Categories
редакцийн-нийтлэл

Дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй болцгооё

Улс төрд ээлжит бужиг­наан нь эхэллээ. МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдан, Засгаас гарах шийдвэр гар­гав. Засгийн газарт багтдаг “Шударга ёс” эвслийн нэг нам нь ингээд мэдэгдчихээр эвс­сэн МҮАН байдалд орж цааш­лаад Засгийн газрыг бүрдүүлсэн намууд ч хэрхэх талаар толгойгоо ажиллуулж эхэлж байх шиг байна. Ер нь энэ мэтийн бужигнаан Мон­голын улс төрд ёс мэт байнга өрнөсөөр ирлээ. Энд тэндгүй улс төржиж, гэдсэндээ хөлөө жийлцэж, нэгийнхээ араас хутга шаан харин энэ бүх­нийгээ улс төр хэмээн нэр­лэнэ. Үүнийгээ улс төр өрнөж байна гэх бөгөөд улс­төрж­сөнөөр баялаг бүтээгдэж, улстөржсөнөөр монгол хүн сэтгэл, гэдэс цатгалан явдаг бол ёстой цадахаар нэг бол­лоо доо. Гэвч тэгсэнгүй. Өнөөх л хэрэлдэж уралддаг хэдэн хүний хэсэг нь нэг зууртаа дарга болж бусад нь шүүм­жилж, өөр нэг цагт өнөөдүүл нь мандаж үлдсэн нь гундав хэмээн дээр дороо орсоор ирэв. Нэмэгдэхүүний байр­лал солигдсон ч нийлбэрийн чанар нь бахь байрандаа явсаар ирлээ.

Одоо ингэмээргүй байна. Энэ мэт яваад л байвал бу­жигнаж дуусалгүй хорин жил өнгөрсөн шиг дахиад жаран, зуун өнгөрөх гээд байна. Харин одоо Монголын улс төрд, Монголын  төрд, Монгол Улсад, монголчуудад дөш шиг нягтарсан дөчин гишүүн л хэрэгтэй байна. Мянга, мянган мундаг сэтгэлтнүүдтэй болъё гэж мөрөөдөөд юүхэв. Монголын төрийг, парла­ментат засаглалыг бужиг­наан­гүй тогтвортой явуулах дөчин гишүүн л юуны өмнө хэрэгтэй байна. Дөшийг яаж ч балбасан задарсан гэж дуулсангүй. Яг үүн шиг ямар ч ашиг сонирхол, ямар ч улс төрөөс ангид байж Монголын гэсэн эрх ашгийг харж ажил­лаж чадах дөчин хүн л би­дэнд хэрэгтэй. Тэд АН-ынх байна уу, МАН-ынх байна уу. ИЗН, МҮАН бүр засгаас гарна гээд байгаа МАХН байсан ч хамаагүй. Дөш шиг нэг цул байж, энэ улсын хөгжлийн төлөө зогсч чадах л хүмүүс байх ёстой. Одоо УИХ-д АН-ын  31, МАН-ын 25, МАХН-ын зургаа, МҮАН-ын дөрөв, бие даагч гурав, ИЗН-ын хоёр гишүүн байгаа бөгөөд МАН-аас Д.Арвин тангараг өргөх нь тодорхой мөн Өвөрхан­гайгаас АН-ын хоёр, СХД-ээс АН, МАН-ын аль нэг бас МАХН-аас нэг хүн орж ирэх нь үлдчихээд байгаа. Гэхдээ аль нэг намын тоо нь олон­хийн тоонд хүрэх эсэх нь хамаагүй харин Монголд одоо тарж бутарч биш нэгдэж нийлэх цаг хугацааны онь дээр ирээд байна гэдгийг ойлгодог намч бус номч сэт­гэлгээтэй хүн хэрэгтэй байна. Энэ бол нийгмийн, түүхийн захиалга болчихоод байгаа нь үнэн билээ. Тиймээс тэр энэ нам гэлгүйгээр нэг цул болж ажиллаж чадах дөчин хүн л бидэнд хэрэгтэй гээд давтан, давтан хэлээд байгаа юм. Тэр нь МҮАН-тай нийлээд 40 болно уу, МАН-тай ний­лээд 40 болно уу үнэндээ хамаагүй юм. Ямартай ч намынх нь үнэт зүйл нь аль нэг дарга, толгойлогчийнхоо төлөө биш монголчуудын нийт эрх ашгийн төлөө гэж тодорхойлогддог нам байж таарна.

