-МАНАЙ НӨХӨР ГУРВАН ХҮҮХДЭЭ ЭХ БАРЬЖ АВСАН САЙН ААВ-
Монголд
17 жил амьдарч байгаа АНУ-ын иргэн Melanie Kocke-тэй ярилцаа. Тэрээр монгол нөхөртэй
бөгөөд өдгөө дөрвөн хүүхдийн ээж болжээ.
-Та
Монголд анх хэзээ ирж
байв. Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?
-Би 16
настайдаа аав, ээжтэйгээ Монголд ирж байлаа.
Гэр бүлээрээ Дарханд амьдардаг байсан
юм. Биднийг энд ирэхэд ах, эгч нар маань Америкт үлдсэн л дээ. Тухайн үед эгч үлдээд би ганцаараа ирж байгаа учраас Монголд
ирэх хүсэлгүй байсан. Аавынхаа зардлаар Ази руу явж үзье гэж бодоод л ирсэн. Монголд
ирээд жилийн дараа нөхөртэйгөө Христийн цуглаанд анх танилцсан юм.
-Нөхөртэйгөө
танилцаад л Монголд амьдарна гэж бодож байсан уу?
-Үлдэнэ
гэж төсөөлөө ч үгүй. Буцаад л Америк руу явна гэж боддог байлаа. 18 нас хүрэхийн
өмнөхөн нөхөр бид хоёр бие биедээ сайн гэдгээ мэдсэн. Гэхдээ цаашдаа Монгол, Америкийн
алинд нь амьдрах нь тодорхойгүй байсан. Удалгүй
бид хоёр гэрлэлээ. Хүүхэдтэй болоод хаана өсгөх вэ гэдэг асуудал тулгарсан л даа.
Манай хамаатнууд бүгд Америкт. Тэнд өсгөх үү,
Монголд өсгөх үү, аль нь дээр вэ гэж
бодоод хэсэг хугацаанд ажиглалт хийсэн. Тэгээд л Монголын гэр бүл таалагдсан. Гэр
бүлээ гэсэн халуун дулаан харилцаа нь “Ерөөсөө л энд хүүхдүүдээ
өсгөе” гэсэн бодол төрүүлсэн. Америкаас Монголд ирж хүүхдээ хүмүүжүүлдэг
хэд хэдэн гэр бүл байдаг юм билээ.
-Та
монголоор их сайн ярьж байна шүү?
-Би одоо
32 настай гэхээр Монголд багагүй хугацаанд амьдарсан гэсэн үг. Ямар нэг хэлийг
сурах хамгийн амжилттай арга бол тухайн орны хүмүүсийнх нь дунд орж ярих. Би монгол
хэлийг ийм аргаар л сурсан.
-Нөхөр
чинь англиар ярьдаг байсан уу. Та хоёр яаж ойлголцдог байв?
-Нөхөр
бид хоёр тухайн үед хоорондоо оросоор ярьдаг байсан. Дөнгөж Монголд ирээд орос хэл
сурч эхэлсэн юм. Дараа нь надад Америкт ажиллаж, амьдрахад орос хэл илүү хэрэгтэй
байх гэх бодол төрсөн. Миний найзууд дундаас тухайн үед англиар ярьдаг ганцхан хүн байсан нь манай нөхөр.
Монголд эргэж ирэх нь тодорхой болсны дараа би орос хэлээ хаясан.
-Та
16 насандаа анх Монголд ирж байсан гэхээр дунд сургуулиа яаж төгссөн юм бэ?
-Гэрээр
сурсан. Америкт гэр сургууль их түгээмэл.
Аав ээж хоёр минь анх хүүхдүүдээ гэрээр сургаж эхэлсэн. Тэр үед хамгийн бага нь
би байлаа. Би нэгдүгээр ангид ороод удаагүй байхдаа гэрээр сурч эхэлсэн. 18 нас
хүрэнгүүтээ арван жилийн улсын шалгалтаа Америкт очиж өгөөд буцаж Монголд ирсэн
юм. Шалгалт өгөх үеэр нөхөр бид хоёр гурав, дөрвөн сар л хол байсан. Энэ хугацаа
цаашдаа энэ хүнтэй хамт амьдрах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргахад тэрэнд минь
тус болж байлаа. Нэг талаасаа хайрын том шалгуур болсон доо.
-Одоо
та Улаанбаатарт юу хийж байна?
