Categories
редакцийн-нийтлэл

Сумын сургуулийн багш нар

Төв аймгийн Жаргалант гэж
нийслэлээс зуу гаруй километр алслагдсан сум бий. Сумын төвийн маань хамгийн
том байшин нь манай сургууль. Гурван 
давхар,  П үсгийн хэлбэртэй,
томоос том байшин. Жаргалантын арван жил (одоо бол арван хоёр жил л дээ) хэзээнээсээ л сургалт сайтайгаараа алдартай байсан юм. Би сургуулийнхаа
1998 оны төгсөгч. Ерэн оны ардчилсан хувьсгалын үеэр  сумынхаа дотуур байранд  дөрөвдүгээр ангид сурахаар Загдал багаас ирж
байлаа. Загдал гэж сумаасаа хорь гаруй километр алслагдсан жижигхэн баг л даа. Одоо
эргээд бодож суухад өнөөдрийнхөө “би”-г тэр том саарал байшингаас   олж 
авсан санагддаг. Байшин ч биш юм аа, тэр байшинд номын дуу сонсгосон
олон  сайхан багшаасаа. Сумын сургуулийн
багш нараасаа.

Дөрөвдүгээр ангид хүлээж авсан
анхны багш маань Дуламсүрэн гэж монгол хэл, уран зохиол заадаг гоё эгч байлаа.
Тэр үед  монгол бичгийг зургадугаар
ангиас  ч билүү заадаг байсан юм. Харин
Дууяа багш биднийг хичээлийн дараа 
тусгай цаг гарган цуглуулж байгаад 
титэм, шилбэ зааж эхэлж билээ. Тоглох цагаас хумсалж байгаа болохоор
манай ангийн ихэнх нь дургүй. Дуртай дургүй дэвтрээ нээцгээнэ. Монгол бичгээр
төвөггүй уншиж, бичдэг болсон минь Дууяа багшийн амрах цагаа хумслан байж
титэм, шилбэ зуруулсаны ач гэж одоо боддог. Багш нарын сэтгэлээсээ юм заах гэж
хичээсэн оролдлого бүр хүүхдэд  заавал
нэг юм өгдөг, үлдээдэг  шиг санагддаг.

 Цоодол багш байна. Одоо ч гэсэн Жаргалантынхаа
сургуульд газар зүйн хичээлээ зааж байгаа. Цоодол  багшийн хичээл заадаг ангид орох их дуртай
байж билээ. Ширээн дээрээ дэлхийн 
бөмбөрцөг тавьсан, ханаараа нэг газрын зурагтай тэр ангид  орохоороо жижигхэн сумын төвөөсөө гарч
дэлхийгээр нэг  аялж гарна даа, харин ч
нэг. Цоодол багш хичээлээ заахдаа зураглаж ярина гэж янзтай. Далайн дунд
байгаа, цэг шиг жижигхэн, нэрийг нь урьд хожид сонсоогүй улсын нэрийг ч зүгээр
нэг хэлээд орхихгүй. Амьдардаг хүмүүс, амьтан ургамалтай нь кино ярьж өгч байгаа
мэт хачин сонирхолтой яриа хөврүүлнэ. За тэгээд газар зүйн хичээлд сонирхолтой
хүүхдийг анхааралдаа авна гэж яана. Багшаасаа тийм ном авч уншаарай, багш нь
чамайг олимпиадад бэлдье гэж ирээд өөриймсөнө. Хичээлээс гадуур зарцуулсан цаг
бүхэн өнөөдөр бол мөнгөөр үнэлэгдэнэ. Харин Цоодол багш тэгэхгүй. Ядруухан
айлын хүүхэд байсан ч авъяастай, хичээлдээ сонирхолтой л бол цагаа хайрлахгүй. Бүр
гэртээ аваачиж хооллож ундалж байгаад л олимпиадад бэлдэнэ. Одоо ч тэр хэвээрээ
байна лээ. Цоодол багшийн олимпиадад 
бэлдсэн хүүхэд заавал нэг медальтай ирнэ. Конкурст бэлдсэн хүүхдүүд нь улсын
том сургуульд орчихсон гэх сураг дуулдана. Цоодол багшийн шавь нараас газар
зүйн салбарт олон мундаг хүн байдаг гэсэн.

Биологийн  Пүрэвдаваа багш их цэмцгэр. Өдөр бүр өөр өөр гоё
хувцас өмсөнө. Пүрэвдаваа багшийн яаж хувцасласныг харах гэж хичээл заадаг
ангийнх нь хажуугаар эргэлддэг байснаа одоо бодохоор хөгжилтэй санагддаг.  Биологийнхоо багшаас эмэгтэй хүн гоё байвал
орчиндоо гэрэл түгээдэг гэсэн мэдрэмжийг анх авсан шиг байгаа юм. Пүрэвдаваа
багшаас хамгийн гол авсан зүйл маань бичгийн
соёл. Багш эхний хичээл дээрээ биологи 
заагаагүй.  Монгол хэлний хичээл
орж байгаа шиг юм болж билээ. “Эрдэмтэй сайн болох эхний алхам бол ерөөсөө л
бичгийн соёл. Шинэ мөр эхлэхдээ заавал догол мөрнөөс эхэлдэг. Нэг утга яваад
дуусахаар дахиад догол мөрнөөс эхэл. Тэгвэл дараа нь  хичээлээ уншихад цэгцтэй, ойлгомжтой
харагдана. Дэвтэр дээрээ баллаж сараачихгүй бичих хэрэгтэй. Дэвтрийнх нь  хуудасны 
үзүүр  нугаларсан хүүхдэд би
дургүй. Ер нь дэвтэр их ухаантай. Эзнээ хэн болохыг хэлээд өгдөг юм” гэж  үе үе сануулна. Хоёр, гурван хичээлийн дараа
дэвтэр байнга хурааж авч шалгана. Бичгийн соёлоо  баримтлаагүй хүүхдэд дэвтрийг нь  өгч “Дахиад хуулаад ир” гээд явуулчихна. Манай
ангийнхан хэд хэдэн удаа хуулан бичлэг хийгээд л нөгөө айхтар соёлд нь суралцаж
билээ. Оюутан үеийн лекцийн дэвтрээ сөхөхөөр  арван жилийн биологийн дэвтэр шиг цэгцтэй
харагддаг юм. Одоо ч гэсэн  Пүрэвдаваа
багшийн заасан бичгийн соёлыг алдаагүй байгаагаа ажлын дэвтрээсээ анзаардаг. Эргүүлээд
харахад цэгцтэй, ойлгомжтой… Тэр үед дахин дахин хуулан бичлэг хийхдээ тийм ч
дуртай байгаагүй  ч одоо эргээд бодоход амьдралд
хэргээ өгсөн дадлыг суулгасанд нь багшдаа баярладаг. Пүрэвдаваа багштайгаа
гурван жилийн өмнө тааралдахад  нийслэлийн
нэг сургуульд багшилдаг гэж байсан. Нөгөө айхтар бичгийн соёлоо заагаад л явж
байгаа байх.

Сургуулийнхаа багш нарын  талаар сэтгэлд шингэсэн ийм агшнуудыг яривал бараг
ном ч бичиж болохоор олон гоё дурсамж  бий.  Ажилдаа дуртай, хүүхдэд юм сургах гэж сэтгэлээсээ
ханддаг, сэтгэлээс гарсан үйлдэл бүр нь шавь нарынх нь хожмын амьдралд их бага
хэмжээгээр тусаа өгдөг, одоо ч гэсэн зориод очиход элэгсэг угтдаг сумын
сургуулийн багш нараа гэж…

Ц.Баасансүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Б.Баасансүрэн: Якутад хорт хавдар эмчлэх наяад ургамал байгааг олж тогтоосон

Якутад хорин жил судалгаа хийж, үргүйдэлтэй гэсэн онош сонссон
Ази, Европын 170 гаруй бүсгүйд үрийн зулай үнэрлүүл­сэн монгол эрдэмтнийг уншиг­чид­тайгаа
уулзуулж байна. Энэ эрх­мийг Б.Баасансүрэн гэдэг. Тавхан настайгаасаа Лхаст ном
үзэж эхэлсэн тэрээр цаа­ны цусан эвэр зэрэг эд эрхт­нийг өвс ур­гамал­тай хольж
үргүйд­лээс эх­лээд хорт хавдрыг хүр­тэл ана­гааж, эмчилж байгаа нэгэн юм. Саяхан
Кремлийн ор­донд Олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны “2013 оны хүн”  шаг­налыг хүртсэн монгол эрдэм­тэнд Австрийн ерөнхий­лөгч  энэ зууны дэлхийн шилдэг эрдэмт­ний шагналыг өнгөрсөн
жил гардуулж байжээ.

 
-Хар багаасаа Түвдийн Лхасыг зорьсон гэхээр өвөг дээдэс тань их
номтой улс байжээ?

-Таван наснаасаа дорно дахи­ны Түвдийн анагаах ухаанд эх оронд
нь очиж суралцсандаа, Түв­дийн цагаан толгой үзсэндээ их баярлаж явдаг юмаа. Миний
мэдэ­хээр өмнөх гурван үе маань бурхан шашныг хүндэлдэг, өв уламжлалыг айхтар сахидаг,
гүн ухаанд сүрхий нэвтэрсэн улс байсан юм билээ. Дотроосоо ариусч, хүнд ариун сайхан
сэтгэлээр уужмаар хандаж явах хэрэгтэй гэдгийг амьд­ралаараа үлгэрлэсэн улс байсан.
Би чинь эцэг өвгөдөө сөхөж яривал  дөрөв дэх
үеийн бурханы ном үзсэн хүн бай­гаа юм. Манай дээдсүүдийн дунд хувилгаанууд ч байсан
гэдэг. Гэндэн хувилгаан гэж Баянхонгорын Ла­мын гэгээний хүн байсан. Миний аав тэр
хүний  хүү нь. Гэндэн хувил­гааны аав нь Европт
бурхан­даа мордсон гэдэг. Англи юмуу Францад байх, яг хаана гэдгийг нь нарийн мэдэхгүй.  Гэндэн хувилгаан  Түвдэд бурхандаа морд­сон. Далай багшийн номын  багш нь.

-Далай лам таны багш болсон нь тийм учиртай байх нь ээ?

-Арвандөрөвдүгээр Далай лам надад “а” үсэг заасан ачтай хүн. Гэндэн
хувилгаанаас гадна аав маань Далай багштай нэг ан­гийн улс байсан юм билээ. Гэхдээ
Далай багшийг дагаж яваагүй гэдэг.  Улам­жилж
ирсэн Түвдийн дуган дацнаа орхиж явахгүй гэсэн юм билээ. Хятадын Мао Зэдуны хувьс­галаар
бурхандаа мордсон. Далай багш аавын минь талаар “Өнөөдөр мар­гаа­шийг боддоггүй,
хорь гучин жи­лийг бодож үр хүүхдэдээ хандаж байсан хүн” гэж хэлж байсан. “Гучин
жил чинь бага шүү, жартай хүн юмаа сурч дээшээ гардаг юм шүү” гэж ярьж байсан юм
билээ. Миний аав их хатуу хүн байсан.  Аавтайгаа
уулзъя гэж арван жил мөрөөдөөд дийлээ­гүй. “Тэр хүнийг  энд авчирч болохгүй. Сэтгэл нь хувирчихна. Эрхийг
сура­хаар бэрхийг сураг” гээд хатуу дэг жаягтай хийдэд тэр олон жилээр  намайг сургасан хэрэг. Би ч баг­шийн­­хаа итгэлийг
алдаагүй. Далай багш “Дэлхийд нэрээ гар­гасан сайн  ша­виараа бахархдаг” гэж хэлдэг юм.

-Далай багшийн ямар чанар нь танд онцгой санагддаг вэ?

-Гайхалтай гүн ухаанч. Ерөөсөө л хүнийг дотроос нь  ариусгаж зөв байлгах гэсэн чин  хүсэлтэй хүн.

-Таны  Лхас руу явсан түүх
их сонирхолтой санагдаж байна?

-Эхлээд дөрвөн настайдаа Ган­данд ирсэн юм. Гомбожав хамба маань
тэр үед амьд сэрүүн байлаа. Намайг Ганданд авчирч өгсөн хүн “Монгол транс”-ын ууган
жолооч Жамбал гэж мундаг хүн байсан гэдэг. 
Сүхбаатарын одон гуравтай, онц тээвэрчин хүн байсан юм билээ. Гандан тэр
үед дөрвөн гудамжтай байлаа. Би Гомбожав хамбын дэр­гэд нэг жил ном үзээд Түвд рүү
явсан юм. Тэнд Далай багшид шавь орж Чойрын ном заалгаж эхэлсэн. 13 настайдаа шалгалтаа
өгч сургуулиа дуусгасан даа. Яг  сургууль
төгсөх үед аав маань Түвдийн бос­логын үеэр хятадуудад алагдсан юм аа. Би бас тэр
үед аавтайгаа уулзах гэж яваад хятадуудад өртөж амиа алдахаас наагуур сайн хүмүүсийн
ачаар эх нутагтаа ирсэн юм.

-Гэндэн хувилгаан гэж ямар хүн байсан юм бол, Далай багш өвөөг
тань дурсан ярьдаг л байсан байх?

-Далай багш их нарийн ухаан­тай хүн. Тийм учраас хувилгаан багш
нарынхаа талаар нэг их ярихгүй. Нэрийг нь ч хэлэхгүй. Ухаалаг, эх оронч хүн л байсан
юм билээ. Баянхонгор аймгийн Хүрээ­маралын хийд гэж шашин номын үйл хэрэг ид дэлгэрч
байсан үед судар номын орчуулгын төв болж байсан сайхан хийд байж. Миний өвөө Гэндэн
гэгээнтэн гэж хувилгаан хүн тэр хийдэд суудаг байсан гэдэг. 1937 оны үед цаг төр
эвгүй болох үеэр өвөө маань Түвдэд гарч хийд байгуу­лан суусан байдаг. Тэгэхэд манай
аав ээж хоёр хамт явж. Ээж маань намайг төрүүлэхийнхээ өм­нөхөн эх нутагтаа ирсэн
гэдэг. Миний ээж Архан­гай аймгийн Ихтамир сумын хүн. Намайг төрүүлээд төрөхийн
өвчнөөр өөд болсон гэдэг. Тэгээд л би жаахандаа Түвд рүү өвөө дээрээ очсон юм.

Далай багштай өнөө хэр хол­боотой, байнгын харилцаатай  яв­даг хүний тань хувьд асуух нэг асуулт байна.
Далай багшийн  монголчуудын талаар хамгийн
их ярьдаг зүйл гэвэл…?

-“Буддын шашны гүн ухааныг жинхэнэ утгаар нь бясалгасан улс бол
монголчууд, ээ дээ сайхан улс шүү” гэж хэлдэг юм. Гэтэл сүүлийн үед эмзэглэхээр
зүйл их ажиг­лагдах боллоо. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед мөнгөний лам нар их төрж
бай­на. Ийм улс буддын их ухааны нэр хүндийг унагаад байна л даа. Бу­риа­­дын лам
нар гээд ярихад л  шүүмж­лэхээр зүйл их байна.
Тэд­нийг манайд сургууль дүүргэсэн гэж оро­сууд ярьж, бидэнд ам муутай хандах гээд
байдаг болжээ. Ясанд мөргөөд унахаар тэгнэ л дээ. Яаж ам сайтай байхав. “Эдний лам
нар Монголд төгссөн, танайхаас л сур­сан 
юм нь энэ” гэж байгаа юм. Гэтэл бид бурханы шашинтай, олон жи­лийн бумбатай,
шүтээнтэй ард түмэн. Тэндээ мөр­гөөд явбал 
болно шүү дээ.

-Ясанд мөргөөд гэдэг нь Ит­гэлт хамбад мөргөж байгаа хү­мүүсийг
хэлээд байна уу?

-Тиймээ. Өнөөдөр Монголын минь ард түмэн зүгээр л нэг бурхан­даа
мордсон хамбын ясанд мөр­гөдөг боллоо. Хүний ясанд хүн мөргөнө гэж байхгүй, бидний
соёлд байж болом­гүй зүйл. Монголчууд “эрхэм хү­нийхээ  ясыг өндөлзүүлж болохгүй, сайн яваарай” гэж хэ­лэлц­сээр
ирсэн ард түмэн.  Улаан-Үүдээс 60 км-т давсан
нуур байдаг юм. Давстай газар хүний цогцос муудах­гүй,  натри калидаа барьцал­даж хэвээрээ шахуу байдаг.
Ийм боди­той шалтгаан бай­хад элдэв зүйл ярьж мунхруулж болохгүй л дээ. Биологийн
шинжлэх ухааны айхтар улс учрыг нь мэдэж байгаа. Тийм байхад тэднээс санаа зовох­гүй
янз бүрийн юм зохиож ярьцгаах юм.

-Та Түвдээс Монголдоо хэзээ 
ирсэн юм бэ?

-Нөгөө айхтар соёлын хувьс­галаар. Тэр үеэр бурхандаа морд­сон
хүний тоонд орж их зогдортой тэмээ­нүүд дунд нуугдаж эх орныхоо хил дээр ирж орос
цэргүүдэд бариг­дан  багагүй  зовлон эдэлсэн шүү. Дараа нь цэргийн госпитальд
ажил­ласан. Эмч хүнийг алж болохгүй шүү дээ. Цэргийн госпитальд аль л гайгүй гэсэн  эмч нарыг авна. Тэдний дунд дажгүй ажиллалаа.
Тэнд эмчээр ажиллаж байтал Ёндон генерал Орост сур­гуульд яв гэсэн л дээ.  Ингээд л явж байя гээд нэг их хүчилсэнгүй.  Тэр үед би 
уул усаар их явдаг байсан юм. Өглөө бүр цэргийн госпиталийн хашаан дотор
гүйдэг байлаа.  Нэг удаа армийн том тэмцээн
боллоо. 41.5 км-ийн мара­фон гүйлт байсан юм. Армийн бэлдсэн тамирчдаас хол тасархай
түрүүлээд ирлээ. Хонхорын стан­цаас Налайх хүртэл гүйгээд наашаа  Алдарын стадион дотор орж ирж  аваргаа хийж бай­лаа. Ёндон гене­рал бүр гайхаад.
“Нөгөөх чинь цоройлоо” гэж байна шүү. Ингээд 
марафон гүйлтийн армийн аварга болдог юм. Тэгээд биеийн тамираа­раа алдаршиж
гарав аа. Биеийн тамираар алдар­шиж, сүүл­дээ ул­сын шигшээ багийн тамирч­дын урд
гардаг юм байна. Тамирчин гэдэг нэр алдрыг авч, спор­тод нэрээ гаргалаа. Хажуугаар
нь  хүн амьтан үзэж эмчлэх ажлаа амжуул­на.
Сүүл­дээ Ази тивийн аварга болж төрийнхөө далбааг хийсгэлээ.  Их спортод орж нэр хүнд­тэй болоод ирэнгүүт оролдох
нь арай багассан даа. Спорт руугаа нэлээд анхаарч ихэнх цагаа бэлтгэл сургуулилт
хийхэд зардаг боллоо. Хажуугаар нь зовсон зүдэрсэн хүмүүсийн дуудлагад явсаар бай­сан
л даа. “Юугаа  нуугаад хийгээд байгаа юм бэ”
гэж лавлахад нь юм хэлэхгүй. Хэлчихвэл “Битгий тийм юм хий”  гэчихнэ шүү дээ. Над дээр дандаа ядарсан улс ирнэ.
Чадар­сныг нь авдаг ч үгүй юм. Цаанаас нь ч бурхан хардаг юм уу бүү мэд.

