Categories
редакцийн-нийтлэл

Эрдэнэт орох зам түгжрэлтэй байсан бол Эрдэнэсантаас ирэх зам бүрч хэцүү байжээ

Цагаан сарын баяр то­хиож Монгол орон өн­тэй өвлийг үдэж хаврын
сар­тай золголоо. Энэ л өд­рүү­дэд өтгөс буурлуу­даа хүндлэн золгохоор ёстой л хөлтэй
нь хөлхөж, хөл­гүй нь мөлхөж явсаар зорьсон хэргээ бүтээх. Ийнхүү цагаан сарын баяраар
цаг агаар хий­гээд зам харгуй ямар бай­сан талаар эх сурвал­жийн мэдээллийг эмхэт­гэлээ.
Шинийн нэгний өглөө долоон цагт Яар­магаас хотын төв оро­хоор хөд­лөхөд л Улаан­баа­тарын
иргэд их хөдөл­гөөнд ор­сон байлаа. Энэ өдрийн хамгийн эхний замын га­цаа Яармагийн
гүүрнээс Вива сити хот­хоны наах­на тал хүртэл үргэлжлэв. Учир нь өглөө­ний ургах
нарнаас урь­таж Хий­морийн овоонд гарах гэсэн эрхмүүд ма­ши­наа замын хажуугаар
замба­раагүй тавьснаас ийн түгжрэл эхэлсэн юм. Харин өдөр 14.00 цаг гэхэд хотын
төвийн зам нэг ч машингүй болж нийс­­лэл хотод байсан бүх машин гэр хороол­лыг чиглэн
до­лоон буу­дал, Чингэлтэй, Баян­хо­шуу, Яармаг, Ху­жир булан тийш уртаас урт түгжрэл
эхэлсэн бай­лаа. Эндээс төрсөн бодол гэ­вэл энэ хотын төвийнхөн чинь хамаг өтгөсөө
хотын зах руу авааччихсан юм байна гэж. Хоёр км орчим газ­рыг дөрвөн цаг явж туулах
нь байдаг л үзэг­дэл болов. Энэ үед хөдөл­гөөний соёл, дүрэм жу­рам бүгд ал­дагд­сан
бай­лаа. Замын хашлагын цаагуур уулын амны дээ­гүүр, доогуур гэх мэтээр жолооч нар
зам гарган зорьсон айл руугаа зүтгэ­сээр. Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн бүх чад­лаараа
ажиллаж байс­ныг энд онцлон хэлэх ёстой.

ДАРХАН-СЭЛЭНГИЙН ЗАМД ХОЁР ЦАГ ТҮГЖРЭВ

Сар шинийн өдрүү­дэд Дархан-Сэлэнгэ-Эр­дэ­нэтээс Улаанбаатарыг
зоригсод хамаг цагаа түгжрэл, замын дунд өн­гөрөөсөн гэхэд хилсдэх­гүй. Битүүний
шөнө, ши­нийн нэгний өглөө нийс­лэлээс хойд чиглэл рүү гарах замын хөдөлгөөн их
байсан бол шинийн хоёрноос хотыг чиглэсэн их цуваа хөвөрсөн. Ийм их хөдөлгөөний
үеэр хэн нэгэн нь алдаж осол гар­гавал хэдэн цагийн турш бусдадаа садаа болно. Ойрын
өдрүүдэд шөнө­дөө шуурч байсан тул замын хажуу руу унасан, дугуй нь салаад өнхөр­сөн,
өндгөн тулгуур нь мултарсан гэхчлэн түмэн янзын байдлаас болж замын голд, замын
ха­жууд машинууд саатжээ. Ойворгон нэгэн хөөрч явсны гайгаар автома­шины дөрвөн
дугуйгаар нь дээш харуулсан байх­тай ч олон тааралдлаа. Жолооч нар нарийн зам дээр
гүйцэж түрүүлэх үйл­дэл хийж байсан нь осол гарах гол нөхцөл болоод байсан аж. Шинийн
гурав­ны үдээс хойш Баянчанд­манийн цаад даваа өөд өгсөж явсан машины өөдөөс Приус
маркын машин мөргөж баахан хохирол учруулсан бай­лаа. Уг ослоос болж хоёр цаг шахам
түүгээр явж асан машинууд дугуйгаа нэг ч өнхрүүлээгүй юм. Асуудлыг шийдэж түгж­рэлийг
зохицуулахад нь замаар хөдөлж таван минут хэртэй ахиагүй бай­хад дахиад жалга руу
унасан машин таарах. Хоёр хэсэг болсон байх нь бас л хүний амь гэж ха­лаг­ламаар.
Энэ мэтчилэн Зүүнхараагаас Улаан­баа­тарт ирэхэд том, жижиг осол аваар хэдэн арав
бус хэдэн зуугаар тоологдохоор байсан.

Шинийн нэгний өдөр л гэхэд зам тээврийн ослоор найман хүн нас
барж 40 гаруй хүн хүнд бэртэл авсан нь орон нутгийн зам ямархан ачаа­лалтай, түүгээр
зорч­сон иргэд ямар хэмжээ­ний аюул сөрж байсныг илтгэнэ.

ЦАГААН САР БАЯРЛАХ ГЭСЭН БИШ ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРЧЭЭ

Монгол орны хойд хэсэг, Дар­хан, Орхон, Сэлэнгээс Улаанбаа­тарыг
өртөөлөх зам ийм байсан бол төвийн аймгууд, Өвөрхангай, Архангай аймагт зорчигчид
ч мөн л олон өөр асуудал дунд шинэ сарын эхний өдрүүдийг үджээ. Эл нутгаар зорчиж,
өтгөс буурлуу­дынхаа тохойг өргөсөн хүмүүс шинийн хоёрон гээд нутаг буцаж, Улаанбаатарыг
зорьж эхэлсэн байна. Тэдний нэгэн адилаар Баатарын гэр бүл ч өглөө эртлэн Өвөрхангай
аймгийн Баянгол сумаас Улаанбаатарыг зүглэж. Гэсэн ч байгалийн давагдашгүй хүчин
буюу цасан шуурганд өртөж эгээтэй л энэ хорвоог орхичихоогүй тухайгаа хүүрнэж суухтай
тааралд­лаа.

Тэднийхэн шинийн хоёрны өглөө нар мандахтай зэрэгцэн босоход салхи
бага, тэнгэр муухайрах нь бүү хэл бүүдийх ч төлөвгүй байж. Тиймээс эртлэн газар
хороохооор шамдаж чанх хойд зүгийг барин хөдөлжээ. Учир нь Баянгол сумын энгэр биеэс
чанх хойд зүгт Өлзийт сумыг чиглэн хөдөлбөл 60 орчим км зам туулаад л Сангийн далай
орчимд Өвөр­хангай-Улаанбаатарын чиглэлийн засмал замтай золгож олон хөлийн газар
барааддаг ажээ. Машиндаа дөрвүүл тухалж цагаан сар бас бус зүйлсийн тухай хүүрнэн
хааяа нэг дуу гунганан явсаар Сангийн далай, Баруун, Зүүнхайрханд дөхөхөд өндөр
уулсын араас үүл нөмрөн гарч ирсэн нь айхтар шуур­ганы түрүүч байж. Төд удалгүй
ширүүн салхи үлээн цасан шамар­га эргэлдэж эхэлжээ. Машинд дөрвөлсөн эрхмүүд ч дуулалдсаар
үүнийг үл тоон хэсэг давхиулсан нь хувь тавиланг нь орвонгоор нь эргүүлэх дөхсөн
гэнэ.

Аажим аажмаар цасан ширхэг нарийсан шуурч урдах зам бүү хэл машиных
нь хамар харагдахаа байхад тэд аюул дунд явж орсноо мэдсэн байна. Улмаар салхины
хүч нэмэгдэхэд түрүүнээс хойш тэнгэрт бүүдийж байсан нарны ёлтгор туяа ч харагдахаа
больж бүх зүйл цав цагаан болжээ. Машинд байсан хүн бүр дуугаа хураан гагцхүү урдах
замаа ширтэн мэддэг маань мэгзэмээ уншиж эхэлснийг хөнд­лөнгийн хүн сонссон бол
гандан­гийн гавьж тэргүүтнээс ч сайн шившиж байсан гэцгээх. Ийн сал­хи­ны хүч бага
зэрэг намдаж хоёр алхамын зайд юм харагдахтай боло­ход нь хөдлөх гэтэл машиных нь
дөрвөн дугуй барьцалдаж хөлдсөн байсан гэнэ. Моторын даралтны­хаа зүүг бараг
180 градус эргэтэл хаазлахад сая нэг юм машин нь хөдөлжээ. Шуурган дундах тэдний
төөрөгдөл, айдас үүгээр дууссан­гүй. Хааяа нэг ам нээвэл энд зам байна тэнд бий
хэмээн маргаж улмаар хэрэлдэх төлөвтэй болсон байж. Үхлээс айсных нь дээр хэдэр,
ёдор ааш нь нэмэгдэж сав л хийвэл жолоочоо чичлэн “Чи шуурганд оруулж бусдыгаа алах
гэлээ” хэмээцгээж эхэлсэн байна.

Гэтэл дахиад л цав цагаан болж машиных нь бүх цонх цантан, гаднаас
нь цас хучин бүүдийжээ. Хэн нэгэн нь бууж газар барим­жаалах гэвэл төөрөх аюултай
болж. Машинаа зогсоовол дугуй нь барьцалдаж хөлдөх аюултай. Тий­мээс урдаа юу байгааг
мэдэхгүй ч аажуухан мөлхүүлсээр. Арын суудалд суусан хоёр “Цасан хунгар л битгий
таараасай” хэмээн үглэж бурхан багшийгаа дуудаж явсан байна. Ийн өндөр хэцэд дэгдсэн
салхины эрч бууралгүй газарт бууж амжаагүй цасан ширхэгийг элдэн хөөсөөр 40 орчим
минут өнгөрч. Баатарынхан ч бурхадаас өршөөл эрсээр бүр сүүлдээ “аминь” хэмээн сүслэх
ч сонстож эхэлжээ. Аз түшихэд өнгөрсөн өвөл энэ нутагт цас ороогүй, хунгар тогтоогүй
учраас машин нь шинэхэн цасанд суучихалгүй урагшилсаар байсан бололтой.

Гэнэт салхины эрч буурахад хуучин сүмийн туурь гэлтэй өндөр хад
асганы дунд тэд явж орсон байжээ. Айлын бараа харагдахтай болоход юм харахгүй байснаасаа
ч төвөгтэй болж орхиж. Онхол донхол олон чулуун дунд машинаа гамнаад урагш ахихаа
байжээ. Үүнээс үүдэн бөөн маргаан үүдэж “Шуурга намдсан дээр шалавлаач. Наад машинаа
юунд нь гамнадаг юм. Машинаа эвдэлчихвэл хөлдөж үхнэ ш дээ” гэсэн харилцан хэрүүлийн
үг шидэлцсээр нараар баримжаалан нутгийн зүг эргэсэн гэнэ. Ингэж гэлдэрсээр өглөө
10 цагийн орчимд Өлзийт сумын Хар чулуутын даваанд хүрсэн эрхмүүд оройн 17 цагийн
орчимд Арвай­хээрт 40 км ойртож, Зүүнбаян-Улаан сумын нутаг Дэвшил брига­дын нутагт
очсон байжээ. Шатахуун нь ч барагдаж шар гэрэл нь асах дөхжээ.

Хэрвээ тэдний машин нь саатсан бол өнөөдөр энэ тухайгаа бусдад
хуучилж суух эргэлзээтэй байх байсан биз. “Бидний унаж явсан машин нь тэнхлэг намтай
ч тэр их хад асга болсон Жороогийн сархиа, Хар чулуутыг яаж туулсан нь хачирхалтай”
хэмээн Баатар шогширч сууна. Тэрээр өгүүлэхдээ “Монголчууд яасан үнэн хэлдэг юм.
Хаврын тэнгэр хартай. Өглөөний нарыг наранд бүү тооц гэх мэтээр” хэмээн санаа алдана.
Энэ шуур­ганд ганцхан Баатарын гэр бүл төөрөөгүй гэнэ. Өвөрхангай аймгийн Онцгой
байдлын хэлтсээс авсан мэдээгээр шуурганы дараа буюу шинийн гурванд эрлийн баг Хархорин,
Хужирт, Өлзийт, Бат-Өлзий, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан сумын нутгаас 30 гаруй машин
цасан хунгараас гаргаж авчээ. Өвлийн сар шувтраагүй байсан тулдаа иргэд дулаан хувцастай
явж осгож амь эрсэдэхээс аврагдсан байж. Хэд гурван бага насны хүүхдийн хөл гар
хайралттай олдсон байна. 

Ийнхүү  Баатарын гэр бүл
шинийн хоёронд Улаанбаатарыг зорин хөдөлж шуурганд төөрөн буцсан бол шинийн гурванд
шуурга намдсан ч Төв аймгийн Эрдэнэ­сант сумаас хот руу чиглэсэн 210 км замд түгжирсээр
тус замыг 24 цагт туулжээ. Улаанбаатарт хоёр гурван километр түгжирсэнээ сүр­жиг­нэн
ярьдаг манайхан ийн­хүү орон нутгийн 210 километр замд түгжирдэг болсноо энэ цагаан
сараар мэдэв бололтой. Эрдэнэ­сант-Лүн-Улаанбаатарын замд их хурдаллаа гэхэд 50
км/цаг явах гэж үзээд нам зогссон их түгжрэл Эрдэнэтийн замын түгжрэлээс бүрч хэцүү
байсан талаар ярьцгааж байна. Малаасаа олон машинтай болсон монгол­чуудын орон нутгийн
зорьсон золголтууд замын түгжрэл дунд өнгөрлөө.