-Би одоо
залуу ээжүүдэд зориулсан нэвтрүүлэг бэлдэж өөрөө монголоор хөтөлж байгаа. Энэ
миний мэргэжлийн ажил биш л дээ. Би англи хэлний багш. Хүүхдүүдээ өсгөхдөө англиар
блог хөтөлдөг байсан юм. Тэрийг маань уншсан залуу ээжүүд баярласан сэтгэгдлээ их
бичнэ. Энэ нэвтрүүлгийг хөтлөх үү гэсэн санал ирэхэд нь би монгол ээж нарт тус болно
гэдэг үүднээс их дуртай зөвшөөрсөн. Нэвтрүүлэг маань дөрөвдүгээр сараас эхэлж цацагдана.
“Хоёр ээж арван хүүхэд” гэдэг нэртэй. Надтай хамт хөтөлж байгаа хөтлөгч маань бас
зургаан хүүхэдтэй. Бид хоёрын туршлагаар энэ нэвтрүүлгийг бэлдэж байгаа юм. Нэвтрүүлэг
маань “Ийгл” телевизээр гарна. Балчир хүүхдүүдийг өсгөж байгаа ээжүүдийн зовлонг
ойлгосон учир бие биенээ дэмжье гэсэн үүднээс энэ нэвтрүүлгийг хийж байгаа.
-Та
дөрвөн хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүд чинь хэдэн настай вэ?
-Манай
том хүү 12 настай. Том хүү маань Улаанбаатарын нэгдүгээр эмнэлэгт төрж байсан.
Нөгөө гурав маань гэртээ төрсөн. Манай нөхөр эх бариад гэртээ төрүүлсэн. Дараагийн
охин маань арван настай. Дүү нь хүү. Долоон настай. Хамгийн бага охин маань дөрвөн
настай.
-Нөхөр
чинь өөрөө эх барьж авсан гэхээр сонин санагдаж байна л даа. Ямар мэргэжилтэй хүн
бэ?
-Манай
нөхөр уг нь бизнесийн хүн. Одоохондоо “Амонг” телевизийн гүйцэтгэх захирал хийж
байна. Манайх Дарханд эмнэлэгтэй их ойрхон байсан юм. Төрөхийн өмнөх сургалт хичээлд
сууж байсан. Ямар үед түргэн тусламж дуудах зэргийг маш сайн судалсан. Манай гэр
бүлд гэрээр төрөх нь тохиромжтой гэж үздэг.
Хүмүүсийг гэртээ төр гэж бид хэзээ ч зөвлөж байгаагүй. Анхнаасаа хаана төрөх вэ
гэдгээ төлөвлөчихсөн байсанд л хамаг учир байгаа юм. Эхнэр нөхөр хоёулаа санаа нэгдсэн
тохиолдолд гэртээ төрөх нь аюултай зүйл биш.
-Хүүхдүүддээ
ямар нэр өгч байв. Хэн өгч байсан бэ?
-Нөхөртэйгөө
суугаад сонгож байсан. Том хүүгийн англи нэр нь Nathaniel. Эзнээс өгсөн бэлэг гэсэн
утгатай. Монгол нэр нь Ялгуун. Охин маань Abigail. Аавын баяр хөөр гэсэн үг. Монгол
нэр нь Нандин. Бага хүү маань Kenneth, царайлаг гэсэн утгатай. Монгол нэр нь Өрнүүн.
Бага охин Evelyn, үзэсгэлэнтэй шувуухай гэсэн үг л дээ. Монгол нэр нь Аялгуу. Манай
хүүхдүүд Америк, Монголд аль алинд нь бүртгэлтэй.
-Танай
гэр бүлийнхэн нөхрийг чинь яаж хүлээж авсан бэ?
-Ээж маань
шууд хүлээн зөвшөөрч хүү шигээ л хүлээж авсан. Нөхөрт маань тэр үед амьдралын боломж
тийм ч их байгаагүй. Тэрийг манай аав харсан байсан л даа. Миний охиныг яаж тэжээх
юм, хүүхэдтэй болбол яах вэ гэж асууж байсан. Аав маань шууд хүлээн зөвшөөрөөгүй
ч хүлээцтэй байсан. Тэрнээс хойш жил өнгөрсний
дараа нөхөр маань аавтай уулзаж гуйсан. “Надад олон зүйл байхгүй. Гэхдээ байгаа
зүйлээ танай охины төлөө зориулна” гэж хэлж байсан л даа. Аав маань ч сэтгэлийг
нь ойлгосон. Биднийг зогсоох аргагүй юм байна гээд хүлээн зөвшөөрч байлаа. Тэгээд
бид хоёр Дарханд их том хурим хийсэн.
-Нөхрийн
чинь аав ээж хоёр таныг яаж хүлээж авч байв?
