Categories
редакцийн-нийтлэл

Баян-Өлгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн улсын буцалтгүй тусламжийн мөнгөнөөс завшжээ

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж,
үйл­чилгээний хэлт­сийн­хэн улсын төсвийн мөн­гө­нөөс завшиж байсан нь илэр­чээ.
Эх сурвалжийн хэлснээр энэ хэрэгт хол­богдуулан тус хэлтсийн дарга, мэргэ­жилтнүүд
бо­лон “ХААН” банкны дөр­вөн теллерийг шал­гаж цагдан хорьсон байжээ. Тэднийг өнгөрсөн
ням гаригт Улаанбаатар руу авчирч шалгахаар бол­тол багагүй эсэргүүцэл­тэй тулгарсан
байна. Хэ­рэгт холбогдсон хүмүү­сийн ар гэрийнхэн хот руу ачуу­лахгүй, орон нутагт
хэр­гийг нь шалгуулна хэ­мээн эсэр­гүүцэж, уриа лоозон барьж аймгийн проку­рорын
гадна жагсч цуглаан хийсэн бай­на. Энэ хэрэгт шалгаг­даж буй аймгийн нийг­мийн ха­лам­жийн
газ­рын одоо­гийн дарга С маши­наар явахгүй онго­цоор явна гэсэн сурагтай. Гэх­дээ
зарим эх сурвал­жийн мэ­дээлснээр энэ хэрэгт нийт­дээ 17 хүнийг холбог­дуулаад байгаа
аж. Хэр­гийг УМБГ-ын дө­рөв­­дү­гээр та­сагт шил­жүүлж, эрүү үүс­гээд бай­гаа юм
бай­на. Улсад хэдий хэм­жээ­ний хохи­рол учруу­лаад бай­гаа нь одоогоор бү­рэн тогтоог­доо­гүй
бай­на.

Монгол Улсын иргэ­ний харь­яал­лаас
гараад Казахстан улсын иргэн болохоор хүсэлтээ гар­гаж, иргэншлээ сольдог казах
иргэд Баян-Өлгий аймагт олон бий. Монгол Улсын Засгийн газраас иргэншлээ сольж буй
ир­гэ­дэд нэг удаа 700 мянган төгрөгийг буцалт­гүй тус­ламжаар олгодог аж. Энэ мөнгийг
олгох асуудлыг Нийгмийн халамж, үйл­чилгээний хэлт­сийн­хэн зохицуулж, банкуу­дад
бичиг баримтыг нь бүр­дүүлж өгдөг юм байна. Мон­гол Улсын харьяа­таас хэн гэдэг
хүн гарга­хаар хүсэлт гаргаж, бу­цалтгүй тусламж олго­хоор болж байгааг тус хэлтсийнхэн
бүртгэж, жаг­саалтыг нь банкууд руу хүргүүлж, түүнийг нь үн­дэс­лээд банкууд мөнгийг
нь гаргадаг дараалалтай.

Гэтэл халамжийн асууд­лыг хариуц­даг
бай­сан төрийн ажилтан тө­рийн мөнгөнөөс хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулж
байс­ныг “ХААН” банк дотоод аудитын шалгалтаараа ил­рүүлсэн байна.

Тус банкныхан ху­ваа­рийн дагуу Баян-Өлгий аймаг дахь сал­бар­таа
Дотоод аудитын шалгалт явуулжээ. Гэтэл сэжиг бү­хий итгэмж­лэхээр ол­го­сон улсын
буцалт­гүй тус­ламжийн мөнгөний гүйл­гээ анхаарлыг нь та­таж, үүнийг шалгахыг зо­хих
газруудад нь мэдэгд­сэ­нээр эл хэрэг ил бол­сон аж. 

Нийгмийн халамжийн хэлтсийн дээрх
ажилтнууд хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, итгэмжлэхээр мөнгө авдаг байсан санж.
Банкны теллерүүд итгэмжлэхийг үндэслээд мөнгө олгодог байсан гэнэ. Нийгмийн халамжийн
хэлт­сийн ажилтан энэ мэтээр олон удаа хуурамчаар мөнгө гаргуулсан нь тогтоогдсон
бөгөөд аймагт үйл ажиллагаа явуулдаг бусад банкуу­дад ч ийм маягаар олон гүйлгээ
хийсэн байх магадлалтай гэнэ.

“ХААН” банк тус аймгийн хоёр хороонд халамжийн үйлчилгээний мөнгө
олгодог юм байна. Тус банк хариуц­лага алдаж, банкны ажилтны ёс зүйг ноцтой зөрчсөн
таван теллерээ ажлаас нь халаад оронд хүмүүс авчээ.

Нийгмийн халамжийн үйлчил­гээ­ний
ажилтнууд өөр банкныхныг уг ажиллагаандаа татан оруулж сүлжээ маягаар ажиллаж байсан
бололтой. Эх сурвалж Төрийн банкинд ч ийм зөрчил илэрсэн байх гэлээ. Учир нь тус
банк Баян-Өлгий аймгийн ихэнх хороодод халамжийн мөнгө олгодог аж.

Төрийн мөнгөнөөс хумслах асуудал Баян-Өлгийд
бараг хэвийн үзэгдэл болсныг энгийн иргэд нь ярьж байна. Баян-Өлгий аймаг улсаас
хамгийн их татаас, халамж авдаг гэгддэг. Үүнийгээ дагаад халамжийн мөнгийг дагасан
элдэв асуудал их байдаг байна. Жишээ нь, өндөр настнуудын хийлгэх хиймэл  шүдний мөнгийг нь халамжийн төсөвт суулгачихсан
байдаг. Хиймэл шүд хийлгэх гээд очиход нь “Та өчигдөрхөн шүд хийлгэсэн байна” гээд
халгаагаа­гүй тохиолдол олон бий гэнэ. Учир байдлыг нь лавлахаар халамжийн асуудлыг
нь хариуцдаг хүмүүс хэн нэгний өмнөөс хиймэл шүд хийлгэх хүсэлт гаргаж мөнгийг нь
хувьдаа авах тохиолдол Өлгийн төв гэлтгүй, сумдад ч байдаг гэлцдэг.

Улсын буцалтгүй тусламжийн мөнгөнөөс
завшсан энэ хэрэг Баян-Өлгий аймгийнхны анхаарлыг татаж байна. Өмнө нь Нийгмийн
халамжийн газрын дарга мөн улсын мөнгөнөөс хууль бусаар идэж байсан нь шалгагдаж
байжээ. Гэвч тэрээр өөрөө хуульч мэргэжилтэй нэгэн байсан учир ял авалгүй үлдэж
байсан гэдэг. Гэсэн ч хэрэг хуучирдаггүй учир түүнийг бас шалгаж байгаа аж. Энэ
удаагийн хэрэг олон зүйлийг сөхөж шалгахад хүргэх бололтой.

Хэргийн талаар Баян-Өлгий аймгийн
Цагдаагийн газраас тод­руу­лахад “Шалгагдаж байгаа хэр­гийн талаар мэдээлэл өгөх
боломж­гүй” гэсэн хариулт өглөө.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн
үйлчилгээний газрын удирдлагууд хууль бусаар мөнгө завшихдаа банкинд шинээр орсон
залуу бүсгүйчүүдийг уруу татаж, хам хэрэг үйлдэж байсан гэнэ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Улаан: Би тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна

Сангийн
сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Одоогоос
жил га­руйн өмнө 2013 оны ул­сын төсвийг баталсны дараа та шинэчлэлийг эхлүүлсэн
төсөв бол­лоо гэж тодотгож бай­сан.  Өнгөрсөн
2013 онд энэ зорилт үнэхээр хан­гагдаж чадав уу?

-Улс орны
маань амьд­ралд нэг бүтэн жил дууслаа. Үйл ажиллагаа, явц хандлага, хүрсэн түвш­ний
хувьд тодорхой дүгнэлт хийх бололцоо бүрдэж байгаа ч чанар, үр дүнгийн талаар бодитой
дүгнэлтийг төсвийн тай­лан гарсны дараа өгөх нь ойлгомжтой. Бид 2013 онд Нэгдсэн
төсвийн ту­хай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хөрөнгөөр бараа ажил,
үйлчилгээ худалдан авах тухай шинэчилсэн хуу­лиу­дыг багцаар нь хэрэг­жүүлж, төсвийн
цоо шинэ тогтолцоонд шилжиж бай­на.

Төсвийн
байгуулла­гын удирдлага, санхүү­жилтийн тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн.
Үүний дагуу улсын төс­вийн нэгдсэн удирдлага, хяналтыг сайжрууллаа.  Төсвийг урт хугацаагаар үр дүнгийн шалгуураар
төлөвлөж хэрэгжүүлдэг боллоо. Энэ оноос төс­вөө бүрдүүлэх, захиран зар­цуулах, үр
дүнгийн төлөө хариуцлага хүлээлгэх эрх мэдэл, үүрэг хариуцлагыг орон нутагт шилжүүллээ.
Төсвийн эрх захирагчид бүгд ард түмний хяналт дор  ил тодоор ажилла­даг тогтолцоотой
боллоо. Төсвийг боловсруула­хаас эхлээд хянаж батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих
шатанд олон түмний орол­цоог нэмэгдүүллээ. Хэт төвлөрсөн удирд­ла­га, хяналт, зохицуулалт­тай
төрийн төсвийг ардчи­лал, зах зээлийн зарчимд нийцүүлэн ард иргэд өөрс­дөө оролцон
бо­ловс­руулдаг, хянаж хэрэг­жүүлдэг “Түмний төсөв” болгосон доо. 

-Оны
дундуур төс­вийн хуулийн хэрэг­жил­тийг дагасан олон шүүмж­лэл гарч байлаа. Чухам
ямар тодорхой асуудлууд шийдэгдсэн бэ?

-Төсвийн
удирдлагын шинэ зарчим, тусгай шаардлага, шалгуур үзүү­лэлтийг л хангаж ажил­лахыг
гол зорилтоо болголоо.

Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн төсвийн орлогыг тэнцвэр­жүүлсэн
журмаар тодор­хойлж харьцангуй тогт­вор­той байдлыг хангаж ажилласан. Улсын төсөвт
тэнцвэржүүлсэн зарч­маар 5.9 их наяд төгрө­гийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оноос
нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.Үүний зэрэгцээ  тогтворжуулалтын сан­гийн
хуримтлалыг 45.5 тэрбумаар нэмэгдүүлж 381.5 тэрбум төгрөгт хүргэлээ.

Улсын нэгдсэн
төс­вийн тэнцвэржүүлсэн тэнц­лийн алдагдал хуу­лиар тодорхойлсон хэм­жээндээ багтаж
ДНБ-ий 1.8 хувьтай тэнцлээ. Ийм үр дүн гарахад Орон нут­гийн төсөв, Нийгмийн даат­галын
төсөв, Хүний хөгжил сангийн төсөв алдагдалгүй ажилласан нь нөлөөлсөн. Өнгөрсөн жилд
улсын нэгдсэн төс­вийн алдагдлын нийт хэм­жээ ДНБ-д эзлэх хувь нь 2008 оноос хойш
(2010 оныг оруулахгүй­гээр) хамгийн бага түв­шиндээ хүрсэн.  Төсвийн зарлагын өсөлт нь орло­гын  болон
баялгийн өсөл­төөс байнга түрүүлж байсан буруу хандлагыг өөрчилсөн.  Шалгуур үзүү­лэлтүүдийг хангахын тулд тооцоо судалгааг
нарийвч­лах, хүсээгүй ч хэмнэлтийн горимд шил­жих, хэрэглээгээ хязгаар­лах, хойшлуулах,
том эрх ашгаа хангахын тулд сал­бар, орон нутаг, байгуул­лагын зарим эрх ашгийг
тэвчихээс өөр аргагүй байлаа.

“Орон нутгийг
хөгжүү­лэх нэгдсэн сан” бай­гуулж улсын төсвөөс 190 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж,
аймаг, сум­дын хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулал­таар санхүүжүүлсэн. Үүгээр  ард иргэдийн өөрс­дийнх нь сонгосон  5050 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэл­сэн
байна. Төсөв, төрийн сангийн үйлчилгээг иргэ­дэд ойртуулах зорилгоор төрийн захиргааны
төв байгууллага, яамд, аймаг сумдыг төрийн сангийн нэгдсэн сүлжээнд хам­руулж, бие
даан төлбөр тооцоогоо хийдэг болго­лоо. Мөн төсвийн дотоод хяналт, аудитын тогтол­цоог
төлөвшүүлж үйл ажил­лагааг нь жигд­рүүллээ.

Төсвийн
хөрөнгөөр худалдан авах ажил­ла­гааг цахим хэлбэрээр зохион байгуулдаг жу­рамд шилжиж,
тендер шалгаруулах үйл ажил­ла­гааг нээлттэй болгов.

-Улсын
төсвийн ор­ло­го 1.5 их наяд төгрө­гөөр тасарч, алдагдал нэмэгдэх тодотгол хий­сэн.
Төсвийн орлого тасалдуулсан учраас таныг ч огцруулах асууд­лыг ярилаа. Энэ бүхэнд
ямар дүгнэлт өгч хийж сууна вэ?
 

-Анх төсөв
батлах үед л эрсдэл гарах магадлал өндөр байгааг бүгдээрээ ойлгож санаа зовж бай­сан.
Энэ эрсдэл нь дэл­хийн эдийн засгийн төлөв байдал тодорхой бус бай­гаа, хоёр хөршийн
маань хөгжлийн хурдац саарч байгаа, манай эдийн засгийн бүтэц өрөөс­гөл зөвхөн уул
уур­хай­гаас хэт хамааралтай байгаагаас болсон. Мөн  нийгмийн халамжийг хавт­гайруулсан бодло­гын инерци
их байгаагаас үүдэлтэй байсан. Үүнийг саармагжуулах талаар  оны эхнээс тодорхой арга хэмжээ авч хөөцөлдсөн
боловч эрсдлийг бүрэн  арилгаж чадсангүй.
Хи­чээл зүтгэл, боломж бо­лолцооноос давсан хүчин зүйлийн өмнө хүчин мө­хөсдсөнийг
хүлээн зөв­шөөрч байна.

Төсвийн
тасалдлын 40 хувь нь Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадаагүйгээс, 30 гаруй
хувь нь гадаадын хөрөнгө оруулалтын болон им­пор­тын бууралтаас, 15 хувь нь экспортын
буу­ралтаас болсон. 

Татварын
хувь хэм­жээг нэмэгдүүлж, шинэ төрлийн татвар бий бол­гож энэ тасалдлыг нөхөж болох
байсан. Гэвч бид улс төрийн энэ сонирх­лоос ангид байх зорилго тавьсан юм. Үүний
нөгөө талд улсын төсвийн бааз суурийг хумисан бодло­гын нөлөөлөл байсныг ч бодолцох
учиртай. То­дор­хой төрлийн татва­руу­дын хураамжийг орон нутагт нь төвлөрүүлдэг
журамд шилжсэн. Үндэс­ний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор
хуу­лиар бий болгосон 250-иад төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр 270 гаруй
тэрбум төгрө­гийг татвараас чөлөөлсөн нь төсвийн орлогын бүр­дэлтэнд сөрөг нөлөөлөл
үзүүлснийг дурдах нь зүйтэй.  Гэхдээ Татварын
ерөнхий газар 2013 онд улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого төв­лөрүүлсэн нь
өмнөх оны­хоос 600 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бай­на. Гаалийн ерөнхий га­зар
1,6 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүл­сэн нь өмнөх оноосоо 190 тэрбум төгрөгөөр  нэ­мэгджээ. Энэ бол төсвийн орлого бүрдүүлэх хуу­лиар
хүлээсэн үүргээ бие­лүүлэхийн төлөө зүтгэж ажилласан олон арван аж ахуйн нэгж, компани,
төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна.

Улсын төсвийн
орло­го бүрдүүлэхэд НДЕГ, Газрын тосны газар, Ир­гэ­ний нисэхийн ерөнхий газар болон
Эрдэнэт үйлд­вэр, АПУ, МАК, Та­ван толгой, Энөржи Ре­сурс, Монгол тамхи СО, Эрдэнэс
таван толгой , “Мобиком” зэрэг ком­па­ниуд санаачилгатай ажил­ласныг тэмдэглэ­мээр
байна. 

Төсвийн
орлогын тө­лөвлөгөөт зорилтоо бү­рэн биелүүлж чадаагүй нь сэтгэл зүтгэл, хичээл
чармайлт дутагдсанаас болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.     

-Жилийн
өмнө тө­сөвт эрсдэл учирвал бүсээ чангална гээд бүх амьдралаа зогсоох уу гэж асуухад
ямар ч эрсдэл учирсан бүсээ чангалах байдалд хүр­гэх­гүй гэж хариулж бай­сан. Гэтэл
2014 оны төс­вийг танаад, бүсээ чан­галаад байгаа юм биш үү?

-Тэгж хэлсэн  зарчмаа бариад
л иргэдийн ахуй амьдралтай холбоотой санхүүжилтийг эхний ээл­жинд олгож ажиллалаа
шүү дээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө­ний санхүүжилтийг тэр­гүүн ээлжинд
төсөвлөсөн.  Ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдтэй
холбоо­той нийгмийн хамгаал­лын үйл ажиллагаанд сан­хүүжилт олголоо. Хү­ний хөгжил,
ард иргэдийн эрүүл мэнд, соёл спортод зориулан 400 тэрбум төг­рөгийн санхүүжилт  хий­лээ. Сургалтын төрийн сангаас их, дээд сургууль,
мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвд сурал­цагс­дад олгодог үндэс­ний тэтгэлгийн
санхүү­жилтийг бүрэн олголоо. Ард иргэдийнхээ ая тух­тай амьдрах бололцоог сайжруулах
зорилгоор эрчим хүүчний үйлдвэ­рүүд, нийтийн тээврийн компаниудад олгодог та­таасыг
ч олгоод байна. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 265 тэрбум төгрөгийн татаас
өглөө. Харин эд хог­шил худалдан авах, урсгал засвар, гадаад дотоод албан томилолт,
зочны зардал, сургалт, хурал зөвлөгөөний зардлыг аль болох хэмнэх, тэвчих зар­чим
барьж ажиллалаа. Гэрэл цахилгаан, тээвэр шатахуун, түлш халаал­тын болон эм, хоол,
хув­цас хэрэглэлийн зард­лын үр ашгийг дээшлүү­лэх, үрэлгэн байдлыг арил­гахыг зорилоо.
Сүү­лийн арван жилийн дүн­гээр төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс түрүүлж байсан
ханд­лагыг энэ онд өөрчилж тэнцвэржүүлэх эхлэлийг тавилаа. Гашуун эм өгч хүнд өвчин
эмгэгийг ана­гаадаг. Ийм эмийг уухад хэцүү ч дараа нь эрүүл­жиж эрч хүчтэй болдог
учир зориглосон нь хож­дог шүү дээ. Бид төсөв, санхүүгээ эрүүлжүүлэ­хийн тулд одоо
л зориг гарган бодлого, үйл ажил­лагаагаа зөв гольдролд нь оруулах ёстой гэж үзэж
байна.

