
“Өдрийн
сонин” өнгөрсөн намар “Ардын цолтон” булангаараа Монгол улсын ардын уран
зохиолч П.Бадарч, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн нарын цуврал
ярилцлагуудыг хүргэж байсан билээ. Энэ удаа та бүхэнд архиваасаа уудлан Монгол
Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Шаравын Сүрэнжавын ярилцлагаас эргэн хүргэж байна.
Монгол
Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Шаравын Сүрэнжав гуайнд хүрч очлоо.
Гэргийтэйгээ хоёул байж байна. “Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг
уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв хоёрын зохиол надад ойр юм”
хэмээсээр угтсан. Залгуулаад “Хүргэн маань энэ хөөргийг надад
дурсгаад” гэж гартаам хөөргөөр тамхилангаа, “Адууны мах иднэ биз дээ.
Манай Төв аймгийн Засаг дарга байсан Энхбат надад адуу өгөөд. Түүнийг нь очиж
авлаа. Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм
гэсэн”. Ийм л ая дантай бид хоёрын яриа эхэллээ.
-Та бол “Насны ном
Цэнд, насны хань Цэнд” гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө
ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл
ямар вэ?
-Хүн амын техникумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд
би Монгол Улсын их сургуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шалгалтаа онц
өгчихсөн додьгорхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа.
Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх
болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож байсан сан.
Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуугаар
зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай
зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар
шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.
-“Нэрээр бичсэн шүлэг”
анхны номонд тань орсон байх шүү?
-Ханьдаа зориулж нэрнийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн
“Шөнө ургасан цэцэг” номондоо оруулж байлаа.
“Цээлхэн дуугий чинь
хөгжим гэвэл
Эгшгэнд нь уярсан нь би
билээ
Найртай сэтгэлийг чинь нар
гэвэл
Дулаацаж жаргасан нь би
билээ
Эрэвгэр нүдийг чинь цэцэг
гэвэл
Эргэлдэх эрвээхэй нь би
билээ” гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг
минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Ишбалжир орос руу хөрвүүлснийг
ханьдаа зориулсан номынхоо эхэнд оруулсан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс
жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу
Намын төв хорооны үзэл суртлын бригадад одоогийн ардын багш Бавуугийн Цэрэндоржтой
хамт явах боллоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм.
Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч
бэлэглээд, хоёул ижил өнгийн даалимбаар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар
нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан.
Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох
цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гомбожав “МОНЦАМЭ”-гээс олж өгч
түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.
Манай Цоодол ч анхны бүтээл “Нутгийн зургаан өнгө”-ийнхөө шагналаар
дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын буян тэгж л эхэлдэг юм
даа.
-Сэтгэл будангуйрах
үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэхэд Эрдэнэ баавайтай ойр дотно
явсан он жилүүдээ дурсаач?
-Монголын уран зохиолд хувь заяагаар төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа
сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм. Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа
л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын мөрүүдийг нь уншиж зүрхээ
баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриадын нэрт зохиолч Дашравдан Батожабой
нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданссан билээ. Эрдэнэ
тэрхүү аян замаас ирээд “Алтай” хэмээх алдарт нийтлэлээ бичиж биднийг
бахдуулсан юм. “Алтайн оргилд дун цагаан салхи салхилж байхад,
наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд шар салхи
тэнүүчлэн” буйг өнгөний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок
лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Монголын
соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж багийн бүрэлдэхүүнийг Намын төв
хорооны улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч
дарга Д.Майдар толгойлохоор боллоо. Нэрт уртын дуучин Н.Норовбанзад, уран
нугараач зууны манлай Норовсамбуу, төрийн шагналт хөгжмийн зохиолч
Ц.Намсрайжав, ардын жүжигчин Д.Жаргалсайхан гээд урлаг соёлын том
бүрэлдэхүүн явлаа. Сосорбарам, Лувсанчүлтэм гээд дарга, сайдууд явсан ч
Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв.
-Зохиолчдоос С.Эрдэнэ
баавай та хоёр явсан хэрэг үү?