Ер нь улс төрийн намуудын үнэт зүйл нь юу байдаг талаар илүү ойлгомж­той тодорхойлолт бидэнд хэрэгтэй болсон шиг. Сүү­лийн үеийн намууд ерөөсөө хэн нэгэн хүн, дарга даамлаа л намынхаа үнэт зүйл гэж ойлгоод байх юм. Мөхөс ма­ниусын бодоход улс төрийн намуудын үнэт зүйл, зорьж буй зорилго нь арай өөр бай­маар. Гэтэл сүүлийн үед өөр болсон дог оо. Мэдэхгүй юм даа. Намууд тус бүртээ жиг­тэйхэн гоё сайхан уриа лоо­зонг зохиож олдог. Төрөө хямралаас түмнээ ядуур­лаас, Монголдоо сайхан амь­даръя, Шударга ёсыг тог­тоож… юу, юу ч билээ дээ. Мянган гоё үг бодож оллоо ч эцсийн зорилго нь ард түмэн нь сайн сайхан амьдрах л явдал шүү дээ.

Ямартай ч Монгол Улс хэзээ хэзээнээсээ илүү тогт­вортой байх чухал цаг үе ирсэн гэдгийг олон хүн мэ­дэрч, ухамсарлаж байна. Улстөрчдийн хоосон үг хоол болдоггүй гэдгийг хорин жил харлаа. Алийн бүр хоосон цэцэрхэж, хоорондоо улстөр­жихөд нь уруу татагдаж ядуу дорой явахав, ард түмэн. Улстөржиж ханалаа, урал­цаж муудалцаж ч боллоо ш дээ. Улс төрийн тэмцэл хий­гээд байх нь угаасаа утгагүй болчихсон. Ер нь улс төрийн тэмцлийг хийдэг шалтгаан нь ердөө нийгмийн баялгаас түлхүү хүртэх, захиран зар­цуулах эрхийн төлөөх л тэм­цэл байдаг. Тэгвэл монгол­чуу­дад баялгаас ахиу хүртэх гэж хоорондоо уралцаад байх шаардлага байхгүй бол­чихлоо шүү дээ. Монголын хөрсөн дор хоёр сая байту­гай, хорин сая хүнийг хагартал нь баяжуулж, тансаг сайхан амьдруулах баялаг байна. Харин энэ баялгаа жинхэнэ утгаар нь баялаг болгож, эрх тэгш хуваарилахын тулд тогт­вортой төр засаг байхад л болно. Энэ утгаараа бидэнд хэзээ хэзээнээс илүү тогтвор­той засаг хэрэгтэй байна. Тэр байдлыг авчрах дөш шиг цул дөчин гишүүн хэрэгтэй байгаа юм. Тулхтай, зөв бодолтой, өчүүхэн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьдаг­гүй, эрх мэдлээ ашиглан хө­рөнгө мөнгөтэй болъё гэхээ­сээ төрийн хүн байж чадсан гэдгээрээ бахархаж чадах тийм хүмүүсийг л нийгэм маань нэхэж шаардаж байна.