 

Э.ЭНХБОЛД,

Л.МӨНХТӨР    

Categories
редакцийн-нийтлэл

Сар шинийн баяраар хэрэг зөрчил бага, тайван өнгөрчээ

-БАЯРЫН ӨДРҮҮДЭД 408 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН БАЙНА-

Сар шинийн баярын өдүүдэд цагдаагийн бай­гуул­лага өндөржүүлсэн
бэлэн байдалд ажилла­сан билээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газраас Нийг­мийн
хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэл­тэс, Дотоодын цэрэг­тэй хамтарч
гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй иргэд цугладаг үзвэр үйлчилгээний газар, ху­дал­дааны
төв, зах болон алслагдмал гэр хороо­лол орчимд эргүүлийн чиглэл нэмж “Сар шинэ”
нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн газар үйл­дэгдэж бол­зошгүй гэмт хэрэг,
захир­гааны зөрч­лөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Баярын өдрүүдэд цагдаа­гийн 102 тусгай
дугаарын утсаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 5870 мэдээ­лэл хүлээн авч гэмт
хэргийн шинжтэй 112 үйлдэл бүрт­гэгд­сэнээс 95 үйлдлийн сэжиг­тэнг тогтоож, амиа
хорлох, өвчний улмаас болон бусад байдлаар нийслэлд 21, хөдөө орон нутагт 19, улсын
хэмжээнд 40 хүн нас барсан тохиолдол бүртгэгд­жээ. Нийслэлийн хэмжээнд өдөр, орой,
шөнийн эргүүлд давхардсан тоогоор 761 чиглэлд 1104 офицер, 2029 цагдаа, 212 автомашинтай
үүрэг гүйцэтгэн хэв журмын зөрчил гаргасан 461 хүнийг 2.388.000 төгрөгөөр торгож,
танхайрсан гурван хүнийг шүүхээр баривчлуулан, биеэ авч явах чадваргүй, согтуу­гаар
зөрчил гаргасан 408 хүнийг эрүүлжүүлжээ. Харин осгож нас барсан тохиолдол гараагүй
байна. Цагдаагийн албан хаагчид баярын өдрүү­дэд эргүүл хийж, хулгайн хоёр хэрэг,
булаалт нэг, хүчингийн нэг, танхайн зургаан зөрчлийг халуун мөрөөр нь болон үйлдэл
дээр илрүүлэн ажил­ласан байна. Ерөнхийдөө сар шинийн баяраар улс орон даяар онц
ноцтой гэмт хэрэг гараагүй, тайван өнгөрс­нийг онцолж байв.  Харин  ахуйн
хүрээний хулгайн хэрэг олон гарчээ.

БИТҮҮНИЙ ӨДӨР

Нэгдүгээр сарын 30-нд буюу битүүний
өдөр нийс­лэлд хулгайн олон хэрэг гарсан бөгөөд жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн
18 дугаар хороонд 17:00 цагийн орчимд “Сансар” худалдаа­ны төвийн үүдэнд иргэн Ц
өөрийн “Land cruser-80”  авто­машинаас булган
мал­гай, дунд гарын мөнгөн аяга, “Samsung” зургийн аппарат, зэрэг эд зүйлээ алдсан
бай­на. Мөн Сонгинохайрхан дүүр­гийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Istana” авто­маши­наас
хонины чанасан ууц алдагдсан хэрэг гарчээ.

ШИНИЙН НЭГЭНД

Багануур дүүргийн 44 дүгээр байранд
70 настай хөгшнийг айлгаж гар утсыг нь дээрэмд­сэн хэрэг гарсан байна. Тус дүүргийн
оршин суугч 28 настай эр энэ хэргийг үйлд­сэн байна. Баянгол дүүргийн 21 дүгээр
хороонд байрлах айлаас 20 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, монетон ээмэг
алдагдсан хэрэг гарчээ. Хэргийг  Чингэл­тэй
дүүргийн харьяат 24 настай Г хулгайлс­ныг шуур­хай илрүүлэн тогтоожээ. 

 Чингэлтэй дүүргийн X дугаар хороонд байрлах айлын
өвлийн сууцанд мөн хулгай орж, монетон ээмэг, бөгж, алтан гинж, алтан бугуйвч, алтан
ээмэг, хури­мын хос бөгж, бэлэн 3.200.000 төгрөг алдагдсан хэрэг гарсан байна. Хэргийг  Чингэлтэй дүүргийн цагдаа­гийн хоёрдугаар хэлтэс
шалгаж байна.

ШИНИЙН ХОЁРОНД

Нийслэ­лийн хэмжээнд цагдаагийн газрын
102 дугаарын утсанд 3962 удаа­гийн дуудлага мэдээлэл ирснээс гэмт хэрэг зөрчлийн
1412, зам тээврийн ослын 401, гэмт хэргийн шинж­тэй 28 үйлдэл бүртгэгд­сэн байна.
Дуудлагын дагуу шалгахад хулгайн гурав, золгүй байд­лаар нас барсан найм, бус­дын
биед гэмтэл учруулсан нэг, танхайн таван хэрэг гарчээ. Тод­руул­бал, Сонгино­хайрхан
дүүр­гийн V хорооны иргэн Б-ийн өвлийн сууцнаас цулгуй дунд гарын мөнгөн аяга алдагджээ.
Мөн тус дүүргийн 22 дугаар хороо­ны иргэн З-ийн зуслангийн бай­шин­гаас тодорхой
оршин суух хаяггүй 23 настай эр “Алтанбулаг” хивс хулгайлан гарч яваад баригджээ.
Сон­гино­хайрхан дүүргийн ес­дүгээр хороонд оршин суух  20 настай А нь төрсөн ах 35 настай Б-г  согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан баруун
далан тус газар нь хутгалж гэмтэл учруулсан байна.

ШИНИЙН ГУРВАНД

Сонгинохайрхан дүүр­гийн 9 дүгээр
хороонд байр­лах “Энх суварга” хүнсний дэлгүү­рээс Мобикомын нэг­жийн картууд алдагдсан
бай­на. Цагдаагийнхан дууд­ла­гаар шалгахад тус хорооны иргэн 35 настай М нь согтуур­сан
үедээ хулгайлсан нь тог­тоогд­­жээ. Мөн Сонгинохайр­хан дүүргийн 31 дүгээр хороонд
оршин суух иргэн Б-ийн өвлийн сууцны цонхыг нь хагалж бэлэн нэг сая төгрөг, цагаан
хаш хөөрөг хулгайд алдагдсан хэрэг гарсан бай­на. Хүчингийн нэг хэрэг бүрт­гэгд­сэн
бөгөөд зочид буудалд 23 настай эмэг­тэй өөрийгөө хүчиндүүл­лээ гэсэн дуудлага өгсөн
байна. Хэр­гийг цаг­даа­гийн байгуул­лага үргэлж­лүү­лэн шалгаж байгаа аж.

НАЙМАН ХҮН АВТО ОСЛООР НАС БАРЖЭЭ

Сар шинийн баярын өдрүү­дээр нийслэлийн
Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт хоёр ээлжээр уртасгасан цагаар
үүрэг гүйцэтгэж, гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг
бууруула­хад онцгой анхаарч ажилла­сан байна. Хөдөлгөөний ачаа­лал ихсэх үед урсгал
сөрж явах зөрчил их гардаг учраас замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу
Баянхошууны Хөтлийн зам,  нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн
тал, Дарь-Эхийн уулзвар зэрэг хэд хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаар­лах
хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэр­сэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын
замыг шороо­гоор дүүргэж тэгшил­жээ. Сар шинийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн нэгдүгээр
сарын 31-нээс энэ сарын хоёрныг хүртэл зам тээв­рийн ослын 1104 дуудлага Шуур­хай
удирдлагын төвийн утсанд ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор 43 хүн гэмтэж,
хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхис­наас осол гаргаж найман хүний амь
эрсэджээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Шагдарын Дулмаа: “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-ыг цаг үе өөрөө төрүүлсэн юм шүү

Битүүний өдөр Монгол Улсын ар­дын
уран зохиолч цол хүрт­сэн Шаг­дарын Дулмаа­тай ярилцлаа.

-Морин жилийн босгон дээр Ардын
уран зохиолч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Танаас илүү ард түмэн их баярлаж
байх шиг байна?

-Ард түмэн уншигч олон минь л баярлаж
бай­вал дээдийн буян тэр шүү дээ. Түүнээс илүү том баяр гэж надад юу байх билээ.
Идэр залуу нас­наасаа  би ард түмний хүн болсон.
Үүнийг өршөөлт ижий аав минь хэлдэг байсан даа. Төрсөн аав минь Зана гэж хүн оточ
маарам­ба, номтой мэр­гэн хүн байлаа. Аавын үлдээ­сэн баринтаг­ласан судар манай
үр удмыг үеийн үед дааж явна даа. Ээж минь Мажиг­сүрэн гэж сайхан бүсгүй байлаа.
Ижийгийн минь төрх, гоо үзэсгэлэн надаар дам­жиж үр хүүх­дүү­дэд минь хүрлээ. Би
чинь Уран­чимэг, Саранчимэг гэж хоёр охинтой. Саран­чимэгийн охин Сарнай гэж мисс,
миний зээ бай­на. Саяхан “Азийн од модель” гэсэн шагналыг аваад эх орон­доо ирлээ.
Ингээд бодо­хоор төрүүл­сэн ижий аав хоёр минь яалт ч үгүй хүний дээд байдаг юм
байна. Үүнийг 80 настай би ухаарч байна.

-Та бол Баянгийн уна­ган хүүхэд
санаг­дана?

-Хуучнаар Төв айм­гийн Авдарбаян сумын
хүн. Авдарбаян маш өргөн газар нутагтай том сум байлаа. Газар нутаг нь одоогийн
Баян, Сэр­гэлэн, Баянцагаан гэсэн гурван суманд харьяа­лагддаг. Би Баянгийнх гэж
явдаг, бас Сэргэлэнгийнх ч гэдэг. Яг төрсөн газар маань Сэргэлэн юм. Ма­найх Цээл
шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урд талд Урт худаг гэдэг
газар зусч байхад би төрсөн юм билээ. Харин аав ээжийн ах дүү нар бүгд Баян сумынх.

-Түрүүнд төрсөн ижий аавынхаа тухай
цухас дурдаад авсан. Одоо өргөж авсан ижий аав буюу өөрөөр нь овоглосон аавынхаа
тухай дурсахгүй юу?

-Шагдар гэж өргөж авсан ачит эцгийгээ
би ёстой л амьд бурхан гэж боддог. Өчүүхэн намайг хүний зэрэгтэй болгосон буянтан
шүү дээ. Аавын­хаа өвөрт очоод, тэр хү­ний манай Хулангийн хэлс­нээр хазайлгаж бо­лох­гүй
титэм шиг нэрээр нь овоглоод би гэдэг хүн өдий зэрэгт хүрлээ. Өнөө­дөр Ардын уран
зохиолч хэ­мээх алдрыг хүртээд байж байна. Энэ бол өргөж өсгөсөн авсан ачит эцгийн
минь буян юм. Манай аав бичиг үсэг мэдэхгүй ч гүйх ухаан сайтай хүн байсан. Амьд­ралын
хар ухаанд нэвч­сэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн “эрдэнэ хад­гал­­сан авдар” гэмээр
өвгөд хөдөө нутагт байдаг даа. Тийм л хүмүүсийн нэг байв.  -Та ингэхэд яагаад үрчлэг­дэхээр болсон юм
бол оо?

-Тун айхавтар юм болжээ. Би чинь долдугаар
сарын нэгэнд халуун зунаар төрсөн хүүхэд. Намайг гар­гачихаад ээжийн хойдох нь цөг­лөгддөггүй.
Үнд­сэндээ эхэс нь гарах­гүй гурав хоночихгүй юу. Тэр ха­луунд аюул­тай юм болно
биз дээ. Бариач авчраад илүүлж, тойлуулаад нэ­мэр болсонгүй гэнэ. Гурав дахь хоногийн
өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх
авбал ав. Гэртээ  оруулбал эхийн­хээ толгойг
залгичих гээд байна” хэмээн санд­рангуй өгүүлжээ. Төр­сөн эцэг минь бурхан шашны
хүн байсан боло­хоор нэг юм мэдэж л дээ. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах
сүйх тэрэгний мух­лагт гурав хоноод айлд өргүүлсэн байгаа юм.

-Эхийнхээ ангир уургийг ам­ласан
болов уу?

-Ээж минь үхэх сэхэхийн дэнсэн дээр
байхад би гэдэг амьтан ангир уургаа яаж амлах вэ. Үнээний сүүг хөвөнд дүрээд амлуулж
байсан гэдэг. Тэгээд хүнд өргүүлээд угжны хурга гэдэг шиг угжны хүүхэд болохгүй
юу.

-Өргөж авсан аав ээж тань юу ч
бодолгүй авчихсан хэрэг үү?

-Аав ээж хоёр маань өргөж авах­даа
бас их сандарцгаасан гэдэг. Авч болох эсэхээ мэдэхгүй. Тэгээд нут­гийн­хаа тамгатай
хутагт дээр аав минь хөтөлгөө морьтой, морь сэлгэж давхисаар очсон байгаа юм.

-Тэд хүүхэдтэй байсан уу?

-Хүүхэдгүй байсан. Хэд хэдэн хүүхэд
төрөөд халуун хижиг өвч­нөөр алдчихсан юм билээ. Аав хутагтаас “Хөгшин бид хоёр
голомт залгах хүү өргөж авъя гэж бодож байтал нут­гийн нэг айл охин үрээ өгье гээд
байх юм. Авах уу, яах вэ” гэж асууж. Хутагт шоогоо гурав хаячихаад “Наад охин үр
чинь ямар ч бүстэй хүүхдээс илүү хүн болох юм байна. Нэг л ер бусын хүн буугаад
байна. Одоо бушуухан очиж ав. Харин та хоёр 20 нас хүртэл нь зовох юм байна шүү.
Хэр баргийн газар тогтохгүй амархан бузартах хүүхэд байна” гэж хэлж. Ингээд улаан
нялзрай амьтан Шагдар гэж хүний голомт дээр иржээ. 

-Хутагтын хэлснээр аав ээж хоёроо
зовоосон болов уу?

-Зовоолгүй яах вэ. Гаднаас хүн ирэхээр
хөлсчихдөг. Аав ээж хоёр намайг өвдөх бүрт гэрийн бууриа сэлгэдэг байж. Охин өвдлөө
гээд л нүүдэг байсан гэдэг. Нэг бууцан дээр хэд хонож байсан юм бол, бүү мэд ээ.
Харин арван хэдэн нас хүрч их сургуулийн босго алхсанаар гайгүй болсон доо.

