Categories
редакцийн-нийтлэл

С.Энхбаяр: Улсын хэмжээнд 392 эвлэрүүлэн зуучлагч эрхээ авч ажилдаа орлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн
зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Энхбаяртай Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн
талаар ярилцлаа.

 -Эвлэрүүлэн зуучлалын ту­хай хууль
хэрэгжээд эхэл­чих­жээ. Хуулийнхаа талаар эхлээд тайлбарлах уу?

-УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц
хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталсан. Иргэний эрх зүйн
маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд
эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг эвлэрүүлэн зуучлагч үзүүлнэ.

-Тэгэхээр шүүхийн ачаалал багасах
нь ээ?

-Өмнө гэр бүлийн, их бага хэмжээтэй
мөнгөний зээлийн зэрэг бүхий л маргаануудыг заавал шүү­хээр шийдвэрлүүлэх ёстой
гэсэн ойлголттой байсан. Одоо хууль хэрэгжиж эхэлснээр иргэний эрх маргааныг шүүхийн
бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг­тэйгээр заавал шүүх дээр очил­гүйгээр
шийдвэрлэх боломжтой болсон. Иргэд шүүхэд хандахдаа олон нотлох баримт бичиг бүр­дүүлж,
нотариатаар батлуулах, тэмдэгтийн хураамж төлөх, шүүхэд олон удаа дуудагдах, за
тэгээд шүүх хуульд баригдаад аль нэг талд ашигтайгаар шийдвэрлэгдэх зэрэг иргэдэд
хохиролтой тал ихтэй байсан бол энэ эвлэрүүлэн зууч­лалын үйлчилгээ нэвтэрснээр
мар­галдагч талууд өөрийн хүсэл зори­гийг аливаа дарамт шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх,
талууд мар­гаанаа шийдвэрлүүлэхийг зөв­шөөрөх, татгалзах,тохиролцох асуудлаа заавал
хуульд бариг­далгүй чөлөөтэй сонгох, эвлэрэх зэрэг давуу талууд ихтэй. Өөрөөр хэлбэл
маргалдагч талууд хэрхэн тохиролцохоо өөрсдөө сонгоно. Таалагдахгүй бол хэдийд ч
татгал­заж болно. Эцсийн дүнд аль аль талын хүсэл сонирхолд нийцсэн тохиолдолд талууд
эвлэрч гэрээнд гарын үсэг зурах эрхтэй. Энэ нь иргэдэд ашигтай бас шүүхийн ачаалал
багагүй хувиар буурах давуу талуудтай юм. Тухайлбал, 2011 онд нийт гуч орчим мянган
иргэний хэрэг шийдвэрлэснээс 36 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн дүнтэй
байдаг. Тэгэ­хээр маш өндөр үзүүлэлт байгаа биз.

-Эвлэрүүлэн зуучлагчийн талаар?

-Хуулиар анхан шатны шүүх дээр орон
тооны болон орон тоо­ны бус эвлэрүүлэн зуучлагч ажил­лана. Орон тооны эвлэрүүлэн
зуучлагч шүүхийн ажилтан байна. Өнгөрсөн Шүүхийн ерөнхий зөв­лөл шүүхэд ажиллах
42 орон тооны эвлэрүүлэн зуучлагчийг сонгосон. Японы олон улсын Жай­ка байгууллагын
төслийн багтай хамтран Улаанбаатар хотод нийт долоон удаа зохион байгуулсан сургал­тад
хамрагдаж, эрхийн гэрчилгээ авсан 392 эвлэрүүлэн зуучлагчаас орон тооны эвлэрүүлэн
зуучлаг­чийг сонгосон. Сонгохдоо хуулиар тавигдсан шаардлага, мөн ажил, амьдралын
туршлагыг харгалзсан. Орон нутгийн шүүхүүдэд тус бүр нэг, харин хүн ам, шүүхийн
ачаалал ихтэй нийслэлийн дүүргийн ир­гэний хэргийн хоёр шүүхэд тус бүр таван хүнийг
сонгосон. Гэхдээ хан­галттай тоо биш. Тодорхой хуга­цааны талаар хуулийн ач холбогд­лыг
иргэд ойлгоод ирэхээр эв­лэрүүлэн зуучлалын үйлчилгээг олноор авах нь ойлгомжтой.

-Төрийн болон төрийн бус байгууллагын
эвлэрүүлэн зууч­лагч гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Төрийн болон төрийн бус бай­гууллага,
мэргэжлийн холбоод үйл ажиллагааныхаа чиглэл, тухайн салбарын хүрээнд үүсэн мар­гааныг
шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагч нартай байж болохоор хууль­чилсан. Тухайлбал удахгүй
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим­тай хамтран Лондонгийн эв­лэрүүлэн зуучлалын
чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг урьж тус танхимын гишүүн компаниудын хооронд үүссэн
эрх зүйн мар­гааныг эвлэрүүлэх эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэх, эрхийн гэрчилгээ
олгохоор төлөвлөн ажил­лаж байна. Ингэснээр тухайн төрийн бус байгууллагын гишүүн
компанийн маргааныг заавал шүү­хэд хандалгүйгээр тэндээ тохи­ролцох боломжийг бүрдүүлэх
юм. Бас нэг зүйлийг хэлэхэд шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлаг­чаас бусад эвлэрүүлэн
зуучлагчийн ажлын хөлсийг талууд өөрсдөө тохиролцож өгнө. Харин шүүх дэх эвлэрүүлэн
зуучлалын үйлчилгээ авсан тохиолдолд зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлнө. Тохи­ролцсон
бол тэмдэгтийн ху­раамжийн 50 хувийг буцаан авна.

-Тэгэхээр төрийн бус бай­гууллагууд
дэргэдээ эв­лэрүү­лэн зуучлагч бэлтгэх эрхтэй юм уу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулагдсан
эвлэрүүлэн зууч­лагчийг сонгон шалгаруулах, гэр­чилгээ олгох, бэлтгэх чиг үүрэгтэй
таван орон тооны бус гишүүнтэй Эв­лэрүүлэн зуучлагчдын зөв­лөлөөс журмын дагуу зарласан
бэлтгэх сургалтад хамрагдаж эрхийн гэ­рчилгээ авсан хүмүүсийг төрийн бус байгууллага
дэргэдээ ажил­луулж болно. Мэдээж их хариуц­лага­тай ажил учир шалгуур өндөртэй.

-Өөрөөр хэлбэл тухайн хүн мэддэг
салбартаа эвлэрүүлэн зуучлагч хийж болно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Зуучлагч дээд
боловсролтой байна. Гэхдээ заавал тийм мэргэжилтэй байна гэсэн шаардлага тавигдахгүй,
ямар ч мэргэжлийн хүн байж болно. Барилгын инженер зуучлагч ба­рил­гын салбарын
маргаан дээр эвлэрүүлэн зуучлагч хийх жи­шээтэй.

-Эвлэрүүлэн зуучлагч нарт тавьж
байгаа гол шалгуур нь юу юм бэ?

-Эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой,
эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагд­сан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөв­лөлийн
бүртгэсэн нэрсийн жаг­саалтад багтсан, ял шийтгэлгүй хүн эвлэрүүлэн зуучлагч байх
эрхтэй. Ер нь бол ажил амьдралын турш­лагатай, тухайн орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдчихсөн,
харил­цааны соёлтой хүн байх ёстой л доо. Мэдээж  цаашдаа эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлыг иргэд
ойлгоод ирэхээр эвлэрүүлэн зууч­лагчаар ажиллах сонирхолтой хүмүүс нэмэгдэх байх.

-Насны хязгаар заагаагүй юм уу?

-Заагаагүй.  Хуулиар бол дээд боловсролтой бол насны хязгаар
тавиагүй. Гол нь шалгалтаа өгөөд тэнцэх нь чухал. Эвлэрүүлэн зууч­лагчдыг бэлтгэх
ажлыг амжилттай зохион байгуулж байна. Эв­лэрүүлэн зуучлалын хуулийн хэрэгжилтийн
бэлтгэлийг хангах ажлын хүрээнд бид маш олон ажлуудыг хийж бэлтгэлийг хангаад байна.
Хуулиар батлах ёстой 11 дүрэм, журам, загваруудыг боловс­руулж баталсан. Мөн Улаанбаатар
хотод долоон удаа, бүх аймагт шүүгч, ажилтан, иргэдэд хуулийн ач хол­богдлыг сурталчилж,
сургах ажлыг зохион явуулж 392 хүнд эрхийн гэрчилгээ олгож, нэгдсэн бүртгэлийн сантай
болсон. Улаан­баатарын сургалтыг Япон улсын сургагч багш нарыг урьж сургалтыг явуулж
байна. Иргэний хэргийн анхан шатны бүх шүүхэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарыг
сонгож томилж, өрөөг Жайка төс­лийн хүрээнд тохижуулсан, эв­лэрүүлэн зуучлалын талаар
танил­цуулга, гарын авлагыг бэлтгэсэн зэрэг олон ажлуудыг гүйцэтгэлээ. Мөн эвлэрүүлэн
зуучлалын бүрт­гэлийг цахим болгохоор ажиллаж байна.

-Эвлэрүүлэн зуучлагчийг ир­гэд
яаж сонгох юм бэ?

-Аливаа иргэний эрх зүйн мар­гаан
гарлаа гэхэд иргэд шууд шүүхэд ханддаг шүү дээ. Тэр тохиолдолд шүүхээс маргааны
эвлэрүүлэн зуучлалын аргаар шийдэж болно гэдгийг санал бол­гох юм. Хэрэв тухайн
шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын ачаалал ихтэй, эсхүл өөр зуучлагч
авахыг хүсвэл орон тооны бус зуучлагчдаас сонгох боломж­той. Зуучлагч нарын дэлгэрэнгүй
мэдээллийг шүүхийн ерөнхий зөвлөлийн вэб сайтад оруулсан байгаа. Тэндээс сонгоно.  Ингээд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ аваад эвлэрсэн
тохиолдолд шүү­хээр түүнийгээ баталгаажуулах процесс явах юм.

-Тэд хоногийн дотор эвлэрэх ёстой
гэсэн хугацаа заасан зүйл байгаа юу?

-Эвлэрүүлэн зуучлалыг 30 хо­но­гийн
дотор хийх ёстой. Тэр хооронд талууд зөвшилцөхгүй бол дахиад 30 хоног сунгана.

-Эвлэрүүлэн зуучлалын үйл­чил­гээ
дэлхийн улс орнуудад хэрэгжээд ирсэн туршлагатай. Тэгэхээр манайд хэрэгжихэд хэр
дөхөм бол. Туршилт су­далгаа явуулсан зүйлүүд бий байх. Энэ талаар яривал?

-Эвлэрүүлэн зуучлалын үйл­чил­гээ
өндөр хөгжилтэй орнуудад нэлээд эрт үүссэн. Японы турш­лагыг бид нэлээн судалсан.
Ямар­тай ч эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ нэвтэрснээр иргэний хэргийн шүүхийн ачаалал
эрс буурсан байдаг. Гадаадын зарим улсын шүүхэд ирж байгаа иргэний эрх зүйн маргааны
30, 40 хувь нь эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авдаг юм билээ. Бид энэ хууль гарахтай
холбог­дуулан 2012 оноос Баянзүрх дүү­рэг, Дархан-Уул аймгийн шүүхийн түшиц шүүхээр
сонгож туршиж үзсэн. Ингэхэд Дархан-Уул айм­гийн шүүхэд ирсэн иргэний мар­гааны
15-20 орчим хувьд эв­лэрүүлэн зуучлалын үйлчилгээг авсан дүн гарсан. Эхний ээлжинд
их сайн үзүүлэлт шүү. Ингээд үзэхээр эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг авах хандлага
манайд өндөр байгаа. Мөн бид өнгөрсөн хугацаанд олон нийтэд хуулиа сурталчлах чиглэлээр
олон ажил хийлээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын уран зохиолч Балжирын Догмид: Нутгаа санадаггүй хүний нүдэнд нулимс гэдэг эрдэнэ байдаггүй

Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн
шагналт, ардын уран зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа.

-Оюун санааны яруу тансаг ертөнцөд
анх хөл тавьсан үеэ, ертөн­цийг өөрийн хувь ертөн­цөд хэрхэн хүлээж ав­сан тэр балчир
насны үеэ эргэн харахад ямар төсөөлөл танд үлдсэн байдаг вэ?

-Монгол гэдэг эртнээ­сээ их өв соёлтой,
утга зохиолын язгуур дээд судар сүмбүм бүтээсэн, тэр нь зөвхөн эх монгол хэл дээрээ
төдийгүй энэтхэг, түвд гэхчилэн бичгийн гол гол хэл дээр бичигдсэн том гүрэн. Дэлхийг
дагуулсан том гүрэн яаж хоосон байхав. Хичнээн үрэгдэж барагд­лаа ч гэсэн их юмнаас
юм үлдэж л таарна шүү дээ. Ийм улсын их утга зохиол бол гайхамшигтай. “Ал­тан товч”,
“Нууц товчоо”-ноос эхлээд Инжинаш, Равжаа гээд яриад бай­вал барагдашгүй их юм.
Тэгээд аман туульс бай­на. Хүн бүхний цээжинд шүлэг хэлхээтэй явдаг. Монгол хүн
бүхний цээ­жинд үлгэр туульс, хэдэн цагаар хэлдэг тэр маг­таал, туульс нь явж л
байдаг. Нэг хүн гэхэд нэг том боть ном гэсэн үг. Одоо л тэр их өв сангаа­саа юмнаасаа
холдоод байгаа болохоос. Хали­маг, тува, халх, ойрад бүгдээрээ л өөр өөрийн үндэсний
том өв соёлтой. Би яахав дээ, говь нутагтаа бусдын адил малын дэргэд ээж аавын­хаа
хажууд л өссөн. Агуу их монголчууд гэдэг чинь үгсийн сангийн их баялаг­тай. Зөвхөн
малтай хол­боотой үг хэллэгээр гэхэд л хэдэн дэвтэр лавлах толь хийсэн ч болохоор.
Би ч нэг их олон хэл мэ­дэх­гүй юм. Эрдэм номтой улсын ярьж байгаагаар монгол хэл
шиг ийм баялаг, өргөн дэлгэр, олон хувилбартай, ийм уран гоё шигтгээтэй тансаг хэл
ховорхон гэдэг.

-Та айлын ганц хүү. Үдэш бүр үлгэр
домог сонсч, оюуны тэр их сав шимээс хар багаасаа халбагаар бус шанагаар хүртэж
өссөн байлгүй?

-Би айлын ганц хүү. Хоёр эмэгтэй дүүтэй,
дээрээ нэг өргөмөл ахтай. Оюун санааны ертөнцсөөд байх ч юу байхав дээ. Малын дэргэд
өссөн хүүхэд ертөнцийг эрт ухаардаг юм. Бусдын зовлонг өөрийн зовлон мэт ойлгодог.
Бот­гоо голсон ингэ, ботгоо хөхүүлсэн ингэний зовлонг хуваалцаж, адил­хан нулимс
унагаж, өдөр ч бай, шөнө ч бай мал төллөхөд баярлаж, малын дэргэд өссөн хүүхэд зөөлөн
сэтгэлтэй болдог. Би таван нас­тайгаасаа наадмын морь унаж эхэлсэн. Морь унахын
хувьд харин ч нэг мундаг байлаа. Миний морь дандаа түрүүлж, эсвэл айрагдана. Нууц
нь манай угшил удам сайтай адуунд байсан болов уу. Ёстой л ланжгар уяач байлаа.
Миний аав улсын наадамд хүлгийнхээ шандсыг сорьж
үзээгүй ч сумынхаа наад­мын түрүүг удаа дараа авдаг байлаа.

-Тавтайдаа хурдан морь унасан гэж
үү?

-Тэгэлгүй яахав. Тэр үед манай нутагт
хүүхэд ховор байсан. Хурдан морь унадаг хүүхэд олддоггүй.

-Хүүхэд ховор байсан нь юуных вэ?

-Тэр үед хүүхэд гаргах хүн өдрийн
од шиг. Манайхан Дарьгангаас хүүхэд зөөдөг байсан гэдэг юм.

-Үрчилж авдаг гэсэн үг үү?

-Тийм. Тавин хэдэн онд л Оросын улаан
тарианы буянаар монголчууд үртэй хүүхэдтэй бол­сон шүү дээ. Ардын хувьсгалын эхний
жилд таван зуун мянга хүрэх­гүй хүн амтай байсан гээд бод доо. 1916 оны хүн амын
тоолло­гоор Да хүрээ буюу одоогийн Улаанбаатар 110 гаруйхан мянган хүн амтай, гучин
хувь нь монголчууд, далан хувь нь хятадууд байсан гээд бод.

Тэгээд би таван настайгаасаа хурдан
морь унана, хурга ишгээ хариулна юу эсийг хийхэв. Айлын том хүү. Эрхэлдэг, тоглодог,
алд­даг, алдардаг, инээдэг ханиадаг ийм л байсан. Ер нь тэгээд уран зохиолыг сургууль
соёлоор ч юм уу дан ганц хөдөлмөрөөр хийдэггүй. Огт байхгүй юман дээр, хар усан
дээр өрөм байлгана гэж байхгүй шүү дээ. Цаанаасаа л бяцхан авьяас байж уран бүтээл
хийнэ л дээ. Авьяас гэдэг төрмөл байдаг. 

