Монгол Улсын заан Б.Батмөнхтэй ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу?
-Өнтэй сайхан өвөлжиж байна. Энэ жил идэр есийн хүйтэн
эхэлсэн гэхэд намраараа шахуу дулаахан сайхан л байна.
-Улсын баяр наадмаас хойш
нэлээд хэдэн барилдаанд өнгөтэй барилдлаа. Хичнээн барилдаанд зодоглов оо?
-Заан болсноосоо хойш нэлээд олон барилдаанд зодоглосон шүү. Улсын наадмын дараахан ээжийн маань төрсөн нутаг болох Эрдэнэсант сумын
90 жилийн ойн баяраар барилдаж түрүүлсэн.
Энэ барилдааны дараа Төв аймгийнхаа 90 жилээр түрүүллээ. Том цолтой
болчихоод аймгийнхаа ойд барилдаж нутгийн түмнээ баярлуулна гэсэн хүсэл
биелэлээ олсон. Шинэхэн заан аймгийнхаа наадмын түрүүг авна гэдэг бөх хүний
хувьд сайхан явдал. Ер нь наадмаас хойш нийтдээ заалны арваад барилдаан
болсон. Үүний таван барилдаанд нь би зодоглолоо. Өнгөрсөн арваннэгдүгээр
сарын 26-нд Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд үзүүрлэсэн. Мөн оны өмнөхөн
болсон Дөрвөн уулын хишиг барилдаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан хоёрт шөвгийн дөрөвт үлдсэн. Харин
нөгөө хоёр барилдаанд нь дөрвийн даваанд өвдөг шороодсон юм байна.
-Цагаан сарын барилдааны
бэлтгэлдээ орчихсон уу?
-Сар шинийн барилдааны бэлтгэлээ базааж л байна. Сараас өмнө
ирэх ням гаригт Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан барилдаан болно. Энэ
барилдаанд зодоглоно доо.
-Цагаан сарын барилдаанд
хэн түрүүлэх бол. Та өөртөө хэр итгэлтэй байна?
-Ер нь байнгын бэлтгэлтэй бол ямар ч барилдаанд амжилт
гаргаж чадна гэж боддог. Тиймээс энэ оны отгон барилдаанд сайн л барилдахыг
хичээх болно.
-Бэлтгэлээ яаж хийж байна?
-Ер нь долоо хоногийн таван өдөр байнга л бэлтгэлтэй байна.
Хоёр өдөр нь үндэсний бөх, хоёр өдөр нь штангны бэлтгэл буюу хүчний бэлтгэл
хийдэг. Харин нэг өдөр нь сагс тоглох ч юм уу хөдөлгөөнтэй спорт тоглоом
тоглодог. Өвлийн цагт дээрх бэлтгэлийг хийнэ. Зун болохоор арай өөр. Өвөл
байнгын бэлтгэл хийдэг болохоор зундаа хөнгөн амрах маягаар бэлтгэлээ базаана.
Манай Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн зургаан сарын 10-д өнгөрөөгөөд
бэлтгэлд гарчихдаг. Өглөө цэвэр агаарт гүйж, хөл бөмбөг тоглоод өнждөг.
-Одоо таны өндөр, жин хэд
вэ. Бөхчүүдэд өрсөлдөгчөө унагаахын тулд биеийн масс чухал. Бэлтгэлийн үеэр
жингээ барих хүнд биз?
-Бусдад бярдуулахгүйн тулд мэдээж биеийн жин чухал. Гэхдээ
олон жил бэлтгэл хийгээд ирэхээр жингээ зохицуулаад сурчихдаг. Одоо миний
жин 110 килограмм. Өмнө нь энэ жинд хүсээд ч хүрэхгүй үе байсан. Харин өндөр
180 см. Жингээ дахиад нэмэх бодолгүй байгаа.
-Таны хувьд өнгөрсөн
наадмаар начин цолноос шууд заан хэмээх эрхэм цолонд хүрсэн. Заан цол хүртсэнээс
хойш хүмүүсийн хандлага хэр байна?
-Заан цолны сайхныг ёстой л мэдэрч байна. Ард түмний хүндлэл
хайр над руу өмнөхөөс илүү их хүчтэй ирж байх шиг санагдах болсон. Ам авч
барилдахаас өгсүүлээд сайхан зүйл зөндөө бий.
-Тэгвэл бөхчүүдийн цолны
эрэмбэ гэдгийг жинхэнэ мэдэрч байгаа юм биз дээ?
-Ёстой тийм. Улсын заан гэсэн сайхан цол авснаас хойшхи
барилдаанд зодоглоход зүүн, баруун жигүүрийг л манлайлаад байгаа. Бөхчүүд
цолны эрэмбээ дагаад ёс жудагтай байх ёстой гэх зэрэг үнэхээр өөр байдаг юм
байна. Харц, дэвээ шаваа хүртэл арай ихэмсэг, бардам байх шиг санагддаг.
Үндэсний бөхийн бүх цол сайхан. Гэхдээ заан гэдэг амьтан өөрөө их амар амгалан,
тайван амьтан гээд бодохоор бүр сайхан санагддаг шүү.
