Categories
редакцийн-нийтлэл

“Бодь” группийн эзэд хөрөнгөө хуваажээ

Монголын том биз­нес­мэнүү­дийн хоёр
нь өнгөрсөн долоо хоногт хөрөнгөө тусгаарлалаа. 
“Бодь” группийн хувь эзэм­шигчид болох 
Лу.Болд, Д.Баясгалан нар  хөрөнгөө
албан ёсоор салгах гэрээнд гарын үсгээ зурж, хэн хэндээ амжилт хүсчээ. Маргал­даж
хоёр тийшээ харсан эрхмүүд эцэс­тээ эв найр­тайгаар гараа атгалцан салахыг илүүд
үзжээ. Лу.Болд нь “Бодь цамхаг”-аа, “Бодь
даатгал”-аас эхлээд груп­пээр овоглодог охин компаниуд­тайгаа авахаар болж.  “Бодь” гэдэг нэрийг Болдын аав эрдэмтэн С.Лувсан­вандан
гуай өгч байсан аж.  Түүний эзэмшилд медиа
групп нь бас очиж байгаа. Үүн дээр нэмэх нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.  Харин Д.Баясгалан “Голомт”-оо удирдаж явна гэсэн
тохироо хий­жээ. Тэр Монголын томоохон  банкны
нэгд зүй ёсоор багтах “Голомт”-ыг УИХ-ын гишүүн М.Зоригт­той хамтран эзэмшинэ.    

Хоёр бизнесмэний дунд мар­гаан өрнөж
байж хөрөнгөө хуваах шийдэлд хүрсэн гэдгийг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал гэрчил­нэ.
УИХ-ын гишүүн, Гадаад харил­цааны сайд Л.Болд “Бодь”-ийн хувь эзэмшигчийн хувьд
маргаан байгаа гэдгээ олонд ил болгож байв. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд
өнгөрсөн тавдугаар сарын 24-нд өмгөөлөгч З.Сүх­баата­­раараа дамжуулан гурван нүүр
дүүрэн захидал хүргүүлсэн байдаг. “2012 оны намраас эхлэн Голомт банкны тухайн үеийн
зарим албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас банкны болон бусад хууль тогтоомжийн
тодорхой заалтууд ноцтой зөрчиг­дөн улмаар харилцагч хадгаламж эзэмшигчдийн хууль
ёсны эрх ашиг, сонирхолд хортой үр дага­варт хүрч болзошгүй нөхцөл бай­дал үүссэн
болно. Ийм хууль бус үйл ажиллагааг одоо ч үргэлж­лүү­лэн хийсээр байна” гэж эхэлсэн
захидал долоон ширхэг баримт дэлгэсэн байдаг. 
Банкны программ хангамжийн цахим систем гэмтсэн шалтгаар бүх л мэдээлэл устаж
байсан, банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын үлэмж хэм­жээ­ний мөнгөн хөрөнгийг
банкны гүйцэтгэх удирдлагын зарим албан тушаалтан хувь хүний нэр дээр данс нээж
байршуулсан зөрчил гарсан гэх мэт баримтуудыг “Бодь”-ийн хувь эзэмшигч Л.Болдын
өмгөөлөгч З.Сүхбаатараас  Н.Золжар­галд хаягласан
албан бичгээс харж болно.  

Дараахан нь “Бодь” группийн удирдлагууд  хэвлэлд хандаж бай­лаа. Лу.Болдыг дотоод  маргаанаа хэвлэлийнхэнд ил болгох үед  иргэ­дэд нэг болгоомжлол автоматаар төрсөн юм.
“Голомт” эвгүйдсэн учраас эд ингэлээ гэсэн шум хүчээ авч, иргэд хадгаламжаа татах
эрсдэл өндөр байсан учраас нөгөө талаас мэдээлэл хийж, “Бодь”-ийн удирдлагууд Монголын
том группын хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцол олонд ил болж байв. “Хувь эзэмшигчдийн
маргаан банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй” гэж байсан юм. Л.Болдын зүгээс
ч дахин элдэв яриа үүсгэлгүй асуудал тэгсгээд намжиж байв.

“Бодь”-ийг үүсгэн байгуулагч­дын нэг  Лу.Болд 
оюутан байхдаа хоёр Германы хооронд ганзагын наймаа хийж анхны хуримтлалаа
үүсгэж байсан гэдэг. Ардчиллын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан
М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч “Бодь групп”-ыг байгуулсан түүхтэй. “Бодь групп”
байгуулагдсанаасаа хойш компьютерийн наймаанаас багагүй  ашиг олж, тэр ашгаараа  “Голомт”-ыг байгуулж байж.  “Голомт” энэ зууны эхээр “Сэргээн босголтын банк”-тай
нэгдсэн байдаг. Тус банкнаас салсны дараа хурдтайгаар томорсон гэж банкны салбарынхан
ярьдаг.

Ямартай ч “Бодь” гэсэн нэр дор нэгдсэн
Монголын толгой бизнес­мэнүүд энэ хүрээд тус тусынхаа замаар бизнесээ томруулахаар
шийдэж хөрөнгөө хуваацгаажээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

А.Бакей: Р.Амаржаргал бусдын өмнөөс хариуцлага хүлээлээ гээд байдал өөрчлөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-УИХ өнгөрөгч долоо хоногт
2014 оны төсвийг баталлаа. Таны хувьд төсвийн тал дээр өөрийн байр суурийг нэлээдгүй
хэлж ха­рагд­­сан. Тийм болохоор ирэх оны төсөв таны­хаар хэр ханатай бол­сон бэ?

-Монгол Улсын 2014 оны төсвийг дэгийн
дагуу хэлэлцэж, хуулийн хуга­цаанд буюу арваннэг­дүгээр сарын 15-нд баг­тааж баталлаа.
Энэ жил манай орны эдийн засаг, санхүүгийн төлөв байдал нэлээд хүндрэлтэй бай­лаа.
Ирэх жилийн хувьд ч энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж байгаа учир Засгийн газраас
өргөн барьсан төсвийн төслийг хэлэлцэж батлах нь тийм ч амар байгаагүй. Ямартай
ч УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөн баригдсан төсвийн орлого, зарлагын аль алинд
зохих өөрчлөлт оруулж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” зарч­маар нухацтай хандсан
төсөв болсон гэж үзэж байна.
Яам, агентлаг гэх мэт төрийн байгуул­ла­гуу­дын  хэрэгцээнд шаард­ла­гатай ширээ, сандал, тавилга,
компьютер, тоног төхөөрөмж, унаа машин худалдан авах гэх мэтийн төлөвлөж оруулж
ирсэн хөрөнгийн зардлыг бага­гүй хэмжээгээр бууруулж, мөн боломжтой урсгал зардлыг
ч танасан нь “бүсээ чангалах” зарчимд нийцсэн болов уу. 2007-2012 онуудад манай
эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээлд өндөр үнэтэй бай­сан, тэр хэм­жээгээр
төс­вийн орлого ч өссөн он жилүүдэд ха­маа­гүй ца­маан загнаж, төсвийн урсгал зардал
ч, хөрөнгө оруулалт ч ихээ­хэн өргөж­сөн билээ. Үүнээс шалт­гаалж он дамж­сан, төсөвт
өртөг нэмэгдсэн дуусаа­гүй обьек­туудын тоо ч олширсон байна. Энэ нь Засгийн газрын
мөрийн хөтөлбөрт тус­гагдсан то­моохон зорил­туудыг хэ­рэгжүүлэхэд саад болох шинжтэй
бол­сон. Төсвийг хэлэлцэх явцад энэ бай­далд УИХ бодитой дүг­нэлт хийж, баригдах
хуга­цаа нь удаа­­ширсан, тө­сөвт өртөг нь батлагдсан хэмжээ­нээс өссөн 240 обьектыг
ирэх жилийн төсөвт “0” дүнтэй тусгаж, Улсын ерөнхий аудитын газ­раас шалгаж няг­талс­ны
дараа нэгдүгээр ули­ралд багтаан төсвийн тодот­голоор эргэж хэ­лэл­цэн шийдвэрлэхээр
бол­сон. Энэ бүхэнд тулгуур­лаж дүгнэхэд, Монгол Улсын төсвийн төслийг УИХ дээр
хэлэлцэж ирсэн түү­хэнд анх удаа 2014 оны төсөв бол төсвийн зар­лагын реформ хийсэн
төсөл болсон.

-Ирэх оны төсөв “Ав­лигажсан төсөв”-ийг
түр царцаасан төсөв боллоо гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

-2013 оны төсөвт то­дот­гол хийх,
2014 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад Ерөнхий сайдын амнаас дээрх үг гарсан нь
санамсаргүй хэлсэн үг биш байх гэж бодож бай­на. Хэрэв төсвөө анхнаас нь бодитой
төлөвлөж, хө­рөнгө оруулалтыг анх батлагдсан хэмжээнд төсөвт өртөгт нь багтааж хугацаанд
нь хэрэгжүүлж ирсэн бол өнөөдрийн яриад байгаа хүндрэл, бэрхшээл гарахгүй байх байсан.
Тендерт орж ял­сан компани ч анхнаасаа төсөвт тусгагдсан өртгөөр хугацаанд нь, чанартай
гүйцэтгэнэ гэж орчихоод эргээд элдэв бэрхшээл тоочоод төсвөө нэмэг­дүүлдэг муу зуршилтай
болсон. Түүнийг нь Зас­гийн газар мэдсээр байж нэмж өгөөд ирсэн нь үнэ­хээр харамсалтай.
Иймд ирэх жилийн төсөв бат­лагдсантай холбогдуулан авах зарим арга хэм­жээ­ний тухай
УИХ-ын тог­тоо­лоор он дамжсан за­рим хөрөнгө оруулалтыг түр царцаасан нь дээрх
“муу зуршил”-д том дохио боллоо.

Ер нь цаашид төсвийг төлөвлөх, хэлэлцэх,
бат­лах, хэрэгжүүлэх бүх шат дамжлагын хариуцлагыг эрс сайжруулах талаар тодорхой
арга хэмжээ авах шаардлагатай байна. 

-МАН-ын бүлэг тө­сөв дээр нэлээд
шүүмж­лэлтэй хандаж байсан ч тэгэс гээд нам гүмхэн баталчихлаа. Үүний ард улс төрийн
тохироо явагдсан гэх хардлага байна?

-Миний мэдэхээр 2014 оны төсвийг УИХ
дэгийн дагуу хэлэлцэж баталсан. УИХ дахь на­муудын бүлэг тус бүртээ ажлын хэсэг
гаргаж ажил­луулсан, үүн дээр Төс­вийн Байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, нэгдсэн
санал, дүгнэлтээ танилцуулсан. Мэдээж санал нийлэхгүй асуудал дээр тал талаас ярилцаж,
аль болох зөв гарцаа олсон гэж үзэж байна. Төсвийг УИХ дахь эрх баригч намын бүлгийн
гишүүд дангаараа бат­лах ямар ч боломжгүй, бусад нам, эвслийн бүл­гийн зүгээс шүүмжлэлтэй
хандаж байсан нэлээд асуудал төсөвт тусгагд­сан. Тиймээс гишүүдийн олонхийн санал,
дэмж­лэгээр батлагдсан төсөв бол муу ч бай, сайн ч бай хамтын бүтээл шүү. Хариуцлагаа
ч хамтдаа хуваалцах учиртай.

-Ирэх оны төсөвт Оюу толгойгоос
450 мянган ам.доллар орж ирэх болов уу. Энэ оны төсөвт 445 мянган ам.доллар тусгагдсан
ч нэг ч төгрөг орж ирээгүй гээд байгаа?

-Оюу толгойн төслөөс орж ирэх орлого
нь хоёр зүйлээс хамаарна. Тус ордоос эксортод гарга­хаар төлөвлөсөн зэс, алт­ны
хэмжээг бүрэн хэрэг­жүүлэх. Мөн дэлхийн зах зээл дэх эдгээр түүхий эдийн үнэ төсөвт
төлөв­лөсөн түвшингээс унах­гүй байхаас шалтгаална. Засгийн газар энэ хоёр хэмжигдэхүүнийг
боди­той төлөвлөж, эрсдлийг тооцсон байж таарна.   

-Төсөв дээр урсгал зардал хассан
нь хэр зөв шийдэл вэ. Төсвийн байнгын хороо, ажлын хэсгийнхэнтэй ойр бай­сан гишүүд
өөрсдийн сонгогдсон тойргийн бү­тээн байгуулалт болон сургууль, цэцэрлэгийн засвар,
машины мөн­гийг суулгасан байна гэх юм?

-Би түрүүн хэлсэн. Зас­гийн газар
төсвийг анхнаасаа бодитой, зөв төлөвлөж оруулж ирвэл төсвийг нэмэх, танах асуу­дал
гарахгүй шүү. Урсгал зардлыг хамаагүй дур мэдэж танах юм бол тухайн салбарын, бай­гуул­лагын
хэвийн үйл ажиллагаа алдагдана. Гэхдээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэх шатанд
буруу субьектив хандлага мэр сэр ажиг­лагддаг юм. Харин таны асууж байгаа шиг тойрог­тоо
хөрөнгө оруулалт хий­хийн тулд урсгал зард­лыг танасан гэж үзэхгүй байна. 

-Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед
УИХ-ын гишүүд орон нутгийн томилолтын зардлаа хассангүй хэмээн шүүмж­лэлтэй байгаа
харагдсан. Томилолтын зардлыг танах боломж байгаагүй юу?

-УИХ-ын гишүүн хуу­лиар тогтоосон
бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн зүгээс баталгаа, нөхцөлийг бүрдүүлэх хууль­тай.
Ялангуяа, тойр­гоос сонгогдсон гишүүд жилдээ боломжийнхоо хэрээр хэд хэдэн удаа
тойрогтоо очиж ажиллах ёстой. Ядаж л шинээр батлах хууль тог­тоом­жийн төслийн талаар,
мөн урьд баталсан хуу­лиу­дын хэрэгжилтийн бай­далтай газар дээр нь танилцаж, сонгогч
олны саналыг авах учиртай. Нэг ёсондоо амьдралын гүнд орж ажиллаж байж сая хууль
тогтоох дээд байгууллагад хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадна гэсэн үг. Гэтэл УИХ-ын
гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нөх­цөл төсөв, санхүүгийн хувьд бүрэн хангагдаагүй
явж ирсэн юм. УИХ-ын тухай хуулийн 35.3 дахь заалтад “Гишүүний сон­гогдсон тойрогтоо
ажил­лахтай холбогдсон зард­лын хэмжээг УИХ тог­тоо­но” гэж заасан байдаг.

