-РЕСТОРАН ЖУУЛЧНЫ БААЗУУДАД
ЦАЙЛЛАГА ХИЙХ БОЛ НЭГ ХҮНИЙ 50 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ-
Энэ сарын 21 дашням, балжинням давхацсан
сайн өдөр. Сайн өдөр хэмээн онцолж байгаа нь намрын дунд сарын 17-ны билэгт сайн
өдөр тохиож буй юм. Өнөө жилийн намрын дунд сарын 17-нд олон залуу хос хуримаа хийхээр
төлөвлөөд байгаа юм байна. Гэрлэх ёслолын
ордон гэхэд аль хэдийнэ захиалгаа аваад дуусчихсан байна лээ. Мөн Дархан болоод
Баянзүрх дүүргийн гэрлэх ёслолын ордны захиалга хэдийнэ дууссан гэнэ. Сүүлийн үед
хурим найр хавтгайрч байгаа талаар ярих хүн олон болсон. Бүр хүүхдүүдийнхээ хурим
найраар далимдуулж бусдад хэр мөнгөтэй вэ гэдгээ харуулах хүн цөөнгүй болжээ. Намрын
дунд сар эхэлж байгаа энэ өдрүүдэд Монгол даяараа хурим найрны хөлд дарагдаж байна.
Нийслэл хот гэхэд хаа сайгүй чимэглэсэн машинууд давхих. Залуус хосуудын хурим
болж байгаатай холбогдуулж цахилгаан бараанаас авахуулаад дээл, гутал, хүнсний бүтээгдэхүүн
айраг, цагаан идээ гээд бүх зүйлсийн үнэ нэмэгджээ. Энэ талаар сурвалжлахаар хэд
хэдэн газраар орсон юм. Дундаж амьдралтай
айлын хүүхэд хэдэн төгрөгөөр хурим хийх талаарх тооцоог мөн гаргасан юм. Бага зардлаар
дундаж хурим хийхэд 15 сая төгрөг элбэг гарах ажээ. Бидний эхний орсон газар бол “Нарантуул” захын
дээл болон гутлын лангуу. Энэ жилийн наадмаар “Хүннү” хийцийн дээл эрэлт ихтэй
байсан. “Нарантуул” захын дээлний лангуун дээр “Хүннү” хийцийн дээл түлхүү худалдаалж
байгаа харагдлаа. Тод өнгийн даавуугаар нарийн эмжиж хийсэн дээл 130-210 мянган
төгрөгийн үнэтэй байв. Эмэгтэй, эрэгтэй хос дээл 280-350 мянган төгрөгийн үнэтэй
байв. Тэндээсээ гутлын лангуу орлоо. Хромон гутал 150-450 мянган төгрөгийн хооронд
худалдаалж байв. Харин ээтэн гутал 130-250 мянган төгрөгийн үнэтэй. Бусад ээтэн
гутал худалдаалж буй газрууд үүнээс илүү үнэтэй юм билээ. Хос бүрх малгайг 150 мянган
төгрөгөөр худалдаж авах юм билээ. Тус зах дээр сийлбэртэй авдар 400 мянган төгрөг,
бурханы гуу 250 мянган төгрөгт хүрчээ. Харин дунд зэргийн эрээн авдар хосоороо 430 мянган төгрөгийн үнэтэй
байв. Мөн иж бүрэн таван ханатай гэр 2.5 сая төгрөг байсан юм. Өвөрхангай аймгийн
Уянга сумын хийцийн гэр гэхэд 3.5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.
Ингээд “Нарантуул” захаас гарч Гэрлэх
ёслолын ордон орсон юм. Тэнд намрын дунд сарын 17-ны өдөр 70 гаруй хос 00:00 цагаас
эхлэн хуримаа хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Үнэ нь 790 мянган төгрөг юм билээ.
Энэ жил хуримын ордонд урсгал засварын ажил хийжээ. Үүнээс үүдэн урсгал засварын
мөнгө болоод ажилчдынхаа цалин мөнгө зэрэг асуудлаас үүдэн 50 гаруй мянган төгрөгөөр
үнээ нэмсэн гэдгийг ажилчид нь тайлбарлаж байсан юм. Мөн хуримын ёслолд өмсөх костюм, даашинзыг хэд
хэдэн газар худалдаалж байна лээ. Хуримын ордон дотор даашинз 300-700 мянган төгрөгний
үнэтэй байна. Харин урт цагаанд байрлах “Гоёл уран” гэх газар 450 мянган төгрөгний
үнэтэй байв. Даашинз прокатны газруудад өдөрт 50-80 мянган төгрөг төлөөд сонголт бүхий газруудаас авч болох юм байна. Харин
хуримаа хийж байгаа эрэгтэйн ёслолын хувцасны хувьд 150-420 мянган төгрөгний хооронд костюм захиалж
болох юм билээ. Ер нь цамц, зангиа, ботинк
зэргийг оролцуулаад 500 мянган төгрөгөөр
бүрэн хувцаслах боломжтой гэдгийг хорооллын дэлгүүрүүдийн худалдаалж буй хувцаснаас
гаргаж байна.
Ингээд хуриманд хэрэглэх машины үнэ
ханш ямар байгаа талаар тодруулсан юм. “Jeep Service” -ээс авахуулаад хэд хэдэн
газарт машин түрээсэлж байна лээ. Хуримын ордны урт Limousine нэг өдрийн түрээс
300 мянган төгрөг юм билээ. Харин цагаар бол 80 мянга. Бусад газруудад “Ланд” 200-гаас авахуулаад “Бенз
Жи 500” зэрэг машинуудын үнэ мөн л өдрийн түрээс нь 400 мянган төгрөг. Харин цагаар
түрээслэх юм бол 50-80 мянган төгрөг юм билээ.
Ингээд хуримны цайллага хийх газрын
үнэ ханшийг танилцуулж байна. Нийслэлийн томоохон ресторан жуулчны баазууд хуримны
цайллага хийх үнэ ханш гаргасан байна лээ.
Хэдэн хүн хүлээж авахаас шалтгаалан үнэ нь харилцан адилгүй юм билээ. Тухайлбал
“Хаадын өргөө”, “Red rose”, “Алтай Монголиан Барбекью”, “Улаанбаатар” зочид буудал,
“Модерн номадс” ресторан, “Монгол шилтгээн” зэрэг газруудын дундаж үнэ нэг хүнийг 50 мянган төгрөгөөр бодон төлбөр тооцоо
хийж байна лээ. Дээрх үнэ гурван цагт багтсан үнэ ханш. Хуриманд багаар бодоход 150 хүн урихад 7,5 сая
төгрөг зөвхөн цайллага хийх газраа зарцуулах аж. Гэхдээ дээрх 50 мянган төгрөгт
хоол, ундаа, цэвэр ус, пиво, дөрвөн хүний дунд нэг шил архи ноогдож байгаа юм.
Э.БААТАР