Миний ээж, нагац ах хоёр бол үг хэлэхдээ
толгой холбоод хэлчих­дэг хүмүүс байсан. Зохиол гэдэг бол үгээс гадна сэтгэл гэдэг
гол дэвсгэртэй. Сэтгэл байхгүй бол үгийг мянга холбоод нэмэргүй. Юмыг үзэх шүүлтүүр
байхгүй, тэмтрүүл байхгүй гэсэн үг юм даа.

-Та анхны зохиолоо санадаг уу?

-Дорноговь аймгийн Зүүнбаян­гийн долоон
жилийн сургуульд, тав, зургадугаар ангид байхдаа шүлэг оролдож эхэлсэн юм. Тухайн
үед “Залуучуудын үнэн” сонинд Эрэв­гийлхам гэдэг хүн миний шүлгийг тавьж, арван
таван төгрөгийн шагнал шуудангаар явуулж байв. 1959 онд юм уу даа. Тухайн үед манай
сургуулийн захирал “Төвийн сонинд юм бичээд 15 төгрөгийн шагнал авч” гэж хүүхдүүдийн
өмнө баяртайгаар гардуулж билээ. Сүүлд Санхүү, эдийн засгийн тех­ни­кумд ороод юмны
зах сэжүүрээс уншиж эхэлсэн. Тэр үеэс л би жаахан хөгжиж эхэлсэн юм уу даа. Томчуудын
юмыг их уншсан даа. Санхүүгийн техникумын дэргэдэх утга зохиолын дугуйланд алдаг
оног ирэн очин Очирбат гэдэг хүний удирдлага дор сууж, Зохиолчдын хороогоор ганц
нэг орж гарч байлаа. Тэр үеэс би юм уншиж, оролдож эхэлсэн юм.

-Та шүлэг яруу найргийг тэгсгээд
орхичихсон юм уу?

-Орхиогүй шүү дээ. Хэвлүүлдэггүй л
болохоос одоо ч бичиж л байна. Зөвхөн дууны шүлэг гэхэд дөч гаруй байдаг. Аятай
дантайгаа.

-Таныг хүүрнэл зохиолоос өөр хэлбэрээр
яагаад ч төсөөлөхгүй юм байна?

-Намайг хүмүүс шүлэг бичдэг гэж мэддэггүй.
Сэтгэл хөгжөөнө гэж нэг юм байдаг юм.

-Тэгэхээр дасгал маягаар та шүлэг
бичдэг юм уу?

-Бие халаалт.

-Яруу найргийг жаахан доошлонгуй
зэрэгт үздэг үү?

-Доош хийж байгаа юм биш шүү дээ.
Хүн яруу найргаар, уран зургаар, дуу хөгжмөөр бие халаана. Зүгээр гудамжинд явж
байгаад орж ирээд юм уу тэнд нэг хүнтэй хэрэлдчихээд шүлэг бичнэ гэж байхгүй шүү
дээ.

-Хүмүүсийн ярианаас харахад, тавь
жараад оны үеийн Санхүүгийн сургуульд янз янзын салбарын лидерүүд сурсан байдаг.
Та тэнд хэн хэнтэй хамт байв?

-Агуу их Явуухулан, агуу их Цэгмидийн
Гайтав, “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” киног хориодхон насандаа бичсэн
Доржийн Гармаа, шог зохиолч Цэрэнжамц, Заяатын Ядмаа гээд ер нь санхүү, эдийн засгийн
техникумыг төгссөн зохиолчдыг тоолохоор гучин долоо найман хүн байдаг юм. Тоотой
ноцолдсон хүний толгойны эргээ их эрт гардаг юм. Тоо гэдэг чинь хүний толгойг задалдаг
эд л дээ.

-Та хэдэн настайдаа энэ сургуульд
орж байв?

-Арван зургаатай ороод хорин настай
төгссөн. Аймгийн захир­гааны санхүүгийн хэлтэст би арван зургаан жил ажиллаж. Улсын
орлого зарлагын өрөөсөн сэжүүр дээр сууж байсан хүн. Мөнгө хатуу байх үед наян хэдэн
сая төгрөгийн орлого зарлага оруулж гаргаж байлаа. Хорин настай хонгор цустай байхдаа
тийм ажил хийж явлаа. Би санхүүгийн сургуулийг Явуухулан төгссөн шүү гэж бодо­хоор
утга зохиолын сургуулийн дайтай боддог юм. Гайтав төгссөн шүү гэж бахархдаг. Наад
захын жишээ, Сангийн яамны есөн сайд тэр сургуулийг төгссөн. Хуучин Улс төрийн товчооны
хорь гаруй хүн тэр сургуулийг төгссөн. Монголын нэг номерын сургууль байв. Тэр сургуулийг
төгссөнөөрөө би одоо ч бахархаж явдаг. Дондогдоржийн Дашдондог гэж миний багш байсан
юм. Зундуйн Хангалын хөгжим, Дашдондогийн шүлэг “Аяны шувууд” дуу бий дээ.

Аялан дуулах чиний минь хоолойтой

Адилхан өнгөөр шувууд ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцлаа… гэж.
Тэр хүн бидэнд санхүүгийн хичээл зааж байсан. За тэгээд, дуучин Цэвэлсүрэн, агуу
жүжигчин Дамчаа, олимпийн анх­ны хүрэл, мөнгөн медальт дархан аварга Мөнхбат, дэлхийн
залуу­чуу­дын аварга Сэрээтэр гээд бүгдээрээ тэр сургуулийг төгссөн.

-Та өгүүллэгт өөрийгөө тоож эхэлсэн
бүтээлүүдээ хэзээ бичсэн бэ?

-Наян есөн оны нэгдүгээр сард би Улаанбаатар
хотод орж ирсэн хүн шүү дээ. Хөдөө ажиллаж байсан хэдхэн зохиолч байдаг юм. Говь-Алтайд
Зүмбэрэлийн Гүнсэн, Дорнодод Данзангийн Нямсүрэн, Дорноговьд би, Сэлэнгэд Сүхдорж,
Базарсад. Ийм л хэдэн хүн байдаг юм. Би их олон багштай хүн. Муу хүн олон багштай
байдаг юм уу гэж би боддог. Яруу найрагч Шархүү­гийн Дансранжав гэж Дорноговь аймгийн
утга зохиолын дугуйлан­гийн эрхлэгч байлаа. Тэрнээс хойш манай өгүүллэгийн их мастер,
Горькийн утга зохиолын сургууль төгссөн Пэрэнлэйн Лувсанцэрэн багш маань МЗЭ-ийн
залуу зо­хиолчдын зөвлөлийн дарга бай­лаа. Тууж, өгүүллэгийн их мастер Дэмбээгийн
Мягмар, богино өгүүл­лэгийн жинхэнэ мастер Жагдалын Лхагва гээд яривал надад олон
багш бий. Миний багш Сэнгийн Эрдэнэ байна. Нас барахаасаа хоёр сарын өмнө танай
сонинд сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилц­лагадаа “Би уртаашаа хоёрхон шавьтай. Нэг
нь Пун­цагийн Бадарч нөгөө нь Балжирын Догмид шүү” гэж хэлсэн байгаа. Тэр ярилцлага
нь Ганчимэгийн нийт­лэлийн номд орсон байна лээ. Заримтай нь багш шавь, заримтай
нь найз. Энэ хүмүүс намайг хөг­жүүлсэн. Мон­голын их утга зохиолд өдий зэргийн өндөрлөгт
гарахдаа би өөрийнхөө сайнд гараад ирсэн юм биш. Ер нь энэ дашрамд хэлэ­хэд, Монголын
утга зохиол өнөөдөр дэлхийн утга зохиолын хаахна нь явна вэ гэж заримдаа хүмүүс
асуудаг юм. Би хэлнэ. Маш өндөр түвшинд яваа гэж. Монголын утга зохиол гадагшаа
гарахад ганцхан юм саад болдог. Дэлхийн тавцанд зогсоход юу саад болог вэ гэхээр
тэнд монгол ахуй байдаггүй. Тэнд монгол ахуй, нүүдэлчний соёл иргэншил байхгүй.
Тэнд сумын наадам, мянган хонь хариулаад явж байгаа арван наймтай бүсгүй байхгүй.
Тэнд агуу сайхан тал нутаг, уул ус байхгүй.

-Ахуйгаас гадна сэтгэлгээ нь буудаггүй
байх, тийм ээ?

-Монгол сэтгэлгээ угаасаа байхгүй.
Сэтгэлгээ,  ахуй аль аль нь байхгүй болохоор
яаж орчуулах билээ дээ. Гэхдээ манай монголчууд бүгдээрээ Европын боловсролтой,
социализмын үед бүгдээрээ шахуу, надаас бусад нь гадаад хэл сурсан. Гадаад хэлийг
эх хэл шигээ сурсан, эх хэлээ бүр ч гайхамшигтай мэддэг, хоёр хэлний хос морьтой
тэр хүмүүс европ хүн шиг сэтгэж чаддаг. Европ хүн шиг амьдарч, ойлгож чаддаг, европ
хүн шиг үхэж чаддаг болтлоо боловс­рол эзэмшсэн учраас гаднаас орчуулахдаа манайхан
бол гайхамшигтай. Гэвч гадагшаа орчуулахад нь гадаадад хүлээж авах уншигч байхгүй.
Гадаад хэлэнд буух ч үгүй. Монгол үг жишээ нь, “цагаан” гэдэг үгийн хувилбар гэхэд
л гуч гаруй дөчөөд байна. Цагаан, цэгээн, бүгээн, гэгээн, цайвар, бөрт гэхчилэн
цааш явна. Гадаад хэлэнд бол ийм өргөн боломж байхгүй. Оросоор бол арван хувилбартай
хэлнэ биз дээ. Англи хэлэнд бол бүр байхгүй гэж улсууд ярьдаг юм. Тэгэхээр яаж тэр
хэлэнд буух юм. Бид нар чинь ёстой будгаа ч зурж байгаа юм шиг бичиж байгаа шүү
дээ.

-Та бүтээлээсээ өөрийн нэрийн хуудсаа
гэж үздэг өгүүл­лэгүүдээ нэрлэж болох уу. Мон­голын утга зохиолын өгүүллэ­гийн оргилд
таны харж байгаа­гаар хэний ямар бүтээл байна?

-Өөрийнхөө юмыг тэр нь энэ нь гээд
байдаггүй. Би бичээд л орхисон бол тэрнийгээ эргэж хараад байдаггүй. Монголын их
утга зохиолын өгүүллэгийн толгой дээр өнөөдөр ямар өгүүллэг байна вэ гэдгийг харин
хэлж чадна. Их Нацагдоржийн гучин хэдэн онд бичсэн “Харанхуй хад” гэдэг өгүүллэг
байна. Тэр өгүүллэгийг хэд дахин уншсан ч, хэд дахин муулсан ч, тэнд хувь хүний
юм байгаа, Монголын ахуй, цаг үеийн юм байгаа бол дэлхий ертөнцийн өнгө будаг, бурангуй
цагийн сайн муу юм бүгд байгаа. Түүнийг нь харин ялгаж салгаж, дотроос нь олж харж
уншиж чадах хүн ховор байдаг. Нацагдорж бол агуу. Тэр гучин нэгхэн нас насалсан,
Лер­мон­тов хорин долоохон, Дашбал­бар дөчин хэдхэн насалсан. Ер нь агуу хүмүүс
бол анхныхаа зохио­лоор бараг бүх бүтээлээ хийчихдэг юм байна гэж би ойлгодог.
“Харанхуй хад” бол Нацагдоржийн анхны л өгүүллэгүүдийн нэг. Тэгээд манай том зохиолчид
олон байна даа. Богино өгүүллэг гэж ярих юм бол Жагдалын Лхагва байна. Би Лхагвагийнхаа
тухай зөндөө ярьдаг болохоор улсууд бараг цээжилчихсэн байх. Дорноговьд дунд сургуулийн
хүүхэд байхдаа орос хэлэнд бараг боловсорчихсон байсан хүн. Эндээс Украйны Киевт
Политехникийн дээд сургуульд очоод дотуур байрандаа хоол хийж байхдаа л испани хэл
сурч утга зохиолын орчуулга хийж бай­сан хүн. Хоол хийж байх хуга­цаандаа сурсан
хэлнээсээ Хосе Мартийг эх хэлнээс нь орчуулсан хүн шүү. Хэлийг ёстой л нохой шиг
сурдаг хүн байсан юм. Хэлийг хамгийн сайн сурдаг амьтан нохой юм гэнэ лээ. Маш их
уншсан. угаа­саа их авьяастай, өндөр боловс­ролтой, маш торгон мэдрэмжтэй, гадаадын
юманд багаасаа их боловсорчихсон хэрнээ монголоо­роо гайхалтай сэтгэж бичдэг. Лхагвааг
мөн ч олон хүн дуурайж богино өгүүллэг бичих гэж оролд­сон доо. Чадаагүй. Нэг үе
бүгд хошуураад Лхагвааг дуурайсан. Бүгд л хоёр хуудас өгүүллэг бичсэн. Одоо тэднээс
үлдсэн нь нэг ч байхгүй.    

Монголын их утга зохиолыг хөгжүүлэхэд
түүний зүтгүүр болж явсан үе үеийн олон олон зохиолч­доос гадна, манай үе үеийн
агуу их орчуулагчид байна. “Дөлгөөн Дон”-ы дөрвөн дэвтрийг хоёр дахин орчуулж сайжруулсан
Базарын Дашцэрэнгээс эхлээд Айтматовын тэр сайхан өгүүл­лэгүүдийг орчуулсан Самбуугийн
Бадраа гэж сохор өвгөн байлаа. Одоо тэр хүнийг сайнаар дурсах нь байтугай муугаар
ч дурсахгүй байна. Хүмүүс бие биенээ мартдаг. Хамаг юмыг нь уншиж, түүгээр амлаж
угжийг нь хөхөж өсчихөөд өнөөдөр эргээд тэр хүмүүсийг дурсах хүн өнөөгийн энэ орчуулагч
нар дотор байхгүй байгаа юм. Аким, Гомбосүрэн нарыг ангаахай байх үед тэр хүн орчуулагч
байлаа. Ардчилал гараад хэдэн орчуулагч гараад ирэхээр бүх юм л ерэн оноос хойш
гарсан юм шиг ярьцгаах болж. Энэ бол ёстой том солиорол байхгүй юу. Монголд элитүүд
байсан. Дээр үеэсээ эхлээд хэдэн үеэсээ. Равжаа, Инжиннашаас авахуулаад, агуу их
Нацагдоржоос эхлээд маш өндөр боловсролтой, цэл залуугаараа бүтээлээ ихэнхийг нь
хийчихсэн, Лермонтов, Есенин­тэй эн тэнцэхүйц тийм элитүүд манайд зөндөө байна.   

-Хүүрнэл зохиолыг зарим судлаач
шүүмжлэгч нар, бичдэг улсууд нь ч өөрснөө ерээд оноос өмнөх хойшхи гэж хуваагаад
хойшхи хүүрнэл зохиол “сэт­гэлзүйн” бүтээл гэх хандлага байдаг. Та бол ингэж үзэхгүй
биз дээ?

-Юу ярьж байгаа юм. Монголын утга
зохиолд өнөөдөр шинэ урсгал оруулж ирсэн хүн алга. Гайгүй бичиж байгаа ганц нэг
залуучууд байна л даа. Одоо зах зээлийн үеийн зохиол бичээд байна шүү дээ. Сэтгэлээрээ
бичих нэг өөр. Мөнгө бодож, албан тушаал бодож, зарим нь бүр шагнал бодож зохиол
бичиж байна. Сэтгэлээс гараагүй л бол өөдтэй юм болохгүй шүү дээ. Модерн маягийн
юм бичих ёстой гэцгээж байна. Модерн гэдэг чинь үнэндээ модоо барихын шинж. Нэг
үг байдаг юм. Авьяасгүй хүн адал явдал бичнэ гэж. Бараг миний үг л дээ. Адал явдлыг
яаж ч арав арваар нь бичиж болдог байхгүй юу. Зургаар ярихад, хүний хөрөг огт зурж
чадахгүй хүмүүс модерн гэдгийн ард нуугдаж байдаг. Амьдрах арга нь тэр. Галсансүх
шиг модерн бичсэн бол болж байна. Ардын зураач Долгоржавын Болд шиг чөлөөт сэтгэлгээний
зураг зурж чаддаг бол болж байна. Морь зурж чадахгүй болохоороо модоор зорсон юм
шиг зурчихаад модерн гээд байна.

-Социализмын үед чөлөөт сэтгэлгээ
байсангүй л гэдэг. Утга зохиолоос лав тийм юм харагддаггүй шүү дээ?