-Сүүлийн үед Р.Амар­жаргал гишүү­ний
асуудал ихээр яриг­даж байна. Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо үүн дээр ямар
байр суурьтай байгаа вэ?

-Р.Амаржаргал ги­шүүн УИХ-ын тухай
хуу­лийн 6.6.3 дугаар заалтын дагуу буюу “… хүндэтгэн үзэх шалтгаанаар…” УИХ-ын
гишүүнээс чөлөө­лөг­дөх хүсэлтээ гаргасан байна. Энэ асуудлыг хол­богдох хууль тогтоом­жийн
дагуу УИХ-аар хэ­лэлцэж шийдвэр гаргана. Ямар шийд гарахыг би урьдчилан хэлж чадах­гүй.
Ямартай ч даваа гаригт хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг уг асууд­­лыг хэлэлцээд гишүү­ний
өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эцсийн шийдвэр УИХ-ын нэгдсэн
чуулганы хуралдаанаар гарна.

-Танай хороо хэзээ Р.Амаржаргал
гишүү­ний асуудлыг хэлэлцэх вэ?

-Хуулиар гишүүн өргө­дөл гаргаснаас
хойш төдий хугацаанд УИХ-аар хэлэлцэнэ гэсэн тодор­хой зохицуулалт байхгүй байна.
Ямар ч гэсэн ойрын хугацаанд хэлэлцэнэ.

-Одоогоор Р.Амар­жар­гал гишүүн
хариуц­лагагүй төрийн өмнөөс хариуцлага хүлээхээр бүрэн эрхээсээ тат­гал­заж байна
гэсэн ойл­голтыг нийгэмд төрүү­лээд байна. Тантай Амар­жаргал гишүүн хэд хэдэн удаа
уулзсан гэ­сэн. Чухам ямар шалт­гаанаар бүрэн эрхээсээ татгалзаж байна гэсэн бэ?

-Би Р.Амаржаргал гишүүнтэй хэд хэдэн
удаа уулзаж ярилцсан. Надад одоогоор УИХ-ын гишүү­ний бүрэн эрхээс татгал­заж байгаа
шалтгааны талаар тоймтой зүйл хэлээ­гүй. Амаржаргал бусдын өмнөөс хариуц­лага хүлээлээ
гээд бай­дал өөрчлөгдөхгүй. Хэ­лэл­цэх явцад байдал тодорхой болно биз ээ. 

-АН-ын бүлэг Р.Амар­жаргал гишүү­ний
хүсэлтийг нь хү­лээж аваагүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг
заавал оруу­лах шаардлагатай юу?

Хуулийн дагуу УИХ-аар заавал орж хэлэл­цэг­дэнэ.
Энэ бол зөвхөн гишүүний хувийн асуудал биш, уг гишүүнийг сонго­сон сонгогч олон
түмний мандат цаана нь байгаа.

-Таны хувьд намын­хаа журмын нөхрийн
уг шийдвэрт ямар бо­дол­той байна вэ?

-Р.Амаржаргал ги­шүүн бол анх удаа
сон­гогд­сон шинэ гишүүн биш. Харин ч хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай
гишүүн гэд­гийг бид мэднэ. Би жур­мын нөхрийн хувьд энэ сонголтоо сайн тунгааж бодоорой
дахин зөвлөж хэлмээр байна.

-УИХ-аас түүний бү­рэн эрхийг түдгэлзүү­лэх­гүй
байж магадгүй. Харин Р.Амаржаргал гишүүн Байнгын хороо, нэгдсэн чуулгандаа суух­гүй
бол ард түмэн хохирно. Тэгвэл Амар­жаргал гишүүнд тооцох хариуцлагын механизм гэж
бий юу?

-Энэ талаар одоо мөр­дөж байгаа хуулинд
тодорхой заалт бас байх­гүй. Тэгэхдээ амьдрал баян юм чинь хэрэв тийм шийд гарлаа
гэхэд гарцаа олох байлгүй.

-АН-ын бүлэг түүнд сайдын албан
тушаал өгсөнгүй хэмээн гом­донгуй явсан тул бүрэн эрхээсээ түдгэлзэж бай­гаа гэх
юм. Хэр үнэ­ний ортой вэ?

-Үүнийг би мэдэхгүй юм. Энэ асуултыг
өөрөөс нь асуувал илүү оновчтой хариултыг олох байх.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монголын сэтгүүл зүй популистуудыг биш баялаг бүтээгчдийг дэмжихээ төрийн тэргүүний өмнө амлалаа

“Том төрөөс ухаалаг төр рүү”
сэдэвт үндэсний зөвлөл­дөх уулзалт өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд бол­лоо.
Энэ үеэр олон салбар хуралдаан болсны нэг нь сэтгүүлчдийнх байв. Уг хуралд
сонин хэвлэлийн удир­дах албан тушаалт­нуу­дыг сурвалжлагчийн биш төлөөлөгчийн
хувиар урьж оролцуулсан юм. Тиймээс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэ­лийн тэргүүн
Б.Галааридаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч зэрэг хариуцлагатай
хүмүүс энэ хуралд суулаа. “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт уул­зал­тын
салбар хуралдаанууд хаалттай болсон юм. Энд яригдсан зүйлийг гадагш нь задалж
болохгүй учраас нууц­лах гэсэндээ тэгсэн юм биш. Телевизийн камераас хол
хэлэлцэж, ярилцах гэсэн­дээ ийм зарчмаар хуралдсан хэрэг. Яагаад гэвэл сүүлийн
үед камер харахаараа бус­даас ялгарах гэж босоод зогсчихдог, элдэв гаж зүйл
ярьж олны анхаарал татахыг хичээдэг, бусдад таалагда­хын тулд хүмүүн бус авир
гаргадаг өвчтэй хүмүүс олшир­чихсон болохоор тэр.

Энэ зөвлөгөөн дээр том төрөөс
ухаалаг төр рүү шилжи­хийн тулд яахав, ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг авч
хэлэлцсэн. Хэвлэл мэдээл­­лийнхнээс гадна биз­нес, улс төрийн хүрээнийхэн
оролцож олон санаа, оноо дэвшүүлсэн. Тэр бүгдийг нь нэгтгэж, том төрөөс ухаалаг
төр рүү сэдэвт уулзалтаас гаргах нэгдсэн шийдвэрт тус­гуулав. Сэтгүүлчдийн
салбар хуралдааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд
Ч.Сайханбилэг, Сэт­гүүлч­­дийн нэгдсэн эвлэ­лийн тэргүүн Б.Галаарид нар
хөтлөн  явуулсан билээ. Харин Ерөнхийлөгч
энэ хурлыг сонирхоод араар сэмхэн орж ирээд суучихсан харагдсан.

Хурал эхлэхэд сэтгүүлчид цугласан
газар болгон яригд­даг улиг болсон нэг санал хөндөгдөж байна лээ. Тэр нь
сэтгүүлчдийн байгууллагыг тарааж, нэг хүнд 30-аас илүү хувь эзэмшүүлэхгүй гэдэг
санаархал. Зүүний өтгөсийн өвчнөөр өвчлөгсөд энэ сана­лыг гаргасан.  Дээхнэ үед мах комбинатад хонь дагуулдаг
хэсэг ямаа байсан юм гэнэ лээ. Дагаж орж ирсэн хонинуудыг нь херлинтэй усанд
оруу­лаад, үүргээ гүйцэтгэсэн ямаа­нуудыг цааш нь туугаад гаргадаг байсан юм
гэдэг.  Үүн лугаа зүүний өтгөсийн өвч­нөөр
өвчлөгсөд хурал бүр дээр ярьдаг саналаа хамгийн түрүүнд тавьсан. Ер нь сүү­лийн
үед болж буй сэтгүүлчид цуглуулсан хурлууд энэ маягаар өрнөнө гэдгийг ийм нууц
паролиор илэрхийлдэг болчихоод байгаа.

Гэвч энэ удаагийн   хурал дээр тэрхүү улиг болсон сана­­лыг
дэмжээгүйгээр барах­­­гүй үүнээс тэс өөр эсрэг, тэсрэг санаа, онооны тухай
хэвлэл мэдээллийн хэрэгс­лүү­дийн эрхлэгчид ярилцлаа. Хурлаас олон санал
гарсан. Тухайлбал, “Төр бизнест битгий садаа бол. Хувийн өмч рүү халддагаа
зогсоо, хувьс­галаар эхэлсэн ардчиллыг нийгэмчлэлээр дуусгах гунигт төгсгөлийг
харах болж байна уу, хувийн өмчийг хамгаалах хууль гаргая” гэх мэтээр ярив.
“Төр бизнест оролцдоггүй, хэрэгтэй үед нь тусалдаг, сонирхлын зөрчилгүй байх
ёстой. Өнөөдрийн дарлагд­сан ард бол бизнес эрхлэг­чид. Бизнес эрхлэгчдийг дар­ла­даг
бүхэл бүтэн тогтолцоо байна. Үүнийг зогсоох цаг болсон” хэмээн оролцогчид
илтгэв. Төр бизнесийг хич­нээн дарамталж, дарлалаа гээд хэмжээ хязгаар нь хэт­рээд
ирэхийн үед сад тавин цаг хугацаа эргэдэг юм байна. Тиймээс бизнесийг дарлах
тогтолцооны эсрэг зогсох цаг нь ирснийг ярьж тохирлоо. Хурал ийм л уур
амьсгалтай болсон юм.

Мөн сэтгүүлчдийн салбар
хуралдаанаар популизмийг дэмжихээ больё гэдэг дээр тогтлоо. Харин түүний оронд баялаг
бүтээгчдийг дэмжих тухай хэлэлцлээ. Энэ үеэр нэрт сэтгэгч, нийтлэлч Баабар үг
хэлсэн юм. Тэрээр “Татва­рыг шударга болгомоор бай­на. Манай төр татвар төлдөг­гүй
компанийг яадаг ч үгүй. X тайланг нь аваад, 
толгойг нь илээд явуулдаг.  Гэтэл
нэг жил гурван сая төгрөгийн татвар төлчихсөн компаниас дараа жилээс нь зургаан
сая төгрөг нэхдэг зантай. Ингээд бодо­хоор компаниуд  татвар төлс­нөө­сөө эс юм болж хувирна.
Тэгснээс татвар төлөхгүй Х тайлан гаргаад явж байх нь амар гэж бодогдоно. Үгүй
гэвэл  төр хэн нэгний эрхэлж байгаа
бизнест бөөн садаа, дарамт болж айлгадаг” тухай ярьж байв. 

Үүнээс үүдэн татвараа төлж байгаа
компаниудад яаж хандах, татвар төлдөггүй хэсгийг нь юу гэж нэрлэх вэ гэх
зэргийн олон зүйлийг хэлэл­цэж тохирсон. Энэ бүхнийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэ­лийн
тэргүүн Б.Галаарид нэгд­сэн хуралдаанд танил­цуул­сан билээ. Тэрээр “Мон­голын
сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн
90 гаруй  хувь нь хувийн өмч байдаг.
Харамсалтай нь сүүлийн үед хувийн өмч рүү янз бүрийн хэлбэрээр дайрч, булааж
авах оролдлогууд хийгддэг боллоо. Төр засаг хувьдаа өмчтэй хүмүүсийг ийн ад
үзэж, тэдний бизнес эрх­лэх, ажлын байр бий болгох, улс орноо хөгжүүлэх ажилд
чөдөр тушаа болон дарам­талж байна. Энэ нь 1990 онд олж авсан ардчиллаасаа
ухрах нэг шат болох аюулыг ойрхон авчирлаа. Тиймээс үүнийг таслан зогсоохын
тулд хувийн өмчийг хамгаал­сан хуультай болох хэрэгтэй. Дээрээс нь популизмыг
биш баялаг бүтээгчдийг дэмжмээр байна” хэмээн хэлсэн билээ.

Сэтгүүлчдийн гаргасан энэ саналыг
Ерөнхийлөгч олзуурхан хүлээн авч, дэм­жиж байгаагаа хурлын төгс­гөлд
илэрхийлсэн. Ерөнхий­лөгч “Бизнес эрхлэгчид олон зүйл хүсдэггүй. Тэд тогт­вортой,
тэгш, тунгалаг эрх зүйн орчинг хүсдэг. Мөн өрсөл­дөхүйц, зохистой, төлөв­лөж
болохуйц татварын орчинг л хүсдэг. Бизнес эрх­лэгч­дийг дарамталдаг тогтол­цоог
эвдэж, энэ байдлыг хална” гэдгээ нүүр бардам хэллээ. Түүгээр ч зогсохгүй гэмт
хэргийн тухай хуульд орж байгаа хувийн өмчид халтай заалтуудыг эргэн харж,
хувийн өмчийг хамгаалах хууль гаргана гэдгээ хэллээ.

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх
хэрэгтэй.  Хувийн өмч рүү халдан довтолж,
одоо­гийн нийгмийг бий болгоход сэтгүүлчдийн оролцоо, үгийн нөлөө байсан.
Үүгээрээ энэ нийгмийн үндэс суурийг сэтгүүл­чид тавьсан ч гэхэд болно. Тэгвэл
өөрсдийн бий болголцсон энэ нийгмийг эргээд эрүүлжүүлэх ажлыг сэтгүүлчид
өөрсдөө хийж чадна гэдэг нь “Том төрөөс ухаалах төр рүү” сэдэвт уулзал­таас
харагдсан юм.  Хүн өмчтэй, хөрөнгөтэй
байж болохгүй. Хэрэв мөнгөтэй байгаад, баялаг бүтээдэг бол   “муу сайн баячууд”  болон хувирдаг энэ буруу үзэл ойлголт өнөөдөр
ардчиллыг  мухардалд оруулж байна.
Ардчилал мухардалд орсны уршгаар зарим хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл хаалгаа
барьж, сэтгүүлчид нь амаа үдүүлсэн гашуун түүх ч сая­хан тохиосон. Харин үүнийг
засч залруулах амлалт “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт уулзалтаас  гарсан юм.

