Соёл, урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяатай
ярилцлаа.
-Өнгөрсөн
долоо хоногт та хөгжмийн сонгодог концерт зохион байгууллаа. “Төгөлдөр” сан
одоо Монголын хөгжмийн урлагийн ирээдүйн хөгжил рүү нухацтай хандаж байгаа нь тодорхой
харагдаж байна л даа. Хөгжмийн урлагийнхаа алс хэтийг харсан бодлого гэж хүмүүс
үзэж байх шиг байна. Санаа сэдлээ хаанаас эхлэв?
-Манай сан өнгөрсөн хугацаанд балетын, хөгжмийн, драмын урлаг, мөн
хүүхдийн сурах бичиг зэрэг хэд хэдэн чиглэлд ажилласан л даа. Энэ “Трио” тоглолт
бол миний хийх юм сан гэж хүсч бодож явсан тоглолт боллоо. Чухам ямар хэлбэрээр
хийхээ сайн товлож амжаагүй явтал Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач Ц.Батчулуун
гуай, Ч.Чинбат гуай, морин хуурч Жигжиддорж гурав надад санал тавьсан юм. Өмнө нь
би Морин хуурын чуулгын тоглолт үзэж байхдаа тэр дундаас Жигжиддоржийг маш сайн
бэлтгэгдсэн хүү юм байна даа гэж харж байсан л даа. Тэр үед нөхөр маань Ерөнхий
сайд байв. Манайх Цагаан сарыг нэг их хөл хөөр болгож хийгээд байдаггүй. Харин тэр
жил ёс ёмбогор төр төмбөгөрийг бодож цагаан сарыг ёсолж хийсэн юм. Зүгээр л нэг
золгоод хоол унд идээд өнгөрөхийн оронд үндэсний хөгжмөө дуугаргачихвал зочдод маань
ч өөрсдөд маань ч сайхан юм даа гэж бодож Жигжиддоржийг хэсэг уран бүтээлчдийн хамт
урьж анх танилцаж байлаа.
-“Трио”
тоглолтыг яагаад онцлов гэвэл, яг дэлхийн хөгжмийн концертын дэглэлтийг үзүүлсэн,
бас том хэмжээний зохиол ч шинээр төрүүлсэн гээд өгөөж нь хөгжил рүүгээ хандсанд
байгаа юм л даа?
– Гадаадын орнуудад явж байхдаа би сонгодог концерт их үздэг л дээ.
Симфони оркестрын концерт ч юм уу, квартет ч юм уу. Метрополитан театрын Филармонийнх
нь улирлын нээлт, Берлиний оркестр гэхчлэн гоё гоё оркестрын тоглолтуудыг үзэж
явахдаа ийм концерт хийхийг мөрөөдөөд явдаг л даа. Гэтэл миний хүсэж бодож байсан
зүйлийг яг л бурхан харсан юм шиг энэ гурван хүн яриад санал тавьж тохироо бүрдсэн
хэрэг. Үүнийг хийх сэтгэл зүрх надад гол нь байсан. Ямар нэг юм барьж авахаараа
би өнгөцхөн хандаад орхичихдоггүй, чин сэтгэлээсээ хийдэг зантай. Тэгээд хөгжимчдөдөө
юунд ч битгий санаа зов, зөвхөн хөгжмийнхөө дуугаралтдаа анхаарах юм шүү. Тэнд хүмүүс
концерт үзэх гээд ирэхэд үнэхээр сайхан хөгжим эгшиглэж байх ёстой. Бэлтгэлээ л
сайн хийгээрэй гэж хэлсэн. Энэ удаад ёстой л хөгжим зохиох, тоглохоос бусдыг нь
хийлээ. Хэдийгээр надад туршлага байхгүй ч гэсэн азаар сонгодог хөгжмийн концерт
ямар байх ёстойг зарим улс орнуудад очоод сонсоод үзээд явдгийн хэрэг сая гарлаа
л даа. Их юм үзэж харж явсных уран бүтээлчдэд зөвхөн хөгжмөө анхаарах боломж олгосон.
