ДБЭТ-ын уран бүтээлчид дотоод хямралаа хөндсөөр, асуудлууд
үргэлжилсээр байна. Энэ талаар гоцлол дуучин Ч.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр Н.А.Римский-Корсаковын
нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын VIII уралдааны тусгай байр, М.Глинкийн
нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIII уралдааны дэд байр, шилдэг баритон
хоолой, С.Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан тусгай шагнал, Санкт-Петербургт болсон Олон улсын дуурийн
дуулаачдын уралдааны гуравдугаар байр, Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын
дуурийн дуулаачдын уралдааны тусгай байр, “Байкаль” Олон улсын дуурийн дуулаачдын
уралдааны ОХУ-ын ардын жүжигчин Л.Линховойн нэрэмжит тусгай шагнал, П.И.Чайковскийн
нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны IV байр, ОХУ-ын ардын жүжигчин
Надежда Обуховагийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагналтай уран
бүтээлч юм.
-Саяхан “Кармен” дуурийг франц эх хэл дээр нь болголоо. Ер
нь огцом шинэчлээд байх юмгүй, байнга тоглодог дуурь шүү дээ. Та бүхэн хэрхэн ажиллав?
-“Кармен”-ыг
тайзных нь хувьд сэргээн шинэчилж, эх хэл дээр нь дуулсан. Дуурийг зохиогдсон эх
хэлээр нь дуулах нь дэлхий нийтийн жишиг юм. Тоглож байгаа бүх дууриудаа эх хэлээр
нь болгох ажил л үргэлжилж байна. Энэ утгаараа “Кармен” шинэчлэгдлээ. Найруулга,
тайз декораци ерөнхийдөө шинэ өнгө төрхөөр үзэгчдэд хүрсэн. Гаднаас франц хэлний
багш ирж хэллэг дуудлага зэрэг дээр ажилласан нь үр дүнтэй болсон. Найруулгын тал
дээр сайнтай муутай шүүмжүүд цөөнгүй гарсан. Ер нь тайз, найруулга бол ямар ч байж
болно л доо. Манай ихэнх дуурь дал наяад онд тавьсан анхны тавилтаараа байгаа. Найруулагч
Л.Эрдэнэбулган гуайн найруулга л яваад байгаа. Сүүлд Г.Эрдэнэбаатар найруулагчийн
тавьсан жүжгүүд ч мөн тэр найруулгаараа явж байна. Харин сая арван жилийн өмнө гадны
найруулагчийн тавьсан, хэд тоглоод орхигдсон “Дон Жуан” дуурийг Австриас найруулагч
ирж найруулсан. Ер нь хамгийн гол нь найруулга л байдаг. “Дон Жуан” бас л сайнтай
муутай янз бүрийн шүүмж яриа дагуулж байна. Маш их хөдөлмөр зарж, давчуу хугацаанд
хийсэн. Үндсэндээ театрын ажлын зохион байгуулалттай холбоотойгоор дуучид партаа
бүрэн гүйцэд сураагүй энэ жүжигт гарсан. Бэлтгэл ажлын цаг маш бага ийм асуудлууд
гарсан л даа. Ийм хүнд нөхцөлд харин манай залуу дуучид үнэхээр чадварлаг, үүргээ
сайн гүйцэтгэсэн. Мэргэжлийн хүний хувиар “Дон Жуан” дуурь найруулгын хувьд ямар
болов гээд харахад, Австрийнх нь найруулагч ажилласан гэхэд миний сэтгэлд хүрээгүй.
-“Дон Жуан” бол баритонуудын хэрэгцээ өндөртэй жүжиг. Та
чухамдаа яаж оролцов?
-Би
энэ дуурийн Дон Жуаны дүрд тоглох байсан боловч манай бусад дуучид Америкт тоглохоор
ихэнх нь явчихсан учир би тоглоогүй. Ирэх тавдугаар сард бүтэн бүрэлдэхүүнээр дуулахаар
хүлээж байна. Дуучдын хувьд манай театр өнөөдөр
үнэхээр бахархалтай үедээ байна. Залуу гэлтгүй бидэнд дэлхийн түвшний чадвар байна.