-Бэлтгэл сургуулийн хажуу­гаар хүн эмчлэх ажлыг нууж амжуулдаг
байсан гэхээр нэ­лээд ядардаг байжээ?

-Түвдийн гүн ухаан, анагаах ухаанд суралцаж,  өдөр шөнөгүй нойр,хоол багатай хатуу жаягаар  өссөн болохоор ажирдаггүй бай­лаа. Би хорин нас
хүртлээ  нойр, хоол багатай явсан хүн.

-Анагаахаараа явах бодол­гүй байсан юм уу?

-Тийм бодол байсан л даа. Монголын уламжлалт анагаах ухаа­ны курс
гэдэг сургуульд баг­шилъя гээд очсон чинь “Та багш хүн биш, дорно дахины анагаах
ухаа­ныг жаахан үзсэн л хүн байна. Манай­хаар бол ТМС маягийн л эд шүү дээ” гээд
авсангүй. Тэгэхээр нь спортоо үргэлжлүүлэн хөөсөн. Улсын баг­шийн дээд сургуульд
сурч багш болохоор шийдлээ. Тэр үед спортын мастерын тавин төгрөг­тэйгөө ний­лүү­лээд
сард 500 төгрөг авна. Дээд сургуулийн багшийн цалинтай тэнцэхээр мөнгө л дөө. Энэ
маягаар дөрвөн жил сурлаа. Спортдоо амжилт гаргаж Багшийн дээд сургуу­лийн нэрийг
ч нэлээд сайн гар­гасан. Бас болоогүй ээ, ургацын аварга  хүртэл болж Жамъян генера­лаас шагнал авч байлаа.
Багшийн дээдээ төгсөөд  өнчин хүүхдүүдийг
асрах 36 дугаар сургуульд хичээл эрхлэгчээр очив оо.  Асрах сургуулийн багш нар голдуу хотын гүйцэтгэх
захиргааны даргын садан төрөл, яамны сайдын авгай энэ тэр гээд мундаг хүмүүсийн
ойрын хүмүүс. Багшийн дээд сур­гуулийн багшаас өндөр цалинтай байсан учраас тэр
л дээ. Өнчин хүүхдүүдийг өдөрт дөрвөн удаа хооллоно. Цэдэнбал даргын эх­нэрийн анхааралд
байсан сур­гууль. Манай Цэрэннадмид сайд, Даваа­сүрэн сайд хоёр номхон зогс­чихоод
загнуулж байлаа. Би ч ялгаагүй загнуулж л явсан. Намайг анх очиход миний хүүхдүүд
бөөсөн­дөө баригд­сан их хэцүү амьтад байлаа. Зах гарч арван төгрөгийн шүүр авлаа.
Шар тостой марль тавьж байгаад өдөр шөнөгүй үзлээ дээ. Уламжлалт аргаар бөөс хуур­сыг
нь цэвэрлэдэг байсан юм.

-Багш нар нь анхаардаггүй байсан хэрэг үү?

-Ангийн багш, хичээл ордог багш нар нь тийм нарийн ширийн юм руу
орохгүй. 45 минутын хичээлээ заа­чихаад л яваад өгнө.Хүүхдүүдэд ийм нарийн ширийн
зовлон байсан ч Бал даргын эхнэрийн анхааралд байсан учраас хаа очиж хоол, хувцас
сайн. Тэгж байтал бас нэг асуудал гараад ирдэг юм. Хүүхдүүд  эмээ, ах дүү дээрээ очно гээд  хаа байсан Толгойт, Амгалан, Хужир­булан, Гачуурт,
Долоон буудал гээд яваад өгдөг болов. Чимид багш шиг л болж хувирлаа. Хүүхдүүд орой
болохоор л алга болчихно. Шөнө­жин­гөө явж цуглуулна. Хүүхэд тэ­жээж байгаа эмгэнд
хоолоо зөөж, хувцсаа аваачиж өгдөг хүүхэд ч байлаа. Дургүйгээ хүрсэн хүмүүсийн цүнхийг
огтлоод юмыг нь хул­гай­лаад аваад ирэх нь энүүхэнд. Үе үе хүүхдүүдээсээ болж багш
нартаа шаардлага тавих хэрэг гарна. Хүүх­дүүд дургүйг нь хүргэсэн багшийг үзэхгүй,
зарим нь бүр хичээлд нь суухгүй. Гэтэл “Баасан­сүрэн багш ирснээсээ хойш хүүх­дүүдийг
буруу­гаар удирдаж байна” гэсэн шүүмж­лэл 
багш нарын хурал дээр сонсог­дож эхэллээ. Сайд дарга нарын авгай хүүхнүүд
хоорон­доо их найз болохоор ихэнх багш нар тэгж ярьдаг болов. Нэг багшийн нөхөр
нь “Танай хичээлийн эрхлэгч Түвдэд сурч байсан. Хятадын таг­нуул байж магадгүй шүү.
Сайн хүн биш” гэсэн юм уу даа. “Ламаар хүүхдүүдээ хүмүүжүүлүүлэхгүй шүү” гэх хүн
ч гарав. Сүүлдээ ч залхаад “Та нар хүүхэдтэй тулж ажил­ладаг­гүй шүү дээ. Миний
зөв бурууг хүрээлэн, Ардыг хянан шалгахын­хан шийдэх байх. Ханддаг газраа ханд”
л  гэлээ. Ингээд Ардын хянан шалгахад очив
оо. Ардын хянан шалгах гэдэг айх­тар шалгаж, муш­гидаг газар. Хүүх­дүүдийн саналыг
авахаар боллоо. “Баасансүрэн багшийг явуулах юм бол сургууль тарна, маамд хэлнэ
шүү” гэцгээж.

-Маам гэдэг нь …?

-Филатоваг маам гэдэг байсан юм. Миний эрхлэгчээр нь  ажиллаж байсан тэр сургууль хотын гүйцэтгэх захиргааны
харьяаных. Хотын гүйцэтгэх захиргаа, Боловсролын яам л мэднэ гэсэн үг. Хотын гүйцэтгэх
захиргааны коллегоор орлоо. Баа­сан­сүрэн багшийн алдаа дутагдал, завхрал нь энэ
байна, хүүхдүүдийг хэтэрхий дураар нь тавьж байна гэж ирээд ярьж гарлаа. Тэгэхээр
нь би “Намайг гаргачих” л гэлээ. Коллегиор орчихоод Даваасүрэн сайд дээр яваад ордог
юм. “Би багш  биш болжээ, үйлдвэр комбинатад
очиж ачигч хийе” гэтэл  “Юу ярьж байгаа юм.
Хүрээлэнд туслах ажилтнаар оч. Эрдэмтэн болох хэрэгтэй. Чиний эрдмийн ажил чинь
их том ажил шүү дээ” гэдэг юм.Эрдмийн ажил гэснээс би чамд хоёр зүйл үзүүлье. Нэг
нь шинжлэх ухаанд эргэлтгүй орсныг гэрчлэх үнэмлэх, нөгөө нь шинжлэх ухаанд хийсэн
зүйлийг минь үнэлсэн баримт байгаа юм. Дээд сургууль төгсөхдөө Монголын оюутны хол­боо­ноос
эрдэм шинжилгээний алтан медаль, хүндэт үнэмлэхээр шагнуул­сан. Шинжлэх ухаанд зүт­гэсэн
жи­лүүдийн гараа эндээс эх­лэл­тэй учраас нандигнан хадгалдаг юм. Миний хоёр дахь
шагнал бол  шинж­лэх ухааны алтан медаль.
Дээрээ очиртой учраас энэ шаг­налаа их бэлгэшээдэг. Цаа бугын хамрын салстын цутан
булчирхайн бүтэц судалгааны бүтээлээрээ ав­сан юм. Миний өдий дайтай яваад эрдмийн
ажлыг минь удирдсан багш нарын минь ач гавьяа бий. Багш минь гэж онцгойлж хүндлэх
хүн бол ШУА-ийн жинхэнэ гишүүн академич Ц.Хай­дав. ЭМШУИС-ийн багш док­тор Б.Дагданбазар,
Д.Амгалан­баатар нар байна. Миний эрдмийн ажлыг О.Шагдарсүрэн, Ц.Жанчив, Н.Төмөр­жав,
Ж.Амгалан  нар удир­даж бай­сан юм.

-За тэгээд хүрээлэнд очоод яасан бэ?

-Тэнд хэсэг ажиллаж байгаад Анагаахад багшилсан. Дараа нь Үндэсний
биеийн тамирын дээд сургууль гэдгийг шинээр нээхэд ажиллалаа. 32 эрдэмтэнтэй хамт.

-Оргилболд, Сүхбат нарын суралцаж төгсдөг  сургууль уу?

-Яг тийм. Пүрэвбаатар, А.Сүх­бат, Оргилболд гээд  хожим улс, дэлхийд нэр хүндтэй болсон  46 хүүхэд миний шавь байлаа. Ингээд дараа нь  Шинжлэх ухааны акаде­мийн томилолтоор  1993 онд Якут руу төлөөлөгчөөр явсан  даа.

-Таныг өчнөөн салбарын тэр­гүү­ний ажилтан авсан гэж дуул­сан,
лав л спорт, боловсролын салбарын тэргүүн 
бий байх?

-Гэгээрлийн, шинжлэх ухааны, эрүүл мэндийн, батлан хамгаала­хын,
биеийн тамирын гээд долоон тэргүүнтэй. Якут явтлаа эрчтэй ажил­ласан шүү. Районы
сургуулийн аварга багш, районы тэргүүлэх багш, нийслэлийн тэргүүлэх багш, Монгол
Улсын аварга багш болж хоёр өрөө байраар шагнуулж бай­лаа. Хянан шалгахууд бас л
дээшээ гаргахгүй гэж үзнэ л дээ. Гавьяат авах болзол хангасан ч өгсөнгүй. “Алтан
гадас” авлаа.  Дараа нь дажгүй нэр хүндтэй
болж байна гээд Жав багш зэрэг хүмүүс гавьяатад тодорхойлтол дахиад “Алтан гадас”
өгдөг юм. Тэр үед би Адарсүрэнтэй их найз байлаа. Адарсүрэн бас хоёр “Алтан гадас”-тай.
Цагаан сараар “Эхийн цагаан сүү шиг” гэж ирээд 
“Алтан гадас”-уудаа энгэрийнхээ хоёр талд зүүчихээд ороод ирнэ. Боксын дасгалжуулагч
гавьяат Ол­зод бас ирнэ. Хоёулаа их ухаантай улс. Адараагийнх шиг тийм хоолой дахиж
төрөхгүй биз дээ. 

-Адарсүрэн гуай ямархуу хүн байсан бэ?

-Хачин цайлган. Их гоё хүн. Ид мандаж  байхад нь найз нөхөд байлаа. Хүмүүс дуулуулна
гэж  шөнө өдөргүй авч явж архи задална. Тэгсээр
байгаад архинд хорхойтуул­сан даа. Уг нь гавьяатыг нь өгсөн бол уусан ч гэсэн хэмжээгээ
мэдээд биеэ татаад явчих чадалтай хүн байсан.

-Та цааг яагаад онцлон судлах болсон юм бэ. Цааны эд эрхтэн сүүг
байгалийн өвс ургамалтай хольж  орчин үеийн
анагаах ухаа­ны эмчилж барахгүй байгаа эм­чилгээг хийдэг гэхээр энэ амь­танд их
л нарийн учир байж таарах нь?

-Цааны сүү эхийн сүүний дараа ордог гэдгийг би найрлагаар нь судлаад
баталчихсан. Тийм домог хууч ч байдаг. Далай багш хүртэл цааг тэнгэрийн амьтан гэдэг
юм. Би цаа бугын орооны булчирхайгаар зэрэг цолоо хамгаалсан. Цусан эврийг нь бас
судалсан. Ямар ч хүн ийм сэдвээр хамгаалж байгаагүй учраас цаа бугын талаар ном,
баримт их ховор. Докторын ажил авахад цаа буганы ном олдохгүй хүнд байсан. Бүхнийг
өөрөө судалж гаргахаас өөр арга байгаагүй. Якут манайхаас тасраад явчихсан улс шүү
дээ. Цаа нь ч тасраад явсан. Угаасаа манайх зэрлэг цаатай байсан. Хөвсгөлийн цааны
сүг зураг Якутын сүг зурагтай адилхан байдаг. Жараад онд Хөвсгөлд Дамдин аваргатай
очиход манайд зэрлэг цаа байсан. Төмөр зам тавигдаагүй байхад цаа Байгал далайгаас
буюу  шумуултай газраас зугтаж энд ирж төлөө
гаргаад явдаг байсан юм. Ийм учраас цус ойртох асуудал гардаггүй байлаа. Тэгээд
буриадуудтайгаа таарамж муудаад цаашаагаа нүү­сэн байдаг. Миний хувьд  энэ ул­суудыг хооронд нь холбож, соёлыг нь ойртуулах
чигийн ажил хийх гэж оролдож явна. Эхлээд цус ойртуу­лах­гүй гэж цаагаа авчрах гэж
хэсэг зүдэрсэн. Якутаас цаа авчраад хил дээр иртэл цаа авах байсан мөнгө нь хэн
авсан нь мэдэгдэхгүй алга болчихоод чадалгүй буцаасан. Жирийн нэг эрдэмтэн өрөнд
ороод л дууссан. 3000 гаруй км-т гурван машины шатахууныг хийж өгч, жолооч нарынх
нь  цалинг гурван сарын турш  өгнө гэдэг надад бол овоо хүнд ачаа. Хэн ч улаан
номонд орсон цааг нааш нь аваад ирж чадахгүй. Оросуудын итгэлийг ол­сон тулдаа л
авчирсан хэрэг. Тэгж зүтгэсний хэрэг нь гараагүй л дээ.  Би цааны асуудлаар дөрвөн Ерөн­хийлөгч дээр орж
байсан. Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгч дээр л ороогүй байгаа.

Цааны сүү эхийн сүүний да­раа орохоор гэж та сая ярилаа. Судлаад
үзэхээр эхийн сүүний бүх л шид байна уу?

-Шинжлэх ухаан талаас нь яри­вал өчнөөн юм ярих хэрэг гарна. Эхийн
сүү шим тэжээл өндөртэй, бактери вирусийг устгаж чадна гэд­гийг шинжлэх ухаан нотолсон.
Цааны сүүг эхийн сүүтэй харьцуу­лаад үзэхээр найрлага нь их ойрхон гардаг. Цааны
сүүг эхийн сүүтэй элементээр нь харьцуулж гаргасан юм. Энэ талаар миний номон дээр
тов тодорхой бий. Би номоо орос, англи дээр бичсэн нь бэлчээрийн өв уламжлалаа гээгээгүй
малчдын үе дамжсан их ухааныг дэлхий дахинд гаргаж ирье гэж бодсоных. Ийм ном биччихээр
дэлхий өөрийн эрхгүй анхаараад эхэлнэ. Мэдээж төрөлх хэлээрээ ном гаргана. Гэхдээ
урь­даар гадаадынхныг хашгируулаад­хая. Ер нь ном бичиж судалгаа хийхэд  энэ нас хүрэхгүй юм байна. Надад дахиад 100 нас
өгвөл судлах зүйлийнхээ  60 хувийг л  дуусгана гэж хэлж чадна.

-Та эмэгтэйчүүдийн үргүйд­лийг яаж эмчилсэн юм бэ?

-Цааны цусан эврийг монгол шар тостой хамт хэрэглэж төөнүүр хийж  эмэгтэйчүүдийн хүйтэн савны  өвчнийг анагаасан юм. Монгол шар тосыг тос холих
маягаар гаргаж авдаг. Тос холино гэдэг их нарийн.  21 эмийн ургамалтай цай орно. За тэгээд гурил,
мэхээр үзэм домбон сахар, бага зэргийн ээзгий гээд жинхэнэ монгол уламжлалаар тосоо
хайлж анхны монгол шар тосны ханаагүй хүчлийг гаргаж авсан. Тэрийгээ цусан эвэртэйгээ
буцалгаж байгаад эмэгтэй хүний хүнд өвч­нүүдийг дарсан хэрэг.

-Яг нарийн аргыг нь хэлж болох уу?

-Нууц шүү дээ. Дэлгэрүүлээд яахав гэж боддог. Ил тод ярьчихаар
зарим хүмүүс цааны эврийг хуга­лаад болсон болоогүй юм хийгээд  эхэлнэ. Магадгүй Хөвсгөлийн цааг дуусгаж мэдэх
ч эрсдэл бий. Орооны булчирхай ийм сайн гээд ярихаар  огтолж, хөлийг нь цавчаад Хятад руу  гаргаад эхэлнэ. Тийм учраас  нууц жороороо л явж байсан нь дээр. Якутад
150 төрлийн эмийн ургамал  байна. Тэр бүхнийг
идэж байж миний яриад байгаа булчирхай, цусан эвэр үүсч байгаа хэрэг шүү дээ. Якутын
цааны мах нь хүртэл тэр аяараа витамин С. Хаврын цагт витамин дутна гэж байхгүй.
Якут хүмүүсийн царай ямар ч өөгүй өнгөлөг гэгээлэг байдаг нь ийм учиртай.

-Сүүлийн үед  үргүйдэл ихэс­сэн
гэж ярьж бичиж байна, шалт­гаан нь юундаа байна вэ?

-Химийн хортой юм их идэж байна.Хөдөлгөөн маш их дутагдаж байна.  Муу хөлсөө гаргаж чадахаа больж. Компьютерийн
ард өдөржин ажиллачихаад орой нь буйдан дээрээ телевиз хараад  хэвтчихэж байна.  Якутчууд хөдөлгөөнтэй улс. Монголд ч ялгаагүй,
хөдөлгөөнтэй хэсэг нь гайгүй байгаа шүү дээ. 
Хонио хариулж яваа эмэгтэйчүүд төрөөд л байна. Якут хүйтэн газар учраас бүсгүйчүүд
савны хүйтний үрэвсэлтэй болчихдог. Тийм учраас би төөнүүр хийдэг юм. Монгол бүсгүйчүүд
ч дороосоо даарч бай­гаа. Ялангуяа эмэгтэй хүмүүс улаан чөмгөө дааруулбал хүүхэд
гарахгүй байх эрсдэл өндөр.

-Улаан чөмөг гэж хаана байдаг юм бэ?