Мөн энэ хурлын үеэр нэгэн бодол
төрсөн нь сэт­гүүл­чид сүүлийн үед зурагт, радио, хэвлэлээр гарахын дон туссан
популистуудыг  нийгэмд зарлах хэрэгтэй юм
байна гэдэг санаа. Яагаад гэвэл популистуудыг сэтгүүл зүй өөрөө төрүүлсэн юм.
Тэгвэл популистууд гэж хэн юм бэ. Миний бодлоор олон нийтэд таашаагдахын тулд
хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр хашгирдаг хүмүүсийг хэлдэг юм байна. Тэд телеви­зийн
камер харахаараа өөрийн эрхгүй суудлаасаа өндөлзөж, ярих тоолондоо түмэн олонд
таалагдахыг хичээдэг. Гэвч амнаас нь 
гарч байгаа үгс ард түмэнд ашиг­гүй. Хэнд ч хэрэггүй байдаг.   Популистууд барааны үнийг бууру­улна гэж
ярьдаг.  Хөрөн­гө хураана, нийгэмчилнэ,
цалин нэмнэ, улсаа үлгэрийн орон болгоно гэх мэтийн амлал­тууд өгдөг. Хүний
санаанд оромгүй мэдэгдлүү­дийг үе үе хийнэ. Гайхаж цочирдом хуулиуд санаачил­на.
Ерөөсөө дараагийн сон­гуу­­лиас өөр юм боддоггүй хүмүүсийг популистууд гэдэг юм
байна. Өнөөдөр Монго­лын хүн амын 30, 40 хувь нь ядуу амьдралтай. Тэгвэл популистууд
тэдний эсрэг баялаг бүтээгчдийг сөргүүлэн тавьдаг. Баялаг бүтээгчдийн хөрөнгийг
булааж ядууст тарааж өгдөг шинэ үеийн Тоорой бандийн дүрд тоглог­сод нь
популистууд юм байна. Тэд зах зээлийн нийгэм жамаараа хөгжиж, үндэсний
хөрөнгөтнүүд нь бусдыгаа аваад явахад саад болж бай­на. Тиймээс ихэнх популис­тууд
сонгуулиас сонгуулийн хооронд л оршин тогтнож чаддаг юм. Үнэндээ ийм л хоёр,
гуравхан жилийн нас­тай популистууд 20 жилийн түүхтэй ардчиллыг нухчин дарж
байна. Иймийн учир  үүний эсрэг зогсч,
тэднийг нийгэмд зарлая, оронд нь баялаг бүтээгчдийг дэмжье  гэдгээ Монголын сэтгүүлчид төрийн
тэргүүнийхээ өмнө амлалаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Явууд загнуулчихаад “Дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө тангараг тавьж байсан сан

Монгол Улсын ар­дын уран зохиолч,
тө­рийн шаг­налт Шара­вын Сүрэнжав­тай хөө­рөлдсөн ярилц­ла­гын­хаа үргэлжлэлийг
хүргэж байна.

-Өмнөх ярилцлага­даа Чимид, Эрдэнэ,
Ван­ганы тухай ярьсан. Энэ удаад мөн л
авар­гуудын талаар асуу­маар байна. Бямбын Ринчен гуайтай та хэр ойр байсан бэ?

-Тавин нэгэн онд Ав­дар­баяны бага сургуу­лийг төг­сөөд нэг жил
хөдөө гарч мал малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт
лавширч, тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэ­лийн жи­гүүрийг
Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.

Түүний туурви­сан “Үүрийн туяа” роман
намайг адууны бэлчээрт ява­хад хэвлэгдэж, “Цог” сэтгүүлд “Тарас Бульба” туужийн
орчуулга цувралаар нийтлэг­дэн дугаараас дугаарыг шим­тэн хүлээхэд хүргэж байлаа.
Би гэдэг хүн “Үүрийн туяа” романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл айлд уригдан
очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд хоногшиж, нэрийг нь харалгүйгээр
түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган тань­даг болсон. Ингээд малчны хүү би тавин
найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг догдлон алхсаны сүүл­чээр эчнээ танил
болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах завшаан тохиосон доо.

-Их эрдэмтэнтэй уул­заж, үг яриаг
нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?

-Жаран нэгэн оны гурав­дугаар сарын
зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар өрөөнд Ринчен гуайтай уул­залт хийснийг мартдаггүй.
Дорно дахины хүн гэдгээ илтгэсэн хөх өмд, хүрэн тэр­мэн дээл дээр мөнгөн арал­тай
бүс бүсэлчихсэн нь сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул
дээрээ хоёр тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан
хүн байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг сэжисхийн
ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч бай­сан даа. Ринчен багшийн лекцэнд олонтаа
сууж, Зохиолч­дын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж явсан туульс сэтгэлд
долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируул­саар Зохиолчдын хороогоор ороод
ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ шаламгай нэгэн Ринчен баг­шийн өөдөөс
гүйж очоод тол­гой дээрх дугуй малгайных нь оройны товч унасны ормоор буурал үс
нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай таны наад толгой дээрх чинь мал­гай юм уу, юу
юм” гэхэд, Миний энэ ч эрдэмтний гэгээн тэр­гүүн дээр тавиастай юм боло­хоо­роо
малгай нь чиг малгай л даа. Харин таны наад ган­ган бүрхний доорх чинь толгой юм
уу, юу юм бэ гэж билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох
завгүй тэр дор нь хариу өгдгөөрөө гайхал­тай. Улаанбаатар зочид буу­далд М.Цэдэндорж
бид гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.

-Тийм үү, түүнээ тодот­гооч?

-Зөвлөлтийн монголч эрдэм­тэн Клара
Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа
имэрс­хийн “Би нэг айхтар юмтай учирч билээ” гээд цааш ярь­сан нь “Ерөнхий сайд
асан Амар гуайг сахал багшид (Сталинг хэлж байна) бараал­­хахад би хэлмэрчээр дагаж
Москвад очсон юм. Амар гуай Сталинтай уулза­хын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс
төрийг дээдэлж байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн
өөрсдөө орчуул­на гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч
ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчих­сон “За ёстой амьдын хар
нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний тол­гой залгих хэрэгт тулгагдлаа”
гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн сүжиг нь буурсан юм даг” гэж
тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж билээ. Ринчен багшийг таа­лал төгссөн
тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн цаа­на үүлс бараагнасан сонин цаг улирал
өнгөрч билээ.

-Одоо Явуугийн тухай яриач. Жараад
оны “унага”-нууд болох Бадарч, Пүрэв­сүрэн, Дулмаа, Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн
Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?

-Түүний яруу найраг нь түүний шавь
нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн мэнд байгаа цагт Явуу бидэн­тэй хамт
Монголын утга зохиолд мөнх оршиж буй. Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн
хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн.
Шүлэг найргаар ид өвчилж явах үедээ Явууд бут ниргүүлэн “дахиад шүлэг бичихгүй”
гэж өөртөө андгай тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн
дэргэдэх нэгдлээр залуучуу­дын шүлэг зохиолыг хэлэлц­дэг байлаа. Миний шүлгүүд бусдаас
арай л өөр мэт санаг­даад, өөртөө их итгэлтэй байх үед “Чамд зүрхний үг хэрэгтэй
байна.Уянгын хөг аяс дут­маг…” гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй болгосон сон.
Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэл­гүй үзэг цаасаа шүүрч билээ.
Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод, өмнөхүүдээ уншиж үзэн ихэд
голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу багшийн гэрийн босгыг зоримогхон
алхаж “Би чамаас ийм л юм хүсээд бай­лаа” хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд
баяр төрж билээ. Далан хоёр онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолч­дын
эвлэлийн шаг­нал хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн,
ганц нэг юмны бөглөө мултал­сан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа.  Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж
түүндээ “Лхамсүрэн, Гайтав, Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа
хэдэн хайрцаг тамхи явуу­лах”-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг
Казахстаны нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралд­сан алаг
хөх оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.

-Өнгөрөхийнх нь өмнөх жил байж
шүү?

-Тийм юм. Бидний сүүл­чийн аялал байсныг
тэр үед даанчиг бодоогүй явж билээ. Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур
тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд
орж түүнээ өгүүлэ­хэд Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд
“Багын юм санаа­наас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганза­галаад ирж байсан
дүр зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь
цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан хараг­даж
байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан даа” гэв.
Тэгээд намайг нут­гаа­раа хамт очихыг хүсэм­жилж байлаа. Явуу багшийг бие барсны
хойтон жил төр­сөн нутагт нь очиж, цаст гэгээн Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд
хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их дутаж, түү­нийг үгүйлэн гансарч “Цаст цагаан
уулыг эзэгнэнхэн төр­лөө, би” гэх гайхамшигт найр­гийг нь уншин нүдэндээ нулимс­тай
явсан даа. Дараа­хан нь би Хар далайд амрах­даа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө
дүлээр босч “Алаг дэлхийд төрсөн минь учир­тай” хэмээх хөрөг тэмдэглэл бичээд санаа
жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэн­дээ ер бусын хүн байсан. Халх Монголыг
даасан Очир­ваани бурханы дүрээр мөн­хөр­сөн уул Отгонтэнгэр хайр­хан Монголын яруу
найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно явсан минь яасан
их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын хутга, дотуур хантааз,
тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан хадгалдаг юм аа.

-Цэгмидийн Гайтав гуайн тухай бас
асуулгүй өнгөрч болохгүй нь…?

-Гайтавыг надтай Дор­жийн Гомбожав
танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм.
Даанч буруу замаар явчихсан” гэж байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг
голчлон бичдэ­гийг нь хэлснийг хожим ухаар­сан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо
болтол түүнийг муулж хэлж байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг
л хэлсэн цагтаа өгдөг, худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэг­гүй, тушаал
хэргэм хөөцөлд­дөг­гүй, долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй,
нүүрэн дээр нь шүлэг зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан
айлд хонодоггүй байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө
дунд өнгөрч ор дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид
хоёр үглэж дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн
явж хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж “ухаант­нууд”
цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхда­сыг хөндсөн, ард түмний цэцэн
цэлмэг авьяасыг шин­гээ­сэн яруу сэтгэлийн уянгыг ухааны номлолоос дорд үзэ­хийг
зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн
дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий.
Ямар сайндаа Эрдэнэ­батын Оюун “Миний үеийн цогт яруу найрагч” гэж түүнийг бахдан
бичиж байхав дээ.

-Ингээд л өмнөх үеийнх­нийхээ тухай,
Монголын утга зохиолын домог бол­сон хүмүүсийн талаар танаар яриулахад амттай байна.
Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?

-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол
зүйл. Амьдрал бол мөнхийн багш. Амьдра­лаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас
гэдэг бол эмзэглэл” гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа
алгадаад “Муу зохиол бичсэ­нээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь
дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал. Тэгж
өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж нухацтай өгүүлсэн
билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт “Уран үгсийн чуулган”-аар
цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн
алхаж явах­даа нэгэн зүйлийг аминчлан асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа.
“Нацаг­дорж архинаас болсон гэлц­дэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж
байгаагүй. Шөнийн хэдэн цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг.
Та энэ бүхний хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхса­наа
дуугаа өндөрсгөн толгой­гоо цогнолзуулаад “Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ би архи
уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя гэж боддоггүй
юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг үзүүлсэн хүн билээ.
Энэ хүний үг миний нэг насны турш мар­тагд­сангүй. Ухаантны үг тийнхүү мэргэн тарни
лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь Намдаг гуайд хадаг барьж шавь
орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.

-Яагаад?

-“Дуулалт жүжиг зохиоход чинь тустай
байж магад” гэж хэлүүлсний учир би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Занд­раа­байды
“Заяа дутсан бурхад” номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг
нь уншиж биширсний хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л
Зандраа­байдыгийн адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт
“Уран үгсийн чуулган” болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм. Тэгэхэд
би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. “Та шоронгоос яаж гарснаа
ярьж өгөөч. Гар­сан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл уулзах хүн хэр олдож байсан
бэ” гэхүйд “Би арван жил аваад зургаан жил, найман сар, хорин гурав хоносон юм.
Шоронгоос гаруут шууд яваад очих газар байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан
хэдий ч сүүлдээ тэсвэр нь барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон
дээр жаал суулаа. Салхи сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад
нэг л чөлөөтэй. Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод
хэд алхлаа. Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тод­ров.
Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр Хэвлэх
үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унт­чих­сан байдаг. Тэгтэл ашгүй нэг айл гэрэлтэй
байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо огло харайн хоймортоо
гарч бай­сан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон шорон­гоос гарсан хүн шөнөөр
гэнэт ороод ирэхээр…” гэж ярьж байсан даа. Намдаг гуай амьдралын булингарт урсга­лыг
тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд
Явуугийн оронд зөвлөлийн эрхлэгч хийж байх­даа “Намдаг зохиолч “Цаг төрийн үймээн”
рома­наа­раа төрийн шагнал хүрт­жээ. Харин жүжгийн зохиол­чийн хувьд юмгүй байна”
хэмээн Цэдэвт хэлж “Ээдрээ”, “Оролмаа” жүжгүүдийг нь шагналд дэвшүүлэн Соёлын яам
ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалаг­таа төрийн шагналыг хоёр дахь удаагаа
өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт хүртэж магнай тэнийсэн билээ.

Н.ГАНТУЛГА

 

Categories
редакцийн-нийтлэл

Г.Шийлэгдамба: Намын дарга нам дотор өрнөж буй үйл ажиллагааг мэдэж байгаа

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн
дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Танай нам Бага чуул­ганаа хийх
гэж бай­на. Ямар асуудал хэ­лэлцэх юм бэ?