-Хэдэн онд бага ангид оров оо?

-1938 онд зургаан настай байх­даа
Авдарбаянгийн бага сургуульд орсон. Сургуульд орохынхоо өм­нөх жил Хутрангаа гэж
бичгийн хүнээр ном заалгасан юм. Аав тэр хүнд хадаг барьж, намайг шавь оруулсан.
Багш маань надад анх хулсан үсэг­тэй жижиг ном өгч билээ. Монгол бичгийн цагаан
толгой, дөрвөн аргын тоо зааж өгөв. Сургуульд орохдоо би монгол бичгээр түгдрэлгүй
уншиж, дөрвөн аргын тоо төвөггүй боддог байсан.

Хичээлдээ хөдсөн дээлтэй, мон­гол
гуталтай очно. Гэрт хичээл­лэдэг байв. Өвлийн цагт бэх хөлд­чих нь зовлонтой. Амандаа
барьж үлээн гэсгээдэг сэн.

-Та Монголын анхны эмэгтэй найрагч.
Энэ зам мөрийг гар­гахад амаргүй байсан байх?

-Тэгэлгүй яахав. Яруу найраг гэдэг
хэн хүний санаж, бодож, төлөв­лөөд хийчихдэг амар ажил биш. Тиймээс яруу найрагчид
бусдаас арай өөр төрдөг шиг бай­гаа юм. Мэдээж оюун ухаан, сэт­гэхүйгээрээ шүү дээ.
Шүлэг зо­хиолд дуртай болж, улмаар утга зохиолын өргөөнд хөл тавихад аавын минь
нөлөө их бай­сан. Аав минь сайхан дуулдаг, үлгэр оньсого лут мэддэг хүн байв. Тэрхүү
цэцэн билэгтэй хүний дэргэд өсч бойжсон болохоор ухаан саруулс­сан нь мэдээж. Бүсгүй
хүн шүлэг зохиол бичихийн хатууг аль тэртээ 1960-аад онд амсч явлаа. Гэхдээ бурхан
тэнгэр, төрүүлж, өсгөсөн ижий аав минь авьяас чадвар харамгүй заяасан юм болов уу
даа. Их утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн зам мөрийг бий болгож, уран бүтээлийн
галын дэргэд үе үеийн суутнуудтай мөр зэрэгцэж явс­наараа бахархдаг.      

-Их Явууд тоогдож, 1960-аад оныхон
гэгддэг найрагч нөхөд­тэйгөө үерхэж, нөхөрлөж явснаа дурсахгүй юу?

-Орост Комсомолийн сургуульд сурч
байхад Явуу багш Горькийн нэрэмжит сургуульд сурч байв. Ма­най сургууль Москвагийн
захад. Нэг удаа өндөр, жигтэйхэн ганган дэгжин хоёр монгол хүн манай сургуулиар
ирсэн юм. Явуу багш, Дагвын Лув­сан­­шарав гуай хоёр байж. Ингэж их Явууг анх харж
билээ. Явуу багш Горький төгсч ирээд ид мандаж байх үедээ Зо­хиолчдын хороон дээр
уран бү­тээлийн дугуйлан хичээл­лүүлж, нэгдэл байгуулсан юм. Түүнд утга зохиолын
1960-аад оныхон гэгддэг П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Шагдар­сүрэн, Жан.Шагдар, Жам.Шагдар,
П.Пүрэвсүрэн, Р.Чойном, Ш.Цогт бид харь­яалагддаг байлаа. Бид хэн нэгэндээ чин сэтгэлээсээ
элэг­сэг дотно ханд­даг байсан. Уран бүтээ­лийн жин­хэнэ найзууд гэж  60-аад оныхныг л хэлнэ дээ. Амьдралын зовлон жар­галаа
адил­хан хуваал­цана. Ту­хайлбал, Ш.Сүрэнжавын ээжийг өнгөрөхөд бид л хөдөөлүүлж
байв.

Майн нэгний баярын өдөр Ш.Цог­­тын
ихэр хүүхдийн нэг нь гэнэт бурхан болоход нулимсаа арчиж, найзын­хаа зовлонг ху­ваалцан
хүүх­дийг нь оршуулж байлаа даа. Ер нь уран бүтээлч, зохиолч найрагч хүмүүс сүрхий
шүлэг зохиол бичи­хээс урьд хүн болох нь чухал.

-Сонирхож асуухад, Явуу най­рагчид
анх ямар шүлгээрээ тоогдож байсан бол?

-Дугуйлан дээр П.Бадарч “Морьд” найраглалаа,
Данзан­нямын Шагдарсүрэн “Талын нар”, Ш.Сү­рэнжав “Манай Монгол” зэрэг гал цогтой
шүлгүүдээ уншдаг бай­лаа. Явуу багш “Бүсгүй” гэсэн шүл­гийн хоёр мөрийг ихэд олзуурхаж
ингээд бичээд байвал болно доо гэж байв.

“…Харийн дайсан халдахад голомтоо
өмгөөлж

Халхын сайхан эрчүүд буу мөрлөж
мордохдоо

Хатан Туулын усыг рашаан гэж амтлан

Хайрга чулуун шороог нь алчууртаа
боож явсанд нь

Газар шороондоо би хайр­тай…” гэх мөрүүдийг минь дахин дахин уншдаг байж билээ.  Явуу найрагч энэ шүлгэнд минь их дур­тай, “Дул­маа
чиний энэ шүлэг тун аятайхан шүлэг дээ. Газар шороо­ныхоо төлөө ингэж бичихээс ч
өөр яах билээ” гэж хэлж байсан удаатай.      

-Ганц эмэгтэй нь болоод ч тэр үү
найрагчид танайд их цугладаг байсан гэдэг?

-Тэр үед янз бүрийн сэдэвтэй шүлэг,
найраглалын уралдаан их зарлана. Нэг уяаны морьд гэдэг шиг бид хойно урдаа ороод
л байр эзэлцгээнэ. Нэг удаагийн урал­даанд Ц.Гайтав гуравт ороод би хоёрт орлоо.
Тэгтэл Гайтав “Би эмэгтэй хүний ард ороод байхдаа яадаг юм” гэж уурлаад. Зохион
байгуулагчид нь “Гайтав гуай уур­лах хэрэггүй. Шүүгч­дийн дүн л ингэж гарсан. Гэхдээ
танд хоёр­дугаар байрын шагналыг нь өг­чихье” гэж билээ. Манайхан ямар л шагнал
урам­шуулал авна, тэм­дэг­лэлт ой болно нэгнийдээ цуг­лана. Ихэвчлэн ма­найд л цугладаг
байсан. Лавшаагаа хийж идээд, шүлгээ уншаад, дуулаад наргина шүү дээ. Уран бүтээлийн
маргаан үүсгэх нь ч бий.    

-Дандаа залуучуудтай нөхөр­лөж
явахдаа хэн нэгэнтэй нь дотно харилцаа тогтоож байв уу?

-Энэ тухай хүмүүс их сонирхдог юм.
Найрагч нөхөд минь намайг залуучуудаас хамгаалж явснаас өөрсдөө сонирхож байсангүй.
Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө П.Ба­дарч “Дулмаатай найз гэж дэмийрч явснаас залуудаа
“эр­гүүлж” байх минь яалаа” гэж хэлээд олны инээдийг барах вэ дээ. Ма­найд шинэ
шүлэг бичсэн нь түү­нийгээ уншаад, ном гаргасан нь баяраа тэмдэглээд бужигналдана.
Ганц хоёр хонох ч энүүхэнд. Ар гэрээс нь хань ижил нь утасдана. Намайг дуугарахаар
“Цаа­на чинь эмэгтэй хүн байна” гэж хардана биз дээ. “Эмэгтэй хүн байх­гүй ээ. Энэ
чинь Дулмаа байна шүү дээ” гээд бас л бөөн инээдэм, онигоо болдог байлаа. Өнөө  “эмэгтэй хүн биш ээ, Дулмаа байна ш дээ” гэдэг
чинь С.Эрдэнэ гуайн үг шүү дээ. Эрдэнээ гуай нэг бүсгүйтэй гадуур суга­далцан явж
байгаад гэргийдээ баригдчихаж л дээ. Тэгээд гэргий нь чи өөр хүнтэй явсан гээд зан­дарсан
юм байгаа биз. Энэ үед Эрдэнээ гуай “Тэр чинь эмэгтэй хүн хүн бишээ, манай Дулмаа
шүү дээ” гэж хэлээд өөрийгөө авч гарсан байдаг. Сая манай Пүрэвдоржийн наян насны
ой боллоо. Түүний тухай бодоход нэг зүйл санаанаас гардаггүй. Өнгөрө­хийнх нь өмнөх
намар бид хөдөө хамт явж байсан. Тэгэхэд мань хүн “Ийм сайхан уул усыг, энэ сайхан
Монгол орныг орхиод би яаж явах юм бэ” гэж намрын хайлган цагаар моддын чөлөөнд
хэлээд уйлж байсныг март­даггүй. Пүрэвдоржийн тэр үг, нулимс он цаг урсах тусам
улам бодогдох юм даа.     

-Үе үеийн найрагчид гэрийн тань
босгыг элээгээд зогсохгүй шавь нар тань танайд амьдарч, ажлын гараагаа эхэлсэн байдаг?

-Тийм ээ. Шавь нар маань манайд ээлж
дараалан амьдарч байсан. Бүгд хөдөөний хүүхдүүд болохоор хотод байр сууц олдох­гүй
хэцүү. Б.Ичин­хорлоо Багшийн сургуулийн байр­наас хөөгдөөд манайд ирж байлаа. Хоёр
ч жил дараалан  “Болор цом” авчихсан түүнтэй
залуучууд уулзах гэж бай­раар нь очиж, асуудал үүс­гэдэг байж. Тийм болохоор байрнаас
нь гаргачихаж л дээ. “Хажуу өрөөнд нь амьдардаг айл маань байраа зараад Солонгос
явчихаж” гээд хэн нь ч билээ дээ, нэг нь чемодантай хувцсаа бариад уйлаад ирж байв.
Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа гээд ихэвчлэн бүсгүй найрагчид манайд амьдарч байв.
Шүлэг зохиол бичдэг залуучууд “Дулмаа гуай та хэдэн охиноо шүр, сувд шиг нуух юм”
гээд уулзуулахгүй боло­хоор нь агсамнаж ч байсан удаа­тай. Утга зохиол, нийгмийн
ажилт­ны дээд сургууль гэж манай Шир­сэдийн Цэнд-Аюушийн байгуулсан сургууль бий.
Уг сур­гуулийг Мон­голыг Горький гэж боддог. Манай сургуулиас утга зохиолын болоод
Монголын сэтгүүлзүйн нэгэн үеийн аваргууд төрсөн.  Сая миний ардын цолны зарлигт “Утга зохио­лын
шинэ үеийг төлөвшин хөг­жүүлэхэд…” гэсэн үг өгүүлбэр байна лээ, үүнд л сургуулийн,
шавь нарын маань буян оршиж байгаа юм даа. Ер нь тэгээд манай гэрийн босгыг алхаагүй
хүмүүс ховор байх даа. Шавь нараа гал тогооныхоо өрөөнд цуглуулчихаад гэртээ таван
минутын шүлгийн уралдаан зарладаг байсан сан. Энэ уламжлалыг надад Намдаг гуай хэлсэн
юм шүү.  Таван минутын шүлгийн уралдаанд түрүүлж
байсан хүүхдүүд л “Болор цом” аваад эхэл­сэн.

-“Хүүгийн эцэгт бичсэн захи­дал”
найраглалыг асуулгүй өн­гөрч боломгүй?

-“Газар шороондоо би хайртай” хэмээх
эх орны тухай шүлэг маань хэвлэгдэж гарсны дараа “Хүүхдээ хаяад явж байгаа эрчүүдэд
зориул­сан зохиол бичиж өгөөч” гэсэн захи­дал бараг аймаг бүрээс ирсэн.  Тэгээд энэ найраглалаа 1972 онд бичсэн юм. Ер
нь тухайн цаг үеийнхээ дуудлагаар бичсэн гэх үү дээ. Цаг үе л энэ найраглалыг төрүүлсэн.
Гол санаа нь хүнд ерөөсөө эцэг нь л хэрэгтэй юм гэдгийг тусгасан явдал. Тиймдээ
ч

“…Эдэлж өмсөх хоёроор хүүгийн
чинь би дутаагаагүй ээ

Эцгээ гэсэн сэтгэлийг нь харин
юугаар ч нөхөж чадаагүй ээ

Энэ л орлонд хүүд чинь дутсан юм
тэр

Эргэцүүлэн бодож хэлэх миний үг
ч энэ ээ”
гэж төгсгөсөн. “Хүүгийн эцэгт
бичсэн захидал” найраг­лалаас гадна “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Амьдрал
хайр дээр тогтдог” гээд миний олон дуу ард түмний дунд хит болсон доо.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрөв. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд
маань бүгд ажил төрөлтэй сайн сайхан амьдарч байна. Том хүү, охин хоёр маань хувийн
аж ахуйтай. Бага хүү Ганхуягийг дуурийн гоцлол дуучин, гавьяат гэдгийг манайхан
мэднэ. Ганхуяг маань “Тунгалаг Тамир”, “Мартагдашгүй намар”-аас аваад олон кинонд
тоглосон. Бага охин Саранчимэг Японд амьдарч байгаад ирсэн. Хэлний боловсрол өндөртэй,
үндсэндээ англи, япон, орос, герман хэлтэй.  

-Таны анхны хань ямар хүн байсан
бол?

-Өнгөрчихсөн л дөө. Намайг оюутан
байхад салаад явчихсан юм. Тэгээд би гурван хүүгээ хүний зэрэг­тэй хүн болгож өсгөж
хүмүүжүүлсэн. Бага охин маань хэзээ хойно гарсан.

-“Дайсны цэргүүдээ сонсоц­гоо”
киноны Гэлэг хошуучаас аваад тайз дэлгэцийн олон арван дүрээрээ хүмүүсийн сэтгэлд
хоногшиж үлдсэн Энэбишийн Ган­болд гэж хүнтэй гэр бүл байсан. Ханийнхаа тухай дурсаач?