-Би нэг түүх ярих уу. Социализ­мын
үед би тэгж ном зохиолоо хаалгаж байлаа, тэгж хавчигдаж байлаа, тэгж нутаг заагдаж
явлаа гэж ярьдаг ганц нэг хүн байдаг юм. Гэтэл тэр үед үнэхээр хаагдаж боогдож явсан
хүн гэвэл, Чойном, Галсангийн Жамьян хоёр л байна. Ерэн он гарлаа. Би Зохиолчдын
эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үргэлжилсэн үгийн төвийн дарга боллоо. Бид нар
зохиолчид­тойгоо сууж байгаад “За, та нар нөгөө социализмын үед дарагдсан, хоригдсон
зохиолуудаа гаргаад ир. Цог сэтгүүлд цувралаар хэвлэе” гэлээ. Ганцхан хүн нэг тууж
өгсөн. Гучин хэдэн онд хэлмэгдсэн гээд.  Гэтэл
нөгөө дарагдаж явлаа гээд байсан хүмүүс байдаггүй. Бүгд худлаа байдаг юм. Тэгэхээр
нь бид Кино үйлдвэр дээр очлоо. “Хүний мөр” киноны талыг нь хяргаад хаячихсан юм
гэнэ лээ. Улс төрийн учир шалтгаанаар хассан гэнэ лээ. Хассан хэсэг нь байна уу
гээд.  “Түмний нэг”, “Хүний мөр” киноны хассан
хэсэг байна аа. Тэгсэн хамгийн муу, одоо ч хасахаар тийм л юмыг нь хассан байгаа
юм. Ингээд худлаа. Одоо эргээд хар л даа. Адлагдаад алдагдчихсан зохиолч хаана байна.
Тэр главлит нь эрхбиш ганц нэг алдааг засна биз дээ. Г үсгийг б гээд бичсэнийг бол
засна биз дээ. Тийм л юм байдаг юм. Харин Чойномын хувьд бол социализмын үед үнэхээр
хавчигдаж явсан  байдаг л даа. Бүр өмнөх гучин
хэдэн он бол тэртэй тэргүй үймээн самууны үе, социализмтай холбож ярьж болохгүй.

-И.Нямгаваа найруулагч та хоёрын
“Догшин хутагтын сахиус” гэдэг кино 100 жилд гарсан дэлхийн шилдэг киноны гучин
хэдэд нэрлэгдсэн. Энэ киноныхоо талаар та юу хэлэх бол?

-1996 онд хийсэн кино. Английн урлагийн
академи дэлхийн шилдэг киног зуун жилээр шалгаруулаад 100 кино нэрлэсэн. Тэр дотор
дуугүй киноноос эхлээд өнөөгийн Холливудын өндөр зэрэглэлийн технологиор хийж байгаа
кинонууд орсон. Тэр дотор манайхаас ганцхан тэр “Догшин хутагтын сахиус” гэдэг кино
31 дээр гарч ирсэн юм. Тэр бол юм мэддэг чаддаг хүмүүс нь хийсэн шалгаруу­лалт шүү
дээ. Би тэр киног зохиол маань сайн учраас кино сайн болов гэж боддоггүй. Найруулагчийн
авьяас, жүжигчний чадалтай холбож ойлгодог. Сосорбарам тоглосон. Энэ хоёр хүнтэй
холбож ойлгодог юм. Нөгөө­тэйгүүр, энэ кино бол тавдугаар догшин ноён хутагт Равжаагийн
кино учраас. Равжаагийн юм бол явдаг л байхгүй юу. Равжаа лоббидоод явуулсан юм
болов уу ч гэж боддог доо. Гэхдээ сайн кино. Манай Сосор­барам их аатай, одтой,
галтай цогтой тоглосон. Равжаа хутагт ийм хүн байсан болов уу ч гэмээр. Тухайн үедээ
энэ киног “таван галзуугийн кино” гэж шүүмжилж л байсан. Нямгаваа хагас галзуу,
Догмид галзуу, хөгжмийн зохиолч Жанцанноров эрүүлгүй, бүжиг дэглээч Сүхбаатар бол
бүр солио­той, гол дүрд тоглосон Сосорбарам гайхалтай. Ийм таван галзуу хүний хийсэн
кино учраас дэлхийд дээгүүрт орсоон. Уран бүтээлч хүн дандаа сайн муу хоёрын дундуур,
хар цагааны дундуур явдаг юм. Дандаа магтаал дундуур явна гэж байхгүй шүү дээ. Тэгээд
өнөөдөр тэр киноны буянаар Нямгаваа маань эхнэр хүүхэдтэйгээ Америкт арван хэдэн
жил болчихсон. Холливудад ассистент найруулагч хийгээд сарын 10 мянган долла­рын
цалин аваад байж байна.

-Харин та үр шимийг нь яаж хүртэв?

-Кино найруулагчаараа, дуу хөгжмийн
зохиолчоороо овоглодог юм. Би зүгээр баярлаад л сууж байдаг юм. Хичнээн гайхалтай
шүлэг бичээд ч тэрний шүлэг гэж явдаггүй. Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга”
дуу бол Баттөмөрөөр л овоглож яваа шүү дээ. 

-Уран бүтээлч сайн муу хар цагааны
дундуур явдаг гэж та сая хэллээ. Гэхдээ танд дургүй уншигч байхгүй байх аа. Уншигчдаас
зэмлэл хүртэж явав уу?

-Ер нь хүртэх ёстой л доо. Олны дунд
дургүй зарим нь байлгүй яахав. Байхгүй бол би хөгжихгүй шүү дээ. Өчүүхэн мах цусанд
төрсөн усан нүдтэй, цусан зүрхтэй Догмид байтугай бусдын төлөө, эх болсон зургаан
зүйлийн төлөө залбирч явдаг агуу их Далай ламд хүртэл өч төчнөөн, хэдэн сая тэрбум
дайсан байна, тийм үү. Дайсангүй хүн бол хүн биш.

-Та Равжаа хутагтын нутагт төрсөн,
зохиолчийнхоо хувьд Монголдоо театрын үндэс суурийг тавьсан Равжаагийн театрын талаар
ямар бодолтой вэ. Олонхи хүмүүс Монголын театрыг “Бөмбөгөр ногоон”-оос эхэлж яриад
байдаг?

-Би заримдаа зохиолч найз нөхдөдөө
тоглоомоор хэлдэг юм. Та нар Монголын их утга зохиолын гал голомт энэ дөрвөн уулын
дунд байсан, байгаа мэтээр ярьдаг. Үгүй шүү. Монголын их утга зохиолын гал голомт
бол Нацагдорж, Ядам­сүрэнгээс өмнө, Хамрын хийд дээр, Равжаа тулгыг нь тулж галыг
нь түлсэн Хамрын хийд дээр бий. Та нар хааяа бас эргээд бод. Энэ худлаа биш шүү
гэж хэлдэг юм. Равжаа хутагтын нутгаас агуу их Жагдалын Лхагва төрсөн гээд бод доо.
Тэндээс агуу зураач Гаваа гуай, бүжгийн хаан, агуу их Сэвжид төрсөн гээд бод. Тэндээс
агуу дуучин Банди, Нарантуяа гарсан гээд бод доо. Дорноговийн Наран­туяа гэдэг дуучин
хөдөөгийн хонины бэлчээрээс Москвагийн Их театрт урилгаар очоод “Чио Чио сан” дуулж
байлаа. Тийм хүн хэр олон бэ. Д.Нацагдоржийн жүжгийн шил­дэг дүрийн уралдаанд орохдоо
Нансалмаагийн дүрд Жавзан­дулам­тай өрсөлдөөд хоёрдугаар байрт орсон. Нуруу нь хүрсэнгүй
ээ, наадах чинь намхан учраас. Жав­зандулам их сайхан биерхүү өндөр хүн. Хоолойны
хувьд Нараа илүү байлаа гэж би дургүйг нь хүргэж байсан юм. Равжаагийн байгуул­сан
задгай театрын суурь өнөөдөр бүрэн бүтнээрээ байж байна. Ард нь морьтой тэмээтэй
улсууд зог­соод харж байдаг, Урд нь суусан улсууд нь үздэг суудалтай, тайзтай декорацитай,
гэрэлтэй. Равжаа тэр бүгдийг хийсэн. Энэ бол Монголын төдийгүй Төв Азид бараг анх
бос­сон театр юм л даа. Тэр байтугай өөр бас нэг театр барьсан байдаг. Дундговийн
Адаацагт, эргэн тойрон нууртай голдоо аралтай, тэр арал дээр босгосон Зүүн хөх бүрдийн
театр. Дандаа засмал чулуугаар барьсан. Гурван зуун тангад урдаас авчирч бариулсан
гэдэг юм. Равжаа хутагт тэнгэрт халиад, тэр театр дээврийг нь тавиагүй орхигдсон.
Тэнд миний Жагдалын Лхагватайгаа хамтарч бичсэн “Анх­ны хайрын дууль” киноны, “Оосор
бүчгүй орчлон” гэж миний киноны зургуудыг авсан. Хүмүүс одоо сүм гэж яриад байдаг
юм. Театр гэж мэддэггүй. “Саран хөхөө”-г тоглуулсан театр юм шүү дээ.

-Хүмүүс Хамрын хийд орчмыг дэлхийн
энергийн төв гэж их шүтэж бишрэх юм. Та зохиолч хүний хувьд тэндээс яг юу мэдэрдэг
вэ. Таны хувьд, оюун санаагаараа хэрхэн холбогддог бол?

-Тээр жил миний бие муудаад. Зүрх
муудлаа. Эмч домч болж явлаа. Гадагшаа явж мэс засал хийлгэхгүй бол болохгүй нь
ээ гэсэн. Тэгэхээр нь би нутаг руугаа шууд гараад давхичихлаа. Би ч нэг их эргэл
мөргөл хийгээд байх шүтлэгтэй хүн биш л дээ. Равжаад бол шүтлэгтэй байлгүй яахав.
Шашинд нь биш ч гэсэн Равжаа хутагтаа шүтнэ шүү дээ. Тэгээд агуйд нь очиж хоёр гурван
өдөр хорь гучин минутаар сууж Равжаад хэлэх үгээ хэлсэн. Богдын лүндэн­гээр адисласан
хан Баянбүрд гэж том уул бий. Түүгээр гороолж явлаа. Тэгээд би зүүдэлсэн юм. Хүмүүс
худлаа гэнэ байх гээд энэ тухай би ярьдаггүй юм. Равжаа манайд ирчихсэн байна. Дараа
сарын хоринд Хамрын хийд дээр уулзъя гэлээ. Хоринд очиход Равжаа ч байгаагүй, хүн
амьтан ч цөөхөн байсан. Тэнд гурав хоног байгаад наашаа ирсэн дээ. Ирж явтал замд
дугуй хагараад. Би зориуд ганцаараа явсан юм. Дугуйгаа нөхөж хийж чадахгүй, зүрх
муутай хүн яваа шүү дээ би. Гурван килограммаас илүү юм битгий өргө гэж эмч хэлсэн.
За яахав дээ, үхвэл үхэг гэж бодоод машинаа данхраадаад дугуйгаа авч янзлаад тавьсан.
Зүгээр. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зүгээр л явж байна. Ирчихээд гуравдугаар эмнэлэгт
очиж зураг авахуулахад өмнө нь компьютерт харуулсан зурагтай харьцуулж үзээд эмч
нар гайхсан. Титэм судас нь нарийсаад цус гүйхэд асуудалтай болчихсон байсан, одоо
тэлчихсэн байна, та юу уусан бэ гээд гайхаж байсан. Би үүнийг Равжаа хутагтад сүслэж
мөргөж явдгийн буян гэж л боддог. Тэр хоёр зураг одоо ч хадгалаатай байгаа.

-Таны зохиолуудад гардаг бодит
хүмүүсээс санаанаас тань гардаггүй хүн бий юу?

-Байлгүй яахав. Ухаандаа Намдаг гуайн
“Цаг төрийн үймээн” романд гардаг анги Ренчин гэдэг хувилгаан бол бодит хүн шүү
дээ. Анги Шагдар гэдэг хүнийг бичсэн гэж би дуулсан. Анги Шагдар нь манай Дорноговь
аймгийн Алтанширээ сумын хүн. Манай Гүрбазарыг таван настай байхад нь хувилгаан
гэж тодруулсан юм шүү дээ. 1959 онд. Гэвч эцэг нь улаан хувьсгалч Шагдарсүрэн гэдэг
хүн нөгөө лам нарыг нь хөөж явуулаад, авчирсан урьд төрлийнх нь ном судар, хөөрөг
эдлэл хэрэглэл, намтар түүхийг нь шатаагаад, социализ­мын үед ийм юм байж болохгүй
гээд дарчихсан. Гүрбазар чинь албан ёсоор тодруулсан хутагт хүн. Тийм учраас шүлэг
зохиолд нь бүх юм нь байдаг. Гүрбазар бид хоёрын төрсөн газар хоорондоо гучаад км
зайтай.

-Та төрсөн газартаа байнга очно
биз?

-Байнга. Миний нэг үг бий. Нутгаа
санадаггүй хүний нүдэнд нулимс гэдэг эрдэнэ байдаггүй гэж. Нутгаа санадаггүй улсууд
байдаг юм.

-Та гаднаа их омголон ширүүн хэрнээ
өгүүллэг бүтээлийг тань уншихаар үнэн чанартаа их зөөлөн хүн шиг ээ?

-Гадна талдаа тиймэрхүү шүрүүн талдаа.
Дотроо бол гайгүй ээ. Зөөлөн байж байж л зөөлөн бичнэ л дээ.

Н.ПАГМА       

Categories
редакцийн-нийтлэл

“Болор цом” биш болир цом болжээ

“Болор цом” яруу найр­гийн наадам
өнөө жил Өвөр­хангай аймгийн Арвайхээр хотод зохиогдлоо. 31 дэх удаагийн энэхүү
наадмын түрүүг залуу яруу найрагч Л.Моломжамц авсан билээ. Болор цом бол Монголын
утга зохиолын хүрээнийхний эрхэмлэдэг хамгийн том урал­даан гэж яригддаг. Монголын
шүлэгч ард түмний хувьд ч нэр хүнд­тэй наадам юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэ наа­дамд
хууч­ны алдар цуутай яруу най­рагчид оролцохоо байжээ. Утга зохиолын лууга­рууд
хааяа нэг мялаалгын шүлэг хэлэхээс өөр оролцоо­гүй болсон  харагдана.

Гэтэл хүүхэд байхад “Болор цом” гэхээр
юу болдог байлаа. Жил жилийн Цагаан сарын баяраар  цэнхэр дэлгэ­цийн өмнөөс салгадаггүй, гэр бүлээрээ
үзэж шагширдаг  ганц зүйл нь “Болор цом” л
байлаа.  Наадмын түрүү най­рагчийг айл хотол,
анд нөх­дөөрөө урьдаас тааварлан  ярьж, мэтгэнэ.
Бөхөө таньдаг шигээ найрагчдаа анддаггүй ард түмэнд “Болор цом” наа­дам ер бусын
сайхан баяр байжээ. Зурагтаар “Болор цом” гарах сургаар гадаа үзэгдэх хүнгүй. Гэрт
шуугих шуугиан­гүй тийм л нам гүмд их най­рагчдын утга уянгат бас хурц тансаг шүлгийн
мөрүү­дийг шимтэн сонсдог байсан. Болор цомыг зохиож байгаа танхимд алга ташилт
нүргэ­лэх нь зүрх огшоом. Ядаж л үзэж суугаа зрителд нь Ерөн­хийлөгчөөсөө эхлээд
Мон­голын алдар нэртэй болгон  харагддагсан.
Энэ бүхэн нь “Болор цом” наадмын үнэ хүндийг улам өргөж, бишрэн шагшихаас аргагүйд
хүргэдэг байсан биз.

Тэр жилүүдийн наадамд тэгвэл хэн хэн
оролцдог байв. Аугаа яруу найрагч Дэн­дэвийн Пүрэвдорж, Бавуу­гийн Лхагвасүрэн,
Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарч, Цэндийн Чимэддорж, Дам­динсүрэнгийн Урианхай,
Цог­доржийн Бавуудорж, Арлаа­ны Эрдэнэ-Очир, Шагдар­сүрэнгийн Гүрбазар, Мөнхөө­гийн
Билигсайхан, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичин­хорлоо нарын гал цогтой, утга уянгалаг
найрагчид шүлгээ уншдаг байлаа. Утга зохио­лын ийм дархан аваргууд баруун, зүүний
манлайд зог­соод шүлгээ уншихад хамрын самсай шархирах шиг нуруу­ны шар үс босох
шиг тийм мэдрэмж төрдөг сөн.  П.Бадарчийн
“Тэмээ”, “Адуу”, Ц.Чимэддоржийн “Малчин”, “Цагаан зээр”, Б.Лхагвасүрэн­гийн “Ижийтэйгээ
байхад”, Д.Цоо­долын “Нэр нь тод­роо­гүй баатрууд” зэрэг тансаг шүлгүүдийн мөр бүхэн
нь сэтгэл хөдөлгөм сайхан. 

Ард түмний сэтгэлд бууж, цээжинд хадагдсан
энэ л  шүлгүүдээрээ тэд Болор цомын эзэн гэх
алдрыг зүүдэг байсан нь одоо бодоход наадам чанартай байсныг  санагдуулдаг. Үнэхээр ч “Болор цом”-ын эзэн яруу
най­рагчийн шүлгийн мөрүүд ту­хайн  жилээ
шуугиан шаа­гиан болж, бүтэн жил уншигд­даг байлаа. Түрүү жилийн наад­мын сонин
хачин ч дараа­гийн уралдаан хүртэл ам дамжин яригдаж шагшигд­даг байжээ. Яруу найргийн
наадамд зориу­лагдаа юу гэл­тэй уран хөтлөгчдийн тухай, хэв дон­жийг нь тааруулан
егөөдөх элэг хөшөөм элэглэ­лүүдийн талаар ярих юм дуус­даггүй, яруу сайхан наа­дам
нь “Болор цом” л байлаа.  Тоомойн Очир­хүүгийн
томоо­гүй элэг­лэл, Тангадын Гал­сан­гийн “тэрслүү” шүлгийг  сонсох гэж монголчууд тэсэн ядан хүлээх тэмүүлэлтэй
тийм л наадам байсан.

