Categories
редакцийн-нийтлэл

Намрын их ажилтай зэрэгцсэн Гиннесийн барилдааны бүртгэл шувтарч байна

Есдүгээр сарын 17-25-ны өд­рүүдэд Гиннесийн номонд Мон­голын үндэсний бөхийг бүрт­гүүлэх 4096 бөхийн барилдаан болно. Эхний хоёр даваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, үлдсэн нь Бөхийн өргөөнд болно. Өчигд­рийн байдлаар 3100 орчим эрчүүд бүртгүүлжээ. Улаанбаатар хотын харьяат цол­той болон цолгүй, залуу бөхчүү­дийг бүртгэж дуусчээ. Есдүгээр сарын 15-наас хөдөөгийн бөхчүү­дийг бүртгэх бол дээр нь цэрэг, армийн мянган бөх нэмэгдэнэ. Ингээд дөрвөн мянга хол давсан бөхтэй барилдаан болох нь.

Барилдааны бүртгэлийн ажил Бөхийн өргөөний гадна асарт 09.30 цагаас эхэлж байгаа. Бүртгэлийн комиссынхныг хүлээ­сэн залуус хар өглөөнөөс л цуг­лачихсан дугаарлаж зогсдог гэнэ. Тэгээд орой 18.00 цаг хүртэл эрчүүд тасрахгүй, асар хүнээр дүүрэн.

Бүртгэлийн ажлыг ахалж буй Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гарын даа С.Сэлэмбаатар “Улаанбаатар хотын харьяат болон залуу бөх­чүүдийн бүртгэл дуусч байна. Учир нь төлөвлөснөөс олон бөх­чүүд бүртгүүллээ. Гэсэн ч бүрт­гүүлэх гэсэн залуус тасрахгүй байна. Тэднийг бид нөөцөнд бүртгэж байна” гэсэн юм.

Цолтой бөхчүүд нь цолны үнэмлэхээ зургаан мянган төгрөг­тэй, цолгүй нь иргэний үнэмлэхээ, мянган төгрөгтэй авч очиж бүрт­гүүлж байлаа. Бүртгүүлсэн бөхчүүд цээж зургаа авахуулна. Учир нь Гиннесийн барилдаанд барилдсан бөхчүүдийн зураг, нэр усыг бичсэн ном гаргах аж. Бас хандив өгсөн хүмүүсийн зурагтай ном хэвлүүлэхээр болжээ.

Өчигдөр бүртгэлийн ажлыг очиж сонирхлоо. “Одоо хөдөөгийн бөхчүүдийг л бүртгэнэ” гэсэн үгийг сонсоод залуус “Улс орон даяар барилдаарай гэж уриалчихаад ирэхээр хөөгөөд байхдаа яадаг юм бэ. Зорьж ирчихээд байхад бүртгэ л дээ” гэж бөөн шуугиан боллоо.

Бөхийн сургууль, дэвжээ, клу­бийнхэн нэгдсэн журмаар ирж бүртгүүлсэн бол арван жилийн хөвгүүд ч ирж бүрт­гүүлжээ. Бүрт­гүүлэгчдээс хамгийн залуу нь 16 настангууд. Дөнгөж иргэний үнэмлэхээ гардаж авсан хөвгүүн ч ирж бүртгүүлжээ. Харин хамгийн ахмад нь 80 настай Д.Түгж­жав гуай. Говь-Алтай айм­гийн Чандмань сумын харьяат, сумын заан цолтой тэрээр залуу халуун наснаасаа зүлэг ногоон дэвжээнд ноцолдсоных энэ удаа­гийн том барилдаанд хүүхэд залуусыг уриалан дуудаж барилдана гэжээ. Бас 69 настай, сумын заан Э.Очирхуяг гэдэг хүн ч бүртгүүлээд байлаа.

Улсын цолтой бөхчүүд бараг бүгд шахуу нэрсээ бичүүлж. Авар­га А.Сүхбатыг энэ барилдаанд зодоглохоор болсон тухай яриа гарсан. Энэ талаар бүртгэлийн комисс “Аварга А.Сүхбат бүртгүү­лээгүй. Түүнийг барилдахаар болсон тухай яриа гарсан. Энэ бол цуурхал шүү. Аварга хүртэл өөрөө үүнийг үгүйсгэсэн” гэв.

Гиннесийн амжилтын хороо­ны гишүүд есдүгээр сарын 17-нд буюу нэгийн давааны өмнө бөхчүүдийг 4096 хүрэх нь үү үгүй юу гэдгийг тоолох нь. Бөхчүүд заавал зодог шуудаг, монгол гутал, малгайтай байх учиртай. Цаг агаар ямар ч байлаа гэсэн заавал өмсгөлтэйгээ байгаарай гэж сануулж байна лээ. Тэр үеэр цаг агаарын хэм өдөртөө арав орчим хэмийн дулаан, шөнөдөө хасах хэмийн хүйтэн байх нь. Намрын өглөө, орой жихүүн байдаг болохоор нүцгэн шахуу барилдах эрчүүд минь хатгаа, ханиад хүрч болох тул энэ талаар анхаарах хэрэгтэй юм. 

Цолтой, барилддаг ноцолддог бөхчүүд ч яахав зодог шуудагтай­гаа, зодог шуудаггүй нь гадуур дотуур гүйж өмсгөлөө хайж бай­гаа сурагтай. Бөхийн өргөөний  бөхийн өмсгөлийн дэлгүүр ойрд ачаалалтай байгаа гэнэ. Оёдлын цехийнхэн нь өнөө армийн мянган бөхийн зодог шуудгийг оёод толгой өндийх завгүй сууна. Гут­лын цех ч ялгаагүй. Бөхийн өргөө­ний дэлгүүрт хүүгээ дагуулсан аавууд их орж ирж байна. “Миний хүүд одоо юу дутуу билээ. За байз, оймс авах дутуу юм байна” гэх. Зодог, шуудаг ширээс, хэмжээ­нээсээ хамаарч үнэ нь өөр өөр. Өчигдөр тус дэлгүүрийн зодог нь дууссан байв.

Нэгэнт бүртгэл дууссан гээд байхад залуус хөвөрсөөр, зарим нь бүр хошуугаа унжуулаад, ширээний ирмэгийг хуруугаараа оролдон “Бүртгэчих л дээ. Барилд­маар байна” гэж зогсоно.

Залуус найз нөхдөөрөө ирж байгаа гэнэ. “Арван жилд байхдаа ноцолддог байлаа. Ингэж нэг барилдах боломж дахиж тохио­лоо шүү. Алдартай бөхчүүдтэй нэг дэвжээнд гарах нь” гэж олзуур­хацгаана.

Монголын үндэсний бөхийн холбоо ирж буй бөхчүүдийг аль болох бүртгэхийг хичээж байгаа аж. Гиннесийн амжилтыг бүртгэ­дэг нөхдийг ирэх үеэр бөхчүүд дутах юм уу ямар нэг асуудал гарвал нөөцийнхнийг оруулах аж. Энэ барилдааны түрүү бөхөд наадмаар өгдөг 15 сая төгрөгөөс дутахгүй мөнгөн шагнал амлаж байна.

Хэрэв энэ барилдаанд улсын цол олгоно гэвэл 128 начин, найман арслан, дөрвөн аварга гээд л хөврөх байлаа. Харам­салтай нь цол олгохгүй. 

Бүртгэлээс хоцорч, барилдах хүсэл нь биелээгүй залуус Бөхийн өргөөний гадна, шат, хайс, бор­жуур дээр урвайн сууцгааж байна лээ шүү. 

Цаана нь аймгуудын бөхчүүд байна. Сумандаа л ажил төрөл­тэй, хадлангийн хамаг ихийг нугалдаг гэх хүдэр эрс Гиннесийн барилдаанд зодоглоно гээд аль эртнээс ажлаа орхиж, бэлтгэл хийсэн сурагтай. Бас дээр нь армийн мянган залуу бий. Ингэ­хээр энэ намрын буцалсан их ажлын хажуугаар Гиннесийн ба­рил­даан манай эрчүүдийн анхаар­лыг татаж байна. Хэрэв залуус барилдъя гээд хөдөө гадаанаас гүйгээд ирвэл 4096 гэсэн нь багадаад 8192 ч болж мэдэхээр. Бүр жинтэйгээр нь гээд 16384 бөх барилдуулчихаж мэдэхээр байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

С.Төмөр-Очир захирлын наймаа Н.Алтанхуяг сайдыг давж гарах уу?

Налайх дүүрэгт их сургуу­лийн хотхон бай­гуулж, сур­гуу­лиуд тий­шээ нүүх сургаар хөл толгой­гүй бужигнаан үүсээд бай­­гаа болол­той. МУИС гэ­хэд л ойр хавийнхаа газрыг наймаалцах ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Хотын төвд байрлал сайтай уч­раас эдний газар руу хонь харсан боохой шиг дай­рах хүн ч олширсон гэнэ. Хүний өөрийнгүй шүлэн­гэтэж бай­гаа энэ газраа яаж ашиг­тай­гаар най­маа­­лах талаар тус сургуу­лийнхан хуралдаж ярил­­цах болжээ. Энэ хурлын протокол олдсон юм.

МУИС шинэ номын сан­тай болох тухай Ц.Ган­цог захирлыг байх үеэс яригдаж эхэлсэн юм байна. Хүмүүн­лэгийн ухаа­ны их сургуулийн зүүн талд хүмүүсийн нэр­лэдгээр “Кибер” захын үүдэн хэсгийн газрыг эзэн н.Да­шаас нь 160 сая төгрөгөөр Ц.Ганцог захи­рал худалдаж авчээ. Тэнд МУИС-ийн но­мын санг барихаар төлөвлө­сөн нь тэр. Гэвч Ц.Ганцог захирал удал­гүй ажлаа өгч, шинэ за­хи­рал сонгох шуугиан дэгд­сэн учир юун номын сантай манатай болж ажил өдий хүртэл зогс­сон байна. Ингээд тус сур­гуулийн захирлаар УИХ-ын дарга, БСШУ-ны дэд сайд асан С.Төмөр-Очир сон­гогд­со­ны дараа номын сан­гийн асуудал эргэн сөхөгджээ. Тэрээр сургуулийнхаа номын санг өөр газар барихаар төлөвлөсөн учир Ц.Ган­цо­гийн 160 сая төгрөгөөр худалдаж авсан газрыг “Кибер” захын эзэн Дашид буцаагаад 300 сая төгрө­гөөр ху­дал­дахаар бол­сон байна. Харин номын сангаа МУИС-ийн хоёр­ду­гаар байрны баруун талд Монгол-Япон төвтэй залгаа байрлах сургуу­лийн эзэмш­лийн хуучин хоёр барилгыг нурааж, 12 давхар хоёр ихэр цамхаг босгохоор шийджээ. “Орч­лон” констракшнаар ба­рилгаа бариулаад зур­гаа, зургаан давх­раар нь хувааж авахаар тохи­ролцсон байгаа юм. Тий­мээс С.Тө­мөр-Очир захи­рал тус компанийн тө­лөөл­лийг захирлуудын ху­ралд оролцуулан танил­цуул­жээ.

Хоёр ихэр цамхгийг бос­гоход нийт найман тэрбум гаруй төгрөг шаард­лагатай. Энэ мөн­гийг хоёр байгуул­лага ижил тэнцүү гаргах нөх­цөл­тэй юм билээ. Тус компа­нийг төлөөлж МУИС-ийнхны ху­ралд оролцсон Даваадорж хэмээх эрхэм “Барилга ба­рих талбайгаа цэвэрлэх зар­далд нэг тэрбум төг­рө­гийг манайх гаргана. Үүний дараа танайх хоёр тэр­бум төгрөг, дараа нь манайх хоёр тэрбумын сан­хүүжилт хийнэ. Ингээд энэ жилдээ нийт таван тэрбумын сан­хүү­жилт хийх санаатай байна.” гэж танилцуулсан нь прото­колд тэм­дэг­лэг­дэн үлд­жээ. Хоёр барилгынхаа тал зардлыг төсвөөс гаргуул­чи­хаж байна гэдэг эдний ком­па­нид ашиг­тай­гаар барахгүй. Тэдний аманд “шар тос үм­хүүлж” байгаа С.Төмөр-Очир захирал ч үүнийхээ хариуд овоо шан харамж хүртэж бай­гаа бололтой.  Ингээд МУИС Налайх руу нүү­гээд явсан тохиолдолд энэ барилга, газрын хамт “Орчлон” конст­ракшны өмч болж үлдэнэ гэж бай­гаа. Тэр болтол МУИС өөрс­дийн эзэмшлийн зур­гаан давх­раа­саа дээш бусад давхруудыг үнэ төлбөргүй­гээр оюут­ны дотуур байр болгон ашиглах боломж бий юм байх.

Гэхдээ энэ наймааг МУИС-ийн Хууль зүйн сур­гуулийн захирал С.На­ран­гэрэл ганцаараа эсэргүү­цэж, бусад сур­гуулийн захирал зөв­шөөрс­нөөр гэрээ дэм­жигд­жээ. С.Нарангэрэл захи­рал “Энэ бол нэг ком­пани МУИС-д 70 жилийн ойгоор нь хандив бол­гоод номын сантай бол­гож, эсвэл оюутны байр бариад өгчихье гэдэг асуу­дал биш. Хамгийн гол нь дээд зэрэглэлийн үнэ цэнэтэй энэ газарт өөрийнхөө их хэм­жээний хөрөнгийг оруулаад да­раа нь ямар нэг аргаар өөрийн болгож авахаар бид­нийг хошго­руулж бай­гаа байх­­­гүй юу. Ийм нөхцөлд МУИС-ийн нэг­дү­гээр зэ­рэг­лэлийн, бүр улсын тусгай нөө­цийн газрыг худалдсан гэдэг  асуу­дал босно. Эндээс хар­далт сэрдэлт гарна, бүр авли­гын асуудалтай ч холбог­доно. Ийм учраас энэ са­наа­гаа бүгд орхи­вол яасан юм. Дан­гаа­раа зургаан давхар номын сангаа өөрийн хөрөн­гөөрөө барья. Ихэр цам­хаг барихад эрх зүйн хувьд ямар гэрээ, ямар хуулиар зохицуу­лах нь надад ерөөсөө хараг­дах­гүй байна” гэжээ. Хууль зөрчсөн хуудуутай зүйл бол­но гэдгийг нь хуулийн хүн сануулсаар байтал тэд гэрээг хэрэгжүүлэхээр болсон бай­гаа нь цаанаа олон хүний эрх ашиг яваа нь илт байна. 

Ихэр цамхгийг ба­рихаар ший­дэж, барил­гын талбайг цэвэрлэх гэ­тэл нэг асуудал тулгар­чээ. Учир нь их сур­гуультай залгаа нураа­хаар төлөвлөсөн хуучин барилгад “Тита­ник”  хэ­мээх баар ажил­ла­даг гэнэ. Баарны эзэн Н.От­­гон­баяр нь Зас­гийн газ­рын тэргүүн шадар сайд Н.Ал­тан­хуягийн төрсөн дүү юм байна. Тиймээс баарны эзэд энэ газраа­саа хөдлөхгүй гэж тас гэдий­чихээд додигор бай­гаа юм байх. Ард нь тө­рийн сайд байгаа учраас Төрийн өмчийн хороо­ныхон хуруу­гаа ч хөдөл­гөхгүй байгаа гэнэ. Тэгээд ч Н.Ал­танхуяг сайд МУИС-ийн захирал­тай өөрийн биеэр ирж уулзжээ. Энэ талаар С.Төмөр-Очир захи­рал “Байшинг ну­раах асуудал төрийн өмчийн хо­роогоор орох­гүй хойшлоод байгаа­гийн учир нь “Титаник” баарыг эзэмшиж байгаа ком­панийн эзний төрсөн ах нь Засгийн газрын гишүүн. Тэр хүн надтай ирж уулзсан, “тийм юм байхгүй гэж” хэлсэн” хэ­мээ­сэн нь протоколд үлд­сэн байх юм. Сай­дынхаа албан тушаалаар да­лайл­гаж, даргыг дарам­тал­сан нь тэр бололтой. Ямартай ч МУИС-ийн газ­рын наймааг тойроод сайдаас эхлээд гур­вал­жин дөрвөлжин бөөн асуу­дал үүсээд байгаа юм байна. Газрын най­маа сайд, дарга нарыг “галзууруулж” байгаа­гийн ойрхон жишээ энэ биз ээ.

