Түрүүч нь ¹299, 302, 303 дугаарт
Өглөөгүүр Өлгийн төвөөр баахан алхлаа.
Цамбагарав хайрхны нэрээр нэрлэгдсэн супер маркет, хүнсний дэлгүүр, зочид буудал
байна. Бүгд нэг эзэнтэй. Эзэн нь мундаг ажилсаг, монгол залуу бий. Их хөдөлмөрч.
Өлгийн төвд эднийхээс гадна тува эзэнтэй үйлчилгээний газрууд ч хэд хэд байдаг гэж
хүмүүс ярина. Цамбагарав гэснээс уг хайрхан оршдог Алтанцөгц суманд өнтэй өвөл
болж байгаа гэнэ. Тэр сумынхан нутаг устайгаа хэтэрхий ширүүн дориун, өөриймсөг
бус харьцаж, олон зууны турш хөндөгдөөгүй ариун дагшин газруудын доорх баялгийг
нь авч, булаг шандыг нь олноор ширгээж байгаа тухай ярив. Гадныхантай нийлж Тэхтэд
тэсэлгээ хийж, ойр хавийн байгалийг сүйтгэж байгаад анхаарал хандуулж байгаа ганц
дарга байхгүй байгаа аж.
Нутаг усны нэр бүхэлдээ хасаг болжээ.
Хос Улиас гэдэг газрыг Кос Терк гэж нэрлэчихсэн бол Улаан харганыг Ризил Хараган,
Өлөнтийн хөтлийг Өлөөн Моенак гэх зэргээр нэрлэдэг болоод удаж байгаа аж. Энэ мэт
маш олон нэрийг хасаг болгочихож. Гэтэл миний унаж төрсөн бууц, хүй минь цөглөсөн
Цагаан түнгийг Акшй гэж нэрлэчихсэнийг дуулаад дуу алдлаа. Юу гэнэ ээ гээд хэдэн
удаа асууснаа одоо санахгүй байна. Дуунд хүртэл мөнхөрсөн сайхан нутаг шүү дээ.
Хадлангийн асар их нөөцтэй, айлууд тарган тавтай намарждаг өгөөмөр баян хангайн
нэрийг өөрчилчихсөнд итгэсэнгүй. Арай ч дээ гэж хэлэхээс өөр үг тухайн үед амнаасаа
унагаж чадсангүй. Уг нь би Монгол нутагтаа унасан. Гэтэл одоо Акшй гэх газарт төрсөн
хүн болж таарч байна уу даа.
Зоогийн газруудынх нь цэсэнд урьд
нь сонсоогүй хоолны нэр байна. Казахстанд амьдарч байгаад ирсэн хасгууд тэнд хийж,
идэж сурсан хоолоо манай нийтийн хоолны салбарт оруулж ирсэн нь энэ. Казах маягаар
чанасан мах, жигнэсэн гурил, тугалган цаасанд болгосон төмс бүхий. Зоогийн газрын
тогооч нарын яриагаар саяхныг болтол монголчууд барагтай бол ресторанаар үйлчлүүлдэггүй
байж. Харин хүчний байгууллагуудын дарга нар монгол болсноос хойш монголчуудын
дотоод уур амьсгал илтэд сэргэж, хоёр, гурваараа орж ирж хоол унд идэх нь элбэгшсэн
аж.
