
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин
Л.Болдбаатар энэ сарын 13-нд Таван Богдын Малчин ууланд авиралт хийгээд бууж
явахдаа осолдсон билээ. Өчигдөр Монголын уулчдын үндэсний холбооны тэргүүлэгчид
түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн юм. Тэд “Бид өнгөрсөн
өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэнд ямар ч мэдээ өгөөгүй. Яагаад гэвэл Л.Болдбаатарыг
амьд байгаа болов уу гэж горьдлого тээж байлаа. Нөхцөл байдлыг хараад тэр горьдлого
маань бага багаар тасарлаа” хэмээцгээж байлаа.
Монголын уулчдын үндэсний холбооны
зарим тэргүүлэгч гишүүдтэй уулзаж ярилцсан юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа, уулын спортын ОУХМ
Д.Батжаргал нар тус холбооны тэргүүлэгчид.
Б.Гангаамаа: Чухам ямар үйл явдал болсон талаарх нарийн мэдээлэл байхгүй.
Түүнтэй хамт явсан охин нь л бүхнийг хэлнэ шүү дээ. Бид, МУҮХ-ныхон МУҮХ-ны тэргүүлэгч
гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Лувсандашийн Болдбаатар Таван Богдод өвлийн
авиралт хийгээд Малчин оргилоос бууж явахдаа халтирч хадан хясаа руу ниссэн гэсэн
мэдээллийг л утсаар авсан. Авсан энэ мэдээллээ л хэлэхээс өөр ярих мэдээ алга. Өнөөдрийг
хүртэл тав хоногийн хугацаанд манай холбоо яагаад дуугүй байсан бэ гэхээр бид түүнийг
амьд байгаа эсэхийг нь мэдэх хүртлээ албан ёсны мэдээлэл өгөхгүй гэсэн байр суурьтай
байсан юм. Бид тав хоног хүлээлээ.
Ингээд өнөөдөр бидний “Амьд байгаа
даа” гэсэн эцсийн горьдлого тасарлаа гэсэн үг л дээ. Туршлагатай тамирчин учир
хаа нэгтээ амьд байгаа болов уу гэсэн горьдлого тавиад байсан. Горьдлого маань
үндсэндээ байхгүй болсон болохоор ар гэрийнхэнтэй нь уулзаж, ярилцлаа.
-Л.Болдбаатарыг ийм авиралт хийснийг
буруутгах хүмүүс байна?
Б.Гангаамаа: -Ер нь уулчин хүн олон шинэ амжилтын төлөө явдаг шүү дээ.
Хүн гараагүй оргилд гарах, шинэ зам гаргах, өвөл, зуны авиралт хийх гээд уулын спорт
чинь өөрөө экстрим спорт. Тийм учраас аль болох шинэ соргог амжилтын төлөө явдаг.
Тэр амжилтын төлөө явж байгаад л энэ хүн ийм эрсдэлд орлоо. Энэ хүнийг буруутгах
ямар ч үндэслэл байхгүй. Тэр туршлагатай уулчин, гавьяат тамирчин.
-Болсон явдлын талаар Б.Үүрцайх
л бүхнийг хэлнэ. Гэхдээ та бүхэн болсон хэрэг явдлыг мэргэжлийн талаас нь харвал
юу анзаарагдаж байна вэ. Л.Болдбаатар охинтойгоо олсоор холбоотой явж байсан юм
болов уу. Тэгээд халтираад унахдаа олсоо тасалсан гэх хувилбарыг спортын хүрээнийхэн
их ярьж байна?
Б.Гангаамаа: -Бид үүнийг хийсвэрээр, урлагаар ч юм уу, үзсэн харсан
киногоороо төсөөлөн ярьж болохгүй шүү дээ. Аливаа юмыг бодит байдал дээр тулгуурлаж,
барьж үзэж, харсан юмаа ярих ёстой. Энэ сарын 15-нд Б.Үүрцайх хамгийн эхний мэдээгээ
ээждээ дуулгасан. Ээждээ “Аав бид хоёр Малчин оргилд гарчихаад буцаж явсан. Аав
маш их баяртай байсан. Буцаж явахдаа халтирч унаад нисчихлээ” гэж хэлээд “Баян-Өлгий
аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү ослын талаар мэдэгдээрэй” гэсэн мэдээ өгөөд л
утас нь тасарсан гэж байгаа юм. Бид энэ л мэдээг хэлнэ. Түүнээс биш хэн нь урдаа
хэн нь хойноо явсан, яаж явсныг бид хараагүй. Хараагүй учраас илүү мэдээлэл өгөх
боломжгүй.
-Ийм авиралт хийх тухайгаа та бүхэнд
хэдийд мэдэгдсэн юм бэ. Туршлагатай уулчин учир цаг агаарын байдлаас эхлүүлээд бүхнийг
урьдчилан судалсан л байж таарна.
