Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын залуус салаавч үзүүлж жагслаа

Ардын намын залуу­чууд өчигдөр твиттерээр “Чингэсийн талбай дээр
салаавчтай жагсаал хий­нэ” хэмээн жиргэцгээсэн юм. Өдрийн 13:13 цагт тэд Төрийн
ордон руу харж зогсоод салаавч гаргана гэлээ. Ам.долла­рын ханш хэт хэлбэлзсэн учраас
төр засагт дур­гүйцлээ илэрхийлж, тэд ийм гажиг үйлдэл хийж байгаа юм байх.

Ингээд товлосон цаг нь болоход таван хүн салаавчтай жагсаал хийв.  “Хас”-ын гэж нэрлэгддэг Ч.Ганхуяг, Б.Болдсайхан
эмчээс бусад нь хэн ч танихгүй твиттерийн жир­гээчид байлаа. Тэд твит­терээр цаг
болзоод цай­ны­хаа цагаар Чин­гэсийн талбай дээр ирж Төрийн ордны хоёр талд гаран
зогсч салаавч өгчи­хөөд яваад өгөв. Чухам тэдний өгсөн са­лаавчийг Төрийн ордны
цонхоор хэдэн дарга хар­сан бол. Са­лаавч гарга­лаа гээд ам.дол­ларын ханш буу­рах
бо­лов уу, яах бол.

Ямартай ч тэд са­лаавч гаргахдаа “УИХ болон Засгийн газар аж­лаа
хий. Долларт баяр­лалаа” хэмээн орилж бай­­­­сан юм. Иргэд “Энэ арай ч дэндэнэ ээ.
Төрийн ордонд бидний итгэл үзүүлээд сонгосон 
хүмүүс ажлаа хийгээд сууж бай­гаа. Тэгэхээр энэ хүмүүс ард түмэн биднийг
до­ром­­жилж байгаагаас өөрцгүй. Тэгээд ч монгол хүн төрөө ингэж улан до­роо гишгэж
бүдүүлэг заг­нах ёсгүй” хэмээн эгдүү­цэж байв.

Салаавч гаргагчдын нэг болох эмч Б.Болд­сайхан “Долларын хан­шийн
өсөлт иргэдэд хүн­дээр тусч байна. 1400 төгрөгт хэлбэлзэж байсан долларын ханш
1700 дав­­­чихаад байна шүү дээ. Бидний мөнгө үнэгүй­дэж байна. 2012 онд Стра­­тегийн
хөрөнгө оруу­лалтын тухай хууль гар­гас­наас болж гадаадын хөрөнгө оруулалт зогс­лоо.
Уг хуулийг цуцлах хэрэгтэй. Хоёр хөрш рүү­гээ элдвийн зүйл ярьсаар байгаад нүүрсээ
ч гаргаж чадахгүй байдалд хүр­лээ. Тиймээс салаавч гар­гаж эсэргүүцлээ илэр­хийлж
байна” хэмээн мэ­дэгд­эв. Хэсэгхэн зуур МАН-ын идэвхтэй залуу­чуу­­дын нэгт тооцогдож,
Ардын намыг мандаж явах үед Сангийн дэд сайдаар хүртэл ажиллаж явсан Ч.Ганхуягтай
ут­саар холбогдоход “Уг са­лаавч жагсаалыг эмч Б.Болдсайхан санаачил­сан. Би дэмжиж
ирсэн юм. 13 цаг 13 минут гэдэг нь цаанаа ямар нэгэн учир шалтгааныг агуулаагүй
бөгөөд зүгээр л цайныхаа цагаар ирж долларын ханшийн өсөлтөд ийнхүү бухимдлаа илэрхийлж
байна. Долдугаар сараас хойш хэлээд байхад дол­ларын ханшаа зохицуул­сангүй. Салаавч
соёлгүй мэт харагдах боловч үүнээс өөр эсэргүүцлээ илэрхийлэх арга алга.” гэсэн
юм.

Ямартай ч сүүлийн үед улстөрчдийн дунд салаавч гаргах моод дэл­гэ­рэв
бололтой. Энэ моод­ны эхлэлийг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэ­баяр эхлүүлсэн гэхэд бол­но.
Тэрээр МАХН-ын дар­га Н.Энхбаярыг баривч­лагдах үед хүчний бай­гуул­лагынхан руу
са­лаавч гаргаж байсан юм. Түүний араас  Ш.Сайхан­самбуу
УИХ-ын гишүүн байхдаа салаавч үзүүл­сэн зураг нь олонд та­рааг­даж шуугиан тарьж
байсан удаатай.

Э.ЭНХ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Баттөр: “Жи 20”-ийн гаргасан шийдвэр манай улсад шууд тусдаг

МУИС-ийн Олон ул­сын харилцааны
сур­гуулийн багш, доктор Ж.Баттөртэй ярилц­лаа.

-“Жи 20” буюу дэл­хийн томоохон
20 орны уул­залт ОХУ-ын Санкт Петербург хотноо эхэл­лээ. Хуучны “Их 8” дээр ямар
ямар орнууд нэ­мэг­дэн “Жи 20”-ийн бүл­гийг үүс­гэ­сэн бэ?

-Дэлхийн өндөр хөг­жил­тэй 20 орон
нийлээд “Жи 20” буюу “20-ийн бү­лэг” гэдгийг байгуулсан юм. Өмнө нь манайхны хэлдгээр
“Их найм” гэж байлаа. Эдгээр улсууд дээр бусад тивүүдийг тө­лөөлсөн 11 улс болох
Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, ӨАБНУ, БНСУ, Австрали, Индонез, Сау­дын Араб, Турк,
Аргентин зэрэг улсууд нэмэгдсэн. Мөн Европын холбоо үүнд багтдаг. Түүнчлэн Дэл­хийн
банк, ОУВС, НҮБ-ын төлөөлөл оролц­дог, дэл­хийн хэмжээний бодлогыг ярилцдаг то­моохон
газар. Анх “20-ийн бүлэг” бий болсон шалт­гаан нь 2008 оны дэлхийн санхүү-эдийн
засгийн хям­ралаас эхэл­сэн гэж ойлгож бол­но. Энэ 20 орон дэл­хийн нийт үйлд­вэрлэ­лийн
86 хувь, хүн амын 2/3-ыг эзэлж байна гэ­хээр ямар их нөлөөтэй нь харагдаж байгаа
байх. Дэлхийн эдийн засгийн хямралыг хамтдаа ярил­цан зохи­цуу­лахгүй бол хямрал
дэлхий нийтийг хамарч байгаа учраас нэг дор цуглан уулзаж байгаа юм.

-“Их 20” тэгээд ямар асуудлыг шийддэг
юм бэ. Уулзалт бүр нь цаанаа өөр өөрийн гэсэн онцлог агуулгатай бол­дог байх?

-Уулзалтаар тухайн цаг үеийн нөхцөл
байд­лаас шалтгаалан өөр өөр зүйлсийг хэлэлцдэг. Гэх­дээ гол яригддаг хэд хэ­дэн
зүйлс бий. Тэдний гол зорилго нь дэлхийн сан­хүүгийн тогтолцоог бо­ловс­ронгуй болгох,
дэл­хийн эдийн засгийн асууд­лыг харилцан ашигтай шийдвэрлэх, санхүүгийн хямралаас
урьдчилан сэр­гийлэх, түүнээс хэрхэн гарах, даван туулах, сан­хүүгийн ил тод байдлыг
бий болгохыг чухалчил­даг. Мөн хариуцлагыг өндөржүүлэх, дүрэм жур­маа тодорхой болгох,
сан­хүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг эр­чимжүүлж, олон
улсын санхүүгийн байгууллагад өөрчлөлт хийх талаар ярилцдаг. Тухайн үеийн олон улсын
харилцаанд тулгараад байгаа шийд­вэрлэх арга замуудаа ч хэлэлцдэг. ОХУ гэхэд ажлын
байр нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж магад­гүй.

Дэлхийн байдлаас ха­ра­хад эдийн засаг,
сан­хүүгийн байдал тэргүүлэх зэрэгт байгаа нь харагд­даг. Манайд улс төр нь дандаа
тэргүүнд байгаа­гаас болоод эдийн засаг, санхүү нь улс төрчдөөс шууд хамаардаг болчих­сон.
Мөн нэг сонирхолтой нь Монгол Улсын оршин буй Зүүн хойд Азийн гол­лох орнууд буюу
манай хоёр хөрш, Европын Хол­боо, АНУ гээд бүгд “Жи 20”-д багтаж байна. Эд­гээр
улсууд манай улстай эдийн засгийн гол харил­цаатай орнууд. Тийм бо­ло­хоор энэ үйл
ажилла­гааг бид илүү дэлгэрэнгүй мэдэж анхаарч, судалж байх хэрэгтэй.

Дээрх ор­нуудтай манайх өргөн харилцаатай
тул ямар санал дэв­шүүлэн, ямар шийдлийн төлөө яваа нь бидэнд шууд тусна гэд­гийг
ойлгох хэрэгтэй байна.

-Тэдний гаргасан шийд­вэр бидэнд
шууд тусдаг нь анхаарал татаж байна?

-Учир нь манай улс эдгээр улсуудтай
байн­гын харьцаатай байж, нөлөөг нь авч байдаг тул Монголд байгаа валют бүгд энэ
улсуудын хөрөн­гө байдаг. “Жи 20” дээр доллар, юань, еврогийн хан­шийн зохицуулалт
хийх талаар ихэвчлэн ярьдаг. Эдгээр нь манай оронд өргөн хэрэглэдэг валютууд байгаа
биз дээ. Манай орон сан­хүү­гийн уян хатан байдлыг дээш­лүүлье гэдэг. Гэсэн ч Мон­голд
санхүүгийн байдалд хүнд байна. Энэ орнууд ямар бодлого явуулж бай­на бид түүнд нь
тааруулж бодлого явуулах, хаа­наас санхүү­гийн дэмжлэг авах боломж байна тэр бүгдийг
харж болно. Эдийн засаг нь ид хөгжиж байгаа Хятад, Энэтхэг, Турк, БНСУ ч юм уу дэл­хийн
эдийн засаг, улс төрийн бодлогыг мөн ярилц­даг. Эдгээр 20 оронд манай орны хам­гийн
их дэмжлэг авдаг орнууд багтсан тул “Жи 20”-ийн асуудлаар эр­дэм­тэд судлаачдын
дунд тусгайлан хурал зохион байгуулж баймаар са­нагд­даг. Бидний нэг ал­даад байгаа
зүйл нь га­даад ертөнцөө судлахгүй байна. Улс дотроо такси­ны үнэ гэх мэт тулга
тойр­сон хэрүүл хийхээсээ илүү гадаад ертөнцөө суд­лах хэрэгтэй байгаа юм. 

-Монголын эдийн за­саг “Жи
20”-ийн уул­залт­тай үнэхээр хамаа­ралтай бол эдийн засаг ч мөн дагаж байх ёстой
юм байна. Тийм үү?

-Монголын эдийн за­саг дэл­хийн эдийн
засаг­тай шууд хамаа­ралтай. Монгол Улс дангаараа эдийн засгийн асуудлаа шийднэ
гэж байхгүй. Дэл­хий ертөнц бүхэл­дээ ха­мааралтай болчихоод бай­на. Манай иргэдийн
дийлэнх нь дээрх орнуу­дад зорчдог хэрнээ га­даа­дад болж буй томоо­хон үйл явдлыг
нүд аниад өнгөрөөх хэрэг­гүй. Даяарч­лагдсан энэ үед гадаа­дын хөрөнгө оруу­лал­тыг
дэмжиж байж асууд­лыг шийдэх ёстой. Манайхан байгаа хэдхэн төгрөгөө­рөө бүх асууд­лаа
шийдэх гэдэг нь тө­дий л амжилт авчрахгүй. Хята­дын эдийн засгийн талаас илүү хувийг
нь гадны хөрөнгө оруулалт эзэлдэг.

-“Жи 20”-ийн уулзал­таар мэ­дээж
Сирийн асуудал хөндөгдөх байх. АНУ, Орос гээд таарамж муутай байгаа томоохон гүр­нүүдийн
нөлөөлөл дор асуудал эргэчих юм биш байгаа?

-Мэдээж өнөөдөр нөх­цөл бай­дал нь
хурцдаад байгаа Сирийн асуудал хөндөгдөнө. Мөн Өмнөд Солонгос гэхэд Хойд Со­лонгосын
асуудлыг ярих байх. Япон, Хятад хоёр маргаантай байгаа ар­лын­хаа асуудлыг хэлэл­цэх
болов уу. Бүг­дээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг тийм нэг оролдлого байгаа юм. 

Сирийн асуудал тус­даа олон улсын
харил­цааны геополитикийн асуу­дал болчихоод бай­на. Бид Сирийг хараад юу гэж ойлгох
ёстой вэ гэдэг нь өөрөө асуудал болж байна. Сири гэдэг улс бидний нүдэн дээр хоорондоо
алалдаж, иргэний дайн дэгдэн сөнөж байна. Аливаа улс орон дотоод асуудлаа шийдэж
чадахгүй бол хү­ний хоол болдгийн бо­дит жишээ энэ. Эдийн засгийнхаа хувьд Сири
болон Ойрхи Дорнодын улсууд гайгүй байсан. Даанч дотоодын зөрчил, тэмцлээс болж
их гүр­нүүдийн өгөөш болж байгаа.

Өнөөдөр олон улсын харил­цаанд “Хамгаалах
хариуцлага” гэдэг нэр томьёо орж ирсэн. Энэ нь тухайн улс ард түмнээ хамгаалах үүрэг
хариуц­лага үүрч байгаа. Гэтэл зарим улс орнууд хам­гаа­лах хариуцлагаа алд­чихаад
байна. Сирид яг энэ байдал болж байгаа юм. Зарим үед Засгийн газар ард түмнийхээ
эс­рэг галт зэвсэг ашиг­лаж байгаа нь харамсалтай. Ливи улсад ч энэ байдал давтагдсан
тул НАТО цо­хилт өгч эхэлсэн. Өөрсдөө дотоод асуудлаа шийдэж чадахгүй болонгуут
өөр орнууд өмнөөс нь асууд­лыг нь шийдэж байна.

-“Жи 20”-ийн уул­залт өндөр­лөхөд
ямар асуудлуудыг ший­дэж чадсан байх бол?

-Дэлхийн эдийн засаг, санхүү­гийн
хямралаас урьдчилан сэр­гийлсэн баримт бичиг боловсрог­дон гарах байх. Мөн нэ­лээд
мар­гаантай байгаа асуудлуудын яриа хэ­лэл­цээ үргэлжлэх болов уу. Энэ уулзалтаар
асууд­лыг бүрэн дүүрэн шийд­нэ гэж байдаггүй. Энэ уулзалт аливаа асуудлыг алхам
алхмаас шийдэх  меха­низм юм.

-Эл уулзалтаар то­моо­хон гүрнүүдийн
хоо­рондын асуудал яриг­даад хөгжиж буй буурай орны асуудал гадна нь үлдчих­дэг
юм биш биз?

-Аюулгүй байдал гэ­хээ­сээ илүү дээр
хэл­сэнчлэн эдийн засаг сан­хүүгийн тухай, олон ул­сын харил­цааны бодло­го ярьдаг.
“Жи 20”-д Турк тэргүүтэй дунд зэргийн орнуу­дын төлөөлөл багт­сан байдаг юм. Тийм
бо­ло­хоор илүү тэнцвэртэй байдаг гэж болно. Манай улс жижиг улс биш. Учир нь газар
нутаг том, бай­галийн баялаг ихтэй, түү­хэн том өв соёлтой. Мон­голын эрдэм­тэд
болон эх орноо төлөөлж буй хү­мүүс “Монгол бол жижиг улс” гэсэн нэр томьёог байнга
хэлсээр өөрс­дий­гөө жижигрүүлээд байна. Жижиг улс гэдэг нэрш­лээс зайлс­хиймээр
са­нагд­даг. Учир нь манайх хүн амын тоогоороо л их биш болохоос газар ну­таг, байгалийн
баял­гаа­раа дэлхийд эхний бай­руу­дад жагсдаг. Бас их том түүхтэй. Монгол бол дунд
зэргийн улс. 

-“Арабын хавар” гэ­дэг эт­гээд
нэр томьёог ихээр хэрэглэх болж. Энэ тухай ярихгүй юу?

-Глобалчдагдсан энэ ертөнцөд нэг задрал
явагд­чихвал зогсооход маш хүнд болж. “Арабын хавар” Египет, Тунис, Ливи, Сири гээд
олон оронд дав­тагдлаа.

Олон улсын харилцааны суд­лаа­чийн
нүдээр харахад Монгол Улс ч гэсэн гадаадад дэгдээд буй янз бүрийн хямралуудыг анхаарах
л хэрэгтэй байна. Улс төрийн намуудын зөрчил, бие биенээ улс төрийн тавцангаас арчиж
хаях гэж хэт улайран чөтгөрийн тойрогт орчихвол гарах гарц үлдэхгүй болох аюултай.
Улс төрийн хүч­нүүд нэгдсэн ойлголцол үгүй болох аваас ямар гамшиг ирдгийг Сири
бэлхнээ харуулж байна. Манай улс үүнийг анхаарах л хэрэгтэй.