-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр
онгоцны буудлаас халамцуухан үдэж өглөө. Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ
хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны арын халаасанд замд ууна
хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь халаасыг цоолон
цухуйгаад амьтныг инээлгэж байхав. Онгоц яг нисэх болтол бид хоёрын
гадаад паспорт олддоггүй багагүй сандаргалаа. Тэгтэл ашгүй Эрдэнийн гар
цүнхнээс олдов. Майдар дарга урд талын суудлаас өндийж “Хэн онгоц
саатуулаад байна аа” гэж зандрангуй дуугардаг юм. Энэ үед Эрдэнэ дув
дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ жүжигчдийн арын суудлаас
гэнэт босч ирээд “Тэр Майдар юу юм” гэж чанга хашгирснаа буцаад
нугдайгаад нуугдах маягтай суучихав. Эрдэнийн тэгж хашгирсан нь олон хүний
зүрхийг хагалчих шахаж билээ. Согтуу хүн сохор ухаантай гэгчээр онгоц өндрөө
авсан үед “хэрэг” тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол
олсон хойноо баавайтайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөрний гүүрэн
дээгүүр үдшийн сэрүүнд хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүртэл
засмалаар давхин
“Нарны наагуур явахгүй
л аад
Нарийнхан жороогийн хэрэг
юув
Насандаа намхандаа
ханьсахгүй л аад
Наадуулж явахын хэрэг
юув” гэж буриадаар дуулалдан жаргаж явсан. Сүүлд нурсан
худалдааны хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэндээ нартаа
гоёлын нүдний шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай
элчин дипломат Д.Жаргалсайхан гуайгаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр
өнгөрөхийнхөө өмнөхөн “Монголын уран зохиолын алтан үеийн алдартнуудын
нэг Шаравын Сүрэнжавт дурсгав” гэж “Тэнгэрийн хөвүүний эцэслэл, Хар
хун шувуу” номондоо бичиж өгснийг мартамгүй ээ. Саяхан арван боть нь
хэвлэгдэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа явсан он жилүүдээ
энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.
-Олон хүний тухай зузаан
зузаан ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог
болжээ. Хэн бугай ч маргахгүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны
хөрөг нийтлэл ч бий?
-Далан есөн оны хоёрдугаар сарын нэгэн жихүүвтэр шөнө билээ. Хэдэнтээ
үргэлжилсэн үүд тогшилт намайг сэрээлээ. Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөрвөн
цаг хагас. “Өдийд хэн ирдэг билээ” гээд гайхаширсан янзтай үүдээ
тайлтал Чимид зогсч байна. Чимидийн ирсэн сургаар эхнэр, том охин хоёр ч
ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө тодорч хоолой
нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд “зуу” хэрэгтэй
байгааг би мэдэрч байв. “Цай яахав, цай яахав” гээд түшлэгтэй зөөлөн
сандал дээр ядрангуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эхнэр, охин
хоёрынхоо чөлөөгөөр би түүнд “татах уу” гэхэд “Ашгүй чамд
байгаа юм уу” гээд биеэ тэгшилж байсан сан. Түүнээс хойш нэг жилийн дараа
аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. “Чимидийн бие тун тааруу
байна” гэх яаралтай цахилгааныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад хүлээж
авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх.
Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Маршал Чойбалсанд
үнэлэгдэн түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэвлэлд гарч, тив
дэлхийгээр тойрч ертөнцийн сайхан хүүхнүүдтэй ч уулзан учирч дэлхийн
сонгодгуудтай нэгэн зиндаанд явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэцэнд
Чимидийн “Жаргалын зам” дууриа уншиж буйг харахад ямар чиг бахтай
билээ дээ.
-Чимидийг Зохиолчдын
хороонд байх үед та хоёр их л ойр байсан гэдэг?
-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг ярина гэвэл барахгүй л дээ. Гэхдээ бодол
санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд цаг хугацаа алсрах тусам улам тод
санагдах юм. Жаран долоон оны үед Чимид Зохиолчдын хорооны орлогч даргын алба
хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэгдэх “Миний дуулах
ертөнц” буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа
цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төгрөг
олгохоор баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл
мөнөөхөн цохолт хийсэн дарга маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн
элчинд үйлчилж байгаа хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан
алхалж гараад өнөө ганган хар машины хаалгыг татвал арынх нь суудал дээр
Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид
жолоочийн хажуу талын суудалд суугаад “Эхнэр чинь хаана билээ” гэж
асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ” гэлээ. Тэр даруйд
“Их дэлгүүрийн үүдэнд очоод зогсоорой” гэж жолоочийг захирав. Утга
зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь
цонхоор “намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л
явлаа даа. Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид
“за чи яваад эхнэрээ аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч
Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь
Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээгийн
баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гутлынх нь ул гялалзаад их дэлгүүрийн шатаар
алга болж билээ. Горькийн сургуулийн дээд курсийн оюутны байрны долоон давхрын
өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр орос авгай гүйж ирэн үүд нээгээд
“Танай Элчин сайдын яамнаас яаралтай ярья гэж байна” хэмээн
сандруухан хэлэхэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан янзтай
утасны харилцуур автал “Байна уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр.