Тэр дөчин гишүүн Оюу тол­гойн бүтээн босголтыг гүйцээж, Таван толгойг ашиг­лалтад оруулж, төмөр замыг бариулах ёстой. Мөн Монго­лыг нефть нэрдэг үйлдвэртэй болгож, зэс хайлах үйлдвэр бас гангийн үйлдвэртэй ч болгомоор байна. Дараа нь ямар ч нам нь засаг барилаа гэсэн Монголын төлөө хийсэн энэ бүхэн нь нугарч хөдлө­хөөргүйгээр болтол нь хөл дээр нь босгомоор байна. Тэгээд ирсэн цагт улс төрийн тэмцэл ч хийх шаардлагагүй болчих учраас тэр, энэ намыг засаг барих үед гэдэг ч тийм сонин биш болох биз ээ. Мэдээж, босгоод өндийлгөөд үр шимийг нь үзээд иртэл хугацаа шаардаж таарна. Тэр болтол дандаа тэмцэл хийдэг улстөрчид маань ч багагүй жүжиг ший тавьж таарах вий. Нөгөө нягтарч нийлэх гэсэн 40 гишүүнд маань ч дарамт их ирж таар­на. Магадгүй тэр түүхэн үүрэг гүйцэтгэх хүмүүст Монголын төлөө шийдсэн шийдвэр бүрт нь хувь хишиг тооцсон ч бо­лохгүй юу байхав дээ. Яагаад гэвэл тэд хувь хүнийхээ хувьд дарамт шахалтыг бусдаас илүү мэдэрч таарна. Байхгүй болтол нь зүхэх ч энүүхэнд биз. Гэхдээ жижигхэн эрх ашгийг биш том эрх ашгийг харж, том цараагаа мэдэрч чадсаных нь төлөө тэдэнд хэдэн үеэрээ талархах болно. Шинэчлэлийн бүлэг гэдэг ч юм уу, сүүлийн үед моодонд ороод байгаа нэрийг өгсөн ч яахав. Зөвхөн зөв сэтгэлтэй бүлэг монголчуудад хэрэгтэй байгаа юм. Одоо тэр нам засгаас гарлаа, энэ эвсэл саллаа хэмээн ярьсаар цаг хугацааг өмнөх шигээ алдах гээд байна. Засагт орох бо­ломжийг ард түмнийхээ төлөө зүтгэж, шударга нийгмийг цогцлоох боломж гэж харж чадахгүй, намын даргынхаа даамлын эрх ашгийг хамгаа­лах чадамж гэж харж байгаа хүмүүстэй удаан ч хамт байж чадахгүй биз ээ. АН-ынхан ч ард олны өмнө биш даргын өмнө хариуцлага хүлээдэг ийм намтай хол явахгүй байх. МАНАН ч гэгдэнэ үү, АНМАН ч гэнэ үү арай хариуцлага хүлээж чадах улс төрийн хүчинтэй эвсч, Монголын эрх ашгийн төлөө зүтгэх цаг бол­жээ. Хорин хоёр жил хоолоо хоорондоо булаалдлаа. Хүрч чадсан нь бага, авч чадсан нь ч бага. Газраар нэг цацчих­лаа. Одоо миний, чиний гэлт­гүй цугтаа урагшилмаар байна. Өнгөрсөн дөрвөн жил манан будан татууллаа гэж шүүмжлүүлсэн ч бодлогын чанартай олон зүйл дээр нэгдэж чадсан. Тэгсэндээ ч олон зүйлийн суурийг тавь­сан билээ. Одоо үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх цаг үеийн шаардлага бидэнд иржээ. Тогтвортой төр засаг л цаашид хэрэгтэй болохоос аль нам нь, алинтайгаа бялуу хүртэж байгаа нь хэнд ч сонин биш. Хийх ёстой ажлаа хийж чадаж байвал хэн нь хэнтэйгээ удаан нийлж байгаа нь бүр ч сонин биш ээ. Үнэндээ арай хариуцлагатай, арай боловсролтой, арай дээд хэсгийнхэн нь л нийлж нийгмээ урагшлуулж явдаг болохоор тэр, энэнтэй удаан нэгдсэн гэсэн нэр зүүхээс айгаад байх шаардлага ч байхгүй юм. Сонгогчид тэрэнд тооцоо бодоод байх ч үгүй. Харин үр дүнд нь юу үлд­сэнийг л харна. Тэр ч байтугай сонгуулийн жил буюу 2016 он болтол хамтарч ажиллачи­хаад өмнөхөн нь Засгаас гарахыг ч ойлгоно. Зөвхөн ажиллах гурван жилдээ л амжиж ажил хийсэн байхыг шаардана.

Ер нь цаашлаад намын гишүүнчлэлийг халах талаар ярьж, үүнийг хуульчлах хэрэг­тэй. Намын гишүүнчлэлгүй болчихвол цөөхөн хэдэн монголчууд гадаа гэртгүй улстөржих нь багасч, намууд ч эрүүл солиотой нь мэдэг­дэхгүй хүмүүсийг жагсаал­таар оруулж ирэх боломжгүй болно. Харин хамгийн зөв бодолтой, элдэв муу асуу­далд нэр нь сэвтээгүй хүмүү­сийн нэрсийг жагсааж байж өөрсдөө оршин тогтнох учраас улс төржилтийн хөлд хорь гаруй жилд үрэгдсэн бидний хэдэн монголчуудад хэрэгтэй юм даа.

Ард түмэн саналаа өгч төлөөллөө болгосон тэр хү­мүүсээс тогтвортой байдлыг л хүсч, нэхэж хүлээсээр. Өөрийн тогтсон үзэл бодол, үнэт зүйлгүй, захын хүний хатгаасаар л төрийн тулгаа хөмөрчих гээд байдаг хүмүү­сээс холдож, эхний ээлжинд дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй л болчихвол их учир байна даа. Тэгвэл дотны ямар ч хүчин, гадны ямар ч эрх ашиг Монголыг хөдөлгөж чадахгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Т.Мандир: Чингэсийн хөргийг зурахад зоригжуулсан хүн бол Дашийн Бямбасүрэн гуай шүү дээ

Зохиолч, сэтгүүлч, зураач Тангадын Мандиртай ярилцлаа. Эл эрхмийг бид Есүхэй баатар, Өүлэн эх, Ван хаан, Чингэс хаан, Жамуха, Хасар, Боорчи, Зэлмэ, Сүбээдэй тэргүүтМонголын нууц товчоо“-ны түүхэн дүрүүдийг хөрөглөсөн таталбараар нь мэдэх юм. Ерээд оны үед төвийн сонин хэвлэлд цувралаар нийтэлж байсан түүний түүхэн хөрөг зураг болоод бичил туурвилууд олны анхаарлыг ихээхэн татаж шуугиан дэгдээж байсан билээ. Тэрээр өдгөөгөөс хорин хоёр жилийн өмнөХорин нэгэн хөрөгнэрээр хэвлүүлж байсан бүтээлээ саяханХорин нэгэн зулнэртэйгээр дахин хэвлүүлсэн байна. Ингээд уг номын зохиогчтой ярилцсанаа хүргэе.