Монголын улс төрийн намууд гадаад
бодлогын хүрээнд ч бие биенийгээ үгүйсгэж байдаг. Нэг нь АНУ-ыг шүтэж байхад нөгөөх
нь Хятадын бодлогыг зөв мэт хүлээж авч байна. Зарим нам нь ОХУ-ыг дэмжиж байна.
Яг үнэндээ манай­хан гурван улсыг дагаад гурван тийшээ ханарч эхэллээ. Энэ хям­рал
нь одоо биш юм аа гэхэд олон жилийн дараа улс орноо унагаа­сан үзэгдэл болж мэднэ.
Бид али­ваа нэг улсын хөгжлийг шүтэлгүй яахав. Гэхдээ хэтэрхий нөлөөнд нь орж болохгүй.
Манайх шиг цөөхөн хүн амтай, хуваагдахдаа амархан улсад энэ зохихгүй. Түүхэндээ
хүртэл гадны нөлөөллөөс болж Монгол Улс хэдэнтээ задран уна­сан гашуун түүх бий.
Унахаараа аль нэг улсын хоол болж унадаг. Түүх ер нь өөр  өөр хэлбэрээр эргэн давтагдах гээд байдаг. Дэлхий
дээр мэдээлэл, санхүү, байгалийн баялгийн төлөөх цусгүй дайн, технологийн өрсөлдөөн
болж бай­на. Бид энэ өрсөлдөөнд орж чадах­гүй байгаа мөртлөө их том ярьц­гаадаг.

-Монголд төрийг нам авч яваа гэдэгтэй
санал нийлэх үү?

-Монголд нам л төрийг авч яваа. Улс
орон оршин тогтох эсэх нь одоо намаас шалтгаалж байна.

-Бусад орнуудын хувьд төрийг нам
нь авч явдаг уу. Намын нөлөөлөл их байдаг болов уу?

-Гадаадын орнуудад тийм зүйл байдаггүй.
Манайд намуудын туйл­ширсан тогтолцоо бий болсон. Гадаад орнуудад хатуу гишүүнчлэл
гэж байдаггүй. Иргэдээ намаар хуваадаггүй. Нам гэдэг нь төлөөл­лийн хэдэн хүн гарч
ирээд бодлого ярина уу гэхээс бусад нь хамаагүй. Манай намууд томоохон гүрнүү­дийг
дагаснаар тухайн орны бодлого манайд орж ирнэ гэсэн үг. Тэр бодлогууд зөрөлдөөд
ирэхээр улс төр, эдийн засаг, санхүү ийн салбар нь хямраад байгаа юм.

Бусад орнууд манайх шиг хэзээ  улс төрждөггүй. Монголд арай л зэрлэг, бүдүүлэг
байгаа нь харагд­даг. Монголд төрийн бодлого байх­гүй учраас намын бодлогоор улс
нь явж байна. Муугаар бодоход нам мафижсан бүлэг болоход энэ улсыг мафи удирдана
гэсэн үг.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосын “Кореан Эйр” компани монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ

Монгол Улсад Солонго­сын нислэгийн “Кореан Эйр”
компани үйлчилгээ үзүүлдэг. Яарсан тэвдсэн, өвдсөн зов­сон нэг маань наашаа цаа­шаа
явах, улс төр, бизне­сийн­хэн ажил төрлөө гүйцэл­дүүлэх, амарч зугаалах гээд гадагшаа
зорчих бүртээ бид “Кореан Эйр”-ээр үйлчлүүл­дэг. Үндсэндээ монголчууд бидний чөлөөт
ертөнц рүү гарах ганц суваг маань уг нислэгийн компани л болоод байгаа. Манайд
“Аэрофлот”, “Air China” гэх олон улсын нислэгийн томоохон ком­па­ниудыг эс тооцвол
Солон­го­сын “Кореан Эйр” л байгаа шүү дээ. Гэвч уг компани “Бид л монополь эрхтэй
юм чинь” гэсэн шиг даналзаж дэндүү ихэмсэг, бардам аашлах юм. Үнэндээ ч тэд манай
төр зас­гийн удирдлагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, лообийдон
бүрэн дийлж байгаа нь үнэн, хэн­бугайд ч тодорхой. Тиймдээ Монголын агаарын тээвэрт
хязгааргүй дархан эрхтэй данайгаад байгаа хэрэг. Уул нь “Кореан Эйр” бол дэлхийн
хаана ч нислэгээ үйлддэг, олон улсын өндөр зэрэглэл бүхий  том компани юм.

Харин тэрхүү олон улсын жишиг бүхий өндөр зэрэглэл­дээ
явуулж буй үйл ажил­ла­гаа, үйлчилгээ нь таарахгүй байх нь илт мэдрэгдэх бол­лоо.
Үүнд шуудхан хэлэхэд солонгос хүний хоёрын хоорон­дох ямаан омог, бялан­гач сэтгэлгээ
нь хэтий­дэж ямар ч нөхцөлд түвэгтэй байдал үүсгэх юм. Анзаараад байх нь ээ, солонгосчууд
Монго­лын ард түмэнд, манай гэмгүй иргэдэд ямар муухай дээрэнгүй, хүйтэн хөндий
ханддаг гэж санана. Яагаад ч юм бэ зэвүүцсэн, дорд үзсэн, үнэн сэтгэлээсээ басамжил­сан
байдлаар хандаад бай­даг. Солонгос нөхдийн тийм ая данг бид мэднэ. “Кореан Эйр”-ээр
зорчиж Солонгосын гаалиар ороход шалган нэвт­рүүлэхийн ажилтан нь болол­той солонгос
өвгөн монгол­чуу­дыг “чи тийшээ, чи ийшээ” гэж модоор чичлэн ялгаж тусад нь хашиж
байгаад Монгол руу нь буцааж байсан цаг саяхан. Ингэж л солон­гос­чууд монголчууд
биднийг дорд үзэж, ерөөс хүн биш мэтээр, солонгос хүн тэргүүн зэргийн, монголчууд
бол хоёрдугаар зэргийнх хэмээн ханддаг нь сонин. Үүний тод жишээ саяхан болсон байна.
Тодруулбал, энэ оны есдү­гээр сарын 01-ний оройн 21 цагийн Улаанбаатар-Сөү­лийн
чиглэлийн “Кореан Эйр” компанийн KE-868 дугаарын олон улсын нислэгт манай нэг эрхэм
“Бизнес классын тусгай тасалбар авч зорчихоор бол­жээ. Ингээд бизнес класс-ын тусгай
суудалдаа суух гэтэл “Кореан Эйр”-ийн монгол ажилчид тухайн хүнээс “Таны тасалбар
бизнес классын суудал гэдэг нь үнэн юм уу” гэж асуугаад байж. Түүнийг харцаараа
онилчихоод байн байн нэг л сэжигтэй асуугаад байсан хэрэг. “Тийм ээ, миний тасалбар
бизнес класс-ын тусгай суудал нь үнэн” гэсэн байна.  Ингээд онгоц яг хөөрд­гийн даваан дээр “Кореан
Эйр”-ийн өнөө мон­гол солонгос ажилчид “Таны тасалбар бизнес классынх биш байна”
гэж улайм цайм луйварджээ.

Монгол солонгосчууд ийн­хүү хашгичаад тасал­барыг
нь шууд хурааж “Энэ зорчигчийн ачааг нь аваад ир, буруу суудалд суусан байна” гээд
цамнаж өгчээ. Ийнхүү орилж, хашгирч, манай хүнийг олны өмнө гөлөлзүүлж, нэр хүндийг
нь гутааж, доромжилсныхоо эцэст хоёр зүйлийг тулгасан байгаа юм. Үндсэндээ шан­таа­жилж
байгаа хэрэг л дээ. “Та арын буюу энгийн суу­далд суу, эсвэл дараагийн нислэгээр
яв” гэжээ. Тэгээд мань хүн аргагүйн эрхэнд нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө
төлж авсан бизнес суудлаа булаалгаад найман зуу гаруй мянган төгрөгийн үнэтэй энгийн
хатуу суудалд суусан байна. Аргагүйн эрхэнд шүү дээ. Гадаадын ажил төрөл энээ тэрээ
нь хойшлуулж болохгүй болоод энгийн суудал руу хөөгдсөн нь тэр. Халаасанд явсан
нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө төлж авсан бизнес суудлаа алдаад зогсохгүй,
ямар муухай доромжийг үзэж, хүн төрөлхтний хүнээ дээдэл­дэг өнөөгийн соёлт ертөнцөд
байж боломгүйгээр адлагдсан нь тэр ээ. Хамгийн инээдтэй нь манай эрхмийн тусгай
суудлыг “Кореан Эйр”-ийн  солонгос, монгол
ажилчид шууд булааж авсан нь тухайн суудалд өөрсдийн солонгос өвгөнийг суулгах гэж
л тийн­хүү аяглажээ.

Ийм л үйл явдал энэ сарын нэгний Улаанбаатар-Сөүлийн
чиглэлийн онгоцонд болжээ. Монголчуудыг харж байгаад л энэ томоотой, хүний өөдөөс
үг хэлчихэж чадахгүй байх гэж таагаад тус компанийн ажилчид ийм ёс зүйгүй авирладаг
аж. Уг нис­лэ­гийн бизнес суудалд тухайн эрхмээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Энхбат
явсан гэж байгаа. Түүнийг бол Их хурлын гишүүн байсан гээд халдаагүй бололтой. Ингээд
л энгийн нэгэн рүү арслан барс шиг дайрч хэл ам гаргаж чадах юм биш хэмээн дээрэлх­жээ.  

Олон улсын зэрэглэлийн дэлхийн том компани ийм
л өчүүхэн өрөвдмөөр сэтгэл­гээ­гээр аливаад хандаж, хариуц­ла­гагүйгээр ажил алба,
үйл­чил­гээгээ явуулах юм. Ялан­гуяа монголчуудыг хүн биш мэтээр үздэг нь үнэндээ
зэвүүн. Тэрхүү бодол сэтгэл­гээ­нийх нь наад захын жишээ “Кореан Эйр” компанийн
үйл явцаас нэвт шувт мэдрэгдээд байна. Бичлэгийнхээ эхэнд миний бие “Кореан Эйр”-ийнхэн
болон солонгосчууд манай төр засгийн удирдла­гуудад нөлөөлж, лообийдон монополь
эрх тогтоож байна гэж бичсэн. Энэ байдал нь олон зүйл дээр харагддаг. Ойрын жишээ
гэхэд л буруу талдаа жолоодлоготой маши­ныг Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцуулахгүй
гэсэн яриа хөөрөө гарч, төрийн тэргүүн хэлж байж намдсан даа. Энэ нь цаанаа Солонгосын
компанийн л бодлого шүү дээ. Ингэж л Солонгосын компаниуд Монго­лын төр засагт далдуур
нөлөөлж, энгийн гэмгүй мон­гол­чуудад дээрэнгүй хандаж байна. Одоо тэгэхээр Солон­го­сын
ийн ёс зүйгүй “Кореан Эйр” компанийг Монголын агаарын тээврээс болиулъя. Солонгос
өвгөн өөрийнхөө гааль дээр монголчуудыг  хонь
шиг хашиж нааш нь хөөж явуулдаг байсан шиг тэднийг хөөж гаргамаар байна. Тэд­ний
оронд Америк, Япон зэрэг дэлхийн томоохон орнуу­дын олон улсын нислэ­гийн компанийг
оруулж ирэх хэрэгтэй. Талын нүүдэлчин Монголыг өнөөдөр дэлхий харж байна. Бид одоо
хаана хаанаа том сэтгэж, дэлхийн эрх чөлөөт нийгэмд хүн төрөлхтний ижил сайн сайхан
амьдармаар байна. Дэлхийн том гүрнүүдийн нөлөө бүхий эрхмүүд, улс төр, эдийн засаг,
урлаг соёлын том том зүтгэлт­нүүд манайд өдөр бүр л айл­чилж байгаа. Тэд монгол­чуу­дыг
хүндэтгэн харилцаж, соёл­той хандаж байгаа. Ийм байтал Солонгосын нэгэн нислэгийн
компанийг царай алдан, ард иргэдээ доромж­луулж, гадагшаа гарах чөлөөт ертөнцийн
сувгаа ингэж сэвтүүлж байх хэрэг байна уу.

“Кореан Эйр” компанийг зүгээр ч нэг явуулчихгүй
доромжилсон, үл хүндэтгэж харилцсан иргэдээсээ ууч­лалт гуйлгаж, ухаандаа есөн сарын
нэгний нислэгт бизнес суудлаа алдсан эрхмийн эдийн засгийн болоод сэтгэл санааны
төлбөрийг төлүүлэх хэрэгтэй. Саяын зорчигч нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөөр
авсан бизнес суудлаа шууд булаалгуулж хатуу суудалд явсан. Түүний тасалбарынх нь
үнийг арав ба түүнээс дээш нугалсан үнээр эргэн төлүүлж, нэг үгээр хэлбэл эдийн
засаг болоод сэтгэл санааны хувьд хохи­рол­гүй болгох хэрэгтэй. Дэл­хийн томоохон
орнуудын олон улсын нислэгт ийм зүйл болсон бол тухайн компани тасалбарыг нь хураасан
ажилч­даа шууд ажлаас нь халж, компанийнхаа зүгээс тухайн иргэнийг хохиролгүй болгон
албан ёсоор уучлал гуйдаг. Эндүүрэл гарчээ гэсэн маягаар уучлал эрдэг, зорчиг­чийнхоо
өмнө бөхөлздөг. Ийм л жишигтэй шүү дээ. Тэгэхээр ард иргэддээ хан­даж хэлэхэд Солонгосын
нис­лэ­гийн “Кореан Эйр” компаниар үйлчлүүлээд эдийн засаг болоод сэтгэл санааны
хохирол амссан хүмүүс манай сонинд ханда­хыг хүсч байна. Бид энэ талаар цаашдаа
цуврал мате­р­иалууд бэлдэж гаргах болно гэдгээ дуулгая.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгойн ТУЗ-ийн шинэ гишүүдийн хэн нь хэн бэ?

Оюу толгойн ТУЗ-ийн ши­нэ гишүүдийн  нэрс  тодорхой
болчихлоо. Одоогийн ТУЗ-ийн гурван гишүүний хоёр нь чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Удахгүй Н.Багабанди өргөд­лөө өгнө гэж хэвлэлээр мэ­дээлж байгаа. Ямартай ч ТУЗ-д
шинээр томилогдох гурван гишүүний нэрс баттай болжээ.

“Эрдэнэс Оюу толгой” ком­панийн гүйцэтгэх
захирал Да.Ганболд, Уул уурхайн яам­­­ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга
Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүү­­лэн нарын хэн нь хэн бэ
гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд ороод ир­лээ. Ингээд хэн нь хэн бэ гэдэг асуултад
хариу боло­хоор мэдээллээс хүргэе.

Уул уурхайн яамны Стра­теги, бодлого
төлөв­лөл­тийн газрын дарга Ч.От­гочулуу:
Улаанбаатарын
уугуул.  “Монгол Бизнес” дээд сургуулийн
менежментийн ангийг 1999 онд төгссөн. “Удирд­лагын сэтгэл зүй” гэ­сэн сэдвээр бакалавр
хам­гаалж байж. 2003 онд Дрез­ден хотын Техникийн их сур­гуульд  Улс ардын аж ахуй  мэргэжлээр фордиплом  ав­чээ. Бакалавр авсан гэсэн үг. Дараа нь Франкфуртийн
их сургуульд эдийн засгийн мэр­гэжлээр суралцаж 2006 онд “Мөнгөний бодлого” гэсэн
сэдвээр мастерын цол хам­гаалсан байна.  Оюутан
үедээ Залуу эдийн засагчдын клуб байгуулан ажиллаж бай­жээ. Эдийн засгийн чиглэлээр
хурал, чуулган зохион бай­гуулахаас эхлээд зүгээр суу­даг­гүй, ер нь л их идэвхтэй
оюутан байж. Даймлер Крайс­­лер корпорацийн Дрез­ден дэх салбар, “Мерседес Бенз”-д
дадлага хийж байсан гэдэг. 2007 оноос “Хас” бан­кинд эдийн засагч, судлаа­чаар ажилласан.
2008 онд блог нээж эдийн засгийн чиг­лэ­лийн нийтлэл энэ тэрээ  идэвх­тэй тавьдаг байж. Бло­гоос нь түүх сонирхдог
нь харагддаг. Уул уурхайн яа­манд очихоосоо өмнө Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн зөв­лөх
хийж байгаад Өрсөлдөх чадварын судалгааны тө­вийн захирлаар багагүй хугацаанд ажилласан.
Түү­нийг энэ тө­вийг удирдаж бай­хад Монгол Улс анх удаа өрсөлдөх чад­варын тайлан­тай
болж байв. Өнгөрсөн жилийн эдийн зас­гийн фору­маар Ерөнхийлөгч  энэ ажлыг нь үнэлж, чуулганд ирсэн хөрөнгө оруулагчдад
танил­цуулж байсан юм. Ер нь бол тэр эдийн засаг судлаач хүн. Гэхдээ Оюу толгойтой
хийж буй хэлэлцээрийн гол ажлыг нугалсан хүний нэг гэгддэг. Сүүлийн жил хагас Оюу
тол­гойтой ноцолдсон хүн гээд ойлгочихож болно. Цагаан сарын өмнөхөн Зас­гийн га­зар
дөрвөн сайдаас бүрдсэн том ажлын хэсэг гар­гаж “Рио”-той учраа ололц  гэж хэлэлцээрийн ширээний ард суулгаж байсан даа.
Яг энэ үед ЭЗХЯ, Сангийн яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг гэж
гарч байв. Дэд ажлын хэсэг хэлэлцээ хийх ажлын голыг нугалсан байдаг. Сайд  нарын хувьд тэдний ажлын үр дүн, танилцуулсан  мэдээлэл дээр тулгуурлаж улс төрийн шийдвэрээ
гаргаж байв. Хэ­лэлцээрийн гол ажлыг нугал­сан дэд ажлын хэсгийн ах­лагч нь Ч.Отгочулуу.
Тэгэхээр уул уурхайн туршлагагүй ч ажлаа мэддэг болсон нэгэн гэсэн үг. Гэхдээ түүнд
хандсан нэг шүүмжлэл байдаг. Уул уурхайн салбарынхан Ч.Отго­­чулууг  “Монгол Улсын өрсөлдөх чадварыг ярьж, тайлантай
болгосон ч уул уурхайг өрсөлдөх чадваргүй болгосон хүн” гэж шүүмжлэх нь бий.