МУИС-ийн захирал С.Төмөр-Очиртой хол­боо­той асуудал үүгээр дуусахгүй гэнэ. Тэрээр сургуулийн хөгжлийн сан­гийн мөнгийг гарын са­лаагаараа урсгаж байгаа юм байх. МУИС-ийн багш нарыг ноут­бүү­кээр хангах нэ­рийд­лээр хөгж­лийн сангаас 60 сая төг­рөгийг эргэн төлөгдөх нөх­цөлтэйгээр гаргуул­жээ. Гэвч тэнхимийн эрх­лэгч 67 хүнд Солонгосын тусламжаар ир­сэн хуучин ноутбүүк тарааж, нүд хуурс­наас өөр ажил хий­гээ­гүй гэнэ. МУИС-ийн Хөгж­лийн сангийн хө­рөнгө нэмэлт элсэлтээр орсон хүүхдүүдийн  мөн­гөнөөс бүрддэг юм байна. Нэмэлт элсэлтээр МУИС-д орохын тулд нэг хүүхэд дээд тал нь хоёр, гурван сая төгрөг төлдөг юм байна. Энэ мөнгө­ний хуримт­лалаар Хөгжлийн сан бай­гуулж хадгалдаг аж. Ц.Ганцог захи­рал С.Тө­мөр-Очирт тэрбум төг­рө­гийн ху­римт­лалтай Хөгж­лийн санг хүлээлгэн өгсөн байдаг аж. Түүнийг нь мань нөхөр өөрийн ду­раар ийн ашиглаж бай­гаа бололтой.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Дуайт Ховард Монголд ирлээ

Дуайт Дэвид Ховард

Төрсөн он: 1985 оны арванхоёрдугаар сарын 8-нд АНУын Атланта мужид төрсөн.

Биеийн өндөр:
211
см

Биеийн жин: 120 кг

Дуртай хоол: Махтай хоолонд дуртай

Тоглодог баг: Orlando Magic

Өмсгөлийн дугаар: 12

NВА-гийн шилдэг тамир­чин, “Орландо мэжик” багийн тоглогч Дуайт Ховард өчигдөр манайд ирлээ. Өнөө цаг үеийн сагсан бөмбөгийн шил­дэг од, дэлхийн хэмжээний алдартай тамирчин Дуайт Ховард Монголд хөл тавьсан нь спорт сонирхогч, хүүхэд залуусын мөрөөдлийг бие­лүүлсэн явдал болов. NВА-гийн тамирчдаас Монголд анхлан хөл тавьж буй түүнийг онгоцноос буунгуут “Eznisair­ways”-ийн хамт олон тусгай өрөөнд угтан авч, хүн­дэт­гэл үзүүлээд “Монголын хүүхэд, залуус ирэх сургийг тань сонс­сон цагаасаа сэтгэл догд­лон хүлээсэн. Өнөөдөр бид бүхний хүсэл биеллээ” гэлээ. Дуайт Ховард Мон­голын талаар төдийлөн их мэдээлэлгүй байсан гэнэ. Хааяа л сонин, сэтгүүл, теле­виз зэргээс манай орны талаар дуулдаг байж. Тэрээр “Монголчуудыг их эелдэг, найрсаг ард түмэн гэж дуул­сан. Бас үзэсгэлэнтэй бай­галь­тай, өвөрмөц зан зан­шил­тай ард түмэн гэж сонс­сон юм байна. Монголд ирсэн боломжоо ашиглаад тэр бүг­дийг үзэж, мэдрэхийг хүсч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлээд хананд өлгөө­тэй байсан өөрийн зурагт хуудсан дээр гарын үсгээ зурлаа. Өөртэй нь зураг ава­хуу­лахыг хүссэн хүн бүрийг мөрөөр нь тэврэн инээм­сэглэж зураг авахуулна, зу­рагчин, зу­раг­лаачдын дуран руу нүд ирмэн “сахилга­гүйтнэ”. Тэ­гээд бүгдтэй нь “Hello” хэмээн мэндэллээ.

Түүнийг тусгай өрөөнөөс гарахад онгоцны буудлын үүдэнд олон залуус хэдийнэ ирчихсэн, зураг авч хараг­дана. Үүд рүү дөхөх мөчид тэд нэгэн дуугаар “Ховард, Ховард!” хэмээн хаш­гиралд­лаа. Хамгаалагчид сэтгэл нь хөдөлсөн хөгжөөн дэмжигч­дийг чадлаараа л холдуула­хыг хичээвч тусыг эс олов. Залуус шүтээн тамирчныхаа гарын үсгийг авч, гар барьж мэндчилэхийг хичээн үймэл­дэв. Зарим залуус пүүз, гутал нь олны хөл  сугарч үлдэхэд оймстойгоо л Ховардын араас гүйлдэнэ. Гэтэл нэгэн залуу Ховардын 12 дугаар­тай өмсгөлийг барьсаар олны дундаас дүүлж очоод гарын үсгийг нь зуруулаад автал хөгжөөн дэмжигчид бүгд баяр­лан орилолдлоо. Өнөө за­луу­гийн хүсэл нь биелсэн бололтой, сэтгэл хангалуу­наар өмсгөлөө эвхэнэ. Бусад нь өмсгөлийг ганц харчихъя л даа хэмээн шалцгаах.

“Dwigth Howard” гээд цаа­сан бичээд ирчихсэн хүмүүс байлаа. Тэд Ховардын суу­сан машины урд нь очоод өнөө бичгээ үзүүлж шүгэл­дэнэ. Гэрэл зургийг нь авах гэсэн залуус машиныг нь бүчиж, машиных хамар дээр хэвтэхийн наагуур юм болов. Ховардыг дагалдан ирсэн нөхөд “Өө, бурхан минь. Энэ чинь юу болж байна аа. Ийм их сэтгэл хөдлөл хараагүй удсан байна шүү. Монгол­чууд чинь төсөөлснөөс өөр юм аа” гэж ойр зуураа ярилц­лаа.

Манайд дэлхийн хэмжээ­ний алдартай, олны танил хүмүүс ирэхэд нүдний хар шил, хар хувцас өмссөн хам­гаалагчид гэх залуус нэг алхам ч ойртуулахгүй гар далайхын наагуур юм бол­дог. Гэтэл Ховардыг тэгж хам­гаалсангүй. Юунаасаа ч тэгж хамгаалах юм, хөгжөөн дэм­жигчид, хөөр хөгжилтэй хүү­хэд, залуусын дунд яваа хүнийг шүү дээ. Ямартай ч Ховардыг өчигдөр хаана л очно, тэнд нь хүүхэд залуус хэдийнэ цуглачихсан. Зурагт хуудас, бөмбөг дээр гарын үсгийг нь зуруулахаар бэлтгэ­чихсэн байна лээ.

Ховард “Би хүүхэд, залуу­сын дунд байх дуртай. Тэд­ний сайн сайхны төлөө чиглэ­сэн үйл хэрэгт идэвхийлэн оролцох сонирхолтой. На­майг Монголын залуус ийм сайхан угтан авна гэж төсөө­лөөгүй шүү” хэмээсэн юм.

Тэрээр дэлхийн хэмжээ­ний шилдэг сагсан бөмбөгч гэдгээсээ гадна элгэмсэг зан, хөгжилтэй байдал зэргээрээ сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг татсан хүн. NВА-гийн бүх оддын тог­лолтын цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн үеэр Ховард “Супермен”-ий өмс­гөл, нөмрөгөөр гангарч тал­байд гарч ирсэн тэр мөчөөс “Супермен” гэдэг хочтой бол­сон түүхтэй. Хошин шогийн мэд­рэмжтэй, хөгжилтэй зан нь түүнийг сагсан бөмбөг сонирхогчдын шүтээн боло­ход хамгийн их нөлөөлсөн юм.

Ховард сайхан бие, инээмсэглэл гэрэлтсэн ца­рай­гаараа NВА-гийн царай­лаг тоглогчдын нэгд зүй ёсоор бичигддэг. Түүний бас нэг хоч нь “Булчин”. Биеийн өв тэгш хөгжилтэй, бэлтгэл сургуулилтдаа маш их ан­хаар­даг зэргийг нь мэргэ­жилтнүүд үнэлдэг.

“Мобиком”,
“Eznisairways”, “Newcom”, “Ulusnet”, “Mobi­net”, “Clean energy” зэрэг компани, группууд дэлхийн супер тамирчныг эх орондоо хүрэлцэн ирэхэд хамтран ажиллаж буйг энд дуулгая. Ховард манайд гур­ван өдрийн айлчлалаар ирээд байгаа юм. Айлчлалын хөтөл­бөр нь шахуу ч Ховард хүүхэд залуустай аль болох хамт байхыг хүсч байгаагаа илэр­хийлжээ.

Өнөөдөр Ховард асрам­жийн хүүхдүүдийг дагуулан нисэх онгоцтой танилцах аялал хийх бөгөөд 14 цагаас “Боловсрол” телевизийн шууд ярилцлагад орж, дараа нь Монгол бөхийн өргөөнд очиж манай залуу сагсан бөмбөгчдийн үзүүлбэрийг сонирхох юм байна. Тэгээд орой нь “Нүхт”-д коктейль шоунд оролцож, шүтэн биш­рэгчтэйгээ халуун яриа өрнүүлж үдшийг хөгжилдөн өнгөрөөх аж.

Харин маргааш нийслэ­лийн ерөнхий боловсролын сургуулийн аль нэгнийх нь спорт залаар орж бага­чууд­тай сагс тоглох гэнэ. Чухам аль сургуульд очихыг зохион байгуулагчид нь одоогоор нууц­лаад буй. 

Дуайт Ховард өчигдөр 15 цагаас “Тэди”-гийн урд тал­байд залуустай уулзлаа. Талбай бүхэлдээ олны хөлд дарагдан, тэр орчмын замын хөдөлгөөн түгжрэхээ дөхөв. Ховард тайзан дээр гарч ирээд монголоор мэндчилээд “Монголын бүсгүйчүүд их хөөрхөн юм аа” хэмээлээ. Тэгээд гарын үсгээ зурсан бөмбөгөө олны дунд зогссон нэгэн настай хүнд дурсгал болгон өгөв. Түүнийг цугла­сан хүний дундуур явсаар “Be…” төвд хүрэлцэн ирэхэд залуус дагасаар “Ховард!” хэмээн хашгиралдана.

Тэрээр хэвлэл мэдээл­лийн­хэнтэй уулзаж сонирх­сон цөөн асуултад нь ха­риулс­ны дараа гарын дард­саа үлдээлээ. Монголчуудтай бүгдтэй нь гар барьж мэнд­чилж амжихгүй учраас ийнхүү гарын дардсаа үлдээлээ. Та бүхэн хүссэн үедээ миний гарыг барьж болно шүү гэсэн юм.

Ховард Майкл Жексоны дууг дагаж дуулан, найган бүжиглэж, өөрийг нь зорин ирсэн хүн бүртэй гар барьж, гарын үсгээ өмсгөл, цамц, бөмбөг зурагт хуудас, тэмдэг­лэлийн тэр гээд л зуруулахыг хүссэн бүхэн дээр нь зурж өгч байсан юм. Тэгээд ам нээх болгондоо “Монголчууд үнэ­хээр найрсаг юм аа. Би бүгд­тэй нь танилцмаар байна” гэх. “Супермен” хочоороо дэл­хийн залууст танигдсан Дуайт Ховард ийнхүү Монголд айл­чилж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

М.Бөхбат: Жүдогийн шигшээд биеэ тоосон ганц ч тамирчин байхгүй

-ЖҮДОГИЙНХОН НААДМЫН ҮЕЭР БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА ХАЯАД, НААДАМ ХЭСЧ БАРИЛДЖЭЭ-

Монголын
ж
үдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбаттай ярилцлаа.

Жүдо бөхийнДэлхийн цом“-ын аварга шал­гаруулах тэмцээн ма­найд гурав дахь удаагаа болох гэж байна. Гадны зочин тамирчид эхнээ­сээ ирж байна. Тэмцээ­ний бэлтгэл ажил ид өр­нөж байх чинь?

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн нэрэмжит “Чингэс хаан-2011” жүдо бөхийн дэл­хийн цомын аварга шалгаруу­лах тэмцээн есдүгээр сарын 10, 11-нд Улаанбаатар хот­ноо зохиогдох гэж байна. Зохион байгуулах хороо эрт­нээс ажилдаа орж, өнгөрсөн гуравдугаар сард анхны хур­лаа хийсэн. Тэмцээний мөнгө санхүүг өнгөрсөн жил улсын төсөвт багтааж, Засгийн газ­рын тогтоол шийдвэрийг гар­гуулсан. Зохион байгуулахад шаар­даг­дах холбооны бүхий л ажлыг цаг тухай бүрт нь хийж ирлээ. Энэ удаагийн “Дэл­хийн цом” 2012 оны Лондон­гийн олимпийн эр­хийн 100 оноог шууд өгөх сайхан бо­ломж олгож байгаа.

Гадны тамирчид эх­нээсээ ирж байгаа гэсэн. Хаанахын баг ир­чихээд байна?

-Пуэрто Рико, Лаосын баг тамирчид ирчихсэн. Өнөөдөр (өчигдөр) Герман, Словак, Армены тамирчид ирнэ.

Нийт хэдэн орны баг оролцохоо мэдэгдсэн бэ?

-Урьдчилсан байдлаар 20 гаруй орны баг ирэх болов уу гэж таамаглаж байтал 
34 орны баг тамир­чид орол­цохоо мэдүүлээд байна.

Түрүүлсэн нь олимпийн эр­хийн зуун оноотой бол­но гэхээр тамирч­дад чансаагаа өсгөх том боломж шүү?

-Энэ бол манай тамирч­дын чансааг нэлээд урагш­луу­лах сайхан боломж.

Манайхаас хэдэн та­мир­чин өрсөлдөх вэ. Зохион байгуулагч орон давуу эрх эдлээд нэг жинд хэд хэдэн та­мирч­наа оролцуулдаг?

-Манайх нэг жинд дөрөв буюу нийтдээ 56 тамирчнаа оролцуулна. Мөн манай хол­бооны зургаан шүүгч ажил­лана. Зохион байгуулах бүрэл­дэхүүнээр Олон улсын жүдо бөхийн холбоо, Мон­голын жүдо бөхийн холбоо болон биеийн тамир, спор­тын бусад байгууллагууд хам­тарч ажиллах юм.

Яармагт баригдсан
спор­тын шинэ цогцолборт болж буй олон улсын анхны том тэмцээн болж байна. Шинэ ордонд болж байгаа ч бид 
тохижилтын
нэлээд ажлыг хийж байгаа. Бидний мөнгө санхүүгийн байдал төдийлөн сайн биш байна. Гэхдээ ямар ч байсан эмэгтэй, эрэгтэй хувцас солих өрөө, саун, душийг ашиглалтад оруу­лаад байна.

Эхний жил энэ тэм­цээнийг зохион байгуу­лахын тулд танай хол­боо Спортын төв ордныг бараг шинээр барихын наагуур юм болж, нэ­лээд бүтээн байгуулалт хийсэн. Ийм том нэр хүнд­тэй тэмцээнийг зо­хион байгуулахад төр засгаас санхүүгийн ху­вьд хэр харж үздэг вэ. Хөндлөнгөөс харахад Монголын жүдо бөхийн холбоо Х.Баттулга сай­дын нуруун дээр л яваад байдаг юм шиг ээ?

-2009
онд энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд Спортын төв ордныг бүхэлд нь зассан. Тухайн үед улсын төсвөөс өгсөн мөнгөн дээр холбооныхоо зүгээс хөрөнгө гаргаад засварын ажлаа гүй­цэтгэсэн. Олон улсын тэмцээ­нийг эх орондоо зохион бай­гуулахад тухайн улсын Зас­гийн газар нь олон улсын түвшинд баталгаа гаргаж өгдөг. Гэтэл манайд ийм жи­шиг, тогтолцоо байдаггүй. Цаашид ийм тогтолцоог бий болгох тал дээр санаачлаад ажиллаж байна. Энэ ажлын гол санаачлагч нь манай жүдо бөхийн холбооны ерөн­хийлөгч Х.Баттулга юм.

-“Дэлхийн цомСпор­тын төв ордонд зохиог­доход зай талбай хү­рэл­цээгүйгээс цөөн тоо­ны үзэгчийг өндөр үнэтэй тасалбараар оруулж байсан. Харин энэ удаад олон үзэгч, жүдо сонирхогчид орж болох нь?