Таны хувьд хэдэн нас­наа­саа түүх сонирхож эхэл­сэн бол оо?

-Эхлээд
би гэдэг хүн ижий ааваа танилцуулаад авъя. Тэр нь зөв байх аа. Учир нь аав минь намайг түүхийн буу­рал жимээр бэдрэхэд анх уруу татаж “Монголын түүх бол их өөр шүү дээ, хүү минь. Чиний наад сургууль номдоо үзээд байгаа түүхээс өөр” гэж хэлсэн. Тийм болохоор би аавыгаа шүтдэг байхгүй юу. Манай аав (Рэнцэнгийн Тан­гад) чинь Ховд аймгийн Мян­гад сумын Өндөр Хөхий уулын өвөрт төрсөн хүн. Ээж (Пүрэвийн Бямба) болохоор Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уулынх. Тэгэ­хээр хоёр их “уул”-ын дун­даас бүрэлдсэн хүү би Богд Дүнжингараваа л хормойдож тэртээ тавин нэгэн онд хатан Туулынхаа хөвөөнд төрсөн түүхтэй. Үйлдвэр комбинатын арваннаймдугаар сургуульд орлоо. Ангийн маань багш “цоохор” Жадамбаа гэж түү­хийн багш байж таарав. Жадам­баа багш аав хоёр түүхийн ном сольж уншина. Ер нь намайг багад манай­хаар түүхийн луугарууд ирдэг байв. Хоорондоо дандаа л түүх ярина. Бүр цуурч өгнө. Тэгэхдээ эсэргүү юм ярина. Социализмаа газар дор ор­тол муулна. “Энэ нийгэм огт биш ээ” гээд л эхэлдэг бай­лаа. Би бол яахав, арха­гуу­дын яриаг нэгд нэгэнгүй сонсч байгаа юм.

Тухайн цагт чинь мэ­дээж Чингэс хаанаа маг­тахгүй. Цаад архагууд чинь болохоор өөр өнцгөөс хар­даг байжээ?

-Чингэс
хаанаа яаж магтах билээ. Яагаад гэвэл ЗХУ-ын Коммунист нам манай хүнийг хэн ч биш болгочихсон юм чинь. Түүхийн багш нар, ту­хайн үеийн сэхээтнүүд Оро­сыг л аялдан дагана шүү дээ. Гэхдээ учир мэдэх, ухаандаа аав шиг минь хүмүүс бол гэр зуураа эзэн хаанаа тэнгэрт тултал, өнөөгийн өндөрлөгт байгаа шиг магтана. Ганц ч муу унагаахгүй. Ийм л хүмүү­сийн дунд, ийм л орчинд, ийм л түүхийн хүрээнд өссөн хүн юм, би. Тавдугаар ангид бай­хад аав надад гэрээр монгол бичиг заалаа. Гол учир нь сургуулийн түүхийн хичээлд бусдын адил толгойгоо мэдүүлэлгүй, Амар гуайн “Мон­го­лын түүх” номыг сай­тар уншуулахад л оршиж байсан хэрэг. Дараа нь “Нууц товчоо”-г хуучин эх дээр нь уншаад л Монголын түүх гэдэг байдаг юм байна, байх байх­даа арай өөр юм байна гэд­гийг мэдэрсээн. Түүх болоод уран зохиолын хичээлд боло­хоор Орос, Хятадын баатар, жанжингуудын тухай үзээд байдаг. Ингээд арван зургаан наснаас надад нэг бодол төрсөн юм.

Тэр маань…?