-Шагайны чөмөг л дөө. Дааруулж огт болохгүй хэсэг.  Дээр үед хоёр, гурван давхар өмд өмсөөд улаан
чөмгийг л царцуулж хөргөж болохгүй гэдгийг хүмүүс  мэддэг байсан. Улаан чөмөг 37 градусын халуунд
байх ёстой. Бүдүүн гэдэстэйгээ адил хэмд байх учиртай юм. Үүний шалтгааныг би нээсэн
хэрэг.  Тэгж байж бактери вирусээ хамгаалдаг. 

-Таныг эхний шатандаа байгаа хавдрыг эмийн ургамлаар эмчил­сэн,
найдваргүй болсных нь амьд­рах хугацааг уртасгасан гэж ярь­даг юм билээ. Байгаль
дээр хавд­рыг анагаах өвс ургамал үнэхээр байна уу?

-Хавдрын хувьд 1920-иод оноос химийн ракийг химээр нь аргална
гэсэн рецепт гаргасан л даа.  Одоо бол аргалахад  хэцүү болсон. Био­ло­гийн, бактерлогийн дайн болж
байгаа юм. Тиймээс биологийн гаралтай химийн ракийг биологоор нь л аргална. Ингээд
цааш нь ухахаар дорно дахины анагаах ухааны тан хэрэгтэй болж байна гэсэн үг. Тийм
ургамал байгаль дээр бий. Би хими хийлгэсэн улсыг нэг их авдаггүй л дээ. Энэ тохиолдолд
биологийн талын эмчилгээ хийхэд хүндэрдэг тал бий. Сэтгэл зүйн талаас нь засаж,
хорыг нь дарах эмчилгээг харин хийж өгдөг. Нэг зүйл онцлоход дорно дахины ангагаах
ухаан хорыг гадагш нь хөөдөг, өрнийн анагаах ухаан дотор нь барьдаг гэдгээрээ ялгаатай.

-Манайд хорт хавдар анагаа­даг ургамал байгаа юу?

-Манайд байсан. Түүгээд урагш нь гаргачихсан. Энэ тал  дээр бод­лого алга л даа. Миний жар, далаад оны
үед түүж байсан ургамлын 60 хувь нь үндсээрээ алга болсон байна. Төвд газар багаасаа
эмийн ургамал хөөсөн болохоор хоньчин Очир гуайд их тоогддог байлаа. Чи яаж мэддэг
юм бэ гэж асууна. Мэдэх зүйлээ хэлж өгнө. Очир гуайтай хамт нэг хэсэг бэлчээр судалж
байсан юм. Мөн Ламын гэгээний зээ, ач нар, гэгээнтнүүдээс үлдсэн улстай хол­боо­той
байсан минь ч энэ чигийн мөр хөөхөд их нөлөөлсөн. Якутын цаа бугын бэлчээрийг судаллаа.  Эмийн ургамлыг нь судаллаа. Яку­тад рак эмчлэхээр  70-80-аад 
эмийн ургамал байна. Гэхдээ  дэлхий
дахины нэрний томъёонд ороогүй ургамлууд. Оруулъя гэвэл зардал мөнгө хэрэгтэй.  Тэр ургамлуудыг  лицензтэй, нэр томъёотой нь дэл­хийн номонд оруулах
учиртай. Эхнээс нь оруулж л байна. Магадгүй зуун  жилийн дараа Монголын нэг хүн энэ ургамлыг жагсаалтад  оруул­сан гэж ярьж магадгүй. Ийм зорил­гоор л
судалгааны ажлаа хийж байна. Савны халуун, улайлт дар­даг, эмэгтэйчүүдийн үр хөврөлтэй
холбоотой асуудлыг шийддэг эмийн ургамлуудын 35 хувь нь үндсээрээ алга болчихоод
байна.

-Эмийн ховор ургамлууд ураг­шаа хулгайгаар хил давж байна гэдэг
үндэсний аюулгүй байдал­тай холбоотой асуудал. Энэ та­лаар та төрд ажиллаж байгаа
эрх мэдэлтэй хүмүүст хандаж үзсэн үү?

-ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл их зөвөөр хүлээж авлаа. Сая ирэхдээ
уулзсан юм. Монголын эхчүүд, Мон­голын ард түмэнд элэгсэгээр хандаж байгаа хүн гэвэл
одоогоор  Оюун­гэрэл сайд л байна. Их ухаалаг
эмэгтэй санагдсан. Өв уламжлалаа гадагш нь алдахгүй шүү, тэр нууц ургамлуудыг Баасансүрэн
эрдэмтэн та яах вэ гэж асууж байна. Надаас 
өмнө нь хэн ч ингэж  асууж байсангүй.
Ийм ухаалаг төртэй бол би юм хийхэд бэлэн байна. Монголчууд өөрсдөө гадны хүмүүст
газарчилж ховор ургамлаа алдаж байна. Би бас нэг сонин юм хэлье. Гучаад онд мундаг
номтой улсуудын энд тэнд нуусан судар, бурхад бүгд урагшаа гарч байна. Японы нэг
гайтай ап­парат гараад ирчихэж. Далд гэгч нуусан гуулин бурхадыг гаргаад ирж байна.
Уламжилж ирсэн соёл маань шүү дээ.

-Хэлмэгдүүлэлтийн үед лам нарын нуусан бурхад алга болж байгаа
гэдгийг та яаж мэдээд байна?

-Түвдэд яригддаг байсан юм. 
Манай монголчууд Түвдэд сургууль ном дүүргэдэг байсан шүү дээ. Тэр бүхнээ
багшид ярина. Завханы тэр хутагтын эд зүйлс, ном судар тэнд яг тэр хэсэгт нь бий
гэж ирээд ярина. Бүр байрлалыг нь заасан зурагтай карт хүртэл байсан. Манайхаас
гарсан зүйлс Хятадаас гадна Орост их байдаг. Европт бас байна.

-Та сая хятадууд Монголын ховор эмийн ургамлуудыг үндэс­тэй нь
аваад гарсан гэж ярилаа. Тэд ургамлуудыг яг хаана ургад­гийг яаж мэдсэн байж таарах
вэ?

-Түвдийн судар номыг хятадууд хулгай хийж аваад орчуулж тэр газар
тийм юм байдаг гэдгийг мэд­чихэж байна л даа. Түвдүүдийг сүүлийн үед сүйд хийдэг
болсон шүү дээ. Ингээд л судар номоо алдаж байна.  Уг нь энэ чинь нууц юм л даа. Маарамба төгсөхөд   тангараг өргөдөг юм. Хүний төлөө, ургамлын төлөө,
ан амьтны төлөө тангараг өргөдөг. Хүнд нууцаа алдаж болох­гүй гэж тангарагладаг.  Сэтгүүлчид­тэй уулзахын нэг зовлон нь энэ байдаг
юм.

-Социализмын үед ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс эмчлүүлж байсан бэ?

-Нарийнтсан хүмүүс нэлээд ирнэ. Монголчууд чинь  элэг бөөр голдуу өвддөг улс. Тийм хүмүүс их ирнэ.
Ер нь тэгээд хүнийг эмчлэхэд нутаг усыг нь хардаг.  Аймаг, аймгийн ус нь ондоо, агаар нь өөр, өвчлөл
нь ч тэрийгээ дагаад өөр байдаг. Төрсөн газрыг нь мэдэхгүй бол эмчлэхэд хэцүү. Ургамлаар
эмчил­лээ гэхэд ихэнх хувь нь төрсөн газрынх нь байх учиртай. Өмнөговьд амьдардаг
Архангайн хүнийг эмчлэх гэж байгаа бол нутгийнх нь эмийн ургамалтай ноцолд гэдэг.
60 хувийг нь Архангай, 40 хувийг нь  Өмнөго­виос
авах учиртай. Ургамлаар эмчлэхэд ийм нарийн учир бий. Ургамал гэдэг цаг хугацаатай.
Шөнө авдаг ургамал байхад өдөрт нь аваад л дуусдаг ургамал бий. Миний ээж савны
халуун өвчнөөр бурхан­даа мордсон гэдэг. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж савны
халуунаар өвдсөн олон хүнд буян болсон. Тэр үед Шар хадны эмнэлэгт савны халуунаар
олон сайхан хүүхэн очдог байлаа. Нууцаар хүүхнүүдийн савны халууныг дарж, эм тан
өгч эдгээж байсан.

-Гал гаргадаг Өнөрмаа гэж нэг хэсэг шуугисан даа. Таныг судсыг
нь барьж байсан гэж ярьдаг юм билээ?

-Энэ тухай яриад яахав ээ.

Таныг Өнөрмаагийн хэрэглэж байсан аргыг судас бариад мэд­чихсэн
гэж худал ярихааргүй хүнээс сонссон юм. Тэгээд л сонирхмоор санагдсан юм. Та үнэхээр
судсыг нь барьсан юм уу?

-Бурхандаа мордсон  уламж­лалын
нэг том эмч “Чи нэг үзээдхээч” гэсэн л дээ. Яваад очтол даашинз өмссөн нэг охин
судалгаанд орж байна. Судсыг нь барьтал гарт нэг юм баригдсан л даа. Эрхий хуруу­ныхаа
хумсны доод талд  жижигхэн асаагуур хийчихсэн
байсан. Тэрүү­гээрээ асаадаг байсан хэрэг. Намайг дуудсан эмч  истори дээр нь биччих гэхээр нь “Бичээд хэрэггүй.
Ийм л хүн байна гээд бодчих” гэж хэлээд гарч байлаа.

-Та удахгүй Якут руу буцах юм байна.  Монголдоо ирж амьдрах  бодол бий юу?

-“Сүхбаатар” киног хийсэн улсад маарамба гэж ямар хүн  байдгийг харуулъя гэж боддог юм. Монголын маарамбууд
их мундаг хүмүүс бай­сан, тийм хүмүүсийг кино хийхдээ буруугаар гаргасан гэдгийг
нь  ойл­гуу­лахсан гэж хүсдэг. Шинжлэх ухаанд
ямар ч найдваргүй гэж үздэг хүмүүсийг үртэй болгож байна. Монголын уламжлалт анагаах
ухаан ийм том шүү гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ. Би Якутад эмэгтэй­чүүдийн
эмнэлэг ажиллуул­даг юм. Якутад дээд тал нь 71 хэм хүрч хүйтэрдэг. Би тэнд хорин
жил амьдарлаа. Градусынх нь тоогоор амьдарч монгол хүний тэсвэр хатууж­лыг харуулмаар
байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Орос сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа эрэгтэй төрөлд медальгүй үлдэв

ОХУ 1984 оны Сарае­вогийн олимпоос хойш олимпийн ямар нэгэн медаль
авч байжээ. 1988, 1992 онд Виктор Петрен­ко, Алексей Урманов 1994 онд, Илья Кулик
1998 онд, Алексей Ягудин 2002 онд, харин Евгений Плюшенко 2002 онд аман­ хүзүүдэж,
2006 онд алт хүртэж байсан. Харин 2010 оны олимпод  гут­гаар байрт орж байсан удаатай. Тэгвэл энэ
удаа Орос уран гулгалтын эрэг­тэй ганцаарчилсан тө­рөлд медальгүй хоцрох нь. Учир
нь энэ төрөлд оролцох байсан Евгений Плющенко гэнэт зодог тайлахаа мэдэгдэж тэм­цээнд
оролцохгүй гэдгээ зарлалаа. Түүний бэртэл сэдрэх гээд байгаа хэ­мээн тэрээр тайлбар­лажээ.

Уг нь 2013 оны хавар ОХУ-ын аварга шалга­руу­лах тэмцээнд Максим
Ковтун гэх залуу авар­галж “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд орол­цох эрхээ авсан.
Тус улс нэг төрөлд нэг тамирчин сойж байгаа. Гэтэл Евге­ний Плющенко олимпод оролцоно
гэж зүтгэсээр Ковтуныг зүгээр л хэн ч биш болгож хувиргасан. Тэгвэл найдвартай олим­пийн
аваргыг авчирна гэсэн алдарт тамирчин нь гэнэт шийдвэр гаргаж ард түмнээ гонсойлголоо.
Ингээд Плющенко  ч үгүй, Ковтун ч үгүй, медаль
ч үгүй боллоо.

Сэтгүүлчид энэ тухай Евгений Плю­щенкоос тодруулга авчээ.

 
“Та М.Ковтунтай таар­­вал юу гэж хэлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд
тэрээр “Ямар ч байсан мэн­дэлнэ. Мэндлэхээс илүү зүйл хэлэх ёстой юм уу” гэж хэгжүүрхсэн
янзтай хариулсан байна. Энэ удаагийн олимпод түү­нээс гадна Сергей Во­ро­­нов гэх
алдарт тамир­чин орж бас л болох бай­сан. Харин С.Воронов “Ков­тунд цаана нь олон
олимп байна. Тэр залуу байна. Гэхдээ дөрвөн жил хүлээ­нэ гэдэг бага хуга­цаа биш”
хэмээн хэвлэ­лийн­хэнд өгсөн ярилц­лагадаа дурджээ.

Дэлхийн гурав, Европ тивийн долоон удаагийн аварга, ОХУ-ын уран
гул­галтын аварга шалга­руулах тэмцээнд есөн удаагийн түрүүг хүртсэн тэрээр өдгөө
32 настай юм. Уг нь тэрээр 2018 оны олимпод зодоглох тухайгаа ч мэдэгдээд бай­сан
юм. Энэ гэнэтийн шийд­­вэр нь олныг их гай­хаш­рууллаа. Евгений Плю­щен­ког хэдий
нэгэн цаг үеийг эзэгнэсэн уран гул­гагч гэх боловч Алек­сей Ягудин түүнээс ур чад­вараараа
байнга өмнө гишгэдэг байсан билээ. Ванку­верийн олим­под шүүгч­дийн бу­руу­гаас
болж ал­тан ме­даль авч чадаагүй хэмээн зодог тайлахдаа хүртэл бухимдаж байсан Плю­щен­ко
ийн зодог тайл­лаа.

 
Ч.ОТГОНЦЭЦЭГ 70 ДУГААР БАЙРТ ОРЛОО

“Сочи-2014” өвлийн олимпийн наадмын зур­гаа дахь өдөр Монголын
тамирчин Ч.Отгонцэцэг олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн
сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 38 минутад нийт замаа туулс­наар
70 дугаарт барианд орсон байна. Энэ төрөлд нийт 76 та­мир­чин оролцсон байна.

Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Поль­шийн тамирчин Жюстина
Ковальчук 28:17.8 хуга­цаанд барианд орж, авар­гын алтан медаль хүртсэн бол Шведийн
Шарлотт Калла (28:36.2), Норвегийн Терез Юхауг (28:46.1) нар мөнгө, хүрэл медаль
хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 15 км-ийн гүйлтийн цанын төрөлд нийт 92 тамирчин
оролцсоноос тамирчин Дарио Кологна 38.29.07 амжилтаар олимпийн аваргын алтан медаль
хүртсэн бол 38.58.02 амжилтаар Швейдийн тамирчин Ж.Олссон мөн­гөн медаль хүртлээ.
Хү­рэл медалийг мөн Швей­дийн тамирчин Ричерд­сон хүртсэн байна. Харин манай тамирчин
Б.Бям­бадорж 80 дугаар байрт орлоо. Энэ төрөлд нийт 92 тамир­чин өрсөлдсөн юм.
 

МЕДАЛИЙН ТООГООР ГЕРМАН ТЭРГҮҮЛЖ
БАЙНА

Одоогийн байдлаар Сочигийн олимпийг Герман улс долоон алт, хоёр
мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Канад дөрвөн алт, дөрвөн мөнгө,
хоёр хүрэл медальтайгаар хоёрдугаарт бичигдэж байна. Харин Норвеги дөрвөн алт, гурван
мөнгө, зургаан хүрэл медаль­тайгаар наадмын гурав­ду­гаарт жагсаж байна. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Монголын говь Азийн эрчим хүчний диваажин мөн

– САХАРЫН ЦӨЛ ЕВРОПЫГ, МОНГОЛЫН ГОВЬ АЗИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА –

Дэлхий дахинд нүүрс шатааж, эрчим
хүч гаргах арга хоцрогдох тийшээ хандчихаад байна. Атомын цахилгаан станц ч ямар
хор хөнөөлтэй болохыг Япон улсын жи­шээ­нээс харсан билээ. Тиймээс дэлхий нийт бай­галь
болоод хүн тө­рөлхтөнд хортой  эдгээр аргуудаас
татгалзаж, сэр­гээгдэх эрчим хүч үйлд­вэрлэх чиглэлд  хамаг анхаарлаа хандуул­чи­хаад байгаа цаг үе.  Тэг­вэл 
Монгол Улс сэргээг­дэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их “баял­гийн” дийлэнх
нь манай галбын шар говьд байгааг эрдэмтэн судлаачид хэдийнээ тогтоочихоод байна.
Нэг үгээр Мон­голын говь Азийн эрчим хүчний диваажин мөн гэдгийг тэд баталжээ.

Нар, салхи нь нэг дор төвлөрсөн манайх
шиг орон дэлхийд ховор гэдгийг тэд хэлж байна. Ингээд бодохоор Монгол Улс эрчим
хүчний хомс­долд орчихоод айлаас цахилгаан гуйж суух заяа­тай улс  биш ажээ. 
Ийм ч учраас манайхан судал­гаа шинжилгээний аж­луу­дыг 2012 оноос эх­лүүл­сэн
юм байна. Тод­руулбал, Эрчим хүчний яам санаачлан  Зүүн хойд Ази буюу Орос, Солон­гос, Японы эрчим
хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг  байгуулла­гууд­тай
хамтран судалгаа хий­жээ. Судалгаагаа яваандаа төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж
байна.  Төслийн нэр Гоби­тек. Монголын говийн
бүс нутгуудыг түшиглэн сэр­гээгдэх эрчим хүч үйлд­вэрлэх учраас энэ нэрийг өгчээ.

Нөгөө
талаар  Арабын элсэн цөлд нар, салхины эрчим
хүч үйлд­вэрлэх парк байгуула­хаар десерттэк хэмээх технологийг ашиглаж, ТЭЗҮ-г
нь бэлэн болгосон юм байна. Сахарын цөлийн нар салхинаас гаргаж авах энэ эрчим хүчээр
Европ тивийг хан­гах зорилготой. Арабын цөлд ашиглах  уг  десерт­тэк
хэмээх технологийг Монголын говьд турших учраас Гобитек хэмээн нэрлэжээ. Ер нь бол
Арабын элсэн цөл нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэлээ ч газрын
гадаргын тогтоц байрлал, элсэрхэг бус хатуу хуурай хөрстэй, хэт халуун биш сэрүүн
уур амьсгалтай Монголын говь их чадлын нарны станц байгуулахад хам­гийн тохиромжтой
бүс нутагт тооцогддог юм бай­на. Ямар ч байсан сэр­гээгдэх эрчим хүчний нөө­цөөрөө
Сахарын цөлийн дараа ордог манай говьд эрчим хүчний парк бай­гуулах ажлын хүрээнд
өнгөрсөн хугацаанд олон улсын чанартай хурал, чуулган зохион байгуул­саар иржээ.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн ивээл дор болсон 
олон улсын хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг орнуудын  төлөөлөгчид оролцож байж.  Энэ үеэр 
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд л Эрчим
хүчний яамыг байгуулснаа онцолж бай­сан удаатай. Мөн тэрээр Герман улсад айлчилж
Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзахдаа Монголын 
говийн бүсэд нар, сал­хины эрчим хүч ашиглах “Gobitech” парк байгуулах төслийн
ТЭЗҮ-г  хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүс­сэн
байдаг. Яагаад гэвэл Герман улс дэлхийд сэр­гээгдэх эрчим хүч үйлд­вэрлэлийн загвар
орон болох хэмжээний турш­ла­гатай учраас тэр. Гэх мэтчилэнгээр Гобитек парк байгуулах
эхний шатны ажлуудыг эхэл­чихээд байна.

