Б.Эрдэнэбаатар
-ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ТАЛД ҮЙЛЧИЛСЭН ҮҮ-
Булган аймгийн Бугат сумын Хужирын
гол гэх газарт гарсан хүн амины онц ноцтой хэргийн талаарх мэдээлэл Булган аймгийн цагдаа нарт маргааш өглөө нь ирсэн
гэнэ. Дуудлага ирсэн даруйд шуурхай ажлын хэсэг байгуулан хөдөлжээ. Цагдаа нарыг
Бугат суманд ирэх үед талийгаач эмэгтэй хэдийнэ амьсгал хураасан байжээ. Эхнэрийнхээ
аминд хүрсэн Б.Эрдэнэбаатарыг сумын цагдаа саатуулсан байжээ. Харин Б.Эрдэнэбаатарын
ар гэрийнхэн хэрэг гарсан газар руу цагдаа ирэхээс өмнө явсан байсныг талийгаач
М.Одхүүгийн ар гэрийнхэн мэдээгүй гэнэ. Б.Эрдэнэбаатарын дүү Б.Очир-Эрдэнэ хэргийн
газарт очиж талийгаач эмэгтэйн нөхөртөө зодуулж байх үедээ өмсөж байсан хувцас,
урж тасдаж хаясан цамц, шал, орон дээрх цус зэргийг угаалгын нунтагтай хүйтэн усаар
угааж, цэвэрлээд, хувцаснуудыг нь машины дугуйн доогуур нуусан байж. Талийгаачийн
урагдаж, тасдуулсан хувцасны оронд хамаатан садныхаа цамц, өмд зэргийг өмсүүлсэн
байсан аж. Өөрөөр хэлбэл, хэрэг болсон газрын эд мөрийн баримтыг устгасан байсныг
цагдаа нар мэдэж байсан боловч “Хэрэг хийсэн хүн нь тодорхой” гээд ямар нэгэн зүйл хэлэлгүй явсан гэх.
Булган аймгийн Мөрдөн байцаах тасгийн
албан хаагч нар хавтаст хэргийн материалыг бүрдүүлж эхэлсэн байна. Тэгэхдээ талийгаач
эмэгтэйн ээжийг сэтгэл санаа нь тогтворгүй байсан учир охиных нь цогцсыг эмнэлэгт
оруулж ирэх үед нэг удаа байцаалт аваад явжээ.
Тэр үед И.Мандах гуай олигтой ч зүйл хэлж чадахгүй уйлж байгаад л хэргийг мөрдөж
байгаа цагдааг явуулжээ. Үүнээс хойш цагдаа нар ар гэрийнхэн болоод найз нөхдөөс
нь дахин байцаалт аваагүй юм байна. Үүнээс эхлээд л хууль хяналтынхан хэрэгтний
талд үйлчлэх болжээ. Хэрэг юу болж байгаа талаар мөрдөн байцаагчаас нь асуух гэхээр
гар утсаа салгаад огт ярихгүй байжээ. Булган аймгийн цагдаа дээр Эрдэнэт хотоос
зорьж очихоор цагдаа нь “Би ажилтай байна. Зөвхөн танай хэрэг дээр ажиллаагүй” гээд
мөрдөн байцаалт юу болж байгаа талаар огт
хэлдэггүй байж.
ХЭРГИЙГ МӨРДӨЖ БАЙГАА ЦАГДАА ХОХИРОГЧИЙН
АР ГЭРИЙНХНИЙГ ЗАГНАХ БОЛЖЭЭ
Нэг өдөр Мандах гуайн гэрт Б.Эрдэнэбаатарын
ээж ороод иржээ. Тэрбээр “Муу аав нь хүүхдүүдтэйгээ уулзах гээд байна. Удахгүй өөр
тийшээ шорон руу яваад өгвөл уулзаж чадахгүй. Өнөөдөр аваачиж уулзуулах гэсэн юм”
гэжээ. Хариуд нь “Өнөөдөр амралтын өдөр нөгөө цагдаа нь ажилладаг юм болов уу” гэж
хэлэхэд үг дуугүй гараад явчихаж. Тэгсэн хэргийг мөрдөж байгаа цагдаа Ганбаяр утас
руу нь өөрөө залгаад “Өөрөө юу яриад байгаа юм бэ. Хуйвалдаан хийлээ энэ тэр гэж
яриад байгаа юм уу. Аятайхан байгаарай. Хэлэх үгээ бодож хэлээрэй” хэмээн загнаж
гарчээ. Тухайн үед юу болоод байгааг мэдэлгүй
загнуулаад гар утсаа салгажээ. Маргааш нь хэргийг мөрдөж байгаа цагдаа дээр ирэхэд
бас л загнаж гарсан гэнэ. Тиймээс Цолмонтой нүүрэлдье гэсээр уулзаж, юу болоод байгааг
лавлахад цаадах нь “Би тэгж л ойлгосон” гэхээс өөр юу ч хэлээгүй байна.