-Монголчууд бид эзэн Чин­­гэс хаанаа магтаж бол­дог­гүй юм байж. Гэтэл яах­лаа­раа Зэв, Зэлмэ, Боорчи Сүбээдэйгээ магтаж бол­дог­гүй юм гэсэн бодол л доо. Үндсэндээ арван хэдтэй хүүх­дийн оюун тархинд орж ирэ­хээр­гүй тийм эсэргүү бодол байхгүй юу. Ингэж л Монго­лын нууц товчооны түүхэн дүрүүдийн хөрөг зургийг мөнх­лөх, түүнээ тодотгосон бичил таталбарууд хийж эхэл­сэн юм. Жараад оны сүүлээр техникумд сурч ахуй­даа анхныхаа зохиолыг би­чиж эхэлсэн. Өнөө л Чингэс хаанаа, хэдэн өрлөг жан­жидыг нь бичихгүй юу. Уран сайхны аргаар бичиж байгаа юм л даа. Үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэрээр л тэрлэж байлаа. “Догшин Добуу” гэдэг роман туурвиж эхлэхэд ма­най найз нөхөд ойр дотны хүмүүс бүр гайхаад, цөхрөөд аргаа барсан л даа. Тэгээд надад “Чи ийм балай юм бичиж байгаад шоронд оров зэ” гэж хэлж байлаа. Гэхдээ тухайн романаа би одоо хэр нь дуусгаагүй байгаа л даа. Мөн Лавай дархан гэж хүний тухай би “Нөмгөн эр” гэсэн туурь бичсэн. Энэ ямар учир­тай вэ гэхээр эртний нийслэл Хархорумд байсан дархан хүн юм. Мань эр нэг удаа архи ууж ураг садандаа агсам та­виад бүс бүслэх эрхгүй бол­сон байдаг. Тиймийн учир би “нөмгөн эр” хэмээн тодот­госон хэрэг. Уг зохиолоороо Хархорум гэж эртний маш том нийслэл байсан юм шүү гэдгийг харуулах зорилготой. Наяад оны дундуур уг зохио­лыг “Утга зохиол, урлаг” со­нинд Санжийн Пүрэв гуай гаргаж өгч байлаа. Дараа нь телевизийн жүжиг ч болсон санагдана. “Нөмгөн эр”-ийн Лавай дарханд гавьяат жү­жиг­чин Ж.Сүххуяг тоглож бай­лаа даа.

ТаНууц товчоо“-ны түүхэн хүмүүсийн хөргийг зурж, бичил туур­вил­тай­гаар ерээд онд тухайн үеийнУлаанОдсонинд хэв­лүүлж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийн эх дү­рийг хэрхэн төсөөлж зурав гэдэг сонин байна. Уран сайхнаар сэтгэв үү, ямар нэгэн түүхийн улбаа энээ тэр нөлөөлөв үү?

-Түүхээ,
ялангуяа эх түүхээ маш их уншиж судалсан. Далаад оны эхэн үед номын санд бүтэн жилээр сууж Марко Пологийн аяны тэмдэглэлийг Дашдоржийн Нацагдоржийн хуучин бичигт буулгаснаар уншиж байлаа. Үндсэндээ эх хувиар нь гэсэн үг. За тэгээд Юань-Ши судар байна, “Юань улсын түүх” хэмээх 110 боть зохиол байна. Тэр бүг­дийг уншсаан. Түүх уншина гэдэг тухайн хүний ухаанаас шалтгаална. Зүгээр нэг но­мын хуудас үхэр хивж байгаа юм шиг уншихгүй. Дэвсгэр сайтай хүн түүхийн эх зохиолыг өөрөөр харж ун­шиж мэдэрдэг дээ. Би бол тэгж л уншсан байхгүй юу. Тэгээд л оюун тархиндаа огт өөрөөр сэтгэж эхэлсэн л дээ. Мөн надад байдаг нэг зүйл бол зураг зурах авьяас. Зургийн чиглэлээр ямар ч мэргэжил боловсрол эзэмшээгүй, сур­гууль соёл төгсөөгүй хэрнээ тийм нэг төрмөл авьяас надад хадгалагдаад байдаг. Бичил туурвилуудаа зурагжуулна, үндсэндээ өнөө л Чингэс хаанаа, өрлөг жанжидаа янз бүрээр зурдаг байлаа. Ийм л олон жилийн давтамж, түү­хийн улбаа, сурвалж бичгүүд дээр суурилсан уран сайхны аргаар зохиолынхоо баат­руудын эх дүрийг гаргасан юм. “Хорин нэгэн хөрөг” но­монд орсон бүтээлүүдийг хүмүүс дандаа хаадууд гэж ойлгоод байдаг. Хаадууд ч бий. Өөр хүмүүс ч бий. Ту­хайл­бал, Тататунгаа байна.

Тэгвэл Тататунгааг хэр­хэн зурснаа сонирхуулаач?