-Энэ сарын 24-нд МАХН-ын Бага чуулган
хуралдана. Хурлын хү­рээнд хийгдэх үе шаттай ажлууд явагдаж байна. Бага чуулганаар
хоёр асуудал хэлэлцэхээр тө­лөвлөж байгаа. Юуны өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн
оролц­сон талаарх илтгэл тавиг­даж тодорхой үнэлэлт дүгнэлт өгнө. Мөн манай нам
2013 оныг анхан шат­ны байгууллагаа дэм­жих жил болгон зарла­сан. Үүнийхээ үр дүнг
авч хэлэлцэж намын гишүү­дийн­хээ санал бодлыг сонсох юм. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар
сард Бага чуулганаа дахин хуралдуулах төлөвлө­гөө­тэй байна. Энэ хурлаар ирэх оны
эхээр хийх Их чуулгантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр тус тус төлөвлөн ажиллаж
байна.

-Бага чуулганы өмнө Мянгатын (намын
хо­роо) дарга нарыг сольж, намаа бужигнууллаа гэдэг шүүмжлэл өр­нөөд байгаа бололтой.
Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

-Намын анхан, дунд шатны байгууллагуудын
хүрээнд хийгдэж байгаа ажлууд бөгөөд Улаан­баа­тар хотын зургаан дүүргийн намын
хорооны хурлууд болж өнгөрлөө. Орон нутгийн намын бай­гууллагын хурлууд ч хийг­дэж
тодорхой асуудлуу­дыг авч хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргасан байгаа. Энд дүрмээс
гадуур гэдэг юмуу ямар нэгэн эргэлзээ маргаан­тай болсон асуудал байх­гүй. Намын  удирдах бай­гууллага, намын нарийн бичгийн дарга
нарын зөв­лөгөөнөөр гаргасан удир­дамжийн дагуу дүүр­гийн намын хорооны хур­лууд
хуралдаж зарим га­зар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шинэ удирдлагууд сонгогдон
ажиллаж байна. Манай намын хяналт ёс зүйн хорооноос ч албан ёсны тайлбарууд хүргүүлсэн
байгаа. Дахин хэлэхэд намын дотоод амьд­ра­лын хүрээнд хийгдэж бай­гаа өөрчлөлтүүд,
али­ваа ес бус бужигнаан энд байхгүй.

-Мянгат гэдэг чинь дүүргийн намын
хороо гэсэн үг биз дээ?

-Тийм. Дүүргийн на­мын байгууллагуудын
хур­­лаар зарим дүүргийн намын удирдлагууд өөрч­лөгдөж байна. Тухайн намын хорооны
дарга нь  өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор
ажлаасаа чөлөөлөгдөж байгаа хү­мүүс ч бий. Харин Баян­гол, Сонгинохайрхан дүүрэг
дээр үл ойлголцол үүссэн. Тухайлбал, намын хорооны даргыг өөрчлөх асуудал дээр санал
зөрүүтэй байсан ч эцэслэн шийдэгдэж бай­на. Мэдээж хэрэг удирд­лагын өөрчлөлт бол
хү­ний асуудал учраас үл ойлголцол  үүсэх
нь байх тохиолдол. Гэхдээ үүнтэй холбоотой гарч байгаа шүүмжлэл нь хурлын үеэр цөөнх
болсон хүмүү­сийн байр суурь гэж ойл­гож болно. Нэгэнт бид ардчиллынхаа зарчмаар  дийлэнх олонхийн сана­лаар асуудлыг шийдсэн. Энэ
зарчмаа гишүүд дагах ёстой.

-Ирц бүрдээгүй бай­хад хурал хийсэн
гэ­сэн. Хаа хамаагүй хү­мүүс намын батлах барьж ирээд хурлын ирцийг бүрдүүлсэн ту­хай
танай гишүүд яриад байх юм?

-Ийм асуудал огт байх­гүй.  Намын бат­лах­тай холбоотой зөрчил илэрсэн гэдэг
гомдол бий. Үүнийг манай намын до­тоод хяналтын байгуул­лага шалгаж байгаа. Гэх­дээ
хурал хүчин төгөлдөр болсон эсэхэд ямар нэг эргэлзээ байхгүй.

-Дүүргийн намын хорооны хурлууд
дээр Д.Тэрбишдагва, Г.Ший­лэгдамба нарын хү­мүүс “Энхбаяр дарга” гэж ярихгүй байна
гэж гишүүд чинь гомдоод байх шиг байна лээ. Үнэ­хээр тэгж яриад байгаа юм уу?

-Сонирхолтой юм. Энх­баяр дарга гэж
ярих­гүй байна гээд байгаа­гаараа юу хэлэх гээд бай­гаа юм, гайхаж байна. МАХН даргатай.
Тэр нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр.  МАХН  даргаа
өөрчлөө­гүй. Тиймээс түүнтэй хол­боотой ямар нэгэн эр­гэл­зээ тээнэгэлзээ алга.
МАХН-ын дарга өнөөдөр эрүүл мэндийн шалтгаа­наар гадны оронд эмч­лүү­лээд эзгүй
байна. Хэ­дий­гээр намын үйл ажил­лагаанд биеэр оролцож чадахгүй байгаа ч тодор­хой
мэдээлэл авч, үүрэг чиглэлээ өгч байгаа. На­мын дэд дарга Д.Тэр­биш­дагва бид хоёрын
хувьд түүнтэй биечлэн уулзаж, намын ажлын хүрээнд харилцан ярилцаж, цаа­шид явуулах
үйл ажилла­гааны чиглэлээр байнгын холбоотой ажиллаж бай­на. Намын дарга нам дотор
өрнөж байгаа үйл ажиллагааг мэдэж бай­гаа. Тэгэхээр зарим нэг  ач холбогдолгүй яриа байд­гийн нэг биз дээ.

-Та нарыг Н.Энхбаяр даргыг эзгүй
хойгуур  намын дунд шатны удирдлагуудыг сольж,
намыг бүхэлд нь гартаа авч, даргынх нь сууд­лыг булаах нь гэдэг болгоомжлол гишүүдэд
ч байна…

-Ямар зорилго, бодол ухаан санаагаар
тийм зүйл яриад байгааг мэдэх­гүй байна. Мэдэх ч шаард­лага алга. Намын ажлаа сайжруулахын
тулд намын анхан, дунд шатны байгууллагууд хурлуудаа хийх ёстой. Энэ үүднээс л ажил
явж байна. Шаардлагатай үед зарлан хуралдуулдаг л байсан шүү дээ. Н.Энх­баяр даргыг
байхад ч,  хэлмэгдэлтэд өртөөд эзгүй байхад
нь ч бид намын хурлуудаа зарлан хуралдуулдаг байсан цаа­шид ингэж л ажилла­на. Тэр
зарчмаараа намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үүнд дүрмээс гажууд зүйл
хийчихсэн юм байхгүй. Ер нь намын удирдлагуудын хооронд үл ойлголцол үүссэн мэтээр
нийтэд ойлгуулах гэсэн явуургүй өдөөн хатгалга явж л байдаг. Үүндээ манай намын
гишүүдийг татан оролцуулахаар оролдох болж. Үүний цаана нэр бүхий  хүмүүс байдгийг ч гадарлана. Тэглээ гээд бид ч
ач холбогдол өгөх­гүй юм даа.

Намын ажлыг эзэн­тэй, хариуцлагатай
бол­гож намын анхан, дунд шатны удирдлагуудаар хариуцлага хүлээх чад­вартай хүмүүсийг
тавьж, байнгын ажилтай байл­гах үүднээс өөрчлөлт хийг­дэж байгаад юуны буруу байна.
Нэг ёсондоо 2016 оны сонгуульд ам­жилттай, хариуцлагатай орох бэлтгэлээ хангаж байна
гэсэн үг.

-Тэгэхээр МАХН-ыг байгуулагдах
үеэс ан­хан, дунд шатны удирд­лагын түвшинд ажил­лаж ирэн хүмүүс шаард­лага хангахгүй,
хариуцлагагүй байсан гэсэн үг үү?

-Янз бүрийн учир шалт­гаан байна.
Намд ажиллаж байсан зарим хүмүүс өнгөрсөн сонгуу­лиу­дын үеэр өөр намуу­дыг дэмжиж
өөрийнхөө намын бодлого чиглэлээс ухарсан тал бий. Ту­хайл­бал, Сонгинохайрхан дүү­­рэг
дээр намын бод­ло­гоосоо зөрсөн тохиол­дол гарсан. Мөн манай намын удирдлагын түв­шинд
ажиллаж байсан ганц нэг хүмүүс бодлого чиглэлээ үл тоон өөр на­муудтай  “намын бодло­гын эсрэг хэт нөхөрсөг” үйл ажиллагаа
явуулах оролдлого гаргасан тал ч бий. Энэ хүмүүст бид ха­риуцлага тооцсон. Улс төрийн
нам гэдэг чинь хамтын шийдвэрээ хүн­дэтгэх зарчмаар ажиллах ёстой шүү дээ. Гэтэл
ийм байдлаар хариуцлагаа хүлээсэн хүмүүс өнөөдөр хэрэгтэй хэрэггүй явуулга хийх
шаардлага алга.

-Намын удирдла­гуудын дунд яс хаяж,
хүмүүсийг өдөөн хат­гаж байгаа хүн нь У.Барс­болд гэж хэлээд байна уу?

-Хэн нэгэн гэдэгт огт ач холбогдол
өгөхгүй бай­на. Энэ үйл ажиллагааны ард хэн ч байлаа гэсэн ямар нэгэн нөлөө үзүү­лэхгүй.
Бидэнд зохих мэ­дээлэл бий. Гэхдээ үүнд ач холбогдол өгөхгүй. Гагцхүү зарим хүмүүст
ашиглагдаж гар хөл нь болж явсан гишүүд энэ тухайгаа  илэрхийлж гар­га­сан алдаагаа ойлгож байгаа нь
манай намын эв нэгдэл нягтарч байгаа­гийн илрэл юм. Дүүргийн намын хороод шинэ дарга
нартай болж байна. Удирдан зохион бай­гуу­лах туршлагатай залуу хүмүүс энэ албанд
сон­гогдож байна. Манай на­мын дунд шатны бай­гуул­лагын удирдлагаар сонгогдож байгаа
шинэ дарга нартайгаа хариуц­лага ёс зүйн гэрээ бай­гууллаа. Бид өөрсдөө ч хариуцлагатай
ажилла­на. Бүх шатны удирдла­гууд, гишүүдээ ч хариуц­лагатай байхыг шаар­да­на.
Үр дүн нь 2016 оны сон­гуулиар гарна шүү дээ.

Сонгинохайрхан дүү­рэг дээр Мөнгөнчимэг
гэ­дэг хүний асуудал яригд­даг. Энэ хүн орон нутгийн сонгуулиар Барсболдын өгсөн
чиглэлээр өөр намтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан учраас бид хариуцлага тооцож,
намаас хассан. Харин Сонгинохайрхан дүүр­гийн хурал болохоос өм­нө намын удирдлагууд­тай
ирж уулзаад уучлал гуйж, намын гишүүнч­лэ­лийг минь сэргээж өгөөч гэж өргөдлөө өгсөн.  Энэ хүсэлтийг нь хүлээж аваад намын зохих бай­гуул­лагатай
асуудлыг ярил­цаж байна. Тэгтэл зарим хүмүүс нарийн уч­рыг нь сайн ойлгохгүй­гээр
буруу ташаа зүйл ярьж байж болох юм.

-Мөнгөнчимэг нь Сон­гинохайрхан
дүүр­гийн намын дарга  биш юм уу

-Намын гишүүнчлээс хасагдчихаад одоо
ги­шүүнчлэлээ сэргээе гээд явж байгаа хүн чинь яаж дарга байхав дээ. Тийм биз.

-Орон нутгийн сон­гуу­лийн үеэр
тухайн үеийн намын удирдлага “АН-тай хамтарч ажил­лаж болно шүү” гэдэг зааврыг Мянгатын
дарга нартаа өгсөн юм биш үү?

-МАХН-ын тухайн үеийн удирдлага гэдэг
нь биднийг хэлж байгаа байл­гүй дээ. Тэгвэл бид тийм чиглэл заавар өгөө­гүй.

Сонгинохайрхан дүүр­гийн хувьд зориуд
санаа­тайгаар буруу ташаа яриа гарах л юм. Орон нутгийн сонгуулиар энэ дүүрэгт дахин
сон­гууль болсон. Тухайн үед дээд шатны төв бай­гуул­лагатайгаа ярьж тохи­рол­цолгүйгээр
аливаа шийдвэр гаргахгүй байх талаар чиглэл өгөөд бай­хад санаатайгаар АН-тай гэрээ
байгуулсан бай­даг. Хэрэв аль нэг намтай хамтарч оролцох байсан бол бид сонгуульд
хэн нэгнийг нэр дэвшүүлэх хэрэг байсан юм уу. Ийм мэдээжийн зүйл дээр эл­дэв зүйл
ярих шаардлага байхгүй.

-МАХН-д өнөөдрийг хүр­тэл зүтгэсэн
хүмүүс хэн ч биш гудамжинд явж байсан дэмжигчид. Үүгээрээ ард түмний нам гэдэг имижийг
бүр­дүүлдэг. Гэтэл анх­наас нь энэ намд зүт­гэсэн хүмүүсийг цэвэрлэж,  арай өөр түвшний ги­шүүдээр удирдлагаа бүрэлдүүлэх
нь гэдэг хардлага танай ги­шүү­дэд байна лээ. Ийм бод­лого барьж байгаа юм уу?

-Мэдээж тийм бодлого байхгүй. Сонгох,
сонгог­дох нь тухайн намын ги­шүү­ний эрхийн асуудал. Сая болж өнгөрсөн хур­лууд
дээр нэр дэвших, дэвшүүлэх эрх нь нээлт­тэй явагдсан. Ямар хүмүү­сээр удирдуулахаа
ч  гишүүд өөрсдөө мэддэг, шийддэг шүү дээ.
Ийм үед намын гишүүдийг дотор нь ялгаварлах үзэл байх ёсгүй. Ер нь бол намын бүх
шатны удирд­лагад орж ажиллах гэсэн хүмүүсийн идэвх их бай­на. Тийм учраас зарим
нэгэн дүүргийн намын хорооны удирдлагын тодор­хой албан тушаалд  гарахын тулд дүр­мээс гадуур үйл ажиллагаа явуулах
хандлага гарсан байж магадгүй. Ийм зүйл цаашид байлгахгүйн үүд­нээс манай хяналтын
бай­гууллага сайн ажил­лах шаардлагатай. Түү­нээс биш энэ намыг бай­гуулагдахаас  эхэлж явсан, сүүлд орж ирсэн гэдэг байд­лаар нь
гишүү­дийг ялгавар­лаж болох­гүй. Нийгмийн дав­харгаар нь ялгаварлан гадуур­хах
асуудал манай намд байхгүй. 