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ХУДАЛДАН АВАГЧИД

Монгол бол жилийн 365 хоно­гийн
294 өдөрт нартай байдаг.  Салхины хурд ч бусадтай
харьцуу­ламгүй. Энэ үзүүлэлтүүдээрээ Мон­гол Улс Азийн орнуудаас илт давуу гэдгийг
судлаачид баталжээ. Гоби­текийн судалгаанаас үзвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим
хүчний нөөц  13000 тераВатт цаг гэж байгаа.  Энэ нь 13000 тэрбум килоВатт цагтай тэнцдэг юм
байна. Үүний 4800 тераватт цаг нь нарнаас, 
8100 тераватт цаг нь салхинаас хуримт­лагдах боломжтой. Мэдээж шавхаг­дашгүй
энэ их нөөцийн дийлэнх нь говьд ногддог. Өнөөдөр Монгол Улс ойролцоогоор жилд дөрвөн
тера­Ватт буюу дөрвөн тэрбум киловатт цаг  цахилгаан хэрэглэдэг.  Цахил­гааны
хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд  10 тэрбум
килоВатт цагт хүрэх тооцоо бий. Эндээс харвал 
манай улс сэргээгдэх эрчим хүчний үйлд­вэрлэгч болсон тохиолдолд өөрс­дийгөө
хангаад зогсохгүй эрчим хүчний илүүдэлтэй орон болох  нь тодорхой байна. 

Тэгэхээр илүүдэл эрчим хүчээ яах вэ
гэдэг асуудал энд гарч ирнэ. Мэдээж цахилгааны дутагдалд орсон улс орнуудад худалдаж
таараа. Тэгвэл худалдан авагч нь хэн байх юм. Судлаачдын үзэж байгаагаар Солонгос,
Япон улс манай сэргээгдэх эрчим хүчний том худалдан авагч байх магадлал өндөр. Учир
нь Солонгос улс  эрчим хүч үйлдвэрлэх түүхий
эдийнхээ  96 хувийг гаднаас импортолдог. Ту­хайл­бал,
Ойрхи Дорнодын орнуудаас  газрын тос, байгалийн
хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэр­лэдэг юм
байна.  Харин Япон улсын хувьд нийт эрчим
хүчнийхээ 11.3 хувийг атомын цахилгаан станцаар хангадаг байсан. Гэвч цунамигийн
гамшигт нэрвэгдсэний дараа Япон улс цөмийн станцуудынхаа зари­мыг унтраасан. Тиймээс
тэндээс хан­гадаг байсан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчнийх нь 4.2 хувьд хүртлээ
буурчээ.  Тус улсын эрчим хүчний хэрэглээний
ихэнх нь гаднаас импортолдог газрын тос, байгалийн хий, нүүрсэнд түшиглэж байна.
Эдгээр  түүхий эд нь үнэтэй учраас япончууд
сүүлийн үед өөр эрчим хүчний эх үүсвэр хайж эхлээд байгаа юм байна. Хэрэв тэд цөмийн
реакторуудаа  бүрэн хаах шийдвэр гаргачихвал
цахилгааны хомсдолд орох нь дамжиггүй. Энэ тохиолдолд манай улсаас  сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх эрэлт хэрэгцээ
үүснэ хэмээн тооцоолж байгаа юм.  Хэдий­гээр
салхин станц байгуулж  байгаа­гаараа өндөр
үзүүлэлттэй яваа ч Хятад улс хэтдээ эрчим хүчний дутагдалд орох төлөв ажиглагддаг  юм байна. Тэгээд ч нүүрс шатааж эрчим хүч гаргадаг
аргаас тэд тат­галзах тийшээ хандсан. Манай хойд хөрш ч  нарны элч багатай бол Энэтхэгт эсрэгээрээ нар
байлаа гэхэд салхи үзэгддэггүй гэх мэтийн асуудлууд бий учраас тэд өөрсдөө сэргээгдэх
эрчим хүч үйлдвэрлэх боломж хомс. Тиймээс л манайхаас эрчим хүч импортлох бүрэн
боломж­той гэж үзжээ. Ийм маягаар манай­хаас эрчим хүч худалдан авах орон Азид олон
бий. Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тера­ваттад хүрнэ гэсэн тооцоотой.
Цахилгааны энэ хэрэглээг Монгол Улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан
тоонуу­даас харагдаж байгаа биз ээ. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн
Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд ч энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрсөн
байна. 

ГОБИТЕК”
ПАРКИЙГ
ЯАЖ БАЙГУУЛАХ ВЭ?

Сэргээгдэх эрчим хүчний өртөг зардал
өндөр болохоор үйлдвэр­лэсэн эрчим хүч нь дагаад үнэд орохоос өөр аргагүй  гэдэг нь ойл­гомж­той. Буурай хөгжилтэй орнуудыг
сэргээгдэх эрчим хүчээс татгалзахад хүргэдэг нэг шалтгаан нь энэ. Гэвч 2030 он гэхэд
сэргээгдэх эрчим хүчний үнэ нь нүүрстэй адил түв­шинд очно гэсэн тооцоо бий. Тэр
үед сэргээгдэх эрчим хүч дэлхий ний­тийн түгээмэл хэрэглээ болж, түүнийг үйлдвэрлэгч
орнууд тогтмол ашиг олно гэсэн судалгаа ч байна. Харин Гобитекийг байгуулахад наад
зах нь 16 жил шаардлагатай. Есөн тэрбум ам.долларын хөрөнгө хэрэг болно гэсэн тойм
судалгаа байдаг. Тиймээс Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан
шиг  сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон
хөрөнгө оруулагчдыг татаж,  Гобитекийн ТЭЗҮ-г
яаралтай боловсруулах шаардлага тулгарч байна. Дэлхийн бизнесийн акулууд Монголын
сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө хаяж, бид гобитекээ байгуулж чадвал  газар дороос нь нефть олгойддог Араб шиг баян,
Америк лугаа хөгжилтэй улс болох ирээдүй энүүхэнд байгаа юм. Хэрэв Монгол Улс сэргээгдэх
эрчим хүчний парк байгуулчихвал эхний ээлжинд 880 мянган ажлын байр бий болох гэнэ.
Амьдарч байгаа хүн арддаа ажлын байр нь илүүдэж, гадны улс орнуудаас гэрээт ажилтан
авах хэмжээнд хүрэх ч таамаглал судалгааны түвшинд байна. Тиймээс Монголын говьд
“Gobitech” парк байгуулж,  үйлдвэр­лэсэн эрчим
хүчээрээ Орос, Хятад, Солонгос, Японыг хангаж, 
цаашил­бал Азийн бүх орон руу цахилгаан дамжуулах  супер сүлжээ байгуу­лахаар  Монголын төр бодлого боловсруулан идэвхтэй ажиллаж
эхэллээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Улсын харцага Ц.Содномдорж: Би Гончигдамбаас албан ёсоор уучлалт гуйх болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооны
тэргүү­лэгчид хуралдаж улсын харцага Ц.Содном­дор­жийн барилдах эрхийг дөрвөн сараар
хасах шийд­вэр гаргалаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон сар шинийн ба­рил­дааны
үеэр гаргасан үйлдэлтэй холбоотой юм. Тодруулбал, сар шинийн барилдааны зургаагийн
даваанд харцага Ц.Сод­номдорж гарьд Б.Гон­чиг­дамбатай барилдаж, унах­даа өрсөлдөгч
бө­хийнхөө зүүн гарын мөр, тохойны хэсгээр хөшиж, дарсан билээ. Тиймээс түүний үйлдлийг
Мон­голын Үндэсний бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн гэж үзэн заал, танхимын болон
бусад тэмдэглэлт барил­даанд дөрвөн сар барилдахгүй, барилдуу­лахгүй байх шийд­вэрийг
гаргасан байна.

Барилдах эрхээ хасуулаад байгаа
Монгол Улсын харцага Цэдэвийн Содном­дор­жоос тодруулга авсан юм.

-Өчигдөр Монголын үндэсний бөхийн
хол­бооноос таны барилдах эрхийг дөрвөн сараар хассан шийдвэр гар­гасан байна.  Та энэхүү шийдвэрийн талаар мэдээлэл авсан биз
дээ?

-Дээрх шийд­вэрийн тухайд мэ­дэл­гүй
яахав. Монголын үндэсний бөхийн холбоог хуралдах үед би гадаа нь байсан.
Миний гаргасан
үйлдэлтэй холбоотой учраас би байх ёстой юм болов уу гэж бодож очсон боловч оруулдаггүй
юм билээ. Хуралдаанаар миний барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гарсан
болохыг хурал дуусахад мэдэгдсэн. 

-Барилдах
эрх тань наадмын өмнөхөн сэргэнэ. Тиймээс энэхүү шийдвэр танд яаж тусаж байна?

-Мэдээж
дуртай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ дургүй байлаа гээд ч яах юм. Зургадугаар сарын
11-нд миний барилдах эрх сэргэнэ.  Тэгэхээр
наадмын барилдаан надад амаргүй байх нь тодорхой. Гэлээ гээд яалтай ч билээ. Мон­голын
үндэсний бөхийн холбоо­ноос ийм шийдвэр гаргасанд эсэр­гүүцээд байх зүйлгүй. Нэгэнт
холбооноос шийдвэр гарсан бол дагаж мөрдөхөөс өөр замгүй шүү дээ. Үндэсний бөхийн
цаашдын хөгжил, дэвшлийн төлөө холбоо гаргасан дүрэм, журмынхаа дагуу ажиллаж байж
бид болон бидний дараагийн үеийнхэн бөхийн дэг, жаягийг дээдэлж олон түмэнд сайхан
барилдаан үзүүлэх болно.  

-Гэхдээ
холбооноос гаргасан шийдвэр илээд өнгөрлөө. Барилдах эрхийг тань үүнээс илүү сараар
хасах байсан юм гэсэн хүмүүс байна. Таны бод­лоор энэ донгодолт хэр нүдээ олсон
гэж бодож байна. Бүр хасах хэмжээнд ч яригдах сүртэй асуудал биш гэж бодож байна
уу? 

 -Яалаа гэж дээ. Шийдвэр бол шийдвэр. Өөрийнхөө
гаргасан үйлдлийн төлөө хариуцлага хүлээх нь зөв алхам гэж бодож байна. Намайг зохисгүй
үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж фэйсбүүк, твиттер зэрэг цахим мэдээллийн
хэрэгслээр олон хүн шүүмжилж байна лээ. Намайг шүүмжилсэн хэн нэгнийг би буруут­гах
гээгүй. Харин ч шүүмжлэлийг их эерэгээр хүлээж авч байгаа шүү.

-Яагаад?

-Хэрвээ
өнөөдөр би хэнд ч танигдаагүй, хэн ч мэдэхгүй бөх байсан бол ингэж хүн болгон анхаарал
тавиад шүүмжлээд байх­гүй биз дээ. Би ойлгохдоо цаашид Содномдорж гээд энэ бөх чинь
сайн барилдаасай, илүү их амжилт үзүүлчихээсэй, олон түмнийг баяс­га­сан сайхан
барилдаан гаргаж чадах юм шүү гэсэн итгэл найдва­рын илэрхийлэл гэж бодож байгаа.
Тиймээс би шүүмжлэлийг маш сайн өөртөө тусгаж авах болно. Мэдээж залуу хүн алдаж,
онолгүй л яахав. Гэхдээ үндэсний бөхийнхөө ёс, жудгийг дээдлэх ёстой л доо. Энэ
удаа бол үнэхээр санаандгүй зүйл болсон.

-Ер
нь яагаад тийм үйлдэл гаргасан юм бэ?

-Тухайн
үед барилдаан үргэлжлээд явж байсан. Ямар ч бөх дэвжээнд өвдөг шороодно гэсэн бодол
тээж зодоглодоггүй. Мэдээж өрсөлдөгчөө давж, даваа авахын тулд ядаж хайнцах юмсан
гэж бодож зүтгэсэн. Барилдаан дуус­сан болохыг мэдээгүй. Энэ санаандгүй мэрийлт
л үзэгчдэд буруугаар ойлгогдлоо. Тэрнээс биш гарыг нь ингээд хөшчихье  гэсэн хорон муу санаа байгаагүй.

-Гэхдээ
гарьд Б.Гончигдамба та хоёрын барилдааныг хара­хаар таны гаргасан үйлдэл зориуд
мэт харагдаад байгаа шүү дээ. Санаатайгаар гарыг нь дарчихсан юм биш үү?

-Миний
ёс жудаг арай ч тийм цэгт хүрчихээгүй. Санаандгүй л болсон явдал. Гэхдээ би орой
нь гэртээ хариад өөрийнхөө бичлэ­гийг гүйлгэж үзсэн. Үнэхээр санаатай л юм шиг харагдсан
шүү. Түүндээ эмзэглэсэн. Шатаж барил­дахаар тийм юм болдог юм байна. Тиймээс бөхийн
өргөөнд цугласан болон цэнхэр дэлгэцээрээ бөхийн­хөө барилдааныг шимтэн үзэж суусан
олон түмнээсээ танай сониноор дамжуулан уучлал гуйя. Бөхчүүд бидэнд бөхөө дээдэлдэг
Монголынхоо ард түмний өмнө тийм зохисгүй авир гаргаж, жудаггүй загнах эрх байхгүй. 

-Барилдаанаас
хойш гарьд Б.Гончигдамбатай уулзсан уу?

-Хараахан
уулзаж амжаагүй явна. Барилдааны дараа нутаг руугаа явчихаад хоёр хоногийн өмнө
ирлээ. Гончигдамбатай уулзаж албан ёсоор уучлал гуйх болно оо.

-Та
хоёр хэр ойр дотно вэ?

-Тийм ч
сүрхий найзууд биш. Мэнд, устай, нэг замаар явж буй сайхан л эрчүүд.

-Наадмын
бэлтгэлээ хийнэ биз дээ?

-Бэлтгэлээ
хийнэ. Ер нь наа­дамд зодоглоно гэдэг хүнд байх болно. Бөхчүүд байнгын бэлтгэл хийхээс
гадна танхим, заалны барилдаанд зодоглож байж 
өөрийн­хөө форумыг тохируулдаг. Хурдны морийг ганцааранг нь  давхиулахаас илүүтэйгээр бусад морьдтойгоо уралдуулж
байж л давхил хэр байгааг мэддэг биз дээ. Үүнтэй л адилхан. Барилдаануу­дад орж
байж л бусад бөхчүү­дийнхээ ая, данг мэдэж, бусдаас суралцаж, хаана нь миний бэлтгэл
болохгүй байгааг мэднэ. Тэгж л өөрийнхөө чансааг тодорхойлж наадмынхаа бэлтгэлийг
базаана. Харин энэ байдал одоо надад хаалттай болсон. Тэгэхээр наад­маар зодоглолоо
гэхэд ядаж л цочроо гараагүй байна шүү дээ. Тийм учраас наадмын өмнө ямар нэг шийдвэрийг
өөрөө өөртөө гаргах байх аа.

-Одоо
бэлтгэлээ хаана хангаж байна?

-Нутгийнхаа
бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Улсын арслан Мөнхбаатар ах нартай.

-Наадмын
өмнө шийдвэр гар­гана гэлээ. Наадамд зодоглохгүй ч байж магадгүй гэж үү?

-Яг ч барилдахгүй
гээд шууд хэлмээргүй байна. Ямартай ч бэлтгэлээ хийдгээрээ хийнэ. Барил­дах явцдаа
алдаа, оноогоо дэнсэлж байж нэг дүгнэлтэд хүрэх байх. Үнэхээр цочроотой, барил­дах
боломжгүй бол энэ жилийн наадмаар өнжиж болохгүй гэсэн зүйлгүй. Заавал барилдана
гээд махраад байх шаардлага байхгүй. Нас залуу байна. Олон жилийн наадам намайг
хүлээж байгаа шүү дээ.

-Нутаг
яваад ирсэн гэсэн. Та чинь Хөвсгөл аймгийн уугуул билүү?

-Тийм ээ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Өвөл хаана болж байна ёстой манай нутагт
болж байна даа. Тайгаар явлаа, тав хоног сайхан амраад ирлээ.

-Аав,
ээжтэйгээ золголт хийгээ юу. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Миний
аав Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Харин манай ээж Төв аймгийн Алтанбулаг
сумынх. Одоо хоёр буурал маань хотод амьдарч байгаа. Би нутаг руугаа сая ганцаараа
явж амраад ирсэн л дээ.

-Аав
ээж тань битүүний барилдааныг үзсэн байж таараа даа?

-Мэдээж
үзэлгүй яахав. Хүүдээ сэтгэл дундуур байсан биз дээ.

-Таны
бага нас хаана өнгөрсөн бэ. Хэзээнээс бөхөд хорхойсов?

-Миний
бага нас Тосонцэнгэлд л үлдсэн дээ. Хөдөө нутаг ямар билээ бусад хүүхдийн л адил
мал хуй хариулж өссөн. Анх 2002 оноос бөхийн спортоор хичээллэсэн. Анх Хөвсгөл аймгийн
Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Мөнхсүх гэж хүнтэй багш шавийн барилдлагатай
болж байлаа. Энэ спортыг хөөгөөд 12 жил өнгөрсөн байна шүү.

-Уг
нь таны барилдааныг ард түмэн үнэлдэг. Сүүлийн үед болж л өгвөл элдэв асуудалд орооцолдох
гээд байгаа тал бий… Та тийм авир муутай хүн үү?

-/Инээв/.
Тамирчин хүн бүрт өөрийн гэсэн арга барил байдаг шиг омогшиж, өөрийгөө хурцалдаг
зан бас байдаг юм болов уу. Тэрнээс аагтай, омогтойдоо онгирч  байгаан илрэл бол биш байх. Би ямар гавьяа байгуулчихсан
биш одоо юу гэхэв дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Г.Шийлэгдамба: МАН, МАХН хамтран ажиллах боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд байж магадгүй юм

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн
дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Танай намынхан Со­лонгос явж дар­гатайгаа
золгоод ирэв үү. Бие нь ямар байна вэ?