-Найманы
Тататунгаа гэ­дэг чинь “Нууц товчоо”-нд болохоор Даян хааны тамгыг өвөртөлж яваад баригдсан нэг өвгөний дүр байдаг. Үнэн чанартаа судар ном сугав­чилсан түшмэл байжээ. Энэ хүн Хэрэйд, Найман, Татар аймгуудын түүхийг багцалсан эрдэмт хүн. Түүний хөргийг бүтээх гэж он удаан хуга­цаанд бодсон. Тэгж тэгж на­дад Га багш (төрийн шагналт нэрт эрдэмтэн Шанжмятавын Гаадамба)-ийн дүр буугаад болдоггүй. Тататунгаа бол Га багш шиг бичгийн хүмүүн байсан байх гэж бодогдоод. Тэгээд л Га багшийн ерөнхий дүр төрхөөс ургуулж Даян хааны тамгыг өвөртөлж явсан нөхрийг зурсан даа.

-“Хөрөг“-ийн хэмээн то­дот­годог зураач Намхай­дагвын Орхоны Жамуха цэцэний нэг хөрөг бий дээ. Та мэдээж үзсэн байх. Түүн­тэй таны Жамухын хө­рөг хэр ойр бол?

-Би
Орхонтой уулзаж ойр дотно байдаггүй. Гэхдээ яагаад ч юм хөргүүд нь надад ойр санагддаг юм. Жамухын хөргийг би үзсэн л дээ. Би анх Жамухыг Тагна Соёнын ну­руунд байгаагаар зурсан хүн шүү дээ. Тийм дээ ч юм уу, миний хөрөгтэй их л ойрхон санагдсан.

-“Чингэс хаан болоод Өүлэн эх, Бөртэ, Мухулай нарын зургийг Өвөр Монго­лын зураач Сэцэн бүтээ­сэн. Тун содон сонин санаг­даж байлаа. Харин Манди­рын зургуудыг үзэхэд Сэцэн­гийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй бол­жээгэж түүхийн нэртэй эрдэмтэн Чулууны Далай гуай бичсэн байдаг. Тэрхүү тодорхойлолтыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Ёстой
юм ёсоороо бол­лоо гэдэг шиг нэрт эрдэмтний тодорхойлолтыг байх ёстой юм гэж үзсэн шүү. Энэхүү түүхэн хөргүүдийг зураад, таталбаруудаа биччихээд өөртөө итгэдэггүй ээ. Нэг бол түүхэнд үлдэхүйц одоогийн хэллэгээр сонгодог бүтээл хийчихсэн юм шиг, эс бөгөөс хэнд ч хэрэггүй юм хийчихсэн шиг санагдаад түүхийн эр­дэм­тэдтэй уулзъя гэж бод­лоо. Ингээд Түүхийн хүрээ­лэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Лхагвасүрэн дээ­рээ очлоо. Одоогийн “Чингэс хаан” дээд сургуулийн захи­рал шүү дээ. Лхагваа дүүд үзүүлтэл үгүй ээ мөн их баяр­лаж байна аа. Зургуудыг да­хин дахин үзээд л. Өнөө туур­вилуудыг чинь нэгд нэгэнгүй уншаад л. Тэгээд намайг Сэр-Оджав гуайтай уул­зуул­лаа, Гүнжийн Сүхбаатар гуай, Наваан гуай Баяр гуай гээд аваргуудтай уулзлаа. Тэд чинь намайг хүрээлэнгийнхээ тэр бүр хүнд үзүүлээд байдаг­гүй ховор үзмэрүүдийг үзүүл­лээ. Эртний хаадуудын мал­гай сэлтийг тэнд үзэж зургууд минь улам л үнэмшилтэй бодитой болсон л доо.

Өүлэн эхийг, Чингэс хааныг зурснаа сонир­хуу­лахгүй юу?

-Өүлэн
эхийг би их зовсон хүн гэж ойлгодог. Түүхийн болоод амьдралын үнэн бол тэр шүү дээ. Тэмүүжин, Хасар хоёр хоорондоо сөргөж мар­га­хад, Бэгтэр Бэлгүдэй нар­тай мөн л маргаж нэгийгээ хөнөөхөд хэн зовох юм, Өүлэн эх л зовно. Тэгэхээр зовсон эхийн дүр бууна, мөн Монгол Улсыг босголцсон хатан ухаант эх шүү гэхээр бас нэг өөр зүйл мэдрэгдэнэ. Энэ хоёрын дундуур л зурж байгаа юм. Чингэс хааны эх зургийг бол монгол хүн анх зурсан шүү дээ. Тайванийн иш хөрөг бий. Манайхан мэднэ дээ, Хубилай хаан өвөөгийнхөө дүрийг өөрөө үзүүлж байж Хар хасун гэж хүнээр зуруулсан байдаг. Уг иш хөргөөс зураач, барималч уран бүтээлчид эзэн хааны­хаа хөргийн эх загварыг авч зурсан нь бий.

Та бас тэрхүү иш хөр­гөөс санаагаа ургуулсан уу?