-Хөрөнгө
оруулалт гэж гишүү­дийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудал бий. 2013 оны төсвийн
тухай хуулиар баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 шахам хувиар тасалдуулсан
тухай ч яригдсан…

-Хөрөнгө
оруулалтын асуудал хүн бүрийн анхаарлыг татдаг юм. Нийт дүнгээр нь авч үзвэл улсын
төсвөөс болон төсвийн баталгаа, дэмжлэгтэйгээр хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ
энэ жил бараг гурав дахин нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх
талаар Төсвийн тухай шинэ хуульд маш тодорхой зааж өгсөн юм. Урьд өмнө нь  хуваарийн дагуу олгодог байсныг өөрчилж үр ашгийн
шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээнд санхүүжилт олгохыг хуулиар хориглосон зохицуулалт­тай
болсон. Энэ дагуу Сангийн яам ажиллалаа. Гэвч хөрөнгө оруулал­тын мөчлөг, үйл ажиллагааны
саат­­лаас болж  оны эцэст санхүү­жүүлэх эрэлт
эрс нэмэгдсэн нь төсвийн орлогын бодит боломжоос давсан учраас нэлээд санхүү­жил­тийг
ондоо багтаан өгч чадсангүй.

Үүнээс
болж ажил, үйлчилгээгээ хугацаанд нь хийж дуусгасан гүй­цэтгэгч байгууллагуудад
хүндрэл бэрхшээл үүссэнийг ойлгож байна. Аль болохоор түргэн хугацаанд шийдвэрлэхийг
хичээж байна. Тиймээс дутуу санхүүжилтийг шийд­вэрлэхээр төсвийн тодотго­лын саналыг
УИХ-д оруулж хэлэл­цүүлнэ. УИХ 2014 оны төсвийг батлахдаа 130-аад тэрбум төгрө­гийн
төсөвт өртөгтэй 240-өөд төсөл, арга хэмжээг энэ тодотголоор шийдвэрлэх болно.

-Засгийн
газрын бодлого бу­руу байна. Өр нь дийлдэхээ байлаа гэдэг шүүмжлэл гарч байна. Дээрээс
нь цалин тэт­гэврээ нэмэхийг шаардаж байна. Ер нь улсын маань бэл бэнчин, санхүүгийн
байдалд сайжирсан зүйл ажиглагдаж байна уу?

-Улсын
төсөв амаргүй сорилтыг туулж байгаа ч тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийг
хангаж тэнцвэр бланс нь сайжирч байгааг дээр хэлсэн. Хамгийн гол нь бодло­гын гажуудал
засагдаж, бэлэнчлэх сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлж бай­на. Өмнө байсантайгаа, халагдаж
солигдож байгаа бүхэнтэйгээ зуу­рал­даад, зөвхөн тэр л өнцгөөс хараад байвал шинэчлэлийн
бод­лого буруу юм шиг санагдах нь аргагүй. Шинэчлэл өөрчлөлтийн бодлогын зорилго,
агуулга, мөн чанарыг таньж мэдэлгүй хуучин руугаа тэмүүлж, аялдан дагахыг тулган
шаардаж, шинэлэг өөрч­лөл­тийг хүлээн зөвшөөрөхгүй,  дуулиан шуугиан болгон үнэгүй­дүүлэх замаар улс
төрийн оноо цуглуулах гэж хандах нь нийтлэг эрх ашигт огт нийцэхгүй. Нэг ёсон­доо
буруу үйлдэл юм. Ялангуяа хавтгайрсан халамж бий болгох, цалин тэтгэврийг тооцоо
үндэс­лэлгүй нэмэгдүүлэх, үнэ тарифийг бууруулахыг шаардах нь далд утгаараа төсөв,
санхүүгийн тэнц­вэрийг алдагдуулж, эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэх үр дагавартай
шүү дээ. 

Бүх асуудлыг
бүрэн төгс ши­нэ­чилчихсэн, сайхан болго­чихсон гэж хэн ч хэлээгүй.  Хүндрэл бэрхшээл, саатал тасалдал, ойлгомжгүй
то­дорхойгүй зүйл зөндөө бий. Бод­лого үйл ажиллагаа уялдахгүй, ам ажил зөрөх дутагдал
байсаар л байгаа. Цочирдож тулгамдах, барьц алдах явдал тохиолдож л байна. Тэглээ
гээд өнгө будаг төдий өөрчлөлт хийсэн нэр зүүхгүй.  Агуулга мөн чанарт нь нэвтэрч, сууриар нь оновчтой
шийдэхийг л хичээж байна. Алсдаа үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хамгийн
гол нь бүгдээрээ улс орноо хөгжүүлэх том эрх ашигтаа захи­рагдан хамтарч, дэмжиж
ажиллах нь чухал байна. Ер нь ажлын төлөө гэсэн итгэл зүтгэлээр Засгийн гарын гишүүд
маань бараг амралт­гүй зүтгэлээ. Гар нийлж ажилласан гэж бодож байна. Ялангуяа Ерөнхий
сайдын хувьд танхимыг уялдуулж зохицуулах, удирдах тал дээр ихээхэн хүчин чармайлт
гарга­лаа. Тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна.

-Өрийн
хэмжээ хэд болчи­хоод байгаа билээ?

-Улсын
өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр илэрхийлбэл 8,4 их наяд төгрөг болж ДНБ-ий
49.7 хувьтай тэнцүү гарсан нь хуулиар тогтоосон шалгуурыг хангаж бай­на. Манай улс
зах зээлийн харил­цаанд шилжсэнээс хойш хандив­лагч орнуудаас авч ашигласан хөнгөлөлттэй
зээлийг анх тохирсон графикийн дагуу төлж бараг­дуул­саар одоо 2405.5 тэрбум төгрөгийн
үлдэгдэлтэй болоод байна. Энэ зээлийн төлбөрийн хамгийн их төлөлттэй үө нь
2013-2014 онуу­дад таарч байгаа юм. Чингэс бондын хүүгийн төлбөрт 99 тэрбум төгрөгийг
төсвөөс төлсөн байна.

Засгийн
газрын дотоод үнэт цаасны шинэ тогтолцоог нэвтрүүлж ажилласнаар 2.6 их наяд төгрө­гийн
нэрлэсэн үнэ бүхий үнэт цаасыг анхдагч зах зээлд арил­жаалж, үндсэн төлбөрт 1.6
их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 100 тэрбум төгрөг төлж 1,7 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй
он дамжлаа.

-Манай
улсын бэл бэнчин нэмэгдэх хандлага байна уу?

-Бэл бэнчин
нэмэгдэж байна. Энэ бол ашдын бэлэг бодон хэлсэн үг биш бодит байдлаас хийсэн дүгнэлт
юм. Улсын төсвийн данс эөрэг үлдэгдэлтэй он дамжих хуу­лийн шаардлага хангагдаж,
төрийн сангийн зээллэгийн хязгаар зохис­той түвшинд байна. Төрийн сан­гийн нэгдсэн
дансанд 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 835 тэрбум төгрөг байс­наас
улсын төсөвт байгуулла­гуудын дансны үлдэгдэл 245 тэр­бум төгрөг, орон нутгийн төсөвт
байгууллагуудын дансны үлдэгдэл 380 тэрбум төгрөг, Нийгмийн даат­галын сангийн үлдэгдэл
200 тэрбум төгрөг байлаа. Хүний хөгжил сан­гийн дансны үлдэгдэл 100 сая төгрөг болсон.
Оны эхэнд энэ сангийн хуримтлагдсан өр нэг их наяд 47.6 тэрбум байснаас 141,8 тэрбум
төгрөгийн өрийг бараг­дуулаад байна.

Монгол
Улс төсвийн тогтвор­жуу­лалтын сандаа 381,5 тэрбум төгрөгийн хуримтлалтай болсон
нь нэгдсэн төсвийнхөө алдагдлыг бүрэн хааж чадахаар байна. Га­даад валютын албан
нөөц 2,3 тэрбум ам.доллар байгаа нь 18 долоо хоногийн импортын хэрэг­цээг хангаж
байна. ДНБ-ий үйлд­вэрлэл 12 хувиар өсөх урьдчилсан гүйцэтгэл гарсан байна.

Энэ бүхэн
бол шинэчлэлийн эхний жилийн бодитой үр дүн, эдийн засаг санхүүгийн байдалд бий
болсон эерэг хандлага мөн.

-Эдийн
засгийн хөгжлийн яам байгуулагдаж эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын болон
зээл тусламжийн бодлого тодорхойлох ажлаа хариуцаж байгаа. Сангийн яамны үүрэг роль
юунд байна вэ?
 

-Төсвийн
шинэчлэлийн хүрээнд Сангийн яамны ажил үүргийн хуваарь, хариуцах асуудлын цар хүрээ,
үйл ажиллагааны зарчим ихээхэн өөрчлөгдсөн. Аль ч улсын Сангийн яам нь төсвийн бодлого
боловсруулах, батлуулах, төсвийг үйлчлэх, хэрэгжилтийг хянаж тай­лагнах, арга зүйн
удирдлагаар хангах нийтлэг үүрэг хүлээж бай­даг. Төсвийн тогтвортой байдлын тухай
хууль, Төсвийн тухай шинэ хуулиар Сангийн яаманд төсвийн тогтвортой тэнцвэржүүлсэн
байд­лыг хангах, эрдэс баялгийн орло­гоор нөхөн сэргээгдэх баялаг бү­тээх, эдийн
засгийн хөгжлийг дэм­жих хөрөнгө оруулалт хийх, сан­хүүгийн хуримтлал бүрдүүлэх,
өрийн удирдлага, түүний стра­тегийг хэрэгжүүлэх асуудлыг хариу­цууллаа. Сангийн
яам Засгийн газрын санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг эрхлэх боллоо.
Төр, засгийн аливаа шийд­вэр нь төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар
дүгнэлт гаргах, УИХ-д өргөн мэдүүлэх зөв­шөөрөл олгох онцгой үүргийг Сан­гийн яаманд
хариуцууллаа. Улсын төсвийн орлогын бүрдэлттэй уял­дуулан мөнгөн хөрөнгийн зохицуу­лалтын
хүрээнд санхүүжүүлэлтийн болон зарцуулалтын эрхийг буу­руулж байх онцгой эрхийг
Сангийн садад олголоо. Төсвийн байгуул­ла­гын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг
тогтооно. Сан­гийн яам төсвийн төлөвлөлт, төс­вийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл,
тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог удирдах болж байна. Энэ бүхнээс үзвэл
Сангийн яамны ачаа хөнгөрөх биш харин ч нэмэгдэж үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжиж
байна.

-Тэгвэл
эдийн засгийн яам юу хариуцаж байгаа билээ?

-Эдийн
засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар хөгжлийн болон зээл тусламжийн бодлого тодор­хой­лох,
салбар хоорондын зохи­цуу­лалт хийх, хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын
асуудлыг хариуцах үүргийг гүйцэт­гэх болсон нь чухал ач холбог­долтой шийдвэр болсон
юм. Эдийн засгийн нэгдсэн бодлогогүй учраас Монгол Улс хөгжихгүй байна гэдэг шүүмжлэлд
их өртөж байсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам маань өдөр тутмын техник ажлаас
хөндий байж жинхэнэ утгаараа стратегийн удирдлагын байгуул­лага болж төлөвшинө гэж
найдаж байна.

-Самурай
бонд Хөгжлийн бан­кинд байршчихсан гэж байгаа. Энэ мөнгөөр юу хийхээр төлөв­лөчихсөн
байгаа билээ?

-Япон улсын
санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банк иенийн бонд борлууллаа. Борлуулалт амжилттай
болж, орлого нь Хөгж­лийн банкны дансанд орж ирсэн. Энэ мөнгөний эх үүсвэрээр үйлд­вэржилтийн
төсөл шалгаруула­хаар тогтсон. Японы зах зээл дээр гаргасан учраас Самурай бонд
гэж нэрлэсэн хэрэг. Хэрэв Хятадын зах зээл дээр бонд гаргавал панда бонд, Австралийн
зах зээлд гарга­вал кингру бонд болно шүү дээ.

-Тэгвэл
Самурай бондыг манайд юу гэж нэрлэх юм?

-Үйлдвэржилтийн
бонд болж хэрэгжинэ. Гэхдээ нэг асуудал бий. Энэ мөнгө улсын өрийн хязгаарт багтаж
байгаа юу, үгүй юу гэдэг нь. Яагаад гэвэл 2014 онд улсын өрийг ДНБ-ий 40 хувиас
хэтрүүлэхгүй байх хэмжээнд баталж өгсөн. Гэхдээ Самурай бонд энэ өрийн хязгаарт
багтаж байгаа. Харин үүнээс цааш гадаадын зах зээл дээрээс хөгжлийн зориулалтаар
эх үүсвэр босгох боломж байхгүй. Энэ боломжоо дуусгачихлаа шүү дээ.

-Тэгэхээр
одоо яах вэ?

-Хэрэв
хөгжлийн хөрөнгө оруу­лалт нэмж дайчлах шаардлагатай гэж үзвэл УИХ өрийн асуудлыг
дахин авч үзэх байх.

-Самурай
бондын мөнгө үйлдвэржилт хийхэд мэдээж хүрэхгүй биз дээ?

-Яаж хүрэх
билээ. Олон үйлдвэр аж ахуй нэгжүүдийг байгуулах шаардлага байна. Хамгийн наад зах
нь нефть боловсруулах үйлд­вэр барих асуудал яригдаж байна. Үүний тулд зээл авах
шаардлага тулгарч байгаа. Японы Хөгжлийн банкинд баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байгаа.
Гэтэл ийм батал­гаа гаргаж өгөх боломж манай өрийн тооцоонд байхгүй. Нефть боловсруулах
үйлдвэр барихын тулд зээл авъя гэвэл өрийн хяз­гаарыг зайлшгүй нэмэгдүүлэх шаард­лагатай
гэсэн үг. Чингэс бондын хоёр дахь ээлжийг гаргана гэвэл ч өрийн хязгаарыг эргэн
харахаас өөр арга байхгүй.

-Гэвч
Ардын намынхан ирээ­дүйгээ өрөнд унагахгүй гэж үзээд байгаа шүү дээ?

-Тийм учраас
байгаа хязгаар­таа амьдралаа зохицуулахаас өөр яах билээ. 2014 оны зорилтыг Засгийн
газар гурван үндсэн чиглэ­лээр тодорхойлж байна. Бүтээн байгуулалт, үйлдвэржүүлэлтийн
зорилт, дараа нь ард түмний орло­гыг нэмэгдүүлж амьдралыг сайж­руулах, төрийн хүнд
суртлыг арил­гаж, авлига хээл хахуулийг арилгах зорилт тавьсан. Энэ гурван чиглэлд
бүх үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

-Уул
уурхайн орлого нэмэг­дэх хандлага байна уу?

-Уул уурхайн
салбар хэрхэн ажиллахаас төсөв шууд хамаар­даг. 2013 онд уул уурхайн салбарт тодорхой
хэмжээний бэрхшээл тулгарсан. Анх тооцсон хэмжээндээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чад­сан­гүй.
Гадна талд бүтээгдэхүүн худалдаж авдаг зах зээл нь хумигд­чихлаа. Борлуулдаг бүтээгдэхүү­нийх
нь үнэ уначихлаа. Үүнээс болж төсөвт тооцсон орлогоо оруулж чадаагүй. Тиймээс төсөв
тасалдсан нь үнэн. Харин энэ онд өмнөх оны хүрсэн түвшингээсээ илүү ажиллана гэж
төсвөө тооцсон. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн бо­лох зэс, нүүрс, төмөр, ашигт малт­малын
экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж тооцоолсон. Оны сүүл рүү байдал гайгүй
байж, бүтээгдэхүүний эрэлт өсч, үнэ өсч магадгүй гэж найдаж байна.

-“Чалько”-д
төлж байгаа манай өр дуусах болоогүй юу?

-Дөхөж
л байна. Багцаагаар бол эхний хагас жилд багтаад өрөө барагдуулчих болов уу гэж
найдаж байна. Гэвч Оюу толгойн суутгал төлбөр одоо эхэлж байна.

-Гэрээндээ
өөрчлөлт оруулах ажилд хэзээ цэг тавьж цэгцрэх юм бол?

-Хэлэлцээ
үргэлжилж л байна. Тэр бол амар ажил биш шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Эрээнээс хог авчирч, халаасыг нь зузаалхаар маргаашаа бодож Монгол брэндээ сонго

Сар шинийн баяр дөхөж
байгаатай холбоотойгоор Эрээний чиглэлд нэмэлт вагон гаргаж байгаа гэнэ. Хот,
хөдөө гэлтгүй Эрээнийг зорих болж. Сараар ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг
бэлдэх гэж тэр шүү дээ. Цагаан сарыг элбэг дэлбэг угтвал тэр жилдээ өнгөтэй
өөдтэй явдаг гэж билэгшээдэг. Баян, ядуу хамаагүй аль болж бүтэхээрээ л байдгаа
барж баяраа тэмдэглэдэг. Бүр зөвхөн баяр хийхийн тулд цалингийн зээл авах тохиолдол
олон. Тэгээд нөгөө хэдэн төгрөгөө бариад урагшаа явчихыг нь яана. Үнэндээ
манайд сар шинийн баярт зориулсан бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа
бүтээгдэхүүн байгаа ш дээ. Ах дүү, хамаатан садныхаа нүүрийг тахлах гэж хэдэн
хятадын хог цуглуулах гэж вагон, вагоноороо хүмүүс явна. Наймаачин нь ч дүүрч. Гэтэл
сүүлийн үед наймаа хийдэггүй хүн урагшаа явж ойр зуурын хэрэглээгээ бэлддэг
болж. Баяр дөхөөд ирэхээр манайхны мөнгийг халааслахаар хятадын ченжүүд алга
ташаад хүлээж суудаг болсон. Чанаргүй, баталгаагүй, эдэлгээгүй бараагаар хамаг
мөнгөө шавхаад ирнэ. Элдэв хувцас, гар, нүүрийн саван, нүүрний будаг, өрөөсөн
оймс, тирко гээд тоочоод байвал их. Энэ хэнд хэрэгтэй юм бэ. Хэнд ч хэрэггүй.
Баярын дараа хэрэглэчихмээр юм олдохгүй хог болоод л үлддэг. Харин бидний мөнгө
хятадын эдийн засгийг зузаатгаад өгдөг. Ийм байдалд ороод нэлээд удаж байна.
хичээлийн шинэ жил эхэлсэн ч, наадам болсон ч, шинэ жил болсон ч л байдаг
мөнгөө тийш нь цацдаг.

