Түрүүч нь ¹
193 (4520), 194 (4521) дугаарт
Нуурын эргээр сав ганзагалсан мотоцикльтой
хүмүүс нааш цааш хөлхөлдөнө. Нэг нь “Сүү авах уу” гэсээр ирэх бол нөгөөх нь “Шинэхэн
сүүний тараг байна шүү” гэх юм. Ер нь Өгий нуурт амрахаар ирсэн хэн бүхэнд малчид
өөрснөө айраг цагаан идээгээ хүргээд өгчихдөг бололтой. Ихэнх амрагчид ганц хоёрхон
хонож саатаад явахаасаа илүү дор хаяж долоо хоногоор амрахаар ирдэг тул малчид
тэр хугацаанд байнгын “худалдан авагч”-тай болчихдог байна. Тийм ч учраас хүмүүс
сүү цагаан идээгээ гараа гарган боловсруулдаг байна. Тэд “Хэн ч гэсэн гурил амтагдсан
ааруул, хахарсан тараг, хатуурсан айргийг амсалгүй мэдэлгүй авчихлаа гэхэд дараагийн
удаа авахгүй. Тэгээд ч манай эндхийнхэн өрөөлд зарах ч бай, өөрсдөө хэрэглэх ч
бай цагаан идээгээ уламжлалт аргаараа хийдэг” гэж ам бардам хэлцгээж байв.
Айл болгоны хашаа хороонд төлөг, борлон,
шүдлэн, хязаалан, нас бие гүйцсэн хонь, ямаа зэрэг нас насны бог мал уяатай байх
юм. Шинэ шөл уух гэсэн амрагчид тэднээс үнэ тохиролцож худалдаж авдаг аж. Ихэнх
тохиолдолд малчид нь өөрсдөө амрагчдын худалдаж авсан малыг муулж, гэдэс дотрыг
нь арьс шир, өлөнтэй нь авч үлддэг байна.
МОРИНД “ГАРАМГАЙ” ЭР
Үдээс хойхно бараан зүсмийн хөтөлгөө
морьтой цэнхэр тэрлэгтэй хүү отоглон буусан амрагч болгонд дээр очно. Бидний
хажууханд буудалласан амрагч дээр ирүүт өнөөх дээрэнгүй өндөр бор залуу хөтөлж
явсан зээрд халзан мориных нь цулбуурыг булааж авангуутаа мордоод зүүн урагш давхичихлаа.
Үлдсэн хэд нь өнөөх хүүгийн унаж ирсэн цавьдар морины дэргэд зургаа татуулцгаана.
Хэсэг удсаны эцэст зээрд халзанг унан гүвээ даван хурдлан алга болсон залуу ташуураа
газар чирсээр явган ирж яваа харагдав. Цэнхэр дээлт хүү ч яаравчлан ухасхийн, түүн
дээр очсоноо цааш давхичихав. “Гайгүй юу”, “Зүгээр үү” гээд сүйд майд болох олны
дундаас “Муу адсага чинь хамар даваад булгидаг гэж байна ш дээ. Эмээлийнх нь
бэхэлгээ сул байсныг та нар анзаардаггүй юм уу.
Бэхэлгээ нь сайн байсан бол ч би ч
хичнээн булгисан ч тогтох л байсан. Зүүн гар л эвгүй болчихлоо” гэх түүний дуу
чангаас чанга, тодоос тод сонстож байлаа. Муу хүний дуу чанга аа гэж. Цэнхэр дээлт
хүү өнөөх “алдарт догшин” зээрд халзан морио хөтөлсөөр тэдэн дээр буцаж ирэв. Гурван
залуу түүнийг тойрч зогссоноо нэг хүүгийн өвөр лүү нь нэг юм хийчихэв. Хүү ч илт
дургүйцэж байгаа бололтой түүнийг нь буцааж өгснөө, морио давирсаар тэднээс холдов.