Олон улсад ч амжилт гаргаж улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж байна. Харамсалтай
нь энэ их нөөц бололцоогоо зөв зохион байгуулж, уран бүтээлээ чанартай байлгах гол
зорилгоо харин мартчихаад байна. Оюуны ийм
хүнд хөдөлмөр хийж байгаа салбарынхаа уран
бүтээлчдийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх, ажиллах нөхцөлийг нь бусдын
жишигт хүргэх, төрөөс сонгодог урлагийн бодлогоо маш онцгой авч явах зэрэг гол асуудлаа
орхичихсон. Гэсэн ч бид ажлаа хийгээд явж л байна. Маш өндөр чанартай уран бүтээл
гаргах бүх нөхцөл боломжийг бид өнөөдөр нэхэж байна.
-Тодруулбал?
-Наад
зах нь дуучдын өрөөнд байгаа төгөлдөр хуурыг аваад үзье. Аль хэдийнэ актанд гарахаар
хөгжмүүд манай театрын өрөөнүүдээр дүүрэн байна. Манайх асар том урын сантай театр.
Долоо хоног бүр дуурь балет тоглодог. Энэ бүхнийг авч явж байгаа хүмүүс нь дуучид,
бүжигчид, найрал дуучид, симфони оркестрын хөгжимчид. Манай гоцлол дууны ангид тулгарч
байгаа нэг том асуудлыг онцолмоор байна. Концертмейстр дэндүү цөөхөн. Хоёр гуравхан
концертмейстртэй. Дуучид нэг дуурийн гол дүрд дуулахын тулд асар их төлөвлөгдсөн
цаг хугацаатай байж, тэр хугацаандаа бэлтгэлээ сайн хийж байж нэг жүжиг бэлэн болдог.
Улсын хувьд үүнийг шийдэхэд үнэндээ жижигхэн асуудал. Гадуур чадалтай сайн концертмейстрүүд
олон. Тэдэнд санал тавьж, театртаа уран бүтээлийн том хүч авчрах шаардлагатай байна.
Концертмейстрийн орон тоог наад зах нь хоёр гурваар зайлшгүй нэмэх ёстой. Ганц нэгээр
нэмээд асуудлыг шийдэж чадахгүй. Би хувьдаа театрынхаа уран бүтээлийн чанарт сэтгэл
маш дундуур байгаа.
-Мэдээж хүчрэхгүй байгаа юу?
-Олон
шалтгаан байгаа. Нэгд, уран бүтээлчдийн өөрсдийн авьяас чадвар, ажилдаа хандах хандлага.
Хоёрт, өөрийгөө бүрэн дайчлахгүй байна гэдэг чинь бэлтгэл ажил дутуу байгаагийнх
шүү дээ. Театр сайн зохион байгуулалт хийхгүй байгаагаас уран бүтээлчид ямар ч бэлтгэлгүй
шахуу тайзан дээр гарч байна. Үүнийг байнга ярьдаг. Бүгд мэдэж байдаг. Гэсэн хэрнээ
шийддэггүй.
-Яагаад гэдгийг та нар өөрсдөө хэрхэн харж байгаа вэ?
-Хэдийгээр
уран бүтээлчид залуужиж байгаа боловч удирдаач нар, найруулагчаас авахуулаад хүндрэл
зөндөө. Өнөөдөр бид найруулагчгүй байгааг хүмүүс мэдэж байгаа. Л.Эрдэнэбулган гуай
ирж зарим жүжигт ажиллаж байна. Энэ хүний залуу зандан наснаасаа зүтгэсэн нөр хөдөлмөр
дээр өнөөдөр Дуурийн театр торгоож байна шүү дээ. Одоо бүр арчаагаа алдаад арга
ядахдаа өнөө хүнээ залаад аваад ирж байна. Бас л нэгэн цагт зайлуулчихсан, тэтгэврийн
хүн. Өнөө хүн нь насаараа энэ урлагийн төлөө явсан учраас санаа зовоод саналыг нь
хүлээж аваад ирдэг. Нэг талаар баярлах боловч ирээдүйд ер нь яах болж байна. Ялангуяа,
найруулагч, удирдаач нар дээр. Одоо байгаа хоёр удирдаач маань бас л амьдралаа бүхэлд
нь энэ театрт зориулчихсан өчнөөн жил хийж бүтээсэн гавьяатай. Ж.Бүрэнбэх гуай тэтгэвэртээ
гарчихсан. Н.Туулайхүү маэстро удахгүй тэтгэвртээ гарах гэж байна. Дараагийн удирдаач
нар хаана байна. Өнөөдөр дараагийн удирдаач, найруулагчийн асуудал хүчтэй дохио