“Эрдэнэс МГЛ” компа­нийн дэд захирал
Г.Тэмүү­лэн
: Хотын унаган иргэн. Америкт
мастер хамгаалсан. Олон нийтийн дунд “Эрдэ­нэт”-ийг удирдаж байсан Ган­зоригийн
хүү, моринд хор­хойтой гэдгээрээ илүү сайн танигдсан энэ залууг Засгийн газарт байгаа
эрхмүүд дун­даа Оюу толгойн “амьд номын сан” гэдэг. Хөрөнгө оруулалтын гэрээ бай­гуу­ла­хад
гардаж оролцсон Д.Зоригт, С.Баярцогт нарыг оруулахгүйгээр яривал Оюу толгойг хам­гийн
сайн мэдэх хүн гэж онцолдог юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс л
асуудлын гүн рүү ор­сон, Оюу толгой дээр хамгийн урт хугацаанд ажилласан хүн. “Оюутолгой”
төсөлд Мон­голын талын байр суурийг хамгаалж байгаа гол хүн гэх нь ч бий. Да.Ганболд,
Ч.Отгочулуу хоёртой харь­цуулахад залуу хүн, ажлын гараагаа эхлээд удаагүй бай­гаа
гэдэг утгаараа түүний талаар үүнээс өөр мэдээл­лийг одоо­хондоо хэлэх боломжгүй
байгаа.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн
гүйцэтгэх захи­рал Да.Ганболд
: АН-ын ли­де­рүүдийн
нэг. Сайн эдийн засагч.  Москвагийн Улсын
их сургуулийг улс төр, эдийн засгийн ухааны мэргэжлээр төгсч тэндээ эдийн засгийн
ухааны докторын зэрэг хам­гаалсан. 1979-1990 онд  МУИС, Улс төрийн дээд сур­гуульд эдийн засгийн
багш, 1990 оны долдугаар сард Ардын их хурлын депутат, 1990 он есдүгээр сард Улсын
бага хурлын гишүүн, 1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-1996,
1996-2000 онуудад  УИХ-ын гишүүн, 2004-2008  онд Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Төмөр
замын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Нийс­лэлийн Засаг даргын үйлд­вэр­лэл,
экологийн асуудал хариуцсан орлогчоор ажил­лаж байсан. 1996-1999 онд УИХ-ын Эдийн
засгийн байн­гын хорооны дарга байсныг нь онцлох учиртай. “Эрдэнэс Оюу толгой”-н
гүй­цэтгэх за­хир­лаар томилог­до­хоосоо өмнө Монголын зана­рын ассоциацийн тэргүүний
алба хашиж, занарын чиглэ­лээр ажиллаж байсан. Оюу тол­гойн ТУЗ-д Монголыг тө­лөө­лөхөд
мэргэшил, чадва­раа­раа гологдохгүй хүмүү­сийн нэг. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж
байсан он жил, туршлагыг нь харсан ч өөлөх зүйлгүй эрхэм. Энэ албанд томилогдоод
ихийг амжуулах байх гэсэн хүлээлт олон хүнд бий. 

Уул уурхай хувьд шилжи­хээс өмнө,
ерээд оноос ли­бериал эдийн засаг ярьдаг байсан улстөрчдийн нэг. Эдийн засагт төрийн
орол­цоо бага, хувийн оролцоо жин дарж байж 
эрүүл хөгжи­нө гэдгийг ардчилсан хувьс­гал эхлэх үеэс ярьж, энэ тог­толцоог
бүрдүүлэхийн төлөө туйлбартай зүтгэсэн хүн. Хувьч­лалыг эхлүүл­сэн хүмүү­сийн нэг.
Уул уур­хайг эдийн засгийн талаас нь хөгжүү­лэ­хэд, энэ салбарын эдийн засагт нөлөө
үзүүлэхээр том төслийг урагшлуулахад  Да.Ганболдын
гэх жинтэй  алхам хийгдэх байх.

Одоогийн ТУЗ-д байгаа эрхмүүдийг эдийн
засгийн биш гэж шүүмжилдэг. Харин ТУЗ-ийн шинэ гишүүд гур­вуулаа эдийн засгийн чи­гийнх.
Тэгэхээр ийм шүүмж өрнөхгүй гэсэн үг. Хоёр нь Оюу толгойн  талаар нэлээд мэдээлэлтэй  залуухан эдийн засагчид, Да.Ганболдын хувьд шийдвэр
гаргах түв­шинд олон жил ажилласан, эдийн засгийг макро түвшинд нь харж чаддаг туршлагатай,
мэргэшсэн эдийн засагч. Бие биеэ нөхөөд ажиллачихаж болохоор бүтэц гэж харагдаж
байна.

“Оюу толгой” тойрсон то­мил­­гоо үүгээр
дуусахгүй. Тус компанийн  Ерөнхийлөгч бө­гөөд
гүйцэтгэх ерөнхий захи­рал Камерон МакРейн орыг залгах хүний нэр тодор­хой болжээ.
Шинэ захирлыг энэ сарын 10-нд хуралдах ТУЗ-ийн хурлаар батлах болол­той. Одоогоор
хэн гэдэг нь тодорхойгүй байна.

Гадаадын хэвлэлүүдээр Монголын Засгийн
газар “Рио”-той Оюу  толгой дээр зөвшилцөлд
хүрэхийн тулд Тони Блэйрийг зөвлөхөөр авсан талаар мэдээлэл ца­цагдаж байгаа. Түүнийг
Мон­голд нууцаар айлчилж Оюу толгойн гол асуудлуудыг яаж шийдэхийг зөвлөнө гэх мэ­дээлэл
бий. Юутай ч Блэй­рийн компани Монголд ороод ирсэн гэнэ. Ажилтнууд нь энд тэнд уулзалт
зохион байгуу­лаад яваа аж. Засгийн газар Блэйрийн сантай хамтран ажиллаж байгаагаа
хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр ноён Блэйр манай улсад зөвлөгөө өгөх нь тодорхой болжээ.

Мөн гадны хэвлэлээр ца­цаг­­даж байгаа
өөр нэг мэдээ­лэл бол Засгийн газар Оюу толгой төсөл болон гадаадын хөрөн­гө оруулалтын
асууд­лаар хэлэлцэх ажлын хэсэг бай­гуулах асуудал. Энэ ажлын хэс­гийг ЗГХЭГ-ын
дэд дар­гаар ажиллаж байсан Г.Дэнзэн ахална гэх мэдээ­лэл гадаад ертөнцөд цацаг­даад
байгаа. Засгийн газрын зү­гээс энэ талын албан мэ­дээ­лэл өгөөгүй. Тийм шийд­вэр
гараагүй гэсэн мэдээл­лийг өгөөд буй. Хэрвээ энэ мэдээ­лэл үнэн бол Г.Дэнзэн энэ
албанд аль ч талаараа тэн­цэхээр хүн биш гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.    

Тони Блэйрийн хувьд Оюу толгойгоос
гадна эдийн зас­гийн бусад асуудлаар ч ма­найд зөвлөгөө өгнө гэсэн мэдээлэл бий.
Засгийн зүгээс ч хэд хэдэн салбартаа зөв­лөгөө авна гэсэн мэдээллийг өгөөд байна.
Гэхдээ Оюу тол­гойн асуудлаар зөвлөгөө авахгүй гэсэн албаны байр суурийг Засгийн
газраас өгөөд буй. Ер нь сүүлийн үед өрнөж буй үйл явдал, ца­цагдаж байгаа мэдээллээс
харахад “Рио”-той учраа олол­цоход түүний зөвлөгөөг авах магадлал өндөр байна. Албани,
Ка­захс­тан, Кувейт, Колумб, Бра­зил, Катар зэрэг олон орны Зас­гийн газарт зөвлөхөөр
ажил­ласан Тони Блэйрийн зөвлөх багийнханд Оюу тол­гойгоос бусад асуу­дал дээр бүрэн
итгэл үзүүлж болох юм. Оюу толгойн ту­хайд Тони Блэйр Английн Ерөнхий сайд байсан,
Рио Английнх гэдэг холбоог Зас­гийн газар ан­хаар­лынхаа гадна үлдээхгүй байх.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Нийтийн байрны түрээсийн үнэ 180 мянган төгрөг байна

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй хол­боо­той­гоор оюутнуудад тулгамд­даг
асуудлын нэг бол амьд­­рах байр. Гэхдээ ихэвч­лэн хөдөө орон нут­гийн оюутнуу­дад
энэ зов­лон гарч ирдэг. Учир нь сурч буй сур­гуу­лийнхаа оюутны бай­ранд орж ча­дахгүй
бол гадуур түрээ­сийн байр хайхаас арга­гүйд хүрнэ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр
хэд хэдэн газ­раар орсон юм. Оюутнууд сургуу­лийн­­хаа дотуур байранд орж чадаагүй­гээс
ний­тийн байр тү­рээслэх то­хиолдол их гэнэ. Энэхүү нийтийн байр гэсэн биз­нес ч
цэцэг­лэж, газар ав­чээ. Дарь-Эх, Дэнжийн-1000, Зурагт, Долоон буу­дал гэсэн хо­тын
захын хороол­луудад нийтийн байр олноор баригдсан байв.

Ихэнхдээ 20-24 айлын зориулалттай
1-2 дав­хар улаан тоосгон байрнууд байх аж. Бид 32-ын тойргийн баруун талд байрлах
ний­тийн байраар орж сонирх­лоо. Уг байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг юм
байна. Хашаагаар оронгуут эр, эм гээд биччихсэн модон бие засах газар харагдав.
Хажууханд нь нэг гэр байх бөгөөд байрны шатан дээр хорь орчим насны хоёр залуу тамхи
татаж байв. Тэд энэ байранд амьдардаг гэнэ.

Түрээслэгч А.Батсууриас зарим зүйлийг
тодруулав. 

-Энэ байранд хэр удаан амьдарч
байна вэ. Оюутан уу?

-Тийм оюутан. Саяхан орсон. Наймдугаар
сарын 28-нд орсон байх аа. Би ШУТИС-д уул, уурхайн чиглэлээр сурдаг. Ирэх хавар
төгсөнө. Манайх Сүхбаатар аймагт байдаг юм. Наймдугаар сарын 24-нд ирээд дотуур
байраа хөөцөлдсөн чинь нэг, хоёр дугаар курсийнхнийг эхэлж авна гээд бүртгээгүй.
Тэгээд энэ байрыг найзаасаа сонсоод ирсэн юм. Хотын төвтэй арай л ойр санагдаад.

-Өрөөндөө хэдүүлээ байдаг вэ?

-Хамаатны хоёр хүүтэй хамт байгаа.
Тэр хоёр хичээл­дээ явчихсан.

-Сарын түрээс нь хэд вэ. Цахилгааны
мөнгөө яаж төлдөг вэ?

-Сард 120 мянган төгрөг. Харин тогны
мөнгө гээд сар бүр 4000 төгрөг төлөх юм билээ. Уг нь сард нэг хүний 40 мянган төгрөг
гэсэн үг. Ус авахад л жаахан ядаргаатай санагдсан. Бид гурав хуруу­даад хожигдсон
нь ус авахаар тохирсон.

-Амьдрах орчин нь оюут­ны байрнаас
хэр санагдав?

-Яахав, зүгээр санагдсан. Оюутны байрны
жижүүр их ааштай, гаргаж оруулахгүй хэцүү шүү дээ. Хөдөөнөөс хүн ирсэн ч загнадаг.
Энд бол нээх хэл ам байхгүй. Орой хаалга барьчихлаа гэхгүй амар гэв.

Энэ байранд амьдардаг хүмүүсийн ихэнх
нь оюутан гэсэн. Нэг өрөөнд гурваас дээш хүн авдаггүй юм билээ. Бүх өрөө 4*4 хэмжээтэй
харагд­­сан.  Газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр
засчихсан, жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц, хоёр цүнхтэй
хувцас тавьжээ. Бас 20 литрийн усны сав үүдэнд нь байх аж. Их цомхон юм. Харин зарим
өрөөнд айл  байдаг гэнэ. Айл гэдэг нь ажил
хийдэг ганц бие хүмүүс, эсвэл нэг хүүхэдтэй залуу гэр бүлийг хэлж байгаа юм. Өрөөн­­дөө
арай тохилог, зурагт, ор, жижиг хувцасны шүүгээ тавьсан харагдсан. Тэд орон сууц
түрээслэх гэхээр түрээс өндөртэй гэнэ. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залууст
хямд, өртөг багатай амьдрахыг бод­дог тухайгаа зарим нь ярьсан. Айлууд хувийн бай­шин,
гэрээ нийтийн байрнаас ч хямдхан үнээр түрээс­лүүл­дэг юм байна. Түүнийг түрээ­сэлж,
өвөлдөө түлээ мод бэлт­­гэнэ гэхээр дүндээ дүн гэнэ. Учир нь нийтийн байр­нууд нам
даралтаар халдаг болохоор орой ажлаа тараад ирэхэд ядаж л өрөө нь дулаа­хан угтдаг
юм байх. Тэдний хувьд түр сэлүүхэн, тохилог орон сууцтай болохын өмнө зөвхөн унтаад
гардаг, гудам­жинд хонуул­чихгүй л байр хэрэгтэй гэх. Нийтийн байр­нуу­дын түрээ­сийн
үнэ сардаа 100-180 мянган төгрөг юм байна. Тог, цахилгаан ороод шүү дээ. Ер нь нийтийн
бай­ранд ихэвчлэн дураараа архи­дах гэсэн оюутнууд, дөн­гөж хөлөө олох гэж ажиллаж
яваа залуус ордог гэнэ. Мөн зарим нийтийн байрууд их цэвэрхэн, дотроо ор, угаал­гын
машин зэрэг тавилгатай­гаар сарын 180 мянган төгрө­гийн үнэтэй ч байдаг аж. Энэ
жил ихэнх газрууд түрүүсийн­хээ үнийг 20-30 хувиар нэм­жээ. Энэ нь цахилгааны үнэ­тэй
холбоотой гэнэ. Тэгэхээр өвөлдөө нийтийн байрууд 200 мянга хүрэх төлөвтэй байна.
Өмнө нь 100-120 мян­ган төгрөгийн үнэтэй байжээ.