Өчигдөр бид уулзаж бие биедээ талархлын үгээ хэлцгээлээ. Мэргэжлийн өндөр түвшний хөгжмийн зохиолчид,
хөгжимчид, удирдаач, багш хүмүүстэй ажилласан болохоор их сайхан байлаа. “Бид
анх удаагаа хаана тоглох вэ, яаж тасалбараа зарах вэ, түрээсээ хаанаас олох вэ,
хүн ирэх болов уу үгүй болов уу гэсэн зовлонтой ажлуудыг огт хийсэнгүй. Яг мэргэжлийнхээ
хөгжмийг тоглож байгаад шууд тайзан дээр тоглож дуусаад л гарч ирлээ. Хөгжимчид
ийм л байх ёстой гэдгийг жинхэнэ утгаар мэдэрлээ” гэж тэд маань надад хэлсэн. Тоглолт
үзсэн хүмүүс ч таашаасан байх аа.
-Ялангуяа
Европыг хараад, хөгжим нь яагаад тийм өндөр хөгжсөн юм, яагаад тийм олон зуун жилийн
уламжлалтай үзэгч сонсогчид бэлтгэгдчихсэн байдаг юм бол гээд харахад бодлоготойгоор
үндэсний хөрөнгө оруулагчид нь хүч тавьсан зам мөр харагддаг. Манайх болохоор нэг
хэсэг нь зохиогоод орхичихдог, нөгөө хэсэг нь ганц нэг удаа тоглоод хаячихдаг. Яг
идиал болгоод хүч хаясан уу гэхээр хэцүүхэн?
-Хүмүүс хэлж байна лээ. Хөгжмийн урлагийг шат ахиулсан тоглолт боллоо
гэж ярьж байна л даа.
-Үүнээс
өмнө таны хийсэн олон төслүүдээс “Спартак” балетыг номер нэгд онцолмоор байна. Гэхдээ
тэр сэргээн тавьсан тавил нь танд хэр таалагдсан бэ?
-Тухайн үед ярьж байсан яриа маань удалгүй ажил хэрэг болон биелж,
” Спартак” ДБЭТ-ын урын санд байнга тоглогдож
байна. Д.Намдаг гуайн “Оролмаа эх” жүжиг ч гэсэн Драмын театрын урын санд нь үлдсэн
байх гэж бодож байна. “Нойрссон гүнж” балет бас ДБЭТ-ын урын сангаас хасагдаж байхад
бид бүх юмыг нь шинэчилж сэргээж авч үлдэж байсан. “Спартак” бол намайг дунд сургуулийн
ес аравдугаар ангийн охин байхад анх театрт тавигдаж байсан балет. Би театрт байнга
балет үздэг охин байлаа л даа. Миний үеийнхэн дөнгөж суралцаж байсан, төгсч ирээгүй
үе. Х.Гэрэлчимэг эгч эд нар бүжиглэж байсан юм.
Хүүхэд байхад “Спартак” надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Хөгжим нь маш
гоё. Хэдийгээр социалист реалист үеийн тавилт ч гэлээ тэр чинь Хачатурян шүү дээ. Оросын Григорьевичийн тавилтыг Жамьяндагва гуай
өөрийн тайзан дээр хөрвүүлэн тавьсан тэр үеийнхээрээ сэтгэлд маш тод үлдчихсэн байсан.
Яагаад гэхээр, тухайн цаг үедээ жинхэнэ тэсрэлт болж гарч ирсэн л дээ. Балет сонирхдог
бүх хүмүүс очиж үздэг, тэр хөгжим, бүжигчдийн тавилт хөдөлгөөн, тэр үеийн хувцас
хунар гээд ер хачин гоё мэдрэмжийг сэтгэлд зураад үлдээчихсэн. Тэгээд би нэг өдөр
“Спартак”-ийг сэргээж тавихгүй юм уу гэж Жамьяндагва гуай, Гэрэлчимэг нарт хэлэхэд
ямар ч боломж байхгүй, хүн хүч байхгүй, бараг мартаад гучаад жил болчихсон гэх мэт
янз бүрийн шалтгаан хэлсэн л дээ. Дараа нь уулзахдаа “Спартак”- аа дахиад ярилаа.