-Их сайхан
хүлээж авсан. Тэр хоёроос асуувал өөр юм хэлж магадгүй л дээ. Манай нөхрийн гэрийнхэн
нь, эмээ нь хэзээ ч “Чи монгол байх ёстой. Монголчууд ингэдэг” гэж тулгаж зааж байгаагүй.
Би бүх юмаа орхиод Монголд ирж байхад дахиад надаас өөр юм хүсвэл үнэхээр хэцүү
шүү дээ.
-Нөхрийнхөө
талаар яриач?
-Манай
нөхрийг Мөнгөнхэт гэдэг. Бид Хэтээ гэж дууддаг. Өвөө нь нэрийг нь өгсөн гэсэн. Манай
нөхөр ажилсаг хүн. Онцгой чанар нь хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг.
Хүүхдүүдээ эх барьж авсан их сайн аав. Бид хоёр бас хүүхдүүдийнхээ багш. Гэр бүлийнхээ
төлөө бүхнээ хийдэг сайн эр хүн дээ.
-Хэзээ
Улаанбаатарт орж ирсэн бэ?
-Гэр бүлээрээ
яг жилийн өмнө нүүж ирсэн. Ажлын шалтгаанаар Улаанбаатарт үлдэхээр
болсон. Тэрнээс
өмнө нь Улаанбаатарт орж ирэх боломж байсан ч бид Дарханд байх дуртай
учраас ирдэггүй байсан юм. Үнэхээр эрүүл, аюулгүй газар.
Тэнд хоёр эмээ, хоёр өвөө нь амьдардаг. Хотод орж ирэхэд зориг шаардсан
шүү. Бид одоо Дархан руу сард нэг юм уу, хоёр сард нэг удаа очдог.
-Та
аль улсын иргэн бэ?
-Би Америк
Улсын иргэн. Жил бүр визээ сунгуулаад амьдарч байна. Бид гэр бүлээрээ Америк руу жилийн өмнө
яваад ирсэн. Зургаан хүний виз өндөр гардаг болохоор байнга явдаггүй.
-Одоо
та юугаар ч дутахааргүй аз жаргалтай байдаг уу?
-Тийм ээ.
Гэхдээ дутагддаг үе зөндөө л байсан. Түрээсээ төлөх үү, хоол унд авах уу гэсэн асуудал
ч тулгарч байлаа. Өөр гэр бүлүүдээс ялгарахаар юм байхгүй. Бид хоёрын нэг онцлог
бол юу ч болсон хамт, бид нэг хүн шүү гэж бие биедээ хэлдэг. Амьдралд юу ч тохиолдсон
нөхөртөө уураа гаргадаггүй. Нөхөр маань бухимдсан ч уураа надад гаргахгүй. Бүх
л юмаа ярилцаж ойлголцдог. Гэр бүлд асуудал байлгүй л яахав. Ямар ч хосууд гэр бүл
болоод тэр үеэсээ харилцаандаа анхаарахгүй бол аажмаар хөндийрч эхэлдэг. Гэр бүл
болчихоод хувиа хичээх нь салах үндсийг тавьдаг гэж би боддог.
-Та
Монголд олон жил боллоо. Энд хэрэггүй үлдэж гэсэн бодол төрж байв уу?
-Бодолгүй
яахав. Би өөр хаана ч амьдарч болох байсан. Яагаад заавал Монголд байх ёстой гэж
хэмээн бодох үе байсан. Гэхдээ би хэрэгтэй байгаа газраа л амьдрах дуртай. Монголд харагдаж байгаа хамгийн том хэрэгцээ
бол миний гэр бүл. Би гэр бүл салалтын эсрэг
байдаг хүн.
-Монголчууд
Америк руу их явж байна. Та харин Монголд байна. Америк Монголын ялгаа нь таныхаар
юу вэ?
-Хүн болгонд
шалтгаан байгаа. Америк руу гүн суурьтай аз жаргалын араас явж байгаа бол тэр
аз жаргал олдохгүй гэж би боддог. Америк тийм амар газар биш. Гэхдээ шийдэмгий ажиллаж
чадвал боломжтой газар л даа. Нийгэм нь аюултай. Буутай байхыг зөвшөөрдөг, хар
тамхи дэлгэрсэн газар. Бууг зөв ашиглах, буруу ашиглах хүмүүс байна. Янз бүрийн
гэмт хэрэг илүү ихээр гардаг. Би амьдрах газраа сонгосон шиг хүн болгон зөв л сонгох
хэрэгтэй байх.
-Хүүхдүүд
чинь ямар хэлээр ярьдаг вэ?