-Гишүүдийн энэ гом­дол нь эргээд
Д.Тэр­бишдагва, Г.Шийлэг­дам­ба нарыг огцруулах асуудал руу чиглэж байх шиг байна…

-Д.Тэрбишдагва дарга бид хоёрын хувьд
намын ажлыг харьцангуй хүнд цаг үед хариуцаж авч яваа хүмүүс. Хариуцлага гэдэг талаасаа
аливаа хүндрэл бэрхшээлээр шал­таг тайлбар хийхгүйг хичээж намын ажлын алдаа оноог
өөрсдөдөө хүлээж шүүмжлэл сай­шаалын аль алиныг л сонсож явна. Намын ажил амаргүй
шүү. Гэхдээ шантарч эргэлзэх эрх бидэнд байхгүй. Цаашид МАХН-ын ажлыг шинэ ша­танд
гаргах олон ажлууд төлөвлөгдөж байна. Тэр бүрийг энд яриад яахав. Харин үүнийхээ
хариуц­­лагыг бол хүлээсэн шиг хүлээнэ шүү. Огцруулах энэ тэрийн хувьд бол яа­хав
дээ, ийм яриа байнга л сонсогддог. Яригдах үедээ яригдаж намын дүр­мийн да­гуу нээлттэй
хэлэлцэн шийд­вэрлэгд­дэг асуудал шүү дээ.

-Р.Амаржаргал ги­шүүн хүсэлтээрээ
чө­лөө­лөгдөх өргөдлөө өгчихлөө. УИХ түүнийг аваад үлдэх бо­ломж харагдахгүй байх
гэсэн таамаглал бий. Учир нь МАН, МАХН-ын аль нь ч түүний оронд нэг хүнээ оруулж,
парламентад суудлын тоогоо нэмэ­хээр санаархах байх. Нөхөн сонгууль болбол ялангуяа
танай нам Н.Энх­баяр дар­гыгаа дэв­шүүлэх байх гэсэн зүйлүүд хэвлэлээр бичигдээд
эхэллээ?

-Бид хэн нэг хүнийг  хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгал­заасай
гэж хүсэхгүй бай­на. Монголын бүх ша­танд хариуцлага алдагд­­сан учраас Р.Амар­жар­гал
гишүүн өөрөөрөө үлгэр­лэж хариуцлага хүлээх гэж байгаа тухай мэдэгд­сэн. Энэ талаас
нь зөв зүйтэй зарчмын байр суурь гэж ойл­гож байна. Харин хариуцлага хүлээх ёстой
УИХ нь өмнөөсөө  нэг гишүүнд хамаг ха­риуцлагаа
үүрүүлээд явуул­чихаж болохгүй. Тийм учраас нэг гишүүний орон гарсан суудлыг ашиг
хонжоо болгох хүсэл на­муудад байх нь зохисгүй. Миний бодлоор  Р.Амар­жаргал гишүүний оронд хэн нэгэн хүнийг
парла­ментад оруулаасай гэж үзэхгүй байна. Харин түү­ний тавьж байгаа асууд­лын
цаад үр дагаварт нь анхаарал хандуулж УИХ шийдвэр гаргах байлгүй дээ.

-Хэрэв нөхөн сон­гууль боллоо гэхэд
танай нам хэнийг нэр дэвшүүлэх вэ?

-Нөхөн сонгууль болох нь хэзээ ч билээ.  (инээв) Болох эсэх нь тодорхойгүй байгаа зүй­лийн
тухай бодох шаард­лага байна уу, үгүй юу. Хэрэв болдог юм аа гэхэд тухайн үед нь
шийдэх байлгүй дээ. Манай на­мын баримталж байгаа зарчмыг би дээр хэллээ шүү дээ.
Харин удахгүй “болох нь” тодорхой бай­гаа нэг мэдээлэл хэлэхэд МАХН-аас уламжлал
болгон зохион явуулдаг энэ сарын 26-ны “Улс тунхагласны өдөр”-ийн  (хуучнаар) уламж­лалт хүчит бөхийн барил­даа­ныг
нийт ард иргэдээ хү­рэлцэн ирж сонирхохыг урьж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хятадууд ан амьтны эд эрхтнийг хил давуулаад ирвэл өндөр үнээр худалдан авна гэжээ

Баруун гар талд сууж байгаа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн байж болзошгүй

Нэн ховор амьтдын эд эрхтнийг өндөр
үнээр хил давуулан худалдаалдаг Н.Бям­басүрэнг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж
эхэлжээ. Мөн Улсын мөрдөн байцаах газраас урд хөр­шийн чинээлэг иргэдийг тусгай
хамгаалалт бүхий бүс нутагт аваачин нэн ховор амьтдыг хууль бусаар аг­нуулдаг сүлжээ  бүхий гэмт этгээдүүдийг шалгаж байгаа юм байна.
Энэ сарын эхээр Замын-Үүдийн хилийн боом­тоор олон тооны ангийн эд эрхтэн хил давуулах
гэж байгаа талаар нэгэн иргэнээс цагдаагийнханд мэдээлэл ирсэн байна. Ирсэн мэдээл­лийн
дагуу Эрүүгийн цаг­даагийн газрын албан хааг­чид Н.Бямбасүрэн гэх ир­гэнийг улсын  хилээр гарах гэж байх үед нь  шалгахад баавгай, буга зэрэг амьтдын доньд, савар,
бугын чив, сүүл, хээл, цусан эвэр зэргийг авч явсныг илрүүлжээ. Түүний найз О гэгчийг
арав гаруй баавгайн савар хийсэн хоёр цүнхтэй хилээр нэвтэрсэн гэдгийг олж тогтоосон
байна.  Мөн Н.Бямбасүрэнгийн гэрээс баавгайн
савар, доньд, бугын эвэр, хорь гаруй зурамны арьс гарч ирснийг авчээ. Энэ талаар
албаны эх сурвал­жаас авсан мэдээллээр Н.Бям­басүрэн нь “Цайз” модны захын ойролцоо
ма­лын  түүхий эд худалдан ав­даг байна. Арав
гаруй жил  “Цайз” модны захын ойрол­цоо арьс,
ширний ченж хэ­мээн  зогсож байгаа юм байна.
Мөн сүүлийн үед зурамны арьс ширхэгийг нь 15 мянган төгрөгөөр худалдан авдаг болжээ.

ӨНГӨРСӨН ЖИЛ БААВГАЙН САВАР, БУГЫН
ЧИВ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Н.Бямбасүрэн нь өнгөрсөн жил  баавгайн доньд, бугын 14 чив, бугын 126 кг ясан
эвэр, тарваганы 325 арьс, хөл­дөөсөн хоёр чоно хилээр гаргахаар Дорноговь аймгийн
Замын-Үүдэд оршин суух А-гийн зуны амбаарт хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүнд  Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс нэг жи­лийн
тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн аж. Тэрээр тэнсэн харгалзах хугацаа нь дуу­саагүй
байхад дахин амьтны эд эрхтэн худалдан авч урд хөршийн ченжүүдэд дамлан худалдаалах
гэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригджээ. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нар
түүнээс мэдүүлэг авчээ. Тэрээр “Хя­тадууд өндөр үнээр амьтны эд эрхтэн худалдан
авах санал тавиад мөнгө өгдөг. Өгсөн мөнгөөр нь хөдөө орон нут­гийн анчид болоод
бага гарын ченжүүдээс бугын чив, сүүл, сав, цусан болон ясан эвэр худалдан авдаг
байсан. Ихэвч­лэн Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэд амьт­ны эд эрхтэн худалдаалдаг
байсан юм. Хэнээс худалдан авснаа хэлж мэдэхгүй байна. Үл таних хүмүүс ирээд амьтны
эд эрхтнээ өгчихөөд яваад өгдөг. Олон хүнээс малын арьс, шир худалдан авдаг болохоор
ямар хүмүүс байсныг санахгүй байна. Ха­рин надаас баавгайн савар, доньд, бугын чив,
сүүл зэргийг худалдан авдаг хятадуудтай утсаар хааяа ярьдаг. Тэд хил давуулаад ирэх
юм бол хэд дахин өндөр үнээр худалдан авна гэдэг юм” хэмээн мэдүүлжээ.

Түүний жил гаруйн хуга­цаанд 100 гаруй
сая төг­рөгийн хохирол байгаль ор­чинд учруулсан гэдгийг шинжилгээний байгууллага
тогтоогоод байгаа аж. Гэтэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар буюу Эрүүгийн бай­цаан
шийтгэх хуулийн 203-т хориотой ангийн түүхий эдийг худалдаж авах, борлуулах, агнах
гэсэн зүйл заалт. Мөн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар улсын хилээр хо­рио­той
эд зүйл нэвтрүүлэх, 155 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгийг
авах, борлуулах гэсэн зүйл заалтаар эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Дээрх зүйл ангиар гэмт хэрэгтнийг
шийтгэхэд 2-5 жилээр хорих хуулийн заалт­тай байдаг байна. Хэргийг Баянзүрх дүүргийн
нэгдүгээр цагдаагийн хэлтэс үргэлж­лүүлэн шалгаж байна. Мөр­дөн байцаалтын явцад
хэд хэдэн анчид баригдаж магад­гүй гэнэ. Жил гаруйн өмнө Н.Бямбасүрэнтэй хамт малын
түүхий эд худалдан авдаг гэх Д.Удвал, Н.Нарангэрэл, Н.На­рантуяа, Т.Тугбаатар Д.Даш­зэвэг,
Ц.Цэндхүү нар ан амьт­дын эд эрхтэн худалдан авч гэртээ хадгалж байгаад ба­ригдаж
байсан юм байна.

ХЯТАДУУД МАНАЙ УЛСАД
ИРЖ АН ХИЙХЭД ЗУУЧИЛЖ ӨГДӨГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН ГЭВ

УМБГ-аас сүүлийн үед фэйсбүүк, болон
твиттэрээр хуудсаар ан хийсэн зургаа олон нийтэд дэлгэсэн хүмүү­сийг шалгаж байгаа
юм байна. Одоогоор 20 гаруй хүнийг шалгаж байгаа гэнэ. Тухайл­бал, Монгол Улсын
заан Б.Соронзонболд зэрлэг гахай агнасан зургаа твиттэр хууд­сандаа тавьжээ. Үүнээс
үүдэн хэн хэнтэй ан хийсэн талаар эрүү үүсгэн шалгаад хэргийг прокурорт шилжүүлжээ.
Б.Со­ронзонболд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болоод бусад олны танил Говь-Алтай айм­гийн  хүмүүстэй 
хамт явж ан хийсэн гэдгээ хүлээгээд бай­гаа юм байна. Мөн сүүлийн үед урд
хөршийн иргэд манай улсын дархан цаазат газраас ан хийдэг болсон гэнэ. Бүр сүлжээнд
орсон байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа гэв.  Урд хөршөөс ирсэн чинээлэг нэгнийг ховор амьтад
байгаа газарт маши­наар үйлчилж аваачаад нут­гийн иргэдээр газарчлуулан ан агнадаг
болжээ. Хамгийн сүүлд гэхэд нас бие гүйцсэн хөвчийн хүрэн баавгайг аг­насан хятадуудын
хэргийг шалгаж байгаа юм байна. Хятадуудтай Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нэгэн иргэн
хамт зургаа авахуулсан байгаа аж. Эндээс хэргийн үзүүр тай­лагдах гэнэ. Мөн урд
хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр нэгэн аяллын компани Монгол Улсад аялж дуртай
амьтнаа агнаж зугаагаа гаргах боломжтой хэмээн сурталчилж байгаа юм байна. Сурталчилгаанд  Монголын амьтдыг агнахаар зорьсон хятад анчин
20 мянган юа­ниар энд ирдэг байна. Ангийн отогт ирээд буга, баав­гай, янгир, зэрэг
амьтдаас агнахад 60-100 мянган юань төлдөг. Мөн ирвэс 100000, хүрэн баавгай агнахад
60000 юань байдаг аж. Харин ханд­гай, хулан, зээр, аргал, янгир, шилүүс, элбэнх,
зэрлэг гахай, бор гөрөөс, чоно, үнэг, цасны туулайн агналтын тоо хязгааргүй бөгөөд
үнэгүй гэх мэтээр сурталчилах болжээ. Урд хөршийн дээрх аяллын компани манай улсын
ямар иргэнтэй хамтран хууль бу­саар ан хийлгэдэг талаар шалгаж эхэлжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

МУИС-ийн багш нарыг сандаргасан сайд

Дөрвөн багшид нэг дарга ног­дож байсан
МУИС-ийн захир­гааны данхар бүтцийг өөрчилнө гэсэн мэдээлэл энэ долоо хоногт олны
анхааралд байв. МУИС-ийн Удир­дах зөвлөл 14 сургуулийг дөрөв болгож цөөлөх талаар
ярилцаж эхэллээ. Тэдний  хөндсөн энэ шинэчлэлийг
зориглон эхлүүлж байгаа эрхэм бол Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. МУИС-ийн
захирал “Дө­рөвхөн багшаар дөрвөн жил заалгаж мэргэжил эзэмшдэг байсан оюут­нуудад
ТҮЦ-ийн биш су­пермар­кетын сонголтыг санал болгож байна. Оюут­нуудын хувьд сур­гал­тын
чанар сайжирч байгаа боло­хоор эсэр­гүү­цэх шалтгаан байхгүй. Харин багш нарын зүгээс
эсэр­гүүцэл гарахыг үгүйс­гэхгүй” хэмээн манай со­нинд өгсөн ярилцлагадаа онцолж
байв. Үнэхээр ч МУИС-ийн Олон улсын харилцааны сургуу­лийн багш нараас эхлээд энэ
шинэчлэлд таагүй хан­даж байгаа багш нарын нэр захаасаа сонсог­дож эхэллээ. Мэдээллийн
сай­таар энэ алхам зөв эсэхийг иргэдээс тандаж санал асуулга явуулж буй. Өчигдөр
орой гэхэд дэмжиж байгаа иргэдийн хувь лав л 80 гарсан бай­на лээ. Тэгэхээр МУИС-ийн
багш нарыг сандар­гасан энэ мэдээ­лэлд иргэд нааштай хандаад эхэлжээ. Оюутнуудад
су­пермар­кетаас сонголтоо хийх боломжийг олгохоор зориглосон Л.Гантөмөр сайдын
салбартаа хий­сэн шинэчлэл гэж нэрлэг­дэхээр алхам үүгээр зогсохгүй.