Тэгвэл байгаа хэдэн
төгрөгөө гадагш бус дотогш урсгамаар байна. Ядаж л манай эдийн засгийн ирээдүйд
хэрэгтэй. Дотоодын олон үйлдвэр бий. Бэлгэнд өгчихмөөр бэлэг, дурсгал, бараа
бүтээгдэхүүнтэй үзэсгэлэн энд тэндгүй нээгдэж байна. Арьсан түрийвч аваад нэг
хүнд өгвөл ядаж л хэдэн сардаа эд даана. Харин хужаагийн цаас, давуугаар хийсэн
хэтэвч маргааш нь урагдчихна биз. Аав, ээжтэй булган шуба авч өгнө гээд нэг
танил эрээн явсан сурагтай. Гэтэл манайд булган дотортой, үндэсний загварын
дээл боломжийн үнээр худалдаалагдаж байна. Уламжлалт ёс заншил, хийц чанарын
тал дээр ярих юм биш. Бид угаасаа л уран ард түмэн.  Эрээнийн лангуун дээрээс килограммаар нь
авчирсан өнгө, үзэмж муутай хямдхан цамц гахай, гахайгаар нь авч ирж байхаар
эндээс монголд үйлдвэрлэсэн ноолуур, давуу гээд олон сонголттой авч болох
жишээтэй. Манайхан нэг үеэ бодвол юм хийгээд сурчихаж. Ер нь дотооддоо мөнгөө
гүйлгээнд оруулж байна гэдэг эргээд таны гар дээр цалин болоод ирэхийн илрэл. Ядаж
л цалигаараа талхаа аваад идчихнэ шүү дээ. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид
гэсэн үг бий.    Тиймээс
Эрээний наймаачдын халаасыг зузаатгаж байхаар дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг
сонгож, маргаашаа бодмоор юм.

Д.Даваасүрэн

Categories
редакцийн-нийтлэл

С.Бямбацогт: Бие биеэ үгүйсгэснээр улс орноо хөгжүүлэхгүй гэдгийг эрх баригчид одоо л ойлгох нь уу даа

МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын
гишүүн С.Бямбацогттой ярилц­лаа.

-МАН залуу гишүү­дийнхээ нэгийг
бүлгийн дарга болголоо. Бүл­гийн даргын эрх үүргийг хүлээгээд ажиллахад ямар санагдаж
байна вэ?

-Цөөнх болсон намын үед бүлгийн дарга
гэдэг бол хариуцлагатай, зохи­цуулагч менежерийн ажил байдаг. Ямар ч бай­сан намын
нөхөд маань надад итгээд энэ ажлыг хариуцууллаа. Тиймээс ийм том намын УИХ дахь
бүлгийн даргын ажлыг нэр төртэй хариуцла­га­тай хийчих юмсан гэдэг бодлоор асуудалд
хан­да­на. Аливаа албан ту­шаал бол санаачилгатай, хариуцлагатай байхыг шаарддаг.
Амархан ажил гэж байдаггүй. Хэдийгээр залуу гэж яригдаж байгаа ч би 40 насны босго
алх­чих­лаа. Тийм болохоор ачааллыг дааж, үүргээ ухамсарлаж, улс орны­хоо эрх ашгийг
эн тэр­гүүнд тавьж ажиллах болно.

-Парламентад олон удаа сонгогдсон
ахмад гишүүд танай бүлэгт олон бий. Энэ хүмүү­сийг удирдаад явах ч амаргүй байна
уу?
 

-Бүлэг аливаа зүйлийг хамтын шийдвэрээр
гар­га­даг. Тиймээс дарга шийд­нэ гэдэг ойлголт байдаггүй. Мэдээж шийд­вэр гаргахдаа
гишүүн бүр өөр өөрсдийн үзэл бод­лоо хамгаалалгүй яахав. Ард түмнийхээ итгэлийг
хүлээж олон удаа сон­гогдсон туршлагатай пар­ламентчид маань их тү­шиг тулгуур болж
байна. Тэд маань улс орныхоо, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн бодлого шийд­вэр гаргуулахын
төлөө заавар зөвлөлгөө их өг­дөг. Ийм зорилгын үүд­нээс өмнөх парламентын түүхэнд
гарч байсан за­хирамж шийдвэрүүдийн тухай заавал сануулж хэлнэ. Түүнээс биш “Би
тав, зургаа сонгогдсон шүү” гэдэг байдлаар ханд­даггүй. Тэгээд ч манай гишүүд үүрэг,
хариуц­лагаа сайн ухамсарласан хүмүүс шүү дээ.

-Нам дотроо шудар­га шулуун хэлчихдэг
гишүүдийн тоонд та ор­дог байсан болов уу. Харин одоо бүлгийн дар­га болсноор өөрийн­хөөрөө
байх зарчим­тайгаа зөрчилдөх шаард­лага тулгарч бай­гаа байх…

-Зарим асуудлуудаар миний үзэл бодлоос
арай өөр шийдвэрийг гаргах тохиолдол байхыг үгүйс­гэхгүй. Гэхдээ одоогоор ийм зүйл
мэдэгдээгүй л байна. Эцсийн эцэст бүл­гээрээ хэлэлцээд гарга­сан олонхийн шийдвэрээ
дагаж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДЭД
ХУУЛЖ ӨГӨХ ОЛОН ДАВХАР ЦААСАН БАГ БАЙГАА

-Н.Энхболд даргын ажлаа өгөх болсон
шалт­гааныг та юу гэж хардаг вэ. Нийгэмд бай­гаа ойлголтоор бол мэ­дээж хоёр Энхболд
гар нийлж ажиллахгүй бай­сан учраас ажлаа өгсөн гэдэг яриа. Та юу гэж бодож байна
вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг хожуу байгуулагд­саныг
та бүхэн мэдэж байгаа.  Бид одоо ч байн­гын
хороондоо ижил тэгш хуваарилагдаж чадаагүй байна шүү дээ. Ардын намыг бүлэггүй байхад
Н.Энхболд дарга удир­даж, бидний бамбай болж, гал барьж явсан хүн. Бүлгээ байгуулсны
дараа ч гэсэн хоёр Энх­болд дарга маань нэг нь бүлгийн дарга, нөгөө нь УИХ-ын дэд
дарга бо­лоод хамтраад сайхан ажилласан. Тиймээс ямар нэгэн зөрчил байгаа­гүй. 

-Хоёр сайдыг огц­руулах асуудал
оруулж ирсний үр дүн нь юу болов гэж танай намын­хан үзэж байгаа вэ?

-Бид ямар үр дүн гара­хыг мэдэж байсан.
Ямар ч байсан ард түм­ний санаа бодлыг дам­жуулж, хэлж сануулах гэснээ хэлсэн. Хариуцла­гагүй,
бодлого­гүй сай­дуудыг огцруулаагүйн үр дүнг эцсийн эцэст улсаа­раа л амсана. Амсаж
ч байна.

-Зөвхөн Н.Батбаяр сайдыг огцруулах
асууд­лыг оруулж ирэх байсан гэдэг яриа бай­сан. Үнэн юм уу? 

-Хэрвээ Н.Батбаяр сай­­­дын асуудлыг
дан­гаар нь оруулж ирээд огцруулаагүй байсан бол “Ч.Улаантай нь оруулж ирсэн бол
огцрох бай­лаа” гэдэг яриа явах байл­гүй дээ. Эрх баригчид “Манай хоёр сайд сайн
ажиллаж байгаа” гэсээр аваад үлдлээ. Гэхдээ үүнийг нь нийгэм буруут­гаж байна. Ерөнхийлөгч
“Хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооц. Би дэмжинэ” гээд хэлчихсэн. Араас нь Р.Амаржаргал
гишүүн “УИХ, Засгийн газар нь алдаагаа ухам­сарлаж чаддаггүй юм бол өмнөөс нь хариуцлага
үүрье” гэсэн. Гэвч  “Та тэгж хэрэггүй. Сайд
нараар өөрсдөөр нь хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлээд аваад үлдсэн. Гэвч бид Засгийн
газрын зарим багийг хуулж, бодит үнэ­нийг ил­чилж харууллаа шүү дээ. Гэхдээ Засгийн
газрын зарим гишүүдэд хуулж өгөх олон давхар 
баг байгаа.

– Ер нь хоёр сайдыг огцруулчихлаа
гэж бодъё. Тэгвэл Монго­лын амьдрал маргааш­наас нь эхлээд сайжир­чих байсан юм
уу?

-Хэрэв хоёр сайдыг огцруулсан бол
тэр үйл­дэл нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж бай­гаа хүмүүст дураараа дургиж,
дунд чөмгөөрөө жиргэж болдоггүй юм бай­на. Энэ төрд хариуц­лагатай ажиллах ёстой
юм байна гэдэг сургам­жийг өгөх байсан.

ЭРХ БАРИГЧИД ХОЁР САЙДАА АВЧ ҮЛДЭХИЙН
ТУЛД ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХҮЧЭЭР БУУЛГАСАН

-Шинэ жилийн өмнө танай намын бүлэг
Төрийн ордныг гацуур модоор чимсэн харагд­сан. Гэхдээ тэр гацуур модонд өлгөсөн
чимэг­лэлүүд дээр бичсэн үнэ бодит байсан уу?

-Статистикийн үзүү­лэл­тийг үндэс
болгосон учраас үнэн байлгүй яа­хав. Долларын ханш нь худлаа байсан байж ма­гад­гүй.
“Долларын ханш 1740 гээд тавьчихсан бай­на. Гэтэл 1600 руу орчих­сон шүү дээ” гэж
хүмүүс ярьж байсан нь үнэн. Тэг­вэл тэр үед эрх баригчид хоёр сайдаа авч үлдэ­хийн
тулд долларын хан­шийг хүчээр буулгасан юм. Хоёр сайдын тухай яригдаад дууссаны
да­раа одоо хар л даа. Дол­ларын ханш буцаад 
1700 давсан байна. Хэрэв ту­хайн үед хоёр сайдын асуудлыг яриагүй бол доллар
тэгж буурахгүй л байсан. 

-Ингэж харагдуу­ла­хын тулд сөрөг
хүчний зүгээс зохион бай­гуул­сан “ажиллагаа” гэдэг хардлага ч нөгөө талд бий байх.
Н.Батбаяр сайд “Долларын хан­шийг зориуд өсгөдөг бү­лэглэл байгаа” гэж байс­ныг
сонссон юм байна?

-Долларын ханшийг өсгөдөг бүлэглэл
байгаад тэр нь Ардын намтай хол­боотой бол аль хэдийнэ шоронд аваачаад, шонд өлгөчихсөн
байгаа. Ха­рин АН-ынхан энэ хард­ла­гаа өөрсдөөсөө хай­вал олж мэдэх юм.

-АН-ынхан л ажил хийж чадахгүй,
энэ Зас­гийн газар улс орныг ийм болгочихлоо, огц­руул­на гэхийн оронд ажил хэрэгч
шаардлага тавиад алдааг нь заса­хын төлөө зөвлөөд ажил­луулж болдоггүй юм уу?

-Тэгж л байгаа шүү дээ, мэдээгүй юм
уу.

-Юм л бол огцруул­на гэж түрүүлж
дууга­раад байх шиг санаг­даад…

-Бид хангалттай сана­лууд дэвшүүлж
бодлогоо уралдуулж байгаа. Хэд­хэн жишээ хэлье. 2012 оны есдүгээр сард Үнд­сэн хуульд
өөрчлөлт оруулъя. Сумын Засаг даргыг ард түмний дун­даас сонгодог болъё гэдэг хуулийн
төслийг тухайн үед манай намын дарга байсан Ө.Энхтүвшин гишүүн өргөн барьсан. Харамсалтай
нь энэ хуу­лийг хэлэлцсэнгүй. Дараа нь Д.Оюунхорол гишүүн­тэй хамт Хүний хөгжил
сангаасаа зорилтот бү­лэг­тээ мөнгөн тэтгэмж олгож байя гэсэн хууль санаачилсан.
Одоо бол­тол ярьсангүй. Хурууны хээгээр УИХ-ын гишүү­дийн ирцийг бүрдүүлж саналаа
өгдөг болъё гэдэг төсөл өргөн барьтал хав дарчихаад сая АН, Шударга ёс эвслийн бүл­гийн
дарга нарын санаа­чилсан хуулийг хэлэлц­сэн шүү дээ. Хэл ам хийж байж өөрийнхөө
хуулийг  хэлэлцүүлэхээр боллоо. Дээрээс нь
Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая болгож жижиг, дунд аж ахуйн нэгжийг
дэмжье гэдэг хуу­лийн төсөл өргөн барь­сан. Хөл дээрээ босох гэж дэнжигнэж байхад
нь тат­вараар дарамтлахгүй байя гэсэн санаа явж байгаа. Харамсалтай нь энэ хуулийг
хэлэлцэхгүй байна гэх мэтээр бид маш олон хууль санаа­чилдаг. Даанч сөрөг хүч­ний
зүгээс оруулж ирсэн учраас тэд дараад өнгөр­дөг. Энэ хандлагаа өөрч­лөөч гэж л гуйгаад
байгаа юм шүү дээ.  Гэхдээ бие биеэ үзэн ядаж,
үгүйсгэс­нээр улс орноо хөгжүү­лэх­гүй юм байна гэдгийг эрх баригчид одооноос л
ойл­гож байгаа юм болов уу даа. Өнгөрсөн тав дахь өдөр бидний санаачил­сан хуулийг
дэмжлээ.

Н.АЛТАНХУЯГ ГУАЙ ГУЯА АЛГАДААД
ГҮЙГЭЭД ИРСЭН БИЗ ДЭЭ

-Өнгөрсөн онд төс­вийн орлого уул
уурхай­гаас болж тасалдсан. Уул уурхайн орлого тас­рахад нөлөөлж, гадаа­дын хө­рөн­гө
оруулалт буурахад хүргэсэн зүйл таны санаа­чилсан Стра­тегийн ач холбог­долтой салбарт
гадаад хөрөнгө оруулалтыг зо­хицуулах хууль байсан гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх
вэ?

-Монгол Улсын уул уурхайн орлого буурсан
нь олон шалтгаантай. Тэдний нэг нь тэр хууль гэж ярьдаг. Гэхдээ энэ хууль муу байгаагүй.
Ха­рин  үүнийг хэрэгжүүлэх­дээ Засгийн газар
хариуц­лагагүй хандсан. Гадны­ханд зөв ойлголт өгч ча­даагүй шүү дээ. Үнэхээр тэр
хууль буруу байсан юм бол сая баталсан Хөрөнгө оруулалтын ту­хай хуульдаа яагаад
зүйл заалтуудыг нь тусгаж үлдээ­сэн юм. Ер нь бол хөрөнгө оруулалт буура­хад нөлөөлсөн
өөр нэг зүйл нь дэлхийн зах зээл дээр Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ
буурсан явдал. Мөн хоёр хөрштэйгээ зөв бод­лого, харилцаа явуулж чадаагүй нь нөлөөлсөн
шүү дээ. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзаж байхад манай Ерөнхий сайд “Бидэнд
ямар хамаа­тай юм” гээд ярьж байсныг санаж байгаа биз дээ. Нэг тонн нүүрсээ  72 ам.доллараар өгө­хөөр “Чалько” компанитай гэрээ
хийсэн байсныг энэ Засгийн газар цуцалсан. “Нүүрсээ үнэгүй өгөөд дууслаа” гэдэг
нэрээр шүү дээ.

 

Гэтэл одоо өөрсдөө нэг тонн нүүрсийг
40 ам.доллараар өгөх гэрээ хийж, дордууллаа. Оюу тол­гой дээр ч ялгаа байхгүй. Гэрээг
улам сайжруулна гээд манай Д.Ганхуяг сайд яриад байгаа. Гэтэл  Оюу толгойн далд уурхайн ажил зогслоо. Дээрдсэн
юм алга.

-Ерөнхийлөгч популис­туу­дын амлалтаас
болж орлого тасалдсан гэж хэлсэн. Тэр попу­лис­туудад Ардын намынхан багтах уу?

-Үгүй. Ерөнхийлөгч өнөөдрийн эрх баригчдыг
хэлж байгаа шүү дээ. Төр хэтэрхий томорчихсон байна гэдгийг хэлээд байна лээ.
160 мянган төрийн албан хаагчтай байсан төр өнөөдөр 210 мянган албан хаагчтай болгчихсоныг
хэ­лээд байна. Төсвийн зардал ДНБ-ий бараг 60-70 хувьтай бараг тэнц­чихээд байгаа
нь төр томорч бай­гаа­гийн илрэл гэдгийг хэлсэн юм.  Ардын нам эрх барьж байхдаа энэ зардлыг 40 хувьд
нь барьдаг бай­сан юм шүү. Төрийн мэдлийн 
зардал нэмэх эрх нь өнөөдрийн эрх баригчдад л бий. Баялаг бү­тээгч­дээ дарамталж,бизнесийн
орч­ныг муутгаснаас төсвийн орло­го их наяд их наядаараа тасарлаа. Эн­дээс харвал
том төрөөс жижиг төр рүү, бодлогогүй төрөөс ухаалаг төр рүү гэж ярих ёстой. Гэвч
ингээд ярья гэхээр буруутан нь өнөөдрийн эрх баригчид болох гээд байгаа учраас том
төрөөс ухаалаг төр рүү гэж соёлтой ярьж байгаа юм болов уу гэж бодсон шүү.

-Чалько болон Оюу толгой­гоос урьдчилж
авсан мөнгөөр сонгуулийн өмнө ард түмэнд таалагдах ажлаа “санхүүжүүл­сэн” гэдэг
утгаараа Ардын нам буруудахгүй гэж үү?

-Бодит байдал дээр өнгөрсөн дөрвөн
жил АН, МАН хоёр хамт­раад засаг барьсан шүү дээ. 2008 онд АН-ынхан эхлээд мөнгө
амла­сан. Гэхдээ сонгуулийн үр дүнгээр Ардын нам олонхи болсон ч улс орныхоо хөгжлийн
төлөө хамтраад ажиллах санаачилга гаргасан. Гэтэл Н.Алтанхуяг ах маань гуяа алгадаад
гүйгээд ирсэн биз дээ. Албан тушаал бүрийн тал нь ма­найх шүү, ачаагаа хамт үүрье
гээд байсан. Тэр үед Н.Алтанхуяг  сай­даас
“Сонгуулиар гэсэн хариуцла­гаа хамт үүрээд орох уу. Сонгууль дөхөхөөр хариуцлагаас
зугтаад засгаас гарах юм биш биз дээ” гэж асуухад “Хөөсөн ч хамтарсан Зас­гийн газраас
гарахгүй” гэсэн хүн дараа нь яалаа. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд алдаа байсан бол
хоёр нам аль аль нь буруутай. Амжилт нь ч хоёуланд нь хамаа­тай. 