Ресторанд орос, казах маягийн хоол
захиалаад суух зуураа зарим монголчуудтай ярилцлаа. Эндхийн хүн амын хэд нь хасаг
вэ. Боловсролын газарт нь ганц ч монгол хүн ажилладаггүй болохоор Баян-Өлгий аймаг
боловсролын түвшингээр дандаа 21 дүгээр байрт ордог гэсэн. Үнэн үү. Төрийн байгууллагуудын
шуурхай, хурал зөвлөгөөн гээд бүх ажил нь хасаг хэлээр явдаг гэсэн. Тийм үү гээд
асуухаар монголчууд маань хулбаганаад ширээнд наалдахын наагуур бөхийгөөд “Цаана
чинь манай ажлын казах эмэгтэйн охин байна. Сүрхий хараад байна” гэнэ. Эргээд хартал
хоёр хүүхэн цоо ширтэж байв. Тэнд суусан хасгууд бүгд миний ярихыг түрүүнээс хойш
чагнаж байж. Бүгд халбага, сэрээгээ ширээн дээрээ тавиад, гараа урдаа аваад бидний
зүг рүү толгойгоо гэлжийлгэчихсэн байв. Ресторанд “Хар хархан харц” дуу намуухан
эшиглэнэ. Хоолоо идчихээд гарахаар хаалга руу дөхлөө. Эргэж харвал өнөө хүмүүс
дагаж харна. Хаанаас хэн ирчихээд юу яриад байна вэ гэсэн сэжиглэсэн харцаар ширтэж
байгаа нь хэнд ч илт. Яагаад энэ хүмүүс ийм их эмзэг догшин байна вэ. Шүүмжлэх,
шүүмжлүүлэх нь хаана ч байдаг зүйл. Тэгтэл энэ аймгийнхан өөрсдийнх нь тухай бичихээр
казахуудыг доромжиллоо гээд л орилолдоод унах юм. Юунаас тэгтлээ айгаад, юунд
тэгтлээ цочоод эмзэглээд байна вэ? Бас юуг тэгтлээ нуугаад байна вэ гэсэн бодол
төрж байгааг хэлмээр байна.
Гарахдаа зөөгч болон тогооч нарт
“Баярлалаа” хэмээн хэнд ч дуулдахаар талархал илэрхийлэв. Тэндээс гараад зах орлоо.
Махны захаар нь явлаа. Адууны давсалсан мах бол эндхийн брэнд. Адууны махыг давслаад
гэдсэнд нь чихээд хатаасан махыг монголчууд андахгүй. Каз бүхлээрээ 25 мянган төгрөгийн
үнэтэй байна. Худалдагч авгай нар нэгнээсээ өрсч ирээд л “Минийхийг ав. Гоё амттай.
Нэлийсэн их өөхгүй. Хар даа. Гаднаас нь харагдаж байгаа биз дээ” гэнэ.
Бөөний худалдааны гудамж байна. Нэг
дэлгүүрт нь орлоо. Улаанбаатарт ч төдийлөн харагдаад байдаггүй Оросын том том
чихрүүд байна. Өрмөнцөртэй, шоколадтай, цэлцгэнүүртэй, хан боргоцойтой гээд зүсэн
зүйлийн чихэр. Баян-Өлгийд Турк, Казахстанаас хүнсний бүтээгдэхүүн их ирдэг гэнэ.
Турк шоколад, чихэр элбэг санж. Орсон айл бүхний тавагт өнгө өнгийн цаастай чихрүүд
алаглана.
Сар гаруйхны дараа цагаан сараа тэмдэглэнэ.
Эндхийн урианхайчууд “Дээр үеийнх шиг тэгж баярлахаа больсон. Хэдхэн айлуудаар
ороод л боллоо. Өмнө нь яасан сайхан байсан юм бэ. Ах дүүсийнхээрээ гурван өдөр
яваад ч дуусгадаггүй байлаа. Дуу хууртай, наадам наргиатай уйлбал уйлаад, дуулбал
дуулаад сэтгэлээ онгойлгочихдог байж. Одоо хэнд ч юугаа ярих вэ. Ажил гэрийн хооронд
л явна. Өөр явах маршрут, ярих хүн байхгүй” гэцгээж өнгөрсөн амьдралаа хүүрнэнэ.
Гэхдээ яах вэ байгаа хэдэн монголчууд маань чадлынхаа хэрээр шинэ оноо угтана. Ширээгээ
идээ шүүсээр дүүргэж, сав суулгаа цагаан идээгээр бялхааж, эрчүүл нь шинийн нэгний
өглөө балиндаа гарна. (Урианхай эрчүүд шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө
ойролцоох шүтлэгтэй хайрхны овоон дээрээ сан тавьж, гал тахих ёслол үйлдэн, тэнгэр
хангайдаа мөргөдөг. Үүнийг балинд гарна хэмээдэг болой.)