-Би
аваагүй юм. На­дад бол өөрийн гэх нэг сонин санаа бий л дээ. Тэмүүжин Хэнтийн Дэлүүн Болдогт ч, Дадал, Биндэр ч хаана төр­сөн байх нь хамаагүй. Ямар ч байсан хөвчид төрсөн гэдэг нь ойлгогдоод байдаг. Хөвчид төрсөн хүн бол сахал нь тачир сийрэг байх учиртай. Тэгэхээр нэг их урт буурал сахалгүй байсан болов уу гэж бодогддог. Энэхүү бодлынхоо үндэс суурь дээр тулгуурлаж эзэн хаанаа зурсан. Тэгээд ч намайг эзэн хааныхаа хөр­гийг анх зурахад зоригжуулж, дотоод хүчийг минь нэмсэн хүн бол Дашийн Бямбасүрэн гуай шүү дээ.

Өө тийм үү. Бямба­сүрэн гуай бол Базарын Цэдэндамба гуайн хэлд­гээр Чингэс хаантай нэг багийн хүн дээ?

-Тийм
ээ, нэг нутгийн хүн. Миний бие ерэн хоёр онд уран бүтээлийн шавь Чимэд­бальдарын Дунгарын хамт хаадын хөргөөр үзэсгэлэн гаргалаа. Цэргийн музейд үзэсгэлэнгээ гаргахдаа Бям­ба­сүрэн гуайд хэлсэн юм. Манай хүн тэгэхэд Ерөнхий сайдын ажлаа дөнгөж хү­лээл­гэж өгөөд байлаа л даа. Ингээд Бямбасүрэн гуай ирж үзэсгэлэнг үзээд надад хоёр зүйл хэлсэн юм. Эхнийх нь “Чамтай би санал нэг байна аа. Чингэс хаан бол яалт ч үгүй хөвчид төрсөн хүн дээ” гэв. Дараа нь “Чингэсийн онгон олдохгүй ээ. Оросууд ачаад явчихсан” гэдэг юм. Үүнийг одоо сонин хэвлэлээр зарлаж болж байна уу, үгүй юу. Ямар ч байсан Бямба­сүрэн гуай тэгж хэлж байсан удаатай.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам ард түмний саналыг хамгаалж чадсангүй

Энэ удаагийн Орон нут­гийн сонгууль Ардчилсан нам түүхэндээ байгаагүйгээр ял­лаа. Ирц ч урьд өмнө байгаа­гүй өндөр байв. Иргэд Ард­чил­сан намд итгэжээ. Тэд­нийг олуулаа болголоо.  Харам­салтай нь МАН-ынхны эрт­нээс төлөвлөсөн ёсоор ирц хүрсэнгүй. Энэ нь цэвэр ялагдсан МАН-ынхны том баяр болов. Дахин сонгууль болохыг сонсоод л МАН-ын­хан “Бид яллаа” хэмээн шоуд­сан байгаа юм. Учир нь тэдэнд луйвар хийх алтан боломж гарч ирсэн. Ард­чилсан нам энэ удаа ялалтын амтанд  мансуураад, нэг унагасан, хоёр унагана гээд л хуруугаа ч хөдөлгөөгүй. Дахин сонгууль болохгүй байх бүрэн боломж байсан.  Гэвч Ардчилсан нам ард түмний  саналыг хулгайд алд­лаа. Уг нь бол иргэдийн идэвх орон нутгийн сонгуульд тийм сайн байхад гадаадад бай­гаа, хаяг дээрээ байдаггүй, цэрэгт явсан, ял эдэлж байгаа хүмүүсийг аль сонгууль эхлэ­хээс өмнө хасалт хийлгэх ёстой байлаа. Нэгэнт АНУ-д байгаа нэг нөхөр амжиж сана­лаа өгөөгүй, шоронд байгаа нь нэгэн ч өгөөгүй, бурхны оронд явсан хүмүүс ирж саналаа өгөөгүй. Уг нь энэ бүхнийг хасч тооцуула­хаар  Улсын бүртгэлийн ерөн­хий газар, УИХ-ыг сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хорооноос  га­даадад байгаа, ял эдэлж байгаа, хаяг дээрээ амь­дардаггүй тийм хүмүүсийг нэрсийн хавтгайгаас хасах зөвлөмж хүргүүлсэн ч тухайл­бал Чингэлтэй дүүргийн сон­гуулийн хороо хүлээж  авал­гүйгээр байхгүй хүмүүсийг нэр­сийн хавтгайд оруулан сон­гуулийг явуулсан. Үүний үр дүнд ямар ч тохиолдолд ирц хүрэхгүй байх нь тодор­хой. Сонгинохайрхан дүүрэг ч мөн адил. Өмнөх ялалтууд нь эсрэгээр эргэж МАН-тай адил тооны суудалтай болсон.   Багануур дүүрэг мөн л ялсан газраа ялагдсан. Хамгийн гол нь дахин сон­гуулийн үр дүн ард түмнийг үнэхээр дором­жил­сон явдал боллоо. Тавин хэдэн мянган хүний саналыг арван хэдэн мянган хүний саналаар сольж  болох уу.

