УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Ж.Батзандан гишүүний санаачилсан Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл чуулганаар дэмжигдсэн.
Үүний эсрэг байр суурьтай байгаа зарим гишүүдийн нэг нь та. Ямар шалтгаанаар дэмжихгүй
байгаа вэ?
-Уг хуулийн эсэргүүцэгчдийн нэг нь яах аргагүй
би. Ж.Батзандан гишүүний уг хууль хоёр том асуудлыг хөндсөн байгаа. Төрийн өндөр
албан тушаалтан гадаад эхнэр, нөхөртэй байх юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд
мэдэгдэх шаардлагатай гэж заасан байна лээ. Мөн төрийн өндөр албан тушаалтан
оффшор компанийн хувьцаа эзэмшигч байж болохгүй гээд заачихсан. Хуулийн нэгдүгээр
заалтыг би эмэгтэй гишүүнийхээ хувьд эсэргүүцэж байгаа юм. Мөн Р.Бурмаа гишүүн
үүний эсрэг маш хүчтэй тэмцэж байна. Учир нь уг гадаад эхнэр, нөхөртэй болбол Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлд хандана гэсэн нь хүний эрх зөрчиж буй асуудал. Бид 23 жил
хүний эрхийн төлөө тэмцсэн. Тиймээс уг алхмаасаа ухарч болохгүй.
Монголчууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж чаддаггүй хоёр том гүрний
дунд хавчуулагдсан улс. Манай орон эднээс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үздэгээрээ
ялгарч гарсан. Уг хууль батлагдвал хүний эрх зөрчигдөнө. Тиймээс 23 жил тэмцсэн
ардчилал устаж эхлэхийн дохио болох юм.
-Та яагаад ганцхан эмэгтэй хүн гэдэг утгаар нь
хандаад байгаа юм. Уг заалт төрийн өндөр албан тушаалтан эрэгтэй хүнд ч хамаатай
юм байна лээ?
-Хүний эрхийн зөрчил болгоны ард хохирч үлдсэн
хүмүүс нь эмэгтэй хүн байдаг. Төрийн өндөр албан тушаалтай эрэгтэй хүн байлаа гэхэд
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болохдоо тулах юм бол гэр бүлээ цуцлуулах магадлал
өндөртэй юм. Үүнээс харахад гадаад, дотоод байх нь хамаагүй эмэгтэй хүн л ард нь
хохирч байгаа биз дээ. Үүнийг эрэгтэй хүн маш амархан хийчихдэг. Гадаад нөхөртэй
эмэгтэй хүн байлаа гэхэд өндөр мэдлэг боловсролоороо сонгуульд нэр дэвшиж ард түмний
олонхийн саналаар ялалт байгуулан төрийн өндөр албан тушаалд очъё гэхэд улс төрийн
эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй болчихоод байна. Аль ч талаасаа энэ хуулийн төсөл
буруу болоод байгаа. Бидний баталж буй хууль дүрэм үр хүүхдүүдийн маань толгой дээр
бууна. Гэтэл глобалчлагдаж буй энэ нийгэмд хүүхдүүд хаана, хэнтэй гэр бүл болохыг
хэн ч таах аргагүй. Уг хуулийг санаачилсан Ж.Батзандан гишүүн өөрөө дөрвөн хүүхэдтэй.
Тэдний хүүхдүүдийн хувь заяаг хэн ч мэдэхгүй. Дэлхийн олон оронд Монголын иргэд
тархан суурьшиж байна. Тэр гадаадад монгол хүнтэй суусны төлөө эрхийг нь зөрчиж,
хааж боогоод, албан тушаал өгөхгүй гэдэг асуудал яригдвал яах вэ. Энэ мэтчилэн хүний
эрх дэмжсэн зүйлсийг бид хэзээ ч дэмжиж болохгүй.
-Чуулганы хуралдаанд уг хуулийн төслийг эрэгтэй
гишүүд дэмжиж харагдсан?
-Хуулийн төслийг эрэгтэй парламентчид олонхиороо
дэмжиж байгаа. Эрэгтэй гишүүдийн амнаас гарч буй үг болгон жендерийн асуудлыг хөндөж
байсан. Уг хуулийн хэлэлцүүлгийн явцад Монголын эртний түүхийг их сөхөж ярьж байлаа.