Хотлоороо, гудамжаараа нийлж цагаан
сарын буузаа чимхэх гэж шөнө дунд хүргэдэг, халуун дулаан уур амьсгалтай тэр мөчөө
дурсан ярьцгааж “Тэгэхэд мөн ч гоё байж дээ, тийм үү” хэмээн шүүрс алдана.
Цагаан сар нь нэг иймэрхүү өнгө төрхтэй
даруухан болж өнгөрөх бол хасгуудын Наурызын баяр сүртэй гэж жигтэйхэн болно. Хотоос
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хэвлэл мэдээллийнхэн ирээд “Казахын ард түмэн минь сайхан
баярлаарай” гээд өгсөн хоол ундаар нь цадтал дайлуулж, тоорцог малгайг нь өмсч,
бүргэдтэй нь зургаа авахуулж хөөрцөглөөд ингээд л буцаад онгоцондоо гар далласаар
суугаад нисчихнэ. Гэтэл тэр олон хүний дунд гунигтайхан харцаар ширтэж, зүрхэндээ
горьдлого тээн зогсч байгаа монголчууд байгааг хэн ч анзаарахгүй. Үүнд л эндхийн
монголчууд голдоо ортол гомддогоо дахин дахин хэлнэ. Бид шоовдорлогдсон хүмүүс гэж
өөрсдийгөө хатуу гэмээр нэрлэхээр хэтэрхий гутранги бодолтой юм уу гэж бодогдохоор.
Товлосон цагтаа аймгийн захиргаан
дээр очиж, Засаг дарга Х.Дармен руу утас цохилоо. Ирснээ дуулгав. Туслах нь бололтой
залуу эелдэгхнээр мэндчилнэ. Засаг даргын өрөөнд орлоо. Тэгтэл миний дараахан
охиноо дагуулсан тавь гаруй насны нэг эмэгтэй орж ирэв. Засаг даргатай төрөлх хэлээрээ
ярьцгаана. Юу гэж ярьж байгааг нь ерөнхийд нь гадарлаж байв. Казахстанд амьдарч
байгаад Монголд иржээ. Дагуулж яваа охин нь хорь гаруй насных. Ажилд оруулах санаатай.
Ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа байгууллагад нь 55 нас хүрсэн, тэтгэвэрт гарах
цаг нь болчихсон хүмүүс байна. Тэднийг гаргаад охиныг минь ажилд оруулж болох уу
гэнэ. Хариуд нь Засаг дарга тийм зүйл байж болохгүй. Хууль ч байхгүй. Хэрвээ тэр
хүмүүс хүсэлт гаргавал жар хүртлээ ажлаа хийх боломжтой. Танай охиныг анхааралдаа
авъя. Ажлын байр гарвал холбоо барья гэлээ.
Тэднийг гарсны дараа Х.Дармен
даргатай ярилцлаа.
-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн
байдал ямархуу байна вэ?
-Тал газарт орсон цас арилсан. Уулаараа
цастай байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өмнөх жилээс ахиу цас орох төлөвтэй.
Өнгөрсөн өвөл уулархаг нутгаар зутрах шинжтэй хавартайгаа золгосон. Энэ жил ч тийм
байдал давтагдах магадлалтай байгаа ч өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж, нөөц,
дотоод бололцоогоо ашиглан өвс тэжээлээ бэлтгээд байна.
-Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл
хөгжиж байгаа зүйл төдийлөн харагдсангүй. Талхны хэдэн цех л байхыг харлаа?