-Хүүхдүүдийн
маань хичээл англи хэлээр явагддаг учраас англи хэлээ илүү сурч байгаа. Ер нь хүүхдүүдийн
онцлог байна. Миний туршлагаар охид хэлийг бэрхшээлгүй сурдаг. Хөвгүүд харин удаан.
Манай хоёр охин хэлд орохдоо хоёр хэлээр зэрэг ярьж сурсан. Хоёр хүү маань болохоор
англи хэлний дараа монгол хэлийг сурсан. Би багаасаа англи, испани гэсэн хоёр хэлээр
ярьж сурж байсан юм.
-Хүүхдүүд
чинь хаана сурч байгаа вэ?
-Хүүхдүүд
гэртээ, миний жишгээр сурч байгаа. Хичээлээ гэртээ хийнэ. Эсвэл манай оффист. Нэг
бол гэрээр сурдаг өөр хүүхдүүдтэй нийлж хичээлд суудаг. Эцэг эхчүүд нь өөрсдөө ээлжилж хичээл заадаг нэг
газар бий. Миний зааж чадахгүй зарим хичээлийг гадуур сурдаг. Хоёр хүү маань бассейнд
усанд сэлэлтийн дамжаанд явдаг. Манай хоёр охин балетын дамжаанд явдаг юм. Гэрийн
сургуулийн онцлогтой тал нь үндсэн хичээлээ маш хурдан гэртээ хийж чаддаг учир
үлдсэн цагийг гадуур хичээллэх, хамтдаа өнгөрөөх боломж өндөр байдаг. Төгсөх насан дээрээ Америкт биеэ
дагаад шалгалтаа өгч болдог. Хаана сурсан ямар номоор сурсан нь чухал биш. Бүрэн,
дунд боловсрол эзэмших хэмжээнд хүрсэн бол шалгалтаа өгч болдог. Манай хүүхдүүд
Америкаас өөр газар байгаа учраас жил бүр очиж шалгалтаа өгөхгүй. Гэхдээ хичээлийн
явц дунд шалгалтууд байдаг. Тэрийг өөрсдөө авч цуглуулаад аттестат авахаас нь өмнөхөн
хүлээлгэж өгч болдог юм.
-Гэрийн
сургуульд явахад сөрөг тал байх уу?
-Анх манай
аав ээж хоёрыг гэрийн сургууль хийгээд эхлэхэд хүмүүс ойлгодоггүй байсан. “Хүүхдүүд
чинь юм сурахгүй шүү дээ. Та нар багш биш байж”
гэж шүүмжилдэг байлаа. Миний том эгч, ах маань бас гэрийн сургууль төгссөн.
Манай ах одоо усан онгоцны жолооч. Эгч маань
сувилагч. Америкт тэргүүн зэрэгт багтах мэргэжил эзэмшсэн хүмүүс. Арван жилийн боловсрол
чухал л даа. Гэхдээ зарим хүмүүсийн боддог шиг заавал сургуульд явах ёстой гэсэн
шиг зүйл биш.
-Үеийнхэн
дундаа байхгүй бол зожгирох тал байхгүй гэж үү?
-Би сургуульд
явж үзээгүй ч гэсэн нийгэмшсэн л байгаа биз дээ. Заавал өөрийнхөө насны хүүхдүүдтэй
нийгэмшинэ гэж байхгүй л дээ. Ижил насны хүүхдүүдээсээ юм сурах уу. Гэрээр сурдаг
хүүхдүүдийн нэг онцлог нь эмээ, өвөө, аав, ээжтэйгээ ихэвчлэн байдаг учраас том
хүнтэй шууд харилцаж сурдаг. Тэдний дунд
орвол том хүнтэй санаа зовохгүй ярьдаг нь шууд анзаарагддаг. Сургуульд явсан хүүхдүүдийг
анги ангиар нь ангилчихсан байдаг. Үдэшлэг боллоо гэж бодоход тэнд олон насны хүмүүс
ирдэг. Сургуульд явдаг хүүхдүүд шууд өөрийнхөө насны хүүхдүүд дээр очдог. Харин
гэрээр сурсан хүүхдүүд аль сонирхолтой газар нь очиж ярилцдаг. Нэг онцлог нь илүү
нээлттэй байдаг.
-Та
хүүхдүүдийнхээ хичээлийг заахдаа номноос хараад зааж байна уу?
-Би тоонд
муу байсан учраас багшийн ном их ашигладаг. Миний зааж чадахгүй хичээлийг нөхөр маань зааж чаддаг. Багшийн ном
байдаг учир хичээл заах талд санаа зоволтгүй. Бас интернет гэж том зэвсэг байна.