өгч байна шүү дээ. Бас л шийддэггүй. Залуу удирдаач гэвэл, өнөөдөр Нямдаш байгаа
юм. Орж ирээд хэдэн жил ажиллаад, энэ хэдэн дууриудыг аваад өөрийнхөөрөө удирдаж
байсан. Нямдаш удирдаачид манай хөгжимчид, дуучид, найрал дуучид театрын уран бүтээлчид
бүгдээрээ асар таашаалтай байсан. Чадвартай, авьяастай, боловсролтой хүн. Гэнэт
Филармони руу яваад өгсөн. Бидэнтэй хамтраад маш сайхан уран бүтээлийн төлөвлөгөөгөө
ярьдаг, сэтгэл өндөр, их сайхан хамтарч ажиллаж байсан болохоор бид ирээдүй их сайхан
байх юм байна даа гэж боддог байлаа. Гэтэл өнгөрсөн жил явчихсан. Удирдаач, найруулагчийн
асуудал зөвхөн манай театрын асуудал мэт харагдах боловч шийддэг газар нь Засгийн
газар, яам шүү дээ. Театр асуудлаа тавьдаг байх гэж би хувьдаа боддог. Нэг бол үгүй
ч юм шиг. Эсвэл асуудлыг тавьсаар байсан боловч яам нь шийдэхгүй байгаа юм шиг харагддаг.
Энэ хоёр хүн нь үхэн үхтлээ гар нь л хөдөлж байвал удирдаад байна гэж боддог юм
уу бүү мэд. Урлагт амьдралаа зориулчихаад удирдаачийн пультан дээр үхэх гэж үү.
Хатуу боловч үнэн ийм л байна. Уг нь бид цааш явах хэрэгтэй. Дэлхийн дуурь өнөөдөр
асар өндөр түвшинд явж байна. Мэдээлэл технологийн хөгжлийг ашиглаад шинээр асар өргөн цар хүрээнд хөгжиж байна шүү
дээ. Нэг бүтээл тоглогдлоо л бол тэр даруйдаа дэлхий даяар тархаж байна. Тэгвэл
манайх юу хийгээд яваад байгаа юм бэ. Би
үнэхээр сэтгэл дундуур байна. Манайд “Чингэс хаан” гэж дуурь байна. Монголдоо
ганцхан. “Чингэс хаан”-ыг үздэг үзэгч сонсогчдын
хүрээ нэг жилд их сайндаа л мянга дотор эргэлдэж байна. Яагаад гэхээр манай театр
500 хүний суудалтай. Хоёр удаа тоглогддог, мянган хүн л үздэг. Ингээд болоо. Яагаад
өндөр чанартай бичлэг хийгээд хөгжмийн сүлжээ сайтуудаар цацаж болдоггүй юм. Яагаад
CD, DVD хийгээд улс даяараа түгээж болдоггүй юм. Зөвхөн Чингэс хаан гэлтгүй үндэсний
гоё гоё дууриуд бүгд ийм байна.
-Театрт чадалтай уран бүтээлчид байгаа ч зохион байгуулж чадахгүй
байна гэлээ. Гаднаас нь харахад ч тэгж харагддагийг нуух юун. Зөв бүтцээр удирдаж
бодлогоо хэрэгжүүлдэг маш цэгцтэй зохион байгуулалт байхгүй нь илэрхий. Та хувьдаа
яая гэж бодож байна?
-Одоогийн
үнэн байдал ийм л байна. Ямар ч улс төрийн томилгоо байсан, хэн ч ирсэн ялгаагүй
урлаг нийгэм дэх үнэлэмж үнэ цэнээ, урлагаа бүтээхдээ чанартай хийх бүх нөхцөл бололцоогоор
хангагдсан байх ёстой. Ингэж л урагшаа явмаар байна, бид. Соёлын тухай хууль гэж
инээдтэй хууль байдаг юм. Түүнд, урлагийн байгууллага гэж энийг хэлнэ, тэр нь ийм
ийм чиглэлтэй гэсэн л юм байгаа. Одоо дахиад хууль гарах гэж байна. Энэ хуульд бүх
асуудлаа нарийн тодорхой болгож оруулах болов уу гэж би уран бүтээлчийнхээ хувьд
горьдож харж байна. Бүх асуудал хуульдаа тодорхой болох ёстой. Хэн нэг дарга нь
ирээд ажлаа хийнэ биз, өөрөө юу шинээр санаж сэдмээр байгаа юм түүнийгээ хийж сайжруулаад,
дутагдал байгаа бол засаж залруулаад явдаг баймаар байна. Дуурийн театр бол харин
хэн нэгний амьдралаа дээшлүүлдэг хэрэгсэл, хувийн хүсэл хэрэгцээгээ гүйцэлдүүлдэг
байгууллага биш шүү дээ.