Цэнхэр дээлт хүүг хүмүүст морь унуулдаг байх гэсэн бидний таамаглал үнэн болж хүү
бидэн дээр ирж, морь унахыг санал болголоо. Тэрээр майхны гадаа ирснээ “Морь унах
уу. Нэг цаг нь 20 мянга” гэж байна. Зээрд халзан морь нь улаан галзуу давхиж ирсэн
янзтай хамар ам нь сарталзана. Дарайн хатсан арьс нь усан хулгана болтлоо хөлөрсөн
гэдгийг нь гэрчилнэ. Хөлс нь хатсан хэдий ч амьсгаа нь дарагдаагүй аж.
Зээрд халзанг унаад шогших гэтэл баруун
урд хөл нь доголчихож. Цэнхэр дээлт хүү “Өө хөлд нь цус хурчихаж. Түрүүний унасан
ах цатгалан байхад нь хамаагүй хурдан давхиснаас ингэчихлээ. Аавдаа мэдэгдэхгүй
л эдгээчих юмсан. Мэдвэл ч их уурлана даа. Хурдхан харьж хар цайгаар шавшъя. Хичээлийн
хэрэглэлийнхээ мөнгийг олно гэдэг ч худлаа боллоо доо” гэсээр гэр рүүгээ уруу царайлан
мориндоо мордлоо. Хүүд мөнгө өгвөл их л гайхан “Та нар морь унаагүй ш дээ” гээд
авсангүй. “Зүгээр ээ. Дараа жил ирэхдээ зээрд халзан морийг чинь үнэгүй унана шүү”
гэвэл “Тэгээрэй” гээд толгой дохиод мишээв. Хөөрхий зээрд халзан эзэндээ хөтлүүлэн
гэрийн зүг алхахдаа өмнөхөөсөө улам ч дойдгонож, доголсон хөл нь гишгэхэд улам ч
хөндүүр болжээ. Зээрд халзангаар нь улаан галзуу давхиж доглуулсан залуу мөнгө өгөөгүй
гэнэ. Харин ч “Наад догшин мориноос чинь унаад гараа эвгүй болгочихлоо. Чи надаас
биш би чамаас мөнгө нэхэх ёстой юм биш үү” гэсэн гэнэ. Тэр бүү хэл гурван залуугийн
түүний өвөр рүү нь хийгээд байсан зүйл нь лаазтай пиво байсан гэнэ. Халамцуу залуус
“Ах нар нь үүгээр мориных нь төлбөрийг хийчихье” гэснээ хоёр гурван ч лаазтай пиво
өвөрт нь хийж өгсөн ч хүү дургүйцээд аваагүй тухайгаа бидэнд цухас дуулгасан юм.
Эрэг дагуух бидний буудалласан газрын
ойролцоо хоёр гурван ч хадтай эгц довцог байх. Тус бүр дээр нь жижигхэн чулуун
овоо босгожээ. Нууран дээр очсон хүн болгон овоон дээр ёс мэт гарч нар зөв гурав
тойронгоо алгаа хавсран сүслэх. Өгий нуурт жилд хоёроос гурван хүн живж амиа алддагаас
ихэнх нь эрчүүд байдаг гэнэ. Тийм ч учраас Өгий нуурыг эм лус савдагтай хэмээн
нутгийнхан хэлэлцдэг бөгөөд амрахаар ирсэн хүн бүр лус савдгийг нь аргадаж, аврал
эрж байг гэсэндээ тэдгээр овоог босгожээ.