Түүний хийж байгаа шинэчлэл яамных
нь ца­хим хуудаснаас ч харагд­даг. Боловсрол шинжлэх ухааны яамны сайт руу орохоор
“Сайдтай чаа­талъя” гэсэн цонх бий, энэ цонхоор сайдтай  баасан гариг бүрийн 20.00 ца­гаас хойш нэг цагийн
турш чаатлах, санаа бод­лоо хэлэх эрх хэнд ч нээлт­тэй юм билээ. 

Сурагчдадаа урд хөр­шөөс дүрэмт хувцас
худалдаж авч өгч, бусдад мөнгөө өгч байхаар өөрс­дөө даавуу үйлдвэрлэж, монгол хүнээрээ
оёулж, хүүхдүүддээ ча­нар­тай хувцас өмсгөнгөө үндэс­ний үйлдвэрлэгчээ дэм­жье гэсэн
санаа ч түүний шинэчлэл гэж хэлж боло­хоор ажлуудын нэг бол­сон санагддаг.  

Хүүхдийг муу сурдаг гэж ангийнхных
нь өмнө зарлахаа больё, цөөхөн сайн сурагчтайгаа харилц­даг багш нарын хандлагыг
өөрчилье, хүү­хэд бүрд байгаа авьяасыг нь нээе гэх мэт сонин содон шийдэл бага сур­гуульд
гэхэд л хангалттай хийгдэж байгаа.

Л.Гантөмөр сайд Увс аймгийн Улаангом
сумын уугуул. Аавынх нь нутаг ус Өмнөговь аймгийн Бул­ган. Дээд боловсрол гэвэл
Японы Сэн­дай дэньфа коллежийг харилцаа хол­бооны инженер, Нагао­ка­гийн Техник
техноло­гийн их сургуулийг элект­роникийн инженер мэр­гэж­­лээр төгссөн. “Сэт­гэш­гүй
трейд” компанийн дэд захирлаас карье­раа эхэл­сэн энэ эрхэм Ард­чил­сан залуучуудын
хол­бооны дэд ерөн­хийлөгч, ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан. УИХ-ын гишүүн болсноо­соо
хойш ямар замаар яаж явж бай­гаа нь олны нүдэн дээр ил учраас илүүг нурших хэ­рэг­гүй
байх. Олны мэдэх­гүй байж магадгүй албан тушаал гэвэл гурван жи­лийн өмнөөс Улаан
загал­майн нийгэм­лэгийн дэд ерөнхийлөгч, Ард­чил­­сан залуучуудын хол­бооны хүндэт
ерөнхий­лөгчийн албыг хашиж бай­гаа. 2008 оны найм­дугаар сарын 18-наас Боловсрол,
шинж­лэх ухаа­ны сайдаар ажил­лаж байна. Албаны намт­рыг нь товчхон сонирхуу­лахад
нэг иймэрхүү.  

Л.Гантөмөр  нэг хүү, хоёр охин­той. Эхнэр нь банк санхүү чигийн
хүн. Монгол банкинд ажилла­даг. Сайд эхнэртэйгээ аль арван жилээ­сээ, зурга­дугаар
ангид байхдаа үерхэж эхэлжээ. Тэр талаа­раа “Би их азтай. Анх удаа үерхье гэсэн
захиаг нэг охинд өгсөн. Гэтэл тэр охин маань зөвшөөрсөн. Тэр үед их ичимхий байсан
шиг бай­гаа юм. Жилдээ хоёр, гурван удаа л уулзана. Их хөөрхөн охин учраас банди
нар үерхье гэж их гуйдаг. Тэгэх бүрд нь над­тай найзалдгаа хэлдэг байсан гэдэг”
хэмээн ярьж байсан удаатай.

“Өдрийн зочин”-ы маань хобби нь хөл
бөм­бөг. Ном унших дуртай. Тэр дундаа хүүхдүүдийн амтархан уншдаг зураг­тай комикуудыг
хорхойсч уншдаг. Олонд ил болоо­гүй нууц авьяас нь дуу­лах. Тэр дундаа уртын дууг
эвлэгхэн гэгч нь дуул­чихдаг гэж байгаа. Тоонд их сайн, бүр есдүгээр ангидаа улсын
матема­тикийн олимпиадын мөнгөн медаль хүртэл авч байж. Матема­тикаас өөр зүйлээр
амьдралаа  төсөө­лөхөө байсан хүү МУИС-ийн
математикийн ангийн хуваарь авна гэд­гээс өөр бодолгүй байж. Гэвч физикийн үзээгүй,
мэдээгүй асуул­таас болж хүссэн мэргэжлээрээ суралцаж чадаагүй аж. Ингээд л хэсэг
хугацаанд эндээ их сургуульд сурч байгаад Японыг зорьжээ.

Сайд Японд сурч бай­сан жилүү­дээсээ
юу олж авсан талаараа  “Бүх хүн нь хөдөлмөрийн
харил­цаанд орсон нийгэм гэдэг гайхал­тай. Би хэзээ ч алдартай улстөрч, илт­гэгч,
философчийн үгэнд уяр­даггүй. Намайг хам­гийн их уяраах үгсийг гутал тосолдог хүүхэд,
адуу­чин, уурхайчин гээд хөдөлмөр хийж байгаа хүмүүс л хэлдэг. Японд суралцаж олон
жил амьдарс­ны хувьд надад наалдсан зүйл энэ болов уу” хэмээн ярив. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд дөрөвдүгээр
ангиасаа л зуны амрал­таа­раа ажил хийж ээж, аав­даа тусалж эхэлсэн гэдэг. Цалин­гаараа
хичээ­лийн хэрэгсэл, хувц­саа бэлдчихдэг догь сурагч байжээ.

Сайдаар томилогдо­хоо­соо өмнө боловсро­лын
салбарыг шинэ­чил­нэ гэж  амлаж, анхнаасаа
хүсч ирсэн албан тушаал гэдгээ нуухгүй ярьдаг. “Боловсрол дага­сан хөг­жил гэж байдгаас
хөгжил дагасан боловсрол гэж байдаггүй” гэж хэлсэн энэ эрхэм боловсролыг хөг­жүүлнэ
гэдгээ олны өмнө амлаж байсан удаатай.

Дэлхийн шилдэг зуун сургуульд элссэн
оюу­танд төрийн зээлээр су­рал­цах боломж нээгдсэн, цэцэр­лэгийн  хүүхдүү­дийн хоолны мөнгө 50 хувь нэмэгдэж чанар
нь сайжир­сан гэж ирээд яри­вал үр дүн нь эхнээ­сээ иргэдэд  мэдрэгдээд ирсэн шийдвэр  нэлээд харагддаг. Өмнө нь сурла­гаараа жаахан
тийм­хэн хүүхдүүд багшийн мэр­гэжлийг сонгодог байсан бол энэ намраас сайн сурдгууд
нь Боловс­ро­лын их сургуулийг сонгож эхэлснийг ч сайдын санаа гэж салбарынхан нь
ярьдаг юм билээ. Яам­наас онц сурдаг хүүхдүү­дийг тэтгэлгээр сургана гэсэн учраас
сайн сурла­гатнууд Боловсролын их сургууль руу хошуурсан гэдэг. Энэ мэт “нээрээ
эртнээс ингэсэн бол дээр байж дээ” гэж дэмжмээр ажлууд Л.Гантөмөр гэсэн нэртэй хамт
сонсогддог.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: АН-ын лидерүүдээс хэн нь ч ийм алхам хийж байгаагүй

Баасан гаригийн үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаа­наар
2014 оны төсвийн төслийг баталсан. Үүний дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
сэт­гүүл­чидтэй нээлттэй ярилцсан юм. 

-2014 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөв эдийн
засгийн чиг хандлагад ямар өөрч­лөлт үзүүлнэ хэмээн харж байна вэ?

-2014 оны төсөв өм­нөх
оныхтой харьцуу­ла­хад анх удаа шахсан тө­сөв болсон гэж үзэж бай­гаа. Сүүлийн гурван
жил төсвийн өсөлт явагдаж байсан бол энэ удаа зогс­сон нь нэг онцлог болсон. Энэ
төсвийг хэлэлцэх үеэр татвартай холбоо­той болон нэмэгдэл тө­рийн дарамтыг бий бол­гоо­гүй.
Татварын орчинг бид хамгийн таатай бай­гаа гэж үзэж байгаа. Тат­вар нэмэх шаардлагагүй
гэж үзэн хуучин суурь татвар дээр үндэслэн бо­ловсруулсан нь мөн нэг онцлог. Хөрөнгө
оруу­лал­тын асуудал дээр УИХ онцгой анхаарлаа хандуулсан. Учир нь хө­рөн­­гө оруулалт
Мон­голын эдийн засгийн өсөлт, улсын инфляци тогтворгүй байдал үүсгэж ирснийг энэ
удаа зогсоох оролдлого хийсэн уг төс­вийн өөр нэг онцлог бай­лаа. Хөрөнгө оруулалт,
урсгал зардлыг танаж, нийт 240 обьектын хөрөн­гө оруулалтыг царцаас­наар эдийн засагт
гар­гадаг хиймэл үнийн өсөл­тийг хязгаарлах болом­жийг олгож байгаа юм. Иргэдэд
төсвөөр дамжиж очиж байгаа төрийн да­рамтыг эрс багасгаж бай­гаа хэмээн ойлгож байна.

Авлига, төрийн хө­рөнгө оруулалтаар хийг­дэж байгаа
барилга дээр эдийн засгийн харилцаа гаж хэлбэртэй олон жил явж ирснийг таслах то­моохон
оролдлого болж чадсан. Ард түмний мөн­гөөр хийгдэж байгаа бү­тээн байгуулалтад үр
ашиг­тай, хийсвэр үнийн хөөрөгдөл байхгүй боди­той байхыг шаардсанаа­раа зөв алхам
хийсэн гэж бодож байна. Улсын хө­рөн­гөөр хийж буй барил­га, байгууламжийг цаг хугацаанд
нь чанартай барих ёстой. Үнийн хийс­вэр хөөрөгдлийг ахин хэзээ ч гаргахгүй байх
хэрэгтэй. Энэ удаагийн төсвийн нэг онцлог нь урсгал зардлыг танаж чадсан явдал.
Бусад зар­дал болох төрийн албан хаагчдын цалин, урам­шуу­лал руу хүрэлгүйгээр хэт
үрэлгэн байдаг илүү хэрэглээний зардлуудыг хассан. Үүнд томилол­тууд болон хүлээн
авалт, автомашин, тоног тө­хөө­рөмжөөс эхлээд зардлуу­дыг танасан нь урд бай­гаагүй
зүйл болж чадсан. Бодит байдал руу дөхөж очсон төсөв болж чадсан.

-Хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг та­на­саар
Засгийн газраас өргөн барьсан төсвийн анхны хувилбараас хэ­дэн төгрөг танаж чад­сан
бэ?

-Цэвэр урсгал зард­лаас 200 гаруй тэрбум төгрөгийг
танасан. Ха­сагд­сан хөрөнгө оруу­лал­туудыг орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруу­лалт
буюу ашигтай хө­рөнгө оруулалт руу зар­цуулах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа хөрөнгө
оруулалтын төсөв төлөв­лөгөөнд 100 гаруй нэрийн хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан.

-Царцаасан обьек­туудад аудит оруулна гэл үү.
Ямар хүний бу­руу­тай үйл ажиллагаа­наас болж төсөвт үр ашиггүй хөрөнгө оруу­лалт
суусан эсэхийг нь судалж байгаа юу. Ха­риуцлагагүй төсөв оруулсан хүмүүст ямар хариуцлага
тооцох вэ?

-Царцаасан хөрөнгө оруулалтуудыг шалгах­даа хэн
нэгэнд хариуц­лага тооцож, хэн нэгэн буруутныг хайж байгаа юм биш. Энэ хөрөнгө оруу­лалтууд
олон жил дамжсан төсөвт өртөг нь огцом өссөн, барилгын гүйцэтгэл дутуу, зөвшөө­рөлгүй,
зураг төсөвгүй хөрөнгө оруулалтууд төсөвт замбараагүй сууж байсныг бид нэг удаа
тоо­ромзолж байгаа гэж ойл­гож болно. Аудитын байгууллага маш сайн нягтлан шалгах
ёстой. Ард түмний мөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа ямар обьектууд байна түүнийг
судлаад, үр ашигтайг нь цааш явуулж, үр ашиггүй нь зогсооё гэж байгаа юм. 144 обьектыг
царцаахад 132 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байсан. Нийт 500 гаруй тэрбум
төгрөгийн төсөвт өртөгтэй обьектууд яриг­даж байгаа юм. 500 тэр­бум төгрөг гэдэг
Мон­голын хувьд бага мөнгө биш. Тиймээс бид энэ байдлыг цааш үргэлж­лүү­лэх­гүйгээр
нийт төс­вийн хөрөнгө оруулалт дээр 760 гаруй обьект яригдаж байна. Үүнээс 144-ийг
нь царцааж, эргэж харъя л гэсэн санаа юм. Өмнө нь бид үрэлгэн төсөв баталж, энэ
нь ард түмний нуруун дээр ачаа болдог байсныг зогсоож, цаашид төсөв батлахдаа үрэлгэн
байдлыг зогсоож, шалгаж үзье гэж байгаа юм. Миний ойлгож бай­гаагаар 144 обьектын
хөрөнгө оруулалтаас 1/3 нь цааш үргэлжлэх бо­ломжгүй байх шүү. Стан­дартын бус барил­гууд
барьсан асуудлууд бий. Тиймээс үүнийг нягтлах хэрэгтэй. 