Д.Батжаргал: -Энэ авиралтынхаа талаар надад нэгдүгээр сарын 25-нд гэртээ
дуудаж хэлсэн. Надад цуг явах санал тавих гэж байсан болов уу гэхдээ тэрийг сайн
мэдэхгүй байна. “Ийм өвлийн авиралт хийх гэж байгаа. Охин маань өчигдөр уржигдархан
л ирсэн. Би охинтойгоо өвлийн авиралт хийхээр төлөвлөж байгаа. Үүнийгээ хэлэх гэсэн
юм” гэсэн. Ингээд бид холбооныхоо тухай ярилцаад тэднийхээс гарсан. “Та тэгвэл
явахдаа хэлээрэй. Дутуу, хэрэгтэй юм байвал хэлээрэй” гэсэн чинь “Өө, юу байх вэ.
Цагаан сар өнгөрөөгөөд л явна. Дөхүүлж байгаад хэлнэ ээ” гээд дахиж надтай холбогдоогүй
юм. Энэ сарын 15-нд тэмцээн зохион байгуулаад зогсч байхад бидэнд осол болсон гэх
мэдээ ирсэн.
Бид их горьдож байсан. Тав хоног хүлээлээ.
Манай холбоог мэдээ мэдээлэл хийхгүй байсныг хүмүүс янз бүрээр л ярьсан байх. Бид
амьд байх болов уу гэж горьдож байсан. Горьдлого маань аргагүйн эрхэнд тасарсан
болохоор өнөөдөр гэр орныхонтой нь уулзлаа.
Б.Гангаамаа: -Сая гэрийнхэнтэй нь уулзахад энэ авиралтаа гурван сарын
өмнөөс төлөвлөөд бэлдсэн байсан гэдгийг нь мэдлээ. Охин нь хоёр жил гэртээ ирээгүй,
Польшид амьдарч байгаад ирсэн юм билээ. Охинтойгоо авиралтын талаар эртнээс ярилцаж
төлөвлөсөн юм билээ. Энэ бол төлөвлөгөөт авиралт байсан. Түүнээс биш гэнэтийн
сэтгэл хөдлөлөөр явсан юм биш. Гурван сарын өмнөөс бэлтгэлээ хангасан. Авиралтынхаа
тухай МУҮХ-нд хэлсэн. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн даргад өвлийн авиралтынхаа
тухай албан ёсоор хэлсэн юм билээ. Тэр хүний хувьд өвлийн авиралт хийх нь бас нэг
амжилт нь байсан.
-Малчин оргил ямар онцлогтой юм
бэ. Тийм айхавтар цас мөстэй хэцүү уул уу?
Д.Батжаргал: -Зуны цагт авирахад их сайхан дүнхийсэн хар уул. Баруун,
зүүн хойд талаараа бага зэрэг цас, мөстэй. Хярлаад гараад явчихдаг. Урдаас нь доод
талын сул хадаараа гараад явчихдаг. Тийм замуудтай. Харин одоо бол цастай байгаа.
Хүнд, аваар осолтой уул биш. Хянгаар явж байгаад нурсан гэхээр хөвсгөр цас ч юм
уу, ямар нэгэн байдлаар осол гарах нөхцөл бүрдчихсэн байсан байх гэж бодож байна.
-Аль талаас нь дайрсан юм бол?
Д.Батжаргал: -Гардаг зүүн талаар нь явсан юм шиг байгаа юм. Тийм болохоор
бид тэр рүү л унасан болов уу гэж таамаглаж байгаа. Яг юу болсныг мэдэхгүй бусадтай
л адил таагаад сууж байна. Охиныг нь ирсний дараа л бодит зүйлийг мэдэж болно.
Б.Гангаамаа: -Таван Богд уулын хувьд өвлийн авиралт хийхэд ангал гэж
зүйл байхгүй. Би авирч үзсэн учраас мэднэ. Цас, мөс нь хатуурчихсан байгаа. Ангал
нь цасаар шуураад цас нь хатуураад хөлдчихсөн байдаг. Харин Хүйтний оргилын хувьд
зарим салхитай жилд мөстэй болчихдог. Малчин оргилын хувьд манайхан хяр, хөмсөг
гэж ярьдаг. Хөмсөг дамжиж явдаг. Тэр хөмсөг маш нарийхан. Хөмсөг дээгүүр дамжиж
явдаг. Зуны цагт тэр хөмсөг нь маш нарийхан байдаг. Өвөл цас орчихоор мэдэгдэхгүй
бүр нарийхан болчихдог. Их осолтой. Тэр хөмсөг дээр л явж байгаад хальт үсэрчихсэн
болов уу гэсэн таамаг л бидэнд байгаа. Харсан юм шиг ярих боломжгүй. Хальт үсрээд
унахдаа хясаа руу унасан гэж ярьж байгаа юм чинь мөсөн гол талынхаа хад асгатай
хясаа руу ниссэн болов уу гэсэн ийм л таамагтай байгаа. Оргилын хойд тал нь тэр
чигээрээ цас, мөстэй байдаг. Зун хойд талаараа цас, мөсөөр хучигдсан, урд талаараа
хад асгатай уул. Одоо бол битүү цастай байгаа.