“Монголын түүхэнд хаад нь гадаад хатантай болсноос төрт улс унаж байсан” гээд л
ярьж байна лээ. Хаа байсан 800 жилийн өмнөх түүхийг асуудал болгон босгож ирж байна.
Өнөөдөр нийгэм өөр болсон тул түүхийг сөхөж яриад байх нь буруу. Сүүлийн үед уулын
овоо, морины уяа руу эмэгтэй хүн очиж, гарч болохгүй гэдэг болж. Хэзээ байхдаа
20-30 жилийн өмнө бид ийм зүйл ярьдаг байсан юм бэ. Өнөөдөр Монголын дов толгой
бүр дээр эмэгтэй хүн гарах эрхээ хасуулаад байна. Энэ ч мөн хүний эрхийг зөрчсөн
асуудал.
-Ж.Батзандан гишүүн ямар шалтгаанаар уг заалтыг
оруулж ирсэн юм бол?
-Би Батзандан гишүүний оруулж ирсэн уг хуулийг
хүнд зориулсан хууль гэж харж байгаа.
-Таныхаар ямар хүнд зориулсан бол?
-Миний бодож байгаагаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд
зориулж хууль санаачлан оруулж ирлээ гэсэн бодолтой байна. Хэн нэгэн хүнд дургүйнхээ
төлөө хууль гаргах гэж байгаа нь утгагүй санагдаад байгаа юм.
-Ард түмний эрх ашиг гэж үүнд заавал тусгах шаардлагатай
биз дээ. Энэ талаар өөртэй нь уулзаж асуув уу?
-Яг энэ асуудлаас чинь болоод Ж.Батзандан гишүүн
бид хоёр хонь, чоно болчихоод байна. Уг заалтаас болж хоорондоо хэрэлдээд, хоёр
тийшээ хараад суучихсан байгаа. Бид хоёр зэрэгцэж сууж байгаад өөрсдийн байр суурийг
илэрхийлсэн. Миний хэлсэн үгийг Батзандан хүлээж авахгүй, түүний надад тайлбарлаад
байгааг би хүлээж авахгүй байгаа юм. Бид хэдий нэг намын гишүүд ч гэлээ үл ойлголцох
асуудлууд их байна даа. Би гишүүнд “Энэ чинь хувь хүнд зориулсан хууль байна. Ингэж
болохгүй. Өөрсдийнхөө үр хүүхдийг бодох хэрэгтэй гэдгийг хэлсэн.
-Ж.Батзандан гишүүн, Ц.Оюунгэрэл сайдад тийм
дургүй юм уу?
-Уг хуулийн асуудлаар УИХ-д суугаа олон эрэгтэй
гишүүд Ц.Оюунгэрэл сайдын эсрэг яриад байгаа. Ялангуяа УИХ-ын сонгуулийн үеэр гадаад
нөхөртэй гэсэн хар пиарыг хийдэг. 2008, 2012 оны сонгуулиудад яг энэ асуудлаар Оюунгэрэл
рүү дайрч л байсан. Сүүлдээ бүр үүнийгээ хуульчилж гаргаж ирэх гэж байна. Гадаадын
хүнтэй суусан сайд яаж Монголын өв уламжлалыг авч явах юм гээд байгаа. Гэтэл Ц.Оюунгэрэл
ССАЖ-ын сайдынхаа хувьд Монгол Улсын өвийг хэрхэн хамгаалах талаар ажлууд хийж
дэлхий нийтэд сурталчлах тал дээр сайн ажилласан. Америк нөхөртэй байсныхаа хувьд
Батаарыг Монголд авчирсан тохиолдол байгааг бид харж байгаа. Энэ чинь глобалчлалын
хүч, бусад орнуудын дэмжлэг мөн.
-Уг хуулийг чуулганаар баталчих гээд байна гэх
мэдээлэл байгаа. Бусад орнуудын хувьд төрийн өндөр албан тушаалтандаа иймэрхүү
заалт оруулсан байдаг уу?
-Диктатуртай, мусульман шашинтай орнуудад л анзаарагддаг
болохоос ардчилсан нийгэмтэй улсад байдаггүй гэдгийг би баттай хэлэх байна.
-Манайх шиг ардчилал, хүний эрх гэж ярих дуртай
оронд тохирохгүй л хууль юм аа даа?