-Орлогоо нэмэгдүүлэх, ажилгүйдлийг
багасгах олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Танд л тэгж харагдаж байгаа болохоос
биш манайд жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж байгаа. Ялангуяа барилгын материалын үйлдвэрүүд
ашиглалтад орсон. Сэндвичэн хавтан, цонх, тоосгоны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа
явуулж байна. Тоосгоны найман үйлдвэр аймгийн төвийнхөө хэмжээний хэрэгцээг бүрэн
хангаж ажиллаж байна. Уул уурхайн салбарт ч ахиц гарч ирэх онд хэд хэдэн томоохон
ажлууд эхлүүлэхээр болоод байгаа.
-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн
тоо их байгаа гэсэн үү?
-8000 гаруй хүн ажилгүй. Түүнээс ажил
идэвхтэй хайж байгаа 2000 гаруй хүн бий. Энэ жил тэдний 900 орчим нь түр болон бүр
ажлын байртай болоод байна.
-Баян-Өлгий аймаг улсаас маш их
татаас, халамж авдаг гэдэг. Иргэд нь халамжид орох сонирхолтой байдаг гэсэн. Үнэн
үү?
-Халамж амьдралын эх үүсвэр нь болсон
гэж үзэх нь харьцангуй ойлголт. Сургууль соёл төгсөөд ирж байгаа хүүхдүүд нутагтаа
төвлөрөх бодолтой байдгийн зэрэгцээ ийш тийш, өөр аймагт ажиллах нөхцөл нь бага.
Сургуулиа төгсөөд аль болох л нутагтаа ирж ажиллах эрмэлзэлтэй байдаг. Үүнээс болж
ажилгүйчүүдийн тоог ихэсгэж харагдуулаад байгаа юм. Жишээ нь, өнөө жил давхардсан
тоогоор багш мэргэжилтэй 700-гаад, хууль, эрхзүйч мэргэжилтэй 350, нябо, эдийн засагч
мэргэжилтэй 350 хүүхэд ажилгүй гэж бүртгэгдээд байна. Сургуулиа төгсөнгүүтээ бусад
аймагт ажиллахгүй, нутагтаа ирж ажиллах хүсэлтэй байдгаас ажилгүйдлийн тоо нэмэгддэг.
-Нутагтаа буцаж ирээд байгаа хүүхдүүдийн
ихэнх нь казах. Уг нь тэд Монгол Улсын иргэн учир хаана ч, аль ч аймагт очиж ажиллаж
болно. Тэднийг тухайн газруудад орон сууцтай болгож, нийгмийн асуудлыг шийдээд
өгвөл ажиллах нь тодорхой болов уу. Иймэрхүү байдлаар энэ асуудлыг шийдэх боломж
бий юу?
-Казах хүүхэд болохоороо бусад газарт
очихгүй байгаа юм биш. Бусад аймагт, орон нутагт иймэрхүү ажилгүйдэл байгаа. Казах
хүүхэд газар мэдэхгүй байгаа даа ч биш. Хуучин илгээлтийн эзнээр үйлдвэрүүдэд ажиллуулж,
орон нутагт суурьшуулж асуудлыг шийддэг байсан. Гэтэл зах зээл болоод энэ ажил зогссон
болохоор хүүхдүүд ингээд нутагтаа төвлөрөөд байгаа юм.
Оюу толгойд ч юм уу, БНСУ-д ажиллах
хүчээр гаргах асуудлыг ярьж байгаа ч цөөн тооны хүн л ажилтай болж байна. Үүнийг
шийдэх нэг арга нь орон нутаг, бүсийн хэмжээнд ажиллах уул уурхайд Баян-Өлгий аймгийн
иргэдийг түлхүү ажиллуулахыг дэмжих хэрэгтэй.
-Казах залуучуудын боловсролын
асуудал их хөндөгддөг. Нийгэмтэйгээ хөл зэрэгцэхэд боловсролтой байх нь чухал шүү
дээ?
-Баян-Өлгий аймгийн боловсролын салбар
сул, боловсон хүчний асуудал дутмаг талаар яригдаж байгаа. Боловсролын салбарын
ажлыг дүгнэхээ элсэлтийн шалгалтаар дүгнэх нь өрөөсгөл асуудал. Боловсролын салбарын
ажлаа чамлаж байгаа ч сайжруулах тал дээр ажил зохион байгуулж байгаа.