Эндээс эхлээд Б.Эрдэнэбаатарын ар
гэрийнхнээс дарамт шахалт ирэх болжээ. Түүний ээж, дүү хоёр гэрт нь шөнө ирээд
“Гайтай хүүхнээс болж хүү минь хар залуугаараа шоронд суух нь. Хайран сайхан хүү
минь” гэж хэлээд явжээ. Хэд хоногийн дараа ирснээ “Долгорсүрэн өмгөөлөгч ганцаараа
хүчрэхгүй гээд байна. Бид хэд ярилцаж байгаад хотоос улсын их сайн өмгөөлөгч аваад
ирлээ. Сайн өмгөөлөгч аваад гардаг гэнэ. Миний хүүгийн амьдрал ч там болчих гээд
л байна. Хүү маань ихдээ л 15 жил аваад гараад ирнэ гэнэ” гэх зэргээр ярьжээ.
“ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ГЭМШИЖ БАЙСАН”
ГЭХ ӨГҮҮЛБЭР НЬ ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ХАСУУЛЖ ЧАДЖЭЭ
Хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа
И.Мандах гуай хавтаст хэрэгтэй танилцжээ. Тэр үед мөрдөн байцаагчийн бичиг сайн
гаргагдахгүй байсан аж. Мөн цагдаа нь мөрдөн байцаалтын талаар тайлбарлаж өгөлгүй
“Завгүй байна” гээд гадуур явж байгаад ирчихээд гарын үсэг зуруулсан байна. Мөн
“Шүүх эмнэлгээс зураг нь ирээгүй байна” гээд холбогдох зургийг үзүүлээгүй гэнэ.
Хавтаст хэрэгт талийгаач эмэгтэйг жирмээр зодсон хэмээн хэргийн материалыг бүрдүүлсэн
байжээ. Зургаан настай хүүхдийн хэлж буйгаар дөрөө, хазаар зэргээр зодсон гэдгийг
хэлсэн боловч тэр чигт нь явуулсаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Ингээд удалгүй
шүүх хурлын тов зарлагдаж анхан шатны шүүх хурал аравдугаар сарын 23-нд болжээ.
Шүүх хурал болох үед ар гэрийнхнээс нь нэг ч удаа мэдүүлэг аваагүй, хэргийн бүрдүүлэлт
дутуу байгаа тухай талийгаачийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хэлж, мөрдөн байцаалтад
буцаах хүсэлт тавьсан байна. Гэтэл улсын яллагч шүүх ажиллагаанд оролцож “Гэр бүлийн
таарамжгүй харилцаанаас болж уг гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэрэгтэн мэдүүлсэн
нь хангалттай” гэхийн зэрэгцээ хохирогчдын өмгөөлөгчтэй хэргийн талаар мэтгэлцэж
байсан аж. Улмаар шүүх бүрэлдэхүүн Б.Эрдэнэбаатарыг чанга дэглэмтэй хорих ангид
20 жил хорих ялаар шийтгэжээ. Хурлын үеэр талийгаачийн эгч үг хэлж байхдаа сэтгэл
санаа нь хямарч, улмаар гурван сартай жирэмсэн байсан ч ургаа алдсан байна. Ингээд
уг хурал дууссан бөгөөд, давж заалдах шатны шүүх хурал болохын өмнө мөн л Эрдэнэбаатарын
ээж талийгаачийн гэрт ирж “Мөнгөтэй болоод танилтай бол ямар ч ажил бүтдэг гэдгийг
санаарай. Манай дүү Орхон аймгийн захиргаанд том албан тушаал хашдагийг мэднэ биз
дээ. Та нар хурлын үеэр олон юм ярихгүй байвал зүгээр шүү” гээд гарчээ.