Тэгвэл одоо цагийн “Болор цом” ямар
болж байна. Яруу найргийн дархан аваргууд нь үзэгдэхгүй, шүлэг уншихгүй болохоор
нэг л  амтгүй наа­дам болдог бол­жээ. Утга
зохиолынхны өөрс­дийнх нь нэрлэснээр наадам болсон энэхүү уралдааныг бөхөөр жишээд
төсөөлбөл өнөөд­рийн “Болор цом” залуу­чуудын улсын аварга шалгаруулах тэмцээнтэй
дүй­цэхүйц бол­чихож. Яг л аймаг, цэргийн цолтой бөхчүүд зодоглож байна уу гэлтэй
жул санагдах болсон байна. За­луу бөхчүүд наадамд зодог­лох нь сайхан л даа. Эрч
хүч амтагдсан залуу бөхчүүд уран мэхийг уралдуулж, яралз­тал барил­даж, давж хаялцах
нь хурдан гэгч нь урамтай. Гэсэн хэдий ч авар­гагүй наадам амтгүй санагдах нь урамгүй.
Үүнтэй л адил юм.

Дээрээс нь “Болор цом” наадмыг хөдөө
орон нутагт зохион байгуулдаг  нь уйтгар­тай
болж байна. Үзэж суугаа зрительд нь тэр байна, өө энэ сууж байна  гээд нэрлэчих хэн ч байхгүй болохоор тиймхэн байх
шиг. Яагаад гэвэл улсын чанартай тэмцээний үзэгчид нь орон нутгийнхан болчи­хоор
хүмүүс яаж ч таних би­лээ. Харин тэнд олзуур­хууш­тай нэг зүйл байсныг хэлэхгүй
өнгөрч болохгүй. Хэдийгээр аварга үзэгддэггүй наадам ч гэлээ “Болор цом”-д оролцож
байгаа хүүхдүүд нь өөр болсон юм шиг санагдлаа. Учир нь “Болор цом” уралдаан  улс төрийн индэр байхаа больсон  байна. Тэнд ун­шигд­сан шүлгүүд ийн бодо­ход хүргэв.
Угаасаа ч яруу найр­гийг үзэл сурталтай холбо­хоос татгалзах  үзэгдэл орчин үед  хүчтэй мэдрэгдэж байгаа. Залуу яруу найрагч­дын
шүл­гүүд коммунизмыг магтан дуулсангүй, хуучин “сайхан” цагаа санагалзсан­гүй. Фашист
уриалга сонсог­дож, хэн нэг­нийг алж хяда­хаар занал­хийлж хөлөө дэв­сэлсэнгүй.  Гуниггүй ядуусыг магтан дуулж, бүгдээрээ тэр хүмүүсийг
ядуурцгаая гэх нь халаг  ядмагхан мөрүүд бай­сан­гүй.
Яруу найраг яруу найргаараа л уншигдаж бай­лаа. Хэдий тийм ч цолонд хүрээгүй, залуу
бөхчүүд зодог­лож байгаа мэт олонд танигдаагүй яруу найрагч­даар дүүрсэн “Болор
цом” чамлалтай санагдаад байна.

Шүүгч нар нь ч шүүгч биш болчихсон
цаг ирж. Тэд хэний шүлэг чансаатайг шүүж тун­гаахаасаа урьтаж  хэн түрүү­лэхийг нь бодож суух “бод­логын шүүгч”  шиг харагдлаа. Сүүлийн жилүүдэд Болор цомыг аль
нутагт зохионо тэр нутгийн хүү түрүүлдэг зан­шилтай болчихсон гэж хар­дагдахаар
байна. Нутгийн тайзан дээр түрүү авсан явдал нэг удаа болсон бол тохиолдлынх нь
гэж бодох­сон. Гэвч сүүлийн гурав, дөр­вөн жил энэ үйлдэл давтаг­даад байгааг харвал
то­хиолдол гэж хэлэхийн аргагүй болчихсон мэт санагдана.   Ингэж хэлснээрээ өнөө жилийн “Болор цом”-ын эзэн
Л.Моломжамцыг муу шүлэгч гэж муучилж байгаа юм биш.

Гол нь хөдөө орон нутагт болоход тухайн
ус нутгийн гаралтай хүмүүс түрүүлээд байдаг жишиг тогтчи­хоод байгаа нь зөөлөн хэлэ­хэд
эвгүй юм. Тийм биш байлаа гэхэд тийм юм шиг харагдаад байна.

Америкчууд Оскарын шаг­налаа дэлхий
нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг соёлын том шоу болгож чадсан шиг монголчууд уран
үгсээр уралд­даг яруу найрагч­дын­хаа ганц том наадмыг тэр хэмжээнд  аваачих цаг болжээ. Улаанбаатар хотдоо ач холбогдол
өндөртэйгээр зохион байгуулж, тусгай том зааланд сүртэй тэмдэглэдэг болмоор байна.

Тасалбар нь олддоггүй булаацалддаг  тийм их ашиг­тай, шуугиантай, түүнийг шууд дамжуулах
гэж телеви­зүүд өрсөлддөг. Шоун дун­дуур явсан реклам зар сур­талчилгаа машид өндөр
үнэ хүрдэг. Зохиолчдын хороо өөрсдөө явуулах гэж үйлээ үзэж, үгээ хэлдэггүй. Тусгай
шоу цэнгээний том компа­ниар хийлгэдэг, олсон ашгаас нь хувь хүртээд л сууж байвал
болох.  Яагаад  гэвэл үзэгчид тоглогчид нь бүгд бэлэн байдаг шоу
байхгүй юу энэ “Болор цом”-ын яруу найргийн наадам. 

Үгүй бол энэ сайхан наадам маань жилээс
жилд давжаарч, Болор цом болир цом болж бүүр цаашилбал болих цом болж мэдэхээр байна.
Шүүгч,  яруу найрагчид нь хэвээрээ, хөдөөд
очиж зохиогддог байдал  үргэлжил­сээр байвал
“Болор цом” наадам алсдаа замхран алга болж, хэн ч тоохгүй алиа марзан юм болж магадгүй
болжээ. Шүлэг сонирхогчид нь байна, шүлэг бичээчид нь байна. Ийм байхад уг нь Болор
цомыг шуугиултал зо­хион байгуулж болохсон доо.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Т.Рэнцэн аав ээж, дүүтэйгээ гэртээ амьдарч байна

Гэрийнхээ гаднаас алга болсон 11 настай хүү зургаан жил хонь хариулж
байгаад гэртээ ирсэн тухай сурвалжлагыг манай сонин өнгөрсөн дугаартаа цув­ралаар
хүргэсэн билээ. Алга болсон Т.Рэнцэнгийн аав ээж болон түүний зургаан жилийн турш
байсан айлын хоёр хөгшин­тэй хийсэн ярилцлагыг өмнөх дугаартаа хүргэсэн. Энэ удаад
Т.Рэнцэн хүүтэй уулзсан юм. Түү­ний аав Р.Түмэнжаргалын  утас руу залгаад  хүүтэй чинь ярилцлага хиймээр байна гэхэд “Хүү
маань урьд шөнө ирсэн. Ирээд өөрөөс нь асуух 
уу” гэлээ. Тэднийх Баянзүрх дүүрэг, 
Монелд байдаг юм байна. Т.Рэнцэн ээжийнх нь төрсөн дүү болох мянгат малчныд
байж байгаад Өвөрхангайгаас ирээд байгаа нь энэ юм. Гэрийнх нь хаягийн дагуу очлоо.
Ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд үүдийг нь цохиход Р.Түмэнжаргал
гуай өөрөө гарч ирэв. Тэрбээр “Тол­гойгоо угааж байсан болохоор жаахан удаан гадаа
зогсоочихов уу.  Одоо бид хэд яг гарах гээд
байж байна” гэсээр гэртээ дагуулж оров. Цэлгэр том хашааны захад ганц модон байшин
байв. Хүүгийн ээж гэртээ юмаа угаагаад сууж байлаа. Бид­нийг ороод ирэнгүүт “Дээшээ
сууц­гаа” гээд угааж байсан юмаа сандрангуй цаашлуулав. Тэрбээр хүүгийнхээ хувцсыг
нь угааж байсан аж. Р.Түмэнжаргал гуай араас орж ирээд “Бид хоёр хүүгээ ирнэ гээд
сар шинийн тавгийн идээгээ хураагаа­гүй сууж байна. Охин маань сая хичээлдээ явлаа”
гээд хойморт суув.  Тэдний байшин нэг өрөөтэй.
Гал тогоогоо ханан пийшингээр тусгаарлажээ. Хоймор­тоо хоёр эрээн авдар, модон шкаф
зэрэгцүүлээд дээр нь хавтастай толь, жаазтай зураг тавьсан хараг­дав. Модон ширээ,
сандал, ор гээд энгийн монгол айл байлаа. Рэнцэн хүү хойд орон дээрээ хэвтэж байв.
Гутлаа тайлаа­гүй хөлөө орныхоо урдуур унжуул­чихаж. Гаднаас хүмүүс орж ирлээ гээд
сонирхож өндийж харсангүй.  Аав, ээж нь “Миний
хүү Рэнцэн босоорой. Хүмүүс орж ирлээ” гэхэд хүү хэсэг байж байснаа тун дургүй босоод
суулаа. Ээж нь “Шөнө ирсэн болохоор замдаа нэлээд ядарсан байна” гээд хүү рүүгээ
харав. Бид түүнтэй “Сайн байна уу” гэж мэндлэхэд толгой дохиод аман­даа “сайн” гэж
сулхан хариуллаа. Нүдэнд нь цог золбоо алга гэмээр харагдана. Ямар нэг зүйлээс эмээсэн
бас их ядарсан, туниа  муутай харагдаж байв.
Одоо 18 настай гэхэд 14, 15 настай гэмээр жижигхэн туранхай биетэй. Үг дуу цөөтэй.
Барагтай бол юм ярихгүй. Асуусан болгонд тийм, үгүй, мэдэхгүй гэж хариулж байлаа.
Ээж, аав нь хүү рүүгээ хандан “Одоо айж ичих юм байхгүй. Тайван байж, болсон юмаа
яриарай миний хүү” гэхэд хариулсангүй.  Энэ
үед ээж нь “Миний хүү олон жил гэрээсээ хол байсан болохоор сэтгэлдээ бэтгэрсэн
байлгүй дээ. Жаахан хүүхэд аргагүй биз. Ер нь юм ярихгүй байхад нь ядраагаад яахав.
Аажуу, уужуу тэгж байгаад өөрөө ярих байлгүй. Бид хоёр ч янз бүрийн зүйл асуухгүй
байна”  гэв.

  Ингээд
Т.Рэнцэн хүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 
-Гэртээ ирсэн ямар байна?

-Сайхан л байна.

-Аав, ээж, дүүгээ санасан уу?

-Санасан.

-Дүү нь том болсон байна уу?

-Тийм. Том болсон байна.

-Чамайг ямар хүмүүс дагуулж 
явсан бэ. Тэр үед юу болсон талаар ярихгүй юу?

-Мэдэхгүй (доошоо харав)

-Гэрийн чинь үүднээс танихгүй хүмүүс машиндаа суулгаад аваад явсан
гэсэн биз дээ…

-Танихгүй хүмүүс байсан.

-Тэгээд хаана аваачсан юм бол?

-Хогийн цэг дээр. Тэнд орхиод явсан.

-Хогийн цэг дээр очоод чи юу хийдэг байв. Хаана хонодог байсан
бэ?

-Айлд хонодог байсан. Хогийн цэгийн ойролцоох олон хүүхэдтэй айлд.
Бид нар өдөртөө гадуур яваад тэгээд орой ирээд унтдаг байсан.

-Тэр айл нь хаана байдаг юм?

-Баянхошуунд. Хогийн цэгийн ойролцоо.

-Тэгээд чамайг хогийн цэг дээрээс хэн ирж аваад хөдөө авч явсан
юм бэ?

-Нэг ах. Би тэр хүнийг танихгүй.

-Чамд юу гэж хэлээд да­гуулж явсан юм бол?

Санахгүй байна.

Хогийн цэг дээр юу хийдэг байсан юм бол. Хэр удсан бэ?

-Хэсэгтээ л байсан. Яг хэд хоносон гэдгээ мэдэхгүй байна.

 -Хөдөө танихгүй айлд
байх хэцүү байсан уу?

-Надад хэцүү байгаагүй. Хонио хариулаад л явж байсан.

-Ямар ямар ажил хийдэг байсан бэ?

-Өглөө босоод хонинд явна. Үдээс хойш 4, 5 цагийн үед ирээд үхэр
мал гэсээр байгаад орой болно. Тэгээд орой хоолоо идээд унтдаг байсан.

-Гэртээ ирмээр санагддаг байсан уу?

-Тийм.

-Тэгээд гэр лүүгээ явмаар байна, ээж, аав дээрээ очмоор байна
гэж хэлж байв уу?

-Нэг удаа хэлж байсан. Дуугарахгүй л байна лээ.

-Одоо тэр айл чамайг буцаад ир гэвэл очих уу?

-Очихгүй.

-Айлын өвөө, эмээ хоёр чамд юу гэж хэлдэг байв. Та гурав юу ярилцдаг
байсан бэ?

-Юу ярих вэ дээ. Би орой ирээд унтаад өгдөг байсан. 

-Хажуу айлаа таньдаг байв уу. Чамд тэнд олон найзууд байсан уу?

-Тэр хавийн айлуудыг бүгдийг нь танина. Найзууд байхгүй. Дандаа
настай хүмүүс байдаг. 

-Хоёр настны хүүхдүүд нь ирдэг байсан уу?

-Хүүхдүүд нь хааяа ирдэг. Тэр эмээ, өвөөгийн нэг хүүхэд нь надад
их сайн. Бид  найзалдаг байсан. Тэр ах Солонгос
явж ажил хийсэн тухайгаа надад ярьдаг байсан. Бид хоёр нэг удаа ачааны машинтай
хотод ирээд юм зарчихаад буцаад явсан юм.

-Чамд шинэ хувцас авч өгдөг байсан уу?

-Нэг удаа гутал авч өгсөн.

-Шинэ хувцас авч өгөхөөр нь чи өмсөхгүй далд хийдэг байсан юм
уу?

-Би авч өгсөн гутлыг нь өмссөн ш дээ.

-Өөр хувцас авч өгч байсан уу?

-Үгүй. Хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг гаргаж ирээд өгдөг байсан.

-Мал маллах ямар байсан бэ?

-Гоё.

-Аав, ээж нь чамайг зөндөө хайсан гэсэн?

-…(Толгой дохив)

-Тэр айлынх чамд  мал тас­даж
өгөөд гэр барьж өгсөн гэсэн?

-Хэдэн мал тасдаад өгсөн. Шинэ гэр байгаа. Тэр гэрийг барьж өгнө
гэж байсан юм.

-Гэрээ санаж байсан юм чинь мэдээж хот руу орох талаар бодсон
байх?

-Бодсон.

-Хот руу унаа явдаг байсан уу?

-Зөндөө явдаг байсан.

-Тэгээд унаанд суугаад хү­рээд ирж болохгүй байсан юм уу?

-Хэлэхгүй хүрээд ирэх талаар бодож байсангүй.

-Яагаад сая гэртээ ирэх талаар бодсон бэ?

-Хотод ирчихсэн болохоор л 
өвөө, эмээ рүүгээ явмаар санагдаад хэлэхгүй гарсан.

-Чамайг яагаад хот руу дагуулж ирсэн юм бол?

-Хотод кино театр үзүүлнэ гэсэн юм.

-Одоо хотод юу хийнэ гэж бодож байна вэ?

-Мэдэхгүй гэв.

Энэ үед ээж нь хажуугаас нь “Хүүгээ цэрэгт явуулна. Олон түмэнтэй
цуг байгаад ирвэл өөрт нь хэрэгтэй. Миний хүү дажгүй сайн цэрэг болно. Одоо нэг
жил алба хаах юм чинь гайгүй байх. Тэгээд цэргээс ирэхээр нь жолооны курсэд суул­гана”
гэв. Харин аав нь “Сургуульд сураагүй болохоор хэцүү байна. Иргэний үнэмлэх авч
өгнө дөө, одоо” гэв. Тэд ийнхүү бидэнтэй зэрэгцээд гэрээсээ гарахаар хувцаслалаа.
Хүүдээ тэд тод цэнхэр өнгийн шинэ дээл гаргаж ирээд өмсүүлээд да­гуулж гарав. Хүүг
алга болсон хэргийг шалгаж байгаа  Баянзүрх
дүүргийн цагдаатай уулзахаар гарч байгаа нь энэ аж. Цагдаа байн байн утас руу нь  залгаж, “Та хүүгээ аваад хүрээд ир” гэж дуудаад
байгаа тул ийнхүү гарцгаасан юм.