2012 ОНООС ХОЙШ ЦАЛИН НЭМЭЭГҮЙ
БАЙХАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨССӨӨР Л БАЙНА

-МАН-ын бүлэг Х.Баттулга сайдыг
огцруулах асуудал оруулж ирнэ гэдэг яриа тар­чихаж. Үнэн үү?

-Тийм асуудал яригдаагүй учраас тайлбар
хийх шаардлага алга л даа. 

-МАН-ынхан чухал хуулиу­дыг барьцаалж,
байнгын хо­роонд гишүүдээ тэнцүү хуваари­луулахаар зүтгэдэг гэдэг шүүмж­лэл бий.
Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энд залруулаад хэлчихье. АН-ын бүлгийн
дарга Д.Эрдэнэбат манай бүлгийн дарга байсан Н.Энх­болдод “Бүгдээрээ төсвөө баталчихъя.
Үүний дараа танай гишүүдийг байнгын хороонд тэнцүү оруулъя” гэсэн юм гэнэ лээ. Ингээд
төсвөө баталчихсан чинь маргааш нь “Үгүй ээ тийм юм байхгүй.  Өрийн хязгаарыг нэмэгдүүлж өг. Тэрний дараа наад
асуудлыг чинь шийдье”  гэж хэлсэн байдаг.
Харам­салтай нь бид Монгол Улсыг өрөнд унагаж, хойч ирээдүйдээ өр үлдээ­хийг хэзээ
ч хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ирээдүйгээр наймаа хийж, байнгын хороонд орохыг
хүсэхгүй байна. Байнгын хороонд тэгш тоогоор оруулахгүй бол тэр л биз. Өөрсдийнхөө
төлөө улс орноо өрөнд оруулах шийдвэрийг дэмжиж чадахгүй. 

-Монгол Улс мөнгөгүй бол­чихсон
бодит үнэн. Тиймээс эрх ба­ригчдадаа итгээд, бондын мөнгийг өр болгохгүйн төлөө
хамтраад зүтгэх нь парламентад суудалтай Ардын намын үүрэг биш гэж үү. Энэ мөнгийг
үр ашиг­тай зүйлд зарцуулаад төлж чад­вал өр болохгүй байх. Анхнаас нь өр гэж хараад
байвал ямар ч ажил бүтэхгүй байх л даа?

-1950-1990 он хүртэл Монгол Улс арван
тэрбум ам.долларын өр тавьсан байдаг. Энэ мөнгөөр Улаан­­баатар хотын том том орон
сууцны хорооллуудыг босгосон. Аймаг, сумдын цэцэрлэг, сургуу­лиудыг байгуулсан.
Улс орноо эрчим хүчээр хангах ажлыг эхлүүл­сэн. Үйлдвэржүүлэлтийг ч энэ мөнгөөр
эхлүүлсэн. 1990-2012 он хүртэл Монгол Улс 2.4 тэрбум ам.долларын зээл тавьсан байдаг.
Урт хугацаатай хүү багатай энэ зээлээр бид 
шилжилтийн үеийг давж гарсан. Гэтэл одоо хар даа. Бид 2012-2013 оны хооронд
нэг жилийн дотор 2.2 тэрбум ам.дол­ларын өр тавьчихлаа.  Энэ мөнгөөр юу хийв. Гудамж тохижуулж, зам тавьснаас
өөр бодитой зүйл байна уу. Тэгтэл одоо бондын мөнгө дуусч байна шүү дээ. Ингээд
бодохоор асуудал байгаа биз. Өмнөх зээл нь үр дүнгээ өгсөн эсэх нь бүрхэг байхад
дахиад зээл авна гэхээр юу болох вэ. Зээл аваад л байдаг. Ард түмний амьдрал сайжирдаггүй,
тэр мөнгө нь бидэнд наалдахгүй байна шүү дээ. Энэ үүднээс нь хариуц­лагатай хандаж
байгаа юм.

-Засгийн газар үйлдвэржил­тийг
энэ жил эхлүүлж, гайгүй ажил хийх төлөвтэй харагдаад байгаа юм шиг санагдсан. Тийм
биш гэж үү?

-Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байхдаа
үйлдвэржилтийн асуудлыг хариуцаж байсан шүү дээ. Харамсалтай нь юу ч хийж чадаагүй.
Тэр үед үйлдвэржилт ярьж байсан. Өнөөдөр ч нөгөө­дөхөө л ярьж байна. Тиймээс итгэл
төрөхгүй байна. Ямар ч байсан импортыг орлох үйлдвэрүүдийг барих шаардлага бий.

-Цалин тэтгэвэр нэмэх бо­ломж төсөвт
байгаа гэж танай намынхан хараад шаардаад бай­гаа хэрэг үү. Эсвэл ард түмэнд таалагдсан
сөрөг хүчин байхын тулд шоу хийгээд байна у?

-235 тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн
нэмэгдэлд зарцуулна гээд төсөвт суулгачихсан. Тиймээс цалин, тэтгэвэр бага авдаг
иргэдэд эхний ээлжинд нэмэгдэл үзүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байна.
Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж шүүмжилдэг. Үүнийг  ч бид судал­сан. 2010 онд цалинг 20 хувиар нэмэхэд
инфляци 10 хувьтай бай­сан. 2011 онд цалинг 30 хувиар нэмэхэд 14 хувьтай болсон.  2012 онд цалин, тэтгэврийг 54 хувиар нэмэхэд инфляци
12 хувьтай бай­жээ. Ардын нам АН-тай хамт засаг барьж байхдаа цалин, тэтгэвэр нэмэхэд
инфляци өсөөгүй байгаа биз. Гэтэл өнгөрсөн жил цалин тэтгэвэр нэмээгүй байтал инфля­цийн
түвшин буусангүй. Бараа бүтээгдэхүүний үнэ асар ихээр өслөө шүү дээ. Өөрөөр хэлбэл
2012 оноос хойш цалин нэмээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна.

-Төсвийн  орлого тасарлаа. Зардал нэмэгдлээ гээд байдаг.
Гэвч нөгөө амаараа цалин, тэтгэ­вэр нэм гээд байгаагийн учрыг нэг л ойлгохгүй байна
л даа?

-УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулиа
баталчихлаа. Хөрөн­гө оруулалтын орчин сайжрах биз. Хоёр хөрштэйгээ харилцаагаа
сайжруул. Төмөр замаа хурдан тавьж дуусга, цахилгаан станцаа хурдан барь. Тэгвэл
төсөв, эдийн засаг сайжраад ирнэ. Дээрээс нь хувийн хэвшлийнхнийгээ дарамт­лаад
байлгүй дэмжээд өг. Тэгвэл төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ боломжоо ашиглавал цалин,
тэтгэ­вэр нэмэхэд ямар ч хүндрэлгүй шүү дээ. 

-Эцэст нь Ж.Батсуурь гишүү­ний
асуудлаар бүлгийн даргаас нь тодруулахгүй өнгөрч болох­гүй нь?

-Ж.Батсуурь гишүүн өөрөө гадагшаа
ажлаар явсан. Өөрөөс нь мэдээлэл сонсоогүй учраас юу болсныг мэдэхгүй байна. Аливаа
гэм бурууг шүүх л тогтооно. Үүний дараа л асуудал яригдах учиртай.          

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Мэндсайхан: Анх аяга угааж эхлээд дэвшсээр байгаад сүшиний тогооч болсон

АНУ-д ажиллаж байгаад эх орондоо ирээд түүхий
загас буюу сүшиний ресто­ран  ажил­лууж байгаа
Ц.Мэнджаргалтай ярилцлаа.

-Сүшиний ресторан нээ­гээд хэр удаж байна вэ.
Танай “Мико” ресторан хичнээн төрлийн хоол хий­дэг вэ?

-Хагас 
жил болж байна. 2013 оны зургадугаар сарын сүүлээр нээсэн. Манайх нэлээд
олон төр­лийн хоол хийдэг. Эхний ээлжинд тандалт маягаар хийж байгаа юм. Монголчууд
юунд дуртай байна вэ гэдгийг тандаж, судалж байна. Дан ганц сүши биш, үхэр гахайн
махан хоол­нууд бас байгаа. Янз бүрийн загасны зууш, түүхий салад гээд аль болох
хөнгөн чана­рын хоол­той. Цагаан сар дуусаад хоолны цэсээ өөрчлөх юм.

-АНУ-д ажиллаж байх­даа сүши хийж сурсан гэсэн.
Энэ талаараа ярих­гүй юу?

-Америкт япон хоолны газар ажиллаж бай­гаад сурсан
юм. Япон хүмүүс барагтаа бол хоолны­хоо нуу­ц, нарийн жороо зааж өгдөггүй. Буруу
харж хийгээд.  Би Америкт байдаг байх­даа
солонгосчуудтай ч ажил­лаж байлаа, япончуудтай ч ажиллаж байсан. Нэг газраа удаан
ажилласны хүчинд сүши хийх, хоол амтлах бүх аргыг сурсан.

-Монголчууд загасны махан хоолыг тэр бүр сонгож
иддэггүй шүү дээ?

-Манай гол, нууранд байдаг загаснууд нэг тийм
үнэртэй байдаг. Давстай усанд байдаг болоод тэр юм уу. Далайн загас ямар ч үнэр,
амтгүй.  Манай гурван найз орж ирлээ. Нэг
нь, би түүхий загас иддэггүй гэв. Тэгэхээр би хоолоо бэлдээд энэ түүхий загас гэж
хэлэхгүй ширээн дээр нь тавьчих­лаа. Тэгсэн ямар гоё амттай юм бэ гээд идээд байдаг
байгаа. Сая идсэн чинь түүхий загас ш дээ гэхээр, “Хөөх ийм гоё хоол байдаг юм уу”
гэсэн юм. Дуучин Дэлгэр­мөрөн манайд орж ирээд “Би түүхий загас иддэггүй. Японд
байхдаа би зөвхөн шөл уугаад, будаа иддэг байсан. Өөр идэх юм байдаггүй юм байна
лээ” гэв. Тэгэхээр нь аан за за гээд болсон загастай сүши бас түүхий загастай сүши
хийгээд  дунд нь тавьчихаж байгаа юм. Тэгэхээр
нөгөө хүмүүс маань бүгдээрээ л мэдэхгүй идчи­хээд ямар гоё хийсэн юм бэ гэж байсан.
Тэрнээс хойш манайд Дэлгэрмөрөн байнга орж ирж үйлчлүүлдэг болсон. Манайд ер нь
алдартай, олны танил хүмүүс их орж ирдэг. Дуучдаас рок Мөнхсайхан манай байнгын
үйлчлүүлэгч, “Эмошин”,  “Киви” хамтлагийнхан,
зохиолын дуучид бас орж ирнэ. Улс төрийн томчууд ч гэсэн их орж ирдэг. Хүмүүс сүши
гэхээр түүхий мах яаж  идэх юм гэж бодоод
байдаг. Тийм биш гэдгийг манайхаар үйлчлүүлээд мэддэг юм даа.

-АНУ-д хэдэн жил бол­сон бэ. Тэнд байхдаа ямар
ямар ажил хийж байв?

-Америкт очингуутаа япон хоол­ны газар ажилд орсон.  Хэл мэдэх­гүй учраас эхлээд аяга угаагч  хийлээ. Аяга угаана гэхээр хүмүүс амархан гэж
ойлгоод байдаг. Хэцүү ажил юм билээ. Рестораны олон аяга тавгийг хагалахгүй, хурдан
угаана гэдэг бол тийм ч амархан биш. Миний хувьд цагтай урал­даж ажилладаг байсан.
Хэдэн цагийн дотор энэ хэсэг ажлыг хийгээд дууссан байх ёстой, дараа­гийн цагт тэр
ажлыг хийгээд амжуулъя гээд хур­дан хөдөлдөг байсан.  Тэгээд долоо хоног ажил­лав. Долоо дахь өдөр манай
ресто­раны дарга дуудаад “чи их хурдан сайн ажиллаж бай­на, хоол руу орж ажилла”
гэсэн юм. Тэгээд гал тогоонд орлоо. Хэл мэдэхгүй ч гэсэн хүмүүсийн хийж байгаа хоо­лыг
хараад  хуулаад цээж­лээд байв. Арван жилийн
сургуульд  байх­даа хичээлээ хуулдаг хүүхэд
байсан. Муу зүйл гэж боддог байсан ч гэхдээ бас сайн талтай авьяас юм билээ. Нэг
хараад дуурайлгаад хийчи­хэж байгаа юм чинь. Хэл мэдэх­гүй ч гэсэн ингэдэг юм байна,
тэгдэг юм байна гээд сураад бай­сан. Хурдан сураад ажил­лаад байхаар дарга нар,
цуг ажил­лаж бай­гаа хүмүүс маань надад их сайн ханддаг боллоо. Япон хоолны газрын
хоолны захиал­гын 75 хувь нь сүши байдаг. Тэр олон захиалгыг олуулаа л хийхгүй бол
барахгүй шүү дээ. Тэгээд намайг дуудаж сүши хийхэд туслуулж эхэлсэн. Эхлээд би зөвхөн
будаа дэвсэж өгдөг байсан. Сүүлдээ ногоог нь арилгаж өгөөд, хэрчдэг болоод, будааг
нь тавьдаг болоод эхэлсэн. Тэгж ажил­лах­даа би сүши яаж хийдэг юм гэдгийг сайн
харж,  харсан юмаа бүгдийг нь тэмдэглэдэг
болов. Сүши хийж сурах хүрт­лээ бараг гарын авлага хий­сэн байсан. Тэгээд миний
дараа нэлээд сүүлд нэг мон­гол хүүхэд манайд ажилд орохоор нь би тэрэнд бичсэн тэмдэглэлээ
өгч байсан юм. Одоо бодоход тэр дэвтрийг 
хуулж аваад үлд­сэн бол сүши хийх сурах бичиг болохгүй юу.

-Сүши хийж сурахад хэцүү биз дээ?

-Хэцүү ш дээ. Сүшиг  маш иртэй хутгаар хийдэг. Ганц л буруу хөдлөхөд
гараа авна. Тэгээд хүмүү­сийн нүдэн дээр ажилладаг учраас хүн харж байхад гараа
эсгэвэл тэгээд баларна. Америкчууд чинь цуснаас аймар сэжиглэдэг. ДОХ зэрэг цусаар
халддаг өвчин их байдаг болоод тэр үү. Гараа зүсвэл ярвайхгүй­гээр огт мэдэгдэхгүй
л хойшоо орно. Хуруугаа боогоод ажил­ла­вал, хүмүүс чинь  би энэ боолттой хүний гараас хоол идмээр­гүй байна
гэж байгаа юм чинь. Тэгэхээр сүшиг хамгийн гярхай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийдэг.
Бас хүнтэй гоё харьцах ёстой. Хоолоо хийж байхдаа үйлчлүүлэгчтэйгээ юм яриад, заримдаа
цуг архи уух ч хэрэг гарна. Би Америкт байхдаа ганц­хан сүши хийж сураад зогсохгүй  бүх хоолыг сайн хийж сурсан. Ер нь өөрийн­хөө
идэвхээр л сур­сан гэж боддог юм.

-Хэл мэдэхгүй, дээр нь япон­чууд хоол хийх аргаа
заахгүй. Ийм нөхцөлд сүши хийж сурах­даа шантраагүй юу?

-Дунд үед нэг хаширсан. Өдөр­жин босоогоороо хүний
нүдэн дээр ажиллана гэдэг бас тийм амар байгаагүй. Нэг хэсэг ядраад. Хүмүүс ч “Чи
залуу байж өөр ажил хий. Хоолны газар цаг наргүй ажиллаж өөрийгөө зовоож яадаг юм”
гэж байлаа. Нээрээ л таксинд яваад, дуудлагын жолооч хийж, барилга дээр ажиллаж
болох юм байна гэж бодлоо. Тэгээд нэг сар барилга дээр ажиллалаа. Барилга дээр ажиллаад
бүтэхгүй юм билээ. Хүмүүс зав чөлөө ихтэй учраас архидаад. Зээл аваад авсан цалин­­гаа
өрөнд өгсөөр байгаад таарч байгаа юм чинь. Хэлгүй хүний хувьд ажлаа л сайн хийх
нь чухал. Ажлаа сайн хийж байвал бүх юмыг гартаа атгачихаж байна гэсэн үг. Тэгээд
барилга дээр байж бай­тал манай рестораны эзэн намайг дуудлаа.  Ажилдаа орооч, цалинг чинь нэмье гэсэн. Тэгээд
ажилдаа эргээд орлоо. Хоолны газар цаг урт ч гэсэн гэдэс цатгалан, гарын мөнгө их
авдаг. Гарын мөнгө их авдаг учраас сул зардлуудаа нөхчихдөг. Тэгээд сүүлд намайг
манай ресто­раны эзний найз ирчихээд манайд ажилд орооч гээд гуйгаад болдог­гүй.
“Манайд орчих. Би чамд  өндөр  цалин өгнө” гэсэн. Уг нь муухай л даа. Гэхдээ
надад мөнгө хэрэгтэй байсан учраас би явсан. Тэр рестораны бүх юмыг хийж  бэлдэж өгөөд Монголдоо ирсэн дээ. Америкт яг арван
жил хоёр сар ажилласан байна лээ.

-Хоол хийхэд чадвар байхаас гадна сэтгэл их хэрэгтэй
гэдэг. Ямар ч ажилд сэтгэл гар­га­хад илүү сайн болдог шүү дээ. Таны хувьд бүх зүйлд
тэгж ханд­даг юм шиг санагдлаа…

-Мэдээж сэтгэл маш чухал. Би хүний юман дээр ажиллаж
байгаа юм чинь гээд юмыг дутуу хийж үзээгүй. Бүх юмыг нь яг ёс журмаар нь хийж өгдөг
байсан. Эргээд үр дүн ч надад сайхан байдаг юм. Заримдаа манай ресторанд бухимд­сан
хүмүүс орж ирдэг л дээ. Аймаар ууртай орж ирээд хоолоо идчихээд гарч явахдаа маш
их баярлалаа гээд инээмсэглээд сэтгэл санаа нь сайхан болоод гараад явдаг юм. Тэр
үед их сайхан санагддаг. 

-Аливаа улс оронд хоолны төрөл, соёл хөгжиж байна.
Та Америкт байсан хүн. Монгол­чуу­дын хоолны соёлтой харьцуу­лахад их ялгаатай байх
даа?