-Өнгөрсөн жил зохион байгуулахад хүндрэл тул­гарч, цөөн тооны хүнийг өн­дөр үнэтэй тасалбараар оруулсан. Энэ жил заал, танхим хүрэлцээтэй, 4-5 мян­ган хүн орох боломжтой. Хоёр өдрийн барил­дааны тасалбар 20 мянган төг­рөгөөр борлогдоно.

Өмнөх жилүүдэд энэ тэмцээнд хүн бүр ан­хаарлаа хандуулж бай­лаа. Гэтэл энэ удаад манайхан төдийлөн хайх­рахгүй байх шиг. Яагаад гэвэл сая манай жүдогийнхон дэлхийн аваргаас ганзага хоосон ирж үзэгч, олон түмний урмыг хугалчихсан бо­лолтой?

-Зарим хүнд тийм зүйл анзаарагдсан байх. Миний бодлоор манайхан дэлхийн аваргаас медаль аваагүй болохоор харин ч улам чан­гарч байна уу даа.

Чангарч байна гэж та­мирчдаа хэлээд байна уу?

-Тамирчид, багш нар, хол­бооныхон ч тэр. Тамирчин хүн ялж, ялагдаж байдаг. Манай тамирчид энэ тэмцээнд ялах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Монголд зохион бай­гуулж байгаа учраас манай балиашиг, монголчууд маань тамирчдаа дэмжиж туслаа­сай гэж хүсч байна.

Манай тамирчдын бай­дал ямар байгаа вэ. Тэд­нийг Францаас ирэхдээ бараг нүүрээ нуухын наагуур юм болж онгоц­ноос буусан гэв үү дээ?

-Ерөнхийдөө гайгүй бай­гаа. Тамирчид уралдаан тэм­цээнд дандаа ялахгүй шүү дээ. Гэхдээ дийлэнхийг нь харж байхад олон ялагдаж байж л том медаль авдаг юм шиг ээ. Дэлхийн аварга бо­лохын тулд 20, 30 тэмцээнд оролцдог. Тэр бүгдэд нь ялна гэж үгүй.

Энэ жилийн дэлхийн авар­­гын тэмцээнд манайх бэлтгэл сургуулилт дээрээ нийтдээ алдсан. Мөн дас­галжуулалт, сургалтын тал дээр ч алдсан зүйл байгаа. Тэгэхээр үүнийг нөхөөд, зөв замдаа орох боломж бидэнд бий.

Дэлхийн аваргын тэм­цээн бол олимпийн өм­нөх том боломж, сорил­го байсан. Монголын тамирчид багаараа ялагд­чихлаа. Одоо ма­най жүдочдод олим­пийн эрх авах найдвар хэр үлдээд байна вэ?

-Дэлхийн аваргын тэм­цээн асар өндөр нэр хүндтэй. Манай улсын хувьд цөөхөн тамирчин л дэлхийн аваргаас медаль аваад байгаа шүү дээ. Монгол Улс 1979 оноос жүдогийн дэлхийн аваргын тэмцээнд тогтмол оролцож ирсэн ч ихэнх дэлхийн авар­гаас ме­даль авч чадаагүй. 2007 онд манай баг дэлхийн аваргаас хоосон ирж байлаа. Тэгэхэд ДАШТ хамгийн хүнд нь юм байна гэдгийг ойлго­сон.

Энэ удаагийн
дэлхийн
аваргад
явахдаа
бид  багаа аль болох боломжийн бэлдье гээд бүх юмыг нь хан­гасан. Сургууль, дасгалжуу­лалт, хооллолт, витаминжуу­лалт гээд бүгдэд нь анхаарч гаднаас эмч, багш хүртэл авчирч ажиллуулсан. Та­мирч­дынхаа явъя, барилдъя гэсэн бүхий л тэмцээнд нь явуулж, оролцуулж байсан. Харамсалтай нь яльгүй жижиг алдаануудаас болж нийт баг маань муу оролцчихлоо.

Жижиг алдаанууд гэ­дэг чинь…?

-Тэмцээний тактикийн бэлт­гэл дутуу байна. Шүүг­чийн болон дүрмийн алдаа их гаргаж байна. Мөн жүдо бөхийн сахилга бат, дэг журмыг алдсан. Сургалттай холбоотойгоор зарим тамир­чин хэтэрхий жин хасч, бэр­тэл, гэмтэл ихээр авсан. Мөн гадны багшийн зөвлөж хэлс­нээр манайхаас тийм олон тамирчин өндөр зэрэглэлийн жүдод барилдах цаг нь бо­лоогүй байна. Нийт тамирчид уналтад орчихсон байна. Дээрээс нь жүдо бөх барил­дахаасаа илүүтэй Монголын үндэсний бөхийн хэв маягийн барилдааныг их гаргаж бай­на. Тэгээд тэр барилдаанууд нь Олон ул­сын жүдо бөхийн холбооны дүрэм өөрч­лөгд­сөнтэй хол­богдон манайд эргээд цохилт болж байна л даа.

Манайхан хориглосон мэхүүдийг ихээр хийж ялагдал хүлээх нь бий. Өнөө жилийн наадмын барилдаанд Х.Цагаан­баа­тар, Н.Түвшин­баяраас эхлүүлээд олон жүдоч зодоглосон. Энэ нь ч бас нөлөөлсөн байх?

-Х.Цагаанбаатарын хувьд гадуур нэлээд ачаалалтай бэлтгэл хийгээд хамгийн сүүлд долдугаар сарын эхээр АНУ-д болсон “Дэлхийн цом”-д түрүүлсэн. Тэр тэмцээний дараа сэргэлт авах хугацаа байсан ч наадмаар барилд­чихсан.

Улсын шигшээгийн та­мир­чин ДАШТий өмнөх чухал хариуцлагатай үед тэгээд наадам хэ­сээд байж болдог юм уу. Үүнд ямар нэг зо­хицуулалт байдаггүй юу. Наадмаар барил­дуулахгүй гэхээр хүний эрх чөлөө зөрчсөн хэрэг болчихдог юм болов уу?

-Бид нар энэ жилийн наад­­мыг өргөн дэлгэр тэм­дэглэх үүднээс тамирчдыг хорихоосоо илүү барил­дуу­лъя гэсэн бодлоготой бай­сан. Тэгээд үүнийг бэлтгэл, сургуулилтын төлөвлөгөөн­дөө тусгасан. Гэтэл бэлтгэл сургалтын үеэр багш дасгал­жуулагч, тамирчид зөвшөө­рөл­гүй наадам хэсч барил­дан, бэлтгэл сургуулилтаа хаяад явсан асуудал гарсан. Тухайн үед нь Улсын шигшээ баг болон Биеийн тамир, спортын газрын дарга Ч.На­ранбаатар нарын хүмүүст энэ талаар хэлж уламжилсан ч асуудал гэж авч хэлэлцээ­гүй. Шигшээгийн тамирчдын хоол, унд, бэлтгэл сургуулилт­тай очиж танилцаад шал­гахад болохгүй зүйл байгаа тухай өөрийн санал бодлоо хэлэхэд зүгээр л сонсоод өн­гөрсөн. Арга хэмжээ, хариуц­лага тооцоогүй.

Жүдогийн шигшээгийн энэ ялагдал манай спор­­тын салбарын ерөн­хий түвшинг ха­руул­чихсан хэрэг болсон?

-Муу ажилласан гэхээр бүх ажлаа шууд унагаачих гээд байгаа юм шиг хэлсэн болно. Үндэсний шигшээ баг бол Биеийн тамир, спортын газарт бас харьяалагддаг. Тийм болохоор бид нар зуун хувьд хяналтдаа байлгахад хэцүү байдаг. Бидний зүгээс тэмцээн уралдаанд явуулах, ерөнхий төлөвлөгөөний да­гуу шахаж шаардах зэргээр ажлаа зохицуулж байгаа. Дасгалжуулалт, сургалтын төлөвлөгөөгөө сайжруул­маар санагдсан.

Жүдогийн дэлхийн аваргад манайх олимп, дэлхийн аваргатайгаа бүгд ялагдсан нь Мон­голчуудын хувьд ич­мээр явдал болсон. Ха­рин манай энэ ялагдлыг гадныхан ялангуяа жү­до­гоор тэргүүлдэг Япон, БНСУ, Францын мэр­гэжилтнүүд юу гэж тайлбарлав?

-ДАШТ-ий үеэр олон ул­сын хурал болж багуудыг сүүлийн хоёр жилд үзүүлсэн амжилтаар нь жагсаасан. Тэгэхэд манайх 200 орноос наймдугаар байрт шалгар­сан. Энэ бол том амжилт. Манайх энэ удаагийн дэл­хийн аваргад муу оролцсон ч бусад тэмцээндээ амжилт үзүүлээд байгаа.

Жүдо сахилга бат, дэг журам, дүрмээрээ гай­хагддаг спорт. Гэтэл манай жүдо бөхийн шиг­шээд биеэ тоосон, өөрс­дийгөөодгээд өргөм­жилчихсөн, багш дас­галжуулагчдынхаа үгийг тоодоггүй тамир­чид байдаг?

-Манай шигшээд биеэ тоосон, үл ойшоосон тийм тамирчин нэг ширхэг ч байх­гүй.

Тэгэхээр дээр ярьсан бэлтгэлээ хаяж, наадам хэсч барилдсан жүдоч­дыг юу гэх вэ?

-Миний бодлоор удирдаж буй багш, дасгалжуу­лаг­чид­тай нь холбоотой. Түүнээс биш тухайн тамирчин нь багшийнхаа үгнээс гарахгүй шүү дээ.

ДАШТий үеэр хамгийн хүнд байдалд байсан нь Ч.На­сантогтох багш юм болов уу. Тэмцээний өм­нө, наадмаар төрийн том шагнал хүртчихсэн байсан. Шавь нар нь ялагдлаарбэлэгбарь­­­сан. Ч.Насантогтох багш тэгэхэд ямар бай­далтай байсан бэ?

-Хүнд байсан. Уулзахад ч хүртэл хэцүү байв. Ч.Насан­тогтох багш том шагнал ав­чихсан байдаг, тамирчид нь дэлхийн аваргад амжилтгүй барилдчихсан байдаг, хүмүүс муу хэлээд байдаг. Багаа удирдаад авч явсан хүн бо­лохоор түүнд их хэцүү байсан л даа.

-“Чингэс хаан-2011″ дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн нөгөө талаараа манай жүдочдын хувьд ард түмнийхээ өмнө алдсан нэрээ буцааж олж авах шалгуур болж байна?

-Бусад орны багийг харж байхад чанга багууд ирж байна. Манай 56 жүдоч дун­даас шинэ залуу сайн тамир­чид гарч ирэх болов уу гэсэн найдвар бий. Тамирчин бол­гон жин, олимпийн оноогоо ахиулаасай гэж бодож байна.

Манай шигшээ баг хаана байрлаж байгаа вэ?

-Спорт цогцолборт байр­лаж бэлтгэлээ хийж байгаа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Умардынхны дэлхийд ба­харх­даг бас
гайхуулдаг зүйлүүдийн нэг бол “Ариранг” нэртэй лут том шоу тоглолт юм билээ.
150 мянган хүний суудалтай стадионд 100 мянган хүний бүрэлдэхүүнтэй нүсэр том тоглолт
хийнэ. Энэ шоу бүтэн сар үргэлжлэх бөгөөд орол­цогчид энэ хугацаанд гэртээ харих
эрхгүй байдаг гэнэ. Бүтэн сар нэг газар хуарагнаж, бүх зүйл нарийн хуваариар явна.
“Ариранг” фес­тиваль бол үнэндээ хүний чадам­жаас хол илүү гарсан тоглолтыг үзүүлнэ.
Хүнийг тэгж програмч­лагдсан робот мэт болгоно гэдэг санаанд багтамгүй. Яалт ч байхгүй,
хийхгүй бол болдоггүй байх л даа. Уг тоглолтод орол­цогчдын 20 мянга нь арын фононд
сууна. Тэд удир­дагчдаа магтан дуулсан бичиг­лэлийг дүрсэлж харуу­лахаас гадна тэднийхээ
дүр­сийг, эх орныхоо хөгжил цэцэг­лэлтийг, хөдөө аж ахуйгаа, баяс­галант ирээдүй
бол­сон хүүхэд багачуудаа яг л гэрэл зураг мэт үзүүлнэ. Талбай дээр тоглох 80 мянган
хүн дуу бүжиг, уран нуга­ралт, циркийн, агаарын үзүүлбэр гээд хийж, үзүүлж болох
бүгдийг хийнэ. Үзүүлбэрүүд орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн төхөө­рөмжүүдтэй
хослон улам сүртэй болно. Энэ тоглолтыг жуулч­даас гадна нутгийнх нь хүмүүс олноороо
үзэж сонирхох юм билээ. Бул­таараа жаг­саа­лаар явж ирээд, эмх цэгцтэй жагсаж зогсож
байгаад цэнгэлдэх рүүгээ орно доо. Буцаж гарахдаа мөн адил. Энэ том стадион
1981 онд ашиглалтад оржээ. 150 мянган хүнийг 15 минутын дотор оруулаад мөн хугацаанд
гаргах бололцоотой гэсэн. Нийт 70 гаруй гарцтай гэж байгаа. Мянга мянган хүнийг
хэр­хэн нэг хүн шиг болгод­гийг эндээс л харж болно. “Ариранг” шоуг 2007 онд Гиннесийн
номонд бүртгэсэн ба хамгийн олон орол­цогчтой тоглолт номинацийн эзэн аж. Хойд Солонгост
очсон хүний үзэх ёстой бас нэгэн зүйл бол пионер сурагч­дын тоглолт. Пионе­рийн
ордон нь маш том цогцолбор байх юм билээ. Пионерууд цагаан цамц, улаан бүч зүүнэ.
Яг л манай 80-аад оны сурагчид ямар байсан яг тийм. Энэ том ордонд “Хэзээд бэлхэн”
гэсэн уриаг хаа сайгүй бичсэн байна. Хөтөч пионер охин ирж ёслоод “Та бүхэн манай
агуу их удирдагч Ким Ир Сений хүүхэд багачууд бидэнд зориулан босго­сон ордонд мори­лон
ирсэнд талар­хаж байна” гэсэн утгатай үг хэлж байгаа юм. Хар багаасаа ингэж хэлж
байгаа хүүхдүүдийн ирээдүй ямар байх нь тодорхой. Пионер сурагчдын тоглолт гэж харин
мун­даг сайхан тоглолт болдог юм байна лээ. Тоглолтоо нээж үг хэлэхдээ мөн л удир­дагч­даа
магтан дуулна. Тоглолтод ардын уламж­лалт дуу бүжгийн номер, шүлэг, дан хөгжим гээд
байж болох бүхий л тоглолтыг үзүүлнэ. Тоглолт эхлэ­хийн өмнө үүдэнд нь хиймэл цэцэг
зарах бөгөөд үзэхээр ирэгсэд, тэр дундаа гадныхан их авна. Тоглолт дууссаны дараа
нь авьяаслаг сурагчдад өгөх гэж тэр л дээ. Харин тэрхүү хиймэл цэцгүүд олон дахин
ашиглах зориулалттай юм шиг. Үүдэнд нь зарчихаад, тоглолтын дараа хүүхдүүдээс буцаагаад
хураа­гаад авчихдаг бололтой юм билээ. Тэр цэцэг нь таван доллар орчим. Тоглолтыг
CD-нд буулгаад зарчихна. Үзсэн хүн бүхэн худал­даж авдаг байх аа. Пионер сураг­чидтай
бол зургаа татуулж болж байсан. Гэхдээ л хаалттай нийгэм учраас бас хамаагүй зураг
аваад байж болохгүй л дээ. Ямар сайндаа гааль дээр нь гар утас, татдаг дуран зэргийг
хурааж авдаг байхав дээ.