Давж заалдах шатны шүүх хурал энэ
сарын 3-ны өдөр болсон аж. Уг хурлын үеэр ч шүүх бүрэлдэхүүн өмнөх маягаар ажилласан
байна. Хохирогч талын өмгөөлөгч “Гэр бүлийн тааламжгүй харилцаа гэдгийг ямар
баримт, гэрчийн улмаас дүгнэж байгааг нөгөө талын өмгөөлөгчдөөс болон шүүх бүрэлдэхүүнээс
лавлахад улсын яллагч мөн тас загнаад өнгөрсөн байна. Энэ үед Б.Эрдэнэбаатар “Би
хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг минь хөнгөлж өгнө үү” гэсэн бөгөөд уг
хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд 20 жилийг 18 жил болгон бууруулах шийдвэр
гаргаснаа мэдэгдсэн байна.
Тус аймагт хэдэн жилийн өмнө хоёр
найз хоорондоо зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна. Уг хэрэгт улсын
яллагчаар Б.Эрдэнэбаатарын хэргийг яллаж байгаа улсын яллагч ажилласан бөгөөд дээрх
хэрэгт гянданд хоёр жил, чанга дэглэмтэй хорих ангид 14 жил хорих ялаар шийтгэж
байсан аж. Гэтэл хэргийн сэдэлт болоод үйлдлийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй
уг хэрэгт улсын яллагч ингэж хандаж байгаа нь хохирогчид болон бусдад хардлага
төрүүлж байгаа аж. Тиймээс талийгаачийн өмгөөлөгч Дээд шүүхэд хандаад байгаа юм
байна. Үүнийг нь дуулсан Б.Эрдэнэбаатарын ээж, дүү Б.Очир-Эрдэнэ нар дахин талийгаачийнд
очиж “Та нар Дээд шүүхэд хандчихсан уу. Та нар бидэнтэй чаргуудалцаад яах гээд
байгаа юм бэ. Юу ч олж долоохгүй шүү” гэж хэлээд явжээ.
Талийгаач эмэгтэйн гурван хүүхэд
зутруухан аж төрж байна. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр мах худалдаж авч өдрийг
өнгөрөөж байна. Б.Эрдэнэбаатарын талынхан хүүхдүүдийг нь тоох нь битгий хэл мэндийг
нь ч асуудаггүй аж. Гэр бүлийн дундын өмч болох машин, мотоцикль, мал, өвөлжөө,
гэр бараа гээд бүх зүйлсийг гэмт хэрэгтний ээжийн нэр дээр шилжүүлжээ. Гурван хүүхдийн
тэжээгчээ алдсаны тэтгэлгийг тогтоолгох гээд Бугат сумын Засаг даргын Тамгын газрынхан дээр очсон боловч “Шүүх хурал нэг мөр болсны дараа
энэ талаар ярина” гээд ажилтнууд нь хавьтуулалгүй буцаажээ. Мөн Булган аймгийн Шүүхийнхэн
“Шүүх хурал болоод үүнтэй холбоотой асуудал дуусаагүй тул хүлээж авахгүй гэхэд нь
“Бид иргэний журмаар хандаж байна. Шүүх хурал зэрэг асуудал бол эрүүгийн хэрэгт
тооцогддог. Тиймээс бидний өргөдлийг хүлээж авах учиртай” гэхэд учраа олж ядан
өргөдлийг нь авцгаасан байна.
Б.Эрдэнэбаатар эхнэрийнхээ аминд
хүрэхээс өмнө саахалт айлынхаа Гантуяа гэх эмэгтэйг зодож хүнд гэмтээж байжээ.
Талийгаачийн ээж И.Мандах гуайн хэлж буйгаар Б.Эрдэнэбаатар хурдан морь уях сонирхолтой
нэгэн гэнэ. Дунд хүүгээ хөлсөлж ирсэн морийг олигтойхон хөтөлсөнгүй гээд хамрынх
нь цусыг тогтохгүй болтол нь цохиж, байнга шахуу зоддог байсан аж.
Э.ХҮРЭЛБААТАР