-Гэхдээ таны хувьд шинэ
цолонд хүрэхдээ нэг их дуншаад байдаггүй гэж бөх сонирхогчид ярьдаг. Зарим
бөхчүүд улсын цолонд хүрэх гэж олон жил барилдсан байдаг шүү дээ?
-Бөх хүн бүрийн хүсэл улсын цол. Улсын цолтой болохын тулд их
хөдөлмөр шаарддаг. Харин миний хувьд эргээд харахад нэг их зовлон ороогүй юм
шиг. Анх 2007 онд бүх цэргийн наадамд
үзүүрлэж, цэргийн заан болоод сарын дараа Архангай аймгийн баяр наадамд түрүүлж,
аймгийн арслан цол хүртсэн. Дараа нь 2011 онд Төв аймгийнхаа баяр наадамд
түрүүлж, хурц арслан болоод гурав хоногийн дараа улсын начин болж байлаа. Харин
өнгөрсөн наадмаар харцага цол алгасаад заан хэмээх эрхэм цолны эзэн болсон.
Энэ бол мэдээж аав, ээж, нутаг усныхны минь заяа түшсэнийх гэж дотроо бодож,
бахархаж явдаг. Гэхдээ улсын начин цол надад тийм амархан ирээгүй. Би бэлтгэлээ
уйгагүй хийдэг байсан. Улсын наадамд дөрөв дэх жилдээ барилдаж байж начин цол
авч байлаа. Анх улсын наадамд зодоглохдоо А.Цацабшир, дараа жил нь Б.Сангисүрэн, гурав дахь жилд нь
Б.Суманчулуун зэрэг бөхчүүдэд өвдөг шороодож, наадмын торгон ногоон дэвжээг
орхиж байсан юм. Тэгээд дөрөв дэх жилдээ нөгөө хуримтлагдсан хор шар гарна биз
дээ. Яаж дөрвөн жил дараалан дэвжээний
шороо арчихав гэж бодоод зоригтой барилдаж начин болж байлаа. Тэр жил үнэхээр
сайхан дурсамж үлдээсэн. Харин энэ жил
миний ивээл орж байсан болохоор бас л одтой сайхан барилдлаа гэж бодож сууна.
Бэлтгэл ч сайхан таарсан.
-Начин цолноос шууд заан цолонд
хүрэхэд юу бодогдож байв?
-Энэ жилийн наадмын даваа бүр л хүнд байсан. Хоёрын даваанд
Баянхонгор аймгийн заан Батгэрэл ахтай таарч, гурвын даваанд улсын начин Ж.Чулуунбатыг амлаж давсан.
Харин дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн улсын харцага Ж.Амартүвшинтэй
оноолт таарч, шахаж татах мэхээр өвдөг шороодуулсан. Харин тавын даваанд Ц.Содномдорж харцага
намайг амладаг байгаа. Тэгээд харцагыг давчихаад начин цолоо баталсандаа
баярлаад зургаагийн даваанд хэн намайг амласныг ч мэдээгүй. Манай засуул ч
мэдээгүй байсан. Дэвжээн дээр гараад Ч.Санжаадамбатай барилдахаа мэдээд
ямар ч байсан тахимдах дархан мэхээ хийнэ дээ гэж бодоод шууд л элэг сэнжний
бүснээс зайлаад давсан. Наадмаар үзүүр, түрүү булаацалдана гэж таамаглаж
байсан бяртай, чадалтай бөхчүүдийг давсны дараа сэтгэл нэг их онгойгоод уужраад
явчихсан шүү. Баярласан ч гэж жигтэйхэн.
-Барилдааны үеэр дархан
мэхээ гаргахгүй үе байх уу?
-Байлгүй яахав. Бөх болгон өөрийн гэсэн барилдааны
онцлогтой. Тухайлбал, наадмаар долоогийн даваанд харцага Н.Батсуурьтай
тунасан. Өмнө нь олон удаа барилдаж байсан болохоор миний барилдааныг
андахгүй. Тиймээс дайрч ороод баруун золгооны барьцнаас шахаж татаад араар нь
гарч мордоод хаясан. Тэр үед Батсуурь харцага тахимдана гэж бодоод барилдсан.
Энэ мэтчилэн тухайн үеийн барилдаанаас хамаарч барьц алдахгүйг хичээнэ дээ.
-Их шөвөгт үлдчихээр үзүүр,
түрүү ойрхон санагдсан уу?
-Ёстой үзүүр, түрүү бодоогүй. Дараагийн барилдаан л нүдэнд
харагдаж байсан. Г.Эрхэмбаяр аварга
бяртай учраас хэт золгож барилдахгүй байхаар шийдсэн. Би уг нь хэд хэдэн удаа
дайрч мэхээ хийсэн. Гэвч түрүүлэх бөхийн өнгө тодорхой байдаг юм билээ.
-Ц.Содномдорж харцага таныг
гурван ч удаа ам авч байсан санагдаж байна. Яагаад заавал таныг ам авдаг юм бол
оо. Ямар нэг хувийн шалтгаан бий ч гэж хүмүүс ярих?
