Categories
редакцийн-нийтлэл

Б.Санжаа: Том Санжаа, Зундуй бид гурав барилдах эрхээ зэрэг хасуулж байлаа

Олон
улсын хэмжээний мас­тер, цэргийн заан, хүндэт засуул Балдангийн Санжаатай ярилцлаа.
Тэрээр чөлөөт бө­хийн анхны шигшээ багийн та­мирчин бөгөөд 1964 онд Японы Токио
хотод болсон зуны XVIII олимпийн наадамд анх оролцож байсан тамирчны нэг юм. Түүнийг
бөх сонирхогчид “жижиг” Санжаа гэдгээр нь мэдэх биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа
хүргэе.

 

-Та
Булган аймгийн Сайхан сумын уугуул. Танай нутгаас спортын мөн ч олон анхдагч төрөн
гарчээ?

-Хүн гэдэг
дэгэн, догонтой амьд­ралыг туулж элээдэг жамтай. Би хааяа боддог юм. Хүмүүний амьд­ралыг
олж төрнө гэдэг хэцүү. Мон­гол хүн болж төрнө гэдэг хувь заяа. Тэр дундаа Булган
айм­гийн Сай­хан суманд төрсөн маань миний хувьд их аз шүү. Манай сумаас спор­тын
олон ч тө­рөлд алдар нэртэй, анхдагчууд төрөн гарсан. Түшээт хан аймгийн Дайчин
вангийн хошуу байх үеийн Шагдарын Намхай аваргаас эх­лээд олимпийн аварга Найдангийн
Түвшин­баяр хүртэл олон сай­хан хүчтэнийг энд дурсвал барагдахгүй. Миний хувьд бас
л нэг анхдагч гэгдэж нутаг усныхандаа хүндлүүлж, ийм сайхан нутаг усаа­раа овоглож
явна. Цэргийн заан гэх цолыг анх удаа хүртэж байлаа.

-Цэргийн
заан цолыг хэдэн онд хүртсэн бэ. Өмнө нь цэргийн цол олгодоггүй байсан юм уу?

-1961 онд
Бүх ард түмний анх­дугаар спартакиадын “Алдар” спорт хорооны аварга шал­гаруулах
үндэсний бөхийн барил­даанд хоёрдугаар байрт орж ардын цэргийн заан цолыг хүртсэн.
Өмнө нь цэргийн барилдаанд болдог байсан ч 1961 онд албан ёсоор олгож эхэлсний анхны
цэргийн заан нь би.

-Аав,
ээжийнхээ талаар хууч­лахгүй юу. Таны өвөөг нэлээд бийлэгжүү хүн байсан гэж нутгийнхан
ярих?

-Ээж маань
айлын ганц охин. Би айлын ганц охины газар дээрх ганц хүү. Эрх гэж жигтэйхэн. Манай
өвгөн эцэг нутаг усандаа адуу ихтэйгээрээ алдартай “Хаван” Балдан гэдэг хүн байсан.
“Хаван” гэдэг нь олон янзын алба хашдаг гэдгээр нь цол шиг байгаа юм. Тэр үеийн
Ханд ван гэж гадаад явдлын сайдын шадар туслах байсан гэсэн. Одоогоор тамгын газрын
дарга хавьцаа юм уу даа. Өвөө маань өөрөө төрийн алба хашдаг байсан болоод ч тэр
үү “Төр түмэн нүдтэй шүү. Төрдөө л үнэн ч яваа­рай” гэдэг зүйлийг их захидаг байсан.
Ямар сайндаа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдах үед өвөөгийн
бие нь муу болохоор барилдахгүй гэтэл “Чи спорт хорооноосоо цалин авдаг биз дээ.
Хэрвээ тийм бол чи байгууллагын ажил цалгардуулах ёсгүй, барилд” гээд явуулж байсан.
Тэр тэмцээнд ороод түрүүлээд ирэхэд өвөө минь бурхан болсон байсан. Тэрнээс хойш
цэргийн ангийн дарга хүртэл цэргүүдийг “Санжаа тийм хэцүү үед амжилт гаргаж чадсан”
гэж үлгэр дуурай­лал болгож ярьдаг байсан гэдэг. Ер нь төрд үнэнч байх, сайн муу
ч гэсэн үгийг сонсож байх хэрэгтэй гэсэн үзэл надад шингэсэн байдаг. Уг нь би багадаа
адууны аль хөнгөн хөлтэй, хурдан, тарган гэсэн морьд шилж унаж, саахалтын хүүхдүүдтэй
эр бяраа үзэлцэж, ноцолдохоос өөр ажилгүй хүн байв. Айлын эрх хүүхэд болоод ч тэр
үү намайг хэн ч загнахгүй. Сумын төвийн дэлгүүрт сард таван шил архи ирэхэд би гурвыг
нь аваад үлдсэн хоёрыг нь манайхаас мал арай цөөнтэй айлын хүү авч байх жишээтэй.
Одоо бодоход их л дураараа лүд байж дээ.

-Сургуульд
явдаггүй байсан хэрэг үү?

-Хөрөнгөтний
хүүхэд гээд сур­гуульд авдаггүй, нэг ёсондоо гадуур­хагддаг байсан юм байлгүй. Ер
нь миний амьдралд унаж, сэхэх олон сонин тохиол учирсан. Би гэдэг чинь аймаг хэсч,
наргиж наадам­лахаас өөр хийх ажилгүй хүн. Яахав олон малтай болохоор малчидтай.
Адуу маланд ямар явах биш. Гэтэл малчдыг нэгдэлд эл­сүүлэхийн тулд адуунд ноос,
сүү давхар тушаах төлөвлөгөө өгчих­дөг байгаа. Манайх долоон зуун адуутай. Адуунаас
ямар ноос, сүү гарах биш. Хэрвээ төлөвлөгөө биелүүлэхгүй бол шоронд хийнэ гээд дээрээс
айлгачихна. Айлаас нэг азарга адуугаар 100 килограмм ноос сольж аваад ноосоо тушаа­чихлаа.
Сүүгээ болохоор хэдэн тэмээгээ хөтлөөд айлаас гуйгаад нөгөө баян айл чинь гуйлгачин
болчих нь тэр. За тэгээд төд удалгүй нэгдэлд элслээ. Нэгдэлд элсээд арван тав, зургаан
настай байхдаа аварга адуучин цол хүртэж, тухайн үедээ миний тухай сайшаасан мэдээлэл
дов, толгод бүрийн сам­барт хадаатай байдагсан. Сур­гуульд 70 гаруй настай хүмүүс
хичээл заана. Адуучин Санжаа гээд л хичээл заана. Аминдаа үлгэр дуурайлал болгож
байсан байл­гүй. Тэгээд нэгдлийн товчооны гишүүнд долоон хүнийг сонгох боллоо. Мэддэг,
мэддэггүй нь хамаагүй миний нэрийг оруулаад, би тов­чооны гишүүн болчихдог юм бай­на.
Миний ч бие хаа задарч, овоо барилдаж ноцолдоод ирсэн чинь нутгийн хөгшчүүл бөх
болох шинж­тэй гээд нутаг усаараа шуугиад ирлээ. Тэгэхээр нь залуу хүн хойно цэрэгт
явж, бөх болохоор шийдээд өргөдлөө өгөөд тэнцчихсэн. 

-Таныг
С.Цэрэн аваргатай онжав хэрнээ аваргаас нэр хүндтэй байсан гэдэг юм билээ?

-Тийм.
Анх цэргийн ангид ирэ­хэд халзан толгойтой шовхолзсон залуу “Тэр залууг авна” гээд
над руу заадаг байгаа. Ёндон генерал. Яг тэр үед манай ангид Цэрэн аварга цуг алба
хаахаар ирсэн байсан юм. Тухайн үед Цэрэн аваргаас илүү харагдаж л дээ. Манай хэдэн
барилддаг нөхдүүд тэрнээс хойш намайг “Санжаа Ёндон генералын нүдэнд Цэрэн аваргаас
илүү  туссан хүн дээ” гэж цаашлуулдаг юм.
Ингээд цэр­гийнхэн дундаа гайгүй барилддаг гээд цэргийн бөх болчихов оо. Дарга нар
түлээ хагалахаас өөр битгий ажил хий гэнэ. Би гэдэг хүн чинь дархлагд­чихсан жагсаалд
зогсохгүй, хээрийн сургуульд га­рах­гүй, буудлага хийхгүй. Ганц хийдэг ажил нь түлээ
хагалж, гурван километрээс цагаан хэрэг­лэл, гурил үүрч ирэх л ажилтай боллоо. Бүр
уйдсан хүн.

-Таныг
цэрэгт ид мандаж байх үеийн бөхчүүд гэж хэн хэн байв?

-Түвдэн,
Цэвээнравдан, Бат­суурь зэрэг олон сайхан аварга байсан. Нас дөнгөж дөч шүргэж яваа.
Харин миний үеийнхэн гэх юм бол  Дамдин, Бээжин,
Цэрэн, Зун­дуй аварга, Эрдэнэ-Очир, Сосор­барам арслан, том Санжаа гээд шижигнэсэн
олон бөх бий.  Тэгээд хааяа барилдаан болохоор
авар­гууд намайг ам авчихаад, эсвэл нэгнийхээ аманд өгчихөөд бол­доггүй. Нэг удаа
Нүхтийн аманд барилдаан болдог юм байна. Хя­тадын батлан хамгаалахын сайд ирээд,
тэрэнд зориулсан барил­даанд барилдлаа. Үзүүр, түрүүнд  Бадамсэрээжид арслан­тай тунаад давсан. Тэр цагаас
хойш манай “Алдар” спорт хорооны Цэрэн аварга, Эрдэнэ-Очир арс­лан, том Санжаа,
Зундуй бид нарыг улсын цолтой бөхийг өвдөг шороодуулдаг гээд “Таван халуун” хочтой
болсон.

-Нэг
хэсэг үндэсний бөхөө орхиж, чөлөөт рүү урвасан гэдэг. Яагаад?

-Барилдаж
байгаад хөлөө бэр­тээчихсэн. За одоо үндэсний бө­хөөр барилдахаас өнгөрлөө гээд
чөлөөт рүү орсон хэрэг л дээ. 1962 онд чөлөөт бөх Монголд дэлгэрч байх үед. Тэгээд
нэгэнт өвдгөндөө бэр­тэлтэй үндэсний бөхөөр одоохон­доо барилдахад хүндрэлтэй юм
чинь гээд чөлөө­төөр барилдахаар шийдсэн. Залуу хүн болохоор их дуртай байж  л дээ, чөлөөт бөхөд. Ингээд анх Монгол Казахстаны
хамтарсан чөлөөт бөхийн уулзалт барилдаан болж Казакын Сэсээр­тэй барил­даад түрүүлсэн.

-Та
олимпод оролцсон монголын анхны тамирчдын нэг. Чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд мөн л оролцсон анхдагчдын нэг. Энэ тухайгаа дурсахгүй юу?

-1964 онд Токиод болсон зуны XVIII олимпод чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчнаар
оролцож байсан. 1966 онд Амери­кийн Толидо хотод болсон Дэлхийн аварга шал­гаруулах
чөлөөт бөхийн тэмцээнд надаас гадна Мөөеө аварга, Ө.Эрдэнэ-Очир арслан нарын  тамирчидтай оролцож багаараа наймдугаар байрт
шал­гар­сан юм. Нисэхэд биднийг он­гоцоос буух улаан хивс дэвсчихсэн, хоёр талаар
нь бөөн хүн жагсаад зогс­чихсон, бас сур­гуулийн хүүх­дүүдийг жагсаагаад нижигнэтэл
алга ташиж угтаж авч байлаа. Сайхан дурсамж шүү. Бид хэд чинь хаан аятай л хөөрчихсөн
алхаж байлаа ш дээ. Нисэхээс шууд Төрийн ордонд ороход мөн л улаан хивсэн дээгүүр
алхаж орж байсан нь одоо ч мартагддаггүй юм. “Од” болоод удаагүй байхад дахиад л
фактлаад барилдах эрхээ хасуулчихсан.

-Юунаас
болоод тэр вэ. Үндэсний бөхөөр барилдахыг 
хүртэл  хориглосон уу?

-Олон улсын
тэмцээнд Унгарын бөхийг ерөөсөө дийлдэггүй. Жин их хасчихсан цус амтагтаад барил­даж
чаддаггүй. Тэгсэн төрийн алба хашдаг, аминдаа намайг дэмждэг хүн ирээд “Яахаараа
чи Унгарын бөхийг дийлдэггүй юм” гэхээр нь “Өөрөө барилдаж чадахгүй байж” гэж хэлээд
шанаадчихсан. Гэтэл төрийн хүнийг гадаадын хү­мүү­сийн хажууд доромж үзлээ, нам,
засгаа үл хүндэтгэсэн нэрээр барилдах эрхээ гурван жилээр хасуулаад, мастераа хасуулаад,
Зоргол хайрханы уурхайд малтаг­чингаар цөлөгддөг байгаа. Үзэл суртал тийм хүчтэй
байж. За ингээд юу ч байхгүй боллоо. Хү­мүүжүүлэх санаатай хэдэн нөхцөл тавьсан.
Зоргол хайрхан явалгүй гүрийгээд гэр бүлээ тэжээхийн тулд Төмөр замд ачигч хийж,
банз зөөж буулгадаг ажилтай боллоо. 

Миний дүү
Иргэний хам­гаала­хын хурандаа Жанчив Орост сурч байсан юм. Эхнэр нь хоёр хүүхэд­тэйгээ,
эмээ хоёр дүүтэй, би эхнэр хүүхэдтэйгээ гурван гэр хэрнээ нэг ч төгрөгийн орлогогүй
болчихлоо. Бороо орвол ус дээрээс тусна. Салхи гарвал хаяагаар шороо орно. Амьдрал
хэцүүдлээ. Амьдрал хүнд хэцүү байх үед өнөө сайхан олон найз ёстой нүүрээ буруулж,
урдаас ирж яваад намайг харан­гуутаа зүгээ буруулдаг болчихсон.

-Хаана
амьдардаг байсан бэ?

-Гандангийн
дэнжид. Гандан­гийн баруун үзүүрт “Алтангэрэл” гээд дэлгүүрийн хажуугийн гу­дамжинд
гурван гэрээр амьдардаг байсан. Одоо ч тэр дэлгүүр байдаг юм билээ. Тэгээд нэг өдөр
жаахан халамцуухан модны хоёр өөд харихаар өгсч явтал Улсын их хурлын нэг дептатут
нөхөр таараад “Санжаа чи ингэж явах хүн биш. Монголын ард түмнийг нэгэн үе бадрааж
явсан, ядаж сайхан шавь нар бэлтгэ” гэж захилаа. Би ч хэдэн өдөр нээрэн ч тийм юм
уу гэж бодлоо. Тэгсэн кино найруулагч Бунтар гэдэг хүн таарлаа. Намайг “Чи кинонд
тоглох уу” гэдэг байгаа. Би ямар хийх ажилтай тэгье л гэлээ. “Би спорт хорооноос
чинь чөлөө аваад өгөх үү” гэхээр нь ямар хорооноосоо хөөгдсөн гэлтэй биш “Найз нь
амралтаа авчихсан бай­гаа ш дээ” гээд залчихсан. Мар­гааш нь кинонд тоглохоор Налайх
гараад давхилаа. Киноны зураг авалтын үеэр бороо орвол амар­чихна. Тэртэй тэргүй
гэрээгээр кинонд тоглох ажлаа л хийж байгаа хойно. Ямар бороо орлоо гээд мөнгө,
төгрөг хасагдах юм биш.

-Ямар
кинонд дүр бүтээсэн юм бэ?

-“Төгсгөл”
гэдэг киноны туслах дүрд тоглосон. Кино ч дууслаа. Би 600 төгрөгийн цалин аваад
жиг­тэйхэн баярлаад хот руу таксид­чихсан. Налайхаас Гандан хүрэхэд 60, 70 төгрөг
л гарсан санагдаж байна. Гэртээ ирээд мөнгөтэй болсон дээрээ нутаг руугаа гэр бүлийнхнийгээ
аваад явахаар шийдлээ. Хүзүүнд пайз зүүгээгүй цагт барилдаж л таараа гэж бодоод
Булганы наадамд явлаа. Ардын хянан шалгах хорооноос аймагт үүрэг өгсөн юмсанж. Өглөө
наадам нээлтээ хийлээ. Гэнэт дуу өсгөгчөөр “Анхаараарай, ан­хаараа­­рай. Хоёр Санжаа,
Т.Зундуй нарыг наадамд битгий зодог­луулаарай. Хэрвээ барилдах юм бол ба­рил­дахыг
зөв­шөөр­сөн хүнтэй нь хатуу хариуц­лага тооцно” гэдэг байгаа. Нийгэм­лэгийн дарга,
аймгийн дарга нар “Хүүе болохгүй нь барилдаж” гээд сүйд.

-Нөгөө
хоёр бөхийг яагаад барилдуулахгүй гэсэн юм бол оо?

-Манай
том Санжаа тэмцээн дээр өөрийнхөө барилдааныг дуусгаад бусад тамирчдаа барил­даж
дуусаагүй байхад орхиод гарчихсан чинь барилдах эрхийг нь хасчихгүй юу. Т.Зундуй
боло­хоор жингээ хас гэхэд нь “Би өөрийн­хөө жинг яаж хасахаа мэднэ” гэж хэлээд
буруудчихсан хэрэг.  Яльгүй л шалтаг. Ингээд
гурвуулаа барилдах эрхээ гурван жилээр хасуул­чихсан байсан юм билээ. Ингээд “Ядаж
хоёр барилдаж хоёр давъя л даа” гэж байж гурав даваад тавын да­ваа­наас дээш гарч
болохгүй гээд оюутан хүүхдэд албаар унаж өгч байсан даа.

 

 Үргэлжлэл бий…

Д.Даваасүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль ингэж өрнөлөө

-ИТХ-ЫН ДАХИН СОНГУУЛЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН, УИХ-ЫН СОНГУУЛЬ ШИГ БОЛЖ БАЙГААГ
НУТГИЙН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА-

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг
сонгох дахин сон­гууль өчигдөр болж өнгөр­лөө. Алтайчууд сонгуульд хэрхэн орол­цож
байгааг манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээрээс нь мэдээлж байна.

17 СУУДЛЫН ТӨЛӨӨ 49 ХҮН ӨРСӨЛДӨВ

2012 онд болсон аймаг, сум, дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуультай холбоо­той маргаан тус аймагт гарсан.
Уг маргаан зургаан шатны шүүх дам­жиж, Улсын дээд шүүхийн хянал­тын шатны захиргааны
хэргийн 2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор тус аймагт сонгуулийн
бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сумдад
болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэв­шиг­чээр, 12 нь хувь
тэнцүүлсэн хэлбэрээр нийтдээ 17 суудлын дахин сонгуулийг хийх шүүхийн шийдвэр гарсан.
Уг шийдвэрийн дагуу ИТХ-ын төлөөлөгчдөө бүр­дүү­лэх сонгууль энэ сарын 19-нд буюу
өчигдөр болж өнгөрлөө.  ИТХ-ын 35 суудлын
17 төлөөлөгчийн төлөө АН-аас 17, МАН-аас 15, МАХН-аас 14, бие даан  нэр дэв­шигч
гурван хүн өрсөлдлөө.

07:00 цагт санал хураалт эхэл­сэн ч орон нутгийн удирд­ла­гууд
болон сонгуулийн үйл ажил­лагааг зохион байгуулалцаж байгаа иргэд 08:00 цаг хүртэлх
хугацаанд саналаа өгөв. Санал өгч буй иргэдийн хуруу эсвэл иргэний үнэмлэхэд сонгууль
бүрээр тавьдаг ямар нэг тэмдэглэгээ хийсэнгүй. Цахим үнэмлэхээ үзүүлэн, санал өгөх
жагсаалтад бүртгэлтэй эсэхийг нь нягтлаад бүртгэлтэйг нь өгүүлж, бичиг баримтын
зөрчилтэйг нь буцааж байв. Ийнхүү 35 мянган сонгогчтой аймгийн дахин сонгуу­лийн
ирц 10:00 цагийн нэгтгэгдсэн мэдээллээр таван тойрогт таван хувьтай байсан юм.

11:00 цагаас эхлэн иргэдийн идэвх сэргэж, сумын төвийн санал
авч байгаа байрны зүгт хэд гурваа­раа гэлдрэх, морьтой, машинтай ирэх нь харьцангуй
дээрдэв. Гэхдээ урт дараалал үүсгэхээр олуулаа ирж байсангүй. Намын үүрийн дарга
нар болон сонгуулийн сур­тал­­чилгаа, ухуулга зэрэг ажилд оролцож буй идэвхтнүүд
санал авч буй байрны ойр орчмоор эргэлдэж, хэсгийн ахлагч нар айлуудаар явж сонгуульд
саналаа өгөхийг иргэдэд сануулж, заримыг нь дагуулан ирж байв.

Тус аймгийн 18 суманд сонгуу­лийн
салбар хороо, 85 хэсгийн хороо байгуулж, нийт 728 хүн зохион байгуулалтын ажлыг
гүй­цэт­гэ­сэн гэх тоон мэдээ байна. Түүнчлэн сонгуулийн аюулгүй байд­лыг хангах,
сонгогчдын нэр­сийн жагсаалтыг гаргахад Цагдаа­гийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс
зэрэг газрууд хамтран ажил­лаж байв. Цагдаагийн алба хааг­чид бүсчилсэн хамгаалалт
хийж байсан юм.

12:00 цагийн нэгдсэн мэдээл­лийг гаргах үеэр нийт сонгогчдын
15.9 хувь нь саналаа өгсөн байв. Энэ нь тус аймгийн хэмжээнд хангалттай тоо биш
тул сонгуулийн хороод иргэдийг саналаа өгөхийг орон нутгийн телевизээр болон санал
өгөхөөр ирсэн иргэдээр дамжуулан хүргүүлж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ, ГИШҮҮН
АСАН Ц.ШАРАВДОРЖ НАР ОЛНЫ СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙВ

Энэхүү сонгуулийн үр дүнд АН, МАН,
МАХН-ын удирдлагууд ихээ­хэн ач холбогдол өгч байгаа нь сонгуулийн сурталчилгаа
болон өмнөх өдрүүдийн байдлаас илт мэдрэгдэж байв. Тухайлбал, нэр дэвшигчид намынхаа
лидерүүдийг дагуулан айлуудаар орж, гудамж бүрийн буланд шахуу зогсон иргэд­тэй
гар барьж, намдаа санал өгө­хийг сануулж, уриалж байсан аж. Тодруулбал, МАН-аас
уг сонгуульд ихээхэн хөрөнгө, хүч хаяж, зарим гишүүдээ сумдыг хариуцуулахаар илгээсэн
байна. Үүнд, Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан, Увсын Б.Чойжилсүрэн,
Дарханы Д.Хаянхярваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд
нар багтаж байгаа аж. Тэд өөрсдийн хариуцаж авсан сумдаар явж, орон нутгийн иргэдтэй
уулзан, зарим амин хувийн асуудлыг нь шийдэж өгөөд буц­сан тухай нутгийнхан нь ярьж
байв.

Харин нэр дэвшигчдийг нь бүрт­гээгүй
учир 2012 оны орон нутгийн сонгуульд оролцож чадаагүй гэж шүүхэд гомдол гарган сонгууль
дахиулж буй МАХН-ын хувьд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдаг­ва­гаар ахлуулсан Сангийн
сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэ­лэн­гэ, УИХ-ын дэд дарга Л.Цог,  Эдийн
засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга
нар тус аймагт ажиллаад буцсан. Тэдний хувьд нэлээд муу нэр зүү­гээд авсан төдийгүй
сонгогчдод зэмлүүлж, заримтай нь ам мурийж, заримыг нь өөр намын гишүүн хэмээн намынхаа
хурлаасаа хөөж гаргахыг завдсан хэл аманд ороод байгаа. Зарим эх сурвалж БОНХ-ийн
дэд сайд Б.Тулгыг намынхаа тухай үзэл баримтлалаас болж сонгогчидтой нударга зөрүүлэхдээ
тулсан тухай ч ярьж байв.

Харин АН-ын хувьд тус намын генсек
Ц.Оюундарь хэсэг нарийн бичгийн хамт тус аймагт ажиллаж байв. Түүнчлэн нутгийн иргэд
болоод зарим улстөрчийн анхаар­лыг хоёр хүн татаж байсан юм. Тэд бол МАН-ынхан буюу
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар байв. Тэд МАН-аа төлөөлж
буй МАХН-ын сонгуу­лийн сурталчил­гаа­ны багт багтан тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй
уулзаж явсан нь иргэдийн анхаар­лыг ихэд татаж, “Энэ хоёр сонгуу­лийн дараа МАХН-д
элсэх гэж бай­гаа гэсэн” гэх яриаг гаргаад авав.

“ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ БҮРДҮҮЛЭХГҮЙ
БОЛ БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГАЦЧИХААД ХЭЦҮҮ БАЙНА” ГЭВ

Улмаар 14:00 цагийн мэдээл­лээр санал
өгсөн иргэдийн ирц дөнгөж 25 хувьд хүрсэн юм. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Баян­шанд
багийн иргэн Б.Баттөмөр “Сонгуулиа өгчихлөө. Энэ удаагийн сонгуульд намууд анхаарал
их тавьж, идэвхтэй байгаа бол Говь-Алтайчууд нэлээд хойрго байгаа бололтой. Ирц
тааруу байна гэнэ. Өмнө нь ИТХ-ын сонгуульд ингэж их ач холбогдол өгч нам бүрийн
дарга нар бусад УИХ-ын гишүүд­тэй­гэ­э ирж, ажлын хэсэг, ард иргэд­тэй уулзаж, намаа
сурталчилж байхыг үзээгүй гэх хүн олон байна. Миний хувьд ч ялгаагүй. ИТХ-д төлөөлөгч
сонгох сонгуулийн бэлт­гэл Ерөнхийлөгчийн, УИХ-ын сон­гуу­лийн дайны хөл хөдөлгөөнтэй
байлаа. Манай аймгийн удирдла­гын хувьд өмнө нь дандаа МАН-ын төлөөлөгчид байсан.
Одоо хэн сонгогдох вэ гэдэг нь их эргэлзээтэй байна. Гэхдээ даруй удирдах албан
тушаалтнуудыг томилохгүй бол аймгийн төсөв, хөрөнгө оруу­лалт гээд олон зүйл гацаатай
байна. Энд тэнд мөнгө тараасан, ингэсэн тэгсэн гэсэн хэл ам, зөрчил гарах нь гайгүй
байгаа бололтой. Дуулдсан юм алга” гэж ярив.

ЦОГТ, ХАЛИУН СУМЫНХАН СОНГУУЛЬДАА
ИДЭВХГҮЙ ОРОЛЦЖЭЭ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин  сонгуулийн ирц ямар байгаа талаар 16:00 цагт тус
аймгийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Рэнцэндорж мэдээлэл хийсэн юм. Түүнээс
цөөн асуултад хариулт авсан юм.

-Сонгуулийн ирц аймгийн хэмжээнд
хэдэн хувьтай явж байна вэ?

-Говь-Алтай аймгийн  ИТХ-ын дахин сонгууль одоогоор ямар нэгэн будлиангүй
болж байна. Иргэдийн дахин сонгуульд оролцох оролцоо өглөө тааруу байсан гэж хэлж
болно. Бид 12:00 цагийн орчимд ирцийн  байдлыг
нэгтгэн гарахад 15.29 хувьтай байсан. Харин 16:00 цагийн байдлаар 35187 хүн санал
өгөхөөс 14252 хүн санал өгч 40 гаруй хувьтай явж байна. Говь-Алтай аймагт цаг агаар
тогтуун байгаа болохоор иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна.

-Сонгуульд хамгийн идэвхгүй оролцож
байгаа сумыг нэрлэвэл?

-Сонгуульдаа идэвх муутай оролцож
байгаа хэд хэдэн сум байна. Халиун сум гэхэд 1494 хүн санал өгөх ёстой. Үүнээс одоогоор
401 хүн л санал өгсөн байна. Мөн Цогт суманд сонгуулийн ирц 26 хувьтай байна. Бигэр
суманд сон­гууль өгөх иргэдийн тоо сайнгүй байна гэх мэдээлэл ирээд байна. Харин
Баян-Уул, Төгрөг, Хөхморьт зэрэг сумын иргэд маш идэвхтэй оролцож байгаа дүн мэдээ
нэгтгэг­дэж гарлаа.

-Сонгуулийн хорооноос иргэ­дийг
санал өгүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Есөнбулагт гэхэд 11205 хүн дахин
сонгууль өгөх ёстой. Үүнээс 3794 хүн санал өгөөд байна. Сон­гууль­даа идэвх муутай
оролцож байгаа газруудад цагаан хоолой­той машин явуулж сонгуульдаа идэвхтэй оролцохыг
уриалах ажил хийгдэж эхлээд байна. 22:00 цагт сонгууль дуусна. Бидэнд ямар нэгэн
сонгуультай холбоотой гом­дол ирээгүй байна.

ДУГУЙЛСАН ЦААС НЭВТ ХАРАГДААД
БАЙНА ГЭЖ ИРГЭД ГОМДОЛЛОВ

Орон нутгийн сонгуульд орол­цож байгаа
иргэд цахим үнэмлэх болоод хурууны хээ, автомат тоологч машин байхгүй байгаагаас
дахин сонгууль ямар нэгэн байд­лаар буд­лиан­тай болж магадгүй хэмээн ярьж байсан
юм. Мөн аль нэг нам болоод нэр дэвшигчийг урд талын дугуй хэсгийг хараар будаж байгаа.
Цаас нь нимгэн байгаагаас нэвт харагдаад байгаа талаар бидэнд гомдол хэлж байсан
юм. Иргэд хуудсан дээр тэмдэглэгээ хийгээд хайрцаг руу хийх гээд босох үед нимгэн
цаас нь нэвт харагдаад гурван намын ажиглагчид түүнийг нь бүртгэж аваад байна гэх
хүн цөөнгүй байв.

НЭГ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС ГУРВАН ГАЗАРТ
ОЧИЖ СОНГУУЛИА ӨГЧЭЭ

Есөнбулаг сумын гурван иргэн өөр өөр
газарт сонгууль өгч байгаа талаарх мэдээлэл оройхон хэрд нэлээд бужигнаан үүсгээд
авсан юм. Есөнбулаг сумын иргэн Д.Ган­бат “Манайд сонгууль өгөх гурван хүн байна.
Бүгд өөр өөр газарт сонгуулиа өгөх болоод байна. Нэг гэр бүлийн хүмүүс нэг газраа
өгч болохгүй юм уу. Ямар ч зохион байгуулалт байхгүй байгаагаас ийм байдал үүслээ”
хэмээн нэлээд бухимдангуй байдлаар мэдээлэл өгсөн юм. Үүнийг тус аймгийн Иргэний
бүртгэлийн газрын дарга тайлбарлахдаа “Олон иргэн оршин суугаа газруудын сонгууль
өгөх хэсгийн хороог хэд хэд хуваасан байгаа. Ингэхдээ нийт сонгуульд оролцох ёстой
иргэдийг тэгш тоо­гоор хуваах үед гэр бүлийн гишүүд өөр өөр газар саналаа өгсөн
асуудал гарчээ” гэсэн юм.

Ийнхүү Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгууль болж өнгөр­лөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос тус сонгуулийг гараар тоолж дүнг нь гаргах шийдвэр
гарсан байна. Тиймээс сонгуулийн ажилтнууд саналын хуудсыг гараар тоолох учраас
өнөөдөр 06:00 цагийн орчимд сонгуулийн нэгдсэн дүн гарах магадлалтай гэсэн юм. Дугаар
шилжих мөчид сонгуультай холбоотой ямар нэг зөрчил, асуудал гаралгүй тайван байлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Бакула Ренбүчи зочилж, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Ш.Чимэдцэеэтэй айл хэссэн цагаан сар

Жил жилийн цагаан сар сайхан болдог.
Тэр дундаас тэр нэгэн цагаан сар ер мар­тагддаггүй юм. Нэлээдгүй цас орсон ч байж.
Гэхдээ нар таатайяа ээсэн сар шинэдийн сайхан өдрүүд болж байлаа. Цагаан сар дөхөөд
бууз,  банш  бэлдээд л хүүхдүүд бид ч тоглох завгүй аар саархан
ажилд зарагдаж, хэр баргийн гэрийн ажилд оролцоод бай­даг­гүй аав маань ч ажилсаг
болж, бурхан тахилын тоосоо арчиж, ээжийн ажил улам ихэсч, эмээ маань харин бид­ний
баярын хувцсыг урлангаа  хараа муудсан тухайгаа
гом­дол­лож суусансан. Битүүний өдөр ид ажил өрнөнө. Үүрээр сэрэхээс авахуулаад
л өдөр­жин тоос шороо цэвэрлээд эхэлнэ. Энэ үеэр эмээгийн хэлэх ёс жаяг гэж тоймгүй
олон. Тэр үгнээс  гарах хүн үгүй л дээ. 

Шинийн нэгний өглөө хүн болгон ааш
зан сайтай, эмээ ээж хоёр хэзээ боссон нь мэдэхгүй идээ цагаагаа бэл­дэж, сэрэхгүй
бол болохгүй гэсээр босгоно. Ээж, эмээ хоёр тэнгэр бурхандаа цай идээний дээж өргөж,
аав галын бурхан баярлуулна хэмээн зуухан дээрээ   идээ­ний дээж тавина. Заавал яагаад цагаан сараар
нэг ч тоосгүй байх ёстой юм гэж бид асууцгаана. “Лхам бур­хан айл болгоноор ордог
юм. Хог шороотой айлаар орж ирдэггүй юм аа” л гэнэ.  Шинэдээр нэг ч муухай үг хэлж болохгүй л гэнэ.

  
Яагаад ч юм шөнө  дөл  болтол гэрийн ажил хийсэн ч өглөө эрт сэтгэл догдлон
босч сэрцгээлээ. Бүх зүйл шинэ болчихсон мэт. Ямар нэгэн догдлол нуугдаастай. Нар
мандахаас өмнө боссон биднийг мөрөө гаргая гэсээр аав дагуулж гарлаа. Хажуу байрны
орцоор орж байх шиг, мод,  төмөрт суусан гээд
л янз бүрийн зан үйл хийх юм. Аавын зааснаар л хийгээд байгаа мөртлөө ангийнхаа
хүүхдийг таарахаар баахан санаа зовно. Хамгийн ахма­даар нь эмээдээ золгоод дараа
нь аав,  ээждээ золгож ерөөлийн сайхан үг
хэлэлцэн байх зуур эхний зочид маань ирцгээлээ. Аавын найз нөхөд сонин содон хүн
олон боло­хоор шавь нараас нь эхлээд хамаатны хүмүүс олны танил зохиолч яруу найрагч,
улс төрчид эмээд минь золгохоор эрт ирцгээлээ.

Төд удалгүй аав “Морь цаг дөхөж байна.
Бакула Рен­бүчи манайд ирнэ” гэдэг юм байна. Ирсэн зочид энэ үгийг сонсоод эрхэм
гэгээнтнээс шинийн нэгний өдөр адис авчих санаатай тухлаад авлаа. Гэрт хүн багтах
зайгүй болов. Тэд дараагийн айл хэсэхээ мартсан бололтой. Бакула Ренбүчи тэр үед
Энэт­хэгийн Элчин сайд байсан бөгөөд аавтай маань ихэд дотно нөхөрлөдөг, манай­хаар
зочлон ирдэг байсан юм. 

Ингээд зочин ирэх чимээ­нээр улаан
хүрэн дээлээр гоёсон аав минь гэрийн шаахайгаа солихгүй хэр­нээ дээлэн дээрээ гадуур
хувцас өмсөөд угтаж авна гээд гараад явлаа. “Гэрийн үүдэнд ирж байна” гэсэн атал  орж ирэхгүй алга болчихлоо. Ингээд намайг  “Юу болсныг мэдээд ир” гэж  эмээ хэлснээр бас гэрийнхээ шаахайтай гараад гүйчихлээ.
Липт дуу­дах гэтэл харин дотор нь хүмүүс дүнгэнэтэл яриад,   орцонд хүмүүс липтээр биш явган алхаж дээшээ
өгсөж байх аж. Липт гацсан нь тодор­­хой боллоо. Аавыг дуудтал липтэн  дотроос “Яаралтай липт засдаг хүн  дуудаарай. Энүүгээр явсан хүмүүст хэлсэн,  олохгүй бай­гаа бололтой” гэдэг юм бай­на. Хар
гүйхээрээ цас туучин гүйх зуураа шаахайгаа цасанд алга болгож  бас л тэрүүхэндээ эрэл болж олж өмсөөд липт ажиллуулдаг
эгчийг  олж авлаа. Баяр болж байгаа болоод
ч тэр үү бай­шингуудын липтийг шалгаж явж таарав. Ашгүй хурдан оллоо. Учир байдлаа
хэлж дагуулж явсаар липт онгойл­гуултал  нөгөө
эгч нүд нь орой дээрээ гарах шахав. Тэр  эгчийн
алмайрал л санаа­наас гардаггүй юм. Сар ши­нийн мэнд ч байхгүй гай­хан зогссон тэрээр
“Энэ нөгөө хэн гуай мөн биз дээ” хэмээн Бакула Ренбүчиг харан итгэж ядан надаас
асуусаар үлдэв.

Дотор нь байсан хэд бөөн инээдэм болсоор
гарч ирлээ. Аав дан дээлнийхээ гадуур өмссөн хувцсаа тайлаад Бакула Ренбүчид нөмөргө­чихөж.
Зуны ботинктой, ор­химж ороосон Бакула Рен­бүчи Монголын өвөлд дассан ч даарсан
л биз ээ.

Харин липтэнд гацаад гарч ирсэн хэд
маань гэр лүү орох гэтэл  айлд золгох гэж
орцонд явсан хүмүүс “Багшид мөргөөд явъя. Ямар бэлгэ дэмбэрэлтэй юм” гэсээр ма­най­­хыг
зүглэцгээлээ. Ингээд манай гэрийн хаалга хаагдах ч зайгүй давхраар нэг хүмүүс. Гоёлын
хувцсаа муухай бол­чих­лоо гэж бодож байгаа ч янз алга. Газар сөхрөөд суучихаж.

Хаалга онгорхой таних танихгүй хүмүүс
бүгд л багш ламд мөргөсөөр үд өнгөрч билээ. Нэгэнт олон хүн цугла­сан хойно аав
ч хүндэт зоч­ныг бурхны ном айлдахыг хүсч, зочин маань ёсоор бол­гов. Угтаа бол
Монголын цагаан сар ямар байдгийг  мэдэг гэж,
бас бэлгэ дэмбэрэ­лээ бодож сар шинээр урьж ирсэн зочныг  маань сүсэгт­нүүд ингэж л угтсан юм. Ин­гээд Бакула
Ренбүчи ч явах болж эмээ, ээж хоёр амьтан хүний бэлэг өгөх гэж мунги­наж байх зуур  хүүхдүүд бид харин айл хэсэхийн мөн болж тэднийг
шамдуулав. Гэтэл дараагийн зочид маань ороод ирлээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн,
дуучин Ш.Чимэдцэеэ нар золгохоор иржээ. Д.Ням­сүрэн ах хотод ирэхээрээ Г.Мэнд-Ооёо
ахынх манайх хоёроор л голдуу байж бай­гаад явдагсан. Харин Ш.Чимэд­цэеэ дуучных
манай хажуу байр. Тэд насаар ааваас ах учир манайхан л түрүүлж очиж золгодог ч эмээг
байгаа болохоор хүрээд ирсэн нь тэр. 

Золгож идээ цагаа, бууз  болсны дараа манайхантай хамт явж, нутгийн ахмад
хүмүүсийнхээр золгохоор болов. Ингээд баахан дээл,  малгай болсон олны танил,  Сүхбаатар аймгийн хэдэн нөхөд,  ээж,  дүү
бид олуулаа хэсэлдээ гарах нь тэр. Тэднийг хүмүүс таниад мэндэлж зол­гоод зам хоруулахгүй
ч бай­гаа юм шиг санагдана. Хүүх­дүүд бид бол бэлэг авах гэж л яарч байгаа хэрэг.
Ингээд аавын талын ахмад хүн болох нагац ах Борынд очихоор явлаа. Гэтэл орц андуураад
орчихож. Хаалга нээсэн айл манай нутгийнх тэр тусмаа манай ангийн хөвгүүнийх байж
таарав. Намайг хараад нэг их гайхса­наа цааш гүй­гээд явчихав. Айл андуурснаа мэдээд
буцах гэтэл гэрийн эзэн “Нутгийн сайхан хүмүүс шинийн нэгэнд ингээд ороод ирж байхад
юу гэж үүднээсээ буцаахав. Орцгоо л доо” гэлээ. Бид ч анхны айлдаа орж байгаа хойно
ширээ тойрон сууцгааж,  гэрийн эзэд жавар
үргээж дуу дуулж,  шүлэг уншихыг хүсээд нөгөө
хэд маань жаахан цаарга­лан­гуй “Энэ сайхан дуучнаар дуулуулъя” гэсээр Ш.Чимэд­цэеэ
эгчийг дуулахыг  хүслээ.  Ш.Чимэдцэеэ эгч ч уртын дууг гайхалтай дуулав.
Гэтэл гэрийн эзэн санаа амарсан­гүй, “Заавал шүлэг уншуулна, ийм хүмүүс орж ирчихээд
байхад алдас болно” гэв. Ингээд нэгэнт айл андуурч тэр тусмаа нутгийн айлд орж ирсэн
хүмүүс шүлэг уншиж,  дуу дуулаад бараг л концерт
тоглоод гарлаа. Ингээд бид дараа нь хажуу орц руу  зол­го­хоор зорьсон айл руугаа  орж, тэр өдөр үдэш болтол айл хэсч  билээ. Очсон айлын гийчид тэр хэдийг сонирхон
сонжиж, хүндлэн золгож, харин хүүхдүүд бид бэлэгний­хээ сайхныг айл бүрийн гадаа
гарч шалгасаар л шинийн нэгний үдэш болсон доо. Жил жилийн цагаан сар сайхан. Тэр
жилийн цагаан сар сэтгэлээс харин гардаггүй юм.  

Categories
редакцийн-нийтлэл

Говийн баялгийг ашиглахад усаар дутах зовлонгүй болох нь

Монгол баялгаараа дэлхийн анхаарлыг тат­сан, баялаг
нь бараг тэр чигээрээ говийн хөрсөн доор байгаа. Нүүрсээ угааж, зэсээ баяжуулах
гэхээр усаар дутахын зовлон бий.  “Оюу толгой”
төсөл гацсаны  нэг шалт­гаан нь усны хэрэглээ.
Говийн гүний усыг их хэм­жээгээр ашиглана гэдэг далд уурхайн санхүүжил­тээс дутахгүй
санаа зо­воо­сон асуудал болоод буйг шийдвэр гаргагчид нуухгүй байгаа. Сайн­шандад
баригдахаар яриг­­даж буй үйлдвэ­рүү­дийг үлгэр гэж гооч­лоод байгаа нь ч устай
хол­боотой. Их мөнгө авчрах эрдсээ олборлож боловс­руулахын тулд ус багатай говь
нутгийнхаа усыг ямар аргаар яаж хэмнэж ашиг­лах вэ гэсэн асуулт шийд­вэр гаргагч,
баялаг бү­тээгч аль алиных нь хувьд тулгамдсан асуудал бо­лоод байна. Говийн нөх­цөлд
усыг хамгийн багаар хэрэглэх технологи Мон­голд ороод ирчихэж. 

Өмнийн говьд нүүрс олборлож буй “Энержи ресурс”-ийнхэн
шинэ тех­нологи оруулж ирж үйлд­вэрийнхээ хаягд­лаас усыг нь ялгаад эхэлжээ. Бүр
95 хүртэл хувийг нь.

Өмнө нь тэд нүүрс боловсруулах үйлдвэ­рээсээ таван
километрын урт  хоолой татаж  хаягд­лаа урсгадаг байж. Тус­гай газарт асгадаг
хаяг­дал нь өвөлдөө хөлдөж,  зундаа ууршина.
Ус нь тэр чигтээ ууршаад алга болчихдог гэсэн үг.

Өвөлдөө хаягдал гадагшлуулах хоолой хөлдөж, үйлдвэр
зогсох эрсдэл ч байжээ. “Энержи ресурс”-ийн хувьд хаягдлынхаа далангаас тодорхой
хэмжээний  ус ашиг­ладаг  байсан гэнэ. Гэхдээ маш бага хэсгийг. Тодруулж
хэлбэл хорь гаруй хувийг нь дахин ашигладаг байж. Хаягдлаа асгачихаад хэсэг хугацаа
өнгөрөхөд нүүрстэй хэсэг нь доошилж,  ус нь
дээрээ тунадаг байна. Тунасан усыг нь ялгаж авдаг байжээ. Ер нь манай уул уурхайн
том төслүүд хаягдлаа ийм маягаар шийддэг. Оюу толгой ч  ялгаагүй. Баяжуулах үйлдвэрээсээ хоолой татаж
хаягдлын даландаа зутан маягийн юм асгадаг. Илүүдэл ус нь мөн л ууршаад алга болж
байгаа. Жижиг уурхайнууд бол усыг бүр ч үрэлгэн зардаг. Уурхайнхаа зай­дуу газар
нүх маягийн юм ухаж тусгаарлаад устай юутай хээтэй нь асгачихдаг. Нийслэлд байгаа,
хоттой ойрхон үйлдвэрүүдийн хувьд хаягдлаа шууд Туул гол руу хаях нь бий.  “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг томчуудын хувьд
бол өөр л дөө. Өндөр технологи ашиг­ладаг учраас  усны ашиглалт өндөртэй.  Бага хэмжээний ус л хаягдлын даланд ордог гээд
ойл­гочихож болно. Гэхдээ цаашдаа хэдэн арван жил ажиллах, өдөрт өчнөөн тонн нүүрс
угааж, зэс баяжуулах  том үйлдвэрийн хувьд
ийм маягаар усаа ууршуулаад байвал говийн усны нөөц хүрэл­цэх­гүй. Хамаг баялаг
нь говийнх нь  хөрсөн дор байгаа Монголын
хувьд эрдсээ боловсруулж ашиглахын тулд байгаа жаахан усаа яаж аригтай хэрэглэх
вэ гэдэг том асуудал. Оюу толгой дээр гэхэд л усаа яаж ашиглах вэ гэсэн асуулт бүрэн
шийдлээ олоогүй, Сайншан­дад баригдах үйлдвэрүүд өдий болтол ажил болохгүй байгаа
нь мөн л устай холбоотой гэдгийг дахин онцолъё. “Говьд үйлдвэр  барь­чихаар усгүй яах юм бэ” гэсэн асуудал өнөөдрийг
хүртэл шийд­вэр гаргагчдын сэтгэлийг чилээж байгаа.  

Харин одоо ийм зовлон ярихгүй байж болох нь. Үйлдвэрийн
хаягд­лаас усыг нь шууд ялгаад авчихдаг технологи Монголд ороод ир­чихэж. Мэргэжлийн  хүмүүс үйлд­вэрийн  хаягдлыг усгүйжүүлэн шүүгдсэн усыг үйлдвэрт дахин
ашиглах технологи гэдэг юм билээ. Энгийнээр хэлбэл бид нүүрс угаах үйлдвэрээс гарсан
арван литр хаягдлаас 7-8 литр ус гаргаж буцаагаад ашигладаг болсон гэсэн үг. Энэ
технологи  “Mining Journal Awards-2013”-ын   шилдэг тех­нологиор шалгарчээ. Шүүгчээр нь салбартаа
нэртэй, үгийг нь хэн ч сонсоод толгой дохидог 
эрхмүүд ажилладаг “Mining Journal Awards”  уул уурхайн салбарын шилд­гүүдийг жил бүр тодруулдаг
юм.  “Энержи ресурс”-ийн  Ухаа худагт байгуулсан Хаягдал усгүйжүүлэх туузан
шахагчийн үйлдвэр “Шилдэг технологи” номинацид нь өр­сөлджээ. Энэ үйлдвэр өдөрт
3300-4000 тонн хаягдлыг усгүйжүүлэх хүчин чадалтай. Бүх ажиллагаа  нь автомат. Монголын хувьд ийм технологийг нэвтрүүлсэн   анхны том үйлдвэр.

 “Энержи
ресурс”-ын хэрэглэж байгаа технологи нь Австрийнх. Тодруулж хэлбэл Австрийн “Анд­риц
сепэрэйшн” компанийн дэл­хийд нэртэй технологи. Уул уурхай хөгжсөн Чили, Австрали,
Америк, Энэтхэг, Орос, Хятадад өргөн хэрэглэдэг юм байна. “Андриц сепэрэйшн” компани
байгуулаг­даад  150 жил болсон “акул” үйлд­вэрлэгчдийн
нэг.  Зэс, төмрийн хүдэр, нүүрс баяжуулах
үйлд­вэрүүдэд тоног төхөөрөмжөө ний­лүүлдэг гэдгээр нь дэлхийн уул уурхайн томчууд
андахгүй. Усан цахилгаан станц, цаасны үйлдвэр, гангийн үйлдвэр, амьтны тэжээл,
бордоо хүнсний үйлдвэрүүд эдний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үздэг юм билээ.  “Андриц” дэлхий даяар 2500 гаруй үйлдвэр, засвар
үйлчилгээний төвтэй. Уул уурхайн эрдэс баялгийн баяжуулах үйлд­вэрийн салбарт төрөл
бүрийн шүүлтүүр санал болгодог.Өндөр даралтын саванд байрлуулсан вакум дискэн шүүлтүүр
бүхий HBF гэдэг шүүлтүүр нь гэхэд л  маш бага  чийгшилтэй нүүрс, төмрийн хүдэр гаргадаг. Нойтон
нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэхэд жин их татдаг. Хатаагаад чийгшил багатай бол­гочих­вол
тэр  чинээгээр хөнгөрөөд тээвэрлэлтийн зардал
хэмнэнэ гэсэн үг. Энэ талаас нь харвал манайх шиг дэд бүтэц хэцүүхэн улсад овоо
хэдэн төгрөг хэмнэхээр  шийдэл юм билээ.

Манай улсад хэрэглэж эхэлсэн хаягдлаас усыг
95 хувь хүртэл гаргаж авдаг туузан шүүлтүүр 
технологийг энгийнээр тайлбар­лая. Үйлдвэрээс гарч байгаа хаягдал эхлээд
туузан шүүл­түүрээр шүүгдэнэ. Шүүсний дараа хэрэглэж болохоор тунгалаг ус гараад
ирдэг юм байна. Тэр усаа  буцааж үйлдвэр рүүгээ  шахаж нүүрсээ угаана. Процесс нь ердөө л энэ.
Өмнийн говь нүүрсний нөөц ихтэй. “Энержи ресурс”-ээс гадна өөр олон компани нүүрс
экспор­толж мөнгө олдог. Ирээдүйд нүүрс­ний 
экспортоо эрс нэмнэ гэсэн улсын бодлого бий. Нүүрсээ үнэд хүргэхийн тулд
ихэнх компаниуд  нүүрс угаах үйлдвэр барина
гэсэн төсөөлөлтэй байгаа. Нүүрс бая­жуу­лах том жижиг ямар ч үйлдвэрт энэ технологи
тохирох юм билээ. Ганц нүүрсэн дээр ч биш зэс, төмөрлөгийн үйлдвэр дээр ч ашиг­лаж
болно гэж  “Андриц”-ийнхэн хэлж байна.  

“Эрдэнэт” гэхэд л энэ тех­ноло­гийг шууд нэвтрүүлж
болно. Оюу толгойн хувьд ч хаягдлынхаа да­ланд байгаа усны 95 хувийг эр­гүүлээд
ашиглах боломж харагдаж байна.  Манайх төмрийн
хүдрээ нойтон  аргаар баяжуулна хэмээн ярьж
буй. Энэ технологийг ашиг­лахад усаа өчнөөн тонноор хэмнэх бололцоотой. Манай улсын
экс­пор­тод гаргадаг голлох зүйлс нь дээр дурдсан нүүрс, төмрийн хү­дэр, зэсийн
баяжмал.  Тэгэхээр  дэлхийн зах зээл дээр гаргаж төсвийнхөө ихэнх
хувийг бүр­дүүлдэг бүх л  эрдэс дээр энэ технологийг
ашиглах боломжтой гэсэн үг.

“Андриц сепэрэйшн” ком­панийн Монгол дахь төлөөлөгчийн
газрын захирал Ж.Мядагмаа “Мэргэжлийн хэллэгээр бол хатууг шингэнээс салгах процесс
л доо. Хатуу нь нүүрсний хог, шингэн  нь ус.
Манай компани 2011 оноос “Энержи ресурс”-тай хамтран ажил­ласан. Бидний хувьд тех­нологоо
нийлүүлэх үүрэг хүлээсэн. Үйлдвэр байгуулах бусад бүх ажлыг “Энержи ресурс” өөрсдөө
хариуцаж хийсэн. Үндэсний ком­паниудын орол­цоотойгоор боссон үйлдвэр байгаа юм.
“Андриц сепэрэйшн”-ий мэргэжилтнүүд их богино хуга­цаанд хийсэн гэж  он­цолж байсан” гэж ярилаа. Тэгэхээр ийм үйлдвэр
дахиад барилаа гэхэд технологи суурилуулахаас бусад бүх ажлыг үндэсний компаниуд
хийж чадах нь.

Туузан шүүлтүүрт ус хэмнэхээс өөр өгөөж  ч байгаа юм билээ.  Усыг нь 
шавхсан нүүрсний хаягдлыг дахин боловсруулж утаагүй түлш­ний түүхий эд гаргаж
авах боломжтой юм байна.

Энэ технологийг сонирхож байгаа компани  заавал үйлдвэр бариулж суурилуулах шаард­лагагүй
гэнэ. Бага хэмжээний нүүрс угаадаг компаниуд 
үйлдвэрийнхээ нэг хэсэгт суурилуулчихад л болох юм байна.  Баяжуулаад гарсан хаягдлаа хажууханд нь шүүгээд
л  усыг нь эргүүлж ашиглаад байж болох нь.
Техник тоног төхөө­рөмжийг суурилуулахад дунджаар гурван сар л шаардагдах аж.  

Энэ технологийг уул уур­хайгаас гадна хүнс, химийн
сал­барт ашиглаж болох юм байна. Манайд химийн үйлдвэрлэл хөг­жөөгүй учраас хүнсний
үйлд­вэрт ашиглаж болно гэсэн үг. Жүржийн 
шүүс хийлээ гэхэд хальс, үрийг нь шингэнээс нь ялгаж авахад уг технологийг
ашигладаг юм байна. Юутай ч Монголд ийм  технологи
нэвтэрч, өмнийн говийн усыг хэмнээд эхэлжээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын
Цамбалхүндэвтэй ярилцлаа.

-Таныг хуучны дуу­нуудаараа цомог гаргана гэж
дуулсан. Цомогт хичнээн дуу багтах вэ?

-Би 1975 оноос Хэнтийн соёлын ордон гэж байхаас
л дуулсан. Одоо бодоход урлагт 40 гаруй жил тасралтгүй үнэнч зүтгэж дуу хоолойгоороо
ард түмэнтэйгээ хамт байна. Энэ хугацаанд “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо”,
“Чулуутын гол” зэрэг 100 гаруй дуу дуулснаас 80 орчим нь Монголын радиогийн фондод
байдаг. Харин үлдсэн нь радиод бичүүлж амжаагүй, кассет хэл­бэрээр олонд хүрч жолооч
нарын кабинд цангинаж явсан байх юм. Амьдралынхаа туршид дуулсан дуу бүхнээ багтаасан
таван ч CD гаргасан байна. Харин энэ жил бүтээлээ сорчлоод цомог гар­гахаар ажиллаж
байна. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор миний бүх дуунуудыг клипжүүлж
өгнө гэсэн. Мөн зохиолч Р.Чойномын 1963 онд зохиогдсон “Гоо бүсгүйн дуулах дуу”
дуу хоолойнд орчихсон, клипний зураг авалтад орохоор төлөвлөөд  байна.

-Одоо студид дуу би­чүүлэхэд хоолой хэр байна.
Анх дуулдаг байсан үеэсээ суларсан байх юм уу?

-Урлагийн хүн бол урлагийн л хүн. Хоолой харина
гэж байдаггүй. Яахав нас бол мэдээж нөлөөлнө. Залуу байхад цангинасан хоолой өөрөө
урсаад л сайхан шүү дээ. Ямар ч байсан хоолойны бичлэг хийлгэхэд унаагүй л байна
лээ. 

-Таны үед Монголын радиод дуугаа бичүүлнэ гэдэг
дуучдын хувьд том боломж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би анх 1978 онд “Буурал аав”
дууг Монголын радиод бичүүлж байлаа. “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо”
зэрэг дуунуудаа шил дараалан бичүүлсэн. 1980-1990 оны хооронд уран бүтээлийн ид
оргил үе байлаа. Монголын радиод 9000 захидал ирэхэд 5000 орчим нь миний нэр дээр
хаягласан, урмын захидлууд байдаг. Одоо ч фондод хадгалагдаж байна. Тухайн үед ямар
цахим хуудсаар ороод миний дуулсан дууг сонсчихно гэх биш Монголын радиод л дуугаа
бичүүлэх нь хамгийн том шанс байлаа ш дээ. Ямар сайндаа Н.Төмөрхуягийн дуулдаг
“Амьдрал хайр дээр тогтдог” дууг анх би радиод бичүүлэх гэж байсан чинь өнөөх маань
намайг хуураад өөрийн болгоод дуулчихсан.

-Яаж тэр вэ?

-Би хотод биш аймгийнхаа “Хан-Хэнтий” чуулгад
ажилладаг байсан. Хотод дуу бичүүлэх, эсвэл уралдаан тэмцээний үеэр л онгоцоор хот
орж ирнэ. 1990 онд “Цагаан лавай” хөгжмийн наадмын уралдаан болоод би “Будантай
юу буурал хорвоодоо…” гэсэн үгтэй “Ээж минь дээ” дууг дуулаад түрүүлчихдэг юм
байна. Тэгээд радиод нэг дуу бичүүлэх эрхтэй боллоо. С.Цэрэнчимэд ч надад “Амьдрал
хайр дээр тогтдог” дуугаа дуул гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Цэрэнчимэд тэр дуугаа
нэг их олон дуулаагүй, хүмүүст ч хүрээгүй байсан үе. Ингээд бүх ажил яг таг болоод
байж байсан чинь одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын өмнө дуучин Н.Төмөрхуягтай
таарлаа. Тэгсэн Н.Төмөрхуяг “Миний найз хөдөө гэртээ очоод байж бай. Дууг чинь бичих
үед чам руу хэл хүргэе. Тэгээд ч шинэ машинаа чуулгын үүдэнд удаан тавьж болохгүй”
гэдэг байгаа.

Би тэр үед тээвэрчдийн хол­боонд жолооч байсан
боло­хоор дөнгөж шинэ машинтай явж байсан хэрэг. Нээрээ ингэж хүлээж суухаар харьчихаад
ирье гэж бодоод яваад өгөхгүй юу. Тэгсэн мань хүн миний явсан хойгуур “Наад дууг
чинь намайг дуул гээд Цам­балхүндэв явчихсан” гээд өөрийнх бол­гочихсон. Найзууд
нэгнийгээ шоглочихож л байгаа байхгүй юу. Тэр явдлын өмнөхөн Н.Төмөрхуяг “Ханийн
нутаг” гээд дуугаа дуулсан ч хараахан олонд хүрээгүй байсан юм. Бид хэд чинь үй
зайгүй найзууд байлаа. Одоо бодоход их сайхан дурсамж санагддаг. Тэгээд ч урлагт
олон жил зүтгэхдээ зөндөө л сайхан зүйл тууллаа. Зохиолч Р.Чойномыг аав таньдаг
байсан болохоор хааяа архийг нь хүртэл зөөгөөд л гүйж байлаа.  Би өөрөө тэр болгон уугаад байдаггүй л дээ.

-“Ээж минь дээ” дууг нэг болохоор таных гээд,
эсвэл Цэрэнчимэдийнх гээд бай­даг. Яг хэнийх нь дуу юм бэ?

-Монголын радиод “Ээж минь дээ” дуу эх хувиараа
дуучин Т.Цамбалхүндэв” гээд хадгалаас­тай бий. Энэ чинь ийм учиртай юм. С.Цэрэнчимэд
надад зориулж хөгжмийг нь найруулж, Ч.Даг­вадорж гээд утга зохиол судлаач шүлгийг
нь бичсэн. С.Цэ­рэнчимэд маань уран бүтээлийн хувьд намайг их сайхан дэмждэг байсан.
1989 онд ээж нь өөд болж намайг дуудсан.

“Надад ийм дуу байна. Би нэг, хоёрхон удаа дуулсан.
Чи л ард түмэнд хүргэж чадна” гэсэн. Тэр жилдээ “Ээж минь дээ” дуугаараа “Алтан
намар” наадмын шилдэг гэсэн шагнал хүртэж, дараа жил нь “Цагаан лавай”-д дуулж бас
л тэргүүн байр эзэлсэн. Тухайн үеийн “Алтан намар” наадамд Зангад гуай “Ай даа алтан
намраа” гэж ирээд л ид  дуулж байсан үе л
дээ. Ер нь 1996-1997 оны хооронд болсон бүх концертыг Дүгэрмаа гэж хүүхэн хөтөлдөг
байлаа. Бид хаана л концерт болно оролцоно. Кон­цертын үеэр залуу дуучид “Намайг
Цамбалхүндэв ахын өмнө зар­лаарай” гэдэг байсан гэж ярьдаг.

-Яагаад?

-Намайг дуулаад ороход үзэгчдийн алга ташилт,
эмоци дарагдахгүй байдаг гэнэ л дээ. Үзэгчид байнга дахиулдаг байсан болохоор тэгж
байхгүй юу. Тэр жилүүдэд миний дуунууд ра­диогийн хит парадын тэргүүнд л явна.  Ардын жүжигчин Д.Самбуу болон С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг,
П.Адарсүрэн зэрэг олон сайхан дуучидтай мөр зэрэгцэн урлагийн тайзнаа ана мана л
үзэж байсан гээд бодохоор өтөл насны ганц сайхан дурсамж юм даа. Миний үеийн дуучид
ер нь төрийн шагнал хүртэж. Энэ жил Монголын ард­чилсан холбоо миний нэрийг гавьяатад
тодорхойлсон сурагтай.

-Өмнө нь таныг гавьяатад хоёр ч удаа тодорхойлж
байсан гэж сонссон. Харин энэ жил яах бол?

-Тийм. Тулгар төр байгуу­лагдсаны 800 жилийн ойгоор,
мөн 2009 онд гээд хоёр ч удаа Монгол Улсын гавьяатад тодор­хойлуулсан. Гэтэл өгөөгүй.
Гэхдээ би чинь Алтан гадастай л хүн. Хуучны уран бүтээлчид өнөөдөр хоцрогдсон байж
магадгүй. Гэхдээ цагтаа хийх зүйлээ хийж бүтээсэн хүмүүс. Тэртэй тэргүй ард түмэн
мэдэж байгаа. Өгвөл төрийн хишиг, хайр хүндэтгэл гэж дээдэлнэ. Өгөх­гүй бол одоо
яахав. Төрийнхөө хишгийг хүртэж амжаагүй хорвоог орхисон олон сайхан уран бүтээлчид
байгаа шүү дээ. Өөр би яах ёстой юм. Эсвэл би нугарах ёстой юм уу, илбэ үзүүлэх
ёстой юм уу.

-Таныг “Цэлмэг тэнгэр” хамтлагт дуулдаг байсан
гэдэг. Энэ тухайгаа хууч­лахгүй юу?

-Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид
1972-1975 онд алба хаасан. Бас болоогүй ээ “Цэлмэг тэнгэр” нэртэй хамтлагтай. Цэргийн
ангийнхныгаа жинхэнэ доргиож, хөглөнө шүү дээ. Залуу байхад сайхан байжээ. Хайр
сэтгэлийн тухай, хайрын тухай дуу дуулаад л гитар нүднэ. Лимбэ, үлээвэр тоглоно.

-Одоо танд тэр үеийн тоглож байсан хөгжим бий
юу?

Тухайн үед
12 утастай гитар барьж байсан. Одоо надад байхгүй. Чулуун-Овоонд нэг айлд байгаа
сурагтай. Гитарын дотор талд “1971 онд үйлдвэрлэв. Ленинградын хөгжмийн үйлдвэр.
Чапаевын XV гудамж” гэсэн бичигтэй байх ёстой. 1978 онд Москвад явж байхдаа авч
байсан юм. Үзэмж нь муудсан ч гэсэн аваад гэртээ өлгөчихье гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Өвөр­монгол дуучидтай хамтарч ажиллаж
байгаа гэсэн…

-Хүн хөгшрөхөөр шүлэг бичдэг юм гэнэ лээ. Дуу
дуулахаас гадна шүлгийн ном бичиж байгаа. Саяхан л гэхэд би шүлгийг нь бичсэн “Ганцаар
жаргадаггүй хорвоо” дууг Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр дуулсан байсан.

-Одоогийн залуу дуучид­тай хэр дотно байна?

-Залуу дуучдын хувьд таны дууг дуулъя гэж ирэх
нь бий. Үнэндээ тэдний өмнөөс ичдэг. Бурхан хүнийг нэг л хувь заяадаг. Гэтэл манай
залуучууд өөр хүнийг дуурайж уран бүтээл хийх гээд байгааг би ойлгодоггүй. Адар­сүрэнгийн
“Энх улирал” дууг Төрмандах гээд залуу дуулсан харагдсан. Яаж ч дуулаад Адарсүрэнг
гүйцэхэв. Адарсүрэн хорвоод амьд сэрүүн байхгүй болохоор чимээгүй байна. Гэсэн хэдий
ч нэгэнт дуулаад ард түмэнд хүрчихсэн юм чинь яаж ч сайхан дуулаад тэр хүний хэмжээнд
хүрэхгүй ш дээ. Миний “Чулуутын гол” дууг нэг дуучин бас дуулъя гэсэн. Өөрсдөө шинийг
эрэлхийлж, шинэ уран бүтээлээр үзэгчдэд танигдах ёстой. Тэрнээс биш хүний нэр дээр
“од” болно гэдэг ёс жудаггүй явдал.

-“Чулуутын гол” таны бараг брэнд дуу шүү дээ.
Ард түмэн ч андахгүй. Энэ дуу хэрхэн төрөв?

-1994 онд санагдаж байна. Одоогийн хөгжмийн зохиолчдын
холбооны  дарга, “Морин хуур” наадмын гурван
удаагийн шагналт Б.Бямбабаяр нэг өдөр намайг дуудаад “Чиний хоолойд энэ дуу их зохино”
гээд “Чулуутын гол” дууг өгсөн. Шүлгийг нь Минжүүр бичсэн юм. Үнэхээр дуулсан цагаасаа
л ард түмэнд хүрсэн. Одоо 40 жил “Чулуутын гол”-оо дуулсан байна шүү дээ.

-Таны эхнэр Монгол Улсын начин Ц.Дамдингийн дүү
байх аа. Одоо гэр бүлээрээ хотод амьдарч байна уу?

-Би л хотод байна. “Гоц жаалууд” цэцэрлэгт манаач
хийж байна. Цомгийнхоо мөнгөнд хэд гурван төгрөг нэмэрлэх санаатай. Эхнэр хүүхдүүд
харин аймагтаа л амьдарч байгаа. Цомгийнхоо ажлыг зохицуулчихвал нутаг буцна даа.
Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга,
улсын начин Ц.Дамдингийн төрсөн дүү.

-Танай удамд урлагийн хүн бий юу. Ээжийг тань
сайхан дуулдаг гэж нут­гийнхан тань ярьдаг юм билээ?

-Манай аав, ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын
уугуул. Аав багийн эмч хийж байгаад сүүлд барилгачин болсон. Аймгийн бү­тээн байгуулалтад
гар бие оролцож байсан хүн. Газраас хөндийрч тэнгэр өөд сүндэрлэсэн барилга болгоныг
аав бараг барилцаж байсан гэхэд хэлсдэхгүй. Ээж харин их сайхан дуулдаг. Эмээ ч
гэсэн дуулна. Ийм сайхан гэр бүлд өсч, өндийж, одоо өөрөө өтөл болж амьдралыг элээж
явна даа.

-Таныг Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүрт­гүүлэх гээд завгүй байгаа гэж
ярих юм. Үнэн үү?

-Их эзэн Чингис хаан хаан ширээнд суухдаа мөнх
тэнгэрээс хүч авсан уул бол Бурхан Халдун гэж Монголын нууц товчоонд удаа дараа
тэмдэглэгдэн ирсэн байдаг. Тэр ч үүднээсээ 2008 оноос эхлэн Бурхан Халдун уулыг
ЮНЕСКО-д бүртгүүлэх санаа гаргасан.
Гэвч хэн ч дэмжээгүй. Уг нь Үндсэн хуулинд газар дээрх өвс ургамал, ан амьтан ард
түмний өмч гээд заачихсан байдаг.

-Ямар учраас Бурхан Халдуныг бүртгүүлэх гээд байна
вэ?

-ЮНЕСКО-д
дэлхийн байга­лийн гоц сонин цогцолборыг орон нутгийн иргэдийн хүсэлтээр бүртгэнэ
гэсэн заавар байдаг юм байна. Бурхан Халдун уул маань Хэнтий аймгийн Өмнөдэлгэр
сумын нутагт байдаг шүү дээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй утсаар холбогдоод Бурхан
Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх иргэдийн
гарын үсэг цуглуулъя гэж тохирсон. Тэгээд өнгөрсөн зун Өмнөдэлгэр сумын бүх айл
өрхүүдээр нь яваад санал бодлыг нь сонсоод, 260 хүний гарын үсэг цуглуулаад ирсэн.
Түүнийгээ Ц.Оюунгэрэл сайдад зөвлөхөөр нь дамжуулан өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан
Халдун уул нь эрт дээр үеэс Монгол Улсын түүхэнд онцгой тэмдэг­лэгдэн ирсэн уул
юм. Их эзэн Чингис хаан 10 настайдаа Татаруудаас зугтан амь гарсан түүхтэй уул гээд
түүхийн хуудаснаа мөнхөрсөн олон сонин түүх бий. Энэ уулын ач буянаар бусад улсын
түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тийм учраас Бурхан Хал­дун уулаа онцгой хамгаалалтанд
авч, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх
орон нутгийн иргэдийн хүсэлтийг бүрдүүлээд ЮНЕСКО
руу явуулсан. Журмандаа хүмүүсийн гарын үсгийг тулгаж үзэх комисс ЮНЕСКО-гоос ирдэг юм билээ. Бүртгэлийнхээ
шатанд явж байгаа гэсэн хариуг ЮНЕСКО-гоос
Ц.Оюун­гэрэл сайдад ирүүлсэн байгаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монцгор төртэй байснаас монжсон иргэдтэй байсан нь дээр

Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр
рүү” гэдэг санаачилгыг чухам дээр дооргүй л ярьцгааж байна. Сөрөг хүчин хүртэл үүнийг
дэмжиж, урьд өмнө өөрсдөд нь падгүй байж байгаад чухам одоогийн төрд л хамаа­тай
юм шигээр ярьцгааж байна аа. Гэхдээ энэ тэр нь хамаагүй, хамгийн чухал нь данхайсан
толгойтой, цүр­дий­сэн гэдэстэй төртэй байс­наас иргэд нь гэдэс дүүрэн, халаас бүтэн
байхыг хаа хаанаа мэдсэн нь сайн юм. Төр нь монцойчихсон, иргэд нь мөр унжгар явснаас
хон­жоо монжоо нь иргэддээ ирдэг байх нь хэрэгтэй юм аа. Төр бизнест нь оролцоод
байдаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш бас өөрсөд­тэй нь өрсөлдөөд байдаггүй байгаасай
гэж бизнесийнхэн хүсч байгаа. Тэгээд ч төр гэдэг зангараг ханхлуулж сүрдэм сонстдог
ч тэнд эзэн байдаг­гүй билээ. Төрд очсон өмч бүр үнэгүйдэж тэндээс алдагдал л хүлээж
байдаг нь үнэн. Төрийн өмчийн нэр дээрх байгууллагын тоо урьдын адил их сонстсоор.
Одоо эднийг эхнээс нь хувьчилж, төрийн мэдлээс гаргах нь том төр данхайж бус харин
зөв менежмент хийж ухаалаг шийдвэр гаргадаг болоход хүрнэ. Тухайлбал МИАТ, Эрдэнэт,
Монросцветмет, Оюутолгойн төрийн мэдлийн хувийг, улсын эмнэлэг, сур­гуу­лиуд, МОНЦАМЭ,
МҮОНРТ, Монгол шуудан, цахилгаан станцууд, Хөтөл, Шивээ овоо, Багануур хувьцаат
компани, Монголын Цахилгаан холбоо компани, Дарханы төмөр­лөгийн үйлдвэр гээд төрийн
нэр дээр буй олон газрууд бий. Яагаад эднийг хувьчлах ёстой вэ.

МИАТ компанийг төрийн өмчийн гэдгээр нь үндэсний
агаарын тээвэрлэгч статустай болгосон. Гэхдээ энэ статус компанийн өмнөх тодотголыг
нэмэгдүүлсэн болохоос биш зорчигчдын халаасан дахийг хэмнэхэд ширхэг ч тусаа өгөө­гүй.
Тэр ч байтугай агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно гэсэн төрийн бодлогын
баримт бичигтэйгээ зөрчилдөхөд хүргэсэн. Төр агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх,
аюулгүй байд­лыг шинэ түвшинд гаргах, замын зардлыг багасгах ямар ч бодлогыг хийхгүй
харин өөрийн мэдлийн компаниа аргацааж авч явах боломж бололцоогоо нэгдүгээрт тавиад
байхаар ямар юмных нь ухаалаг төр болж чадах вэ дээ. Гэтэл чөлөөт өрсөлдөөн бодит
амьдрал дээр яаж тус­га­лаа олж байдгийг сүүлийн хэдэн жилийн дотор иргэд харж байна.
МИАТ ашиггүй гээд хаячихсан, үүнийг нь дагаад тав тухтай, аюулгүй байдлын асуудал
бүр хаягд­чихсан орон нутгийн нислэг бас ч гэж сайжраад байгааг бид харж байна.
“Изинис”, “Аэро Монголия”, “Хүннү эйр” гээд хувийн компаниуд энэ салбарт орж ирснээр
дааж давамгүй байсан үнэ өртөг бас ч гэж боломжийн болоод байгаа. Одоо гадаадын
ашиг­тай нислэгүүд нь төрийн ком­па­нидаа үлджээ. Үндэсний гэдгээрээ томордог ч
ижил төрлийн бусад авиа ком­па­ниу­дынхаа аманд ороод л нислэгийн тоо нь улам цөө­рөөд
л байдаг. Өөр сонголт­гүй зорчигчид нь харийн ком­па­ниудын аманд багтсан үнээр
өртөг өндөртэй нислэ­гээр явсаар удлаа. Гарах гарц нь хойно байгаагаа сэгсрүү­лээд
нисэхээс өөр яах билээ дээ. Сэтгэл дутдаг, эзэнгүй байдаг төрийн компанийн жишгээр
МИАТ ч бас алдаг­дал­тай ажилладаг. Дөрвөн онгоцтой төрийн компанид 780 хүн ажилладаг
бол 3-5 онгоцтой хувийн компаниу­дад 200-230 хүн ажилладаг гэх юм билээ. Бас том
ялгаа байгаа биз. Төрийн мэдлийн компанид бол хэнбугай ч ингэж ханддаг. Ямар өөрөөс
нь мөнгө гарах юм биш шир­хэг хадаасыг хоёр хүн дамж­лаад явах боломжийг хайж байдаг.
Харин хэмнэлт ашиг харж байдаг хувийн секторт шуудайтай хадаасыг нэг хүн үүрэх үүргийг
өгдөг. МИАТ-ийн удирдлагуудын идсэн уусан хэргийг бид залхатлаа л сонслоо. Төрийн
нэрийн дор эрх мэдэлтэй хэдэн хүмүүст идэж уух эрхийг нь өгөхийн оронд Монгол Улсын
төрөөс МИАТ-ийг шугамаа булаалга­даг­гүй харин ч тэр “Korean air”, “Air china”,
“Aeroflot”-той өрсөлдөх үүрэг өгөх байсан юм. Энэ бол ухаалаг төрийн хийх ажил байв.
БНСУ-ын төрөөс хэцүү бэрх цагт “Daewoo”-г яаж дэмжиж бас дэмнүүлж, “Samsung”-т дэл­хийн
хэмжээний компани болох үүрэг өгч байсныг жишээ болгож ярьдаг. МИАТ компаниас хөрөнгө
мөнгө шамшигдуулсан хэрэгт бурууд­сан хүмүүсийг шоронд олон жилээр хорих тухай ярихаас
илүүтэй алдсанаа тэднээр төлүүлж, тултал нь ажиллуулах тухай шийдвэр гаргавал ухаалаг
шийдэл болох байсан биз. Тэгж яривал цөөхөн монголчууд дунд боловсролтой чадалтай
хүмүүс цөөн. Тэр дундаа нисэхийн салбарт ажилладаг мэргэшсэн толгойнууд хуруу дарам
цөөхөн. Тиймээс тэднийг унасан салбарыг босгож, МИАТ-ийг дэлхийн хэмжээний авиа
компани болгож нүглээ наминчлах боломжийг өгвөл хэн хэнд нь хэрэгтэй байсан байж
болох юм. Шийтгэлийг хорьж биш харин ухаан хүчийг нь шав­хан авдаг хувилбарыг ма­найх
ер боддоггүй, шоронж­сон тогтолцоогоо л өөгшүү­лэ­хийг хичээдэг. Хадгаламж зээлийн
хоршооны хэргийг манайхан одоо ч ярьсаар. Хоршооны эзэд нь “Бид мөн­гөө босгох аргаа
мэдэж бай­на. Хүмүүсийг хохиролгүй болгож чадна. Битгий хориоч” хэмээцгээж бүр хохирсон
хүмүүс ч “Эднийг хориулал­гүй байж л бид мөнгөө авч чадна” гэж байсан ч хуулийн­хаа
дагуу гээд аваачаад л хийсэн. Тэгээд хохирогчид олж долоосон юм ч байхгүй, хадгалуулсан
мөнгө нь өнөөх бизнесмэнүүдийн хуруу хум­саа хугалан байж цуглуулсан хамаг хөрөнгийн
хамт Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх газ­рынх­ны гараар ороод л дуус­сан. Хуулиа дагаж
мөрдөх ёстой ч төр ухаалаг байсан бол аль ч талдаа ашиггүй ийм алхмыг хийх хэрэггүй
байв.

Үлгэр домог мэт үргэл­жилж байж арайхийн батал­сан
Оюутолгойн гэрээн дээр ч ярих асуудал бий. Страте­гийн ордын нөөцөд батлагд­сан
болохоор төр тодорхой хувийг нь авна гэдгээрээ л зүтгэчихсэн. Төр хамтрагч болоод
эхлэхээр хөрөнгө оруулж таарна. Бас хариуц­ла­гаа ч хамтдаа үүрэх бол­чих­но. Хөрөнгө
оруулах мөнгө­гүй болохоороо зээл авна. Гэтэл төр бүх төрлийн татвараа аваад явчихсан
бол үүнээсээ хамаагүй дээр байх байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгэхээр төрийн
мэдлийн хувь дээрээ ч бид бодолцмоор байгаа юм. Төрд өмч авах биш харин өмчгүй болгоод
ухаалаг зохицуулалт хийх боломжийг л эрэлхийл­мээр. Чөлөөт зах зээлийг мөрдлөг болгодог
олон улсын жишиг ингэж л явдаг.

Төрийн мэдэлд байдаг МОНЦАМЭ агентлаг, олон нийтийн
тодотголтой МҮОНРТ-ийн талаар ч ярил­гүй өнгөрч боломгүй. 1998 онд батлагдсан Хэвлэлийн
эрх чөлөөний тухай хуулиар төр мэдэлдээ хэвлэл мэдээл­лийн хэрэгсэлгүй болохоор
болж, улмаар ОНРТ-ийн хууль батлагдаж төрийн мэд­лийн радио, телевиз байхгүй болж
байв. Үүнийг төр биш олон түмэн маань л мэдээл­лийн хүчирхэг хэрэгсэлтэй болсон
гэж байгаа амьдрал дээрээ худлаа. Мөнгө нь төрийнх, томилгоо нь улс­төрийнх, байшин
барилга нь ч төрийнх. Тэгэхээр төрийн бус олон нийтийнх гэсэн жүжигт хэн хэн маань
ч итгэх­гүй. Ядаж гаргаж буй контент нь олон нийтийн хэрэгцээг хангадаг ч биш. Энэ
салбарт чөлөөт өрсөлдөөн байхгүй болохоор бас л эрүүл биш.

Цахилгаан, дулааны стан­цуу­дын хувьд үнийг нь
чөлөөлж, хараат бус болгож байж л бид эрчим хүчээ бор­луу­лах талаар бодож эхлэх
байх. Түүнээс хараат байд­лаа­раа бол юун гадагшаа гаргах, бусдын аяыг хардгаа­раа
л байна. Шуудангийн байгууллагыг хувьчилдаггүй юм аа гэхэд үйл ажиллагааг хувьд
шилжүүлэх тухай бид бодох л хэрэгтэй болж байна. Төр баялгийг үйлдвэрлэнэ гэж хэзээ
ч байхгүй. Төр үйл ажил­лагаа явуулаад ашиг олно гэж ч байхгүй. Харин баялаг үйлдвэрлэх
боломж, ашиг олдог чиг замыг нь аж ахуйн нэгжүүд, иргэддээ л нээж өгмөөр. Хорин
жилийн өмнө ярьж байснаа одоо давтаж, дороо эргэл­дэх эргүү төлөг шиг байгаа ч дахиад
хорин жил эргэлдэх­гүйн тулд одоо эхэлмээр бай­на. Төр мэдэлдээ өмчтэй бай­гаад
үржүүлж нэмэгдүүлээд иргэддээ өгнө гэж үгүй. Харин төрд эзэн байдаггүй учраас хэн
эрх мэдэлтэй байна, хэн зувчуулах боломжтой байна тэр хүний хуруун салаагаар л гарна.
Магад тэгээд нэг нам нь ялахаар нөгөөхөө барив­чилж, нөгөө нь дараагийнхаа гэх мэтээр
явж өгнө. Дуусаш­гүй өс хонзон. Төр өмчтэй байх нь ийм хэргүүд гарахын үндэс болчихдог.
Тиймээс хэн яаж мөнгөтэй хөрөнгөтэй болс­ныг олж тогтоож судал­даг, буруутгах гэж
оролддог тогтолцоогоо ерөөсөө төр нь хөрөнгөтэй байдаггүй тогтол­цоогоор халмаар
байна. Төр хөрөнгө нэмэх гэж ухаан, цаг зарахын оронд хүмүүсээ яаж хөрөнгөтэй мөнгөтэй
байлгах вэ гэдэгт л анхаарвал таарна. Угаасаа төрийн хөрөнгө иргэнд ирж наалддаггүй
юм. Баян төртэй байснаас баяж­сан иргэдтэй болж, монцгор төртэй байснаас монжсон
ардтай байсан нь дээр хойно.

Categories
редакцийн-нийтлэл

Дуурийн театр дарга солигдох тоолонд хямарсаар байна

ЕРӨНХИЙ БАЛЕТМЕЙСТР, ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ
БОЛОН НАЙРУУЛАГЧГҮЙ ТЕАТР

Дуурь бүжгийн эрдмийн театр дотроо
хямраад нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд арав гаруй уран бүтээлч, аж
ахуй, санхүү захиргаа арын албаныхан­тай нийлээд хориод хүн ажлаа­­саа халагдаад
байгаа аж. Дээрх арав гаруй уран бүтээлчийн олонхи нь тэтгэв­рийн насанд хүрсэн
гэх шалт­гаанаар халагджээ. Үүнээс өмнө экс дарга Сэргэлэнгийн үед бас бөөнөөрөө
халагдаж байв. Тухайн үед олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн учир шалтгаанаа Б.Сэргэлэн
захи­рал театрт “цус сэлбэх” шаард­лагатай холбон тайл­бар­лаж байв. Уг алхмыг мэр­гэж­лийнхэн
үзэхдээ залуу уран бүтээлчдийг олноор нь гаргаж ирж тайзан дээрх цөөн хүний монополийг
задалс­наар уран бүтээлийн өрсөл­дөөнийг нээлттэй болгосон гэж үзсэн. Таагүй нөхцөл
үүсэхэд тэмцэл өлсгөлөн зар­лаад гудамжинд гарч хашхи­раад байдаггүй, хэрүүл тэмцэл
хийж олны анхаарлыг татаад байдаггүй нэг онцлог эднийд бий. Олгой хагаравч тогоон
дотроо гэдэгчлэн. Харин энэ удаад байдал арай өөрөөр өрнөж байна. Нарийн мэргэжлийн,
мэргэш­сэн, өөр нэгнээр орлуулах бололцоогүй 
уран бүтээлч­дээ ээлж дараалан явуулсаар байна. Эхлээд Ерөнхий балет­мейстр
Б.Жамьяндаг­выг өндөр насаар нь шалтаг­лан зөвлөх балетмейстр нэрээр, дараа нь Ерөнхий
найруулагч Г.Эрдэнэбаата­рыг, саяхнаас Ерөнхий балет­мейстр Х.Гэрэлчимэгийг, мөн
симфони оркестрын мэргэш­сэн хөгжимчдөөс явуулаад буй юм. Үлдсэн хэсэг нь ажлаа­саа
халагдах вий гэх айдас, нэгэндээ үл итгэх ханд­лага дор сэтгэл зүйн дарам­тад ажиллаж
байгааг ажил­лагсад нь хэлж байна. Үүний нэг шалтгаан нь “дотоод мони­торинг” гэх
ажил шинээр бий болгосон явдал гэнэ. Тэр нь ажиллагсдад нэгийгээ “тагнуул юм уу
дарга нарын бууны нохой” байж болзош­гүй гэх сэтгэгдэл төрүүлдэг бололтой юм.  “Дотоод мони­то­ринг” нь чухам юуг хянадаг нь
бас тодорхойгүй, хүмүүсээ хянадаг бололтой яриа явж байх юм. Ерөнхий балет­мейст­рээр
ажиллаад удаагүй байсан Х.Гэрэлчимэгийг ажлаас чөлөөлөхдөө теат­рын балет ангийн
уран бүтээлч­дийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэс­лэсэн гэж тайлбарлаж бай­гаа.
Уг санал асуулга нь Х.Гэрэл­чимэгтэй “хамтран ажиллах бололцоотой эсэх” гэх мэтийн
утгатай арав гаруй асуулттай байжээ. Асуулгад балетчид Х.Гэрэлчимэгээр удирдуулж
ажиллах боломж­гүй гэж хариул­сан юм байх. Санал асуулгын хариултыг театрын удирдлагууд
тэгж танилцуул­сан гэнэ. Анхны хориод хүн халсан үеэс үүсээд байсан үл итгэлцэл
дээр дээрх санал асуулга бүр ч нэрмээс болсон аж. Саях­наас симфони оркест­рын хоёр
ч хөгжимчин театраасаа татгалзаж Улсын Филар­монид ороод байна. Тэд теат­рынхаа
одоогийн дотоод уур амьсгалаас зугтаж ажлаа сольжээ. Нарийн мэр­гэж­лийн хөгжимчдийн
дотор нь орж ажиллахыг мөрөөддөг улс­даа хамгийн том оркест­роо­соо тэд ийм шалтгаанаар
явсан гэнэ. Ажлаасаа халагд­сан хүмүүсээс Ерөнхий най­руу­лагч байсан Г.Эрдэнэ­баатар,
зохион байгуулагч байсан Баасандалай нар шүүхэд ханджээ. Тэд­ний нэхэмж­лэлийг анхан,
дунд шатны шүүх хянан хэлэл­цээд хоёуланг нь үндэс­лэлгүй халагд­сан гэж үзэн ажилд
нь эргүүлэн авах шийд­вэр гарга­жээ. Хоёр шатны шүүхийн шийдвэр ингэж гар­сан тул
Баасандалай ажил­даа эргэж орохоор очсон боловч теат­рын удирдлага татгалзсан хариу
өгчээ. Харин Ерөнхий найруулагч одоогоор театр­тай­гаа эргэж харьцаагүй яваа бололтой.
ДБЭТ-ын даргаар Ч.Мөнхзул, Уран сайхны удир­дагчаар А.Дашпэлжээ нар ирж ажиллаад
яг нэг жил болж байгаа юм. Энэ хуга­цаанд тус театрт дээрх үйл явдлууд болж өнгөрөв.

 

ДБЭТ-Т ЯАГААД ХӨЛ ТОЛГОЙГҮЙ МЭТ
БУЖИГНААН БАЙН БАЙН ДЭГДЭХ БОЛОВ

 

Дөрвөн жилийн давтамж­тай даргын томилгоо,
шинэ дарга нарын хийж буй халаа сэлгээ зэрэг нь бусад салбарт яадгийг бүү мэд, мэргэжлийн
урлагт хамгийн хорлонтой тусч байна. Дуурь бүжгийн эрдмийн театр бол соёл, урла­гийн
салбар дотроо бүр ч онцгой бүс юм. Энэ төрлийн театр нь улс үндэстний оюу­ны соёлын
хөгжлийг тодор­хойл­дог учир манайхаас бусад улс орнуудын төр, засаг нь сонгодог
урлагийн театртаа онцгой ач холбог­дол өгдөг юм байна.  Манайх шиг үе үе толгойг нь өөрч­лөөд байдаггүйн
учир нь тэр аж. Оюуны соёлын асар өргөн цар хэмжээтэй үйлд­вэр­лэл тэнд явагдаж
байдаг учраас “стратегийн ач холбог­дол” өгдөг байна. Сонгодог, хөгжмийн, эрдмийн
гэхчилэн тодотголууд нь тухайн театр уламжлалаа барьж урагшлах зарчимд тулгуурлаж
байдаг бөгөөд сонгодог урлаг өөрөө зөвхөн дэг сургуулиараа төдий­гүй тэр урлагийг
хөтлөн урагшлах бодлогоороо ч уламж­лалаа барих зарчмыг шаарддаг. Гэтэл манайд энэ
зарчим сүүлийн хорь гаруй жилд алдагдсан. Ингэс­нээр ДБЭТ хөгжих бус дарга солигдох
тоолонд хямарсаар байна. Одоо тус театрын дотоод эх сурвалжууд нөхцөл байдлаа үнэлж
дүгнэж эхэл­лээ. Тэд үзэхдээ, нэг жилийн дараа гэхэд энэ театр унал­таа бүрэн хүлээн
зөвшөө­рөхөд хүрэх болно гэцгээж байна.

ДБЭТ-ЫН ХЯМРАЛЫН ШАЛТГААН ЮУ БАЙВ?

Үндсэн хоёр шалтгаан харагдаж байгаа
нь бүтэц болон урын сангийн бодлого хоёр юм. Сүүлийн хорь гаруй жилийн туршлагыг
эргэн хар­вал ДБЭТ урын сангийн бод­логогүй явж ирсэн нь хамгийн түрүүнд үзэгчдэд
илт анзаа­рагд­дагийг хэлэх хэрэгтэй. Ердөө л өмнөх үеийнхнийхээ босгож хуримтлуулж
өгсөн энерциэрээ явж ирсэн хэрэг. Тиймээс эднийхийг удирда­хаар ирж байгаа ямар
ч баг хамгийн түрүүнд урын сан­гийн бодлогоо тодорхой болгох, төлөвшүүлэх үүргээ
гүйцэтгэх ёстой болж байна. Байгаа хүмүүсээ халж солих зэрэг нь үнэндээ том хариуц­лагын
дэргэд хэтэрхий жижиг зүйл. Харин театр цааш нь явах энерцгүй болох цагт хаалгаа
хаахаас өөр яах гэж. Энэ л жинхэнэ гамшиг. Дараа­­гийн зайлшгүй алхам бол дэлхийн
театруудын сүл­жээнд нэгдэх. Орчин үед теат­рууд энэ замаар хөгжин томорч байна.
Ингэснээр тухайн улсын теат­рын нэр хүнд, үнэ цэн өсч, орлого нь тасралтгүй нэмэгдэж
байна. Үүнтэй хамт тухайн улсын нэр төр, орлого бас тасралтгүй нэмэгдэж байдаг байна.  Гэтэл ДБЭТ улам уруудаж, улсын төсвөөр голоо зогоох
төдий. Зөв удирд­лагын систем, уран бүтээлчдийн оновчтой бүт­цээр ажиллах­гүй явж
ирснээ­сээ болж улс оронд орлого, үнэ цэнийг босгохын оронд харин ч сан­хүү­гийн
төдийгүй оюуны соё­лын хямрал руу чирч байгаа нь харамсалтай. ДБЭТ бол манай улс
өнгөр­сөн наян жилийн хугацаанд босгосон соё­лын том  үйлдвэр, олон улс дахь манай нэр төрийн баталгаа.
Тэгэхээр энэ театрт одоо хоёр том алхам хийх гарц харагдаж байна. Эхнийх нь, сонгодог
урлагийн теат­рын ажиллах зөв бүтцийг маш хурдан байгуулах. Нөгөөх нь урын сангийн
бод­ло­готой болох. Энэ нь дуурь бүжгийн театрын үйл ажил­лагааны мэргэжлийн стан­дарт
юм. Дэлхийн тавцанд чөлөөтэй гарахад хийвэл зохих алхам үүнээс өөр байх­гүй. Олон
улсын сүлжээ­ний театрууд өнөөдөр их мөнгө­ний урсгалыг бий болгохын зэрэгцээ улс
үндэст­нийхээ нэр хүндийн том баталгаа нь болж байна. Энэ нь дуурийн театруудын
өнөөгийн дэл­хийн жишиг болжээ. Жишээ нь, Австрийн дуурийн театр гэхэд олон улсын
валютын эргэлтийг өөрөөрөө дамжуу­лан улс орныхоо жилийн орло­гын нэлээн жин дарах
хэсгийг бүрдүүлдэг байна.

Тэгвэл дуурь бүжгийн эрдмийн театрын
стандарт ямар байдаг вэ?  Театрын аж ахуй,
уран бүтээл, маркетинг гурав нь тус бүртээ шаталсан бүтэцтэй байдаг юм байна. Энэ
бүтэц нь дуурь балетын театрын хэвийн үйл ажилла­гаа явуулах стандарт бүтэц аж.
Энэ стандартаар, теат­рын уран бүтээлийг зөвхөн туурвин зохиогчид шийдэж байдаг
учир Уран сайхны зөвлөлийг удирдагчаасаа эхлээд зөвхөн зохион туур­вигч уран бүтээлчдээс
бүр­дүүл­дэг байна. Ерөнхий най­руу­лагч, ерөнхий удирдаач, ерөнхий зураач, ерөнхий
хормейстр, ерөнхий балет­мейстр, ерөнхий концерт­мейстр гэхчилэн. Гүйцэтгэх уран
бүтээлчид уран сайхны зөвлөлд байх боломжгүй гэсэн үг. Уран сайхны зөвлө­лийн буюу
зохион туурвигч багийнхаа доор удирдан туурвигч уран бүтээлчид, гүй­цэт­гэн туурвигч
уран бүтээл­чид гэж байна. Энэ хоёр нь дотроо мөн өөр өөрийн шатал­сан бүтэцтэй.
Дэлхийн дуурь балетын театрууд бүгд ийм стандарт бүтцээр ажил­лаж байна. Сонгодог
урла­гийн суурийг тавьж хөгжүүл­сэн алтан үе нь жараас далан оны сүүл, наяад оны
эх байв.  Гэвч театраа стан­дар­таар нь эмхэлж
чадаагүйн шалтгааныг хөгжим судлаа­чид мэргэжлийн хүмүүс дутаг­даж байсантай холбон
тайл­бар­лаж байгаа бол сүүлийн ялангуяа арав гаруй жилд бүх болол­цоо нээлттэй
л байлаа шүү дээ.

ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНИЙ ТЕАТРУУД БОЛОН
МАНАЙХТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ТЕАТРУУД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

 Манайхтай төстэй хуучин соц системд байсан улс
орнуу­­дын дуурь бүжгийн теат­руудын жишгийг одоо сонирхъё.  Жишээ нь,, Унгар, Болгар, Румын, мөн Оросын холбоонд
багтдаг 15 улсын театрууд бүгд уран бүтээлч­дийн шаталсан бүтэцтэй, тэр бүтэц нь
дээд зэрэглэлийн урлагийг маш өндөр хэм­жээнд нь хийх нөхцөлийг хангаж өгч байдаг
ажээ. Уг бүтцийг тодруулбал, жишээ нь, Ерөн­хий найруулагчийн дор наад зах нь хоёр,
тэгээд дөрөв таван найруулагчдаас бүрд­сэн баг ажиллах жишээ­тэй. Театрын дарга
нь удир­даач, балет­мейстр, найруу­лагч гэхчилэн дандаа зохион туурвигчид байдаг
юм байна. Харин дэлхийн сүлжээний театруу­дын дээрх жишгээс ялгаатай нь дарга нар
нь томоохон бизнесмэнүүд, менежерүүд байна. Жишээ нь, Италийн “Ла Скала”, Авст­ра­лийн
“Сид­нейн дуурийн театр”, Амери­кийн “Метропо­литан” театр, “Карнеги Холл”, Оросын
“Боль­шой театр”, Австрийн дуурийн театр гэсэн томоо­хон театруудын дарга нар нь
том бизнесмэн, менеже­рүүд байдаг аж. Дэлхийн театруудын сүл­жээнд байдаг дуурь
балетын театрууд нь заавал Ерөнхий найруулагч­тай байх албагүй байдаг бай­на.  Харин хэд хэдэн найруу­лагчтай байдаг юм байна.
Дэлхийгээс ши­лэгд­сэн най­руу­лагчдыг урьж, өндөр үнэ төлж жүжиг тавиул­даг, тэр
жүжгүүдийг нь най­руулагч нар нь урын сандаа авч үлддэг ийм зарчмаар ажилладаг юм
байна.

АНХНААСАА СТАНДАРТАА ЯАГААД “МАРТАВ” 

Тус театр жараас далан оны эхэн хүртэл
Италийн “Чио Чио сан”-ыг эс тооцвол “Евгений Онегин” тэргүүт дан­даа Оросын  дуурь, балет, далаад оны дунд үеэс Италийн Ж.Вердийн
“Травиа­та” тэргүүт дууриудыг тавьж эхлэн наяад оны сүүл үе, ерэн оны эх гэхэд дэлхийн
дуу­рийн бараг ихэнх том дууриу­даар урын сангаа баяжуул­сан байдаг. “Отелло”,
“Туран­дот”, “Трубадур” гэхчилэн үргэлжилнэ. Энэ бүхнийг Ерөн­­хий найруулагч агсан
Лхасүрэн, дараагийн ерөн­хий Л.Эрдэнэбулган найруу­лагчийн үед хийж дуусгажээ. Ингээд
ерээд оны дунд хавиас урын сангийн бодлого нь хэрхэн үргэлжлэхийг дахин шинээр олж
харах шаардлагатай үе эхэлж. Балетын хувьд, Э.Чойдогийн хөгжмөөр Б.Жамьяндагвын
неоклассик бүтээл “Чойжид дагина”, хөгжмийн зохиолч А.Батдэлгэрийн “Гэсэр номун
хаан”, “Тэнгэрийн ташуур” гэхчилэн шинэ бүтээлүүд тавьж, балетад үндэсний бүтээлдээ
хандах хандлага сэргэж эхэлсэн бол, дуурь талдаа Австри, Германы жүжигт хандаж,
мөн хөгжмийн театрын шинэ төрлүүдээс оруулж ирсэн байдаг. А.Моцар­тын “Увдист лимбэ”
дуурь, И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта зэрэг  нь чухам энэ шаардлагыг олж харсан бүтээлүүд юм.
Том дууриудыг бодвол хөнгөн, тансаг, орчин үеийн үзэгч­дийн хэрэгцээ шаардлага,
дэлхийн театруу­дын хандла­гыг мэдэрсэн, бас дуучид уран бүтээлчдийн мэргэжлийн
өсөлт, эрсдлийг тооцож үзсэн шийдэл байсан болов уу. Сонгуулиас сонгуулийн хоо­ронд
савлаж бужигнал­даж ирсэн одоогийн энэ жиш­гийг хүлээж авах болол­цоогүй ганц байгуул­лага
бол ДБЭТ. Босох уу, сөнөх үү, цааш нь хэрхэн урагшлах вэ гэдэг асуултын өмнө эднийх
тулж ирээд бай­на. Дарга нь чухам хэн байх нь асуудлын гол биш юм.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

С.Эрдэнэ: Хамтын тэтгэвэр нь үлдсэн нэгнийх нь амьдрах хугацаанд олгогдоно

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хамтын тэтгэврийн даатгалын тухай
хуу­лийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар гэр бү­лийн тэтгэврийн насны хүмүүсийн
аль нэг нь бие барсан тохиолдолд үлдсэн нь халамжийг нь үргэлжлүүлэн авч байх зохицуулалттай
гэв үү?

-Хуулийг гаргах бол­сон гол шаардлага
гэвэл өнөөдрийн Монгол гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсантай хол­боотой.
Мөн ахмад настнууд өнөөдөр бие дааж амьдрах хандлага ихэссэн. Хуучин хэдэн үеэрээ,
олуулаа нэг гэрт амьдардаг байсан сис­темийг халж тэс өөрөөр амьдрах сонирхолтой
бол­сон. Үүнээс болж ах­мад настнуудын амьд­рал, нийгмийн хамгаал­лын асуудлууд
хурцаар хөндөгдөж байгаа цаг үе. Тиймээс “Гэр бүлийн хөгж­­лийг дэмжих жил” болгон
зарласантай хол­боотой­гоор ахмад наст­ны нийг­мийн баталгааны асууд­лыг ихээхэн
хөндөж бай­гаа нь энэ. Ийн Хам­тын тэтгэврийн даатга­лын тухай хуулийг гар­гаснаар
ахмад настнууд аливаа эрсдэлд орохоос хамгаа­лах, тайван амьд­рах ор­чинг нь бүрдүүлэх
зорил­готой. Ер нь хор­воогийн жамаар гэр бү­лийн хоёрын хэн нэг нь түрүүлж мөнх
бусыг үзүүлдэг. Ха­рин үлдсэн нэг нь сэтгэл санааны хямралд оро­хоос гадна амьдралын,
эдийн засгийн байдал нь эрс хүндэрдэг. Өнөөгийн манай ахмадууд бүгд со­циализмын
үед амьдарч байсан. Цалингаас цалин­гийн хооронд байж бий болгосон хуримтлал ч үгүй
байдаг. Хоёр ахмад нийлээд 600 мянган төг­рөгийн тэтгэвэр авдаг байлаа гэж үзье.
Муугаар бодож нөхөр нь нас бар­лаа гэж үзэхэд тухайн өрхийн орлогын 60 хувь нь алга
болдог. Сэтгэл санааны хохирлоос гад­на ийм орлоготой үлдсэн хүн яаж амьдрах вэ.
Хоол унд­наас эхлээд хувцас хэрэг­лэл, ахуйн хэрэглээ гээд олон зүйл дутагдана.
Үүнээс болж тэтгэврийн зээл авч хүүнд нь давхар шатаж бүр эцэст нь өөр­төө байгаа
бүхнээ өгч өрнөөс салаад орох орон­гүй үлдэх тохиолдол ч олон байна. Энэ эрс­дэлийг
байхгүй болгохын тулд уг хуулийг гаргасан.

-Хууль батлагдвал нас барсан ханийнхаа
тэтгэврийн хэдэн хувийг авна гэсэн үг вэ?

-Одоогийн байдлаар 50, 70, 100 хүртэлх
хувь гэсэн тоо яригдаж байгаа. УИХ-ын гишүүд 50 хувийг нь өгнө гэх нь  үү эсвэл 70 хүртэлх хувь бүр цааш­лаад 100 хувь
өгнө гэсэн шийдвэрийг ч гаргаж ма­гадгүй. Тэтгэв­рийн даат­галын сангийн даац, ачааллыг
тооцож үзээд хэд байхыг шийдэх байх. Ер нь Тэтгэврийн даатга­лын сан мөнгөтэй, мөнгөгүйдээ
гол нь биш.

-Энэ хууль гарснаар ямар хэмжээний
ачаа­лал үүсэх бол?

-Энэ хуулийг баталс­наар эдийн засгийн
сөрөг нөлөө бага байна. Угаа­саа тэр хүн авч байсан тэтгэвэр шүү дээ. Гэхдээ энэ
давхар тэтгэвэр нь ямар нөхцөлд хамаарах вэ гэвэл үлдсэн нэгнийх нь амьдрах хугацаанд
олгогдоно. Шууд хэлбэл насаараа нэг гэрт амьдар­сан хоёр хүний сүүлд амьсгал хурааснаар
нь тооцож тэтгэврийг хаа­даг болно. Хүн насаараа нийгмийн даатгал төлж хуримтлал
бий болгосон байгаа. Түүнээс нь хувь хишиг хүртээд амьдарна гэдэг бол их том буян
юм. Бурхан болсон хойно нь ханийнхаа буяныг хүр­тэж амьдарна гэдэг сай­хан байна
биз дээ. Харин тэтгэвэр авах хүмүүсийн тооны хувьд ойлгомжтой, тэлнэ. Гэхдээ тухайн
буу­рай нас бараагүй бол тэтгэврээ авдгаараа авна. Тэгэхээр эндээс ямар нэгэн зохиомол
эрс­дэл үүсэхгүй. Тооцооллыг бид хийнэ.

-Бас сөрөг талууд гарах байх. Гэр
бүлээ цуцлуулалгүйгээр хоёр тийш болсон гэр бүлүүд олон бий. Энэ тохиол­долд нэг
нь нөгөөгөө нас барсан тохиолдолд тэт­гэврийг нь үргэлж­лүү­лэн авах уу. Бас захи­ран
зарцуулах эрх нь хэр хангалттай байх бол?

-Сүүлийн 10 жилд нэг хаяг дээр, нэг
гэрт хамт амьдарсан байх шаард­лага тавьж байгаа. Харин нас барсан ханийнхаа тэтгэврийг
яг л эзэм­шигчийн эрх үүргийг адил эзэмшинэ. Ямар нэгэн хязгаар байхгүй. Шууд хэлбэл
нас барсан гэдгийг нь тодотгож өгөөд захи­ран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ. Банкнаас
зээл авна уу, сар сард нь тэтгэврээ авна уу өөрийнх нь эрх болж байгаа гэсэн үг.

-Зарим өндөр наст­нууд тэтгэврээ
үр хүүх­дүүддээ булаал­гах то­хиолдол элбэг байдаг?

-Ахмадын эрхийн тухай хуулийг боловс­руулж
байна. Энэ хуу­лиар ахмад настныг асар­даггүй, ямар нэгэн хэл­бэрээр дарамталдаг,
тэд­нийг сэтгэлзүйн болон эд материалын хохиролтой үлдээдэг, үүрэг хүлээсэн үр хүүхэд
нь үүргээ хүлээ­дэггүй ийм этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Уг хуулийг
гар­гах цаг нь болчихож. Гэр бүлийн хүрээнд гарч бай­гаа хүчирхийллийг судалж үзсэн.
Хүүхэд, эмэгтэйчүүд ихээр өртдөг байсан бол өнөө­дөр ахмад настнууд ду­та­хааргүй
өндөр хувьтай гарч байна. Тэтгэврийг нь булааж аваад үнэгүй зарцалдгаас эхлээд асуу­дал
их. Зоддог то­хиол­дол ч байна. Үүний­гээ ч ахмадууд нууж үхэ­хийн хооронд үр хүүхэд
болоод өөрийнхөө нэ­рийг бодож хамгаалдаг. Ийм далдын далд хэл­бэрийн хүчир­хийллийг
таслан зогсоо­хоор Ахма­дын эрхийн тухай хуулийг гаргах юм.

-Эдийн засаг хөг­жөөд иргэд, тэтгэврийн
насныхан төрийн гар харахааргүй болсон цагт энэ хууль хэрэгж­сээр байх уу. Хуулийн
хэрэгжих хугацаа гэж тавьж өгсөн үү?

-Хуулийг хэрэгжих ху­га­цаа гэж байхгүй.
Дав­хар тэтгэвэр авахгүй бо­лох шаардлагагүй үе гэж ер нь гарахгүй дээ. Хүний хэрэглээ
хязгааргүй. Тиймдээ ч улс орон эдийн засгийн боломжтой бо­лох тусмаа давхар тэт­гэврийг
өгөх нь илүү үр дүнтэй хэрэг болно. Өнөөд­рийн байдлаар Япон, Австрали гэх мэтээр
өндөр хөгжсөн орнуудад нийгмийн хам­гааллын систем их хүчтэй байдаг. Тэтгэврийн
даат­галын тухай хуульд хүн бүрт тэгш олгодог суурь тэтгэврийн сан бий бол­гох ёстой.
Суурь тэтгэв­рийн сан дээр одоогийн авч байгаа тэтгэврээ нэмээд дээрээс нь нэмэлт
тэтгэврийн сантай болох хуулийн төсөл боловс­руулж байна. Суурь тэт­гэв­рийн сан
гэдэг маань эдийн засгийн хямрал болох мэт гэх сөрөг нө­лөөлөл үүсэхэд суурь тэтгэврийг
нэмж тухайн иргэнийг ямар нэгэн эрсдэлд орохоос хам­гаал­даг учиртай.

-Энэ хуулийг сонс­сон ахмад настнуудад
хүлээлт үүсэх байх. Хэрэгжилт нь хэзээ­нээс эхлэх вэ?

-Бид 2015 оны нэг­дүгээр сарын 1-нээс
хэ­рэгжүүлэхээр тооцож байгаа.

-МАН-ынхан улс ор­ны эдийн засаг
уналаа, их өрөнд орлоо гэж байна. Энэ үед хууль хэр дэмжлэг авах бол?

-Өр зээлийн асуудал гэдэг бол эдийн
засагтай огт холбоогүй цэвэр улс­төржсөн алхам. Сөрөг хүчин өнөөдөр энэ Зас­гийн
газрыг яавал гар хөлийг нь хүлээтэй байл­гах вэ. Яавал ажил хийл­гэхгүй байх вэ,
яаж нэр хүндийг нь унагааж, сөх­рүүлэх вэ гэдгийн төлөө л ажиллаж байгаа. Энэ Зас­гийн
газрыг унагаад 2016 онд хуучин эрх мэдэл, албан тушаалаа авъя гэсэн увайгүй бодол­той
байгаа. Түүнээс биш улс орны сайн сайхны төлөө тэд гоншг­оноод байгаа юм биш. Өнөөдөр
бондыг хориглосноор ирээдүй өргүй байхгүй. Тэртээ тэргүй Монголд бүтээн байгуулалт
хийх нь үнэн үү, үнэн. Монгол орон 2014 онд эдийн зас­гаараа тэргүүлнэ гэдгийг дэлхийн
топ судалгааны байгууллагуудаас мэ­дээлж байгаа. Эдийн зас­гийн өсөлт 15.7 хувьд
хүрнэ гэсэн магадлал бий. Ийм боломжтой үед бид бонд гаргана гэдэг аймшигтай зүйл
биш. Харин ч цаг хожиж бүтээн байгуулалтаа хийх ёстой. МАН-ынхан эрх барьж байхдаа
өөрсдөө, өөрс­дийнхөө зөв гэж үзэж бай­гаагаар энэ бүтээн бай­гуулалтуудыг хийхгүй
яасан юм. 

-Тэтгэвэр нэмэх шаард­лагыг МАН-ын­хан
тавилаа. Тэтгэв­рийн насныхан ч хү­лээлт­тэй байгаа байх. Энэ асуудлыг хэзээ хэр­хэн
шийдэх бол?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ца­лин,
тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг урьдчилан зарлахгүй гэж заасан учраас тодорхой зүйл
ярих боломжгүй байна. Яагаад вэ гэвэл зарлас­наас болж үнийн хөөрөг­дөл бий болж
цалин, тэт­гэвэр нэмсний үр ашиг гардаггүй. Энэ нь үнэн. Ямартай ч тэтгэврийн нэмэгдлийн
асуудлаар Засгийн газарт хуулийн төсөл хүргүүлсэн. Нэг зүйлийг хэлэхэд Засгийн газрын
мөрийн хөтөл­бөрт тухайн жилийн инф­ляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэгдүүлж
байна гэсэн заалт бий. Өнгөрсөн оны сүүлээр инфляц 11-12 хувьтай байсан.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Чарли Чаплины бэр монгол эмэгтэй чухам ямар гэр бүлд багтав?

 Чарли Чаплин эхнэр хүүхдүүдийн хамт “Manoir de Ban” эдлэндээ. Швейцарь

Монгол
эмэгтэй XX зууны нэрт жүжигчин Чарли Чаплины хүү Южин Чаплинтай гэр бүл болсон
тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хэвлэлүүдийн хуудсыг чимлээ. Монгол эмэгтэй
дэлхийн кино одын бэр болж. Үе удмаараа Америк, Англи, Швейцарь улсуудыг дам­насан
Чаплиныхны алдарт гэр бүлд багтсан тэр монгол бүсгүй уран нугараач гэдгийг бид
мэдэж авсан. Тэрбээр Чарли Чаплины ихэр ач охидыг төрүүлжээ. Чап­линыхан бол
Европын удам дамжсан урлагийн гэр бүл. Энэ гэр бүлд монгол эмэгтэй, тэр дундаа
манай уламжлалт урлагийн уран нугараач бүл нэмсэн нь то­хиолдлын бус нэн
сонирхолтой учир ерөөл гэмээр. Монгол бүсгүйн маань нөхөр Южин Чаплин нь Чарли
Чаплины гурав дахь хүү юм байна. Дуу бичлэгийн инженер мэргэжилтэй, баримтат
киноны найруулагч аж. Циркийн урлагт дуртай тэрбээр циркийн менежер, захирлаар
мөн ажиллаж байжээ. Чарли Чаплины хүү монгол бүс­гүйтэй хэрхэн танилцаж гэр бүл
болсон тухай болон монгол эхнэр, ихэр охидынх нь нэр зэрэг то­дорхой мэдээлэл
одоохондоо бидэнд үгүй ч циркийн урлаг тэр хоёрыг учруулсан болов уу. Южин
Чаплин Швейцарийн Вевегийн Олон улсын инээдмийн кино фес­тивалийн
ерөнхийлөгчөөр ажил­ладаг байна. Дуу бичлэгийн инженерийнхээ хувьд, өнгөрсөн
зууны хамгийн алдартай рок хамт­лагууд болох “Роллинг Стоунз”, “Queen”
хамтлагуудтай хамтран ажиллаж байжээ. Түүний хувийн амьдралын зарим мэдээллээс
одоо сонирхъё.

Южин Чаплин
монгол цустай ихэр охидоосоо гадна Кира хэмээх охинтой аж. Кира охин Южины
анхны эхнэр Бернадетаас 1982 онд төржээ. Чарли Чаплины мон­гол ээжээс төрсөн
ихэр ач охидын эцэг нэгтэй эгч нь болох юм байна. Английн жүжигчин, загвар
өмсөгч тэрбээр аавынхаа нэгэн адил Швейцарь дахь өвөөгийнхөө эд­лэнд өсчээ.
Гэвч 1990-ээд оны дундуур Южин Чаплин эхнэрээсээ салжээ. Кира Чаплин нь
загварын ертөнцийн нэр хүндтэй шагнал болох Венийн “Lifestyle Icon”-ыг 2010 онд
хүртэж байжээ. Мөн өвөө Чарли Чаплиныхаа анхны кино “Limelight”-ын нэрээр
нэрлэгдсэн Холливудын “Limelight Produc­tions” кино компанийн 30 хувийг
эзэмшдэг юм байна.

 

 Чарли Чаплины хүү Южин Чаплин гэргий, ихэр охид болон хадам ээжийн
хамт

                                       Южин Чаплин ихэр охидын хамт

 Чарли Чаплин дөрвөн удаа гэрлэж, арван нэгэн
хүүхэд төрүүл­жээ. Анхны гэрлэлт, 1918 онд Милдред Харрис гэх бүсгүйтэй гэрлэж
1919 онд хүүтэй болсон ч  Норман Спенсер
Чаплин гэх тэр хүү төрснөөсөө гурав хоногийн дараа нас баржээ. Чарли Чаплин
Милдред нар 1921 онд сал­сан байна. Дараа нь хоёр дахь эхнэр Лита Грейтэй 1924
онд гэрлэж. Тэд хоёр хүү төрүүлсэн бөгөөд хүү Чарльз Спенсер Чаплин нь 1925
онд, Сидней Чаплин нь 1926 онд төржээ. Гэвч тэд 1927 онд салж, Чаплин гу­рав
дахь эхнэр Паулитта Годдардтай 1936 онд гэрлэжээ. Хамтдаа “Орчин цаг”, “Их
диктатур” нэртэй хоёр кино хийсэн байдаг. Тэд 1942 онд салжээ. Чарли Чап­лин
дөрөв дэх эхнэр Уна О Нилтэй 1943 онд гэрлэсэн байна. Чаплин Уна нар найман
хүүхэд төрүүлсэн нь Жералдин Лейт Чаплин 1944 онд, Майкл Жон Чаплин 1946 онд,
Жозефина Ханна Чаплин 1949 онд, Виктория Чаплин 1951 онд, Южин Антони Чаплин
1953 онд, Жейн Сицил Чаплин 1957 онд, Анита Эмили Чаплин 1959 онд, Кристофер
Жеймс Чаплин 1962 онд төржээ. Чаплин Уна хоёрын том охин Жералдин Чаплиний
тоглосон олон кино бий ч хамгийн алдартай нь Британийн найруу­лагч Дэвид Линий
“Доктор Живаго” юм. Южиний том эгч энэ эмэгтэй 1992 онд дэлгэцэнд гарсан “Чап­лин”
кинонд эмээгийнхээ дүрд тогложээ. Түүнчлэн өвөөгийнхөө анхны кино болох
“Limelight” (Нэр төр) кинонд дүү Майкл, Жозефина нартайгаа хамт тогложээ.

 

 

 Южин Чаплины нагац аав Нобелийн шагналт зохиолч Южин О Нил        Южин Чаплины ээж Уна О Нил

Южин
Чаплины өсч торнисон энэ байшин Чарли Чаплины Швей­царь дахь гэр нь юм.  Энэ байшинг 1840 онд Европын алдартай ар­хитекторч
Филипп Франель барь­жээ. Нийт 24 өрөөтэй, неоклассик загвараар барьсан
байшин,  “Маноир ди Бэн” нэртэй энэ эдлэн
эргэн тойрон 14 га гэнэ. Чарли Чаплин Америкаас хөөгдсөнийхөө дараа 1953 онд
эхнэр найман хүүхдийн хамт Швейцарьт ирж энэ эдлэнд нүүн ирж суурьшжээ. Нэрт
жүжигчин 1977 онд Зул сарын баярын өдөр насан өөд болсон бөгөөд амьдралынхаа
сүүлийн хорин жилийг энэ эдлэндээ өнгөрүүлсэн байна. 2008 оноос энэ байшин олон
улсын сан­хүүгийн “Жени капитал” фирмийн эзэмшилд байж байгаад эргээд “Чаплины
ертөнц” музейн өмч, “Чарли Чаплины өвийн төв” нэртэй болжээ. Швейцарийн соёлын
өвд бүртгэлтэй эл Музейн Чарли Чаплинд холбогдох үзмэрийн хэсэгт нэрт жүжигчний
бичсэн захидлууд, 1960 аад онд дээр нь намтраа бичиж байсан бичгийн ширээ, төгөлдөр
хуур нь, хувийн номын сан, бүх киноных нь зохиолууд, гэр бүлийн зургийн цомог,
гар бичмэлүүд, гэр бүлийн эдэлж хэрэглэж байсан тавилгууд зэрэг баялаг үзмэр
байдаг байна. Эдлэнг цаашид мультмедиа үзмэрийн сан бүхий студитай болгон
өргөжүүлэх зорилготой гэнэ. Музейг өргөжүүлж Чарли Чаплины амьдрал уран
бүтээлийг өгүүлэх 3000 квм талбай бүхий үзэсгэлэнгийн танхимыг 2015 оны зун
гэхэд нээх юм байна.

1889-1977
оны хооронд амьдарч байсан, инээдмийн киноны хаан, хэзээд хуучиршгүй цуутай энэ
англи эр хожмын нэг өдөр монгол үндэстэнтэй 
ураг барилдана гэж төсөөлж ч байгаагүй нь мэдээж.  Өдгөө түүний хүү Южин Чаплин монгол бүсгүйтэй
гэр бүл зохиож, хөх толботой ихэр ач охид нь Швейцарьт өсч торниж байна. Южины
өвөө нь Америкийн жүж­гийн зохиолч, Нобелийн шагналт Южин Гладстоун О Нил юм.
Тэр 1936 онд Нобелийн шагнал, 1920, 1922, 1928, 1957 онуудад Пулитцерийн шагнал
хүртжээ. Южин Чаплинг төрөхөд аав ээж нь нагац аав Южиных нь нэрийг өгсөн
байна.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Тэргүүний фермер тэрбум гаруй төгрөгөөр хоёр үйлдвэр барьжээ

“Түмэн
шувуут” ком­панийн гүйцэтгэх захи­рал Ж.Болд Монгол Ул­сын тэргүүний фермер бол­жээ.
Шагналаа гардаж амжаагүй байгаа шилдэг фермертэй уулзахаар Сонгинохайрхан дүүр­гийн
хажууханд байрлах төв оффис дээр нь очлоо. Ж.Болд “Тэжээлийн үйлд­вэрийнхээ
төсөл дээр өдөр шөнөгүй ажиллаж байна” гэсээр биднийг угтав. “Чингис бондоос
санхүүжилт авахыг хүсэж байгаа юм. Энэ үйлдвэр ажил болчихвол өндөг­ний үнэ энэ
жилийнх шиг өсөхгүй. Тахиа бусад амьт­даас үнэтэй юм иддэг. Нэг кг тэжээл нь
1100 төгрөг.  “Алтан тариа”-н дээд
гурилаас ч үнэтэй юм иднэ шүү дээ. Тэжээлийг нь гаднаас авдаг боло­хоор долла­рын
ханш чангарангуут өсдөг. Тэгэхээр өндөгний үнээ нэмэхээс аргагүй болдог юм”
хэмээн ярьж байв. Төслөө бэлдээд завгүй байгаа учраас бидэнтэй хамт Шувуу руу
явж чадсангүй. Шувууны аж ахуйгаас анх удаа улсын тэргүүний фермер шалгарч
байгаа гэнэ.  

Бид шилдэг
фермерийн шувуу­ны аж ахуйг  сонирхохоор
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд харь­яалаг­дах Туул тосгоныг зорилоо.
Хүмүүсийн ярьж заншсанаар бол Шувуун фабрик. Өмнө нь хэцүүхэн байсан замыг
өнгөрсөн намар засаад аятайхан болгочихож. Хотоос гараад хорин минутын дотор л
зорьсон газраа хүрчихэв. Блокоор барьсан 
хашаанд арав гаруй том, жижиг барилга барьжээ. Явган явахад нэлээд цаг
авахаар томоо гэгчийн хашаа юм. Биднийг үйлдвэрийн дарга Ч.Нэмэхжаргал,
борлуулалтын менежер Б.Мөнгөн­туяа 
хоёр  угтлаа. Ч.Нэмэхжаргал “Түмэн
шувуут”-ыг арван жилийн өмнө байгуулагдахад л үйлдвэрийн даргаар нь ажиллаж
эхэлсэн гэнэ.

 Өндөглөгч тахиа, дэгдээхэйний байрны аль
алинаар нь орохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. “Хорио цээр гэж айхтар юм  бий. Ингэж байж өвчнөөс хамгаална. Хүн гэдэг
чинь  өвчин тээвэрлэгч шүү дээ. Манай
ажилчид ч гэсэн нэг байрнаас нөгөө байр руу ордоггүй. Нөгөө байр руу орох
шаардлага гарлаа гэхэд усанд орж өөрийгөө бүрэн ариутгаж байж л ордог юм” гэж
үйлдвэрийн дарга тайлбарлав. Ингээд өндөглөгчийн хоёрдугаар байрыг сонголоо.
Үүдээр нь оронгуут л хлорамины хурц үнэр ханхална.  Наад талын жижгэвтэр өрөөнд өндөг­нүү­дээ  хайрцаглаж өржээ. Эндээс өдөрт хоёр машин
өндөг хот руу ачдаг юм байна. Өглөө авсан өндөг үдээс хойшдоо нийслэлчүүдэд
ирдэг гэнэ. Цагаан нөмрөг, улавч малгай өмсөөд өндөглөгч тахиануудын байранд
орох эрхээ авлаа.

 

   Өндөглөгч тахианы хоёрдугаар байр                                          Шувууны иж бүрэн лаборатори                                           

Үйлдвэрт
ороход ямар байдаг билээ, яг тийм чимээтэй орчинд тахианууд амьдардаг юм байна.
Тахиануудын ус, тэжээлээ тонших чимээ, сэнсний дуутай холилдо­хоор ийм нүсэр
дуу гардаг аж. Азарган тахианууд донгодох нь энэ дуунд бүр ч сүр нэмнэ. Биднийг
ороход “нөхдүүд” хоолондоо орж байв. Хоолыг нь өгөх гэж гэрэл асаахад тахианууд
нойрноосоо сэрж, гэрэл асах бүрд азарган тахианууд донгоддог гэнэ. 38 мянган
өндөглөгч тахиа амьдардаг энэ байр хоёрхон азарган тахиа­тай гэхэд жигтэйхэн
чанга донгодох юм. Тахианууд өдөрт дөрвөн удаа хооллодог юм байна. Бидний ор­сон
том заалны өндөглөгч тахиа­нууд гэхэд л 
өдөрт дөрвөн тонн гаруй буюу 90 шуудай тэжээл идчихдэг гэж Ч.Нэмэхжаргал
сонир­­хуулав. Тахиануудын зургийг авахаар аппаратаа гаргатал “Спич­катай бол
зураг авч болохгүй шүү” гэж  Б.Мөнгөнтуяа
санууллаа. Гэрэлтүүлгийн хэмжээ стандарт энэ тэр нь яг нэг горимд байдаг
бололтой. Хэрвээ нэг нь цоччихвол зааланд байгаа гуч гаруй мянган тахиа ээлжилж
үргээд сүйд болдог гэнэ. Цочролд орсон зарим нь 
өндгөө өгдөггүй юм байна. Бүр хорогдол гарах эрсдэл ч гардаг аж.

Тахианууд
өдөрт арван цаг гэрэлтэй орчинд байдаг гэнэ. Бусад үед гэрэл унтарна. Өдөрт
дөрвөн удаа унтарна. Харанхуй болонгуут тахианууд нам жим болж амралтын цаг нь
эхэлдэг аж. Өндөглөгч тахиануудыг хооллох, ус өгөх, сангасыг нь байрнаас гаргах  зэрэг бүх ажил  автоматжжээ. Өдөрт дөрвөн удаа тэжээлийг нь
цэнэг­лэ­чихдэг юм бай­на. Ус бол тусгай хоолойгоор байнга урсаастай. Заримдаа
өдрийн дөрвөн удаа­гийн хоолноос гадна нэмэлт тэжээл өгдөг байна. Нэмэлт тэжээл
нь A, C, D витаминаар баялаг халгай, лууван. Ихэнх тэжээлээ Орос, Хятадаас
оруулж ирдэг гэнэ. Бид­нийг очиход 
тахианууд эрдэнэ­шиш­тэй тэжээл тоншиж байв. Хоол­ных нь 60 хувь нь
эрдэнэшиш аж. Тансаг хоолдоо орох гэнэ. Эрдэнэ­шиштэй тэжээлийг урд хөршөөс
оруулж ирдэг бол хойд хөршөөс улаанбуудайтай тэжээл оруулж ирдэг аж.
Тахианууддаа голдуу Оросын тэжээл өгдөг юм байна.

“Өглөө
ороод ирэхэд өндөгнүүд нь ирийчихсэн байдаг. Бид өндгийг нь түүж авахгүй.
Тусгай хоолойгоор урсаад ирдэг юм. Хагалсаныг нь ялгаж авдаг. Өглөөний 11.00
цаг гэхэд өндгөө савлаад дуусдаг” гэж энд шувуучнаар хоёр жил гаруй ажиллаж
байгаа Энхмаа ярив. Зарим залуу тахианууд өдөрт хоёр удаа өндөглөдөг гэнэ.
Биднийг өдрийн цайнаар очиход өндөгнүүд өрөөстэй байсан нь ийм учиртай аж.
Энхмаа “Хамаагүй ойртвол гар тоншихоос эхлээд 
эсэргүүцэл үзүүл­дэг” гэж хэлээд биднийг та­хиа­­нуудад ойртуулсангүй.
Шувууч­­­­наас өөр хүн ойртохоор хажиглаж, шаагилдаж орилол­доод бөөн юм болдог
гэнэ. Бас өндгөө буулгахгүй байх үе ч гардаг байна.

“Шувууны аж
ахуйн тахиа тэжээ­­лээр өндөглөдөг. Азарган тахиа өндөглөгчийн байранд байх нь
ямар ач тустай юм бэ. Жишээ нь өндөглөлтөд нөлөөлөх үү. Бэлгэд­лийн төдий л
үүрэгтэй юу” гэж асуухад үйлдвэрийн дарга “Би лав өндөглөлтөд нөлөөлөхгүй гэж
хэлж чадахгүй. Гэрэл асах бүрд азарган тахианууд донгоддог. Азарга тахиа  донгодохгүй бол энэ заал яав гэж санаа зовно
шүү дээ. Шувууны нуруун хэсэгт буурцаг маягийн юм байдаг. Өндгөн эс гэсэн үг.
24 цагийн турш горимын дагуу зөв хооллож, цагийг ягштал баривал тэр өндгөн эс
нь томорч үрийн хоолойгоор дамжиж явсаар өндөг болоод гардаг. Азарган тахианууд
өндөглөгчдийг тэжээл идэхийн өмнө тодорхой цагуудад донгод­дог. Энэ нь
өндгөлөхөд нөлөөл­дөг байх” хэмээн хариуллаа. 

“Танай
үйлдвэрийн өндөгний доторх шар нь илүү гүн өнгөтэй байдаг. Энэ ямар учиртай юм
бэ” гэж лавлахад үйлдвэрийн дарга “Шинэ хуучиндаа л байгаа юм. өндөг шинэ байх
тусам доторх нь гүн шар өнгөтэй байдаг. Шинэ өндөгний уураг, илчлэгийн 97 хувь
нь хүний биед шингэдэг байхад хуучин өндөгнийх 50-57 хувьтай л байдаг. Манайхан
орост өндгийг кг-аар өгдөг, хямдхан гэж ярьдаг. Гэтэл Орост нэг үйлдвэр гэхэд л
сая өндөглөгч тахиатай. Өндөгөө за­рах гэж хугацаа авдаг. Удах тусам чанар нь
мууддаг учраас тийм хямдхан өгдөг гэдгийг ойлго­дог­гүй” гэж ярив. Үндэсний
үйлд­вэр­лэгчид нийлээд дотоодын өндөг­­ний зах зээлийнхээ тавь, жаран хувийг л
арай гэж хангадаг гэнэ.

 
“ТАМИРЧИН
ТАХИА”-Г ТАМИРЧИД ИХ АВАХ БОЛЖЭЭ

 
Өндөглөгчийн
байрнаас гараад сав баглаа боодлын үйлдвэрээр орлоо. Энэ үйлдвэрт өндөгний үүр
үйлдвэрлэдэг юм байна. Өндөг савладаг цаасан уутыг үүр гэдэг аж. Өндгийг ийм
саванд зур­гаа, арав, арванхоёр ширхгээр нь савлаж худалдаж эхэлжээ. Манай улс
өмнө нь өндөгний үүрээ Оросоос авдаг байж. Харин “Түмэн шувуут”-ынхан өнгөрсөн
жил Орос технологиор үйлдвэр барьчихаж. Үйлдвэр нь их халуун юм. Өндөгний
цаасан сав­нуу­дыг энд тэндгүй өржээ. Тех­но­логи нь их энгийн аж.  Хаягдал цаас ус хоёр байхад л болох юм байна.
Усанд хаягдал цаасаа хийж хольж хутгаад усан сан руугаа хийнэ. Түүнийгээ хэсэг
хугацаанд дахин эргэлдүүлж бай­гаад хэвлээд гар­гаад ирдэг юм байна. Химийн
ямар нэг бодис огт ордоггүй учраас эко сав гэж тодотгодог юм билээ.

“Түмэн
шувуут” компанийн том хашаанд өнгөрсөн жил дахин нэг үйлдвэр барьчихаж. Шувуу
нядал­гаа­ны газар гэнэ. Будаг нь ханхал­сан үйлдвэ­рээр орлоо. Дэлхийн
стандартад нийцсэн нядалгааны цех аж. Одоогоор ажиллаж эхлээ­гүй бай­гаа ч
өндөглөгч тахиануудыг зааз­лах үед шууд ажиллаж эхлэх юм байна.  Өндөглөгч тахиануудыг жил болоод хөгшрөнгүүт
нь заазал­даг байна.  Өчнөөн мянган
шувууг нэг дор заазлахад  ариун цэврийн
онцгой нөхцөл шаарддаг учраас энэ үйлдвэрийг барьжээ. “Түмэн шу­вуут” компани
ирэх жил өндөглөг­чийн­хөө тоог 250 мянгад хүргэх гэнэ. Энэ жил дэгдээхэйний
нэг байр, 130 мянган өндөглөгч тахиа амьдрах дөрвөн байр ашиг­лал­тад оруулах
юм байна. Судал­гаагаа эхэлж, тоног төхөөрөмж захиалах ажилдаа оржээ. Өнгөр­сөн
жил барьсан энэ хоёр үйлдвэрт  гэхэд
нийлээд тэрбум гаруй төгрөг заржээ.

Заазалсан
өндөглөгч тахиануу­дыг манайхан тамирчин тахианы мах хатуу гээд голоод
хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Гэхдээ сүүлийн үед эрүүл хооллогчид уургийн
агууламж өндөр гэж ол­зуур­хан хэрэглэх болжээ. Тамир­чид их авдаг гэнэ. “Түмэн
шувуут”-ын менежер “Махны үнэ  өссөнөөс
хойш хүмүүс их  авах болсон. Хорь
гаруйхан хоногт тэжээл шахсаар байгаад томруулсан тахианы мах  өндөр хөгжилтэй орнуудын хэрэг­лээ­нээс гарч
эхэлсэн шүү дээ. Манай тамирчин тахианы махыг мэддэг хүмүүс нь их авдаг. Ялз
чанаад тагтуритан их хийдэг гэсэн.  Шөл
гоё гардаг гээд ам сайтай байдаг юм” хэмээн ярьж байлаа. Нэг тамирчин тахиаг
2000-3000 төгрө­гөөр худалддаг гэнэ. Тэд заазалсан тахиагаараа  сосиск хийх гэж бай­гаа аж. Удахгүй ийм
үйлдвэр бай­гуу­лах бололтой. Германы эрдэм­тэд­тэй хамтарч махныхаа дээжээр
сосиск хийж туршихад дажгүй амттай болсон гэж үйлдвэрийн дарга сонирхуулав.

 
ТЭЖЭЭЛИЙН
ҮЙЛДВЭР БАРЬЖ ӨНДӨГНИЙ ҮНИЙГ БУУЛГАНА

 

Өндөгний
үнэ сүүлийн үед огцом нэмэгдээд байгаа. 
Ам.дол­ла­рын ханшийг дагаж хэлбэлздэг өндөгний үнийг тогтвортой барих
арга нь гүйцэтгэх захирал Ж.Болдын хэлснээр эндээ тэжээ­лийн үйлдвэр  барих юм байна. Учир нь  өндөгний нийт өртгийн 60-70 хувийг тэжээл
эзэлдэг гэнэ. Улаан буудай дотооддоо хангалт­тай хэмжээгээр тарьж байгаа учраас
тэжээлийн үйлдвэр бари­хад асуудалгүй аж. Үйлдвэр барих ажил тоног
төхөөрөмжийнхөө судалгаан дээр явж байгаа юм байна. Тэжээлийн үйлдвэртэй
болчихвол өндөглөгч тахианыхаа тоог ч нэмэх боломжтой гэнэ. Тэжээлд ордог орцын
ихэнхийг нь эндээсээ хангачих учраас зардал нэлээд хэмнэх аж. Улаанбуудай, ясны
гурил, арвай гээд жин дардаг бүтээгдэхүүнүүдээ Монголоос, витамин, эрдсээ л
гаднаас импорт­лох юм байна. “Шувууны аж ахуй­гаа тогтвортой хөгжүүлье гэвэл
тэжээлийн үйлдвэртэй л болчих­моор байгаа юм. Санхүүжилт нь шийдэгдчихвэл есхөн
сарын дотор л ийм үйлдвэртэй болно” гэж үйлд­вэрийн дарга ярив. Эднийх хоёр
жилийн турш бага хэмжээний тэжээл үйлдвэрлэн туршиж байгаа гэнэ. Энэ үйлдвэрийг
барихад дор хаяж гурван тэрбум төгрөг хэрэгтэй бололтой.

 
ВАКЦИНД 14 УДАА
ХАМРАГДАЖ, ВИТАМИН УУДАГ ДЭГДЭЭХЭЙНҮҮД

 
Эднийх иж
бүрэн лаборатори­тай юм байна. Биднийг лаборато­рид ороход халат, малгайгаар
ижилссэн хоёр хүн сууж байна.  Тэд
дэгдээхэйнүүдийг өндөглөгч тахиа болтол нь 14 удаа вакцинд хам­руул­даг гэнэ.
“Вакцинд хамруула­хаас гадна витаминжуулдаг. 
Вак­цин хийлээ гэхэд  дархлаажилт
үүссэн эсэхийг нь хянана. Дэгдээ­хэйг хүүхэд шиг бөөцийлж байж өндөглөгч
болгоно шүү дээ” гэж үйлдвэрийн дарга ярилаа. Энэ лабораторид тэжээлийнхээ
чанарыг бас шинжилдэг гэнэ.

Сангасын
талбайг нь сонирх­лоо. Сангас гэхээр юм бараг алга. Зөөгөөд гаргачихаар хүмүүс
бор­доо болгож хэрэглэх гээд ачаад явчихдаг гэнэ. Зарим үед нэг маши­ныг нь
5000 төгрө­гөөр зардаг, ихэнхдээ үнэгүй өгдөг аж. Үйлдвэ­рийн дарга сангасаа
дахин боловс­руулж бордоо үйлд­вэр­лэх судал­гаа эхэлсэн гэж сонир­хуулав. Хөрс­ний
хамгийн сайн бордоо нь сан­гас юм байна. Дахин боловсруулж амиакийг нь задалж
ууршуулахад л сайн чанарын бордоо гараад ирдэг бололтой.

“Түмэн
шувуут”-ын хашаанд хоёр ч уурын зуух, нөөц цахилгаан станц ажиллаж байна лээ.
Тахиа хоёр уушгаараа зэрэг амьсгалдаг­гүй, нэгээр нь амьсгалаад нөгөө­гөөр нь
гаргадаг учраас бүтэж үхэх магад­лал өндөр байдаг гэнэ. Тийм учраас тахианд сэнс
ажиллуулж, гэрэлтүүлэг өгөх цахилгаан хам­гийн хэрэгтэй байдаг аж. Тог тасар­лаа
гэхэд нөөц  станцаа ажиллуул­даг юм
байна.

 

Ц.БААСАНСҮРЭН