 

Х.ЦЭНД-АЮУШ    

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Б.Самъяа: Бид тэнэмэл хүүхдийг тэжээж, гэр оронтой болгож, буян болж байна гэж бодож явсан

Зургаан жилийн өм­нө Цайз захын тэндэх гэрийн­хээ гаднаас алга
болсон Рэнцэн хүүг гэр­тээ мал маллуулж бай­сан гэх Б.Самъяагийнх руу хөдөл­лөө.
Б.Самъяа­гийн гэргийг Л.Батсуурь гэдэг аж. Тэднийх Төв аймгийн Эрдэнэ суманд амьдарч
байгаад ноднин Парти­заны сангийн аж ахуйд нүүж иржээ. Б.Самъяа гуай “Монгол бүсгүй”,
“Ми­ний Улаанбаатар” зэрэг дуугаараа ард түм­нийхээ хайр хүн­дэтгэлийг хүлээ­сэн
Мон­гол Улсын гавьяат жүжигчин Ган­зоригийн аав юм байна. Үд хэвийх үед Б.Самъяа
гуайн гэрт ирлээ. Ган­зориг гавьяатын дүү Мөнх­жар­гал нөхөр, хүүх­дийнхээ хамт
ир­жээ. Баяраа буюу Рэн­цэнг явснаас хойш хоёр хөгшний сэтгэл са­наа тавгүй, шөнө
ч нойр нь хүрэхгүй бай­гаа тул хань бараа болж Мөнх­жаргал хааяа ирдэг гэнэ. Рэнцэн
хүү­гийн талаар Б.Самъяа гуайтай ярилц­лаа.

 
-Рэнцэн яаж яваад танайд ирсэн юм бэ. Аав, ээж нь гэрийн гаднаас
танихгүй хү­мүүс машиндаа суул­гаад авч явсан гээд байгаа?

-Баяраа өөрийгөө аав, ээжтэй гэр бүлтэй гэж хэлээгүй. Эмээтэйгээ
хамт амьдардаг байсан гэсэн. Гэтэл эмээ нь өөд болж орчлонд орь ган­цаар үлдсэн
гэдэг байсан. Манайх зургаан хүүхэд­тэй айл. Хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан. Хөгшин
бид хоёр л гэртээ байдаг юм. Манай садангийн Бад­­рал гээд залуугийнх Баянхошуунд
байдаг. Эхнэр бид хоёр тэднийд нэг өдөр очлоо. Гэтэл “Энд нэг аятайхан хүүхэд яваад
байдаг юм” гэхээр хөгшин бид хоёр хоёулх­наа гэртээ байдаг тул хань бараа болгохоос
гадна нэг ч гэсэн хүнийг хоолонд нь хүргэж буян болчих юм биш үү гээд тэр хүүхэдтэй
уулзан “Чи манай хүүхэд болох уу” гэтэл юм дуугараагүй. Хажууд байсан хүмүүс “Чи
ийм айлд очвол аав, ээжтэй ахуй амьдралтай болно” гэсэн юм. Би “Ма­найд очих уу,
миний хүү” гэтэл Баяраа уйлчихсан. Тэгэхээр нь “Чамайг яах ч үгүй. Тэтгэж, тэжээж
авах гэсэн юм” гэлээ. Тэгсэн чинь “За” гэдэг юм. Тэгээд хөгшин бид хоёр дараа ирж
авахаар болоод яв­сан. Хэд хоногийн дараа иртэл өнөө хүүхэд байдаг­гүй. Бадрал бид
хоёр хай­гаад олоогүй. Дараа нь Бадрал дагуулаад ирсэн. Хөл нь зүсэгдэж хувилаад
идээ бээр нь бараг ясандаа тулчихсан хэцүү­хэн хүүхэд ирж билээ. Тэгэхэд арваннэгдүгээр
сар байсан юм.

-Рэнцэн наймдугаар сарын 12-ны өдөр дэл­гүүр орох гэж яваад танихгүй
хүний машинд суугаад шууд танайд ирсэн гэж байна лээ?

-Харин наймдугаар
сард гэрээсээ гарсан гэ­сэн. Бид хоёрт арван­нэгдүгээр сард богино өмдтэй, дан цамцтай,
өв­лийн хувцасгүй “Наран”-гийн хог дээр явж байхад нь оллоо гэсээр дагуулан ирсэн.
Түүнээс биш зарц­лах гэх мэт өөр ашиг со­нирхол бидэнд байгаа­гүй. Гудамжинд яваа
нэг ч гэсэн хүүхдийг орох орон, идэх хоолтой болгочих юм санасан. 

Ганзориг маань 2008 оны 11 дүгээр сарын 18-нд анхны тоглолтоо
хийсэн. Хүүгийнхээ тоглолтыг үзэх гэж ирэхдээ анх Баярааг олсон байхгүй юу. Хүүгийнхээ
тоглолтыг үзчихээд Баярааг аваад буцъя гэсэн ч бид хайгаад олоогүй тул буцахаар
болж Ганзоригийнд байж байтал Бадрал өөрийнхөө куртикийг өмсүүлчихсэн дагуулж ирсэн
юм.

-Бадрал гэдэг хүн “Манай энд ийм хүүхэд яваад байна” гэхээр нь
өсгөөд авчихъя гэж бодсон юм уу?

-Тэгсэн. Бидэнтэй хамт Эрдэнэ суманд ирээд л бид хоёрыг шууд л
өвөө, эмээ гээд сүйд болсон. Гургалдай хоёр огтлоод өгөхөд муухан иддэг байсан.
Хоол унданд тааруу хүүхэд байлаа. Одоо харин хоолонд сайн болсон.

-Аав, ээж нь зургаан жилийн хугацаанд ажилд сайн сургасан байна
лээ гэж байсан?

-Манайд байхдаа ажилд мундаг сайн болсон. Угийн сэргэлэн хүүхэд
байсан л даа. Зундаа хурдан морь уначихна. Бид хоёр дээр ирээд их сүрхий болоод
байсан юм уг нь. Баяраад бид хүнийрхэж хандаж байгаагүй тул манай хүүхэд шиг л байлаа.
Оны өмнө хүүгээ ёолк үзүүлье гээд охиныдоо (Мөнхжаргалынд) хүргэж өгсөн юм. Манай
зээтэй хамт PC тоглоно гэхээр нь охин маань тав таван мянган төгрөг өгөөд гаргасан
гэсэн. Гэтэл PC тоглоом дээрээсээ гараад тэр чигтээ алга болчихсон байна лээ. Хөгшин
бид хоёрт яриад байсан нь бүгд худлаа байсан юм билээ. Аав, ээжтэй гэр бүлтэй гэдгээ
тас нуусан байгаа юм даа.

Бид бичиг баримттай болгох гэж зөндөө явсан. Гэтэл аав, ээжийнх
нь заавал нэгнийх нь нэр хэрэгтэй болсон. Өөрөө аав, ээжийнхээ нэрийг мэдэхгүй гэж
хэлж байсан юм. Иргэний бүртгэлээр явж энэ хүүхдийг яаж иргэний үнэмлэхтэй болгох
вэ гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүү­хээр орох хэрэгтэй гэсэн. Хөгшин бид хоёр уг
нь өнгөрөгч намар 15 нас хүрчихлээ гээд гэр бараа төхөөрч, хэдэн мал тасдаж өгч
буулгаад байсан юм. 

-Рэнцэн одоо 18 нас хүрч байгаа юм билээ. Та нарт насаа хэлээгүй
юм уу?

-Насаа ерөөсөө хэлдэггүй байсан. Манай эмээ “Миний хүү хулганатай
шүү” гэж хэлээд өөд болсон гэж хэлдэг байлаа. Баяраа бие нь жижиг хүүхэд байсан.
Ямар сайндаа бид 15-16 нас хүрч байгаа юм чинь гээд гэр барьж, мал тасдаж өгсөн
юм.

Манай хүүхдүүд ирэх болгондоо л мөнгө өгч, байгаа бүхнээ илүүчилнэ.
Хөгшин бид хоёрт ханьтай байдаг болохоор хүүхдүүд их баярладаг байсан. Баяраад юу
хэрэгтэй тэр бүгдийг нь авч өгнө. Жи мобайлын нэг гар утастай байсан түүнийг нь
хүртэл гоё утсаар сольж өгнө гэж байсан юм. PC тоглоом тоглож байгаад алга болчихоор
нь хот мэдэхгүй хүүхэд төөрчихлөө гээд нэлээд хэдэн цаг хайсан. Шөнөдөө олдохгүй
бол өглөө цагдаад мэдэгдье гэж байтал өөрөө утасдсан.

-Утсаар тэгээд юу гэж байх юм?

-“Би эгчийндээ ирчихсэн байна” гэсэн. Аав, ээж нь ч гэсэн бидэнтэй
утсаар ярьж болноо доо. Гэтэл бидэнтэй огт харьцахгүй байгаа. Манай хүүхдүүдээс
нэгж хэрэгтэй байна гэхэд нь гар утас руу нь нэгж явуулдаг байсан. Гэтэл одоо гэртээ
оччихоод бас нэгж нэхээд байна гэсэн.

Бид алга болдог өдөр нь энэ хүүхэд Улаанбаатар мэдэхгүй, утас
мэдэхгүй яана даа гээд сандарч байтал бидний бүгдийнх нь утсыг мэдэж байсан юм билээ.
Баяраа айхтар сэргэлэн, ажилд ч сайн байсан. Манайд анх ирэхдээ юм ч ярьж чаддаггүй
гацаа, ээрүү хүүхэд ирж байлаа. Одоо харин зүгээр болчихсон. Баярааг явсны маргааш
нь бид Баяраагийн залгасан дугаар руу залгаад аав, ээжтэй нь уулзаж танилцъя, ядаж
жаахан сүү, цагаан идээ аваад явахгүй гэтэл утсаа салгаад түүнээс хойш утсаа аваагүй.

-Өмнөх амьдралынхаа талаар огт дурсдаггүй байсан юм уу. Нэрээ
хүртэл хэлдэггүй байсан гэж үү?

-Гэр бүлийнх нь тухай асуухаар “Би санахгүй байна” гэдэг. Анх
өөрийгөө Төгөлдөр гэж хэлдэг байсан. Манай ач, зээ нарын дунд олон Төгөлдөр байдаг
болохоор нэрийг нь Баяраа болгочихъё гээд Баяраа болсон. Баянзүрхийн цаг­даагаас
биднийг дуудахад л Баяраагийн жинхэнэ нэрийг Аваа-Рэнцэн гэдгийг мэдсэн. Аав нь
“Миний хүүг өдий зэрэгтэй болгож өсгөсөн хүмүүст гомдол байхгүй” гээд өргөдөл бичээд
өгсөн байна лээ. Харин садангийнх нь нэг хүн “Маш их сэргэлэн хүүхэд байсан тул
том хүн болох байсан. Гэтэл манай дүүг хулгай хийж авч явсан” гэдэг утга бүхий зүйлийг
байцааг­чид нь хэлсэн байна лээ.

Бид анх найман настай хүүхэд байна юмны наад цаад учир мэддэг
гэж бодоод аав, ээжийнхээ талаар яриад өгөөч гэхэд юу ч хэлдэггүй байсан.

-Өөртэй нь хамт хоёр хүүхдийг машинд авч явсан гэсэн байна лээ.
Тэр нь ямар учиртай хүүхдүүд юм бэ?

-Ор үндэсгүй худлаа хэлсэн байна. Баянзүрх дүүргийн байцаагч манай
хүү Ганзоригийг дуудаад “Нэг удаа алдаад зам руу гүйж явахад нь араас нь ирж авч
явсан байна” гэсэн байна лээ. Тийм зүйл ч огт болоогүй. Баяраад бид ширүүн үг ч
хэлэлгүй зургаан жил болгосон. Манайхаас зугтах шаард­лага ч гардаггүй байсан. Хөгшин
бид хоёртой нүүрэл­дүүлбэл ингэж худлаа ярьсан талаараа нэг ч үг хэлж чадахгүй.
Аав, ээжтэй нь бид уулзмаар байна. Манайх тийм ч олон малтай айл биш. Хэдэн үхэр,
цөөн тооны бог малтай.

-Зургаан жилийн хугацаанд шинэ хувцас авч өгөөгүй гээд байна гэсэн?

-Юу гэсэн үг вэ. Хувцас авч өгөлгүй яах юм. Манай охин, хүү хоёр
Солонгост ажилладаг байсан. Солонгосоос маш их юм явуулна. Тэр явуулсан хувцсыг
нь хуучин хувцас гэж боддог байсан болж таарах нь. Баяраа дутах юмгүй байсан. Шинэ
хувцсаа өмсөлгүй шууд л цааш нь далд хийчихдэг хүүхэд байсан юм. Одоо ч гэсэн тэр
хувцаснууд нь байж л байна. Манай хүүхдүүд өмсч байсан хувцсаа дамжуулаад өмсдөг
байсан. Тиймэрхүү зүйл байлгүй яахав дээ. Баярааг ээж, аав нь өмнө нь хэд хэдэн
удаа алдаад, цагдаа нар гэрт нь авч ирж өгч байсан гэсэн. Гэрээсээ дайждаг хүүхэд
байсан юм шиг байна лээ.

-Гуравдугаар ангид орох жилээ алга болсон гэсэн. Алга болоогүй
бол сургууль соёлд сурах байсан гээд хэл ам гараад байна гэв үү?

-Гуравдугаар ангийн хүүхэд манайд ирсэн гэхэд уншиж чадахгүй,
мөнгөний тоо ч мэддэггүй байсан. 600 төгрөгний юм аваад ир гээд 1000 төгрөг өгөөд
явуулахаар мөнгө хүрэхгүй байна “Тэр чинь 600 төгрөг гэж байна” гээд хүрээд ирдэг
юм.

-Таныг өөрт нь их сайн байсан тухай гэрийнхэндээ ярьсан байна
лээ?

-Баяраад өмнө нь хэд хэдэн унадаг дугуй авч өгсөн. Манай зээ,
Баяраа хоёрыг мотоцикль унаж сурга гээд Говь-Алтайгаас мото­циклио машинд дайж явуулсан
гээд бод доо. Унаад сурсных нь дараа шинэ мотоцикль авч өгнө гэж байсан юм. Явахынхаа
өмнө очиж хэд хоносон айлдаа “Өвөө надад мотоцикль авч өгнө” гэж ярьсан байна лээ.  Манайх 100 гаруй богоо энүүхэн ойрхон айлд байлгадаг
байсан юм. Тэр айл хотоос болж бүтэхгүй хүмүүс авч ирж малаа маллуулдаг байсан.
Хойд айлын хэцүү хүмүүсээс Баяраа их юм сурсан байх гэж боддог. Тэр айлд байсан
залуу утсаар залгаад “Баяраатай ярья” гэхээр нь “Гэр рүүгээ явчихсан” гэсэн чинь
“Өө тэгвэл ирэхгүй юм байна тэ” гэж байсан. “Чамайг эд нар зарж байгаад л хаяна”
гэж хэлсэн юм байх гэж бодоод байгаа юм.

-Яагаад зүгээр байсан хүүхэд гэнэт явах болсон юм бол?

-Бид Баярааг бичиг баримттай болгохын тулд шүүхээр явах шаардлагатай
болсон.

Шүүхээр яваад бичиг баримттай болгохоор миний бүх зүйл илэрнэ
гэж айгаад явах сэжүүр төрсөн байх. Түүнээс биш “Би хэзээ ч явахгүй” гэдэг хүүхэд
байсан. Хот хүрээ оръё, тоглолт үзүүлье гэхээр “Та нар яв. Би ганцаараа ч хамаагүй
байж байя” гэдэг хүүхэд байсан юм даа.

-Партизаныхан Баяраагийн тухай хэр ам сайтай байдаг вэ?

-Баяраа явчихсан гэсэн чинь “Болж, болж” гээд л байгаа юм.

-Яагаад тэгж хэлдэг билээ?

-Энд байдаг нэг эмгэнд хүүхдүүд нь хань болгож асрамжийн газраас
хүүхэд авч ирж өгсөн юм билээ. Гэтэл өнөө хүүхэд нь эмгэнээс мөнгө нэхээд “байхгүй”
гэсэн чинь алж хаячихаад мөнгийг нь аваад явчихсан юм гэсэн. Түүнээс хойш энэ хавийнхан
тиймэрхүү хүүхдийг үзэхээ байсан.

Тэгэхээр нь хөгшин бид хоёр манай Баяраа арай ч тэгэхгүй ээ гэдэг
байлаа. Баяраа манайд ямар байсныг Төв аймгийн Эрдэнэ сумынхан бүгд мэднэ.

-Эрдэнэ сумын айлуудад “Манайд мал маллах гэж ирсэн хүүхэд. Нэрийг
нь Баяраа гэдэг” гэж танилцуулсан юм биш үү?

-Анх авч очсон цагаас хойш Эрдэнэ сумынхан мэддэг. Хүүхэдгүй хоёр
хөгшин хүртэл Баяраа шиг хүүхэд олоод өгөөч гэж бид хоёрт хэлдэг байсан. Бид хоёр
хаанаас олох вэ дээ.

-Сэтгэл санааны хувьд хэр тайван хүүхэд байсан бэ?

-Их ууртай байдаг байсан. Уурандаа гурван бярууны толгой руу модоор
цохиод унагачихаж байсан юм. Ганзориг тэгэхэд нь “Миний дүү тэгж болдоггүй юм. Тэгвэл
чи малтай ч болохгүй, мал ч өсөхгүй” гэж хэлж л байсан. Хэдэн бог малыг өшгичөөд
бөөрийг нь салгачих гээд байдаг байсан. Ер нь их ууртай хүүхэд шүү. Мал зодлоо гээд
бид уурлаж, загнаж ч байгаагүй.

-Өглөөний дөрвөн цаг өнгөрөөж босоод л гэрийн ажил хийдэг байсан
гэсэн үнэн үү?