Цааш чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол
Россия буудлаас Цэвэлсүрэнгээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуудаж
сэрээ” гэж билээ. Банди нар гэдэг нь Гоькийн сургуульд сурч байсан
оюутнууд буюу Готовын Нямаа тэргүүтэй Монголын нэртэй зохиолчид байсан даа.
Бид бол аугаа их Чимидэд нээрээ л банди нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотносуулж
хэлдэг хүн байж. “Сүрэнжавтай ярья, Монголын Элчин сайдын яамнаас
ярьж байна” гэдэг нь орос авгайг хуурах заль л байхгүй юу. Чимид бол
түүнээ мэднэ ш дээ.
-Ламзавын Вангантай та
бас л ойр явсан даа?
-Жаран найман оны наймдугаар сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс
Халх голыг зорин цэргийн ачааны жаран гурав машинтай хэдэн хүн гарсны дотор
Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуухан байж дээ. Ванган гуай ч
гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз дээ. Их эрт нэрд гарч
олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн шиг санагддаг байсан.
Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин дээр улаан тамхи
угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны 63-ын тэвшин
дээр сууж яваа хүмүүсээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа пинтүү маягийн
халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Анзаарсан хүнд бол энгэр дээр
нь гялалзаж байгаа өлзий утастай төрийн шагналтны тэмдэг нь л бусдаас арай
өөр гэдгийг нь тодруулж байсан даа. Вангантай холбоотой олон дурсамж хэлмээр
байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүрлээд амаргүй. Монголын
соёл урлагт ёстой нэг гай нүүрлэсэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус
Туулын гүүрний урд мөргөцөгт онхолдон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л
чуулга сүйрч, түүний улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ.
Доржсүрэн байцаагдан орлогч сайдаасаа авахуулж, Сосорбарам сайд Дорнодын
театрын ойд оролцон эзгүй байснаар Лодойдамба гуай тулгагдан Чехийн үймээн
дундуур олон шарилыг хүргэн түнээсээ гайтсан уу, хоёр жилийн дараа хорвоог
орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж билээ. Түүнээс хойш нэг л
хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал тэнхрээгүй юм даа.
Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг дээрээ гоц
гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээрээ авч явдгийг Ванган,
Лодойдамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьдралын
сүүлийн жилүүдэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад
адсаган дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэвсэн ярилцахдаа Ванган гуай минь тэр
аяараа зохиолын баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй
нягт холбогдож байсан сан. “Намайг сайд байхад…” гээд эхэлдэг
яриа нь үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай хөвөрнө.
“Ертөнц амилах хавар
цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч
Есөн төө чулууны дор
нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно” гэх мөрүүдийг би
аугаа Вангандаа зориулсан юм даа. Монголын театр урлагийн түүх Ламзавын
Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.
Явууд загнуулчихаад “Дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө тангараг тавьж байсан сан
-Өмнөх
ярилцлагадаа Чимид, Эрдэнэ, Ванганы тухай ярьсан. Энэ удаад мөн л аваргуудын талаар асуумаар байна. Бямбын Ринчен гуайтай
та хэр ойр байсан бэ?
-Тавин нэгэн онд Авдарбаяны бага сургуулийг төгсөөд нэг жил хөдөө гарч мал
малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт лавширч,
тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэлийн жигүүрийг
Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.
Түүний туурвисан “Үүрийн туяа” роман намайг адууны бэлчээрт явахад
хэвлэгдэж, “Цог” сэтгүүлд “Тарас Бульба” туужийн орчуулга
цувралаар нийтлэгдэн дугаараас дугаарыг шимтэн хүлээхэд хүргэж байлаа. Би
гэдэг хүн “Үүрийн туяа” романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл
айлд уригдан очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд
хоногшиж, нэрийг нь харалгүйгээр түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган таньдаг
болсон. Ингээд малчны хүү би тавин найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг
догдлон алхсаны сүүлчээр эчнээ танил болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах
завшаан тохиосон доо.
-Их эрдэмтэнтэй уулзаж,
үг яриаг нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?
