Хятадын банкны салбар нээгдсэнээр тухайн улсын эдийн засагт бодит түлхэц болсон жишээнүүд хилийн чанадад байдаг уу?

-Ямар ч газарт банк нээх нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Хятадын банк төлөөлөгчийн газар эсвэл салбараа нээлээ гэх сургаар хятадын хөрөнгө оруулалттай бусад команиудын тоо олширдог талтай. Энэ нь эдийн засагт сайн нөлөөтэй. Энэ шалтгаанаар бусад улс орнууд гадны банк үүдээ нээхэд талархаж хүлээж авдаг.

-Одоогоор та бүхэнд нийт 3 тэрбум ам.долларын зээлийн хүсэлт иржээ. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаас харахад цаашид зээл авах хүсэлт улам л нэмэгдэх байх. Та бүхэн нэг жилийн хугацаанд Монголын аж ахуйн нэгжүүдэд нийт хэдий хэмжээний зээл олгохоор төлөвлөж байна? 

-Хэрэв бид охин компаниа монголд байгуулвал гаргах зөвшөөрөлтэй капиталын хэмжээ 56 сая ам.доллар байна. Тэгэхээр олгох зээлийн нийт хэмжээ нь 460 сая ам. доллар байх юм. Монголбанкны зүгээс гаргах зөвшөөрөлтэй капиталын 12 хувиас зээлийн хэмжээгээ давуулж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр Улаанбаатар дахь охин компанийн зээлийн дээд хэмжээ адартаа туллаа гэхэд бид бусад салбарууд руугаа уламжлах юм. Бидний олгох зээлийн нийт хэмжээ бусад арилжааны банкуудын олгодог нийт  зээлийн 7 хувьд ч хүрэхээргүй байгаа юм.

Монгол бол хөгжиж буй улс. Барилга, дэд бүтцийн салбарт санхүүжилт маш их хэрэгтэй байна. Миний хувийн үзэл бодол гэвэл гадны банк монголд орж ирэх нь сайн зүйл. Гадны банк монголд үйл ажиллагаа явуулснаар бусад хөрөнгө оруулагчдыг ч татна. Энэ нь монголд шинэ үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүргэнэ.

-Одоо танай төлөөлөгчийн газарт хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Одоо 15 хүн ажилллаж байгаагаас 9 нь хятадаас ирсэн.

-Анхаарал татсан бас нэг зүйл байгаа нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд болон бусад компаниудад олгох зээлийн хувь хэмжээ. Энэ харьцаа ямар байх вэ?  

-Тийм зүйл огт байхгүй. Тус тусад нь шаардлага тавихгүй байгаа. Гэхдээ аль болох Монголын компаниудад зээл олгох бодлого баримтална. Бид шинэ салбаруудаа тухайн газарт нь нутагшуулах бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл тухайн газрынхаа компанийг илүү дэмжихийг хичээдэг. Тэгэхээр бид зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай компанийг илүүд үзнэ гэж бодох нь бас л андуу ойлголт. Хамгийн түрүүнд бид Туушин компанид зээл олгосон нь энэ бодлогын илэрхийлэл юм.

-Засийн газрын төсөл хөтөлбөрүүдэд илүүтэй зээл олгоно гэдгээ та мэдэгдсэн. Гэтэл манайхны дунд төр сайн бизнесмэн, менежер биш гэсэн ойлголт, хандлага түлхүү байдаг. 

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн цахилгаан, ус, харилцаа холбооны төслүүд олон нийтийн эрх ашигт чиглэсэн байдаг. Ийм шалтгаанаар бид өндөр ач холбогдол өгдөг. Энэ нь  ганц Монголд ч биш, дэлхийн өнцөг булан бүрт л бидний баримталдаг зарчим. Хэдийгээр энэ төрлийн төсөлд хөрөнгө оруулах нь бизнесийн хувьд ашиг багатай ч олон нийтийн гэдэг утгаараа онцлогтой төслүүд юм.       

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ШИЛЖИЛТИЙН ҮЕДЭЭ БАЙНА

-Хятадын банкны ойрын жилүүдэд хилийн чанадад баримтлах бодлого юу вэ. Аль улс болон салбарт илүүтэй анхаарч ажиллах бол?