Казах хүүхдүүд өөрсдийнхөө үндэсний
хэлээ ч хүртэл төгс сурч чадахгүй байна. Хуучин бол долоо, наймдугаар анги хүртлээ
казах хэлээ үзчихээд дараа нь монгол, орос хэл үздэг байсан. Эхлээд эх хэл дээрээ
суурь боловсрол аваагүйгээс холимог асуудалд орсон. Хүүхдүүдэд хоёр, гуравдугаар
ангиас нь монгол хэл заачихаж байгаа юм. Эх хэл дээрээ суурь боловсрол аваагүй хүүхэд
хичнээн юм заагаад сурахгүй гэв. Энэ үеэр Засаг даргын өрөөнд Казахын үндэсний өмсгөлөө
өмссөн өвөө ороод ирлээ. Үүдэнд нь суусан хөгшчүүлийн нэг бололтой. Гэтэл араас
нь туслах залуу сандраад өвгөнд учирлаад түр гараад хүлээж байхыг хүслээ. Өвгөнийг
тохойноос нь түшээд өрөөнөөс түрж гаргав.
Засаг дарга яриагаа цааш үргэлжлүүлнэ.
-Аймгийн хэмжээнд монгол, казах хэлний
аль аль нь дутмаг заагддаг. Эх хэлээ эзэмшээгүй байж дараагийн хэл сурна гэдэг бүтэшгүй.
-Монгол Улсын албан ёсны хэл нь
монгол хэл. Энэ хэлээр төрийн ажил болоод бичгийн хөтлөлт нь явдаг. Гэтэл Баян-Өлгий
аймгийн бүхий л шатны байгууллага нь казахаар ажлаар явуулах юм?
-Төрийн ажлыг явуулахдаа монголоор
ярьж болно оо. Гэхдээ ажлын байран дээр казах хүн байвал казахаар ярьж ойлголцдог.
Төрийн албанд казах монгол хэлний ялгаа байхгүй. Харин бид монгол хэл дээрх зарим
төрийн албыг казах хэл дээр болгож, казахаар цэвэрхэн яриарай гэж гэдэг шаардлага
тавьж байгаа. Харин төрийн албан бичиг монгол хэлээр явж байгаа.
-Статистик мэдээгээр Баян-Өлгий
аймгийн хүн амын хэдэн хувь нь монгол, хэдэн хувь казах вэ?
-7.8 хувь монгол хүмүүс. 92.2 казах
хүмүүс байдаг юм. Ийм харьцаатай байгаа үед бид заавал “Чи төрийн албандаа ч гэсэн
монгол хэлээр ярь”, “Хоорондоо монголоор ярь” гэх нь өрөөсгөл асуудал. Тэгж болохгүй.
Харин төрийн албаны хүмүүстээ монгол хэлээр ярихыг шаарддаг. Бүх үйл ажиллагаа монгол
хэлээр явагддаг гэлээ.
Ингээд Засаг даргын өрөөнөөс гарлаа.
Онгоц өдөр нисэх учир чемодан саваа бэлдлээ. Өдрийн 15 цагийн үед онгоцондоо суув.
Хорин жилийн дараа төрсөн нутагтаа
ирээд буцаж байгаа минь энэ. Хэдхэн хоногийн өмнө онгоцноос буухад төрж байсан сэтгэгдлээс
тэс өөр зүйл сэтгэлийг минь эзэмдэн эмзэглүүлж, цээжний далдын нэг мухарт юунд ч
юм зовних мэдрэмж төрж байлаа. Онгоц газраас хөөрөх үед Өлгий хот, эргэн тойрны
уулс, нуруу, гол, нууруудын зургийг аппаратандаа буулгаж,
Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно
Алиа хонгор хүүгээ
Айсуй байхад нь баярлалаа хэмээн өөртөө дуулсаар Өлгий хотын зүгээс нүдээ салгасан
билээ.
Д.ГАНСАРУУЛ