Дахин сонгуулийн дүн МАН-ны бодсоноор гарав. АН ялж байсан газар эсрэ­гээрээ МАН ялсан дүн гарчээ. Энэ үнэн үү. Долоо хоногийн дотор сонгогчдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдчихнө гэж байх уу.

Ялагдсан МАН яаж ажил­лав. Хэсгийн хороо, сонгуу­лийн хороо, хороо дүүргийн Засаг дарга нар ихэнх нь МАН-ынх. Тэд ердөө л давуу талаа ашиглан иргэдийн бүрт­гэл дээр үндэслэн МАН-д өгөх боломжтой бүх л хүний  нэрсийг жагсаагаад микронд суулгаад л зөөгөөд байсан.   Мөн ажлын өдөр сонгуулийг зохион байгуулсан нь ч ард­чиллын төлөө өгдөг иргэдийг санал өгөх боломжгүй болгож орхисон.

МАН эхний хувилбараа­раа  эзэнгүй байгаа иргэдийг  нэмээд ч энэ удаагийн сон­гуулийн онцлог тал болох санал тоолох машиныг илэр­хий луйвардаж бараагүй юм. Тэгээд ч энэ сонгуульд орон нутагт урьд өмнө байгаа­гүй ирц оролцоо байснаас үүдэн АН түүхэндээ анх удаа үнэм­лэхүй ялалт байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ялалтаа эрх барьж байгаа Ардчилсан нам хамгаалж чадаагүй.

Тодорхой баримтыг өгүүлье.

Сая орон нутгийн сонгуу­лиар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд АН-ын нэр дэвшигч МАН-ын нэр дэв­шигчээс 243 хүнээр илт та­сар­­хай ялалт байгуулсан бай­тал ирц хүрэхэд таван хүн дутсан гэсэн шалтгаар тухайн хэсгийн хорооны сонгуулийг хүчингүйд тооцжээ. Гэтэл таван хүнээр дутах биш энэ хаягандаа байдаггүй, цахим үнэмлэхээ аваагүй 440 хүнийг энэ хэсэгт илүү бүртгэ­сэн байх жишээтэй. Мөн ЧД-ийн 14 дүгээр хороонд нэр дэвшигч  өрсөлдөгчөөсөө 316 хүнээр хол тасархай илүүгээр ялалт байгуулсан байхад ирц  96 хүнээр дутсан гэсэн шалт­гаар сонгуулийг мөн л хүчингүйд тооц­сон. Гэтэл 14 дүгээр  хороонд огт амьдардаггүй, гадаадад байдаг, цахим үнэм­­лэхээ аваа­­гүй 236 иргэнийг сон­гууль өгөх хүний тоонд оруу­лан илүү бүртгэсэн байжээ. 

Илэрхий ийм тоо баримт байхад ЧД-ийн Сонгуулийн хороо, УИХ-ын
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл
хяналтын дэд хороо болон УБЕГ-ын  шийдвэрийг
эс тоон хасагдах сонгогчдыг хасал­гүйгээр
шууд дахин санал хураалт явуулсан нь хууль бус үйлдэл
болж, энэ нь дээрх тоо баримтаас анхнаа­саа зорилготой үйлдэл бай­сан нь харагдаж байна. Ин­гэс­­нээр долоо
хоног хүрэх­гүй хугацаанд ард түмний сон­гол­тыг орвонгоор нь өөр­чилж, луйвардах боломж нөх­цөл байдгийг бидэнд харуул­лаа. Бид ч харлаа, үзлээ, мэдлээ. Долоо хоногийн до­тор
Ардчилсан намын 22 сууд­лыг 11 болгож,  өөрсдийн ав­сан 11 суудлыг 22 болгож
чад­на гэж хэлбэл хэн ч итгэх­гүй.
Гэтэл бодит амьдрал дээр ингэж чаддагаа Ардын на­мын­хан харууллаа. Иргэдийн саналыг
долоо хоногт ингэж өөрчилж
болдог нарийн жо­рыг  зөвхөн Ардын намын­хан л найруулж чаддагийг олон түмэн харлаа шүү дээ. Үнэ­ний нүдийг
худлаар соль­сон, сонгуулийн үр
дүнг хү­чээр өөрчилснийг дахин са­нал хураалт хэмээх нэрийн доорх
луйвар тодоос тод харууллаа.