-Уулчин Л.Болдбаатарыг хүмүүс
“Уулын” Болдбаатар гэдэг. Түүнийг уулын спортын аль ч төрөлд туршлага арвинтай гэцгээдэг?
Б.Гангаамаа: -Л.Болдбаатар гавьяатын хувьд туршлагатай гэвэл туршлагатай.
Өндөр уулын ч бай, хадны ч бай арвин их туршлага хуримтлуулсан уулчин шүү дээ. Бид
өнөөдөр ингэж ярьж байгаа байхгүй юу, “Хэр баргийн юманд явчихаар хүн биш. Тийм
ч амархан өнгөрчихдөг хүн биш” гэж. Бид ингэж үзсэн учраас тав хоногийн турш горьдож
байгаа нь тэр шүү дээ. Ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээд нэг хэсэг ухаан алдаад
босч ирээд яаж ийгээд амиа аргалаад байж байгаа ч юм билүү гэсэн горьдлогыг зөндөө
тээлээ. Таван Богдод цаг агаар маш хүйтэн гэсэн болохоор ингээд горьдлого тасарлаа
гэж үзэж байгаа юм.
Д.Батжаргал: -Намайг 1984 онд хаданд авиралтаар хичээллэх гээд очиход
л Болдоо ах авирдаг байсан. Миний дээд үеийн уулчин гэсэн үг л дээ. Ид шижигнэсэн,
туршлагатай мундаг тамирчин. Тэмцээн уралдаанд дандаа эхний байруудыг эзэлнэ. Тийм
л хүн байсан. Түүнээс хойш тэр хүнтэй хамт олон авиралтад хамт явж байсан. Олон
амжилтыг нь мэднэ. Гадаад дотоодын олон ууланд амжилттай авирсан уулчин. Хамгийн
сүүлд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд Отгонтэнгэрт хамт авирсан юм.
Өөрийнхөө төлөвлөсөн ажлаа гүйцээх
гээд явсан. Оргилд гарчихаад баяртай явж байгаад осолдчихлоо. Уулчдын түүхэнд ууланд
гарч байгаад биш бууж явахдаа осолдсон тохиолдол их байдаг. Буух үед хүний бие сульдчихсан,
ядарчихсан бүх юм давхцсан байдаг. Дээр нь сэтгэл нь хөөрчихсөн байдаг. Туршлагатай
уулчид бол тэр бүхнээ дарж чаддаг.
-Л.Болдбаатар гавьяатыг мэдэх хүмүүс
их өвөрмөц сэтгэлгээтэй, аливаад үргэлж мэргэжлийн талаас ханддаг гэдэг юм билээ?
Д.Батжаргал: -Чадварлаг, ур чадвартай. Хийх гэснээ хийчихдэг зантай
хүн байсан.
Б.Гангаамаа: -Юмыг хийх гэж оролддог. Оролдлоготой, хичээл зүтгэл ихтэй.
Хөдөлмөрлөдөг тийм хүн байсан.
Д.Батжаргал: -Тийм ч учраас амжилт дагуулдаг. Их өвөрмөц хүн. Цөөхөн
хүнтэй багаар дайралт хийдэг онцлогтой байсан. Арав, хориулаа авиралт хийхийг үздэггүй.
Б.Гангаамаа: -Амжилт, эрсдлийг маш сайн тооцдог. Уулын мэргэжлийн хүмүүсийн
зан л даа. Сонирхогч биш мэргэжлийн түвшний хүмүүс цөөн хүнтэй хамт авирдаг гэсэн
юм.
Л.Болдбаатар гавьяатын ойр дотнын
хүмүүсийн нэг, МУҮХ-ны тэргүүлэгч, уулын спортын ОУХМ Г.Бат-Оронготой утсаар холбогдсон
юм. Тэрээр “Л.Болдбаатар маань хүнийхээ хувьд сайхан хүн. Хэнтэй ч найртай. Үеийнхэнтэйгээ
ах аа, эгчээ болно. Залууст зааж сургаж зөвлөнө. Ёстой нэг уулчин хүн л ийм байдаг
болов уу гэмээр сайхан, жинхэнэ гүндүүгүй монгол эр хүн. Бид хар нялх байхаасаа
хамт тоглож өссөн. Уулчин болцгоогоод ч хамт байлаа. Үнэндээ би түүнийг амиа алдсан
гэдэгт нэг л итгэж өгөхгүй байгаа. Ингэж яримааргүй байна. Итгэхгүй байна. Байгальд
яасан их хайртай, байгальтайгаа ямар сайхан харьцдаг хүн гээч. Тийм болохоор байгаль
нь ивээгээд амьд байгаа даа гэж итгэсээр л байгаа” хэмээсэн юм.