-Манай намын нөхөд сар шинийн баяр
тохио­сон учраас Н.Энхбаяр даргатай очиж золгосон. Манай намын дэд дарга Д.Тэрбишдагва
тэргүүтэй нийт 20 гаруй хүн очлоо. Монгол үндэсний баяр маань учраас уламжлалт дэг
жаягийн дагуу Сөүл хотын нэгэн дүүрэгт зол­голтын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Н.Энх­баяр даргын би­еийн бай­дал гайгүй. Гэх­дээ эмчил­гээ нь дуу­саагүй л байна.

-Эмнэлэгт хэвтэж бай­гаа юм уу?

-Эмнэлэгт  хэвтээгүй. Гэхдээ байнга эмчийн хя­налтанд байж,  өдөр бол­гон эмнэлэгт үзүүлдэг. Үүний хажуугаар
Н.Энх­баяр дарга Солонгос ул­сын буддын сүмд байнга очиж бясалгал хийж бай­гаа.
Мөн бурхны гүн ухаа­ны  Доржзовд буюу оч­роор
огтлогч гэдэг судрыг ор­чуулж, эхний хэсгийг нь бэлэн болгосон байна лээ. Бидэнд
энэ суд­рынхаа утга агуулгыг ярьж танил­цуулсан. Тун сонирхолтой байлаа.

-Танай намын дарга хэзээ Монголд
ирэх бол?

-Эх орондоо очих нь түүний туйлын
хүсэл байх нь мэдээж. Гэвч эрүүл мэнд нь түүнд нутагтаа харих боломж олгохгүй байна
шүү дээ. Н.Энх­баяр дар­гын сар шинийн өмнө Мон­голд ирнэ гэдэг мэдээ бол ташаа
байсан. Цагаан сарын өмнө түү­нийг нутаг­таа 
хүрээд ирэх болов уу гэсэн хү­лээлт ард түмэнд байсан учраас тийм яриа гар­гасан
байх гэж ойлгож байна. Гэхдээ Н.Энхбаяр даргыг Монголдоо  хэ­дийд ирэхийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна.
Эд эсийн хүнд хямралд ор­сон хүн тийм амар эмч­лэгдээд ирэхгүй байх л даа.

-Танай намын дарга Н.Энхбаяр намынхан­тайгаа
юу ярьсан бэ?

-Бид үдшийн бүрий хүр­тэл өнөөгийн
улс орны цаг үеийн нөх­цөл байд­лын талаар хан­галттай ярилцсан. Намын­хаа цааш­дын
үйл ажил­лагааны талаар,  2016 он ойртож байгаа
тухай, улс төрийн дараа дараагийн алхмуудын талаар сана­лаа солил­цож, тодорхой
үүрэг чиг­лэл авсан. Н.Энх­баяр дарга бол 
улс төрийн намууд учраа ололцох ёстой. Улс орны эрх аш­гийн төлөө зөв зүйл
дээр нэгдэх хэрэгтэй.  Буруу зүйл дээр шүүмж­лэлээрээ
нэгдэж,  хариуц­лагаа ухамсарлаад явах ёстой
гэдэг байр суурь илэрхийлж байна лээ. Мөн улс төрийн намууд хэлсэн үгэндээ хүрдэг
байх ёстой. Тэгж байж иргэдээс хүндэтгэл хүлээнэ. 2012 оны сонгуульд намууд ам­ласнаа
биелүүлж, сонгуу­лиас хойш юу хийснээ дүгнэж цэгнэх цаг болсон гэдгийг хэлсэн. Ялангуяа
манай намаас УИХ, Зас­гийн газарт ажиллаж бай­гаа хүмүүс хариуцлагатай санаачилгатай
байхыг зөв­лөсөн.  Буруу зүйлийг хараад дуугүй
сууж бо­лохгүй. Зөв зүйтэй асуудал дээр байр сууриа илэр­хийлэх ёстой гэх мэтээр
санал бодлоо илэрхийл­сэн.

-УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа
намын гишүүддээ шүүмж­лэл­тэй хандсан гэж ойлгож болох уу?

-Засгийн газарт сай­шаалтай зүйлүүд
байгааг үгүйсгэхгүй.  Тийм бол сайшаах хэрэгтэй.
Гэвч зарим шийдвэрийнх нь хэрэгжилт  удаан,
ард түмний сэтгэлд хүрэхгүй, амьдралд нь нөлөөлөхгүй зүйлүүд байна шүү дээ. Үүнд
нь шүүмжлэлтэй хан­дах хэрэгтэйг л хэлсэн. Манай намаас УИХ-д сон­гогдсон гишүүд
туйлын хариуцлагатай идэвхтэй байхыг хэлсэн. Манай нам өнгөрсөн сонгуульд таван
хувьсгал хийнэ гэсэн мө­рийн хөтөлбөр боловс­руул­сан. Энэ мөрийн хө­төлбөр нь ард
түмнээс дэмжлэг авч өдий зэрэгтэй яваа. Тиймээс энэхүү мө­рийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхийн
төлөө улс орны нийтлэг эрх ашгийн үүд­нээс УИХ-д суугаа манай намын гишүүд хуулийн
төслүүд өргөн барьдаг. Гэвч үүнийг нь хэлэлц­дэггүй, хэлэлцэх асуудлын жагсаалтаас
хасдаг асуу­дал байна. Энэ нь манай намынхны онцгой ан­хаар­лыг татаж байна. Тиймээс
АН-ын бүлэгт асуудлыг тавих ёстой. Яагаад Зас­гийн газарт хамтарч ажил­лаж байгаа
намынхаа гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд хүндэтгэл­гүй ханддаг юм гэх мэтийн
шүүмжлэлтэй зүйлүүд бий. Үүнийг ч Н.Энхбаяр дарга хэлсэн. Гэхдээ хэвлэлүү­дээр бичигдээд
байгаа шиг МАХН  Засгийн газраас гараад явчих
тухай асуу­дал яригдаагүй. “Шударга ёс” эвсэл энэ төр засгийг тогтвортой байлгахын
тө­лөө өнөөдрийг хүртэл яв­сан. Гэхдээ өөрсдөө Зас­гийн газарт байхын төлөө зүтгэнэ
гэдэг утгаараа биш л дээ. МАХН-ын эрхэм зорилго бол олон мянган гишүүн, ард түмний
эрх ашгийн төлөө ажиллах л юм.

-Жишээ нь танай на­мын гишүүдийн
өргөн барьсан ямар хуулийн төслүүдийг дарчихсан юм бэ?

-УИХ-д суугаа манай намын гишүүд өөрсдөө
байр сууриа илэрхийлж байгаа. О.Баасанхүү, З.Баян­сэлэнгэ, Л.Цог на­рын гишүүд өөрсдөө
хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр ярьсан. Намдаа энэ талаар санал бодлоо хэл­сэн байгаа.
Тийм учраас улс төрийн намын хувьд АН-тай хамтарч ажиллаж байгаа харьцаагаа эргэж
харах хэрэгтэй болжээ.  Ер нь эргээд харахад
хэлсэн амандаа хүрдэггүй. Улс төрийн соёлоо баримтал­даггүй зүйлүүд АН-д ажиг­лагдаж
байгаа. Тиймээс Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруу­лах шаардлагатай байна.

-Хамтарч засаг барьж байж  МАХН-д ялгавар­тай хандаад байна гэж үү?

-Эдгээр асуудлуудыг намрын чуулган
эхлэхээр манай “Шударга ёс” эвс­лийн бүлгийнхэн ярих байлгүй. 

-УИХ-ын чуулган нам­рын чуулганаар  хэлэл­цэх асуудлын дараал­лаа баталж чадалгүй
завсарласан.  Энэ үеэр МАХН, МАН-тай нэг талд
зогсчихсон. Энэ нь танай хоёр нам сүжрээд эхэлс­нийг харуулаад байна уу гэж бодог­дохоор
байсан…

-Ямар өнцгөөс харж дүгнэлт хийж байгаа
вэ гэдэг нь харьцангуй ойл­голт. Хүн бүр янз бүрийн байр суурьтай байх шиг байна.
Гэхдээ МАН, МАХН-ын зорилго нь нэг нам болох биш шүү дээ. Өнөөдөр тийм боломж ч
харагдахгүй байна. Харин улс эх орны төлөө зөв зүйтэй зүйл дээр хамтарч ажиллах
л гарц бидний хувьд бий. Буруу зүйл дээр 
шүүмжлэлээ нэгтгэх нь зүй ёсны асуудал байх. Нэгэнт л  Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагаас хойш
дүүрсэн хэрэг гээд ямар ч зүйл дээр нүдээ аниад сууж болохгүй биз дээ, бид.  Намрын чуул­ганаар хэлэлцэх асуудлын дараалал
болохгүй байна гэдэг байр суурь дээр ма­най хоёр нам нэгдсэн нь тохиолдлын зүйл
байсан шүү дээ. Түүнээс биш ард нь ямар нэгэн яриа тохи­роо байхгүй. МАН, МАХН хоёр
хамтран ажиллах олон боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд түлхүү байж магадгүй юм. 

-Тэгэхээр МАХН за­сагт АН-тай,
УИХ-д МАН-тай хамтрах нь гэж ойлгох нь ээ?

-МАХН бол УИХ-д суу­далтай учраас
аль ч улс төрийн хүчинтэй хамтран ажиллаж болно. Зөвхөн  АН-тай Засгийн газарт, УИХ-д МАН-тай хамтарна
гэж туйлширч болохгүй. Гэхдээ МАН бол цөөнх, МАХН  олонхийг хамтран бүрдүүлж байгаа нам уч­раас хамтын
ажиллагаа­ны хувьд онцлог бий л дээ.

-Танай нам сөрөг хүчинтэй УИХ-д
хамт­раад байвал Засгийн газрынхаа ажлыг чагт­лаад байх юм биш үү?

-Яагаад бүх зүйл дээр МАН-тай хамтарна
гэж ойлгоод байгаа юм бэ. Засгийн газрын зөв зүйтэй ажлыг нь дэмжинэ. Үнэ­хээр шүүмжлэлтэй
хандах зүйлүүд дээр өөр байр суурьтай байна л гэсэн үг. 

-УИХ-ын гишүүн сай­дын албыг давхар
ха­шихгүй гэдэг утгатай хуулийн төсөл орж ир­сэн ч эцэслэн баталж чадсангүй. Танай
на­мын­хан ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын байр суурийг илэрхийлэх боломжгүй
л дээ. Нам нэгдсэн байр суурьтай болоогүй байна. “Шударга ёс” эвслийн бүлэг дээр
ч тодорхой байр суурь гаргаагүй байх. Гэх­дээ энэ асуудлыг олон талаас нь авч хэлэлцэж,
шийдэх ёстой. Зөвхөн Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж бо­лохгүй гэвэл
сөрөг зүйлүүд ч гарч ирнэ. Одоогийн байдлаараа явлаа ч сөрөг тал бий.  Тэр бүхний тэнц­вэрийг  олж, зохистой харь­цааг нь хангах ёстой. Энэ нь
УИХ-ын шийдэх ёстой асуудал. 

-Танай намаас УИХ-ын гишүүн бөгөөд
сай­дын албатай хоёр хүн бий. Хэрэв энэ хууль одооноос хэрэгжээд эхэлбэл дараагийн
эмх­лэгдэх Засгийн газарт МАХН-аас хэн хэн орох бол гэсэн таамгууд яваад байна.  Н.Энхбаяр нь Шадар сайд болбол Г.Шийлэгдамба,
Ц.Ша­рав­дорж нарын нэр ч сайдын албан тушаал дээр  сонсогдож байх шиг байсан…

-Тэр мэдээллийг үзээ­гүй юм байна.
Унших шаардлага ч байхгүй. Тийм зүйл үүсэх эсэх нь тодорхойгүй байна шүү дээ. Тодорхойгүй
зүйлдээ ач холбогдол өгөх нь утгагүй. УИХ-д суудалтай намууд хэлэлцээд өнөө­гийн
байгаа төр засгаа тогтвортой байлгах чиг­лэлд шийдвэр гаргах болов уу гэдэгт итгэлтэй
байна. 

-УИХ-ын Тамгын газ­рын дарга асан
Ц.Ша­равдоржийн хамт  Б.Бат-Эрдэнэ гишүүн
танай намд орно гэсэн мэдээ­лэл саяхан түгсэн. Гэвч өөрөө үгүйсгэлээ. Энэ тал дээр
юу хэлэх вэ?

-Ц.Шаравдорж дарга бол манай туршлагатай
парламентч, гавьяат хуульч, улс төрийн хувьд тодорхой байр суурьтай нийгэмд танигдсан
нэр хүндтэй хүн. Тиймээс түү­нийг намын гишүүнчлэлээ сэргээгээд ирсэнд баяртай байгаа.
Ц.Шаравдорж дар­га гишүүнчлэлээ сэр­гээх үедээ “улс орны сайн сайхны төлөө,  шударга ёсны төлөө МАХН-даа эргэн ирлээ” гэж хэлсэн
нь манай намын мянга мян­ган гишүүдийн талархлыг хүлээсэн. Намын гишүүнч­лэлээ сэргээх
асуудлаар Ц.Шаравдорж даргатай удаан хугацаанд ярилцаж, санал бодлоо солилцож  байсан учраас түүний  шийд­вэр гэнэтийнх бай­гаа­гүй. Харин Б.Бат-Эрдэнэ
гишүүний хувьд манай намд элсэх тухай албан ёсоор яригдаагүй. Надтай албан болоод
хувийн журмаар харил­цахдаа энэ тухай мэдэг­дээгүй. Гэхдээ Б.Бат-эр­дэнэ гишүүнд
МАХН-д надаас өөр хувийн харил­цаатай хүмүүс бий. Тэдэн­тэй чухам ямар байдлаар
асуудлыг ярьж байсныг мэдэхгүй юм. Ямар ч бай­сан түүнийг манайд намд элсэх нь гэсэн
мэдээлэл гарсны дараа үнэхээр хүрээд ирж магадгүй гэсэн хүлээлт байсан. Гэвч өөрөө
үгүйсгэлээ. Чухам юу болсныг хэлж мэдэхгүй юм.

         

-Ц.Шаравдорж даргын МАХН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл нэг хэсэг явлаа. Та энэ тал дээр юу хэлэх
вэ?

-Ерөнхий нарийн бичгийн дар­гын асуудлыг
Бага чуулганы хурал­даанаар  шийдвэрлэдэг.
МАХН-ын Их чуулган тодорхой хугацааны дараа хуралдаж, шинэ Бага чуул­ганаа байгуулна.  Тэр үед ерөнхий нарийн бичгийн дарга болоод намын
удирдлагын асуудлууд яригд­даг. Энэ үеэр хэн ч эдгээр албан тушаалд нэрээ дэвшүүлж,
өрсөлдөх боломжтой. Харин Ц.Ша­рав­дорж гишүүнийг манайд орж ирэх үеэр ийм асуудал
яриг­даагүй шүү. 

-Ер нь намын удирдлагуудаа солих
хугацаа нь болчихсон юм уу?

-Их чуулганаар бага чуулганыг шинээр
бүрдүүлсний дараа гар­цаагүй яригдах асуудал мөн л дөө.

-Танд ерөнхий нарийн бичгийн даргын
ажлаа үргэлжлүүлээд хийх сонирхол байгаа биз дээ?

-Манай намын удирдлагын асуу­дал бидэнд
тулгамдсан зүйл биш. Намын Их чуулганаар удирд­лагуудын асуудлыг хэлэлцэх ч гэлээ
заавал өөрчлөх асуудал яригдах албагүй. Шаардлагатай бол ярина. Шаардлагагүй бол
удирдлагууд нь үргэлжлүүлэн  ажиллаад явж
болдог.

-Намын Их чуулганаа дөрөв­дүгээр
сард хийхээр болсон бил үү?

-Уг нь тэгж төлөвлөж байсан боловч
сая Солонгост очиж ярил­цаад хойшлуулсан. Их чуулганаа хэзээ хийх нь тодорхойгүй
байна. Хөдөө орон нутгаар явж шударга ёсны аянаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд
ч Их чуулганд намын дарга өөрөө илтгэл тавьж хэлэл­цүүлдэг ёстой. Гэвч намын даргын
эрүүл мэндтэй холбоотойгоор Их чуулганыг түр хойшлууллаа.

-Тэгэхээр танай намын дарга Н.Энхбаяр
лав дөрөвдүгээр сар гартал ирэхгүй нь ээ?

-Тэгж ойлгож болох нь.

-Намайг байхгүйд Их чуул­ганаа
хийх тов гаргасан байна гэдэг зэмлэл хүртээ юу гэж бо­догд­лоо. Ер нь намын даргаа
эзгүйд хуралдахаар Их чуулганаа дөрөвдүгээр сард хийнэ гэж тогтсон байжээ?

-Бид яг дөрөвдүгээр сард хурлаа хийнэ
гэсэн тов гаргаагүй шүү дээ. Намын даргаас шүүмжлэл хүртэх тухайд байлгүй яахав.
Намын дар­гатай уулзах үеэр инээдэм, нар­гиантай нөхөрсөг ёсны халуун дулаан яриа
өрнөдөг. Үүний хажуу­гаар мэдээж шүүмжлэл байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Я.Содбаатар: Эрх баригч байх үедээ алдсан алдаагаа засч эхэлсэн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилц­лаа.

 
-УИХ-ын намрын чуул­ган улс орны эдийн засагт нэлээд дэм болохуйц
хэд хэ­дэн хуулийг баталсан. Өнгөрөгч чуулганыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Жил жилийн намрын чуулган төсөв, мөнгөний бодлого баталдаг. Төсөв
мөнгөний бодлого бат­лах­даа хүчээр шахам зарим нэг обьектуудаа хасч, царцааж байгаад
орлогоо хэтэрхий өөд­рөгөөр төсөөлж байсан ч Төсвийн тогтвор­жилтын хууль, Төсвийн
тухай хуу­лийн үзүүлэл­түүдийг барьж баталсан. Үүний гороор төсвийн тодот­голыг
хоёр, гурван удаа хийхээр болж байна. Төс­вийн эхний тодотгол гу­равдугаар сарын
20-дын үеэр орж ирнэ. Мөн­гөний бодлого, улсын төсвийг өргөн барихаас эхлээд либерал
хуулийн олон заалт зөр­чигдөж байна. Төсөв ба­талж буй процесс нь алдаатай байна.
Ингэс­нээр хэд хэдэн удаа төс­вийн то­дотгол хийх, мөн­гөний бодлого алдагдах нөх­цөл
үүсч магадгүй гэдгийг МАН-ын бүлэг сэрэмж­лүүлсэн. Гэтэл эрх бариг­чид хуу­лийн
хугацаан­даа бат­лахын тулд хүч түрж ор­логоо хийсвэр тавьж ба­талсан. Намрын чуул­ганыг
харахад үнэ­хээр эдийн засгаа сэр­гээхийн тулд байгалийн баялаг руугаа түлхүү ан­хаар­сан,
эргээд уул уур­хайгаа ухъя гэсэн бод­логын ба­римт бичгүүдийг хэлэлц­сэн. Эдгээрээс
за­рим нь батлагдаж, нөгөө хэсэг нь хаврын чуулган руу шилжсэн. Хөрөнгө оруу­лал­тын
тухай хууль бат­лагдсан. Энэ хууль харин тун чамбай болж чадсан бол Эрдэс баял­гийн
салбарт төрөөс ба­римтлах бодлогын ба­римт бичгээ гаргалаа. Энэ нь Монгол Улс цаашдаа
эрдэс баялгийн салбар­таа төрийн оролцоог хяз­гаарласан нэлээд либе­рал бодлого
болж чад­сан. Үүнийгээ дагаад эр­дэс баялгийн салбарт эрх зүйн болон төсөл хөтөл­бөрүүд
батлагдан гарах ёстой. Манай орон 1997 онд Ашигт малт­малын шинэ хууль ба­талж,
нэ­лээд либерал бодлого явуулж байгаад 2006 оноос хойш эргээд тө­рийн оролцоо орсноос
болж төрийн оролцоотой эдийн засгийг хумисан бодлого баримталж бай­лаа. Бидний сая
батал­сан бодлого 1997 оны либерал чиглэл рүүгээ эргэсэн гэж ойлгож бол­но. Алтны
ил тод байд­лыг бүрдүүлэх тухай хууль унасан ч Ашигт малтмалын тухай хуу­лийн нэмэлт
өөрчлөл­төөр алтны салбарт нэ­лээд том хөнгөлөлт өгө­хөөр болж байна. Урт нэртэй
хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол Улсын 13 аймгийн 240 гаруй газарт алт ухъя
гэж орж ирснийг нь хойш­луулаад байгаа юм. Тү­гээмэл тархацтай ашигт малтмалын тухай
хууль батлагдсан гэх мэтээр ашигт малтмалын сал­бар руу чиглэсэн алтаа ухъя гэсэн
хуулийн зари­мыг нь баталчихлаа.