-Жишээ нь гарын мөнгө өгдөг чинь уг нь маш зөв.
Тэнд зөөгч нарын цалин бага. Цагийн таван 
доллар. Таван цаг ажиллахад 25 ам.доллар авна. Харин арван ширээн дээр үйлчлэхэд
50 доллар авна. Тиймээс зөөгч хийж байгаа хүн мөнгө авахын тулд гоё үйл­чилж, соёлтой
ханддаг. Манай Монголын зөөгч нар хоолны цэсээ шидэж өгөөд, юу авахын гэж асуух­даа
уурлаад л. Уурлаж байгаа нь нүүрэн дээр нь илт байдаг. Дэл­гүүрт ороод юм авахад
ч гэсэн эвгүй  харьцдаг. Ялгаа бол асар их.
Бас муухай харьцаатай үйлчлүү­лэгч байдаг юм. 
Жишээлбэл, манайд хэд хэдэн хүн дараалаад орж ирлээ. Тэгээд бид эхний орж
ирсэн эмэгтэй рүү хараад “Сайн байна уу та, хэдүүлээ явж байгаа вэ” гэж асуухад
“Ганцаараа л явж байна ш дээ. Хардаггүй юм уу хаашаа юм, балай байх аа” гээд уурлаад
авах жишээтэй.  Иймэрхүү үйлчилгээний соёлтой
холбоотой зүйлүүд их байна. Хоолны төрөл, амт, чанар хөгжиж байна уу гэж асуулаа.
Үүнийг би байнга бодож явдаг. Одоо ялангуяа цагаан сар болох гэж байна. Манайхан
махаа гурилан­даа боогоод их иддэг. Баахан мах идэж идчихээд унтахад ямар байх билээ.
Харин манай хоолыг идээд  унтаад босоход бие
маш хөнгөр­сөн босч ирдэг. Тэгээд манай ний­тийн хоолны газрууд цайны газ­рууд бүгд
гуляш, нарийн мах гээд хэдхэн төрлийн хоол хийдэг. Бүх хоол  адилхан. Хажуу­даа нийслэл салад, будаа, төмс­ний
нухаш тавиад махыг нь жаахан өөрчлөөд өгчихдөг. Дээр нь зарим цайны газар маш бохир
санагддаг. Мон­гол хоолыг хөгжүү­лэх боломж маш их байна. Жишээлбэл, би Америкт
байхдаа “Чингэс хаан” нэртэй хоол хийдэг байлаа. Үхрийн махыг галаар шараад гоё
хоол хийдэг байсан. Загас иддэггүй Арабууд миний хийсэн хоолыг их иддэг байсан.
Нэлээд үнэтэй. Би нэг хэсэг өнгийн бууз хийж зарсан юм. Цагаан сарын өмнөхөн ягаан,
шар, ногоон өнгийн бууз хийж зарсан. Вандуй, улаан манжин, буурцаг ашиглаад ийм
өнгийн бууз хийж зарсан. 50 мянгаас дээш төгрөгөөр үйлчлүүлсэн хүмүүст 500 грм бууз
бэлэглэж байсан юм. Тэгсэн сүүл­дээ хүмүүс бууз их захиалж эхэл­сэн. Тэгээд сүүлдээ
сүшиний ресто­ран биш буузны ресторан болох гээд байхаар нь больсон.

Америк явахаасаа өмнө юу хийдэг байсан юм
бэ?

-Би уг нь оёдолчин хүн. Хувцас оёдог байлаа. Анх
“Уруулын будаг” хамтлагийн хувцсыг оёдог бай­лаа. Барилгачдын конбинзон оёдог байсан.
Суудлын бүрээс хийнэ. Тэгээд оёдлын чиглэлээр Америк явсан юм. Хатгамал хийдэг оёдлын
машин Монголд оруулж ирэх санаа­тай. Очоод мэдээж сул байхгүйн тулд ажил хийнэ.
Мөнгө­тэй болох гэж хоолны газар ороод тэндээ арван жил ажилласан бай­сан.

-Тэнд байхдаа хэр их мөнгө хурааж чадсан бэ. Энэ
ресто­раныг та худалдаж авсан уу, түрээсэлж байна уу?

-Түрээсэлж байна. Дараагийн­хийг нь худалдаж авна.
Түрээс учраас яс тооцоотой байхгүй бол болох­гүй. Би тэнд ажиллаж байх­даа  их юм сурсан. Миний ажиллаж байсан ресторан бас
түрээсийнх байсан. Тэнд өрнөөс огт айдаггүй. Монголчууд болохоор өртэй хүн өөдлөхгүй
гэдэг. Харин ч өртэй хүний толгой их хурдан ажилладаг юм байна гэж  бодсон. Уг нь нэлээд хэдэн жилийн өмнө ресторантай
болох байлаа. Тэр үед эхнэр  хүүх­дэдээ оюуны
хөрөнгө оруулалт хийгээд бололцоо гарсангүй л дээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Гурван охинтой. Эхнэр хүүх­дээ­сээ арван жил
тусдаа байсан. Хүүхдүүд маань жаахан байсан. Том охин маань сургуульд ороогүй байхад
би явсан юм. Дунд дахь гэдсэнд байсан юм. Ирээд багыгаа гаргасан.

-Одоо юу мөрөөдөж, юунд зорьж байна вэ?

-Зорилго 
их байна. Хамгийн түрүүнд “Мико”-г Монголдоо “Макдональдс” шиг брэнд болго­моор
байна. “Макдональдс” ч дэлхий даяар алдартай. “Мико”-г би дэлхий даяар биш юмаа
гэхэд Монголдоо алдартай брэнд газар болгомоор байна.    Би нэг чухал юм хэлье. Солонгос, хятад хүмүүс
Монголд хоолны газар нээхээр амттай ч байсан, амтгүй ч байсан япон, солонгосчууд
очиж хоол идэж, хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манайхан гадныхан гэхээр  хошуу­раад байх юм. Уг нь үндэснийхээ юмыг монголчуудаа
дэмжвэл зүгээр юм уу. Юм хийх гэж байгаа хүмүү­сээ муу хэлэхгүй. Дэмжээд өгөөсэй
гэж хүсдэг.

-Танай рестораны хоолны үнэ бусад япон хоолны
ресто­ран­аас харьцангуй хямд юм байна ш дээ.

-Хүмүүс орж ирээд тэгдэг л юм. Яагаад гэвэл, би
өндөр цалинтай тогооч цалинжуулаагүй, өөрөө бүх материалаа аваад хийдэг учраас тэр.
Дээрээ олон эзэнтэй, бас олон ажилтантай газар зардал ихтэй учраас хоол үнэтэй байна.
Гэхдээ одоо доллар өсөхөөр хэцүү болж байна. Анх яргай загасыг 29 мян­гаар авч байсан
бол одоо 46 мянга болж нэмэгдсэн байна. Дээр нь НӨАТ нэмэгдээд. Гэхдээ одоо бас
цаг сайхан болно гээд хоолныхоо үнийг нэмэхгүй байна. Эцэст нь хэлэхэд, хааяа ч
гэсэн  хөнгөн хоол идэж байгаарай. Хүмүүс
цагаан сар, наадмаар хүнгүй болдог гэдэг. Манайх харин ч хүнтэй байдаг. Баахан мах
идээд тэгээд хөнгөн чанарын хоол идэхээр манайхыг зорьдог байх гэж бодож байна.

-Солонгос, хятад хоолны газ­руу­дад мэргэжлийн
хяналтаас  шалгалт хийхээр маш ноцтой зөрчил
илэрч, бохир заваан бай­на гэдэг. Тэгсэн ч монголчууд их үйлчлүүлдэг. Та орж үйлчлүүлж
үзсэн биз дээ. Ямар санагдсан бэ?

-Би хараад мэднэ дээ. Ширээн дээр хоол тавихад
л за энэ ингэж л хийж дээ гээд мэднэ. Ямар ч байсан би идэж чаддаггүй юм. Тэгээд
гадныхан их муухай ш дээ. Би дөнгөж ирчихээд нэг удаа солонгос хоолны газар  найзуу­даараа орлоо. Тэгсэн солонгос эзэн нь цаана
сууж байна. Тэгсэн хэдэн хүмүүс бидний дараа орж ирсэн чинь тэр солонгос эзэн зөөгчийг
дуудаад сая орж ирсэн хүмүүс дунд солонгосчууд байна шүү гэж хэлсэн юм. Солонгос
хүн орж ирвэл арай өөр хоолоор үйлчилдэг юм шиг байна лээ.

Х.ЦЭНД-АЮУШ  

Categories
редакцийн-нийтлэл

Самурай бондыг газрын тосны үйлдвэр, V цахилгаан станц зэрэг том төслүүдэд зарцуулна

Өнгөрсөн намраас яриг­даж эхэлсэн “Саму­рай” бондын мөнгө Мон­голд
ороод ирчихэж. Тод­руулж хэлбэл энэ долоо хоногийн даваа гаригт Хөгжлийн банкны
дан­санд 24 тэрбум 250 сая иен оржээ. 30 тэрбум иень орж ирсэн гэх тоо ч
дуулдаж байна. Энэ тоог ам.долларын өнөө­гийн ханшид шилжүүлбэл  290 орчим сая ам.доллар эдийн засагт
эргэлдэхэд бэлэн болсон гэсэн үг. 
Хөгжлийн банкны хувьд бондын мөнгө орж ирс­нийг  батлаагүй, бас үгүйс­гээгүй. “Процедур нь дуу­саагүй.
Ойрын хуга­цаанд нэгдсэн мэдээлэл өгнө” гэснээс нь харахад бондын мөнгө шилжээд
ороод ирсэн нь тодорхой байна. Ерөнхий сайдыг Японд айлчлах үед бон­дын хүү 1.5
хувиас хэт­рэхгүй гэж байсан. Арван жилийн хугацаатай энэ бондын хүүг 1.52 хувь
гэж тогтжээ. Харин “Чингис”  бондын
жилийн хүү нь 4.125 хувь байгаа. Хөгж­лийн банкны өмнө нь бос­госон бондын
жилийн хүү 5.75 хувь. Эндээс харахад бид тун бага хүү­гээр их мөнгө босгож  чадсан гээд дүгнэчихэж болохоор байна.  

 

ӨҮЛЭН, ЧИНГИС, САМУРАЙ…

“Самурай
бондоос босгосон иень бол манай улсын дэлхийн захаас босгосон гурав дахь том
мөнгө. Эхний бондыг Хөгж­лийн банк гаргаж байв. Нэр нь “Өүлэн”.  Араасаа олон ашигтай бонд дагуулаасай гэсэн
бэлгэдлээр ингэж нэрлэ­сэн гэдэг. “Өүлэн” бонд гаргаж олсон мөнгөний  хэмжээ нь 580 сая ам.дол­лар. Дараа нь
Засгийн газар өрийн бичиг гаргаж  дэлхийн
захаас 1.5 тэр­бум ам.доллар босгосон. Энэ бондыг дэлхийн хө­рөнгө
оруулагчид  “Чин­гис” гэдэг нэрээр нь
мэднэ. “Өүлэн” гэдэг нэрнээс ул­баалж ийн нэрлэсэн  юм билээ. Гурав дахь нь “Са­му­рай” бонд.
Ерөнхий сайдаас энэ бондод нэр өгөхийг хүссэн гэж бонд гаргах яриа эхлэх
үед  албаны хүмүүс онцолж байсан. Бодвол
алтан урагтай холбоотой хэн нэгний нэр тун удахгүй дуулдах байх. 

САМУРАЙ БОНД ГЭЖ ЮУ ВЭ?

Самурай бонд гэдэг нь зөвхөн Японы зэх зээл дээр хөрөнгө босгодог
хэлбэр. Япон бол дэлхийн томчуудаас хамааралгүй оршиж чаддаг, газар зүйн хувьд биеэ
даасан  том эдийн засаг. Шинзо Абэ засгийн
эрхэнд гарснаас хойш хасахтай байсан эдийн засгаа 3.7 хувиар өсгөж чадсан. Бага
тоо шиг сонсогдож болох ч тэр том эдийн засагт бол өндөр өсөлт гэж шинжээчид онцолдог.
Ийм өндөр өсөлттэй, биеэ даасан зах дээрээс бид мөнгө босгоод байна. Иенийн зах
дээр 1970-аад онд анхны бонд гарч байж. Мөнгөн хуримтлалаараа Америкийн эдийн засгаас
давдаг энэ улсын Засгийн газар ир­гэдийнхээ хадгаламжийг маш бага хүүтэйгээр улс
орнууд буюу тодорхой компаниудад зээлдэг юм. 
Иргэд нь мөнгөө хадгалуулахдаа хүү авдаггүй, шимтгэл төлдөг шахуу учраас
хүү нь бага байдаг. Япончууд эрсдэл багатай, рейтинг өндөртэй улсад бол манайд өгснөөс
илүү бага хүүгээр мөнгөө зээлдэг. Хүүгийн түвшин нь 0.07-1.5 хувийн хооронд хэлбэлздэг.
Зээлжих зэрэглэл өндөртэй орнууд,  жишээ нь  ААА зэрэглэлтэй улс “Самурай” бонд гаргаж мөнгө
босговол 0.7-0.8 хувийн хүү төлдөг. 

САМУРАЙ БОНДООС ХАМГИЙН ИХ МӨНГӨ БОСГОСОН НЬ  “ЖИ ПИ МОРГАН”

Самурай бондын хүүг манай Хөгжлийн банктай хамтран ажиллах бичигт  гарын үсэг зурсан Японы Олон улсын хамтын ажиллагааны
банк тогтоодог. Энэ банк манайх шиг хөгжиж байгаа улсуудад баталгаа гаргаж дэмжлэг
үзүүлдэг  учраас “Самурай” бонд амархан бүтсэн
гэж эдийн засагчид онцолж байна. Африкийн улсуудаас гадна Индонези, Франц зэрэг
хашрууд ч арлын орны зах дээрээс хөрөнгө босгож байжээ. Жишээ нь Францын “BNP
Paribas” банк самурай бонд босгож байж. Самурай бонд гаргаж хамгийн их мөнгө босгосон
банк бол Америкийн  “Жи пи морган”. Тус банк  111 тэрбум иенийн самурай бонд гаргаж байжээ.
Тунисын төв  банк  гэхэд л хоёр жилийн өмнө 25 тэрбум иен босгож  гаргаж байжээ. Зээл авсан шалтгаанаа экспортоо
дэм­жихийн тулд гэж тайлбарлаж байсан гэнэ. 
Ерөнхий сайдыг өнгөрсөн намар Японд айлчлах үеэр хамгийн сүүлд самурай бонд
босгосон улс бол  Индонези  гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан юм. Н.Алтан­хуяг
сайдыг очихын өмнөхөн польшууд ирж  бонд гаргах
яриа хөөрөө үүсгээд явсан байсан.  

ИЕН ХАМГИЙН ТОГТВОРТОЙ ВАЛЮТ

Ам.долларын ханш өссөн энэ үед  “Чингис” бонд 
эрсдэл авчирч байгаа.   Хүүнд төлөх
мөнгөнөөс  гэхэд л бид багагүй алдагдал хүлээж
буй. Иенийн ханш америк ногоон шиг савладаггүйг олон улсын байгууллагууд прогноз,
судал­гаагаар баталчихсан. Иенийн захаас мөнгө босговол 10-15  жилдээ  
ханшийн эрсдэлд орохгүй гэж тэд хэлж байна. Бид арван жилийн хугацаатай мөнгө
зээлж байгаа.

Тэгэхээр манайд ханшийн эрсдэл бараг л байхгүй гэсэн үг. Улс орнууд
хямд мөнгөний эрэлд гарчихаад байгаа энэ үед хамгийн таатай валют бол иен гэдгийг
дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. 

ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛНӨ

Самурай бондоос орж  ирсэн
мөнгө  сүүлийн өдрүүдэд чангараад байгаа долларын
ханшийг сул­руулахад зохих хэмжээгээр нөлөө­гөө үзүүлнэ гэж эдийн засагчид хэлж
байна. Долларын ханшийг буул­гахаар их хэмжээний мөнгө биш гэж хэлэх судлаач ч байгаа.  Эдийн засагч Ө.Ганзориг ам.долларын ханшийг буулгахын
тулд дахин бонд гаргах хэрэгтэй гэж  онцолж
байсан.  Тэгэхээр Засгийн энэ удаагийн бонд
гаргаж босгосон мөнгө дол­ларын ханшид зохих хэмжээний­хээ нөлөө­гөө үзүүлэх нь
дамжиг­гүй. Иенийн захаас босгох мөнгө  цаашдаа
нэмэгдэх болохоор энэ таамаглал биеллээ олно гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ бондод
найдахаас  илүү гадаадын хөрөнгө оруулалтыг  татах чиглэлээр хийж буй ажлуудынхаа эрчийг нэмэх
шаардлага шийдвэр гаргагчдын өмнө бий. Хөрөнгө оруу­лал­тын хуулийг дагаж гарах
журмаа тодорхой болгох, Ашигт малтмалын хуулинд оруулах өөрч­лөлтөө даруйхан хийх,
гадаад зах зээл дээр бодлого шийдвэр, ханд­лагаа сурталчлах гээд хүлээлт үүс­чихсэн
ажлууд зөндөө байгаа. Тэгж чадвал бонд дагасан их мөнгө эдийн засгийг дор нь өндийлгөөд
ирнэ.

БОНДЫН МӨНГИЙГ ЮУНД ЗАРАХ ВЭ?

Иенийн захаас босгосон энэ мөнгийг Японтой хамтран хэрэг­жүүлж
байгаа том төслүүдэд зар­цуулна. Анхнаасаа тийм тохи­роогоор гаргаж байгаа.  Манай улс 
Дарханы газрын тосны үйлдвэрийн төслийг “Марбуени”-тай, тавдугаар цахилгаан
станцын төслийг  “Со­жиц”-той гээд   хэд хэдэн том төсөл дээр арлынхантай хамтарч
буй. Эдгээр  төсөл дээр япончуудтай хамтарч
байгаа үндэсний компаниуд төслөө үргэлжлүүлэх 
мөнгөтэй болсон гэсэн үг. Япончуудын хувьд хамтарч буй том төслүүдийн 15
хувийг дотоодоосоо санхүүжүүл гэсэн болзол тавьж эхэлсэн. Тэгэхээр бондоос орж ирэх
мөнгө том төс­лүүдийн 15 хувийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Одоогоор бондын мөнгийг
дэд бүтцийн төслүүд, Дарханы газрын тосны үйлдвэр барихад зарцуулна гэсэн мэдээлэл
цацагдаж байна. Дотооддоо шатахуунаа үйлд­вэрлээд эхэлбэл  эдийн засагт үнийн савлагаа үүсэх нь багасна.
Инфляцийн суурь шалтгаан нь манай улсын хувьд шатахуун болоод байгаа. Япончуудтай
хамтарч буй тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалт ч тодорхой хэмжээгээр шийдэгдэх
байх. Ингээд бодохоор “Самурай” бондын мөнгө эдийн засагт бодитой нөлөө үзүү­лэхээр
харагдаж байна. Ерөнхий сайд “Самурай” бондын хөрөнгөөр эдийн засгийн өндөр үр ашигтай
төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ зарлачихсан болохоор эдийн засагт  шууд утгаараа нөлөөлөхгүй зүйлд энэ мөнгийг зарахгүй
нь тодорхой.