Сүүлийн үед ний­тийн байрны үйлчилгээ
сай­жирч өрөө болгондоо хэрэг­лээ­ний ус, бие засах газартай болжээ. Гэхдээ арай
үнэтэй. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө 10 сараар гэрээ байгуулж
авна гэсэн шаардлагатай юм билээ. Хэмжээний хувьд нэг их ялгаа харагдаагүй. Энэ
жил Мянган оюутны байр засварт ороогүй байгаатай холбоотойгоор гадуур ний­тийн байр
сурагласан оюутан ихэсчээ. Өмнө нь тус байранд байсан гэх оюутнууд нийтийн байруудаар
өрөө асууж их ирдэг талаар манаач нар нь ярьж байсан. Ингээд бид хувийн болон улсын
хэд хэ­дэн сургуулийн дотуур бай­раар орлоо. Улсын сургуу­лиуд дотуур байрныхаа
захиал­гыг аваад дуусчихаж. МУБИС, МУИС зэрэг сургуу­лийн дотуур байрны түрээс дунджаар
450-500 мянган төгрөг гэнэ. Тодруулбал, нэг хүүхэд жилдээ дунджаар байр­ны хөлс
гэж 450 мянган төгрөг төлөх бөгөөд нэг өрөөнд 4-6 хүүхэд амьдардаг юм байна. Харин
хувийн сур­гуу­лийн дотуур байранд нэг оюутан дунджаар 350 мянган төгрөг төлөөд
жил амьдрах боломжтой юм билээ. Хувийн сургуулийн төлбөр улсынхаас арай хямд байдаг
шалтгаан нь сургуульдаа оюутан элсүүлэхийн тулд ийн төлбө­рөө бууруулдаг бололтой
юм. Аль ч сургуулийн дотуур бай­ранд намар оюутан бүртгэх­дээ эхний ээлжинд нэг,
хоёр дугаар курсийн оюутнуудыг авдаг юм байна. Яагаад гэхээр хот мэдэхгүй, хамаатан
садангүй оюутнуудад амьд­рах газартаа санаа зовохгүй хичээл, номоо хийгээсэй гэсэн
үүднээс нийгмийн халам­жийг хангаж, байранд авдаг байна. Харин гурав болон төгсөх
курсийн оюут­нуу­дыг биеэ даагаад явчих байх гэсэн үүднээс аль болох байранд авдаггүй
гэнэ. Түү­гээр зогсохгүй догь суучихсан оюутнууд эрэгтэй, эмэгтэй гэхгүй нийлж архидаад
байр­ны амгалан тайван байдлыг алдагдуулж, хэл ам дагуул­даг, шинэхэн оюутнуудыг
буруу замд уруу татдаг гэх олон шалтгаанаар дотуур байранд авах дургүй байдаг аж.
Мөн байранд орохын тулд байрны коминдатдаа гарын мөнгө гэж 100-300 мянган төгрөг,
зарим нь бүр өвлийн идэш амлаж ордог гэсэн яриа оюутнуудын дунд ч мэр сэр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хан-Уул дүүргийн эмнэлгийн газрыг “Арш” компани хууль бусаар авсан гэв

Хан-Уул дүүргийн нэгд­­сэн эмнэлгийн ажилт­нууд өчигдрөөс эхлэн
ажил хаялт зарлах гэж байгаа гэдгээ албан ёсоор сэтгүүлчдэд мэдэг­дэв. Тус газрын
эмч, суви­лагч болон бусад ажилт­нууд ийн 
ажил хаях дээ­рээ тулж байгаа асуудал нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас
тус эмнэлгийн А корпусыг “Арш” ХХК-ийн мэдэлд өгч орон сууцны барилга бариулж байгаатай
хол­боо­той гэнэ. Энэ талаар сурвалжлахаар тус газ­рыг зорилоо. Биднийг очих үед
Хан-Уул дүүр­гийн нэгдсэн эмнэлгийг тулгаад хашаа хатгасан байв.

Мөн барилгын суу­рийн бетон цутгахаар
газрыг ухсан байлаа. Уг эмнэлэг 1989 онд анх ашиглалтад орж байсан юм байна. Үндсэн
гурван хэсгээс бүрддэг бөгөөд эмнэлгийн А корпус буюу “Арш” компани буулгаж, орон
сууц барихаар ажлаа эхлүүлээд  байгаа газрыг
2005 онд Нийс­лэлийн өмчийн харил­цааны газраас Хан-Уул дүүргийн Замын цаг­даа­гийн
хэлтсийг байрлуулах шийд гаргаж байжээ. Хан-Уул дүүргийн эмнэлэг А корпус буюу нураалгаад
байгаа газарт хуучин гал тогоо, усан бассейн, спор­тын өрөөнүүд бай­сан юм байна.  Хан-Уул дүүргийн замын цаг­даа­гийн хэлтэс өнгөрсөн
жил шинэ байранд нүүж ор­сон байна. Гэхдээ эмнэл­гийн хажуу талын сул газарт шинэ
байраа бариул­сан аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас гэнэт­хэн “Арш” компа­нийн ажилтнууд
“Манай газар болсон. Энд 12 давхар орон сууц бари­на” гээд хашаа хатгаж эхэлсэн
байна. Энэ үеэс тус хоёр газарт үл ойл­гол­цох байдал үүсч эхэл­жээ.  “Арш” компанийнхан Хан-Уул дүүргийн замын цагдаагийн
хэлтэст шинэ байрыг нь өөрсдийнхөө хөрөнгөөр барьж өгсөн гэнэ. Тэгэхдээ тухайн үед
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Ганболд гэх хурандаатай
гэрээ байгуулж Нийслэлийн өмчийн харилцааныг газ­рын даргын  зөвшөөр­лөөр уг хуучин эмнэлгийн байр байсан газрыг
“Арш” компанид өгч өөрсдөө шинэ байр бариулсан байна.

ДОРГИЛТ ӨГСНӨӨС БОЛЖ ЭМНЭЛГИЙН
ХАНА ЦУУРСАН

Ингээд Хан-Уул дүүр­­гийн ЭМН-ийн
дарга Т.Пүрэв­чулуу­наас цөөн асуултад хариулт авсан юм.

 -“Арш” компанийн орон сууц
барьж байгаа газар танай эмнэлгийн мэдэлд хэвээрээ бай­гаа гэсэн үү?

-Тийм ээ. Манай эмнэл­гийн газар.
Бүр албан ёсны гэрчилгээн дээрээ хүртэл манай газар гэдэг нь тодорхой байгаа. Угаасаа
манай эмнэлгийн нэг хэсэг бай­сан газар. Нийслэлийн өмчийн газар Замын цаг­даагийн
мэдэлд өгч бай­сан болохоос. “Арш” ком­пани өнгөрсөн дөрөв­дүгээр сараас барилгын
ажлаа эхлүүлсэн. Тэр үеэс л манайх үйл ажил­ла­гааг нь эсэргүүцэж эхэл­сэн. Гэвч
одоог хүр­тэл бидний үгийг хүлээж авахгүйгээр нурааж газар ухсан. Үүнээс үүдэн манай
эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаа иргэ­дийн тав тухтай байдал алдагдаж шөнөжин нойр­гүй
хонох болсон. Бүр энэ талаар их олон санал гомдол ирсэн. Түүнч­лэн шууд хэвтэн эмчлүүлэх
тасаг болон усан эмчилгээний тасаг яг энэ нурааж байгаа барил­гын цаана байдаг.
Тус тасгуудын дотор хананд цууралт өгсөн байгаа. Хажуу хана нь одоо дан тоосгон
бай­дал­тай үлдсэн. Эмнэлэг бол онцгой обьект. 30 метрийн дотор барилга байгууламж
барих ёсгүй. Гэнэт халдварт өвчин гарвал эргэн тойрон бай­гаа газруудыг хамгаалал­тад
авах ёстой. Нийслэ­лийн өмчийн харилцаа­ны газартай нийлэн манай эмнэлгийн газрыг
дээрэмдэж байгааг бид хараад зүгээр сууж чадах­гүй. Мөн эмнэлгийн ачаа­лал хэт их
байна. Барил­гыг нь нураасан газарт өргөтгөл хийх хэрэгтэй хэмээн үзэж байгаа.

-Нэгдсэн эмнэлгийн барилгыг тойроод
энд тэндгүй барилга барь­сан байна. Энэ талаар?

Манай эмнэлгийг той­роод баахан л барил­га байна. Тодруулбал,
хажууханд нь их сургууль, яг урд нь цагдаагийн бай­гууллага, мөн орон сууц байх
жишээтэй. Яарал­тай тусламжаар ирсэн өвчтөнөө машинаас авах маш хүндрэлтэй. Учир
нь машинаа байрлуулах талбай бага учир хаа хол машинаа байрлуулж байж сувилагчид
маань арай ядан дааж өвчтөнөө эмнэлэгт оруулдаг. Орж, гарах гарцгүй ийм л бай­дал­тай
байна даа.

-Эмнэлгийн барил­гыг нурааж байгаа
та­лаар холбогдох газруу­дад мэдэгдсэн үү?

Мэргэжлийн хянал­тын газраас хяналт шал­галт хийсэн боловч
зөв­шөө­рөлтэй газар байна гэсэн хариу өгсөн. Бид хотын дарга Э.Бат-Үүлд хандсан
байгаа. Хотын дарга бидэнд маш сай­хан хариу хэлсэн. Ажлыг нь зогсооно, гаргасан
шийдвэрт нийцэхгүй үйл ажиллагаа байна гэсэн хариу өгсөн. Гэвч “Арш” компани үйл
ажиллагаа­гаа зогсоохгүй байгаа нь ажил хийхэд хүртэл хүнд­рэл­тэй байна. Өдөр шөнө­гүй
дуу чимээн дунд манай эмнэлгээр үйлч­лүүлж байгаа иргэд болон ажилтнууд байна. Хэрэв
ийм давчуухан газар орон сууц барьчих юм бол машин орох зай талбайгүй болохоос гад­на
олон сөрөг үр дагавар гарна. Бид хана цуурсан асуудлаар гомдол гарга­хаар зэхэж
байна гэв. Харин тус эмнэлгийн ажилт­нууд “Хэрэв барил­гын ажил зогсохгүй бол бид
ажил хаялт зарлана” хэмээн мэдэгдэж байсан юм.

Бид “Арш” компа­нийн­хантай уулзах
гэсэн боловч уулзахаас тат­галз­сан юм. “Арш” ком­пани нь Италийн хөрөнгө оруулалттай
барилгын компани юм байна. 178 айлын итали инженерүүд барих гэж байгаа орон сууц
гэнэ. Европ хэв мая­гийн орон сууц юм байх. 
1989 онд ашиглалтад орсон барилга ямар нэгэн хана нь цуурсан, суулт өгсөн
зэрэг зүйл илрээгүй гэнэ. Цаашид арав гаруй жил ашиглах бүрэн боломжтой байсан аж.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Ашиггүй стратегийн ордууд

Монгол Улс стратегийн 15  ордтой. Стратегийн гэж онцолсон гол шалтгаан нь
төрийн оролцоо. Хувийн хөрөнгөөр хайгуул хийгээд олсон бол  төр 34-өөс 
ихгүй, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол төр 50 хүртэл хувийг эзэмшинэ гэсэн
гол агуулгатай. Стратегийн ордуу­дын Оюу толгой­гоос бусад нь улсын төсвийн хөрөн­гөөр
социа­лизмын үед хайгуул нь хийгдэж нээгдсэн ордууд. Эдгээр орд эдийн засгийн хувьд
хэр ашиг­тай ажил­лаж байгааг сонирхуулъя.

Оюу толгой:  Зэс  молибдений орд. Хувийн хөрөнгөөр хайгуул   хийж 
2000 онд нээсэн. С.Баярын Засгийн газрын үед хөрөнгө оруу­лалтын гэрээ нь
хийг­дэж, өнөөдөр баяжуулах үйлдвэ­рээ барьчихаад байгаа. Страте­гийн орд учраас
төр 34  хувийн эзэмшилтэй оролцож байна. Одоо  хоёр дахь шатныхаа хөрөнгө оруу­лал­тан дээр хөрөнгө
оруулагч компани  Засгийн газар­тай тохи­рол­цож  чадахгүй байгаа. Ордын үнэ цэнийн 80 хувь нь орших
гүний уурхайн бүтээн бай­гуу­лалтын ажлыг эхлүүлэх мөнгө­ний тоон дээр Рио, Засгийн
газар хоёр санаа нэгдээгүй байна. Зас­гийн газар 34 хувийнхаа эзэмш­лийн хөрөнгө  оруулалтыг мөнгө зээлж байгаад хийчихсэн. Өөрөөр
хэлбэл одоогоор Монголын   төр зэс молиб­дений
энэ орд дээрээ өртэй байгаа. Гүний уурхайн бү­тээн байгуулалт эхэлж  байж, Засгийн газар, Рио  хоёр тохирол­цоонд хүрсний эцэст  төсөл үнэ цэнээ хадгалж үлдэнэ гэж шин­жээчид
хэлж байна.

Эрдэнэт: Зэс  молибдений
энэ ордыг социализмын үеэс ашиглаж эхэлсэн. Монгол, Оросын хамтар­сан үйлдвэр гэж
явдаг.  Монголын төр 51 хувийн оролцоотой.
Страте­гийн ордын талаарх “Төр 50 хүртэл хувийн оролцоотой” гэсэн хуулийн заалт
Эрдэнэтээс гадна төрийн өмчийн 51 хувийн оролцоотой Багануур, Шивээ Овоо  дээр зөрчигддөг.

Багануур, Шивээ овоо: Эдгээр ордуудыг өмнөх нийгмийн үеэс ашиглаж эхэлсэн. Төрийн
51  хувийн оролцоотой. Төрийн  өм­чийн улсын үйлдвэрийн газар учраас дулааны
цахилгааны стан­цуудад нүүрсээ хямд үнээр ний­лүүл­сээр ирсэн, одоо ч нийлүүлж байгаа.
Ашиг бүү хэл, хэдэн тэрбу­мын алдагдалтай ажилладаг газрууд. Саяхан ТӨХ-ноос гаргасан
алдагдалтай ажилладаг компа­ниудын жагсаалтыг тэргүүлсэн байсан.

Бороо: Канадын “Сентерра гоулд” 1997 оны Ашигт малтмалын хуулийн
хүрээнд  Тогтвортой байд­лын гэрээ байгуулаад
ашигласан орд. Нөөц нь бараг дууссан. Бороогоос гадна стратегийн 15 ордод багтсан
Төмөртэйн овоо, Нарийн сухайтыг ийм хэлбэрээр ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл стратегийн
гэж хуульчлахаас өмнө хувийн хэвшлийнхэн ашиглаад эхэлчихсэн ордуудыг стратегид
оруулсан байдаг.

Төмөртэйн Овоо: Цайр хар тугалгын орд. Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө
оруу­лал­таар ашиглаж  байгаа орд. Тус тусдаа
50 хувийн оролцоотойгоор ашиг­ла­даг. Монголын талын эзэмшил гэхэд цэвэр хувийн
хэвшил. Жилд 150 мянган тонн цайрын баяжмал гаргадаг.

Бүрэнхааны орд: Фосфори­тын энэ ордыг байгаль орчны асуудлаас болж  ашиглахгүй олон жил болж байгаа. Маш олон лиценз
нь хувийнханд байдаг.

Цагаан суварга: Оюу толгойн дараа яригддаг зэс, молибдений  энэ  ордыг
МАК эзэмшдэг. Хайгуу­лыг нь дахин хийж, ЖОРК стан­дартаар нөөцийг нь тогтоож, зээл
авч ашиглалтад  оруулах гэж бүтээн байгуулалт
өрнүүлээд буй. Стратегийн орд учраас Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард
сууж хувь эзэмших хувь хэмжээгээ тохирох асуудал бий.

Асгатын мөнгөний орд: Хойд хөршийнхөн 
2005-2006 онд ашиг­лая гэсэн санал тавьж байсан. Гэрээ байгуулж оролцъё гэсэн
ч УИХ дээр стратегийн ордынхоо бараг 50-иас илүү хувийг нь  Орост өгчих гээд байна гэсэн өнгө аястай яриа
хэлээ өрнөөд хамтрахгүйгээр шийдсэн. Баян-Өлгийд хил дагуу байдаг энэ ордыг шууд
мөнгөнийх биш полиметаллын гэж онцолдог. Политемаллын нийлмэл орд учраас юуны баяжмал
гарахыг тогтоож амжаагүй гэсэн үг. Баяжуу­лалтын технологи нь хэцүү, техно­ло­гийн
шийдлийг нь олоогүй, олбор­лоход төвөгтэй нөхцөлд нөөц нь оршдог, олборлох бол заавал
Оросын нутаг дэвсгэрт нэвтрэх шаардлага гардаг гээд асуудал ихтэй орд. Оросуудаас
хойш ямар ч компаниас хөрөнгөө оруулах санал ирээгүй.

Мардай, Дорнод, Гурван булаг: Ураны ордууд. Одоогоор гурвуулангийнх нь ажил  зогссон. Монгол, Орос, Канадын хамтарсан “Хан
ресурсиз”  гэхэд л Мардайн  эзэмшигч байсан ч ураны салбар өөрийн гэсэн хууль
эрх зүйн орчинтой болсноос хойш байдал өөрөөр эргэсэн. Цөмийн эрчим хүчний хууль
гарсны дараа мэргэж­лийн хяналтаас зөрчилтэй гэсэн дүгнэлт  гарч  лицензийг
нь бүртгээ­гүйгээс болж   шүүх цагдаа­даа
тулж байв. Бусад ордын хувьд хууль нь яригдаж асуудал тодорхойгүй байх үед “Вестерн
проспектирс” компа­ни Хятадын цөмийн эрчим хүчний улсын төрийн өмчит компанид лицензээ
зараад гараад явсан түүхтэй. Дөрвөн жил дуншсан хуу­лиас болж гарсан гэж салбарын­хан
нь ярьдаг. Уг нь тус компани 2008 онд, ураны үнэ өндөр байх үед ордоо ашиглалтад
оруулах гэж бүх бэлтгэлээ хийсэн байсан юм.

Нарийн сухайт: Нүүрсний орд. Монгол, Хятадын компани ашиг­лаж байгаа.
Нүүрсний үнэ унасан энэ үед алдагдалтай ажиллаж байгаа.