-Долларын ханшийг багаар тооцоолсон гэ­сэн шүүмжлэл
байна?

-Долларын ханшийг 1384 гэсэн суурь үнийг Эдийн
засгийн яам гаргаж ирсэн. Нэгэнт яамд нь тооцоогоо хийгээд гаргаж ирсэн учраас УИХ
өөрч­лөлт оруулж болохгүй. Ханш гэдэг чинь тоглоод байдаг зүйл биш. Өнөө­дөр ам.доллар
1700 бай­на гээд төсвийнхөө хан­шийг өөрчилж 1700 орч­моор тооцож болохгүй. Бид
өөдрөг зүйлийг өөд­рөг харж сурах хэрэгтэй. Хэрэв Эдийн засгийн хөгж­лийн яам, Сангий
яам долларын ханшийг 1384 гэж тооцоолсон бол он гарангуут уг ханшид бариулахын тулд
эдийн засгийн боломжийг тэлэх үүргээ зайлшгүй биелүү­лэх ёстой. Монгол Улс үнэ цэнэтэй
орон болгохын тулд газар доорх баялгийг үнэ цэнтэй болгох ёстой юм. Өнөөдөр хараахан
үнэ цэнгүй байна.

-Гадаад өрийг ДНБ-ий 60 хувьд барих ёстой гэсэн
заалт чуулганы хуралдаан дээр уна­чих­лаа. Тэгэхээр ирэх онд авах зээлийн хэм­жээнд
өөрчлөлт орох­гүй гэсэн үг үү?

-Монгол Улсын өрийг нэмэгдүүлэхгүй байна гэдэг
зөв л дөө. Монгол Улс эдийн засгаа тэлэх боломжийг  алдаж бай­гаа нь нэг талаасаа
харам­салтай юм. Үнэ­хээр өнөөдөр төсөв дотор өр, зээлийн асуудлаар асар бага хэмжээтэй
бол­сон. Одоо баригдах гэж байгаа төмөр зам, бо­ловсруулах үйлдвэрүү­дийг хаанаас
юугаар ба­рих вэ гэдэг дээр хүндрэл үүсч байна. Хоёр намын арга барилын хувьд зө­рүү­тэй
зүйл бий. МАН-ын хувьд ирээдүйд ард түм­нээ их өрөнд оруулна гэж ярьдаг, АН-ын хувьд
Мон­гол орон үнэ цэнтэй бай­хын тулд өөрийн гэсэн үйлдвэр, бүтээн байгуу­лалт, дэд
бүтэц, эрдэс баялгийн нөөцтэй байх ёстой Монгол хүн монго­лоороо амьдрах ёстой гэсэн
тэмүүлэл рүү явж байна.

Энэ жил зээлжих эр­хийн хамгийн дээд хэм­жээг
Засгийн газар 2.5 их наяд хүртэл гэж тогтоож өгсөн. Хуучин хуулийн дагуу ДНБ 40
хувьд хяз­гаарлагдана. Үүгээр тооц­вол 600 сая ам.доллар хүртэлх хэмжээнд зээл авах
боломжтой гэж харж байгаа. Энэ мөнгөөр юу бүтээж чадах вэ гэдгийг бас бодолцох ёстой.
Хө­рөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар гад­наас шууд хөрөнгө оруу­лалтууд
ороод ирнэ гэсэн ойлголттой хүмүүс бас байна. Нэг талаас хөрөн­гө оруулалтын хууль
бат­лагдсанаар гадны хөрөн­гө оруулалтууд нэмэгдэх сайн талтай. Гэхдээ хаа­наас
ямар хөрөнгө оруу­лалт орж ирээд, энэ нь Монгол үндэсний аюул­гүй байдалд хэрхэн
нө­лөөлөх вэ гэдэг нь хам­гийн чухал асуудал. Ер нь бид урт хугацаатай зээл авахын
тулд өөрсдийн үндэсний баялаг, үндэс­ний компаниуд­тай байж хэн нэгнээс хамааралгүй
байж чаддагаараа давуу болохоор үүнд тэмүүлдэг. Жижиг улсад хэт их гадаа­дын хөрөнгө
оруулалтын хараат байх юм бол өнөөдрийн Оюут Толгой, Тавантолгойн түүх дахин давтагдах
магадлал өндөр байгаа. Тиймээс бид өөрсдөө зээл авч, өөрсдөө бүтээдэг зарчим руу
хатуу явах ёстой гэдэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь байгаа.  

-УИХ-ын чуулган дээр алтны хуулиар завсарлага
авлаа. Алт­ны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх ту­хай хуулинд тусгас­наар рояалтийн
тат­варыг  2.5 хувь болгон бууруулж байгаа. Мон­гол Улсад алт тушаас­наар заавал
роялтийг бууруулах шаардлага­тай юу?

-Хэрэв “Оюу Толгой” ХХК Монгол Улсад алтаа тушаахгүй
бол  рояал­тийн хэмжээ өөрчлөг­дөх­гүй. Өөрөөр хэлбэл, Мон­гол Улсад алтаа
тушаах­гүй бол таван хувийн тат­вараа төлнө. Харин Мон­голд алтаа тушаавал роял­ти
2.5 хувь болно гэсэн зарчим юм. Хам­гийн чухал асуудал бол Монголын алт Монгол улсдаа
байж үнэ цэнтэй  байна. АН ч гэсэн ийм байр суурьтай байгаа.

-Р.Амаржаргал ги­шүүний асуудалд хэр­хэн хандаж
байгаа вэ?

-Шуудхан хэлэхэд Р.Амаржаргал гэдэг бол хувь хүн
биш. Монголын төрд олон жил зүтгэсэн үнэ цэнтэй хүн. Зөвхөн АН-ынх ч биш. Тиймээс
бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Р.Амар­жаргал гэдэг хүн АН-аас нэр дэвшсэн,
АН-ын үнэ цэнэтэй капитал. АН үр­гэлж лидерүүдээрээ бахархаж явдаг байсан. АН-ын
лидерүүдээс хэн нь ч ийм алхам хийж байгаагүй. Хувь хүний хувьд Р.Амаржаргал гишүү­ний
энэ үйлдэлд их харамсч байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Э.БОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Гомдол уу, тохироо юу

МАН их хурлаа хийж, шинэ дарга
ажлаа хүлээж авч, АН-ын 
Р.Амаржаргал  гишүүнээсээ
татгалзан  тунир­хаж, МАХН Д.Тэрбиш­дагвыгаа
ад үзэж улс төрийн голлох намууд хөл үймээн ихтэй байна.

МАН-ын хувьд яах вэ гом­дог­сод,
гологдогсод, ялаг­даг­сад  хэдэн талдаа
гарчихсан байж л байна.  Тэглээ гээд
яахав. Намын ажил явдгаа­раа л явна. Угаас намынх нь Их, Бага хурлын дараа заа­вал
хэл үг гардаг нь жам.    Ямар ч байсан
энэ удаа М.Энх­болд яллаа. Хотын фракц хүчтэй гэдгээ харуул­сан. Мөн М.Энхболд
намын даргад өрсөлдөхдөө бусад фракцын дэмжлэг авахын тулд тодорхой хэмжээгээр
тохироо хийсэн. Заримд нь хэлсэндээ хүрсэн, заримаас нь бас буцсан. Ямартай ч
хэл ам дагуулсан их хурал нь дуусч М.Энхболд намын дарга болж, өөрийн багаа
бүрдүүлээд ажлаа эхэлчих­лээ. Намын дотоод бүтэц зохион байгуулалт ч нэлээд
өөрчлөгдөж, өөр фракцуудын нөхдийг өөрөөсөө эвтэйхэн холдуулж чадлаа. 

МАХН-ын хувьд  дарга нь шоронд орж үйлээ үзсэний эцэст,  эмчилгээ хийлгэж харь орныг зорьсон
хойгуур  намын гол хүн Д.Тэрбиш­дагва
байлаа. Гэтэл нам дот­роос нь 
Д.Тэрбишдагва болон Г.Шийлэгдамбыг огц­руу­лах хэрэгтэй гэж яриад эхлэв.
Учир юу гэвэл тэд дүүргийн намын хорооны дарга нараа өөрчилж, бод­логоор өөр
хүмүүс тавих гэсэнд хуучин хүмүүс нь дур­гүйцэж эхэлжээ. Н.Энх­баярын
байгуулсан нам, тэр тусмаа тэр хүний итгэл хүлээлгэж тавьсан дарга нарыг сольж,
өөрсдийн ноёрх­лоо тогтоох гэлээ гэж тэд ийнхүү эсэргүүцээд байгаа юм байна.

Харин эрх баригч АН-д МАН-ыг эрх
барьж байхад ургасан жигүүр шиг албан тушаалгүй үлдсэн гомдогсо­дын баг бий
болж,  жигүүр ургалаа. Түүнээс гадна
АН-ын лидерүүдийн нэг   Р.Амар­жаргал
гишүүний хувьд цаашид УИХ-ын гишүүнээр ажиллахгүй гэж өргөдлөө өгсөн нь улс
төрийн дуулиан дэгдээж орхив. Энэ дуулиан АН-д 
гарзтай бол бусад намын хувьд ганц суудал ч гэсэн чухал учраас таатай
мэдээ болж,  анхаарлаа үүнд төвлөрүүлжээ.
Р.Амаржар­галын энэ гэнэтийн хачин шийдвэрийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох
юм. Цаг­таа Ерөнхий сайд байсан тэрээр боловсон хүчин бага­тай гэгддэг АН-ын
хувьд том гарз л даа. Намаа ялж эрх барихад Р.Амаржаргал УИХ-ын даргад ч,
Ерөнхий сайдад ч аль алиныг нь хийчих санаа байсан ч түүний хүсэл бие­лээ­гүй.
Тэр бүү хэл салбарын сайд ч болж чадсангүй. Сая ялж албан тушаал өгөөгүй үеэс
өмнө түүнд бас гомдол яваад л байсан. 
Энэ бүхэн хуримтлагдаж эцэст нь ингэж нэг өдөр өргөдөл барьж гүйхэд
хүргэсэн болов уу.  Ямартай ч тэрээр
бүлгийн болон байнгын хорооны хуралд суух нь цөөрсөн гэх. Чуулганы хуралдаанд
төсөв хэлэлцэх үеэр энэ оны төс­вийг алдагдалтай болсон гэж шүүмжлээд
хариуцлага хэн хүлээх юм, би тэгвэл УИХ гишүүнээсээ татгалзъя гээд л хэлсэн.
Эхэндээ энэ нь зүгээр л нэг шоу мэт сонсогдсон. 
Түүнийг харин хэдхэн хоно­гийн дараа ийм шийдвэр гаргаад палхийтэл
зарлаж,  хүсэлтээ албан ёсоор хүр­гүүл­чихнэ
гэж хэн мэдэхэв. Гэтэл Р.Амаржаргал  аль
эртнээс үүнийг  бодож явсан аж.  Далим олдохоор нь хэл­сэн  нь тэр байх. 
Тэрээр ийм шийдвэр гаргаснаа олон ний­тэд мэдэгдэж, УИХ-ын гишүү­нээсээ
болон Үндэсний зөв­лөл­дөх хорооны гишүүнээсээ ч татгалзах саналаа хүргүүл­сэн
байгаа. Харин өөрөө энэ талаар тодорхой хэлэхгүй, “Мэдэхгүй, дараа болъё” гэх
мэтээр тайлбарлаад өнгөрч  байгаа. Гадаад
орнуудад өндөр үнээр  эдийн засгийн
талаар  лекц уншдаг гэх түү­ний хэт биеэ
тоосон өөрийгөө дөвийлгөх байдал нь бусда­даа гомдох шалтаг боллоо гэж нэг
хэсэг нь үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь төдийгөөс өдий хүртэл явж ирсэн
гомдол нь ийм алхам хийхэд хүргэлээ гэх. 
Гэхдээ ингэх хэрэг байсан юм уу, ард түмний сонголтыг албан тушаалын
төлөөх гомд­лоор сольж болох уу гэсэн асуудал бас гарч ирж байгаа. Хэдийгээр
УИХ-ын гишүүнээр ажиллах, чөлөө­лөг­дөх эсэх нь өөрийнх нь сонголт боловч
УИХ-ын тухай хуульд  зааснаар гишүүн
чөлөөлөгдөх хүсэлтээ гарга­сан бол УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэх аж. Ямар­тай
ч логикийн хувьд нэгэнт хүн өөрөө хүсэхгүй байхад УИХ саналыг нь хүлээж авах
эсэхийг хэлэлцдэг нь  сонин байгаа юм.
Хэрвээ УИХ олон­хиороо түүнийг чөлөөлөхгүй гэвэл хүчээр ажлаа хийнэ гэсэн үг.
Магадгүй тэрээр үүнийг мэдэж нөгөөдүүлээ буулгаж авах гэсэн байж болох юм. Ер
нь бол түүнийх шиг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тохиолдол
манайд хэд хэд бий л дээ. Энэ парламентад л гэхэд У.Хүрэлсүх хувийн шалтгаанаар
хүсэлтээ өгч байсан.

Р.Амаржаргал гишүүн энэ гэнэтийн
хачин шийдвэ­рийн­хээ талаар одоогоор албан ёсны хариу өгөөгүй. Өгөхөд ч хэцүү
байх шиг байна. Юу болоод байгаа талаар асуу­сан сэтгүүлчид “Юу болоод байгааг
би мэдэхгүй байна. Энэ талаар хэлэхэд цаг хуга­цаа­ны хувьд эрт байна” гэсэн
байна лээ. Ямар ховсдуул­чих­сан биш юу болоод бай­гааг,  яагаад хүсэлт гаргаснаа өөрөө мэдэхгүй байна
гэж байхгүй. Шууд хариулахад хэцүү л байсан байх. Магад­гүй намынхан  нь сандарч, 
түүнд ямар нэгэн албан тушаал өгнө гэж горилсныг үгүйсгэхгүй. Далимаар
нь нэг сайн айлгаад авч байж болох талтай. Сонгууль болгоноор л түүнийг яаж
хоосон орхих вий гэсэн шиг аль хүнд той­рогт 
хүсэлтийг нь үл харгал­зан зоодог. Эрийн сайндаа нөгөөх нь ялаад гараад
ирдэг л дээ. Энэ намд түүний гүйцэт­гэсэн үүрэг том орон зай эзэл­нэ. Тиймээс ч
тэр хэрээр ал­бан тушаал горилж л байсан биз.