-Юу гэж тэгж хар шөнөөр босгох вэ дээ. Үхэр, тугалын баас цэвэрлэдэг
байсан нь үнэн. Өнгөрөгч зун хөгшинтэй хамт үнээ сааж сурсан. Манай зээ хүү хүртэл
үнээ саагаад сурчихсан. Манай хөгшин “Энэ насанд хүрч байгаа байх. Чадал тэнхээгээрээ
залуу хүн шиг байна” гэдэг байсан. Манай хүүхдүүд бие жижиг болохоор нь 15-16 настай
л хүүхэд байх гэдэг юм. Тийм бага наснаасаа бүх зүйлээ нууж ирснийг нь бодоход айхтар
санаа суусан хүүхэд байж. Хүн итгэтэл худлаа ярьдаг хүүхэд одоо юу ч гэж ярьж яваа
юм бүү мэд.

 

 

Э.ЭНХБОЛД

Л.МӨНХТӨР

Гэрэл зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

О.Хангай: Том цолтой бөхчүүдтэй шийдэмгий, дайрч барилдъя л гэж бодсон

Аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа.
Тэрээр ялгуусан хэ­мээх модон морин жи­лийн сар шинийн барил­даанд үзүүрлэсэн билээ.

-Сар шинийн барил­даанд аймгийн
цолтой бөхчүүд өнгөлсөн то­хиолдол цөөхөн байдаг. Таны хувьд өнөө жил үнэхээр сайхан
барил­даан гаргаж үзүүр­лэлээ, баяр хүргэе?

-Баярлалаа. Аймгийн арслан цол хүртсэнээс
хойш анх удаа том барил­даанд зодоглож үзүүр­лэлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Бэлтгэл сайн хан­гасан харагдсан.
Яаж бэлтгэл хийв?

-“Ховд дэвжээ”-ний­хэн­тэйгээ хотод
бэлтгэл хийсэн. Хөдөө гарч бэлт­гэл хийж амжсангүй. Заа­ландаа л бэлтгэлээ хан­гасан.
Бага наадам гэдэг утгаараа их ач холбогдол өгч өдөр тутмын бэлт­гэлийг бодвол арай
ша­хуу бэлтгэл хийсэн. Тэр­нийхээ үр дүнг ч хүртлээ.

-Таныг богинохон ху­га­цаанд өндөр
амжилт гаргаж байгаа бөх гэх юм. Хичнээн жил бө­хийн спортоор хичээл­лэж байна вэ?

-Би бөхөд хожуу орсон. Энэ жил 25
насны жил орж байна. Нас ч бага байна. Барилдаад гурван жил болж байна. Төгсөх ангийн
оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд су­мын­хаа наадамд барил­даж
цолоо ахиу­лаад да­раа жил нь Ховд аймгийн наадамд айм­гийн арслан Батсайхан­тай
үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан бол­сон. Өн­гөр­сөн жил айм­гийн­хаа наадмын түрүүг
авч арслан цол хүртсэн.

-Яагаад гэнэт бөх болъё гэж бодов.
Ямар мэргэжлээр сурч бай­сан бэ?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар
зохион байгуулалтын инжене­рийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолд­лоор
гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт
тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөв­гийн дөрөвт үлдсэн
тухай­гаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүр­тэй
хүлээж авсан. “Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна” гэж ирээд л. Тэгснээ
намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт
үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч
өгөөд “Сайн бөх болоо­рой” гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигд­сан.
Аав, ээжийн маань удамд байсан сай­хан бөх­чүүдийн буян гэж бодож явдаг.

-Аав, ээжийгээ та­нил­цуулахгүй
юу. Одоо хамт амьдарч байна уу?

-Миний аав Оргих гээд улсын тэргүүний
тариа­ланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэр­гэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн
уугуул. Ээж Хов­дын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч
байгаа. Харин би хотод дүү­тэйгээ болон найз охин­тойгоо хамт амьдардаг.

-Эхээс хэдүүлээ юм бэ?

-Эхээс дөрвүүлээ. Гур­ван эмэгтэй
дүүтэй. Айлын ганц хүү.  -Эцэг, эхийн тань
нэр их өвөр­мөц юм. Таны нэрийг бас их утга учиртай өгсөн гэж дуулсан?

-Аав, ээж хоёрын нэр хоёулаа үйл үг
байгаа биз. Хүмүүс хоорон­доо их зохилдлогоотой өвөрмөц нэр гэж ярьдаг. Харин миний
нэр бяр тэнхээтэй мундаг зохиолын баатрын нэр юм билээ. Намайг төрөх үед аав “Газар
шороо” рома­ныг уншсан гэсэн. Романд Хангай Базар гээд эгэлгүй хүчтэй хүний тухай
өгүүлдэг нь санаанд нь буугаад надад Хангай гэдэг нэрийг хайрласан юм билээ. Ихэд
бэлгэ­шээж өгсөн нэр дээ. 

-Ээжийн тань тал бөхийн удам­тай
гэж сонссон?

-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын
арслан Ван­чин­хүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэр­нээ их уран барил­даантай.
Бас айм­гийн арслан Магван, айм­гийн начин Дамдин­сүрэн, аймгийн заан Даваасүрэн
гээд сай­хан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүү­дийн удам гэг­дэж яваа­даа үнэ­хээр
бахарх­даг.

-Хүүхэд байх­­даа хэр но­цолд­дог
байв?

-Нэг их барил­даж байгаагүй. Ер нь
би дуу цөөтэй, хөдөл­гөөн багатай хүүхэд байсан. Одоо ч бараг тийм дээ. Багадаа
аавыгаа дагаад тариа, ногоо тарих ажилд нь тусалж хар бор ажил хийж сурсан. Хичээл
амрахаар өвөөгийнд очно. Айлын ганц хүү болоод ч тэр үү өвөө намайг их эрхлүүлнэ.
Ийм сайхан том барилдаанд үзүүрлэсэнд өвөө маань их баярласан байна лээ. Утсаар
ярьж баяр хүргэсэн.

-Гэрийнхэнтэйгээ золгож амжсан
уу?

-Хараахан амжаагүй л байна. Өнөөдөр
нутаг руугаа мордох санаатай. Аав, ээж, өвөөтэйгөө очиж золгож үнсүүлчихээд уул
усандаа мөргөөд ирнэ дээ.

-Сар шинийн барилдаанд үзүүр­лэхэд
гэрийнхэн тань зураг­таар үзэж ёстой л суудал дээрээ тогтохгүй хүүгээ дэмжиж байсан
байх даа?

-Барилдаан дуусангуут аав, ээж рүүгээ
залгатал ерөөсөө утас нь яриад завгүй гээд болдоггүй. Нэлээд удаж байж холбогдсон.
Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь “Хүү чинь үзүүрлэчихлээ баяр хүргэе” гээд зогсоо
зайгүй залгасан гэсэн. Тэр хэд маань зурагтаар миний барилдааны даваа бүрийг тэсч
ядан догдолж үзсэн байна лээ. 

-Улсын том цолтой бөхчүүд­тэй их
зоригтой барилдсан. Ер нь үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодог­дож байх юм?

-Мөнхбаатар арсланг өвдөг шороодуулаад
шөвгийн дөрөвт үлдсэндээ үнэхээр их баярласан. Би ийм том барилдаанд шөвгөр­чихлөө
шүү дээ гэж бодсон. Ер нь барилдаан бүр миний хувьд хүнд санагдсан. Учраа бөхчүүд  ч гэсэн бяртай, барилдаан сайтай боло­хоор надад
зоригтой дайрч барил­дахаас өөр зам байгаагүй. Нэгийн даваанд гэхэд л аймгийн арслан  Ганболдтой барилдсан. Аймгийн арслангуудаас бас
л барилдаа­наараа тодордог бөх. Ганболдыг хийлж хаяад хоёрын даваанд хурц арслан
Ш.Мөнгөн­баа­тарыг тонго­ро­ход нь араар нь мордоод өвдөг шороо­дуулчихлаа. Удаах
даваанд Т.Баа­сан­хүү начинд амлууллаа. Амлуулсан учраас зоригтой барил­дана л гэж
бод­сон. Харин  дөр­вийн даваанд улсын арслан
Д.Азжаргалтай оноолт таарсан. Тавын да­ваанд улсын арслан Х.Мөнх­баатар,  зургаагийн даваанд улсын заан Ч.Сан­жаа­дамба­тай
барилдахдаа нэгэнт өндөр даваанд хүртэл барилдсан хойно дайрч барил­да­хаар шийд­сэн.
Гэхдээ Ч.Санжаа­дам­ба заантай барил­дах­даа жаахан бэргэж байсан. Энэ барилдаанд
ихэнх бөх сонир­хогчид түүнийг түрүүлэх байх гэж таамаглаж бай­сан шүү дээ. Бэлт­гэл
ч сайн байгаа нь мэдэгдсэн. Харин хий гарч өөрийнх нь мэхэнд тохоод өвдөг шороодуулсан.
Мөнх­бат аварга­тай бол удаан барилдаж болохгүй гэж бодсон. Том цолтой бөхчүүдтэй
залуу бөхчүүд удаан барилдах юм бол цуцдаг. Тиймээс дайрч барил­дах нь зөв байсан.

-Гарьд Д.Рагчаатай барилда­хын
өмнө Батзориг заан өөрт чинь их л дотночилж үг хэлж харагдсан. Тэгж барилд гэж зааварласан
уу, даваа чинь хана­сан байна гэж хэлэв үү?

-“Шууд дайрч санасан мэхээ хий” гэж
захисан. Гарьд Д.Рагчаа­тай барилдахад үнэхээр цуцсан байсан болохоор хүнд барилдаан
болсон. Хий гарвал дөрөөлөөд мэх гаргая л гэж бодсон. Даанч гарьд үнэхээр бяртай,
сайн барилдаан­тай юм билээ. Гэхдээ миний хувьд үзүүр, түрүүнд үлдэж, тэр өндөр
цолтой ах нарыг өвдөг шороо­дуулна гэдэг том амжилт шүү дээ. Маргааш нь өөрийгөө
зурагтаар харсан чинь үзүүрлэчихээд их л догдолж хөөр­сөн харагдсан (инээв).

-Гарын багш тань Ц.Мягмар­сүрэн
заан. Барилдааны үеэр тэг, ингэ гэж зөвлөж байв уу?

-Багш өөрөө хөлийн цэцээр ажилласан
болохоор надад зааж, зөвлөх эрх байхгүй. Хэлээгүй л болохоос биш дотроо ингээсэй,
тэгээсэй гэж бодож л байсан байх. Үзүүрлэхэд “Сайн барилдлаа” гэж их урам өгсөн.
2010 оны өвөл Ц.Мягмарсүрэн заантай багш шавийн барилдлагатай болж бай­лаа. Тэрнээс
хойш багшаасаа барилдахаас гадна амьдралын туршлага хүртэл хуримтлуулж явна даа.
Энэ дашрамд хэлэхэд намайг дэмжиж, надад тусалдаг багшдаа болон “Ховд аймгийн хөгжлийн
төлөө сан”-гийн тэргүүн Ширнэн­бандийн Адьшаа ахдаа талархаж явдгаа хэлмээр байна.
Адьшаа ах бөхийн спортыг их сонирхоно, сайн ч мэднэ. Бас “Автобус нэг” компа­нийн
хамт олон, “Аврагч” спорт хороо, “Ховд бөх”-ийн дэвжээ­нийхэн­дээ бүгдэд баярлаж
явдгаа илэр­хийлье. 

-Та сугадаж тонгорох мэхийг тун
их гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?

-Тухайн үеийн барилдаанаас хамаарч
шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах,
тон­горох мэхэнд овоо гаршаад байгаа. 

-Одоо биеийн өндөр, жин хэд­тэй
байна?

-Өндөр 186 см. Жин 100 кило­­грамм
хавьцаа хэлбэлзэж байгаа. Сая цагаан сараар бууз их идээд жаахан жин нэмсэн байх
аа (инээв).

-Улсын наадамд зодоглож үзсэн үү?

-Энэ жилийн наадмаар л зодог­лож үзнэ
дээ.

-Сүүлийн хэд хэдэн барил­даанд
өнгөтэй барилдаж улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэг­дээд байгаа байх аа?

Саяхан “Талх чихэр”-ийн барил­­дааны түрүүг хүртсэн.
Энэ оны анхны барилдаан. Оны өмнө “ТВ-9” телевизийн арван жилийн ойн барилдаанд
“Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авсан. Сая сар шинийн барилдаанд “Улсын цолонд
ойрхон бөх”-ийн шагналыг дахиад авсан. Бас “цахиур хагалах бөх”-ийн шагналыг авсан.
Түмэн олныхоо энэ их итгэлийг алдахгүй, цаашид олон сайхан барилдаан харуулахыг
хичээнэ ээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Гэрийнхээ гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ

Рэнцэн хүүгийн аав, ээж

Оны өмнөхөн, арван­хоёр­дугаар сарын
30-ны орой Р.Түмэнжаргалын утас дуугарчээ. Утсаа хар­тал ахынх нь охины ду­гаар
байв. Утсаа аван­гуут дүү охин нь баяр­ласан дуугаар “Агаа Рэнцэн ороод  ирчихлээ. Та ма­найд хүрээд ир” гэж  хэ­лэв. Зургаан жилийн өмнө алга болсон хүү­гийнхээ
нэрийг сон­соод шоконд орно гээч л болжээ. Хариу хэлэх гэтэл  дуу нь гар­сан­гүй. Гэгээн цагаан өдөр дэлгүүр
оро­хоор хашаа­наасаа гүйж гараад алга болсон хүү нь дүүгийнд нь ирсэн гэсэн баяртай
мэ­дээнд итгэ­сэнгүй. Дэмий л “Ингэж худлаа ярьж бол­дог юм уу. Миний хүү яалаа
гэж ингээд хүрээд ирэх вэ дээ. Үнэхээр ир­сэн гэж үү. Чи сайн хар даа, яг мөн бай­на
уу. Яа­хаа­раа, хаанаас яаж ир­сэн юм бэ…” гэж үгээ давх­цуулан хэлээд утсаа сал­гачихжээ.
Утас нь дахиад л дуугарлаа. Энэ удаа Чимэддолгор утсаа авав. Хүүгийнхээ сургийг
сонс­сон ээж сан­дарч бал­­магд­­сандаа мөн л юу ч ярьж чадсан­гүй. Хадам дүүгээ
“Хүүтэйгээ ярь даа. Би утсаа Рэн­цэнд өгөөд­хөе” гэж хэлэ­хийг сонс­сон хэрнээ дуу
нь гарсан­гүй. Хүүгээ амьд мэнд хүрээд ирсэнд баяр­ласан бүсгүй ханьтайгаа адил
түг таг гэсээр утсаа тавьжээ. Түмэнжаргалын нү­дэнд нулимс ций­лэг­нэж, хувц­саа
хайн гэртээ хойш урагш алхаж байж. Чи­мэд­­долгор харин нулимс дусаасангүй. Хүү­гээ
алга болсон өдрөөс хойш тог­лож байгаад орхисон тог­лоо­муудыг нь харж,  зур­гийг нь ширтэж, хувц­сыг нь үнэрлэж уйлж суу­саар
нулимс нь ч гарахаа боль­сон гэнэ. Түүн­тэй өчиг­дөр уулза­хад ингэж хэлсэн юм.
“Их уйлаад байхаар нулимс хүртэл барагддаг юм билээ. Хүү­гээ анх хараад ч нулимс
унагаа­гүй. Амьд мэнд ирсэн нь яамай даа гэс­нээс өөр бодол орж ирэх­гүй бай­сан”
гэж  яриад инээмсэг­лэж бай­лаа. Рэн­цэн хүү
долоон жи­лийн өмнө алга болжээ. Улс даяар эрэн сурвал­жилсан ч өчнөөн жил олдоогүй
хүү нь гэнэтхэн өөрөө ороод ирж. Ингээд үйл явдал хэрхэн өрнөс­нийг гэр бүлийнх
нь бо­лон хүү­гийн яриаг үндэс­лэн сийрүүлье.

2008 оны наймдугаар сарын 12-ны нартай
дулаахан өдөр Рэнцэн хүү дүүтэйгээ гэртээ үлджээ. Аав нь  усанд явчихсан, харин ээж нь тэр өдөр ажлаасаа
ирээгүй байж. Арван нэгэн настай хүү зургаан настай охин дүүгээ харах албатай үлдсэн
ч гэртээ удаан байж тэссэнгүй “Агаа нь одоохон гоё юм аваад ирнэ ээ. Хүлээж байгаарай”
гэж хэлээд ха­шааныхаа хаалгаар харай­гаад гарч. Дэлгүүрээс чихэр ав­чихаад гараад
гүйтэл хажууханд нь нэг машин зогсож хүүг дууджээ. Нэг залуу машины хагас онгойсон
хаалгаар цухуйж “Миний дүү суучих. Ах нь энүүхэнд нэг айлаар ороод гэрт  чинь хүргээд өгчихье” гэж хэлэхэд  нь хүү хэдэн алхам ухраад “Ахаа би өөрөө гэртээ
орчихноо. Манайх энүүхэнд” гээд буцаж гүйх гэжээ. Өнөөх эр амттан харуулж “Миний
дүү энийг ав, ах нь ердөө энүүхэнд нэг айлд оччихоод гэрт чинь хүргээд өгчихнө өө”
гэж хэлээд инээмсэглэхээр нь  итгээд суучихаж.
Машин дотор өөртэй нь чацуу бололтой  хоёр
хүү сууж байжээ. Хүү үеийнхээ хөвгүүдтэй зэрэгцэн суусан байна. Танихгүй ах нар
ойрхон айлд биш бүр хотоос гараад жирийлгэж гарчээ. Угийн сэргэлэн хүүд салхи татуулан
хурдлах машинд үеийн хоёр хүүтэй зэрэгцэж суугаад цонхоор харж явах сонирхолтой
санагджээ. Хүүг ойр дотнынхон нь “Манай Рэнцэнгийн сэргэлэн нь дэндчихгүй бол мундаг
хүн гарна даа” гэж өөр зуураа  ярьцгаадаг
байж. 