Таван толгой: Нүүрсний орд. 2006 оны Ашигт  малтмалын хууль  гарахаас өмнө Монголын хувийн хэвшлийн компаниудын
мэдэлд байсан. Таван толгойн лицензийг эхлээд авсан газар нь дэлхийн коксжих нүүрсний
зах зээлийг атгадаг BHP  байв. Таван толгойн
хувьд BHP жинхэнэ стратегийн хөрөнгө оруулагч байсан гэж сал­ба­рынхан ярьдаг.
BHP анх орж  ирээд ТЭЗҮ хийлгэсэн байдаг.
Тухайн үед Оюу толгой бараа сураггүй, коксжих нүүрсний үнэ 40-60 ам.доллар байсан,
Өмнөговьд дэд бүтэц гэхээр юу ч  байгаагүй
учраас BHP ашиггүй гээд гарсан байдаг. Тухайн үед “Майн инфо” гэж Монголд төсөл
дээр ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад  геологийн судал­гаа­ны ажлыг нь хийж өгдөг компани
лицензийг нь авч байж.  Тэгээд “Алтай трейдинг”-эд
анх санал тавьж байжээ. Ингээд Монголын 14 компани Таван толгойн лицензийг эзэмшигч
болсон байдаг ч сүүлд “төрийн хайгуул хийсэн газрыг үнэгүй авах гэлээ” гэсэн  эсэргүүц­лээр 94 хувь нь төрд очсон байдаг. Зургаан
хувийг нь “Петровис”, “Шунхлай”, “MCS”-д үлдээсэн нь одоогийн Ухаа худаг. Нүүрсний
үнэ унасан учраас алдагдалтай ажил­лаад  эхэлчихсэн.
Төрийн эзэмшил нь Эрдэнэс Таван толгойн одоо­гийн эзэмшиж буй Баруун Цанхи болон
Зүүн Цанхи. Одоогоор ашиг­тай биш алдагдалтай ажиллаж байгаа.

Төмөртэй: Төмрийн хүдрийн орд. Дарханы төмрийн үйлдвэрийн мэдэлд
байдаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

З.Энхболд: Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлтгүй дэмжинэ

УИХ-ын дарга З.Энх­болдтой  эдийн засгийн асуудлаар  ярилцлаа.

-Эдийн засаг хямар­лаа гэж хэлэх
судлаач байхад  ер нь л дэлхий нийтээрээ иймэрхүү
бай­на гэсэн тайлбар өгөх хүн ч байна. Таны хувьд  Монголын эдийн засаг хямарсан уу, эсвэл…?

-Эдийн засгийн өсөлт  буурч, ажил нь багасаад ирвэл хямрал гэж үздэг
л дээ. Өнөөдөр манай эдийн засаг 11 хувийн өсөлттэй байна. 34000 ажлын байр шинээр
бий болчихсон. Ийм байхад хямрал гэж ярих нь өрөөсгөл хэрэг. Харин эдийн засгийн
хүндрэл гэж нэрлэж болно. Юмыг муухай харагдуулах гэсэн хүмүүс хямрал  боллоо, үхлээ хатлаа гээд байгаа.

-Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт
буур­сан, экспортын орлого эрс багассан гээд боди­той шалтгаанууд  бай­гаа. Хамгийн том жишээ гэхэд уул уурхайн сал­бар
хэцүүхэн байна?

-Мэдээж хүндрэлүүд бол байна. УИХ
нийт ард түмний хүсэл бодлын толь л доо. Уул уурхай арай л их байна, лицен­зийн
наймаа гаарлаа, байгаль орчин бохир­дуулж байна, ерөөсөө лиценз олголтыг зогсоо
гэдэг шаардлага 2008, 2012 оны Улсын их ху­ралд хүчтэй нөлөөлсөн. Ерөнхийлөгч зарлиг
гар­гаж лиценз олголтыг зог­соосон. Тэгэхээр уул уур­хайн салбарын уналтыг төрийн
бодлогоор, сон­гогчдынхоо захиалгаар хийсэн гэж хэлж болно. Тэр бүхний үр дүн өнөө­дөр  ингэж хуримтлагдаж гарч ирж байна л даа. Хөрөнгө
оруулалт нэг л өдөр  зогсчихоогүй.

Ашигт малтмалын ли­ценз хориотой хэвээр байгаа. Олгосон лицен­зүүдээрээ
Монгол Улс  хөгжих бүрэн боломжтой учраас
нэмж лиценз ол­гох шаардлагагүй гэж үзэж байна. Цаг зуурын бэрх­шээл үүссэн үү гэвэл
үүс­сэн. Дэлхийн зах зээл дээр  түүхий эдийн
үнэ бүх нэр төрлөөрөө буурсан.  Үүнийг дагаад
гадаад худалдааны эргэлт муу­даж байгаа. Нэг тонн нүүрс зараад 100 ам.дол­лар олдог
байсан бол одоо нэг тонн нүүрс зараад 50 ам.доллар олж байна. Тэгэхээр нүүр­сээ
өмнө гаргадаг байсан хэмжээгээрээ экспортолж 
зарсан ч гэсэн олдог ор­ло­го нь хоёр дахин багас­сан гэсэн үг. Гадаадын
хөрөнгө оруулалт эрс буур­сан. Шалтгаан нь Оюу толгойтой холбоо­той. Энэ төсөл хоёр
үе шаттай. Эхний шатны хөрөнгө оруулалт нь 
дуус­сан. Ил уурхайд да­хиж хөрөнгө оруулах шаард­лагагүй, ажиллаад эхэлчихсэн.
Монгол Улс Эрдэнэтийн хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг ил уурхайтай болоод бай­на.
Далд хэсгээс зэсийн хүдэр гаргаж ирэхэд да­раа­гийн шатны хөрөнгө оруулалтыг зарахаар
бай­гаа.

Хөрөнгө оруулалтын хувьд тоон дээрээ
тохи­ролцохгүй байна. Ил уур­хайн хөрөнгө оруулалтын тоон дээр ч гэсэн тохи­ролцож
чадахгүй байгаа. Монголд оруулсан  хө­рөн­гө
оруулалт гэж юуг хэлэхийг Монгол Улсын хуулинд маш тодорхой заагаад өгчихсөн. Хуу­лиа­раа
бол бодитойгоор орж ирсэн хөрөнгө оруу­лалтыг л хөрөнгө оруу­лал­тад тооцдог.  Дэлхийн хаа нэг газар гаргасан зардал тооцогдох
бо­ломжгүй. Ерөөсөө  хууль нь тийм юм.

-Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт
гэд­гээ тодруулаач?

-Хил гаалиар нэвтэр­сэн тоног төхөөрөмж,
Мон­гол Улсад ажилла­сан хүний цалин Мон­голд хийсэн хөрөнгө оруу­лалтад тооцогдоно.
Мон­гол Улсад ажиллаагүй хүний цалинг хөрөнгө оруулалтад тооцохгүй. Хөрөнгө оруулагчдын
тө­сөлд зарцуулж байгаа мөнгөний гуравны нэгийг нь бид өөрсдөө төлөх учир Оюу толгойн
хөрөн­гө оруулалтыг сайн шал­гаж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтыг да­гаж орж
ирдэг, туслан гүйцэтгэх компаниудын ажил зогсоон. Учир нь  тэднээр 
дахиж ажил хийл­гэх шаардлагагүй байгаа. Тэнд явагдсан цомхотгол зайлшгүй
зүйл байсан. Оюу толгойн хө­рөн­гө оруулалт тасралт­гүй үргэлжлэх боломжгүй. Дахиад
хэлье. Учир нь  эхний шатны хөрөнгө оруу­лалтын
ажил буюу ил уурхайн бүтээн бай­гуулалт дууссан. Одоо далд уурхайгаа ашиглаж эхлэх
хоёр дахь үе шат хүлээгдэж байгаа. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан.

-Таны өмнө онцол­сон уул уурхайд
хандах сөрөг хандлага ч энэ салбарын уналтад нө­лөөлсөн байх?

-Уул уурхайд хандах сөрөг хандлага
угаасаа жил бүр уул уурхайн га­даа­дын хөрөнгө оруу­лал­тыг  бууруулсаар ир­сэн. Тэрэн дээр нь нэр­мээс болсон
нэг хууль  бий. Өнгөрсөн жилийн тавдугаар
сард батлагд­сан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруу­лал­тыг зохицуулах тухай
хууль гадаадын хөрөнгө оруулалтыг бүр цааш­луулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл гадаадын
хөрөнгө  оруулалт буура­хад нөлөөлсөн том  шалт­гаан. Хоёрдугаарт  гадаад худалдаа буурсан. Гурав­дугаарт төсөв алдаг­дал­тай
байна. Их өөдрөгөөр төсөөлж баахан орлого орж ирнэ гээд өчнөөн зарлага биччихсэн.
Ор­ло­го нь бүтээгүй. Зарлага нь ч бүтээгүй. Цаг үеийн, тодорхой шалтгаантай ийм
гурван бэрхшээл бай­­на. Дахин хэлэхэд энэ бол эдийн засгийн хям­рал биш хүндрэл.
Яаж засах вэ гэдэг аргыг нь УИХ, Засгийн газар хайж байгаа.

-Эдийн засгийн хүнд­рэлээс гарах
эх­ний том гарцыг ээлжит бус чуулганаар хэлэл­цэхээр товлосон Хөрөн­гө оруулалтын
хууль гэж харж байна. Энэ хууль яг ямар агуулга, хэлбэрээр гарах вэ?

-Монгол Улс хөрөнгө оруулалтыг том,
жижиг, гадаад, дотоод гэж ан­гилж үзээд зөвхөн 
гадаа­дын хөрөнгө оруулалтад нь зориулсан хуулийг  1995 онд баталсан. Га­даа­дын хөрөнгө оруу­лал­тын
тухай гэсэн нэг хууль бий. Сүүлд УИХ-аас баталсан Стратегийн салбарт гадаадын хө­рөн­гө
оруулалтыг зохи­цуу­лах хууль гэж байна. Энэ хоёр  хуулийг орло­хуйц шинэ хууль гаргах гэж байгаа
юм.  Зарчим нь  маш энгийн. Ямар ч хө­рөнгө оруулагчийн хам­гийн
их эмээдэг нэг зүйл бий. Татвар нь 10 хувь байна гэж бодоод хөрөн­гөө оруулаад явж
байтал, хөрөнгө оруулалтаа нө­хөж ч амжаагүй үед нь хууль  өөрчлөгдөж татвар нэмэгдэх нь тэдний хувьд асар
том эрсдэл. Хөрөн­гөө оруулах үед 10 хувь байсан татвар 20 болоод өсчихвөл оруулсан
хө­рөн­гөө буцааж авах бо­ломжгүй болно. Ямар ч хүн оруулсан хөрөнгөө нөхөж олж
авч,  олон жил тогтвортой ажиллаж хөрөн­гө
оруулалтынхаа үр шимийг хүртэх гэж л хөрөнгөө оруулдаг. Га­даад, дотоод, том, жижиг
ялгаагүй бүх л хөрөнгө оруулагчийн зорилго ерөө­сөө энэ. Түүнээс биш Монгол  Улсад буян үйл­дэх гэсэн нэг ч хөрөнгө оруулагч
байхгүй. Татвар  болон бусад эрх зүйн орчин
тогтвортой байх нь хөрөнгө оруулагчийн хам­гийн их сонирхдог зүйл. Улс   орнууд үүгээ­рээ өрсөлддөг. Харам­сал­тай нь
манай улс 68 хувийн татвар гэх мэт хууль санаачлаад хөрөн­гө оруулалтын орчноо  тогтворгүй болгож ирсэн байдаг. Ингээд байвал
хэн ч хөрөнгөө оруулахыг хүсэхгүй нь тодорхой. Хөрөнгөө оруулах гэж байгаа хүмүүст
“оруулсан хөрөнгө чинь эрсдэлгүй, явцын дунд гарсан хууль та нарт үйлчлэхгүй” гэсэн
баталгааг УИХ  шинэ хө­рөнгө оруулалтын хуу­лиа­раа
өгөх гэж байна.  Таван сая төгрөгийн хө­рөн­гө
оруулалттай талх­ны цех байна уу, таван тэрбум долларын хөрөн­гө оруулалттай Оюу
тол­гой байна уу, ялгаагүй хөрөнгө оруулсан хэм­жээ­гээр нь тогтвортой байдлаар
хангагдана. Таван сая төгрөг оруул­сан талхны цех  нэг жи­лийн дотор хөрөнгө оруу­лалтаа нөхөөд авчихна
гэж үзвэл нэг жилийн ба­талгаа, Оюу толгой шиг том хөрөнгө оруулалттай төслийн тухайд
30 жи­лийн баталгаа олгох ч юм уу, баталгаа өгсөн жилд нь хууль өөрчлөгдсөн ч үйл
ажиллагаанд нь нө­лөөлөхөөргүй болгох гэж байна. Хөрөнгө оруулсан хэмжээ, харгалзах,
тогт­вор­жих хугацаа бүхий  хүснэгттэй хууль
гаргах гээд байна л даа.  Таван сая төгрөгийн
хөрөнгө оруулалт хийх талхны цехийн эзэн оруулсан хөрөнгөө баталгаажуу­лаад ирвэл
бүртгээд л явуулчихна. Учир нь  бүрт­гэлийн
байгууллага бол зөвхөн бүртгэдэг. Зөвшөөрөл өгдөггүй.

-Гадаадын төрийн өмчтэй компани
бол зөвшөөрөл авах агуул­гатай заалт шинэ хуу­лийн төсөлд бий. Батал­гаа өгөх хугацаа
нь ху­вийн өмчтэй компани­тай адилхан уу?

-Гадаад улсын төрийн өмчийн компани
ямар нэгэн газар хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрөл авна. Гэхдээ  зөвшөөрөгдсөн тохиол­долд тогтвортой байдал ам­лах
хугацааг нь адил­хан хэмжээгээр бодсон.

-Бондын мөнгийг то­дорхой салбаруудад
зараад эхэлчихсэн. Үр өгөөж нь  хэзээ гарах
вэ?

-Хүмүүс бондыг боди­той барьж үздэг
хөрөнгө оруулалт талаас нь ха­раад байна л даа. Гэхдээ бонд орж ирсэн цагаасаа өнөөдрийг
хүртэл манай санхүүгийн системийн тогтвортой байдлыг хад­гал­саар байгаа. Санхүү­гийн
системд сайнаар нөлөөлж байна. Ажил болж байгаа хэсэг бол авто зам, барилгын мате­риалын
үйлдвэр байна. Үр дүн нь   хамгийн бага­даа
хоёр жил, цаашлаад тав, арван жилээр хэм­жигдэнэ.

-Бондын мөнгөний  дэмжлэг авсан төсөл бол байшин үйлдвэр­лэх комбинат.
Угсармал байшин гэхээр хүмүүс оросуудын олон жи­лийн өмнө барьсан ду­лаа­наа амархан
алд­даг, чанар муутай ба­рилгаар төсөөлөөд байх шиг. Одоо орж ирэх үйлд­вэр хуучныхаас
юугаараа давуу вэ?

-Орос өөрөө манайх шиг БҮК-1, 2 (Байшин
үйлдвэрлэх комбинат) гэдэг үйлдвэртэй байснаа бүгдийг нь Германы тех­нологиор сольсон.
Евро стандартын, дулаан алд­даггүй, боломжийн үнэ­тэй, олноор нь нэгэн зэрэг барьж
болдог технологи руу шилжсэн. Манай улс л хамгийн сүүлд шилжих гэж байгаа. Энэ үйлдвэр
баригдсанаар гурав, дө­рөв­дүгээр хороолол шиг маш олон байшинг нэг дор барьж  болно. Гэхдээ мэдээж евро стандар­таар. Дулаан
эрчим  хүч бага зарцуулдаг,  дулаа­наа алддаггүй байшин­гууд ирэх жилээс бариг­даж
эхэлнэ. 30 хувийнх нь хөрөнгийг бондын мөнгө­нөөс төлсөн байгаа. Евро стандартыг
хангасан  гэ­хээр чанар нь ойлгомж­той. Үүний
том давуу тал нь бид тэр евро станд­ар­тыг өөрийн болгож авна. Барилга барьдаг улсуу­дыг
нь Германы техник мэргэжлийн сургуульд сурч байгаа стандартаар эндээ бэлдэнэ. Зураг
төсөл хийдэг компаниуд  гэхэд л ийм стандартын
зураг төсөл хийх ажилд суралцана. Энэ мэтээр угсармал барилгыг дагал­дах бүх дэд
бүтэц нь Мон­голд орж ирнэ.

-Тэгэхээр дараа жи­лээс орон сууцны
ол­дох­гүй, олдохгүйгээсээ болж үнэ нь өснө гэх зовлонгүй болох нь ээ?

-Үйлдвэр баригдса­наар жилд 10-15
мянган айлын орон сууц барих хүчин чадалтай болно. Одоогийн хүчин чадал жилд 25
мянга байгаа. Тэгэхээр нийтдээ 40 мян­ган айлын орон сууц жил бүр ашиглалтад ороод
байх боломжтой гэсэн үг. Энэ бол хангалттай хэмжээ. 

-Барилгын үнэ өсөөд байгаагийн
нэг шалтгаан нь цемент. Үн­дэсний компаниуд це­мен­тийн үйлдвэрийн хэд хэдэн том
төсөл хэрэгжүүлээд эхэлчих­сэн. Зарим нь удахгүй ашиглалтад орох гэж байна. Хятадын
хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр ажиллаж эх­лэх нь гэсэн мэдээлэл нэг хэсэг
цацагдсан.  Ер нь өөрсдөө хийж чадах зүйл
дээр заавал га­даа­дын хөрөнгө оруу­лалт гэх шаардлага байна уу?

-Барилгын материа­лын тухайд  бид өмнө нь үйлдвэрлэж чаддаг бай­сан. Социализмын
үед цементийн хоёр ч үйлд­вэр байсан. Хувийн үйлд­вэрүүд удаан босч байна л даа.
Хөтөлийн үйлдвэр шинэчлэгдээд ажиллаж эхэлж байна. Байрны  нэг ам метрийн үнийг нэг сая, хоёр сая төгрөг
байна гэж  ярьж байна. Уг нь тэгж ярихаас
илүү тэр мөнгөн дотор байгаа бүрэлдэ­хүүн хэсэг нь хаанаас вэ гэдэг их чухал. Цемент,
арматур, байшин барьж байгаа ажилчин нь  хэн  бэ гэдгийг бодох учиртай. Барилгын салбарт нь
гад­ныхан ажиллаад  100 хувь цалингаа аваад
гадаг­шаа явчихаж байгаа бол бас болохгүй. 100 хувь гадны барилгын ма­те­риалаар
барьж байгаа бол бас хэцүү. Ийм бол хөрөнгө гаргаж моргэй­жийн зээл өгөөд ашиггүй
л дээ. Бидэнд хамаагүй орлого болчихоод бай­гаа юм. Харин цемент, арматур, ажилчин
нь мон­гол бол эдийн засагт ашигтай. Өөрийнхөө хийж чадах юмыг өөрсдөө л хий гэдэг
зарчмыг  дэл­хий даяар барьж байна. Чадахгүй
юмандаа бол гадаадын хөрөнгө оруу­лал­тыг гуйж урьж залж оруулах хэрэгтэй. Мэдээж
яваандаа чадахгүй зүй­лээ ч хийж чаддаг болно.

-Засгийн газар хам­гийн бага хүүгээр
бонд босгосон. Гэтэл өнөө­дөр бондын хүү долоон хувь гараад явчихсан. Бондын хүү
ингэж өсөх нь бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Бондын нэмэгдсэн хүүг манай улс төлөхгүй.
Бондыг хоорондоо ху­дал­даж авч байгаа хүмүү­сийн л асуудал. Бид анх 4,5 хувиар
бондоо гарга­сан. Тэр хүүгээ л төлнө. Бондын зах зээлийн онц­лог нь тэр. Эдийн засгийн
цагаан толгой мэдэхгүй улс л бондын хүү өсчих­лөө, яана аа гээд байгаа. УИХ дээр
хүртэл бондын хүү өслөө, баларлаа гэж ярих хүмүүс байна. Бид нэг л удаа бонд авсан.
Хүү нь тогтмол. Хоёр дахь зах зээлд оролцож бай­гаа хүмүүсийн хувьд хүү ямар ч байж
болно. Бид гадаадын хөрөнгө оруу­лал­тад ээлтэй хандаж, манай улсын эдийн засаг
сайжраад байвал тэр хүү буураад байна. 2012 оны тавдугаар сарынх шиг хууль гаргаад,
хөрөнгө оруулагчид  гарч яваад байвал тэр
хүү өсөөд байна. Тэгэхээр бондын хүү өснө гэдэг манай улсын эдийн засагт хан­даж
байгаа хандлагаас хамаардаг хэмжигдэхүүн. Түүнээс биш бидний тө­лөх өр биш.

-Гэхдээ бид дахиад бонд гаргана
гэж төлөв­лөсөн.  Засгийн газрын дахин гаргах
бондод шууд утгаараа нөлөөлж таарна. Жишээ нь Мон­гол Улсад ирэх жил бонд гаргах
боломж бай­на уу?

-Дахиж бонд гаргахад  бол сөргөөр нөлөөлнө. Бид энэ жил, бас ирэх жил
бонд гаргах боломж­гүй. Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.доллартаа Зас­гийн газар бонд
гар­гая гэвэл хэмждэг олон юм нь эерэг болсоны да­раа, Оюу толгойн хоёр дахь шатны  хөрөнгө оруу­лалт зөвшөөрөгдсөний дараа, манай
улсын зээл­жих зэрэглэл сай­жирсны дараа ярих асуу­дал. Ингэвэл эдийн зас­гийн хувьд
зөв болно. Одоо бол цаг нь биш. Үүнийг  улс
орон бүр өөрөө тодорхойлж бай­гаад хамгийн сайн цэг дээр нь гаргах ёстой. Олон улсын
рейтингийн агентлагуудад бид бас итгэхээ больсон. Манай эхний бонд гэхэд рей­тин­гээсээ
илүү сайн зарагд­сан. Манайх шиг зээлжих зэрэглэл нь BB-болсон улсын бонд 7-8 хувиар  зарагддаг байхад ма­найх 4.5-5.5-ын хооронд зарагдсан.
Эндээс рей­тинг бодит байдлыг тусгаж чадахгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм.
Одоо манай рейтингийг улам бууруулаад л байна. Гэхдээ бодит зах зээл хэдээр үнэлэхийг
бас мэдэхгүй.

-Хөрөнгө оруулагч­дын хүлээж байгаа
том хууль бол Ашигт малт­малын хууль. 2006 оны хуулиа өөрчлөөд явах уу, эсвэл шинэчлэх
үү?

-2006 оны хуулийг бо­лом­жийн хууль
болсон гэж үзэж байгаа. Ерөн­хийлөгчийн санаачилсан хууль гэхээс илүү 2006 оных
дээрээ нэмэлт хий­гээд явбал  илүү тогтвор­той
байх болов уу гэсэн бодол байгаа. Салба­рынх­ны бодлыг сонссон ч тийм зүйл ярьж
байна. Тэгэхээр УИХ шинэ хууль батлах уу, 2006 оны хуу­лиа сайжруулаад явах уу гэдэг
сонголтыг хийнэ. Одоо бол зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг нэмэлтийг хийнэ.

-УИХ-ын ээлжит бус болон намрын
чуул­га­наар эдийн засгийн чиг­лэлийн онцлохоор ямар хууль, шийдвэрүүд гарах бол?

-Ээлжит бус чуулга­наар гадаадын хөрөнгө
оруулалтын шинэ хууль гарна. Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх тог­тоол батална. Төсвийн
тодотголоо батална. Ээл­жит чуулганаар мэдээж төсвөө хэлэлцэнэ. Шинэ нөхцөл байдалд
орсон учраас төсөв  нэлээд  та­наг­даж таарна. Хөнж­лийн­хөө хэрээр хөлөө
жийхгүй бол болохгүй болж байгаа.  Ашигт малт­малын
хуулийн талаар ойлгомжтой  мэдээлэл өгнө.
2006 оны хууль үргэлжлээд шинэчлэг­дээд явах уу, үгүй юу гэдгийн эцсийн хариу гар­на.
Ерөнхийлөгчийн са­наа­чилсан хуулийг хө­рөн­гө оруулагчдаар хэ­лэл­цүүлсэн. Тэр
хэлэл­цүүлгээс 2006 оны хууль­даа тодорхой бодлогын зүйлүүдээ шингээчихэж болох
юм байна гэсэн хариу гарсан байгаа.

-Тэгэхээр одоогийн хуулиа өөрчлөх
зүг рүү явж магадгүй нь ээ?

 -Аль зүг 
нь УИХ дээр олонх болохыг одоогоор хэлэх боломжгүй л  дээ.

-Ээлжит бус чуул­ганаар төсөвт
тодотгол хийнэ гэлээ. Нэлээд өөрчлөлт   орох
уу?

-Нэлээд биш л дээ. Хэтэрхий оптимист
төлөв­лөсөн орлогоо багасгана. Зураг төсөв ч байхгүй баахан байшингууд  тавь­сан. Тэрийгээ хасна гэсэн үг.

-Эдийн засгийн хүнд­рэлтэй тэмцэх
бод­лого гэдгээ жаахан тод­руулаач?

-Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулалт
зогс­сон. Үүнийгээ хуу­лиар засах гэж байна. Хоёр­дугаарт төсөвт бодитой  бус орлого төлөв­лө­сөн байна. Одоогоор зураг
байх­гүй­гээс тендер нь зарлагдаагүй хөрөнгө оруулалтуудаа хасъя гэж байгаа. Орлого,
зарлага нэгэн зэрэг хасагдана гэсэн үг. Валютын нөө­цийг нэмэгдүүлэх чиглэ­лээр
тодорхой шийдвэр гарна.

Алтны худалдааг Монголбан­кинд төвлө­рүүлж,
Монгол Улсад ол­бор­лосон алтыг Мон­гол­банкинд тушаадаг, Мон­голбанк ганцаараа
экс­пор­т­олж байхаар өөрч­лөлт оруулах гэж байна. Алт бол Монголбанкны валютын
нөөцийг нэмэг­дүүлдэг.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн
бай­гуу­лалт зогсчихлоо. Энэ том төслийг хөдөлгөх нь гадаадын хөрөнгө оруулалтыг
татах нэг том хөшүүрэг гэж бо­дож байна. “Рио”-той учраа ололцох нь уу?

-Тоон дээрээ л тохи­рох хэрэг­тэй.
Эсэргүүцэж байгаа хүн байх­гүй. 

-Тохиролцоход хэр цаг хуга­цаа
орох бол?

-Тоогоо л хоёр талаа­саа тохи­рох
хэрэгтэй. Тэгэхгүй бол ил уурхайд гарсан 
шиг алдаа гарвал зөвшөөрөхөд хэцүү л дээ. Манай улсад огт  хамаа­гүй хөрөнгө оруу­лалтыг орсон гэж бичээд
байвал хэн ч зөвшөөрөхгүй. Учир нь төсөлд зарцуу­лах хөрөнгөний тодорхой хэс­гийг
нь бид төлнө.

-Валютын ханш өссөөр бай­на. Монголбанкнаас
интервенц хийх үү?

-Долларын ханш бол бидний хийсэн олон
ажлын үр дагавар. Доллар бусад бараатай адилхан бараа шүү дээ. Маш олон хүн нэг
гутал авахаар өрсөлдвөл тэр гут­лыг хэдээр үйлдвэрлэсэн нь хамаа­гүй, үнэ нь өсөөд
явчихна. Эсвэл эсрэгээрээ маш олон хүн гутал үйлдвэрлэж байвал  хэдээр үйлд­вэр­лэснээсээ үл хамаараад үнэ нь
доошоо унана. Энэ бол зах зээлийн зарчим. Гутал авах гэсэн хүн, гутлын үйлдвэр хоёрын
харь­цаа зохистой байвал үнэ тогтвор­той байна. Доллар гуталтай яг адилхан. Доллар
орж ирдэг суваг болсон гадаадын хөрөнгө оруу­лалт сайн, гадаад худалдаа алдаг­далгүй
байвал долларын ханш тогтвортой байна. Тэр суваг нь гацангуут манай хэрэглээ дагаад
буухгүй. Доллар зардаг хүн нь багасаад, авдаг нь ихэсчихээр ханш өөрчлөгдөх нь хууль
ёсны л доо. Ийм л юм болсон.

Монголбанкнаас түр зуур интер­венц
хийж аргацаадаг арга бий. Гэхдээ ингэх нь утга учир муутай гэж үзэж байгаа. Улсынхаа
нөөцөд байгаа хоёр тэрбум ам.дол­ларыг гөвөөд л дуусна. Түүний оронд энэ үеийг боломж
гэж харах хэрэгтэй. Хорин жил дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлье гэж уриалаад бүтэхгүй
байна. Өөрсдийнхөө хийж чадах юмыг хүртэл гадаадаас зөөгөөд байна. Хамгийн энгийн
жишээ гэхэд  рапс. Бид ургуулсан рапсаа урагшаа
зөөж, буцаагаад ургамлын тос худалдаж авдаг. Учир нь  Эрээнээс очиж ургамлын тос авах нь хямдхан байна.
Харин долларын ханш өсөхөөр Эрээний ургамлын тос үнэтэй болж байгаа юм. Дотооддоо  нөгөө рапсаа шахаж бяцалж тос болгоод зарах нь
ашигтай болж   эхэлнэ. Мэдээж бүх бараагаа
энэ мэтээр орлуулж чадахгүй л дээ. Жишээ нь манайд банан ургахгүй. Тэгэхээр хийж
чаддаг ургамлын тосоо хийх нь долларын ханш өссөний  сайн тал.

-Тэгэхээр долларын ханшаа жамаар
нь, зах зээлийнх нь хуулиар сул тавья гэж байна уу?

-Зохицуулъя гэсэн ч мөнгө  байх­гүй. Эдийн засаг өөрөө өөрий­гөө тохируулж
байна. Дотоодод үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн дохиог бизнесмэнүүдэд өгч байгаа хэрэг.
Дотоодынхоо сургуульд хүүхдүү­дээ сурга гэсэн 
үг. Гадаадад сур­гах үнэтэй болно шүү дээ. Дотоо­дынхоо үйлдвэрийн “Янмал”
гэдэг оймсыг худалдаж ав гэсэн үг. Доллар өсөөд ирэхээр үндэсний, юм хийдэг бизнесмэнүүд
баярлаж байгаа. Экспорт хийдэг улс   баяр­лаж
байна. Харин “Урбанек” ч юм уу, гаднаас бүтээгдэхүүн импор­толж оруулж ирдэг улс
дургүй байгаа. Учир нь Польшид үйлдвэр­лэсэн ногоо үнэтэй болно. “Газар шим” харин
дуртай байгаа. Поль­шийн “Урбанек” үнэтэй, “Газар шим”-ийнх хямд байвал дотоодын
үйлдвэрлэгчийн дарсан ногоо л  илүү борлогдоно.
Алаг салатанд байгаа бүх ногоо Монголд ургадаг. Энэ нь эргээд хүнсний ногоо тариа­лагчдад
тусаа өгч эхэлнэ. Энэ мэтээр долларын ханшийн өсөл­тийг дотоодын үйлдвэрлэлээ сэр­гээх
нэг боломж гэж харах хэрэгтэй. Ханш 1400, 1500 төгрөг байна гэсэн дүрэм хаана ч
байхгүй. Бид эрэлт  нийлүүлэлтэн дээр чөлөөтэй
хөвж байдаг ханштай улс болсон. Зах зээл хийх ёстой тохируулгаа л хийж байгаа болохоос
Засгийн газар, УИХ, Монгол банк муу ажил­лаад ханш өсгөөд байгаа юм байх­гүй.

-Гэхдээ манай зах зээлд зараг­даж
байгаа бүтээгдэхүүний ихэнх нь импортынх шүү дээ. Тэр хэрээр өргөн хэрэглээний бараа­ны
үнэ нэмэгдэж, гол ачаа нь иргэдийн нуруун дээр ирж байна?

-Бид хэзээ нэгэн цагт дотоодын үйлдвэрлэлийнхээ
бүтээгдэхүү­нийг хэрэглэдэг болно шүү дээ. Долларын ханшийг  зохиомлоор бариад байвал тэр хэмжээгээр үндэсний
үйлдвэрлэл хөгжих хугацаа­гаа хойшлуулж байгаа хэрэг. Ханш өсөөд байгаа нь хүссэн
хүсээгүй зах зээлийнхээ жамаар амьдар гэсэн үг.

-Бондын мөнгийг их хэмжээ­гээр
зарах нь эргээд долларын ханшид нөлөөлнө гэсэн бол­гоомж­лол  бий?

-Мэдэх ёстой хүмүүс нь мэдэж тохируулгаа
хийгээд явж байгаа. Долларын ханшийг чөлөөтэй тави­на гэхээр ер хэд ч байсан яах
вэ гэсэн үг биш. Эдийн засаг өөрийн­хөө тохируулгыг хийж байхад нь оролцох оролцоогоо
зохистой хэмжээнд байлгах учиртай гэсэн агуулгаар ингэж яриад байгаа юм. Бондын
мөнгө санхүүгийн салбарт сайнаар нөлөөлж байна. Төмөр зам, засмал замд зарцуулсан.  Мэдээж 1,5 тэрбумаа бүгдийг нь зарчихаагүй. Улаанбаатар
хотын гэр   хорооллын дэд бүтцийг дахин төлөвлөхөд
мөнгө  тусгасан байгаа. Одоогоор хэрэглээгүй
байна. Зас­гийн газраас тодорхой ажлуудад мөнгө төлөвлөсөн. Тэр мөнгөнөөс нэг ч
төгрөг зарцуулагдаагүй.

-Нүүрсээ үнэ хүргэх боломж бол
төмөр зам. Төмөр замын ажил хэр нааштай байгаа вэ?

-Ер нь бол ажил болсон, барил­га угсралтын
ажил нь явагдаж байгаа.

-Яг хэзээ төмөр замаа ашиг­лаж
эхлэх бол?

-Далангаа барьж дуусаад, рейсээ тавьчихвал
хурдан л даа. Ирэх жилээс төмөр замаараа явна. Таван толгой, Гашуунсухайтын зам
эхэлж ашиглалтад орно.

-Бүдүүн, нарийн цариг гэсэн маргаан
өнөө хэр эцэслээгүй байгаа. Эдийн засгаа бодвол нарийнаар тавьсан нь зөв гэж эдийн
засагчид хэлдэг. Цариг дээр ямар шийдвэр гарах бол?