-Зүгээр л барилдаан таардаг шиг санагддаг. Нэг нэгнийхээ
барилдааныг мэддэг хүмүүс барилдахад их эвтэйхэн тал бий л дээ. Хоёулаа
аймгийн цолтой байхаас эхлээд олон ч удаа таарч барилдаж байсан юм. Ц.Содномдорж
бид хоёр улсын наадамд гурван жил дараалан таарч байна. 2011 оны наадмаар
зургаагийн даваанд намайг ам аваад би унасан. 2012 онд бас л дөрвийн даваанд
амлуулж унасан. Харин энэ жил дахиад амлуулж магадгүй гэж бэлтгэлээ сайн
хийсэн. Бодсоноор яг л ам авсан. Тиймээс
зоригтой дайрч золгоод барилдсан. Зүүн золгож татаад хоёр тийшээ болоход би
хавираад өвдөг шороодуулсан. Хэрвээ бид хоёрын дунд хувийн шалтгаан байсан
бол тэгж сайхан ёс, жудагтай тахимаа өгөхгүй шүү дээ.
-Цолныхоо найрыг наймдугаар сард
хийсэн сурагтай. Нутгийнхан нь цолыг
тань хэр мялаав?
-Заан цолныхоо найрыг Баянхангай сумандаа хийсэн. Аймгийн
удирдлага болон нутгийн зөвлөлөөс хамтарч миний энэ унаж яваа “Ланд-200”
машиныг бэлэглэсэн. Сум сайхан наадам зохион байгуулж өглөө. Бас азарга адуу,
зуун бог мал бэлэглэсэн. Нутгийн зон олон маань цолыг минь үнэхээр сайхан
мялаасан шүү. Багын минь хүсэл мөрөөдөл зах зухаасаа биелж л явна.
-Та бага насныхаа дурсамжаас
хуваалцахгүй юу. Баянхангай гэхээр баруун аймаг руу явахад дайраад гардаг зам
дагуу Атарын гуанзтай айлуудаар төсөөлдөг?
-Атар чинь Баянхангайн нэг хэсэг. Баянхангай сумын төв нь
Атарын архан талд уулын бэлд байдаг шүү дээ. Замд их явдаг хүмүүс сайн мэднэ.
Миний хүүхэд ахуй нас тэр уулын бэлд л өнгөрсөн. Аав маань Завхан
аймгийн Яруу сумынх. Аавыг төрөөд долоо ч хоноогүй байхад хотод ирсэн юм гэдэг.
Ээж харин Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн. Аав, ээж маань Баянхангай
суманд ирээд удаагүй би төрсөн юм билээ. Оюутан болж хотод амьдартлаа л сумын
төвдөө амьдарсан даа.
-Нутагтаа хэр их очиж байна.
Аав, ээж тань нутагтаа амьдарч байна уу?
-Зав гарвал л нутгийн зүг давхиж байна. Ээжийн талын
хамаатнууд нэлээд хэд бий. Харин ээж маань хэдэн жилийн өмнө өөд болсон. Би
нэг эрэгтэй дүүтэй. Аав, дүү хоёр хотод амьдарч байгаа. Харин би эхнэр, хүүхдүүдийнхээ
хамт амьдардаг.
-Саяхан бүл нэмсэн гэж
сонссон. Одоо хэдэн хүүхэдтэй вэ?
-Тийм ээ. Саяхан шинэ хүнтэй болоод сайхан л байна. Одоо
гурван хүүхэдтэй, тавуулаа амьдарч байна. Тамирчин хүний ар талыг эхнэр хүн л авч явдаг. Тиймээс ханьдаа
хайртай шүү гэж хэлмээр байна.
-Таныг “Шонхор” дээд
сургуулийг төгссөн гэдгийг хүмүүс мэдэх байх. Арван жилдээ барилддаг байв
уу?
-Баянхангай сумын дунд сургуульд байхдаа барилддаг байсан.
Манай биеийн тамирын багшийг Алтанхуяг гэдэг байсан юм. Биеийн тамирын багшийнхаа
удирдлага дор секцэнд их явдаг байсан. Анх тэгж барилдаанд сонирхолтой болсон.
Харин дараа нь улсын начин Ю.Алтансүх ахын гар дээр хичээллэсэн. Ю.Алтансүх
начин чинь манай нутгийн ах. Тэгэхээр манай сум чинь улсын цолтой хоёр бөхтэй
байхгүй юу. Харин оюутан байхад Баянхонгор аймгийн арслан Дамдин багштай
бэлтгэл хийдэг байсан. Сургуулиа төгссөнөөс хойш өдийг хүртэл Д.Сэрээтэр багшийнхаа
удирдлага дор барилдаж байна. Миний багш нар бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой сайхан
хүмүүс. Тэднээрээ бахархаж, хүндэлж явна.
Энэ дашрамд Онцгой байдлын ерөнхий газар, “Аврагч” спорт
хороо болон “Дүнжингарав” дэвжээнийхэндээ талархаж явдгаа илэрхийлье.
Д.ДАВААСҮРЭН