Хойд Солонгосын Мёхан гэдэг байгалийн
цогцолбор газарт “Улс түмний найрамдлын үзэсгэлэн” байрлана. Тэнд дэлхийн 170 гаруй
орноос БНАСАУ-д айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөөс Ким Ир Сенд бэлэглэсэн болон гадаадад
зоч­лоход нь бэлэглэсэн бэлгийн зүйлс үзмэр болон хадгалагдана. Нэг үзмэрийн өмнө  нэг минут зогсож үзэж сонирхлоо гэж бодоход бүх
үзмэрийг үзэж дуусахын тулд жил найман сар болно гэсэн тооцоо байдаг гэнэ лээ. Уг
үзэсгэлэнд Сталинаас Ким удирдагчид явуул­сан хуягт хамгаалалт бүхий сууд­лын машин,
галт тэрэг, Мао Зэду­наас илгээсэн суудлын галт тэрэг тэргүү­тэй үзмэрүүд бий. Стали­наас
явуул­сан “ЗИС”, “ЗИЛ” зэрэг маши­нууд содон үзмэрүүдийн нэг. Энэхүү лут том цогцолбор
28000 ам.метр талбайг хамран байрлах ба уулын хонгилыг ашиглан маш өндөр хамгаалалтын
дор байгуул­сан гэнэ. Уг цогцолборын дотоод тохижилтод ой тойнд багтамгүй их мөнгө
зарцуулсан нь шууд л хараг­даж байсан. Энд ажил үйлсээрээ манлайлсан, таван жилийн
гавш­гайчид, тэргүүний ажилчин тариа­чин, сэхээтнүүд шагналын журмаар ирж үздэг
бололтой юм билээ. Мөн л ялгаагүй бөөн бөөнөөрөө жагсаа­лаар явж уг үзэсгэлэнг үзнэ.
Гэхдээ бас тодорхой заасан танхимуу­даар орно. Энэхүү цогцолбор руу орохдоо аппарат
хэрэгслээ ху­раал­гах ёстой бөгөөд орж байгаа хүн болгон заавал углааш өмсөнө. Чулуун
шалан дээр хальтирчих гээд эвгүй л байсан. Уг үзэс­гэлэн­гийн хамгийн чухал, хамгийн
хүн­дэтгэлтэй газар нь Ким Ир Сений лааны тосоор хийсэн баримал бүхий том заал.
Зааланд эгнээ болон жагсаад тун чимээгүй орно. Удирдагчийн дүрийн өмнө очоод зэрэгцэж
зогсоод нэгэн зэрэг бөхийж гүн хүндэтгэл үзүүлэх ёстой. Уг танхимд ороход хөгжим
эгшиглэж, агуу удирдагч өөдөөс инээгээд зогсож байна. Ер нь бол сүрдэхээр л дээ.
Үзэсгэлэнгийн хөтөч хүмүүсийг командалж бөхийх цагийг нь хэлж өгнө. Тэнд хүндэтгэл
үзүүлээд гарч ирж байгаа хойд Солон­госын ард түмний нүдэнд нулимс­тай, царайд нь
баярын мишээл тодорсон байх хэдий ч цаанаа л нэг гунигтай харагдана. Энэ цог­цолбор
цэргийн маш өндөр харуул хамгаалалт доор байдаг ба байн­гын хүндэт харуулууд үүдэнд
нь зогсох ажээ. Хойд Солонгост ер нь хаа ч гэсэн зураг авахад үнэхээр хүндрэлтэй
юм. Гудамжинд яваа хүмүүсийн зургийг авах гэхээр нүүрээ буруулна. Хүүхдүүдийн зургийг
авах гэвэл бутраад талийж өгнө. Гадныханд байгаа байдлаа харуулахгүй гэсэн байдал
нь тэр. За тэгээд цэргүүдийн холбогдолтой зураг авна гэдэг бүр хүнд. Нэг бол мэргэжлийн
сайн аппарат дуран­гаар холоос татаж авна. Үгүй бол ар нурууных нь зургийг л авна.
Эвгүйтвэл камер сэлтийг нь булааж аваад шидчихдэг, эсвэл бүх зургийг нь устгачихдаа
сийхгүй.

Хоёр Солонгосыг зааглаж бай­даг
38 дугаар өргөрөг гэж алдартай газар бий. Энэ нь цэргийн маш онцгой бүс. Дайны дараа
түр гал зогсоох хэлэлцээрийг энд хийсэн аж. Ер нь бол хоёр Солонгос одоо ч гэсэн
дайтаж байгаа гэж үздэг юм байна лээ. Найрамдлын гэрээ биш түр гал зогсоох л гэрээ
байгуулсан. Уг гэрээг 1953 оны долдугаар сарын 27-нд БНАСАУ ба АНУ-ын хооронд байгуулсан
юм. Хойд ба өмнөдийг зааглаж байдаг хилийн урт нь 250 км. 38 дугаар өргөрөг нь Кэсон
хотын Панмүнжөм гэдэг газарт байх агаад нийслэл хотоо­соо 240 км хол байдаг. Хяналт
шалгалт нь үнэхээр чанга. Очих замдаа дөрвөн шалган нэвтрүүлэх хэсгээр дайрч гарах
ба автобусны цонхоор аппарат харагдвал бөөн асуудал үүснэ. Шууд дараагийн зогсоол
дээр хүмүүсийн каме­руудыг шалгаад цэргийн зураг байх юм бол асуудалд орлоо гэсэн
үг. Өнөөдрийг хүртэл дайны байдал­тай байгаа хоёр Солонгос их гүрнүүдийн улс төрийн
золиос болсон гэж хөтөч тайлбар хийж байсан. Гэхдээ хойдууд ярихдаа “Манай Солонгос
улс 80 гаруй сая хүн амтай. Умардад 24 сая нь өмнөдөд 50 орчим сая, дэлхий даяар
7-10 сая нь тархан амьдарч байгаа. Одоохондоо тусдаа байгаа ч бид ирээдүйд нэгдэнэ”
гэх юм билээ. Хэрвээ хоёр Солонгос нийл­вэл Азид төдийгүй дэлхийд мундаг том эдийн
засагтай хүчирхэг гүрэн гарч ирэх байх. Тийм ч болохоор их гүрнүүд тэднийг нэгтгэх
гэж төдийлөн хүчилдэггүй биз. Хэдий­гээр заагдсан зам, маршрутаар явж байгаа ч ард
түмнийх нь ахуй байдал ерөнхийдөө анзаарагдана. Замд таарах хот тосгод нь цаанаа
л нэг зэврүүн, өнгө муутай гун­дуухан. Гудамжаар алхах, авто­бусанд суухдаа дугаарлаж
байгаа энгийн иргэдийн нүд цаанаа л нэг гунигтай юм билээ. Дэлхий дахин нийслэл
Пхеньян хотыг үзүүлэн­гийн хот ч гэж нэрлэдэг. Нийслэл хотод нийгмийн гарал нь дээгүүр
иргэд амьдардаг нь сайн анзаар­вал мэдрэгдэнэ. Гаднаа айхавтар хөөр баяртай, жаргаж
бай­гаа мэт боловч дотроо арай өөр зүйл боддог доо гэж бодогдсон. Өнгөц харахад
үнэхээр сайхан диваа­жингийн орон мэт хэдий ч нөгөө талаас нь харвал байдал огт
өөр. Мэдээж байгаль, үзэж харах юмаар үнэхээр сайн, жуулчдыг ч тэр хаалт­тай гэдэг
талаасаа их татаж байгаа газар. Ямар ч гэсэн хэзээ нэгэн цагт одоогийн байгаа дэглэм
өөрчлөг­дөх биз. Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдэж байхад нийслэлдээ ажин түжин байдаг
гэгддэг Хойд Солонгосоор аялсан тэмдэглэлээ өндөрлөе.

Я.БАЯРБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

“Дэгү-2011”

Хөнгөн атлетикийн 13 дахь удаагийн
дэлхийн аварга ­шал­га­­руулах тэмцээн БНСУ-ын Дэгү хотноо наймдугаар сарын 27-ноос
есдүгээр сарын 4-ний хоо­ронд зохиогдлоо. Тэмцээн дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодруулсан
ч “Дэгү-2011”-ийн эргэн тойрон дахь үйл явдал үргэлжилсээр байна.

Солонгосчууд хэдий медаль хүртээгүй
ч, асар их туршлага хуримтлуулж, ирсэн зочдоо сэтгэл хангалуун буцаасандаа баяртай
байгаагаа илэрхийлцгээж байна. Харин спорт сонирхогчид, тэр дундаа хүүхэд залуус
нь дэлхийн шилдэг тамирчдыг дэргэдээс нь харж, гарын үсгийг нь авч, хамт зураг авахуулснаа
энэ амьдрал­даа тохиосон мартагдашгүй явдал гэж ярьжээ.

Усайн Болт сэтгэл нь хөдлө­хөөрөө
үзэгчид рүү өмсч явсан пүүзээ шиддэг уламжлалтай. Тэ­рээр тэм­цээний сүүлийн өдөр
200 метрийн шигшээд нэгээр шал­гарсныхаа дараа пүүзээ шидэхэд нэгийг нь хамгаалалтын
ажилтан эмэгтэй авсан бол өрөөснийг нь нэгэн сурагч охин олноос өрсөн шүүрч авчээ.
Тэр сурагч дэлхийн шилдэг тамирчны пүүзийг насан туршдаа нандигнаж, юугаар ч солихгүй
хэмээж байгаа аж.

2009 оны ДАШТ-ий үеэр эмэг­тэйчүүдийн
800 метрийн гүйлтэд Өмнөд Африкийн тамирчин Кастер Семенья түрүүлсэн ч өрсөлдөгчид
нь “Семенья эмэгтэй хүн биш. Тэр эрэгтэй. Бид эрэгтэй хүнтэй уралд­чихлаа. Үүнийг
зохион байгуулаг­чид шалгах ёстой” гэж бөөн дуу­лиан тарьж, Семеньяг шүүгчид болон
зохион байгуулагчид тусгай өрөөнд оруулж нүцгэлж үзэхэд ч хүргэж байсан. Уг явдлын
дараа Өмнөд Африкийн ард иргэд та­мирчныг нь доромжилж, эх орны нэрийг гутаалаа
гэж Олон улсын хөнгөн атлетикийн хол­боонд гом­дол мэдүүлж байсан. Семеньягийн ээж
нь “Семенья бол охин. Би охин төрүүлсэн. Миний охин руу хүмүүс ингэж муухайгаар
дайрсанд эх хүний хувьд үгээр хэлэхийн аргагүй ихээр гомдож, харамсч байна. Семенья
бол эмэгтэй гэдгийг мянгантаа хэлье” гэж тухайн үед нулимс дуслуулан ярьж байсан.
Энэ удаад Кастер Семенья 800 метрийн урал­даа­наас мөнгөн ме­даль хүртлээ. Түү­нийг
хэн ч хүйсийн асуудлыг нь хөндөж гом­доосонгүй. Өмнөх явд­лыг нь ч дурссангүй.

Тэмцээний сүүлийн өдөр бол­сон эрэгтэйчүүдийн
марафоныг хамгийн олон үзэгч үзжээ. Шилдэг тамирчдыг ойрхноос харах боломж марафон
гүйлтийн үеэр тохиодог учир олон орны хөгжөөн дэмжиг­чид өөр өөрсдийн уламжлалыг
харуулсан баг, хувцас, бөмбөрөөр “гоёж” гүйгчдээ дэмж­жээ.

Энэ уралдааны 20 дугаар байрт манай
тамирчин Б.Сэр-Од шалгарсан. Эхний хорин байрт Ази тивээс дөрвөн тамирчин орж ирсний
нэг нь Б.Сэр-Од болж байгаа юм. Уг марафоныг БНСУ-д ажиллаж, амьдардаг мон­голчууд
ихээр үзэж сонирхсон байна.

Categories
редакцийн-нийтлэл

Т.Баасансүрэн: Ардын намын батлахыг авахгүй гээд шидэж байсан хүн шүү дээ, энэ Сү.Батболд чинь

Монголын сэтгүүлч­дийн нэгдсэн эв­лэлийн ерөнхийлөгч, Соёлын
гавьяат зүт­гэлтэн зохиолч, сэт­гүүлч Тугалхүүгийн Баа­сансүрэнтэй ярилц­лаа.

-“Тэсэрч дэлбэ­рэ­хэд бэлэн болсон
Мон­гол орон” судалгааны нийтлэл чинь олон хү­ний сонирхлыг татжээ. Сонирхсон болоод
дур­гүйцэж эвгүйцсэн янз янзын л санаа бодол цухалзаж байх шиг бай­на. Засгийн газраас
ч бидэн рүү ярьсан?

-Мэдэж байна аа. Т.Баа­сансүрэнгийн
нийт­лэлийг хэвлэхээ зогсоо гэж утасдан та нарыг ша­хаж дарамталсан гэнэ лээ. Эр
зориг гаргаж ми­ний судалгааны өгүүл­лийг хэвлэж түмэн олон уншигчдад хүргэсэн “Өд­рийн сонин”-ы хамт олонд баярлалаа.
Та нар чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимд үнэнч байгааг чинь харахад баяр
бах­дал төрж байна. МСНЭ
“Өдрийн сонин”-ыг 2010 оны
хамгийн шилдэг чө­лөөт хэвлэлээр шалга­руулсан нь нүдээ олсон зөв үнэлгээ байжээ. Нийг­мийн сэтгэл зүй, иргэдийн санаа бодлыг тусгасан
төвийн зарим сони­нуу­дын
нийтлэлд задлан шинж­лэл хийж үзсэн
юмаа. Эрдэм шин­жил­гээний л ажил шүү
дээ.

Үүнд Засгийн газар
тэгтлээ дур­гүйцэж чөлөөт хэвлэлийн хэвлэн нийтлэх эрхэд хүртэл халдаж хориг­лож
цагдаж байгаад үнэхээр гайхал төрж байна. Уг нь хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлэгт
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан өөрс­дөө байнга анализ хийж Ерөнхий сайдад
танилцуулж байх үүрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийн
санаа бодлыг судалж үздэггүй юм байлгүй дээ. Судалж үзсэн надад харин баярлалаа
гэж хэлэх ёстой юм биш үү?

-Засгиийн газраас дуудаж уулз­сан гэсэн.
Юу ярьсан бол?

-Эрдэм шинжилгээний
өгүүлэл нийтлэгдсэний орой намайг Засгийн газраас дуудаж уулзсан. Өөрөө санаа­чилга
гаргаад “МОНЦАМЭ” агентла­гийн даргын ажлаа өгчихсөн нь дээр юм биш үү гэж санал
болгосон. “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” судалгааны өгүүллийг би
“МОНЦАМЭ” агентлагийн даргын хувьд бичээгүй. Сэтгүүл зүйн судлаач эрдэмтэн хүний
хувьд бичсээн. Тийм болохоор эрдмийн ажил хийсний минь төлөө намайг буруутгаж ажлаас
өөрч­лөх үндэслэл байхгүй болов уу гэдгээ хэлсэн дээ.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг
хатуухан үгээр та шүүм­жилжээ. Магтаж сайшаах зүйл бай­сангүй юү?

-Би хатуу үгээр шүүмжилсэн
юм биш. Монголын ард түмэн, тэдний төлөөлөл хэвлэлээр дамжуулан өөрс­дийн үгээ хэлж,
тэгж шүүмжилж байгаа юм. Түүнийг нь миний бие мэргэжлийн судлаачийн хувьд тоймлон
үзэж задлан шинжилсэн хэрэг. Шинжлэл судлалд улс төр гэсэн ойлголт байдаг­гүй. Зөвхөн
үнэн л байдаг юм. Эхлээд би ийм юм биччихнэ гэж зүүдлээ ч үгүй. Хамтарсан Засгийн
газрын гэрэл гэгээтэй ажлыг илүүтэй олж харахыг хүссэн билээ. Гэтэл яг эсрэгээрээ
эргэсэн. Хамгийн сайн ажил гэж өөрсдийнх нь нэрлэж рекламдаад байсан эдийн засгийн
өсөлт нь Мон­голд ядуурлыг ч, ажилгүйдлийг ч бууруулсангүй. УИХ-ын гишүүн, эдийн
засагч Ч.Улаан “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл нэн дундуур байгаа.
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа анх хийсэн гэрээг та нар олж үзээрэй. Гэрээний
хэрэг­жилт үнэхээр хангалтгүй байна” гэж хэлсэн байна лээ. Хөгжлийн түлхүү­рийг
олж хүрдийг эргүүллээ гээд байсан Оюутолгойн гэрээ гэгч нь ард түмнээ хууран мэхэлсэн
Монголд ашиггүй гэрээ болж хувирсан. Таван­толгойн олон улсын тендер ч эргэлзээ
төрүүлээд эхэлсэн. Үүнд зөвхөн монголчууд төдийгүй гадныхан хүртэл эргэлзэж байгаа
юм билээ. Олон улсын Монгол судлаачдын Х их хуралд оролцсон Францын эрдэмтэн Антойне
Майре өөрийн илтгэлдээ Тавантолгойн нүүрсний ордыг “Хятад улсын “Шин­хуа” компани
40 хувь, Америкийн “Пибоди” компани 24 хувь, үлдэх нь Орос-Монголын консорциумд
ноогдох юм шиг ойлголт  төрүүлж байгаа юм.