АХ ДҮҮ ХОЁР “АНЧИН”
Нуурын эрэг дээр төмөр хувин барьсан
хоёр хүү ирлээ. Гэртээ ус авах гэсэн ажилсаг хүүхдүүд гэж бодсон чинь нэг л биш
ээ. Хоёул нуурны уснаас хувиндаа дүүргэн дамналдаж эрэг дээр гаргангуутаа нуруугаар
арай нам сөөсгөр хүү “Ах аа, энэ нүх рүү усаа хийе. Сая ийшээ хоёр том хулгана орчихсон”
гэвэл ах нь ч хувинтай усаа дааж ядан дүүгийнхээ дэргэд очуутаа усаа хулганы нүх
рүү юүлж гарлаа. Хувинтай усаа дуустал хийсэн ч хулгана гарч ирсэнгүй. Ах нь “Чи
одоо ус хутгаад ир. Агаа нь нүхээ манаж байя” гэснээ гартаа модоо барьсан хэвээр
доош бөхийн цохиход бэлдлээ. Дүү нь ч “За” гэсээр нуур руу гүйв. Хувингаа дүүртэл
шахуу ус хутгасан дүү нь “Агаа би даахгүй байна” гэвэл “Мангар юм уу. Наадахаасаа
асгаач. Тэг дундуур нь байхад л болно” гэвэл дүү нь ч ёсоор болгов. Хоёр дахь хувин
усаа хийсэн ч гарч ирсэнгүй. Ах нь “За би усанд яваад ирье. Энийг хийгээд л яг гарч
ирнэ. Харин чи анхааралтай зогсоорой. Гараад ирж магадгүй шүү” хэмээн аминчлан
захиад хойш эргэснээ “Нөгөө хулгана чинь энэ нүхнээс гараад явчихлаа” гээд хажуугийн
нүх рүү заав. Дүү нь “Яг мөн үү” гэж лавлан асуувал “Чи сайн хар л даа. Энэ замаар
энд тэндгүй ус дуссан байгаа биз дээ. Энэ хулганын чинь гэр нэг биш хоёр “хаалгатай”
юм байна. Мэдсэн бол нэгийг нь чулуугаар тагладаг байж. Нэг хулгана нь гараад явсан
ч нөгөө нь үлдсэн” гэснээ ойр хавийн нүхнүүдийг чулуугаар бөглөж гарав. Тэгснээ
дахин ус хутган ирж нүх рүү цутгатал өнөөх отсон нүхнээс нь хулгана гарч гүйтэл
ах дүү хоёр сурмаг гэгч нь цохиод алчихав. Ах нь сүүлнээс нь дээш өргөснөө “Энэ
хулгануудын толгойлогч нь байна. Толгойлогчийг нь устгачихсан юм чинь хоёулаа ялчихсан
гэсэн үг” гэвэл дүү нь “Хоёулаа хулганын армийг ялчихсан юм чинь маргааш лусын хаантай
тулалдана аа” гэсээр гэрийн зүг пээдгэрхэн алхацгаав. Муур, нохой л нуурын эрэг,
айлын гадуур хаа нэг харагдах үхсэн загасыг бариад ирчихдэг юм байх гэж бодсон тийм
биш юм. Тэдэн шиг шилбүүр унасан улаан хацартай жаалууд загасны жинхэнэ “эрлэг”
аж. Хурга ишгээ хариулах, тугалаа услахдаа л загаснуудыг “ид бад” хийж зугаагаа
гаргадаг юм байна. Эцэг эх нь “Лус хилэгнүүлнэ. Боль битгий. Амаар чинь дүүрэн яр
гарна даа” гээд ч дийлдэггүй аж.
ДАРАА ЖИЛ ДАХИЖ ИРНЭ ЭЭ
Нар нуурын усан дээгүүр гэрлэн зам
татуулсаар баруун уулын толгойд хүрч, оройн сэрүүн нэгэнт оржээ. Ногооны униараар
биеэ ороосон уул, тал зүүрмэглээд эхлэх шиг нам гүмхэн. Нуурын мандал дээр загасчлах
ганц хоёрхон завинаас өөр нүдэнд торох зүйлгүй. Нуурын ус руу чулуу шидэх мэт цүл
хийх чимээ гарган энд тэндгүй жижиг загаснууд дээш цовхчино. Эрэг дагуух дэрсэрхэг
газраар тогоруун сүрэг бусад зүйл төрлийн усны шувууд чуулж, намрын сэрүү оржээ.
Бид ч үдшийн бүрий тасрахаас өмнө
хөдлөхөөр майхан саваа хурааж, гадуур хөглөрсөн элдэв хог сэлтээ цэвэрлэв. Төдхөн
хөдлөхөд бэлэн боллоо. Найзууд маань бүгд “Энэ сайхан хангайд дараа жил дахиж ирнэ
ээ” гэсээр гэрийн зүг жолоо залсан юм.
М.УУГАН-ЭРДЭНЭ