-Олон жил урсгалаар явж байна л даа. Та нар залуу улс. Залуу
хүний эрч хүч, ирээдүй, эрх ашиг, тэмүүлэл зорилгоо одоогийн энэ будан дундаас хэр
тодорхой харж байна вэ. Танай Ц.Баттөр гоцлооч “урсгал дагаж амьдрахгүй ээ” гэж
мэдэгдээд гарсан?
-Бид
бол маш дэврүүн мөрөөдөлтэй, хийж бүтээе гэсэн эрч хүчтэй, зорилготой байж л байна.
Гэвч ямар нэгэн юман дээр очоод олон саадтай тулгардаг. Энэ саад нь театрын удирдлага
уран бүтээлчдэдээ хандаж байгаа хандлага, ажлын зохион байгуулалтаас шалтгаалж байгаа.
Шударга өрсөлдөөн алга. Жишээ нь, би гэхэд сүүлийн нэг сарын хугацаанд дуулсангүй.
Ямар ч жүжигт намайг гаргасангүй. Өлгийтэй хүүхэд шиг угжуулаад цалин аваад зүв
зүгээр суугаад баймааргүй байна. Би ичиж байна. Надтай адилхан бодолтой уран бүтээлчид
цөөнгүй байгаа байх.
-Тайзан дээр шударга өрсөлдөөн хаалттай байна гэж та хэллээ.
Үнэхээр тийм бол цөөн хүний хувийн эрх ашиг дээр театр дэнжигнэж байна гэсэн үг
л дээ. Иймдээ тулсан бол асуудлын голыг нь та хэлээч?
-Уран
бүтээлчид ижил нөхцөлд ажиллаж өрсөлдөх ёстойг хэн ч ойлгоно. Ганцхан дуучин хоёр
сарын турш дуулаад байдаг, бусад нь юу ч дуулахгүй, хэзээ дуудахыг хүлээгээд сууж
байж таарахгүй биз дээ. Формоо алдана. Байнга дуулж тордож хөгжиж байх ёстой байтал
ийм нөхцөл нь алга. Энэ бүхэн бол концертмейстр цөөнтэй холбоотой.
-Дуулсан дүрийн зэрэглэлээр нь нэмэгдэл цалин тооцдог байсан
өмнөх зарчим хэвээрээ байгаа юу?
-Урьд
нь байсан. Их зөв тогтолцоо. Гэвч нэлээн хэсэгтээ байхгүй байгаад одооноос л дүрийн
нэмэгдлийг сэргээхээр шийдсэн. Сар сард биш улирал бүрт тооцохоор ярьж байгаа. Нэгдүгээр
зэрэглэлийн дүрийг яаж үнэлэх юм, хоёрдугаар зэрэглэлийн дүрийг яаж үнэлэх юм гэхчилэн
дүрийн үнэлгээгээ гаргаад улиралд нэг урамшуулал олгож байхаар шийдвэрлэсэн байна
лээ. Гэхдээ журам нь гараагүй байгаа. Одоо үүн дээр дахиад л асуудал гарч ирнэ.
Мэдээж цалин маш бага учраас дуучид энэ рүү дайрна. Орлогоо нэмэгдүүлэх боломж гаргаад
өгч байгаа учраас ахиу цалингийн төлөө ухаан жолоогүй дайрна. Энэ бол нэг талаар
сайн. Тухайн дүрд гарахын тулд маш сайн байж сонгогдоно. Сонгох зарчим нь шударга
байх хэрэгтэй. Миний харж байгаагаар, одоо манай театрт шударга зарчим огт байхгүй.
Шударга сонголт хийхгүй байгаа хүмүүс нь мэдээж уран сайхны удирдлагууд. Тэгэхээр
дуучдын хөдөлмөр үүгээр ингээд үнэлэгдчих юм байна гэж найдахад тун эргэлзээтэй.