-Энэ хууль манай оронд тохирохгүй. Хэвлэл мэдээллийн
хэрэгсэл үүнийг дэмжээсэй гэж хүсэж байгаагаа нуугаад яахав. Эмэгтэй гишүүдийн
хүч үнэхээр дутаж байна. Бид таньдаг бусад гишүүддээ хэлсэн ч анхны хэлэлцүүлэгтээ
уначихлаа. Тиймээс дараа дараагийнхаа хэлэлцүүлэгт дэмжигдсээр байгаад батлагдчих
магадлал өндөр. Уг хууль батлагдчих вий гэхээс айж байна.
-Хууль санаачлагч нь Ж.Батзандан гишүүн гээд эрэгтэй
хүн байгаа ч гэсэн уг хуулийг яагаад дэмжээд байгаа юм бол?
-Хууль маань хамгийн гол нь эрс тэс өөр хоёр заалттай
болчихоод байна. Зарим гишүүд гадаадын иргэнтэй гэрлэх тухай заалтыг дэмжиж гар
өргөж байгаа бол нөгөө хэсэг нь оффшор данстай байж болохгүй гэдгийг нь дэмжээд
гар өргөөд байгаа юм. Энэ хоёр заалт нэгдэхээрээ олонхийн саналыг аваад байгаа
юм. Зарим эмэгтэй гишүүд гадаад хүнтэй гэр бүл болохыг эсэргүүцэж байгаа хирнээ
олигархиудын асуудлыг эсэргүүцэж байна гээд кноп дарахаар автоматаар дэмжигдээд
байгаа юм. Уг хоёр заалтыг тус тусад нь оруулж ирсэн бол дэмжигдэхгүй байх байсан.
Олон гишүүнтэй ярьж уг хуулийн төслийг унагах хэрэгтэй.
-Төрийн өндөр албан тушаалтан оффшор данстай байж
болохгүй гэсэн заалт дээр ямар байр суурь барьж байна вэ?
-Өнөөдөр Монголын ямар ч хуулинд оффшор гэж юуг
хэлэх вэ гэдгээ тусгаж өгөөгүй байгаа. Дэлхий нийтээрээ тодорхойлолтоо гаргаад,
оффшор гэдэг нь мөнгө угаадаг газар мөн гэсэн үед уг хуулийг баталж болно. Оюу толгой,
Таван толгой оффшорт байдаг гэж байгаа. Мөн Хонконгийн бирж дээр хувьцаа борлуулах
компаниудыг оффшор данстай байхыг шаарддаг гэсэн. Манай орны компаниуд хаана хувьцаагаа
борлуулах вэ. Хувьцаагаа зарах боломж нь Хонконгийн бирж дээр нээлттэй. Монголын
компани Хонконгийн бирж дээр хувьцаа гаргахын тулд оффшор данстай болох шаардлага
тулгарсан энэ нөхцөлд амьдарч байгаа хирнээ оффшор данстай байж, хувьцаа эзэмшиж
болохгүй гэж заах үндэс байхгүй. Бид уул уурхайн компаниудын Монголын талын эзэмшлийг
ард түмний өмч хэмээн нэрлэдэг. Энэ хуулиар бид Оюу толгой, Таван толгойн хувьцаа
эзэмшигч байж болохгүй юм байна л даа. Тодорхойгүй энэ мэт асуудлыг нэр мөр шийдээд
уг асуудлыг ярилцах нь зөв байх гэсэн байр суурьтай байгаа.
-О.Баасанхүү гишүүнтэй хэл амаа ололцож байна
уу?
-О.Баасанхүү гишүүний санаачилсан Тамхины тухай
хуулийн төслийг батлуулахгүйн тулд арга хэмжээ авах ёстой. Тамхи татах цэгийг манайхан
ойлгохгүй байна. Би уг асуудлаар Э.Бат-Үүл дарга, хот тохижилтын дарга нартай уулзахаар
хуулиндаа тамхины цэгийн тухай заагаагүй болохоор хориотой юм биш үү гэж байна лээ.
Бидний зүгээс “Тамхи татахыг хориглосон газраас бусад газар тамхи татаж болно”
гэсэн заалтыг оруулж өгөх ёстой юм билээ. Тамхи татах цэгүүд дээр нь нийслэл, дүүрэг,
аймгийн удирдлагын гарт байгаа тул үүнийг шийдэж болно. Албан байгууллагын гадна
талбайд тамхины цэг байгуулах асуудлыг яриад шийдчихсэн. Тиймээс Баасанхүү гишүүн
уг асуудлаа татаж авах байх.
Э.ЭНХБОЛД