-Бид хоёр 1970-аад оноос үерхэж нөхөрлөж,
хэн хэндээ хайр сэтгэлтэй явсаар 1980 онд нэг гэрт орсон юм. Энэ хугацаанд хоёулаа
гэр бүлтэй байсан ч хоёр биенээ гэсэн хайр минь юунаас ч илүү ариун байсан. Манай
хүн чинь надаас 10 дүү шүү дээ.

-Э.Ганболд гуайг их сайхан хүн
байсан гэдэг?

-Эр хүний дээд нь байсан юм шүү. Зарим
нэг хүмүүс олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан гэж буруугаар ойлгодог байж магад.
Сайхан залууг чинь хүүхнүүд өөрсдөө “эргүүлдэг” юм. Бид хоёрыг гэр бүл болчихоод
байхад “Ганболдтой уулзах гэсэн юм. Гэрээс нь гаргаадах” гэж утастдаг л байлаа.
Маш их халамжтай хүн байлаа. Үргэлж гал тогоондоо л байж байна. Д.Цоодол “Гал тогоонд
ордог­гүйг нь бодохоор Дулмаа эр хүн шиг

Ганболд хаяад явчихаагүйг нь бодоход
Дулмаа эм хүн шиг” гэсэн онигоо гарсан удаа ч бий дээ.  

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Улсын харцага Ц.Содномдорж санаатайгаар өчсөн үү

Жил жилийн сар шинийн ба­рил­даан
ямар нэгэн сайхан дур­самжийг үлдээдэг. Тэгвэл модон морь жилийг угтсан битүүний
өд­рийн барилдаан ч гэсэн үзүүштэй уран хурц барилдаанууд ихтэй байсан ч өмнөөс
нь уур хүрмээр үйл явдлууд цөөнгүй байлаа. Өнөө жилийн сар шинийн барил­дааны хоёрын
даваанд аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатарыг, гуравт уран барилдаанд начин Төрөөгийн
Баасанхүүг, дөрвийн даваанд улсын арслан Д.Азжар­галыг, тавын таваанд улсын ар­лан
Х.Мөнхбаатарыг, зургаагийн да­ваанд улсын аварга С.Мөнхбатыг, долоо­гийн давааны
тунаанд улсын заан Ч.Санжаа­дамбыг орхисон Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн
арслан О.Хангай хүчтэй, бяртай, мэхтэй байгаагаа харуулан үзүүрлэсэн билээ. Харин
хамгийн их хэл аманд өртсөн бөхөөр улсын харцага Ц.Содномдорж, улсын гарьд Д.Рагчаа
нарыг нэрлээд байна. Тэр дундаа зургаагийн давааны улсын харцага Ц.Сод­номдорж,
улсын гарьд Б.Гончиг­дамба нарын барилдаан олны хэл амыг “билүүдэв”. Үеийн шижигнэ­сэн
залуусыг барилдааныг үзэхээр ирсэн үзэгчид үнэндээ тийм жудаг­гүй барилдаан болно
гэж таавар­лаагүй биз. Улсын харцага Ц.Сод­ном­дорж Б.Гончигдамба нар ба­рилдааны
үеэр гарьд сөрж мордон өрсөлдөгчийнхөө дээр тусав. Гэтэл өвдөг, тохой нь хэдийнэ
газарт хүрчихээд байсан Ц.Содномдорж харцага, Б.Гончиг­дамбын зүүн гарыг мөр, тохойны
үеэр нь дотуур нь давхар хөшлөө. Засуул салга­хаар завдахад улам лавшруулан хар
чадлаараа доош нь дарж байлаа. Барилдааны явцад янз бүрийн хөдөлгөөн гарч байдаг.
Үүнийг бөхөд дуртай үзэгчид өөрсдийнхөөрөө мэдэрч ойлгодог. Гэвч энэ удаагийн барилдаан
илэрхий өрсөлдөгчөө гэмтээж бэр­тээхийг завдсан мэт сэтгэгдэлийг хүн бүхэнд төрүүлсэн
учраас  Бөхийн өргөөнд цуг­ласан түмэн дургүйцлээ
илэрхий­лэн “Содном болио, чи зайл” гэх мэт үгсийг унагаж байлаа. Өнөө үн­дэс­ний
бөхийн жудаг энэ барил­даан дээр гарсангүй. Бөхчүүд өөрөөсөө том цолтноо хүндэтгэдэг
ёс жудаг энэ барилдаан дээр харагдсангүй. Улсын гарьд, улсын харцага цол гэдэг их
ялгаатай. Энэ хоёр цолны дунд улсын заан хэмээх том цол бий. Харамсалтай нь бие
хаа, бяр хүчээр хэнээс ч дутахгүй Ц.Сод­номдорж харцагыг ийм барилдаан гаргасанд
хүн бүр дургүйцэв. Усны саваа ч шидлэв. Төрийн наадмын барилдааны дараа эрэмбэлэгддэг
сар шинийн барилдааныг Монгол Улсын төрийн тэргүүн үзсэн. Ерөнхий­лөгчийнхөө нүдэн
дээр өөрийгөө ямархуу бөх вэ гэдгээ цаашлаад үндэсний бөхийнхөө хөгжлийг ямар байгааг
харуулаад авлаа. Залуу гарьд талбайн захад нэлээд хэвтэж байгаад босч харагд­сан.
Ц.Содномдоржийн энэ үйлдлийг “Гарьд магнай” киноны амбантны “Цагаан Жигмэд”-тэй
зүйр­лэж болно хэмээн үзэгчид ярьцгааж байв. Ц.Содном­дорж харца­га ганцхан энэ
барил­даан дээр жудаггүй зан гаргаагүй. Өмнө нь заалны барилдаанууд дээр иймэр­хүү
үйлдлүүд удаа дараа гаргаж олны дургүйцлийг хүргэж, өөрийнх нь барилдааныг үзэхээр
зорьж ирэгсдийн тоог өөрөө цөөлсөн талаар бөх сонирхогчид ярьж байлаа. Бөхийн барилдаан
гэдэг үнэн хүчийг үзэж барилддаг үндэсний өв соёл байдаг болохоос үнэн хүчээр учраа
бөхийнхөө гарыг хугалах увайгүй үйлдэл биш баймаарсан гэж ярьцгааж байв.

Харин улсын харцага Ц.Сод­номдорж
шинийн хоёрны өдөр буюу өнгөрөгч бямба гаригт өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний Монголын
ард түмэн та бүхнээс уучлал гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй. Унаснаа
мэдрээгүй, цуг уначих шиг санаг­даад гарнаас нь татаад унасан. Та бүхэн уучлаарай”
хэмээн бичжээ. Ингэж байгаа нь зөв юм. Гэхдээ өрсөлдөгч нь бэртсэн бол нэрэгсэн
хойно нь хашгирав гэдэгтээ адил уучлал хүсэлт билээ. Өөрийнх нь дээрээс Б.Гончигдамба
гарьд дарж унаж байхад цуг уна­чих­сан юм шиг санагдсан байх юм. Тэрбээр учраа бөхөө
давчихаад дээрээс нь нэдэрчихдэг гэмтэй. Б.Гончигдамба харцага дээрээс нь нэдрээгүй
тул унасанаа мэдрээгүй юм байх. Ингэснээрээ тэр “мэдрэмжгүй” бөх болсон юм. Гэлээ
ч гарнаас татаж унах, хүний гарыг хөшиж өндийх хоёрын хооронд том ялгаа бий. Содном
харцага цаашид цолоо ахиулахыг хүсвэл эхлээд мэдэрч сурах хэрэгтэй юм байна. Өөрийнх
нь мэдэрч байгаа зүйл түүнийг бурууд хөтөлж байгааг тэр сар шинийн барилдаанаар
мэдрээ биз. 

ХӨЛ ДЭЭР ГИШГЭЖ ДАВАА АВАХЫГ
“РАГЧАА” МЭХ ГЭХ БОЛОВ

Ер нь модон морь жилийн сар шинийн
барилдаан улсын гарьд Б.Гончигдамбын хувьд халгаатай байсан гэхэд болно. Зургаагийн
даваанд гараа хугалуулах дөхөн эмчийн тусламж авсан гарьдын дараагийн давааны учраа
улсын гарьд Дамбын Рагчаа байлаа. Тэдний барилдаан ид өрнөж бай­тал өнөө жилийн
сар шинийн барил­­дааны түрүү бөх Д.Рагчаа учраа бөхийнхөө хөл дээр нь гиш­гээд
түрчихэв. Нэг хөл дээрээ гишгүүлсэн Б.Гончигдамба тэнц­вэрээ олж чадалгүй өвдөг
шороо­дон, тахим буулгалаа. Д.Рагчаа гарьд барилдааны дунд санамсар­гүй хөл дээр
нь гишгэсэн гэж бодоход шударгаар түүнийгээ хүлээж дахин барилдах шийдвэр гаргаж
болох байв. Гэтэл Д.Рагчаа гарьдад нэг даваа чухал байснаас нэр хүнд чухал байсангүй
болол­той. Тэр хоёр дахин барилдсан бол хэн давах давах байсан бэ гэдэг нь эргэлзээтэй.
Хэрэв Б.Гончигдамба давсан бол өнөө жилийн сар шинийн барилдааны түрүү бөх Д.Рагчаа
бус залуу гарьд болох байсныг үгүйсгэх аргагүй.

Усан могой жилийн сар шинийн барилдаанаар
улсын заан Ч.Сан­жаадамба, өнөөгийн улсын заан Б.Батмөнхийг начин цолтой бай­хад
нь барилдаж гутал дээр нь гишгээд түрж давсан. Түүний дараа улсын заан Санжаадамбын
барил­дах эрхийг хоёр сараар хассан билээ. Энэ барилдаан Д.Рагчаа, Б.Гончигдамба
нарынх­тай яг адилхан юм. Үндэс­ний бөхийн холбооноос үүнд хариуц­лага тооцох байх.
Улсын гарьд Б.Гончигдамба зургаагийн даваанд Содном харцагад гараа хөшүүлж, долоогийн
даваанд Д.Рагчаа гарьдад хөл дээрээ гишгүүлээд уналаа. Гэсэн ч тэрбээр юу ч болоогүй
юм шиг тахимаа өгчихөөд үзэгчдийн суудалд шилж­сэн. Өнөө жилийн сар шинийн барилдааны
дараа үндэсний бөхийн түүхэнд нэгэн шинэ мэх тэмдэглэгдсэн нь “Рагчаа” мэх байлаа.
Үзэгчид “Ерөө­сөө хөл дээр гишгэхийг “Раг­чаа” мэх гэе” хэмээн өөр хоорондоо ярилцаж
суусан юм.

Э.ОЮУНБОЛД ХАРЦАГА Л АМЛУУЛАХ
ЁСГҮЙ ЮУ

Өнгөрөгч наадмаар Хэнтий аймгаас улсын
харцага цолтон төрсөн нь Э.Оюунболд байв. “Дөн­гөж 20 настай хөөрхөн барилддаг хүүхэд
байна” хэмээн олны хүнд­лэлийг хүлээж эхэлсэн билээ. Тэрбээр сар шинийн барилдаанд
амжилттай сайн барилдаж дунд шөвөгт шалгарсан. Зургаагийн даваанд бөхчүүд ам авахад
улсын харцага Т.Өсөх-Ирээдүй түүнийг амлав. Үндэсний бөхийн дүрмэнд ижил цолтой
бөхөө амалж болох­гүй гэсэн заалт байдаггүй. Гэтэл Э.Оюунболд өөрөө ам авах байтал
аманд гарлаа хэмээн бухимдав бололтой заалаар нэг үсчиж ха­рагд­сан. Т.Өсөх-Ирээдүй
харцагын өөдөөс гар, хөлөө савчин, уурлаж бухимдан барилдаж байгааг нь хараад залуу
хүний ааг, омог юм даа гэж зөвтгөлөө. Э.Оюунболд харцагыг бөхийн хүрээнийхэн даруухан
залуу хэмээн үнэлдэг. Гэтэл уг үнэлэмжийг тэрээр шороо­той хутгачихлаа. Залуу хүн
цаашид олон барилдаанд зодог­лоно, Т.Өсөх-Ирээдүй харцагад дахин хэдэн удаа ч амлуулж
мэднэ. Энэ бүхэнд ухаантай хандах биз ээ. Гэсэн хэдий ч үндэсний бөхийн түүхэнд
өөрөөс нь түрүүлж улсын цолонд хүрсэн бөхөө хүндэтгэн хайрладаг ёс жудаг үндэсний
бөхийн хөгжлийн замд гээгдэж эхлээ юу даа гэж санагдахад хүрснийг нуух юун.

Энэ өдрийн барилдааныг “Ноёд” группийн
Ерөнхийлөгч Г.Буяндорж ирж үзсэн юм. Тэрбээр өнгөрөгч оны наймдугаар сард мөнгө
угаасан, залилсан хэргээр “Ганц худаг”-т хоригдсон. Түүнийг суллах болоогүй гэж
байсан ч цагаан сарын өмнөхөн батлан даалтад гарчээ. Тэрбээр сар шинийн барилдаанаас
10 хоно­гийн өмнө бөх үзэх билетээ за­хиалсан байсныг харахад өөрий­гөө суллагдана
гэдгийг мэдэж байсан бололтой. Ямартай ч тэрбээр “Ноёд” группын бөх улсын аварга
Г.Эрхэмбаярын яг ард нь суугаад бөх үзэж байсан нь олны анхаарлын төвд байлаа.

Улсын гарьд Б.Гончигдамба, улсын
харцага Ц.Содномдорж нарын барилдааны талаар Мон­голын Үндэсний бөхийн холооны дэд
тэргүүн Д.Данзангаас тодрууллаа.

 

-Сар шинийн барилдааны зургаагийн
давааны улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж нарын барил­даан олны
уур бухимдлыг төрүүл­лээ. Учраа бөхийнхөө гарыг хөшиж хугалахаа дөхсөн харцага Ц.Содномдоржид
ямар хариуцлага тооцох вэ?

-Удахгүй Монголын Үндэсний бөхийн
холбооны тэргүүлэгчдийн хурал болно. Тэргүүлэгчдийн хур­лаар улсын гарьд Б.Гончигдамбын
гарыг хөшсөн улсын харцага Ц.Содномдоржийн асуудлыг авч хэлэлцэнэ. Үндэсний бөхийн
дүр­мэнд барилдааны тухай заалтууд байдаг. Тиймээс дүрмийн дагуу арга хэмжээ авна.