Би гэхэд хоёр гурван гол дүрийг хийчихээд суугаад л байна. Шалгуулъя, дуулъя гэхээр
цаг байхгүй гэдэг. Чамайг бэлтгээд гаргах цаг байхгүй ээ гэдэг юм. Зарим нь бэлтгээд
гараад болоод байдаг.
-Жишээ нь?
-Жишээ
нь, би Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпья гэж дүрийг бэлтгээд партын хувьд бэлэн
болчихоод байж байна. Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрийг бас гаргачихаад
байж байна. “Аида” дуурийн Аманосрогийн дүрийг бэлтгэж гаргачихаад байна. Эд нарыгаа
сонсгоё, хийе гэхээр цаг байхгүй ээ гэдэг шалтаг хэлдэг. Үүний цаана нэг фракцийн
эрх ашиг л байгаа юм. Дуурийн театрт нэг ийм фракц байдаг.
-Танд яагаад ингэж ханддаг юм бол?
-Яагаад
намайг ингэж хавчаад байдаг гэхээр, би оюутан байхаасаа авахуулаад ОХУ-ын ардын
жүжигчин Дариймаа Линхова гэж агуу хүний удирдлагад хичээллээд явчихсан. Тэндээс
дандаа олон улсын уралдаануудад оролцож ирсэн. Оросын зургаа долоон уралдаанаас
шагналыг нь авсан. Ингээд театрт ороод ирсэн. Миний адил баритон хоолойтой дуучдын бэлтгэлийг хийлгэдэг
концертмейстр нь энд өөрийнхөө хүнийг дуулуулаад байдаг. Ийм эрүүл бус нөхцөлд бид
ажилладаг. Уг нь Монголын урлаг хөгжиж, Монголын нэр гарч л байвал болоо биш үү
дээ, тийм ээ. Ингээд дээгүүрээ найз нөхөд, хувийн харилцаагаар театрын ажилд ханддаг
болчихсон. Өөрсдөөсөө илүү боловсролтой, чадалтай хүмүүсийг театрт оруулдаггүй.
-Дуурийн дуучин ховор нарийн мэргэжил атал өөрсдөө асуудлаа
задалдаггүй, аялдан дагалдагч маягтай улсууд байх шиг. Театр нь ганц болохоор тэр
үү. Та бүхэн яг яагаад байдаг юм бэ?
-Тийм
сул тал байгаа. Театрын энэ муухай уур амьсгалыг хэлчихээр өнөө хэдэн хүнд эрх мэдэл
нь байгаа учраас дүр өгөхгүй, хавчаад байдаг. Тэгэхээр дуучид амаа хамхиад, нөгөө
л хэдэн хүний үгээр явдаг байхгүй юу. Энэ чинь маш хортой. Миний нэг санаа байгаа
юм. Өнөөдөр Монголд дуурийн театр байгаад, тавин хэдэн дуурь тоглогдож байна л гэдэг.
Чанар бол тодорхой хэмжээнд байгаа. Хамгийн гол нь шийдээгүй асуудал маш их байгаа
юм. Монголд дэлхийн сонгодогийн вертуозны урлаг байхгүй. Вертуоз гэдэг бол хамгийн
топ нь, төгс нь гэсэн үг. Тэр топ түвшний уран бүтээлчид Монголыг дандаа тойрдог.
Дэлхийн топ удирдаач, топ найруулагч нар нь, топ агуу дуучид нь Монголыг тоохгүй
байна. Яагаад тоохгүй байгаа юм. Бид тийм чадваргүй юм уу. Бид нарт тэр соёл нь
байхгүй юм уу. Бид нөхцөлийг нь бүрдүүлээгүй байна уу. Салбарыг толгойлж байгаа
удирдлагууд нь энэ талаар бодохгүй байна уу, сэдэхгүй байна уу гээд олон талаас
нь харах хэрэгтэй.
Тэгвэл
бид нар чадна гэж би хувьдаа хэлнэ. Нөхцлөө л бүрдүүлээсэй. Монгол Улс нэг өртөө
л болчих хэрэгтэй юм. Дэлхий дээр сонгодог урлагийн маш том сүлжээ байна. Энэ сүлжээний
нэг нь л болчих хэрэгтэй юм, бид.
Н.ПАГМА