Тийм шийдвэр нь хэд
хэдэн зүй­лээр гайхаш төрүүлж байна. Нэгдэх зүйл бол энд дурдагдсан хоёр компани
нь анхнаасаа тендерт албан ёсоор байгаагүй буюу оролцоогүй компаниуд байна. Хятадын
“Шинхуа” компани нь Японы “Мицуи” компанитай хамтарсан консорциумын хэлбэрээр хүсэлтээ
гаргасан байсан бөгөөд дангаараа Шинхуа гэж байгаагүй атлаа эцсийн шалгаруулалтад
“Мицуи” компанийг алга болгосон байна. Орос-Монголын консорциумын хувьд бол тийм
субьект буюу хамтарсан компани угаасаа тендерт ороогүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн ажилтан ноён Цэндсүрэнгийн мэдэгдсэнээр бол тийм консорциум одоо ч байхгүй
ажээ” хэмээн тэмдэглэсэн байгаа юм. Энэ үнэн бол маш ноцтой.

-Баасансүрэн гуай, би со­нирх­сон зүйлээ
шуудхан асууж ор­хиё. Та ч шулуухан хариулчи­хаарай. “Тэ­сэрч дэлбэрэхэд бэлэн болсон
Монгол орон” нийтлэлээ тойруулж ярилцъя. Дотроос нь зарим зүй­лийг су­галж асуумаар
байна. Та Сүх­баатарын Батболдыг лидер биш гэж хэлсэн байна лээ. Нам нэгт нөхөд
нь лидер гээд гаргаад ирсэн юм биш үү. Эргэлзэх үндэслэл байна уу?

-Өмнө нь бичсэн судалгааны
өгүүлэлдээ би ямар ямар үндэслэл байгааг хангалттай тайлбарласан гэж бодож байна.
Тэр бол миний хувийн үзэл бодол төдийхөн зүйл биш шүү дээ. Нийгмийн сэтгэл зүй,
иргэдийн санаа бодол ямар байгааг төвийн сонинуу­дын шүүмжлэлт нийтлэлээс шинжиж
үзэхэд тийм дүгнэлтэд хүрч байгаа юм. МАН-ыг ерэн жилийн турш удирдаж ирсэн үе үеийн
лидерүүдтэй Сүхбаа­тарын Батболдыг харьцуулан жишиж үзэхэд энэ нь улам ч тодрон
харагддаг. Тэр бол МАН-ын лидер үнэхээр биш. Үүнд би хатуу итгэлтэй байгаа. Лидер
битгий хэл МАХН-ын (өнөөдрийн МАН-ын) үнэнч гишүүн мөн үү, биш үү гэдэгт ч эргэлзэх
болсон шүү.

-Ингэж буруутгах ямар үндэслэл танд байна?

-Намд үзэл баримтлал
гэж бий. Үзэл баримтлалд үндэслэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ардчилсан со­циа­лист
үзэл баримтлалаа үндэсний хөрөнгөтний үзлээр сольё гэж намын ХХҮI их хурлын өмнөхөн
“Тэрэлжийн тунхаглал” хэмээх баримт бичгийг гаргаж байсан удаатай байх аа. Үүнийг
нь эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчид нь зөвшөөрөөгүй. МАН буюу МАХН чинь анх
үүсэн байгуу­лагдсан цагаасаа л зүүний чиглэлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, амьдрал
практикт хэрэгжүүлэх гэж ерэн жилийн турш тэмцэж зүтгэж ирсэн улс төрийн хүчин шүү
дээ. Түүнийг нэг олигархи намын толгойд гарч ирснээр өөрчилж хараахан болохгүй байлгүй.
Тэгвэл дэндүү хариуцлагагүй явдал болно. Улс төрийн нам гэдэг нь улс орны хөгжлийн
нэг үзэл баримтлалыг тойрон хүрээлсэн санаа нэгтнүүдийн нэгдэл юм. Намын дарга хүн
журмын нөхдүү­дийнхээ ихэнхийн итгэл үнэмшлийн эсрэг явж болно гэж үү? Тэгвэл ямар
лидер байх вэ.

-Энэ нэг үндэслэл нь байж. Өөр юү байна.
Та Сүхбаатарын Бат­бол­дыг МАН-ын лидер биш гэж хэлээд зогссонгүй тус намын үнэнч
гишүүн мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж явдаг гэлээ. Яагаад?

-Өнгөрсөн онд хэвлэгдсэн
“Наран, саран, дэлхий” гэж миний ном бий. Уг номын 245 дахь талд “Бас нэгэн сонирхолтой
үйл явдал болсныг мар­таагүй байна. Шинээр сонгогдсон намын Бага хурлын болон Хяналтын
ерөнхий хорооны гишүүдийн нэрсийг уншиж сонсгомогц олны дотроос нэг төлөөлөгч хилэгнэн
босч ирэв. Энэ хүн бол Улаанбаатар хотын намын байгууллагын төлөөлөгч, хотын намын
хорооны ерөнхий нябо Г.Лyвсанцэрэн байлаа. Тэрбээр намын Их хурлыг даргалж байсан
хүмүүст, онцолж Намбарын Энхбаярт хандаж “Би нэг зүйлийг огт ойлгохгүй байна. МАХН-д
гишүүнээр элссэн нэг эрхэм тухайн үед намын батлахаа авахгүй бидний нүүр өөд эргүүлээд
шидчихэж байсан юм. Тэр хүн намын ХХII их хурлын төлөөлөгч болоод залуусыг төлөөлөөд
ороод ирсэн байсан. За яахав шил­жилтийн үед ийм зүйл тохиолддог юм байж гэж бодоод
би дуугүй сууж байлаа. Гэтэл өнөөх эрхэм маань намын бага хурлын гишүүнд нэр дэвшээд,
одоо бүр сонгогдчихоод байж байна. Энэ хүн бол тэр овогтой тэр” хэмээн палхийтэл
ил тодоор хэлж орхив. Өнөөгийн нийгэмд өндөр дээд алба хашиж буй тэр хүний нэрийг
би энэ удаад хэлэхээ түр азная. Тэртэй тэргүй ХХII их хурлын төлөөлөгчид бүгдээрээ
мэдэж байгаа юм хойно нэр зааж дурсаад юүхэв гэж бодлоо. Долоон зуугаад төлөөлөгчидтэй
Засгийн газрын их танхим ялаа ниссэн ч дуулдахаар чив чимээгүй болов. Бүх хүн амьсгал
даран Намбарын Энхбаяр юу гэж хариулах бол хэмээн хүлээж байлаа. Энэ асуулт түүнд
хүндхэн цохилт болсон нь ягаарч улайрсан царайнаас нь тодорхой харагдаж байлаа.

Н.Энхбаяр “Лувсанцэрэн
гуай, та нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Нийгмийн огцом шилжил­тийн
үед та бидэнд олон бэрхшээл тохиолдсон. Түүний нэг нь МАХН-ын гишүүн гэж мэдэгдвэл
эвслийнхний зүгээс хүнд даралт шахалтад ордог байлаа. Бизнест нь ч хохирол учирдаг
байсан. Ийм үед зарим залуу бизнес­чид МАХН-ын гишүүн гэдгээ хэлэхгүй байх, намаас
түдгэлзэх хэрэгцээ шаардлага гарч байсныг ойлгох хэрэг­тэй. Түүнээс л үүдэлтэй юм”
гэсэн утгатай зүйл хэлж тайлбарлаж хам­гаалж авч гарч билээ”. Энэ хүнийг чи хэн
гэж бодож байна?

-Сүхбаатарын Батболд уу?

-Тиймээ, тэр хүн.
Би өнөөг хүртэл нэрийг нь хэлээгүй явсан юм. Одоо ил тод хэлчихье. Ардын намын батлахыг
авахгүй гээд эргүүлэн шидэж байсан хүн яаж яваад Ардын намын толгойд гараад суучихав
аа. Энэ бол судлах ёстой зүйл шүү. Сургамж болно. МАХН буюу МАН-ын түүхэн дэх гашуун
сургамжийн нэг болж үлдэх биз. Төрөлх натураараа бол энэ хүн МАХН буюу МАН-ын үнэнч
гишүүн хүн огт биш. Төр засгийн өндөрлөгт гарах гишгүүр болгож л уг намыг ашигласан
байх. Та нар залуу улс харах байлгүй дээ, Сүхбаатарын Батболд хэзээ нэгэн цагт АН
руу гулсан орох л болов уу. Үйл ажиллагаагаараа ч аль хэдийнэ тэдэн­тэй нэгдэж нийлчихээд
байна л даа.

-Ингэхэд та чинь МАН-ын Бага хурлын гишүүн
биз дээ. Гадаа­дад намын сургууль төгсч тухайн үедээ шуугиулж байсан хүний нэг гэдэг
шүү, таныг?

-Би намын нэг ч сургууль
дүүр­гээгүй хүн юм аа. Түүх намтраас минь харчихна биз ээ. Дандаа л сэтгүүлзүйн
мэргэжлийн сургууль төгссөн байдаг. Мэдээж гадаадад шүү дээ. 1978 онд МАХН-д элссэн.
Уг батлах маань надад одоо ч бий. 2008 оноос хойш нам, улс төрийн ажлаас бүрмөсөн
хөндийрсөн. МАН-ын Бага хурлын гишүүн байтугай уг намд би элсээ ч үгүй. Намайг элс
гэж ч хэлээгүй, хэлсэн ч би элсэхгүй ээ.    

-Чөлөөт хэвлэлийн амыг мөн­гөөр боож, сэтгүүлчдийг
хахууль­дах замаар өөрсдийгөө үг дуу­гүй маг­туулдаг боллоо гэж та мэдэгдлээ. Үүнийгээ
жаахан тодруулахгүй юу?

-Та нар өөрсдөө надаас
дутахгүй сайн мэдэж байгаа шүү дээ. Монголын сэтгүүлчдийн ариун гал тогоо бузартаж
эхэллээ гэдгийг би хорин жилийн өмнө анхааруулан хэлж байсан. Өнөөдөр мөнгө бүхнийг
шийддэг болсон, ядуу сэтгүүлчид худалдагддаг болсон нь бодит үнэн юм. Ялангуяа ээлжит
сонгуулийн үеэр яадаг билээ. Яг одоо тэр “сезон” эхлэх гэж байна. Түрүү­чээсээ мэдрэгдэж
байгаа. Хэдий тийм боловч “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн мэргэн үгийг санаж
дуугүй байя. Үзэг нэгт зарим нөхдийнхөө “сул” цэгийг хөндмөөргүй байна шүү.

-Засгийн газрын эрхтэн дархт­нууд чөлөөт
хэвлэлийг мөнгөөр бас далайлгаж байгаа юм биш үү? Надад ноцтой баримт бий гэж та
хэлсэн байна лээ.

-Ах нь эхнэр хүүхэд,
ач зээтэй хүн. Он гармагц тэтгэвэртээ суухаар төлөвлөж байна.  Сурган хүмүүжүүлэх ажилд шилжинэ. Шавь нарынхаа
тоог олшруулж ирээдүйн эрдэмтдийг бэлт­гэлцэнэ. Тийм болохоор хамаа намаа­гүй юм
бурж байж ойр дотныхоо хүмүүст гай тарьчих вий гэж болгоомжилж байгаагаа ч нуугаад
яахав. Амаа хамхиж явсан нь аминд өлзийтэй байхаа. Над руу маш олон хүн утасдаж
баяр хүргэсэн. Ялангуяа үзэг нэгт нөхөд маань. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
тэмцэгч сэтгүүлч Галсангийн Жамьян “Ха­лагдах яахав, алагдах гэж юм бий шүү. Муусайн
олигархиуд юу ч хийхээс буцахгүй. Сэрэмжтэй байгаарай” гэж байна лээ. Бодох ёстой
үг байх. Баримт бол надад нэг бус нэг хэсэг бий шүү. Ноцтой нь ч бий, номхон дөлгөөхөн
шүүмжлэлтэй нь ч бий. Цагийг нь болохоор шаардлага гарвал задалж болох байлгүй дээ.
Айгаад хулчийгаад байх ч юм алга.

-Гал асааж түймэр тавихаас нь хэлж болдоггүй
юмаа гэхэд гайгүй­хэн ганц нэгээс нь хэл л дээ. Тэгэхгүй бол хүмүүс үнэм­шихгүй
шүү дээ.

-Гэм багатай ч бас
сүрхий хортой нэг баримт хэлье л дээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл дээр,
дооргүй хөөцөлдөж байгаад 200 сэт­гүүлчийг зээлийн орон сууцны хөтөл­бөрт хамруулсан.
Энэ бол чамлах юм биш. Орон сууцгүй хичнээн сэтгүүлч байгаа билээ. Гэтэл биднээс
хэд дахин олон хүнтэй багш, эмч нарын арми, бас эрдэм шинжилгээний, мөн соёлын ажилтнууд
гэж бий. Тэдний хувьд хамгийн гачлантай нь мөн л орон сууц. Гэтэл нийслэл Улаанбаатар
хотын боловсролын газрын дарга Д.Энх­баярын 2011.05.04-ний өдрийн 1/380 тоотоор
багш нарт оногдох квотоос хасч оронд нь бараг бүгдээрээ эмэгтэй нэр бүхий хориод
сэтгүүлчийг нэмж орон сууцны зээлд хамруулжээ. Тэр дотор  Засгийн газрын хэвлэл мэдээл­лийн албаны гурван
хүн байгаа юм. Бусад нь сонин, сэтгүүл, телевиз, сайтуудын хүмүүс. Орон сууцны санхүүжилтийн
корпорацид хүргүүл­сэн уг бичигт “Төрийн албан хаагчийн орон сууцны зээлийн квотод
Боловс­рол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 97 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлтөөр
нэмэгдэж ирсэн 18 квотыг “Боловсролыг дэмжих клуб”-ийн гишүүдэд хуваарилагдсан талаар
албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү орон сууцны зээлд хамрагдах 18 хүний нэрсийг хавсралтаар
хүргүүлж байна” гэж тов тодорхой бичжээ.

Энд анхаарал татсан
хэд хэдэн асуудал байна. Нэгд, сэтгүүлчид бол төрийн албан хаагчид биш. Тийм учраас
төрийн албан хаагчид, тухайл­бал үй олноороо орон сууцгүй байгаа төрийн үйлчилгээний
албан хаагчид болох багш нарын квотоос хасан хасан байж сэтгүүлчдэд өгч байгааг
өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж үзэх үү, өөр зорилготой “хээл хахууль”-ийн нэг
хэлбэр гэж харах уу. Хоёрт, нэр бүхий 18 хүний нэрс дотор Засгийн газрын Хэвлэл
мэдээллийн албаны ажилтнуудын нэр байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч эдгээр хүмүүс
бүгдээрээ өөрийн гэх байр сууцгүй байж болноо. Орон сууцны  зээлд хамрагдах эрхтэй нь ч мэдээж. Гэх­дээ л
багш нарын квотоос “шомбодох” нь ёс зүйгүй асуудал. Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын квотод тэд хамрагдах бүрэн боломж­той шүү дээ. Ингээд л бодохоор манайд шударга
юм гэж ер нь байна уу. Монголын багш нар тэдэнд сүрхий гомдох байлгүй. Гуравт,
“Боловсролыг дэмжих сан” гэгчийн гишүүд гээд байгаа нэр бүхий 18 сэтгүүлчээс ардын
боловсролын сэдвээр олон жил дагнаж бичин олон түмний дунд алдаршсан нь бас төдийлөн
хараг­дахгүй байгаа нь гайхалтай.

-Сү.Батболд МСНЭ-ийн ерөн­хийлөгчөөр түүнийг,
дэд ерөн­хий­лөгчөөр тэрнийг томилуул гэж үүрэг өгсөн тухай та нийт­лэлдээ дурдсан
байсан. Уг хоёр хүний нэрийг нэрлэхгүй юу. Тэгвэл илүү үнэмшилтэй юм биш үү?

-Хэн хоёр вэ гэдгийг
мэдэж л байна. Гэхдээ нэрлээд яах вэ. Уг мэдээлэл, хэсэг залуу сэтгүүлчдийн хурал
болдгийн урьд орой төрийн ордноор тарсан. Маш олон хүн янз бүрийн эх эх сурвалжаас
тухайн мэдээллийг олж авч мэдсэн байдаг. 

-“Монголын сэтгүүл зүй бол 1990 оноос эхлэлтэй.
Өмнөх нь тоо­цогдохгүй, нэг намын “зэвсэг” л байсан” гэх утгатай нийтлэл сонинд
гарсан байсан. Судлаа­чийн хувьд та үүнийг юү гэж үзэж байна?

-Өчигдөргүй өнөөдөр,
өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Бүх юм хоо­рон­доо холбоо хэлхээтэй, уялдаа шүтэлцээтэй.
1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл хөдөлгөөн өрнөөгүй бол 1921 оны ардын
хувьсгал бэлтгэгдэж ялалтад хүрэхгүй байсан. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар
тогтносон БНМАУ байгуулагдаагүй бол 1990 оны Ардчилсан хувьсгал яалаа гэж гарах
билээ. Монголын сэтгүүл зүй ч яг адилхан. 1913-1914 оны “Шинэ толь хэмээх бичиг”,
1915-1920 оны “Нийслэл Хүрээний сонин бичиг” сониноос өнөөгийн Монголын сэтгүүл
зүй эхлэлтэй. Бидний гайхамшигт өвөг дээдэс Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, хошой
гүн Бадрахбаатар, нийтлэлч Жанцансамбуу, Дорж нарын зэрэг ахмад сэтгүүлчид жинхэнэ
чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж бүтэн долоон жилийн турш тасралтгүй гаргасан байдаг.
Энэ бол  том бахар­хал. 1920 онд зургаан дугаар
гаргасан “Монголын үнэн” сониноос эхлээд ерээд он хүртэл хэвлэгдсэн 70 гаруй сонин,
сэтгүүл, үйл ажиллагаагаа явуулсан мэдээллийн агентлаг, радио, телевизийн нийтлэл,
нэвтрүүлэг нь  Монгол Улсын хөгжил дэвшилд
их нөлөө үзүүлсэн. Өмнөх чөлөөт хэв­лэлийн нэгэн адил эрин цаг үеийнхээ түүхийг
бичилцэж үлдээсэн.

“Зэвсэг” гэсэн үгийг
ямар утгаар хэрэглэж байна вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь тун чухал. БНМАУ нэг
намтай байх үед хэвлэл мэдээлэл үзэл суртлын зэвсэг болж байсан нь үнээн. Гэхдээ
Монголын сэтгүүлчдийн шинийг эрэлхийлэгч мөн чанар, эрх чөлөөнд тэмүүлэгч хүсэл
эрмэлзэл цаг ямагт бадарч алгуурхан боловч урагшлан хөгжиж ирснийг үгүйсгэж бас
болохгүй. Тэр “Зэвсэг” гэж ад үзэгдээд байгаа өмнөх он жилүүдийн сэтгүүл зүй, сэтгүүлчид
хэрэв байгаагүй бол ерэн оны чөлөөт хэвлэл үүсэн бүрэл­дэх ямар ч боломжгүй юм.
Ерэн оны ардчилсан хувьсгалын бэлтгэл, нийг­мийн сэтгэл зүйг чинь Монголын сэтгүүлчид,
бүр тодруулж хэлбэл Лодонгийн Түдэв тэргүүтэй “Үнэн” сонин, төвийн бусад сонин хэвлэ­лийнхэн
төлөвшүүлж бүрдүүлсэн юм шүү дээ. Энэ тухай миний бичсэн “Монголд чөлөөт ардчилсан
хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал таван ботид маш дэлгэрэнгүй бичээстэй байгаа.
Тухайн цаг үед Лодонгийн Түдэв ахайтан Монголын Сэтгүүлч­дийн холбоог толгойлж байсан
гэдгийг бас битгий мартаарай.

-МСНЭ Бодоогийн нэрэмжит уран бүтээлийн
шагнал бий бол­госон нь шившиг. Бодоо бол МАХН-ын нэг толгойлогч бай­сан. Түүний
нэрэмжит шагналыг МСНЭ буй болгоод сэтгүүлчдэд өгч байгаа нь энэ байгууллага МАН-аас
хамаа­рал­тай байгаа­гийн нэг илрэл гэсэн утгаар өдөр тутмын нэгэн сонинд би­чиж
та нарыг шүүмжилсэн бай­сан?

-Тэгж бичсэн хүний
мэдлэг, мэдээ­лэл тун гүехэн байна гэж хэлье. Догсомын Бодоо бол Монголд чөлөөт
хэвлэлийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр хүн 1913-1914 онд “Шинэ толь хэмээх бичиг”
сонинд, 1915-1920 онд “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинд сурвалжлагчаар ажилласан
сургууль төгсөөгүй боловч жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч. Их соён гэгээ­рүүлэгч Жамсраны
Цэвээний хамтран зүтгэгч. Түүний бичиж туурвисан олон нийтлэл бий. Сэтгүүлчийн мэргэжлээр
их, дээд сургуульд суралцагч оюут­нууд хичээнгүйлэн судалдаг юм. МСНЭ-ээс “Монголын
шилдэг нийт­лэл” цуврал 99 ботийг гаргаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Анхных
нь ботийг Жамсраны Цэвээний бүтээлээр гаргасан. Хоёр дахь ботийг Бодоогийн бүтээлээр
бэлтгэж байна. Догсомын Бодоо хэмээгч энэ билэг авьяаст их бичгийн хүнийг, Монголын
чөлөөт хэвлэлийг үндэслэгчдийн нэгийг сэт­гүүлч биш гэвэл ёстой алдас болох байлгүй
дээ. МСНЭ уран бүтээлчдэд олгох Бодоогийн нэрэмжит шагнал буй болгосон нь харин
ч хожимдож хийсэн алхам. Үнэн шударга ёс гэж байсансан бол аль эрт тийм шагналыг
буй болгох ёстой байсан юм. Бид буруу зүйл хийгээгүй. Д.Бодоо Монголын сэтгүүл зүйд
том орон зай эзэлнэ. Он цаг улиран одох тусам шижир алт адил тодорно.

-МСНЭ өөрийн хоёр давхар байртай байсан.
Алга болго­чихсон гэж “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” хөдөлгөөнийхөн хэлээд байгаа. Үүнд
ямар ха­риулт өгөх вэ?

-Хаягаа баахан андуурсан
байна. Ерээд онд Монголын сэтгүүлчдийн холбоо Сэлбийн зусланд сэтгүүлчдийг амраах
хоёр давхар байртай байсан нь үнэн. Цэрэндорж гэдэг Ерөн­хийлөгчийн үед зарж устгаад
олсон мөнгөөрөө Эрээнээс барааны саван зөөсөн гэж дуулсан юм байна. Барааны саван
зэрэг хог новшоо худалдаад хэдэн төгрөг олсон, юунд яаж зарцуулс­ныг би мэдэхгүй.
Сүүлд МЧАСЭ хоёр давхар хөөрхөн байшинтай байсныг бас мэдэх юм. Бид “Муурын байшин”
гэж өхөөрдөн нэрлэдэг байсан. Бас л үгүй болсон. Яасныг мэдэхгүй. Би санахдаа тухайн
үед МЧАСЭ түрээ­сээр эзэмшиж байсан болов уу. Өмч хувьчлалаар ном дүрмийн дагуу
хувьч­лагдаад алга болсон биз л гэсэн ойлголттой явдаг. Тодруулах гэж хүсээд байгаа
бол тэр үед МЧАСЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Дашдондов, дэд Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан Х.Наранжаргал на­раас асууж лавлана буй заа.

Өнөөдрийн МСНЭ-ийн
дэд ерөн­хийлөгч Д.Заяабат бид хоёрын хувьд бол Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд
Нийслэлийн захирагч Г.Мөнх­баярт учир зовлонгоо ойлгуулж удаа дараа албан тоотоор
хүсэлт тавьсны үр дүнд долоон буудлын орчимд МСНЭ-ийн ордон бариулах газрын асуудлыг
нааштайгаар шийдвэр­лүүлээд байгаа. Монголын сэтгүүлчид өөрийн гэсэн ордонтой болноо.
Түү­нийг нь харин ирээдүйн удирдагчид нь зараад идчихгүй, хувьчлаад завш­чихгүй
л байх хэрэгтэй юм. Энэ завшааныг ашиглаж хотын даргад баярлалаа гэж хэлье. Тус
бүр нь нэг сая төгрөгийн үнэтэй 40 гэрийг газрынх нь хамт амьдрал ядуу сэтгүүлчдэд
олгуулж бидэнд бас их тус хүргэсэн хүн байгаа юм.

-МСНЭ-ийн удирдлага өөрс­дийн хуримтлагдсан
асуудал, бэрх­шээл зовлонгоо төр зас­гийн өндөр­лөгүүдэд хэлж ярьдаг уу, тэдний
дэмжлэг туслалцааг авдаг уу?

-Ярьж хэлэлгүй яахав.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал хүсэлтээ тавьсан. Ардчилсан нийг­мийн баталгаа
болсон чөлөөт хэв­лэлийг дэмжиж сэтгүүлчдийн 
төлөө­лөгчдийг шагнаж урамшуулж байгаач гэдгийг Ерөнхийлөгчөөс онцгойлон
гуйсан. Бидний хүсэлтийг хүлээж авсаан. Сүүлийн хоёр жил дараалан шинэ жилийн өмнөхөн
хэсэг сэтгүүлч­дийг төрийн дээд шагнал-одон, меда­лиар шагнасан. Үүнд нь талархалтай
байгаа. Харин Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойгоор нэг ч сэтгүүлчийг
шагналгүй өнгөрсөнд нь  тун их гайхаж бас
харамсаж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дар­гатай уг асуудлаар хоёр удаа уулзсан.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Тамгын газрын Шагналын тасгийн дарга, ажилтнуудтай
уулзсанаа хэлэх юм бол тоо алдсан байхаа. Он дуу­саагүй байна л гэж хариулдаг юм.
Оны эцэст бөөн гавьяат төрөх юм байлгүй дээ. Харж л байя. Монголын сэтгүүл зүйн
судлал шүүмжлэлд хэний ч хийгээгүй зүйлийг хийж бүтээсэн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн
багш, судлаач Л.Норовсүрэн, “Зарли­гаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”
гэх зэрэг алдарт нийтлэлүүд туурвисан ахмад сэтгүүлч Ш.Цэен-Ойдов, Монголын ард
түмэн аль хэдийнэ танин мэдэх болсон ахмад сэтгүүлч Д.Дорждулам, Н.Мяг­мар, Увсын
Б.Норов, авьяаслаг сэт­гүүлч, судлаач Ү.Хүрэлбаатар, зо­хиолч сэтгүүлч До.Цэнджав,
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр болон Зас­гийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар
үр бүтээлтэй ажиллаж байсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар
гээд олон хүн бий.

-УИХ-ын даргад ямар асуудал тавьж шийдвэрлүүлэв?

-Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөг баталгаажуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажил­лахыг
УИХ-ын даргаас удаа дараа хүссэн. Эрхэм гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарч байгаа
шүү. Ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас
батлаад гаргачихлаа. Үүнд МСНЭ нөлөөлсөн гэж ойлгож байгаа. 1998 оны Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаа­чилсан.
Бид өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон. Санал бодлоо
дэлгэрэн­гүйгээр илэрхийлсэн. Саналууд маань хуулийн төсөлд тусгагдаад явж байгаа.
Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуулийг батлан гаргах тухай УИХ-ын шийдвэр
гараад 13 жил болж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас бас чиглэл өгсөн. ХЗДХЯ уг
хуулийн төслийг Үндсэн хууль хийгээд өнөөдөр Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй
бусад хуулийн агуулгад нийцүүлж боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан гэж сонссон.
Монгол Улсын Засгийн газар ардчилсан нийгмийн 
үнэт зүйлс, хэвлэлийн эрх чөлөөнд үнэнч байгаа бол энэ хуулийн төслийг дэмжих
байлгүй.

Уг асуудлаар УИХ-ын
дарга Д.Дэм­бэрэл өөрийн байр суурийг илэрхийлж “МОНЦАМЭ” агентлагийн 90 жилийн
ойд ирүүлсэн мэндчилгээндээ “УИХ МОНЦАМЭ-гийн цаашдын үйл ажилла­гааны чиглэл, эрх
зүйн үндсийг улам тодорхой болгох, бие даасан байр суурийг бататгах талаар анхаарал
тавих болно” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндэсний мэдээллийн
агентлагийнхаа үйл ажил­лагааг төр засгаас тууштай дэмжих ёстой. Монгол Улсын Үндсэн
хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн үзэл санаанд нийцүү­лэн Үндэсний
олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан гаргасан жишгээр Үндэсний мэдээл­лийн
агентлагийн тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж хууль, эрх зүйн таатай орчинг
бүр­дүүлж өгөх цаг нэгэнт болсон гэж Монгол Улсын төрийн тэргүүний хувьд би үзэж
байна. Энэ нь Монголд чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг хөг­жүүлэн төлөвшүүлэхэд
бас нэгэн алхам болох болно” гэж өөрийн ил­гээлтдээ цохон тэмдэглэсэн байналээ.
Төр, засгийн удирдлагын 3 өндөр­лөгөөс хоёр нь ийнхүү байр сууриа ил тод илэрхийлчихсэн
байгаа. Иргэдийн санаа бодлын байдлыг тандан судалж, түүн дээрээ үндэслэн Засгийн
газрын зарим үйл ажиллагааг шүүмжилсний минь төлөө өш санаж хуулийн төслийг гацаан
үндэсний мэдээллийн агент­лагаа хохироохгүй байлгүй дээ. Мон­голын сэтгүүлчдийн
байгууллагын 60 жилийн ойн баярын ёслолд Улаан­баатар хот, 21 аймгийн хэвлэл мэ­дээл­лийн
төлөөлөгч 500 гаруй сэтгүүлч оролцсон юм. Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах
чиглэлээр цаашид хэрхэн яаж ажиллах вэ гэсэн сэдвээр би товч илтгэл тавьж, баярын
хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж Уриалга гаргасан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр төр, засгаас тодорхой зоригтой
алх­мууд хийгээч, хэд хэдэн хуулийг баталж өгөөч гэж хүссэн. Энэ бол монголын нийт
сэтгүүлчдийн хүсэлт гэж ойлгож байгаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд­тай уулзсан
уу?

-Уулзалгүй яахав.
Хамгийн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгосон. Монгол Улсын Ерөнхий сайдтай
МСНЭ-ийн удирдлага уулзах үеэр сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон
анхаарч өгөхийг хичээнгүйлэн гуйсан. МСНЭ-ийг байр савтай болгох, “Сэтгүүлч” сан
байгуулахад туслах, улсын захиалгат зарим ажил үйлчилгээг МСНЭ-ээр гүйцэтгүүлж байх,
сэтгүүлчдийг давтан сургахад анхаарах, сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг
тодорхой саналуудыг тавьсан. Ингэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалахад
хүчин зүтгэж байгаа сэтгүүлчдийг төр засгаас бодлогоор хамгаалсан чухал алхам болох
юм гэдгийг ч хэр чадлаараа тайлбарласан. Харамсалтай нь бидний саналууд усанд хаясан
чулуу шиг л алга болж мартагдсан даа.

Ярилцсан
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Ер нь монголчууд болон солон­госчуудын
харилцаа их эртнээс улбаатай. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр солон­гос ха­тантай
байсан нь түүхэнд тэмдэг­лээстэй. Солонгосын хойгт Монгол­той холбоотой түүхийн
дурсгалтай газрууд бол чамла­хааргүй бий. Нийтийн тооллын эхэн үед Когу­рёо, Пэкжэ,
Шилла нэртэй гурван хаант улс бий болс­ныг нь түүхэнд “Гурван улсын үе” хэмээ­дэг.
Ингээд тусдаа гурван хаант улс байж байтал Шилла нь Тан улсын тус­ламж­тайгаар бусды­гаа
өөртөө нэгтгэсэн байдаг. Гэвч нутгийн хойд хэсгээр Когурё нарын байгуулсан Палхэй
гэдэг улс оршин тогтносоор байжээ. 900-гаад оны эхэн үед Шилла нь суларч, Гүрёо
гэдэг улс байгуулагдаж. Харин 926 оны орчимд Палхэй гэдэг гүрэн нь Кидан нарт цохигдон
мөхсөн гэж түүхэнд бичигджээ. Кидан нар гэдэг чинь түүхэнд хамгийн их хятад­чилагдсан
нүүдэлчид гэгддэг бөгөөд монгол угсааны хүчирхэг аймаг юм. Дараа нь XIII зууны үед
Монголын эзэнт гүрний довтолгоон Гүрёо улсыг ихэд доройтуулжээ. Гэвч тухайн үедээ
Монголын эзэнт гүрний харьяат байдлаар оршиж байсан байх юм. Энэ үедээ гүнж тэргүүтнээ
хаад бие биедээ өгч, нэлээд гүн харьцаатай байжээ. Одоогийн Умард Солонгосын газар
нутаг нь ойролцоогоор 120 мянга орчим хавтгай дөрвөлжин км нутагтай. Энэ нь хэмжээгээрээ
манай Дорнод аймагтай адилхан гэсэн үг л дээ. Монголчуудын хувьд тэдэнтэй нийгэм
яаж ч солигдсон найрамдалт харилцаатай хэвээрээ байдаг. Хоёр Солонгосын дайны үеэр
Умардын талаас олон хүүхэд Монголд ирж, өсч хүмүүжиж зарим нь бүүр том дарга болсон
мэдээ ч байдаг. Ямартай ч хойд Солонгос манай улстай ямар ч үед найрам­далт харьцаатай
байсаар ирсэн нь түүхийн маргашгүй үнэн билээ.

Хүмүүс энд тэнд аялахдаа хоо­лонд
нь санаа зовох гээд байдаг. Харин тэнд монголчуудын хувьд санаа зовох зүйлгүй. Тун
амтлаг сайхан хоолтой. Харин кимчи нь арай сул амттай юм шиг санагдсан. Хуучин долоон
төгрөг 20 мөнгөний үнэтэй хиам байдаг байв даа. Яг тэр хиамыг тэндээс идэж болно.
Амтны хувьд ярих юмгүй. Котлет болон бусад амтлагч монгол хүнд тун сайн зохихоор.
Халуун ногоо бага байх л даа. Энд бид нар ямаа, тарвагаар боо­дог хийдэг бол тэнд
тахиагаар боодог маягийн юм хийнэ. Тэр нь 30 орчим еврогийн үнэтэй. Тахиа­ны боодогт
хүн орхоо­дой, төрөл бүрийн эмийн чанартай ургамлууд, будаа, амт­лагч зэрэг орно.
Гурваас дөрвөн цаг ууранд жигнэж болгодог гэж бай­гаа. Жуулчид их сонирхож иддэг
бололтой. Амтны хувьд дав­гүй ээ. Хоолон дээрээ бага зэргийн архи, пиво хэрэглэнэ.
Мэдээж согтоо­хоор их биш. Гэхдээ үйлч­лүүлэгч хүсвэл нэмж хэдийг ч авсан болно.
Хойд Солонгосын үйлчил­гээ­ний газрууд, тэр дундаа зоогийн газруудын үйлчлэгч нар
бас л юм юмтай даа. Хоол цайгаа зөөхийн хажуугаар үйлч­лүү­лэгч хүсвэл сайхан дуу
дуулж, хөгжим тоглож өгнө. Урла­гийн бяцхаан аятайхан тоглолт хийчих­нэ. Харин дуулдаг
дуу нь голдуу агуу удирдагч нараа магт­сан утгатай. Бас монгол­чуу­дын хамгийн сайн
мэдэх танил дуунууд болох “Москва орчмын үдэш”, “Катьюша” зэрэг дайны үеийн Зөвлөлтийн
дууг дуулж өгнө. Тэгээд мөнөөх бяцхан тоглол­тынхоо хаалт болгож “Интерна­ционал”
дууг бахдалтайгаар дуулж сонир­хуулна. Дуулахдаа баруун гараа зангидаад, тохойгоороо
хагас нугалан, нүдээ хагас аниад үнэхээр итгэл үнэмшилтэй дуулж байгаа юм аа. Хөгжим
нь баян хуур. Тоглож байгаа нь ч лут тоглох юм билээ.  Зөөгч-дуучдын хоолой яг нэг хэвэнд цутгасан юм
шиг адилхан. Тиймэрхүү хуучны дууг тэгж ойроос, амьдаар нь сонсох нь сонирхолтой
шүү.

Хойд солонгосчууд уран зураг, уран
хатгамлаараа дэлхийд гай­хагд­­даг ард түмэн. Хатгамал нь дотроо хоёр янз байдаг
аж. Тухайн хатгамлаа хийхийн өмнө зургийг нь зурчихаад хатгах, шууд хараад хатгах
гэж. Эхлээд зургаа зурчи­хаад хатгах нь арай хялбар байдаг гэнэ лээ. Гэхдээ нэг
бүтээл дээр ядаж л 21 хоног суудаг гэж байгаа. Пхеньян хотын хатгамлын төв ордон
гэж газар байх бөгөөд тэр нь хатгамалчдын урлан. Тэнд хамгийн удаан хатгамал хийж
байгаа гэх 50 гаруй насны нэгэн эмэгтэй ямар нэгэн дэвсгэр зураг­гүйгээр шууд харж
хатгадаг гэж байсан. Лут авьяас шүү. Тэр харь­цаа, өнгө будаг, уусалт зэргийг эх
зургаас нь бараг илүү гарахаар хатгасан байна лээ. 20 дахь жилдээ хатгамал хийж
байгаа нэг эмэгтэй аав хүү хоёрын фото зур­гийг хатгаж байсан. Нүдний өнгө, харц
арын дэвсгэрийн уусалт зэр­гийг фото зургийн хэмжээнд л хатгаж байна лээ дээ. Тэр
зургийг сар гаруй хатгаж байгаа гэсэн. Өөрийн болон гэр бүлийн зургийг энэ мэтээр
хатгуулахыг хүсвэл хэм­жээнээсээ хамаарч 100-аас дээш ам.доллар болдог юм байна
лээ. Уг ордны коридорт жин­хэнэ урлагийн бүтээлүүд байр­лана. Тэд хатгамлыг зүгээр
энгийн нэг хоёр хэмжээстээр хийгээд зог­сохгүй гурван хэмжээсээр бүтээсэн байна
гээд бод доо. 3D кино, зураг гэдэг шиг 3D хатгамал. Гайхам­шигтай. Уран зургийн
хувьд бас л хатгамал шиг ээ. Яг фото зураг. Зургийн агуулга нь үзэсгэлэнтэй бүсгүйчүүд,
нисэж байгаа шувуу, үзэсгэлэнт байгаль, тэгээд мэдээж цэрэг, эх орны сэдэвтэй. Бүсгүйчүүд
гэснээс хойд нутгийн бүсгүйчүү­дийн гоо үзэсгэлэн үнэхээр төгөл­дөр юм билээ. Бид
хэдийгээр хяз­гаар­лагдмал маршрутаар аялсан ч бүсгүйчүүд нь нийтээрээ их царай­лаг.
Цаг уур нь тун аятайхан боло­хоор тэр юм уу цайвар цагаан царай, дугариг нүүртэй.
Умардын охид, өмнөдийн залуус гэдэг хэллэг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү. Гэхдээ
умардынхан ерөнхийдөө л царай зүс сайхантай, нүдэнд ду­лаа­хан улсууд. Харин нэг
сонин зүйл анзаарагдсан нь бараг л бүгдээрээ чихээ цоолоогүй байсан.

Аливаа улс орны өнгөрсөн түүхийг агуулж
байдаг зүйл бол музей билээ. Тэгвэл энэ улсын “Дайны музей” гэдэг үзэсгэлэнд
1950-1953 оны Солонгосын дайны үеэр хоёр талын ашиглаж байсан техник хэрэгсэл, олзолсон
онгоц, буу зэвсгийг бодит байдлаар харуулс­наараа бараг өөр хаана ч байхгүй аж.
Энэ музейн доод дав­харт нь тухайн үед олзолсон таг­нуу­лын, сөнөөгч болон бөмбөгдөгч
онгоцнууд яг бодитойгоор байна. Бөмбөгний хэлтэрхий нь хүртэл үзмэр болон хадгалагджээ.
Хойд Солонгосын армийн тэнгисийн цэргийн бахархлуудын нэг торпед харвагч шумбагч
онгоцоо энд байр­­луулжээ. Тэрхүү шумбагч дайны үед дайсны сөнөөгч онгоц тээвэрлэгч
усан онгоцыг баатарлаг гавьяа байгуулж устгасан хэмээн тайлбарлагч их л бахдалтайгаар
өгүүлж байсан. Сонирхол татахуйц түүхтэй нэгэн үзмэр байсан нь маш том модны үндэс.
Дайны гал дү­рэл­зэж байх үед энэ модны доор умардынхны армийн хэд хэдэн танк, машин,
зэр зэвсгийн ихээхэн хүч түр буудаллаж, дайсны бөм­бөгдөлтөөс хамгаалагдаж байжээ.
Ийм гавьяатай модныхоо үндсийг нь хүртэл авчраад үзмэр болго­жээ. Уг дайнд тухайн
үеийн цэрэг зэвсэг, байлдааны машин меха­низ­мын хамгийн шилдгүүд нь оролцож байсан
бөгөөд нэг ёсон­доо зэвс­гүүдээ туршиж байсан гэмээр. Агаарын байлдаан хийж байгаад
сөнөсөн онгоцны их бие, мотор, сэнс, далавч гээд ер бусын сонир­холтой үзмэрүүдийг
эндээс л харж болох юм. Үзмэрт тавигдсан машин техникүүдийн багагүй хэсэг нь бензин
хийвэл асаагаад явж болохоор юм гэсэн. Түүх болох ийм зүйлсийг ингэж хадгалж, хүмүүст
үзүүлж байгаа нь сайхан л юм билээ. Энэхүү том музейд байх зураг ба жинхэнэ техник
хэрэгс­лийг хослуулан хийсэн үзмэр хэн хүний сонирхлыг татна. Энэ үзмэ­рийг 40 зураач
бүтэн жил хагас зурж, 1974 онд сая нэг дуусчээ. Эргэлддэг байдлаар бүтээгдсэн болохоор
эхлэл төгсгөл гэх юмгүй нэгэн цогц бүтээл ажээ. Энэхүү бүтээлийн аль нь зураг, аль
нь жинхэнэ техник хэрэгсэл гэдгийг ялгахад бэрх юм байна лээ. Иймэр­хүү музейг үзсэн
хэн ч гэсэн бахар­хахаар л даа. Хойд солонгосчууд энэ музейгээрээ тун их бахархдаг
нь тайлбарлагчийнх нь ярианаас мэдрэгдэж байлаа.

Өмнө хэлсэн дээ. Ирэх жил их удирдагчийн
100 насны ой болно оо гэж. Энэхүү нүсэр том арга хэмжээнд зориулж маш олон жил баригдаж
байгаа 105 давхар бү­хий пирамид хэлбэрийн барил­гаа ашиг­лалтад оруулахаар ажиллаж
байгаа аж. Их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа болохоор хүн хүчний хэрэгцээ их л
байдаг биз. Тэд бүх их, дээд сургуулийнхаа хичээлийг бүтэн нэг жилээр хаасан гэнэ.
Оюутнуудыг их ойн арга хэм­жээнд зориулсан бүтээн байгуу­лал­тад ажиллуулж байгаа
ажээ. Ер нь энэ улс дараа жилийн дөрөв­дүгээр сарын 15-нд болох их ойгоор амьсгалж
байна гэхэд бол­но. Зөвхөн их удирдагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенд зориулж
150 сая амьд цэцгийг тарьж ургуулж байгаа гэнэ. Замын хоёр талаар тарьж ургуулж
байгаа цэц­гээ өрж тавьсан байхыг түвэггүй олж харна. Мөн хүлэмжүүдэд ч өнгө өнгийн
цэцэгсийг тарина. Оюутнууд бололтой ижил хувцастай хүмүүс өглөө 06 цагийн орчмоос
эхлээд бөөн бөөнөөрөө дуу дуулан жаг­саа­лаар явах бөгөөд ажилдаа явж байгаа нь
тэр бололтой. Багцаа­гаар нэг тийм жагсаалд ядаж л 200 хүн хангалттай байгаа. Ер
нь аливаа ажлыг хүний хүчээр л нугалдаг бололтой. Ямар нэгэн газар шорооны ажил
явагдаж байгаа газар улаан туг хатгаастай. Зарим газраа арай олон туг байхыг  бодвол социалист уралдаанд тэргүүлэгчид юм шиг
байна лээ. Замын хоёр талаар байх явган хүний замыг дор нь хуулж хаяад шинэ зам
тавьчихаж байгаа юм. Удирдагчийн төрсөн өдрийн баярыг угтаж хотын төвөөр байгаа
том том, өндөр моднуудыг үндсээр нь сугалж авч байгаа гэсэн. Учир нь энэхүү том
моднуудад царцаа маягийн шавьж их цугладаг гэнэ. Тэгээд тэр шавьжнууд их эвгүй,
тээртэй дуу гаргадаг нь хэцүү бай­даг бололтой. Энэ моддын оронд бутлаг өнгө үзэмж
сайхан намхав­тар бут тарих аж. Гудам­жаар нь автобустай явж байхад айлуудын гэрэлтэй
цон­хоор нэг зүйл их тод харагдах нь ханан дахь их удир­дагчдын хөрөг зураг. Ер
нь тэдний зургийг байнга харсаар байгаад дасах шинжтэй болдог юм байна лээ шүү.

Үргэлжлэл бий.
Я.БАЯРБААТАР
 

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Улаанбаатар-Бээ­жин-Пхеньян
гэсэн марш­рутаар тун сонир­хол­той аяллын багт багтаж яв­лаа. Энэхүү аяллыг
Мон­гол Улсын Байгаль орч­ны яам, БНАСАУ-ын аялал жуулчлалын газ­рын хамтын
ажиллагаа­ны хүрээнд зохион бай­гуулсан юм. Хүн бүхэн Хойд Со­лонгосын талаар
янз бүрийн бо­долтой, тэр хэрээр маш их сонир­х­дог. Сонирхол татахуйц энэ
аялал маань Бээжингийн олон улсын нисэх онгоц­ны буудлаас БНАСАУ-ын “Айр Корё”
компанийн “Ту” загварын агаарын хөл­гөөр хөөр­с­нөөс эхэллээ. Нислэгийн явцад
онгоц маань гэнэт донслох шиг болсон юм л даа. Учир нь БНАСАУ-ын агаарын хи­лийг
нэвтэрч байгаа нь тэр ажээ. Тэгж онгоц ог­цом доош тонгойх маяг­тай болсон нь
их удир­дагч Ким Ир Сенд бөхийж хүн­дэтгэл үзүүлж байгаа илэрхийлэл байжээ. Нис­лэг
хоёр цаг орчим үр­гэлж­лээд нийслэл Пхеньян хо­тын нисэх он­гоц­ны буудалд га­зар­дав.
Онгоцны буудал нь ав­саар­хан жижигхэн бө­гөөд мөнхийн Ерөнхий­лөг­чийнхөө том
зургийг онгоцноос буух зорчигч­дын өөдөөс харуулан залжээ. Нисэх онгоцны буудал
нь тун цомхон жижигхэн. Аргагүй ч биз. Энд зөв­хөн өөрийнх нь агаарын тээврийн
онго­цууд л нислэг үйлдэнэ. Зор­чигчдыг тусгай авто­бусаар зөөж гаалийн шал­ган
нэвтрүүлэх хэс­гээр өнгөрснөөр Хойд Солонгосын аялал маань жинхэнэ утгаараа
эхэл­лээ. Бараг л машин унаа байхгүй, хаа сайгүй буу­тай цэргүүд байдаг гэж
төсөөлж байснаас ха­маагүй өөр орчин угтан авсан юм. Жуулчдад зо­риулсан
автобусанд сууж Пхеньян хотын төвийг зорин хөдөллөө. Замд “өвгөн бенц”, “69”
гээд нэлээн хуучны машинууд элбэг таарах юм билээ. Бидний байрлах газар Пхеньян
хотын төвд ор­ших “Яан­какдо” нэртэй дөрвөн одын зэрэглэлтэй зочид буудал
байлаа. Нийслэл хотынх нь го­лоор урсах хоёр голын уулзвар арал дээр байр­лах
эл буудлаас хотыг бүхэлд нь тольдож бо­лохоор ажээ. Хойд Со­лонгосын нийслэл тө­сөөлж
байснаас хавьгүй том бас бүтээн байгуу­лалт гайхалтай гэдгийг зам­даа харж
явлаа. 

Пхеньян
хотын нийтийн тээ­вэртээ ёстой л хэрэглэж болох юу байна бүгдийг ашигладаг.
Тэнд троллейбус, трамвай, автобус, мет­рог ашигладаг. Хүн ачаад явж болох
бүхнийг ашигласан байх агаад хуучны төв замын түгжээ улаан нэртэй автобус,
Чехсло­ва­кийн “Карос” зэрэг том оврын автобусыг троллейбус болгож өөр­чилсөн
байхыг ганц эндээс л харж болно. Метронд суухын тулд газ­рын гүн рүү 100 гаруй
метр явах хэрэгтэй. Уг нь анхны зориулалт нь цөмийн дов­тол­гооноос хоргодох
байр байгаад сүүлд нь метро болгож өөрчилжээ. Энэ метро хоёр шугам, 17 зог­соол­той.
Ханаар нь их удирдагчийнхаа ард түмэнтэйгээ баяр жаргалтай байгаа байдлыг
харуулсан том зургуудтай. Мэдээж метро болгон­доо мөнхийн Ерөн­хийлөгч Ким Ир
Сен болон одоо­гийн удирдагч Ким Чен Ирийн хөргийг хүндэт­гэл­тэй­гээр байр­луулжээ.
Хүмүүс Хойд Солонгост гар утас байдаггүй гэж боддог байх. Тэгвэл тэнд гар
утсаар ярьж байгаа хүн бас ч гэж олон харагдаж байс­ныг хэлэх хэрэгтэй. Тэдон
гэдэг гол Пхеньяны дундуур урсах бөгөөд хотоо зүүн ба баруун гэж хоёр
хуваана.  

Хойд
Солонгосын хөшөө дурс­га­лууд үнэхээр сүрлэг. Тэдний дундаас Жүчхэ үзлийн
гэрэлт цам­хаг бас л ер бусын. Дан чулуугаар барьсан 170 метр өндөр, найман
давхар бүхий энэ цогцолбор Азид төдийгүй дэлхийд цор ганц байгаа гэж
тайлбарлагч бахархалтайгаар хэлж байв. Энэ гэрэлт цамхгийг хоёр жилийн
хугацаанд барьж, 1982 онд их удирдагчийн 70 насны ойгоор бүрэн дуусчээ. Зөвхөн
хаалга нь гэхэд гурван тонн жинтэй нүсэр байгууламж байна лээ. Жүчхэ үзэл гэдэг
нь зөвхөн өөрийн хүчинд тулгуурлан хөгжих үзлийг номлодог аж. Энэхүү үзэл сурт­лынхаа
хүчээр тэдэнд хийж ча­дахгүй зүйл бараг үлдээгүй болол­той. Өөрсдийнхөө хүчээр
хийсэн суудлын машин, сүүлийн үеийн загварын дунд га­рын жийп гээд бүхнийг хийж
байна аа.   

Хойд
Солонгосын гадаадын жуулчдад үйлчилдэг хөтөч нартай хэл нэвтрэлцэхгүйн
зовлонгүй юм билээ. Тэд англи, хятад, оросоор саадгүй ярина. Бас доллар, евро,
юаниар гүйлгээ хийнэ. Жаахан тиймхэн нэг зүйл нь ханш бодох тал дээр толгой
эргүүлэхээр. Гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүн дээр бичсэн үнийн дүнгийн арын
хоёр оронг хасчихад ерөнхий багцаа гараад ирж байгаа юм. Өөрсдийн үзэл суртлыг
харуулсан марк, энгэ­рийн тэмдэг, ном зэргийг нь жуулчид маш их сонирхож, тэр
хэрээр ху­дал­даж авна. Харин Хойд Солонгосын иргэн бүрийн нан­дигнан хадгалж,
зүрхэн тушаагаа зүүдэг удирдагч Ким Ир Сений дүрс бүхий тэмдгийг тэндээс
хайгаад хэзээ ч олохгүй. Тэндээ ч гэсэн хэн нэгэн тэмдгээ хаях юм уу ямар нэгэн
зүйл болбол дахин авах гэж маш том асуудал үүсдэг бололтой. Тэр тэмдгийг зөвхөн
зүрхэн тал­даа зүүдэг нь хэдийгээр их удир­дагч маань тэнгэрт хальсан ч сэтгэл
зүрхээрээ түүнтэй ойр байна аа гэсэн бэлгэдлийн чанар­тай. Удир­дагчийн
зурагтай энэ тэмдгийг 14 нас хүрсэн иргэн нь зүүх эрхтэй болдог гэсэн. Нэг
ёсондоо хариуц­лага хүлээх чадвартай иргэн бол­с­ны баталгаа нь болдог бөгөөд
энэ тэмдгийг зүүх нь хүүхэд бол­гоны хүсэл байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ оронд
хэд хэдэн том баяр болдгийн хамгийн том нь Ким Ир Сений төрсөн өдөр. Тэр өдрөөр
ард түмэн нь төв талбайдаа цуг­лана, амарч зугаална. Улсаас иргэддээ чихэр
жимс, амттаныг тарааж өгнө. Ирэх жил буюу 2012 онд их удирдагчийн 100 насны их
ой тохиож байгаа. Мэдээж энэ өдрийг Хойд Солонгос хүн бүхэн тэсэн ядан хүлээж
байгаа бөгөөд их ойг өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэхийн тулд иргэн бүхэн
бүхнээ зориулж байгаа биз. Тэд тавдугаар сарын нэгэнд “Майн-1”, долдугаар сарын
6-нд Хүүхдийн баяр гэх мэт томоохон баяруудыг тэм­дэглэн өнгөрөөдөг аж. Энэ
улсад мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен, одоогийн удирдагч Ким Чен Ир нарын зураг
бүхий маш том самба­рууд хаа сайгүй байрлана. Тэднийг гол төлөв ард түмнийхээ
дунд ихэд баяр жаргалтай алхаж яваагаар юм уу, ихэд алсыг харсан, холын ирээ­дүйг
зөгнөсөн байдал­тай­гаар дүр­сэлсэн байна. Эдгээр зургуу­дыг гол төлөв томоохон
хана барьж босгоод тэрэн дээрээ зурна. Бас явуулын ийм самбарууд ч байдаг юм
билээ. Бодвол ямар нэгэн баярынхаа үеэр ийш тийш нь аваачиж байрлуулдаг биз.
Харин зургийг зурсан ур хий­цийн хувьд үнэхээр тасархай гэхээс өөр үг олдохгүй.
Хойд Солонгост цэрэг нэгдүгээрт тавигддаг учраас төрөл бүрийн зурагт хуудсанд
цэргүүд тэргүүн эгнээнд зурагдана. Мөн хийж байгаа кинонуудынх нь дийлэнх л
цэрэг эх орны сэдэвтэй баатарлаг байдлыг харуулсан бай­даг бололтой. Хаа сайгүй
янз бү­рийн уриа лоозонгууд байх бөгөөд тэнд гол төлөв удирдагчдаа магтан
дуулсан, тэдний алдар сууг өндөрт өргөсөн агуулгатай. Ажил­чин, тариачин,
сэхээтнүүд улсын эв нэгдлийн илэрхийлэл болдог тул тэдэндээ зориулсан лут том
хөшөө дурсгал ихтэй юм билээ. Хойд Солонгосын уриа нь “Хүчирхэг, цэцэглэн
хөгжсөн үндэстэн”. 

Пхеньян
хотын төвд Ким Ир Сений нэрэмжит талбай байрладаг аж. Энэ талбайн хойд талд
“Ардын их сургалтын төв” гэдэг газар байх бөгөөд энэ нь тус улсын төв номын сан
гэнэ. Энд БНАСАУ-ын иргэд чөлөөтэй орж үйлчлүүлж болох бөгөөд харин 17-гоос
дээш насны­хан орох эрхтэй болдог гэсэн. Хойд Солон­гост зураг авна гэдэг тийм
ч нээлттэй биш ээ. Тэр дундаа цэр­гийнхний зураг авахыг бол хатуу хориотой юм
билээ. Нэг бол сайн дурантай аппаратаар холоос татах юм уу нэг бол араас нь авч
болно. Гудам­жинд нь хүүх­дүү­дийн зургийг авах гээд дурангаа чиглүүлэхэд
бутран зугтана. Гад­наас очсон жуулчид хүүхдүүдэд чихэр, түлхүү­рийн оосор
мэтийг өгөх гэх боловч тэд авна гэж ёстой номонд хазгай. Эцэг эхтэйгээ явж
байгаа жаал бол бүүр тэс хөндлөн. Бодвол харийнх­наас юу ч авч болохгүй гэж хар
багаас нь сургадаг биз дээ. Энд тэнд манай­хаар бол ТҮЦ маягийн ч юм уу жимс
зараад байгаа даавуун мухлаг маягийн зүйлс хаа сайгүй. Тэнд ундаа, мөхөөлдөс
гэх мэтийг зар­на. Бүгдэд нь улсын тэр үйлд­вэрт үйлдвэрлэв гэсэн бичигтэй.
Ундаа нь бол яг л хуучны манай улаан устай амтаараа ялгагдах юмгүй. Тун
аятайхан гоё амттай. Харин мө­хөөл­дөс нь бол нэг тий­мэрхүү сонин амттай.
Харин хүүх­дүүд төдийгүй томчууд нь ундаа, зайр­магаа их авна. Тэндээ үнэ нь ч
хямдхан байх. Гадныханд бол арай ахиу үнээр зараад байх шиг байгаа юм. Ер нь
бол Хойд Солон­госыг яг одоо байгаагаар нь очоод үзчихэд буруудахгүй. Гудамж
тал­бай, хүмүү­сийнх нь байгаа байдал, өмссөн хувцас тэргүүтэн яалт байх­гүй
өнгөрсөн үеийг санаг­дуу­ла­хаар. Бүх зүйл нь эмх цэгцтэй гэж ярих юмгүйн дээр
цэвэрхэн.

Хойд
Солонгосын газар нут­гийн бараг л 70 гаруй хувь нь уулархаг нутаг болохоор
газар тариалан эрхлэх талбай нэн хомс гэж байгаа. Тийм болоод ч тэр үү хаана
ямар сул газар байна бүгдэд нь ямар нэгэн зүйл тарьж ургуулна. Газраа
хагалахдаа голдуу үхэр анжисаар хагалдаг гэнэ лээ. Энд дөрвөн га талбайд нэг
үхэр анжис ногдоно. Хамгийн олон үхэртэй муж нь 600 гаруй үхэртэй гэсэн.
Сүүлийн жилүү­дэд төмс ахиухан тариалдаг бо­лоод байгаа юм байх. Тэрийгээ
дагаад төмсний хэрэглээ нэлээд өсч байгаа аж. Цаг агаар нь сайхан сэрүүхэн
сэвшээ салхитай. Эх газ­рын эрс тэс, тэнгисийн дулаан зөөлөн уур амьс­гал хосол­сон
болохоор дулаавтар, чийглэг уур амьсгалтай учир ямар ногоо ургах­гүй гэхийн
зовлонгүй. Сэрүүн тун­гал­гийн орон гээд нэр­лэчихэд бо­лох­гүй юмгүй сайхан
орон юм билээ.

Үргэлжлэл бий.
Я.БАЯРБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн аваргаас БНСУ медаль хүртсэнгүй

БНСУ-ын Дэгү хотноо хөнгөн
атлетикийн 13 дахь удаагийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. 203 орны 1848
тамирчин өрсөлдсөн уг тэмцээнийг медалийн тоогоор АНУ-ын баг тэргүүлж, ОХУ,
Кенийн баг удааллаа. Харин дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион
байгуулсан БНСУ 63 тамирчнаа өрсөлдүүлсэн ч ганц ч медаль хүртсэнгүй.

Энэ удаагийн дэлхийн аваргад
манай улсаас “Лондон-2012” олим­пийн эрхийг хүртээд буй ОУХМ Б.Сэр-Од,
Л.Отгонбаяр нар өр­сөлд­сөн. Наймдугаар сарын 27-нд болсон эмэгтэйчүүдийн
марафонд Л.Отгонбаяр уралдаж 39 дүгээр байрт орсон юм.

Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр
болсон эрэгтэйчүүдийн ма­рафонд Б.Сэр-Од оролцлоо. Нийт 67 тамирчин гараанаас
гарч, 51 нь барианд оров. Манай тамирчин 2:16:41 цаг гүйж 20 дугаар байрт орсон
бол энэ зайг Кенийн тамир­чин Абел Кируи 2:07:38 цагт туулж аваргын алтан
медалийн эзэн болсон юм.

Б.Сэр-Одын хувьд 2003 оны ДАШТ-д
2:26:39 цаг, 2009 оны Берлиний ДАШТ-д 2:17:22 цагийн амжилт үзүүлж 29 дүгээр
байрт тус тус орж байсан юм. Энэ удаад 20 дугаар байрт шалгарч өмнөх ам­жилтаа
ахиуллаа.

Дэлхийн шилдэг тамирчин, олимп,
дэлхийн аварга Усайн Болт 100 метрт бүтэлгүйтсэн ч 200 метрт аваргаллаа. Тэрээр
“Сэтгэл жаахан уужирлаа. 100 метрт алдаа гар­гачихаад ер итгээгүй. 200 метрт
санасандаа хүртэл хурдаллаа. Намайг дэмжиж байсан спорт сонирхогчдодоо
баярлалаа” хэ­мээгээд ялалтын баяраа илэрхийл­дэг өнөө супер хөдөлгөөнөө
хийжээ.

Эмэгтэйчүүдийн өндрийн ха­райлтын
медалийн төлөөх ха­райлтууд ихээхэн сонирхол татсан. Жилийн өмнөхөн нярайлж,
охин­той болсон ОХУ-ын тамирчин Анна Чичерова 2.03 метр харайж энэ төр­лийн
дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртэв. Түүнтэй ширүүн өрсөлдсөн
Хорватын та­мир­чин Бланка Власиу сүүлийн харайлтдаа азгүйтсэнээс мөнгөн медаль
дээр буусан юм. Анна Чичерова “Охин минь надад аз дуудлаа. Миний бүх зүйл
сайхан байгаа нь нялх үртэй минь хол­боотой. Амаржаад сар болоод л бэлтгэлийн
заал руугаа явж  эхэл­сэн. Хэдхэн сарын
дотор хуучин формдоо орж чадсан. Дэлхийн аварга боллоо. Одоо надад “Лон­дон-2012″
гэх том даваа үлдээд байна” гэж алтан медалийн болзол хангасныхаа дараа
хэвлэлийнхэнд ярьжээ.

Эмэгтэйчүүдийн тулгууртай
харайлтад Исинбаеваг ямар нэг маргаангүйгээр түрүүлнэ гэж таа­маглаж байтал
тэмцээний талбайд бүх юм өөрөөр эргэсэн. Оросын бүсгүйчүүдийн ноёрхол тогтсон
гэж болохоор энэ төрөлд Исинбаева бүтэлгүйтсэн ч цагтаа эх орныхоо нэрийг өргөж
явсан Светлана Феобиана хамаг хүчээ шавхан байж хүрэл медаль хүртсэн нь нутагт
нэгтнүүдийнхээ сэтгэлийг жаахан ч гэсэн уужруулав. Исин­баева азгүйтсэн ч “Энэ
бүх таагүй зүйлсийг огтхон ч тоохгүй байна. Тулгуур модоо сольсноос болж
алдчихлаа. Гэхдээ үүнд би ха­рамсахгүй байна. Миний бүх ан­хаа­рал Лондонг
чиглэсэн байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Олон улсын хөнгөн атлетикийн
холбооноос тэмцээнийг зохион байгуулсан БНСУ-ыг зохион бай­гуулалттай сайн
ажиллаж, цэвэрхэн орчныг бүрдүүлсэн хэмээн магтсан ч солонгосчууд ганц ч медаль
хүртээгүйдээ урам нь хугарсан гэнэ. ДАШТ-ий үеэр журмын дагуу явагд­даг пара
уралдаанд нэг тамирчин нь хүрэл медаль хүртсэн ч түүнийг нь албан ёсны дүнд тооцдоггүй
учиртай. БНСУ-ын хөнгөн атлети­кийн холбооны ерөнхийлөгч “Бид медаль авч
чадаагүй ч, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, их туршлага хуримтлууллаа.
Ирэх олимпийн өмнөх маш том сорилго боллоо” гэжээ.

Энэ удаагийн ДАШТ-ийг спор­тын
мэргэжилтнүүд “Олимп, дэл­хийн дээд амжилт эвдэгдэж, шилд­гүүд бүдэрч,
азгүйтэж, зохион байгуулагч орон нь ганц ч медаль­гүй үлдсэн сонирхолтой
тэмцээн боллоо. “Дэгү-2011″-ийг хожим дурсахад энэ хэд л санагдах байх” гэж
дүгнэжээ.

Хөнгөн атлетикийн дараагийн ДАШТ
2013 онд манай хойд хөр­шийн нийслэл Москва хотноо болно.

Д.САРУУЛ