-Хойшилсон ямар хуулиуд байгаа бол?

-Хоёр томоохон хууль бий. Иргэний эрүүл мэн­дийн даатгалын тухай
хууль дээр АН-ын бүлэг завсарлага авсан. Үнэ­хээр эрүүл мэндийн сал­бараа эдийн
засгийн зөв голдиролд нь оруулж, зөв шилжүүлэх хэрэгтэй. Даат­гуулагч эргээд эрүүл
мэндийн зөв үйлчилгээг чирэгдэл багатай, оновч­той авах нөхцөлийг бүр­дүүлэхийн
тулд Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийг зайлшгүй батлан гаргах шаардлагатай.
Уг хууль батлагдчихвал эрүүл мэндийн салбарын то­моо­хон шинэчлэл болох учиртай.

Өөр хойшлуулсан нэг хууль нь Газрын тухай хууль. Ажлын хэсэг дээр
МАН-ын бүл­гийн гишүүд хэд хэдэн асуудал дээр тодорхой санал тавьсан. Нэг­дүгээрт
бэлчээрийг хувьч­лах асуудал байсан бол нөгөөх нь 100 жилийн хугацаатай газрыг гадаа­дын
иргэн, гадаадын хө­рөнгө оруулалттай аж ахуйн нэгжид эзэм­шүүлэх тухай. Мөн ир­гэдэд
биет бусаар газ­рыг өмчлүүлэх буюу газ­рын сертификат өгнө гэсэн бай­сан. Харин
газрыг нь биржээр хувьчилна. Үүнийг дагаад хэсэг хуга­цааны дараа цөөн хэдэн чи­нээлэг
хүмүүс сер­тифи­­катыг авах байдал бий болох байв. Нийг­мийн баялгийг тэгш ху­ваарилах,
баян хоосны ялгааг арилгах бодлого­тойгоо зөрчилдөх бай­сан юм. Газрын төл­бөрийн
хуулиар малын хөлийн татварыг сэргээх буюу малчдад татвар та­вих тухай мөн иргэдийн
хашааны газар буюу 0.7 га-г төлбөртэй болгоё, ашигт малтмал олбор­лож буй иргэд
ашигт малт­­малын роялти төлө­хөөс гадна газрын төлбөр төлдөг болох тухай иргэд,
аж ахуй нэгжид хүндрэл учруулахаар, үндэсний аюулгүй байдалд хүнд­рэл учруулах,
нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйд хүндрэл дагуула­хаар хөрсөнд буугаагүй хуулийн
төсөл орж ирсэн. Үүнийг ард түмнээрээ хэлэлцүүлж шийдэх­гүйгээр 76 нөхөр сууж байгаад
баталж болохгүй гэж МАН-ын бүлэг өөрс­дийн саналыг хэлж хойш­луулсан. Эдгээр хуулиуд
хаврын чуулганаар орж ирэх байх. Өнгөрөгч нам­рын чуулган нэлээд ачаа­лалтай болж
өн­гөрсөн. Зөвхөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон Засгийн газраас өргөн баригдсан
хуу­лиудыг хэлэлцсэн. Тий­мээс намрын чуулганы сүүлчийн өдрийн хурал­даан дээр хаврын
чуул­ганаар хэлэлцэх асууд­лын жагсаалт батлахад АН-ын гишүүд эсрэг са­нал өгч батлуулсангүй.

-Уг нь хэлэлцэх асууд­лын жагсаалтыг гаргадаг. Энэ удаа хав­рын
чуулганаар хэлэл­цэх асуудлын жаг­саалт гаргаагүй анхны тохиолдол болсон байх аа?

-Дараагийн чуулганы хэлэлцэх асуудлын жаг­саалтыг батлаагүй анхны
тохиолдол энэ боллоо. Уг нь баталчихсан бол байн­­гын хороод, ажлын хэсэг, намын
бүлгүүд аж­лаа хуваарилдаг байсан юм. Яаравчлан намрын чуулганыг завсарлуулах болсон
шалтгаан нь мэ­дээж Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүү­нийг хавсран гүй­цэт­гэж
байгааг хэлэлцэх дээр АН-ын бүлэг зав­сарлага авсан. Хэрэв хоёрдугаар сарын 10-нд
чуулган завсарласан бол хаврын чуулган руу уг асуудал шилжихгүй бай­сан. Энэ нь
явцуу эрх ашиг харсан үйлдэл болчихлоо. Ерөн­хий­лөгчийн институ­циэсээ эхлээд УИХ
дахь намын бүлгүүд бүгдээрээ УИХ-ын гишүүн нь Зас­гийн газрын гишүүнийг хавс­ран
гүйцэтгэж байгаа нь буруу юм байна. Энэ нь эргээд Монгол Улсын парламентын засаглалд,
парламентын дархлаанд хүндрэл учруулж байна. Ухаандаа эрх мэдэл ху­ваарилах зарчим,
пар­ламент нь Засгийн газраа хянадаг байдал алдагд­лаа. Парламентынхаа дээр нь Засгийн
газар гараад суучих юм байна гэдгийг бүгд хүлээн зөв­шөөрсөн. Тийм ч учраас уг асууд­лыг
хэлэлцэхэд бүх на­мын бүлэг болон гишүүд дэмжиж байгаа. Харамсалтай нь хэрэг­жих
хугацаан дээр нь санал зөрөлдөөд байна. Хугацаа алдалгүй бид үүнийг засах ёстой.
АН засгийн эрхэнд байхдаа эрх мэдэлтэй байя, УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүний
албыг давхар хашъя, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихъя, пар­ламен­тын
ёсыг уландаа гишгэж болдог юм байна гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс
АН-ын эрүүл, зөв сэтгэдэг хэсэг нь энэ хуулийг дол­дугаар сарын нэгнээс мөрдүүлье
гэсэн байр суурьтай байх шиг байгаа юм. Тийм ч болохоор АН-ын бүлэг дотроо санал
хуваагдсан тул завсар­лага авсан гэж ойлгоод байгаа.

-Ээлжит бус чуул­ганаар ямар асуудлыг хэлэлцэх бол?

-Ээлжит бус чуулганы захирамж гараагүй бай­гаа тул ямар асуудал
хэ­лэлцэх нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр 2014 оны төсвийн хүрээнд
цар­цаасан 240 обьектын аудитын дүгнэлтийг хэ­лэлцэж 40 обьектыг тө­сөвт суулгах
тухай хэлэл­цэнэ. Мөн давхар дээл, өрийн удирдлагын асууд­­лыг хэлэлцэх юм шиг байна.

-Намрын чуулган зав­­сарласны дараа тойр­гоос сонгогдсон гишүүд
тойрогтоо ажил­лаж байна. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүд хийх ажилгүй гулиа
дарж яваа сураг­тай. Та намын жаг­саалтаар орж ирсэн гишүүний хувьд ямар ажил амжуулж
байна вэ?

-УИХ-ын намрын чуул­­ганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө
гарсан байна. Миний хувьд Налайх дүүрэг, Өвөрхангай аймагт ажиллах ёстой. УИХ дахь
МАН-ын бүл­гийн жагсаалтаар сон­гогдсон гишүүд манай намаас гишүүн гарч ча­даагүй
тойргуудад хувааг­дан ажиллаж байгаа юм. Харьяалаг­даж буй байн­гын хороо­ны ажлын
хэ­сэгт орж хав­рын чуулганд хэлэлцэг­дэх хуулийн төс­лүүд дээр ажиллаж бай­на даа.
Хувь УИХ-ын ги­шүүнийхээ хувьд Худал­дааны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуу­лийн
нэмэлт өөрчлөл­тийн тухай хуу­лийн төсөл болон бусад хуулийн төслүүд дээр ч ажиллаж
байгаа.

-Говь-Алтай айм­гийн дахин сонгуулийн дүнд сэтгэл дундуур байгаагаа
танай намын нарийн бичгийн дарга нар хэлж байсан. Залуу хүмүүс ялагдаж сураа­гүйн
шинж юм уу даа гэж санагдсан?

-Ардчилсан нийгмийг байгуулж, ардчиллын суурь зарчмуудыг соёл
болгон төлөвшүүлэхээр 24 жил ажиллаж ирсэн. Ардчиллын суурь зарчим болох хүний эрх,
эрх чө­лөө, сонгох, сонгогдох эрхийн асуудал, хуулийн засаглалд хэн нэгэн гар хөлөө
дүрдэггүй, ард түм­ний сонгох, сонгогдох эрхэнд хэн нэгэн нөхөр халддаггүй тогтолцоог
зөв төлөвшүүлэх нь нэн чухал байна. Говь-Алтай аймагт болсон дахин сон­гуулийг харахад
Мон­голын ард­чилал нэлээд хэврэг бай­гаа нь анзаа­рагдсан. Тэр дундаа сон­гуулийн
ард­чилал, зөв сонгууль явуу­лах тал дээр алдаатай байгааг анзаарсан. Говь-Алтайн
иргэд жилийн өм­нө сон­голтоо хийчихсэн. Энэ сонголтын хүрээнд ИТХ бүрдэж, аймгийн
удирд­лагууд сонгогдоод үйл ажиллагаагаа явуулж байтал зөвхөн шүүхийн шийдвэрээр
бүтэн айм­гийн сонгууль эргэж байна. Ард түмний эрх ашиг алдагдаж байгаа юм. Уг
сонгуулийн хувьд ирц бага байсан тул хүн зөөх гэх мэт хууль бус зүйл гарсан. Хугацаа
нь дуусаад хуулиар бүрэн эрх нь хаагдсан байсан 2008-2012 оны ИТХ ху­ралдсан байх
жишээтэй. Энэ ИТХ нь хуралдаад сонгуулийн тов зарлаж, төсөв баталж байгаа нь юу
гэсэн үг вэ. Ийм алиа гэхэд хэтрүүлэг болохгүй Монгол бүү хэл дэлхийд хамгийн муугийн
жишээ болох ийм зүйл боллоо. Эрүүл гэхээсээ илүү нам дамнасан ойлгомжгүй зүйл болсон.
Бид үүнээс сургамж авч сонгох, сон­гогдох эрхэнд шүүх хүч­ний байгууллагын нө­лөө­лөл
ордог байдлыг цаашид хязгаарлах ёс­той. Ардчиллыг Мон­голд төгөл­дөршүүлэхэд би­дэнд
хийх зүйл их байна. Сонгууль явагд­саны да­раа тэрхүү үр дүнг зөв­шөөрөх эсэхийг
бид сайтар цэгцлэх ёстой. Ардчиллын 24 жилийн хугацаанд хэрүүлтэй, маргаантай ч
гэсэн сон­гуулийн үр дүнг зөв­шөөрдөг, гадны нөлөө­лөл багатай явж ирсэн. Цаашид
тийм байх хэ­рэгтэй. Тэгэхгүй бол бага Азийн орнуудад то­хиолд­сон тодорхой эрх
мэдэлтэн, хүчний бай­гууллага, улс төрийн хүч­ний захиалгат бодлого руу орчих гээд
байна. Монголын ард түмний эрх ашгийн төлөө улс төрийн намууд төрийн механизм, төрийн
үйл ажиллагааг илүү бо­ловсронгуй болгох, ард түмэнд ил тод болгох чиглэл рүү нэлээд
том алхам хийх хэрэгтэй байна. Бид эрх барьж байх үедээ алдсан то­моохон алдаагаа
засч, гишүүд дэмжигчидтэйгээ ойр байх, тэднийг шийд­вэр гаргахад оролцуулах механизмыг
зөв болгох чиглэл рүү шинэ бодлого үйл ажиллагаанд салхи оруулах алхмуудыг хий­хээр
ажиллаж байгаа.

-Улс төрийн намуу­дын тухай хуулийн хүрээнд намын дарга нар уулзсан
байна лээ. Уул­залтаар ямар асууд­лыг ярилц­сан бол. Энэ тухай мэдээлэл авсан уу?

-Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж
байгаа.

УИХ дахь МАН-ын бүлэг XXVII Их хурлын дараа намын дарга М.Энхболдын
санаа­чилгаар улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтыг гурав дахь удаагаа зохион
байгууллаа. Энэ уулзалтын хүрээнд Үндсэн хуу­лийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын
тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуу­лийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд
пар­ламен­тад суудалгүй улс төрийн намуудад хандаж, тэдний бодол, санал са­наа­чилгыг
МАН пар­ламентын тан­химд оруулж ирэх талаар ажиллаж байна. Уулзалт дээр намуудын
зүгээс гарсан санал санаачилгын тухай мэдээлэл хий­сэн. Улс төрийн намууд ч өөрсдийн
саналыг хэлээд байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэ­батын парламен­тад
суудалгүй намуудыг татан буулгах талаар хийсэн мэдээллийн дараа намууд байр сууриа
идэвх­тэй илэрхийлж байгаа юм. Ард­чиллын ачаар хүн эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх
чөлөө нь нээгдсэн. Монголчуудын хамтын хүчээр бий болсон ард­чиллын суурь зарчим
руу бид ормооргүй байгаа юм. Эрх бариад ирэхээрээ өөрсдөө цөөнх байгаа­гүй юм шиг
парламентын гадна, дотно улс төрийн бусад намуудаа шахан гадуурхах бод­лого явуулж
байгаа нь ард түмний нийтлэг эрх ашгийн тал дээр байр сууриа нэгтгэхэд сөрөг нөлөө
үзүүлж бай­на. Өнөөдрийн Мон­голын төрд АН олонх болоогүй. Харин зүгээр л хамгийн
олон суудалтай улс тө­рийн хүчин. Олонх болоогүй байж олонх бол­сон мэт авирлаж
байгаа нь бусад улс төрийн намуудад таалагдахгүй байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн
тал дээр намын бүлгүүд ерөнхийдөө санал ижил түвшинд ойртож байгаа.

-Намуудын санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа гэж?

-Ажлын хэсгийн түвшинд гур­ван хэлбэртэй байхаар үзэж бай­гаа
юм. Нэгдүгээрт улс төрийн на­муудын үйл ажиллагааны сан­хүүжилттэй байх бөгөөд парламен­тад
суудалтай нам байх юм бол тодорхой хэмжээгээр төрөөс сан­хүүжилт авдаг байя. Хоёрдугаарт
улс төрийн намын үзэл баримт­лалын санхүүжилттэй байх хэрэг­тэй. Өөрсдийн үзэл санааг
олонд сурталчлах, тэднийг дагаад ир­гэдэд улс төрийн боловсрол олгох чиглэл рүү
чиглэх намуудын дэр­гэдэх сангуудаар дамжих ёстой. Өөр нэг зүйл нь улс төрийн намуу­дын
сонгуулийн үеийн санхүүжилт тусдаа байх ёстой. Сонгуулийн үеийн дийлэнх санхүүжилтийг
төрөөс гаргаснаар намууд томоо­хон хөрөнгө чинээлэг хувь хүн, компани, гадны нөлөөллөөс
ха­раат бус байх нөхцөл бүрдэнэ. Тэгэхгүй бол үүнийг дагаад Мон­голын эдийн засагт
янз бүрийн бүлэглэлүүдийн сонирхол, эрх ашиг орж ирэх гээд байна. Үүн дээр төрийн
санхүүжилт илүү байх хэрэгтэй. Намуудын санхүүжил­тийг ил тод байлгах хязгаарлал­туудыг
мөрдөх нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол намуудыг дагасан бохир мөнгөний урсгал, лобби
орж ирж байна хэмээн иргэдээс шүүмж­лэл их ирж байгаа юм. Ингэж гэмээнэ монгол төрийн
бодлого хараат бус байх юм. Улс төрийн намуудын санхүү­жилтийн ажлын хэсэг хуулийн
төсөл өргөн бари­хаар ажиллаж байна. Улс төрийн намын гишүүнч­лэл, өмчлөл, үзэл
баримтлал, дотоод зохион байгуу­лах асууд­луудаар нэгдмэл байр суурьт хүрээгүй байна.
Эдгээр асуудлууд дээр нэлээд саналын зөрүү гарсан.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Какүрюү М.Ананд: Ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй

 

Японы мэргэжлийн сумод
өндөр амжилт гаргаж яваа Какүрюү М.Анандыг Японы иргэн­шил хүссэн тухай хэвлэл мэдээллийн
хэрэгслээр ч гараад байгаа юм. Энэ тухай түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.

 
-Сүүлийн үед Какүрюү М.Ананд,
Токитэнкү А.Хүчит­баатар нар Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гараад
байна. Үнэхээр Японы иргэн болох шийдвэр гаргасан юм уу?

-Харин ийм мэдээлэл цацагд­сан
байна лээ. Японы иргэн болох гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаамаар байна. Юунаас
болж, яагаад ийм мэдээлэл цацагдах болсныг мэдэхгүй юм. Монголын цахим сайтуудаар
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээ гарсан гэж байгааг нийтэлсэн байсан.
Японд иймэрхүү мэдээлэл гараагүй.

-Токитэнкү А.Хүчитбаатартай
холбоо барив уу. Өөрөө юу гэж байх юм?

-Токитэнкүтэй уулзаж энэ та­лаар
асуугаагүй л байна. Токитэнкүгийн ямар бодолтой явааг мэдэхгүй байна.

-Таныг Японы иргэн болоод
ояката буюу дэвжээний эзэн болооч ээ гэсэн санал тавибал яах вэ?

-Надад тийм бодол алга. Дэлгэр
сайхан Монгол орныхоо үзэгчдэд уран, сайхан барилдаан харуулъя гэхээс өөр бодсон
зүйлгүй байна.