Мөн тэрээр МҮДН фрак­цад
хамаардаг  боловч харь­цан­гуй цөөн
хүнтэй уг фрак­цын нөлөөлөл намдаа бага байснаас Р.Амаржаргалын хүсэлт биелэхэд
төвөгтэй байсан болов уу. Түүнийг мөн гадаадад 
амьдрах гэж бай­гаа. Зөвхөн лекцээ уншаад явахад л дажгүй сайхан
амьдарчихна гэж ярьж яваа хүмүүс байна.

Энэ мэдээллүүдийн хажуу­­­г­аар тэс хөндлөн нэг мэдээ­лэл
ороод ирэв. МАН-ынхантай тохирсон гэх. М.Энх­­болд намаа аваад одоо алдсан нэр
хүндийг сэргээх нөлөөллөө ихэсгэхийг хүсч байгаа. Тиймээс Р.Амар­жаргалын
гомдол дээр тоглож тохиролцсон байхыг үгүйс­гэх­гүй. Ингээд нөхөн сонгуульд
МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэхэд МАН боломж олгож сул хүн дэвшүүлж МАХН
баталгаатай нэг суу­дал олж авах бөгөөд нэгэнт УИХ дахь суудлын тоо нэмэгд­сэн
учир Засгийн газарт квотоо нэмнэ гээд суучихаж болох талтай.  Ийн­хүү МАН МАХН хоёр наал­даад эхэлбэл АН-ын
хувьд хүндхэн байдал бий болно гэх батлагдаагүй ч, байж болох мэдээлэл чих
дэлсэв. Нөгөө талаас МАН нөхөн сонгуу­лиар ялалт авахын тулд хамаг байдаг хүчээ
хаяна. Тэртэй тэргүй МАН нөхөн сонгуульд ялалт байгуулдаг арвин турш­лагатай.
Тэдэнд энэ суу­дал чухал. Тиймээс ялах хам­гийн боломжтой хүнээ дэв­шүүл­нэ
гэцгээх нь байна. Гэхдээ одоогоор байдал цааш яах нь тодорхойгүй байхад намууд
нэр дэвших хүнээ яриад, зарим горилог­чид “Би дэвшье” гээд явж байгаа гэнэ.
Угтаа бол  УИХ Р.Амаржаргалын хүсэлтийг
хүлээж авлаа ч уу,  үгүй ч үү.  АН Р.Амаржаргалтайгаа сайн тохирч чадах ч юм
бил үү, хэн мэдлээ. Юутай ч УИХ яаж шийдэхийг эхлээд харъя.

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би

Гэргийн хамт

Монгол Улсын ар­дын уран зохиолч,
тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо. Гэргийтэй­гээ хоёул байж байна.
“Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв
хоёрын зохиол надад ойр юм” хэмээсээр угт­сан. Залгуулаад “Хүр­гэн маань энэ хөөр­гийг
надад дурсгаад” гэж гартаам хөөргөөр тамхилангаа, “Адууны мах иднэ биз дээ. Манай
Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж авлаа.
Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм гэсэн”. Ийм л
ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.  

-Та бол “Насны ном Цэнд, насны
хань Цэнд” гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл
удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?

-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь
1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн
шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд
урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд
анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.

Намайг харсан хэрнээ огт хараагүй
юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь
ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ
зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.

-“Нэрээр бичсэн шүлэг” анхны номонд
тань орсон байх шүү?

-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр
бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн “Шөнө ургасан цэцэг” номон­доо оруулж байлаа.

“Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би билээ

Найртай сэтгэлийг чинь нар гэвэл

Дулаацаж жаргасан нь би билээ

Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би билээ” гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь
саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа
зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний
хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны
үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо.
Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг
гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар
дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр
ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг
маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав “МОНЦАМЭ”-гээс
олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.

Манай Цоодол ч анхны бүтээл “Нутгийн
зургаан өнгө”-ийнхөө шагналаар дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын
буян тэгж л эхэлдэг юм даа.

-Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн
Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно явсан он жилүүдээ
дурсаач?

-Монголын уран зохиолд хувь заяагаар
төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм.
Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын
мөрүүдийг нь уншиж зүрхээ баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриа­дын нэрт зохиолч
Дашрав­дан Батожабой нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданс­сан
билээ. Эрдэнэ тэрхүү аян замаас ирээд “Алтай” хэмээх алдарт нийтлэлээ бичиж бид­нийг
бахдуулсан юм.  “Алтайн оргилд дун цагаан
салхи салхилж байхад, наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд
шар салхи тэнүүчлэн” буйг өнгө­ний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок
лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Мон­го­лын
соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж ба­гийн бүрэлдэхүүнийг Намын төв хорооны
улс төрийн тов­чооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэг­дүгээр орлогч дарга Д.Майдар
толгойло­хоор бол­лоо. Нэрт уртын дуучин Н.Норов­банзад, уран нуга­раач зууны манлай
Но­ров­­сам­­буу, төрийн шагналт хөгж­мийн зохиолч Ц.Намс­рай­жав, ардын жүжигчин
Д.Жар­гал­сайхан гээд урлаг соёлын том бүрэлдэхүүн явлаа. Сосор­барам, Лувсан­чүл­тэм
гээд дарга, сайдууд явсан ч Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв. 

-Зохиолчдоос С.Эрдэнэ баа­вай та
хоёр явсан хэрэг үү?

-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан
тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр онгоцны буудлаас халам­цуу­хан үдэж өглөө.
Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны
арын халаасанд замд ууна хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь
халаа­­сыг цоолон цухуйгаад амьтныг инээлгэж байхав.  Онгоц яг нисэх болтол бид хоё­рын гадаад паспорт
олд­дог­­гүй багагүй сандаргалаа. Тэг­тэл ашгүй Эрдэнийн гар цүнх­­­нээс олдов.
Майдар дар­га урд талын суудлаас өн­дийж “Хэн онгоц саатуулаад байна аа” гэж зандрангуй
дуугардаг юм. Энэ үед Эрдэ­нэ дув дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ
жүжигчдийн арын суудлаас гэнэт босч ирээд “Тэр Майдар юу юм” гэж чанга хашгирснаа
буцаад нугдай­гаад нуугдах маягтай суучи­хав. Эрдэнийн тэгж хашгир­сан нь олон хүний
зүр­хийг хагалчих шахаж би­лээ. Согтуу хүн сохор ухаан­тай гэгчээр онгоц өндрөө
авсан үед “хэрэг” тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол олсон хойноо
баавай­тайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөр­ний гүүрэн дээгүүр үдшийн сэрүүнд
хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүр­тэл засмалаар давхин

“Нарны наагуур явахгүй л аад

Нарийнхан жороогийн хэрэг юув

Насандаа намхандаа ханьсахгүй л
аад

Наадуулж явахын хэрэг юув” гэж буриадаар дуулал­дан жаргаж явсан. Сүүлд нурсан худалдааны
хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэн­дээ нартаа гоёлын нүдний
шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай элчин дипло­мат
Д.Жаргалсайхан гуай­гаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр өнгөрөхийнхөө өм­нөхөн
“Монголын уран зохиолын алтан үеийн алдарт­­нуудын нэг Шаравын Сүрэнжавт дурсгав”
гэж “Тэн­гэ­рийн хөвүүний эцэслэл, Хар хун шувуу” номондоо бичиж өгснийг мартамгүй
ээ. Саяхан арван боть нь хэвлэг­дэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа
явсан он жилүүдээ энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.

-Олон хүний тухай зузаан зузаан
ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог болжээ. Хэн бугай
ч маргах­гүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны хөрөг нийтлэл ч бий?

-Далан есөн оны хоёр­дугаар сарын
нэгэн жихүүв­тэр шөнө билээ. Хэдэнтээ үргэлжилсэн үүд тогшилт на­майг сэрээлээ.
Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөр­вөн цаг хагас. “Өдийд хэн ирдэг билээ” гээд
гайхашир­сан янзтай үүдээ тайлтал Чимид зогсч байна. Чими­дийн ирсэн сургаар эхнэр,
том охин хоёр ч ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө
тодорч хоолой нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд “зуу” хэрэгтэй
байгааг би мэдэрч байв. “Цай яахав, цай яахав” гээд түшлэг­тэй зөөлөн сандал дээр
ядран­­гуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эх­нэр, охин хоёрынхоо чөлөө­­гөөр
би түүнд “татах уу” гэхэд “Ашгүй чамд байгаа юм уу” гээд биеэ тэгшилж байсан сан.
Түүнээс хойш нэг жилийн дараа аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. “Чимидийн
бие тун тааруу байна” гэх яаралтай цахил­гаа­ныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад
хүлээж авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх.
Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Мар­шал Чойбалсанд үнэлэгдэн
түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэв­лэлд гарч, тив дэлхийгээр тойрч
ертөнцийн сайхан хүүх­­нүүдтэй ч уулзан учирч дэлхийн сонгодгуудтай нэгэн зиндаанд
явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэ­цэнд Чимидийн “Жаргалын зам” дууриа
уншиж буйг хара­хад ямар чиг бахтай билээ дээ.

-Чимидийг Зохиолчдын хороонд байх
үед та хоёр их л ойр байсан гэдэг?

-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг
ярина гэвэл барах­­гүй л дээ. Гэхдээ бодол санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд
цаг хугацаа алсрах тусам улам тод санагдах юм. Жаран до­лоон оны үед Чимид Зохиолч­дын
хорооны орлогч даргын алба хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэг­дэх
“Миний дуулах ертөнц” буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа
цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төг­рөг олгохоор
баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл мөнөөхөн цохолт
хий­сэн дар­га маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн элчинд үйлчилж байгаа
хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан алхалж гараад өнөө ганган хар
ма­ши­ны хаал­­гыг татвал арынх нь суу­дал дээр Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм
аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид жолоочийн хажуу талын суудалд суугаад
“Эх­нэр чинь хаана билээ” гэж асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ”
гэлээ. Тэр даруйд “Их дэл­гүү­рийн үүдэнд очоод зогсоо­рой” гэж жолоочийг захирав.
Утга зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь
цонхоор “намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л явлаа даа.
Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид “за чи яваад эхнэрээ
аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд
шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын
ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээ­гийн баярлаж байгаа гэж жиг­тэй­хэн. Гутлынх
нь ул гялал­заад их дэлгүүрийн шатаар алга болж билээ. Горькийн сургуулийн дээд
курсийн оюут­­ны байрны долоон давх­рын өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр
орос авгай гүйж ирэн үүд нээгээд “Танай Элчин сайдын яам­наас яарал­­­тай ярья гэж
бай­на” хэмээн сандруухан хэлэ­хэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан
янзтай утасны харилцуур автал “Бай­на уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр. Цааш
чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол Россия бууд­лаас
Цэвэл­сүрэн­гээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуу­даж сэрээ” гэж би­лээ.
Банди нар гэдэг нь Гоь­кийн сур­гуульд сурч байсан оюутнууд буюу Готовын Нямаа тэргүү­тэй
Монголын нэртэй зохиол­чид байсан даа. Бид бол аугаа их Чими­дэд нээрээ л банди
нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотно­суулж хэлдэг хүн байж.  “Сүрэн­жавтай ярья, Монго­лын Элчин сай­дын яамнаас
ярьж байна” гэдэг нь орос ав­гайг хуурах заль л байхгүй юу. Чи­мид бол түүнээ мэднэ
ш дээ.          

-Ламзавын Вангантай та бас л ойр
явсан даа?

-Жаран найман оны найм­­­­­­дугаар
сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс Халх голыг зорин цэргийн ачааны жаран
гурав машинтай хэдэн хүн гарсны дотор Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуу­хан
байж дээ. Ванган гуай ч гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз
дээ. Их эрт нэрд гарч олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн
шиг санагддаг байсан. Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин
дээр улаан тамхи угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны
63-ын тэвшин дээр сууж яваа хүмүү­сээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа
пинтүү мая­гийн халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Ан­заар­­сан хүнд бол
энгэр дээр нь гялалзаж байгаа өл­зий утастай төрийн шагналт­ны тэмдэг нь л бусдаас
арай өөр гэдгийг нь тодруулж бай­сан даа. Вангантай холбоо­той олон дурсамж хэлмээр
байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүр­лээд амаргүй. Монголын соёл
урлагт ёстой нэг гай нүүрлэ­сэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус Туулын гүүрний
урд мөргөцөгт онхол­дон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л чуулга сүйрч, түүний
улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ. Доржсүрэн байцааг­дан орлогч
сайдаасаа ава­хуулж, Сосорбарам сайд Дорнодын театрын ойд орол­цон эзгүй байснаар
Лодой­дамба гуай тулгагдан Чехийн үймээн дундуур олон шари­лыг хүргэн түнээсээ гайтсан
уу, хоёр жилийн дараа хор­воог орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж
билээ. Түүнээс хойш нэг л хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал
тэнхрээгүй юм даа. Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг
дээрээ гоц гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээ­рээ авч явдгийг Ванган,
Лодой­­дамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьд­­­­­ралын
сүүлийн жилүү­дэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад адсаган
дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэв­сэн ярилцахдаа Ванган гуай минь тэр аяараа зохиолын
баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй нягт холбогдож бай­сан
сан. “Намайг сайд бай­хад…” гээд эхэлдэг яриа нь  үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай
хөвөрнө.

“Ертөнц
амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч

Есөн
төө чулууны дор нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно”
гэх мөрүүдийг би аугаа Ванган­даа зориулсан юм даа. Монголын
театр урлагийн түүх Ламзавын Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий