Categories
редакцийн-нийтлэл

Гараа “цусанд дүрсэн” хүмүүс Монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй

“Монгол
төр  ариун байх ёстой” гэж манай улстөрч нөхдүүд их ярьцгаадаг. Яаж ариун байлгах талаар харин огт ярихгүй юм.  Тиймээс “Долдугаар сарын 1”-ний үймээний үед  төрд ажиллаж бай­сан хүмүүсийн ёс суртахууны ту­хай сөхөж бичихэд хүргэлээ.  Н.Энх­баяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил  нарыг засаг барьж,  төрд алба хааж байхад ийм аллага хядлага болсон.  Үүнийг  хэн ч үгүйсгэхгүй. Гэтэл тэд дахиад л засаглал руу тэмүүлж байна.  Дахиад л улс төрд шургалж, УИХ-д дэвшихээр зэхэж эхэллээ.

Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар ард түмнээ буудах бололцоо гарган өгч  гараа энгийн иргэдийн цусанд дүрсэн хүмүүс.   Эдгээрийн засаглалын үед дөрвөн иргэн төрдөө буудуулан нас барж, нэг иргэн мөн төрийн нүдний өмнө  угаартаж үхсэн билээ. Дээр нь арваад иргэн төрдөө буудуулан шархдаж, мянгаад иргэн төрийн шүүхээр шоронд явцгаасан.

Мөн Эргүүл хамгаалалтын газ­рын дарга асан хурандаа Ш.Бат­сүх, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хо­шууч генерал Ч.Амарболд, Нийслэ­лийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаа­тар нар тухайн өдөр цагдаагаа удирдан, иргэдээ буудуулж, буу­дах тушаал өгсөн хүнийг олон нийтэд зарлаагүй хаацайлж байгаа нь гэмт хэрэг мөн.

Тэгэхээр нэр дурдагдсан гене­рал, хурандаа нар ч төрд алба хаших эрхгүй. Харин Н.Энхбаяр, С.Баяр,  Ц.Мөнх-Оргил нар нь УИХ-д нэр дэвших эрхгүй. Ард түмэн рүүгээ буу шагайж чадсан хэрнээ,  ард түмнээсээ санал авна гэж гуйх нь ёс суртахуунгүй хэрэг юм.

Н.Энхбаяр. Тэр үед Ерөнхий­лөгч байсан. Тэрээр онц байдал зарласан. Өмнөх өдөр нь намаа ялуулчихсан хуучин Ху-гийнхан буюу одооны хэлээр “Хуху” на­мынхан шөнөжингөө архидсан гэ­дэг. Тэгээд тэр архи нь гарч ам­жаагүй согтуу Баярыг “солиорсных”  нь зоргоор  Н.Энхбаяр Онц байдал зарладаг нь буруу байсан. Энэ хүний насан туршдаа гэмшиж явах гол алдаа энэ. Нас ахих тусам тэр “Би онц байдал зарлаагүй бол тэдгээр хүмүүс үхэхгүй байх байсан даа” гэж гэмшиж толгойгоо шааж явах болно. Тэрээр “”Долдугаар сарын 1″ улстөрчдийн өдөөсөн маш том гэмт хэрэг” гэж өчигдөр  хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна лээ. Энэ үг өөрт нь ч хамаатай. Учир нь тэр Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөлийн дарга бай­сан. Гадаа хүн үхэж байхад өрөөн дотроо намын дарга нарыг цуг­луул­чихсан учраа олох­гүй, яахаа мэдэхгүй сууж байлаа.

С.Баяр Ерөнхий сайдынхаа ажлыг хийхгүй намын байрныхаа шатахыг, намын байранд нь хүн угаартаж үхэхийг, намынх нь байр­ны гадаа хүмүүс буудуулж үхэхийг харж байгаад 22 цагт ордон руу  очдог нь ч юу билээ. Уг нь тэрээр  Монгол төрийнхөө ажлыг хийх ёстой байлаа.  Төрийн ажил гэж юу байв. Тэр нь жагсаал цуглааныг  зохицуулж жирийн тайван арга замаар түүнийг тараахад оршиж байв.Монгол Улсын Ерөнхий сайд атлаа тийм хүнд хэцүү нөхцөлд төр засгийг эзгүйдүүлэн хаяж, намын даргын ажлаа хийж, МАН-ын бай­рандаа өдөржин өнжиж, улсынхаа ажлыг ардаа орхисон. Тэрээр Онц байдал зарлахыг Н.Энхбаярт ша­хаж бай­сан гэдэг. Тиймээс С.Баяр яалт ч үгүй хариуцлага үүрэх хүний нэг. 

Ц.МөнхОргилын хувьд Онц байдлын шуурхай штабын дарга.  Хууль зүйн сайд асан. Дээр нь Онц байдлын үеийн Штабын дарга байсан хүн өдий болтол энэ тухай юу ч ярихгүй байгаа. Бүх асуудал Ц.Мөнх-Оргил дээр буусан. Шта­бын даргаар томилогдсон л бол тэр үед ажиллаж байсан хууль, цагдаа­гийн байгууллагаа хянаж байх ёстой. Ядаж боловсролоороо ч, төрд алба хаасан туршлагаараа ч тэр өдийд ингэж чимээгүй суух хүн биш.

Гэтэл тэр цагаас хойш нэг ч дуугараагүй. “Долдугаар сарын 1”-ний  тухай хэлэлцүүлэг болох үед  урилгагүй орж ирээд нэг дуугарсан санагдана. Захад нь суугаад “Цаг­даа нарын буруу гэж юу байсан юм” гэж хэлж байсан билээ. Цагдаа нар нь буруудвал өөрөө буруудах гээд байж л дээ. Энэ хүн дэндүү их айдас хүйдэстэй байгаа. Түүнийг хамгаалж байгаа зүйл нь УИХ-ын гишүүний сэнтий. Энэ суудлаас нь  буулгаж байцааж үзмээр  байгаа юм. Ингэхэд их л юмны сэжүүр олдоно доо.

Ч.Амарболд С.Баяртай шууд харьцаж байсан хүн. Ерөнхийдөө 22 цаг хүртэл “Онц байдал зарлах хэрэггүй. Цагдаа зохи­цуулчихна” гэж ярьсныг нь Н.Энх­баяр батал­даг. Орой 22 цагаас хойш “Дий­лэ­хээ болилоо. Онц байдал зарлая” гэсэн. Цагдааг удирдаж байсан учраас тушаал даалгавар даргаа­саа авсан байж таарах гээд бай­гаа.

О.Зоригт Нийслэлийн цагдаа­гийн газрын дарга. Онц байдлын үед Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн голлон ажилласан. Ч.Амарболдоосоо үүрэг авч удирд­лаган доорх хүмүүстээ дамжуулж байсан гэдэг.

Ш.Батсүх Эргүүл хамгаалал­тын газрын дарга. Эргүүл хам­гаалалтын газрынхан галын шу­гамд гол үүрэгтэй ажиллаж байсан.  Галт зэвсгийг тэд нарт тараасан гэж үздэг. Энэ тухай Эргүүл хамгаа­лалтын газрын цагдаагийн тэмдэг­лэлд ч байдаг. Тэмдэглэлд дурдса­наар Ш.Батсүх өөрөө хүн буудсан байх магадлалтай.

Г.Ганбаатар Нийслэлийн цаг­даагийн газрын Хэв журмын хэлт­сийн дарга. Хэв журмыг голчилж ажиллаж байсан.  

Энэ хүмүүс хэн тушаал өгснийг одоо болтол хэлээгүй. Тэд “Дээрээс тушаал өгсөн” гэсэн битүү, тодор­хойгүй  юм л ярьдаг.   Дээрээс гэхээр Ерөнхий сайд, штабын дарга, эсвэл Ерөнхийлөгч байж таарах гээд байгаа юм. 

Тэд тушаал биелүүлсэн ч бай,  тушаал өгсөн ч бай дахин төрд ажиллах ёсгүй. Харин ч бүр ард түмнээсээ уучлалт гуйгаад төрд ажиллахаа болих хэрэгтэй юм.  Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Гараа ард түмнийхээ цусанд угаачихаад юун улс төр, юун төрд ажиллах.

Эднийг УИХ-д нэр дэвшүү­лэхгүй, төрд ажиллуулахгүй байя.  Шүүх яаж шийдэх тухай яриагүй байна. Харин тэдэнд дахин Монго­лын төрд ажиллах ёс суртахууны эрх байхгүй.

Н.Энхбаяр,С.Баяр, Ц,Мөнх-Оргил нар одоо улс төрөөс татгал­зах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хэрэгт яах арга үгүй холбогдсон хүмүүс бол дээрх улстөрчид мөн билээ. Яаж ч мэлзээд,  яаж ч биеэ өмөөрөөд тухайн үед онц байдлын шийдвэрийг энэ гурван улстөрч л гаргаж, гардан гүйцэтгэсэн.

Харин нэр дурдагдсан гене­рал, хурандаа нарыг дахин төрд ажил­луулах, ямар нэгэн албан тушаал хашихаас татгалзуулах ёстой. Үүнийг бүх насаар нь мөрдлөг болгох нь чухал. Шийтгэл нь тэр болог. Яагаад ингэх гээд байгаа юм гэвэл төр нэгэнт өөрийгөө хамгаа­луулчихаад дараа нь шоронд илгээгээд байх нь зохимжгүй юм.

Цагдаагийн дарга нар дээрх гурван улстөрчийн хэн нэгнийх нь тушаалаар л хүмүүс рүү буудсан болж таарах гээд байгаа. Генерал, хурандаа нар идэвх гаргаж дарга­даа сайн хүн болох гээд өөрсдөө дээрээс тушаалгүйгээр хүн буу­даад унасан бол харин хатуу шийт­гэх ёстой. Үүнийг шүүхээр тогтоож хэн буруутай, хэн тушаал өгснийг  илрүүлэх нь чухал. Ингэж байж шударга үнэн тогтоно шүү.

Дээрх хүмүүсийн асуудлыг  улс­төржүүлэн манай ч нам, танай ч нам хэмээн хэргийг илрүүлэхгүй өнгөрөөвөл Монгол Улсад  дахиж хэзээ ч шударга үнэнийг яриад хэрэг байхгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Судрыг нь буйтугай хуврагуудыг нь шатааж байхад дуугүй суух юм даа, манай лам нар

Исламын шашны хамгийн гэгээн судар,
ариун нандин зүйлийнх нь дээд туйл болох Кораныг Америкийн цэргүүд
шатаасан. Уг судар бол Лалын буюу Исламын шашинтай орнуудын шашин, хууль
цааз, нийгмийн харилцааны үндэс болдог. Ерөөс Лалын ертөнцийнхний оройн
чимэг, амь амьдралынх нь зүг чиг юм билээ. Зөнч Мухаммед нь агуйд сууж
Аллах тэнгэрээс өөрт нь дамжуулах айлдваруудыг шавь нар болон илтгэгч
дагуулууддаа хэлж өгч дал модны навчин дээр буулгасан гэх түүхтэй. Ийм л
итгэл бишрэл, хүндэтгэлийнх нь дээд туйл болсон судрыг Америкийн
цэргүүд хог дээр шатаасан байгаа юм. Хэрвээ тэрхүү судрыг ямар нэгэн
байдлаар шатаах болбол асар шударга хүнийг хилсээр хилмэгдүүлсэн мэт
эмгэнэн, тусгай ёслол үйлдэж шатаадаг байна. Үндсэндээ шашны хатуу дэг
жаягийн дор, бүр нэг нарийн ёс журамтайгаар шатаадаг юм гэсэн.
Тэгвэл Афганистаны Баграм дахь Америкийн
цэргийн баазад Коран болон бусад лалын шашны судрыг зүгээр л хог шиг
овоолж байгаад шатаасан байна. Энэ нь лалын шашинтнуудын хувьд огтоос
тэсч чадамгүй, байж боломгүй доромжлол мэт харагдаж байгаа нь тодорхой.
Хэн ч харсан тэгж л ойлгогдоно.

Иймээс Афган болон лалын ертөнц тэр
чигээрээ Америкийн цэргүүдийн эсрэг тэмцэх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн.
Ариун нандин зүйл рүү нь, итгэл бишрэл, гүн хүндэтгэл рүү нь нулимж
илтээр доромжилсон учир тийнхүү тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн хэрэг л дээ.
Ариун нандин зүйлийнх нь дээд илэрхийлэл болсон судрыг шатаасан тухай
мэдээлэл афганчуудын дунд маш хурдтайгаар тархаж, тэр дороо л бүгд гал
голомтоо самруулсан хүмүүс шиг дийлдэх аргагүйгээр босоод ирсэн.

Бараг хэдхээн цаг минутад хэдэн зуун
мянган хүн гудманд цуглаж, уур хилэндээ автсан иргэд Америкийн цэргийн
бааз руу дайрч, ариун дайн эхлүүлэхийг уриалж байлаа. Тэднийг нисдэг
тэрэгнээс анхааруулах пуужин харваж зогсоосон тухай мэдээлэл сонин
хэвлэлд гарч байсан. Уг тэмцэл, үймээнээс болж олон хүн амиа алдсан
билээ.

Тэгвэл Америкийн цэрэг яагаад Коран
судрыг шатаах болов. Тэдний тайлбараар бол арга ч үгүй үйл явдал
тохиолдсон талаар мэдээлэгдээд байгаа. Тэр нь юу вэ гэвэл шоронгийн
хоригдлуудад Коран судрыг тараадаг юм байна. Хоригдлууд судар дээр
тэмдэглэл хийдэг аж.

Тэрхүү тэмдэглэл нь хоригдлууд хоорондоо
нууцаар харилцах гүүр болоод байсан аж. Үүнээс болж Коран болоод бусад
судрыг шатаасан гээд байгаа. Тэгээд шинэ судар өгчээ. Америкчууд судрыг
зүгээр л ном сонин шиг овоолж байгаад шатааж. Энэхүү үйлдэл нь нийт лал
шашинтнуудыг шашин үндэстнээ хамгаалах тэмцэлд босгочихжээ. Гэхдээ миний
бие дээрх судартай холбоотой шашны тэмцлийн тухай бичихийг эрмэлзсэнгүй
ээ. Тэр тухай ийн тодорхой өгүүлсний учир өөрийнхөө лам нарыг
шүүмжилмээр санагдсан хэрэг.

Афганистантай харьцуулбал манай хаяанд
байгаа, шашин шүтлэгээ, итгэл үнэмшлээ бодох аваас өөриймс ч болох
Түвдтэй холбоотой асуудал байна. Өнөөдөр Түвдийн лам нар өдөрт нэгээр
дутахгүй шатаж, зулын гол болон хайлж байна. Сүүлд гэхэд залуухан
эмэгтэй, гэлэнмаа зулын гол болсныг бид мэдэж байгаа. Бүр тодруулбал,
Хятадын өмнөд хэсгийн Сычуань муж дахь Дэчи Чойнхорлин хийдийн гэлэнмаа
амьдаараа зулын гол болж, өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Лондонд төвтэй
Түвдийн хүний эрхийн төвийн мэдээлж буйгаар хорь орчим настай Дэнзэн
Вангмо хэмээх эмэгтэй Түвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч,
Дээрхийн гэгээнтэн Далай ламыг эх нутагт нь буцааж авчрахыг уриалан олны
нүдэн дээр өөрийгөө шатаасан юм гэсэн. Түүнээс өмнө хичнээн ч лам зулын
гол болж хайлав даа. Шарын шашны лам нарыг хувраг хувилгаадыг
монголчууд биднээс өөр хэн бугай ч энэ хорвоо ертөнц дээр өмөөрөхгүй.
Түвдийн шарын шашинтай лам нарыг хамгийн их өмөөрч хаацайлж, сэтгэл
өвдөх хүмүүс манай лам нар баймаар. Шарын шашин гэдэг бол Түвдийн Бурхны
шашны сэтгэгч, шинэчлэгч Зонхавын сургаалаар үүссэн Буддын шашны
хамгийн сүүлийн шинэ урсгал гэдэг. Шарын шашны төвд гаралтай нэр
“гэлүгва” гэдэг нь монгол хэлэнд хөрвүүлэхээр буяны ёс гэсэн утга үг
билээ. Зонхав Түвдийн өмнөд нутгийн нэгэн агуйд шар малгай есөн удтал
даяанчлан суусан тул түүний болгосон шашны урсгал шар малгайтан, улмаар
Монголд шарын шашин хэмээн нэрийдсэн байдаг. Ингэж Богд Зонхавын шарын
шашны урсгал Монгол нутагт түгэн дэлгэрч бид бүхэн сүсэг бишрэл, итгэл
үнэмшлээ өгсөн. Гэтэл шарын шашны лам хуврагууд нь зулын гол болж,
амьдаараа шатан хайлж байхад манай лам нар нүдээ анин маани мэгзэмээ
уншаад юу ч болоогүй мэт хээв нэгхэн сууж байх юм. Гай барцад биднээс л
холуур өнгөрөх болтугай хэмээн хувиа бодож суух манай лам нар
хөөрхийлөлтэй.

Манай лам нар хэзээнээсээ л ийм үхээнц
байсан даа. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтэд сүм хийдүүд устан үгүй
болж, мэргэжил нэгт гэх үү дээ, лам хуврагууд нь буудуулж байхад өнөө
бурхны элч нар маань амь амиа бодоод алга болцгоосон байдаг. Номын
багшаа орхимжиндоо боогдож, нүдэн дээр нь буудуулж байхад өөрийгөө л,
өчүүхэн улаан амиа л хоохойлж байсан. Үүх түүхээс харахуйд, нэг ч лам
бусдынхаа өмнөөс босоогүй. Босох нь бүү хэл ганц ч үг ганхийгээгүй
гунигт түүхтэй. Монгол лам нар шашин номынхоо төлөө сэтгэл зовдоггүй,
чухам юунд тэгж сэтгэлээ чилээдэг хэрэг вэ. Тэд бол ерөөсөө бусдын өглөг
барьцыг л бодно. Сүсэгтэн олноос ахиухан зүйл авахыг л бодож суухаас
өөрийг хийдэг гэж үү. Одоо тэгээд цагаан сар хуучраагүй байна. Шинийн
арван тавны дотор засал номоо хийлгэхээр бүх л хүн гандан хийдийг зүглэж
байгаа. Лам нарт барих өргөл барьц ахиухан байгаа нь тодорхой.

Манай ламхай нарт өнөөдөр бусад улс
орон, харийн хүний байдал огтоос хамаагүй мэт санагдаж байгаа байх л
даа. Шашин нэгтэй Түвдэд хувраг лам нар зулын гол болоод шатаж байна.
Тэд юуны төлөө ингээд байгаа юм бэ? Тэд харийн түрэмгийллийн эсрэг
тэмцэж шүтэх шашин, сүслэх төртэй тусгаар улс чөлөөт Түвд орныхоо төлөө л
ингэж тэмцэж байгаа. Энэ нь бидэнд ямар хамаатай юм бэ. Тэр шатсан лам
нарыг манай лам нар яагаад өмөөрөх ёстой юм бэ гэсэн асуултууд гарна.
Түвдийн үзэж байгаа зовлон бидэнд тийм хол гэж үү. Дэлхий нийтээрээ энэ
талаар санаагаа зовоохгүй бол дараагийн орон нь хэн бэ.

Ялангуяа ядуу буурай, цөөн хүн амтай,
хоёр том гүрний дунд байдаг бид энэ тал дээр маш сонор соргог байх
хэрэгтэй байна. Хүмүүс шашнаа яаж өмөөрч байна. Шашнаа өмөөрөх нь
тусгаар тогтнолоо өмөөрч байгаа хэрэг юм. Тэгвэл манай шашинтнууд судрыг
нь байтугай хуврагуудыг нь шатаахад цачив хийхгүй суудаг нь буруу шүү
дээ. Хүний хамгийн нандин юм нь бурхан шашин байдаг. Түүнээ
доромжлуулсан хүмүүс уурсдаг. Харин манай ламхай нар огтоос тийм биш
бололтой.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ийм “бабушка”-гаар оросууд удирдуулах уу

Оросын Ерөн­хийлөг­чийн сонгуульд
тус улсын Ерөнхий сайд Владимир Путин ялалт байгууллаа. Тэрээр энэ талаар зарлах
мөчдөө уйлсан нь дэл­хийн хэвлэл мэдээллийн­хэн, олон улсын ажиг­лагч­дын анхаарлыг
та­тав. “Түүнд одоо л сайхан амрах цаг ирж байна”, “Путины эртэдсэн ну­лимс”, “Путин
хүмүүсийг уяраах гэж гавар түрхэж жүжиглэв” хэмээн янз бү­рээр тайлбарлаж байна.

Харин улс төрийн ажиг­­лагчид, Оросын
нэр нөлөө бүхий улстөрчид “Манлайлагч хүн бусад удирдагчдад нулимсаа харуулдаггүй
юм” гэж дуу нэгтэй шүүмжилж байгаа юм.

Путин хөгширчээ. Урь­дын эрч хүч,
зориг тэнхээ нь барагдчихаж. Оросууд уйланхай “ба­бушка”-гаар удир­дуу­лах­гүй л
байх. Угаасаа оро­сууд хүчирхэг, зоригтой хаад, удирдагчдын гарт л нэг­дэж, тогтдог
омголон ард түмэн.

“Догшин” гэдгээрээ түү­хэнд тэмдэглэгдэн
үлд­­сэн Оросын хаан Иван өдөж, басамжилсан дайс­­нуудаа харгислан алж, өөдөөс нь
сөргөө­цөлдсөн болгоныг хиар цо­хидог догшин хаан бай­­сан гэдэг. Хүүгээ хэ­тэрхий
үлбэгэр, сул байс­ных нь төлөө жадалж амийг нь хороосон тийм догшин нэгэн билээ.
Оро­сын эзэн хаанаар 1682-1725 оны хооронд суу­сан I Петрийн сүр хүчийг одоо болтол
дуурсдаг. Даяар Оросын хаан, Их ван I Петрийг хаан хүний ухаан, улсыг залахуйн өөрийн
гэсэн мэхтэй удир­­дагч байсан гэлцдэг. Октя­брын хувьсгалын гол удирдагч Владимир
Ильич Ленин Оросын шил­­дэг удирдагч. Тэрээр Оросын хувьсгалч, улс­төрч, Зөвлөлт
социалист бүгд найрамдах холбоо­ны улсын анхны тэргүүн, XX зууны нөлөө бүхий зуун
эрхмийн нэг. Энэ мэт нэрлэвэл тус улсыг удир­даж явсан олон хүчирхэг хүн байна.
ЗХУ-ыг 31 жилийн турш удирдсан Сталин, 1991 онд танкин дээр гарч зогсоод ард тү­мэндээ
“Өөрчлөлт хийц­­гээе” гэж уриалж хаш­гирсан ОХУ-ын анх­ны Ерөнхийлөгч Борис Ель­цин,
Чечень, Дагис­таны салан тусгаарлагч­дын эсрэг хатуу бодлого ба­рим­талж, эрс зангаа­раа
гайхагдаж байсан үеийн Владимир Путин. Ийм л удирдагчдыг оро­сууд хү­лээн зөвшөөрч,
үнэлж, дагадаг байлаа.

Гэтэл энэ Путин биш ээ. Сонгуульд
ялсан тө­дий эхлэл мэдээ дуулаад л уйлчихсан. Тэр өөр болчихож. Хэтэрхий зөөл­рөө
юу даа. Уг нь Пу­тин бол улс төрийн ер­төнцөд сайн дархны гарт мянгантаа давтагдаж,
зуунтаа тавлагдсан хурц илд мэт гялалздаг. Сэт­гэлзүйг нь хуягттай зүйр­лэ­дэг.
Гэтэл яагаад жаахан хүүхэд шиг уйлж, нүдээ нухлав аа. Тэр Ерөн­хийлөгч бол­сон­доо
баярлаад нулимс унага­сан ч үнэндээ айс­наа­саа болоод тэгж уйл­жээ. М.Кад­дафи
шиг алуу­­лахаас авраг­д­чих­лаа, Арабын хавар Орост цэцэг­лэхгүй боллоо гэж баярлаад
уйлсан нь тэр л дээ. Айгаад уйлахыг нь харахаар ямар юмных нь хурц илд байхав. Нэг
муу мохоо тонгорог л гэсэн үг. Гэхдээ Путины бодоод уйлаад байгаа шиг бүх юм дуусаагүй,
дөнгөж эхэлж байна. Түүний бод­сон шиг Арабын хавар Улаан талбайд цэцэг­лэх­гүй
гэж хэлж хараахан бо­лох­гүй нь. Учир нь Орост Путиныг, сонгуу­лийг эсэр­гүүцсэн
хөдөл­гөөн, жагсаал ид өрнөж эхэл­лээ. Ингэхээр Ара­бын хавар Орост ирээд, цэцэг­лэ­хэд
бэлэн байна. Яагаад гэвэл тус улсын иргэд ингэж жагсаал цуг­лаа­­наар нэгдээгүй
их олон жил болсон юм шүү.

Ай, оросууд ийм “ба­бушка”-гаар удирдуу­лаад
адилхан уйлж дуу­лаад сууж байх уу даа, үгүй л болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Сумогийн унасан нэр хүндийг Асашёорюү дахин сэргээнэ гэж үү

Японы сумогийн холбоо олон тэрбум
иений алдагдал хүлээж түүхэндээ байгаагүй санхүүгийн хямралд өртсөнөө зарлав.
Энэ байдлаар үргэлжилбэл, мэргэж­лийн сумо хүнд байдалд орж, олон жилийн
уламжлалтай спорт нь үгүй болоход хүрэн 1990-ээд оны унтаа төрхөндөө буцаж
ороход ойрхон байгаа юм.

Юунаас үүдэн сумо ийн үзэгчгүй
болж, хөгжил нь зогсоход хүрээд байгааг ихэнх хүн их аварга Аса­шёорюү
Д.Дагвадоржтой холбон тайлбарладаг. Түүнийг зодог тай­ла­хаа нулимс дуслуулан
мэдэгдсэн 2010 оны хавраас эхлээд сумо сонирхогчдын тоо буурч, башёг үзэх
хүмүүс цөөрч эхэлсэн. Зарим башёгийн эхний долоо хоногийн барилдааныг хүн
үзэхгүйд хүрч байсан тохиолдол ч бий. Сумогийн холбоо тэр үед үзэгчдээ эргүүлэн
татах зорилгоор башёгийн  тасал­ба­рыг
хөнгөлөлттэй борлуулахаас эх­лүүлээд газар хөдлөлт, байгалийн гамшигт өртсөн
иргэ­дийн­хээ сэтгэлд дэм өгч, дэмждэг бөхчүүдийнх нь барилдааныг ойроос
харуулах нэрийн дор ордны сууд­лыг дүүргэх хүртэл арга хэмжээ авсан. Яван
явсаар сүүлдээ сумо үзэгчгүй болов.

Асашёорюүг ид барилдаж байх үед
банцүкэ гарах үеэр л башёг үзэх иргэд тасалбар худалдаж авахаар хөөцөлддөг
байлаа шүү дээ. Гэтэл одоо сумогийн ба­рил­даа­ны тасалбар шиг элбэг юм Японд
үгүй гэх.

Манай төрийн нэг сайхан жаяг байдаг
юм. Монголын аугаа байл­дан дагууллын үед тэмдэглүүштэй, том гавьяа байгуулсан
баатар, цэргүүдэд “Есөн алдааг нь уучлах” гэдэг сайхан шагнал өгдөг байлаа.
Гавьяа байгуулсан тухайн хүний хийсэн есөн удаагийн алдааг цай­руулж, өнгөрөөх.
Эл заншил одоо ч монголчуудын сэтгэл зүрх, ааш араншинд хадгалаастай.

“Асашёорюү брэндийн дэлгүүрт
танхайрч гэнэ”, “Аса­шёо­рюү хятад ажилчныг мангастжээ”, “Их аварга Асашёорюү
тэгж зо­долд­лоо”, “Асашёорюү найр та­раа­жээ” гэх элдэв яриа гардаг. Тэр бүрт
нь бид “Үгүй яахав, ганц удаа яадаг юм”, “Юун сүртэй юм, эр улсуудын хооронд
байх л зүйл” эсвэл “Тэд өөрсдөө Аса­шёо­рюү­гийн дургүйг хүргэж, хорыг нь
маажаа биз” гээд л өнгөрнө. Энэ нь өнгөц харахад арлын орныг байлдан дагуулж,
монгол эр хүний жавхаа, хүч бярыг дэлхийд тун­ха­г­лаж чадсан их аваргаа өмөөрч
буй боловч дээр дурдсан “Есөн алдааг нь уучлах” гэсэн эртний төрийн хууль далд
байдлаар үйлч­лээд байгаагийн илрэл л дээ. Гэтэл япончууд яав, манай аваргыг.
Солонгос ч билүү, хятад ч байлуу тийм нэг хүнтэй ресторанд муу­дал­цаад
түлхсэнийг нь дуулиан бол­гож, үүгээр нь шалтаглаж сумо­гоо­соо хөөчихсөн. Тэр
үед Японы сумогийн холбоо “Зодог тайлахаа өөрөө албан ёсоор мэдэгд эсвэл бид
чамайг хөөлөө”  гэсэн ийм хоёр
сонголторхуу хэрнээ нэг утгатай шаардлага тавьж ацан шалаанд оруулсан. Тэгээд
аргагүйн эрхэнд Асашёорюү аварга сумогоос өөрийн хүсэлтээр явж байгаагаа
мэдэгдсэн. Энэ нь монголчууд, төдийгүй Японы ард түмний хувьд гэнэтийн мэдээ
байв.

Их аваргаа өөнтөглөж, хавчиж
дэвжээнээс нь хөөх үедээ Японы сумогийнхон үндэсний спортоо уналт руу залж
байгаагаа ухаа­раагүй.

Цагаан сарын үеэр Асашёо­рюүд
Такасаго дэвжээнээс мэнд­чил­гээ ирүүлсэн юм. Уг мэндчилгээнд сумогийн дэвжээнд
22 наснаасаа эхлэн 25 удаа тү­рүүл­сэн таны бахархам амжилтын гараа эхэлсний 10
жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд мэр­гэж­лийн сумогийн хөгжилд оруул­сан
хувь нэмэр тань зүйрлэшгүй их гэдгийг дурдъя. Таны амжилтыг хүндэтгэн ирэх оны
нэгдүгээр сард сумогийн 68 дахь их аварга төрөн гарсны 10 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх талаар Сумо бөхийн холбоонд уламжлаад байгаа шүү гэжээ. 

Японы сумогийн холбооны
зөвшөөрөлгүй ямар нэгэн дэвжээ захидал, мэндчилгээ дэвшүүлэх, тэр дундаа
сумогоос хөөгдсөн хүнтэй ингэж харилцах нь хорио­той. Такасaгo дэвжээнийхэн ийн
мэндчилгээ илгээсэн нь алсуураа Японы сумо бөхийн холбоо, Японы ард түмний
хүсэл байж мэдэх юм. Магадгүй тэд сумогийн унасан нэр хүндийг Асашёорюү
эргүүлэн ав­чирч өгч юун магад гэж итгэж байж мэднэ. Японы томоохон пиарчид су­могийн
холбоондоо “Даруй нэр хүн­дээ сэргээх арга зам хайхгүй бол 2013 он гарвал
найдваргүй болж, байдал хэцүүднэ” хэмээгээд Аса­шёорюүгийн амжилтын арван
жилийн ойг тэмдэглэх нь нэр хүн­дээ өсгөх нэгэн зам гэж зөвлөсөн байна. 

Хэрэвзээ япончуудад, Японы
сумогийн холбооныхонд мон­гол­чуу­дын уучлах ухааны дайтай сэтгэлгээ өчүүхэн ч
болтугай бай­сан бол хөөж явуул­сан их аварга руугаа ингээд захи­дал бичээд
сууж байхгүй л байсан даа. Тэгээд ч их аварга “Сумогийн унасан нэр хүн­дийг
сэргээнэ ээ хө” гээд Японыг зо­рино гэдэг нь юу л бол. Зодог тайл­сан монгол
бөх зүлэг ногоон дэвжээндээ дахин гарч ба­рилд­даг­гүйг тэд мэддэггүй л байх.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Бумрунград”-д буусан тэмдэглэл

“Бумрунград” эмнэлгийн гадаад харилцааны ахлах ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан тайланд залууг Нуттавут Лертшримонгкол гэдэг ажээ. Урт гэгчийн үргэлжил­сэн нэрнээс нь монгол гэж байгаа юм шиг монгкол гэдэг төгсгөл нь ойрхон санагдсан боловч Нуттавут гэж дуудаж болно, бүр Нуй гэсэн ч болно хэмээлээ. Тэрбээр нутагтаа сургууль төгсөөд Сингапурт сурал­цаж, тэндээ хэсэг ажиллаж байгаад эх орондоо ирсэн нэгэн аж. Ерөн­хийдөө энэ эмнэлгийн гадаад харилцаа дэндүү өргөн учраас жилийн 365 хоногийн дийлэнхийг гадаадад өнгөрүүлдэг гэнэ. Манай Улаанбаатарт гэхэд өнгөрсөн намар ирээд буцсан юм билээ.

Миний түүнд тавьсан эхний асуулт “Танайх хэдэн сувилагчтай юм бэ”. Учир нь тэнд үүднээс оро­хоос эхлээд л хүмүүс дагаж, үйлч­лээд энд ч нэг гарч, тэнд ч дагаж гүйгээд байсан болохоор тэр.

Харин түүний хэлснээр дунд­жаар нэг сувилагчид дөрвөн үйлч­лүүлэгч оногддог аж. Гэхдээ тэд­нийхний хүндээ хүрч үйлчилдэг нь дөрвөн хүнд нэг сувилагч ногдох биш бараг нэг хүнд дөрвөн сувилагч оногдоод байх шиг.  Бум­рунград эмнэлэг анх 1980-аад онд 200 орчим ортойгоор үүдээ нээж байжээ. Гэхдээ дээд зэрэглэлийн чанартай эмчилгээ, үйлчилгээг ирсэн хүмүүстээ үзүүлж, сэтгэл хангалуун гаргана гэсэн хатуу шаардлага тавьж ажилласан уч­раас өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс эднийхийг зорьж хүмүүс ирэх болж, тэр ч хэмжээгээрээ орлого, үйчилгээний чанар нь өндөрт хүрчээ. Энэ эмнэлгээр жилд 190 орны сая гаруй хүн үйлч­лүүлдэг юм байна. Энд 1200 эмч ажилладгийн 220 нь АНУ-ын анагаахын сургуулиудын эмчлэх эрхийн диплом гэрчилгээтэй, мөн 900 гаруй сувилагч, 200 орчим орчуулагч ажилладаг гэж байгаа. Тэр ч ут­гаараа эднийхийг Тай­ландын гэ­хээсээ Олон  Улсын эмнэлэг гэх юм билээ. Угаасаа зочид буудлын лобби танхим шиг том зааланд нь олон хэлний орчуулагч нь суугаад л ирсэн хүмүүсээ угтаж авч, үйл­чилж байх нь гадаад хэлний сур­гууль мэт. Өдөрт 300 хүн хэвтэн эмчлүүлж, 3000 хүн амбулаториор нь үйлчлүүлдэг аж. 2010 онд 1,2 сая хүн үйлчлүүлсний 40 орчим хувь нь гадаадынхан байжээ. Бас жилдээ манай улсын хүн амын тоогоор лабораторийн нарийн шин­жилгээ хийдэг гэж байгаа.

“Бумрунград”-д Хойд Амери­каас жилд 25 мянга орчим хүмүүс ирж эмчлүүлдэг. Эмчилгээ үйлчил­гээний чанар өөрийн орныхтой нь адил, харин үнэ нь 30-70 хувь хямд бөгөөд дээр нь Азийн нэг оронд аялангаа, эмчилгээ хийлгэх бо­ломж­той байдаг учраас дуртай нь аргагүй явдаг гэнэ.  АНУ-ын эмнэ­лэгтэй “Бумрунград”-ын  эмнэлгийн үнийг харьцуулсан танилцуулга гаргасныг хичээнгүйлэн тэмдэглэж авснаа та бүхэнтэй хуваалцъя. АНУ-ын эмнэлэгт нуруу нугаламын хагалгаа хийлгэхэд 41 мянган ам.доллар бол “Бумрунград”-д 11,800 ам.доллар, энэ нь даруй 71 хувиар хямд. Үүн дээр нь замын хийгээд хүний нутагт байгаа нэмэлт зардлаа нэмлээ гэхэд 6600 ам.дол­лар. Ингэлээ ч даруй 55 хувь хямд гэсэн тооцоо байгаа юм. Тийм учраас л өртөг өндөртэй Европын орнуудаас олон хүн зорин, зорин ийш ирдэг байх. Тэрнээс гадна Япон, Солонгос, Хятад, Зүүн өмнөд Азийн хөрш Вьетнам, Лаос, Кам­бож, Мьянмар, Бангладешаас байнга ирж эмчлүүлдэг гэнэ билээ. Харин хамгийн их нь хаанахын хүмүүс гээч. Арабууд.

Заримдаа ч Азийн Тайландад байна уу, Арабын Эмиратад байна уу гэж гайхаш төрмөөр олон ара­бууд байх юм билээ. Ойрхи Дорно­доос жилд 100 мянга орчим хүмүүс ирж эмнэлгээр нь үйлчлүүлдэг гэж Нуттавад найз маань танил­цуул­сан билээ. Түүний хэлснээр 2000 оноос өмнө арабууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сайн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар АНУ-ыг зорьдог байжээ. Харин дэлхийн түүхийг өөрчилсөн гол үйл явдал гэгдэх 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явд­лаас хойш АНУ-д нэвтэрнэ гэдэг арабуудад амаргүй зүйл болж. Үнэхээр ч араб л бол алан хядагч юм шиг санагддаг байсан үе шүү дээ. Энэ үед л “Бумрунград”-ынхан жинхэнэ сэт­гэж бас ажиллаж чад­сан бололтой юм. 1999 онд магад­лан итгэмж­лэгдэж, 2002 онд АНУ-ын ЖСиАй-ын шалгуурыг давж, Азийн хамгийн анхны Олон улсын эмнэлэг болсон цаг үе ч давхцаж. Арабаас АНУ руу зургаан цаг, Тайланд руу бас зургаан цаг ниснэ. АНУ-д алан хядагч мэт, Тайландад Арабдаа байгаа шах мэт. Ингээд газрын тосныхоо буянаар дэлхий даа­мааргүй баяжсан арабчуудын  эрүүл мэндийнхээ төлөө мөнгөө бариад гүйх их урсгалыг тайланд­чууд энэ эмнэлэг рүү татаж чаджээ.

“Арабуудад
дэлхийн хэмжээний эмнэлэг барих мөнгө хангалттай байгаа. Тэд яагаад нутагтаа эмнэ­лэг барихгүй, танайх руу ирээд байдаг юм бэ” гэхэд гадаад харил­цааны ахлах ажилтан тэрбээр жоготой нь аргагүй жуумалзаад “Арабад тийм эмнэлэг бариад хэн тэнд ажиллах вэ? Тэнд нь ажиллах хүн байхгүй. Өвдвөл улсаас нь өгөх мөнгөөрөө манайд аялж зугаа­лангаа үзүүлчихэд болно” гэсэн билээ. Түүний яриагаар хоёр ул­сын даатгалын газрууд нягт хам­тын ажиллагаатай ажилладаг бө­гөөд Засгийн газрын түвшиндээ мөнгө цаасаа шилжүүлчихдэг бо­лолтой юм.

Харин бүр зуу зуун мянгаараа Тайланд руу мөнгөө аваад ирж байгаа арабуудын өмнөөс уур хүрэх шиг.

Үнэхээр “Бумрунград”-д ара­бууд хөлхөж байна аа. Эрчүүд нь цагаан пансан дээлтэйгээ, хүүх­нүүд нь битүү хар хувцастайгаа. Гол шиг гунхалзсан охиноо дагуулсан ээжүүд, настай эхийгээ хөтөлсөн бавгар сахалтай залуу эрчүүд битүү явна.

Араб эрчүүд тун дураараа гэдэг нь ч анзаарагдам. Эмэгтэйчүүдийн хувцас сольдог өрөөнд эхийгээ хөтлөөд орох гэж зүтгэх тэднийг найрсаг нь дэндсэн тайланд суви­лагч нар бөхөлзсөн хэрнээ цааш түлхэнэ. Эмнэлгийн үйлчлүүлэгч­дийн нэлээд хувийг эзлэх арабуу­дад зориулсан булан, араб бичиг­тэй ном танилцуулга дүүрэн. Бас VIP зочдын өрөөнд нь аанай л арабууд эзэгнэн суусан нь хараг­дах юм билээ.

Арабуудад ч тэгдэг юм байж, харин Монголд төр нь бодлогоороо дэмжиж ийм зиндааны эмнэлэгтэй болгочихоосой. “Хэрэв манайх ийм нэг сайхан эмнэлэгтэй болчихвол бид юу гэж хүний газар мөнгөө өгөх гээд явах вэ. Одоо эрүүл сайхан амьдралынхаа төлөө хаана батал­гаатай газар байна, тийшээ л явж байна шүү дээ. Бид чинь эрүүл саруул амьдрах эрхээ эдлэх гэж л  яваа” гэж хүний нутагт ирсэндээ гэмшилтэй ч байгаа юм шиг ярьж байсан олон хүний магнай тэнийх байх даа. “Өвчин зовиураа­саа салахын тулд мөнгөө бариад харийн нутгийг зорьж байгаа тэр мөнгөний урсгалыг өөрсдөдөө авч үлддэг бол ” гэж Монголдоо үлдэх­гүй байгаа тэр их мөнгөний төлөө харамсал төрж  байсан бөлгөө.

Энэ эмнэлэг нь зах зээл дээр хувьцаагаа гаргаж, хөрөнгө босго­жээ. Хувьцааны ихэнх нь тайлан­дуудын гарт байдаг. Сүүлийн үед арабууд бас худалдан авахыг сонирхох болсон тухай дуулдсан. Харин менежмэнтийн удирдлага нь америкчуудын гарт.

Энэ мэтээр эмнэлгээр танилцан явах зууртаа үе, үе монголчууд­тайгаа таарч л явав. Манай аяллын багийн гишүүдээс гадна өөр рей­сээр энд ирсэн, бас хувиараа эмчилгээ үйлчилгээ авч яваа хүмүүс цөөнгүй.

Манай багийнхны эхний хэсэг өглөө эртлэн босч нарийн шинжил­гээндээ оржээ. Оношилгоо шин­жил­гээний хувьд ерөнхий шинжил­гээ, дэлгэрэнгүй шинжилгээ, төрөл­төд бэлтгэж өгөх шинжилгээ, ху­рим­лахын өмнөх багц гээд өөр өөрийн зорилготой, тус тусын үнэтэй байх жишээтэй. Ерөнхий шинжилгээ нь 200 орчим ам.дол­лар бол дэлгэрэнгүй нь 450 ам.доллар хэрэв 40-өөс дээш насны эмэгтэй бол 550 болоод явчих жишээтэй. Харин энэ удаад Монголоос гарсан эрүүл мэндийн багийнхнаас 40-өөс дээш насны эмэгтэй­чүүдийн багц шинжилгээнд орж байгаа бол 10 хувийн хямдрал үзүүлэхээр болсон билээ.

Эхлээд таарахад шинжилгээгээ өгчихсөн гээд цоглог харагдаж зогссон багийнхан маань хэсэг явж байгаад таарсан чинь шинжил­гээний дүнгээр зарим нэг зүйлүү­дийг тодруулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх болсон гээд жаахан баргардуу байхтай таарлаа. Тэд манай багтаа ахмадууд нь болох жар гаруй насны эгч нар л даа. Гэхдээ эрч хүчтэй, цоглог эмэгтэй­чүүд. Хүүхдүүд нь ч гадаад, дотоо­дод амьдардаг болтой юм билээ. “Эмч домчид үзүүлэх бол наашаа ир л гэдэг юм. АНУ руу нисэх гэж арав гаруй цаг зовлогоо барж, дээрээс нь үйлчилгээ нь өндөр үнэтэй. Харин ийм болом­жийн аялал гарахаар нь наашаа суучихсан. Бас дэлгүүр хоршоо нь хямд болохоор цагаан сарынхаа гарын бэлгийг ч цуглуулчих санаа­тай” гэж тэдний нэг нь надтай хууч хөөрсөн билээ. Шинэ танил маань тэнд нэгэн монгол бүсгүйтэй таарч гэнэ. Түү­нээс дуулснаа дүүгээ сэтгүүлч хүн болохоор сонсоод аваг гэж бодоод ярьж байна гэж аминчлан сонир­хуулсан юм. Эгч­тэй таарсан залуу бүсгүй бараг эндхийн хүн болоод байна гэсээр яриагаа эхэлжээ. Бага залуу гэлт­гүй түүний бие өвдөж, юунаас болоод байгаагаа шинжлүүлтэл манайхан ходоодны хавдар байна гээд тайрна хагална гэж мэдэгдсэн юм даг уу даа. Тэгэ­хээр нь гомдлын мөр, гайгүй газар ирээд үзүүлье гээд ирсэн чинь өнөөх ходоод нь эв эрүүл болж таарч. Харин цусны хавдар гэдэг өвчинтэй гэж онош­логджээ. Ингээд л багагүй хуга­цаанд эмчлүүлсээр одоо бараг эрүүл болж байна гэж ярьсан аж. Хэдий Монгол бүсгүйн эрүүл болсон сайхан түүхийг ярьж эгч маань инээмсэглэсэн ч хэд, хэдэн эмчид үзүүлэх ёстой болж, цаг авахаар явсан хоёр найзыгаа бодсон уу, эсвэл маргааш өглөө ходоодоо дурандуулахад ямар хариу гарах бол гэж бодсоных уу цоглог нүдэнд нь үл ялиг гуниг хурах шиг. Ходоодыг нь дурандахдаа унжуулж байгаад дурандчихдаг гэнэ.

Ямар ч байсан эгч нарын өглөө авч гарсан тайланд мөнгөн тэмдэгт болох Батт нь дууссан бололтой, ам.доллараа солиулах ажилтай болжээ. Уг нь ч эмнэлэг дээр ажил­ладаг ченж байдаг юм билээ. Манай орчуулагч нар утасдаад дуудаад өгөхөөр байгаа тасгийн үүдэнд нь ирээд солиод өгдөг гэсэн. Энэ өдрүүдэд олон хүн ирээд ачаалалтай байх шиг байна лээ. Уг нь ч ам.доллараар төлбөрөө төл­сөн ч болно л доо. Гэхдээ эмнэл­гийн ханшаас ченжийнх нь арай хэдэн цаасны илүүтэй дэг ээ.

 Цоглог эгч нарынхаа нүдэнд айдас хургасныг хараад хүн тодор­хой цаг хугацаанд тогтмол урьдчи­лан сэргийлэх шинжилгээнд орж байх ёстой юм байна. Машинаа жил бүр оношлуулаад байдаг байж, өөрийгөө хагас жилд үгүй юм гэхэд жилдээ оношлуулж байхгүй бол хэмээн хатуу ухаарсан билээ. Бас ээж шиг минь сайхан эгч на­рын маань шинжилгээний хариу нарийвчлаад үзээд ирэхээр элдэв асуудалгүй гараасай хэмээн зал­бирлаа.

Монголчуудтайгаа хэсэг саа­таад эмнэлэгтэй танилцах аяллаа үргэлжлүүлэв. Хүүхдийн
төв гээд газар байна. Нэг
л цэцэг, зураг тоглоом болсон газар. Энд ирсэн ямар ч хүүхэд өөрийгөө эмнэлэгт байна гэж айдас хүйдэст автахгүй нь. Гулгуур дээр гулсаж
байхад нь эмч нар чагнаж ч байх шиг. Манайд цагаан хувцастай хүн хараад хүү­хэд уйлж, аав ээж нар нь
тариулна шүү гэж айлгадаг
даа. Харин тэнд­хийн хүүхдийн
төвөөр хальт ша­гайхад ийм дүр зураг харагдсан юм. Тэгээд
диабет, диализ, нүд,
хамар хоолой, харшил, эмэгтэйчүүд,
урологи, зүрх, эмэгтэйчүүдийн төв гээд дурсаад байвал дуусашгүй олон төв, эмнэлэг, институуд тэнд
байна. Маргааш өөрөө үзүүлэх
үедээ заримтай нь
танилцаад амжчих байх хэмээн найдлаа. Тэнд эмнэлгийн өрөө
буюу манайхны хэлдгээр палатаар орохдоо нүд
маань орой дээрээ гарчихсан харайж явсан билээ. Энгийн дөр­вөн
ортой өрөөнөөс эхлээд хоёу­лаа, бүр ганцаараа байх гээд сонголт олонтой.
Ганцаархнаа байх нь хагас люкс, люкс гээд явж өгнө. Өрөөндөө зуухтай, хөргөгч, телевиз, дөрвөн хүн сууж хооллох ширээ сандал, интернэт гээд бүхий л зүйлтэй өрөө өдөрт
8000 батт буюу 260 ам.доллар орчим. Цааш­лаад манайхны 100 м кв байр шиг нэг
талдаа өвчтөний өрөө,
голдоо зочны өрөө, нөгөө
захдаа өвчтөний дагалдан яваа ар гэрийнхэн
байр­лах унтлагын өрөө, хоёр 00, шүр­шүүртэй тасаг ч байна. Түүнд нь голдуу Арабын баячууд тухалдаг гэнэ билээ.
Тэр нь гэхэд өдрийн 20
мянган батт гэсэн. Ер нь эмнэлэг үйлчлүүлэгчийн сонголтыг дээд
зэргээр хүндэтгэн үздэг аж. Бас өвчтний ар гэрийнхний сахиж
суух тав тухыг нь бодож, ор бүрийн
дэргэд жижиг буйдан байрлуулсан байна лээ. Гэхдээ энгийн дөрвүүлээ байх өрөөнүүд ч тохитой үнэ
хямд  байлгүй
яахав. Бас тус эмнэлгийн буудалд нь эмчлүүлэгчтэй
хамт яваа хүмүүс нь байрлах бүрэн боломжтой. Хэрэв эмнэлгийн
зочид буудлыг үнэтэй гэж үзвэл эмнэлгээс хоёр минутад
алхаад очих газар ч боломжийн буудлууд  зөндөө. Ер нь тэнд байр, хоол хямд. Урьд нь манайхтай
л адилхан гэдэг байсан бол одоо манай юм тэнгэрт хадаад тэнд­хийнх бүүр хямд болчихсон ч гэмээр.

Categories
редакцийн-нийтлэл

АН-ын гишүүн байх гэмт хэрэг үү?

АН Хамтарсан Засгаасаа гарах нь орсон
өдрийнх шигээ л тодор­хой байсан. Харин тэр нь хэзээ вэ гэдэг цаг хугацааных байсан
байх. Одоо гарна гарахгүй, цаг нь болсон болоогүй гэж яригд­саар энэ оны нэгдүгээр
сард хоёр намын хамт­ран байгуул­сан гэх Засгийн газар туурга тусгаар болсон билээ.

Туурга тусгаар бол тусын дай­сан гэдэг
шиг асуудалд ханддаг явдал эл шийдвэр дуулдав уу үгүй юу Монголын төрд яригдаж эхэлсэн
юм. Уг нь төрийн эрхэм чанар, зал­гамж хэлхээ гэдэг аль нэг нам Засагт байсан байгаагүй,
гарсан ялгалгүй байж байх ёстой юм шиг санагддаг. Хэ­дийгээр нам дагаж төрийн өндөр
дээд албан тушаалд очсон ч асуудалд намын бус тө­рийн нэрийн өмнөөс хан­даж байх
ёстой байх. Гэвч МАН, АН салмагц л угшлаар нь хөөгөөд хэн нэгнийг зай­луулах, холдуулах
тухай яриа гарах болсон нь харамсал­тай. Төрийн албаны тухай хуулиар аль хэдийнэ
намаа­саа татгалзаад төрийн ал­бан­даа үлдэж хэдэн жилийн нүүр үзсэн байсан ч гарвал
угшил нь нөгөө намынх гэд­гээр нь цэвэрлэгээ хийх их ажил Монголын төрд гарах юм.

Ерөөсөө Засгийн газрын түш­мэ­дүүд
Засгийн газраа дангаар байгуулж, сайд на­раа ч товлоогүй байж Засгийн газрын харьяа
агент­лаг, газ­руудаас хэн хэнийг зайлуу­лах жагсаалтаа гаргачихсан бай­сан гэдэг.
Нам дагахгүй ээ, төрөө дагана гээд шийдвэрээ гаргачих­сан төрийн албан хаагчид ч
уг жагсаалтад багт­сан байв. Үзэл нь улаан биш цэнхэр гэдэг шалтгаа­наар. Тэр жагсаалтын
эхэнд нь гэхэд Оюуны өмчийн дэд даргаар ажиллаж байсан урлагт элэгтэй, улс төрд
зүт­гэлтэй С.Гантөмөр агсны нэр байсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байв. Учир нь
тэр АН-ын ҮЗХ-д Булган аймгийг тө­лөөлж байсан гэдэг шалтгаа­наар. За тэгээд яам,
нийслэл, дүүрэг гээд том жижиг гэлтгүй бүхий л шатнаас 70 гаруй хүний нэрийг жагсаасан
бай­сан гэж байгаа. Нэг хэсэг Нийслэлийн орлогч дарга Да.Ган­болдоос ажлыг нь авах
тухай яриг­даж эхэлсэн байв даа. Ажлаа муу хийсэн гэд­гээрээ бус харин ард­чилалд
олон жил зүтгэж, Шадар сай­дын албыг хүртэл шаргуу ха­шиж, Ерөнхий сайдад хүртэл
нэр нь хэдэнтээ дэвшиж яв­сан нөгөө намын эсэргүүн учраас шүү дээ. Уг нь Монго­лын
хүн амын тэн хага­саас илүү нь сууж байгаа нийслэлд үзэл нь нөгөө талдаа ч гэсэн
турш­лага нь, зангараг нь, нас нь чухал тэр халзан нөхөр байж л байх хэрэгтэй байхгүй
юу даа.

Бас хэд хэдэн газрын дар­га нарт хариуцлага
тооцох­доо орлогч нартай нь хамт хусаад хаячихсан гэж байгаа.

Уг нь ажлаа муу хийсэн МАН-ын угшилтай
албан тушаалтныг шийтгэж байгаа хэрэг л дээ. Гэвч аз дутахад орлогч нь нөгөө намын
гар­валтай учраас хамтдаа ху­суул­чихаж байгаа юм. Азгүй золиг, хэрэв АН-ынх биш
МАН-ынх бай­сан бол жин­хэнэ дарга болохгүй юу.

Бас шинэхэн сайдуудын өрөв­дөм томилгоо,
халаа сэлгээнүүд нийт намынхаа нэр хүндийг доош татаж л дуулдах юм. Залуу байлаа
гээд тэнэг баймааргүй л бай­гаа юм. Ж.Энхбаяр сайдын зөвлөхүү­дээ­сээ эхэлсэн то­милгоо
нь сүүлдээ улс төрийн бус төрийн албан хаагчид руугаа орж, одоо өөрөө суу­далдаа
үлдэх эсэх нь хэцүү­хэн болчихоод л байна. Одоо АН-ын гишүүн бол гэмт хэрэг­тэн
гэж авто­матаар ойлгогд­дог болчихож дээ. Ер нь АН-ын гишүүн чинь гэмт хэрэгтэн
юм уу?

Ийм нэгэн инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй
ч юм шиг үйл явдлууд Монголын төрд өрнөсөөр.

Уг нь ямар намынх нь хамаагүй, ажлаа
сайн мэддэг хүнээр л төрийн албаа са­хиулмаар санагддаг юм. Нам тусдаа байж болно.
Гэвч эх орон нэг гэдгээ энэ улстөрчид санаж баймаар. АН төрийн эрхэнд гардаг жилүүдэд
тө­рийн компаниу­дын захир­луудыг халдаг “хар баа­сан” гариг тогтсон билээ. Тэгээд
яав. Ардчилагчид сонгуульд ялагдаад, 2000 онд төрийн 15 мянган албан хаагч аж­лаасаа
халагдаж байв. Үүнийг хуучин Ху намын дар­га Н.Энхбаяр гардан хийж байсныг хүмүүс
мэднэ.

Энэ үеэр урьд нь халагд­сан хүмүүсийн
тоо хэд дахин нуга­ларсан дуулддаг.

Их өс хонзон бүр ч их өшөө авалтыг
дагуулж бай­даг. Тухайн үед АН-ынхны хийсний хариуг МАН ингэж барьж байжээ. Харин
одоо МАН-ын хийж байгаа бүхний хариуг АН ялчихвал яаж ба­рих бол гэж бодохоор яс
хавтайна.

Дээрээс нь хорин жилийн түү­хэнд АН
рейтингээрээ өр­сөлдөгч намаасаа хувь илүү өндөр гарсан судалгаа аль ч намынх нь
гаргасан ил хий­гээд нууц судалгаагаар то­дорхой болоод байгаа. Ард түм­ний дундах
үзэл санаа салхинд найгах өвс шиг ган­хаад байдаггүй учраас МАН-ынхан ялахгүй бол
яах вэ гэдгээ бодмоор байгаа юм.

Арслангийн сүрэгт шинэ удир­дагч тодроход
хуучин удирдагчийн бүх нялх зулза­гын шилийг тас хаздаг юм гэсэн. Үүн шиг одоо­хондоо
МАН нь АН-ын угшилтай тө­рийн албан хаагчдыг толгой дараалан халж, өөрсдөө засаглаж
байна. Энэ нь эр­гээд өөрсдөө унах нүхээ ухаж байгаатай адил хэрэг. Суусан мөчрөө
хөрөөднө гэгчээр ард түмнээ ялгаварлахаар яаж түмний итгэлийг олох юм бэ.

Тиймээс амьхандаа араа бо­доорой л
гэж зөвлөх гээд байгаа хэрэг шүү дээ. “Буца­хаа мэдсэн эхнэрийн царай хүйтэн, буцалж
бургилсан цайны үүр нойтон” гэдэг шиг хөрзийж зэвүүрхэж байгаад сонгуулийн дараа
бүр их өс хон­зонгийн золионд явчих вий.

Рейтингээр доогуур бүү хэл өөрсдөө
дангаараа ноёлж байгаад ялагдсан дэг­лэмүүд дэлхийгээр нэг. Хаа газрын ард түмэн
адилхан. Арабууд дэглэмээсээ уйддаг, мон­голчууд уйддаггүй гэж хэн хэлээд байгаа
юм. Ах намын дэглэм бараг зуугаад жил болчихлоо. Энэ сон­гуу­лиар солигдох нь бараг
тодор­хой. 

Нам дагасан хүмүүс нам нь ялахаар нар нь мандаж,
ялагда­хаар ичдэг тарвага шиг дархлаатай болчихсон байж болох юм  л даа. Тэр ч утгаа­раа энэ мэтэд цочир­доггүй байх. Харин “Төрийн сүлд өршөө” гэж дээдэлдэг ард түмэн бид чинь төр нь уламж­лалтай, залгамж­тай,
өвлөгд­дөг бодлоготой байхыг хүсч байна. Төрийн
нэрээр өс хонзон зангиддаг.
Нэгэн цагт зан­гилагдсан хонзогнол нь дараагийн үед
бүр хүчтэй өс болдог тийм жижигхэн юмыг хармааргүй байна. Монгол­чууд бид чинь жижиг
юманд дургүй том ард түмэн шүү дээ.