Одоо манай хүүхдүүд компьютерийн сургуульд шилжиж эхлэх байх. Хүүхдүүд учраас хамаагүй
компьютер руу чиглүүлмээргүй байсан юм. Том хүү маань бичиг нь сайжирчихвал удахгүй компьютер руу орох байх.
-Англиар
хичээлийг нь заадаг гэсэн. Монгол хэлээ яаж зааж байгаа вэ?
-Монгол
хэлний хичээлийг одоохондоо хийхгүй байгаа. Хүүхдүүдээ арай том болгож байгаад
Монголын түүх, монгол хэлийг нэгтгээд монгол багш авч байгаад заалгана. Хүүхдүүдээ
шалгалтанд бэлдэхээс илүүтэй амьдралд нь бэлдмээр байна. Аав ээж минь намайг тэгж
л өсгөсөн. Шалгалтанд биш амьдралд чинь хэрэгтэй учраас зааж байгаа юм гээд хичээл
ордог байлаа. Одоо хүүхдүүд маань талх барьж сурч байгаа. Гал тогоонд хоол хийж
сурч байна. Бид үүнийг математиктай адилхан л чухал хичээл гэж үздэг.
-Та
хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
-Би хоол
хийх дуртай. Хүүхдүүддээ хичээлийг нь заахдаа, хоол хийхдээ, нөхөртөө туслахдаа
хамгийн аз жаргалтай байдаг. Заримдаа уур хүрдэг, тэвчээр алддагаа нуухгүй. Хүүхдүүдтэйгээ
өдөржин байгаад орой нь ядрах үе гарна. Би хүүхдүүдээ их залуудаа төрүүлсэн. Хүүхдүүдтэйгээ
хамт өснө гэж шийдэж байсан хүн дээ. Би ямар нэг шинэ хоол гал тогоондоо туршиж
үзэж байгаа бол хүүхдүүдээ оруулж ирээд хэдүүлээ хамт суръя гээд хамт хийдэг.
-Танай
гэр бүл цоо шинэ соёл бий болгож байгаа юмаа даа?
-Манай
гэр бүлийг монгол гэхэд хэцүү, америк гэхэд бас хэцүү. Гэхдээ цоо шинэ соёл бий
болгож байна гэж бодохоор сайхан байдаг. Хүүхдүүд маань бас тэр соёлыг үргэлжлүүлнэ.
Монголын талаас, Америкийн талаас хүүхэд хүмүүжүүлэхэд авах юм зөндөө, бас орхих
юм олон. Залуу гэр бүлд мэргэн ухаан хэрэгтэй байдаг. Өдөр бүр л хоорондоо ярилцаж
бие биенийхээ төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.
-Та
хүүхдүүд шигээ монгол нэртэй юу?
-Надад
монгол нэр байгаа. Манай нөхрийн эмээ 80 гарсан хүн бий. Анх танилцахад миний нэрийг
хэлж чадахгүй байсан. Тэгээд Сувдаа гээд нэрлэчихье гээд тийм нэртэй болсон. Гэхдээ
ганцхан тэр эмээ л намайг тэгж дууддаг. Цагаан сараар очихоор Сувдаа ирсэн байна
гэдэг юм.
-Та
хоёр бидний үгсийн санд салалт гэдэг үг байхгүй гэсэн амлалт өгч байсан гэсэн. Тэр үеэ дурсаач?
-Бид хоёр
анх танилцаад бие биендээ сайн болох үед хайр гэдэг үг ямар нэгэн мэдрэмж гэхээс
илүү шийдвэр гэдгийг сайн ойлгосон. Гэр бүл
болохгүй бол бие биендээ хайртай гэж хэлэхгүй байя гэж шийдэж байсан. Тэр шийдвэрээсээ
бид дараагийн шийдвэртээ хүрсэн байх. Энэ шийдвэрийнхээ төлөө бат зогсоно гээд салалт
гэдэг үгийг тоглоомоор ч гэсэн хэлэхгүй гэж шийдэж байлаа. Манай хамаатнууд дунд
салсан хүмүүс зөндөө байдаг. Олон жил гэр бүл болж үлдсэн нь манай аав ээж хоёр
л байгаа. Бид хоёр гэрлээд 13 жил болж байна. Тэр олон жилд салмаар үе байсан. Чи
үгээрээ байхгүй байна гэж бие биендээ хэлэх үе ч гарсан. Гэхдээ тийм шийдвэр гаргасан
маань бид хоёрыг барьж байсан даа. Залуу хосуудад гэж хэлэхэд бүх юм түнэр харанхуй
харагдсан ч тас гүрийгээд явахаар ард нь гардаг л юм байна.
С.АРИУНЖАРГАЛ