-Долоогийн даваанд улсын гарьд
Д.Рагчаа учраа бөх болох улсын гарьд Б.Гончигдамбын гутал дээр гишгэж давсан. Нод­нин
жилийн сар шинийн барил­даанд улсын заан Ч.Санжаа­дамбыг Б.Батмөнхийг тэгж давсан.
Түүнээсээ болж хоёр сар барилдах эрхээ хасуулсан…

-Барилдааны явцад санаатай болон санаагүй
үйлдэл гэж байна. Д.Рагчаагийн хувьд барилдааны явцад суйлж яваад санаандгүйгээр
хөл дээр гишгэсэн гэж үзэж байгаа. Түүнээс биш хөл дээр нь гишгэж байгаад мэх хийгээгүй.
Гэхдээ бичлэг үзэж магадлаж байж шийдвэр гаргана.

Харин улсын гарьд Б.Гончиг­дамбаас
энэ талаар тодруулахад “Сар шинийн барилдааны талаар яримааргүй байна” гэсэн юм.
Ард түмний анхаарал хандуулдаг цөөн том барилдаанаас харахад бөх­чүү­дийн зан авир,
ааш ямар байгаа нь бэлхнээ харагдаж байна. Хуучин цагт амбатны “Цагаан Жигмэд” шиг
бөх хаа нэг таардаг байсан бол өнөө цагт маш олон болсон “Ца­гаан Жигмэд”-үүд бөхийн
дэвжээн дээр дэвсээр байгаа бус уу.

Э.ЭНХБОЛД
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Морин жилийн өнгө

Жил бүрийн цагаан сараар бэлгэ дэмбэрэлтэй
ерөөлийн сайхан үг хэлэлцэж ярилцдаг. Энэ ерөөл нь ирэх жилд сайн сайхан байхыг
бэлгэддэг учиртай. Ялгуулсан хэмээн модон морин жилдээ улс орон маань дэгжин дээшилж,
хөгжин мандахын өлзий буяныг бодож энэ жилд болох сайн сайхан зүйлийг тоймлон хүргэе.
Нар наашил­сан  энэ өдрүүдэд  өвөл үзээ­гүй хүйтнийг илүү сартай энэ хавар  л үзэх 
бололтой.  Хөгшчүүдийн ярих нь шинэ­дээр
сар дээр мандсан нь үүнийг  нотолж буй хэрэг
гэнэ. Гэвч цаг наашилж байгаа хойно урин дулаан цаг ирдгээрээ ирэх нь жам юм.  

  
Зурхайгаар бол үр тариа цэцэг жимс дэлгэрч налгар сайхан байх бөгөөд ашиг
орлого арвинтай байна гэсэн нь ерөөлөөр болог.

     Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давосын
уулзалт саяхан болж өндөр­лө­сөн. Уг чуулганаар Монго­лын хөгжлийн хувилбаруу­дын
талаар тусгайлан  ярилц­сан. Ийнхүү онцгойлон
авч хэлэлцэж байгаа нь өөрөө Монголын эдийн засагт анхаа­рал хандуулсан, сай­жир­на
гэж үзсэнийх гэж ажиг­лагчид хэлж  байгаа.
Эдийн засгаас гадна улс төрийн зөв бодлого ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуй, аялал
жуулч­ла­лын салбар, үйлдвэржил­тийг хөгжүүлэх тал дээр анхаа­ран ажилла­вал үр
дүн­тэйг онцолсон байна. Мөн манай хоёр хөрш дэлхийн эдийн засгийн тавь гаруй хувийг
бүрдүүлдгийн хувьд 2040 он хүртэл хөгж­лийн эрчимтэй загвараар хөгжих бөгөөд энэ
тохиол­долд Мон­го­­лын эдийн засаг дагаад хөгжих боломжтой гэж үзэж байгаа аж.   

  
Яг энэ үед   Монгол орон маань дэлхийн
заавал аялж үзэх ёстой долоон орны тоонд багтжээ. Нүүдэлчдийн амьд­ралыг боди­тоор
нь харъя гэвэл Мон­голыг зориорой гэж тодотго­сон байна лээ.  Тэгэ­хээр манайх руу энэ жил жуулч­дын цуваа хөврөх
болов уу гэсэн таамаг байна. Үүний зэрэг­цээ бизнес эрхлэ­хэд таатай орнуу­дын жаг­саал­тад
арван байраар  урагшилсан нь бас л чихэнд
чимэгтэй  сайхан мэдээ байлаа. Өнгөрсөн жил
64 дүгээр байрт орж байсан бол энэ жил 54-т орж урагшилж.

Засгийн газраас нэгэнт энэ оныг үйлдвэржилтийн
жил болгон зарласан, тий­мээс энэ жил бүтээн байгуу­лалт өрнөсөн жил болох болов
уу.  Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажил
үргэлжлэх юм байна. Мөн  ирэх  онд 2000 орчим км зам тавигдаж нэмж зургаан  аймаг автозамаар холбогдоно. Шинэ төмөр замын
ажил эрчимтэй урагшилна.

МАК-ын байгуулж буй цементийн үйлдвэр
ашиглал­тад орно. Завхан аймагт Тэлмэний дулааны цахил­гаан станц баригдаж эхлэхээр
болсон байна. Дарханд то­моо­­­хон арьс ширний үйлдвэ­рүүдээ нээхээр болж байгаа.

Өнгөрсөн онд парламент Хөрөнгө оруулалтын
тухай хууль баталсан нь нэг хэсэг нүүр буруулаад байсан хөрөн­гө оруулагчдыг нааш
татах гэсэн эхлэл болов уу. Мөн Монголын эдийн засагт чухал нөлөөтэй Ашигт малт­малын
тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл  батлагдсан.

Ханш нь унасан байсан төгрөгийн ханш
чангарна гэсэн прогноз гараад байгаа. Хэдийгээр могой жилд уул уурхайн салбар олон
хүчин зүйлийн улмаас уналтын байдалтай байсан ч 
жилийн сүүлээр нааштай мэдээнүүд сонсогдож эхэлсэн. Тухайл­бал дэлхийн зах
зээлд зэсийн үнэ нэмэгдэнэ гэсэн таатай мэдээлэл сонор мялаав. Мөн Оюу толгойн далд
уурхайн бүтээн байгуу­лал­тын санхүүжилтийг энэ жилийн эхээр шийдэхээр болж байгаа
нь уул уурхайн салбарын дахин сэргэлтийн жил болох бас нэгэн  горьд­лого төрүүлж байгаа. Түүнч­лэн  нүүрсний экспортоо нэмэг­дүүлэхээр төлөвлөсөн
байгаа гэсэн.

Энэ бүхнээс харахад бүтээн байгуулалт
өрнөж, уул уурхай, үйлдвэржилт бүтээн байгуулалт сэргэвэл Давосын чуулга уулзалт
дээр хэлсэнч­лэн Монгол Улсын эдийн засаг сэргэх бүрэн боломж байна. 

Манай улсад хөдөө аж ахуйн салбар
чухал байрыг эзэлдэг. Тэгвэл энэ жил газар тариалан, мал аж ахуйд маань нэлээд таатай
алха­мууд хийх болов уу. Өнгөрсөн оныхоос даруй 14 хувь илүү буудай тариалж, тэр
хэмжээ­гээр гурил бэлтгэж дотоодын хэрэгцээгээ хангана гэнэ лээ. Техник технологийн
шинэч­лэ­лийг олон хувиар хийхээр төлөвлөсөн байна. Мөн малын­хаа ашиг шимийг зөв
хуваарилж, эдийн засгийн эргэлтэд оруулах 
хэд хэдэн ажлыг шат дараатай хэрэгжүү­лэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд манайх урлаг, спортынхон  олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд
ам­жилт­­тай оролцох болсон. Энэ жил ч өмнөх жилүүдийнх шиг амжилт үзүүлнэ гэж най­даж
байна. Энэ жилийн хувьд Үндэсний спортын Их наа­дам болно. Спортын салбарт болох
хамгийн эхний үйл явдал бол Сочигийн өвлийн олимп. Манайхаас цанын төрөлд хоёр тамирчин
орол­цо­хоор мордсон. Мөн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бра­зилд
болно. Монголын тамир­чид өрсөлдөхгүй ч бүтэн сар үргэлжлэх энэ тэмцээн мон­гол­чуудыг
ч дэлгэцнийхээ өмнө  нойроо хулжаан үзэхэд
хүргэнэ.  Ирэх зун жудогийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн болох ОХУ-ын Челя­бинск хотод болох бөгөөд манай тамир­чид амжилт
үзүүлнэ гэж найдаж  суух цаг ирнэ.

Харин технологийн сал­барт
“Apple”-ийн шинэ бүтээ­лүүд тэсрэлт авчирна гэж тус компанийхан мэдэгдэж бай­гаа.
Энэ оны дөрөвдүгээр сард харин “Windows XP” үйлдлийн систем тэтгэвэртээ гарах нь.
Мэдээж энэ систе­мийг ашиглаж болох ч компью­терээ халдлага, виру­сээс хамгаалж
чадахгүй бол­но гэсэн үг. Тиймээс “Windows 8.1” үйлдлийн системийг ашиг­­­лахаас
өөр аргагүй болно.

Сонгуульдсаар залхсан Монголын ард
түмэн энэ жил сонгуульгүй нэг хэсэг амар байх нь. Харин дэлхийн хэд хэдэн оронд
парламентын болон Ерөнхийлөгчийн сон­гууль болно. Мөн дэлхийн анхааралд Европын
гишүүн 28 оронд Европын парламен­тыг сонгох санал хураалт явагдана. Хойд хөршид
маань спорт, улс төрийн  үйл явдлын нэлээдгүй
олон арга хэмжээ болохын нэг нь их наймын дээд хэмжээний уулзалт мөн л Сочи хотод
болно. Уламжлал ёсоор АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын ерөнхий ассамблей хурал­дана.
Харин Өмнөд Солон­гост Азийн наадам болно.

Авлигатай тэмцэх үндэс­ний хөтөлбөр Ерөнхий­лөг­чийн зүгээс боловсруулж
бай­гаа бөгөөд удахгүй иргэд олон нийтээр хэлэлцүүлэх юм гэсэн. Дэлхийд болон Мон­голд
энэ мэт олон үйл явдал өрнөнө. Амьдрал баян хойно  төлөвлөж төсөөлөөгүй зүйл ч олон болох биз. Сайн
нь олон байг л гэж хүлээж сууя.

Categories
редакцийн-нийтлэл

Бакула Ренбүчи зочилж, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Ш.Чимэдцэеэтэй айл хэссэн цагаан сар

Жил жилийн
цагаан сар сайхан болдог. Тэр дундаас тэр нэгэн цагаан сар ер мар­тагддаггүй
юм. Нэлээдгүй цас орсон ч байж. Гэхдээ нар таатайяа ээсэн сар шинэдийн сайхан
өдрүүд болж байлаа. Цагаан сар дөхөөд бууз,  банш  бэлдээд л хүүхдүүд
бид ч тоглох завгүй аар саархан ажилд зарагдаж, хэр баргийн гэрийн ажилд
оролцоод бай­даг­гүй аав маань ч ажилсаг болж, бурхан тахилын тоосоо арчиж,
ээжийн ажил улам ихэсч, эмээ маань харин бид­ний баярын хувцсыг урлангаа 
хараа муудсан тухайгаа гом­дол­лож суусансан. Битүүний өдөр ид ажил өрнөнө.
Үүрээр сэрэхээс авахуулаад л өдөр­жин тоос шороо цэвэрлээд эхэлнэ. Энэ үеэр
эмээгийн хэлэх ёс жаяг гэж тоймгүй олон. Тэр үгнээс  гарах хүн үгүй л
дээ. 

Шинийн нэгний өглөө хүн болгон ааш зан сайтай, эмээ ээж хоёр хэзээ боссон нь
мэдэхгүй идээ цагаагаа бэл­дэж, сэрэхгүй бол болохгүй гэсээр босгоно. Ээж, эмээ
хоёр тэнгэр бурхандаа цай идээний дээж өргөж, аав галын бурхан баярлуулна
хэмээн зуухан дээрээ   идээ­ний дээж тавина. Заавал яагаад цагаан
сараар нэг ч тоосгүй байх ёстой юм гэж бид асууцгаана. “Лхам бур­хан айл
болгоноор ордог юм. Хог шороотой айлаар орж ирдэггүй юм аа” л гэнэ. 
Шинэдээр нэг ч муухай үг хэлж болохгүй л гэнэ.

   Яагаад ч юм шөнө  дөл  болтол гэрийн ажил хийсэн ч өглөө
эрт сэтгэл догдлон босч сэрцгээлээ. Бүх зүйл шинэ болчихсон мэт. Ямар нэгэн
догдлол нуугдаастай. Нар мандахаас өмнө боссон биднийг мөрөө гаргая гэсээр аав
дагуулж гарлаа. Хажуу байрны орцоор орж байх шиг, мод,  төмөрт суусан гээд
л янз бүрийн зан үйл хийх юм. Аавын зааснаар л хийгээд байгаа мөртлөө ангийнхаа
хүүхдийг таарахаар баахан санаа зовно. Хамгийн ахма­даар нь эмээдээ золгоод
дараа нь аав,  ээждээ золгож ерөөлийн сайхан үг хэлэлцэн байх зуур эхний
зочид маань ирцгээлээ. Аавын найз нөхөд сонин содон хүн олон боло­хоор шавь
нараас нь эхлээд хамаатны хүмүүс олны танил зохиолч яруу найрагч, улс төрчид
эмээд минь золгохоор эрт ирцгээлээ.

Төд удалгүй аав “Морь цаг дөхөж байна. Бакула Рен­бүчи манайд ирнэ”
гэдэг юм байна. Ирсэн зочид энэ үгийг сонсоод эрхэм гэгээнтнээс шинийн нэгний
өдөр адис авчих санаатай тухлаад авлаа. Гэрт хүн багтах зайгүй болов. Тэд
дараагийн айл хэсэхээ мартсан бололтой. Бакула Ренбүчи тэр үед Энэт­хэгийн
Элчин сайд байсан бөгөөд аавтай маань ихэд дотно нөхөрлөдөг, манай­хаар зочлон
ирдэг байсан юм. 