Машин хурдлан явсаар хотоос зайдуу
нэг хогийн цэг дээр очсон байна. Өнөө сайхан ааштай ахын зан хувирч “Бууж хог түү”
гэж зандарчээ. Айж сандарсан хүүд үгийг нь дагаж буухаас өөр зам байсангүй. Саяхан
л дүүдээ амттан өгөхөөр гэр рүүгээ харайлгаж явсан хүү хог түүхээр машинаас урамгүйхэн
буужээ. Өнөө хоёр хүү ч дагаад буусан байна. Хог түүх муухай санагдсан ч өвөө, эмээдээ
ажилсаг гэж маг­туулдаг  хүү танихгүй ахын
тушаа­лыг үг дуугүй биелүүлжээ. Хүү үеийн хоёр жаалтай хамт  хогийн цэг дээр хоёр хоножээ. Танихгүй ах нар
машинтайгаа холоос ажиж байж. Хог түүж байгаад гараа зүс­чихжээ. Ээж нь байсан бол
уйлахаар их өвдөж байсан ч ааштай ах нарт заг­нуулах­гүйн тулд нулимсаа хан­цуйгаараа
шударчихаад чимээ­гүйхэн бөхийн хог түүж гарчээ. Хоёр хоногийн дараа хүү хүнд ажлаасаа
арай­хийн салжээ. Өнөөх танихгүй хүмүүс хүүг машиндаа суулгаад замд гарсан байна.
Машин Рэнцэнгийн гэр байгаа хотын зүг биш хөдөө тийш хурдалжээ. Ингэж явсаар хар
замаас салж шороон зам руу орж. Балчир хүүгийн сэтгэлд гэртээ ганцаараа үлдсэн дүү
нь л бодогдож байжээ. Хүүгийн суусан машин удаан явсны эцэст нэг айлын гадаа зогсссон
байна. Урд суудалд суусан танихгүй ах Рэнцэнтэй зэрэгцэж суусан хүүг  буулгаж нөгөө айл руу дагуулан орж хэсэг зуур
байснаа ганцаараа гарч иржээ. 

Хүүгийн суусан машин дахиад л тоос
татуулан давхисан байна. Удсан ч үгүй дахин нэг айлын гадаа ирж, хоёр хүүг буулгажээ.
Ингээд хоёр хүү танихгүй айлд үлдэх нь тэр. Эмээ, өвөө  шиг нь хоёр хөгшин хүүг хооллож ундлаад унтуулсан
байна. Айлын эмээ үүрээр таван цагт хоёр хүүг дуудан сэрээжээ. Наймдугаар сарын
хяруу буусан жиндүү өглөө сэрсэн хоёр хүү малын хороо цэвэрлэжээ. Зуны сүүл сарын
наран гэрэл цацруулан мандах үед хөвгүүдийн нэг нь  үхэр тууж, нөгөө нь хонь хариулах ажилд томилогджээ.  Эхний жил нь үеийн хүүтэй цуг байсан болохоор
уйдах зав гардаггүй байж. Өдөржин хонь хариулчихаад орой ирж өнөө хүүтэйгээ  тоглоно, хамтдаа унтана, өөр зуураа шивнэлдэж
ярина. Гэтэл найз нь орой болгон орондоо шээдэг болжээ. Сүүлдээ хоёр хөг­шин хүүг
орондоо шээгээд байна гээд хот буцаасан байна. Ингээд Рэнцэн ган­цаараа үлдсэн аж.
Өглөө хар үүрээр сэрж хөрзөн цэвэрлэнэ, үхэр тууна, тэгээд хониндоо гарна, орой
хониноосоо ирээд тугал татаж өгнө, хоолоо 
иднэ, унтана. Хүүгийн  амьдралын нэг
өдөр ийм хэмнэлээр өнгөрч байж. Малд дөртэй болоод ирэнгүүт нь үнээ саах ажил давхар
иржээ. Хөдөө газар тоглож наадах хүүхэд бараг үгүй. Өдөржин л мал дагана. Амь­дардаг
айлынх нь зээ хүү амрал­таараа хотоос ирж ажилд нь туслал­цан тоглож наа­дахад хүү
чин сэтгэлээсээ баяр­лаж хөөрдөг байжээ. Бас нутгийн морь хурдлуулдаг хүмүүсийн
мо­рийг наадмаар унахдаа жигтэйхэн хөөрдөг байж. Эхний жилд орондоо орохдоо л ээжийгээ
бодож чи­мээгүйхэн уйлдаг байснаа сүүлдээ байгаа айлынхаа эмээ, өвөөд дасаж гэрээ
санах нь арай л багасчээ. Гэхдээ л бяцхан зүрх­нийхээ гүнд аав, ээж, дүүгээ санасаар
байж. Өвөл зунгүй явган хонь дагах хүүд зуны хүйтэн бороо чангахан даваа болдог
байж. Хүйтэн бороонд норсон дээлтэй чичрэхийн зовлонг яс махаараа мэдэрдэг байжээ.
Хүүг аав ээжийнх нь өгсөн нэрээр биш  Баяраа
гэж дуудна. Нутгийн хүмүүс  ч энэ нэрээр нь
андахгүй, “Манай Баяраа ч айхтар ажилсаг хүү шүү” гээд ам сайтай байсан гэнэ.

Таван намар, таван өвөл, таван хавар,
таван зун өнгөр­чээ. Нэгэн өдөр хүүгийн амьдардаг айлд хот явна гээд нэг ачааны
тэрэг иржээ. Рэнцэн “Хот явах машин таарлаа ашгүй, гэртээ очъё байз. Өвөө, эмээ
хоёрынхоо хашаанд гүйгээд очно доо” гэсэн бодол төрж шуудхан л тэвшин дээр нь харай­гаад
гар­чихаж. Ачааны машины тэвшин дээр сууж байсан хүү “На­майг мэдчих вий дээ. Энэ
машин хурдан хөдлөөсэй” гэж залбирч суужээ. Удсан ч үгүй жолооч  кабиндаа сууж ма­шинаа асаах агшинд хүүг айлын
хүн олоод харчихсан гэнэ. Ингээд  гэр рүүгээ
явах оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Байнга аав, ээжийгээ ярих болсон хүүг айлын
хоёр хөгшин анзаарсан бололтой “Тэгж байгаад хот орж аав, ээжийнх нь сургийг гаргаж
паспортыг нь авч өгнө өө” гэж ярихаар нь Рэнцэн битүүхэндээ догдолж тайвширдаг байж.
Оргох гэж байгаад баригд­санаас хойш нэг жил өнгөрчээ. Шинэ жилийн өмнөхөн өвгөн,
эмгэн хоёр зээ хүүгээ хот руу явуулахдаа Рэнцэнг “Дандаа мал дээр байдаг юм. Хот
орж  ёолкдоод ир” гэж хамт  явуулжээ. Хот руу дөхөх тусам  хүүгийн сэтгэлд “Өвөөгийнх Ган­дан­даа байгаа
болов уу. Одоо очвол ч би олно доо” гэсэн бодол эргэлдэж байсан гэнэ. Хэдэн жил
хамт­даа байсан үе насны хүү Рэнцэнг хотод авчрангуутаа PC тоглохоор хамт  гарчээ. Хүүгийнх  “Өргөө” кино театрын хажууханд болохоор Рэн­цэнд
Гандан орох тийм ч хэцүү биш байж. Өнөө­хийгөө PC тоглох зуур тэссэнгүй гараад явчихаж.
Өвөөгийнхөө хашаанд иртэл яг л тэр янзаараа харагджээ. Хашаагаар нь орж хаалгыг
нь таттал цоожтой байж. Гандан хавиар жаал явж байгаад оройхон өвөөгийнхөө хашаанд
эргэж иртэл хүн ирсэн бололтой яндангаас нь утаа баагиж  харагдсан байна. Ороод очтол аавынх нь ахынх нь
дүү бүсгүй дуу алдан угтжээ.

Энэ баярт явдал тохиохоос долоон жилийн
өмнө, хүүг алга болсны дараахан аав, ээж, ар гэр нь ёстой л цээжний махаа барж байж.
Түмэнжаргал усаа аваад иртэл охин нь гэртээ ганцаараа уйлчихсан сууж байжээ. “Ах
нь яасан” гэж асуутал “Дэлгүүр яваад ирнэ гэсэн” гэж. Эхэндээ ч муу юм бодсонгүй.
Хоёр, гурван цаг болон­гуут сандарч эхэлжээ. Ээж рүү нь утасдтал тэр дороо ажлаасаа
хүрээд ирсэн гэнэ. Ингээд л хамаатан саднаараа гурван хоног онгорхой цоорхой бүхнээр
хайжээ. Асрам­жийн газар, хүүхдийн хаяг тогтоох төв, орц, хонгил, траншей, PC тоглоомын
газар гээд яваагүй газар үлдээгүй гэдэг. Гурван хоногийн дараа цагдаад мэдэгдэж
орон даяар эрэн сурвалжлаад ч хүүгээ олсонгүй гэнэ. Хайртай хүүгийнх нь сураг огт
гараагүй аж. Аав, ээжийнх нь горьдлого тасарсангүй, хүүгээ цөхрөлтгүй хайсаар байж.
Тү­мэн­жаргал сав л хийвэл гудамжаар алхдаг ажилтай болжээ. Муухан хувцастай, хүүтэй
нь нуруу чацуу хүүхэд харахаараа л гүйж очиж хардаг байж. Он жилүүд өнгөрсөн ч траншейний
хүүхдүүд дунд хүүгээ хайсаар байжээ. “Миний хүү чинь их сэргэлэн шүү дээ. Тийм хүүхэд
буруу хүүхдүүдтэй нийлээд явчих­вал хэцүү хүн болно” гэж бодож траншей хавиар байнга
эргэлддэг болжээ. Сүүлдээ траншейнийхан ч ан­дахаа больж. “Та хүүгээ олсон уу” гэж
асуудаг болсон гэнэ. Р.Түмэнжар­гал хүүгээ эрж аймгуудыг бараг л гүйцээжээ. Хүүгээ
хайсан аавын сэтгэлийг зөөллөх гэж уулзсан хүмүүс нь шил юм гаргадаг байжээ. Ингэсээр бор
дарсанд нэлээд оржээ. Хүүтэйгээ уулз­санаас хойш харин сэтгэл өөдрөг сайхан байгаа
аж.

Хүүгийн аав, ээж, ах дүү­дээ ярьсан
яриаг сонсоход ийм  явдал болж. Манай сонин
маргаашийн дугаар­таа хүүгийн малыг нь хариулж байсан айлын хөгшидтэй хийсэн ярилцлагыг
хүргэх болно. 

Ингээд хүүгийн аав Р.Түмэнжаргалтай
хийсэн ярилцлагыг хүргэе.

-Хүү нь хөдөө явсан гэв үү?

-Тийм ээ, манай эхнэрийн дүү Өвөрхангайд
мал дээр байдаг юм. Мянгат малчин мундаг залуу бий. Тийш нь явуулчихлаа. Паспортыг
нь авч өгөх гээд хөөцөлдөөд явж байна. Миний хүү чинь арван нэгтэй алга болоод арван
найман нас хүрээд буцаж ирж байгаа юм. Их сайхан өсчээ.  Тэр хоёр буурал хүүг минь малын дөртэй сайн хүн
бол­гож өсгөжээ гэж бодож сууна.  Эндээ сургууль
соёлын мөр хөөсөн бол өөр байж болох байсан байх л даа. Гэхдээ одоо юунд нь санаа
зовох вэ. Мал дээр гарахад сайхан л амьдрахаар болж. Ээж нь эрүүл саруул эргээд
ирсэнд нь л баярлаад байгаа.

-Хүүгээ ингээд гэнэт ороод ирнэ
гэж бодож байв уу?

-Лам хард үзүүлэхээр амьд байна гэж
байсан боло­хоор амьд болов уу гэж горьддог л байлаа. Амьд хүний сураг гардаггүй
гэж бодоод л хүлээгээд байсан. Нуугаад яахав, гэхдээ сүү­лийн үед итгэл алдарсаан.
Хүүг маань алга болдог жил аав, ээж маань амьд сэрүүн байсан л даа. Багаас нь хамт
байсан болохоор ёстой л амьдаараа бэтгэрсэн дээ. Надаас илүү амь байсан юм. Өөд
болохдоо хүртэл “Хүү маань ирэхгүй нь ээ” гэж хэлж байсан. Аав маань бурхан болоод
гурван жил, ээж бур­хан болоод таван жил болж байна. Амьд сэрүүн байсан бол баярлаад
сүйд болох байсан даа гэж бодож сууна.

-Рэнцэнг ирдэг өдөр танайхан гэр
бүлээрээ цуг­лаж баяр хөөр болсон гэж дуулсан. Хүүгээ анх харсан сэтгэгдлээсээ хуваал­цаач?

-Гэрээсээ гараад Гандан орохдоо яаж
явснаа ч мэдээгүй. Нэг л мэдэхэд дүүгийндээ оччихсон байсан. Нулимс өөрийн эрхгүй
асга­раад. Хүү маань ч уйлаад бөөн баяр болсон. Би чинь аав, ээжээс тавуулаа. Хотод
дөрөв нь байдаг юм. Бүгдээрээ цугласан. Хувийн эмнэлэг ажиллуулдаг дүү маань хүртэл
ажлынхаа ёолкноос шууд гараад хүрээд ирсэн. Багын маань хоёр найз хүртэл ирсэн.
Тэр орой их сайхан байсан. Хүүгээ ирснийх нь маргааш бүх хувцсыг нь шинэчилж, хоёр
ээлжийн шинэ хувцас авч өгсөн. Хүү минь, өнгөрсөн жилүүдэд нэг ч удаа шинэ хувцас
өмсч үзээгүй гэсэн. Шинэ хувцас аваад өгсөн чинь баярлаад жигтэйхэн байсан. Хүү
минь бараг аавтай­гаа чацуу шахуу болсон байна лээ. Энэ жил шинэ оноо сайхан угтлаа.
Хүү маань ирээд. Ах дүү нар ч малд дөртэй болж гээд олзуурхаад байгаа.

-Дүү нь ахыгаа хараад таньсан уу?

-Хичээлээсээ орж ирчи­хээд нэг хэсэг
дуугүй харж зогссоноо сүүл­дээ таньсан. Агаатайгаа тоглоод хэд хоног хөөрч гүйлээ.
Ахы­гаа алга болсноос хойш байнга л ярьдаг байсан юм. Хүү маань хэд хоног унтлаа.
Босч хоолоо идчи­хээд л эргээд унтаад өгнө. Ёстой нэг сайхан амрах шиг болсон. Одоо
хөдөө нагац ахындаа их сай­хан байгаа юм шиг байна. Ахындаа амьдарна л гээд бай­гаа.
Цэрэгт  явна л гэнэ. Хүү­тэй­гээ хоёр хоноод
утсаар яриад сэтгэл  сайхан байна. Миний хүү
чинь хоёрдугаар анги  төгсөөд сургуульд суу­гаа­гүй
болохоор бичиг үсэг муу талдаа. Тэгэхээр алсдаа мал бараадуулж таарна. Манай хүний
ээж одоо Өвөрхангайдаа бий. Алга болсон гэвэл санаа нь зовчих байх гээд хэлээгүй.
Хүнд өргүүлсэн гэчихсэн юм. Сая очсон чинь хачин их баярлаж байна гэсэн.

Рэнцэн хүүг алга болох үед  Баянзүрх дүүргийн цаг­даа­гийн хэлтэст мэдэгджээ.
Хүүг улс орон даяар эрэн сурвалжилж байсан эсэхийг хүүг хариуцаж буй эрүү­гийн төлөөлөгч
Анхбаатараас тод­руулахад “Тухайн үед хүүг улс даяар эрэн сурвалжилж байсан. Саяхан
энэ хэрэг над дээр шилжиж ирсэн. Хэргийг одоо шалгаж бай­гаа учраас мэдээлэл өгөх
боломж­гүй байна. Хүүхэд алга болсон энэ төрлийн хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг
учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.
 