-Жаран нэгэн оны гуравдугаар сарын зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар
өрөөнд Ринчен гуайтай уулзалт хийснийг мартдаггүй. Дорно дахины хүн гэдгээ
илтгэсэн хөх өмд, хүрэн тэрмэн дээл дээр мөнгөн аралтай бүс бүсэлчихсэн нь
сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул дээрээ хоёр
тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан хүн
байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг
сэжисхийн ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч байсан даа. Ринчен багшийн
лекцэнд олонтаа сууж, Зохиолчдын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж
явсан туульс сэтгэлд долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируулсаар
Зохиолчдын хороогоор ороод ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ
шаламгай нэгэн Ринчен багшийн өөдөөс гүйж очоод толгой дээрх дугуй малгайных
нь оройны товч унасны ормоор буурал үс нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай
таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм” гэхэд, Миний энэ ч
эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай юм болохоороо малгай нь чиг малгай л
даа. Харин таны наад ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ гэж
билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох завгүй тэр
дор нь хариу өгдгөөрөө гайхалтай. Улаанбаатар зочид буудалд М.Цэдэндорж бид
гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.
-Тийм үү, түүнээ тодотгооч?
-Зөвлөлтийн монголч эрдэмтэн Клара Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ
тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа имэрсхийн “Би нэг айхтар юмтай
учирч билээ” гээд цааш ярьсан нь “Ерөнхий сайд асан Амар гуайг сахал
багшид (Сталинг хэлж байна) бараалхахад би хэлмэрчээр дагаж Москвад очсон юм.
Амар гуай Сталинтай уулзахын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс төрийг дээдэлж
байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн өөрсдөө
орчуулна гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч
ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчихсон “За ёстой
амьдын хар нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний толгой залгих
хэрэгт тулгагдлаа” гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн
сүжиг нь буурсан юм даг” гэж тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж
билээ. Ринчен багшийг таалал төгссөн тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн
цаана үүлс бараагнасан сонин цаг улирал өнгөрч билээ.
-Одоо Явуугийн тухай
яриач. Жараад оны “унага”-нууд болох Бадарч, Пүрэвсүрэн, Дулмаа,
Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?
-Түүний яруу найраг нь түүний шавь нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн
мэнд байгаа цагт Явуу бидэнтэй хамт Монголын утга зохиолд мөнх оршиж буй.
Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг
аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн. Шүлэг найргаар ид өвчилж явах
үедээ Явууд бут ниргүүлэн “дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө андгай
тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн дэргэдэх
нэгдлээр залуучуудын шүлэг зохиолыг хэлэлцдэг байлаа. Миний шүлгүүд бусдаас
арай л өөр мэт санагдаад, өөртөө их итгэлтэй байх үед “Чамд зүрхний үг
хэрэгтэй байна.Уянгын хөг аяс дутмаг…” гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй
болгосон сон. Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэлгүй үзэг
цаасаа шүүрч билээ. Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод,
өмнөхүүдээ уншиж үзэн ихэд голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу
багшийн гэрийн босгыг зоримогхон алхаж “Би чамаас ийм л юм хүсээд байлаа”
хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд баяр төрж билээ. Далан хоёр онд
“Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал
хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн, ганц нэг
юмны бөглөө мулталсан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа.
Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж түүндээ “Лхамсүрэн, Гайтав,
Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа хэдэн хайрцаг тамхи
явуулах”-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг Казахстаны
нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралдсан алаг хөх
оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.
-Өнгөрөхийнх нь өмнөх
жил байж шүү?
-Тийм юм. Бидний сүүлчийн аялал байсныг тэр үед даанчиг бодоогүй явж билээ.
Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш
нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд орж түүнээ өгүүлэхэд
Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд “Багын юм
санаанаас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганзагалаад ирж байсан дүр
зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь
цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан харагдаж
байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан
даа” гэв. Тэгээд намайг нутгаараа хамт очихыг хүсэмжилж байлаа. Явуу
багшийг бие барсны хойтон жил төрсөн нутагт нь очиж, цаст гэгээн
Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их
дутаж, түүнийг үгүйлэн гансарч “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө,
би” гэх гайхамшигт найргийг нь уншин нүдэндээ нулимстай явсан даа. Дараахан
нь би Хар далайд амрахдаа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө дүлээр босч
“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх хөрөг тэмдэглэл бичээд
санаа жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэндээ ер бусын хүн байсан. Халх
Монголыг даасан Очирваани бурханы дүрээр мөнхөрсөн уул Отгонтэнгэр хайрхан
Монголын яруу найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно
явсан минь яасан их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын
хутга, дотуур хантааз, тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан
хадгалдаг юм аа.