-Таныг гуравдугаар сарын
башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол олгохоор сумо бөхийн
хол­боо­ноос мэдэгдсэн. Магадгүй ёкозуна болохын тулд Японы иргэн бол гэсэн шаардлага
тавьсан юм болов уу?

-Надад японы иргэн болоод ёкозуна
болох ёстой гэсэн шахалт үзүүлээгүй. Холбооны зүгээс 13 болон түүнээс дээш давж
түрүүлэх юм бол ёкозуна цол олгоно гэдгээ л мэдэгдсэн. Тэгээд ч ёкозуна болохын
тулд би Японы иргэн болохгүй.

-Сумочдыг хараад байхад
дараагийн башёд тэд давчих юм бол цол олгоно гэдэг. Гэтэл тэр нь нэг талаараа сэтгэлзүйн
да­рамт болоод байх шиг санагддаг. Таны хувьд ирэх башёд хэрхэн барилдах вэ?

-Башё эхлэх үед энэ тухай бүр
ч илүү яригдах байх. Тэр үед нь аль болох анхаарлаа төвлөрүүлж, тайван байж, чөлөөтэй
барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Таны сумод явах болсон
шалтгаан юу вэ?

-Сумод явах хүүхдүүдийг шал­гаруулж
байгааг анх аав мэдээд “Сумод хүүхэд авч явах юм байна. Хоёулаа хамт очиж шалгуулъя”
гэсэн. Тэгэхэд 2000 он байсан юм. Аварга биеийн тамирын дээд сургууль дээр хүүхдүүдийг
хооронд нь барилдуулсан. Тэгэхэд анх удаа зодог шуудаг өмсөж байлаа. 14 настай хүү
тэнд барил­даж тав давж байв. Аав маань бөхөд их дуртай, бөхчүүдэд ч хүндэтгэлтэй
ханддаг байлаа. Тийм ч болохоор аав маань багш хүн хэдий ч намайг бөх болгоно гэж
шийдсэн байх. Тухайн үед Н.Цэвэг­ням, Д.Батбаяр ах нар дээд зин­даанд гараад ирчихсэн
байсан тул зурагтаар хараад бахархдаг бай­лаа. Ах нарыгаа зурагтаар харчи­хаад сумо
барилдаж болмоор санагддаг байсан. Энэ гэхдээ хүүхэд байхын бодол юм шүү. Магадгүй
тэд бай­гаа­гүй бол би сумоч болоогүй, өнөөдөр энэ амжилтаа гаргаагүй байх байсан
биз. Тэр үед аавын нэг шавь Японоос сумогийн ном явуул­сан юм. Би захиагаа аавынхаа
сургуу­лийн япон хэлний багшаар орчуу­луулаад номон дээр байсан хоёр хаяг руу явуулчихсан.
Номон дээр байсан хоёр хаягийн нэг нь сэт­гүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс
“Манайх сэт­гүүлч­дийн холбоо учраас сумотой ямар ч холбоогүй” гэсэн хариу ирүүлсэн.
Нөгөө захидал маань “Изүцү” дэв­жээнд очсон байсан. Манай баг­шийн эхнэр хариу бичсэ­нээр
би таван сарын дараа буюу 2001 оны есдүгээр сард Япон явж, арваннэг­дүгээр сараас
нь сумод барилдаж эхэлсэн юм.

-Сумод явна гэж анх догдолж
байсан мөчөө эргэн дурсахад сайхан байдаг биз. Хөөрч догд­лохоос гадна хэцүү, бэрхийг
даван туулна гэж бодож байв уу?

-Мэдээж тухайн үеийн хүүхэд зангаар
хөөрч догдолж байсан минь, сумоч болно гэж зориг шулуудсан минь алдаа байгаагүй
байжээ гэдгийг мэдэрч байна. Хүнд хэцүү гэдгийг анхнаасаа мэдэрч байсан.

-Сумо бөх эр зориг, тэвчээр
шаардсан спорт шиг санагддаг. Таны хувьд халирч шантрах зүйл тохиолдов?

-Ёстой шантрах зүйлтэй нүүр тулж
байсангүй. Нэгэнт л би өөрийн­хөө байгаа бүхнийг зориу­лан ирсэн болохоор ямар ч
бэрх­шээл саадыг даван туулна гэсэн бодолтой байлаа. Хатуу ширүүн бүхнийг ч шүд
зуун давж чадсан. Миний зорилго дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдах байсан
юм.

-Монгол бөхчүүд сумо бөхөд
амжилт гаргаад байгаа тул япончууд монголчуудад дургүй болсон гэх юм?

-Учиргүй дургүй нь ч юу юм бэ.
Япончууд дэмждэг бөхөө дэмжээд л явдаг. Мэдээж дургүй хүн байдаг л байх.

-Дэвжээнд гарахынхаа өмнө
өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ. Харумафүжи аварга гэхэд аавынхаа тангаргийн шүлгийг
уншдаг юм билээ?

-Миний хувьд тайван байж, барилдаандаа
анхаарахыг бод­дог. Хамгийн гол нь өөртөө итгэл­тэй, хүссэн барилдаанаа гаргахыг
хүсдэг. Тэгж давсан даваа бүр амттай байдаг. Миний хувьд дэв­жээнд гарахынхаа өмнө
уншдаг тарни бий.

-Сумод ороод хамгийн анх
яаж баярлаж байсан бол?

-Дохён дээр гарч давсан анхны
даваанаас эхлээд сайхан дурсамж олон бий. Хамгийн их баярлаж бай­сан нь жүрёо зиндаанд
гарч ирчи­хээд нэг их баярлаж байсан юм даг. Жүрёод гарч ирнэ гэдэг нь зорил­гын
минь бас л нэг том алхам байсан.

-Таны бага нас хэрхэн
өнгөрсөн бэ?

-Бусдын дээр гарч онгироогүй
ч, бусдын доор оролгүй явдаг байлаа. Би Улаанбаатарт төрсөн болохоор хотын хүүхэд
ямар бай­даг тэр л замаар явсан. Өнөөгийнх шиг олон янзын тоглоом байгаагүй тул
сагс их тоглодог байсан юм.

-Таныг чөлөөт бөхөөр хичээл­лэж
байсан гэх юм билээ?

-Тэр яахав ээ. Чөлөөт бөхөөр
хичээллэж сүйд болоогүй юм. Чөлөөт бөхийн спортыг сонирхож хоёр удаа бэлтгэлд нь
очиж байс­наас хэтрээгүй.

-Японд анх очиход тань
ямар хүмүүс дэм болж байсан бэ?

-Монгол бөхчүүд бие биедээ амь
шүү дээ. Д.Батбаяр, Н.Цэвэг­ням, Энхбат ах нар надад их тусалдаг байсан. Ошима дэвжээ
манай дэвжээтэй ойрхон байв. Анх хэл ус ч үгүй нөхөрт хэл заахаас эхлээд гадуур,
дотуур авч гарна. Одоо ч гэсэн манай бөхчүүд доо­роос гарч ирж буй залуустайгаа
ойр байдаг. Барилдааных нь тухай ярилцаж, хэрхэн барилдахыг зөвлөдөг.

-Японы сумочид манайхныг
давахаа болиод ирэхээрээ гадуурхах хандлага гаргаад байна уу?

-Монголоос гурван сайхан ёкозуна
цолтон төрчихлөө. Япон бөхчүүд унаад байна гээд биднийг гадуурхаад байх зүйл байдаггүй
байх аа. Тэд дотроо ямар бодол тээж явдгийг сайн мэдэхгүй байна.

-Таны өндөр, жин хэд байна
вэ?

-Миний өндөр 186 см, жин 150
кг байна. Ойрын хэдэн жилдээ жин нэмэх бодол алга. Хэт тарган, хэт өндөр чинь бас
хэцүү шүү дээ.

-Нас хэд хүрч байна вэ.
Сумод бөхөд амжилт гаргах нас хэдээс хэдэн насны хооронд байдаг бол?

-Би энэ жил 29 хүрнэ. 29 нас
гэдэг сумод залуу ч биш. Ахмад ч биш дундаж нас байгаа юм. Сумочид 34-35 нас хүрэхээрээ
зодог тайлдаг.

-Цол дагаж бяр нэмэгддэг
гэдэг хэр үнэний ортой вэ?

-Үнэн юм шиг байгаа юм. Ма­най
монголчууд аливаа зүйлийн голыг нь олоод хэлчихсэн санагддаг.

-Таны дархан мэх юу вэ?

-Тэгж сүрхий дархан гэж нэрлээд
байх мэх алга. Дэвжээн дээр гараад барилдаж байхад дархан мэхээ хийх үү, өөр мэх
хийх үү гэдгийг бодох ч зав гардаггүй.

-Сумод анх орж байхдаа
хэн шиг бөх болохыг мөрөөддөг байв?

-Сумод хөл тавьчихаад Аса­шёорюү
Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх бо­лохсон гэж боддог байлаа. Эдгээр
аваргуудын бие хаа минийхтэй төстэй байсан болохоор энэ авар­гууд шиг ёкозуна болох
боломж бий гэж боддог байсан юм. Тийм ч болохоор барилдаануудыг нь их үздэг байлаа
шүү дээ.

-Анх жин багатай сумод
очиж байсан байлгүй. Жингээ нэмэ­хийн тулд түүхий загас идэхээс эхлээд бараг л шийтгэл
шахуу зүйлс хэр тохиолддог байв?

-Хамгийн хүндрэлтэй асуудал хэлний
бэрхшээл байсан. Мон­голоос Японд очихдоо түүхий загас идэж үзээгүй байсан тул хэцүү
байлаа. 100 кг хүртлээ жин дорх­ноо нэмэгдчихдэг юм билээ. Тар­галахын тулд загас
идэх хэрэгтэй гэж багш маань хэлж байсан тул идэхээс аргагүй байдалд хүрсэн. Загас
идсэнээс хойш жин үнэхээр нэмэгдсэн.

-Сүүлийн жилүүдэд япон
бөх­чүүдээс ёкозуна цолтон төрсөн­гүй. Үүний нэг шалтгаан нь мон­гол бөхчүүдийн
ноёрхлоос болж байна гэж боддог…

-Үнэхээр ч монгол бөхчүүдийн
амжилт гаргаж байгаа нь япон бөхчүүдэд амжилт гаргах орон зайг багасгаж байгаа гэж
боддог. Япончууд ч гэсэн өөрсдийн бөхчүү­дээ “Манай бөхчүүд муу байна. Том амжилт
гаргахгүй байна” гэдгийг хэлж байсан. Гэхдээ манайхны амжилт гаргаж байгаа нь нэгэн
цаг үеийн асуудал юм. Түүнээс биш мөнхөд ийм байна гэдгийг хэн ч таашгүй. Өнөөдөр
манай бөхчүүд урамтай сайхан барилдаж байгааг харахад надад ч гэсэн сайхан л санагддаг
юм.

-Өнгөрөгч нэгдүгээр сарын
башёгийн тухай ярихгүй юу. Сүүлийн өдрийн барилдаанд та Хакухог давснаар нэмэлт
барил­даан гарсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ башёгийн талаар ямар бодолтой байна
вэ?

-Барилдаанууд ерөнхийдөө сайхан
болсон. Сүүлчийн өдөр Хакухо аваргатай барилдахад бэргэх зүйл байгаагүй тул үнэн
хүчийг үзэж барилдъя гэж бодсон. Сумо бөхөд үндэсний бөх шиг тайван барилдаан байдаггүй
тул барилдааны тухай бодохоос өмнө бие маань хөдөлчихсөн байдаг.

-Башёгийн дараа Хакухо
аваргатай уулзав уу. Уулзсан бол юуны тухай ярилцсан бэ?

-Аваргатай тухтай уулзаж чадаагүй.
Цагаан сарын шинийн хоёрны өдөр монгол бөхчүүд Хакухо аваргатай очиж золгосон. Золголтын
үеэр барилдаан ярих цаг зав гараагүй.

-Эх орондоо цагаан сарыг
тэмдэглэхийг хүсдэг байх. Хамгийн сүүлд хэзээ Монголдоо шинэлсэн бэ?

-Мэдээж эх орондоо сар шинээ
тэмдэглэхийг хүсдэг. Харамсалтай нь цаг хугацааны хувьд таарч өгөхгүй юм. Энэ жил
сар шинийг Монголд угтах боломжтой байсан ч маргааш нь барилдаантай байсан тул ирж
чадсангүй.

-Таны төрсөн нутаг аль
аймаг бол. Уул ус, төрсөн нутаг хүүгээ дагаж явдаг гэлцдэг шүү дээ?

-Би Улаанбаатарт төрсөн. Аав
маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав “Миний
хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм” хэмээн хэлж байсан. Тиймээс нутгийнхаа
уул усыг гэрийнхээ хойморт залсан байгаа. Алтан овоо, Шилийн Богддоо хамгийн сүүлд
гурван жилийн өмнө очсон. Дахин нэг очиж хийморь лундаагаа сэргээх хүсэл байлгүй
яахав. Озэки буюу арслан цол авахынхаа өмнө нутаг усандаа очиж байсан минь ивээлээ
өгсөн гэж боддог. Тэмцээн дуусаад долоо заримдаа бүр тавхан хоног амардаг. Тиймээс
Монголд ирэх боломж бага байдаг. Харин долдугаар сарын башёг дуусгаад Монголдоо
ирэх боломж тохиодог. Жилдээ ганц удаа л Монголд очдог.

-Таныг гэр бүлтэй болж
амжаагүй байгаа тул япон бүсгүйтэй суучих юм биш биз гэж чих тавих хү­мүүс байна.
Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Би монгол бүсгүйтэйгээ гэрлэнэ.
Ямар ч байсан эхний ээлжинд амжилт гаргаж дээшээ явж барилдъя гэсэн бодолтой байгаа.
Тэр үед сайхан мон­гол бүсгүйтэйгээ гэрлэнэ дээ. (инээв)

-Ганц бие хүн хувцас угаах
хоол хийхээс эхлээд ар гэрийн ажил хийхэд амар­гүй байдаг уу?

-Туслахтай бо­ло­хоор энэ бүхэнд
санаа зовоод байдаггүй. Ганц бие хүн чинь дэвжээнийхээ хоолыг л идчихдэг юм. 

-Таныг солонгос кинонд
дуртай. Солонгос кино үзэж тайвширдаг гэх юм?

-Гурван жилийн өмнө нэг солонгос
кино үзэж байсан юм. Тэр үед надаас юу хийж амарч байна гэхээр нь “Гэртээ солонгос
кино үзэж байна” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л намайг солонгос кинонд дуртай гэчихсэн
байна лээ. Ер нь бол кино үзэх дуртай. Шинэ гарсан монгол кинонуудыг интернэтээр
үзчихнэ.

-Таны хувьд зодог тайлаад
юу хийх вэ?

-Зодог тайлаад ингэнэ дараа­гийн
амьдралаа тэгж эхлүүлнэ гээд бодсон юм алга. Өнөөдөр би ба­рилдаж байгаа болохоор
өнөө­дөртөө л санаа зовох хэрэгтэй юм болов уу.

-Манай сумочид сан байгуу­лаад
эх орондоо хэрэгтэй зүйлс хийж байна. Таны хувьд өөрийн нэрэмжит сантай юу?

-Нэрэмжит сан байгуулах та­лаар
ах, эгч нартайгаа ярилцаж, судалж байна. Мэдээж Монгол Улсдаа хэрэгтэй зүйлийг бий
бол­гохын тулд өөрийн чадах зүйлсээ хийнэ.

-Аав, ээжээс хэдүүлээ
вэ. Танай удамд барилддаг хүмүүс байв уу?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав маань
залуудаа боксоор хичээллэдэг байсан юм билээ. Манай ойрын талд бөх хүн байхгүй.
Өвөг эцгийн үед л байсан. Энэ тухай би сайн мэддэггүй юм аа. Аавын талд арслан цолтой
бөх байсан гэсэн. Ээжийн талаас анх удаа чөлөөт бөхөөр Азийн аваргаас алтан медаль
авч байсан хүн байсан гэж дуулсан.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Махаа зардаг малчин, түүнийг нь авдаг хүнгүй “Хүчит шонхор” зах эль хуль байна

Цагаан сарын да­раа­хан
иргэд мах худалдан авах нь багасч, түүнийгээ дагаад мах зарахаар хот зүглэх малчид
тэр бүр байдаггүй гэх яриа бий. Үүнийг хэр ортой болохыг сурвалжлахаар “Хүчит шонхор”
захыг зорилоо. Өчигдөр өглөөний до­лоон цагт очиход захын хашааны үүдэнд махны ченжүүд
хэд гурваараа бөөгнөрөн зогсож хараг­дав. Тэд өөр хоорондоо “Мах ачсан машиныг эн­дээс
л барьж авахгүй бол дотогш орчихоороо олдохгүй юм. Зарим нь олон ченж харахаараа
махныхаа үнийг өсгөчих юм. Уг нь ч саяхан мах ачсан Булган аймгийн улсын дугаартай
пор­терийн жолооч хэдэн төг­рөгөөр авч байгаа юм гэж асуучихаад өгсөөд яв­чих­сан.
Бодвол “Нарантуул-2″ дээрх ханшийг харах гэж байгаа байх. Тэнд эндэхээс өндөр үнээр
худалдаж авна гэж юу байх вэ. Удалгүй уруу­даад ирэх биз. Тэгэхэд нь гайгүйхэн үнэ
хэлээд ху­далдаад авчихъя” хэмээн ярилцана. Тэдний хэлс­нээр Цагаан сарын да­раахь
арав гаруй хоног мах худалдаалахаар хөдөө орон нутгаас ирэх малчид бараг байдаггүй
учраас ченжүүд нэгнээсээ өрсөн мах худалдаж авахаар байдаг л арга чаргаа хэрэглэдэг
аж. Гэхдээ тэд хэзээ ч үнэ цохиж худалдаж авдаггүй гэцгээж  байлаа. Төд удал­гүй үнэ асуучихаад яваад өгсөн
портер эргээд ирэв. Захын хашаа руу орохоор жолооч нь дохиогоо өгөөд эргэтэл ченжүүд
тосон уулзаад “Дотор шинэхэн үхрийн мах килограмм нь 7500 төгрөг байгаа. Харин наад
мах чинь гурав,  дөрөв хоночихсон. Тэгсэн
ч гэсэн шинэ махны үнээр худалдаж авъя” гэвэл жолооч залуу “Тэр холоос зардал чирэгдэл
болгож авчирчихаад хямд өгмөөр­гүй байна. Гурван үхэр, таван ямааны мах л байгаа.
Доод тал нь 7800 төгрөгөөр өгчихмөөр бай­на. Тэгж байж ганц шуудай тэжээл ч гэсэн
аваад харина шүү дээ” гэв. Харин ченжүүд хэлсэн үнэд нь авахаас татгалз­сан учраас
жолооч залуу зах руу оров.