ДАРААГИЙН МӨНГӨ УДАХГҮЙ ОРЖ ИРНЭ

Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээний
иен зээлэх бололцоотой гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан. Яг одоогоор бол
600 сая ам.дол­лартай тэнцэхээр иенийг бид авахаар болсон гэх мэдээлэл цацагдаж
байгаа. Японы хөрөнгө оруулагчдын манай зах зээлд мөнгөө оруулах сонирхол өндөр
байгаа учраас үлдсэн мөнгө  ойрын хугацаанд
орж ирэх магадлал өндөр гэсэн үг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Японд айлчлах үеэрээ
самурай бондод мөнгөө оруулах сонирхолтой эрхмүүдийг байрлаж буй зочид буудалдаа
урьсан юм. Тэр уулзалтад 49 компанийн төлөөлөл ирснийг Японы тал “Их хүн оролцлоо”
гэж онцолж байв. “Самурай” бонд гаргасан улс орон, компаниуд ийм уулзалт зохиодог
жишигтэй юм билээ. Өмнө нь зохиогдсон ийм уулзалтуудад дээд тал нь хориод компанийн
төлөөлөл ирж байж. Тэд манайхыг илүү   сонирхож
байгаа учраас магадгүй  жилдээ багтаад
600 сая ам.долларын биш нэг тэрбум доллартай тэнцэхээр иен зах зээлд орж ирж мэдэх
юм. Энэ бондыг Засгийн газар таван тэрбум ам.долларын бонддоо багтаан авч байгаа
билээ. Одоогоор дэлхийн зах дээрээс ам.доллараар 1.5 тэрбум ам.доллар босгоод буй.
Иенийн захаас босгох мөнгийг 600 сая ам.доллартай тэнцэхээр гэж тооцвол өнөөдрийн
байдлаар  хоёр тэрбум гаруй ам.доллар босгоод
байна.  Төсвийн тогтвортой байдлын хуу­лиар
бол  Засгийн газрын  өр ДНБ-ий 30 хувиас хэтрэх учиргүй. Саму­рай бонд
гаргаж босгосон мөнгийг нэмбэл засаг хуулиа зөрчихөөр байгаа юм. Гэхдээ Засгийн
газар УИХ-д төсвийн тодотголын төслийг өргөн барих гэж байгаа. Пар­ламент энэ төслийн
хэлэлцүүлгээр өр тавих хувь хэмжээг өсгөх юм бол гүйцэтгэх засаглал хуулиа зөрчөөгүй
гэж харагдана. Юутай ч Сангийн сайдын “Хөгжлийн хөрөнгө оруулалт” гэж онцлоод буй
багагүй хэмжээний мөнгө  эдийн засагт орж
ирчихээд байна. Хөгж­лийн банк энэ мөнгийг ком­паниудад төгрөгөөр зээлнэ гэх мэдээлэл
бий.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Алдарт эмэгтэй реппер Никки Минаж

Никки Минаж.
Одоогоос хэдхэн жилийн өмнө Нью-Йорк хотын Бронкс дүүргийн “Red Lobster” хэ­мээх
Америкийн сүлжээ рес­тораны жи­рийн нэгэн зөөгч байв. Түүний нэрийг ойр дотныхноос
нь өөр хэн ч мэдэхгүй бас танихгүй. Захиалсан хоолоо идчих­сэн мөнгөө төлөлгүй гараад
зуг­таачихсан залуусын төлбөр болох 38 доллар 75 центийг төлж чадаагүй болохоороо
ажлаасаа халагдан Нью-Йорк хотын ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн эмэгтэй. Жүжигчин
болохын төлөө бүхнээ зориулж, чадлаараа хичээсэн хэдий ч бүтээгүй учраас зөвхөн
амь зуухын эрхэнд зөөгчөөс авахуулаад зочид буудлын цэвэрлэгч хүртэл хийж явсан
зорил­гогүй, хүсэл мөрөөдөлгүй нэгэн болсон байж. 100 долларын дэвсгэртийг 20 насандаа
л анх гартаа атгаж үзсэн, тарчиг­дуухан амьдралтай, Испаниас Аме­рикийг зорин ирсэн
сая сая цагаач­дын нэг байсан. Тэгвэл тэр өнөөдөр Амери­кийн Биллбоард буюу шилдэг
100 дууны жагсаалтанд долоон уран бүтээл нь багтсан анхны эмэгтэй реппер. Түүнийг
The New York Times сонин “Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй реп­пер”,
“MTV” телевиз 2011 оны онцлох уран бүтээлчээр шалгаруулсан. Мөн долоон  BET Awards, дөрвөн American Music Awards, хоёр
MTV Music Awards, болон MTV Europe Music Award, таван удаагийн Bill­board Music
Awards-ийн шагналтан.

Түүний
гаргасан цомгууд дэлхий даяар сая сая хувиар борлуулагдаж, тэр чинээгээрээ дэлхийн
өнцөг бу­лан бүрт өөрийн шүтэн бишрэгчтэй. Никки Минаж гайхалтай амжилтын эзэн болсон.
Никки Минаж хэмээх тайзны нэрээрээ дэлхийд алдарш­сан Оника Танъя Маражийн бага
нас хүчирхийлэл, гуйланчлал, гадуурхал дунд өнгөрчээ. Тэрээр Сант Жеймс хэмээх Испанийн
нэгэн жижиг боом­тын хотод 1982 оны арванхоёр­дугаар сард төржээ. Түүний эцэг Карол
Роберт Мараж нь мөрийтэй тоглохоос гадна хар тамхинд донт­сон нэгэн байж. Америкийн
тээврийн компанид ажилладаг байсан хэдий ч цалингаа хар тамхи, зугаа цэнгэлд зарцуулчихдаг
байсан талаар хожим нь Никки “Үргэлж согтуу, эсвэл мансуурчихсан байдалтай л аавыгаа
хардаг байсан. Бусдад халуун ам бүлээрээ, аав ээж, ах дүү нартайгаа халуун ам бүлээрээ
амьдарсан мөчүүд бол хамгийн гэгээлэг, бодох тусам хайрын амтыг мэдрүүлж, гэгээлэг
сайхныг харуулсан мөч байдаг. Тэгвэл миний хувьд таван нас хүртлээ аав, ээжтэйгээ
хамт амь­дарсан тэр мөчүүд хар дарсан зүүд шиг байсан. Хэдий би жаахан байсан ч
зарим зүйлийг тод санадаг. Бүр таван настай байхад аав мансуурч ирээд, мөнгө өгөхгүй
бол гэрт чинь шатааж ална гэж ээжийг сүрдүүлж байсныг хүртэл санадаг. Тэр хэлсэндээ
хүр­сэн. Гэрт гал тавьчихаад хаалгаа гаднаас нь түгжээд хэнэг ч үгүй гараад явчихсан.
Хөршүүд хаалга эвдэж, биднийг гаргаагүй бол… Бодохоос ч аймаар санагддаг” хэмээн
нэгэн ярилц­лагадаа дурдсан байдаг. Никкигийн ээж нь амьдралын хүнд ачааг ганцаар
үүрч, өдөрт хоёроос гурван ажил давхар хийдэг байсан ч амьдралд нь хүрэлцдэггүй
байж. Тэгээд ч эмээ, ээж хоёр нь хоорондоо таарамж муутай байсан учраас эмээ нь
Никкитэй хамт Америкт цагаачлах замыг сонгожээ. Ингэж таван настай Никки эмээтэйгээ
Америкийн Нью-Йорк хотод анх хөл тавьсан юм. Байрны хөлс хамгийн хямд учраас Күйнс
дүүргийн борчуудын хороо­лолд амьдрах болжээ. Аль ч хот, дүүргийн захын хорооллын
адилаар харанхуй гудам, үймээн самуунтай айдас түгшүүр дүүрэн орчин болох Күйнс
дүүрэгт амьдрах болсон юм. Ирсэн даруйдаа ажил хайж, багагүй хугацаа хугацаа зарцуулсан
түүний эмээд хямд түрээстэй захын хороо­лолд амьдрахаас өөр сонголт байсангүй. 

Эмээ нь
дэлгүүрт худалдагчаар ажилд орсон даруйдаа Никкиг сур­гуульд оруулав. Ингэж Никкид
сурч боловсрох, шинэ нөхөдтэй болох боломж бүрдсэн юм. Хэнтэй ч найр­саг, эелдэг
харьцдаг учраас түүнд найз нөхөдтэй болох нь тийм ч хүндрэлтэй байсангүй. Тэрээр
ахлах сургуульд байхаасаа Кларнет хөг­жим тоглодог бай­сан бөгөөд LaGuardia-ийн
ахлах сур­гуульд  байхаасаа урлагт шим­тэн
дурлажээ. Тэрээр драмын тог­лолтонд оролцож дуулж эх­лэхээр шийдсэн хэ­дий ч сонгон
шал­гаруулалтанд нь тэнцээгүй юм. Гэ­сэн хэдий ч тэрээр бууж өгсөнгүй.
“Broadway” театрын сонгон шал­гаруулал­танд тэнцэж, “Чамайг мартахын тулд” хэмээх
жүжигт хүр­тэл тог­ложээ. Энэ үедээ тэрээр амьдралаа урлаг, тэр дундаа алдартай
жүжигчин болохын төлөө бүхнээ зориулна хэмээн өөр­төө андгайлсан гэдэг. Гэсэн хэдий
ч түүний жүжиглэлт сайжрахгүй байна гэх шалтгаанаар найруулагч нь жүжигтээ үргэлжлүүлэн
тоглуулахаас татгалзжээ. Үүний дараагаар хэд хэдэн театрт шалгалт өгсөн боловч тэнцээгүй
юм. Энэ үеэр түүнд өдөр бүр халаасны мөнгө өгдөг, байр­ныхаа түрээсийг өгдөг эмээ
нь хөг­ширч, худалдааны байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болжээ. Энэ
цаг үед жүжигчин болж, театрт ажиллах хүсэл мөрөөдлөө түр хойш тавьж, өнөө маргаашийн
хэрэг­лээнийхээ мөнгийг олохын тулд хүссэн хүсээгүй ажил хийх ёстойгоо Никки ухаарсан
юм. Эмээ нь ч нас биед хүрсэн зээ охиныхоо хамаг юмыг бэлдэж өгөөд, муу зан сургаж
байна гэдгээ ухаарсан учраас түү­нийг ажил хийх хэрэгтэй гэдгийг байнга сануулдаг
болов. Ийнхүү тэрээр  гол зогоохын тулд ямар
ч хамаагүй ажил хийж эхэлжээ. Бронкс дүүргийн “Red Lobster” хэ­мээх Америкийн нэгэн
сүлжээ ресторанд зөөгчөөр ажиллах болов. Төлбөрөө төлөөгүй залуу­сын 38 доллар
75 центийг төлж чадаагүй учраас аж­лаасаа нэг өдөр халагдав. Үүний дараа дахин өөр
нэгэн ресторанд зөөгчөөр ажиллаж эхэлжээ. Үйлчлүүлэгчтэй маргалд­саны улмаас мөн
л ажлаас нь халчихжээ. Энэ тухайгаа тэрээр “Би Нью-Йоркийн бараг бүх ресторанд ажилласан
байх аа. Одоо бодоход нэг газартаа хэдхэн сараас илүү удаан хугацаагаар тогтвортой
ажиллаж байгаагүй юм байна” хэмээн хошигнон өгүүлсэн байдаг.

Багаасаа
дуулах авьяастай түүнд Брүүклен дүүрэг дэх “Hoodstars,” хэмээх группийн ахлагч хамтарч
уран бүтээл туурвих санал тавьжээ. Хэсэг хугацаанд хамтран уран бүтээл туурвисан
хэдий ч хамтлагаа орхиж, бие даасан уран бүтээл туурвихаар болжээ. Минаж өөрийн
бие даасан хэд хэдэн уран бүтээл туурвисан бөгөөд зарим нь дуу бич­лэгийн студи
руу илгээсэн байна. Ийнхүү тэрээр “Mizay” энтертайн­ментийн үүсгэн байгуулагч Дебра
Антнитай холбоо тогтоосон байна.  Фенди бол
“Dirty Money” энтер­тайнментийн эзэн Минажтай холбоо тогтоосон нь түүний амжилтын
гарааны эхлэл болсон юм. Никкигийн “Young Money Entertain­ment”-тай хамтран гаргасан
Pink Friday хэмээх анхны цомог нь 2010 онд ху­далдаанд гарсан даруй­даа бор­луулалтаараа
тэргүүлж, Америкийн дуу бичлэгийн студийн холбооны олгодог сая хувь борлогд­сон
цомогт олгодог “Платинум” өргөмжлөл хүртжээ. 
Түүнч­лэн цомогт багтсан уран бүтээлүүд нь Америкийн шилдэг 200 дууны жагсаалтыг
тэргүүлсэн юм. 2010 оноос өдийг хүртэл хугацаа түүний хувьд амжилтаар дүүрэн он
жилүүд байлаа. Тухайлбал “Super Bass” дууг нь онлайнаар найман сая гаруй хүн татан
авч, сонсож, Америкийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон хувиар борлуулагдсан
дуугаар шалгарч байжээ. Мөн Америкийн хит 100 дууны жагсаалтад долоон дуу нь нэгэн
зэрэг бичигдсэн анхны эмэгтэй реппер болсон юм. Түүний “Pink Friday: Roman
Reloaded” хэмээх хоёр дахь цомог 2012 онд гарсан бөгөөд жилийн туршид борлуулал­таараа
тэргүүлсэн юм. Уг цомгийн дуунууд дотроос “Starships” Бил­лбоард жагсаалтын тавд
орж, 2012 оны хамгийн олон хувиар татаж авсан уран бүтээл болсон юм. 2013 онд Минажийн
цомог дэлхий даяар таван сая гаруй хувиар борлогдсон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр
сард Билл­боард чартын хамгийн олон удаа уран бүтээл нь бичигдсэн эмэгтэй реппер
болсон юм. Мөн “Adidas”, “MAC Cosmetics”, “Pepsi” зэрэг брэндийн нүүр царай билээ.
Тэрээр ” Ice Age: Continental Drift” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан нь “The
Other Woman” хэмээх анхны кинонд нь тоглох эхлэлийг тавьжээ. Тэр өнөөдөр
үглээд зогсох­гүй, чадварлаг дуулдаг. Өөрөөр хэлбэл хип хоп үглэдэг, басхүү поп
дуу ч дуулчихдаг чадварлаг нэгэн юм. Тиймээс тэрээр хэн нэгэнтэй хамтарч уран бүтээл
туурвихаас илүү ган­цаарчилж дуулахыг илүүд үздэг байна. Никки дууны өргөлт болон
дахилтыг хоолойныхоо онцлогт тохируулан өвөрмөц гаргаж чаддагаас гадна дууныхаа
райм хар ярианы хэллэгийг ашиг­лаж бичдэгээрээ бусад уран бү­тээлчдээс ялгардаг
юм. Тэрээр харийн гэмээр олон өнгийн пиджак, хиймэл үс болон хувцаслалтаараа өөрийн
имиджийг бүрдүүлээд зогсох­гүй бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн уран бүтээлч. Никки
Минаж “Амьдралын туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхнээс аль ч сургууль, ямар ч багш
заадаггүй амьдралын ухааныг олж авсан. Тэр нь өнөөдрийн алдар хүндэд хүрэ­хийн хөдөлшгүй
бат суурь нь болж өгсөн юм” хэмээжээ.  Тэрээр
“VIBE” сэтгүүлд өгсөн ярилц­лагадаа “Эмэгтэй репперүүд дандаа л хайрын тухай дуулдаг.
Поп, рок, альтернатив гээд урлагийн бүхий л төрөл хайрын тухай залхтал дуулж байхад
хажуунаас репперүүд үглээд эхэлбэл хэнд ч таатай санагдахгүй. Магадгүй хайр дуулж
олны анхаа­ралд өртөж, амжилтанд хүрнэ гэж эндүүрдэг. Харин репперүүд хайр сэтгэл,
үзэн ядалт, өшөө хорсол, баяр баяс­галангаас авахуулаад бурхан чөт­гөрийн тухай
үглэн дуулдаг” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Шекспир бол он жилүүд биш бүхий л цаг хугацаа

Сүүлийн 400 гаруй жилийн хугацаанд
дэлхийн өнцөг булан бүрт тасралтгүй тоглогдож, үзэгчдийн хүртээл болж байсан бүтээл
бол Уиллиам Шекспирийн жүжгүүд. Шекспирийн сонгодог бүтээлийг тоглож байж дэлхийн
театрууд академик нэр зүүдэг гэлцдэг. Бас түүний бүтээлүүд жижигхэн хот, тосгоны
театр клубуудэд ч тавигдаж байдаг, алдартай нэртэй жүжигчдээс эхлээд оюутнууд хүртэл
тоглож байдаг хамгийн хүртээмжтэй зохиол бүтээл байдаг билээ. Урлагийн сургуулийн
оюутан биш атлаа би хүртэл гадаадын уран зохиолын хичээл дээрээ Шекс­пирийн “Отелло”-гийн
Дездемоны дүрийг бүтээхийн тулд Дуурийн театраас Х.Уртнасан гуайн өмсдөг байсан
гэх хүрэн хилэн даашинзыг гуйж аваад сүлбээрдэж байгаад өмссөн олон жилийн өмнөх
явдлаа санахад хөгжилтэй гэмээр. Уил­лиам Шекспирийг тойрсон том судлал хэдийнэ
бий болжээ. Энэ судлал уран бүтээл хийгээд хувийн амьдрал гэсэн хоёр чиглэлээр хөгжсөн
байдаг. Гэхдээ түүний уран бүтээлүүд нарийвчлан суд­лагдахын хэрээр хувийн амьдрал
нь нууцлаг байдаг хэмээдэг юм.

Сүмийн бичиг баримтад тэмдэг­лэгдэн
үлдсэнээс харахад Уил­лиам Шекспирийг 1564 оны дө­рөвдүгээр сарын 26-нд сүмд адис­ласан
байдаг ажээ. Тиймээс тухайн үеийн уламжлалаас тооцоолоод нэрт зохиолчийн  төрсөн өдөр нь үүнээс гурав хоногийн өмнө буюу
23-нд гэгддэг юм. Бас түүнийг энэ ертөнцөд ирсэн өдрөө хор­воогоос буцсан алдартан
ч гэдэг. Бас үхсэн өдөр, төрсөн өдрийг нь зориуд нэг өдөр болгосон ч хэмээдэг. Тэрбээр
1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд насан эцэслэсэн байдаг юм.