Өмнө нь “Инээмсэглэл” хамтлагийг тоглооч гээд итгүүлж үнэмшүүлсэн шигээ үүн дээр
Жамьяандагва гуайг ятгасан гэх юм уу даа. Тэгж байж энэ гайхамшигтай хөгжмийн жүжгийг
ирээдүйд авч үлдсэндээ баяртай байдаг. Одоо үзээд сууж байхад тэртээ жаахан охин
байхдаа үзэж байсан сэтгэгдлээс арай өөр санагддаг л даа. Гэхдээ бүжиг, хувцас
хунар, бүх талаараа социализмын үеийнхийг бодвол хамаагүй сайжирсан. Сүүлд бүжигчидтэй
уулзаад ярьж байхдаа “Спартак”-ийг сэргээх нь хэр оновчтой сонголт байсан юм бол,
хөгжим нь хичнээн гоё ч гэсэн сэдэв нь хувьсгал гэсэн арай жаахан хоцрогдсон юм
хийчихэв үү дээ гэх ухааны юм бодож байснаа хэллээ дээ. Гэтэл бүжигчид миний яриаг
огт хүлээж аваагүй. “Спартак”-т бүжиглэх дэндүү гоё. Дэндүү гоё балет гэцгээж байсан.
Тэр хүчтэй драм нь ч юм уу, бүжиглэхэд эвтэйхэн байдаг ч юм уу би мэдэхгүй юм. Дандаа
залуу бүжигчид шүү дээ. Энэ балетыг анх яаж тавигдаж байсныг мэдэхгүй, ямар ч ойлголтгүй
залуучууд. Урьд нь манай театр тавигдаж байсан юм гэнэ лээ гээд байж байсан. Х.Гэрэлчимэг,
Ю.Оюун гуай хоёр энэ балетад бүжиглэдэг байсан юм. Х.Гэрэлчимэг эгч, Б.Жамьяндагва
гуай хоёр байсан тулдаа “Спартак” эргэж боссон шүү. Сэргээж авч үлдээгүй бол ийм балет тавьж байсан
гэнэ лээ гэсэн түүх болоод л үлдэнэ шүү дээ.
Одоо бүжигчид “Спартак”-т бүжиглэх ямар их дуртай гээч. Д.Алтанхуяг надад хэлж байсан.
“Отгоо эгч ээ, та намайг байхгүй хойгуур “Спартак”-ийг тавьчихлаа, би бүжиглэмээр
байна шүү дээ” гэж.
-Харин
“Оролмаа эх” жүжгийн сонголтод та эргэлзээгүй юу?
-“Оролмаа эх”-ийг драмынхан өөрсдөө сонгосон юм. Олон хүүхэдтэй эх
хүн. Хүүхдүүд нь олон янзын санаа бодолтой. Тэр эхэд үр хүүхдүүд нь ямар санаа бодолтой
байлаа ч, юу хийж байлаа ч адилхан л үр хүүхэд нь гэсэн санааг л хэлж байгаа шүү
дээ. “Спартак” ч, “Оролмаа эх” ч аль аль нь тухайн цаг үетэйгээ холбоотой л анх
тавигдаж байсан юм чинь. Сэргээж авч үлдсэн нь буруу ч биш байх аа. Оролмаад тоглоод жүжигчин С.Сарантуяа
“Гэгээн муза” авсан байх. Бараг дараа нь, ардын жүжигчин ч авсан байх. Тэгэхээр
хэрэгтэй л байсан болов уу.
-Үндэсний
жүжгийн сонголтыг Драмын театрынхан өөрсдөө хийсэн гэлээ. Та одоо харахад өөр зохиол
сонгосон бол зүгээр байж дээ гэсэн бодол төрдөг үү?
-Сүүлд бодоход, Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романыг жүжиг
болгох ч юм уу, эсвэл “Ээдрээ” ч байж болох байж үү дээ гэж бодогдож л байлаа. Э.Оюун,
Л.Ванган, Д.Намдаг гэсэн улсуудынхаа жүжгээс сэргээгээсэй гэсэн санаатай л байсан.
Яагаад гэвэл эдний урын санд үндэсний сонгодог байгаагүй. Бүгд тоглогдохоо больчихсон
байсан. Тэгээд өөрсдөө Уран сайхны зөвлөлөөрөө ярилцаад Намдаг гуайн “Оролмаа эх”-ийг
сонголоо л гэсэн. Зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой ч тохиож таарсан байх.
-Урлаг
бол хүний амьдралын маш гүн гүнзгий, асар том ертөнц. Ийм зүйлийн талаар бид ярьж
байна. Тэгэхээр манай хоёр театрын жүжгүүд ер нь ямархуу санагддаг вэ. Найруулга,
зохиолд хандах найруулагчийн хандлага зэргээрээ хэтэрхий нэгэн хэвийн байдал анзаарагддаг
уу. Олон улсын театруудын өнөөдрийн өнгө
төрхтэй харьцуулахад танд юу бодогддог вэ?