Ингээд зочин ирэх чимээ­нээр улаан хүрэн дээлээр гоёсон аав минь гэрийн
шаахайгаа солихгүй хэр­нээ дээлэн дээрээ гадуур хувцас өмсөөд угтаж авна гээд
гараад явлаа. “Гэрийн үүдэнд ирж байна” гэсэн атал  орж ирэхгүй
алга болчихлоо. Ингээд намайг  “Юу болсныг мэдээд ир” гэж 
эмээ хэлснээр бас гэрийнхээ шаахайтай гараад гүйчихлээ. Липт дуу­дах гэтэл
харин дотор нь хүмүүс дүнгэнэтэл яриад,   орцонд хүмүүс липтээр биш
явган алхаж дээшээ өгсөж байх аж. Липт гацсан нь тодор­­хой боллоо. Аавыг
дуудтал липтэн  дотроос “Яаралтай липт засдаг хүн  дуудаарай.
Энүүгээр явсан хүмүүст хэлсэн,  олохгүй бай­гаа бололтой” гэдэг юм
бай­на. Хар гүйхээрээ цас туучин гүйх зуураа шаахайгаа цасанд алга болгож 
бас л тэрүүхэндээ эрэл болж олж өмсөөд липт ажиллуулдаг эгчийг  олж авлаа.
Баяр болж байгаа болоод ч тэр үү бай­шингуудын липтийг шалгаж явж таарав. Ашгүй
хурдан оллоо. Учир байдлаа хэлж дагуулж явсаар липт онгойл­гуултал  нөгөө
эгч нүд нь орой дээрээ гарах шахав. Тэр  эгчийн алмайрал л санаа­наас
гардаггүй юм. Сар ши­нийн мэнд ч байхгүй гай­хан зогссон тэрээр “Энэ нөгөө
хэн гуай мөн биз дээ” хэмээн Бакула Ренбүчиг харан итгэж ядан надаас
асуусаар үлдэв.

Дотор нь байсан хэд бөөн инээдэм болсоор гарч ирлээ. Аав дан дээлнийхээ гадуур
өмссөн хувцсаа тайлаад Бакула Ренбүчид нөмөргө­чихөж. Зуны ботинктой, ор­химж
ороосон Бакула Рен­бүчи Монголын өвөлд дассан ч даарсан л биз ээ.

Харин липтэнд гацаад гарч ирсэн хэд маань гэр лүү орох гэтэл  айлд золгох
гэж орцонд явсан хүмүүс “Багшид мөргөөд явъя. Ямар бэлгэ дэмбэрэлтэй
юм” гэсээр ма­най­­хыг зүглэцгээлээ. Ингээд манай гэрийн хаалга хаагдах ч
зайгүй давхраар нэг хүмүүс. Гоёлын хувцсаа муухай бол­чих­лоо гэж бодож байгаа
ч янз алга. Газар сөхрөөд суучихаж.

Хаалга онгорхой таних танихгүй хүмүүс бүгд л багш ламд мөргөсөөр үд өнгөрч
билээ. Нэгэнт олон хүн цугла­сан хойно аав ч хүндэт зоч­ныг бурхны ном айлдахыг
хүсч, зочин маань ёсоор бол­гов. Угтаа бол Монголын цагаан сар ямар
байдгийг  мэдэг гэж, бас бэлгэ дэмбэрэ­лээ бодож сар шинээр урьж ирсэн
зочныг  маань сүсэгт­нүүд ингэж л угтсан юм. Ин­гээд Бакула Ренбүчи ч явах
болж эмээ, ээж хоёр амьтан хүний бэлэг өгөх гэж мунги­наж байх зуур 
хүүхдүүд бид харин айл хэсэхийн мөн болж тэднийг шамдуулав. Гэтэл дараагийн
зочид маань ороод ирлээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, дуучин
Ш.Чимэдцэеэ нар золгохоор иржээ. Д.Ням­сүрэн ах хотод ирэхээрээ Г.Мэнд-Ооёо
ахынх манайх хоёроор л голдуу байж бай­гаад явдагсан. Харин Ш.Чимэд­цэеэ
дуучных манай хажуу байр. Тэд насаар ааваас ах учир манайхан л түрүүлж очиж
золгодог ч эмээг байгаа болохоор хүрээд ирсэн нь тэр. 

Золгож идээ цагаа, бууз  болсны дараа манайхантай хамт явж, нутгийн ахмад
хүмүүсийнхээр золгохоор болов. Ингээд баахан дээл,  малгай болсон олны
танил,  Сүхбаатар аймгийн хэдэн нөхөд,  ээж,  дүү бид олуулаа
хэсэлдээ гарах нь тэр. Тэднийг хүмүүс таниад мэндэлж зол­гоод зам хоруулахгүй ч
бай­гаа юм шиг санагдана. Хүүх­дүүд бид бол бэлэг авах гэж л яарч байгаа хэрэг.
Ингээд аавын талын ахмад хүн болох нагац ах Борынд очихоор явлаа. Гэтэл орц андуураад
орчихож. Хаалга нээсэн айл манай нутгийнх тэр тусмаа манай ангийн хөвгүүнийх
байж таарав. Намайг хараад нэг их гайхса­наа цааш гүй­гээд явчихав. Айл
андуурснаа мэдээд буцах гэтэл гэрийн эзэн “Нутгийн сайхан хүмүүс шинийн
нэгэнд ингээд ороод ирж байхад юу гэж үүднээсээ буцаахав. Орцгоо л доо”
гэлээ. Бид ч анхны айлдаа орж байгаа хойно ширээ тойрон сууцгааж,  гэрийн
эзэд жавар үргээж дуу дуулж,  шүлэг уншихыг хүсээд нөгөө хэд маань жаахан
цаарга­лан­гуй “Энэ сайхан дуучнаар дуулуулъя” гэсээр Ш.Чимэд­цэеэ
эгчийг дуулахыг  хүслээ.  Ш.Чимэдцэеэ эгч ч уртын дууг гайхалтай
дуулав. Гэтэл гэрийн эзэн санаа амарсан­гүй, “Заавал шүлэг уншуулна, ийм
хүмүүс орж ирчихээд байхад алдас болно” гэв. Ингээд нэгэнт айл андуурч тэр
тусмаа нутгийн айлд орж ирсэн хүмүүс шүлэг уншиж,  дуу дуулаад бараг л
концерт тоглоод гарлаа. Ингээд бид дараа нь хажуу орц руу  зол­го­хоор
зорьсон айл руугаа  орж, тэр өдөр үдэш болтол айл хэсч  билээ. Очсон
айлын гийчид тэр хэдийг сонирхон сонжиж, хүндлэн золгож, харин хүүхдүүд бид
бэлэгний­хээ сайхныг айл бүрийн гадаа гарч шалгасаар л шинийн нэгний үдэш
болсон доо. Жил жилийн цагаан сар сайхан. Тэр жилийн цагаан сар сэтгэлээс харин
гардаггүй юм.

Categories
редакцийн-нийтлэл

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ жил жилийн түүхээс

Зураг дээр
зүүн гараас Ц.Гомбодорж заан, Ө.Эрдэнэ-Очир арслан, Т.Зундуй заан нар. 1960-аад
оны дундуур

“Өдрийн
сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч, яруу
найрагч Норовын Гантулга “Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс” хэмээх
цуврал нийтлэлийг сар шинийн өдрүүдэд олон түмэндээ хүргэе.

Далан
нэгэн он.
Ардын
хувьс­галын түүхт тавин жилийн ойн наадмын өнгийг тодорхойлсон барилдаан.
Тухайн жилийн цагаан сарын гол шуугиан тавин жилийн ойд хэн түрүүлэх бол, тэр
бөх өнгөлнө дөө гэсэн таамаг байсан нь мэдээж. “Ойн одтой бөх л тү­рүүлдэг
юм даа” гэх олны яриа ч амнаас ам дамжсан нь тодорхой. Түүнийг нь бататгах
гэсэн мэт Сэрээтэрийн Цэрэн аварга тэр жилийн цагаан сарын барилдаанд түрүүлж
олон түмнийг шуугиулаад авсан. Цэрэн аварга дөчин жилийн ойгоор буюу 1961 онд
төрийн их наадамд Дарийн Дамдин аваргыг орхин түрүүлж, таван жил босоо явсан
амжилтыг нь зогсоож байсан түүхтэй билээ. Тэгээд начин цол­ноос аварга цолыг
шууд хүртсэн байдаг. Цэрэн аварга түрүү үзүүрт Дамдин аваргатай үлдчихээд бай­хуйд
Спортын төв ордонд цугласан олон, эх орныхоо өнцөг булан бүрт
“араажав”-аа чагнан суусан бүхэн “ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ
дээ” гэцгээж байжээ. Үнэхээр мон­гол бөхийн гучин хоёр шинжийн гучин
нэгийг нь хадгалж төрсөн, даншгийн ах дүү алдарт аваргууд болох Ш.Намхай,
Ш.Лувсанжамбаа нарын уугуул нутаг Булганы Сай­ханаас тодорсон даян аварга
гарцаа байхгүй түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ өндөр ойд түрүүлж чадалгүй
Хорлоогийн Баянмөнх аваргад унаснаар үзүүр булаасан билээ. Гэхдээ л ойн одтой
бөх гэдгээ баталсан түүхтэй.

 

Далан нэгэн оны сар шинийн барилдааны их шөвөгт Монгол Улсын арслан
Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав нар шалгарсан удаатай. Хайдав арслан
тэгэхэд начин цолтой бай­сан бөгөөд тэр жилийнхээ наадамд долоо давж
шөвгөрснөөр улсын арслан цол хүртсэн юм. Тус барил­даанаас зарим нэгийг нь
онцолъё л доо. Тухайлбал, Ар­хангай айм­гийн Хотонт сумын харьяат улсын заан
Ч.Адъяа хоё­рын даваанд залуу бөх Должин­гийн Адъяа­төмөртэй оноолт таарч
унасан байдаг. Д.Адъяатөмөр начинг бөх сонирхогч олон сайн мэднэ. Өнд­рөөрөө
Оргилболдтой ойрхон очих тэрээр дал, наяад онд хоёр Мөн­хийн бэлтгэл хангагч
байсан. Мань хүн далан оны ца­гаан сарын ба­рилдаанд улсын зааныг хоёрын
даваанд өвдөглүүлэн шуугиулж байсан бол бүр наян есөн онд тавь шахсан насандаа
начин цолны босго алхаж байв шүү. Жамбалын Хай­дав арслан, Донровын Долгор­сүрэн
заан нар начин цолтой, Дамдин­гийн Галдандагва, Дами­рангийн Баатаржав нартай
гурвын даваа­ны төгсгөлд тунацгааж жин­хэнэ гал авалцсан барилдаанууд үзүүлсэн
байдаг. Дөрвийн даваанд Хайдав, Долгорсүрэн хоёр мөн л тунаж байх жишээний.

 

Далан хоёр он. Х.Баянмөнх аварга түрүүлж, Говь-Алтай айм­гийн Хөхморьт сумын харьяат улсын
заан Ундрахын Пүрэв үзүүр­лэсэн жил. У.Пүрэв заан ирээдүйн алдарт аварга
Дашдоржийн Цэ­рэнтогтохыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Л.Сосорбарам,
П.Дагвасүрэн нарын хүчит арс­лангуудыг дөрөв, тавын даваанд, Д.Дамдин аваргыг
зургаагийн да­ваанд давж ир, бяраар илүүрхэн үзүүрт шалгарсан юм. Идэрхэн заан
Пүрэвийгээ тийнхүү шуугиу­лахад Алтайнхан мөн чиг их баярла­сан даа. Ялангуяа
Соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж, утга зохиолын доктор, цаст
Алтайн оргилууд шигээ л дүнхийж байдаг Үржингийн Хү­рэлбаатар нарын бөхийнхөө
тө­лөө нэгэн үзүүрт сэтгэлтэй явдаг эрхмүүд ихэд хөөрсөн биз. Мэдээж тэр хоёр
их л залуу байсан даа. Тэднээс дутахааргүй баярласан нэгэн бол Соёлын гавьяат
зүт­гэлтэн, Элчин сайд Дагвын Ца­хилгаан гуай. Хөхморьт гэхээр л хоёр нүднийх
нь нулимс сул асгаад ирдэг алдар суу, авьяас билгийн тэнгэр болсон хийморьтой
эр дөр­вөн уулын дунд багтахааргүй л баярласан байж таараа. Тэрээр гурван
жилийн өмнө манай сонины “Эх орон сумаас эхэлнэ” буланд “Элст
манхан нутгаа ингэтлээ юун­даа санана вэ” хэмээн Хөхморь­тынхоо тухай
бичихдээ Пүрэв заанаа хэрхэн тодотгож өгснийг тодхон санаж байна.

 

Тэрхүү барилдааны гурвын даваанд Дасрангийн Мягмар заан начин цолтойдоо,
Төмөрийн Артаг начинг залуу бөх байхад нь туна­сан байдаг шүү. Хоёулаа л
ирлэсэн тонгорог шиг байж дээ. Одоогийн­хоор бол Ч.Санжаадамба, Ц.Сод­номдорж,
Ө.Даваабаатар нар шиг л байж. Үй зайгүй найзууд болох Д.Долгорсүрэн, Ч.Лундаа
нар дөр­вийн даваанд тунасан байдаг. Энэхэн зуурт шигтгээ бол­гохуйд, Чимэдийн
Лундаа начинг үе тэн­гийн бөхчүүд нь заанаар тогто­хооргүй хүчтэн байсан даа
хэмээн харамсан өгүүлдэг юм. Тэрээр бие галбир, хувь хүний зан ааш, зүс царай,
хүч тэнхээгээрээ үнэндээ гойд нэгэн байжээ. Даанч залуугаа­раа өнгөрсөн байдаг.
Түү­нийг анх гарч ирэхэд, хоёр Мөн­хийн залгамж халаа ч гэж яригдаж байсан удаа­тай.