Ц.БААСАНСҮРЭН

Б.ЭНХБОЛД

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Өмссөн хувцас бус үзүүлэх амжилт чухал

    “Сочи-2014”
өвлийн олимп хаяанд
ирчихлээ. Энэхүү олимп улс орон бүрийн анхаарлын төвд байгаа билээ.  Манай улсаас цанын төрөлд хоёр тамирчин
оролцохоор мордоод байгаа. Монголын тамирчид Австри улсын
“Ramsu” баазад  хамтарсан бэлтгэлд гараад эхэлчихсэн сураг ч байна. Одоо зөвхөн тэмцээнд
хэрхэн оролцож ямар амжилт үзүүлэхийг спорт сонирхогчид хүлээх үлдлээ. Гэхдээ манайх цанаас өөр өвлийн спортын
төрөлд хүч үзчихээр олигтой тамирчид байхгүй. Нөхцөл ч муу гээд хэлчихэд болно.
Одоо ч гэсэн үзүүлэх амжилт нь бараг л тодорхой. Гэхдээ л ганц дайчин
ганцаардахгүй гэгчээр энэ том олимпод оролцож буй хоёр тамирчнаа монголчууд
сэтгэл дундуур мордуулчихсан. Учир нь тэдний олимпод өмсөх хувцастай холбоотой
шуугиан нэлээдгүй гарсан. Уг нь энэ чинь спортын наадам биз дээ. Тэрнээс биш
хэн гоё, ганган хувцас өмссөн нь түрүүлнэ гэсэн заалт байхгүй. Яахав монголчууд
хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг зүйр үгийнхээ гаргалгаатай яг таг
барьцалдчихаад байгаагийн нэг илрэл.  Тэгээд
ч манайхан шиг гаднах төрхөндөө анхаардаг улс ховор

Мэдээж олон
орны тамирчдын дунд бас нэг доожоогүй, өнгө гундуу байж болохгүй байх л даа. Гэхдээ
ямар хоёр цаначин маань очоод хувцасаараа гулгаж уралдах гээд байгаа биш дээ. Тэд
бол тамирчид. Загварын наадамд оролцох гэж яваагүй. Энэ асуудлыг нэг дэвэргээд,
нэгнийгээ харааж, зүхээд байх ч албагүй. Харин үүний оронд хоёр тамирчны амь
насны даатгал, тэмцээнд оролцох цана, бусад эд хэрэгслийнх нь тал дээр санаа
тавих ёстой юм.

Тэгээд амжилт
гаргаад эх орныхоо нэрийг гаргаад ирээсэй гээд сайхан ерөөгөөд үдэж өгөх байлаа.
Гар бариад амжилттай оролцоорой гэхийн оронд “хөгшөөн өмссөн хувцас чинь нэг л
биш ээ” гээд байхаар цаадах хүмүүсдээ таатай санагдахгүй л байх. Ер нь тэгээд
манай олимпийн хорооныхон тамирчдадаа зориулаад тогтсон өнгийн хувцас
гаргачихвал байнга ийм хэл ам дэгдээд байхгүй болов уу.  Түүнчлэн цаашид хувцас мэтийн зүйлд санаа
зовниж бусдын аманд унаж хэдэн метр даавууны хооронд гүйж байхаар дараагийн
өвлийн олимпод олон төрөлд илүү олон тамирчин оролцуулах арга зам хайвал
зүгээрсэн.

Д.Даваасүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сайхансамбуу: Миний Цагаан сар бурхан тахилдаа цайгаа өргөөд л болчихсон

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

 
-Та сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ.

-Сар шинийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?

-Бууз, тавгийн идээ засч тэмдэг­лээд байдаг­гүй. Үндэс­нийхээ
бая­рыг тэмдэглэлгүй л яахав. Гэхдээ ийм асар их хэм­жээний хөрөнгө зарж хэ­рэггүй
гэж боддог. Харин бидний өдөр тутмын амьд­рал маань цагаан сар шиг элбэг дэлбэг
бай­гаасай гэж хүсдэг. Жи­лийн хоёр, гуравхан өдөр хамаг мөнгө төг­рөгөө барах
нь дэмий.

-Та идээ будаа зас­даг­гүй гэж үү?

-Үгүй ээ.

-Золголт хийдэг биз дээ?

-Заавал шинийн нэг­ний өглөө золгоно гээд байдаггүй. Бурхан
тахил­даа цай сүү­нийхээ дээ­жийг өргөдгөөрөө өр­гөөд л болсон шүү дээ.  Ер нь баяр цэнгэлд дурлаад байдаггүй. Нийт
монгол­чуудын маань амьдрал жигд, өдөр бүхэн цагаан сар шиг сайхан бай­гаасай л
гэж боддог хүн. Айл болгон ууц тавих гээд л өр тавьдаг. Ингэж бэлт­гэсэн их
хоолоо  цагаан сарын дараа муудахаас нь
өмнө идэж дуусгана гэж бөөн ажил. Ийм чирэг­дэлтэй баяр монгол­чуудад хэ­рэггүй.

-Монгол ёс заншил гэж байна шүү дээ?

-Алийн болгон ёс зан­шил, ерөөл магтаалаар амьдрах юм бэ.
Бодит амьдрал л чухал шүү дээ. Тэглээ гээд хүмүүс намайг муу хэлэх л байх.
Нарийн, харамчдаа ингээд бай­гаа юм биш. Тэртэй тэргүй би зөндөө ажил хийж,
олон хүнд буян болоод явж байгаа.

-Тэгэхээр “Наран­туул” захад гарсан га­лын дүгнэлт нэгэнт
тодор­хой болчихсон. Одоо асуудал юу бол­сон билээ?

-Дүгнэлт гарчихсан. Гэхдээ манай компанийн­хан хүлээж авах­гүй.
Кабелиас үүдэлтэй гал богино хугацаанд тэр том байшинг шатаа­чихсан гэдэгт
итгэхгүй байна. Галын асуудал одоо прокурорт шилжчихсэн байгаа. Манайхны гар­гасан
тодорхойлолт бо­лон албаныхны дүгнэлт хоёрыг харь­цуулж бай­гаад үнэн зөв
шийдвэрт хүрэх байлгүй гэж хүлээж сууна. 

-Танайхан хэн нэгэн санаатай гал гаргасан гэж үзээд байгаа
бил үү?

-Мэдээж гаднаас гал тавьсан.

-Тийм хүн гал тавь­сан гэх баталгаа байгаа юм уу?

-Тийм том байшинг хэдхэн минутын дотор шатаана гэдэг бол мэр­гэжлийн
хүмүүс гал тавьс­­ныг батлаад байгаа юм. Олон гэрч байна. Үүнийг цагдаагийнхан
шалгана биз. Ямар ч байсан гал гарахад байсан хүмүүс бий шүү дээ. Тэднээс бай­цаалт
аваагүй. Гал гардаг шөнө хоносон наймаач­дын хэргийг хэрэгсэхгүй болгочихсон
байна. Ха­рин манай хөдөлмөр хам­гааллын байцаагч, цахилгааны инженерт эрүү
үүсгэчихсэн явж байх жишээтэй.

Та хоёр манаачийг ажлаас нь халчихсан юм уу?

-Үгүй л дээ. Ажлаа хийж байгаа. Гэхдээ элдэв асуудал
гаргуулахгүй л гэж тэр хоёр хүнд цалин өгч захаа мануулж бай­сан учраас
хариуцлага хүлээхгүй байна гэж юу байхав.  

-Шинэ хүнсний зах барих ажлын явц ямар байна вэ?

-Шатсан байшингаа цэвэр­лэчих­сэн. Шинэ бай­шин барих гээд
зураг төслөө бэлэн болгоод нийс­лэлийн архитек­турын газарт та­нил­цуул­чихаад
явж байна. Орчин үеийн шаардлага хан­гасан хүнс­ний зах барих нь тодорхой. Тэнд
байсан худалдаачдыг эргээд аж­лын байраар хангах зорилготой явж байна.
Дөрөвдүгээр сард цут­галтын ажил эхлээд энэ ондоо амжуулна даа.

Шинэ зах барихаар “Наран­туул”-аа хаах  уу?

-Хаахгүй ээ. Тэрүү­хэнд нь ха­шаа барьж тус­гаарлаад барил­гын  аж­лаа явуулчихна.

-Захаа битүүлэх үү?

-Битүүлнэ. Зураг төс­лөө бэлт­гэчихсэн байгаа.

-Хохирсон най­маачдын асууд­лыг яаж байгаа билээ?

-Шүүхээр эцсийн дүн гарсны дараа асуудал шийдэгдэнэ шүү дээ.
Би өөрөө ч хохирсон хүн. Тиймээс санаатай гал тавьсан хүмүүсийг олох хэрэгтэй
байна.

-“Нарантуул”-ын най­маач­дын дийлэнх нь “Дүнжингарав” руу
орчихоод эзгүйрчихсэн байна гэдэг зүйл яриг­даад байна лээ?

-Мэдэхгүй. Явах нэг нь явна л биз. Та нар болиоч гэж гуйгаад
байх юм алга. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс аль газар нь ашиг­тай байна тийшээ
л явах байлгүй.

Та улс төрд хэр ойр байна. Намынхаа ажилд оролцож байна
уу?

-Намын байраар эр­гэл­дээд гүйгээд байгаа юм алга. Намын төв
аппаратад сонгуульт ажил­тай хүн биш. Намын гишүүн хэвээрээ л байна. 

-Та нийслэлийн МАН-ын дэд дарга биз дээ?

-Тийм л дээ. Тэглээ гээд дарга нартай уулзаад бодлого яриад
байдаггүй. Мань мэтийг бодлогын асуудалдаа оруулаад байдаггүй юм. Аль ч на­мын
бодлогыг авч явдаг хэдхэн хүн байдаг юм. Ц.Оюун­дарь “Намын өмнөөс шийдвэр
ярьдаг хүн биш ээ” гээд үнэнээ хэлж байна лээ. Нэг намын ерөнхий нарийн бичгийн
дарга нь ингэж ярьж байхад МАН-ын нийслэлийн дэд дарга мань мэт юу ярихав. Аль
ч намд хэдхэн хүн шийд­вэр гар­гаад түүнийгээ намын бодлого гээд тул­гадаг. Ийм
явцуу зарч­маар л явдаг шүү дээ.

Намын удирд­лагууд чинь өөрчлөгд­лөө. Мэдрэгдэж байгаа юм
байна уу?

-Мэдэхгүй. Мэд­рэгдсэн юм алга. Өөрч­лөлт, шинэчлэлт гэж со­нин
содон  харагдана гэдэгт итгэхээ байсан.
Ер нь ганц МАН ч биш улс­төрчдөд итгэхэд бэрх. Сай­хан болгоно гээд л баахан
худлаа ярьдаг. Өмнө нь байсан бүхэн байдгаараа байж л бай­на. Ард түмний эрс
сайж­раад өөрчлөгд­чихсөн юм алга.

Богино хугацаанд өөрчилнө гэж байхгүй байх л даа?

-Тэглээ гэхэд аливаа зүйлд сайжрах хандлага байдаг даа. Гэвч
тийм юм алга. Нийслэлийн замыг жил бүр засдаг. Тэр л жиш­гээрээ заслаа. Бен­зиний
үйлдвэр барьчих­сан юм алга. Цахилгаан станцуудынхаа шавыг ч тавь­сангүй.
Дотоодынхоо  төмөр, це­мен­тийн үйлд­вэрийн
хүчин чадлыг нэмчихсэнгүй. Долларын ханш өсч, төгрөгийн ханш суларсан хэвээ­рээ.
Ба­рааны үнэ өссөн чигээ­рээ. Ард иргэд цалин тэтгэврээ нэм гэж шаард­сан
хэвээрээ. Юу өөрч­лөгд­сөн юм. Бүх зүйл урьдынхаараа байгаа биз. Өөрчлөлт,
шинэч­лэлт нь надаас өөр хү­мүүст мэдрэгдэж байдаг  нь юу юм гэхээс. УИХ-д өргөн барьсан хууль да­рагддаг
гэсэн шүүмжлэл намайг гишүүн байхад 
явдаг байсан. Тэр хэвээ­рээ байна. Хууль зүйн сайд нь өргөн барьсан
хуулиа хэлэлцүүлэх гээд барахгүй, самбарын өм­нө ярьсаар жилийн нүүр үзлээ.
Манай монгол­чууд нэгдэж ажил хийнэ гэж бай­даггүй юм билээ. УИХ-д байхдаа
мэдсэн. Сүүлдээ хуулиудаа ойр ойрхон өөрчилж байна.  Нэг хүнийг дархан аварга, хөдөлмөрийн баа­тар
болгох гээд Архангайн гишүүд хууль өргөн ба­риад байх юм. Наад­мын өмнө зүтгээд
чадаагүй учраас Цагаан сарын өмнө дахиад л өргөн барилаа. Өөрсдөдөө зо­хи­цуулж
хууль өргөн барина гэж юу байхав дээ. Ер нь Монгол Улсад лидер алга. Зохион бай­гуулаад
удирдаад зан­гидаад явах удир­даачгүй учраас замбараагаа алд­чихаад байна. Байс­хийгээд
нэг нам нь худлаа ярьж байгаад га­раад ирдэг. 
Тэглээ гээд өөрч­лөгд­сөн юм алга. Ийм л байна даа.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Молиго үмхүүлэгч

Одоогоос гурван жи­лийн өмнө Б.Бат-Эрдэнэ
гишүүн МАХН-д элсэх нь гэдэг яриа гарч  байлаа.
МАН-ын голоод хаясан МАХН нэрийг Н.Энхбаяр тэр­гүүт­нүүд эзэмшиж бай­сан цаг. Үнэхээр
ч тэр үед УИХ-д МАН-ын нэ­рээр сонгогдсон хэсэг гишүүд үгсэн уулзаж, фракц бүлэглэл
байгуу­лах тухай ярьж, Н.Энх­баярыг жий­сэн намын дарга нараа шүүмжилж, ил захидал
хүртэл илгээж байсан нь үнэн. Тэдний нэг нь яах аргагүй Б.Бат-Эрдэнэ гишүүн байлаа.
Үгийг минь ойшоохгүй, ил за­хидлыг нь авч хэ­лэл­цэхгүй бол Ардын намаас гараад
Хувьсгалт нам руу явчихъя гэдэг яриа хөө­рөө, тохироо ч тэдний хооронд байсан нь
нууц биш. Тийм ч байсны ба­тал­гаа нь Н.Энхбаяр дар­гыгаа баривчлагдсаны дараа Д.Тэрбишдагва
тэр­­гүүтнүүд санасандаа шулуудаж, МАХН-ын бат­лахаа сэргээсэн явдал байлаа. Харин
тэдний дундаас замаасаа буц­сан нь Б.Бат-Эрдэнэ ги­шүүн байв. Уг нь бол тэр МАХН
руу явах нь то­дорхой болчихсон бай­сан гэдэг. Үүнийгээ бат­лах гэсэн шиг Н.Энхбаяр
даргыгаа “ачигдах” гээд амь наана, там цаана байгаагаа зурагтаараа шууд дамжуулж
байхад нь утсаар ярьж, санаа тавьж байлаа. Харь улс руу “нисэх” гээд онгоцонд дугаарлаж
зогсохдоо ч  Н.Энхбаяр даргыгаа мар­тахгүй
байсан боло­хоор нь  МАХН-ынхан түүнийг ирнэ
гэдэгт бат итгэчихсэн байв. Ха­рамсалтай нь Б.Бат-Эрдэнэ гишүүнд хуур­тагдсанаа
сүүлд ойлгоц­гоосон биз. Дараа нь да­хиад л түүнийг МАХН-д элсэхээр болжээ гэдэг
мэдээлэл тарлаа. Гэвч Ерөнхийлөгчийн сон­гуульд МАН-аас нэр дэвш­сэн үйлдлээрээ
үгүйс­гээд авах шиг бол­сон. Тэгвэл сая Цагаан сарын өмнө уламжлал болчихсон ч гэмээр
өнөөх яриа чинь дахиад дэгд­лээ. “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МАХН-д элсэнэ. Өнөөдөр
бат­лахаа авна” гээд зарим хэвлэлүүд өглөө шууги­тал өдөр нь ярианы  эзэн өөрөө үгүйсгэж, худлаа хэмээн батлав.

Ингээд бодохоор Б.Бат-Эрдэнэ гишүүний МАХН руу урвах тухай мэдээлэл
шинэ сонсог­дохоо хэдийнэ байжээ.  Энэ яриа
гарах тоолонд нь үгүйсгэсээр байдаг Баагий аварга ч өөрөө сонин биш болчихлоо.  Овоо босгоогүй бол шааз­гай юунд суухав гэгчээр  Б.Бат-Эрдэнэ гишүүн МАН-даа гом­дохоороо МАХН
руу  явна гэж  “айлгадаг” 
туйлбар­гүй зантай болчихсон учраас л үе, үе хэв­лэлийнхэн түүнийг нь шуу­гиан
болгодог бол­жээ.  Ядаж байхад МАХН-ынхан
ч Б.Бат-Эрдэнэ гишүүнд итгэж ханахгүй юм. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ нар хэзээнээсээ үй зай­гүй найзууд гэгддэг. Тийм учраас тэдний
хооронд МАХН-ын тухай яриа ямагт өрнөдөг биз. Найз л болсон хойно “Танай намд очно
оо” гэсэн Б.Бат-Эрдэнэ гишүүний үгийг Д.Тэрбишдагва сайд намынхандаа дам­жуулчихдаг
бололтой. Ийм л зарчмаар өнгөр­сөн Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа аман тохироо
явагджээ.

Тиймээс сая Цагаан сарын дараа өнгөрсөн дөрвөн жилд МАН-ыг олонхи
байх үед УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж явсан Ц.Шарав­доржийн хамт батлахыг
нь гардуулна хэмээн бар­дам байсан МАХН-ын­ханд Б.Бат-Эрдэнэ ги­шүүн дахиад л ээлжит
молигоо үмхүүлэв.  Ямар­тай ч түүнийг МАХН
руу явахын даваан дээр нам нь нэг амлалтаар ар­галаад “чөдөрлөөд” үлдээдэг бололтой.
Эс бөгөөс Баагий аварга зүгээр л Н.Энхбаярын намынхны янзыг үзэж,  Д.Тэрбишдагва най­заараа даажигнаж тог­лодгоос
зайлахгүй нь. 

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