-Ер нь хүмүүс бид нэгэн хэвийн амьдралд байдаг шүү дээ. Театр бол
мэдээж хүмүүс бидний л тухай урлаг. Биднээс тасраад огт өөр тусдаа урлаг гэж зүйл
байхгүй. Тиймээс урлагийг бидний л тухай юм гэж биойлгодог. Тэнд очоод жүжиг үзээд
суух их сайхан. Гаднын театруудтай харьцуулж болох ч ингэх нь хэцүү. Улс улсын онцлог
мэдээж харагддаг. Гэхдээ дэлхийн нийтлэг чиг хандлага гэж байна. Бид чинь саяхан
болтол театрын амьдралыг мэдэхгүй байлаа шүү дээ. Дал наян жил л болж байна. Жижиг
улс учраас ердөө хоёр театртай, үзэж явахад ч амар. Ямар Орос, Европ шиг хэдэн зуугаар
нь театр байгаа биш.
Харин урлаг соёлын хөгжлийг нь харахад л тэр улс орны нүүр царай
харагдаж байгаа юм л даа. Эдийн засаг, улс орныхоо амьдрал аж байдлаа өөд нь татчихсан,
урт удаан хугацааны хотын суурин соёлтой улсын театрыг саяхан болтол малчин байсан,
дал наяхан жилийн театрын түүхтэй өөрсөдтэйгөө харьцуулж ярих хэцүү. Харин манай
түвшиндээ яривал, Дуур, бүжгийн, Драмын энэ хоёр театр маань байгаад, дэлхийн болон
өөрсдийн сонгодог бүтээлүүд, модерн гэх зэрэг янз бүрийн жүжиг тоглоод байж байгаа
нь сайн хэрэг. Энийгээ л бид алдаж болохгүй. Гэхдээ байж байгаа нь сайн гээд байранд
нь байлгаад байж болохгүй л дээ. Нэгэнт л суурин соёлтой хүмүүсийн амьдралаар амьдраад,
хот болоод сууж байгаа учраас түүнийгээ дагаад амьдралын хэв маяг соёлд нь хүссэн
хүсээгүй орж байна. Энэ хоёр театр ч ийм л шаардлагаар үүссэн учраас бусад өндөр
хөгжилтэй улсуудын адил биш юм гэхэд огт өөр чиг рүү явчихгүй, ядаж араас нь дагаад,
авахыгаа авч, дэлхийн театруудын хөгжил хаашаа явж байгааг бас харах хэрэгтэй. Урлаг
соёл нь тасархай түрүүлж хөгжөөд, эрүүл мэнд боловсрол, аж амьдралаасаа тасраад
хөгжинө гэж байхгүй шүү дээ. Улс орны эдийн засгийн чадавхи дээшилж, хүмүүсийн
амьдрал дээшилсэн цагт л театрууд дагаад цэцэглээд хөгжих биз.
Санаж байна уу, ерэн оны эхээр ардчилсан шинэ систем гарч ирэхэд
театруудад хүн орохоо больчихсон. Юун урлаг, юун театртай манатай л байв даа. Нэг
системээс нөгөө рүү ороход хүмүүс яаж дасан зохицож амьдах учраа олохгүй шооконд
орсон. Би тэр үед театрын сургуульд сурч байсан үе. Бидний хэрэг байсан ч юм уу
үгүй ч юм уу болж ирсэн л дээ, үнэндээ. Тэгээд
л манай сургуулийг төгссөн хүүхдүүдээс урлагаар явсан хүн байдаггүй юм. Цаг үе нь
тэгж тохиосон. Айлууд зусланд гарахаа больчихсон. Театр байтугай жилдээ гуравхан
сар олддог зундаа зусланд гарахаа байгаад зулсангийн бүх байшингууд нь хоосорч эвдрээд
хачин болсон үе. Дараа нь хүмүүс шоокноосоо гараад эргээд урьд нь гардаг байсан
зусландаа гарч, үздэг байсан театраа үзэж, хэвийн амьдрал руугаа орж эхэлсэн дээ.