 

Далан гурван он. Жигжидийн Мөнхбат аварга дөрөв дэхээ тү­рүүлж, Жамбалын Хайдав арслан
үзүүрлэсэн жил. С.Цэрэн аварга, Далайн Жамц арслан нар их шө­вөгт шалгарсан
байдаг. Тус барил­дааны хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат улсын заан Дам­динсүрэнгийн
Барамсай Архан­гайн Х.Галиндэвт, Бин­дэръяа­гийн Батхуяг начин, Чимэ­дийн Гочоо­сүрэн
зааныг залуу бөх байхад нь тус тус тахимаа өгсөн. Сонирхуу­лахад, Барамсай
зааныг Б.Бат-Эрдэнэ аваргын хадам аав гэдэг байх шүү. Өмнөх жилийнх нь үзүүр
бөх У.Пүрэв заан гурвын даваанд аймгийн арслан Дондо­вын Нан­салд тахимаа өгсөн
бай­даг. Жа­раад оны дунд үе далаад оны эхээр хэдэн “галзуу амьтад”
хө­дөөнөөс очиж хүч үздэг байсан гэх. Булганы Д.Нансал, “задгай шар”
Лхагвадорж, Ц.Волоож, Зав­ханы С.Юнрэн,  Мөөеө аваргыг ид байх үед
өвдөглүүлж байсан Өм­нөго­вийн Манлайжав, Төв аймгийн Жанчивравдан нар. Дэндүү
ааг омогтойгоосоо болж тэд улсын цолгүй үлдсэнийг үеийнх нь бөх­чүүд дурсдаг юм
аа.   

 

Далан дөрвөн он. Хоёр Мөнх аанай л үлдэж Хорлоогийн хөвүүн дөрөв дэхээ түрүүлсэн түүхтэй.
Мядагийн Мөнгөн, Пүрэвийн Даг­васүрэн нарын арслангууд их шөвөгт шалгарсан юм.
Тэрхүү наадмын шуугианы нэгэн эзэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат,
халхын алдарт бөх Дагва­цэрэнгийн Хадбаатар байлаа. Тэрээр гурвын даваанд Увсын
Төмөрийн Артаг начинтай тунаж, барагтай л бөхөд тахимаа өгөх дургүй ааг омогтой
хүдэр эрийг бяр хүчний илүүгээр давсныг санах нэг нь санаж байгаа даа. Тэр цагаас
хойших цагаан сарын барилдаан Хадаатай эхэлсэн дээ. Т.Артаг начныг өвдөглүүлсэн
Хадаа хүү дараагийн даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланд яалт ч үгүй унасан
гэдэг шүү. Д.Баатаржав М.Мөнгөн, Д.Галдандагва Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш,
Д.Дол­горсүрэн, Баянхонгорын Гандолгорын Батсүх нар гурвын давааны сүүл рүү
хоорондоо үзэж бөх сонирхогч олныг суудлаас нь өндөлзүүлж байжээ.

 

Далан таван он. Хоёр Мөнх мөн л үлддэгээрээ үлдэж Хорлоо­гийн хөвүүн тав дахиа түрүүлсэн байна.
Харин их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох начин цол­тойдоо, Ө.Эрдэнэ-Очир
арслан­гийн хамт шалгарчээ. Д.Цэрэн­тогтох аварга Увсын Баатаржав начин,
Говь-Алтайн Д.Цэрэндаш начин, Булганы Д.Лхагвасүрэн заан нартай дараалан тунаж
ба­рилдан давсан байна. Ийнхүү монгол бөхийн түүхэнд Дашдор­жийн Цэрэнтогтох,
Дагвацэрэнгийн Хадбаатар нарын аваргуудын үе эхэлсэн нь тэр ээ. Дорнод нутгаа­саа
үе үе ирж барилддаг байсан Д.Түвшин заан тэр жилийн цагаан сараар зодоглож
гурвын даваанд Архангайн Дамбын Шижээ начинд унасан бол, ард олны хүсэн хүлээ­дэг
бөх “цахилгаан” Мөнхөө арс­лан Алтайгаас ирж барилдан хоё­рын даваанд
Хөвсгөлийн Базар­раднаа гэдэг залууд тахимаа өгсөн байдаг.

 

Далан зургаан он. Ж.Мөнхбат аварга тав дахиа түрүүлж, Л.Сосор­барам арслан үзүүрлэсэн. Үндсэн­дээ
Төв аймгийн хоёр хүчтэн тэр жилийн цагаан сараар үлдсэн байгаа юм. 160 бөх
зодоглосон учир зургаа, долоогийн даваанд бөх сондгойрсон байна. Цолныхоо
эрэмбээр Мөөеө аварга зургаад, Со арслан долоогийн даваанд гоц мөргөжээ. Ховд
аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар Ёндонгийн
Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэн­дашаар тав, Жамбалын Хайда­ваар зургаа давж их
шөвгийн гу­равт Мөөеө аваргатай хүч үзсэн байдаг.

 

Төв аймгийн бөхчүүд түрүү зүүр булаалдсан наадамд тус нутгийн хүчтэнүүд доогуур
даваанд ч сайн барилдсан байна. Тухайлбал, олноо “Бүрэнгийн бүдүүн
гуят” хэмээн алдаршсан Мөнхийн Загдсүрэн начин Д.Барамсай заан, С.Цэрэн
аварга нарыг гурав, дөр­вийн даваанд өвдөглүүлж Мөөеө аваргад тавын даваанд
унасан байдаг. Тэрээр наян хоёр онд Д.Дамдин аваргаар тав давж улсын цолны
босго алхсан билээ.

 

Далан долоон он.  Хорлоогийн
Баянмөнх аварга түрүүлж, Пүрэ­вийн Дагвасүрэн арслан үзүүрлэ­сэн. Тэр хоёр
улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа үлдсэн байдаг шүү. “Баянаа бид
хоёр залуудаа нэг гэрт амьдардаг байв. Түүнтэй төрийн наадамд хоёр ч удаа үлд­сэн
юм. Сүүлийн удаад нь өгчих болов уу гэж горьдож байлаа. Гэвч Баянаа яс үзсэн.
Аварга гэдэг үнэхээр аваргаараа л төрдөг юм билээ. Би бол арслан болохоор
заяагдсан хүн дээ” гэж Дагвасүрэн гуай хуучилдаг юм. Далан долоон оны баярын
их шөвөгт Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын аваргууд үлд­жээ. Баянаа Хадаа хоёр
тунаж барилдсан байна. Хатуухан учраа Хадааг давчихаад Баянаа аварга “Энэ
хүнийг ч барахааргүй болж байгаа юм байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу
алдаж байсан гэдэг шүү.

 

Улсын наадамд тоотой ирж барилдсан Дундговийн “харлаг” хэмээх
Дамдиндоржийн Жавзмаа начин тэр жилийн сар шинийн барилдаанд зодоглон Увсын Баа­таржаваар
гурав давсан байдаг. Олон түмнээ “Чапаев” хэмээн ал­даршсан Нэмэхийн
Дашзэвэг на­чин нас ахисан хойноо зодоглож улаан нөмрөгтэй гарч байсныг мэдэх
хүмүүс нь хэлдэг юм.

 

Далан найман он. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох аварга анх
удаагаа түрүүлсэн жил. Үзүүрт нь Ж.Мөнхбат аварга үл­дэж, их шөвөгт Х.Баянмөнх
аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгар­сан байна.

 

Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд мөн л анх удаагаа түрүү магнай болж
улсын арслан цол хүртэж байсан билээ. Тухайн барилдааны зарим нэг онцлогоос
дурдъя л даа. Өмнийн говийн О.Пүрэв начин гурвын даваанд Жамцын Даваажав гавьяатад
унасан байдаг. Олимпийн мөнгөн медальт нэрт бөх Даваажав улсын цолонд хүрээ­гүй
байсан үе л дээ. Гурвын даваа­ны сүүлд Ё.Ишгэн Д.Жавзмаатай, Д.Цэнд-Аюуш
Г.Жалаатай, З.Дүв­чин Цэвээнжавын Ванчигцэрэнтэй тус тус хүч үзсэн байна.
Тэдний хооронд ямархан барилдаанууд өрнөсөн нь тодорхой. Цэнд-Аюуш, Ишгэн,
Дүвчин нарын заанууд дөнгөж начин цолтой байв. Ма­найхны хэлдгээр ирлэсэн
тонгорог шиг л байсан болов уу.

 

Далан есөн он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэв. Л.Сосорбарам,
П.Дагвасүрэн нарын арслангууд шөвгөрчээ. Тэр жилийн цагаан сарын өнгө нь Ховд
аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Адуучийн Баатархүү
байв. Тэрээр уран гараат начин Завханы Г.Бат­тогтохоор гурав, Гандолгорын
Батсүх начингаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Мөн тэр жилээ
улсын цо­лонд хүрсэн байх шүү. Дэндэвийн Амгаа заан Зэвэгийн Дүвчинтэй,
Дамбажавын Цэнд-Аюуш заан Рэгжийбуугийн Даваанямтай гур­вын давааны төгсгөлд
хүч үзсэн байна. Үндсэндээ дөрвөн заан хоорондоо тулсан байгаа юм. Наяад оны
эхэн бол яалт ч үгүй л тэдний үе. Дээр нь Дамдингийн Баяраа гарьд, Шагдарын
Чанрав, Однойн Бахыт, Содномын Эрхэм­баяр, Жанцангийн Чулуун хүчтэй начингууд
шуугиулж явсан он жилүүд билээ.

 

Наян он. Дагвацэрэнгийн Хад­баатар аварга манлайлж айл хотол, улс даяараа магнайгаа
тэнийтэл баярласан жил. Хадаа аваргыг түрүүлнэ хэмээн өмнөх жилүүдийн сар
шинээр олон түмэн хүлээж байсан. Тэрээр үзүүр тү­рүүнд Донровын Долгорсүрэн
заантай үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэж хаячихаад яваад өгсөн гэдэг.
Идэр залуу хүчтэний бяр тэнхээг хүн бүр шаг­шиж байсан гэх.

 

“Угтаалын зон олны сэтгэл, Хүүлэй хаан уул нь түшлээ дээ” хэмээн
Хадаа аваргыг мэдэх ойр дотнынхон нь хэлж байсан дуулд­даг. Мөн
“Алдар”-ын тамирчид Хадаагийнхаа түрүүг дүүрэн баяр­тайгаар тэмдэглэж
байсныг мөн л мэдэх нэг нь хэлдэг юм. Тэр жил хоёр Мөнх шөвгөрсөн байна. Бөх­чүүд,
бөх сонирхогчдын хэлдгээр цоорч барилдсан хүчтэнүүдийн нэгэн Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын харьяат Однойн Бахыт харцага. Казах түмний төлөөлөл болсон тэрхүү
хүчтэн Ч.Амар­түвшин, Д.Амгаа, Ё.Ишгэн нарын заануудыг дараалуулан орхин дунд
шөвөгт шалгарч Баянаа авар­гад унасан байдаг аа. Увсын Дов­чингийн Нэгдэл начин
тэр жил мөн л сайн барилдан бага шөвөгт үлдэж байжээ.

Наян
нэгэн он.
Жигжидийн Мөнхбат аварга зургаа дахь удаа­гаа түрүүлж, Дашдоржийн Цэрэн­тогтох
аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Х.Баянмөнх аварга, Говь-Алтайн Дугарын
Нэмэхбаяр начин нар шалгарч байжээ. Тэр жилийн шуугианы эзэн мэдээж Говь-Ал­тайн
Нэмэхбаяр. Тэрээр аймгийн арслан цолтой байхдаа сар ши­нийн барилдааны их
шөвгийн дөрөвт гурван аваргатай тийнхүү тунаж байсан удаатай. Ж.Хайдав
арслангаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв, Д.Галдандагва начингаар тав
давсан байдаг. Бас л луугаруудыг л өвдөглүүлсэн байгаа юм. Түүнийг тэр жилийн
наадмаар бас л хуйхлаад өгөх байх гэж үзэгч олон харж байсан ч улсын цолонд
хүрч чадаагүй. Наян зургаан онд начин болсон байдаг шүү.

 

Тухайн жилийн сар шинийн барилдааны үеэр залуучуудын Улсын аварга шалгаруулах
тэм­цээн зохиогдсон байдаг. Түүнд зодоглосон залуус цагаан сарын барилдаанд хүч
үзсэний нэг нь Д.Нэмэхбаяр юм. Түүнээс гадна Өмнөговийн Дашдуламын Багахүү,
Булганы Жамцын Бор нар л бас үймээн тарьсан байдаг. Д.Багахүү хоёрын даваанд
Д.Лхагвасүрэн зааныг өвдөглүүлж, гуравт Ховдын Адуучийн Баатархүү начинтай
тунаад унасан байна. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начинг
Булганы Бо­рыг, Ендонгийн Ишгэн Жанцангийн Чулууныг амлаж Баатархүү, Бага­хүү
нар тунаж байжээ. Тэдний хооронд гал маналзсан барилдаа­нууд гарсан нь
тодорхой. Адуучийн Баатархүү дөрөвт Мядагийн Мөн­гөн арсланг заан цолтой байхад
нь өвдөглүүлж Баянаа аваргад тахи­маа өгсөн байна. Сонирхуулахад, Д.Дамдин
аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг магнайлан ба­рил­даж
байсан Ж.Мөнхбат авар­гыг амлаж Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө
орон нутагт “араажав”-аа чагнаад сууж байсан түмнийг алмайруулсан
гэдэг. Данигай аваргын тэрхүү шийдвэрийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нэг нь
“Мөөеөгийн түрүүлэх замыг нь эртнээс зассан” гэдэг бол, зарим нь
залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавин хэлдэг юм.

 

Наян хоёр он. Хорлоогийн Баянмөх аварга найм дахь удаагаа түрүүлж, Мядагийн Мөнгөн арслан
үзүүрлэсэн. Их шөвөгт Д.Мягмар, З.Дүвчин нарын заанууд үлджээ.

 

Д.Мягмар заан дөрөвт Дан­зандаржаагийн Сэрээтэрийг, тавд Чогдовын Амартүвшин
зааныг хүч бярын илүүгээр өвдөглүүлсэн бол Зэвэгийн Дүвчин, Д.Дашжамц, О.Бахыт,
А.Баатархүү нарын үе тэнгийн шилдэг хүчтэнүүдтэйгээ даваа бүрт тунаж, тунасан
бүхнээ орхижээ. Дүвчин тухайн үед начин цолтой байсан билээ. Түүнийг хөлөөрөө
олон сүлжээ мэх хийдэг уран барилдаанч бөх гэдгийг ма­най­хан мэднэ. Дээрх
хүчтэнүүд­тэйгээ адуу шиг л тачигнасан гэдэг шүү.