Хийсэн бүтээснээрээ дэлхийн түүхэнд
бат нот үлдэж хоцорсон энэ хүний мэндэлсний 450 жилийн ой өнөө жил тохиож байна.

Шекспирийн төрсөн хот гэд­гээрээ мөнхөрч
үлдсэн Стрэтфорд Лондонгоос баруунтайд байх зээл наймаа төвлөрсөн жижиг хот байжээ.
Арьс ширний худалдаачин Жон Шекспир багахан шиг газрын өв залгамжлагч Мэри Арден
нарын гэр бүлд Уиллиам Шекспир мэндэлжээ. Тэр дээрээ хоёр эгчтэй, дороо гурван дүүтэй  байж. Түүнийг төрж байх үед аавынх нь худалдаа
наймаа цэцэглэж, олз омогтой байсан гэдэг. Гэхдээ аугаа зохиолчийг зургаан нас хүрэх
үеэс тэдний орлого муудаж, тааруу найруухан амьдрах болжээ. Тухайн үеийн энгийн
ардын хүүх­дүүд суралцдаг байсан үнэ төлбөргүй “Хааны шинэ сургууль”-д орж, уншиж
бичихийг заалгасан байх гэж судлаачид таамагладаг бөгөөд хувийн багш авч чаддаггүй
байсан нь зохиолчийн бичих авьяасыг өдөөж сэрээж өгсөн гэцгээдэг юм. Нэгэнт гайхалтай
бүтээлүүд туурвисан хүний түүхийг сэргээж босгоход юу ч гэж тайл­барлаж болох байх
л даа. Хэрэв боломжтой айлд өсч хүмүүжсэн бол өндөр боловсрол олгосных л гэж тайлах
байсан биз гэж бодогдмоор.

Залуу Шекспир 18 насандаа Энне Хэйтвэй
хэмээх өөрөөсөө найман насаар эгчмэд бүсгүйтэй гэрлэсэн ажээ. Бүсгүй жирэмсэн болсон
учраас гэрлэхээс өөр арга байгаагүй аж. Тэд 1582 оны арваннэгдүгээр сард гэрлэж
дараа жилийн тавдугаар сард охин нь төржээ. Үүнээс хоёр жилийн дараа хоёр ихэр хүүхэдтэй
болсон ч нэг хүү нь 11 насандаа тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан байдаг юм.
Энэ цагаас хойш Шекспирийн амьдралын гээгдсэн хэдэн жил эхэлдэг. Өөрөөр хэлбэл түүний
тухай ямар ч мэдээлэл байдаггүй.

Түүнийг нэг хэсэг газрын эзнээсээ
зугтаж амьдрахаас аргагүйд хүрсэн эсвэл бөглүү газар очиж туслах багшаар ажилласан
гэцгээх нь бий ч хамгийн магад­лалтай нь Лондонгийн театрт морь маллагчаар ажиллаж
байсан хэмээдэг. Бас түүний намтарт театрын туслах ажилтан, тайзан дээр үгээ мартсан
жүжигчинд хажуугаас үгийг нь сануулан хэлдэг ажилтай байсан талаар бичсэн байдаг.

1592 оны түүхэн бичиг ба­римтаас харахад
аугаа Уиллиам Шекспир театрт зохиол бичиж, жүжиг тоглоод цалин авдаг болгочихсон
байсан нь батлагддаг ажээ.

1597 он гэхэд Уиллиам Шекспирийн
37 жүжгийн 15 нь хэдийнэ бичигдсэн байв. 33 настай идэр эр Лондонгоос мо­риор дөрвөн
өдрийн турш явж байж хүрдэг төрөлх хот Стрэт­фордынхоо хамгийн сайхан байшингуудын
нэгийг худалдан авсан байсан гэхээр цалин цуух нь боломжийн байжээ гэмээр. Гэхдээ
тэр голдуу нийслэлдээ амьдарч бүтээлээ туурвиж байсан бөгөөд театр хаагддаг Лантены
40 хоногт төрөлх хотдоо очдог байсан ажээ. Арванзургадугаар зуунд театрын жүжигчин,
уран бүтээлчдийг нийгмийн дээд давхаргынхан гэж үздэггүй ч язгууртан дээдэстэй найз
нөхдийн харилцаатай байх нь элбэг байв. Шекспирийн уран бүтээлд ч язгууртан нөхдөдөө
зориулсан шүлгүүд байдаг. 1599 онд Уиллиам Шекспир бизнесийн түншүүдтэйгээ хамтран
өөрийн гэсэн театр байгуулснаа “Бөмбөрцөг” гэж нэрлэжээ.

Түүний анхны уран бүтээл тэр үеийнхээ
хэв шинжийг агуулсан гэнэн хэв маягтай инээдмийн болоод түүхэн бүтээлүүд байсан
гэгддэг. 1590-ээд онд бичигдсэн бүтээлүүд дунд Английн хаадын тухай цуврал жүжгүүд,
“Ромео Жульетта” жүжиг нь байдаг. Удалгүй тэр өөрийн өнгө аясаа харуулсан бүтээлүүд
туурвих болсон бөгөөд уран бүтээлийн хоёр дахь үе буюу алдарт эмгэнэлт жүжгүүдээ
1608 он гэхэд бичсэн байв.

Түүний “Гамлет”, “Лир ван”, “Отелло”,
“Махбет” гээд тус бүртээ түүх дагуулсан алдарт бүтээлүүд чухам энэ үед бичигджээ.
Ид үедээ бичигдсэн бүтээлүүд нь хүний ёс суртахуун, урвалт, хар санаа өш хонзонг
багтаасан гэгддэг бол сүүлдээ эмгэнэлт инээдмийн жүжгийн зохиолуудыг туурвисан байдаг.
Гэхдээ амьд сэрүүн ахуйд нь хүн төрөлхтөн гайхалтай бүтээлүүдийг нь мэдэрч мэдээд
шагшиж байсан гэвэл үгүй. Түүнийг насан эцэслэснээс 150 жилийн дараагаас Шекспирийн
зохио­луудыг утга зохиол шүүмжлэгч нар сонирхож эхэлсэн бөгөөд сүүлд 19 дүгээр зуунд
л театрууд бүтээлийг нь тайзнаа амьдруулах болсон юм. Үүнийг дагаад Шекспир судлал
ч хөгжиж тэртээ он жилүүдэд улирч үлдсэн түүхийг сэргээх гэж оролдох болсон билээ.
Энэхүү аугаа уран бүтээлчийг хэн байсныг нээх гэж оролдохоос гадна тэрхүү гайхалтай
бүтээл дээр буусан санаа, философийг судалж эхэлсэн юм. Тэр ч байтугай бүх зохиолоо
өөрөө бичсэн үү гэдгийг нь Стрэтфордын сургуулийн дүрмийн хичээл энэ тэртэй нь харьцуулан
байж судалсан ажээ. Ямартай ч тэрбээр бүх зохиолоо өөрөө бичжээ гэдгийг нь баталж.
Шекспирийн Оксфордын нийгэмлэг 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ газарт түүний уран
бүтээлтэй холбогдолтой бүхий л судалгааг хийж, элдэв таамаг сэжигт эцсийн хариуг
нь гаргаж байдаг юм.

Бас Шекспирийн театр ч хүмүүсийг татах
нэгэн газар болсоор ирлээ. 17 дугаар зуунд гэхэд л Шекспирийн жүжиг, шүлгийн жинхэнэ
зохиогч хэн бэ гэсэн томоохон хэлэлцүүлэг өрнөж байсан болохоор арга ч үгүй биз
дээ. Одоогоос дөрвөн зуу гаруй жилийн хугацаанд уран бүтээлээрээ амьдарч, сүүлийн
нэг зуун жилийн турш эмгэнэлт бүтээлийн хаан, тайзны уран бүтээлийн гайхамшиг болсон
гэгдэж буй энэ хүний түүх намтар тийм ч тодорхойгүй. Гэр бүлийн амьдрал нь тунгалаг
тодорхойгүй, амаргүй хувь тавиланг туулж ирсэн болов уу гэж таамаглагддаг.

Өөрөөсөө эгч бүсгүйтэй учирч тэр нь
жирэмсэн болсон учраас яалт ч үгүй гэрлэсэн азгүй хувь тавиланг туулсан гэдэг бол
бас залуу эрд хайртай байсан гэх  явган яриа
ч бий. Гэхдээ гэрлэсэн эмэгтэйд зориулан бичсэн “Харанхуйн эмэгтэй” сонет нь түүнийг
эсрэг хүйстнээ сонирхдог нэгэн байсныг баталдаг гэдэг билээ.

Уиллиам Шекспирийг хүүхэд байхад нь
шахам төрсөн охин Сюзанна эмчтэй, ихрийн өрөөсөн  Жудиф нь дарс нэрэгчтэй гэрлэсэн байдаг. Түүний
бага хүргэн Томас  гэр бүлээсээ гадуур хүүхэдтэй
болсон нь Шекспирийн гэр бүлийг гутамшигт оруулсан юм. Хүргэнийх нь хүүхдийг гаргасан
хүүхэн төрөх үедээ нас барснаар хэрэг илэрч, сүмээс дарс нэрэгч эрийг олон нийтийн
өмнө нүглээ наминчлах шийтгэл оноожээ. Харин энэ хэрэг илэрсний дараа буюу насан
эцэслэхээсээ сар орчмын өмнө Уиллиам Шекспир гэрээслэлээ өөрчилсөн байна. Түүний
сүүлийн хүсэлтээр ихэнх өв хөрөнгийг том охин нь залгамжлан авах болсон бөгөөд түүний
үр удмаас төрсөн хүүд дамжуулан өгөх үүргийг хүлээжээ.  Бага охин нь гурван хүүхэдтэй байсан бөгөөд хэн
ч гэрлэж амжилгүй нас барсан бол том охин нь ганц охинтой байжээ.

Өв залгамжлагчийг төрүүлэх ёстой Элизабет
хүүхэд гаргалгүй явсаар 1670 онд нас барснаар Уиллиам Шекспирийн үр удам тасарчээ.
Түүний өв хөрөнгийн гуравны нэгийг авсан эхнэрийн талаар мэдээлэл хомс. Хэдийгээр
үр хүүхдийн хувьд тийм байсан хэдий ч түүний оюун ухаанаасаа ургуулан байж төрүүлсэн
уран бүтээл нь дахиад хэдэн зуунаар дуурсч орших нь тодорхой. Түүний бүтээл үйл
явдлын өрнөл, дүрийн онцлог, жанрын хувьд бусдаас яахын аргагүй ялгардаг. “Ромео
Жульетта” бичигдэхээс өмнө хайр дурлалын сэдэв эмгэнэлтэйгээр төгсдөггүй байсан
гэлцдэг. Бас түүний бүтээл дараа дараагийн олон гайхалтай зохиолын сэдэв, шүншиг
болсон хэмээдэг юм.

Судлаачдын гаргасан нэгэн сонирхолтой
тоогоор Шекспирийн бүтээлтэй холбоотой төрсөн 20 мянган дууны бүтээл байдаг гэнэ.
Бас өч төчнөөн зураачийн бүтээл энэхүү англи эрийн уран бүтээлээс сэдэвлэгдсэн байна.
Түүнчлэн өнөөдрийн англи хэл мөн л Шекспирийн бүтээлтэй холбогдож стандартад орж,
дүрэм,бичлэгийн хувьд сайжирсан юм байна. Бас “Отелло”, “Венецийн худалдаачин” гэх
зэрэг зохиолууд дээр хэрэглэгддэг олон үг өнөөдрийн хэлц үг болж үлдсэн байдаг байна.

“Шекспир бол он жилүүд биш юм. Тэр
бол бүх цаг хугацаа” гэж түүнийг тодорхойлон хэлсэн нэгэн үг байдаг. Үнэхээр л тэр
цаг хугацаагаар мөнхөд зорчиж, бүтээл туурвилаараа ертөнцөд шинээр мэндэлж байгаа
хүмүүстэй уулзсаар л байна. Хэдийгээр түүний дүр төрхийг үлдээж хоцорсон ганц ч
хөрөг зураг байдаггүй , 18 дугаар зуунд түүнийг төсөөлөн зурсан зургаар мөнхөрч
үлдсэн ч тэр ямар төрхтэй байсан нь хүмүүст сонин биш байна. Харин үргэлж шинээр
уншигдаж, танигдаж байдаг бүтээлүүд нь байнгад хүмүүсийн анхаарлыг татсаар байна,
тэгсээр ч байх болно.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Талх чихэр”-ийнхэн Балжиннямтай өдөр цагаан сарын идээгээ үйлдвэрлэж эхэллээ

Өнөө жил өмнөх жи­лүүдийг бодвол арай
эрт золголт хийнэ. Учир нь энэ сарын 31-нд цагаан сарын шинийн нэгэн то­хиож байгаа
юм. Тийм болохоор шинэ жилийн баярын уур амьсгал бараг намжаагүй байхад хү­мүүс
сар шинийн баярын бэлтгэлээ хийж эхэлжээ. Цагаан сарын баярын гол идээ, будаа нь
хэвийн боов, бууз юм. Томоохон зах, худалдааны төвүү­дэд хамгийн эрэлттэй бү­тээгдэхүүн
нь ч бууз, банш, хэвийн боов бай­гаа. Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хөдөө­ний айлуудад
хэвийн боов, бууз хийх том ажил гардаг. Айл саахалтаа­раа нийлж ирээд л хэдэн зуугаар
нь хэвийн боов, хэдэн мянгаар нь бууз хийдэгсэн. Харин нийслэ­лийнхэн тэгж их ажил
удаад байхгүй. Мөнгө нь байвал дэлгүүр ороод л худалдаад авчихна. Тав­гаа тав, долоо,
ес зэрэг хэдэн үеэр засах бо­ломжтойгоор нь тоо шир­хэгийг нь тааруулаад сав­лаад
бэлдчихсэн байдаг билээ. Амт чанар, өнгө үзэмжийн хувьд ч өргөн сонголттой болж.
Одоо­гоор манайд хэвийн боов­ны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж бай­на.  Хэвийн боов үйлдвэрлэдэг ком­паниудаас “Талх чихэр”-ийн
хэ­вийн боов их эрэлттэй байгаа талаар наймаачид ч ярьж байв. Ингээд “Талх чихэр”
компанийн нарийн боовны үйлдвэрийг зори­лоо. Тус компани сар шинийн баярт зориул­сан
хэвийн боовоо өчигдрөөс албан ёсоор үйлдвэр­лэж эхэлжээ. Мон­голчууд цагаан сарын
баяраар аль өнгөтэй өөдтэй бүхнээ өмсч, хоол унд, идээ цагаа элбэг дэлбэг байхыг
хүсдэг. Тэгвэл тэр жилдээ өнгөтэй сайхан явна хэмээн бэлгэшээдэг билээ. Энэхүү ач
холбогдлыг бодож “Талх чихэр” компани Балжиннямтай сайн өдөр хэвийн боовоо үйлдвэр­лэж
эхэлсэн нь энэ аж.

“Талх чихэр” компанийн нарийн боовны
үйлд­вэр жигнэлтийн цех, чаналтын цех, бялууны цехээс бүрддэг байна. Хэвийн боов
үйлд­вэрлэж буй цех рүү орвол цагаан халаад өмссөн 70 орчим ажилтан харагдлаа. Дамжлагаас
хамаарч ажиллах хүний тоо өөр өөр. Дэлгүүрт зардаг хэвийн боовыг тусгай ав­томат
машинаар хэвэнд оруулаад гаргаад ирдэг  байх
гэж ойлгодог. Таваг дээр өрөөд тавихаар их л тэгшхэн, өө сэвгүй харагддаг шүү дээ.
Тэгвэл бодож байснаас огт өөр юм. Гурил зуурахаас бусад дамжлагыг үйлд­вэрийн ажилтнууд
гардан хийдэг юм байна. Автомат зуурагч машинд тодорхой тогтсон хэмжээгээр гури­лаа
хийгээд бүлээн ус, шар тос, масло, элсэн чихэр, давс, сод зэргийг жорын дагуу хийлээ.
Энэ нь 30 жилийн настай, уламжлалт жор. Ингээд зуурагчаас бэлэн болсон гурилаа аваад
нухагч машинд шил­жүүлэв. Нухагч машинаас гарсан гурилаа шууд хэвлээд дарчихгүй.
Цехийн голд байрлах дөрвөн ширээнд хувааж өгөх аж. Ширээ бүрт нэг цахилгаан жин
хэмжигч харагдав. Учир нь нухагчаас гарсан гурилыг 385-390 граммаар жижиглэн тасдаж,
тасадсан гурилыг ширээ тойрсон ажилтнууд авч дахин нухаж гарлаа. Нэг ширээнд дунджаар
15 хүн нухагч хийж байв. Тодруулбал, бэмбээ нухаж байгаа нь энэ.