-Хятадын банкны эх орондоо баримталж байгаа болон хилийн чанад дахь бодлогууд өөр хоорондоо ялгаатай. Улс улсын хууль тогтоомж өөр байхаас гадна салбар бүрийн хөгжил харилцан адилгүй байна. Хятадад хөгжүүлэхийг эрмэлзэх салбар нь зарим оронд хэдийнэ дээд цэгтээ хөгжсөн байх жишээтэй. Гадаад улс орнууд дахь Хятадын банкны бодлого ч өөр өөр. Гэхдээ ерөнхий нэг зарчим нь ашигтай ажиллахын төлөө, эрсдэлээ бууруулахын төлөө л ажиллах юм.

-Хятадад цагаан заан олон байдаг гэж нэг эдийн засагч ярьж  байсан. Сүүлийн жилүүдэд дотоодын бүтээн байгуулалтаа дэмжих зорилгоор хийсэн хөрөнгө оруулалтууд төдийлөн үр дүнд хүрээгүй гэж дүгнэсэн байсан. Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй байгаа гэх юм. 

-Барилгын салбарын хувьд байдал их хүнд байгаа нь үнэн. Мэргэжилтнүүд тал талаас үзэл бодлуудаа уралдуулж байна. Энэ салбар олон жил үр бүтээлтэй байсан ч одоо үнийг нь зохицуулах цаг болсон. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтмол өссөөр ирсэн. Хотуудын хөгжлийн түвшин өөр тул хот тус бүрт энэ салбарын хөгжил мөн л өөр. Зарим барилын үнэ өндөр байсан бол зарим нь буурч байна.   

-БНХАУ-д бүтээн байгуулалтын эрч саарч байгаатай холбогдуулан гадаад зах зээл рүү тэлэх бодлого баримталж байна гэж ойлгож болох уу?

-БНХАУ-ын эдийн засаг шилжилтийн үедээ байна. Эрчим хүч их хэрэглэдэг, агаарын бохирдол ихээр бий болгож буй хүнд үйлдвэрүүдийг олноор нь хаасан. Энэ нь эдийн засгийн хүндрэл үүсгэсэн тал бий. Цемент, төмрийн гэх мэт хүнд үйлдвэрүүд үүнд олноор багтсан нь эдийн засгийн өсөлт буурахад хүргэсэн юм. Гэхдээ урт хугацаанд харвал эерэг нөлөө үзүүлнэ гэж бид харж байна.

-Шилжилт нь хэр удаан үргэлжлэх вэ?

-Ахин хугацаа шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа. 

Categories
мэдээ нийгэм

Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав

Австралийн Холбооны парламентад Австрали-Монголын найрамдлын бүлэг албан ёсоор байгуулагдав. Тус бүлэгт Австралийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, сенатчид зэрэг нийт 22 гишүүн тэдгээрийн дотор Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Пэрри, Төлөөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишоп, Австралийн Шадар сайд бөгөөд Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд У.Трасс нар тус тус оржээ.

Бүлгийн даргаар Австралийн парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах болон худалдааны хамтарсан байнгын хорооны дэргэдэх Тусламж, гадаад бодлогын дэд хорооны дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Ш.Стоун сонгогдоод байна.

Тус дэд хороо нь гадаад бодлого, тусламжийн бодлогыг зангидан хариуцдаг болно. Австрали Улсад 2013 оны 9 дүгээр сард парламентын ээлжит сонгууль болж, парламент шинээр эмхлэн байгуулагдсан юм.

Монголын бүлэгт эрх баригч-Либерал намаас 10 гишүүн, сөрөг хүчин-Хөдөлмөрийн намаас 9 гишүүн, мөн эрх баригч намтай эвсэн Засгийн газар байгуулсан Үндэсний намаас 3 гишүүн тус тус орон ажиллаж байна. Мөн бүлгийн гишүүдийг мужийн төлөөллөөр авч үзвэл, Австралийн Күинсланд, Нью Саут Уэльс зэрэг мужаас сонгогдсон тус бүр 6 гишүүн, Баруун Австрали мужийн 4 гишүүн, Виктория мужийн 3 гишүүн, Тасмани мужийн 2 гишүүн болон Өмнөд Австрали мужийн нэг гишүүн тус тус байна.