 

Адуу шиг гэснээс наяад оны эхээр боодогны чулуу шиг атгаж боломгүй нэгэн үеийн
хүчтэнүүд гарч ирсэн нь Рэгжийбуугийн Да­вааням, Бандийн Ганбаатар, Дам­дингийн
Баяраа, Өлзийн Тулгаа, Зэвэгийн Дүвчин, Содномын Эр­хэм­баяр, Однойн Бахыт,
Довдон­гийн Дашжамц, Жамцын Бор, Адуучийн Баатархүү, Дашдуламын Багахүү нар юм.
Тэдний хооронд л бөхчүүдийн хэлдгээр гал авалцсан барилдаанууд болдог байж. Дэн­дэвийн
Амгаа заан тухайн барил­дааны гурвын даваанд Төмөрийн Артаг начинг амлаж
барилдаад унасан байдаг. Заан цолыг аваад удаагүй, жинхэнэ торгон ирэн дээрээ
байсан Амгааг тахимаа өгөхөд олон түмэн “Ясны сайн бөх гэдэг ямар ч үед
эвгүй дээ. Артаг бол хэвээрээ л байна. Харих бо­лоо­гүй юм байна” гэцгээж
байсан дуулддаг юм. 

 

Наян гурван он. Дашдоржийн
Цэрэнтогтох аварга түрүүлж, Дэн­дэвийн Амгаа заан үзүүрлэсэн жил. Д.Амгаа
заанаа түрүүлчихэж юуны магад хэмээн Булганыхан бараг л хамт барилдсан удаатай.
Үндсэн­дээ Цэрэнтогтох аваргатай их олон хүн барилдсан байх.
“Араажав”-аа сонсоод л байгаа. Давах бүрт нь бөөн дуу болж хотлоороо
баяр­лаад л. Хамгийн их баярласан нь зургаагийн давааны шөвгийн дө­рөвт Баянаа
аваргыг хаяхад гэдэг юм билээ. Аргагүй л дээ, өнгөрөгч жил нь түрүүлсэн
хүчтэнийг орхиж түрүү үзүүр булаалдах сайхан. Тэр жил их шөвөгт Хөвсгөл аймгийн
Галт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, хүчит заан Са­рангэрэлийн
Хүрэлбаатар шал­гарч мөн л хоймор нутгийнхаа олон түмнийг догдлуулаад авсан.
Дам­дин, Бээжин аваргуудаас хойш Хөвсгөлийн хүчтэнүүд сар шинийн барилдаанууд
тэр бүр өнгөлөөгүй байв.

 

Яг л тийм ахуй цагт Хүрлээ заан гараад ирсэн байгаа юм. Тэрээр алдарт бусгаа
мэхээрээ хатуухан учраануудаа өвдөглүүлснийг мэ­дэх хүмүүс нь хэлдэг юм. Хүрлээ
зааны бусгаанд тогтож үлдсэн бөх ховор гэх юм билээ. Наян гурван оны сар шинийн
барилдаанд өнөө л “гайхал”-ууд бас л шуугиулжээ. Гайхлууд гэдэг маань
миний дээр овог нэртэй нь цоллосон бөхчүүд дээ. Тэднээс “Алдар”-ын тамирчин
Жамцын Бор ус нутгийн ах Сэ­рээтэрийн Цэрэн аваргаар гурав, Д.Долгорсүрэн
заанаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад тахи­маа өгсөн байдаг. Цэрэнтогтох
аваргаас өөр хүн Булганы Борыг тогтоохооргүй байсан гэдэг. Мань хүн тэр жилээ
шууд зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоо­гийн­хоор харцага цолны болзол
хангасан билээ. Санжжавын Сүх­баатар заан залуу бөх зодоглож хоёрын даваанд
Ө.Эрдэнэ-Очир арсланг, гуравт Д.Дашжамц начныг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоо­сүрэн
зааныг орхиж дунд шөвөгт шалгарч байж. Зааныг бөхийн хүрээнийхэн “нам
Сүхбаатар” гэдэг байж билээ. Бие жижгэвтэр хэрнээ жин ихтэй, уран дайчин
барил­даантай бөх байсан. Залуудаа жин багатай байсан ч баргийн хүнд
бярдуулдаггүй, хатуу боорцог байж шүү. Ө.Эрдэнэ-Очир урьд өмнө үзээгүй залуу
бөхөд уначихаад Сосорбарам нарын үе тэнгийнхэн дээрээ ирээд “Би чинь ямар
хүнтэй учраа таарчихав даа” хэмээн тол­гой сэгсэрсэн гэдэг ээ.

 

За тэгээд гурвын давааны төгс­гөлд Ё.Ишгэн С.Эрхэмбаяр, Д.Бая­раа О.Бахыт,
Д.Нэгдэл Бандийн Ганбаатар, Г.Пүрэв-Очир Р.Даваа­нямтай тус тус хүч үзэж
тахимаа өгсөн байдаг. Сонирхуулахад, Увс аймгийн Тэс сумын харьяат Дов­чингийн
Нэгдэл начин хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн төрсөн ах билээ.

 

Наян дөрвөн он. Олон түмний хайртай бөх Дагвацэрэнгийн Хад­баатар аваргын түрүүлдэг жил. Тэрээр
эхний даваанаас үзэгчдийг шуугиулсан байдаг. Өөрөөс нь хамаагүй жижиг, өнөө
тарваган Бадарч найз шиг нь бөх эхний даваанд таарч л дээ. Тугийн манд­лын өмнө
дэвээ шаваагаа гүйцэт­гэчихээд өмнөө зогсоо учраагаа анзааралгүй дээгүүр харж олныг
инээлгээд авчээ. Тэгээд зогсохгүй өнөөхөө дух руу нь хүчтэй алгадсан байгаа юм.
Тэр том хүний гарын аяыг өнөө залуу яаж даахав дээ, уулын уруу хүч алдан
арагшаагаа өнхрөх машин шиг хойшоо хэд харайлгаснаа тас гэдрэгээ саваад унажээ.
Үзэгчид бас л бөөн инээ­дэм. Хадаа аварга түүнийг нь сайн мэдэж байгаа учир
улам алиалж дэвээд л. Түүнийг хэдийн даваанд ч юм бэ учраа бөхтэйгээ хүч үзэж
байхад үзэгчдийн суудлаас нэг нь “Хадаа дүүгүүрдээрэй” хэмээн
орилжээ. Тэгж хэлэхийг нь л хүлээж байсан мэт тэр зүгт анхаарал нэгэнтээ
хандуулснаа учраагаа сүнгэнэтэл дүүгүүрдээд хаячихаж. Бас л бөөн шуугиан.
Залуус “Хадаа, Хадаа” хэмээн шүгэлдээд л. Олны тэрхүү дэмжлэг,
сэтгэлийн хөөр­лийг хөсөрдүүлэлгүй хүчит аварга их шөвөгт Д.Цэрэнтогтох
аваргыг, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхин түрүүлсэн байна. Байнд ирсэн
монгол гутлаа өөрт нь таарахгүй учир “Алдар” нийгэм­лэгийн тамирчид,
дүү нар­таа өгс­нийг тэд зах дээр аваачиж зарснаа нэн бахархалтайгаар дурсдаг
юм билээ. Наян дөрвөн он ийнхүү Хадаатай цагаан сар бол­жээ. Тэр­хүү барилдааны
өөр сонин хач­наас хүргэе. Д.Дамдин аварга гурвын даваанд Л.Сосорбарам арсланг
амлаж барилдаад барал­гүй унасан байдаг. Мөн нэг хачир­халтай зүйл нь дөрвийн
даваанд хүч үзсэн арслан М.Мөнгөн, заан Ч.Гочоосүрэн нар удаан барилд­сан учир хасагдаж
тавын даваанд бөх сондгойрон Баянаа аварга гоц мөргөж байжээ. Бас сонин шүү.
Гочоо заан хасагдчихаад уяа бөхөд амлагдсандаа харамссан болов уу. Тухайн
цагаас Мөнгөн арсланг “Уяа Мөнгөн” гэж нэрийдэх болсон байж ч мэдэх
юм. Хоёрын даваанд Уламбаярын Мижиддорж арслан үл таних нэгэн залууд дүүгүүр­дүүлж
унажээ. Тэр нь хожмоо улсын начин цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын
харьяат Мягмар­жавын Болдбаатар начин байсан байна. Мөн хоёрын даваанд Сүх­баатарын
Дахын Од­сүрэн хар­цага Увсын залуу бөх Ж.Ганболд (улсын заан)-д, Тө­мөрийн
Артаг начин залуу бөх Лу.Энхбаяр(улсын начин, гавьяат тамирчин нэрт бөх)-т тус
тус уна­жээ. Бас тэмдэглэлгүй өнгөрч бо­ломгүй нэг барилдаан байна аа. Тэр нь
Увсын Ө.Тулгаа, Ховдын Р.Даваадалай нар. Гурвын да­вааны төгсгөлд хүч үзэж Рав­дангийн
Даваадалай начин давсан байна.

 

Наян таван он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга гурав дахиа түрүүлсэн жил. Ард түмэн бас л
шавайгаа ханатал баярласан нь мэдээж. Үзүүрт Д.Цэрэнтогтох аварга үлдэж,
С.Хүрэлбаатар заан, М.Мөнгөн арслан нар шөвгөрчээ. Тэр жилийн барилдаанд бас л
сонин сайхан дурсамжууд бий. Тухайлбал, С.Цэрэн аварга гурвын даваанд
Ө.Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Л.Сосорбарам арслан
мөн л амлаж барилдаад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад
“Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч бар­сангүй дээ” гэж хэлээд олныг хөг­жөөж
байжээ. Олон түмнээ “дүүгүүр” хэмээн алдаршсан Дандарын Гомбосүрэн
начин нас нэлээд ахисан хойноо зодоглож нэгийн даваанд хорьдугаар зууны манлай
онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээд унажээ. Дүүгүүр Гомбо­сүрэн зодоглосон
гэснээс тухайн үед хамгийн ахмад бөх нь Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн
арслан Ядамжавын Мөнхөө. Олон түмнээ “цахилгаан Мөнхөө” хэмээн
алдаршсан тэрээр жаран насан­даа зодоглож байсан гэдэг шүү. Мөнхөө арслантай
холбоотой нэгэн хуучийг Элчин сайд Дагвын Цахилгаан гуай хэл­сэн юм. Түүнийг
энд шигтгэе. Мөн­хөө арслан амьд­ралынхаа сүү­лийн жилүүдэд хотод аж төрдөг
байжээ. Тэгээд л жилийн жилд цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байж.
Хүмүүс “Мөн­хөө гуай энэ жилээс болих юм биш үү. Хөгширсөн хойноо шалны
алчуур болж гүйцлээ” гэх утгатай үг цухуйлгахуйд хариуд нь ингэж хэлсэн
байгаа юм. “Би хаа хол Говь-Алтай аймгийн Халиун суманд суугаа хөгшин
ижийдээ сар шинээр очиж золгож чадахгүй. Тийм боло­хоор амьд мэнд сайн яваагаа
араажаваар дуулгах гэж л зодог­лодог юм даа” гэж хэлээд олны амыг тагласан
гэх. Мөн айхтар үг шүү.

 

Наян зургаан он. Д.Цэрэн­тогтох аварга түрүүлж, М.Мөнгөн арслан үзүүрлэсэн юм. Их шөвгийн дөрөвт
хөдөлмөрийн баатар, дар­хан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын начин
цолтой үлдэж байж. Тэрээр Жамцын Бор, Зэвэ­гийн Дүвчин зэрэг аваргуудын зүрхэнд
шар ус хуруулдаг хүчтэ­нүүдийг дөрөв, тавын даваануудад тунаж орхисон байдаг.
Өнгөрөгч хоёр жил дараалан түрүүлсэн Хадаа  аварга маань Ч.Гочоосүрэн
заанд гурвын даваанд унаж олон түмнээ гомдоосон бол тэр жилийн­хээ наадамд
арван жилийн зайтай хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
Дасран­гийн Мягмар заанд Өвөрхангайн Эрдэнэбат хэмээх өндөр залууд хоёрын
даваанд тахимаа өгсөн нь хожмын заан Дашзэвэгийн Эр­дэнэбат байжээ. Жараад оны
дунд үед цалгиатайхан барилдаж байсан “өмсдөг” хэмээх Цанлигийн
Дамдиндорж заан тэр жил зодог­лож нэгийн даваанд унасан бай­даг. Сонин болгож
өгүүлэхүйд, гурвын давааны төгсгөлд Р.Даваа­ням заан начин цолтой байхдаа
гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Б.Бат-Эрдэнэ (одоогийн аварга),
Ж.Бор(харцага), С.Эрхэмбаяр нарын начингууд байсан гэнэ. Тэгээд Борыг амлаж
барилдаад яалт ч үгүй тахимаа өгсөн дуулддаг.

 

Наян долоон он. Одвоогийн Балжинням аварга начин цолтой­доо түрүүлж шуугиан дэгдээсэн. Тэрээр
С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л
тунасан байна. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг дав­жээ.
Ерэн нэгэн онд том Сүхбат гарьдыг давж түрүүлчихээд шидсэн чулуу шиг тугийн
мандал руу гүй­сэн шигээ Цэрэнтогтох аваргыг давчихаад ихэд баярлаж догдолж
байсан билээ. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн гэхэд болно.
Ухаандаа, Дүгэр­жавын Хишигдорж заан залуу бөх зодоглож Дүвчин, Мягмар нарын
хүчтэнүүдийг гурав, дөрвийн да­ваанд орхиж байлаа даа. Агвааны Тэгшээ агсан
Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр
харуулчихсан бай­даг шүү.

 

Энэ мэт сар шинийн барил­дааны жил жилийн түүх цааш үргэлжлэх юм аа. Дараагийн
дугаараас Б.Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлнэ дээ.

 

Н.ГАНТУЛГА