-УИХ бодлогоо гаргачихсан. Засгийн
газар бүтээгдэхүүн нь экспортод шууд гардаг төмөр замын цариг ямар байхыг УИХ-д
оруулж ирж шийдүүлэх эрхтэй.

-Таны хувийн бодлыг сонир­хож болох
уу?

-Тооцоо хийж үзэх л хэрэгтэй. Хуучин
нүүрсний үнэ 100 ам.дол­лар байхад тээврийн зардал төдий­лөн нөлөөлдөггүй байсан.
Машинаар зөөхөд хүртэл  ашигтай байлаа. Одоо
үнэ нь багасаад ирэхээр тээврийн зардал дараа болж эхэлнэ. Ер нь төмөр зам байх
хэрэгтэй. Ямар царигтай байх вэ   гэдгийг
оруулж ирэх боломж нь Засгийн газарт байгаа.

-Нүүрс, зэснээс гадна уран, газрын
ховор элемент, занарын асар их нөөц манайд бий. Энэ эрдсүүдээ ашиглах тал дээр ямар
бодлоготой ажиллах вэ?

-Монгол Улс  ураны бодлогоо гаргаад дөрөв, таван жил  болж байна. Тэр бодлогоороо явна. Хэн нэгэн байгаль
хамгаалагч уран хортой гэж орилоод байхаар бод­ло­гоо өөрчилж болохгүй. Газрын тосны
шинэ хууль дээр  уламжлалт бус газрын тос
гэдэг бүлэг шинээр нэмж байна. Зөвхөн занар биш, нүүрсний давхаргын метан хий, тослог
чулуулгуудыг хамруулсан.  Бид шатахуунаараа
хараат бус болох учиртай. Урьд нь ашиглаг­даж байгаагүй олон шинэ салбарууд нээгдэх
байх.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Энэ намрын улс төр

Намрын налгар өдрүүдэд Н.Алтанхуягийн
Засгийн газар налайж суухааргүй  болчихлоо
доо.  Энэ 
Засаг гайхамшгийг бүтээх юм шиг бодлоо. Улс төрийн өөр хүчин гарч ирсэн хойно
хүсэн хүлээсэн өөрчлөлтийг авчир­на гэж  итгэсэн.
Ардчилсан нам эрх барьж эхэлснээс хойш эхэндээ бол алга ташиж байлаа.

Түмэн олноороо хардаж сэрдээд, бүр
цаашлаад мэ­дээд байхад  авлига авдаг нь  нотлогдохгүй, энэ талаар дуугарсан хэвлэлийнхэн
хүн гүтгэсэн буруутан болдог бай­сан үе бий. Харин Ардчилсан намынхан эрх барьснаас
хойш авлигачид олноороо илрэв. Нааштай сайхан зүй­лүүд сонсогдож эхлэв. Тэдний сайн
сайхныг амтай болгон магтаж эхлэхэд эрх баригчид  амттанд бялуурсан хүүхэд шиг эргэн тойрноо анхаарах
сөхөөгүй болсон. Сөрөг хүчин энэ үед дэмий л үглэ­хээс хэтэрсэнгүй. Ялагдлын шокноос
гарч ирж амжаагүй байхад дотоодын самуун нэмэгдчихсэн хойно арга ч үгүй биз. Сөрөг
хүчнийг   нойрноос сэрээсэн үйл явдал эдийн
засгийн уналт байлаа. Тэд энэ тухай байнга шүүм­жилж ярих боллоо. Тэгэх ч ёстой.
Үүний буруу үгүй.   Харамсалтай нь тэд ямар
нэгэн сайн гарц хэлэхгүй байгаа.

Хөрөнгө оруулагчид Мон­го­лоос нүүрээ
буруулж,  дол­лар хаданд гарч, монгол төг­рөг
ханш үүнийг дагаж нам уналаа. Одоо юмны үнэ өсө­хөөс эхлээд толгой өвтгөсөн олон
асуудал шилээ даран өдөр өдрөөр нэмэгдэж эхэл­лээ.

Сөрөг хүчин намын шинэч­­лэл, их,  бага хурлаа ярьж хөнжилдөө хөлөө жийл­цэж байсан
бол одоо эрх баричид гол бай нь болж хувирлаа. Ард түмэн ч эрх баригчдыг шүүмжилж
эхэл­лээ. Ардчилалд найдаж, ямар нэг шинэ сайхан зүйл хийнэ гэсэн хүлээлт бий болчихсон
байтал өдөр бүр хар муу мэдээ сонсоод байхаар хэн ч дуртай байх билээ. Эдийн засаг
хямарсантай холбоотой сөрөг хүчин болох МАН-ын улс төрийн гол тоглолтууд энэ намар
үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр гэнэт ингээд  Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бий болчихсон
юм биш. Дэлхийн зах зээлд  алт­наас бусад
зэс, нүүрс, төм­рийн хүдэр, газрын тосны үнэ буурлаа. Тэнгэр нь хаясан гэлтэй Н.Алтанхуягийн
Зас­гийн газрын үед ийм нөхцөл байдал бий боллоо. Төсөв нэг их наядаар цоорхой гарав.
Эсрэгээрээ С.Батболд азтай байлаа. МАН-ын Засаг барьж байсан үеийг эргэн саная.
Алт, зэс, төмрийн хүдэр, газ­рын тосны үнэ тэдний тоо­цоолж байснаас ихээр дэл­хийн
зах зээл дээр өслөө. Сөрөг хүчнийхний аархан ярьдаг шиг эдийн засгийн үзүүлэлт түүхэндээ
байхгүй өндөр гарсан. Юм үзээгүй хүмүүс яах юм. Гэнэт баяжлаа гэж хөөрөн сайн ч
идэж ууц­гаа­лаа, иргэдэд Хүний хөгж­лийн мөнгө нэрээр баахан тараалаа. Байнга аваад
сур­чих­сан иргэд бэлэн мөнгөний бэлгийг талархан хүлээж авсан ч дараа нь юу болох
бол гэж бодсонгүй.

Юм хэмжээтэй байдаг хой­но баруун
солгойгүй цацаж, тараасан мөнгө бараг­дахын цагт “Эрдэнэс Таван толгой”-гоо барьцаа­лан
“Чалко”-гоос бадар бари­лаа. Сонгуулийн өмнө үүний­гээ тараалаа. Үүний үр дүнд Таван
толгойн нүүрс зах зээ­лийн үнээс хамаагүй багаар урд хөрш рүү гарсаар байгаа. Ерөнхийдөө
сонгуульд яла­хын тулд ямар ч аргаар хамаа­гүй амласан мөнгөө тараах гэж дотоодынхоо
томоо­хон компаниудыг дарам­талж эхэлсэн бөгөөд Эрдэнэтээс урьдчилж мөнгө авчихсан.
Дараа нь Төрийн банкийг мөн шахлаа. ТУЗ-ийн дарга Батжаргал ингэснийх нь төлөө
“Хууль зөрчиж чадах­гүй” хэмээн хэлээд ажлаа өгсөн. Тэр байтугай хамт олондоо захидал
бичээд болсон үйл явдлыг тайлбар­ласан байдаг. Сонгууль ч болсон. Төрийн сан аль
хэдий­нэ хоосорсон байлаа. МАН ялбал яах байсныг хэн мэдэхэв. Өнөөдрийн дүр зураг
бий болох л байсан биз. Эрх баригчдыг өмөөрөх гээд байгаа юм биш. Эрх мэдэл гартаа
атгаагүй удсан тэд олон алдаа гаргаж байгаа. Сөрөг хүчин ч олигтой дууга­раад байгаагүй
учраас тэд хяналтгүйгээр хүссэнээ хийж эхэлсэн. Иргэдтэйгээ ойр байна, тэднээсээ
асууна гэсэн нь ч худлаа болов.  Н.Алтанхуягийг
огцруулах сөрөг хүчнийхний санал УИХ-аар хэлэлцэгдэж,  АН нэг удаа авч үлдэж байлаа. Н.Алтан­хуягийн
Засгийн газ­рын асуудал дахиад ч сөхөгдөх биз. АН-ын зарим бүлэг фракцын сонирхол
ч бий. МАН-ынхан ч энэ засгийг огцорвол АН-тай хамтарч засаг байгуулахыг хүсч байгаа.
Тэдний энэ хүсэл, сонирхол  нийлээд өнөөд­рийн
эдийн засгийн хүнд байдалтай уялдан Шинэчлэ­лийн хэмээх Засгийн газрын хойдохыг
унших нөхцөл бүрэлдээд байна.  

МАН-ын бүлгийн өнгөр­сөн дөрөвдүгээр
сард УИХ-д оруулсан саналд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж,   улс орны эдийн засаг хүн­дэрч, бараа бүтээгдэхүүний
үнэ өсөхөд Засгийн газар юу ч хийсэнгүй гэсэн үндэслэ­лүүд байв. Дээр нь Ерөнхий
сайдын хамаатан Г.Дэнзэн­гийн 17 тэрбумын шуугиан ч нэмэгдсэн. Дайны хажуугаар дажин
гэгчээр С.Баярцогтын өөрөө хүртэл мартсан данс ил болчихлоо. Засгийн газрыг огцруулах
гэж хэлэлцсэнээс  хойш дахин санал оруулах
хугацаа арван сард таарч байгаа юм. Санал оруулс­наас хойш зургаан сар бол­лоо гэсэн
үг. Мөн энэ үед МАН-ын Их хурал болно. Намын даргаа солих нь тодор­хой. Удирдлагын
бүрэл­­дэхүүнд өөрчлөлт орох биз. Хүмүүсийн хүсээд байгаа шиг шинэчлэл гээч болох
ч үгүй. Хэдэн хүнийг өөрчилс­нөө “Шинэчлэл хийлээ, сай­хан хуралдлаа” гээд л өнгөр­нө.
Шинэ дарга ямар нэг байд­лаар дуугарч эхэлнэ. Нөхцөл байдал шүүмжилж дуугарах боломжийг
бий бол­го­чихлоо. Дөрвөн сард МАН-ынхны 
гаргаж тавьсан үндэс­лэлд таарах нөхцөл 
өнөөдөр харин бий болоод байгаа.

    Дахин хэлэхэд өмнөх Засгийн газрын үед буюу
МАН-ыг эрх барьж байхад  энэ бүхний үндэс
суурь тавигд­сан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Урт нэртэй хууль, “Чалко”-д
Эрдэ­нэс Таван толгойг барьцаа­лаад иргэдэд баялгийн хувь хүртээх нэрээр мөнгө тарааж
улсын сан хөмрөгийг хоосол­сон зэрэг ч өнөөдрийн эдийн засгийн нөхцөлийг бий болго­ход
бас нөлөөлсөн. 

МАН-ын үед эрх мэдэлт­нүүд  ухаантай байсан бол гэнэт орж ирсэн тэр их мөн­гийг
улсын хөгжлийн сан бий болгож зүй зохистой зүйлд зарцуулах байтал зүгээр л тараасан.
Монголоо бодсон бол арай өөр алхам хийж болох байлаа. Хамтарсан Засгийн үед Н.Батбаярын
санаачилсан Гэнэтийн ашгийн татварын тухай хууль ч дэмжигдэн батлагдсан нь гадны
хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад чамгүй их 
нөлөө үзүүлсэн. “Өнгөрсөн хугацаанд хамтарч Засаг барьсан учраас сайн, муугаа  хамт үүрнэ” гэж МАН-ынхан хэлдэг. Тийм ч биз,
үгүй ч биз. Хамтарсан нэртэй олонхио­роо түрий барьж зарим асууд­лыг сэм хуйвалдан
засаг хамт барьж байгаа намынхнаасаа нууж 
хийсэн нь олон. Тиймдээ ч сүүлдээ Засгийн газраас Ардчилсан нам гарсан. Ер
нь бол өмнөх засгийн үед баллаж тавьсан шүү дээ. Эрх барьж байсан МАН-ын явуулсан
бодлого таалагдаагүй учраас л иргэд сонголтоо өөрөөр хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн
газар өмнөх эрх баригчдын хаясан бохирыг цэвэрлэх гэсэн биш тэрэн дээр нь халтирчихлаа.

Зуны дэлгэр  цагт  эзгүй
байсан төр намар  эзэнтэй болж, хаа сайгүй
тарж одсон монголчууд хаяагаа бараа­даж, өвөл ирэхийг гэнэт санацгаадаг. Зуны сар
зургаа биш болохоор жилийн ихэнх хугацаанд хүйтэн сэрүүн байдаг болоод ч тэр үү  дэлгэр сайхан цагт амардаг нь заншил болжээ. Тиймдээ
ч намар их ажил ундардаг. Монголын улс төр ч ялгаагүй намар л бужигнадаг. Энэ намрын
улс төр ч яг л тийм байх болов уу.  Харин
гол дүр нь Н.Алтанхуяг  болох  нь тодорхой байна даа.   

Categories
редакцийн-нийтлэл

З.Түмэндэлгэр: Нөхөр минь амиа хорлоогүй, Эрхүүгийн аврагчид муу ажилласан

Өнгөрсөн долдугаар сарын 5-нд
Эрхүү хотын Горькийн төв гудамжнаа орших есөн давхар барилгаас Мон­голын иргэн
48 настай Н унаж амиа алдсан ха­рамсалтай хэрэг гар­сан билээ. Түүний үх­лийг ОХУ-ын
мэдээл­лийн хэрэгслүүд амиа хорлолт байсан хэмээн мэдээлж, амиа алда­хаас нь өмнө
хэлэлцээ хийж байсан сэтгэл­зүй­чид түүнийг орос хэлний мэдлэггүй, хэл нэвтрэлцэхэд
бэрх­шээл­тэй байсан хэ­мээн мэдэгдэж байсан.

Гэтэл талийгаач Н нь ОХУ-д мэргэжил
эзэм­шин хорь гаруй жил амьдарч, ажиллаж байсан нэгэн байжээ. Болсон хэрэг явдлын
талаар түүний эхнэр З.Түмэндэлгэртэй ярилцлаа.

-Долдугаар сарын 5-нд чухам юу
болсон бэ. Тантай тэр өдөр утсаар холбогдсон уу?

-Долдугаар сарын 4-нд нөхөр маань над руу залгасан. Дуу хоолой,
ярианых нь өнгө байдгаа­раа, хэвийн байсан. “Би Эрхүүгийн консулын газ­раас ярьж
байна. Нөгөө хэдэн хүн намайг дарам­талсан хэвээрээ л байна. Ламаар уншуулсан ном
чинь нэг л хүчгүйдээд байх шиг. Чи хатуухан шиг ном уншуулаач” гэсэн.

Түүнийг
ярьсны дараахан Эр­хүү­гийн Консулын газраас над руу залгаж “Танай нөхрийг хүмүүс
дарамтлаад байгаа юм байна” гэхээр нь би “Тийм ээ, нөхрийг минь хүмүүс дарамтлаад
байгаа гэсэн. Одоо ганцаараа байгаа болохоор ганцаардаж байгаа байх. Шөнө орой хүртэл
тэр хүмүүс нь утасдаж дарамталж байгаа болохоор сэт­гэл зүйн хувьд хүнд яваа” гэж
хэлсэн. Тэгтэл консулын хүн на­майг хүрээд ирэх боломж байна уу гэсэн. Би хараар
амьдарч байсан болохоор очих боломж байгаагүй.

Тэр өдөр
нөхөртэйгээ дахиж холбогдох гэсэн чинь утсаа аваа­гүй. Маргааш нь 15 цагийн үед
хадам ах над руу залгаад нөхрийг минь өнгөрчихлөө гэж дуулгасан.

-Чухам
ямар хүмүүс дарам­талсан юм бол. Юунаас болж дарамтад орсон юм бэ. Мафийн­хан мөнгө
төгрөг нэхэж, паспорт бичиг баримтыг нь барьцаалсан юм уу?

-Нөхөр
минь оросуудтай, Оро­сын цагдаа нартай харьцаад сур­чихсан. Хэнд ч дээрэлхүүлдэггүй,
цагдаа нарын өөдөөс хууль яриад л загнаад явуулчихдаг тийм хүн байсан.

Юунаас
болж дарамтад өртөв өө гэхээр би өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр хүүхдээ аваад эх
орондоо ирсэн юм. Биднийг явсны дараа нөхөр минь өдөрт хэд хэд залгаж ярина. Би
нөхрөө гал тогооны асуудалд оролцуулдаггүй. Хоол ундаа бүгдийг нь хийдэг байсан
болохоор нөхөр маань утсаар яаж хоол хийх талаар хүртэл асууж, яаж будаа агшаахаа
асуудаг байлаа. Гэтэл тавдугаар сарын хорьдоос эхлээд л ярианых нь өнгө өөрчлөгдөөд
ирсэн. Цоглог, хөгжилтэй эрч хүчтэй ярьдаг хүн чинь дуугаа хураагаад нэг л учир
битүүлэг болчихсон.

Биднийг
энд ирсний дараа талийгаач маань эхлээд арван хэдэн мянган рубль явуулсан. Нөхөр
маань тэр рублийг явуулах гэж зүдэрсэн л дээ. Мөнгөө дайгаад явуулчих хүн олдохгүй.
Онгоцны буудал дээр хонон өнжин байж нэг хүн олоод явуулсан юм. Бид хамтдаа байхдаа
хэзээ ч ийш тийш мөнгө төгрөг шилжүүлэх ажил гарч байгаагүй. Анх удаа л мөнгө явуулж
үзэж байгаа нь тэр. Дараа нь галт тэрэгний таньдаг үйлчлэгчээр дамжуулж хэдэн рубль
явуулсан.

Нөхөр маань
“Хүн амьтан гуйж ингэж мөнгө явуулах чинь хэцүү юм. Банкны дансаар шууд мөнгө дам­жуулдаг
гэж сонслоо” гээд бид данс нээгээд дансаар мөнгө гуйвуулж авсан. Тэгтэл маргааш
нь “Энэ дансаар мөнгө явуулах чинь бас явдалтай юм аа. Маш их шимтгэл авч байна.
Би банкуудаар явж шимтгэл багатайг нь хайя” гэсэн юм яриад өнгөрсөн. Гэтэл хэд хоногийн
дараа дуу хоолой нь өөрчлөгдөөд сонин болчихсон байсан. Би бодохдоо манай хүн банкуудаар
явж мөнгө төгрөг гуйвуулах талаар асууж яваад хүмүүсийн анхааралд өртчихсөн юм болов
уу гэж таамагласан.

Утасдах
нь цөөрсөөр байгаад хориод хоног ямар ч сураггүй таг болчихсон. Тэгж байгаад нэг
яри­хаар нь шалсаар байгаад юу тохиол­доод байгаа талаар нь зах зухаас нь сонссон
юм. “Намайг хүмүүс дарамтлаад байна. Чи надтай хамаагүй битгий ярь. Ялангуяа банк,
рубль гэж битгий яриарай. Эдэн дотор монгол хэл мэддэг хүмүүс байдаг юм байна” гэсэн.
Ингээд хэд хонолоо. Зургадугаар сарын 17-нд хүүгийн маань төрсөн өдөр. Хүүхдийнхээ
төрсөн өдрөөр ч утасдсангүй. Хэзээ ч тийм зүйл болж байгаагүй. Би маш их сандарсан.

Хамгийн
сүүлд утсаар ярихдаа чухам ямар хүмүүс өөрийг нь дарамталж, сүрдүүлээд байгаа талаараа
ярьсан.

-Юу
гэж ярьсан юм бэ. То­дорхой зүйл ярьж, ямар нэг зүйл сахисан уу?

-Шууд л
“Одоо миний ярих зүйлийг бичээд аваарай гэсэн. Намайг 18-20 настай, монхор хамартай
орос залуу, том биетэй, баруун гарын шуун дээрээ шивээстэй халимаг юм уу, буриад
зүстэй, дөч эргэм насны эр ээл­жилж дагаад байна. Өдөр шөнөгүй утасдаж ална гэж
сүрдүүлдэг. Бас хөршүүдэд минь намайг ал гээд рубль өгсөн гэсэн” гэж ярьсан. Нөхөр
маань нааш рубль явуу­лахдаа хүүхдүүдийнхээ ном, дэвт­рийг хамт явуулсан юм. Охины
минь унших дуртай нэг номын арав­дугаар хуудсан дээр өөрийгөө да­рамт­лаад байгаа
хүний нэрийг бичээд явуулчихсан шүү гэж хэлсэн.

-Хэн
гэж хүний нэрийг бичсэн байж вэ?

-Козырева
Ольга Николаевна Т.Д гэж эмэгтэй хүний нэр бичсэн байсан. Энэ хүн манай архичин
хөршүүдтэй хамт архи ууж байгаад 30 мянган рубль өгч манай нөхрийг сүрдүүлж, болохгүй
бол ал гэж захиалсан юм билээ.

Тэгээд
нөхөр маань “Энэ хэдэн номерыг тэмдэглээд ав” гээд хэдэн хаяг, хаалганы дугаар бичүүлсэн.

-Танайх
Эрхүүгийн хаана амьдардаг байсан юм бэ?

-Эрхүүгийн
цаана нэг хотод амьдардаг байсан. Хөршүүдээ би сайн мэднэ. Архи уудаг хүмүүс байдаг.
Архидаад энд тэнд бөөгнө­рөөд сууж байдаг юм.

Би утсаар
ярьж байхдаа “Энэ ямар учиртай дугаар, хаягууд юм бэ” гэсэн чинь “Дуугүй зүгээр
л бичээд ав” гэсэн.

-Юунаас
болж дарамтлуу­лаад байгаагаа хэлээгүй юм уу?

-Тэрийгээ
хэлээгүй. Манай хүн “Өөр хүний хийсэн гэмт хэргийг намайг үйлдсэн гэж хүлээ гэж
хүчлээд байна” гэсэн. Би тэгэхээр нь “Чи хүрээд ирээч. Эсвэл өөр хот руу явж болдоггүй
юм уу” гэтэл “Тэгвэл намайг хүмүүс хэрэг хийчихээд зугтсан гээд буруугаар ойлгочихно
шүү дээ” гэсэн.

-Танай
нөхөр яагаад тэр өндөр барилга дээр гарах болсон юм бол?

-Манай
нөхөр чинь оюутан байхдаа үүнээс ч өндөр барилга дээр найзуудтайгаа гарч сууж, зураг
авахуулдаг сахилгагүй бай­сан юм. Тэр тухайгаа надад ярьдаг байсан. Их эрэмгий зориг­той
хүн л дээ. Өндрөөс айдаггүй байсан юм.

Хүний анхаарлыг
татах гэж л тийм үйлдэл хийсэн болов уу. Өөрт тохиолдоод байгаа хэрэгт нь консу­лынхан
удаан хандаад байсан ч юм уу, эсвэл өөрт нь итгээгүй болохоор тийм алхам хийсэн
байх.

Алтан хайрцгийг
нь нээлгэхэд сүүлийн есөн хоног юм идэж уугаагүй, ерөөсөө унтаагүй. Сэтгэл санааны
түгшүүртэй байдалд олон хоног тарчилж гэр орондоо маш их айдастай байсан гэж гарсан.
Талийгаач маань утсаар ярихдаа нарийн ширийн юмаа ерөөсөө яриагүй, нуудаг байж
(уйлав).

-Танайх
ОХУ-д хорин жил амьдарсан гэв үү?

-Бид
1993 онд гэрлэсэн юм. Охин минь зүрхний өвчтэй төрсөн. Ховдол нь гурван цоорхойтой
болохоор Монголд эмчилдэггүй байсан. Москвагийн эмнэлэгт очиж эмчлүүлдэг байсан
юм. Бид 2003 он хүртэл жил бүр орж ирж бичиг баримтаа сунгуулдаг байв. Сүүлдээ хүний
газарт олон жил амьдраад ирэхээр “Манайхан бичиг баримтгүй амьдраад болоод байдаг
юм байна” гэж бодоод бас хэдэн төгрөгөө хэмнэх гээд 2003 оноос хойш эх орондоо ирээгүй
юм. Охины маань эмчилгээ 2008 онд дуусаад тэнд амьдрах шаардлагагүй болоод бид өөр
хотуудаар амьдрах болсон. Би эх орон руугаа зүтгэдэг. Харин нөхөр маань хэдэн төгрөгтэй
болж бай­гаад нутагтаа очно гэдэг байлаа.

Манай хүн
чинь Эрхүүгийн Политехникийн сургуулийг барил­гын инжене­рээр төгссөн юм. Нөхөр
маань нисэхэд ажиллаж байсан, Монголд танил ихтэй, нэр хүндтэй хүн байсан юм.

ОХУ-д наймаа
хийж мөнгө олж байгаа хүмүүс чинь ер нь ганц биеэр л явдаг. Ар гэр нь Монголдоо.
Манай хүн шиг эхнэр, хоёр хүүхдээ дагуулаад, тэжээгээд явдаг хүн байхгүй. Би наймаа
хийж мэдэхгүй. Хааяа барааг нь харж суудаг байсан. Гэртээ л голдуу суудаг байсан
юм.

-Эрхүү
дэх Консулын газрын­хан талийгаачийг анхааралдаа авахгүй, бичиг баримтыг нь цэг­цэлж
өгөхгүй байсан юм биш үү?

-Нөхөр
маань тэр үед ямар ч мөнгөгүй байсан. Бидэн рүү хамаг мөнгөө явуулчихсан байсан.
Мөнгө төгрөггүй хүн консул дээр ороод ирэхээр гайхсан байх. Та бүхэн бод доо, есөн
хоног хоол, ундгүй бай­сан хүний царай нь дорой, дуу хоолой нь сул байсан байж таараа.
Хэрвээ айж дагжсан бол ийш тийш хулгайч шиг хулбалзсан байж мэднэ. Тийм хүн ороод
ирэхээр консулынхан итгээгүй байх гэж бодож байна. Тэгээд өөрт нь итгээгүй болохоор
тэр барилга дээр гарч хүмүүсийн анхаарлыг татаж ажлаа бүтээх гэсэн байх.

Яагаад
надаас тусламж гуйгаа­гүй юм бэ гэхээр аргагүй шүү дээ. Би тэр хүнээс мөнгө авч
амьдарч байгаа, ирээд удаагүй болохоор олигтой ажил төрөл ч үгүй байсан болохоор
мэдээж санааг минь зовоохгүй гэсэндээ бүхнээ нуудаг байсан байх. Өөрт нь туслах
хүн өөр байхгүй болохоор ингээд л зүтгэе гээд шийдсэн байх даа. Консулдаа чухам
ямар асуудал тавьсныг би мэдэхгүй байна. Тийм асуудалд орсон хүн консулаасаа тусламж
гуйхгүй өөр хаачих ч юм бэ.

-Энэ
хэргийг Оросын тал хаачихсан гэсэн үү?

-Энэ хэргийг
хэрэгсэхгүй бол­гочих­сон. Ажил явдал нь болоод дууссаны дараа талийгаачийнхаа нутаг
руу очсон. Архангай аймгийн хүн байсан юм. Нутагт нь очоод чандрыг нь ёсоор болгосон.
Зайлуул нутагтаа очихыг их хүсдэг байсан юм. Одоо миний сэтгэл жаахан ч гэсэн уужирч
байна. Гэхдээ сэтгэлийг минь нэг зүйл зовоогоод байна. Манай хүнийг юу ч мэддэггүй,
орос хэл мэддэггүй будилсан хүн явж байгаад л өнгөрчихлөө гэсэн ойлголтыг манай
монголчууд авчихсан.

Миний энэ
ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хэлэхэд миний нөхөр бол харийнхны дарамтад өртсөн,
монголчуудын л нэгэн адил гэр бүлээ гэсэн сэтгэлтэй жирийн нэг эр хүн байсан юм
шүү. Гадаа­дад архи уугаад энд тэнд хэвтдэг монголчууд байдаг. Харин манай нөхөр
хэзээ ч тийм яваагүй. Эрхүү­гийн монголчууд манай нөхрийг мэднэ. Нөхөр маань архи
уудаггүй. Дөчин нас хүрээд л тамхи татаж эхэлсэн.

-Нас
барахын өмнө тэр барил­га дээр сууж байхдаа өөртөө их итгэлтэй, хөлөө доош унжуу­лаад
ер нь айсан шинжгүй байгаа нь бичлэгээс харагддаг?

-Би тэр
бичлэгийг үзээгүй. Үзмээр­гүй байна. Манай хүн чинь их бардам. Өөртөө итгэлтэй.
Ярианы маш их авьяастай. Ямар ч ажлыг хөөцөлдөөд бүтээчихдэг сэргэлэн, хүний эвийг
олдог хүн байсан. Би үлдсэн амьдралаа түүнгүйгээр яаж төсөөлөхөө мэдэх­гүй байна.
Тэр минь амьдралын бүхий л зүйлийг зохицуулдаг бай­сан. Би Оросын дэлгүүр хоршоо­гоор
ороод хувцас хунараа авч чадахгүй. Тэгэхэд нөхөр маань захын л нэг худалдагчаас
надад хувцас авч өгөхдөө үнийг нь хэд дахин буулгачихдаг байлаа.

Миний хань
чинь маш сайхан залуу байсан. Гудамжаар хамт явахад зөрсөн хүмүүс бүгд л эргэж хардаг
юм. Сууж байгаа нь, хүнтэй харьцаж байгаа нь яг л ноён хүн шиг. Настай хүнийг, ялангуяа
өн­дөр настай эмэгтэйчүүд, хүүхдийг маш хүндэлдэг байсан.

-Ямар
наймаа хийдэг байсан юм бэ. Үл бүтэх хүмүүстэй нийл­дэг байсан юм болов уу?

-Ерөөсөө
тийм зүйл байхгүй. Эрхүүгийн захаас бараагаа аваад хотуудаар явж зарна. Өвөл нь
үстэй захтэй куртик, бээлий зарна. Зун, намартаа наймааны гүйлгээ муудна. Өвөлдөө
олсон жаахан мөнгөө зун зарцуулна. Тиймэрхүү л наймаа хийдэг байсан. Гутал зардаггүй
байсан юм. Хааяа Мон­го­лын арьсан цүнх зарна. Оросоор яг л орос хүн шиг ярьдаг
байсан.

Би тэр
ингэлээ, энэ ингэлээ гээд гомдоллоод явсан юм алга. Хам­гийн гол нь хүмүүс нөхрийг
минь зөвөөр ойлгоосой гэж бодож бай­на. Би яах вэ, үеэ өнгөрөөчихсөн. Энэ хүний
үр хүүхэд нь үлдэж байна. Хэзээ нэгэн цагт хаанаас ч юм. Аавынхаа тухай буруу мэдээ­лэл
олоод уншчихвал яах вэ. Хүүх­дүүд маань аавыгаа дарамтад байсан гэдгийг мэднэ. Харин
бусад зүйлийг нь мэдэхгүй. Би яриагүй байгаа. Хүнийг үзэн ядаж, гомдчих вий, зүрх
нь хатуурчих вий гэж эмзэглэж байна.

-Та
хэргийн талаар ОХУ, Эр­хүү­гийн холбогдох газруудаас тодруулж, нөхрийг тань дарам­талсан
этгээдүүдийг илрүүлэх талаар хөөцөлдөв үү?

-Энэ хэрэг
наадмын үеэр бол­сон болохоор холбогдох албан газрууд, мэдэх хүмүүс нь амралт, баяр
ёслол гээд анзаарсангүй. Тэгэсхийгээд мартагдчих шиг боллоо. Би Эрхүүгийн Мөрдөн
байцаах газарт хоёр ч удаа өргө­дөл бичсэн. Хоёуланг нь анхаарч үзсэнгүй. Хэргийг
нь хаачихлаа. Хэрвээ би ингэж нас бараад нөхөр минь амьд байсан бол манай хүн над
шиг ингээд сууж байхгүй л байсан. Чадалтай, мэдлэгтэй, сэргэлэн хүн байсан болохоор
бүхнийг зохицуулаад энэ асуудлыг шийдүүлээд буруутай хүмүүсийг нь олчих байсан.
Гэтэл надад хүч, танил тал дутаж байгаа байхгүй юу (уйлав). Би авхаалж самбаа, хөө­цөл­длөгөө
л муутай байгаа байх­гүй юу. Би энэ хэргийн араас явж чадсангүй. Би нөхрөөсөө уучлалт
гуйсан. Талийгаачийнхаа чандрыг хийсгэж байхдаа “Чамайг дарам­талж байсан хүмүүсийг
олж, хэр­гийг чинь шийдүүлж чадсангүй ээ. Намайг уучлаарай” гээд уучлалт гуйсан.

Би тийм
их хүчтэй, амьдралыг минь аваад явж байсан авхаалж самбаатай сэргэлэн ханиа хүнд
дарамтлуулаад ийм юм болчихсон гэхэд одоо ч итгэхгүй байна. Итгэж ядаад л байна.
Хүнийг нугалчихдаг л юм байна. Нөхөр минь ганцаараа байсан болохоор л нугалуул­чихлаа.

Тэр минь
сүүлд утсаар ярихдаа “Путинд захидал бичээрэй” гэж байсан. Би өмгөөлөгч хайсан.
Надад олдох өмгөөлөгч байхгүй юм байна. Хэрвээ олдвол энэ хэргийг хөөцөлдмөөр байна.

-Аврагч
олсоор цаламдах яг тэр агшинд талийгаач цочоод уначихаж байгаа нь бичлэгээс харагддаг?

-Есөн давхраас
эгц доош унаад гурван давхрын тавцан дээр унасан юм билээ. Хэрвээ аврах алба сайн
ажиллаад гуравдугаар давхрын тэр тавцан дээр тоссон бол өөр хэрэг. Аврах боломж
байсан. Тэд буруу, муу ажилласан. Олон хоног нойр, хоолгүй явсан хүн сульдалгүй
яа­хав. Цочоод унахдаа олсноос га­раа­раа зүүгдсэн ч биеэ дийлээгүй. Үнэхээр амиа
хорлоё гээд шийд­чих­сэн хүн тэр агшинд олсноос барьж аврагдахыг хүсэх үү. Гэтэл
олсноос зуураад алдсан.

Д.САРУУЛ