Л.Болдбаатар 1960 онд Улаанбаатар
хотод төрсөн юм байна.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын
хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Энхжаргалтай өчигдөр 16 цагийн үед утсаар холбогдож
дараахь мэдээллийг авсан юм.
-Эрлийн багийнхнаас хамгийн сүүлд
ямар мэдээ хүлээж аваад байна вэ?
-12 цагийн үеийн эрлийн багийг ахалж
буй онцгой байдлын хошууч Бауржаны өгсөн мэдээгээр уулын спортын мастер Х.Агваанданзан,
Б.Баасанжав, Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч дэслэгч З.Азат, Хилийн цэргийн
ахлах ахлагч Д.Болд, Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй
баг уулчдын отогт хүрчихээд байна гэсэн мэдээ ирүүлсэн.
-Цаг агаарын байдал хэр байгаа
гэнэ вэ?
-Цаг агаар гайгүй, цаг уураас хүйтний
эрч бага зэрэг суларч байна гэсэн мэдээ өгсөн. Одоогоор салхи, шуургагүй тогтуун
байна гэсэн.
Болж буй үйл явдалтай холбогдуулан
зарим мэдээллийн хэрэгсэл ташаа зүйл бичиж байна. Бодит зүйлийг ард түмэнд хүргээрэй
гэж энэ дашрамд хэлье. Мэдээллийн хэрэгслийнхэн тав арван минутын зайтай залгаад
“Одоо яаж байна” гэж асууж лавлаж байна. Бид эрлийн багийнхнаас цаг тутам мэдээ
хүлээж авч чадахгүй байгаа учир сэтгүүлчдэд хандан ажилд маань хүндрэл учруулахгүй
байхыг хүсч байна.
Өчигдөр салхи шуургатай, цаг агаарын
байдал хүнд байсан учир ажиллагаа эхлүүлэх боломжгүй байсан. Өмнөх өдрүүдэд Малчин
ууланд байрлах боломжгүй маш хүйтэн байсан. Ингээд өнөөдөр цаг агаарын байдал гайгүй
байгаа учир эрлийн багийнхан эрэн хайх ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг л зөвөөр
ойлгуулах хэрэгтэй юм.
-Нийтдээ 44 хүний бүрэлдэхүүнтэй
баг ажиллаж байгаа гэсэн. Нутгийн иргэд хүртэл туслахаар очоод байгаа юм уу?
-Нутгийн иргэдийг аврагч, уулчдад
туслуулж, газарчлуулахаар гаргаад байна. 44 хүнээс тав нь дээш гараад үлдсэн бүрэлдэхүүн
нь бэлэн байдалд ажиллаж байгаа. Эхэлж гарсан багийнхан ууланд хүрээд холбоо бариад
нэмж хүч хэрэгтэй гэвэл гарахад бэлэн хүлээж байгаа гэсэн үг. Эхний багийнхан хичнээн хүн хэрэгтэй, ямар багаж
хэрэгсэл шаардлагатай байгаагаа дуулгавал шууд гарахад бэлэн. Үүнийг хүмүүс буруу
ташаа ойлгоод байх шиг байна. Эрлийн баг цаг агаарын нөхцөл байдалд тулгуурлан төлөвлөгөө
боловсруулан ажиллаж байгаа ба аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар шийдвэр авч
ажиллаж байна.
-Б.Үүрцайхын биеийн байдал ямархуу
байгаа вэ?
-Эрлийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмч
ажиллаж байгаа. Эрлийн багийн өгсөн мэдээгээр Б.Үүрцайхын биеийн байдал сайн байгаа.
-Нисдэг тэрэг гаргах талаар яригджээ.
Цаг агаар тааруу, салхитай байгаа учир харзнаж байгаа гэсэн үү?
-Нисдэг тэрэг гаргах талаар одоогоор
яриагүй. Эхний ээлжинд охиноор нь авиралт хийсэн газрыг заалгаж аврагч, уулчид эрлийн ажил явуулахаар ажиллаж
байна гэсэн юм.
Манай сонины дугаар шилжих мөчид
дэд хурандаа Б.Энхжаргалтай дахин холбогдоход тэрээр эрлийн багийнхан Л.Болдбаатарын
цогцсыг олсон тухай дуулгаад цогцсыг зөөвөрлөхөөр ослын газар руу нэмэлт хүч
гаргахаар болсон гэлээ.
Д.ГАНСАРУУЛ