  
МУУЛСАН МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН БОЛОН МАЛ ЭМНЭЛГИЙН БИЧГИЙГ
НАРИЙВЧЛАН ШАЛГАЖ БАЙВ

Ачааны машин орж ирээд зог­суут тийш ченжүүд хошууралдан, “Ямар
малын  мах байгаа юм. Үхрийн тарган, шинэхэн
мах байвал ханшаар нь авъя” гэцгээж байв. Жолооч залуу “Үхэр,  ямаа байна. Ямаа нь тийм ч тарган биш. 4500-аар
өгчихнө. Харин үхрийн мах нь тарган. Өвөлжин тэжээл идсэн үхрийнх. 7800 төгрөг”
гэвэл “Тас хөлдүү, дээр нь хэд хонуулчихсан байж ямар үнэтэй юм. Дээд ханшаар нь,
нойтон шинэ махны үнэ болох 7500 төгрөгөөр авъя” гэсэнд залуу толгой сэгсрэв. Түүний
хажууханд тэвш дүүрэн ямааны мах ачсан дунд оврын ачааны машин ирж зогсов. Харин
энэ удаад өмнөх залуу шиг өөрөө үнээ хатуу тогтоолгүй “Эндэхийн ханшаар нь өгчихнө
дөө” гэсэн учраас ченжүүд “Ямааны туранхайвтар мах кг нь 4000-тай байгаа. Би 20
гулууз авъя” гэвэл хажуугаас нь “Томхоноос нь шилээд 15-ыг авъя” гэв. Гурав, дөрвөн
тэрэгчин ирээд нэгнээсээ өрсөн ачиж эхлэв. Хагас цаг гаруйхны хугацаанд тэвш дүүрэн
ямааны мах нь нилээд  дундарсан харагдав.
Харин өнөөх үхрийн махаа кг-ыг нь 7800-аар бөөндөнө гэсэн залуугийн зарахаар ирсэн  махнаас ер авах хүн байсангүй. Хэнтий аймгаас
дөрөв, таван бодын мах ачсан микро автобус иржээ. Захын эрүүл ахуйн байцаагч  нядалсан малынх нь гарал үүслийн болон эрүүл ахуйн
бичгийг нь сайтар нягталж харагдав. Учир нь уржигдрын байдлаар Сүхбаатар аймгийн
Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээт сумдад гарсан малын гоц халдварт
шүлхий өвчин Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх
сумдад тархжээ. Түүнчлэн “Хүчит шонхор” захын удирдлагуудын зүгээс малын гарал үүсэл,
шинжилгээний бичгийг сайтар шалгасны эцэст борлуулах эрх олгох үүргийг олгож байгаа
болон энэ өвчний тархалтыг хумих зорилгоор Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар,
Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн
байдалд ажиллаж байгаа тухай чанга яригчаар арван минут тутам нийтэд  сонордуулан анхааруулж байв. Тэмээ, хонины мах
бөөндөж зарж буй хүнтэй таарсангүй. Ихэнх нь ямаа, үхрийн мах зарж харагдав. Нар
нилээн өндөрт хөөрсөн хойно өнөөх “Кг-ыг нь 7800 төгрөгөар  зарна” гээд гэдийгээд байсан нөхөр ченжүүд дээр
очиж байгаа харагдаж. Сая нэг юм үнэ тохиролцсон бололтой, машинаас махыг нь буулгасан
юм.  

ШИНИЙН 1-НЭЭС 15-НЫ ХООРОНД МАЛЧИД ТЭР БҮР МАЛ МУУЛДАГГҮЙ
БАЙНА

Мах зарахаар хөдөөнөөс ирсэн бололтой ногоон хамбан дээлтэй залуу
утсаар хэн нэгэнтэй уцаарлангуй ярьж байна аа. “Тэр шинийн 10 байх эсэх нь надад
хамаагүй. Банкны зээлээ төлөх хугацаа өнөө маргаашгүй болчихоод байхад шинийн
15-ныг хүртэл мал муулахаа хүлээнэ гэж юу байх вэ дээ. Банкны мөнгөө гурав хоногоор
хэтрүүлж төлөхөд хэдий хэр мөнгө төлж байснаа та санаж байгаа шүү дээ. Нэгэнт л
амийг нь тасдаж байгаагаас шинийн 17-нд байна уу, шинийн 10-нд байна уу, хэдхэн
хоногийн наана цаана ямар ч ялгаа байхгүй. 
Түүнээс шинийн 15-наас хойш мал гаргавал зүгээр, шинийн 15 дотор бол нүгэл
байна гэж юу байх вэ дээ. Буяны өдөр мал гаргаж нүгэл үйлдлээ гэж санаа чинь зовоод
байгаа юм бол намайг нүгэл үйлдлээ гэж загнахын оронд зул өргөчихөөч” хэмээгээд
утсаа салгаснаа “Хар өглөөгүүр нүгэл хийлээ барилаа гэж утсаар хэрүүл хийгээд байх
даа яахав дээ” хэмээн амандаа бувтнав. Энэ залуу шиг эцэг эхийнхээ үгээс зөрөөд,
эсвэл шүтлэггүйдээ цагаан сарын дараахан малаа муулж зардаг малчин ховор гэдгийг
ченжүүд хэлж байлаа. Шарын шашинд билгийн тооллын шинийн 1-нээс 15-ны хооронд мал
амьтныг муулахыг цээрлэдэг нь махны нийлүүлэлт багасахад бас нэгэн нөлөө үзүүлдэг
аж. 

Ийнхүү ямагт хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа баяр ёслол дөхөхөөр
хөл гишгэх зайгүй болж, ёстой нэг бужигнадаг байсан “Хүчит шонхор” зах эль хуль
байлаа. Мах зарахаар хөдөө орон нутгаас ирсэн хэдэн малчид, ченжүүдийг эс тооцвол
өөр хүн амьтан алга. Битүү зах дотор хоёр лангуу тутмын нэг нь эзэнгүйгээс гадна
мах зарж буй лангуун дээр нь шулж багцалсан хонины махаа 10-аас 15 кг-аар нь тавьчихсан
харагдаж байлаа. Жижиглэнгээр ихэвчлэн ямааны мах зарагдаж байсан бөгөөд
4800-5100 төгрөгийн үнэтэй аж. Харин үхрийн мах кг нь 8400-9200 төгрөг бол адууны
мах дунджаар кг нь 5500 төгрөг. Худалдаачдын хувьд  энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хаданд
гарчихсан үнэ биш хэдий ч ойрын хэдэн өдөр борлуулалт нь бараг зогссон гэнэ. Тэд
“Ядаж энэ тэрүүгээр ганц хоёр хүн холхиод, авахгүй ч гэсэн махны үнэ ханш асуудаг
байсан чинь уржигдраас хөл хөдөлгөөн эрс татарсан” хэмээн ярьж байсан юм. Тиймээс
Цагаан сарын баярыг тэмдэглэсний дараахь хоёр долоо хоногийн хугацаанд махны борлуулалт
эрс багасдаг учраас ченжүүд болон жижиглэн худалдаач нар “Хямралын хагас сар” хэмээдэг
аж. Хэдий махны нийлүүлэлт ховордсон ч таван цул, хэл толгойн мах урьдынх шигээ
элбэг байлаа. Ямааны хэл кг нь 4000 төгрөг бол үхрийн толгойн мах кг нь 3000 төгрөг.
Харин хонины нэг гэдэс 2500 бол үхэр адууных хэмжээнээсээ хамаарч 20-30 мянган төгрөгийн
хооронд хэлбэлзэж байв.

МАЛЫН МАХАН ДАХЬ ШҮЛХИЙН ВИРУС ТАВАН МИНУТ ХҮРТЭЛ БУЦАЛГАХАД
УСТДАГ

Махны үнэ нэмэгдэж магадгүй гэх яриа аль хэдийн гарчээ. Сүхбаатар
аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хил залгаа Хэнтий, Дорноговь аймгуудад
илэрч, өвчний голомт газарзүйн байрлалын хувьд нийслэлд улам ойртжээ. Өнөөдрийн
байдлаар хамгийн бага тээвэрлэлтийн зардлаар нийслэлд мах нийлүүлдэг зүүн гурван
аймгаас мах нийлүүлэхийг хоригловол махны үнэ хөөрөгдөж болзошгүй аж. Хөл хорио
тогтооно гэдэг нь энэ өвчин хүнд халдварлахаас бус тархалтын цар хүрээг нь нэмэгдүүлэхгүй
гэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болохыг холбогдох албаныхан онцгойлон
анхааруулсан юм. Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Б.Цолмон “Мал амьтан, тэр
тусмаа хонь ямаа, үхэр, гахай зэрэг салаа туурайтай амьтдыг богино хугацаанд олноор
нь өвчлүүлэх шүлхий өвчний вирус нь хүнд халдварлах тохиолдол нь тун ховор. Хүн
шүлхийгээр өвчилсөн ч дорхноо дархлаа тогтдог. Хамгийн гол нь хүн уг өвчний вирусийг
тээгч болдог. Өвчин дэгдсэн газраас ирсэн машин тэрэг, хүний хувцас хунар, эдлэл
хэрэглэл тэр чигтээ вирус тараагч болдог. Шүлхийн вирус гадаад орчин тэр дундаа
хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар амьдарч, малыг өвчлүүлдэг. Иргэд шүлхийгээр өвчилсөн
малын махыг хүнсэндээ хэрэглэсэн тохиолдолд хүн үүгээр өвчлөхгүй. Мах, сүүн дэх
шүлхийн вирус таван минут буцалгахад устдаг аж. Харин шүлхийгээр өвчилсөн малын
түүхий махыг зөөх, жижиглэн савлах зэрэг үйлдэл хийх үед тухайн орчинд вирус тархдаг.
Хүн вирусийг зөөвөрлөгч болдог” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монголд анхны олон улсын стандартын худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулагдах гэж байна

“Хүннү” гэсэн хаягтай том цогцолбор Яар­магийн
гүүрний баруун талд сүндэрлээд байгаа билээ. Энд Монголын хамгийн анхны олон ул­сын
стандартад нийцсэн “Хүннү молл” худалдаа, үйлчилгээний цогцолбор нээгдэх гэж байгаа
юм байна. Монголд “Метро молл”, “Макс молл” гээд олон молл байдаг. Гэхдээ олон улсын
стандартын дагуу баригдсан анхны худалдаа үйлчилгээний цогцолбор нь “Хүннү молл”
болж байгаа аж. Учир нь энд дэлхийд алдартай олон брэн­дийн дэлгүүр, бүх төрлийн
үйлчилгээний газар нэг дор байрлахаас гадна иргэдийн амралт чөлөөт цагаа тав тухтай
өнгөрүү­лэх орчныг бүрдүүлж чад­сан энтертаймент үйл­чилгээг багтааснаараа ялгарч  байгаа аж. Дотроо цэцэрлэгт хүрээлэн, жи­лийн
дөрвөн улирлын мөсөн гүлгуур, кино театр гээд олон зүйл байрлаж байгаа юм.  Энэхүү худал­даа үйлчилгээний цог­цолбор хэзээ
нээгдэх талаар сурвалжиллаа. Барилгын ажил нь гадна талаасаа дуусч, дотор засал
чимэглэлийн ажил нь үргэлжилж байлаа. Ерөнхийдөө 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа
гэнэ. Энд ажиллаж бай­гаа хүмүүс бүгд монгол ажилчид байлаа. Дотоо­дын ком­пани
барилгыг өөрсдөө гүйцэтгэсэн.  Гад­наас нь
харсан ч тэр, дотроо ч гэсэн маш том байгуу­ламж юм байна. Гурван давхар бөгөөд
нийтдээ 50.000 м2 тал­байтай, 800 машины гад­на болон доторх зогсоол­той гэж тайлбарлалаа.
Барилгын нэг давхарт цэцэрлэгт хүрээлэнтэй. Цэцэрлэгт хүрээлэн­ амьд байгаль­тай
гэдгээ­рээ онц­лог аж. Дундуур нь 50 метр орчим урттай гол урсах бөгөөд голд загас,
жараахай ч байх гэнэ. Голоо тойроод мод урга­малтайгаас гад­на төрөл бүрийн амьтны
ертөнц, үлэг гүрвэлийн үзмэр гэх мэт зүйлүүд багтаж байна.

Мөн тоглолт, арга хэм­жээ зохион байгуулахад тохиромжтой тайзтай гээд
нийтдээ цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ 1000 гаруй метр квадрат аж. Тэндэхийн
ажилтнууд тайлбар­лах­даа “Манайхаар үйлч­лүүл­сэн хүмүүс гол усны чимээг сонсон,
тав тухтай амралтын орчинд олон үндэстний зоогийг ам­талж суух юм” гэж ярьж байв.
Мөн Монголын анх­ны барилга дотор мөсөн гулгуурын талбайг хийж байлаа. Европын компа­ниас
хөргүүрийн болон бүрэн тоноглолуу­дыг авч гүйцэтгэлийн аж­лыг ОХУ-аас ирсэн  мэр­гэжилтнүүд хийж байгаа юм байна лээ. Мөсөн
гулгуурын талбай нь жилийн дөр­вөн улиралд ажиллаж, нэг дор 150 хүн зэрэг тог­лох
боломжтой. Хүүхэд ч гэхгүй том хүмүүс ч гулгаж болох гэнэ. Эцэг, эхчүүд дэлгүүр хэсэнгээ дээд давхраас хүүхдүүдээ хараад
байх боломжтой шийдлээр хийж байгаа юм байна лээ. Энэ мэт Монголд анхны гэх зүйл
энд олон байна. Хоёр давхарт үйлчилгээний төв, супермаркет, брэндийн хувцасны дэлгүүр,
эмийн сан, үсчин, саун, олон улсын хоолны газар, кафе, паб гээд бүх төрлийн үйлчилгээний
газар байх аж. 

Брэндийн дэлгүүрүү­дийн хувьд тийм ч  үнэтэй биш, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг
Esprit, Zara зэрэг брэндийн дэлгүүр нээг­дэх нь. Гурван давхарт кино театр, хүүхдийн
тоглоомын парк байр­лахаар төлөвлөлт хийгджээ. Кино театр нь дөрвөн танхимтай. Орчин
үеийн шийдэлтэй бөгөөд нийтдээ 1100 хүний суу­далтай аж. Харин хүүхдийн тог­лоомын
парк сонирхол татна.

Биднийг очих үед тог­лоомуудыг нь угсрахаар авчирсан
байв.

АНУ-аас ирсэн уралдааны машин, савлуур, уртын
харайлтын зам, үсэрдэг гудас, том хүмүүс ч сууж тоглож болох галт тэрэг зэрэг маш
олон сонирхолтой, орчин үеийн тоглоомууд байна. Бас залуу гэр бүлд зориулсан  “Home DIY store” буюу гэр ахуйн барааны дэл­гүүртэй.
Залуу гэр бүл болон гэрээ өөрийн дуртай загвараар  засаж тохижуулах хүсэлтэй хү­мүүст зориулагджээ.
Мөн л анхны DIY дэлгүүр гэдгээрээ онцлог болж байна. 

Монголд хүүхэд залуучууд гэлт­гүй томчуудад  зориулсан амралт, чөлөөт цагаа зөв боловсон өн­гөрүүлэх
газар байдаггүй. Тэгвэл “Хүннү молл”-д гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирээд дэлгүүр
хэсэнгээ кино үзэж, тоглож, алжаалаа тайлж болох нь. Эднийх ирэх долдугаар сарын
1-нд нээлтээ хийх юм байна. Энэхүү цогцолборыг барихдаа олон улсын стандартын тоног
төхөөрөмж, орчин үеийн шинэ шийдэлтэй барилгын ма­териалыг ашиглажээ.

Жишээлбэл, шилэн хана нь гэхэд хагардаггүй, бяцардаг
материал гэнэ.

 Хятадын
нэг ширхэг хадаас ч ашиг­лахгүйгээр барьсан гэв. Дандаа  Европын өндөр чанарын барилгын материал ашигласан
учир ир­гэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэсэн.

Мөн үйлч­лүүлэгчдийн эрүүл мэндэд то­хируулан
Германы “Wolf” брэн­дийн агаар цэвэршүүлэгч, халаагч системүүд суурилуулсан байна.
Энэ нь хүйтэн, дулаан агаар гаргаад зогсохгүй агаарыг сорж цэвэршүүлээд гадагшлуулдаг
аж. Галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй, бие засах газар, цахилгаан
шат нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолтой байна. “Хүннү молл” компанийн  гол уриа бол халуун ам бүл, найз нөхдийн аз жаргалтай
цаг мөчийг өн­гөрүүлэх өргөө болох гэнэ. Тиймээс ч монголчууд гадаад улс орон руу
явж дэлгүүр хэсэхгүй, харин Монголдоо дэлгүүр хэсэх тэр орчныг бүрдүүлж байгаагаараа
онцлог хэмээн ярьж байсан юм.

Тус компанийн менежментийн багийн гишүүн Ц.Мөнхсайхан
“Дэлхий даяар хүлээн зөв­шөөрөгддөг хүн бүхний хэрэгцээг хангасан  үйлчилгээг бид нэг дор цогцлоон бүтээж байгаагаараа
бусад моллуудаас ялгарах онц­логтой. Бид моллынхоо талаар олон давуу талыг дурьдаж
болно. Жилийн дөрвөн улиралд гулгаж болох битүү мөсөн гулгуурын талбай, хамгийн
сүүлийн үеийн атмос, дижитал системтэй молл доторх 1100 хүний суудалтай кино театр,
бүх насны хүүхдэд зо­риулсан орчин үеийн тоглоомууд, “Хүннү” цэцэрлэгт хүрээлэн  байрлана. Үүгээрээ бид экосис­тем­тэй амьдралын
шинэ хэв маягийг молл дотроо бий болгохыг зорьж ажиллаж байна.

Гадаад улс орны жишгээс хара­хад молл нь өөрөө
хотоос зайдуу байрладаг ба хүмүүс зорьж очиж үйлчлүүлдэг. Манай талбайн хэмжээ,
хүчин чадал нь Улаан­баатар хотын нийт хүн амд үйлчлэх боломжтой.

“Хүннү молл”-ын хувьд нийслэлийн бүтээн байгуулалт
ид өрнөж байгаа шинэ яармаг хорооллын төвд, Чингэс хаан олон улсын нисэх онгоцны
буудал мөн Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлын зам дагуу байрлаж байгаа  зэрэг нь гадаад дотоодын жуулчдыг татах болон
хүмүүс хотын түгжрэл,  утаанаас айхгүйгээр
үйлчлүүлэх бүрэн боломжтой.

Худалдаа үйлчилгээ­ний цог­цолбор гэдэг утгаараа
үйлч­лүүлэгчдийн хөл хөдөл­гөөнийг моллын бүхий л хэсэгт идэвхжүүлж чадах нь түрээслэгч
нарт ашигтай байдаг.

Моллоор үйлчлүүлэх гэж гадагшаа явдаг цаг ард
хоцорлоо. Бид халуун ам бүл, найз нөхдийн аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлэх өргөөг
цогцлооно” гэв.

Х.ЦЭНД-АЮУШ

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН