Форбес сэтгүүл 2014 хамгийн “террорист” ухаалаг гар утсаар Оросын технологийн шинэ бүтээгдэхүүн болох “YotaPhone 2”-ийг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ нь радикал шинэчлэл, өвөрмөц програм хангамж болон уламжлалт дизайныг хослуулж чадсанаараа ихээхэн өндөр үнэлэлт аваад байгаа аж.
Нөгөөтэйгүүр уг ухаалаг гар утас нь Оросуудын үндсэрхэг үзлийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх бас нэг тулгуур болжээ. “YotaPhone 2” гар утсыг хамгийн анх өнгөрөгч гуравдугаар сард танилцуулж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гарч эхлээд байгаа билээ. Тус ухаалаг гар утас нь “Google Android” үйлдлийн системтэй, хос дэлгэцтэй юм. Тодруулбал, “YotaPhone 2” уламжлалт дэлгэцээс гадна ардаа хар цагаан “e-link” дэлгэцтэйгээрээ онцлог аж. Урд тал нь таван инчийн хэмжээтэй “amoled” дэлгэцтэй бол ардаа “LCD” загварын 4.3 инчийн дэлгэц байрлах аж.
Арын дэлгэц нь видео үзэх, тоглоом тоглох, интернетэд холбогдох боломжтой бөгөөд ямар нэг идэвхжүүлэлт хийхгүйгээр сошиал сайтуудад тогтмол холбогдох боломжтой гэнэ. Үүнээс гадна хоёр дэлгэц зэрэг ажиллавал тасралтгүй 50 цаг, дангаараа ажиллавал зургаан өдрийн турш цэнэгээ бүрэн барьдаг юм байна. Зах зээлд 555 фунт стерлингээр худалдаалагдаж байгаа “YotaPhone 2” ухаалаг утасны давуу талуудыг цухас дурьдахад ийм байна.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн сард Бээжин хотноо болсон АПЕК-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын тэргүүн Си Зиньпинд уг ухаалаг гар утсыг бэлэглэж байжээ.