-Цэгмидийн Гайтав гуайн
тухай бас асуулгүй өнгөрч болохгүй нь…?
-Гайтавыг надтай Доржийн Гомбожав танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ
нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм. Даанч буруу замаар явчихсан” гэж
байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг голчлон бичдэгийг нь хэлснийг
хожим ухаарсан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо болтол түүнийг муулж хэлж
байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг л хэлсэн цагтаа өгдөг,
худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэггүй, тушаал хэргэм хөөцөлддөггүй,
долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй, нүүрэн дээр нь шүлэг
зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан айлд хонодоггүй
байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө дунд өнгөрч ор
дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид хоёр үглэж
дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн явж
хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж
“ухаантнууд” цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхдасыг
хөндсөн, ард түмний цэцэн цэлмэг авьяасыг шингээсэн яруу сэтгэлийн уянгыг
ухааны номлолоос дорд үзэхийг зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад
оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд
цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий. Ямар сайндаа Эрдэнэбатын Оюун
“Миний үеийн цогт яруу найрагч” гэж түүнийг бахдан бичиж байхав дээ.
-Ингээд л өмнөх үеийнхнийхээ
тухай, Монголын утга зохиолын домог болсон хүмүүсийн талаар танаар яриулахад
амттай байна. Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?
-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол зүйл. Амьдрал бол мөнхийн багш.
Амьдралаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас гэдэг бол эмзэглэл”
гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа алгадаад
“Муу зохиол бичсэнээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь
дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал.
Тэгж өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж
нухацтай өгүүлсэн билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт
“Уран үгсийн чуулган”-аар цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун
хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн алхаж явахдаа нэгэн зүйлийг аминчлан
асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа. “Нацагдорж архинаас болсон
гэлцдэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж байгаагүй. Шөнийн хэдэн
цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг. Та энэ бүхний
хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхсанаа
дуугаа өндөрсгөн толгойгоо цогнолзуулаад “Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ
би архи уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя
гэж боддоггүй юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг
үзүүлсэн хүн билээ. Энэ хүний үг миний нэг насны турш мартагдсангүй. Ухаантны
үг тийнхүү мэргэн тарни лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь
Намдаг гуайд хадаг барьж шавь орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.
-Яагаад?
-“Дуулалт жүжиг зохиоход чинь тустай байж магад” гэж хэлүүлсний учир
би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Зандраабайды “Заяа дутсан бурхад”
номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг нь уншиж биширсний
хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л Зандраабайдыгийн
адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт “Уран
үгсийн чуулган” болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм.
Тэгэхэд би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. “Та
шоронгоос яаж гарснаа ярьж өгөөч. Гарсан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл
уулзах хүн хэр олдож байсан бэ” гэхүйд “Би арван жил аваад зургаан
жил, найман сар, хорин гурав хоносон юм. Шоронгоос гаруут шууд яваад очих газар
байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан хэдий ч сүүлдээ тэсвэр нь
барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон дээр жаал суулаа. Салхи
сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад нэг л чөлөөтэй.
Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод хэд алхлаа.
Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тодров.
Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр
Хэвлэх үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унтчихсан байдаг. Тэгтэл ашгүй
нэг айл гэрэлтэй байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо
огло харайн хоймортоо гарч байсан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон
шоронгоос гарсан хүн шөнөөр гэнэт ороод ирэхээр…” гэж ярьж байсан даа.
Намдаг гуай амьдралын булингарт урсгалыг тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж
ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд Явуугийн оронд зөвлөлийн
эрхлэгч хийж байхдаа “Намдаг зохиолч “Цаг төрийн үймээн” романаараа
төрийн шагнал хүртжээ. Харин жүжгийн зохиолчийн хувьд юмгүй байна”
хэмээн Цэдэвт хэлж “Ээдрээ”, “Оролмаа” жүжгүүдийг нь
шагналд дэвшүүлэн Соёлын яам ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалагтаа
төрийн шагналыг хоёр дахь удаагаа өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт
хүртэж магнай тэнийсэн билээ.
Үргэлжлэл бий.
Н.Гантулга