Түүний дараа дахиад бас нэг үе өнөө тохиож байна. Одоо театрт үгүйлэгдэж байгаа
бүгдийг тоочвол зөндөө л дөө. Миний харж байгаагаар, театр янз бүрийн шийдэл эрэлхийлж
байх шиг. Драмын театр долоон найруулагчийн жүжиг, янз бүрийн төрөл жанруудыг
барьж авч, өөрсдийнхөөрөө хийж байна. Өмнөх үеийнхнээс, жишээ нь, Мөнхдорж гуайгаас
өөрөөр найруулна гэхэд залуучуудад маш хэцүү гэж би бодож байна. Өмнөх үеийн найруулагчид
маань байж болох бүх сайн хувилбаруудыг хийчихсэн учраас залуучууд хичнээн өмнөх
үеэ давтахгүй юм сан гэж бодлоо ч тэднийг давж гарах хэцүү байгаа болов уу. Бүх
л мундаг юмнуудыг хийчихсэн урд үеийнхнээсээ давж өөрөөр хийнэ гэдэг хэцүү.
-Хязгааргүй
өргөнөөр сэтгэх бололцоо хэзээд байсаар байдагт урлагийн мөн чанар оршдог шүү дээ?
-Үнэхээр тийм. Түүгээрээ урлаг агуу. Сэтгэхгүй байна гэж харагдахаар
байдал бишгүй л дээ. Одоо “Аида” дуурийг ч гэсэн аваад үз. Аль далан хэдэн онд
оросуудын тавьсан тавилаар манайд тавьсан. Сүүлийн хорин хэдэн жилд дэлхий даяараа
маш өөр болж олон янзын туршилт их хийж байна. Энд тэнд явж байхад театрууд янз
бүрийн оролдлогууд хийсэн байдаг юм. Сиднейн дуурийн театрт дуурь үзсэн чинь хар
нүдний шил зүүчихсэн, мотоцикль уначихсан тайзан дээр гарч ирээд мотоциклиосоо үсэрч
буугаад дууриа дуулж байх жишээтэй. Хүүхнүүд нь дуурь гээд урт палааж, ээмэг бөгж
болсон гял цал хүн дуулах ёстой гэсэн бидний ойлголт тэнд алга. Ердөө өдөр тутмын
энгийн хувцастайгаа гарч ирээд хоорондоо ярьж байгаа юм шиг дуулаад л. Маш сонин
сэтгэж эрэл хайгуул найруулагч нар нь хийдэг юм байна лээ. Саяхан би Москвад Евгений
Миронов гэж мундаг жүжигчний “Гамлет” тоглохыг үзлээ. Гаднын найруулагч очоод ганц
хүний “Гамлет” тавьжээ. Нөгөө ганц жүжигчин чинь бүх хүний дүрдээ тоглож байгаа
юм. Гамлет бүх хүн болж байгаа юм л даа. Ер нь найруулагч, зураач нар гадуур сайн
явж юм үзэх хэрэгтэй санагддаг. Тайзны тал дээр ч гэсэн, хүний уран сэтгэмж шаарддаг,
мөнгөнд баригдахгүй юм гэж бас байна. Харьцангуй театр дэмждэг хүмүүс ч олон
болж. Тэгэхээр сэтгэх л хэрэгтэй болов уу. Нөгөөтэйгүүр, үе үеийн төр засаг бодлогоороо
энэ урлагийг сөнөөчихөлгүй барьж иржээ. Төр оролцож байсан учраас энэ хоёр театр
зах болчихолгүй, театр хэвээрээ байж л байна.
Бараг зах болчихоор хатуу ширүүн цаг үеийг бид үзсэн шүү дээ. Төр засаг театруудынхаа дулаан цахилгааныг төлж
жүжигчдийнхээ цалинг бага ч гэсэн тавьж барьж байгаагүй л бол энэ хэдэн театр зах
болж хувираад алга болчих байсныг үгүйсгэхгүй. Театр оршин тогтноход төр засаг маань
үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Одоо харин уран бүтээлчид сэтгэх л хэрэгтэй.
Сэтгэхдээ тэсрэлттэй. Драмын театр нэг хэсэг их сайхан, тэсрэлттэй байсан үе бий.
Б.Мөнхдорж гуай, И.Доржсамбуу, Б.Баатар, дараа нь Ч.Найдандорж гээд олон найруулагч
нар ажиллаж эднийх нэг хэсэг тэсрэлттэй байсан.
Н.ПАГМА