Монголчууд бид их мартамхай улс юм. Саяхан даа, “Н.Энхбаяр гэдэг авлигачаас салгаад өгөөч, түүнийг улс төрийн тавцангаас зайлуулаад өгөөч” гээд л амтай хэлтэй бүхэн ярьж байсан цаг. Авлигатай тэмцэх газрынхан авлигатай тэмцлээ. Авлигын загалмайлсан эцгээс нь эхлээд аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг нь үлдээлгүй авсан идсэнийг нь илчилж, тэмцэж эхэллээ. Ээдрээтэй утасны үзүүрээс атгасан хүн тавихгүй дээ гэдэг шиг л авлигын торон хэрээсний үзүүрээс энэ байгууллагынхан атгалаа. Үүнийг ингэж зогсоохгүй бол өдөр ирэх тусам үржин тэлнэ. Улам нарийн хэрээс бий болно. Авлига ямар их хортой шигээ бас их хүчтэй юм. Илчлэх тусам эсэргүүцэн тэмцэж, тийчилж байна.
Авлигатай тэмцээд эхлэхээр нь юу болов. Бүгд Н.Энхбаярт хайртай болчих шахав. Нийтээрээ дургүй байсан шүү дээ, түүнд. Учир нь тэр нийтийн эрх ашгийг хөсөр хаяж, хувийнхаа эрх ашгийг өмнөө тавьсан. Үүнийх нь бодит жишээ нь тэр дахин сонгогдоогүй. Ард түмэн Ерөнхийлөгчөөр дахин сонгоогүй хэрнээ гэнэт өрөвдөв. Авлига авсан ч шорон руу аваад явахаар нь өрөвдөөд сүйд. Уйлах нь уйлж, өрөвдөх нь өрөвдөцгөөлөө. Зарим нь амиараа дэнчин тавьж байгаад л талбайн хажууд өлсөцгөөлөө. Хайран амь. Хайран эрүүл мэнд. Төрсөн биеэ хайрлахгүй Н.Энхбаярыг тэгтлээ хайрлахын учир юу билээ. Өндөр албанд байхдаа өөрсдийг нь таних ч үгүй байсан Н.Энхбаяр дахин өндийж ирвэл өөрийнх нь төлөө тэгж өлсөж байсныг нь ёстой санах байх даа. Энэ бүх өрөвдүүлэх тактик, ард иргэдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бүх жорыг үнэндээ Н.Энхбаяр сайтар найруулаад л сууж байсан байгаа юм. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хууль зөрчиж, идэж шамшигдуулсан бол хэн ч түүнээс зайлах гарц үгүйг авлигатай тэмцэх газрын сүүлийн үеийн ажиллагаанаас харлаа. Авлигатай тэмцэх хэцүү юм байна гэдгийг эхнээсээ л харж байна.
Авлигачийг барихаар улс төр хийлээ гэх хэрнээ авлигачийг суллуулахын төлөө өөрсдөө жинхэнэ улс төр хийдэг байна шүү. Нэгэнт авлигаасаа ангижиръя гэж бодож байгаа л бол энэ эрчээ сулруулж болохгүй, барьцаа улам л лавшруулах хэрэгтэй юм. Тэгж байж л төр цэвэршинэ. Төрд ажиллаж байгаа хэрнээ ард түмнийхээ татварын мөнгөөр тансаглаад, ганцаараа цүрдийтэл баяжаад байж болохгүй. Авлига Монгол Улсыг муухай харагдуулаад байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Авлига байгаа цагт шударга ёсны тухай яриад яах юм. Шударга ёс байхгүй бол эрх, эрх чөлөөний тухай саналтгүй.
Улсаасаа баян сайд дарга нар ингээд л идэж, уугаад болоод байдаг гэж боддог цаг нь өнгөрч.
Ардчилсан Ерөнхийлөгч ч гарч ирлээ. Авлигатай тэмцэх ёстойг тунхаглав. “Авлига Монгол Улсыг муухай харагдуулж байгаа”-г хэллээ. Авлигатай тэмцэх газрынхан ажлаа л хийж байгаа болохоос үүнд гайхаж цочирдоод байх хэрэг алга. Шударга ёс тогтоохын төлөө тэд ажлаа хийж байна. Бид авлига байгааг мэдээд, авлига авсныг нь гадарлаад байгаа хэрнээ, илчлэхээр нь сандрах хэрэг юун билээ. Авлигачид цаашид ч олноороо ил болно. Тэд эхнээс нь илчилж, барьж хориод байгаа Авилгатай тэмцэх газрынхнаас үхтлээ эмээж байгаа. Тиймээс ч зарим нь авлигыг илрүүлэхийг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэж, иргэдийн тархийг угааж эхлэхээр оролдож байна. Халааснаасаа эд зүйлсээ хумслуулчихаад хүмүүс хичнээн их уурладаг билээ. Гэтэл өдөр бүр таны халаасыг сэгсэрч байгаа нөхдүүд баригдаж, хоригдох нь тийм өрөвдөж, хайрлахаар зүйл мөн гэж үү.
Шударга ёс гэж байхгүй
болоод байна. Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, гэвч хууль
зөрчсөн бол хэн ч буруутна. Ялангуяа
авлига гэж нийтээр нь хохироодог аюулаас бид ангижрах л ёстой.