Дөлгөөний энгэрээс урагш хараа сунгахад
цэлийсэн шаргал тал. Шим нь толгой руугаа
орсон өвс буцаж буй цагийн эрхээр тогоотой сүүний цөцгий шиг л шаргалтан намрын
хонгор салхинд найган ганхана. Тэртээ зүүн дороос бараан морьтой хүн айсуй. Гүүн
зэлнээс залуу хосууд гурван хувин дүүрэн
саам дамжлан алхаж явна. Мөн шувууд хаашаа ч юм бэ зэллэн нисч байв. Ийм
л дүр зураг намаршин буй хөдөөнөөс харагдана.
Их үдийн алдад гэрийн эзэн Д.Цэрэндорж
гуайтай хамт хонинд мордлоо. Уяан дээр нь зээрд, алаг зүсмийн хоёр морь байна.
Тарган байгаа дээр нь одоо хөнгөрүүлж хүчийг нь тогтоож, хавар унах гэж барьж
авсан морьд гэнэ. Хөдөөнийхөн үүнийгээ морь шарлуулах хэмээн ярьдаг билээ. Ингээд
гэрийн зүүн хойд талын толгод руу явцгаалаа. Морины уяан дээрээс мордоход л агь,
таанын үнэр хамар цоргих.
Замдаа бид хоёр ам хуурайгүй яриад
л яваад байгаа.
Ноосны урамшуулал мөнгөө авч байгаа
юу гэхэд “Өө тэрийг манай эхнэр л авч байгаа байх, би сайн мэдэхгүй. Ер нь тэрийг
авсан аваагүй болоод л байдаг юм. Хотын хүмүүсийг хараад байхад махандаа л байдаг
цалингаа барьж байгаа улсууд юм. Ченжүүд биднээс мах хямд үнээр авчихаад цааш нь
өндөр үнэтэй өгөх юм. Махны бизнесийг ченжүүдээс салгах төрийн бодлого дутаад байх
юм. Бид махаа мах зардаг хүмүүст шууд өгчихдөг, тэр нь багахан үнэ нэмээд худалдан
авч байгаа хүндээ шууд өгчихвөл болох юм. Ингэж чадвал хотын хүмүүс цалингаа маханд
биш өөр хэрэгцээт зүйлдээ зарцуулах байх гэж бодогддог юм” гэв. Ийнхүү ярьж явсаар
толгодынхоо орой дээр гараад ирлээ. Хаашаа л харна шаргал тал цэлийн хараа булаах
ажээ. Тал дунд адуу, үхэр, хонин сүрэг тайван гэгч нь налайх юм. Бандгай гуайн хонь
баруун энгэрийг барин идээшилж байна. Цаг агаарын мэдээгээр удахгүй цас орж,
бага зэрэг хүйтрэх гэж байгаа гэдгийг Д.Цэрэндорж гуай ярив. Түүний хэлж буйгаар
одоо бага зэрэг цас орох нь газарт нэн хэрэгтэй зүйл гэж байна. Хатсан өвсөнд чийг
өгөхөөс гадна намрын хайлган цагаар мал усанд явж тарга тэвээргээ алдаад байхгүй.
Цаг агаар эрт хүйтрэхээр мал өвөл бээрэхгүй өлчир байдаг гэсэн. Тэдний амьжиргааны
гол эх үүсвэр нь бог мал. Бог малдаа хонь олон. Тэдний хонь Баянцагааны илүү нугаламтай,
данхан сүүлтийн үүлдрийн хуц жил бүр тавьдаг гэсэн. Харин ямааг Увс аймгийн Өлгий
сумын хар ухна тавьсан. Ноолуур сайн гардаг том биетэй учир Увс аймгаас нүүж ирсэн
айлаас ухна худалдан авчээ.
БУХИМДАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДРАЛ
Д.Цэрэндоржоос хөдөө дутагдах гачигдах
зүйл байна уу гэж асуулаа. Тэрээр хэсэг дуугүй суун бодож байснаа “Хөдөө дутагдах
гачигдах зүйл юу л байв гэж. Хэрэглээ бага шүү дээ. Сүүлийн үед залуус хот руу
дайжих болж. Хүн чадлаа мэдэж, боломжоо харж амьдрах орчноо сонгох учиртай юм. Үүнийг
л өнөөгийн залуус мэдэхгүй байна. Эртхэн эхнэр, хүүхэдтэй болоод амьдралын мөрөө
хөөсөн залуус бол хөдөөд сайхан амьдарч бололгүй яахав. Монголын хөдөө гэдэг чинь
цэвэр агаар, цэвэр хүнс, амгалан тайван орчин шүү дээ. Наад зах нь эрүүл мэндээ
боддог хүнд хот гэдэг чинь уурын зуух л болчихоод байна шүү” гэв. Үнэхээр түүний
хэлснээр хөдөө нутаг сайхан. Монголд хямрал болох гэж байна. Ам.долларын үнэ нэмэгдэж
байна гэх зэрэг зүйлс малчдад огт хамаагүй. Бас цалин бага, зарлага их байна. Автобус
унаа, ус цахилгааны мөнгө зэрэг аар саар
зүйлээс бүр ангид. Дуртай цагтаа хотноосоо хонь төхөөрч тарган мах идчихээд, үнэтэй
эд зүйлс хэрэглээд л явж байна. Цаг агаар тогтуун өвс, ногоо элбэг байвал жаргалтай,
дэлгэр байж чадна. Хөдөөд ямар ч бухимдал алга. Зөвхөн хөдөлмөрлөж түүний үр шимийг
хүртсэн хүмүүс. Харин хотод дээд сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллаж чадаагүй
барилга дээр туслахаар ажиллаж, бор хоногийг хүний эрхээр өнгөрөөж буй
залуус олон бий. Тэд барилгын туслах хийгээд мөрөөдөөд байгаа сайхан амьдралдаа
хүрнэ гэдэг бүтэшгүй мэт. Харин мал маллаад түүнийг өсгөж чадвал хэнээс ч дутахааргүй
сайхан амьдрах боломж энд байх шиг хэмээн ярив.
МАЛЧДЫНХАА НИЙГМИЙН ДААТГАЛЫГ
ТӨЛДӨГ АЖИЛ ОЛГОГЧ МАЛЧИН
Мал нь хоёр мянгаас дээш гарсан малчид
доороо 2-3 малчин айлтай болчихсон байна лээ. Тэднийгээ цалинжуулаад бас хоол ундыг
нь даачих аж. Хонь, үхрээ таслаад гэрийнхээ ойролцоо малчин айлуудаа буулгачихаад
өглөө болгон машинтай очиж заавар зөвлөгөө өгсөн шиг л амьдардаг юм байна. Д.Цэрэндорж
гуайнх мөн л гурван малчинтай юм билээ. Малчин айлуудынхаа гэрийн эзэн болоод эхнэрийг
нь цалинжуулаад бүр нийгмийн даатгалыг нь хүртэл төлдөг гэж байгаа. Үүнийгээ яваандаа
нас өндөр болохоор өөрсдөд нь хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна лээ. Өнгөрсөн жил
гэхэд Төв аймгийн Баянцагаан суманд өвөл, хавар малыг нь харж өгдөг хоёр айлд цалингаас
нь гадна мал тасалж өгчихөөд иржээ. Д.Алтангэрэл, Дармаа гэх хоёр айлд нэгэнд нь
50 эм хонь, нөгөөд нь 30 хонь, ямаа өгсөн
байна. Гэхдээ малыг хүн шиг л хайрладаг хүнд мал өгөхгүй бол сайн санаад
өгөхөөр маргааш нь хот руу мөнгө болгох гээд махлаад аваад явчихдаг хүн ч байдаг
хэмээн ярьж суув.
Ийнхүү хонины бэлчээр дээр хэсэг яриа
өрнүүллээ. Бандгай надтай элдвийн зүйл ярьж суухдаа ийш тийшээ дурандаад байх. Тэгснээ
“Өглөө хүүгийн олохгүй байсан хүрэн азаргатай адуу тэнд л байна. Пүрэв хэдэн хонио
хариулаад явж байна” гэх мэт малаа, байгаль, ойр орчмоо бүртгэнэ. Хонь тогтуун байгааг
харсан болохоор гэр рүүгээ явлаа. Тэр үеэр том хүү Батзаяа өглөө олоогүй адуундаа
явжээ. Тиймээс бид хоёр гүү татах ажилд томилогдлоо. 40 гаруй унага татав. Ихэнх
гүү нь сүү сайтай юм. Удалгүй хувин дүүрээд, том саванд юүлэх ажээ. Энэ үеэр хотоос
хүүхдүүд нь ирцгээсэн юм. Тэд гэртээ орж, айраг уучихаад аав, ээжийнхээ түлээг
бэлдэж, өгөхөөр явцгаалаа. Баруун талд байх
уулнаас бургас олж ирэх гэнэ. Мөн усны том цэнхэр савуудыг нь дүүргэхээр хоёр нь
явлаа. Гэрийн эзэгтэй тогоо нэрж байлаа. Нэрмэлийн жалавчны ус халахаас өмнө үхрийн
зэлэн дээрээ очиж үхрийн баас дэлгэх юм. Намрын шар аргал бэлдээд авчихсан байхад
мод шиг л асна. Намаржаан дээр байхад цас орлоо гэхэд түлшгүй гэж муухай царайлахгүй.
Мөн аймгийн төвд байх хамаатнууддаа намар, өвлийн түлшийг бэлдэж өгнө хэмээн Пунцагдулам
эгч энэ тэрийг хийх зуураа ярина.
Гэрийн эзэд удахгүй Баянцагаан орж
өвөлжөөгөө янзалж өнгөрсөн өвөл хураасан аргалаа хураах юм гэнэ. Амралтын өдрүүдээр
хүүхдүүд нь ирсэн болохоор хадсан өвсөө өвөлжөө
рүүгээ зөөх гээд мундахгүй олон ажилтай. Пунсалдулам эгч саяхан л зэлэн дээр үхрийн
баас дэлгээд зогсож байсан ч аль хэзээний гэрийнхээ үүдэнд ирээд ааруул тавьж байгаа
харагдав. Хэзээд нь амжуулдаг юм гэмээр дэлгэцтэй ааруул гэр дээр эрийтэл нь тавьчихсан
байх аж. Мөн тэднийх том гэртээ бяслаг шахаж байлаа. Ус, модонд явсан хүүхдүүд ч
удалгүй ирлээ. Ойрхон байх уулнаас цөөн хэдэн бургас олж иржээ. Том хүү Ц.Батзаяа
ч адуунаас ирлээ. Аавынхаа гэрт орж ирснээ нэг найз руугаа залгаж байгаа бололтой
суурин утсаар ярив. “Чиний алдсан гээд байгаа гурван адуу чинь ямар зүстэй билээ.
Аан цэгээн дэлтэй шарга үрээ байна лээ. Нөгөөх нь хүрэн адуу байсан бараг мөн юм
биш үү” гэв. Тэгснээ “За тэгвэл адуу гаргахаар хүрээд ир. Хамт явж харах уу” гэж
нэг найзынхаа адууны сургийг гаргаж өглөө. Тэгснээ гэрээсээ хонины арьс гаргаж ирээд
гэрийнхээ ард байх шүүтэй сав руу хийж байгаа харагдлаа. Өвөл өмсөх сэгсүүргэн
дээлнийхээ арьсыг шүүдэж байгаа нь энэ аж.
Харин бусад нь гүү саах цаг арай болоогүй байгааг ашиглаж, хотоос ирсэн
хүүхдүүдтэй дэмбээдэх аж. “Дэмбээ манан даа тавын манан зургаа байна” гээд… үзэж
тарлаа, нөгөөдүүл чинь. Би ч юу дутахав
гэсэн шиг дунд нь суугаад л тэдэнтэй дэмбээдэв. Намрын өдий цагт хөдөөнийхөн их
ажлынхаа хажуугаар найрлаж, бас дэмбээднэ. Ийнхүү нэг өдрийг жирийн нэг малчин
айлд өнгөрөөлөө. Ямартай ч бидний очсон айл амьдралд дарлуулалгүй, харин ч давж
гараад даацтай амьдарч болж байгаагийн жишээг тэднээс олж харлаа. Үүнийг гэрийн
эзэн “Хэрэвзээ бид хотод байсан бол цалингаас цалингийн хооронд царай алдаад сууцгааж
байх байсан биз” хэмээн ярьж байсан юм. Зарлагаа давсан орлоготой, гэрийн эздийн
яриагаар бол зарлагагүй орлоготой амьдарч байгаа эгэл өрх айлын амьдралын зах зухаас
сурвалжлахад ийм байна.
Нар баруун тийш хэвийж, бүлээн элчээ түгээх ажээ. Тэртээд харагдах
өндөр уулс халиун бугын зоо шиг шаргалтан байна. Бүх зүйл нарны өнгөтэй болчихсон
мэт шаргал. Зүүн уулын энгэрээр хонин сүрэг тааваараа идээшлэх үед гэрийн эзэдтэй
дахин уулзах ерөөл тавин нийслэлийн зүг хөдөллөө. Ай даа, Монголын налгар намар мөн ч сайхан юм аа.
Э.ХҮРЭЛБААТАР