Хэвийн боовны гурил нухахыг бэмбээ
нухна гэж монголчууд ярьдаг. Хэвийн боов хэр сайхан болох нь гагцхүү гурилын нухалтаас
шалтгаалдаг. Гурил хэр эвлэрч биежинэ хэвийн боов тэр чинээгээр өнгө зүс сайхан
болно. Хөдөө орон нутгийнхан хэвийн боовны бэмбээг гараа цэврүүттэл нухдагсан.  Тэгвэл энд үнэхээр нухалт гологдохгүй гэдэг нь
харагдаж байлаа. Бэлэн болсон бэмбээгээ дараагийн ширээнд шилжүүлнэ. Энэ ширээний
ажилт­нууд бэмбээг гонзгой хэлбэрт оруулж хэвээр дарахад бэлэн болгох аж. Ингээд
бэлдсэн бэмбээгээ шар тосоор тослоод тавиур дээр хэсэг амраана. Харин дараа нь бэлдсэн
гурил буюу бэмбээгээ хэвээр дарж гарав. Хэвний хэсэгт дөрөв, таван хэвлэгч ажилладаг
байна. Хэвний урт 26 см бол өргөн нь 11 см бөгөөд жингийн хувьд гурилын жинтэй ижил
400 грамм байлаа. Тэдний хэвний хээ адилхан хэдий ч уланд нь өөр өөр зураас зурах
аж. Нэг хэрээсэлж зурахад нөгөөх нь шулуун урт зураас хийж байх жишээтэй.  Яагаад гэхээр үйлдвэрээс гарсан хойно хэрэг­лэгчид
хэвийн боовны чанар, эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол гаргаж буцаалт хийвэл тухайн
боовны улны тэмдэглэгээг хараад хэн хэвлэсэнтэй нь хариуцлага тооцдог байна. Гэхдээ
зөвхөн хэв дарахтай холбоотой юу гэдгийг мэдээж эхлээд тогтоож байгаад шүү дээ.
Ингээд хэвэнд орсон гурилаа дахин хэсэг амраагаад үндсэн ажил болох чанах тогоо
руу хийнэ. Хэвийн боовыг чанахад их нарийн мэд­рэмжтэй байх ёстой гэж хөгшчүүл ярьдаг.
Гал нь хэт ширүүдчихвэл улайж түлэгдээд цэврүү үүсчих талтай. Хэт зөөлөн галаар
чанавал боовны хүрээ хэсэг нь түүхий болох гээд ажиллагаа ихтэй гэдэг. Тиймээс тус
компанийнхан чанагч тогоо­нууддаа тосны халуун хэмжих тусгай хянагч систем байрлуулжээ.
Чанах явцад тосны халуун хэдэн хэм байгаа нь ханан дээрх төхөөрөмж дээр байнга гарч
байх юм. Ерөн­хийдөө 144 гэсэн тоо байнга харагдав.  Харин хэвийн боовоо сингапур тосонд чанадаг юм
билээ. Сингапур тосны үйлдвэртэй гэрээний дагуу ажилладаг бөгөөд тусгайлан саван
дээр нь “Та чи” гэсэн хаягтай хилээр орж ирдэг юм байна. Тосны хувьд өөрсдийн лаборато­ритой
шинжилгээ, судалгаа нарийн хийсэн болохоор таарч тохирохгүй гэсэн асуудал байхгүй
гэнэ. Ингээд хэвийн боов бэлэн болонгуут хатааж, сэврээгээд хайрцаглаж, агуулахдаа
хийдэг байна. Агуулахаас өдөрт нь борлуулалтын машинууд нь ачаад дэлгүүрүүдэд тараана.
Харин дэлгүүрээс хэ­рэглэгчийн гарт очно. Хэрэглэгчдээс ирэх гомдол харьцангуй бага
байдаг гэнэ. Гэхдээ хэрэглэгчдийн гарт очихоос өмнө агуулахаас гараад 11 дамжлага
дамждаг болохыг Бялуу нарийн боовны үйлдвэрийн дарга Д.Гантөмөр хэлж байсан.

 

ТӨР АМГАЛАН БАЙХЫГ БЭЛГЭДЭЖ “ТҮМЭН
НАСАН” БООВ ХУДАЛДААНД ДАХИН ГАРГАЖ БАЙГАА

 

Ингээд тус компанийн бодлого
зохицуулалтын  албаны дарга Б.Бадмаагаас зарим
зүйлийг тодрууллаа.

 

-Танай компани хичнээн нэр төрлийн
хэвийн боов гаргаж байна вэ?

-“Талх чихэр” компани жилийн дөрвөн
улиралд хэвийн боовны үйлдвэрлэл явуулдаг. Харин өнөө­дөр /өчигдөр/ Балжинням тохиосон
энэ сайхан өдөр сар шинийн баярт зориулсан тавгийн идээний үйлд­вэрлэлээ эхлүүлж
байна. Манай компани үндсэндээ хоёр төрлийн хэвийн боов үйлдвэрлэж байгаа. “Атар”,
“Түмэн насан” хэвийн боов үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна. “Түмэн насан” хэвийн
боо­выг бид гурав дахь жилдээ худал­даанд гаргаж байгаа билээ.

-Хоорондоо ямар ялгаатай юм бэ.
Амт чанарын хувьд өөр юм уу?

-“Атар” хэвийн боовны орцонд масло,
элсэн чихэр, шар тос, сод зэрэг бүтээгдэхүүн ордог. Харин “Түмэн насан” хэвийн боовонд
цэвэр шар тос ордог бөгөөд дээд зэргийн амт чанартай бүтээгдэхүүн юм. Хэмжээний
хувьд ч харилцан адилгүй. “Түмэн насан” хэвийн боов 600 грамм жинтэй бол “Атар”
хэвийн боов 400 грамм жинтэй.

-Хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-“Атар” хэвийн боов ширхэг нь
2200 төгрөгийн үнэтэй. 15, 21 ширхгээр багцалсан байгаа. 15 болон 21 ширхгээр авсан
тохиолдолд 900 грамм жинтэй суурь еэвэн бэлэглэж байгаа. Харин “Түмэн насан” хэвийн
боовны ширхгийн үнэ 3999 төгрөг бол 26 ширхгээр савласан нь 119 999 төгрөгийн үнэтэй
худалдаалагдаж байна. Бусдаас арай тансаг зэрэглэлийн брэнд болох “Түмэн насан”
нэрийн боовны үнэ өндөр ч олон урамшуулал үнэгүй дагалдаж байгаа юм. Тухайлбал,
гурван килограмм жинтэй суурь еэвэн болон 10 ширхэг тахилын боов, дөрвөн бэрх шагай
бүхий дурсгалын зүйлс бэлгэнд ирж байгаа.

-Цагаан сарын баярт зориулсан хямдрал,
урам­шууллын талаар тодруулахгүй юу?

-Цагаан сарын баярт зориулсан “Атар”
иж бүрдлийг худалдан авагчдадаа санал болгож байна. Иж бүрдэл 15 нэр төрлийн бү­тээгдэхүүнтэй.
Монгол сайхан бэлгэдлийг бодож хадаг, сүү зэрэг байхаас гадна хэвийн боов, иж бүрэн
еэвэн, “Талх чихэр” нэрийн чихэр, жигнэмэг, цайны идээ, хор­хой ааруул, үзэм зэрэг
цагаан сараар хэрэгтэй бүхнийг багцалсан байгаа. Үнийн хувьд 15 ширхэг хэвийн боовтой
иж бүрдэл 69900 төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой иж бүрдэл нь 85900 төгрөгийн үнэтэй.
Мөн байгууллага хамт олонд зориулсан урамшуулал бий. “Атар” нэрийн хэвийн боовноос
50 хайрцгийг захиалбал урамшуулал болгож нэг хайрцаг хэвийн боов бэлгэнд өгөх болно.
Дүүрэг, хороо­ны ахмадууд ч бөөндөө захиалж болно. Тэгвэл дээрх урамшууллыг эдлэх
боломжтой гэв.

“Талх чихэр” компани сар шинийн боов
үйлдвэрлэх нээл­тэндээ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан хөдөлмөрийн баатар
ахмадуудыг урьж, гарын бэлэг өгсөн юм. Сүүлийн үед зөвхөн хотын иргэд гэлтгүй хөдөө
орон нутгийнхан бэлэн худалдааны хэвийн боов хэрэглэдэг болсон гэнэ. Иймд тус компанийнхан
21 аймагт борлуулалт хийж байгаа аж. Мөн томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвтэй
хамтарч ажил­лахаас гадна зургаан гэр цэг гар­гажээ. Тодруулбал, Москва хороол­лын
урд “Та чи” мөсөн хотхоны хашаанд, Бөхийн өргөөний хойно, “Голомт” хотхоны замын
урд, Драгон төвийн урд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-ын той­рог, Баянзүрх
дүүргийн Цайз 16 дугаар хорооллын автобусны бууд­лын ард гэр цэгүүд гаргаж, үйлд­вэрийн
үнээр хэвийн боов авах боломжийг иргэдэд олгож байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл
зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, хотын дарга Э.Бат-Үүл нар огцорно гэдэгт найдаж байна

Б.Батнасан гэх залуу гэ­рээ­сээ өглөө
гарахдаа охи­ноо үнсээд “Эрт ирнээ” гээд  
явахдаа дахиж хэзээ ч эргэж ирэхгүй явж байгаагаа мэ­дээгүй биз. Зам дээр
машин­тайгаа явж байхад нь дээрээс нь төмөр унаж нарт хорвоод дахиж ирэхгүй явчихна
гэж тэр яахин  мэдэх билээ. Магад­гүй тэр
амьд явах эрх чөлөөндөө итгэж байсан биз. Охиноо сайн хүн болгож, хүн шиг сайхан
амьдрах гэж зүт­гэж явсан биз. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ барилгын
үйл ажилла­гааг зогсоосон боловч дүүр­гийн байцаагч нар очоод л хэдэн зөвлөмж өгөөд
дахин үйл ажиллагааг нь сэргээсэн байгаа юм. Хэрэв тэд ингэж дураар аашлаагүй бол
тэр барилгын компани хөдөл­мөрийн аюулгүй байдал зөр­чин ингэж хүний амь нас эрс­дүүлэхгүй
байсан. Тэр өдөр бас нэгэн барилгын липт унаж олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр
дэнжиг­нэсэн байна лээ. “Peace tower”-ын 
энэ барилгын липт стандарт  мөрдөөгүй
байдаг. Азаар хүний амь эрсэдсэнгүй.  Гэхдээ
цаашид энэ хэвээрээ байвал яахыг зөвхөн бурхан л мэдэх буй за.

Хөгжсөн улс орон гэдэг бол стандарт
мөрдсөн улс орон л байдаг. Тухайлбал тэр барилгыг барихдаа хамгаа­лалтын ногоон
тор татсан байсан бол тэр нэгэн залуу амиа алдахгүй байсан биз. Гэтэл манайд явган
хүний зам битгий хэл машины зам руу оруулаад барилга барь­чих­даг. Хэн ч үүнд санаа
тавь­даггүй. Хотын дарга нь ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийг стан­дарт мөрд гэж нурааж
суу­хынхаа оронд замбараагүй барьсан барилгын асуудлаа цэгцлэхгүй яав даа гэж бодо­хоос
гол харламаар.

2012 оны есдүгээр сард  бяцхан охин барилгын тех­никт дарагдаж нас барсан.
Тэгэхэд хичнээн шуугиан үүсч байлаа.  Хичээлээ
тараад явж байсан 12 настай Б.Есүгэн охины дээрээс “Мүүди” ХХК-ийн бетон зуурмаг
шахагч машины цемент дамжуулах хоолой унаж харамсал­тай­гаар амиа алдсан. Төд удал­гүй
Тэнгис кино театрын урд талд баригдаж байсан барил­га дээрээс төмөр унаж 19 настай
оюутан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарав.  

Тэр үед хэн ч хариуцлага үүрээгүй
төдийгүй, тэр цагаас хойш ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь сая болж өнгөрсөн
эмгэнэлт хэргээс бэлхэн харагдлаа. Дахин ийм явдал гаргуулахгүй гэж Есүгэн охины
өдөртэй болъё гэж санал оруулсан ч хуулийн төсөл дэмжигдээгүй өнгөр­сөн. Есүгэн
охины аавыг Ерөн­­хийлөгч хүлээн авч, эмгэ­нэл илэрхийлэн төрийн өндөр алба хаагчид
үүнд анхаарал хандуулах ёстойг хэлж байлаа. Барилга, хот  байгуулалтын сайд Ц.Баяр­сайхан “Барилгын салбарын
хууль эрх зүйн байдлыг сайж­руулах, тодорхой стандартыг мөрдүүлэхэд анхаарч ажил­лана.
Тухайн шатанд асуудал гарвал төрд  хариуцлага
тооц­дог байя” гэж хэлж бай­сан удаатай. Хотын дарга Э.Бат-Үүл Үндсэн хуулийн заалтыг
дурдан байж, иргэ­нийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүр­гийг төрд
ногдуулсныг са­нуулж хэлж байлаа. Гэтэл бид иргэдээ аюулгүй, эрүүл амьд­рах эрхийг
хангаж чадахгүй байна. Энэ бүгдийг хуульчилж байж дур зоргоороо авирла­даг байдлыг
зогсоох ёстой гэж хэлж байсан. Албан ту­шаалтнууд зоргоороо ам гарч, зоргоороо ингэж
шоу­даж байж.

Монгол хүн өөрөө Мон­голын баялаг,
үнэт зүйл юм. Тэд энхийн цагт зүгээр явж байгаад л хариуцлагагүй хү­мүү­сийн, хариуцлагагүй
сал­барын, хариуцлагагүй албан тушаалтнуудын балгаар амиа алдаж байна. Есүгэн охин
амиа алдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрч, хоёр он дамжаад байна. Гэ­тэл байдал
хэвэндээ л бай­гааг, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдээгүйг Б.Батна­сан гэх
36 настай залуугийн харамсалтай үхэл ха­руул­лаа. Нэг жилд барилгын ос­лоос болж
маш олон хүн амь үрэгддэг тоо баримт бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдсэн байх юм.
Тэгэхээр хариуцах албан тушаалтнууд нь юу ч хийгээгүй байна гэсэн үг. Тэд хүний
зовлон, хүний үхлээр шоу  хийж байж. Хэрэв
санаа тавьсан бол өдийд ямар нэгэн арга хэмжээ авах байсан. Тиймээс Барилга, хот
бай­гуу­лалтын сайд Ц.Баярсайхан, хотын дарга Э.Бат-Үүл нар огцрох өргөдлөө өгөх
байх гэж найдаж байна. Тэднийг  гол хариуцлага
хүлээх ёстой хүмүүс гэдэгтэй хэн ч мар­гахгүй байх. Иргэдээ аюул осолгүй амьд байлгах
талаар энэ  төр засаг огт юу ч хийгээ­гүй
учраас эд огцрох ёстой. Эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол энэ байдал
хоёр жил, магадгүй хорин жилийн дараа ч хэвээ­рээ л байх биз. Үндсэн хуульд эрүүл
аюулгүй орчинд амьд­рах ёстойг заачихсан. Амьд явах эрхтэйг бас заасан. Үнд­сэн
хуулийн 19.2-т дээрх эрхийг хангаж өгөх үүргийг төрд хариуцуулсан.

Үндсэн хуулийн заалтаар бол улсын
батлагдсан за­маар амь нас аюулгүй байд­лаа хангуулаад явж байх ёстой жирийн нэг
иргэн  үүр­гээ биелүүлдэггүй төрөөс болж харамсалтайгаар
амиа алдлаа.

Машин дотроо сууж явсан иргэн дээрээс
нь тэнгэрээс   төмөр гэнэт унаад амийг нь
авч одно гэж яаж санах би­лээ.  Мөн өөрөө
амиа хамгаа­лах ямар ч боломж байхгүй. Ийм тохиолдолд  төр засаг амьд явах баталгаагаар хан­гах ёстой.
Гэтэл төр засаг ажлаа хийсэнгүй. Энэ хоёрыг огцор гэхээр зарим нь бодож байгаа биз.
“Огцорлоо гээд  амь насаа алдсан хүмүүс босоод
ирэх биш” гэж.  Тиймээ,  тэд босоод ирэхгүй. Гэхдээ дараа дараагийн ир­гэд
маань энхийн цагт гэнэ­тийн  үхлээр амиа алдахгүй
байхын тулд тэр муу муу­хайгаас хамгаалж ингэж бай­гаа юм. Хариуцлага тооцдог болчихвол
дараагийн дарга нар нь хариуцлагаа ухамсар­лаж эхэлнэ. Тэгээд хариуц­лага ухамсарлах
бага хэрэг. Харин хийх ёстойгоо хийдэг болох байх гэж горьдож бай­на. Улстөрчид
хотын дарга, сайд нар хүүхдийн амиар, хүний амиар шоу хийхээ бо­лих байх гэж бодож
байна. Түүний оронд хууль дүрмээ гаргаж, стандарт нормоо мөр­дөх байх аа гэсэндээ
үүнийг бичиж байна. Хүний жаахан ч гэсэн сэтгэл байдаг юм бол энэ хоёр хүн албан  тушаалаасаа огцрох ёстой.

Гудамжинд хичээлээ тараад явж байсан
жаахан охин, оюутан залуу, үрийнхээ төлөө амьдарч явсан идэр залуус амь насаа алдахгүй
болно. Энэ бүх болж өнгөр­сөн харамсалтай хэргүүдийн төлөөсийг төр төлөх ёстой.
Хариуцлагаа хүлээх хэрэг­тэй. Монгол Улсын Их Хурал  ч бас үүнд буруутай. Тэд иргэ­дийн­хээ төлөө,
эрүүл аюулгүй амьдруулахын тулд нүдээ олсон хууль баталсангүй.   Амьдралаас тасарсан, оноо авах гэсэн, хөрсөнд
буухгүй хууль баталж хэрэлдэж, хэм­лэлдэхийн оронд иргэнийхээ амь насыг хамгаалдаг,
хам­гаалж чадаагүйн төлөө ха­риуцлага үүрдэг хууль батлах хэрэгтэй байсан юм. Мон­голын
төр дайн дажингүй энх цагт иргэд нь үхээд байхад юу ч болоогүй мэт яагаад сууна
вэ. Одоо аавыгаа нэхэн суу­гаа жаахан охинд нь аавынх оронд аав болж,  ямар сур­гуульд сурах ёстой тэрэнд сургаж, яаж
харж хандах ёстой тэгж хандах хэрэгтэй юм. Үүнийгээ хуульчлан бат­лах хэрэгтэй.
Төр иргэнээ хамгаалаа­гүйнхээ төлөө иргэ­дийнхээ өмнө хариуц­лага үүрэх ёстой. Нийслэл
хот маань тайван амгалан байх ёстой атал 
тийм байж чадах­гүй байна. Ийм улс, ийм хот гэж юу байсан юм. Ажлыг ингэж
хийгээд байхдаа яадаг юм. Ажлаа хийж чадахгүй байгаа чинь эрдэнэт хүний амь насаар
хэмжигдээд бай­на. “Аюулгүй орчны өдөр” буюу “Есүгэн охины өдөр” болгох хуулийн
төслийг да­хин өргөн барих шаардлага нэгэнт бий болж. Нас барсан иргэдийн ар гэрийнхэн
Мон­голын төрд гомдолтой бай­гаагаа олонтаа илэрхийлж байгаа нь төр иргэдийнхээ
төлөө юу ч хийхгүй гар хумхин сууж буйг илэрхийлж байна.

Төрийн байгууллагууд нь уялдаа холбоотой, хариуц­лагын тогтолцоотой
болс­ноор барилгын салбарын  зах замбараагүй,
хяналтгүй байдал үгүй болох бус уу. Тиймээс л 
Барилга, хот бай­гуулалтын сайд, хотын дарга та хоёрыг хариуцлагаа мэдэрч,
албан тушаалаасаа огцорно гэж итгэж байна. Хүний аминаас үнэтэй албан тушаал гэж
юу байхав.  Дээ­рээс нь нэмэж хэлэхэд бай­шин
бариулж байгаа хүнийг элдвээр зүхэхээ одоо боли­моор юм. Тэд ямар буруутай юм бэ.
Харин стандарт норм аюулгүй ажиллагааны дүр­мийг бий болгоогүй, түүнийг мөрдүүлээгүй
төр засаг л буруутай шүү дээ.